Categories
мэдээ цаг-үе

Чанар, амт, найдвараараа ард түмний таашаалыг хүртсэн “Нүүдэл бууз”-ны цехийнхэн

Арав гаруй бүсгүй уртаас урт өндөр ширээг тойрч зогсоод буузыг ч хийж өгч байна. Элдүүр нь зогсолтгүй эргэлдэж элдсэн гурил овоороход чимхэгчид нь ч нүд ирмэхийн зуурт л дэргэдэх дэлгэцээ дүүргэчихнэ. Эрэгтэй ажилчин дэлгэцүүдийг тусгай тавиуртай тэргэнд түрээд гүн хөлдөөгч рүү хийнэ. Түүнийг эргээд ирэхэд дэлгэцүүд хэдийнэ буузаар дүүрчихсэн байх. Цехийн баруун хойд булан дахь агуулахын дэргэд бас нэг эрэгтэй ажилчин хөлдүү буузнуудыг тав, таван килограммаар нь савлаад амыг нь лацадна. Харин наад талын жижгэвтэр агуулахаас нэгэн ажилтан котлетны хөлдүү мах гаргаж ирж дэлгэцнээс нь салгана. Энэ цехэд зүгээр зогсч байгаа хүн алга, гаднаас орж ирсэн хүнийг ч анзаарах сөхөөгүй, урдах ажлаа гялалзуулцгаана. Борви бохисхийхгүй ажиллана, хөдөлмөрлөнө гэж үүнийг л хэлэх байх даа гэж урам ормоор. Энэ бол саяхан 60 сая дахь буузаа хийсэн “Нүүдэл бууз”-ны цех. “Мах импекс” компанийн “Нүүдэл” бол Монголын нэр хүндтэй, олны таашаал хүртсэн, мэргэжлийн байгууллагуудын талархлыг хүлээсэн брэнд.

Цагаан сарын баяр дөхөж хүмүүс бууз, банш, ууцаа зэхээд эхэлчихсэн. Өчигдөр, уржигдрын хүйтнийг далимдуулаад буузаа чимхээд авсан айлууд ч олон байна. Бууз бол Монголын гэлтгүй Азичуудын Цагаан сар, Хаврын баярын ширээн дээрх идээ, будааны нэг чухал зоог. Үүгээр нь буузыг хүнсний бүтээгдэхүүний жагсаалтын дээгүүр ордог хоол гэж үзвэл болно. Монголын хүнсний үйлдвэрлэлийн толгой компаниудын нэг “Мах импекс” бол стандартад нийцсэн, эрүүл, аюулгүй хүнсээр монголчуудыг олон жилийн турш хангаж байгаа манай улсын ууган том “гал тогоо”. Тус компанийн Хагас боловсруулсан бүтээдэхүүний цехээр зочилж, бууз, банш, бургер, котлетны мах, бөөрөнхий мах, хуушуур зэргийг хэрхэн хийдгийг харж сонирхсон нь энэ. Нэг ёсондоо уг цехэд өнжив.

Цехийн технологич Д.Сэржмядаг “Цагаан сар дөхөөд бидний ажил ч ундарч эхэлж байна даа” хэмээн инээмсэглэсээр биднийг угтаж авлаа. Цех Тайванийн “Анко” үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр тоноглогджээ. Эдний хамт олон хонь, үхрийн махтай, хонины өөхтэй, өөхгүй гэсэн төрөлтэйгээр буузаа хэрэглэгчдэдээ 0.9 кг, 5 кг гэсэн хоёр савлагаатайгаар хүргэдэг. Буузаа нэгдүгээр зэргийн махаар хийнэ. Нэгдүгээр зэрэг шүү. Нэгдүгээр зэрэг гэхээр хонины гуяны махаар хийдэг гэсэн үг. “Мах импекс” компанийн мах бэлтгэлийн цех махыг ангилж булчирхай, шөрмөс, хальс, судас зэргээс нь сайтар салгаад хонь, үхрийн нэгдүгээр зэргийн махаа Хагас боловсруулсан бүтээгдэхүүний цех рүү илгээнэ. Энд котлетны мах, бөөрөнхий мах, банш, бууз, хуушуур хийхээс гадна зуны дэлгэр цагт шорлог ч хийж ард түмэндээ нийлүүлнэ. Ерөнхийдөө жилийн дөрвөн улирлын турш зогсолтгүй ажилладаг цех юм. Яагаад вэ гэвэл одоо үед хүмүүсийн цаг зав хомсыг хэлэх үү, ажил ажил гэж гүйж яваад ядраад орж ирээд орой гэртээ хоол хийнэ гэдэг зарим үед хэцүү даваа. Харин хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд болох бууз, банш зэрэг хөргөгчид нь байвал жигнэж цагаа хэмнэх боломжтой болсон. Гэхдээ гадуур элдэв төрлийн бууз, банш, бөөрөнхий мах худалдаанд байгаа. Тэр болгоноос сонголт хийж хүнсэндээ хэрэглэнэ гэдэг зарим талаар хэцүү. Хүмүүс одоо үед хүнсний эрүүл, аюулгүй байдалд толгойгоо гашилгаж хүнсээ цуглуулахдаа алтны хуурамч, жинхэнийг шалгаж байгаа мэт нарийн шинжиж ер нь үл итгэсэн байдлаар ханддаг. Харин үндэсний хэмжээний үйлдвэрлэгчдийнхээ үйлдвэрлэсэн мах махан бүтээгдэхүүн, сүү, тараг, талх, чихэр, ундаанд харьцангуй итгээд байдаг нь харагддаг. Энэ бол манай үндэсний юм, монголчуудын минь хийж байгаа, сэтгэл нь шингэсэн бүтээгдэхүүн учир аюулгүй байх гэсэн хандлага байдаг. “Нүүдэл” брэнд бол монголчуудын итгэлийг хүлээсэн ийм л бүтээгдэхүүн. “Нүүдэл бууз” 2010 оноос хэрэглэгчид хүрч эхэлжээ.

