Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Буриад Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа.

Бид хоёр хөрштэйгөө тэнцвэртэй хамтын ажиллагаа хөгжүүлэхийг зорьж буй боловч Оростой тогтоосон худалдаа, эдийн засгийн харилцааны түвшин чамлалттай байна.Оросын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортолж гаргахад гаалийн тариф, НӨТ-ийн татвар өндөр, мөн тарифын бус саад бэрхшээл их байгаа юм. Монгол Улсын Засгийн газар худалдааны алдагдлыг тэнцвэржүүлэх үүднээс тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах чиглэлээр Евразийн эдийн засгийн холбоотой сүүлийн жилүүдэд идэвхтэй хамтран ажиллаж байна. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нэг боломж нь Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах явдал гэж үзэж байна гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын Комиссын ээлжит хуралдааныг ирэх сард зохион байгуулна. Энэ үеэр болох Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын XIII хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөсөн.

“Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар хоёр тал ажиллаж байна. Хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд бүх талаар анхаарч ажиллана гэлээ.

“Монгол, Оросын санаачилга 2018” худалдаа, эдийн засгийн арга хэмжээг энэ оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулна. Буриадын аж, ахуйн нэгжүүд идэвхтэй оролцоно гэж найдаж байна. Мөн Монголын бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг БНБуриад Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулахад Буриадын талаас дэмжлэг хүслээ.

Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааны хэтийн төлөвийг өөдрөгөөр төсөөлж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь гурван улсын төдийгүй бүс нутгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна. Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн жагсаалтад багтсан 32 төслийн дотор тээврийн дэд бүтцийн 13 хөтөлбөр байгаа юм. Эдгээр хөтөлбөрт нэгдмэл байж, хамтарч ажиллах боломж байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Мөн уулзалтын үеэр аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны таалаар ярилцлаа.

Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн худалдан авах сонирхлоо ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн илэрхийлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шадар сайд Ө.Энхтүвшин унаач хүүхдүүдийн эрхийн асуудлаар ТББ-ынхантай уулзлаа

Шадар сайд Ө.Энхтүвшин өвөл, хаврын морин уралдаанд зарим зохицуулалт хийх Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд хүүхэд, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг өнөөдөр (2018.01.18) хүлээн авч уулзлаа. Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, НҮБ-ын Хүүхдийн сангийн хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Д.Амараа, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн эсрэг үндэсний сүлжээний зохицуулагч Ц.Баттуяа, Бүх нийт боловсрол эвслийн зөвлөх Б.Болорсайхан нар оролцлоо.

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хөдөлмөрийн байгууллагуудын баримт бичгүүд болон НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц, мөн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг дагаж мөрдөх үүднээс ХНХ-ын сайд С.Чинзориг 2017 оны арваннэгдүгээр сард тушаал гаргаж, арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд болдог буюу өвөл, хаврын морин уралдаануудад хүүхдээр морь унуулахыг хориглоод байгааг дэд сайд С.Мөнгөнчимэг дуулгалаа.

Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч П.Цэвээн “Морин спорт, уяачдын холбооноос зохион байгуулдаг өвөл, хаврын морин уралдаанд бага насны хүүхдүүдээр морь унуулж байгаа нь хууль бус үйлдэл гэдгийг Монгол Улсын Дээд шүүх нотолсон” гэлээ.

Морин уралдааны 1803-1920 оны түүхэн материалтай танилцаж, монголчууд өвлийн тэсгим хүйтэн, хаврын хахир цагт морио уралдуулдаггүй, хүйтний улиралд балчир хүүхдээр морь унуулан уралдуулдаггүй байсныг судалж мэдсэнээ Бүх нийтийн боловсрол эвслийн зөвлөх Б.Болорсайхан хэллээ. Түүний үзэж байгаагаар орчин цагт хүүхдүүдээр морь унуулан өвөл, хаврын уралдааныг тогтмол явуулж байгаа нь соёлын өвийг хадгалан үлдэх зүтгэл гэж хэлэхэд учир дутагдалтай аж. Тиймээс унаач хүүхдүүдийг сургууль завсардах, эрүүл мэндээ алдах эрсдэл рүү түлхэхийн эсрэг Засгийн газар санаачилга гаргаж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн эсрэг үндэсний сүлжээний зохицуулагч Ц.Баттуяа “Монгол хүүхдүүд Өвөр Монголд хурдан морь унахаар явцгаадаг болсон. Бид өөрийн улс орондоо хурдан морь унах зэрэг аюултай хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн эрхийг хамгаалж чадахгүй байхад хүний нутагт очсон тэд маань хайрлуулж байгаа нь юу л бол. Өвлийн уралдаанд хүүхдүүдээр морь унуулахгүй бол морины соёл устана, унаач хүүхдүүд гадагш гарна гэж зарим хүн хэлдэг ч томчууд зуучлахгүй л бол эцэг эх, ар гэрээ орхиод хүүхдүүд яаж гадаад руу явах вэ дээ” гэсэн нь нэгийг бодогдуулсан юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин уулзалтын төгсгөлд Морин спорт, уяачдын холбоо тэргүүтэй уяачдын төлөөлөл болон унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалагч төрийн бус байгууллагынхан ажил хэрэгчээр уулзаж ярилцах, уралдааны үеэр гардаг осол, гэмтлийн талаарх мэдээллээ нэгтгэх замаар хойшид хүүхдүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр авах арга хэмжээгээ бодитой тодорхойлохыг санал болголоо.

Тэрээр өвөл, хаврын хурдан морины уралдаанд хурдан морь унаж оролцох хүүхдийн насыг нэмэх тухай Засгийн газрын тогтоол боловсруулж байгаагаа уулзалтад оролцогчдод дуулгав. Түүнчлэн хурдан морь унаач хүүхдүүдийг насны ялгамжаатай даатгалд хамруулах замаар уяачдын хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлж унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах нь зөв гэж үзэж байгаа бөгөөд хүйтний улиралд хурдан морь унаач хүүхдүүдийн хамгаалалтын хэрэгслийн талаарх стандарт нэмж батлах, мөрдүүлэх шаардлагатай гэлээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АНУ руу ажиллах хүч илгээх зам нээгдлээ

Д.Трампын засаг захиргаа монголчуудад ажиллах хүчний виз олгох шийдвэр гаргасан байна. АНУ-ын Дотоод хэргийн департмент энэхүү “H-2A”, “H-2B” ангиллын визээр нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтыг шинэчлэхдээ Монгол Улсыг багтаажээ. Ингэснээр манай иргэд АНУ-д хөдөө аж ахуйн болон хөдөө аж ахуйн бус салбарт богино хугацаатай ажиллах боломж нээгдэж байгаа юм. Тухайлбал, “H-2A” виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүч авах зориулалттай. “H-2B” виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлуудыг санал болгодог байна. Өөрөөр хэлбэл, виз мэдүүлэгчээс нарийн мэргэжил шаардахгүй гэсэн үг. Манай улсын хувьдАНУ-ын Засгийн газарт энэхүү визний ангилалдаа багтаах хүсэлтийг хэдэн жилийн өмнөөс тавиад байсан билээ. Хоёр улсын дипломат харилцааны хүрээнд ийнхүү бидний асуудал нааштайгаар шийдэгдэж байна.

АНУ энэ удаад “H-2A” виз авах эрхтэй 82 орныг зарласан бол “H-2B” визнийхээ ангилалд 81 орныг нэрлэжээ. Уг жагсаалт 2018 оны нэгдүгээр сарын 18-наас эхлэн бүтэн жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх юм байна. Тэгэхээр энэ хугацаанд монголчууд АНУ-д түр хугацаагаар улирлын чанартай ажлуудыг хийх боломжтой. “H-2А”, “H-2B” ангиллын визний онцлог нь тус улсад дээд тал нь нэг жилийн хугацаанд ажиллахыг зөвшөөрдөг гэнэ. Тухайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг америкийн компаниуд гаднаас ажиллах хүч авах шаардлагатай болбол Засгийн газартаа ханддаг байна. Ингэхдээ ямар ажлын байран дээр хэдий насны хичнээн хүн авах сонирхолтой байгаагаа санал болгодог аж. Мэдээж хөдөлмөрийн насны залуучууд руу чиглэх нь ойлгомжтой. Харин нас, хүйсний хувьд ажлын байрны онцлогоос хамаарсан шалгуур тавигддаг байна. Өнгөрсөн онд гэхэд АНУ “H-2B” ангиллын виз буюу хөдөө аж ахуйн бус салбарт 65 мянга орчим гадаадын иргэнийг авч ажиллуулжээ.

Манай улсын хувьд АНУ-д хичнээн хүн ажиллуулах нь одоогоор албан ёсны болоогүй байгаа. Тиймээс энэ төрлийн виз хүсэгчдийн материалыг хүлээж авч эхлээгүй. Юун түрүүнд хоёр улсын Гадаад харилцааны яам бодлогын асуудлуудаа тогтох ёстой. Харин хэрэгжилтийг нь чиг үүргийнхээ дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцан ажиллах учиртай. Тиймээс АНУ руу богино хугацаатайгаар ажиллана гэдэг бол хоёр улсын засгийн газар хоорондын хөдөлмөрийн гэрээгээр явахыг хэлнэ. Америкийн компани тухайн улсын иргэнийг АНУ-ын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулна, ийм, ийм нөхцөлөөр хангана гэсэн баталгаагаа Хөдөлмөрийн яамандаа гаргаснаар ерөнхийдөө зөвшөөрөл нь олгогддог байна. Үндсэндээ хөдөлмөрийн мөлжлөгөөс зайлсхийж байгаа асуудал юм. Тодруулбал, гадаадын ажилчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор ажил олгогч америкийн компани нь Хөдөлмөрийн яамандаа баталгаа гаргаж байгаа хэрэг.

