Categories
мэдээ нийгэм

Шөнөөр дээрэм хийдэг хоёр бүлэг есөн этгээдийг баривчиллаа

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Илрүүлэлт-оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлд өдөр болон шөнийн цагаар өндөр настан, эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд болон архи уусны улмаас биеэ авч явах чадваргүй болсон иргэдийг айлган сүрдүүлж, хуурч мэхэлж, зодож эд зүйлийг нь дээрэмддэг Б,У нарын хоёр бүлэг, есөн этгээдийг дайчлан баривчилсан байна.

Эдгээр этгээдүүд 2018 оны нэгдүгээр сар гарснаас хойш нийт 32 удаагийн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байна. Тэдний хоёр нь гэмт хэрэг үйлдэх явцдаа сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн болох нь шалгалтын явцад тогтоогдлоо.

2017 онд улсын хэмжээнд 1126 дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдсэний 96 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгджээ. Тиймээс иргэдийг архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, баталгаат такси үйлчилгээгээр үйлчлүүлэх, гэрэлтүүлэг, камертай газар сонгон явж, бага насны хүүхдэдээ хараа хяналт тавихыг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Сар шинэ-Аюулгүй тээвэр” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

”Сар шинэ-Аюулгүй тээвэр” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсийн алба хаагчид Улаанбаатар хотоос гардаг Багахангай, Багануур дүүрэг, Төв аймгийн Лүн, Баянчандмань сумын нутаг дэвсгэрүүдэд тогтмол шалгалт хийн ажиллаж байна. Иргэд жолооч нар орон нутгийн замд замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурд хэтрүүлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Замын-Үүд дэх консулын газрыг 20 жилээр ашиглуулна

ЗурагУИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суух Ерөнхий консулын газар нээх асуудлыг шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрийн дагуу Хятад улсаас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын барилга байгууламжийг барихад зориулан 3-4 га газар авах хүсэлт гаргасныг Дорноговь аймгийн ЗДТГ-т Тамгын газарт уламжлан улмаар холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр Хятадаас Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын хэрэгцээнд зориулан нийт хоёр га газар олгохоор шийдвэрлэжээ.
Анх БНХАУ-ын талаас 3-4 га газар олгох хүсэлт тавьсан ч орон нутгийн түвшинд энэ асуудлыг судалж, мөн ИХТ-ын шийдвэрээр хоёр га газар олгох боломжтой гэж үзжээ. Энэ дагуу Гадаад харилцааны яам БНХАУ-ын талтай ярилцаж, хоёр га газар ашиглуулах талаар зөвшилцсөн байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү газрыг хэдэн жилээр ашиглахыг лавлахад Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “20 жилээр ашиглуулна” гэж хариулав. Ингээд гишүүдийн олонхийн саналаар уг төслийг дэмжиж дараагийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр холбогдох байнгын хороонд нь шилжүүлэв. Одоо Улсын бүртгэлтэй холбоотой багц хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын буцаан олголтын мэдээллийг баталгаажуулж дуусчээ

Холбоотой Зураг

НӨАТ-ын тухай хуулийн дагуу татварын алба мэдээллийг хянан баталгаажуулж Сангийн яаманд өнөөдөр хүргүүлэх аж. Сангийн яам ажлын 45 өдөрт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монголбанкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банкруу буцаан олголтыг шилжүүлэх юм байна. НӨАТ суутгагчтай хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгуулахаар гааль, татвар санхүүгийн мэдээллийн төвд баталгаажуулах ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар 655245 хэрэглэгчийн бүртгэл байгаа юм байна.

Таны цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн хэрэглэгчийн данс эзэмшигчийн мэдээлэл арилжааны банкин дахь данс эзэмшигчийн мэдээлэлтэй ижил, зөрүүгүй байх шаардлагатай. Хэрэв бүртгэлийн мэдээлэл алдаатай бол гүйлгээ буцаагдана гэдгийг татварын албаныхан анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолд БНХАУ-ын талаас Консулын газар байгуулахад зориулж, газар олгох хүсэлт тавьсныг тусгажээ. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Хятадын Консулын газар барихад зориулж хоёр га газар ашиглуулах асуудал юм. Хятадын талаас 3-4 га газар олгох хүсэлт тавьсан ч орон нутгийн төвшинд энэ асуудлыг судалж, Иргэдийн хурлын төлөөлөгчдийн шийдвэрээр хоёр га газар олгох боломжтой гэж үзсэн байна. Энэ дагуу Гадаад харилцааны яам Хятадын талтай ярилцаж, хоёр газар ашиглуулах талаар зөвшилцжээ.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

-Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

Хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх зөвлөмж хүргүүлэв

Холбоотой ЗурагМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Засгийн газарт Зөвлөмж хүргүүлээд байна.

Тус Зөвлөмжид “Комисс жил бүр хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт удаа дараа зөвлөмж хүргүүлж байсан бөгөөд хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудлаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэлдээ тусгаж байсан. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо тус илтгэл болон Комиссын санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар тогтоолоор хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, хүүхдийг үл хайхрах, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх хууль тогтоомжийг шинэчилж сайжруулах, Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” (MNS 6264-2011) стандартыг хангаж ажиллах чиглэлийг Засгийн газарт өгсөн билээ.

Гэвч өмнөх Засгийн газрууд хүйтний улиралд буюу газар, зам харгуй хөлдүү, цас мөс, халтиргаа гулгаатай жил бүрийн 11 дүгээр сараас 5 дугаар сарыг хүртэлх хугацаа буюу өвөл, хаврын хүйтний улиралд хурдан морины уралдааныг зохион байгуулах шийдвэрийг удаа дараа гаргаж байсан. Үүнээс болж тус уралдааны үеэр болон хурдан морины үсэргээ, сунгааны үеэр хүүхэд мориноос унаж бэртэл, гэмтэл авах, гар, хөл, хацраа хөлдөөх, амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох зэргээр унаач хүүхдүүд сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол амссан тохиолдлууд ихээр гарсан байна. Зарим тохиолдлоос дурдвал;

  • Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Монголын морин спорт уяачдын холбооноос 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан Төвийн бүсийн хаврын хурдан морины уралдааны явцад нийт 16 хүүхэд мориноос унаж 2 хүүхдийн зүүн хөлний шилбэний хэсэг хугарч гэмтсэн;
  • “Дүнжингарав-2017” төвийн бүсийн хаврын уралдааныг хүйтний улиралд буюу 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр нийт 31 хүүхэд мориноос унаснаас 1 хүүхдийн гарын шуу хэсэг, 1 хүүхдийн хөлний шилбэ хэсэг хугарсан;
  • Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан хаврын бүсийн уралдааныг “Засагт ханы хурд -2017” уралдааны үеэр нийт 10 орчим аймгийн уяачид оролцож их нас, азарга, соёолон, эрлийз 4 насны, нийтдээ 460 орчим хурдан морьдыг давхардсан тоогоор нийт 153 унаач хүүхэд унаж оролцсоноос 3 хүүхэд мориноос унасан;
  • Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн хурдан морины уралдаанд нийт 13 хүүхэд мориноос унаж, 3 хүүхэд толгойдоо хүнд, 2 хүүхэд хөнгөн гэмтэл авсан бол 1 хүүхдийн хацрын яс цуурсан;
  • Дорноговь аймгийн Засаг даргын А/159 захирамжийн дагуу Сайншанд суманд “Хутагтын хурд-2017” хурдан морины уралдааныг 2017 оны 03 дугаар сарын 12 ны өдөр зохион байгуулсан азарга, их нас, соёолон гурван насны морин уралдаанд 2 хүүхэд мориноос унасан;
  • Ховд аймгийн Дөргөн суманд 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан хурдан морины уралдааны үеэр 11 настай хүүхэд мориноос унаж толгойдоо хүнд гэмт авсан байх ба эмнэлэгт ухаангүй эмчлүүлж байгаад 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр буюу 16 хоногийн дараа нас барсан;
  • Сүхбаатар аймагт 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус аймгийн “Жавхлант шарга” морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан хурдан морины уралдааныгзохион байгуулах үеэр нийт 14 хүүхэд мориноос унасан тохиолдол тус тус гарсан гарсан байна.
Иймд НҮБ 1989 онд баталж, манай улс 1990 онд соёрхон баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенцийн Хүүхдийн эрх, ашиг сонирхолыг нэн тэргүүнд харгалзаж, 2010 онд НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, соёлын байгууллагаас жил бүрийн 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг баяр, наадмыг “соёлын биет бус өв” гэж бүртгэж хүлээн зөвшөөрснийг хүндэтгэж, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өвөл, хаврын (хүйтний улиралд) хурдан морины уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх, уралдаан зохион байгуулах тухай Засгийн газраас шийдвэр гаргахгүй байхыг Танаас хүсэж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу энэхүү Зөвлөмжийг хүргүүлэв” гэжээ.
Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагва: Манайх шиг гадны тусламжинд гараа сарвайж, иргэдээ татвараар дарамталдаг улс байна уу