Технологич Д.Сэржмядаг “Жирийн үед манай цехээс өдөрт дунджаар 700-800 кг бүтээгдэхүүн гардгаас 300-400 кг нь бууз. Харин Цагаан сар дөхөөд ирэхээр цехийн ачаалал нэмэгдэж өдөрт дунджаар 700-800 кг, нэг тонн бууз хийдэг” гэлээ. Буузан дээр 11 хүн ажиллаж байгаа бөгөөд нэг нь гурил тасалж, долоо нь элдэж, гурав нь чимхэнэ. Махыг нь буузны найрагч Э.Дөлгөөн зэхнэ. Гараар татсан хэмжээтэй шоо дөрвөлжингөөр хэрчдэг машин руу махаа хийчихээр хэдхэн секундын дотор хэрчигдээд гараад ирнэ. Махаа найруулахад амар. Бүх юм нь нарийн стандарт хэмжээтэй учир давс, ус, гурилын хэмжээ, орцыг нарийн гаргасан жорын дагуу бэлтгээд холигч машинд зуурна. 100 кг-ын жортой. Махандаа элдэв амтлагч хийхгүй, гоньд, давсаар л амтална. Ингээд бэлэн болсон гурилаа 20-30 минут хэртэй амраагаад буузаа хийж эхэлнэ. Чимхсэн буузаа тусгай хөлдөөгчинд хийнэ. Эднийх гурван хөлдөөгчтэй. Нэг хөлдөөгч нь 300-400 кг буузыг хасах 30 хэмд 3-4 цагийн дотор л гүн хөлдөөх хүчин чадалтай юм байна.

“Манайх буузаа хонины нэгдүгээр зэргийн махаар хийдэг нь худалдаанд байгаа бусад буузнуудаас ялгарах гол онцлог” гэж Д.Сэржмядаг технологич хэлээд “Энэ цехийн ажилчид бол “Мах импекс” компанийн үндсэн ажилчид л даа. Уг цехийг 2010 онд нээгдэхэд орж ажилласан хүмүүс. Энэ компанидаа 20, 30 жил ажилласан туршлагатай хүмүүс байдаг юм. Бид буузандаа янз бүрийн амтлагч хийдэггүй. Гоньд, сонгино, давс л хийдэг. Гоньд бол манай буузны үндсэн амтлагч. Монголчууд дээр үеэс уг ургамлыг хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн юм билээ. Хүний биед В төрлийн амин дэм өгөхөөс гадна зарим төрлийн өвчинд тустай эмчилгээний зориулалттай гэдэг” гэлээ. Буузны гурил таслагч нь хажуудаа жинтэй. Таслах хэмжээгээ жигнэнэ. Чимхэгчид нь буузаа чимхчихээд бас буузаа жигнэнэ. Мах найрагч, гурил зуурагчид нь бүх орц найрлагаа жигнэнэ. Энд тооцоо, хэмжээгүй ямар ч зүйл үгүй. Савлагч нь нарийвчлалтай жинтэй.

Нэг ширхэг бууз 38-40 грамм. “Нүүдэл бууз”-ыг идэж үзсэн хүмүүс гараар татсан махтай, шүүстэй гэдэг. Гэтэл энэ нь дээр дурдсан өнөөх мах хэрчигч машины “гавьяа”. Ийм машинтай бууз, баншны цех өөр бараг байдаггүй гэсэн. Машиндсан махтай, гараар татсан махтай буузны хооронд асар их ялгаа байдгийг мэдэхгүй хүн үгүй дээ.

Д.Сэржмядаг хүнсний дэлгүүр, супермаркетуудаар ороход хэрэглэгчид “Мах импекс”-ийн хиам, “Нүүдэл бууз”-ыг ихэвчлэн сонгож худалдан авч байгаатай таарахаар их сайхан сэтгэгдэл төрж энэ компанид ажиллаж буйдаа баярладаг гэж байлаа. Энгийн үед орой 17 цагт тардаг бол ачаалалтай үе буюу Цагаан сар, наадам, шинэ жилийн баяр гээд томоохон баяр ёслол, бүх нийтийн амралтын өмнө бусад цехээс ажилчид нэмээд орой 20 цаг хүртэл ажиллуулах тохиолдол байдаг гэнэ. Гэхдээ Цагаан сарын баярын өмнө эдний хамт олон хамгийн их ачаалалтай ажилладаг юм байна.

Сүүлийн үед Цагаан сарын баярынхаа буузаа хийхэд Улаанбаатар хотынхонд тулгардаг хэд хэд бэрхшээл бий болчихоод байгаа. Нэгдүгээрт, утаа. Утаа хэдийгээр дээш дэгддэг ч хүний нүдэнд үзэгдэх, үзэгдэхгүй нарийн тоосонцрууд ямагт газарт буудаг. Буузаа чимхээд битүү орчинд хөлдөөлөө ч утааны тоосонцор буузан дээр ирж буудаг аж. Тус компанийнхан энэ тал дээр судалгаа хийж байжээ. Чимхсэн буузаа тагт, цонхны тавцан дээр гаргаж хөлдөөчихөөд дараа нь шинжилж үзэхэд буузны гурил дээр тоосонцор их хэмжээгээр тогтсон байжээ.

Хоёрдугаарт, зав зай, хүн хүч. Зав зай муутай, хүн бүл цөөтэй айл Цагаан сарын буузаа хийхдээ аль л хурдан гартай, ажилсаг хүмүүсийг буузаа хийлгэх гэж гуйна. Хүнийг зүгээр ажиллуулаад яахав гээд чимхсэн буузнаасаа нэлээдийг жигнэнэ, нэрэлхсэндээ. Бүр амжихааргүй, цаг нь тулсан айлууд зарын сонин, сайт ухаад “Гэрээр очиж бууз хийнэ. Жич: Оюутнууд биш” гэсэн зараар утасдаж гэртээ хүмүүс дуудна. Төлбөр мөнгийг нь сайн өгөхгүй бол буузыг минь муухай чимхчихнэ гээд мөнгө хайрлахгүй. Гурав, дөрвөн хүн ирээд махыг нь гялс татаад амтлаад гурилаа зуураад буузыг нь хэдхэн цагт маналзуулаад гадаа өрчихөөд яваад өгнө. Ямар гар хуруутай, ханиад томуу, элдэв халдварт өвчинтэй хүн ирээд буузыг нь чимхээд явсныг хэн ч мэдэхгүй шүү дээ. Энэ бол бодох л асуудал. Буух эзэн, буцах хаяггүй нөхөдтэй харьяа мэргэжлийн байгууллага, холбоод нь тэмцэж эхэлсэн бөгөөд тодорхой хэмжээгээр эмхэнд нь оруулж эхэлсэн гэнэ. Зарим айлууд мэдэхгүй, танихгүй хүнээр буузаа хийлгэснээс худалдааны бууз авчихъя гэдэг. Тэр бууз нь амталж үзэхэд сайхан амттай, хонь, үхрийн шинэ махтай аятайхан л байна байх. Гэхдээ уутны ёроолд нь ямар мал, амьтны махтай бууз нэртэй юм байгааг хэн мэдэх билээ. Ер нь итгэлгүй дээ.