Сонирхуулахад, АНУ “H-2A”, “H-2B” ангиллын визийг хоёуланг нь хүсэх эрхтэй орны тоонд анх удаа Монгол Улсыг багтаажээ. Харин иргэд нь зөрчил их гаргаж, гэмт хэрэг үйлддэг Хайти, Белиз, Самоа улсуудыг жагсаалтаас хассан аж. Өмнө Монгол Улс “risk of non-compliance” буюу бодлогын хувьд нийцэмжгүй орнуудын ангилалд ордог байсан юм. Дотоод хэргийн департментын мэдээлэлд “Монгол Улсын Засгийн газар визний зөрчилтэй иргэдээ хүлээж авахад АНУ-тай хамтран ажилласан нь үр дүн сайтай байгаа” гэж тодотгожээ. АНУ-д аялж байгаа болон оршиж сууж буй монгол иргэдийн визний зөрчил гаргах явдал харьцангуй багассан нь тус улсыг зорих дараа, дараагийнхаа хүмүүст том боломжийг ийнхүү авчирч байна.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Хөгшин ээжээсээ “Та Баасан ламд хайртай байсан уу“ гэж асуусан чинь зөндөө инээсэн

“Жаран цагаан хонь” номын нээлтийн үеэр.

“Ногоон нүдэн лам”, “Жаран цагаан хонь” номын зохиолч Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.


-“Жаран цагаан хонь” романыг авах гэсэн чинь олдохгүй байна гэж танил багш эмэгтэй маань ярьсан?

-Эхний 6000 ширхэг долоо хоногт дуусчихсан. Шинэ жил дөхсөн учраас хэвлэх газар ч ачаалалтай байлаа. Хоёр дахь хэвлэлтээ гаргах гэж нэлээд удаад номоо тасалдуулсан л даа. Хэд хоногийн өмнөөс дахин хэвлэсэн. Орой гэртээ ирсэн чинь гэрийн гадна хоёр, гурван машинтай хүн хүлээж байлаа. Ном авах гэж байгаа гэнэ. Ном борлуулагчтай холбогд гэсэн. Ном борлуулагч энэ ажлыг зохицуулж байгаа. Өөрөө борлуулах юм бол гэрийнхээ үүдэнд хүмүүс цуглуулаад бөө шиг болох юм билээ. (инээв)

-“Жаран цагаан хонь”-ийг нэг их сурталчлаагүй санагдах юм. “Ногоон нүдэн лам” олон хувь борлогдсон нь нөлөөлсөн юм болов уу. 70 мянган хувь зарагдсан гэж сонссон, үнэн үү?

-75 мянган хувь зарагдсан. Эхлээд өөрийн гэсэн зах зээлтэй болоход маш их хөдөлмөр ордог. Нэгэнт зах зээлтэй болчихсон бол шинэ бүтээгдэхүүн гаргахад бэлэн зах зээл тосоод авдаг юм байна.

-Зарим хүмүүс муулаад байгаа хэрнээ уншаад байх юм аа?

-Ер нь тэр чинь сурталчилгааны бас нэг хэлбэр шүү дээ. Би шүүмжлэлийг хүлээж авдаг. Нэгдүгээр дэвтэр их шүүмжлүүлсэн учраас хоёр дахь дэвтрээ сайжруулсан гэж үзэж байгаа. Шүүмжлэлгүй байсан бол сайжруулж мэдэхгүй гаргаж байгаа шүү дээ. Эхний номон дээр ялангуяа уран сайхны талаасаа шүүмжлэл ихтэй байсан. Баримт, нотолгоо түүхийг задлан шинжилсэн тал дээр бараг шүүмжлээгүй. Уран сайхны шүүмжлэлүүдийг нэлээд тусгасан. Гэхдээ сурсан юмыг сураар боож болохгүй гэж өөрийнхөө загвараас хүн бүрэн гарч чадахгүй. Сайжирсан байна гэж зарим хүн хэлж байгаа. Мэдээж төгс бүтээл болоогүй.

-Хоёрдугаар дэвтэр үнэхээр романтик эхэлжээ. Сэндмаа тэнгэрийн дагина шиг л дүрслэгдэж. Гэхдээ бодит амьдрал дээр зургаа дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа малчин бүсгүйг бараг арван жилийн дараа харахад “миарчихсан” л баймаар юм. Баасан, Сэндмаа хоёр яаж уулзсан бол гэсэн уншигчдын хүлээлтэд хөтлөгдчихөв үү яав?

-Хэний нүдээр юуг харж бичиж байна вэ гэдгээс шалтгаална. Магадгүй би эхний үзэгдлийг Чулуунжийгийн нүдээр харж бичсэн бол сая таны хэлсэн шиг бичиж магадгүй. Эхний үзэгдлийг анзаарсан бол би Баасангийн нүдээр харж бичсэн. Нэгдүгээр дэвтэр төгсөхөд Баасан ирж байгаа үзэгдлийг Сэндмаагийн нүдээр харсан шүү дээ. Өөрөөр хэлбэл Баасан яаж харагдсан, түүний дуу яаж сонсогдсон нь Сэндмаагийн өгүүлэмжээр бичигдсэн. Үргэлжлэлийг нь бичихдээ яг тэр үзэгдлийг Баасангийн нүдээр төсөөлж бичсэн. Өнцөг гэж бий. Хэний өнцгөөс үүнийг бичиж байна вэ гэж. Баасан бол Сэндмааг үлгэрийн дагина шиг төсөөлдөг хүн. Үлгэрийн дагина шиг л бодсоор ирсэн. Ирэхэд нь тэр хүнийг ямар байснаас үл хамааран Баасангийн нүдээр Сэндмаа тэгж л харагдсан.

-Зохиолын баатруудын нүдээр харах ёстой юу?

-Түүгээрээ л миний ном бусдынхаас онцлог. Номоо бичихдээ миний хэрэглэдэг гол техник энэ үзэгдлийг хэний нүдээр бичих вэ гэдэг шийдвэр гаргадаг. Бөөгийн эд хэрэглэлийг хураах гээд хүмүүс ирдэг хэсгийг Агваан, Сэндмаа, Од гээд гурван хүний нүдээр харж бичсэн. Од хараагүй хүн шүү дээ. Тийм учраас үнэр, хөдөлгөөн, дуу чимээгээр төсөөлж бичсэн байгаа.

-Жефф та хоёр Холливудад номын дуу сонссон. Тэнд бас өнцгийн тухай заадаг хэрэг үү?

-Харин тэнд заалгасан технологиороо л бичиж байгаа. Яагаад хүмүүст Холливудын кино, барууны зохиолчдын бүтээл хүрдэг гэхээр тэд хүмүүст мэдээлэл хүргэх тодорхой өнцөгтэй. Тэр өнцгөөсөө гарахгүйгээр өөрөөр хэлбэл тодорхой зүгт камераа чиглүүлчихээд түүнийгээ хөдөлгөхгүйгээр тухайн камерт орж ирж байгаа үзэгдлийг л нэг удаадаа тайлбарладаг. Дараагийн удаа камераа өөр газар зоочихоод өөр өнцгөөс тайлбарладаг. Хуучин арга барилаараа бичих юм бол бид нэг өрөөнд арван камер тавьчихаад нэгдүгээр камер ингэж харлаа, хоёр, гуравдугаар камер ингэж харлаа гэх мэтээр хөндлөнгөөс харж бичдэг. Би хүүхдүүдээ өөрийнхөө уншиж өссөн номуудыг уншуулах гээд дийлдэггүй. Гэсэн ч өнцөгтэй бичигдсэн номуудыг тэд уншчихдаг. Тэд бол телевизийн эринд өссөн хүүхдүүд. Телевизээр нэг секундэд нэг л үзэгдлийг харуулахаас биш нэг дор арван кадр үзүүлж чадахгүй. Телевиз үзэж өссөн хүүхэд ном уншихдаа үзэгдэл үзэгдлээр нь л уншихгүй бол нэгмөсөн бөөгнүүлж байгаад нэг өгүүлбэрээр хэлчихдэг зүйлийг хүлээж авдаггүй. “Хард диск” нь өөрөөр ажилладаг гэсэн үг. Би орчин үеийн уншигчдад зориулж ном бичиж байгаа учраас тэдний хүлээж авдаг “формат”-аар нь бичсэн. Хөндлөнгийн дүгнэлтгүй бичдэг.

Орчин үеийн уншигчид үзэгдлийг л уншина. Харин тэд дүгнэлтээ өөрсдөө хийнэ. Би санаанд оромгүй дүгнэлт хийж байгаа уншигчидтай таардаг. Дүгнэлт чөлөөтэй. Өгөгдлийг нь өнцөг, порцоор өгөх нь зохиолчийн ажил болсон. Өгөгдөл, порц нь өөр учраас зузаан ч гэсэн миний номыг хүмүүс уншаад байгаа юм.

-Түрүүнд Од бөөгийн тухай ярьсан. Хөвсгөлд хүчтэй бөө нар байсан гэцгээдэг. Бодит амьдрал дээр хүүтэйгээ оюун санаагаараа холбогдож яг хэрэгтэй үед нь зөвлөчихдөг бөө байсан болов уу?