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-ОУВС-гийн Ажлын хэсгийнхэн Монгол Улсад ирээд байна. Өнөөдөр (өчигдөр) Сангийн сайдтай уулзсан байна билээ. Манай орны хувьд татварын нэмэгдлээс эхлээд тулгамдсан асуудлуудаа одоо л сайн ойлгуулах ёстой байх. Таны байр суурь ямар байгаа бол?

-Татварын нэмэгдлийн талаар ярихаас өмнө нэг зүйл хэлье. Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай маш нарийвчлан ярьж, хатуу хэлэлцээр хийх шаардлагатай. Хэлэлцээр гэдэг чинь чанд хатуу байж, үг бүрийн үнэ цэнэ, цэг, таслал бүрийг тунгааж байж хийгддэг зүйл.

Үе үеийн Засгийн газар, одоогийнх нь ч гэсэн ялгаагүй “ОУВС-гийнхан тэгж хэлсэн, тэдний өмнө хүлээсэн үүрэг” гэж яриад байдаг юм. Ингэж ярьж болохгүй. Учир нь ОУВС-тай тохироод “Бид ийм ийм нөхцөлийг бүрдүүлнэ, Засгийн газрын байр суурь энэ шүү” гэж чадсан л бол Монголын Засгийн газрын хэлэлцээр болно. Гэтэл манайхан ОУВС гэж мангас байдаг мэт ойлгуулаад, тэд л тэгсэн гэдэг байдлаар асуудалд хандаж, тулга тойрсон жижүүрийн хэдэн үг хэлдэг боллоо.

Өмнө нь ОУВС-тай хэлэлцээр хийж байхад нь би “Наад хүмүүстэйгээ хэлэлцээрээ маш сайн хийх ёстой шүү. Шаардлагатай бол түр хойшлуулж болно” гэж байсан. Өмнөх Засгийн газар байгуулагдсаныхаа дараахан ОУВС-тай хэлэлцээрийн ширээний ард суусан бол нөхцөл байдал сайнаар эргэх байлаа. Даанч хугацаа алдаж, хүнд нөхцөлд орсон үедээ хэлэлцээр хийсэн. Бид ОУВС-д өөрсдийн байр суурийг тулгаж чадсан уу гэдэг нь одоо ч эргэлзээтэй. Дахин хэлье, уг нь ОУВС-гийн хөтөлбөр биш Монгол Улсын Засгийн газрын ОУВС-тай хэрэгжүүлж буй хөтөлбөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид хэлэлцээрийг түр хойшлуулаад ч болтугай өөрсдийн хүсэл, зорилгоо хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай байлаа.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүй бол Монгол Улс дампуурлаа зарлах байсан гэдэг. Дампуурлаас гарахын тулд татвар нэмэхээр болсон гэж шууд утгаар нь хүмүүс их ойлгоод байна…

-Харин тийм. Манайхан их хөнгөн, амар тайлбар хийгээд байгаа. Монгол Улсыг дампуурлаа гэж зарлачих гээд байсан учраас ОУВС-гийн өмнө бид буулт хийсэн. Өөр ямар ч сонголт байгаагүй гэдэг. Өөр сонголт байсан уу гэвэл байсан. ОУВС чинь Монголоос өөрсдөд нь юу хэрэгтэй байгааг, уул уурхайн бүтээгдэхүүнийн нөөцөөс эхлээд алт, зэс, нүүрсний үнэ цаашид зах зээлд ямар байхыг хүртэл бүрэн судална. Тиймээс манайхан өөрсдийн нөхцөлөө тавьж, хатуу хэлэлцээр хийх ёстой байлаа. Өмнөх Засгийн газрын хэлэлцээр байгуулах гэж байсан үеийг бодоход манай одоогийн нөхцөл байдал сайжирсан.

Тиймээс нэмэгдүүлсэн татварынхаа асуудлыг зайлшгүй эргэж ярих ёстой. Архи, тамхины татвар нэмэгддэг л юм байгаа биз. Иргэдийн нуруун дээр ирж байгаа, дарамт болон сөхрүүлж буй энэ татваруудынхаа асуудлыг цэгцэлж, нэг талдаа гарах хэрэгтэй. Хуучин ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахад УИХ-ын байнгын хороодын дарга нар, УИХ-ын чадварлаг гишүүд орж байсан бол одоо ганц хоёр сайд ороод гарын үсэг зурдаг болж. Үүний тод “хар” жишээ нь Оюу толгойн гэрээ. Төрийн гурван сайд гадаадын нэг компанитай гэрээ хийсэн. Жил ирэх бүр буруу гэрээ хийсэн гэдэг нь ил болж байна. 2009 онд тэр гэрээнд гарын үсэг зурахад нь зарим гишүүд гайхамшгийн гэрээ гэж байсан бол бидний хэсэг гишүүд гутамшгийн гэрээ гээд орж байгаагүй. Тэр үед хүмүүс “Битгий популизм хийгээд бай” гэдэг байсан бол өнөөдөр буруу байжээ гээд ярьж байна. Тиймээс бид ОУВС-тай хэлэлцээр хийхдээ ОУВС-гийн шахалтанд орсон бол тэрийгээ хүлээн зөвшөөр. Дараа нь бид ийм нөхцөлтэй байгаа гэдгээ ойлгуулаад явах ёстой. Тэгэхгүйгээр ОУВС дангаараа бүх нөхцөлийг тавиад явж байгаа бол буруу.

-Ер нь эдийн засаг ийм хүнд байхад татвар нэмэх нь зөв юм уу?