“Нүүдэл бууз”-ны амтыг үе үе шалгана, судалгаа явуулна. Гадуур худалдаанд байгаа буузнуудаас арав гаруй төрлийг авчирна. Бууз тус бүрийн савлагаа уутыг авч байгаад жигнэнэ. Ажилчид нь орж ирээд таваг тус бүрээс буузнуудыг идэж үзнэ. Тэгээд хэд дугаартай бууз хамгийн сайхан амттай байна вэ гэхэд “Нүүдэл бууз”-ны дугаарыг хэлдэг аж. Тэгэхээр “Дотооддоо, компанийн ажилчдаараа амсуулахаар ямар нэгэн байдлаар “Нүүдэл бууз”-аа мэдээд байж болох юм. Тийм болохоор гадны хүмүүсээр амсуулж үзье” гэцгээдэг гэнэ. Тэгээд гадаа, гудманд явж байгаа хүмүүсийг урьж авчраад өнөөх буузнуудаа идүүлнэ. Мэдээж хаяг, шошгыг нь авч байгаад тус бүрт нь таваглана шүү дээ. Туршилт-судалгаанд оролцож байгаа иргэд ч “Нүүдэл бууз”-ыг сонгоно. Ингэхээр эдний хамт олон ямартай ч хүмүүсийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн гаргаж байгаа юм байна гэдэгтээ итгэдэг гэсэн шүү. Ийм болохоор энэ цехийнхэн, тус компанийн ажилчид голдуу л “Нүүдэл бууз”-ыг цагаан сарын буузаараа сонгодог юм байна. Яагаад гэвэл ямар цэвэр, эрүүл орчинд, чанартай материалаар чадварлаг хамт олон бэлтгэж хийж байгааг мэддэг болохоор.

Буузны гурил, махны хэмийг ч хэмжинэ. Гурил зуурах ус нь 32-35 хэм дулаан байхад хамгийн тохиромжтой байдаг гэнэ. Бууз чимхэгчид махаа хувааж авна. Өөрийнхийгөө дуусгачихаад үлдсэн нэгэндээ тусална. Энэ цехийн үйл ажиллагаа хамтын ажиллагаатай, нэг нэгэнтэйгээ маш уялдаа холбоотой ажилладаг болохоор “Нүүдэл бууз”-ны ажилчид амь нэгтэй. Цехийн ажилчдын ноён нуруу болж дүү нартаа зөвлөж, мэддэг чаддагаараа тусалдаг чимхэгч Д.Урнасан, Т.Эрдэнэцэцэг нарыг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Минутад 22 ширхэг бууз шимхдэг гэхээр мундаг байгаа биз. Д.Уртнасан хүнсний технологийн ажилтан мэргэжилтэй бөгөөд “Мах импекс” компанид сургуулиа төгсөөд л ажиллажээ. Тэрээр “Би саран, дугуй, цэцгэн чимхэлтээр чимхдэг. Бууз чимхэхэд анхаарах хамгийн гол зүйл бол гурилын зуурмаг. Сайхан зуурсан гурилаар бууз чимхэхэд сайхан байдаг юм. Нялцгай, хатуу байж болохгүй. Яг таарсан байх ёстой. Тэгж гэмээнэ гоё чимхэгддэг. Бууз чимхэгч ч гэлээ хэн нэгэн маань ажлаасаа чөлөө авсан үед аль ч дамжлагад орж ажилладаг юм. Цагаан сар, баяр ёслолын үеэр айлуудаар ороод өөрийнхөө чимхсэн буузыг харахаар сайхан санагддаг шүү. Зарим хүмүүс “Танай “Нүүдэл” бууз амттай, гоё байсан” гэж ярихаар гоё байдаг юм.” гэлээ. Т.Эрдэнэцэцэг ч хүнсний технологийн ажилтнаар төгсөөд энэ компанийн босгыг алхаад 30 жил болжээ. Чимхэгч Т.Эрдэнэцэцэг “Арван кг махыг бид 1-1.5 цагт л чимхээд дуусгачихдаг. Бид буузаа нэг бүрчлэн тоолдоггүй л дээ. Дэлгэцээрээ тооцоод хөргөгчинд хийчихдэг. Цагаан сараар ах дүүс, таньдаг хүмүүс маань “Бууз чимхээд өг” гэж гуйдаг юм. Хийх сэтгэл байвч цаг зав, бололцоо байдаггүй болохоор ерөөсөө амждаггүй. Гэрийнхээ буузыг бараг нэгдүгээр сарын сүүлээр хийгээд хөлдөөгөөд далд хийчихдэг юм. Тэгэхгүй бол Цагаан сар хүртэл зав олдохгүй шүү дээ. Манай буузны бүх юм оргиналь. Өөр газруудын буузны маханд сортолгоо хийгддэггүй. Булчирхай, шөрмөсийг нь авсан болоод л бусдыг нь машиндчихдаг гэсэн. Гэтэл манайх буузаа хонины гуяны махаар хийж, хонины сүүл нэмнэ. Гоньд, давс, сонгиноос өөр ямар ч амтлагч хийдэггүй. Гадуур худалдаанд байгаа буузнуудыг ямааны махаар хийхдээ шивтрийг нь дарах гээд үсүнээс эхлээд янз бүрийн амтлагч, бодис хольдог гэж сонссон. Манай бууз бүх талаараа улсын стандартыг хангачихсан, чанартай, найдвартай. Сортолгоо бол хамгийн чухал шүү. Манай ах дүү нар тансаг амьдралтай биш ч гэсэн манай компанийн хиам, буузыг худалдаж аваад сурчихсан шүү дээ. Би ч гэсэн гадны хиамыг идэж чаддаггүй шүү дээ. Үнэн шүү. Мөнгөтэйдээ биш. Бүтээгдэхүүнүүдийг яаж хийдгийг нүдээрээ харж, биеэрээ мэдэрч хамгийн гол нь чанартай, найдвартай гэдгийг мэддэг болохоор л тэр шүү. Амт нь ч гэсэн огт өөр. Би хувийн цехүүдээр явж үзэж байсан. Махаа бүлх, шөрмөстэй нь холиод машиндчихдаг юм билээ. Тэрийг харснаасаа хойш өөрийнхөө үйлдвэрийн хиамыг л иддэг болсон доо” гэсэн юм.

