Categories
мэдээ улс-төр

Улаанбаатар хотын агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Буриад Улсын Төрийн тэргүүн Цыденов Алексей Самбуевичтэй уулзлаа.

Хотын дарга С.Батболд хэлэхдээ “Эрхэм хүндэт Цыденов Алексей Самбуевич тантай анх удаа уулзаж, танилцаж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хотод тавтай зочилж, бидний хамтын ажиллагаа шинэ эхлэл тавина гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар Улаан-Үд хотууд нь 1996 онд хамтран ажиллах санамж бичгийг анх байгуулсан түүхтэй. Энэ хугацаанд олон талт хамтын ажиллагаа хөгжсөөр байна. Улаанбаатар хотын даргын хувьд Улаан-Үд хотод ажлын айлчлал хийж, Хотын дарга А.М.Голковтой албан уулзалт хийсэн. Түүнчлэн тус хотын 350 жилийн ойн арга хэмжээнд оролцож, залуучуудын чуулганд ч манай хот өргөн бүрэлдхүүнтэй оролцсон юм. Монгол Улс, ОХУ-ын хооронд 2014 оноос хойш харилцан визгүй зорчдог болсноос хойш аялал жуулчлал хөгжиж, иргэдийн зорчих нь ч нэмэгдсэн. Ингэснээр талуудын эдийн засаг, аялал жуулчлал, соёлын салбарын хамтын ажиллагаа идэвхитэй хөгжүүлэх үүд хаалга нээгдсэн гэж бодож байгаагаа тэрээр илэрхийллээ.

Буриад Улсын Төрийн тэргүүн А.С.Цыденов хэлэхдээ ”Улаанбаатар хотын даргатай ажил хэрэгч уулзалт хийж байгаадаа талархаж байна. Өмнө нь хувийн болон ажлын шугамаар танай хотод ирж байсан. Надад ажиглагдсан нэг зүйл бол Улаанбаатар хот жилээс жилд өнгөө засч, үзэсгэлэнтэй хот болж байгаа явдал юм. Энэ удаад айлчлалын бүрэлдэхүүнд бизнесийн салбарын олон төлөөлөгчдийг багтаасан. Түүнчлэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ой модны үйлдвэрлэл, байгальд хоргүй экологи түлш үйлдвэрлэгч болон эрчим хүчний салбарынхан Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн. Улаан-Үд хотын нисэх онгоцны буудал нь олон улсын тавдугаар зэрэглэлтэй. Улаанбаатар хотоос Сөүл, Токио, Манжуурын чиглэлд шууд нислэг хийдэг нисэх онгоцнууд манай хотод ямар нэгэн зөвшөөрөл, хүнд сурталгүйгээр транзит нислэг хийх боломжтой юм. Ингэснээр зорчигч тээврийн урсгал нэмэгднэ. Нөгөө талаар Монгол–Хятад-ОХУ-ын хооронд транзит тээврийг авто зам, төмөр замаар хөгжүүлж, цаашлаад чингэлэг тээвэрлэлтийг эрчимжүүлэх шаардлага байгааг онцоллоо.

Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал утаа, агаарын бохирдол гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн. Буриад Улсын Төрийн тэргүүн Цыденов Алексей Самбуевич мөн утааны асуудлыг шийдвэрлэх шинэ техник технологи төсөл танилцуулна. Үзэсгэлэнтэй Улаанбаатар хотыг утаанаас салгахад ах дүү хотын хувьд хамтран ажиллана гэдгээ хэллээ. Цаашид эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, боловсрол, аялал жуулчлал, соёл, эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар ярилцлаа. Уулзалтанд Буриад Улсын засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч И.И.Зураев, Хөдөө нутгийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй яамны сайд Д.Ш.Чирипов, Хүнс, худалдаа, аж үйлдвэрийн сайд А.С.Мишенин зэрэг албаны хүмүүс оролцлоо гэж НЗДТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн асуудал

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийв. Түүнчлэн БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүнтэй уулзаж, Монгол, Солонгосын бизнес форумд оролцож үг хэлэв. Мөн тус улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэйгээ уулзлаа.

Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд шийдвэрлэсэн тодорхой асуудлуудын талаар дараах мэдээллийг өглөө. Үүнд:

1. Айлчлалын үеэр хоёр тал өнөөгийн Иж бүрэн түншлэлийн харилцааг улам өргөжүүлэхээр санал нэгдлээ. БНСУ-ын удирдлага харилцааг Стратегийн түншлэлд дэвшүүлэн хөгжүүлэх саналыг тавьсан.

2. БНСУ-ын Засгийн газраас ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд олгож буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэхүү зээлийн хөрөнгийг Улаанбаатар хотын агаарын бохирдол, орчны асуудлыг шийдвэрлэхэд ашиглах хүсэлтэй байгаагаа манай талаас илэрхийлсэн. Солонгосын тал манай саналыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж холбогдох ажлын хэсгийг ойрын үед Монголд илгээхээр болов.

3.Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Засгийн газраас өмнө нь олгохоор шийдвэрлэсэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “10 аймгийн дулааны цахилгаан станц барих төсөл”,“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим хяналтын систем байгуулах төсөл”-ийг энэ онд багтаан эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг Солонгосын тал хүлээж авав.
Мөн БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Байгалийн түүхийн музейн шинэ барилга барих төсөл”-ийг хэрэгжүүлэх асуудлыг Солонгосын тал судалж үзэхээр болов.

4. Айлчлалын үеэр тохирсон асуудлуудыг цаг алдалгүй шуурхай хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны 3 дугаар хуралдааныг ирэх 3 дугаар сард зохион байгуулахаар тохирлоо

5. Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаашид Монгол Улсад дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар эдийн засгийг төрөлжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд БНСУ-тай ХАА, газар тариалан, аялал жуулчлалын зэрэг салбаруудад хамтран ажиллах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлснийг Солонгосын тал бүрэн дэмжиж, нэн ялангуяа мэдээлэл, харилцаа холбоо, аж үйлдвэрийн салбарт хуримтлуулсан технологи, туршлагаасаа хуваалцаж, хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв.

6. Айлчлалын үеэр зохиогдсон Монгол-Солонгосын бизнес форумын хүрээнд Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны боломжуудын талаар танилцуулав. Энэхүү форумын үеэр хүнс, хөдөө аж ахуйн гаралтай, органик бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох талаар түлхүү ярилцаж гадаадын хөрөнгө оруулагчдыг энэ салбарт хамтран ажиллахыг уриаллаа.

7. Талууд хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэхэд түлхэц болох Эдийн засгийн түншлэлийн (ЕPA) хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарсан судалгааны ажил амжилттай дууссаныг тэмдэглэж, дараачийн шатны ажлаа эхлүүлэхээр ярилцав.

8. Цаашид байгаль орчин, анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тогтов.

9. Ерөнхий сайд Ли Наг Ен монгол иргэд БНСУ-д тав тухтай ажиллаж, амьдрах асуудалд анхаарч, монгол залуучууд тус улсад суралцах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарахаа илэрхийлэв.

10.Талууд хоёр орны иргэд алсдаа визгүй зорчих зорилтын хүрээнд эхний ээлжинд олон удаагийн виз олголтыг өргөжүүлэхээр боллоо.

11.Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайдтай уулзах үеэр Солонгосын тал БНСУ-д ажиллах манай ажилчдын квотыг нэмэгдүүлэхээр болж байгаагаа илэрхийлэв.

12.Айлчлалын үеэр “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”, “Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын санамж бичиг”-т гарын үсэг зурав.

13.БНСУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ажил олгогч, ажил хайгчдын мэдээллийн санг бий болгох 2.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий цахим системийн төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтойгоо Солонгосын тал илэрхийлэв. Энэхүү төслийг хэрэгжүүлэх нь Монгол Улсын өнөөгийн нөхцөлд нэн чухал болохыг манай тал нотолж, хэрэгжүүлэхээр тохиров.

14.БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өөрийн санаачилсан “Шинэ Умардын бодлого”-ыг тайлбарлаж, “Евразийн зүрхэнд орших Монгол Улстай улам нягт хамтран ажиллах нөөц боломж их байгаа”-г цохон тэмдэглэв. Хоёр тал Азийн супер сүлжээ зэрэг бүс нутгийн томоохон төслүүдэд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр тохиров.

15.Хоёр улс НҮБ болон олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлж ажиллахаар болов. Монгол Улс Зүүн Азийн дээд түвшний уулзалт, АПЕК-т элсэх Монгол Улсын хүсэл эрмэлзлэлийг БНСУ дэмжив.

16.ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх манай “Улаанбаатарын яриа хэлцээ” санаачилгыг БНСУ өндрөөр үнэлж, дэмжиж ажиллахаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин: 2017 оны үр дүнг 2018 онд чанарт шилжүүлэн ажиллацгаая

Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.01.17) Шадар сайдын Ажлын албаны өргөтгөсөн хурал хийж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсүүдийн Захирагчдын албадын 2017 оны ажлын тайлан болон 2018 оны зорилт, ажлын төлөвлөгөөтэй танилцлаа.

2017 оны тайлан, 2018 оны төлөвлөгөө тус бүртэй танилцаж, асуулт хариулт өрнүүлсний дараа Шадар сайд Ө.Энхтүвшин “2018 он бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн голыг биелүүлж амжих учиртай чухал жил юм” хэмээн тэмдэглээд, өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлагууд болон Захирагчийн албадад тодорхой үүрэг, даалгаврууд өгснөөс дараах хэдэн зүйлийг онцолъё.

-Шадар сайдын харьяа агентлаг, албад хяналт шалгалт хийсэн тоо, үр дүнгээ тайландаа дурдаж байгаа нь нэг л үзүүлэлт. Харин бид иргэд, хэрэглэгчдэд ямар тусламж, үйлчилгээ үзүүлэв, тэд бидний ажилд хэр сэтгэл хангалуун байв гэдэг нь хамгийн том үзүүлэлт тул 2018 онд тооноос чанарт шилжин ажиллах,

-Мэргэжлийн байгууллагуудын зүгээс соён гэгээрүүлэх ажил дутагдвал аж ахуй эрхлэгчид, үйлдвэрлэгчид хууль зөрчигчид болж хувирч болох учраас бизнесийнхэнд тусалж зөвлөх,

-Зөвхөн улсын төсвийг харах бус, олон улсын ижил төстэй байгууллагуудтай харилцаа тогтоох замаар гадаадын төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдах,

-Нийгмийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлаа тогтмол эрчимжүүлэх,

-Шадар сайд миний бие 2018 онд Замын-Үүд чөлөөт бүсийг нээхээр төлөвлөсөн тул энэ нь миний харьяа агентлагуудын нягт хамтын ажиллагааны бодит үр дүн болох ёстой гэлээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цахим сан”-тай болно

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар 21 аймгийн удирдлага болон холбогдох албан тушаалтнуудтай цахим хурал хийлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цахим сан”-г байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын даргын тушаалаар аж үйлдвэрийн нэгдсэн тооллого хийж цахим сан бүрдүүлж байна.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгжүүдийг бүртгэлжүүлснээр үйл ажиллагааны чиглэл, үйлдвэрлэлийн хэмжээ, ажилчдын тоо, хөрөнгө оруулалт гэх мэт олон мэдээллийг тодорхой болгож чадах юм. Нэгдсэн сүлжээ бий болгож бараа эргэлт, тээвэрлэлт үйлдвэрлэлтийг сайжруулан, энэ чиглэлээр төрийн бодлогыг хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.

