Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дорноговь аймагт
ажиллалаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, орон нутгийн
асуудлаар санал солилцов. Дорноговь аймаг 2017 оны эцэст 70 мянга орчим
иргэнтэй болж, хүн ам нь өссөн байна. Мөн иргэдийн 30 орчим мянга нь
зээлтэй, эдгээр зээлийн 60 гаруй хувийг хэрэглээний зээл эзэлдэг байна.

Ерөнхийлөгч аймгийн нийгэм, эдийн засгийн мэдээлэлтэй танилцсаны дараа аймгийн “Саран хөхөө” театрт иргэдтэй уулзлаа.

Төрийн тэргүүн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Дорноговь аймгийн иргэд
та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би Улаанбаатар хотын долоон дүүргийн
иргэдтэй уулзаж, одоо орон нутгийн иргэдтэй уулзаад явж байна.
Нийслэлийн дүүргүүд, аймаг, сум бүр өөр өөрийн асуудалтай байна. Тэдгээр
асуудлыг сонсож, УИХ, Засгийн газарт хүргүүлэх зорилготой уулзалт
хийгээд явж байгаа юм. Иргэд олон сонгууль өгөөд 30-аад жил болж байна.
Амьдрал ямар байгааг бид өөрсдөө мэдэж байгаа. Сонгуулийн өмнөх амлалт,
сонгуулийн дараах байр байдал болон цаашдаа яах тухайгаа бид ярьж хэлэх
нь зөв байх. Ингээд уулзалт эхэлснийг мэдэгдэж байна” гээд иргэдтэй
уулзаж ярилцав.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р багийн иргэн Б.Цогоо

Монгол Улсын Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдсон иргэдийг төлөөлж
дуугарах цорын ганц эрх бүхий өндөр албан тушаалтан. Бусад албан
тушаалтан нь тодорхой нэг тойргоос, тодорхой нэг хурлаас сонгогддог.
Өнөөдөр би Засаг барьж байгаа эрх баригч намын мөрийн хөтөлбөрийг
нэхмээр байна. Миний гарт мөрийн хөтөлбөр нь байна. Татварыг нэг хувь
болгоно гэж МАН амласан. 30 амлалт нь надад бүгд байна. Түүвэрлээд ганц
нэгийг л уншихад шатахууны үнийг бууруулахын зэрэгцээ, улс даяар ижил
үнэтэй болгоно гэсэн. Мөн хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгоно, өндөр
хүүтэй зээл авахаас татгалзана зэргээр амласан байна. Би улс төрийн шинж
чанартай амлалтыг хэлэхгүй байгаа шүү. Тэнд суугаад амлалт өгсөн
хүмүүсийг би одоо ойлгохгүй байна.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р багийн иргэн Н.Гантулга

ОУВС гэж сүржин нэртэй байгууллага Монголын төрийг удирдан залж
байна. Монголын нийт баялгийн 80 хувь нь эрх бүхий 30 гэр бүлийн эдийн
засгийн алуурчдын гарт орчихоод байна. Төр өөрөө асуудлаа шийдэж
чадахгүй, ОУВС-тай зөвшилцөнө гэж юу яриад байгаа юм бэ. ОУВС-гаас
татварын орчноо сайжруул гэж зөвлөснийг нь өнөөдөр есөн төрлийн татвар
нэмэх юм шиг харагдуулж байна. Энэ хөтөлбөрт хамрагдахаас өмнө эдийн
засгийн нөхцөл байдал, ард иргэдийнхээ асуудлыг судалж үзэхгүй яасан юм
бэ. Өнөөдрийн зураглалаар Засгийн газрын дээр ОУВС сууж байна. Дээрээс
нь Замын-Үүдийн сургуулиудад хятад хэлний хичээл ордог болж. Хоол хүнс,
хувцас хунар нь бүгд Хятад улсаас шууд хамааралтай болж байна. Үүнд их
санаа зовж байна.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багийн иргэн Г.Баярням

Ерөнхийлөгч улс орон даяар явж иргэдийнхээ дуу хоолойг сонсож байгаад
талархаж байна. Эдгээр уулзалт үр дүнгээ өгөөсэй гэж хүсэж байна. 2016
оны УИХ-ын үр дүнд байгуулагдсан Засгийн газар болон дахин байгуулагдсан
Засгийн газрын шийдвэрүүд нийгмийн дунд маш их бухимдал үүсгэж байгаа.
Тэр дундаа, төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан тухай бичлэг ил
болсон. Энэ бичлэг эвлүүлэг биш нь тогтоогдсон. Энэ асуудал чимээгүй
болчихлоо. Төрийн эрхийг хууль бусаар авах үйлдэл нь төрийн эсрэг гэмт
хэрэг. Энэ бол эх орноосоо урвасан хэрэг. Үнэхээр эх орноосоо урвагч мөн
үү гэдгийг шүүхээр тогтоолгомоор байна. Энэ хэвээр байх юм бол дараа
дараагийн сонгуульд муу жишиг тогтоно шүү дээ.

Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн

Тээр жил та Сайншандын хойд талд төмөр зам байгуулна гэж ирээд нээлт
хийсэн. Бид тухайн үед таныг алга ташаад угтаж байсан. Тэр төмөр замын
бодлогыг бид дэмждэг. Тэр төмөр замын ажил одоо үнэхээр чухал санал
байсан нь батлагдаж байна. Танд их баярлаж байгаа. Гэхдээ намрын бороонд
хөрс нь доошилж, хаврын салхинд үлээгдэх гээд байгаа тул энэ ажлаа
шийдэж өгнө үү гэж хүсмээр байна. Энэ зааланд байгаа хүмүүс ажлын байр,
орлого л хүсэж байна. Тийм учраас та хугацааг нь урагш татаж байгаад
үйлдвэрийн ажлаа хийж өгөөч гэж хүсмээр байна.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 6-р багийн иргэн Б.Мөнгөнсор

“Чихгүй, нүдгүй төр засаг арай л дэндэж байна. Эрх ашгаа хамгаалсан
эрх баригчид эх захгүй хуулиа болих хэрэгтэй. Одоо цагийн хүүхдүүд ямар
өндөр сэтгэхүйтэй билээ. Гэтэл 60 гарсан багш нараар хичээл заалгаад
сууна гэж үү. Олон хүүхэдтэй би гэхэд л тэтгэвэрт гарч
чадахааргүй болчихоод байна. Энэ тэтгэвэр гэдэг юмыг би авч идэж, үр
хүүхдүүдтэйгээ хуваалцаж чадахгүй л үхэх юм шиг байна. Өчнөөн олон хүн
оффшорт данстай гэж байхад ард түмнийхээ халаасанд
гараа дүрчихээд байгаа төрийнхөн ард түмнээс ичих хэрэгтэй. Ард түмэн
чихгүй, нүдгүй биш. Бүгдийг харж сонсож байгаа. Та бүхнийг сонгосон
юм чинь тарааж бас чадах байх шүү. УИХ-ын гишүүд минь юмыг бодож
суугаач гэж хэлмээр байна” гэлээ.

Иргэд аймаг, орон нутгийн болоод бусад асуудлаар санал бодлоо
хуваалцсаны дараа Төрийн тэргүүн иргэдийн асуултанд хариулж, Монгол
Улсын хөгжлийн талаар баримталж буй бодлогоо танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш Говьсүмбэр аймгийн иргэдтэй уулзана.

Categories
мэдээ цаг-үе

Лаос оюутнуудтай, онц сурлагатантай, нүүр ам судлалын ангийнхан

Анагаах ухааны дээд сургуульд 1983-1988 онд суралцсан Нүүр ам судлалын ангийнхныг энэ удаагийн “Нэг анги” буландаа урьсан юм. Туршлагатай ажилчид, арван жилээ төгсөгчид гээд 24-үүлээ нутаг нутгаас цугларан ийнхүү нэг хамт олон болж Нэгдсэн факультетийн стоматологийн ангид элсэн оржээ. Стоматологи нь нүүр ам судлалын анги юм л даа. Анги болгон өөр өөрийн гэсэн өнгөтэй, хүүхдүүд нь ч гэсэн өөрсдийн онцлогтой байдаг. Эдний ангийнхан нийтчээрээ сургуульдаа алдартай, шударга гэж жигтэйхэн, хийе гэсэн зүйлээ шуудхан хийчихдэг болохоор эрдэмтэн, багш нараасаа үргэлж магтаал дуулдаг оюутнууд байжээ.