Ажилсаг бүсгүйчүүдийн сэтгэлээ шингээн гараа гаргаж хийсэн буузнууд өглөө 06 цаг 20 минутад үйлдвэрийн түгээлтийн хэсгээс гарна. 13 машин нийслэлийн зургаан дүүрэг мөн гэрээт байгууллагуудад хүргэлт хийдэг аж. Ингэж л “Нүүдэл бууз” танай гэрт, таны ширээн дээр ирдэг юм байна.

Монголын уламжлалт баяруудын хамгийн том нь Цагаан сар. Цагаан сарын баяраар монголчууд маань цагаан, цайлган, ариун, нандин бүхнийг бэлгэдэж, ирэх жилээ өнгөтэй өөдтэй, сайхнаар угтдаг. Тийм болохоор өмсч зүүхээсээ эхлүүлээд ширээн дээр тавих идээ будаандаа ч дээд зэргийн бэлгэдэл шингээж аль болох чанартай, найдвартай болгоныг дэлгэдэг. Яагаад вэ гэвэл энэ баяр ахан дүүс, ураг төрөл, халуун ам бүлийн баяр. Хайртай, ойр дотныхондоо хамгийн чанартай, амттай сайхныг л барьж дайлдаг. Тэр сайхан зоог, идээ будааны нэг болсон “Нүүдэл бууз”-ны цехээр орж ажил үйлстэй нь танилцсан “Танайд өнжье” нийтлэлээ энд хүргээд өндөрлөе. Айл болгоны ширээн дээр амттай бүхэн дүүрэн байг. Идсэн, уусан зоог бүхэн тань рашаан мэт шингэж байг ээ.

Аан тийм, Цагаан сараар нэг хүнд дунджаар 80 ширхэг бууз ногддог бөгөөд монголчууд бүгдээрээ нийлээд 200 сая ширхэг буузыг Цагаан сарын баяраар иддэг юм байна гэсэн тооцоо судалгаа гарчээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Хассуурийн Ганхуяг: Би Ардчилсан намын даргыг амлаж өрсөлдөнө

2016 оны УИХ-ын сонгуулиар хэдэн шинэ залуу нэр дэвшиж шуугиулсны нэг нь Хассуурийн Ганхуяг. Сонгуулиас хойш тэрээр олон нийтийн өмнө гарч ирж харагдсангүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч дуугарсангүй. Түүнтэй ярилцлаа.

-Өнгөрсөн сонгуулиас хойш та нэлээд чимээгүй байна. Улс төрөөс холдохоор шийдэв үү?

-Улс төрөөс холдож ойртоно гэдэг шууд сэтгэл хөдлөлөөр шийдчихэж болохооргүй хариуцлагатай шийдвэр л дээ. Хувь хүн нэгэнт нийтийн төлөө зүтгэнэ гэж шийдсэн бол сонгуулийн дүнгээс хамаарч буцаж няцаад байвал хэний ч итгэлийг олохгүй. Би улс төрөөс холдоогүй ээ. Харин нийгмийнхээ өмнө тулгамдаж буй улс төр, эдийн засгийн суурь асуудлуудын шийдлийг олоход түлхүү ажиллаж байгаа. Хүмүүсийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдэх арга замыг санал болгохгүйгээр хий хоосон попрох нь нийгэмдээ хортой. Улс төрийн гол сул тал нь энэ. Нийгмээ хорлож буй улс төржилтийн уршгийг бид өдөр тутмынхаа талхан дээрээ хангалттай мэдэрч байна шүү дээ.

-Удахгүй хөгжлийн тодорхой саналууд дэвшүүлэх нь гэж ойлголоо. Баянгол дүүргээс бие дааж нэр дэвшээд тухайн үеийн УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдыг унагаж байсан залуу гэдгээр хүмүүст илүү танигдсан. Таныг МАН-ын Бага хурлын гишүүн болчихсон гэж сонссон. Үнэн үү?

-Тухайн үед Баянгол дүүргийн 70 дугаар тойрогт Монгол Улсын үе үеийн парламентын хоёр даргатай өрсөлдсөн. Залуу улс төрчдийн хувьд ийм түүх өмнө нь байхгүй гэж сүүлд танилцсан улс төр судлаач ярьж байсан. Нийт 9 нэр дэвшигч өрсөлдсөнөөс гол өрсөлдөөн Д.Лүндээжанцан, З.Энхболд бид гурвын дунд өрнөсөн л дөө. Бидний хоорондын саналын зөрүү 1000 гаруй байсан нь залуу хүний хувьд маш их урам зориг авсан. Би чинь бие дааж өрсөлдсөн хүн шүү дээ. Нийгэм залуу хүнийг, бодлогын шинэ шийдлийг хүсч байгаа юм байна гэдгийг сонгуулийн хугацаанд алхам тутамдаа мэдэрсэн. Саяхан МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон.

– Яагаад МАН-д элсчихсэн хэрэг вэ?

-Бизнес хийгээд хувийн амьдралаа босгосны дараа нийтийн төлөө зүтгэе, иргэдийн өмнө тулгамдаад байгаа асуудалд залуу хүний хувьд оролцох зорилгоор улс төр сонирхож эхэлсэн. Би үр хүүхдээ сайхан Монгол орондоо бахархалтай амьдраасай гэж хүсдэг. Тиймээс өөрөө улс төрд орж, өөрчлөлтийг манлайлж түргэтгэхэд хувь нэмрээ оруулъя гэж л бодсон юм. Харамсалтай нь Ардчилсан намын удирдлага залуусаа дэмждэггүй юм билээ. Тэнд бие даасан бодолтой, ямар нэгэн фракцад ороогүй залуу хүн манлайлал үзүүлэх ямар ч боломжгүй, хаалттай орчин. Хөгшчүүл нь өмчлөөд суучихсан. Одоо ч тэнд миний олон найз бий. Харин МАН-ын залуус “Хамтдаа зүтгэе, намаа ч, нийгмээ ч шинэчилье. Чи баялаг бүтээгчдийн төлөөлөл болж оролц” гэж ятгасан учраас МАН-ын Бага хуралд өрсөлдөж сонгогдсон.

-Их хурлын дарга нартай халз өрсөлдсөн хүн дараагийн сонгуульд хэрэв Баянгол дүүрэгтээ өрсөлдвөл АН-ын дарга С.Эрдэнэтэй халз тулах юм биш биз.