-Тэр бол уран сайхны шийдэл. Гэхдээ яагаад ийм шийдэл оруулсан гэхээр бөө нарын тухай домгууд, хүмүүсийн хууч ярианаас сэдэвлэж зохиомжилсон. Бөө дээр очсон чинь тэгж хэлээд, тэр нь яг миний амьдралд тохиолдсон тийм юмтай таараад, дараа нь яг тийм тохиолдол дээр тэр нь орж ирээд гэх мэт хууч ярианд түшиглэсэн. Манай монголчууд бодит ертөнц бас өөрийн гэсэн хийсвэр ертөнцөд амьдардаг. Хийсвэр ертөнцийнхөө тухай хүмүүс их ярьдаг. Түүнээс нь сэдэвлэсэн юм.

-Баасан, Сэндмаа хоёрын дурлал гэснээс бодит амьдрал дээр таны эмээ нөхрийнхөө ах, лам хүнд дурлачихсан байсан уу. Эсвэл та уран сайхны шийдлээр хайрын гурвалжин бий болгочихсон юм уу?

-Чулуунжийгийн бодит дүр, миний хөгшин ээж хоёрын дунд насан туршийн ээдрээтэй харилцаа байсан юм. Тэгсэн мөртлөө бие биенээсээ салдаггүй, байнга хөрш амьдарна. Би багадаа “Энэ хоёр ингэж муудалцаж байхаар газар мундсан биш холхон нүүчихэд яадаг юм. Яахаараа толхилцоод байдаг юм, ядаргаатай юм” гэж боддог байсан юм. Том болоод энэ хоёр ер нь бидний ойлгохгүй, нууцлаг зөрчилтэй юм байна гэж бодсон. Ер нь энэ хоёр нэг хүнд хайртай байсан юм биш биз дээ гэж ургуулан бодоод хөгшин ээжээсээ нэг удаа асуулаа. “Та ер нь Баасан ламд хайртай байсан уу” гэсэн. Анх зохиол бичихээр сэдэж байх үедээ 1997 онд ингэж асуусан юм. Зохиолын гол зөрчлийг шийдэх гээд хөгшин ээжээсээ ингээд асуучихсан зөндөө инээсэн. “Яаж тэгж бодож байна аа” гээд инээгээд байсан. Тэгсэн мөртлөө “Би хайртай байгаагүй” гэж хэлээгүй. Хайртай ч гэж хэлээгүй. Тэрийг хүлээн зөвшөөрөөгүй мөртлөө их л аз жаргалтай инээгээд байсан. Хөгшин ээж Баасан ламын тухай их гоёор яриад байсан юм. Хамгийн гоё хүн байсан, сайхан дуутай, авьяастай хүн байсан гээд ярьсан. Хөгшин ааваас илүү Баасан ламыг ярина. “Та Баасан ламын тухай их гоё ярих юм аа. Би таныг Баасан ламд хайртай байсан юм болов уу гэж бодлоо. Би таныг Баасан ламд дурлуулаад ном биччихвэл яах вэ” гэсэн чинь “Хи хи тийм ном бичих юм уу, миний нүд юм харахгүй, уншиж чадахгүй л дээ, барьж үзэх юмсан” гэсэн.

Ерөнхийдөө хөгшин ээжээс зөвшөөрөл авчихлаа гэж бодсон. Гэхдээ гол нь “Хэлмэгдэж байсан лам гэдгийг нь л бичээрэй. Би яахав” гэсэн байхгүй юу. Надад тэр нь их таалагдсан. Хөгшин ээж үнэнээ хэлэхгүй юм байна, насан туршдаа нууц хэвээр үлдэх юм байна. Гэхдээ би өөрийнхөөрөө бичиж болох юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд би ах дүү нартаа хэлсэн. “Хөгшин ээжийг өөр хүнд хайртай болгож ном бичиж байгаа шүү” гэсэн чинь “Битгий л унтуулаарай” гэсэн. Бичиж эхлэхдээ “Өөрсдөө унтъя гэсээр байгаад унтчихлаа” гэсэн. Хайр дурлал нь уран сайхны шийдэл. Гэхдээ тэрэн дотор үнэн юм их байгаа гэж би бодож байгаа.

-Баасан лам яаж төгссөн бол гэж уншигчид их хүлээсэн. Гэтэл хоёрдугаар дэвтэрт дөнгөж таван жилийн амьдрал нь бичигджээ. Энэ зузаан номыг уншчихаад ахиад л яасан бол гээд шаналж үлдлээ. Бас хоёрдугаар таван жилд нь яасан бол гэсэн хүлээлт үүсчихлээ?

-Ер нь нэг, хоёрдугаар таван жил нийтдээ арван жилийн турш малчин иргэд туйлын ядуу амьдарч, бүгдээрээ ялтай, олон хүүхэдтэй нь үр хүүхдээ бусдад үрчлүүлж, хоосорсон юм. Малаа бараад, үлдсэн хэдийгээ шоронд орж байхаар гээд нэгдэлд өгөөд дууссан л даа.

-Хувийн өмчийг нийгмийнх болгохын тулд иргэдээ арван жил тарчилгасан байх нь ээ?

-Уул нь арван жилийн тухай бичье гэж бодсон ч үнэндээ тэр зовлонг задалж дэлгэрэнгүй бичихгүй бол тэр хүмүүс яаж зовсон нь ойлгогдохгүй байсан юм л даа. Арай гэж л эхний таван жилээ бичиж амжсан. Гуравдугаар дэвтрээ бичих юм бол хоёрдугаар таван жилийн эхнээс биш сүүлээс нь эхэлчихье гэж бодож байгаа. Яагаад гэвэл тэр зовлон яг адилхан үргэлжлэх учраас. Хоёдугаар таван жилийн төлөвлөгөө 1957 онд дууссан шүү дээ. Энэ зовлон үргэлжлээд ард түмний амьдрал ийм цэгтээ тулаад, дараагийн асуудалдаа оржээ гэж ойлгогдохоор бичье гэж бодсон.

-Хоёрдугаар дэвтрийн төгсгөлд Х.Чойбалсанг өөд болоход анхдугаар таван жилийн төлөвлөгөөний алба гувчуур, зовлон дуусч байгаа мэт сэтгэгдэл төрсөн?

-Тухайн үеийн монголчууд ч тэгж бодсон. Гэхдээ тэр зовлон дахиад таван жил үргэлжилсэн. Тэр ч байтугай Х.Чойбалсангийн таван жилийн төлөвлөгөө миний номон дээр жинхэнээрээ ороогүй. Жинхэнэ аймаар хатуу төлөвлөгөөгөө архиваас тоо баримттай нь устгасан. Архиваас би хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөний тоог л олсон.

-Малаа 200 саяд хүргэнэ гэдэг одоо ч мөрөөдлийн тоо шүү дээ?

-Түүхэнд үлдсэн тоо л доо. Анхны уриа лоозон бүх сонин дээр бичигдсэн. Нэг айлаас авдаг мал, мах, сүүний норм миний номонд байдгаас хатуу байсан. Миний номонд байгаа тоо хоёрдугаар таван жилийн арай зөөлөрсөн үеийн тоо. Жинхэнэ хатуу тоог нь архиваас би олоогүй.

-Төлөвлөгөө биелүүлээгүй гээд эхний гучин малчинг буудаад алчихдаг. Бодит амьдрал дээр ийм явдал болсон гэсэн үг үү?

-Гуч байтугай малчдыг цаазалсан. Малчдыг айлгахын тулд бүх төрөл дээрээ төлөвлөгөө биелүүлээгүй хүмүүсийг шууд буудаж байсан. Сүүлдээ хичнээн айгаад ч илүү олон хүн төлөвлөгөөгөө биелүүлж чадахааргүй байдалд орсон учраас цаашдаа ингээд буудаад байвал лам нарыг бууддаг шиг айхавтар байдалд хүрэх юм байна гээд зогссон. Гэхдээ шорон бол дүүрсэн.

-Сэндмаагийн мэдрэлийн өвчин арай л орчин үеийнх шиг санагдсан, одоо л тиймэрхүү өвчин оношлогддог болсон юм биш үү?

-Хөгшин ээж маань хоёр гар нь арвагар, хөл нь мэдээгүй хүн байсан. Намайг ухаан ороход л хөгшин ээж маань дөрвөн мөч нь мэдээгүй байлаа. “Яагаад ийм болчихсон юм бэ” гэхээр “Нялх биетэй байхдаа шөнө өдөргүй, борви бохисхийлгүй ажилладаг, нойргүй хонодог, бороо шавар усанд үнээ мал саасаар байгаад ийм болсон” гэдэг. Төлөвлөгөө биелүүлэх гэж ийм болсон гэдгээ улс төрийн шалтгаанаар ярьдаггүй байсан юм билээ.

– Х.Чойбалсан Зөвлөлтөд эмчлүүлэхээр галт тэргэнд явахдаа малчин эмэгтэйн захидлыг уншиж, үнэрлэж үзээд “Энэ захианаас хоол, сүү тос үнэртэхгүй байна” гэж шимширдэг хэсэгт уйлмаар санагдсан. Үнэхээр Сэндмаа маршалд захиа бичсэн үү?

-Тэр бол уран сайхны шийдэл. Х.Чойбалсан гэдэг хүнийг ард түмэндээ асар том нүгэл үйлдчихээд, өөрөө бас нэгэн хохирогч болохоор яваа мөчийг гунигтай мөртлөө уран сайхны аргаар харуулахыг хичээсэн юм. Монголдоо эмчлүүлмээр байдаг, өөрийг нь эмчлэх чадалтай оточ маарамба бүхнээ устгачихсан, миний өмнө хоёр Ерөнхий сайд очоод өөд болчихсон шүү дээ гээд цаанаасаа зөнтэй айдастай, өөрийн хүслээр бус, өвлийн ид хүйтнээр Улс төрийн товчооны шийдвэрээр явж байгаа үед нь энэ хүний сэтгэлийг яаж хөдөлгөх вэ гэж бодоод Сэндмаа , Чойбалсан хоёрыг захиагаар холбосон юм. Номын нэг гол баатар нь төр засаг, нөгөө гол дүр нь ард түмэн. Ард түмнийг төлөөлсөн Сэндмаагийн дүрийн уулзах цэг болгож захиаг гаргаж ирсэн л дээ. Гэхдээ захианы үнэрийг би мэднэ. Оюутан байхдаа хөдөө мал маллаж байхдаа уншиж байсан номоо гадаадад авч явж үзсэн. Тэгэхэд монгол ахуй тэр чигээрээ үнэртдэг.