Г.Бүдээ, Н.Нарангэрэл, Ц.Лхагвадулам нар онц сурна. Хөвгүүдээс Б.Цогтбаатар ангийнхандаа үлгэр дуурайлал үзүүлдэг сурлагатай нэгэн байж. Гэхдээ эдний ангийнхан жигд онц, сайн сурдаг байсныг дурдах хэрэгтэй болов уу. Тэр үед Эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байсан Г.Мажигсүрэн одоо Өмнөговьд хамт олныхоо хүндлэлийг хүлээсэн чадварлаг эмч болжээ. Тухайн үед сургуулийнхаа Факультет, оюутны зөвлөлийн даргаар эдний ангийн Л.Давааням ажилладаг байхдаа сургуулийнхаа дээд, доод оюутнуудын хичээл сурлагын явцад анхаарал хандуулж, ирц бүртгэх, хүмүүжил ямар байна гэх зэргээр хариуцлага тооцдог нэлээд мундаг дарга байсан талаар ангийнхан нь яриад “Шүд, эрүүл ахуй, эм зүй гээд нийт 15 бүлэг байсан. Бүгдийг нь хариуцаж, дэд эрдэмтэн Цолмон багшийнхаа чиглэл өгсний дагуу ажилладаг байсан” гэдгийг нэмж хэлсэн юм. Сурлагаар тааруу явж буй дээд курсийн оюутнуудад шаардах хуудас хүргэдэг байж л дээ. Ингэсний дараагаар зарим нэг оюутан дэгэндээ орж байсан удаа бий гэнэ. Л.Давааням “Сүхбаатарын нэрэмжит цалин”-тай оюутан байж. Тухайн үедээ 450 төгрөг авдаг баян оюутан байсан аж. Тэр үед эмч нар 600 төгрөгийн цалинтай байсан гэхээр дурсахгүй байхын аргагүй л дээ. Л.Давааням энэ тухай ярихдаа “Биднийг сурч байх үед хүмүүс, оюутнуудын хүмүүжил их сайн байсан.

Шаардлагыг маш сайн хүлээж авдаг байсан. Хүн хүнээ хүндлэхийн жинхэнэ мөн чанарыг тэр үед л мэдэрдэг байж дээ” гэлээ. Одоо тэрээр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн Нүүр амны мэс заслын тэнхмийн профессороор ажилладаг бөгөөд Хөдөлмөрийн хүндэт медалиар хоёронтоо шагнуулж, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны тэргүүний ажилтан болж, Алтан гадас одонгоор энгэрээ мялаагаад байгаа аж. Эдний ангид Вон Пад, Вон Ма гэдэг хоёр Лаос оюутан сурдаг байж. Нэг нь Лаостаа олны талархлыг хүлээсэн нэр хүндтэй эмч болсон бол нөгөөх нь Монгол-Лаос эмнэлэгт ажиллаж байгаа гэнэ. 1983 оны үеэр эмч нарыг дээд сургуульд сургая гэсэн бодлого гаргаж байжээ. Үүнээс үүдэж сургалтын программ одоогийнхоос өөр байсан. Уг сургалтаар маш их далайцтай мэдлэг олж авдаг байсан болохоор эдний ангийнхан салбартаа хэд хэдэн ч чиглэл рүү хөрвөж ажилласан байна. Тухайлбал, эх барих, эмэгтэйчүүд, халдвар, хавдар, сэтгэц гээд бүхий л төрлөөр ажиллах боломжтой аж. Тийм болохоор энэ ангийнхан “Хаана ч очсон нүүр бардам ажиллаж байна, бид. Ихэнх маань хөдөө орон нутгийн Эрүүл мэндийн Нэгдсэн эмнэлгийг хариуцан ажиллаж байгаа гээд бод л доо” гэж ангийнхнаараа бахархан ярьж суугаа нь сайхан.

Л.Саадай нь одоо Дарханы “Анхаарал” хувийн эмнэлэгт захирлаар ажиллаж байгаа бол Ц.Мядсүрэн Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Ц.Цэцгээ Дорноговь, Г.Энх-Амгалан Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт, З.Байгалмаа Дорнод аймгийн шүдний эмчээр ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн Г.Бямбадорж Хөвсгөлийн нэгдсэн эмнэлэг, Т.Батсайхан Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт, Б.Цогтбаатар Дундговьд, Д.Галангарай Дарханд тус тус мэргэжлээрээ ажиллаж ард түмэн, орон нутгийнхныхаа хүндэтгэлийг хүлээж байна.

Тэр үеийн оюутнууд зөвхөн суралцахаас гадна намар, хаврын ажилд явна, сургууль, хотоос зарласан элдэв уралдаанд идэвхтэй оролцоно. Нийгмийн идэвх сайтай болохоор ангиараа байнга л хамт ийш тийш явна.

Сангийн аж ахуйн ажилд ангиараа явахдаа олон сайхан дурсамжийг сэтгэлдээ үлдээжээ. Нэгээс тавдугаар курс хүртлээ Монголын бүх сангийн аж ахуйд очиж ажиллаж үзсэн гэхээр бахархмаар. Найрамдал, Орхон, Баруун хараа, Зүүн хараад үтрэм, хадланд гээд намрын ургац хураалтад гар биеэ хайрлахгүй зүтгэнэ. Ангийн дарга Н.Баасанхүү “Баруун хараад ангиараа ажиллаж байлаа. Тэгтэл гэнэт бороо шаагиад эхэллээ. Гэтэл Халдвартын хичээл ордог байсан багш маань бидэн дээр орж ирээд “Сэрээрэй, ажилдаа” гэж хашгирдаг юм байна. Бид яахав унтаж байсан хүмүүс жаахан залхуурсан уу яасан хоорондоо “Гарахгүй шүү, гарахгүй” гээд л ярьж тохиролцоод буцаад унтчихаж билээ. Цагийн дараа багш маань дахин орж ирснээ “Юу вэ, юу болж байна хүүхдүүд ээ” гээд үнэхээр их гайхсан сан. Биднийг буцаад унтана чинээ бодоогүй байх. Яг тэр үед багшийн биднийг мэл гайхсан харцаар зогсч байсан тэр төрхийг одоо ч бид мартдаггүй юм шүү. Бид үгүй ээ мөн сахилгагүй байж дээ”. Тэгээд яахав бид бороо шивэрч байхад цув нөмрөөд л ажилдаа гарч байгаа царай гаргана. Ангийн дарга маань тэгэхэд бороон дунд хоол хийгээд л зогсч байж билээ. Энэ мэт хөгжилтэй, хөөртэй үйл явдал ажил хийж байхад олон тохиолдоно оо” гэж дурсамжтай намруудынхаа тухай хуучилсан юм.

Ангийн багш Н.Пүрэвжав нь Согог, гажиг мэс заслын хичээлийг заадаг байж. Эдний ангийн Г.Мажигсүрэн “Бид нарыг сурч байх үед манай Нэгдсэн факультетийн захирал Чүлтэмсүрэн, дэд эрхлэгч Ц.Норовпил, нарийн бичгийн даргаар Долгор, тэнхмийн лаборантаар Х.Баасанхүү, мэс заслын багш Г.Нацагдорж, Н.Оюун, дэд эрдэмтэн Цолмон, эмчилгээний багш Б.Оюунбат нар ажиллаж байлаа. Сургуулийн багш нар маань оюутнуудаа нийгэмд зөв хүн болгож төлөвшүүлье, мэдлэгтэй болгоё, сайн эмч болгоё гэсэн зорилго нь илт харагддаг байсан нь хичээлээ зааж буй байдал, харилцаанаас нь мэдрэгддэг байсан шүү. Тийм ч болохоор өдий зэрэгтэй яваа минь багш нарын минь гавьяа шүү дээ” гэсэн юм.