-Тиймээ. Би бүр амлаж өрсөлдөнө гэж бодож байгаа. (инээв) З.Энхболд, С.Эрдэнэ гээд Ардчилсан намын үе үеийн хоёр даргатай Баянголд хэнтэй нь ч халз өрсөлдөхөд бэлэн байна. Сонирхуулахад, сонгуулиар надад санал өгсөн сонгогчдын олонх нь Ардчилсан намын гишүүд байсан шүү. Энэ нь миний сайных гэхээсээ намын удирдлагынхаа мэдрэмжгүй, дарангуйлсан арга барил, үнэт зүйлийн зөрчлөөс зугтсан гишүүдийнх нь эсэргүүцлийн хэлбэр байсан гэж боддог. Намын гишүүд нь удирдлага нь таалагдахгүй бол чимээгүй өөр сонголт хийчихдэгийг сүүлд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн цагаан хуудасны тоо харууллаа шүү дээ. Аль ч улс төрийн хүчин сонгуульд сонгогчдын хүлээлтэнд нийцэх хүнийг нэр дэвшүүлэх ёстой гэдгийг анхаарах цаг болсон. Баянгол дүүргийнхний хувьд үеэ өнгөрөөсөн, ардчилсан нэрээр хувийн өмч, хүний эрхийн эсрэг хуарангийн социализмыг Ерөнхийлөгчтэйгөө нийлж сурталчилдаг С.Эрдэнэ шиг улстөрчийг хүлээж авах зай өдрөөс өдөрт багассаар л байгаа. Энэ бол маниас юм уу өөр хэн нэгнээс хамаарч биш ирж яваа цагийн эрх ашиг, шалгуур хүч түрж байгаа хэрэг юм. Би хуарангийн социализмын эсрэг хүний эрх, хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалж хүчтэй тэмцэх болно.

-Эдийн засаг хямралтай үед баялаг бүтээгчдийн нэр хүнд тийм ч сайнгүй байх шиг. Манай эдийн засаг сэргэх найдлага бий юу?

-Эдийн засаг сайнгүй байгаа нь баялаг бүтээгчдийн биш улстөрчдийн шийдвэр гаргалттай холбоотой. Манай шийдвэр гаргагчдын нийтлэг сул тал нь эдийн засгийг сэргээх тодорхой төлөвлөгөө танилцуулдаггүй. Индрийн араас гоё үгтэй зарчим ярьсаар цаг алддаг. Засгийн газар бүрдсэнээс хойших 100 хоног өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл яг юу юун дээр төвлөрч ажиллах гэж байгаа, эдийн засгийг хэр хугацаанд сэргээх төлөвлөгөө нь тодорхойгүй байна. Гол экспортын зам нь хаагдсан, татвар нэмэгдсэн, шатахууны үнээ дагаад бүх бараа материалын үнэ дагаад өссөөр. Дэвшил гарсан нь өмнөх жилүүдийг бодвол төсвийн сахилга бат, мөнгөн хөрөнгийн удирдлага сайжирч байгаа нь харагдаж байна. Харин цаашид төсвийн алдагдлыг 2-3 хувьд багтаах гэж зорих нь зөв.

-Та МАН-ын Засгийн газрыг шүүмжлээд байна аа даа.

-Шүүмжлэл бол шүүн шинжлэх гэсэн агуулгатай. Шууд улстөржиж дайрахаас илүүтэй бодлогын саналуудыг дэвшүүлж, намын гишүүний үүргээ гүйцэтгэж байна гэдэг утгаар нь харах чадвар МАН-ын гишүүдэд байгаа гэж итгэж байна.

-Таныхаар эдийн засгийг сэргээхийн тулд юу хийх ёстой вэ?

-Дөрвөн зүйлийн ажлыг яаралтай хиймээр байна. Нэгд, татварын ачаалал нэмэгдсэн нь ард иргэд, аж ахуй нэгжүүдийн нуруун дээр хүнд ачаа болж байгаа тул зайлшгүй ОУВС-тай дахин хэлэлцээрийн ард сууж бусад эх үүсвэрүүдээс төсвийн алдагдлыг нөхөх санал тавих хэрэгтэй. Эрдэнэт болон Оюу толгой, төрийн өмчит компаниудын төрийн эзэмшиж байгаа хувийн тодорхой хувийг хөрөнгийн биржээр дамжуулж ард иргэд, дотоодын аж ахуйн нэгжүүддээ худалдах замаар зоригтой хувьчлах цаг мөн.

Хоёрдугаарт, эдийн засгийн бүтцэд ард иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, амьдралын өртгийг нь бууруулах тал дээр өөрчлөлтүүдийг яаралтай хийх. Суурь үнүүдэд нөлөөлж байгаа гол шалтгаан болох монополиудыг задлах, төрийн хувийн хэвшлийн үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах, хадгаламжийн өндөр хүүний барьцаанаас гаргана гэдгээ Их хурал, Засгийн газрын түвшинд зарлах ёстой. Гуравдугаарт, хоёр хөрштэйгөө чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах. Ингэснээр аль алиндаа ашигтай байхаар экспортын болон ре-экспортын тааламжтай нөхцөлүүдийг бүрдүүлнэ. Манай импортын татвар 5 хувь байдаг, гэтэл манай хөрш орнуудын татварууд бүтээгдэхүүнээс хамаараад уул уурхайн бүтээгдэхүүн дээр 3-10 хувь, ХАА-н бүтээгдэхүүн дээр 25-30 хувь байна. Татвар, импортын хориг, хязгаарлалтыг үгүй хийснээр манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн өрсөлдөх чадвар нэмэгдэхээс гадна экспортын хязгаарлалтанд орохгүй байх боломжийг нэмэгдүүлнэ. ОХУ-аас манайх жилд 1 тэрбум гаруй долларын бүтээгдэхүүн ( түлш ) импортолдог мөртлөө зөрүүлээд 76 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолдог нь байж болохгүй асуудал юм. Хоёр хөрштэйгөө чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улсад энэ хоёрын зах зээлийг харж манайд олон тооны үйлдвэрүүд ( угсралт, хүнсний, хөнгөн аж үйлдвэр гэх мэт) гаднаас орж ирэх нь дамжиггүй юм. Одоогийн байдлаар манай ХАА-н бүтээгдэхүүн Хятад, Оросын 30 хувь татварыг төлөөд өрсөлдөх боломжгүй байна.