Цахим хуралд аймгийн Засаг дарга нар болон удирдах албан тушаалтан, холбогдох байгууллага, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжийн төлөөлөл, иргэд оролцлоо.

“Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цахим сан” байгуулахад идэвхитэй оролцож, мэдээллээ ирүүлсэн аймгуудын Засаг дарга нарт сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар талархал илэрхийлэв. Мөн шинээр үйл ажиллагаа явуулах хүсэлтэй болон бүртгүүлсэн ч хараахан үйл ажиллагаагаа эхлээгүй байгаа аж ахуйн нэгжүүдээ цаг үеийн мэдээллээр хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Мөн орон нутгийн онцлог, бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн хангалт, зах зээлээ бүх талаас нь судалсны үндсэн дээр шинээр үйлдвэрлэл эрхлэх хүсэлт гаргаж байгаа иргэдээ дэмжиж ажиллахыг чиглэл болгов.

Манай улс энэ онд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд 98 орчим тэрбум төгрөг зарцуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Ардчилсан институт, хүний эрхийн албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өнөөдөр (2018.01.17) Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны ахлах зөвлөх Стивен Мартин, Монгол Улсыг хариуцсан ажилтан Улви Ахундлу нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн байлцав.

2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ажиглах урилгыг Монгол Улсын холбогдох төрийн байгууллагаас ирүүлсний дагуу ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн алба нь Сонгууль ажиглах хязгаарлагдмал хороо байгуулан 2017 оны тавдугаар сарын 22-нд Монгол Улсад томилон ажиллуулжээ. Уг хороо нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтыг дуустал Монгол Улсад ажилласан бөгөөд ардчилсан сонгуультай холбогдох олон улсын бусад хэм хэмжээ, хууль тогтоомжууд хэрхэн мөрдөгдөж байгаад үнэлгээ хийж эцсийн тайлангаа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд танилцуулж байгаа нь энэ аж. Учир нь Л.Энх-Амгалан дарга Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм.

Ахлах зөвлөх Стивен Мартин “Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооноос гаргасан тайлангаар 2017 оны зургаадугаар сарын 26-нд болсон Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөөнтэй, зохион байгуулалт сайтай, сонгуулийн сурталчилгаа богинохон боловч ширүүн болж өнгөрсөн. Харин өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацаа сунжирч, шүүхэд шилжүүлсэн хэргүүд шийдвэрлэгдэхээр хүлээгдэж байгаа нь нэр дэвшигчдийн талаар тодорхойгүй байдал үүсгэсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа өргөн дэлгэр цацагдсан боловч дүн шинжилгээнд суурилсан мэдээллээр дутмаг. Мөн сонгуулийн байгууллага дунд шатны сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг томилохдоо намын харьяалал харгалзах хандлага байсныг эс тооцвол үр дүнтэй ажилласан” гэдгийг онцоллоо.

Харин хоёр дахь санал хураалтын талаар “Хоосон саналын хуудас өгөх хөдөлгөөн гарч байсан нь онцлог байсан. Сонгуулийн өдөр санал хураалт эмх журамтай болж, санал авах байрны ажилтнууд санал хураалтын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулсан гэж мэдээлсэн” гэдгийг хэллээ.

Мөн тэрбээр Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооноос Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсэгт хэд хэдэн зөвлөмж, санал хүргүүлж буйг уламжлав. Үүнд: хууль, эрх зүйн орчин, сонгуулийн тогтолцоо, сонгуулийн удирдлага, нэр дэвшигчийн бүртгэл, хэвлэл мэдээлэл, сонгуулийн сурталчилгаа, сурталчилгааны санхүүжилтийн талаар хуульд өөрчлөлт оруулах саналтай байгаагаа дурьдав.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, сонгуулийн талаар техник арга зүйн туслалцаа, зөвлөмж хүргүүлж байгаад мөн сонгуулийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэхийн төлөө санаачлагатай ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр “Сонгуулийн тухай хуулийг тогтвортой байлгах нь чухал. Миний ахалж буй Ажлын хэсэгт улс төрийн намуудын төлөөлөл тэнцвэртэй орсон. Сонгуулийн зохион байгуулалт, сонгогчид, сонгуулийн сурталчилгаа, санхүүжилт болон хэвлэл мэдээллийн талаарх өөрчлөлтийг Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулах бодолтой байгаа. Зөв зохицуулалт хийвэл авлига, олон нийтийн хардлагыг алга болгоно. Зөрчилдөж буй хуулийн заалтуудыг өөрчлөх нь чухал байна. Бид хуулийн зүйл, заалт бүр дээр маш нарийн ажиллаж байгаа” гэлээ.

Ахлах зөвлөх Стивен Мартин, олон улсын стандартад Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дараагийн сонгууль болохоос нэг жилийн өмнө хийхийг зөвлөдөг. Манай байгууллагын зүгээс экспертийн түвшинд санал, дүгнэлт, техникийн туслалцаа үзүүлэх бүрэн боломжтой гээд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн иргэдтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна. Төрийн тэргүүн энэ сарын 13, 14-ний өдрүүдэд нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж нийгэм, эдийн засгийн асуудлаар иргэдийн санал бодлыг сонсож, чөлөөтэй ярилцсан юм.

Харин Төрийн тэргүүний уулзалт 2018 оны нэгдүгээр сарын 20-ны бямба гарагт дараах хуваарийн дагуу үргэлжилнэ.

  • 11.00 цагаас МҮЭСТО-нд Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй
  • 15.00 цагаас Улаанбаатар паласт Баянгол дүүргийн иргэдтэй уулзана.

Мөн 2018 оны нэгдүгээр сарын 21-ний ням гарагт:

  • 11.00 цагаас СТӨ-нд Хан-Уул дүүргийн иргэдтэй
  • 15.00 цагаас Монгол бөхийн өргөөнд Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзана.
Categories
мэдээ нийгэм

Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтаар эрдэмтэдтэй санал солилцох хэлэлцүүлэг боллоо

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, ШУТИС хамтран “Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт болон авто замын бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүд”-ийн асуудлаар хамтран ажиллах боломжийг хэлэлцэх зорилгоор өнөөдөр “ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтанд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын орлогч дарга Х.Булган, ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат, ШУТИС-ийн БАС-ийн доктор Д.Басандорж, ХШУС-ийн дэд профессор Б.Тунгалагтамир зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Хурлыг ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулсан бөгөөд салбарын 50 гаруй эрдэмтэн судлаач багш нар оролцож, санал бодлоо солилцлоо.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү:

Улаанбаатар хот ирэх жилүүдэд хийх ажлынхаа нэлээд чухал ажлыг эрдэмтэн, мэргэд, судлаач багш нартай хэлэлцэж, тэднийхээ санал зөвлөмжийг сонсоё ажил амьдралын аливаа зүйлд шинжлэх ухаанч байдлаар хандъя хэмээн зорьж, ШУТИС-ийн захиралд санал тавьсан. Энэхүү саналыг таатайгаар хүлээн авч, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаад талархаж байна. Олон улсын жишгээс харахад гүүрэн гарцыг аль болох бага барих бодлогыг баримталдаг. Харин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад давхар гүүрэн гарцууд, олон түвшний огтолцол бүхий гүүрэн гарц хэрэгтэй юу, хэрэггүй юу, нийслэлийн замын түгжрэлийг бууруулахад ямар ажлыг хийх хэрэгтэй вэ, гэдгийг эрдэмтэн, судлаач нараас тодруулах нь хэлэлцүүлгийн гол зорилго юм.

Өнөөдөр Улаанбаатар хотод 149 гэрлэн дохио бий. Энэ бол хангалтгүй тоо. Улаанбаатар хот нийт 857.9 км урт замтай боловч дөнгөж 30 хувь нь байнгын ажиллагаатай гэрлэн дохиотой байна. Цаашдаа гэрлэн дохионы зохицуулалтыг хийх, уулзвар гарцуудын асуудлыг шийдэх, явган хүний гарц, гэрлэн дохионы хоорондын зай авцалдаагүйгээс машины чөлөөт урсгалыг хаасан нь түгжрэл үүсгэж байгааг зохицуулах хэрэгтэй.

Үүнээс гадна гэр хорооллын орчныг цогцоор нь өөрчилнө. Өмнө нь төсөвлөсөн хөрөнгийнхөө хэмжээгээр дусал дуслаар асуудлаа шийддэг байсан бол одоо гэр хорооллын иргэдийг тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Тиймээс өнөөдөр анхны хэлэлцүүлгийг ШУТИС дээр явуулж байна. Цаашдаа хотын бүхий л тал дээр ялангуяа нийтийн тээвэр, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын талаар судлаач эрдэмтэдийн санал санаачилгыг авч ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллана.

ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат:

Өнөөдөр манай сургуулийн эрдэмтэн судлаачид Нийслэлийн Засаг даргын тамгын газар, мэргэжлийн салбар агентлагуудын удирдлагууд уулзаж, ажил хэргийн хэлэлцүүлэг өрнүүлж байгаад баяртай. Нийслэл хотод тулгарч байгаа олон асуудал байдаг. Би Нийслэлийн Засаг даргын өргөтгөсөн зөвлөлийн гишүүний бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа. Үе үеийн Засаг дарга нар, орлогч нар Нийслэлд хэрэгтэй, тулгамдсан маш олон асуудлыг шийдвэрлэж ажилладгийг энэ үеэр мэдсэн. Ямар асуудал тулгараад яаж шийдэж байгааг бид сайн мэддэггүй. Энэ олон асуудлыг шийдвэрлэхэд нь манай эрдэмтэн судлаачид эзэмшсэн мэдлэг боловсрол, судалгаагаа хамтран ашиглаж ажиллах боломж байна. Цаашдаа энэ хэлэлцүүлэг үүгээр дуусахгүй илүү тодорхой чиглэл төлөвлөгөөтэйгээр гэрээтэй, хариуцлагатайгаар хамтарч ажиллах бүрэн боломжтойг хэлэхэд таатай байна.

Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг:

НГХДБГ-аас гэр хорооллын иргэдийн дунд явуулсан судалгаагаар 80 гаруй хувь нь өмчлөл, эзэмшлийн газраа 2-3 өрөө байраар солихоос илүүтэйгээр тухайн орчиндоо инженерийн шугам сүлжээ хангамжийг авч, өөрсдийн амьдрах нөхцлөө сайжруулан үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх хүсэлтэй байдаг гэсэн үр дүн гарсан. Иймээс агаар, хөрсний бохирдол болон дээрх хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх, гэр хорооллын иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах үндсэн шийдэл, хамгийн оновчтой гарц нь Сервис центр буюу “ДЭД БҮТЦИЙН ТӨВ” гэж үзсэн.

“Дэд бүтцийн төв” нь төлөвлөж буй нутаг дэвсгэрийн байрлал, газрын гадаргын онцлог, инженерийн дэд бүтцийн хангамжийн байдал зэрэг хүчин зүйлүүдээс хамаарч бие даасан болон хэсэгчилсэн байж болох ба хамрах хүрээ нь 200-300 өрхийн хэрэгцээг хангах боломжтой юм.

“Дэд бүтцийн төв” төслийг төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж болох бөгөөд гэр хорооллын иргэд нь дэд бүтцийн төвөөс хангах инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжоо хангаж, амьдрах орчин нөхцлөө сайжруулах боломжтой юм.