Эдний ангийнхан нийтэч гэж нийтлэлийн эхэнд тодотгосон шүү дээ. Нийтчээс гадна амь нэгтэй. Нэг нэгэндээ хичээлээ зааж өгнө, хичээлээс хоцорсон, хичээлээ ойлгоогүй нөхдөдөө арай туршлагатай нь чаддаг бүхнээ хэлж өгнө. Хичээлийн жижигхэн танхимдаа тойрч суугаад ингэж давтлага хийгээд маргааш нь шалгалтдаа онц авч багш нараа гайхшруулж байсан тохиолдол эдний ангийнханд олон бий гэнэ. Өдий хүртэл харилцаа холбоотой байгаагийн гол цөм нь ангийн багш нь. Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Н.Пүрэвжав бол ангийн багш нь. Одоо ч сургуульдаа ажиллаж оюутнууддаа эрдмийн хишгээсээ хүртээж байгаа сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн билээ.

Ангийн дарга Н.Баасанхүү Анатомийн хичээлээр шалгалт авч байхад Дагданбазар багшийгаа “Мускаклус!” гэж дууджээ. Мускаклус гэдэг нь булчин гэх утгатай үг гэнэ. Бүгд инээлдэж тухайн үедээ инээдэм ханиадам болж байсан тэр үйл явдал тухайн үедээ Н.Баасанхүүд хэцүү байсан ч одоо эдний ангийнхны ярих дуртай дурсамжуудын нэг болжээ. Тухайн үед мань хүн сандрахдаа тэгээд дуудчихаж л дээ.

Тэд “Ер нь хүнд хүмүүжил, мэдлэг их чухал. Ном их унших ёстой. Ном уншихгүй болохоор юм л болвол интернет рүү хялбар аргаар юм олж мэдэх гээд байдаг. Толгойгоо ажиллуулдаггүй. Хамгийн гол нь мэдлэгтэй хүн хаана ч алзахгүй. Ингэсэн хүн л сайн эмч болж, оношоо зөв тавьдаг юм шүү” гэж хойч үеийн эмч нар, энэ мэргэжлийг эзэмшихээр сурч байгаа дүү нартаа захисныг уламжилъя.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт маргааш болно

“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт маргааш болно зурган илэрцүүд

НЗДТГ, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтыг дөрөв дэх жилдээ энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна.

“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” нэрийн дор хотын удирдлагууд бизнесийн төлөөлөл, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд хамтран анхны форумыг зохион байгуулж байсан. Анхны форумаар хотын захиргаа бизнесийнхнийг дэмжин ажиллахад харилцан тохиролцож санамж бичигт гарын үсэг зуран тунхагласан юм. Улаанбаатар хотын худалдааны танхимын санаачлагаар зохион байгуулагддаг энэхүү форум нийслэл болон хувийн хэвшил тэдний асуудал бэрхшээл, шийдэх арга замаа дүгнэн хэлэлцдэг томоохон чуулга уулзалт болон өргөжин 4 дэхь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Жилээс жилд чуулга уулзалтын агуулга, ач холбогдол өргөжин оролцогч зочид төлөөлөгчдийн тоо өссөөр байна. Онцлох ач холбогдол бол хувийн хэвшилд хаалттай байсан худалдан авалт, төсөл хөтөлбөр, тендерүүд нээлттэй болж үүнийгээ чуулга уулзалтаар зарлаж эргээд нийслэлд хэрэгжүүлж болох бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдийг хувийн хэвшлийнхэн хотод танилцуулдаг болсон явдал юм.

2015 онд 800, 2016 онд 1000 гаруй, 2017 онд мөн мянга гаруй бизнес, аж ахуй нэгжийн төлөөлөл “Улаанбаатар хөрөнгө оруулалт” бизнес чуулга уулзалтанд оролцож ирлээ.

Өнгөрсөн жил Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уг ажлыг үргэлжлүүлэн дэмжиж УБХТ-ын гишүүд болон бизнес эрхлэгчидтэй санал солилцон “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” форумыг хамтран зохион байгуулсан. Улаанбаатар хотын хөгжлийн төслүүдэд хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох боломжтой талаар хот хувийн хэвшлийнхэн харилцан санал солилцож нийслэлээс 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулан чуулсан билээ.

Энэхүү чуулга уулзалтаас хойш Улаанбаатар хотын худалдааны танхим, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэд хэдэн удаагийн уулзалтыг тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулж, хамтын ажиллагааны шинэ төслийн талаар санал солилцсон. Нийслэлийн удирдлагын баг бодлого, зорилтоо танилцуулж, бизнесийнхэн шинэ төсөл хөтөлбөр, инновацийн тухай ч илтгэлүүд тавьсан өргөтгөсөн хуралдаан болсон байна.

Дээрхи тогтмтол уулзалт, яриа хэлэлцээрийн үр дүнд “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтын өмнө НЗДТГ, Улаанбаатар хотын худалдааны танхим хамтарч “Ногоон сан” ТББ байгуулсан. Ногоон сан нь ашгийн бус, төр бизнесийн салбарынхан хамтран агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг эрчимтэй хийх, шинэ технологи нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах, эцсийн хэрэглэгчид ногоон технологийг хүргэх зорилготой юм. “Ногоон сан” нь танхимын гишүүдийн хандив дэмжлэгтэйгээр санхүүжихээс гадна, гадаад дотоодын хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтад тулгуурлан үйл ажиллагаа явуулна.

“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтын онцлог нь хувийн хэвшил, бизнесийнхэний хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг илүүтэй дэмжиж, Улаанбаатар хот хамтран ажиллаж, иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулахын төлөө бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг чиглүүлэхэд оршиж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын мэдээлэл, танилцуулга өгч, Улаанбаатар худалдааны танхимын гишүүд төрөөс дэмжлэг авч, хамтран хэрэгжүүлж болохуйц томоохон төсөл хөтөлбөрүүдээ танилцуулна. Мөн нийслэлийн харьяа агентлагууд үзэсгэлэн гаргаж, худалдан авах ажиллагаа болон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, нийгмийн салбар гээд бүхий л чиглэлээр бизнесийнхэн болон аж ахуй нэгжид мэдээлэл өгнө.

Уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, Олон Улсын байгууллагын төлөөлөгч, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид оролцоно.

Түүнчлэн “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес чуулга уулзалтын логог тэнгэрийн цэнхэр, агаарын цагаан, модны ногоон, асч бадамлахын улаан өнгийг оруулж хийсэн болно. Энэ өнгө нь иргэдийн ажиллаж, амьдрах, бизнесээ эрхлэхэд таатай орчныг бүрдүүлж, агаар, хөрсний бохирдолын асуудалд онцгойлон анхаарсан жил байна гэдгийг илтгэж байна. Мөн “Эко хот, эдийн засгийн төв” байх зорилтыг давхар агуулж, хөгжин дэвжихийг билэгджээ.

Улаанбаатар хэмээх бичиглэл нь нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс баталсан шинэ өнгө төрх бүхий эрч хүчтэй залуу хотыг харуулсан бичиглэлийг шингээсэн байна.

“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт нь “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн зорилтыг төр, хувийн хэвшил хамтдаа хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Мөнхбаатар: Бид багш бэлтгэж буй тогтолцоогоо сайжруулах шаардлагатай

Гэрэл зургийг Г.Базаррагчаа

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн түүхийн багш Ардын боловсролын тэргүүний ажилтан Д. Мөнхбаатартай уулзаж ярилцлаа.


-Та хэд дэх жилдээ багшилж байгаа вэ?

-Багшаар ажиллаад арваад жил болж байна. Энэ хугацаанд Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуульд л ажилласан. Одоогоор “Монголын багш нарын нэгдэл” төрийн бус байгууллагын менежерээр ажиллаж байгаа.

-Түүхийн хичээл Ерөнхий боловсролын сургуульд хангалттай цагаар орж байна уу. Сурагчид хангалттай мэдлэг авч чаддаг болов уу?

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар Монголын түүхийн хичээлийг долоо хоногт ердөө нэг цаг үздэг болгосон. Энэ бол эх түүхээ үгүйсгэсэн үйлдэл болж байна л даа. Манайх шиг аугаа түүхтэй оронд байж болохгүй үйлдэл. Гадны хөгжилтэй орнууд өөрсдийн түүхээ улам бүр нарийн, заавал судлах ёстой хичээл гэж үзэн оруулдаг. Гэтэл манайд хасчихлаа. Хүүхдүүд түүхээ мэдэхийг төдийлөн хүсэхгүй болсон энэ үед заавал үзэх хичээлийн жагсаалтаас хасч, ерөнхий сонгож суралцах хичээлийн жагсаалтад оруулахаар улам л судлахгүй болно гэсэн үг. АНУ-д гэхэд түүхийг 300 гаруй хүрээлэн чиглэл чиглэлээр нарийн судалж байна.