-Зарим улс татвараа нэмж байхад зарим нь татвараа бууруулж байна. ХБНГУ гэхэд өндөр орлоготой хүмүүсийнхээ татварыг нэмэх хандлагатай байгаа бол АНУ татвараа бууруулах шийдвэр гаргасан. Монгол Улсад 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай бол 1.5 сая төгрөгөөс дээш хэсэгт Хувь хүний орлогын албан татварыг 20 хувиар тооцож авахаар болсон. 1.5 сая төгрөг гэдэг чинь 600 ам.доллар л биз дээ. 600 ам.долларын цалинтай хүн өндөр орлоготойд тооцогдох уу. Ийм нөхцөлд бид татварыг нэмэх биш ажлын байрыг нэмэгдүүлж татварын хүрээг өргөжүүлэх нь нэн тэргүүний асуудал. Бага татварыг олон хүнээс авахад татварын хэмжээ нэмэгдэнэ. Үүнийг дагаад иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ёстой. Далай лам монголд ирээд онгоцны буудал дээр явж байсан чинь ядруухан амьдралтай хэдэн хүн “Бид өлсч байна. Дээр байгаа хүмүүс баян байна” гэхээр нь Далай лам “Би та нарт яаж туслах уу” гэсэн чинь “Дээр байгаа тэр хүмүүсийг яг бидэн шиг ядуу болгоод өгөөч” гэдэг явган яриа байдаг шиг ийм замаар бид явж болохгүй.

Засгийн газар иргэддээ 1.5 сая хүртэл төгрөгийн цалин өгдөг бодлого хэрэгжүүлэх ёстой. 1.5 сая төгрөгөөс дээш цалин авч байгаа хүмүүс нь ихэвчлэн уул уурхай, барилгын салбарынхан байна. Улирлын чанартай голдуу ажилтай энэ хүмүүс гэр орноо орхиод хэдэн сараар уурхай, барилгад ажилладаг. Гайгүй хэдэн төгрөгийн цалин авангуут тэрнээс нь өндөр татвар авна гэдэг нь логикийн хувьд буруу зүйл.

-ОУВС-тай маргааш (өнөөдөр) албан ёсны хэлэлцээрээ хийнэ гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сайд мэдэгдсэн. Онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор бензин шатахууны үнийн хөөрөгдөл, хомсдол бий болчихлоо?

-Бензиний үнийн асуудал сөхөгдөнгүүт ОУВС-гийнхныг ирэх өдрийг хүлээлгүй өөрсдөө очиж уулзаад асуудлаа яриад явах боломж байсан. Бензин бол Монголын найман настай хүүхдээс 80 настай хөгшинд хүртэл хамааралтай, халаасанд нь мэдрэгдэх асуудал учраас ОУВС-гийнхантай энэ талаар ярилцаж болно. Бензиний үнэд төр шалгалт хийж байх ёстой. Манайх шиг шатахуунаа 100 хувь импортоор авдаг, стратегийн ач холбогдол бүхий, өдөр тутмын хэрэглээн дээр төр тодорхой хэмжээнд зохицуулалт хийх шаардлагатай.

Бензин нөөцлөх том агуулах барина гээд 361 дүгээр гармын тэнд газар авлаа л гэсэн. Хуучны бензин нөөцөлдөг том савнуудаа яасан билээ. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар гээд жигтэйхэн том байгууллага бий.

Өвлийн хамгийн хүйтэн өдрүүдэд нь бензин шатахуун авах дараалал үүсгэж, иргэдийг өдөржин шөнөжин дугаарлуулж бухимдуулж байгаад харамсаж байна. Засгийн газар зоригтой бай, зоригтой ажилла. Аливаа асуудлыг аргалаад байвал хол явахгүй. Ингэж хэлсний төлөө намайг засаг төрийн эсрэг зүйл ярилаа гэж байгаа бол уучлаарай. Монголын ард түмний эрх ашгийн төлөө би хэнээс ч айхгүй үгээ хэлнэ.

-Шатахууны хомсдол бий болчихлоо, яах вэ?

-Бензиний хомсдол бол зохиомол асуудал. Одоо тэгээд зохиомлоор үнээ нэмэх юм уу. Энэ арай дэндэж байна. Бид ОУВС-гаас хамааралтай болчихлоо л доо. Манайх шиг газрын баялагтай, тал дүүрэн малтай атлаа гадны тусламжинд гараа сарвайж, өр зээлийг баяр ёслолын байдалтай гарддаг, иргэдээ татвараар дарамталдаг улс байна уу. Өр гэдэг чинь хор. Өрнөөс яаж гарах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Хэмнэх ёстой зардлаа хэмнэе л дээ. Хүндрэлээс гарах арга замаа бид өөрсдөө эрэлхийлэх ёстой.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Энхболд: Монголчуудын аминчхан үзлээс болж жилд 400 гаруй хүн авто ослоор амиа алдаж байна

Улсын хэмжээнд өнгөрсөн жил 429 хүн зам тээврийн ослын улмаас амиа алдсан гэх харамсалтай мэдээ байна. Авто замын осол аваар юунаас болж гараад байдаг талаар Замын цагдаагийн албаны Техник, замын хяналтын ахлах мэргэжилтэн, ХСИС-ийн дэд профессор, цагдаагийн ахмад Э.Энхболдтой ярилцлаа.


-Энхийн цагт жил бүр 500 орчим иргэдээ авто ослоор алдана гэдэг манайх шиг хүн ам цөөн улсын хувьд дэндүү харамсалтай. Үүнийг гамшгийн хэмжээнд ойлгох уу?

-Зам тээврийн ослоор амиа алдах, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийн тоо өндөр байгаа нь гамшгийн түвшинд хүрснийг харуулж байна. Тухайлбал улсын хэмжээнд өнгөрсөн жил 36591 зам тээврийн осол бүртгэгдсэн. Үүнээс 429 хүн амиа алдаж, 4712 хүн зам тээврийн ослын улмаас хүнд болон хөнгөн гэмтсэн байна. Уг судалгаанаас үзэхэд сүүлийн арван жилийн хугацаанд дөрвөн сумын хүн амтай тэнцэх хэмжээний хүн зөвхөн авто ослоор амиа алджээ. Монголд замын хөдөлгөөний аюулгүй байдлын түвшин маш муу байгааг бид өөрсдөө хүлээн зөвшөөрөх ёстой юм.

-Зам тээврийн осол, аваар ихээр гарах болсон гол шалтгаан нь юу бол?

-Хувь хүний анхааралгүй байдал, болгоомжгүй үйлдлээс болдог. Мөн монгол хүний сэтгэхүйн онцлог, дадал зуршлаас их шалтгаалсаар байна. Гэхдээ осол юунаас болж гардаг талаар ярихаас өмнө замын хөдөлгөөний аюулгүй байдал гэж чухам юуг ойлгох вэ гэдгийг мэдэх нь чухал. Үүнийг хуулинд “Замын хөдөлгөөнд оролцогчийг зам тээврийн осолд өртүүлэхгүй, түүнээс үүдэн гарах хор уршгаас хамгаалагдсан байдлыг ойлгоно” гэж заасан байдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөгч хүчин зүйлсийг эрдэмтэд “Хүн, автомашин, зам, орчин” гэсэн эрсдэлт дөрвөн хүчин зүйлсийн хоорондын нарийн уялдаа холбоо, найдвартай ажиллагааны үр дүнд бий болж буй аюулгүй түвшин гэж тодорхойлсон.