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра:

Улаанбаатар хотод 2018 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй авто зам, гүүр болон нүхэн гарцуудын талаар танилцуулга хийгдлээ. Гудамж замын нягтшил Улаанбаатар хотын хувьд 0.22 км/км2 байгаа нь АНУ-н Атланта мужийн судалгаанд хамрагдсан 25 хотын нягтшил /5.8-11.1 км/км2/-тай харьцуулахад 26.3-50 дахин бага байна. Энэ нь замын сүлжээ хэт бага байгаа нь замын хөдөлгөөний түгжрэлийн хамгийн гол шалтгаан болж байна.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Төмөр замтай огтлолцсон зам уулзварт томоохон гүүрэн гарц барих”-аар тусгагдсан. Энэ төсөл хэрэгжсэнээр Энхтайвны өргөн чөлөөний болон “Их тойруу” тойрог замын хөдөлгөөнүүдийг огтлолцуулахгүй замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах, иргэдээ ая тухтай саадгүй зорчуулах, тээврийн хэрэгслийн зорчилтын хугацааг багасгах, шатахуун хэмнэх, авто машины ялгарах хорт утааг багасгах зэрэг нийгэм, эдийн засгийн үр өгөөж гарна гэсэн судалгаа байна.

Мөн энэ онд БЗД-ийн 10-р хороо, Жанжин клуб орчмоос төмөр зам доогуур Дүнжингаравын авто замтай холбох ажил хийгдэнэ. Энэ зам баригдсанаар Нарны замын зүүн талын буюу Нарантуул, Өгөөмөр захуудын хөдөлгөөний ачааллыг Дүнжингаравын зам руу хуваарилах боломжтой болно. Нөгөө талаас төмөр замын гарамын ачаалал буурна. Тахилтын авто замаас Авто цогцолбор хүртэлх 1.5 км авто зам, төмөр зам доогуур нүхэн гарц, Найрамдлын гудамжийн замаас урагш 22-н товчооны зам хүртэл, төмөр зам доогуурх дөрвөн эгнээ авто зам бүхий нүхэн гарцтай хамт хийгдэхээр төлөвлөгдөж байна.

Энэ үеэр бохирдолтой усыг бүрэн цэвэршүүлэх Монголд нутагшсан технологи бий болсон, агаар хөрс, усны бохирдлыг бууруулахад хамтран ажиллах боломжтой. Улаанбаатар хотын харьяа зургаан цэвэрлэх байгууламжийн технологийг сайжруулах, Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах, лагийг хар шороон хөрс болгох төслийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ ШУТИС-ийн эрдэмтэд судлаачид хэлж байлаа.

Хэлэлцүүлэгийн үеэр:

  • Гэр хорооллын дундын бүсэд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төсөл” төсөл,
  • Зүүн 4 замын уулзвар ба төмөр замын нүхэн гармын төлөвлөлтийн асуудал,
  • Төвлөрсөн бус бохирын шийдэл,
  • УБ-ын хотын агаарын бохирдлыг бууруулах шийдэл зэрэг асуудлуудыг тус тус хэлэлцлээ.

Categories
мэдээ цаг-үе

П.Очирбат: “Дээлийнхээ энгэрийг мялаасан газрын тос маань шатахуун боллоо шүү” гэж хэлэх юмсан

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай ярилцлаа.


-Та сайхан өвөлжиж байна уу. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээсээ бууснаас хойш жил гаруй хугацаа өнгөрчээ. Танаар сонин их үү?

-Сайхан өвөлжиж байна даа. Би одоо ШУТИС-д зөвлөх профессорын албыг хашиж байгаа.Эрдэс баялаг, уул уурхай геологийн салбарын хөгжлийн онолын асуудал, экологи зэрэг чиглэлээр нэлээд судалгааны ажил хийж байна. Үүний зэрэгцээ магистр, докторуудын ажлыг удирдаж байна. 2017 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жил, Үндсэн хуулийн Цэц байгуулагдсаны 25 жилийн ой тохиосон шүү дээ. Тэмдэглэлт ойнуудыг угтаад Монгол Улсын Үндсэн хууль түүний хэрэгжилт, хяналт, судалгаа гэсэн бүтээл туурвисан. Мэргэжлийн дагуу Уул уурхайн ажлын үндэс гээд хоёр боть сурах бичгийг манай сургуулийн зарим эрдэмтэн оросын эрдэмтэдтэй хамтраад бүтээлээ. Иймэрхүү судалгаа шинжилгээний ажлыг л хийж байна.

-Манай улсад уул уурхайн салбар үүсч хөгжөөд 95 жилийг үджээ. Эдийн засгийг хөдөлгөгч гол хүч болсон уул уурхайн салбарын хөгжлийн ирээдүйг та хэрхэн харж байна вэ?

-Энэ 95 жилийн хугацаа бол Монголын эрдэс баялаг, уул уурхайн салбарын орчин үеийн хөгжил, уурхайчдын хөдөлмөр, туулсан замнал, бүтээл юм. Монгол орныг цахилгаантай, дулаантай болгох ажлыг уурхайчид хийж байна шүү дээ. Тиймээс Монголын уурхайчдын сүүлийн 95 жилийн их бүтээлийн ойн жил гэж хэлбэл хүн рүүгээ их ойртох юм. Тэд энэ хугацаанд Монголын гадаад худалдааны экспортын голыг үйлдвэрлэж, нугалж байна. 1990-ээд оны эхээр нийгмийн шилжилтийн тэр хүнд үед Монголын эдийн засгийг болоод ард түмнийг аварсан хоёр гол салбар байдаг шүү дээ. Нэг нь малчид. Нөгөө нь уурхайчид байв.

Ер нь уул уурхай хөгжсөн түүх чулуун зэвсгийн үеэс эхтэй. Манай археологийн ховор олдворуудын олон баримт бий. Дараагаар нь хүрэл зэвсгийн үед зэс, тугалгыг хайлуулж хөдөлмөрийн багаж зэвсгээ болгож байсан. Харин төмөр зэвсгийн үе гээд ярихаар дэлхийн түүхэнд Египетээс эхлээд эртний Ром, Грекийнхнийг уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлсэн орон гээд байдаг. Нарийн судлаад үзэхээр харин ч дундаж зууны үед Монгол Улс уул уурхайн салбарыг барууныхнаас илүү түрүүлж хөгжүүлж байсан түүхтэй. Чингис хааны байлдан дагуулалтын зэвсэглэж байсан өнөөх сэлэм жад, хуяг дуулгыг бид өөрсдөө л хийсэн байж таарна. Ер нь бид дэлхийд тэргүүлж байсан уул уурхайн хөгжлийн арвин түүхтэй юм шүү. Харин орчин цагийн уул уурхай бол өөр түвшинд хүрч байна л даа.

Ардчиллын жилүүдэд бид алтны үйлдвэрлэлээр нэлээд ахисан. Өмнөх нийгмийн үед жилдээ 600-800 кг алт олборлож, боловсруулдаг байж. Одоо бол жилд 20 мянган кг, заримдаа 24 мянган кг алт олборлож, боловсруулж, борлуулдаг болсон. Энэ бол том амжилт байгаа юм. Эдийн засаг хүндрээд гадны тусламж багасаад ирэхээр өөрийгөө дайчлах, боломждоо тулгуурласан эхний бодитой алхам бол “Алт” хөтөлбөр. Алт байгаль дээр шижрээрээ байдаг болохоор боловсруулалтын шат дамжлага цөөтэй. Түргэн эргэлтэд оруулж, валютынхаа нөөцийг өсгөхөд нэмэр болдог. Өөр нэг бүтээгдэхүүн нь нүүрс. 1990-ээд оны эхээр жилд найман сая тонн нүүрс олборлоод өөрсдөө л хэрэглэдэг байлаа. Одоо жилд 40-өөд сая тонн нүүрс олборлоод 30 гаруй саяыг нь экспортолж байна. Тэгвэл “Газрын тос” хөтөлбөрийг 1991 онд гаргаад мөрдсөн. Жилд нэг сая орчим тонн нефть олборлож, экспортын эх үүсвэр бий болж байх жишээтэй. Харин төмрийн хүдрийг тийм ч их олборлож гадагшаа гаргадаггүй байлаа. Одоо төмрийн хүдрийг олборлож, баяжуулаад экспортолдог болсон. Бас цайр, хар тугалгын үйлдвэрлэл эрхэлдэг боллоо. Энэ мэтчилэн уул уурхайн томоохон хүчин чадалтай үйлдвэрүүд байгуулагдаад явж байгаа. Цаашид өргөжөөд хөгжөөд явах байх. Тэгэхээр бидэнд яг гадагш нь гаргаад байх эрдэс баялаг, уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр жин дарчихаад бүтээгдэхүүн ховор байгаа юм. Иймд нэгэнт зах зээлтэй болчихсон баялгаа өргөжүүлж, явуулах ёстой.

Энэ 95 жилийн хугацаанд манай улс мэргэжлийн инженерүүд, техник, оператор, уурхайчид гээд өндөр ур чадвартай боловсон хүчнээ бэлдэж чадлаа. Тэд маань өндөр түвшинд том хүчин чадалтай үйлдвэрүүдээ ажиллуулаад явж байна. Дэлхийн зах зээлийн хандлагыг харахад ойрын 50 жилд манай уул уурхай эдийн засгийн гол салбар байх юм. Гагцхүү төрийн ухаантай шийдвэрүүд л хэрэгтэй байгаа юм.

-Уул уурхайн салбараас гадаадын хөрөнгө оруулагчид үргэсний зовлонг сүүлийн хэдэн жил амсаж байгаа. Том төслүүдийг яаж хөдөлгөх юм бэ. Жишээлбэл, Оюу толгойн талаар ямар санал хэлэх вэ?

-Оюу толгойн ордын нөөцийн 80-аад хувийг гүний уурхайгаар ашиглах нөөц. Үүнийг байгуулахгүйгээр Оюу толгойг бүрэн хүчин чадалд хүргээд ирээдүйд манай эдийн засгийн суурь үйлдвэр болно гэхэд боломжгүй л дээ. Тиймээс Оюу толгой төслийг зогсолтгүй маш эрчимтэй явуулаад нэн түрүүнд гүний уурхайн үйлдвэрийг нь барьчих хэрэгтэй. Зарим хүн энэ төслийг хэтэрхий удаан байна гэж шүүмжилдэг. Хэдхэн хоногийн өмнө Уул уурхайн дэд сайд Д.Загджав гэж нөхөр Оюу толгойг хаана, зогсооно гэж байгаа харагдсан. Нарийн үнэнийг хүмүүс мэдэхгүй байгаагаас энэ мэтийн популист яриа гараад байгаа юм. Улмаар “Монголын хамаг баялгийг гадныхан цөлмөөд дуусах нь. Монголын эдийн засагт үүнээс унаж, орж байгаа зүйл алга байна” гэж буруу ташаа ярих нь их болжээ.