-Францад “Ногоон нүдэн лам” хэвлүүлэх гэж нүсэр ажил болсон байх. Энэ бүхний дараа та сэтгэл ханамжтай үлдсэн үү?

-Гадаад зах зээлд ном гаргахын өмнө зах зээлийн шалгуур хангахад асар их хөрөнгө оруулалт шаарддаг юм байна. Тэдний санаанд хүртэл редакторлох хэрэгтэй болдог. Яг манай санал болгосон редактороор, түүний хэлсэн ханшаар, бидний сэтгэлд хүртэл засуул гэдэг. Тэр зах зээлд номоо гаргана гэвэл тэдний итгэлийг даах, тэдэнтэй ажиллаж сурсан редакторуудад нь л номоо өгөхөөс аргагүй. Тийм маягаар зах зээлийн шаардлагыг хангатлаа биднээс мөнгө гарч байгаа юм. Шинэ зах зээлд огт танихгүй зохиогч гараад ирэхээр “Өөрсдөө ирж харагд, танигд” гэдэг. Тэгэхээр бид өөрсдөө зардлаа гаргаад очиж, аялж, уулзалтууд хийхэд дахиад мөнгө зарцуулна. Гадаад зах зээлд монгол шинэ бүтээгдэхүүн гаргана гэдэг маш их тэвчээр, хөрөнгө оруулалт, уйгагүй ажиллагаа, цаг хугацаа шаардагддаг. Ингэж их хөдөлмөрлөж байж арай хийж гадаад зах зээлд гарч байгаа учраас энэ зах зээлдээ амжилт олох хэрэгтэй болно.

-Чамгүй хөрөнгө зарж, Францад хэвлэгдэн, борлуулагдаж эхэлсэн “Ногоон нүдэн лам” ямар үнэтэй борлогдож байгаа вэ?

-Өндөр үнэлгээтэй гарч байгаа. Гэхдээ бид хэзээ тэр номноос ашиг хүртэхийг хэлж мэдэхгүй. Одоогоор зөвхөн зардал л гардаг. Би Жеффд хэлдэг юм. Би судалгаагаа хийж, түүх цуглуулж үйл явдлыг босгосон, чи англи хэл дээр тэдэнд таалагдах хэмжээнд найруулж бичих ажлаа хий. Дээр нь гадаад зах зээлд гарах зардлыг гарга гэдэг. Ерөнхийдөө гадаадын зах зээлд монгол роман гаргах гол хөрөнгө оруулагч нь Жефф. Түүний гаргасан зардал хэзээ нөхөгдөхийг мэдэхгүй.

-Францаас гадна өөр орны хэвлэлийн компанийнхан “Ногоон нүдэн лам”-ыг сонирхож байгаа гэлүү?

-Одоогоор Итали, Японы хэвлэх компанийнхан уншиж байна. Америкийн нэг агент уншиж эхэлсэн. Америкт долоо дахь агент уншиж байна даа. Зургаан агент уншиж үзээд татгалзсан.

-Эхний гадаад уншигчид энэ номыг яаж хүлээж авсан бол. Монголыг хэн сонирхдог вэ?

-Хамгийн сонирхолтой нь өөрөө очиж, уулзалт хийхэд гарын үсэг зуруулж, ном худалдаж авах хүмүүс олон байдаг. Монголыг сонирхдог, манай орны тухай сонссон хүмүүс зорьж ирдэг юм. Монголын тухай огт сонсоогүй хүмүүс номын дэлгүүрээс худалдаж авахад л жинхэнэ зах зээл байна уу гэдэг мэдрэгдэнэ шүү дээ. Бидний огт очоогүй газраас санамсаргүй тохиолдлоор манай номыг худалдаж авч уншаад сэтгэл нь хөдлөөд захиа бичсэн анхны уншигчийн сэтгэгдлийг хэд хоногийн өмнө хүлээж авсан. Брижит гэж франц эмэгтэй ”Би Монгол гэдэг орныг мэдэхгүй. Амралтаараа шинэ ном уншмаар санагдаад, номын дэлгүүрт очиход ийм шинэ ном ирсэн гээд таны номыг үзүүлсэн юм. Таны номыг санамсаргүй уншсан чинь өөртөө цоо шинэ нээлт хийлээ. Их сайхан улс, гунигтай түүх юм байна. Үүнийг мэдсэндээ баяртай байна. Та нар энэ номоо амжилтанд хүргээрэй” гэсэн урамтай захиа ирүүлсэн байна лээ.

-Монголчуудын туулсан зам, харах өнцөг өөр шүү дээ. Францын зах зээлд гарахын тулд “Ногоон нүдэн лам” хэр их “эвдэрсэн” бол?

-Гадаад уран зохиолын редактор гэж байдаг. Тэд номыг маань уншаад “Таны ном ерөнхийдөө таалагдлаа. Манай зах зээлд энэ номыг гаргаж болох юм байна. Гэхдээ европчуудын хувьд дэлхийн II дайн чухал учраас энэ үед монголчууд ямар амьдралыг туулсан тухай хоёр, гурван бүлэг нэмж бичээч” гэх юм уу, эсвэл “Манай хувьд ийм ийм үйл явдал тийм ч чухал биш. Тэр хэсгийг нь хасаач”, “Зохиол дотор чинь европчуудын хүлээн зөвшөөрөхөөргүй үг хэллэг байна, засаарай гэж болно. Анхны ноорог маань 535 хуудас байсан ч “300 хуудас болтол багасгаач” гэсэн. Тэдний санал болгосон редакторыг хөлсөлж, түүнийх нь хэлсэн ханшаар редакторлуулахад 40 сая төгрөг зарцуулсан. Ийм түүхтэй гадаад зах зээлд гарсан даа.


Categories
мэдээ цаг-үе

Х.Булгантуяа: Ройтерс Монголыг албан ёсоор хар жагсаалтаас гаргалаа гэж мэдээлсэн

Сангийн дэд сайд Х.Булгантуяатай ярилцлаа.


-ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд татвар нэмсэн. Одоо харин эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор татваруудаа эргэн харах хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүд хэлээд эхэллээ. Татварын орчныг ямар байдлаар өөрчлөх бол. Нэгдүгээр сарын 25-нд ОУВС-тай Засгийн газар хэлэлцээрийн ширээний ард дахин сууна гээд байгаа. Энэ хүрээнд ямар яриа өрнөх вэ?

-ОУВС-гийн ажлын хэсэг энэ сарын 25-нд ирнэ. Бид хүсэлтүүдээ өгсөн. Жил гаруйн өмнө ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хэлэлцээр хийж байхад Хөгжлийн банкны бондын 580 сая ам.доллар, Чингис бондын 500 сая ам.доллар, энэ оны зургадугаар сард Дим Сам бондын 160 сая ам.долларын эргэн төлөлт гэхчлэн ар араасаа амьсгаа дарсан их өр төлбөрүүдийн асуудал байсан. Өмнө нь Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед төсвийн сахилга батыг сайжруулах, нэг төсөвтэй болох, зардлаа хумьж, орлогоо дайчлах зэрэг зөвлөмжүүдийг өгч байсан юм билээ. Тухайн үед нь дорвитой арга хэмжээ авч байгаагүй гэдгийг ОУВС-тай анх хэлэлцээрт орж байхад яригдаж, хэлэлцээр амаргүй түвшинд болсон.

Ард түмний нуруун дээр ирэх татварууд тэр дундаа НӨАТ-ыг 10 хувиас нэмэгдүүлэхээс эхлээд бидэнд санал тавьж байсан. Бид ард түмэн арай гэж НӨАТ төлөөд ebarimt ашиглаж эхэлж байхад татварыг нэмэх хэцүү. Монгол Улсын төсвийн 80 орчим хувь нь татвараас бүрддэг. Тэгэхээр гол татваруудаа оруулж ирэхийг биднээс шаардаж байсан л даа.

Барилга, уул уурхайн салбарынхан улирлын чанартай хүнд нөхцөлд ажилладаг, гэтэл өндөр цалин авдаг гээд татварыг нэмж авахаар боллоо гэдэг тухай бидэнд хэлж байгаа. Тиймээс ОУВС-тай хэлэлцээрт орохдоо тусгайлан харж үзэх талаар бид санал тавина.

-Бусад татваруудын талаар санал оруулахгүй гэсэн үг үү. Нефть импортлогчид 260 тэрбум төгрөгийн татаас өгөхгүй бол үнээ нэмнэ гэж Засгийн газарт шахалт үзүүлж байгаа гэсэн үнэн үү?

-Бензин, шатахууны онцгой албан татварыг хөндөхөөр саналаа хүргүүлж байгаа. Нефть импортлогчдын өмнө амаргүй нөхцөл байдал үүссэн байна. Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ сүүлийн хэдэн жилд байгаагүйгээрээ өндөр байгаа л даа. Мөн валютын ханш өндөр байгаа нь нөлөөлж байна. Ам.долларын ханш хэдийгээр 2500 төгрөгөөс буурсан ч 2400 гаруй төгрөг байна гэдэг нь өндөр гэсэн үг. Энэ бүгдээс харахад хэрэглэгчдэд очиж буй шатахууны үнэ зайлшгүй нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Хуучин онцгой албан татвар 30-50 мянган төгрөг байсан бол өнөөдөр 260 орчим мянган төгрөг болсон.