Эцэст нь түүхий эдийн үнэ тогтвортой байгаа энэ үеийг ашиглаж экспортын бүтээгдэхүүнүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх дэд бүтцүүдийг хөгжүүлэх дараагийн үнэ уналтанд бэлэн байх, хайгуулын лиценз олголтыг эрчимжүүлж гадны хөрөнгө оруулалтыг татах дараа дараагийн Оюутолгой, Тавантолгой шиг мега төслүүдээ олох, ашигласнаар бид тогтвортой хөгжих нөхцөл бүрдэхээр байна.


Categories
мэдээ цаг-үе

Манай хоёр хөршийн зөөлөн хүчний бодлого нэмэгдэх хандлагатай байна гэв

Зүүн гар талаас Б.Дэмбэрэлмаа, Т.Чулуун-Эрдэнэ, Б.Алтангүл, Ц.Баттулга,
Б.Индра, Б.Оюунцэцэг, Н.Доржсүрэн

“Зөөлөн хүчний бодлого” онол, практикийн бага хурал энэ сарын 19-нд боллоо.

Хурлыг Зүүн хойд Азийн аюулгүй байдал, стратеги судлалын хүрээлэн, Монголын Хятад судлалын хөгжлийн хүрээлэн хамтран зохион байгуулсан юм. Хурлыг нээж Зүүн хойд Азийн аюулгүй байдал, стратеги судлалын хүрээлэнгийн захирал Н.Доржсүрэн “Сүүлийн жилүүдэд аливаа улсын гадаад харилцаанд “Зөөлөн хүч”-ний (Soft Power) гүйцэтгэх үүрэг, түүний гадаад бодлогод эзлэх байр суурийн асуудал улам бүр анхаарал татаж байна. Анх 1990 онд АНУ-ын Харвардын их сургуулийн профессор Жозеф Най уг үгийг хэрэглэхдээ “Цаг хугацааны өөрчлөлтөөс үүдэн хүчний хэлбэрт мөн өөрчлөлт орно” гэсэн утгаар авч үзсэн билээ. Тэгвэл өнөөдөр олон улсын улс төрийн нөхцөл байдлаас үүдэн улс орнуудын гадаад харилцаанд цэрэг зэвсгийн болон эдийн засгийн хүчин чадал болох “Хатуу хүч”-ний гүйцэтгэх үүрэг их хэвээр байгаа. Гэсэн хэдий ч, асуудлыг цэрэг зэвсгийн хүчээр шийдэх явдал улам бүр багасч байна. Харин даяарчлал, мэдээлэл, технологийн хөгжилтэй уялдан тодорхой нэг улсаас гадна улс бус тоглогчдын жин нөлөө улам бүр ихсэж, энэ хэрээр хүмүүсийн дунд “Зөөлөн хүч”-ний талаарх ойлголтын зөрүү гарч байгаа юм. Иймээс уг ойлголтыг онолын болон практик талаас нь авч үзэж, улс орнуудын жишээн дээр тулгуурлан “Зөөлөн хүч”-ний бодлого хэрхэн хэрэгжиж буй талаар хэлэлцэх нь энэ удаагийн арга хэмжээний гол зорилго байлаа. Бага хурлаар тус сэдвийн хүрээнд дэлхийн улс орнууд хэрхэн дотооддоо болон өөр улсад бодлого болгон явуулж буй талаар танилцуулж, хэлэлцсэн асуудлаар товхимол гаргах юм” гэв.

Б.ИНДРА: ХЯТАДУУД ТАВАН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНДӨӨ ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ БОДЛОГЫГ ОРУУЛЖЭЭ

Хөтөлбөрийн дагуу ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Индра “Хятадын зөөлөн хүчний бодлого” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Тэрээр “1990-ээд оноос Харвардын эрдэмтэн Жозеф Най Зөөлөн хүчний онолыг гаргаж ирсэн. Тэрбээр “Зөөлөн хүчний бодлого гэдэг нь аливаа улс орны оюун санаа болон хэл соёлын үнэт зүйлсийн тусламжтайгаар бусад орны ашиг сонирхол, төлөв байдалд шууд бус замаар нөлөөлөх чадвар юм” гэж тодорхойлсон байдаг. Зөөлөн хүчний бодлого онолын хувьд хоёр дэг сургууль байдаг. Эрдэмтэн Жозеф Най соёлын татах хүч, үнэт зүйл, гадаад бодлого гэсэн гурван чиглэлээр Зөөлөн хүчний бодлого хэрэгждэг гэж үздэг. Манай хоёр хөршийн Зөөлөн хүчний чансаа нь нэмэгдэх хандлага ажиглагдах болсон. Си Жиньпин 2016 онд “Соёлын зөөлөн хүчээ нэмэгдүүлье” гэсэн илтгэл тавьсан байдаг. Соёлын салбарт Хятад улс иргэншлээсээ оюун санааны соёлыг уудлан хөгжүүлдэг. Хятадууд 5000 жилийн өмнөх соёлоороо бахархдаг. Иймээс эртний соёлоо хөгжүүлдэг юм. Мөн Гадаад харилцаан дээр хүмүүнлэгийн солилцооны механизмыг сайжруулах тухай ярьдаг. Үүнээс гадна 2016-2021 оны хооронд хэрэгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд Зөөлөн хүчний бодлогын тухай оруулсан. Ингэхдээ хатуу хүчийг зузаатгахын зэрэгцээ зөөлөн хүчийг нэмэгдүүлэхэд анхаарч хөгжлийг цогцлооно гэдэг. Хятадын зөөлөн хүчний бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэхдээ байгууллагуудын тухай ярих нь зүйтэй. Тухайлбал, намын төв хорооны үзэл суртлын хэлтэс, намын төв хороонд харьяалагддаг гадаадтай харилцах газар гэж бий. Эдгээр нь бодлого гаргадаг уураг тархи нь юм билээ. Хэрэгжүүлэгч нь Гадаад харилцааны яам, Соёлын болон боловсролын яам. Үүнээс гадна Төрийн бус байгууллагуудыг асар их татаж оролцуулдаг” гэж байлаа.