Оюу толгой төслийн гэрээг Монголын талд илүү өгөөжтэй байх чиглэлээр нэмж тодруулах зүйл бол бий. Гэхдээ тэрийг заавал одоо барилга байгууламж, хөрөнгө оруулалтын явц дунд яриад, шахаад хэрэггүй. Айлын тал хөрөнгөө зориулаад үйлдвэрээ байгуулчихсныхаа дараа янз бүрийн шалтгаанаар хааж, зогсоох зэрэг утгагүй ажил хийхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр аль аль талдаа харилцан ашигтай байх зарчим дээрээ тулгуурлах ёстой. Тэрнээс “Бид нар л ашиг олж байвал болно” гэсэн өрөөсгөл хандаж болохгүй шүү дээ. “Эрдэнэт” үйлдвэрийн тухайд 1991 он хүртэлх ашиглаж байх хугацаанд гэрээнд таван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Өмнө Зөвлөлтийн тал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлдөггүй байсан юм.Ус хангамжийн газар, төмөр зам тавьсан газар зэргийг манайх өөрийнхөө хувь хөрөнгөд оруулж тооцдоггүй байлаа. Гэрээгээ шинэчлэх явцдаа энэ болгоныг оруулж тооцдог болж байсан. Яахав, зөвлөлтийн мэргэжилтэн “Эрдэнэт” үйлдвэрийн нийт ажиллагсдын 70, 80 хувийг эзэлдэг байв. Тиймээс тэдний ахуй хангамжтай холбоотой янз бүрийн хөнгөлөлтүүдийг бид үзүүлж байлаа. Яагаад гэвэл манайд Эрдэнэт хэрэгтэй байсан. Том зүйлийг босгохын тулд жижиг юмыг хаяж өгдөг хандлага аль ч газар байдаг. Тиймээс бид том асуудлаа шийдвэрлүүлэх, том үйлдвэртэй болохын тулд бага, сага хөнгөлөлт үзүүлж байсан.Тийм зарчмыг Оюу толгойд бас л хэрэглэсэн.

-“Оюу толгойгоос ногдол ашиг хүртэх хугацаа хол байна. Эрдэнэт шиг том хот байгуулахгүй байна” гэсэн шүүмжлэл их бий?

-Монгол Улс өөрөө бололцоотой байсан бол 100 хувь өөрийн хөрөнгөө гаргаад барьж байгуулаад, хүнтэй хуваалцахгүй байж болох л байсан шүү дээ. Харамсалтай нь манайд тийм мөнгө байхгүй болохоор айлыг 100 хувь хөрөнгөө гарга гэж хэлчихээд тэр олсон хөрөнгөнөөс бид 34 хувийг нь зээлж авна шүү гэсэн. Энэ зээл нь эхлээд 14 хувийн хүүтэй байлаа. Сүүлд нь ярьж байж 11 хувь болгож бууруулсан. Тэгэхдээ л энэ бол асар өндөр тоо. Хүмүүс ярихдаа “Өөрийнхөө баялгийг ашиглуулаад, дээрээс нь өрөнд баригдаад. Ямар гээч тэнэг зүйл хийгээд байна вэ” гэдэг. Үүнийг манайхан өөрсдөө л хийсэн. Уг нь ийм гэрээ хийх хэрэггүй байсан юм. Өр тавьж байхаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө ахиу болгоод, 17 төрлийн татвар хураамжаа аваад байхад л бид Оюу толгойгоос олох ашгийн 53 хувийг авах боломжтой. Энэ тооцоог хэд хэдэн удаа хийсэн л дээ. Манайхан нарийн ширийн зүйлээ сайн боддоггүй. Миний байр суурь гэвэл энэ 34 хувиа зарчих. Битгий өр тавь. Наадхыгаа зарахдаа роялтийнхаа төлбөрийг нэмчих. Шаардлагаа ахиу тавиад, хяналтаа өндөрсгөчих хэрэгтэй. Гэтэл одоо 34 хувийг нь эзэмшиж байгаа юм чинь өөрөө өөртөө шаардлага тавих тийм хэмжээнд байна. Байгаль экологийн хувьд янз бүрийн зөрчилтэй асуудал гарах юм бол хүн рүү хандаж, бүрэн шаардлага тавьж чадахгүй. Хамтарч хувьцаа эзэмшиж байгаа орны хувьд өөрөө зөрчлийг бий болгогчийн нэг гэсэн үг. Тэгэхээр Оюу толгойнхоо төслийг тууштай явуулаад дуусгах хэрэгтэй байгаа юм.

-Таван толгойн төслийн хувьд?

-Таван толгойн коксжих нүүрсний ордыг ашиглах төсөл хаа, хаанаа хэрэгтэй. Үүнийг түргэхэн нэг талд нь багтааж шийдээд, бас л харилцан ашигтай байх зарчимыг баримтлах ёстой. Заримдаа төр эдийн засгийн асуудлууд руугаа илүү зан гаргаж, буруу шийдвэр гаргаад тэр нь шийдэгдэхгүй удаад байх юм. Зах зээл нь Ази руу байгаа. Ийшээ гардаг Хятадаар л дамжина.

Хамгийн ойрхондоо 1000 гаруй км замыг туулаад л далайд хүрчихэж байгаа юм. Таван толгойн төслөө эхнийхээ шатанд хэрэгжүүлээд Хятад, Япон, Солонгос, Энэтхэгийн зах зээл рүү түргэн гаргамаар байна. Хятадын тал манайхыг долоон боомтоо ашиглаж болно гээд гэрээ хийчихсэн шүү дээ. Энэ боомтууд руу нүүрсээ зөөж хүргээд, Хятадын нарийн төмөр замаар нь яваад далайн эрэг дээр очвол аль улс руу зарах нь чөлөөтэй болчихож байгаа юм. Тиймээс Таван толгойг хөдөлгөхийн тулд төмөр замаа хурдан барих хэрэгтэй.

-Та дээлийнхээ энгэрийг газрын тосоор мялааж байсан цагаас хойш 20 гаруй жил өнгөрчээ. Гэтэл манай улс одоо болтол нефтийн үйлдвэртэй болж чадаагүй байна. Энэ нь нефть олборлогч компаниудын ашиг сонирхолтой холбоотой байдаг юм уу?

-Энэтхэгийн тусламжтайгаар нэг сая орчим тонн нефть боловсруулах үйлдвэр барих нь шиг байна. Бас Дарханд хоёр сая орчим тонн түүхий нефть боловсруулах үйлдвэр барих хувилбар байсан. Нефтийг нь ОХУ-аас авчраад нэрэх тухай юм. Үндсэндээ манайхаас гарч байгаа нефтийн 60 хувь нь бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Хятадын талынх юм. Тэд хайгуулынхаа зардлыг нөхтөлөө 60 хувийг нь авна. Харин үлдсэн 40 хувь нь манайд үлдэнэ. Хэрэв нэг тонн нефть боловсруулах үйлдвэр барихаар гаргаж байгаа бүх нефтиэ зах зээлийн үнээр Хятадын талаас худалдаж авна гэсэн үг. Үүнийг зарим хүн өөрийнхөө нефтийг яагаад худалдаж авах ёстой юм бэ гэдэг асуудлыг тавьдаг. Үнэндээ нефть олборлохын тулд олон жил хайгуул хийж, олборлохын тулд их хэмжээний хөрөнгө зарж байгаа. Энд бид сохор улаан мөнгө ч оруулаагүй. Энэ нефть чинь бүгдээрээ хүний хөрөнгөөр босч, газрын хэвлийгээс гарч ирж байгаа юм. Тэгэхээр баялаг манайх, гаргасан эзэн нь өөр учраас хувааж л авахаас өөр арга байхгүй. Ийм зарчмаар бид нефть боловсруулах үйлдвэрээ бариад өөрсдийнхөө газар шорооноос гарсан хэрэгцээний тодорхой хувийг хэрэглэнэ.

Би нефтийн үйлдвэрийнхээ нэрж гаргасан анхны хувин бензинийг машиныхаа банк руу хийгээд “Дээлийнхээ энгэрийг мялаагаад байсан газрын тос ийм шатахуун боллоо шүү” гээд хэлэх юм сан гэж уран сайхны халилтайгаар боддог юм(инээв). Дахин хэлэхэд, Монголын ирээдүй бол уул уурхай, эрдэс баялаг юм шүү.

-Гэхдээ манай төрийн түшээд том төслүүдийг шуурхай хэрэгжүүлэх талд дээр үнэхээр хойрго ханддаг. Дор бүрнээ бизнестэй хүмүүс төрд гарснаар хувийнхаа эрх ашгийг тэргүүнд тавиад байх шиг…

-Тэдэнд хувийн, намын, улстөрийн эрх ашиг байна. Өмчтэй байж сураагүй улсууд жаахан хөрөнгөжөөд ирэхээрээ тэрийгээ арвижуулах гээд зүтгэчихдэг бололтой юм. Том төсөл, ард түмнийхээ хэрэгцээтэй асуудлуудыг хойш тавьчихаад өөрсдийнхөө эрх ашгийг тэргүүнд чухалчилдаг. Нэг л их эрх мэдэлтэй, өөр хоорондоо хэрэлдэж, булаацалдаад л. Өөрийнх нь эрх ашиг хангагдахгүй бол албан тушаалаа ашиглаад тээг тавьж байдаг. Ухаандаа Таван толгойд тэгж л тээг тавилаа шүү дээ. Түүнээс биш өдийд энэ төсөл явчих байлаа. Тэгээд явцын дунд нь засч залруулдаг хуультай. Зохицуулж болдог байхад заавал ам өчгийг нь аваад байх хэрэггүй юм. Энэ бол манай улстөрчдийн буруу бодлого. Тэд эх орноо хөгжлөө гэж бодохоосоо илүү өөрсдийнхөө эрх ашиг, хувийн сонирхлыг урьтал болгоод “Гүйх нохойд гүйхгүй нохой саад” болоод байна. Түүнээс биш Засгийн газар өөрөө мэдээд том төслүүдийг явуулж болно. УИХ-д пад байхгүй юм байгаа. Хөрөнгө оруулалт татна гэдэг бол бүх мөнгөө авчраад банкинд хийчих гэсэн үг биш шүү дээ. Үе шаттай явах ёстой. Эхний ээлжинд арван сая ам.долларын үйлдвэр бариад, дараа нь хөрөнгө оруулалтаа 20 сая болгож өсгөөд үйл ажиллагаагаа өргөтгөх замаар явдаг. Түрүүчийнхээ байгуулсан үйлдвэрээс олсон орлогынхоо тодорхой хэмжээг хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгоод явдаг дэлхийн жам байна. Уул уурхайн салбар бол их хэмжээний хөрөнгө оруулалт, урт хугацаа шаардагддаг салбар. Тиймээс том төслүүдээ хөдөлгөхөд цаг хугацаа алдаж болмооргүй байгаа юм. Төрийн буруу бодлогоо өөрчлөөд төслүүдээ хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Эрдэнэтийг 100 хувь төрийн мэдэлд авахаар шийдлээ. Энэ хэр зөв шийдвэр болсон бэ?