Монголын хилээр орж буй бензин, шатахууны 60 орчим хувь нь дизель, 4-5 хувь нь 90-ээс доош октантай шатахуун эзэлдэг. Үлдсэн 35 орчим хувь нь 90-ээс дээш октантай буюу ахуйн хэрэглээний бензин байдаг. Бензин, дизелийн гол хэрэглэгчид нь уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар байдаг юм. Онцгой албан татварыг багасгана гэдэг нь уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт татаас өгч байгаатай ялгаагүй гэсэн үг. Өнөөдөр аль болох иргэдийнхээ нуруун дээр ачаалал өгөхгүй байх механизмаа олох ёстой гэдэг зөвлөмж өгч байсан. Монгол Улс импортоос 100 хувь хамааралтай. Тиймээс дэлхийн зах зээлийн үнийг тогтоож, барьж чадахгүй.

-Тэгээд чадахгүй гээд суугаад байх юм уу?

-Бид валютын ханшийг бууруулах, дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл боломжоор хангахын тулд ажиллаж байна.

Бид импортоос хараат учир дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ нэмэгдэхэд үүнтэй уялдуулан уян хатан байдлаар онцгой албан татварыг тогтоох эрхийг УИХ-аас Засгийн газарт өгсөн байдаг. Засгийн газар Үнийн зөвлөлөөс ирсэн саналыг үндэслээд үнэ нэмэх, бууруулах шийдвэрийг гаргадаг. Гэтэл ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 90-ээс доош октантай бензин дээр 260 мянган төгрөг, дизель дээр 280 мянган төгрөг байхаар тогтсон. Энэ оны төсөв дээр 300 гаруй тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Онцгой албан татварыг бууруулбал төсвийн орлого тасрах нөхцөл байдал үүснэ. Нөгөө талаараа нийгэмд хор уршигтай. Тиймээс бид энэ талаар олон улсын байгууллагуудтай ярьж байна.

-ОУВС-д Хувь хүний орлогын албан татвар, Онцгой албан татварыг эргэж харах хоёр санал тавьсан гэсэн үг үү?

-Бид ОУВС-гаас хууль эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын түвшинд хүргэх үүрэг даалгавар авсан. Энэ хүрээнд саяхан Төвбанкны тухай хууль батлагдан гарсан. Удахгүй Банкны тухай хууль батлагдах гэж байна. Өнгөрөгч баасан гаригт Засгийн газраас Хадгаламжийн даатгалын тухай хуулийг өргөн барьсан. Байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа. Нөгөө талаараа бид макро эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг хангаж ажиллах ёстой. Бид хуулинд өөрчлөлт оруулах зүйлсийг цаг тухай бүрт нь хийж байна. Макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд сайн гараад эхэлсэн. Монгол Улсын төсвийн орлого 500 орчим тэрбум төгрөгөөр давсан. Эдийн засгийн өсөлт 3.8 хувьтай гарах байх. Эцсийн байдлаар хоёрдугаар сарын сүүлээр гарна. Эдийн засгийн өсөлт 3.8 хувьтай гарна гэдэг бол ОУВС-гийн тооцооллоос өндөр гэсэн үг. Тиймээс бид энэ нөхцөл байдал дээрээ үндэслэн зарим нэг зүйл заалтаа өнөөгийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаачээ гэдэг санал тавих гэж байна.

Төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давсан хэдий ч манай орны хуримтлагдсан өрний дэргэд тун бага тоо. Бид орлого давж биелж байгаа юм чинь орлого давж биелж байгаа зүйлсээ багасгая гэхээсээ илүүтэй эдийн засгаа тэлэх, эрүүл мэнд боловсролын салбарт хөрөнгө зарцуулъя гэж байгаа юм. Монгол Улс хөдөлмөрийн насны нэг хүнд ногдож буй хүүхэд, ахмад настны тоогоороо нэлээд дээгүүрт ордог. Ийм орны хувьд боловсрол, эрүүл мэндийн салбарт илүү хөрөнгө хаяхаас өөр аргагүй байдаг. Энэ салбарууддаа анхаараачээ гэдэг зөвлөмжийг өгч байгаа. Хамгийн гол нь биднийг хуримтлал үүсгэ, гадаад, дотоодоос бонд гаргах хэмжээгээ багасга. Авлаа гэхэд хүү багатай, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл авахыг зөвлөсөн.

-Оюу толгой компанитай холбоотойгоор 150 сая ам.долларын акт тавигдсан тухай мэдээлэл бий. Энэ ямар учиртай юм бол?

-Өмнө нь татвар дээр акт тавьсан ч удалгүй акт хүчингүй болсон гэдэг асуудал сөхөгдөж байсан. Ажлын хэсгийнхэн энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх.

-Европын холбоо өнөөдөр (өчигдөр) Монгол Улсыг татварын хар жагсаалтад оруулах асуудлыг хэлэлцэнэ гэсэн. Энэ юу болох бол?

-ройтерс Монголыг албан ёсоор хар жагсаалтаас гаргалаа гэж мэдээлсэн. Үүнтэй уялдуулан удахгүй татварын багц хуулийг өргөн барихаар ажиллаж байгаа.

Э.БОЛД

Categories
мэдээ цаг-үе

Р.Нямдорж: Жилийн барилдааны тавь, далан хувьд барилдаагүй том цолтнуудыг наадам, цагаан сарын барилдаанд зодоглуулахгүй

Түрүүч нь№007(5850) дугаарт

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол бөхийн холбооны тэргүүн, Олон улсын Олимпийн хорооны “Монгол Улсын Зууны манлай спортын зүтгэлтэн” батламжит, зохиолч, доктор Рэгжийбуугийн Нямдоржтой уулзаж хөөрөлдлөө.


-Танаас монгол бөхийн төлөө хамаг бүхнээ золиослоод зүтгэсэн хүн шүү би гэсэн битүүхэн нэг гуниглал анзаарагдах шиг болж байна. Та Бөхийн өргөөнөөс ямар нэгэн хувь эзэмшдэггүй гэж байгаа. Цалин цуух хангалттай авах уу?

-Би 950 мянган төгрөгийн цалинтай хүн. Жилээс жилд тавь тавин мянган төгрөгөөр нэмсээр ийм хэмжээний цалин дээр тогтсон. Би хэзээ ч сая төгрөг болгохгүй гээд шийдсэн. Сая гэдэг 950 мянгаас их ч тавин мянган төгрөгийн зөрүүнээс миний амьдрал шийдэгдэхгүй. Мөнгө олдог жижиг жижиг арга надад байна.

-Ямар арга байна?

-Миний “Яаж жаргах вэ” гэдэг ном тавин сая төгрөг надад олж өгсөн. Гуравдахь удаагаа хэвлэгдсэн. Маш нимгэхэн ном шүү дээ. Манай эхнэр Баттунгалаг бизнес хийдэггүй ч бас амьдралдаа нэмэр болчихно. Идэр залуу нас минь иймэрхүү өнгөрлөө. Төгсгөлийн амьдралыг минь миний хоёр хүү сайхан хангачихна. Мөнхбаатар, Ганбаатар гэж найдвартай хоёр хүү төрүүлж өсгөсөн. Тэр хоёр маань шударгаар яаж амьдрах аргаа мэддэг хүүхдүүд. Хамгийн гол нь аав ээжийгээ яаж тохьтой байлгах вэ гэдгээ мэддэг зөв л амьдраад яваа эрс дээ.

-Монголын үндэсний бөхийн холбоо өнгөрөгч онд гэхэд ямар үр бүтээлтэй ажиллав даа?

-Бид таван зүйл дээр төвлөрч ажиллалаа. “Допинггүй монгол бөхийн төлөө” уриа дэвшүүлсэн гэсэн дээ. Ноднингийн нэгдүгээр сарын 1-нээс бүтэн жилийн хугацаанд монгол бөхийг допингоос ангид байлгахыг эрмэлзсэн. Допингийн эсрэг бөхчүүдийн дунд баахан соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явууллаа. “Допинг хэрэглэвэл чи өнөөдөр амжилт гаргаж болно. Алс нь эрэмдэг зэрэмдэг амьтан болж, үр хүүхэдгүй, эрхтэн биегүй болно” гээд сурталчилна. Соён гэгээрүүлнэ гэдэг чинь “Чи зөв юм хийвэл зөв хүн болно. Буруу юм хийвэл буцахдаа харамсаад ч баршгүй хар нүгэлд унана аа хө” гэсээр байгаад наадам хүргэсэн. Наадмаар допингийн шинжилгээ автал нэг ч бөхөөс гарсангүй. Тиймээс ажил үр дүнтэй явагдсан гэж үзэж байгаа. Хамгийн гол нэвтрүүлэх гээд байгаа зүйл бол явцын дундах шинжилгээг бий болгох юм. Урьд нь допингийн шинжилгээг улсын наадмаар л ганцхан удаа шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс авдаг байлаа. Одоо наадмаас наадмын хооронд авч эхэлсэн. Допинг үнэхээр хэрэглэдэг бол энэ хугацаанд илэрнэ ээ дээ. Бүтэн арван нэгэн сар соён гэгээрүүлэл явуулж сая арванхоёрдугаар сард гучин бөхөөс шинжилгээ авсан. Удахгүй хариу нь ирнэ. Энэ бидэнд нэг зүйлийн хэрэгтэй тандалт болно.