Эдгээр дөрвөн зүйлийн нэг нь доголдож, асуудал үүсэхэд хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, осол аваар гардаг. Авто ослын улмаас явган зорчигч, жолооч нарын амь эрсдэх нь их. Явган зорчигчид гарцгүй газраар гарахдаа ойртон ирж яваа автомашиныг өнгөрүүлдэггүй, жолооч нар явган зорчигч зам хөндлөн гарч байхад хурдаа сааруулж, осол аваараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаггүйгээсээ болж хүний амь эрсдэх тохиолдол бий. Яг энэ байдал нь нөгөө монголчуудын хувиа бодсон сэтгэхүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөнд харилцан бие биенээ хүндэтгэн, соёлтой оролцдоггүйгээс болж осол гардаг гэж ойлгож болно. Мөн согтуу жолоочийн буруугаас болж хүний амь нас, эд хөрөнгө хохирсоор л байна. Өнгөрсөн жил 793 согтуу жолооч осол аваар хийсэн гэсэн тоо гарсан. Үүнийг 365 хоногт хуваагаад үзэхэд өдөрт 2-3 согтуу жолооч хаа нэгтээ осол гаргасаар байна. Хэдийгээр хяналт шалгалт сайн хийгддэг ч гэсэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байгаа юм.

-Замын хөдөлгөөнд оролцохдоо нэгнийгээ хүндэлдэггүй нь монгол хүний сэтгэхүйн онцлогтой холбоотой гэж ярилаа. Энэ талаар тодорхой ярихгүй юу?

-Монголчуудад нэг сул тал байна. Тэр нь амин хувиа хичээх буюу аминчхан үзэл юм. Би л уулзвар нэвтэрч, түрүүлэн явж байвал бусад нь надад хамаагүй гэсэн ойлголт. Би гэдэг үзэл их хотын иргэний үзэл биш. Эхлээд та дараа нь би гэсэн ойлголт, ёс суртахуунтай байж бид хотын жинхэнэ оршин суугчид болж чадна. Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэх ойлголт бол их хотын соёл юм. Үүнийг монголчууд ойлгохгүй байгаа нь хотжилт гэдгийг бүрэн ойлгоогүйгээс улбаатай. Монголд 1990 оноос хувийн өмчтэй болох эрх үүссэн. Түүнээс арваад жилийн дараа хувийн автомашинтай иргэд олширч, суурин газрын хөл хөдөлгөөн нэмэгдсээр өдийг хүрсэн. Ингээд бодохоор бид хотын эмх замбараанд ороод 20 гаруй л жил болж байна. Энэ хугацаа бол хэдэн мянган жилийн түүхтэй нүүдэлчин ахуйтай харьцуулахад дэндүү богино хугацаа. Өөрөөр хэлбэл бид нүүдэлчин ахуй, ганцаараа том газар нутагт хэдэн малтайгаа дураараа нүүдэллэн амьдардаг зан чанар, дадал зуршлаасаа салаагүй болохоор хотжилт, суурин соёл гэдгийг ойлгосон ч хэвшүүлж чадахгүй байна. Тэгэхээр осол гарч буй гол шалтгаан нь монголчуудын аминчхан үзэл, бусдын эрх ашгийг хүлээн зөвшөөрч чаддаггүй зан нөлөөлсөөр байна. Энэ монгол хүний сэтгэхүйн онцлогоос болж жилд 400 гаруй хүн авто ослоор амиа алдаж байна гэсэн бодитой судалгаа гарсан. Тэгэхээр таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэсэн хотын зарчмаар нэгнээ хүндэтгэн хөдөлгөөнд оролцох нь чухал.

-Зам тээврийн осол хүний анхааралгүй байдлаас болж үүсдэг гэлээ. Өнөө цагт хүний анхаарлыг сарниулах эд зүйлс чихэвчтэй хөгжим, ухаалаг утаснаас эхлээд олон болсон шүү дээ?

-Зам тээврийн ослын 90 хувь нь жолоочийн буруугаас болдог гэсэн судалгаа бий. Тийм болохоор эхлээд жолооч нарын анхаарал, болгоомжийн талаар тайлбарлая. Жолоочийн аюулгүй, найдвартай байдлыг гурван хүчин зүйлээр авч үздэг. Энэ нь тухайн жолоочийн мэргэжилдээ тэнцэх байдал, бэлтгэгдсэн байдал, ажиллах чадвар зэрэг шалгуур үзүүлэлт юм. Мэргэжилдээ тэнцэх байдал гэдэг нь жолоочийн хувийн зохион байгуулалт, сэтгэл санааны онцлог зэргийг тооцоолон үздэг. Бэлтгэгдсэн байдал гэдгийг жолоочийн мэдлэг чадвар, олж авсан туршлага зэргийг ойлгоно. Харин ажиллах чадвар гэдэг нь тухайн жолооч автомашин жолоодохоосоо өмнө хэр зэрэг амарч чадсан, ямар нэгэн стрест орсон уу зэргийг авч үздэг. Эдгээр хүчин зүйл жолоочид сөргөөр нөлөөлөөд ирэхээр осол аваар гарах нөхцөлийг бүрдүүлж байдаг. Жолоочийн бие сэтгэлийн онцлогоос шалтгаалж анхаарлын түвшин өөр байдаг. Энэ нь эргээд хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлдөг гэж ойлгож болно. Хөдөлгөөнд оролцож байгаа жолооч замын хөдөлгөөний мэдээллийн 80-90 хувийг харааныхаа тусламжтайгаар олж авдаг. 60 километр цагийн хурдтай тээврийн хэрэгсэл жолоодож буй жолоочийн гар утсанд мессеж ирлээ гэж саная. Ингээд жолооч хоёр өгүүлбэр мессеж уншихад 2-5 секундыг зарцуулдаг. Тэр хэрээр жолоочийн анхаарал нь сарнина. Гар утсаа оролдчихоод эргээд замын хөдөлгөөнд бүрэн анхаарал хандуулахад тодорхой хугацаа хэрэгтэй болдог. Эдгээр үйлдэл хэд хэд давтагдахад жолооч осол гаргах гол суурь тавигдаж байдаг. Өөрөөр хэлбэл мессежээ унших хугацаанд жолооч 40-60 метр замыг ямар ч хараа хяналтгүй туулчихсан байдаг. Осол гэдэг агшин зуур тохиолддог үйл явдал. 40-60 метр замд хүний амь, бусдын эд хөрөнгө ямар их зөрж болохыг бид ойлгох хэрэгтэй. Явган зорчигчид ч мөн ялгаагүй. Сүүлийн үед чихэвчтэй хөгжим сонсож яваад зам тээврийн осолд өртсөн тохиолдол нэмэгдсэн. Хүн нүд, чих хоёроороо орчин тойрны аюулаас урьдчилан сэргийлж, яаралтай арга хэмжээ, хариу үйлдлүүдийг үзүүлж байдаг. Гэтэл чихэндээ чанга хөгжим хангинуулж, нүдэндээ тас хар шил зүүж, толгойгоо бүрхсэн том юүдэн малгай өмсөж хотын гудамж, замын хөдөлгөөнд оролцож байна. Энэ нь тухайн зорчигч осол аваарт өртөх эрсдлийг дагуулдаг. Өөрөөр хэлбэл энэ их хөл хөдөлгөөн дунд өөрийгөө бусдаас тусгаарлах нь алхам тутамдаа эрсдэл дагуулж байдгийг анхаараарай.

-Үнэхээр хэдэн метр газар яаж явсан билээ гэж бодох үе байдаг шүү…?

-Тийм болохоор л жолооны ард маш анхааралтай байх ёстой. Сүүлийн үед фэйсбүүк, твиттер зэрэг цахим сүлжээнээс болж осол аваарын тоо 20 гаруй хувиар нэмэгдсэн. Түгжрээнд орсон жолооч фэйсбүүк хуудсаа шалгаж байгаад жолоо барьж яваагаа ор тас мартах явдал ч байна. Ногоон гэрэл асчихаад байхад л таг зогсчихдог. Ингээд арын машин нь дуут дохиогоо орилуулж байж сая нэг сөхөө авч хөдөлдөг. Цочсондоо болоод сандарсан жолооч огцом хөдлөхдөө явган зорчигчийг мөргөж осол гаргах жишээний. Тэгэхээр түрүүний хэлсэн жолооч хүний анхаарлыг сарниулах зүйл маш их болсон. Гэхдээ жолооч хүн зам тээврийн хөдөлгөөнд оролцож яваа гэдгээ үргэлж ухамсарлаж, хариуцлагатай байх нь чухал. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигчдын темперамент буюу зан төлвөөс шалтгаалж осол аваар гардаг.