-Багшийн цалин хангалтгүй байдгаас шалтгаалж энэ мэргэжлийг сонгон суралцах залуусын тоо цөөрсөн үү?

-Яг ийм асуудал тулгарч байгаа. Элсэлтийн ерөнхий шалгалтад хангалтгүй оноо авсан, хичээлдээ тааруу оюутнууд Монгол Улсын боловсролын Их сургуульд элсэн орох нь олон. Би Боловсролын их сургуулийг сургалт муутай гэж хэлж байгаа юм биш. Хамгийн гол нь сурлага муутай, багш болох чин хүсэл эрмэлзэлгүй оюутан элсэх болж. Энэ нь амьдрал дээр багш мэргэжлийн нэр хүндийг унагаж байна л гэж хэлж байна.Чадвартай, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүд энэ мэргэжлийг сонгоход цалин муу учраас хүндрэлтэй байна л даа. Ирээдүй үеийг сурган хүмүүжүүлж буй хүмүүс маань мэргэжлийн чадваргүйгээс шалтгаалж хүүхдүүдэд шаардлагатай боловсрол олгож чадахгүй байна.

-Элсэлтийн ерөнхий шалгалтад төгсөгчдийн дийлэнх нь хангалтгүй дүн үзүүлж байгаа. Энэ багш нарын заах арга барил, ур чадвартай холбоотой юу?

-Нэг талаараа холбоотой л доо. Сүүлийн үеийн залуу багш нар өөрийн анхааралгүйгээс болоод сул боловсрол эзэмшсэн нь хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж байна. Бид багш бэлтгэдэг тогтолцоогоо чанаржуулах шаардлагатай байгаа. Ахмад багш нарын туршлагыг залуу багш нарт өвлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах шаардлагатай байна. Төгсөөд гарахад ажын байр нь бэлэн, цалин өндөртэй байхад сургууль руу шилдэг залуусын давалгаа чиглэнэ шүү дээ.

-Багш мэргэжил цалин хангамж бага учраас зөвхөн зорьсон хүмүүс л сонгоод байна уу даа?

-Тийм ээ. Нэг бол бүр зорьж багш болж байна. Нөгөө хэсэг нь дээд сургууль олдохгүй явж байсан нөхдүүд аргагүй эрхэнд энэ мэргэжлийг сонгон суралцаж байна. Ийм багш нар ажил дээр гараад ур чадвар нь гологддог. Мөн хувийн олон дээд сургуулиуд багш гэсэн мэргэжлээр чанаргүй боловсон хүчин бэлтгэж байгаа. Эд нар маань Элсэлтийн өрөнхий шалгалтанд хангалтгүй дүн үзүүлсэн хүүхдүүдийг авчихдаг. Оюутнуудаа хангалттай хэмжээнд боловсруулж ажлын байранд гаргаж чаддаггүй. Энэ ганц Монгол Улсын боловсролын их сургуулийн асуудал бол биш.

-Чанартай багш нар бэлтгэгдэж гарлаа гэхэд ажлын байр хангалттай байдаг уу?

-Хангалттай гэж хэлэхэд хэцүү л дээ. Өнөөдөр салбар бүрт шахуу яригддаг ар өврийн хаалганы асуудал байдаг. Гэхдээ бэлтгэгдэж гарч буй бүх багш нарыг ур чадваргүй гэж хамаатуулж болохгүй. Энэ мэргэжлийн төлөө өөрийн зүрх сэтгэлээ зориулж хичээл зүтгэл гаргаад явж байгаа олон хүн байдаг.

-Багш нарын эрх ашгийг хамгаалах байгууллага ажлаа хийхгүй байна гэж үзэж болох уу?

-Багшийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Боловсролын үйлдвэрчний эвлэл гэдэг газар үүргээ гүйцэтгэж тэдний дуу хоолой болж явсан бол өнөөдөр багш нар цалингаа нэмүүлэхийн төлөө шаардлага хүргүүлнэ гэж тэмцээд явах хэрэг байхгүй шүү дээ. Багшийн ажлын байранд хөдөлмөрийн хууль зөрчигдөж байна уу, нийгмийн асуудлаар яаж дэмжих ёстой вэ гэх мэт асуудлуудыг төрд хүргэж байх ёстой газар л даа. Багш нарын эрх ашгийг дэмжсэн бодлого шийдвэр гаргуулахад шахаж байх ёстой байгууллага маань өнөөдөр Засгийн газрын нэг бүтэц болчихсон юм шиг л ажиллаж байна.

-“Монголын багш нарын нэгдэл” төрийн бус байгууллага багш нарын эрх ашгийг хамгаалахын төлөө яаж ажиллаж байна.

-Монголын багш нарын нэгдэл төрийн бус байгууллага нь нийт багш нарын эрх ашгийг хамгаалах, цалинг нь нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан байгууллага. Манай төрийн бус байгууллагын дэргэд шинэ цалин нэмэгдүүлх байнгын хороо, ахмад багш нарын эрх ашгийг хамгаалах хороо, үйлдвэрчний эвлэлийг шинэчлэх хороо зэрэг хороод байгуулагдан ажиллаж багшид тулгамдаж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд тэтгэврийн насыг нэмэх шийдвэр гараад явж байна. Үүнийг эсэргүүцэж манай багш нар багшийн тэтгэврийн насыг эрэгтэй 55, эмэгтэй 50 байх ёстой гэсэн шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр болж байна. Энэн дээр ахмад багш нарын эрх ашгийг хамгаалж, тэтгэврийн зөрүүг багасгах асуудлыг хүргүүлж байгаа. Өнөөдөр 2010 онд тэтгэвэрт гарсан багш 270 мянган төгрөгийн тэтгэвэр авч байхад 2017 онд тэтгэвэрт гарсан багш 550 орчим мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байх жишээтэй. Үүнийг арилгаж инфляци нэг хувиар өсөхөд багшийн тэтгэвэр дагаад 1.5 хувиар өсдөг баймаар байна. Ахмад туршлагатай багш нараар зөвлөх багш хийлгэдэг баймаар байна. Энэ нь залуу багш нарт туршлага суулгах сайн талтай. Дээрээс нь хүүхэд харах үйлчилгээ, өдөр өнжүүлэх зэрэг байгууллагуудад ахмад багш нарыг ажиллуулмаар байна. Эдгээр газруудад мэргэжлийн бус хүмүүс ажилласнаар нийгэмд зүй бус үзэгдлүүдийг бий болгодог.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ цаг-үе

Заяатын Ядмаа: Зохиолчдын маань инээд наргиан бичигдэж үлддэг байсан бол мөн ч сайхан архив байх сан

Төрийн шагналт зохиолч П.Пүрэвсүрэнгийн хамт. 1979 он. Хонгорын элс

Монголын Зохиолчдын эвлэлийн болон “Алтан-Өд”-ийн шагналт зохиолч, яруу найрагч Заяатын Ядмаатай уулзаж хөөрөлдлөө.


-Пүрэвдорж найрагчийн талаар хөөрөх зүйл ихтэй л хүн юм аа, та?