-Тун буруу шийдвэр. Ер нь бол Эрдэнэтийг хувьчлах асуудал төрийн бодлогод байсан. Яг хэдэн хувийг нь ямар журмаар яаж хувилах уу гээд өмч хувьчлалын жагсаалтад оруулахаар татчихдаг байв. Тэгэхээр энэ 49 хувийг нь хувьчилчихаар хүний юм болчихдог гэсэн үг биш. Үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааны орлого, ашиг нь нэмэгдэж, төрд авах татвар нь ахиу болж байвал төрийнх байна уу, хувийнх байна уу гэдгийн ач холбогдол байхгүй. Эрдэнэтийн 49 хувийг Монголын хуулийн этгээд 400 гаруй сая ам.доллараар аваад ирсэн нь хоёр талын ач холбогдолтой юм. Сайн ч тал бий. Саар ч зүйл байна. Би оросуудыг гайхаад байгаа юм. Монгол Оросын эдийн засгийн харилцааг хөгжүүлье гэж ярьчихаад хамтын үйлдвэрийнхээ талаас нь татгалзсан. Харин Монголын тал тэр 49 хувийг нь бусад улсад алдчихаагүй авсан нь сайн хэрэг. Гэхдээ үүнийг заавал төрийнх болгох гээд байх хэрэг байхгүй санагддаг юм. Засгийн газрын шийдвэр бол эдийн засгийн арга биш. Хувийн өмч рүү халдаж байгаа тийм хэлбэр гэж харагдаад байгаа юм.

-Хармагтай ордыг Оюу толгойтой дүйцэхүйц нөөцтэй гэх юм. Дээрээс нь Гацууртын орд байна. Эдгээр томоохон орд газруудыг ашиглаж эхэлбэл үр өгөөж нь ямар байх вэ?

-Хармагтай ордын нөөц нь нотлогдоогүй, яагаа ч үгүй байгаа. Ямар гээчийн, адармаатай орд юм, хэр зэргийн гүнд яаж баяжигдах зэргийг нь тогтоохын тулд асар их судлах шаардлагатай шүү дээ. Гэтэл манайхан тоо яриад л, алаагүй баавгайнхаа арьсыг ахиж хуваах гээд байх юм.

Харин Гацууртыг нь бол маш хатуу гэрээ хийгээд, түүхийн тэр их үнэ цэнэтэй дурсгалд ямар ч хохирол учруулахгүйгээр ам өчгийг нь авч баталгаатай болгож, зураг төслийг нь хийлгээд ашиглуулахад болох юм байхгүй. Тэгэхгүйгээр хав дараад л байх юм бол өөдтэй үр дүнд хүрэх нь юу л бол.

Үргэлжлэл бий.


Categories
мэдээ цаг-үе

Р.Нямдорж: “Дэндүү өндөрт нисэж явсан бүргэд учраас зөв л газардчихвал” гэж Ама дүүдээ хэлсэн

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, Олон улсын Олимпийн хорооны Монгол Улсын Зууны манлай спортын зүтгэлтэн, зохиолч, доктор Рэгжийбуугийн Нямдоржтой уулзаж хөөрөлдлөө.


-Та сайхан өвөлжиж байна уу. ярих хөөрөх сонин сайхан их биз дээ?

-Сайхан өвөлжиж байна. Шинэ он гараад хуучин оныхоо ажлыг дүгнэх, шинэ онд шинэ уриа дэвшүүлж ажлаа төлөвлөх гээд зав зай муутай л сууна.

-Шинэ онд шинэ ямар уриа дэвшүүлж байна даа?

-Манай холбоо хориод жилийн өмнөөс жил бүр нэг шинэ уриа дэвшүүлдэг. Өнгөрсөн жил гэхэд “Допинггүй Монголын үндэсний бөхийн төлөө” гэсэн уриан дор ажилласан. Энэ 2018 онд “Ойлголт зөв бол үйлдэл зөв” гэсэн уриатай ажиллахаар төлөвлөж байна.

-Та “Ойлголт зөв бол үйлдэл зөв” гэсэн уриа дэвшүүлсэн гэж байна. Монгол бөхийн холбоо чинь олон түмний ойлголтоор “Гацуурт”-ын Чинбат гэж тэргүүнтэй ч юм шиг, эсвэл Нямдорж гэдэг тэргүүнтэй ч юм шиг хоёр холбоо байгаа юм шиг ойлгогдоод байх юм?

-Энэ мэт ойлголтыг зөв ойлгуулахгүй бол үйлдэл буруу гараад байгаа. Тэгэхээр түүх сөхөхөөс аргагүй. 2002 онд Монголын үндэсний бөхийн холбооны дөрөвдүгээр Их эе гэж их хурал болсон юм. Тэр үе бол Бөхийн өргөө ашиглалтанд ороод дөрвөн жил болж байсан он цаг. Бөхийн өргөө гээч юм боссоноор бөхчүүдийн амьдралд айл гэр өөрийн орон гэртэй болчихсонтой адил нааштай том өөрчлөлтийг авчирсан боловч зарим нэг нөхдийн тухайд тэрний эзэн суух гэсэн хүслийг оргилуулсан сайн, муу хоёр талтай. Аливаа үзэгдэл ер нь сайн, муу хоёр талтай байдаг. 2002 оны Их эе дээр бид огт юм бодолгүй, ажлаа хийж, тайлангаа тавиад, дахин улирвал улираад, улирахгүй бол хүлээлгэж өгөх бодолтойгоор хуралд орсон. Тэгтэл тэр хурлаар дархан аварга Х.Баянмөнх гуай, улсын заан Ганболд, Амгай, улсын начин Дуламсүрэн, УИХ-ын гишүүн болсон А.Сүхбат нарын таван хүн толгойлон МҮБХ-г авах зохион байгуулалттай ажиллагааг урьдаас бэлдэж зохион байгуулсан юм. Тэр Их эеэр Бөхийн холбооны тэргүүний албан тушаалд найман хүний нэрийг дэвшүүлж зургаа нь нэрээ татан, тухайн үед “НИК”-д ажиллаж байсан Сүхбаатар гэдэг хүн бид хоёр өрсөлдсөн. Сүхбаатарыг Баянмөнх гуай эд нар дэвшүүлсэн. Их эед 172 хүн санал өгснөөс 90 нь надад, 82 нь Сүхбаатарт өгч найман хүний саналын илүүгээр би ялж байлаа. Миний тухайд ямар нэгэн байдлаар ялчихъя гэсэн юм байхгүй, өөрийнхөө нэр хүндээр л өрсөлдсөн.

-Таны нэр хүнд өндөр байсны нууц юунд байв?

-Арга байхгүй хоёр том үйл явдал үүнд нөлөөлсөн. Бөхийн өргөөг бий болгочихсон. Бөхийн өргөө 1998 оны арванхоёрдугаар сарын 26-нд ашиглалтанд орсон. Үүнээс дөрвөн сарын дараа буюу 1999 оны гуравдугаар сараас “Миний нутаг сайхан” хэмээх спорт, урлагийн наадмыг орон даяар явуулж, үндсэн 18 аймгийг хооронд нь найман төрлөөр өрсөлдүүлсэн. Тэр ажилд тухайн нутгаас төрсөн бүх алдартнууд оролцсон. Тухайлбал, Завхан аймаг гэхэд Ерөнхийлөгч Н.Багабанди гуай оролцох жишээний. Ямар л авьяастан байна, тэр бүхэн оролцсон үнэхээр Монголыг донсолгосон үйл ажиллагаа болсон. Тэр үйл ажиллагааны хүрээнд нэг нээлт болсон нь Монгол бөхийн өргөөнд бөхийн барилдаанаас гадна урлагийн тоглолт хийж болох юм байна гэдэг нь тогтоогдсон. Тэр найман төрөл дотор 16 бөх барилдах, 12 үзүүлбэртэй концерт тоглоно, хошин шогийн үзүүлбэр үзүүлэх, шатар тоглоно гэсэн зүйлс багтаж байсан. Их мастер Хатанбаатар, Шаравдорж нар гэхэд аймгаа төлөөлж оролцож байлаа. Энэ бүхнийг зохион байгуулсан нэр хүндээр найман хүний саналаар ялсан. Үүгээрээ би бахархдаг. Би сүүлд нэр дэвшихдээ 90 хэдэн хувиар ялалт байгуулж тэргүүнээр сонгогдож байсан л даа. Харин тэр үед найман хүний санал гэдэг их чухал байв.

-Тэр үед зөрчил тэмцэл өчнөөн л гарч байсан даа?

-Маш олон хүнийг ятгасан, элдвээр дайрсан гүтгэлэг их л явж байсан. “Бөхийн өргөөний арван хувийг Нямдорж авчихсан байна. Бөхийн өргөөнд орж буй мөнгө эдний хувийн дансанд ордог юм гэнэ” гэх янз бүрийн л яриа гаргана. Одоогоос олон жилийн өмнө олон түмний ухамсар ч төлөвшөөгүй байлаа. Өнөөдөр олны ухамсар цацаж буй мэдээлэлд үнэн үү, худал уу гэж эргэлзэж ханддаг болсон байхгүй юу. Тэр үед ерөөсөө л хэвлэл мэдээлэлд бичигдсэн л бол туйлын үнэн гэсэн ойлголттой байлаа. “Энэ Нямдорж бол хятадын эрлийз” гээд цацахад үнэн гээд ойлгочихдог, биш шүү гэж аавынхаа зургийг харуулаад “Манай суманд хятад хүн очиж байгаа шүү” гээд ярихад тэр мэдээллийг авсан хүмүүсийн гучин хувь нь хуучин мэдээлэлтэйгээ үлддэг байсан цаг үе. Урьдаас зохион байгуулалттайгаар дайралт хийж гурван өдөр, хоёр шөнө хэрэлдэхэд би тэргүүнээр сонгогдсон. Би монгол бөхчүүдийн ноён нуруу, бөхийн орчны эрүүл ухаанд их ч баярласан.

-Та нарын зөрчил ч заримдаа багаахан дажны хэмжээнд тулж хаалга үүдийг чинь эвдэх хэмжээндээ тулах юм аа?

-Хаалга үүд эвдэх зэрэг чинь арваад жилийн өмнөх асуудлаас хойш үргэлжилсээр өнөөг хүрэхгүй юу. Чинбат гэдэг хүн Бөхийн холбооны албан ёсны биш тэргүүнээр яагаад сонгогдов гэхээр 2002 оны Их эеэр ялагдангуутаа тооллогын комиссын тоолоод, бичлэг хийчихсэн баримт байж байхад “90 санал авсан Р.Нямдоржийг тэргүүнээр сонгосонд тооцсугай” гэсэн тогтоол дээр гарын үсэг зуралгүй Ганболд, Баянмөнх гуай эд нар аваад зугтаачихсан юм. Шүүхэд хандахаар “Тогтоолоо аваад ир” гэдэг. Тогтоолгүй учраас тэргүүнээр сонгогдсон нь нотлогдохгүй байна гэж байгаа юм. Шүүгч үүнд буруутай.

-Шүүгч яагаад буруутай гэж?

-Миний санал авсан 90 хуудас, Сүхбаатарын санал авсан 82 хуудас, хурлын протокол, бүх бичлэг байхад нотлох баримт хангалттай яа даа. Дээр нь 172 гэрч байхад “Нямдорж тэргүүнээр сонгогдсон нь тогтоогдохгүй байгаа учир ээлжит бус Их эеийг хуралдуулж тэргүүнээ сонго” гээд гурван шатны шүүхийн шийдвэр гаргачихаж байгаа юм. Тэгэхээр эд нар шүүхийн журмаар ээлжит бус Их ееийг хуралдуулж Нямдоржийн ажлыг авна аа л гэдэг байхгүй юу.

-Ээлжит бус Их эеийг хуралдуулж болдоггүй юм уу?