-Түрүүн монголчуудын сэтгэхүйтэй холбоотой гэж ярьсан. Харин сэтгэл зүйн байдалтай холбоотой гэдэг нь юу гэсэн үг үү?

-Тухайлбал, өглөө гэрээсээ тайван гарсан хүн машиныг аядуу зөөлөн жолоодно. Харин эхнэртэйгээ ам зөрж, ууртай гэрээсээ гарсан хүн машиныг түрэмгий, ширүүн жолооддог. Энэ бүх жолоочийн бие сэтгэл зүйтэй холбоотой учир хөдөлгөөний байдалд нөлөөлдөг юм. Үүнтэй адил машин дотроо чанга хөгжим сонсох, сонсож байгаа хөгжмийн төрөл, жанр ч жолоочид нөлөөлнө. Тухайлбал, ардын дуу, сонгодог, уянгын хөгжим сонсож явдаг жолооч бусдыг хүндэтгэж, ямар нэгэн тохиолдолд хүлээцтэй ханддаг. Харин рок, хип хоп, эмоцитой, хүчтэй хэмнэлтэй ая сонсдог жолооч бусдыг үл хүндэтгэх, түрэмгий жолоодлого хийх, юм бүхний урдуур дайрч, онгироо сагсуу зан гарган замын хөдөлгөөнд оролцдог нь судалгаагаар нотлогдсон. Өөрөөр хэлбэл эхнэртэйгээ маргалдаад ууртай гэрээсээ гарсан жолооч, чанга, хүчтэй рок хөгжим сонсож явдаг хүний сэтгэл зүй адилхан байдаг гэсэн үг юм. Үүнээс болж осол аваар гаргах нь бий. Тэгэхээр жолоочид өөрийнхөө тэрхүү темпераментээ барьж, замын хөдөлгөөнд оролцох нь зөв өө. Автомашиныг арван жил жолоодсон хүнд тодорхой дадал зуршил суудаг. Тийм жолооч гар утсаараа оролдож байсан ч гэсэн замын хөдөлгөөний мэдээллийг мэдэрч, анхаарлаа тал бүрт хувааж сурсан байдаг. Иймд залуу жолоочид дор хаяж 10 жил тасралтгүй автомашин жолоодож байж, бусад зүйлийг оролдож болох юм. Тэрнээс нааш жолоо барьж явахдаа гар утас, элдэв төрлийн эд зүйлээр оролдож анхаарлаа сарниулахгүй байхыг сануулъя.


Categories
мэдээ цаг-үе

Я.Санжмятав: Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийг арилгах ажилд нэг том алхам хийгдлээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятавтай ярилцлаа.


УИХ-аар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг хэлэлцэж баталлаа. Өмнө нь нэлээд хэдэн удаа өөрчлөлт оруулж байсан. Энэ удаагийн хуулийн онцлог юу байсан бэ?

-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг энэ сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн 84.6 хувийн саналаар баталсан. Юуны өмнө энэ хуулийг хамтран санаачилсан гишүүд, хэлэлцэхийг дэмжсэн УИХ дахь АН, МАН-ын бүлэг болон хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж баталсан УИХ-ын дарга, гишүүддээ талархаж байгаагаа энэ хуулийг санаачилсан гишүүний төдийгүй Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын хувьд илэрхийлье. Учир нь бидний хэлж заншсанаар Цагаатгалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах гэж 2011 оноос хойш удаа дараа холбогдох эрх бүхий хүмүүс Засгийн газар, УИХ-д өргөн барьж байсан хэдий ч хараахан дэмжлэг авч батлуулж чадахгүй байсаар өдийг хүрсэн байлаа. Түүнчлэн цагаатгуулах тухай өргөдөл гомдлыг холбогдох байгууллагууд хүлээж авах асуудал ч мөн өдий олон жил хүлээгдэж байсан юм.

Үүнээс гадна хэлмэгдэгчдийн ар гэрийнхэн, үр хүүхдүүдийнх нь ахуй амьдралд бодитой тус дэм болох зохицуулалтыг энэ хуулинд тусгаснаар тэдний нэлээд олон жилийн турш хүсч, харж хүлээж байсан хүсэлт шийдэгдэх боломж нээгдэж байгаа юм.

-Өмнө нь өргөн барьсан цагаатгалын хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдахгүй өнөөг хүртэл удсан шалтгаан нь юу байсан юм бол?

-Олон талын хүчин зүйлүүд нөлөөлсөн байх. Улсын төсөв санхүүгийн нөөц боломжтой уялдуулаагүй тооцоо судалгаа, тухайн үеийн ажил хариуцсан хүмүүсийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, нийгэм улс төрийн болоод хувь хүмүүс, төрийн бус байгууллагуудын сэтгэлийн хөөрлөөр хандсан хандлага ч нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Тухайлбал, өмнө нь өргөн барьсан хуулийн төсөлд хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хоёр их наяд 251 тэрбум төгрөгийн нөхөх олговрыг хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах, эгч, дүү, ачинцар нарт олгохоор тусгасан нь хэтэрхий хавтгайруулсан төдийгүй улсын төсөвт ч хүндрэлтэй байсан тул Засгийн газар, Сангийн яамнаас дэмлэг аваагүй. Мөн хэлмэгдэгчийн ар гэрийн нэхэмжлэх эрх бүхий хүмүүсээс дотоодын их дээд сургууль, эмнэлэгийн оношлогоо, эмчилгээ, сувилалд жил бүр нэг хүнийг үнэ төлбөргүйгээр хамруулах, хэлмэгдэгчийн цалингийн болон орон сууцнаас бусад хэлбэрээр нөхөх олговорт олгосон хашаа байшин, гэрийн үнийн зөрүүг нөхөн тооцож олгохоор тусгасан нь хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байсан юм. Төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх шаардлага болон бусад хуулийн зохицуулалттай нийцээгүй шалтгаанаар дэмжлэг аваагүй байдаг юм билээ.

Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн болон тэдний эрх ашгийг хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллагуудын тавьж байгаа эрх зүй, эдийн засгийн үндэслэлгүй шаардлага ч гэсэн хууль батлагдах нөхцөл байдлыг хүндрүүлсэн байх. Хэлмэгдэгчийн ач зээ нар бол хэдийгээр тэдний хамаатан садан гэр бүлийн хүмүүс байж болох хэдий ч хэлмэгдүүлэлтийн хамгийн хэцүүг тэдний халуун ам бүл болох эхнэр, нөхөр, хүүхдүүд биечлэн туулсан. Надтай олон хүн санал нийлэх байх. Монгол Улсад хэлмэгдүүлэлтэд өртөөгүй өрх бүл бараг л байхгүй. Тэдгээр хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүүс,ач зээ нар болох 18 мянга 700 орчим хүн хуулийн дагуу нэг сая төгрөг, 500 мянган төгрөгийн нөхөх олговорыг авсан байдаг. 1998-2000 оны үеийн нэг сая төгрөг тухайн үеийн ханшаар боломжийн мөнгө байсан байх шүү. Хэлмэгдэгсдийн хамаарал бүхий олон хүнд амьдрал ахуйд нь дэм тус болсон л байх. Өмнөх өргөн барьсан хуулийн төсөлд эдгээр хүмүүст дахин нөхөх олговор олгохоор тусгасан нь хууль батлагдахгүй өнөөг хүрсэн шалтгаан байхыг ч үгүйсгэхгүй юм. Харин сая батлагдсан хуулинд өөр агуулгаар орсон байгаа.

-Хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь юу байна?

-Уг хуулинд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн эхнэр буюу нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд нь хэлмэгдэгчийн ял шийтгүүлсэн байдлаас нь хамааруулан тодорхой хэмжээний нөхөх олговрыг олгох тухай тусгасан. Тухайлбал, хэлмэгдэгчийн эхнэр буюу нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхдийн аль нэгт нь хэлмэгдэгч цаазын ялаар шийтгүүлсэн бол 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөгийн нөхөх олговорыг олгохоор тусгалаа. Гэхдээ улс төрийн хэлмэгдэгдэгч өөрт нь болон түүний эхнэр, нөхөрт нь эсвэл үр хүүхдэд өмнө нь байр орон сууц болон түүнийг орлосон мөнгөн олговорыг төрийн аль нэг байгууллагаар дамжуулан олгож байсан бол энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй.

-Хуулийн үйлчлэл тодорхой хүмүүст хамаарах нь гэж ойлгож болох уу?

-Тийм. Миний өмнө дурдсанчлан энэ нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь хэлмэгдүүлэлтийн хор уршгийг хамгийн ихээр амсаж сэтгэл санаа, эд хөрөнгө, сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх эрхээ хэлмэгдүүлэлтийн улмаас дутуу эдэлсэн хүмүүс буюу цагийн аяс, хорвоогийн жамыг даган цөөрсөөр байгаа хэлмэгдэгчийн халуун ам бүл буюу хүүхдэд чиглэсэн гэж ойлгож болно. Энэ хүмүүстэй барьцаад л надад өгсөнгүй, би авахгүй нь гээд хэл ам, хэрүүл тэмцэл хийгээд гүйгээд байх ах дүү, ач зээ арай ч байхгүй байх. Энэ хууль батлагдсанаар улс төрийн хэлмэгдүүлтийн хор уршгийг арилгаж хэлмэгдэгсдийн удам залгасан үр хүүхдүүдэд бодитой дэм болоход нэг том алхам болсон гэж бодож байна.

-Нөхөх олговрыг хэзээнээс эхлэн олгож эхлэх вэ?

-Хууль маань ердийн журмаар хэрэгжихээр батлагдсан. Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэний дараа албан ёсоор хууль хүчин төгөлдөр болно. Нөхөх олговрыг олгох тухайд энэ жилийн улсын төсөвт хөрөнгө тусгагдаагүй учраас 2019 оноос эхлэн олгоно. Хуулийн үйлчлэлд хамаарах нэхэмжлэгчдийн өргөдөл хүсэлтийг одоогоор хүлээж аваагүй байна. Хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх журам чиглэлийг зохих байгууллагаас батлан гаргаж ажиллана. Өөрөөр хэлбэл хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах төрийн байгууллагуудын ажлын үүрэг чиглэл тодорхой болохоос гадна хуульд заасны дагуу хуулийн үйлчлэлд хамаарах иргэдийн бүрдүүлэх материал болон өргөдөл хүсэлтийг шийдвэрлэх арга зам илүү тодорхой болно гэсэн үг. Үүний дараа олон нийтэд энэ талаар мэдээллийг хүргэж ажлыг зохион байгуулна. Харин манай ажлын албаны ажилтнууд Цагаатгалын хууль тогтоомж болон хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар зөвлөгөө, тайлбар мэдээллийг өдөр бүр тогтмол хүргэн ажиллаж байгаа.

-Цагаатгуулах тухай өргөдөл гомдлыг одоо хүлээж авч байгаа юм уу?

-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэн цагаатгуулахаар гаргасан өргөдөл хүлээж авах хугацаа 2011 оны арванхоёрдугаар сарын 30-нд дуусгавар болсон. Тиймээс үндсэндээ энэ чиглэлийн ажил зогсож зөвхөн өмнө хүлээж авсан өргөдөл гомдол болон Тагнуулын болон прокурорын байгууллага өөрсдийн шалгах ажиллагааны хүрээнд архиваас олдсон, хэлмэгдсэн байх магадлалтай иргэдийн хэргүүдийг судлан цагаатгах үйл ажиллагаа өнөөг хүртэл хийгдэж байлаа.

Харин хуулийн нэмэлт өөрчлөлтөөр цагаатгуулах тухай гомдол гаргах хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр хүртэл хугацаанд хүлээж авахаар тогтсон. Ингэснээр мөн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст өгсөн цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацааг эцсийн удаа хоёр жилээр сунгах гэсэн зөвлөмжхэрэгжиж байгаа юм.

-Хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулан таны удирдсан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос ямар ажил төлөвлөж байгаа вэ?

-Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын алба, Архив, Тагнуулын байгууллага, Шүүх, Прокурорын байгууллагын хамтын ажиллагааны үр дүнгээр хуулийн хэрэгжилт хангагддаг учраас бид ажлаа харилцан уялдаатай шуурхай хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай байна.

Батлагдсан нэмэлт өөрчлөлтийн дагуу хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх талаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албанаас тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Хууль сурталчлах болон хуулийн үйлчлэлийн талаар иргэд олон нийтэд тайлбарлан танилцуулах, хамаарал бүхий хүмүүст зөвөлгөө өгөх, хуулийг хэрэгжүүлж ажиллах төрийн байгууллагын удирдлага ажил хариуцсан хүмүүстэй ажлын уулзалт зөвөлгөөн хийх болон салбар комиссын ажилтнуудад сургалт зохион байгуулах зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа.

Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх явцад гишүүдийн зүгээс улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийг өнөө үеийнхэнд тайлбарлан таниулах, хэлмэгдүүлэлтийг дахин өөр хэлбэрээр давтан гаргуулахгүй байх, соён гэгээрүүлэх ажилд илүү анхаарч олон нийтэд чиглэсэн тодорхой ажлуудыг хийх хэрэгтэй гэдэг нь харагдсан. Мөн энэ чиглэлд хөрөнгө зардалаа төлөвлөн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахыг Цагаатгалын комисст чиглэл болгосон. Үүний дагуу бас тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллана.

Хууль батлах үйл явц тодорхой хуулийн дагуу зохих журмын хүрээнд явагддаг хэдий ч УИХ-ын болон байнгын хороод, ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаачид төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг олон талуудын идэвхи оролцоотойгоор олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалт, ойлголцолын үр дүнд батлагдлаа. Хуулийн төслийг боловсруулан, хэлэлцэн батлуулахад идэвхи санаачилгатай дэмжиж оролцсон бүх хүмүүс, ажлын албаныхандаа талархал илэрхийлье.


Categories
мэдээ цаг-үе

П.Очирбат: Манай улс хөгжлийн бодлогоо аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалтай уялдуулах шаардлагатай

Түрүүч нь №012(5855) дугаарт

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон уул уурхайн сэдвээр хуучилсныг өчигдрийн дугаартаа хүргэсэн билээ. Үргэлжлүүлээд манай улсын хөгжлийн бодлого, Үндсэн хуулийн өөрчлөлт болоод эрх баригчдын алдаатай шийдвэрийн талаар хөөрөлдсөнөө толилуулж байна.