-Би багшийгаа монгол яруу найргийн Их хаадын нэг мөнөөс мөн гэж боддог. 2006 онд байна уу даа, Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар багштаны байр орчмын гараашуудыг ачихыг нь ачиж, буулгахыг нь буулгаж эхэлж. Багш даргын өрөөнд заларч номоо бэлэглэх завсраа нэгэн зурвас атгуулсан байгаа юм. Тэр зурваст “Үхсэн хойноо би Алтан-Өлгийгөөс газар гуйхгүй. Амьддаа би алгын чинээ газраа хэнд ч өгөхгүй ээ. Эрлэгийн элч над руу ирж яваа. Эрхэм дарга та хүлцэж хайрла. Зургадугаар хорооны зуурдын иргэн Пүрэвдорж” гэж. Үүнийг уншсан дарга машиных нь гараашийг буулгалгүй үлдээсэн гэдэг сэн. Нэгэнтээ хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын найранд уригдахдаа номоо хадагтай өргөхдөө “Халхын хавтгай дээр

Хаа сайгүй бэлчиж яваа

Хариулга байхгүй

Халзан цагаан хоньдоос нэгийг аваарай” гэхэд найрынхан хөхрөлдөж тэндээс нэг нөхөр “Арвайхээрийн хөгшин хулгайч залуу хулгайчдаа юм зааж өгч байхыг нь хараач” гэж улам хөгжилдсөн гэдэг. Багштаныг мэнд ахуйд “Тэнгэрлиг найрагч” хэмээх томоохон номыг ганцхан сарын дотор бэлдэн хэвлэж Д.Төрбат, Х.Зандраабайдий гурвуул дээжийг нь гэрт нь хүргэж өглөө. Багштан үүнд ёстой нэг гайхах, баярлах хоёр зэрэгцэж билээ.

-Зохиолч С.Дашдооров гуай та хоёр чинь яах аргагүй нэг довны хоёр доо?

-Тэр их аваргын нэрийг сонсох тоолон Дэлгэрхангай хэмээх жижигхэн мөртлөө том хөх хайрхны дүр зураг нүднээ тодорч судаг жалгынх нь цэцэг ногоо үнэртэх мэт болж нутаг минь санагддаг. Дооров Зохиолчдын хороонд ажиллаж байхдаа умгар жижиг өрөөндөө олон зохиолч шавуулчихсан гэргий Итгэлийнхээ Англиас авчирч өгсөн гоёмсог модон гаансанд “Нептун” тамхи нэрсэн шиг инээд наргиа цалгиулж суух нь бас л энгийн бөгөөд их том харагддаг сан. Дооров хүнийг шоолох наргих гэж ёстой нохойтож өгнө.Тэр нь бараг л өөрийнх нь хообий гэхэд хилсдэхгүй.

-За, яаж нохойтохов?

-Өө, тэр чинь хуван шигтгээ гэмээр жижигхэн шар шүд гарган ёжтой нь аргагүй хүд хүд инээн “Инхүүлээд, тэнхүүлээд, юу яагаад” гэсэн сул үгийг бараг үг болгоныхоо завсар чигжээлж ярихдаа их гаажтай. Би түүнтэй нэг нутаг ус гэж бахархахын чацуу зүйдэл таарахгүй ч суудал таарч явсан минь олонтаа. Яруу найрагч П.Бадарч армийн яруу найргийн тэргүүн шагнал сэлмээр шагнуулаад Дооров, Долгорын Нямаа бид гурвыг гэртээ урилаа. Сэлэмний найр ч оройтож тарлаа. Маргааш нь хар өглөөгүүр Дооров утасдаад “Та хоёрын өчигдрийн явдлын тухай цаагуур чинь нэг иймэрхүү юм гарсан байна” гээд

“Нямаа, Ядмаа хоёр

Айлд уригдахаар болжээ

Айлд уригдаж очоод

Архи уухаар болжээ

Нямбай зантай Нямаа

Яанаа гэж сүрджээ

Ня-Бо албатай Ядмаа

Яадгийм гээд дайрчээ

Уусаар байгаад Нямаа

Суудал дээрээ унтжээ

Туусаар байгаад Ядмаа

Сууц өргөөндөө харьжээ” гэсэн байна гээд хэг хэг инээж байгаа юм. Айлд адилхан уригдаж архи уучихаад мөн ч амжуулдаг толгой шүү. Бас нэг удаа нэг зохиолчтой утсаар ярьсан байгаа юм.

-Бас л нохойтож уу?

-Баян-Өлгийгөөс ирсэн тэр байна гэж хасаг аялгуугаар ярихдаа “Таны зохиол манайд казах хэлээр гарлаа. Та Зохиолчдын хороон дээр ирж шагналаа аваарай” гэж ярьсан байгаа юм. Нөгөөх нь яарч ирээд хасаг зохиолч хайгаад байдаг. Золигийнх нь хасаг зохиолч байхав дээ. Манай П.Бадарч гэнэндүү зангаасаа болж Дооровтоо хоёр сайн чадуулснаа хуучилдаг сан.

-Хоёр удаа яаж чадуулсан юм бол?

-Бадарч нэг өдөр Зохиолчдын хорооны цайны газар ортол Дооров, Д.Нямаа, Д.Төрбат нар нэг монхойсон нөхөртэй хооллож байх юм гэнэ. Дооров Бадарчид хандан “Чи энэ хүнтэй танилц. Буриадын Зохиолчдын хорооны орлогч дарга Борис Хянганов гэдэг хүн. Албан тушаалын хувьд ч чиний л зиндааны хүн юм байна” гэж дээ. Нөгөө хүн нь нэг их юм ярихгүй юм гэнэ. Бадарч ч үнэмшиж гайгүй хэдэн төгрөгөөрөө дайлж, маргааш нь Хянгановыг өрөөндөө хүлээж авахаар тохироод л сүйд болж. Өглөө нь Бадарч жигтэйхэн гочихсон хүн “Гадаадын хүн хүлээж авна” гээд лонх юм бэлдээд, чихэр жимс болоод бөөн л хөл болохгүй юу. Тэгтэл Дооров ороод ирж. Нөгөө нөхөр ирдэггүй шүү гэтэл Дооров нэг муу инээмсэглэхчээ аядаад “Юуных нь Буриадын Зохиолчдын орлогч дарга байхав дээ, Бадарч минь. Завханых ч гэл үү, жолооч нөхөр байхгүй юу” гээд “За тэр яахав. Дотор муу байна. Наадахаа задал задал” гэсэн гэж байгаа.

Ардын уран зохиолч Д.Цоодолын хамт. 2013 он

-Саяхан Зохиолчдын эвлэлийн баярын өдөр Санжийн Пүрэв баавай минь бурхан болж дэндүү их харамслыг нөхдөдөө үлдээлээ шүү?

-Хэлээд яах вэ хө. Хасбаатарын Мэргэн дүүг бурхан болоход их харамсаж очиж яваад тийм юм болж. Хоёулаа л хороонд ажиллаж байсан улс. Боодгийн чулуу шиг гялалзсан бор залуутай жараад оны сүүлээр Даланзадгадад танилцсан минь Санжийн Пүрэв байсан. Бичгийн цаасыг дундуур нь хувааж дэвтэрлээд гаргацтай сайхан бичгээр бүтээлээ туурвиж суухыг нь олонтаа харж байлаа. Пүрэв бидний хувьд нөхдөө шоолж наргихдаа үзэл нийлж, үг нийтгэж байсныг алийг хэлж барахав. Залуудаа хөлбөмбөгийн бөөн хорхойтон төдийгүй улсын нэгдүгээр зэргийн тамирчин байсан хүн шүү. Мань эр зохиолчийнхоо зэрэгцээ мундаг гэрэл зурагчин шүү дээ. Зохиолчдын зургийн бүхэл бүтэн архивтай болсон байсан. Муу нөхөр минь хүнийг шоолж егөөдөхдөө мөн ч уран шооч хүн дээ. Пүрэвийнхээр зохиолч Урианхай, Ч.Нацагдорж хоёр айл саахалт явдаг хоньчин байх юм гэнэ. Нэг өдөр хонио нийлүүлчихэж. Урианхай нь “Найз аа, хонио ялгах гээд төвөг удаад яах вэ хө. Дундуур нь адилхан хуваагаад авчихъя” гэхэд Нацагдорж “Тэгж ярихгүй шүү, нөхөр минь” гэснээ өөрийнхөө хонийг нэг бүрчлэн тэмдэглэсэн өнгөт гэрэл зураг гаргаад ирсэн гэнэ гээд наргиа ярина. Энэ хоёр зохиолчийн араншинг яг л нүдэнд харагдтал шоолсон байдаг юм. Санжийн Пүрэвийг нэг зохиолчтой хамт Зохиолчдын хороо руу орж иртэл зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэн дээд өрөөний нэгэнд “Ээ, новш оо” гэх сонстов гэнэ. Нөгөө зохиолч “Энэ юу болж байна” гэтэл “Пүрэвсүрэн маань шатар тоглоод нэг бод алдах шиг боллоо” гэжээ. Хоёр давхарт гараад иртэл Пүрэвсүрэн дахиад л “Ээ новш оо” гэж гэнэ. “За энэ яаж байгаа юм бол” гэтэл Пүрэв “Яах вэ, цаадах чинь дахиад нэг бод алдлаа” гэж. Гурван давхарт гараад иртэл Пүрэвсүрэн улам чанга уулга алдаж. “Энэ юу болов” гэтэл Пүрэв “Яах вэ, Пүрэвсүрэн маань хожигдчих шиг боллоо” гээд инээсэн байгаа юм. Найз маань сүүлийн үед энэ цахим хуудсаар утга, уянгын сайхан ухааралтай зүйлсээ тавьсаар, олон ч хүнд баяр жаргалтай гэгээн сайхныг бэлэглэсээр буцлаа даа.