-Нэгдүгээр ажил ч хэрэгтэй л зүйл болж. Удаахь ажил нь юу байв?

-“Жудгийн журам” гэдэг зүйл гаргалаа.

-Өнөөгийн бөхчүүд ч уначихаад тахимаа өгөхгүй байх, дэвжээн дээр зодолдох гээд жудгаа ч гүвчихсэн л харагддаг шүү?

-Монгол бөх гэдэг зүйл бол таван элементээс бүрддэг. Үүнийг онолын хувьд тодорхойлсон. Монгол бөхөд эхлээд барилдаан байна. Барилдаан, барилддаг хүн хоёр үүсэхээр яаж барилдах юм бэ гэдэг нэг юм бий болно. Нүд рүү нь цохихгүй, хоолойг нь шахаж болохгүй ч гэдэг юм уу дүрэм хэрэгтэй болно оо доо. Ухаандаа, сумогийн цуппари гэдэг нүүр рүү алгаддаг мэхийг монгол бөхөд хэрэглэж болохгүй. Тиймээс ямар ч барилдаанд дүрэм зайлшгүй хэрэгтэй. Бөх, барилдаан, дүрэм гурвыг холбож зохион байгуулдаг нэг юм байхгүй бол болохгүй байгаа биз. Зохион байгуулдаг баг тэгэхээр заавал байх хэрэгтэй байгаа юм. Тэр нь менежментийн баг, засуул, хөлийн цэц зэргийг багтаасан үйл ажиллагааны баг хоёргүй бол барилдаан явахгүй шүү дээ. Барилдааны хамгийн чухал элемент нь үзэгч юм байна. Ийм таван зүйл нийлж байж монгол бөх гэдэг ойлголтыг бүрдүүлж байгаа юм. Чи бод доо, үзэгчгүй бол хоёр аварга Бөхийн өргөөнд мянга ноцолдоод яахав.

-Хонины бэлчээрт хоёр жаал уйдаагаа гаргаж ноцолдож байгаатай адил болох байлгүй?

-Тэрэнтэй адил ямар ч таашаалгүй байх нь тодорхой. Тэгэхээр үзэгч маань монгол бөхийн санхүүжүүлэгч юм байна лээ. Хоёрдугаарт, тэдэнд урам зориг өгч, уухай түрлэг нэмж байдаг. Гуравт, тэр хоёр барилдаж байж үзэгчдэд таашаал өгдөг ийм тогтолцоо. “Ойлголт зөв бол үйлдэл зөв” гэдэг энэ бүхнээс урган гарч байгаа юм. Монгол бөхийг ингэж л ойлгохгүй бол болохгүй. Улсын заан Ганболд гэж нөхөр 2002 онд “Монголын бөхийг яахыг бөхчүүд мэднэ” гэж байсан. Бидний томьёоллоор монгол бөхийг хэн мэдэх вэ гэвэл бөхчүүд, жаяг дэгийн баг, үзэгч оролцож байж шийдэх юм байна. Бөх хүн ямар амжилт гаргах вэ гэдэг нь цэвэр хувийн шинжтэй зүйл. Улсын наадамд тэр хүн гурван удаа долоо давна уу, ганц удаа тав давна уу өөрийнх нь дурын хэрэг. Амжилт тухайн бөхөд хувьд нь нэр хүнд, ард түмний хүндлэлийг авчирдаг. Бөх хүн нийгмийн өмнө ямар үүрэгтэй вэ гэхээр монгол бөхийн өв соёлыг ард түмэнд өөрийн биеэр үзүүлэх үүрэгтэй. Монгол хүний алдаж үл болох зан чанарыг олон түмэнд харуулж байх ёстой. Жудгийн журам есөн заалттай. Сүүлийн үед барилдахаар ирсэн бөхчүүд гарч жагсахаа больчихоод байгаа.

-Их зан гаргаж байгаагийн шинж ээ дээ?

-Гарч жагсахгүй бол тэр бөхийн барилдах эрхийг хасна гээд заачихсан байх жишээтэй. Хоорондоо хэрүүл уруул хийгээд заримдаа цохиод авдаг. Ийм үйлдэл гаргасан олон бөхийн эрхийг энэ хугацаанд түдгэлзүүллээ шүү дээ. Бөх хүн үзэгчидтэй болон жаяг дэгийн багтай зөв харьцах ёстой. Энэ жудгийн журмыг биелүүлснээр монгол бөхөөс ард түмний өгөөж зөв харагдах гээд байгаа. Ийм журам гаргаж хэвшүүлсэн. Энэ маш том ажил байлаа.

-Сэргээш, ёс суртахуун талаас нь хашаад л авч. Гуравдахь ажил тань юу байв?

-Оролцооны коэффицент гээч юм саяхан гаргалаа. Өнөөгийн монгол бөх чинь дал, ная, ерээд он, тэр байтугай 2000 оны юмгүй хөгжчихөөд байна. Бөхчүүд зүгээр нэг тээвэрт явж байгаад орж ирээд барилдчихдаг хөг өнгөрсөн. Өдөр тутмын бэлтгэлтэй болсон учраас өрсөлдөөн маш хатуу болсон. Энэ өрсөлдөөнөөс том цолтой бөхчүүд айгаад, нэр хүндээ хайрлан доор даваанд унах вий гээд бодоод ирэхээрээ барилдаануудад оролцох нь цөөрөөд байгаа юм.

-Аварга, арслан цол авав уу, үгүй юу л бараг “зодог тайлцгаачих” юм байна ш дээ?

-Энэ их эмгэнэл. Монгол бөхийн нөгөө таван элементийн нэг болсон үзэгчид маань улсын том цол авчихсан хүнийг барилдуул аа гэж зүй ёсоор шахаад байдаг. Тиймээс оролцооны журамд “29-35 насны бөхчүүд заал танхимын барилдааны тавин хувьд заавал барилдана. 29-өөс доош насны бөхчүүд далан хувьд нь заавал барилдана. Хэрвээ тавь, далан хувьдаа барилдаагүй бол цагаан сар буюу наадмаар барилдуулахгүй” гэсэн журам байгаа юм. Сүүлийн үед манай аварга, арслан, заануудын барилдааны оролцоо маш их сайжирсан чинь үүнтэй холбоотой. Үзэгчдэд маань энэ нь их таашаал төрүүлж байгаа. Энэ цаасан дээр байгаа хэдэн үсэг боловч монгол бөхийн шинэчлэлд орж ирж байгаа чухал зүйл.

-Урьд зуны наадмаар гэхэд аварга Санжаадамбатай барилдсан Ганжадын гар түрүүлээд газарт хүрч байгаа нь камерт тодорхой харагдаж байсан. Техник технологи хөгжчихөөд байхад бөхчүүдийн барилдааныг камераар шүүж болдоггүй юм уу?

-Үзэгчдийн их хүсдэг зүйл наадахь чинь мөн л дөө. Монголын үндэсний бөхийн дүрмэнд камераар шүүхгүй гээд заагаад өгчихсөн. Камерын бичлэг харж шүүх заалт байхгүй. Байхгүй байхаас ч аргагүй. Бөхийн барилдаанд камер оролцуулах тухай их сургуулийн өндөр мэргэжилтэй эрдэмтэд оролцсон хорин хэдэн хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулаад дүгнэлт гаргачихсан. Үндэсний бөхийг камераар шүүхгүй, яаж шүүх вэ гэхээр хөлийн цэц хийж буй ахмад цолтой бөхчүүд нүдээрээ хараад шийднэ. Тэд чинь барилдаанаа мэднэ. Зүгээр нэг суулгачихвал тэр мэх үргэлжлээд хаа хүрч хүн унадгийг мэдэхгүй. Энэ хэдий үеэс ч эхэлсэн уламжлал юм би мэдэхгүй. Буур Жамьян аварга, Түвдэндорж аварга эд нар бүгд л хөлийн цэц хийгээд бөхийн барилдаанаа хараад байж л байсан. Энэ л уламжлалаараа шүүнэ. Хамгийн гол нь камерыг маргаантай барилдааны үед хөлийн цэцүүд нэгдмэл шийдэлд хүрч чадахгүй тохиолдолд камерын бичлэг ашиглаж болно гэсэн дүгнэлт гарсан. Санжаадамба, Ганжад хоёрынх шиг барилдаанууд секундээр биш дойлиор хэмжигдэж байдаг. Бичлэгээр удаашруулаагүй үед тэр барилдааны явцыг хүний нүд ялгаж харахын аргагүй байгаа шүү дээ.

-Харааны хурд гүйцэхгүй л юм болж байгаа нь мэдээж л дээ?

-Тэрийг ард түмэнд үзүүлэхээр хажууд нь зогсож байгаа хүн хараагүй, мэдрэл муутайд тооцогдоод байна аа даа. Энэ чинь техникээр л удаашруулахаар тийм удаан байгаа болохоос хүнд анзаарагдахын аргагүй нүд ирмэхийн зуур л болоод өнгөрч байгаа процесс. Энэ бүхэн чинь камерын байрлалаас болоод зөв, буруу гардаг. Давуулаад халз дэгээ хутгадаг мэх байна шүү дээ. Тэгэхэд хүний гар учраа бөхийнхөө ууцны ард байгаа учраас хүний тохой эхэлж газарт хүрнэ ээ дээ.

-За тэгж л таарна даа. Давуулаад барьчихсан байгаа юм чинь?