-Цалин, тэтгэврийг ахиулахгүй хэрнээ татвар нэмсэн шийдвэрт хүн бүхэн бухимдалтай байна. Харин эрх баригчид ОУВС-г халхавчаа болгож байгаа. 1990-ээд оны эхэн үед манайх эдний дэмжлэгийг авч байхад ард түмний амьдралд ингэж дараа болохуйц зөвлөмжийг өгч байсан юм уу?

-Татвар нэмсэн шийдвэр тун буруу. ОУВС бол татвар нэм гэсэн шаардлага тавиагүй. Харин зардлаа хэмнэ гэж зөвлөсөн юм шүү дээ. Энэ сан манай нийгмийн шилжилтийн эхэн үед үнэхээр хэрэгтэй байсан. Тиймээс бид шуурхай гишүүн нь болж байв. Үүний дараагаар ОУВС-гийн баталгаатайгаар гаднаас зээл авах эрх маань нээгдэж байлаа. Тухайн цаг үед манай улсын төлбөрийн чадварыг харах юм хэн ч итгэж зээл өгөхөөргүй тийм л хүнд цаг байсан. Эд нар хөгжлийн хөрөнгө оруулалтад их хатуу. Сангийн яамтай их төстэй л дээ. Бидэнд валютын сан яагаад хэрэгтэй болсон юм бэ энэ их замбараагүй үрэлгэн, зарлаган байдлыг хямгадах гэж хөтөлбөртөө оруулж байгаа юм. Манайхан чинь мөнгө ороод ирэхээр талаар нэг цацаад хаядаг. Ийм ч халамж, тийм ч тусламж гээд тараачихаар төлбөрийн чадвар нь муудаж, хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь байхгүй болдог. Баахан яриад л байдаг хэрнээ эдийн засгаа ч солонгоруулсан юм байхгүй. Хэдэн жилийн өмнө гэрлэсэн хосуудад 500 мянган төгрөг тарааж байлаа. Үр дүнг нь харахаар оюутан залуус тэр халамжийн мөнгийг авах гэж гэрлэлтээ батлуулж байсан шүү дээ. Үнэн хэрэгтээ 500 мянгын гэр бүлүүдийн ердөө 30 шахам хувь нь айл гэр болсон байдаг. Ингээд л бөөн мөнгийг дэмий цацаад дуусгачихсан. Харин энэ удаад манай улс яалт ч үгүй бондын төлбөрт шахагдаад валютын санд орохоос өөр арга байсангүй. Хөрөнгөө үр ашиггүй цацсан учраас ОУВС манайхыг энэ асуудлаа олигтойхон шиг удирдаад аваад явчихдаг болоход сургах гээд байгаа юм. Одоо тэд биднийг 1990-ээд оны эхээр эдэнд мөн ч их юм зааж сургасан даа. Яасан ч сурдаггүй юм бэ” гэж байна шүү дээ.

-Эрх баригчдын өөрсдийнх нь хэрэглээний зардал асар их байхад тэрийгээ хасдаггүй хэрнээ татвар нэмдэг явдлыг юу гэж ойлгох вэ?

– Одоо энэ захиргааны, удирдлагын зардал замаа алдсан байгаа шүү дээ. Үүнийгээ л болих хэрэгтэй. Төрийн бүтэц зохион байгуулалтаа цэгцэлж, чамбайруулах ёстой. Гэтэл зарим сонгуулийн дараа УИХ арав гаруй байнгын хороотой болчихдог. Дороо тав, зургаан дэд хороо байгуулж, алд дэлэм бүтэц хийх юм. Нэг парламентын үед нь долоо, найман яамтай байхад дараагийн Их хурал нь 16 болгоод тэлчихдэг. Ингэж яамдын тоог нэмснээр юугаар гийгүүлэв. Эдийн засаг гурав дахин өсөөд, ядуучуудын тоо нь буурсан уу. Үр дүн юу байгаа юм бэ. Зохион байгуулалтын данхар бүтэц нэмсний үр өгөөж алга. Нөгөө л бахь байдгаараа дутсан, хүрэлцэхгүй болсон, өрөнд орсон асуудал ихсээд байгаа. Ард түмний бухимдал улам нэмэгдээд байна. Энэ мэтчилэн замбараагүй зардлаа хэмнэ гэхээр хамгийн амархнаар нь татвараа нэмчихдэг. Нэг ёсондоо ард түмнээрээ тэр зардлаа нөхүүлж байна гэсэн үг. Ингэж ард түмэндээ хатуу цэвдэг хандаж болохгүй. Татвар нэмсэн шийдвэрээ болих хэрэгтэй.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар аминд тулаад ирсэн бондын өрийг давлаа. Гэхдээ л өрийг өрөөр дарлаа шүү дээ. Үүнийг та юу гэж бодож байна?

-Тэр өөдтэй юм биш. Өрийг бол өөрсдөө бүтээж, хуримталж байж дардаг. Харин нэгнээс мөнгө зээлж, нөгөөд өгөх нь өр дарахын нэр биш.

-Ярилцлагынхаа сэдвийг Үндсэн хуулийн өөрчлөлтийн сэдэв рүү хандуулъя. Бүх ард түмнээр хэлэлцүүлээд л, орон даяар явж танилцуулаад байгаа Үндсэн хуулийн зургаан өөрчлөлтийг эрдэмтэн судлаачид жүжиг гэж хардаг юм билээ. Парламентад нэг нам олонх суудлыг эзэлсэн 65-ын бүлэг өөрсдийнхөө эрх мэдлийг хамгаалсан өөрчлөлт оруулах нь ээ ч гэдэг. Энэ яригдаад байгаа зургаан асуудал нь зайлшгүй Үндсэн хуульд оруулах ёстой заалт мөн үү?

-Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах гэж байгаа юм бол хамгийн түрүүнд “Дордохын долоо”-гоо эхлээд хүчингүй болгох хэрэгтэй. Одоогийн яригдаад байгаа зургаан сэдэв огтоос хэрэггүй. Дээрээс нь сонгуулийн тухай нэлээд тодорхой болгоод өгчихмөөр байгаа юм. Үндсэн хуулинд байгаа сонгуулийн зарчим бол нийтээрээ шударга, нууц санал хураалт буюу можаритор системийн гол зарчим. Үүний гол агуулга нь улс төрийн намуудын төлөвшлийг нэлээд зохицуулж өгсөн юм шүү дээ. Тэгэхгүй бол арван хэдэн намаас арван хэдэн хүн сонгогдчихоод тус бүртээ өөр өөр санал хэлээд суувал энэ Их хурал юу гээч болох уу. Ер нь шийдвэр гаргаж чадах уу. Одоо байгаа хоёр нам бөөн хэрүүлтэй, хагаралтай байна. Телевизээр хамаа намаагүй хэрэлдэж, бүдүүлэг үг хэллэгээр нэгнийгээ хэлэхийг нь яана. Телевизийн дэлгэцийн өмнө бүх насныхан суугаа гэдгийг санах ёстой. За “хуц” гэж хэлж байвал дүүрчээ. Гэтэл “ална”, “хядна”, “луйварчин”, “хулгайч”, “казиночин”, “бандаашчин” гээд л муу муухайгаараа дуудалцах юм байна шүү дээ. Ийм муухай байж болохгүй. Ерөөсөө Үндсэн хуулинд ганц нэг оновчтой өөрчлөлтийг хийхээс биш өөрчлөх гээд байх хэрэггүй.