-Ээлжит бус Их эеийг хуралдуулахад Цэцдийн зөвлөл гэсэн 67 хүний бүрэлдэхүүнтэй бүгд хурал хуралдах ёстой. Нөгөө улсын дотор намайг дэмждэг үй олон хүн байдаг учраас цуглаж өгдөггүй. Хүчээр гэрээс нь айлган сүрдүүлэх зэргээр ирц бүрдэхгүй, хууль бус аргаар Цэцдийн зөвлөлийг хоёр гурван удаа хуралдуулж эхлээд Рэнцэндорж гэдэг хүнийг, дараа нь Чимэд-Юндэнг, тэгээд Жавзмааг, хамгийн сүүлд Чинбатыг тавьж байгаа юм. Энэ арван зургаан жилийн турш хийж байгаа юм нь бүгд хууль бус учраас шүүх дээр очоод унана л даа. Сүүлчийнх дээр бид шүүхдээгүй. Яагаад шүүхдээгүй вэ гэхээр “Бид хуралдаад Чинбат гэдэг хүнийг тэргүүн болгочихсон” гэхэд нь “За, зүйтэй. Хэдэн төлөөлөгч, яаж хуралдаад сонгосон юм. Хурлын бүх бичиг баримтаа аваад ир. Тэрийг чинь үзээд албан ёсны юм байвал бид ажлаа хүлээлгээд өгье. Албан бус байвал шүүхэд хандана аа” гэхээр нэг ч хуудас цаас авчирч өгдөггүй. Дээр нь нэг ч телевизээр мэдээ явдаггүй. Хуйвалдаан хийчихсэн учраас олон түмнээс нууж байхгүй юу. Увс, Төв аймгийн харьяат улсын цолтой гуч дөчин бөхчүүдийг өөр хаанахын ч юм хаа хамаагүй хүмүүстэй нийлүүлж хуралдуулсан болчихоод ажил авна аа гээд байдаг. Бид тэр шийдвэрийг нь хүлээж байтал 2017 оны долдугаар сарын 18-нд А.Сүхбат, Ү.Хүрэлбаатар хоёр толгойлоод гэнэтхэн жаал залуус дагуулж ирээд Бөхийн өргөөг эзлээд авсан. Шөнө нь бөхчүүд дайрч орж тэднийг гаргасан. Үүнээс өмнө Ганболд, Амгай, Дуламсүрэн гурав ирж миний өрөөний хаалгыг цүүцдэж онгойлгоод тамга тэмдэг булааж явсны ул мөр хаалганд үлдчихсэн л байна. Ийм болхи ажиллагаа Бөхийн өргөөн дээр үе үе болно шүү. Энэ байдал ард түмэнд тодорхой болчихсон учраас тодорхой нуршилтгүй хүмүүс мэднэ. Нямдоржийн баг юу хийж бүтээсэн бэ гэдгийг олон түмэн мэдэх учраас эднийхэнд итгэх хүн бөхийн хамт олон дотор л лав их цөөн.

-Чинбат захирлыг та сайн таних уу?

-Тэр Чинбат гэдэг хүн манай Говь-Алтай нутгийн нөхөр. Би Чинбатыг бол огт танихгүй, манай зэргэлдээ сумын хүн л гэсэн. Ү.Хүрэлбаатарын хувьд манай Бөхийн холбооны тэргүүлэгч байсан. Түүнийг мэдэх хүн мэддэг байх, жаахан зовлонтой. Түүнээс нь болоод 2014 онд тэргүүлэгчээс нь гаргасан юм. Тэр л өш хонзонгоор л хүний гар хөл болж явдаг байх.

-Ү.Хүрэлбаатарын юу нь зовлонтой гэж?

-Асуудалд хандах хандлага, асуудлыг үнэлгээжүүлэх энэ тэрд хуумгай ханддаг хүн.

-А.Сүхбат аварга УИХ-ын танхимд “Төрийн бус байгууллагуудаа цэгцлээч” гэж байсан. Төрийн бус байгууллагын асуудлыг төр дур мэдэн зохицуулах хууль журам байхгүй биз дээ?

-“Төрөөс төрийн бус байгууллага хараат бус байна” гэсэн хуультай. А.Сүхбат бүр шууд “Бөхийн холбоог Нямдоржоос салгаж өгөөч ээ” гэж байна лээ. Санаа нь тэр л дээ. Ерөнхий мэдлэгийн түвшин доогуур хүнээ л илтгэж байгаа хэрэг шүү дээ. “Төрөөс төрийн бус байгууллага хараат бус байна, төр үүнд оролцож болохгүй” гэсэн түвшний ойлголт байхгүй учраас л тийм юм ярьж байгаа юм. Тэр нь юм мэддэг хүнд өөрийгөө илчилсэн инээдтэй үйлдэл л дээ.

-Баянмөнх аварга “Нямдорж монгол бөхийг устгаад, мөхөөгөөд хаячихлаа. Үүний нэг жишээ нь хаялцах мэх” гэж байнга ярих юм. Та үнэхээр монгол бөхийг устгах бодолтой хүн юм уу?

-Баянмөнх гуайн хувь хүний л дүгнэлт л дээ. Бид тэр хүнээс боловсролын түвшин арай өндөртэй.

-Таныг мэх мэдэхгүй л гэх юм билээ?

-Мэх мэдэхгүй гэдэг нь ч юу л бол. Бид хоёр хоорондоо барилдах гэж байгаа хүмүүс биш. Бид монгол бөх гэдэг өв соёлд менежмент хийж байгаа улс. Бидэнд боловсрол, сэтгэл, шударга ёс хэрэгтэй. Монгол бөхийн барилдаанд ийм мэх хийнэ гэж заадаг биеийн тамирын сургууль биш шүү дээ. Тэгэхээр Баянмөнх гуайн ярьж байгаа зүйл нь огт утга учиргүй юм. Бөхийн холбоог өгчихье, хэр утга төгөлдөр юм хийх улс вэ гэж бид бас анализ хийж байгаа юм. Баянмөнх гуай, хүргэн байсан А.Сүхбат, хүү Гантогтох нартайгаа “Мэргэжлийн монгол бөхийн холбоо” гээч юм байгуулсан. Ганболд, Дуламсүрэн, Амгай эд “Хасуу бөхийн барилдаан” гэгч юм зохион байгуулж байгаа юм. “Нямдорж гэж нэг хоцрогдсон амьтан байна” гэж огцорсон хоёр ч Ерөнхий сайд дагуулж над дээр ирсэн ш дээ, тэд. Тэдний монгол бөхөд хийж байгаа шинэчлэл гэгч нь дугуй тойрог татаад, тэр дотор хоёр бөх барилдан, хаялцвал хаялцана. Хаялцахгүй бол хэн тэр тойргоос эхэлж түлхэж гаргасан нь давна гэж байгаа юм.

-Үндсэндээ сумогийн л дүрмээр барилдах нь ээ дээ?

-Тэдний сэтгэлгээний түвшин, хүрээ нь л тийм байгаа юм. Хувьсгалын дараа хувьсгалт романтизм гээч юм гарсан шиг сумог шүтэх өвчин л байхгүй юу. Тэдний буруу ч бас биш юм. Төрийн сайд хүн хүртэл “Би сумо гарахад хаалгаа түгжиж байгаад үздэг. Төрийн ажил зогсдог” гэж хүртэл ярьж байлаа шүү дээ. Энэ бүхний үр дүн яаж гарч байна гэхээр монгол бөхийн өмсгөлтэй сумо барилдаан болчихож байгаа юм. Монгол бөхийг устгадаг жинхэнэ аюул чинь энэ мөн өө дөө. Хаялцах барьцыг л тэд ярьж байгаа хэрэг. Бөхчүүд өөрсдөө хэзээ ч шийдэж чадахгүй. Хаялцах барьц чинь хүн өөрөө олоод барьчихдаг монгол бөхийн мэх. Өсөхбаяр аваргыг Сүхбат аварга яг энэ барьцаар хаяж байсан юм. Монгол бөхийн барьцыг л албадан бариулж байгаа барьц болохоос сумо шиг тойрогт оруулаад түлхэе гэдгээс хамаагүй шинжлэх ухаанч шийдэл л дээ. Намаар хуваагдаж хэн хэнээ гүтгэж доромжилдгийн халдвар тэдэнд туссаны нэг илрэл нь энэ барьц сонгохыг шүүмжилж гутаах үйлдэл. Өнөөдөр хоёр бөх унаж муужиртлаа барилдахыг хүлээдэг нийгэм биш. Тэр барилдааныг маш эрчтэй, хурдтай, тодорхой цаг хугацааны дотор явуулах ёстой. Социализмын үеийнх шиг ямар ч үзэж харах юм байхгүй, зөвхөн бөх үздэг хүнд дөрвөн цаг сууна уу, арван цаг сууна уу, наадмын үзүүр түрүүний бөх дөрвөн цаг арван есөн минут барилдана уу, огт хамаагүй байлаа ш дээ. Хэрвээ бөхчүүд ийм удаан барилдвал өнөөдөр ард түмэн шууд хаяад явчихна. Өнөөгийн нийгмийн шаардлагад тохируулах хэрэгтэй учраас хоёр бөх тодорхой хугацааны дотор хаялцах ёстой. Тийм учраас тэр барьцыг бид хаялцах гэж нэрлэсэн. “Энэ барьцыг шүүмжилж байгаа хүн хувилбараа хэл” гэсэн эрх чөлөө одоо ч нээлттэй байгаа. Бөхчүүд хоёр санал хэллээ. Нэгдүгээрт, хөл авъя гэсэн. Туршлаа. Хөл аваад хүн хаяна гэдэг хөдөлгөөн дунд хөдөлгөөндөө тааруулж хөл аваад хаядаг болохоос яг зогсож байгаа хүний хөлийг аваад боллоо гэх юм бол хөлөө авахуулсан хүн нь хаядаг юм байна лээ. Үүнийг больёо гэсэн.

-Нөгөөх нь ямар хувилбар байв?

-Хоёрдугаарт, нэг нь шуудагдаад мөргөж хөөеө гэсэн хувилбар. Ийм мэх монгол бөхөд байдаг. Гэтэл зогсож байгаа хүнийг мөргөж хөөхөөр урдаас нь цээжээрээ цохиод хүзүү нь гэмтсэн. Энэ хоёр болохгүй юм байна гэж бөхчүүд өөрсдөө больсон. Одоо энэ хаялцах барьцнаас өөр барьц байвал хэл ээ л гэж байгаа. Хүн муйхар юм их ярьдаг. Аргаа хэл ээ гэхээр тойргоос шахаж гаргана л гэж хэлэх гээд байхгүй юу. Тойргоос түлхээд гаргавал монгол бөхийн өмсгөлтэй сумо болно гэдгийг ухаарч чадахгүй байгаа юм. Сумо гэдэг чинь жижигхэн тойрог дотор хоёр бөх барилдаж байгаа барилдаан. Монгол бөх чинь том оо тойрог дотор хорин хос барилдаж байгаа барилдаан. Тийм ялгааг хайхрахгүй олон юм ярих нь муу. Энэ бол оюун санааны алдаа.

-Сумо гэснээс таны ач дүү Ама Бямбадоржийн тухай асуухгүй өнгөрвөл алдас болох байх. Монголд л харьцангуй нэг их тоохгүй болохоос Японы сумогийн ертөнцийн гол дуулиан болоод байгаа юм биш үү?