-Гэтэл нэг нь бүх биеэрээ унаж байдаг. Нөгөө нь тохойгоороо тэвэрч байдаг. Давуулж бариад дэгээ ороогоод мэх хийсэн хүнийг унасан гэж үздэггүй л дээ. Ийм мэхний үзэгдэл дэлхийн бөхийн бусад төрөлд ч байгаа юм. Жишээлбэл, сумод гэхэд нөгөө бөхөө өргөөд тойргийн гадна гаргахаар явсаар арай газарт тавиагүй байхад өргөж яваа хүний хөлийн хуруу зураасан дээр гишгэчихдэг тохиол бий. Үүнийг яаж шийдэх вэ гэхээр өргүүлж яваа хүний биеийн гуравны хоёр нь талбайн гадна гарсан байвал хөл зураас давахыг тооцохгүй гэсэн дүрэмтэй юм билээ. Монгол бөхөд тийм юм байхгүй л байна. Нэг бөх дойлиор хэмжигдэх хугацаанд тохой нь газар хүрч байгаа боловч нөгөө бөх бүх биеэрээ газарт унаж байгаа. Камерын бичлэгийн тухайд зүгээр “ТВ-9”-ийн юм уу, “Сүлд” телевизийн бичлэгээр шийдэхгүй. Техникийн хувьд маш өндөр төвшний зүйл шаардагдах юм билээ. Тухайлбал, зургаан камер тогтмол нэг цэг дээрээс авч байх ёстой. Их нарийн яривал дэвжээтэй яг ижил нэг түвшинд байх ёстой. Сумо шиг тийм нарийн бичлэг хийх камерын техник хэрэгслийг тавьж үзье гэж телевизүүдтэй хамтарч судалгаа хийж л байна. Хамгийн инээд хүрмээр зүйл нь 512 бөх барилдахад 511 удаагийн барилдаан болж байгаа юм. Өнгөрсөн зуны Санжаадамба, Ганжад хоёрыг л яриад байна аа даа. 510 барилдаан нь зүгээр явчихсан, ганцхан барилдаан дээр л тийм юм гарч. Үүнийг л дэвэргээд байгаа байхгүй юу. 510 барилдааныг хэдхэн секундэд шийдээд явуулчихаж байгаа юмыг камераар шүүж яах юм, ер нь. Улсын наадамд камер шүүлээ гэж бодоход хөдөө орон нутагт, аймаг, сум, багийн наадамд яах юм гэсэн асуудал гарч ирнэ ээ дээ. “Ойлголт зөв бол үйлдэл зөв” гэдгийн чинь нэг л тал нь энэ. Улсын наадамд камер хэрэглэлээ гэхэд “Хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй” гэсэн харьцаа алдагдана биз дээ. Хөдөөнийхөн, аймаг, сумдынхан хүн биш юм уу гээд зөндөө асуудал үүснэ ээ дээ. Сумын наадмыг зуун хүн утсаараа бичлэг хийж байлаа гэхэд аль зургааг нь барьж тайлбар өгөх юм гээд мөн ч их юм болно оо доо. Тэгэхээр хөлийн цэцийн шийдвэрээр явах нь зөв шийдэл хэвээр байгаа юм. Хөлийн цэцийг заавал бөх байсан хүн л хийдэг. Тэд өөрсдөө унаж, давж үзчихсэн улс шүү дээ.

-Тав дахь ажлаа тайлбарлаач?

-Бөхчүүдийг онлайнаар бүртгэдэг боллоо. Урьд барилдах бөх биеэрээ, үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлдэг байсан. Энэ бол өв соёлоо хүндэтгэж байгаа сайн хэлбэр л дээ. Тиймээс бөхчүүд маань улсын наадам, цагаан сараар биеэрээ ирж бүртгүүлж байг. Бусад үед бөхчүүдийн цагийг хэмнэх, сэтгэл санааны тайвшрал, оюуны амар тайван бэлэглэх сайн санаачилга болсон доо. Одоо онлайнаар барилдахын урд өглөөний 10 цагаас оройны 17 цаг хүртэл бүртгээд цацчихаар ард түмэн харчихна шүү дээ. Бөхийн жагсаалт хараад “Миний балиашигладаг бөх барилдахгүй нь. За тэгвэл би үзэхээ больё” ч гэх юм уу, тэр хоёр бөхийн барилдааныг сонирхож болох юм байна гэх мэтээр ажил төрлөө зохицуулчихдаг болно доо. Энэ бол орчин үеийн шаардлага яах аргагүй мөн биз.

-Бөхийн холбооны брэнд гэчихээр ямар томоохон ажил байдаг юм бэ?

-Монголын үндэсний бөхийн холбооны 25 жилийн ой 2015 онд болоход “Монгол бөхийн 50 шинэ зүйл” гэсэн ном хэвлүүлсэн. Тэр тавин зүйлээс нийгэмд жишиг болсон арван найман зүйл байдаг юм билээ. Нэг жишээ хэлье. Ерэн онд Бөхийн холбоо байгуулагдаад 45-аас дээш насны бөхчүүлд цолны хишиг олгоно гэж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд “Олимп, дэлхийн аваргын шагналтнуудад төрөөс мөнгө олгоно” гэсэн тогтоол гаргасан. Энэ бол манайхаас авсан жишиг. Шилэн данс гээч юм гараад хоёр гурван жил болж байна аа. Бид арван жилийн Бөхийн холбооны тухайн сарын орлогыг бэлэн, харилцах дансаар нь гаргаж бөхчүүддээ, үзэгчдэдээ тараадаг байснаас шилэн данс улбаатай юм.

Categories
мэдээ цаг-үе

Дагуул хот бол утаанаас салах гол зам мөн

Улаанбаатарын утааны асуудлыг сүүлийн арваад жил идэвхтэй ярьж байна. Бид агаарын бохирдлоосоо бүрмөсөн салъя гэвэл 9.8 их наяд төгрөг хэрэгтэй юм гэнэ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед эрдэмтэн судлаачид ийм тооцоо судалгааг хийж байв. Энэ бол тэнгэрийн тоо. Манай улсын жилийн төсвийн нийт орлогоос давсан хөрөнгө. Тэгээд ч өнгөрсөн жилүүдэд утаатай тэмцэхэд улсын төсвөөс хангалттай их мөнгө гаргасан ч үр дүн нь хүн бүрийн нүдэнд бэлхнээ ил байна. Гэрийн дулаалга, сайжруулсан түлш, хямд нүүрс, зуух гээд бүгдийг тараалаа. Сүүлдээ цахилгааны шөнийн тарифыг тэглэж, хөдөөнөөс нийслэлд шилжин ирэгсдийг хүртэл хориглож үзлээ. Энэ мэтчилэн утаатай тэмцэх зөндөө оролдлогыг хийсэн. 2008 оноос хойш улс нийтдээ 170 орчим тэрбум төгрөгийг агаарын бохирдолд зориулжээ. Олон ч хүн улаанбаатарчуудын зовлонгоос ашиг олсоор ирсэн дээ. Одоо тэдэнд уурлах гээд яах ч юм билээ. Бүгд л утаатай тэмцэх гэж хичээсэн шүү дээ. Энэ янзаараа явбал бид 100 жилийн дараа ч бахь байдгаараа байх биз. Өнгөрсөн жилүүдэд манай төрийн түшээд Улаанбаатарыг хэрхэн утаагүй болгох тухай үлгэр ярьж суух зуур жинхэнэ гамшгийн дүр зурагтай байсан Бээжин хот хичнээн сайхан цэлмээд ирэв. Тавхан жилийн дотор дэлхийд бохирдлоороо тэргүүлдэг байсан урд хөршийн маань агаар тунгалаг болж байна. Ерөөсөө зөв, шударга бодлого явуулбал ямар үр дүнд хүрдгийн тод жишээ энэ юм.

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэв. Гишүүд өөр өөрсдийнхөө саналыг хэлж байгаа харагдсан. Зарим нь утаа гаргадаг гэр хорооллынхонд татвар ногдуулах нь зүйтэй ч гэх шиг. Үнэндээ татвар нэмж, иргэдийгээ дарамталж байж дээрээс нь гал түлж болохгүй гэж хориглох болж байна уу. Ямартай ч агаарын бохирдлыг бууруулахад авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг өнөөдрийн чуулганаар батлах бололтой. Утаанаас болж Улаанбаатар гамшгийн хэмжээнд хүрсэн учраас юун түрүүнд онц байдал зарлуулчих сонирхолтой бүлэг бий. Гэвч энэ нь ашиг муутай арга хэмжээ. Онц байдал зарлалаа гээд ямар гэртээ даараад суугаад байлтай биш. Иргэд галаа түлж л таарна. Харин сүүлийн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын яриад байгаа дагуул хот байгуулах санаа үнэхээр зөв шийдэл юм.