-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хумьж, Засгийн газар улсаа удирдах хэмжээний дархтай байхаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгаа юм билээ. Монгол Улсын Төрийн тэргүүн байсан хүний хувьд та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа бол?

-Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг нь хасна л гэх юм. “Хууль тогтоох эрх гагцхүү УИХ-д хадгалагдана” гэсэн үг хуулинд байдаг. Тэгэхээр хууль тогтоох ажиллагааг гагцхүү УИХ хийж байгаа юм биш. Хууль тогтоох үйл ажиллагаанд УИХ голлож ороод, хууль санаачлагчид буюу Ерөнхийлөгч, Засгийн газар, Их хурлын гишүүн байна. Их хурал Үндсэн хууль зөрчсөн хууль батлаад гаргачихвал Цэц тэр заалтыг хүчингүй болгодог. Ерөнхийлөгч тухайн хуулийг зөрчилтэй болсон гэж үзвэл хориг тавина. Мөн иргэд Их хурлын батлан гаргасан хуулинд Үндсэн хууль зөрчсөн заалт байна гэж Цэцэд ханддаг. Ингэж сайн хууль болгох гэж л тал талаас нь хууль тогтоох үйл ажиллагаанд ордог юм. Монгол Улсын хууль ийм өргөн хүрээний дундаас бүтдэг байхад тэрийг нь үгүйсгэнэ гээд Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг нь хасах гэдэг нь яаж байгаа юм бэ. Ерөнхийлөгчийн хууль санаачлах бүрэн эрхийг нь ерөөсөө хасч болохгүй. Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлтүүд бол өмнөх долоон тэнэг заалт дээр нэмэх нь зургаан тэнэг заалт тэнцүү 13 дордуулсан тэнэг заалт болчихож магадгүй.

– УИХ-ын гишүүн хүн гэмт хэрэг үйлдчихээд халдашгүй бүрэн эрх хэмээх бамбайны ард эрх чөлөө эдэлдэг. Тэгвэл энэ ханыг Цэцийн шийдвэр нурааж чадсан. Аль эртний ингээд шийдэж болдоггүй байсан юм уу гэх бодолтой хүмүүс байгаа байх…

-Цэц өөрөө хэрэг санаачилдаггүй юм. Их хурлын энэ гишүүн надад таалагдахгүй байна, татан буулгана гэж болохгүй. “Ер нь энэ УИХ чинь хууль зөрчигчдийн орогнодог газар болох нь уу дээ.Халдашгүй гэдэг үгний цаана олон хэргийг халхалсан даа аягүй бол” гэж үзсэний үндсэн дээр Цэцийн гаргасан шийдвэр зөв. Прокурор “Энэ гишүүнийг байцаамаар байна” гээд зөвшөөрөл хүсэхээр УИХ өгдөггүй. Ер нь бол заавал тэр хүнийг Их хурлын гишүүнээс огцруулж байж зөвшөөрнө гэсэн ойлголт биш шүү дээ. Үнэхээр хэрэг хийсэн нь нотлогдвол Их хурал тэртээ тэргүй чөлөөлчихнө. Харин шалгагдаад нотлогдохгүй бол Их хурлын гишүүнээрээ хэвээрээ л үлдэнэ.

-Ард түмний амьдрал ядуу байна. Яагаад жилээс жилд ядуурлын түвшин нэмэгдээд байна вэ. Ингэхэд Монгол Улс хөгжлийнхөө бодлогыг оновчтой тодорхойлж чадахгүй байна уу?

-Хөгжлийн бодлого гэж төрийн бодлого байгаа. Дөрөв, таван удаа төрийн бодлого тодорхойлсон. Ерөөсөө биелүүлдэггүй юм.

Одоо юу дутаад байна вэ гэхээр төрийнхөө бодлогыг оновчтой томьёолж чадахгүйдээ биш, хөгжлийнхөө бодлогыг тодорхойлсон баримт бичиг байхгүйдээ ч биш юм. Харин байгаагаа хэрэгжүүлдэггүй.

-Тэгэхээр одоо яах ёстой юм бэ?

-Өмнө томьёолоод батлаад яваад байсан хөгжлийнхөө бодлогуудыг бөөгнүүлээд тэр дотроосоо оновчтой биш цаг хугацааг нь олоогүй байдаг ч юм уу тэрийг нь орхиод зоох ёстой. Үндсэн хууль өөрчилнө гэж солиорч байхын оронд энэ хөгжлийн бодлогуудаа эргэж хараад хэрэгтэйг нь үлдээгээд, шинээр бий болсон нөхцөл байдлаа тусгах ёстой. Ингэж шигшиж, шүүрдэж авсан хөгжлийнхөө бодлогыг бүх ард түмнээрээ хэлэлцээд Их хурлаараа батлаад тэрийгээ хатуу мөрдөх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүх ард түмнээр хэлэлцүүлэхийн оронд хөгжлийн бодлогоо цэгцэлж явуулах ёстой.

Хөгжлийн бодлого гэдэг бол нэг бүрэн эрхийн хугацааны хөтөлбөр биш. Монгол Улсын 2035 он хүртэлх хөгжлийн бодлого байж болно. Хугацааг нь уужуу тавьж өгөөд, ямар ч нам, засаг, улс төрийн хүч сонгуульд ялснаас хамаарахгүйгээр зөвхөн энэ хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, төр, хувийн хэвшил, иргэд гээд бүгд ажилладаг байх учиртай.

-Тогтвортой хөгжил гээд л бас яриад байх юм?

-Тэр тогтвортой хөгжлийн бодлого гэж бас оновчтой биш. Гоё хавтсанд хийсэн боть байгаа биз дээ. Тэндээс авах юм бий. Гэхдээ голдуу мөрөөдөл дөө.

Хөгжлийнхөө бодлогыг 2035 он хүртэл тодорхойлсон улс орнууд эргэж харах гэж байна. Жишээлбэл, ОХУ байна. Яагаад гэвэл дэлхий нийтэд аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал эхэлж байна. Дэлхийн улсууд 2035 он хүртэлх хийсэн төрийнхөө хөгжлийн бодлогыг одоо аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын нөлөө шаардлагатай уялдуулж шинэчилнэ гэсэн үг. Тиймээс манайх хөгжлийн бодлогоо шинэчилж, тодорхойлохдоо аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалаар тавигдах шаардлагатай угтаж, уялдуулж хийх нь зүйтэй.

Мэдээж эдийн засгийг солонгоруулахад уул уурхайгаас гадна мал аж ахуй, аялал жуулчлал бол манай хөгжлийн орлогын чухал эх үүсвэр мөн. Аялал жуулчлал мэт үйлчилгээний эдийн засгийн орлогоороо амьдарч байгаа орнууд ч байна. Япон гэхэд орлогынх нь 60 гаруй хувь үйлчилгээнээс оруулж ирдэг эдийн засаг байдаг л даа.

Дэлхийн аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал гэхээр дижитал, электроник, инноваци, роботизаци, биотехнологи гээд яриад байна. Энэ болгоны нийлбэрээр улс орныхоо хөгжлийг түргэтгэе. Бага юм зарж байж, том асуудлыг шийдэж, тогтвортой хөгжлийг бий болгомоор байгаа юм.

-Хөгжлийг хүн л бий болгоно. Эхлээд хүнээ яаж хөгжүүлэх вэ?

– Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг гардаж хийх хүн, боловсон хүчин өнөөдөр алга. Одооноос аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын энэ орон зай, орчинд ажиллах мэргэжилтнээ бэлтгэх, их, дээд сургуулиудын программыг шинээр боловсруулах хэрэгтэй.