-Та Монголын зохиолчдын хороонд олон жил нягтлангаар ажилласан биз?

-Монголын зохиолчдын хороонд гучин таван жил ажилласан, Монгол Улсад дөчин таван жил дөчин таван хоног ажилласан гэж ам цаасанд барлуулж, албан тамгаар баталгаажуулсан байх юм. Шүлэг голдуу арван ном хэвлүүлж, тоо голдуу зуун мянган баримт шалгуулсан хүн дээ. Яахав, буруу амаар хов зөөсөнгүй, булхайн замаар мөнгө тээсэнгүй. Шударга байлаа гээд хожсонгүй, шуналгүй байлаа гээд хохирсонгүй шив дээ. Олны нүдэнд танигдах гэж түмний урдуур гүйсэнгүй. Оноосон үүргээс бултаж хүний хойгуур суусангүй дээ. Далаад оны үед Зохиолчдын хороонд хамгийн залуу нь би байсан болохоор баярын үеэр хариуцлагатай жижүүрт Ядам, байшингаа туг лоозонгоор чимэглэхэд Ядам, баярын жагсаалд туг далбаа барихад Ядам, хог цэвэрлэж ачуулахад Ядам байлаа. Хүний бага нь юм чинь гүйх юманд гүйлгүй яахав. Харин би ам бардам хэлэхэд нэг ч зохиолчийн архинд гүйж байсан удаа ганц ч байдаггүй юм. Наяад онд Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгссөн Н.Энхбаяр, Х.Мэргэн, Б.Нарантуяа, Л.Нарангэрэл нар хороонд ажиллах болсноор ойр зуурын ажилд дайчлагдах нь гайгүй болж билээ. (инээв. сурв)

-Гуч гаруй жилийн хугацаанд олон даргын нүүр үзээ дээ?

-Сономын Удвал, Лодонгийн Түдэв, Дэндэвийн Пүрэвдорж, Д.Наваансүрэн, Дожоогийн Цэдэв, Доржийн Гармаа, Дүгэржавын Маам, Ши.Цэнд-Аюуш, Долгорын Нямаа, Бавуугийн Лхагвасүрэн, Дамбын Төрбат, Цоодолын Хулан нарын олон зохиолч даргатай хамт ажилласан. Намын хянан шалгах, Ардын хянан шалгах, Сангийн яамны шалгалт, улсын аудит, Мэргэжлийн хяналт, Нийгмийн даатгал, татвар гээд хэчнээн олон шалгуулсан юм бэ, тоогоо алдаж. Ямар ч байсан энэ олон шалгалтад өртөж шалгуулахдаа өөрөө өеөдөлгүй, өрөөлийг хөөдөлгүй өнгөрч байсан болохоор дүн нуруутай шүү байсан юм бол уу даа. Магтуулж сүлд болсонгүй, матуулж сүйд болсонгүй олон он жилийг үдсэн дээ.

-Таныг анх ажиллахаар ирж байхад Зохиолчдын хороо маань ямаршуухан байдалтай байв?

-Манай зохиолчдын ордон ашиглалтад ороод нэг хоёр жил л болж байсан. Өрөө бүхэн нь зохиолчдоор дүүрэн, ширээ бүр нь бүтээл номоор дүүрэн, шат дүүрэн цэцэгтэй, шал дүүрэн хивстэй тансаг орчинд л алба хаших хувь заяа намайг тоссон. Зохиолчдын хорооны байшин хэрхэн баригдсан тухай ня-бо Х.Цэвээн гуайгаар хожим яриулахад сонин л түүхтэй юм билээ.

-Ямар сонин түүх байна?

-Удвал дарга Б.Ринчен гуайг дагуулаад Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Майдарт бараалхаж “Зохиолчдын хороо маань олон жил айлын хаяа бараадлаа. Одоо өөрийн гэсэн байртай болж өрх тусгаарламаар байна” гэж хүсэлт тавьж. Тэгтэл Майдар дарга их янз муутай “Тэр байшинг чинь тэгээд юу гэж нэрлэх болж байна. Архичдын ордон гэх юм уу” гэжээ. Ринчен гуай хариуд нь “Дарга аа, Их тэнгэрийн аманд байдаг байшинг чинь юу гэдэг билээ” гэж. Майдар “Харш гэдэг юм” гэж. Ри гуай “Тэгвэл тэгж л нэрлэхээс” гэж хэлээд таг болгосон гэдэг. Майдар дарга аргагүйдэж “Танайх Утга зохиолын фондын хөрөнгөөрөө байшин барьж бай, дараа нь хөрөнгө мөнгийг шийдэж өгье” гэсэн хариу өгч л дээ. Ингээд төрийн шагналт архитекторч Лувсандоржоор зураг төслийг нь хийлгэж, барилгын ажлыг шуурхайлснаар зохиолчид өөрийн гэсэн байртай болсон байдаг. Майдар даргаас барилгын хөрөнгийн талаар эргэж дурсвал “За за, байртай болсонд чинь баяр хүргэе” гэсэн шүү юм хэлээд “луу унжчихсан” гэдэг. Энэ нь ч Монголын зохиолчдод хожоотой юм болсон доо.

-Яагаад зохиолчид хожсон гэж?

-Зах зээл эхэлж улс хөрөнгөө бүртгэж эхлэх үед зохиолчдын уран бүтээлийн шимтгэл, гишүүдийн татвар, Үлгэрийн танхимын ашгаар уг байшин баригдсан нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон тул хэд хэдэн удаа ирсэн шалгалтынхан дэмий л гайхшраад өнгөрсөн үнэн түүх байдаг. Удвал, Ринчен нарын ухаант мэргэд маань хэрвээ энэ байшинг босгоогүй айлын хаяанд явсан хэвээр байсан бол Монголын зохиолчид өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо шиг л энд тэнд байр түрээсэлж, хэрдээ зовж явах байсан юм шүү. Тэгэхээр тэр үед төр засаг хөрөнгө гаргаж өгөөгүй нь ч болсон байгаа биз. МЗЭ-ийн хороо ордонтой болуут ЗХУ-ын Зохиолчдын хорооны утга зохиолын фондноос манай хүсэлтийн дагуу мебель шүүгээ, ширээ, сандал, цайны газрын иж бүрэн төхөөрөмж хүрэлцэх хэмжээгээр бэлэглэсэн нь тухайн үедээ чамин тансаг тавилга байсан. Тэр чамин тавилгыг одоо ч ашигласаар л байгаа нь сайхан шүү. МЗЭ-ийн Утга зохиолын сангийн хөрөнгөөр өөрийн байртай болсноор дансандаа гурван зуун мянган төгрөгтэй үлдсэн байсан.

-Тухайн үедээ овоо л хөрөнгө гэсэн үг биз?

-МЗЭ-ийн Утга зохиолын фонд тэр үед ачааны хоёр, суудлын хоёр машинтай, “ПАЗ” автобустай, Дэнжийн мянгад хашаа агуулахтай, Шадавлинд хорь шахам зуслангийн байшинтай, Шаамарт уран бүтээлийн байртай товхийсэн айл байлаа. Улсын төсвөөс жилд 600-700 мянган төгрөгийн төсөв олгодог, дал гаруй орон тоотой болтлоо өргөжиж байсан тийм цаг үе. Гадаадад оюутан сургах, зохиолчдыг гадаад томилолтоор явуулах, зочин хүлээн авах, гэр бүлийн хамт амруулах зэргээр гадаад харилцаа ч өргөжин хөгжиж байсан.