-Байдал бол тийм ноцтой, амьдралаа ч юм уу, амь насаа алдах гэж байгаа зүйл биш ш дээ. Тийм нэг юм болж. Сумогийн ертөнцөөс гарлаа. Манай ах дүүст жаахан жаахан онцлог байна аа. Мэдэх хүн мэднэ. Ама бол одоо өөрөөр амьдрах ёстой тийм насанд хүрчихсэн. Манай дүү, улсын заан Давааням маань ганц бөхөөр амьдраагүй. Бөхөд тодорхой амжилт гаргаад өөрөөр амьдарсан. Миний хүү, улсын гарьд Ганбаатар гэж бөх байна. Гучин тав хүрлээ. Одоо өөрөөр амьдарна. Ама гучин гурав дөрөв хүрлээ. Бол оо. Тэрийгээ мэдээд жил гаруйн өмнөөс Монголдоо “Харумафужи-Шинэ Монгол” гэдэг сургууль байгуулсан. Барилгууд нь нэлээд явчихсан. Яармагт нэг корпус нь баригдаад дуусаж байна. Ирээд сургуульдаа ажиллана. Ардын хүүхдийг эрдэмд бэлдэнэ. Бид бүгдээрээ дэмжиж ажиллана. Одоо Японд эдийн засгийн сургууль төгсөх гэж байгаа. Дараагийн амьдралаа төлөвлөчихсөн хүн. Сумод 2020 он хүргэх бодол байсан байх. Тэгэхээр Амагийн зодог тайлах нь бидний тухайд эмгэнэлтэй асуудал биш. Би өөрт нь “Газар дээрээ зөв буучихвал чамд ямар ч асуудал байхгүй ээ” гэж хэлж байгаа. Газар дээрээ зөв бууна гэдэг чинь учиртай. Сумогийн их аваргууд гэдэг чинь дэндүү өндөрт нисэж байгаа бүргэдүүд шүү дээ. Тэд нарыг байтугай намайг хүртэл хүмүүс таньдаг гээд явуулахгүй байдаг. Гудамжны архичин нөхөр хүртэл зурагтаар гардаг хүнийг чинь барьж аваад “Нямдорж ах аа” гээд сүйд болдог. Тэгэхэд ёкозуно гэдэг чинь биднээс дэндүү өндөрт хэдэн үе толгой дээгүүр нисэж явсан хүн учраас тэрийгээ алдлаа гэхэд хөрсөн дээрээ л зөв буучих гэж байгаа. Хөрсөн дээрээ зөв бууж байгаа. Ама чинь өөрөө зураг зурдаг хүн ш дээ. Маш гоё зурна. Японд үзэсгэлэн нь гарсан. Эдийн засгийн боловсрол олж байгаа. Цагдаа, хууль эрхзүйн боловсролтой. Эцэг нь лут хүн байсан учраас хар багаас нь зөв явуулчихсан. Амаг төрөхөд аав нь гэрт нь эх барьж авсан юм шүү дээ. Аав нь эх баригч-эмч хүн байлаа. Оюутан байхдаа л гэхэд хорин хүүхэд эх барьж авсан байдаг. Ама маань маш халуун сэтгэлтэй хүн. Болно доо болно.

-Халуун сэтгэл гэдэг ч цэвдэг хорвоог туулах хүн гээч амьтны яах аргагүй л жигүүр нь дээ?

-Халуун сэтгэл гэдэг нэг чухал юм байна шүү хө. Ядарсан зүдэрсэн бүхий л ах дүү нартаа тусална. Японд үзүүлдгийг нь үзүүлээд, эмчлүүлэхийг нь эмчлүүлээд, тусалдагт нь туслаад явдаг хүүхэд. Би өглөг сурталчилдаг хүн. Бавуугийн Лхагвасүрэн “Өглөггүй баянд үгүйрэл зохилтой. Өргөмжгүй насанд үхэл зохилтой” гэдэг үгийг өөрөө зохиосон шиг байгаа юм. Би энэ үгийг хэлдэг юм. Ама минь өглөгтэй, халуун сэтгэлтэй хүн. Тэрнээс өөрөө л баяжиж байвал болдог, өөрөө амьдарч байвал болдог юмнаас хүн их татгалзана. Би “Яаж жаргах вэ” гэж ном бичсэн хүн дээ. Хүний амьдралын утга учир бол бусдад туслах юм байна гэж бичсэн. Үр хүүхэд төрүүлж өсгөх бол үүрэг юм байна. Адгуусанд ч байдаг зүйл юм байна. Гүү унагалаад, хонь хургалаад төлөө долоогоод, сүүгээ хөхүүлээд биеэ даахаар нь танихгүй болоод явдаг. Хүн бол хүүхдээ төрүүлж хүн төрөлхтнийг залгамжлуулах нь үүрэг юм байна.

-Орчин үед хүний ёсон жаахан хүйтрээд байгаа юм шиг санагддаг даа?

-Хүний амьдралын утга учир бол бусдадаа туслах юм гэдгийг ухаараад би тийм ном бичсэн. Яагаад гэвэл чи байхгүй бол би оршин тогтнохгүй юм билээ. Робинзон Крузо шиг тэнгисийн дундахь арал дээр аваачаад хаячихад хүн хэр тэсэх бол. Хүн хүндээ тусалж байж хүн төрөлхтөн оршин тогтнох юм байна гэж л би бичсэн хэрэг. Би чинь зүгээр нэг бөх барилдуулаад явдаг хүн биш.

-Та бол уг нь уран бүтээлээ эрт хаячихаагүй бол Монголын авьяастай зохиолчдын л нэг дээ?

-Би зохиол бичих гэж бүр багаасаа их оролдсон юм. Зохиолч болох гэж хар багаасаа хүссэн. Аав маань цэргийн даргын албыг арван хоёр жил хашаад ар гэрийн гачигдлаар сумандаа очоод өөрөөсөө арван долоо дүү охинтой арван долоон настайд нь суугаад бид гарсан. Манай суманд аав шиг минь боловсролтой хүн байгаагүй учраас бид гэрийн боловсролоор маш их зүйлийг сурсан. Тиймээс ч бид арвуулаа их дээд сургууль төгссөн. Аавыгаа амьд ахуйд ааваасаа их зүйл сурсан манай ах, Давааням дүү бид арай дөнгүүр боловсролтой болцгоосон. Аав маань надаар шүлэг бичүүлээд өөрт нь таалагдвал нэг төгрөг өгдөг байсан. Тэр үеэс уран зохиол их уншсан даа. Хэдэн өгүүллэг бичсэн. Өгүүллэгүүдийг маань тоох нэг нь нэлээн тооно.

-За, хэн хэн тоох вэ?

-Уншсан хүн уйлна. Хүн үхээд уйлуулаад байдаг өгүүллэг биш. Эсвэл нэг юм олоод баярлаад байдаг ч биш. Хүний сэтгэлийн торгон мэдрэмжийг жаахан хөндөх гэж оролдсон гэх үү дээ. Би их сургуульд сэтгэл судлалын хичээл зааж байсан юм л даа. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гэхэд “Нямдорж харахад бүдүүн бараг. Ийм хүний хаанаас нь ийм уянга гарна вэ” гэж дурсамж хүртэл бичсэн л байдаг. “Газрын хол” гэж гайгүй өгүүллэг бичсэн. Энэ өгүүллэг бүр кино ч болсон. “Дөмөн дуутай намар” маань байна. Миний бичсэн өгүүллэгүүдийн хоёр түүвэр энэ. “Бодоод байхад…” гэж шүлгийн жижигхэн түүвэр гаргасан. Тэр шүлэг гэхээсээ илүү амьдралын тухай философиуд байгаа юм. Уг нь энэ мэтчилэн бичээд байж болох л байсан. Гэсэн ч 1990 он гээд уран зохиол, эрдэм шинжилгээний ажил, ажлын карьер тэр бүхнээ орхиод бөхөд хамаг амьдралаа, залуу насаа зориулахаар шийдсэн хүн. Их сургуулийн хуулийн сургуулийн декан байсан хүн шүү, би.

Үргэлжлэл бий.


Categories
мэдээ цаг-үе

“Винсвэй”, “Чалько” компани Mонголын Засгийн газрын тогтоолыг эсэргүүцэн, ганцмодны боомтын замыг хааж жагсаал хийлгэж байна

Түрүүч нь № 010(5853), 011(5854) дугаарт

-ХЯТАД КОМПАНИЙН МАШИНЫГ ТОНОСОН ЗАЛУУГААС БОЛЖ 60 НАСТАЙ ХОЁР ХҮН ХЭВТЭРТ ОРТЛОО ЗОДУУЛЖЭЭ-

Ганцмодны боомтод Хятадын компанийн ажилчид жагсаал зохион байгуулж хил хаасан тухай мэдээллийн мөрөөр манай тусгай сурвалжлагч Э.Хүрэлбаатар газар дээр нь ажилласан билээ.Түүний цуврал сурвалжлагыг үргэлжлүүлэн хүргэж байна.


Хятадын нүүрс тээврийн компанийн ажилтнууд манай улсын хоёр иргэнийг хэвтэрт ортол зодсон талаарх мэдээлэл Ганцмодны хилийн боомтын монголчуудын дунд тархжээ. Тус боомт дээр хоёр жилийн өмнөөс нэгэн ахмад хилчин эхнэрийнхээ хамт цайны газар түрээсэлдэг болсон байна. Монголын жолооч нар “Эмээгийн цайны газар” хэмээх тус цайны газраар байнга үйлчлүүлдэг болсон гэнэ. Гэвч саяхан хоёр хөгшнийг зодож, хүндээр гэмтээсэн хэрэг гарсан байдаг. Тиймээс Хятадын нүүрс тээврийн компанийн ажилтнууд хоёр хөгшнийг ямар шалтгаанаар зодсоныг тодруулсан юм.