Б.ДЭМБЭРЭЛМАА: ОХУ ГАДААДАД БУЙ ИРГЭДЭЭРЭЭ ДАМЖУУЛЖ ХАРИЛЦААГАА БЭХЖҮҮЛЭХИЙГ ЗОРЬДОГ

МУИС-ийн Европ хэлний тэнхимийн багш, докторант Б.Дэмбэрэлмаа” ОХУ-ын зөөлөн хүчний бодлого”-ын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тэрээр “ОХУ-д гадаад бодлого, дүр төрхийг үнэн бодитой ойлгуулах гэсэн харилцааг эрхэмлэж үздэг. Дараа нь хүмүүнлэгийн хамтын ажиллагааг авч үзнэ. Ихэвчлэн төрийн бус байгууллага, хөдөлгөөнүүд, корпорациар дамжуулж Орос хэл болон Зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх гэдэг. Мөн боловсрол чухал нөлөөтэй. Хэл гэдэг бол тухайн ард түмний соёл, амьдралын хэв маяг гэдгийг тусгасан байдаг. Мэдээлэл харилцаа, технологи, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл чухал үүрэг нөлөөтэй. Хэл соёлын нөлөөгөө алдаж болохгүй гэдгээ байнга баримталдаг. Дэлхий нийтэд ОХУ-ын харьяат иргэд 30 сая бий. Эдгээр хүмүүсээрээ дамжуулж, харилцаагаа бэхжүүлдэг” гэсэн юм.

Б.АЛТАНГҮЛ: ФРАНЦЧУУД ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ БОДЛОГЫНХОО ЗАРЧМЫГ ИЛ ЗАРЛАДАГГҮЙ

МУИС-ийн Европ судлалын тэнхимийн профессор, доктор Б.Алтангүл “Францын зөөлөн бодлого, боловсрол хамтын ажиллагаа” сэдвийн талаар ярилаа. Тэрээр “Францын тухай ярихаар 1789 оны хувьсгал нүдэнд бууна. Дэлхийд анхдагч, ардчилсан үзлийг гаргахад нөлөөлсөн. Нөгөө талаар Франц болон Европын орнуудад сэтгэн бодогчид, соён гэгээрүүлэгчид, зохиолчид маш их байсан. Энэ нь нөлөөлсөн. 1789 оноос хойш эрх чөлөө, тэгш эрх, ахан дүүс гэдэг үзэл суртал өнөөг хүртэл явж байна. Эрдэмтэн Кларк “Францын дипломат үйл ажиллагаа бол Английнхийг бодвол илүү нарийн өвөрмөц онцлогтой” гэж хэлсэн байдаг. Францчууд өөрсдийгөө элит гэж үздэг. Иймээс тэд гадаад хэлэнд муу, Англиар ярих дуртай биш. Хөрш оронтойгоо өрсөлдөөн ихтэй байсан. Францын шинжлэх ухаан, соёл, уран зураг, утга зохиол, философийн ололтууд түүх хэвээр дэлхийд хүлээн зөвшөөрдөгддөг. Их хувьсгалын үеийн зарчмаас өнөөдрийг хүртэл дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Францын Зөөлөн хүчний бодлого нь үндэстэн хоорондын хамтын ажиллагааг дэмжих, мөн хууль ёсыг хүндэтгэх юм. Ийм зарчим дээр тулгуурлаж бодлогоо хэрэгжүүлдэг. Гэхдээ бодлогынхоо зарчмыг ил зарладдаггүй. Франц дэлхийд эдийн засаг, улс төрийн хүчээрээ тавд ордог, их гүрэн улс. Үндэстний тусгаар тогтнолоо хамгаална. Дараа нь бусад улсад нөлөөлж, туслах нь зөв гэдэг. Өөрөөр хэлбэл, бусдад эрх тэгш хандах гэдэг үзлээрээ ноёрхсон” гэж ярив.

Б.ОЮУНЦЭЦЭГ: БНСУ ОЛОН УЛСАД НЭР ХҮНДЭЭ ӨСГӨХ, АРД ТҮМНЭЭ ОРОЛЦУУЛАХ ГЭСЭН ҮЗЭЛ БАРИМТЛАЛТАЙ

МУИС-ийн Ази судлалын тэнхимийн багш, докторант Б.Оюунцэцэг “БНСУ-ын Зөөлөн хүчний бодлого” сэдвээр хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Тэрээр “Солонгосын зөөлөн хүчний бодлого хамгийн ихээр илэрч гардаг нь олон нийтийн дипломат ажиллагаатай холбоотой. Солонгосын зөөлөн хүчний бодлогыг илэрхийлэх хоёр том ажиллагаа бий. Нэгдүгээрт, дунд хүчний улсын бодлого. Хоёрдугаарт, олон нийтийн дипломат ажиллагаа. Олон нийтийн дипломат бодлого зөөлөн хүчний зорилготой адил. Тодруулбал, өөрийн улсын зорилго, агуулж буй бодлого төдийгүй үзэл баримтлал, соёлын талаарх ойлголтыг дээшлүүлэхийн тулд Засгийн газраас гадаад улсын олон нийттэй харилцан ойлголцох үйл явц юм. Олон нийтийн дипломат ажиллагаа бол шинэ зүйл биш ч гэсэн тодорхой хэмжээгээр явагдсаар ирсэн. Солонгос улс Олон нийтийн дипломат ажиллагааны хуулийг 2016 онд баталсан. Үүний үндсэн зорилго нь ард түмэнтэйгээ хамтдаа, дэлхий нийттэй ойлголцох, сэтгэл татам БНСУ гэж тодорхойлдог. Нэг ёсондоо олон улсын үнэлэмж, олон улсад нэр хүндээ өсгөх, ард түмнийг оролцуулах гэсэн үзэл баримтлалтай. Ард иргэд гэдгийг ихээхэн онцолдог. Дэд бүтцийг олон улсын түвшинд байгуулах ёстой гэдэг дээр анхаардаг. Орчин үе ба уламжлалыг хослуулж чадсан улс” хэмээн ярилаа.