-Таны алба хашиж байсан Утга зохиолын фонд ямар бүрэлдэхүүнтэй байв. Бас л нэг түүх юм даа?

-МЗЭ-ийн Утга зохиолын фондын харьяанд Ардын үлгэрийн танхим гэж олон түмэнд урлагаар үйлчилдэг өгөөжтэй газар байлаа. Энэ танхимыг анх Дорноговь аймгийн харьяат “Гар буу” хэмээх Дамдин санаачлан байгуулсан гэдэг. Үлгэрийн танхимд Үржинханд, Цэрэндэмчиг, Жанцанчой, Баттөмөр, Өлзий Цэрэнчимэд, дуучин Цэрэнчимэд, Баярмагнай, Галсантогтох, Оюун, Базарбат, Дончид, Володя, Бямбажав, Одончимэг, Лхагвасүрэн нарын олон авьяастнууд ажилладаг байсан. Ардын үлгэрийн танхимаас Д.Жанцанчой, Ц.Цэрэндорж, уртын дууч Д.Баттөмөр, Базарбат, үлгэрч Д.Өлзий, лимбэчин Галсантогтох нар Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэж, Ш.Гүрбазар, Д.Гүрсэд, Ө.Нарангэрэл нар соёлын гавьяат зүтгэлтэн, Бавуугийн Лхагвасүрэн Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч болсон гэхээр мундаг байгаа биз.

-Зохиолчдынхоо тухай хамгийн гэгээн сайхан номуудыг бичсэн хүн бол та шүү…

-Зохиолчид гэдэг чинь дээд оюун ухаанаас авьяасын хишиг хүртэж, дэлхийн хүмүүн төрөлтөнд уран бүтээлийн бэлэг тарааж өгдөг хэмжээлшгүй их номын буянтнууд даа. Манай зохиолчид чинь зөвхөн уран бүтээлээ туурвиад байхгүй, олон төрлийн давхар авьяас билэгтнүүд шүү.

-Хэн хэн нууц авьяастай байв?

-Далантайн Тарва гуайг төгөлдөр хуур сайхан тоглодог гэдэг. Хүүхдийн зохиолч Д.Содномдорж найрагч баян хууртай дуулна. Готовын Нямаа хүчтэй гоцлол дуучин, Д.Даржаа тэшүүрийн спортын мастер, “Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч Сэтгэл, зүрх хоёртоо шатсан” Ц.Цэдэнжав шатрын спортын анхны мастер, Готовын Аким теннисчин, Санжийн Пүрэв хөлбөмбөгчин, “Ард Аюуш” Л.Чойжилсүрэн, Ч.Мягмарсүрэн нар сумын заан, Л.Түдэв, П.Бадарч, Б.Лхагвасүрэн, Дашзэвэгийн Банзрагч, Цэндийн Доржготов нар зураач, З.Далхжав хүндийг өргөгч, Х.Зандраабайдий, Ч.Нацагдорж, Загдын Түмэнжаргал нар сайхан бичигтэн, Д.Пүрэвдорж багштан, П.Бадарч нар яггүй сайн тогооч. Доржийн Гармаа боодог сайхан хийнэ. С.Дашдэндэв тарвагачин, Х.Мэргэн загасчин гээд явж өгнө шүү. Зохиолчдын хорооны ордны хананд зохиолч нөхдийн маань инээд наргиан соронзон хальс шиг бичигдэж үлддэг байсан бол мөн ч сонин архив байхсан билээ.

Categories
мэдээ спорт

Архангайн С.Майнбаяр гурав дахь удаагаа түрүүллээ

Монголын үндэсний бөхийн холбооноос сар бүр зохион байгуулдаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн нэгдүгээр сарын барилдаан явагдаж өндөрлөлөө. Монгол бөхийн ирээдүйн өнгийг тодорхойлох аварга арсланууд эдэн дундаас л төрөх тул шимтэн үзэгчдийн хүлээдэг барилдаан болоод байгаа.

Энэ оны анхны барилдааныг Ховдын сумын заан Б.Баяраа, Б.Даваадалай, Хөвсгөлийн Ц.Цэнд-Аюуш, Архангайн С.Майнбаяр, Завханы Т.Хайдавдорж нар манлайлж 416 хүчтэн зодоглосон юм. Нэгдүгээр сарын барилдаанд өмнөх сарын түрүү бөх Хэнтийн Д.Алтанцоож, Увсын Б.Сэр-Од, Ховдын Б.Сосорбарам Архангайн Б.Сэнгэдорж нарын сайчуул зодоглосонгүй.

Нутаг нутгийн шилдэг залуу хүчитнүүдийн ээлжит барилдаанд Архангай аймгийн Тариат сумын харьяат сумын заан С.Майнбаяр ес давж түрүүлсэн бол Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат сумын заан Ц.Цэнд-Аюуш найм давж үзүүрлэлээ. Барилдааны их шөвөгт Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат “Аварга” дээд сургуулийн оюутан Д.Эрдэнэтулга, Өмнөговь аймгийн харьяат сумын заан Б.Бат-Эрдэнэ нар шалгарсан юм.

Энэ өдрийн онцлох бөх Архангай аймгийн Хайрхан харьяат сумын заан О.Баярбаасан байв. Биеэр жижиг ч уран дайчин барилдаантай заан Хэнтийн жүдогийн Цэрэнням, Ч.Одхүү, бяртай заан Б.Даваадалай, Булганы хашир туршлагатай заан Ц.Цолмонбаатар нарыг өвөдг шороодуулж анх удаагаа шөвгөрсөн юм. Мөн Өвөрхангай аймгийн харьяат сумын заан О.Мягмардорж Увсын Т.Мөнх-Эрдэнийг модоход нь давуулж гуядаж давснаар шөвгөрсөн. Өөр нэгэн залуу хүчтэн энэ өдөр сайн барилдсан нь жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Алтанбагана. Тэрээр Хэнтийн Ц.Чинзориг, Увсын Т.Батсүрэн нарын сайчуулыг өвдөг шороодуулж Өвөрхангайн Н.Даваадоржийн дархан хонгодоонд нь өртөж тахим өгсөн.

Дээгүүр барилдах тааварт явсан аравдугаар сарын барилдааны түрүү бөх Увсын Д.Батмөнх тавын даваанд Говь-Алтайн Д.Эрдэнтулгад мордуулж унасан бол арваннэгдүгээр сарын түрүү Архангайн Ө.Батсуурь энэ даваанд Завханы Б.Лувсандоржийн зайлж хавирах мэхэнд тэссэнгүй.

Мөн Ховдын Ц.Төмөрцоож барилдааны гурвын даваанд Өвөрхангайн улсын начин Ганбаатарын хүү сумын заан Эрдэнэбаяртай удтал хүч үзээд барьц сонгуулж өвдөг шороодсон бол үндэсний бөхийн залуучуудын улсын аварга Х.Наранбаяр өнөөх бяртай заан Б.Лувсандоржид тахим өгнө лээ.

О.ДАШНЯМ

Гэрэл зураг Д.Мөнх-Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

АИ92, А80 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн шийдвэр мөрдөгдөж эхэллээ

Зураг

Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаас АИ92, А80 шатахууны онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргасан.

Уг шийдвэр хил гааль дээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна. Мөн хуралдаанаас евро стандарттай АИ95, АИ98 автобензин, дизелийн түлшинд тогтоосон Онцгой албан татварыг хэвээр үлдээх шийдвэр гарсан. Иймд АИ95, АИ98 автобензин, дизелийн түлшнээс татвар авах журам хэвээр мөрдөгдөж байна.

Тус шийдвэр гарсантай холбогдуулж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ, “А80, АИ92 автобензинд ногдох Онцгой албан татварын хувь хэмжээг өөрчилснөөр улсын төсвөөс 68 тэрбум төгрөгийн орлого дутна. Үүнийг төсөв тодотгохгүйгээр, бусад орлогын нөхөлтөөр гаргаж авахаар тооцсон” хэмээн мэдээлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Шадар сайд Говь-Алтай аймагт хуваарилсан өвс тэжээлийн эхний цувааг хүлээлгэн өгөв

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин Говь-Алтай аймагт хуваарилсан өвс, тэжээлийн эхний ээлжийн цувааг аймгийн Онцгой комисст өнөөдөр хүлээлгэн өгснөөр Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинээр ахлуулсан Шуурхай бүлгийн Говь-Алтай аймагт төлөвлөсөн ажил эхэллээ.