Энэ сарын 8-нд Гашуунсухайт хилийн боомт дээр нүүр, нүд нь булуу болтлоо хавдаж, хөл гараа дааж ядсан 60 гаруй настай иргэн иржээ. Тэрбээр Монголын хилээр нэвтэрч орж ирээд л асгартал уйлсан байна. Амьдралынхаа 30 гаруй жилийг хилийн цэрэгт өнгөрүүлсэн тэрбээр хятадуудад зодуулсан талаараа дэлгэрэнгүй ярьжээ. Тодруулбал “Увс аймгийн Гансүх гээд нэг залуу байдаг юм. Надтай нэг нутаг ус гэдгээрээ ойр дотно танилцаж, Ганцмодны хил дээр ирэх болгондоо манайд хоноод явдаг. Тэр нөхрөөс болоод ийм болтлоо зодуулчихаад явж байна. Эхнэр барьцаанд үлдсэн. Гадаад паспортыг нь хураагаад авчихсан болохоор яаж ч чадалгүй үлдээчихлээ. Нүүрсний компанийн ажилтнууд “Гансүхийг авчир. Тэр цагт эхнэрийн чинь гадаад паспортыг өгнө” гэж дарамталсан. Тэр залуу Хятадын нэг компанийн машиныг “Нүүрс ачаад ирье” гэж хил гаргаад 20 ширхэг дугуйг нь зарчихсан юм гэнэ. Бас машины бусад анги нь алга болсон юм байх. Үүнээс болоод биднийг ингэж зодож байна. Манайд хонож өнждөг болохоор ойр дотны хүмүүс гэж бодсон юм шиг байна лээ. Өчигдөр орой хятад залуучууд гэрт орж ирээд бид хоёрыг үгийн зөрүүгүй зодоод эхэлсэн. Газар унагаж байгаа дэвсэлж, хөгшний маань үснээс зулгааж шалаар чирч гулдарсан. Арай л гэж саллаа” хэмээн ярьсан байна. Харин энэ талаар Гашуунсухайт хилийн боомтын нэгэн албаны эх сурвалж “Тоночихсон машинаа авахаар хятадууд ирсэн. “Та нар цагдаад өргөдөл гомдол гаргаад өгчих. Танай компанид учирсан хохирлыг барагдуулах боломж байгаа” гэхэд “Цагдаад хандахгүй. Хохирол байхгүй. Машинаа аваад явна” гээд аваад явцгаасан. Тэгээд л тэр орой нь манай ахмад хилчнийг зодоод эхнэрийг нь гадаад паспортоор нь барьцаалсан байна лээ. Хилийн боомтын зүгээс шаардлагатай арга хэмжээг авсан. Эхнэрийнх нь бичиг баримтыг өгсөн байгаа. Хоёр хөгшин Улаанбаатар хот руу явцгаасан. Сүүлийн үед манай улсын иргэдийн гадаад паспортыг дээрэмдэх, барьцаалах хэд хэдэн тохиолдол гарсан. Өнгөрсөн сард нэг эмэгтэй барьцаалагдсан гэх мэдээлэл гарсан. Тэр эмэгтэйн уулздаг байсан залуу хятад компанийн машиныг авч яваад мөн л эд ангийг нь тоночихсон байна лээ. Үүнээс болоод тэр бүсгүй хэд хоног Ганцмодны боомт дээр саатсан” гэв.

ГАНЦМОДНЫ ХИЛИЙН БООМТЫН ЦАГДААГИЙН ДАРГА ЖАГСАГЧИДТАЙ УУЛЗАЖ, ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ КОМПАНИ НҮҮРС АЧИЛТАА ГЭНЭТ ЗОГСООВ

Жагсаал хийж байгаа жолооч нартай Баяннуур аймгийн Ганцмодны хилийн боомтын цагдаагийн дарга уулзсан юм. Тэрбээр жагсагчдад “Та нар энд ингэж жагсаж болохгүй. Бид хилийн аюулгүй байдлыг хамгаалах ёстой. одоо ингээд тар. Хэрэв тарахгүй гэвэл хүч хэрэглэж тараана. Бас бослого тэмцэл гаргавал хорих болно” гэсэн цөөн хэдэн үг хэлчихээд яваад өгсөн. жагсагчдад цагдаагийн даргын үгийг сонсож байгаа шинж ер ажиглагдаагүй юм. Харин ч өөдөөс нь эсэргүүцэж, жагсаалаа үргэлжлүүлж байлаа. Бид ч хил хаахаас урьтаж Монгол Улсын хилээр нэвтрэхээр хөдөллөө. 16:00 цагийн орчимд Гашуунсухайт хилийн боомт дээр ирэхэд жагсагчдад Эрдэнэс Тавантолгой компанийн уурхай нүүрс ачилтаа зогсоож, 20 гаруй километр урт дараалал үүсээд байгаа талаар мэдээлэл ирэв. Энэ талаар Эрдэнэс Таван толгой компанийн уурхайн ажилтнуудтай холбогдож асууж, тодруулахад “Уурхайн нүүрсний нөөц дууссан. Одоо өөр мөргөцөг цэгээс нүүрс ачилт хийхээр бид бэлтгэж байна. Хэзээ ачилтаа хийх нь тодорхойгүй байна. Нүүрс ачихаар бол мэдэгдэнэ гэдгээ компаниудын удирдлагаар дамжуулж хэлүүлсэн байгаа” гэв. Харин уурхайн дээрх мэдээллийг жолооч нар өөрөөр хүлээж авч байна лээ. Тэд “Эрдэнэс Тавантолгой нүүрсний уурхайд хятадууд нөлөөлж байна. Хэдэн сая тонн нүүрсний нөөцтэй компани гэнэт нүүрс нь дуусаад, өөр газраас ухна гэсэн ойлголт байхгүй. Мэдээж уулын ажлын төлөвлөгөө, ТЭзҮ-гээр баталчихсан л байгаа шүү дээ. Хятадуудтай хуйвалдаад нүүрс тээврээ зогсоож байна. Хил хаах нь нүүрсний тээвэрлэлтэд нөлөөлөхгүй шүү дээ. Уурхайгаас ачигдсан л бол тэр нүүрс Хятадын өмч болж байгаа. Цагаан хадны хашаанд нүүрс овоолоод байхад хятадууд өөрийнхөө өмчийг авч л таарна” гэдгийг онцолж ярьсаар байсан юм.

Монголын нүүрсийг хямд үнээр худалдан авч байгаа Хятадын Винсвэй компанийг төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компанийн 2017 оны шилдэг харилцагчаараа тодруулж, өргөмжилсөн талаарх мэдээлэл гарч эхэлсэн юм. Дээрх мэдээлэл гарсантай холбоотойгоор Хятадын Винсвэй компанийн ТУЗ-ийн дарга ван сингчун Эрдэнэс Таван толгой компанийг удирддаг. Мөн компанийн удирдлагууд дэлхийн тэрбумтнуудын нэг болж, “Форбес” сэтгүүлийн тэргүүн баячуудын жагсаалтад багтсан гэх мэдээлэл ч ар араасаа гарч байв.

НҮҮРСНИЙ ТЭЭВРИЙГ ЦЭГЦЭНД ОРУУЛАХ ЦАГ НЬ БОЛЧИХСОН

Нүүрсний уртын урт тээвэрлэлтийг зогсоож, Цагаан хад багт нүүрс буулгадаг болсон нь монгол жолооч нарт амьдралаа дээшлүүлэх нэгэн боломж болоод байгаа гэнэ. Өмнө нь уртын урт тээвэрт явахдаа нэг жолооч 900 мянган төгрөгийн цалин авдаг байсан гэнэ. Үүнээс хоол унд болоод бусад зүйлд 300 гаруй мянган төгрөг зарцуулдаг. Үлдсэн 550 орчим мянган төгрөгийг ар гэр рүүгээ явуулдаг байсан аж. Ийм байдлаар сард нэг юм уу, хоёр удаа нүүрс тээвэрлэдэг байжээ. Харин одоо гурав хоногт нэг тээвэрлэлт хийдэг болсон байна. Энэ талаар болон “Нүүрс тээврийн жолоочдын холбоо” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Цогтгэрэлтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа.


-Уурхайгаас ачсан нүүрсийг цагаан хад багт буулгаж эхэлсэн нь жолооч нарт хэр ашигтай байна вэ?

-Ашигтай, өмнө нь сардаа хоёр удаа тээвэрлэлт хийгээд сая гаруй төгрөг авдаг байсан бол одоо энэ тоо хэд дахин нэмэгдээд байна. Нэг удаагийн тээвэрлэлтээр 300 мянган төгрөг цэвэр унаж байна. сардаа 10-12 удаа тээвэрлэлт хийхэд жолооч гар дээрээ гурван сая гаруй төгрөг авч байна. Нэгдүгээрт, олон хоног замд дугаарлаж зогсохгүй. Хоёрдугаарт, цаг хугацаа маш их хэмнэж байгаа юм.

-Хятадууд хилийн цаана жагсаал хийж байгааг та юу гэж ойлгож байгаа вэ?

-Өмнө нь Хятадын компаниуд монгол жолооч нарыг маш хямд зардлаар нүүрс тээвэрлүүлдэг байсан. Нийт ашгийн 30 хүрэхгүй хувийг жолооч нарт өгдөг. Үлдсэн 70 хувь нь хятадуудын халаасанд шууд ашиг болон ордог байсан. Мөн Монголын нутаг дэвсгэрт тээвэр хийж байгаа мөртлөө олон жилийн турш татвар, төлөхгүй, нийгмийн даатгал ч төлөөгүй явж байсан. Үүнийг төр засаг цэгцэнд оруулж эхэллээ. Өмнө нь жолооч нар ямар ч тогтвор суурьшил байхгүй. Нэг өдөр нь өөр хүний машин унаж байхад хэд хоногийн дараа шал өөр хүний машин унадаг. Үүнийг дагаад тогтвортой ажлын байр байхгүй, цалин мөнгө ч баталгаагүй байлаа. Ер нь Монголын нүүрс тээвэр эмх замбараагүй байдалтайгаар арав гаруй жил болж байна. Энэ байдлыг цэгцлэх цаг нь болсон. жолооч нарыг тогтвортой ажлын байраар хангаж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг олгох зэрэг ажлууд хийгдэж байгаа нь сайн хэрэг юм. Хятадын нүүрс тээврийн компани өмнө нь их хэмжээний ашиг олдог байсан нь хууль журмаар багасаад ирэхээр эсэргүүцэж байгаа юм. Монголын төр засаг хэдэн хятад эсэргүүцлээ гээд тогтоол шийдвэрээ эргүүлэн татаж, хүчингүй болгож болохгүй.

-Хятадууд монгол жолооч нар хулхиддаг, машины эд ангийг нь зардаг. үүнээс болоод асуудал үүсдэг гэж ярьж байна лээ?

-Энэ асуудал олон жил яригдаж байна. Хэзээ мөдгүй хагарах дээрээ тулчихсан халзан дугуйтай машин унуулаад явуулдаг. Тэгээд ирж очихын 500 орчим километр замд явна. Нөгөө муу дугуй нь хагарчихна. 900 мянган төгрөгийн төлөө явж байгаа жолооч ганцхан дугуй хагарахад шууд 800 мянган төгрөгийн өрөнд орчихдог. 26 дугуйтай машины аль нэг нь хагарч л таарна. Бас тос маслоо солиогүй. Бусад эд анги нь муудчихсан. Элэгдэлд орчихсон техник, тормосноос эхлээд эвдэрдэг. ингээд машин эвдэлсэн хэрэгт унаж, жолооч нар өрөнд ордог. Үүнээс болоод л жолооч нар машиныг нь эвдэрсэн газар нь хаячихаад явдаг. Машин нь эвдэрчихлээ гээд очихоор дааж давшгүй өрөнд унагаж, барьцаалчихаж байна шүү дээ. Бас муу техникээс болж жолооч нар алтан амиа алдаж байна. Хариуцлагыг хэн ч үүрэхгүй үлддэг. Түрүүнд машины эд анги зардаг гэдгийг асуусан. Үнэндээ авч чадаагүй цалингаа тооцоолж байгаад л жолооч нар Монголын хил давж хараа хяналтаас нь гараад эд ангийг нь аваад явчихдаг бололтой. Хэрэв энэ байдал эмх цэгцэндээ орчихвол дахиж машины эд анги зарсан асуудал гарахгүй гэв.

Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сум, Гашуун сухайтын хилийн боомт орчимд иймэрхүү байдалтай байна. Монголын төр ажлаа хийж, эмх замбараагүй байдлыг таслан зогсоох оролдого хийсний төлөө Хятадын тал хилээ хааж, нүүрс тээврийг зогсоогоод байна. Монголын нүүрсийг худалдан авч байгаа “Чалько”, “Винсвэй” компанийнхан өнөөдрийг хүртэл ямар нэгэн мэдэгдэл гаргалгүй, таг чимээгүй сууцгааж байна.