Дагуул хотыг байгуулах гурван чиглэл байна. Нэг нь хотоос зүүн тийш Налайхын урд талын тэр уудам хөндий. Нөгөөх нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг буюу нийслэлээс 50 км зайд орших Майдар цогцолборын өмнөх нүд алдам газар. Богд уулын өвөр хэсэгт Төв аймгийн Зуунмод чиглэлийг багтаагаад дагуул хотоо байгуулах бүрэн боломжтой. Гурав дахь хувилбар нь хотоос хойш чиглэсэн “61-ийн гарам-аас Батсүмбэр хүртэлх газарт байж болно. Одоо энэ чиглэл рүү автозам болон төмөр зам нь бэлэн байна. Бас Гүнтээр даваад хүрчихэж болдог. Дахиад Толгойтоор товчлоод очдог зам гаргачих хэрэгтэй. Тэнд нүсэр үйлдвэр, барилга байгууламж, бүтээн байгуулалт өрнүүлж асар их хөрөнгө хүч зараад байх ч шаардлагагүй. Дээрх чиглэлүүдэд бага мөнгөөр нийслэлээ тэлье гэвэл эхний ээлжинд хурдны зам тавьж болно. Хоёр талдаа тус бүр гурван эгнээтэй хурдны замтай болбол дагуул хот амархан хөгжөөд ирнэ. Дараа нь дэд бүтцээ шийдэх ёстой. Цахилгаан, дулаанаас гадна цэвэрлэх байгууламжийн асуудлыг хүртэл шийдээд өгчих юм бол иргэд очихоос огтхон ч цааргалахгүй. Дагуул хотынхоо зураг төслийг анхнаасаа чамбай төлөвлөж чадвал ирээдүйд цэгцтэй байна. Барууны орнуудын жишгээр цомхон, цомхон хотхон байгуулж гааз, цахилгаанаар халаадаг байвал Улаанбаатарын алдааг давтахгүй. Хотхон болгон нь дундаа нэг цэвэрлэх байгууламжтай байх юм бол хөрсний бохирдлын асуудалд санаа амар байж болно. “Эрэл” компанийн байшин үйлдвэрлэх комбинат бэлээхэн байж байна. Улс тус компанийг дэмжих замаар утаанаасаа салах бүрэн боломжтой. Дагуул хотдоо иргэдийн амьдрах орон зайг нь хангасан хангалттай сайхан талбайг төлөвлөж, тэнд нь дэд бүтцэд холбосон 8х8 харьцаатай хаусуудыг босгох юм бол хотын хойд талын уулан дээрх айлууд дуртайяа нүүж очно. Яг л АНУ-ын хотууд шиг анхнаас нь гудамж талбай нь шоо дөрвөлжилж эмх замбараатай зохион байгуулах хэрэгтэй. Хамгийн гол нь дагуул хотууддаа нэг ширхэг ч яндан гаргахгүй байх бодлогыг хатуу баримтлаад явбал нийслэлчүүдийн өнөөдрийн зовлонг амсахгүй.

Тусгаар тогтносон улсын нийт хүн амын талаас илүү нь амьдардаг нийслэл хот дөрвөн уулын хонхорт төвлөрсөн байгааг аюулгүй байдал талаасаа бодох л асуудал. Нөхцөл байдал бишидлээ гэхэд манай хотод ганц бөмбөг хаяхад гүйцээ. Зарим төрийн түшээд сэтгэлийн хөөрлөөр Улаанбаатарыг нүүлгэн шилжүүлэх тухай асуудлыг тавьдаг. Хэрэв тэгэх юм бол Улаанбаатар ч үгүй, шинэ хот нь ч балгас болно. Хотоо нүүлгэе гэсэн бодолтой хүмүүсийг тооцоо судалгаагүй ярьжээ гэж эерэгээр харъя л даа. Гэхдээ л тэднээс Монгол Улсын нийслэл хотыг үгүй хийх гэсэн харийн бодлого үнэртдэг. Иймд хотоо задалж, тэлэх зайлшгүй шаардлагатай байна.

Дагуул хот байгуулах дээрх гурван чиглэлээс гадна нисэх буудал баригдсан Хөшигийн хөндийг дагаж бас томрох боломж бий. Тийшээ зам хүрчихсэн байгаа. Одоо цахилгаан, дулаан гээд дэд бүтцийн асуудлыг нь давхар шийдээд ялгаагүй “Эрэл”-ийн байшингаар хангаад өгөх юм бол тэр чиглэлд хот түвэггүй тэлнэ. Гэхдээ Өлзийт, Хөшигийн хөндий орчимд хагалбар ихтэй гэгддэг. Тиймээс газрын хагалбарыг нь сайтар судалж байж хотоо байгуулах асуудал шийдэгдэх байх. Ер нь дагуул хотууд байгуулж Улаанбаатартай дөт замаар холбоё гэвэл Богд уулыг нүхэлж хэд хэдэн гарцууд бий болгох хэрэгтэй. Дээрээс нь Багануурт баригдахаар төлөвлөгдсөн тавдугаар цахилгаан станцыг Налайх руу ойртуулбал тэр хэсэгт баригдах дагуул хотын дулаан хангамжийг шийдэхэд дөхөмтэй. Хамгийн гол нь хөрөнгө зардал бага гарна.

Өнөөдөр Улаанбаатарыг тал тал тийш нь тэлж, дагуул хот байгуулах бүх нөхцөл боломж, хэрэгцээ, шаардлага нь бүрдчихээд байна. Байшин үйлдвэрлэл нь бэлэн байна. Байгаа хэдэн төгрөгөөрөө зам барихад л болчих гээд байна. Яваандаа төмөр зам тойруулж, метрогоор холбосон чамбай хотуудаа одооноос байгуулъя. Тэндээ засаг захиргаа, төрийн үйлчилгээнүүдийг иргэддээ ойртуулаад ажлын байрыг нэмэгдүүлбэл хүмүүсийн амьдрал ч эрс сайжирна. Ингэж бид дагуул хот байгуулж чадах юм бол улсынхаа тусгаар тогтнолтой холбоотой нэг том асуудлыг шийдлээ гэсэн үг. Энэ бол нүүдэлчин монголчуудын хувьд түүхэндээ бий болгосон нийслэл хотоо авч үлдэх цорын ганц арга мөн.


Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 19-нд болох үйл явдал

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт “Live conference center”-т уул уурхайн компаниуд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нурууг ухаж эхэлсэн талаар нутгийн иргэд мэдээлэл хийнэ.

10.00 цагт МҮХАҮТ-д “B2B NETWORKING” хөрөнгө оруулагчдын уулзалт болно.

11.00 цагт ГХЯ-нд “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал болно.

13.00 цагт “Скай ресорт” цанын баазад зорилтот бүлгийн 1000 хүүхдийг үнэ төлбөргүй тоглуулах арга хэмжээ болно. Утас: 99006602, 99825140

13.00 цагт “Саруул” хотхонд “Сүхбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны нээлт болно. Утас: 99065467, 80128821

13.00 цагт “Монгол хьюндэй моторс” компанийн Үзэсгэлэнгийн танхимд “Дамжин өнгөрөх тээвэр ба тээврийн хэрэгсэл” өдөрлөг болно.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д Хөдөлмөр хийх хүсэлтэй хүнд гурван жилийн цэрэг бол амьдралын их сургууль мөн хэмээн өгүүлжээ

“Өдрийн сонин”-ы баасан гарагийн дугаар хэвлэгдэн гарлаа.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ганцмодны боомт дээрх жагсагчид тарж, хил нээгджээ хэмээн өгүүлжээ.

“Баримт, үзэл бодол” нүүрт Хөдөлмөр хийх хүсэлтэй хүнд гурван жилийн цэрэг бол амьдралын их сургууль мөн гэжээ.

Мөн тус нүүрт АНУ руу ажиллах хүч илгээх зам нээгдлээ хэмээн өгүүлснийг хүлээн авч үзээрэй.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож болно гэсэн өгүүлбэртэй нэмэлт хууль оруулж ирснийг буцаасан гэж ярьжээ. Энэ тухай “Улс төр” нүүрээс хүлээн авна уу.

Мөн тус нүүрт Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа хэмээн өгүүлсэн байна.

“Нийгэм” нүүрт “Буриад улсад хөрөнгө оруулах боломж”-ууд сэдэвт уулзалт боллоо гэж өгүүлжээ.

“Дэлхийн мэдээ” Өвлийн олимпод хоёр солонгос нэг тугийн дор жагсана гэж онцолжээ.

Нийтлэлч Д.Түмэн-өлзий: Иржийсэн их текстийг харангуутаа л айдаг болсон юм шиг санагддаг гэжээ. Энэ ярилцлагыг “Нийгэм” нүүрээс хүлээн авч үзээрэй.

“Баримт, үйл явдал” нүүрт Залуус дансанд нь андуурагдаж орсон мөнгийг өрөндөө өгч, лизингээ төлж, шинэ хувцас авч өмссөн байжээ хэмээн өгүүлсэн байна.

“Ногоон нүдэн лам”, “Жаран цагаан хонь” номын зохиолч Ц.Оюунгэрэл: Хөгшин ээжээсээ “Та Баасан ламд хайртай байсан уу“ гэж асуусан чинь зөндөө инээсэн гэж ярьсныг “Өөрөөс нь…” нүүрээс хүлээн авна уу.

“Цаг үе” нүүрт Төрийн байгууллагуудыг Яармагийн дэнж рүү нүүлгэнэ хэмээн өгүүлжээ. Энэ тухай “Өдрийн сонин”-ы “Цаг үе” нүүрээс хүлээн авч үзээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

“Шилдэг 16 бөхийн халз барилдаан”-д хүч үзэх бөхчүүдийг танилцуулж байна

Холбоотой Зураг

Энэ сарын 20-нд “Шилдэг 16 бөхийн халз барилдаан” болно. Аса циркэд болох энэхүү барилдаанд оролцох 16 бөхийн нэрс тодорхой боллоо.

Халз барилдаанд:
Улсын Арслан: Э.Оюунболд, Р.Пүрэвдагва
Улсын Заан: Б.Пүрэвсайхан, Б.Батмөнх, Н.Жаргалбаяр
Улсын Харцага: Т.Баасанхүү, Х.Гантулга, Б.Бат-Өлзий, М.Бадарч, Б.Одгэрэл, О.Хангай
Улсын Начин: Ж.Чулуунбат, Ч.Хөхчирэнгэр, Э.Даш, Э.Энхбат, Б.Амарзаяа

Барилдааны түрүү бөх 30.000.000 төгрөг авна. Мөн энэхүү халз барилдааны үеэр Олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг, Монгол улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран нар ҮНДЭСНИЙ БӨХӨӨРӨӨ халз барилдах гэж байна.

Б.АМАРТҮВШИН