Говь-Алтай аймгийн Онцгой комиссын хурлыг нээж, аймгийн Онцгой комиссын
дарга, Засаг дарга С.Гансэлэмийн мэдээлснээр, тус аймаг нийт 12919
малчинтай, 7183 малчин өрхтэй, 2017 оны жилийн эцсийн дүнгээр нийт 3.8
сая мал тоологджээ. Одоогийн байдлаар отроор нүүдэллэж байгаа нийт 1083
хүн байгаагийн дотор 5 хүртэлх насны 92 хүүхэд, жирэмсэн эх 11, хөгжлийн
бэрхшээлтэй 17, өндөр настан 10 байгаа бөгөөд тэднийг эмнэлгийн үзлэг,
хяналтад хамруулжээ.

Аймгийн аюулгүйн нөөцөд 209 тонн өвс, 85 тонн тэжээл, сумдын аюулгүйн
нөөцөд 622 тонн өвс, 223 тонн тэжээл бэлтгэсэн бөгөөд одоогийн байдлаар
дууссан байна. Засгийн газрын 186 дугаар тогтоолоор 50 сая төгрөг шилжиж
ирснээр 62 тонн тэжээл, 40 тонн өвс худалдан авсан байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ оны хоёрдугаар сард илүү хүйтрэх,
хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа тул өвс, тэжээл нэмж өгөхийг Засаг
дарга С.Гансэлэм Улсын Онцгой комиссоос хүссэний дагуу Говь-Алтай аймагт
хуваарилсан өвс, тэжээлийн хэмжээг тус бүр 100 тонноор нэмэгдүүлж, 470
тонн өвс, 340 тонн тэжээл олгохоор шийдлээ.

Говь-Алтай аймгийн Онцгой комиссын хуралдааны үеэр мал, малчдын тухай
ярихаас гадна төвд оршин суудаг ард иргэдийн ахуй амьдралын талаар
хэлэлцүүлэг өрнөсөн юм. Аймгийн төвийн орон сууцнууд, эмнэлэг, сургууль
зэрэг байгууллага халаалт муутайгаас өрөө тасалгаанд 20 градусын дулаан
хүрэхгүй температуртай, хүйтэн устай өвөлжиж байгааг ОБЕГ-ын дарга,
генерал Т.Бадрал “Говь-Алтайгаас өөр ийм аймаг Монгол Улсад байхгүй”
хэмээв. Хэрэв байгалийн гамшиг, гал түймэр, газар хөдлөлт болбол эдгээр
байгууламж хэр тэсвэртэй, гамшгийн эрсдэл гарсан үед иргэд, байгууллага
хэрхэх талаар онцгой анхаарч ажиллахыг ОБЕГ-ын дарга санууллаа. Иргэдийн
амьдралын орчныг тав тухтай байлгахын тулд Дулааны цахилгаан станц
барихыг хүлээлгүй аймгийн төвийн дулааныг хариуцаж авсан хувийн хэвшилд
шаардлага тавин ажиллах ёстойг анхааруулав.

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү хавар малын халдварт өвчин гарахаас урьдчилан
сэргийлэх ажиллагааг сайжруулах, хорио цээрийн бүсийг эрчимжүүлэх,
малын сэг зэмийг устгах үйл явцыг дулаарахаас өмнө тодорхойлохыг үүрэг
болголоо. Түүнчлэн МХЕГ-аас эхний улиралд багтааж мал эмнэлгийн
лабораторийн машин олгохоор болсноо аймгийн Онцгой комисст мэдээллээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэг “Бидний гол
анхаарах ажил бол эх, хүүхдийн эрүүл мэнд учраас нярай хүүхэдтэй
эхчүүдийг отроос суурин газарт шилжүүлсэн. Аймгийн Онцгой комисст
ЭМЯ-наас өгч байгаа чиглэлийн дагуу хамтран ажиллая” гэв. Шадар сайд
Ө.Энхтүвшин Говь-Алтай аймгийн Онцгой комиссын хуралдаааны төгсгөлд
“Говь-Алтай аймагт нэлээд хэдэн асуудал хуримтлагджээ. Үе үеийн УИХ,
Засгийн газар дээр Говь-Алтайн асуудлыг онцгойлон авч үзсээр ирсэн
байдаг. 2018 оны төсөвт ч мөн ялгаагүй. Ус цэвэршүүлэх байгууламж,
дулааны цахилгаан станц барих, өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад нь
гээд хөрөнгө мөнгө зориулахаар болж байгаа. Хэдий эдийн засгийн
бэрхшээлтэй байгаа боловч аймгууд, тэр дундаа Говь-Алтай аймагт гар
сунгасаар байгаа шүү” гэж хэллээ. Тэрбээр аймгийн удирдлагад тодорхой
үүрэг өгснөөс өвөл, хаврын хүндрэлийг даван туулах хүрээнд Онцгой
комисст дараах чиглэлийг даалгалаа.

-Нэгдүгээр сарын 30-ныг хүртэл цаг агаар эрс хүйтрэх урьдчилсан мэдээ
гарсан. Энэ өдрүүдэд отроор алс нүүдэллэж байгаа малчидтайгаа холбоо
барьж, хүмүүсээ хуваарилан оторчид руу явуулах. Өвс тэжээл, түлш, хоол
хүнсний нөөцөө барсан айл байх вий.

-Эрүүл мэндийн газар жирэмсэн эхчүүд, өндөр настнууд, бага насны хүүхдүүдтэй айл өрхөө хянах, холбоотой байх.

-Отроос буцах мал халдвар тээж ирэх магадлалтай учраас урьдчилан
сэргийлэх үзлэг хийж, вакцинд урьдчилан хамруулах ажлыг одооноос
төлөвлөж, гүйцэтгэх.

Шадар сайд Ө.Энхтүвшин Говь-Алтай аймгийн Засаг даргатай гэрээ байгуулав

Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ тус
аймгийн Засаг дарга С.Гансэлэмтэй 2018 онд хамтран ажиллах гэрээ
байгуулан гарын үсэг зурав. Монгол Улсын хуулийн дагуу төсвийн
ерөнхийлөн захирагчийн хувиар Шадар сайд 21 аймгийн Засаг дарга тус
бүртэй гэрээ байгуулж, хийж хэрэгжүүлэх ажил, үйлчилгээг тодорхой болгон
харилцан үүрэг хүлээдэг. Шадар сайд энэ удаа Онцгой комиссын даргын
хувиар орон нутагт ажиллаж байхдаа орон нутагт Засаг дарга нартай гэрээ
байгуулж байгаагаараа онцгой тохиолдол болж байна. Шадар сайд
Ө.Энхтүвшин ийнхүү Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн Засаг
дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.01.26) Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон билээ. Дээрх салбаруудын хүрээнд АХБ-аас 2017-2018 онд Монгол Улсад 468 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс АХБ-ны Энгийн эх үүсвэрээс 404 сая ам.долларын, Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 64 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байгаа аж.

Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь АХБ-ны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл бөгөөд жилийн 2 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй. Харин Энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа нь 20 жил хүртэл байдаг бөгөөд Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй байдаг аж.

Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох зэрэг үндсэн чиглэлийг баримталж, хэд хэдэн төслүүдийг боловсруулсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хулгайлах гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүллээ

to steal the car windows зурган илэрцүүд

Өнгөрсөн хоногт Баянгол дүүргийн тавдугаар хороо, наймдугаар байрны гадна байсан автомашины гурвалжин цонхыг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух Г хагалж эд зүйл хулгайлж байсан, Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, 27 дугаар байрны гадна байсан автомашины хаалганы шилийг тус дүүргийн гуравдугаар хороонд оршин суух Э хагалан эд зүйл хулгайлж байсан гэмт хэргүүдийг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлэн харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд шалгаж байна.

Ийм иргэд та бүхэн хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж автомашинаа харуул манаатай, хяналтын камертай зогсоолд байршуулан автомашиндаа эд зүйл үлдээхгүй байхыг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.