Ц.БАТТУЛГА: ТУРК ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ БОДЛОГЫН ХУВЬД ХАМГИЙН ИХ МАРГААНТАЙ Ч ОЛОН УЛСАД ТЭРГҮҮЛЭХ БАЙР СУУРЬТАЙ ЯВДАГ

МУИС-ийн Ази судлалын тэнхимийн профессор, доктор Ц.Баттулга “БНТУ-ын зөөлөн хүчний бодлого”-ын талаар ярилаа. Тэрээр “БНТУ-ын гадаад харилцаа нь өөрийн гэсэн өвөрмөц хэв шинжтэй. Гадаад харилцааны бодлого хэрэгжихэд хөрш зэргэлдээ орнууд нь нөлөөлсөн. Найман улстай хиллэдэг. Турк улс Европын улсуудтай түлхүү хамтарч ажилладаг. Турк улсад Зөөлөн хүчний бодлогын маргаан бий. Зарим эрдэмтэд хүчирхэг улс орнуудыг ирээдүйд өөрийн болгох гэсэн стратегийн бодлогыг бий болгосон байдаг. Турк улс дэлхийн томоохон улс орнуудын зөөлөн хүчний бодлогоороо тэргүүлэх байр суурьтай явдаг. Исламын шашинтай орнуудын хөгжлийн загвар болж чадсан улс гэдэг. Хүн амын 98 хувь нь Исламын шашинтай мөртлөө Зөөлөн хүчний бодлогын үр дүн сайн гарсан юм. Европт хандсан Зөөлөн хүчний бодлого нь соёлын аялал жуулчлал. Тухайлбал, нэг өдөрт хоёр сая гаруй хүн орж, гарч байдаг. Учир нь маш хямд өртөгтэй, хөнгөлөлт үзүүлдэг байна. Эдгээр нь ихээхэн нөлөөлдөг. Африкт чиглэсэн бодлого бий. Исламын шашинтай хүмүүсийг үнэ төлбөргүй сургах зэрэг аргыг хэрэглэдэг. Мөн Азид чиглэсэн бодлого дээр анхаарал хандуулдаг” гэж байв.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Шатахууны үнийг хямдруулах биш чөлөөлөх нь зөв

Шатахууны үнийн өсөлт Монголын нийгмийг донсолгож байна. Толгойтой бүхэн бензиний үнийг бууруулахыг төр засгаас шаардаж, шатахуун импортлогч хэдэн компаниа барьж идэхдээ тулаад байна. Монгол Улсад шатахуун импортлогч компанийн эзэд шиг хэрэггүй, өөдгүй, ард түмэндээ хайргүй, увайгүй хүмүүс алга боллоо. Нийгэм даяараа л тэднийг элдвээр зүхэж “төр засгийн дээр сандайлсан том толгойтой, монополь эрхтэй тэдний хажууд роснефть нь ороод ирвэл дээр дээ” гэцгээж байна. Харин эдийн засагчид Засгийн газар шатахууны хилийн үнэ өндөр байхад онцгой татвараа багасгаж, буурахаар нь өсгөх замаар 2008 оноос үнийг харьцангуй багаар зохицуулж ирснийг хэлж байгаа.

Монголын төр төсвийн орлогынхоо дөрөвний нэгийг зөвхөн зээлийнхээ хүүнд өгөхөд хүрсэн учраас Олон улсын валютын сангийн шаардлагаар хэд хэдэн төрлийн татвар нэмсний нэг нь шатахууны онцгой албан татвар юм. Онцгой татвараас шалтгаалан өнгөрөгч оны долоо, аравдугаар сард хоёр удаа үнээ нэмсэн нь шатахуун түгээгч компаниудыг алдагдалд оруулахад хүргэсэн. Үнэ нэмэгдсэн бодит шалтгаан ердөө л энэ.“Үнийг чөлөөт зах зээлээр биш хууль журмаар тогтоох нь зөвхөн шийдвэр гаргагчдад ашигтай, харин хэрэглэгчдэд ашиггүйгээр барахгүй урт хугацаанд бүр ч ноцтой хохирол учруулдаг. Шинэ Засгийн газар бүр ядарсан ард түмнээ халамжлах нэрээр ямар нэг урамшуулал хөнгөлөлт бодож олоод аль нэг бараа үйлчилгээний үнийг хянаж, тогтворжуулан царцааж эхэлдэг. Орон сууцны хөнгөлөлттэй зээл, барилгын материал, түлш шатахууны үнийг барих, тогтворжуулах зэрэг дуулиант хөтөлбөрийн эцэст төр засаг өрөнд баригдаж, төвбанк нь нөөцөө шавхаад байна” гэдгийг эдийн засагч Д.Жаргалсайхан баримт судалгааны үндсэн дээр хэлсэн.

“Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэж өмнөх хэд хэдэн Засгийн газрын гол хаалтын үр дүнд өнөөдөр нэг литр шатахууны үнэ 2000-д тулаад байна. Мөн шатахууны алдагдлыг нь нөхөх журмаар төрөөс татаас нэрээр мөнгө өгдөг. Сүүлд гарсан мэдээллээр шатахууны компаниуд төрөөс 260 тэрбумыг татаас хэлбэрээр өг, тэгвэл литр тутамд шатахууны үнийг 50 төгрөгөөр л нэмж болох юм гэж шахалт хийж байгаа сонсогдсон. Татаас гэх нэрээр шатахуун түгээх компаниудад очиж буй 200, 300 тэрбум төгрөг бол тухайн үед засаг барьж байсан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын халааснаас гарсан мөнгө биш. Мөн одоогийн засаг барьж буй У.Хүрэлсүх, өмнө нь засаг толгойлж байсан Ж.Эрдэнэбат нарын мөнгө ч биш. Энэ бол ажил хийдэг ард түмэн бидний татварын мөнгө юм. Бүр тодорхой хэлбэл, өглөө ажилдаа гараад шөнө дүл болсон хойно харьж, үр хүүхдээ танихгүй болтлоо хөдөлмөрлөсөн энгийн хөдөлмөрч иргэдийн мөнгө. Тэгвэл бидний энэ мөнгөөр төр засаг шатахууны үнийг нэмэлгүй тогтмол байлгана гэдэг нь ажил хийдэггүй, орон гэртээ алмай хэвтэж байдаг нөхдийг тэжээж байна гэсэн үг юм.

Ажил хийдэггүй алмай нөхөд гэж хэнийг хэлэх вэ. Хувьдаа нэг нэг приус машинтай, хийх ажилгүй өдөржин унтаж, үдэш оройн цагаар халтуурандаа гардаг нөхдийг хэлнэ. Манай нийгмийн 60-70 хувийг приустэй халтуурчид эзэлж байгаа. Тэд оройн цагаар хулгайн гөрөө хийнэ, биеэ үнэлэгчдийг зөөнө. Хамгийн эерэг гэж бодохоор зүйл үр хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэдэг байх. Приус унасан нөхөд хотын гудмаар шөнөжингөө хий хоосон холхичихно. Эдгээр нөхдийг бензинтэй байлгах гэж, бага үнээр шатахуун авахуулахын тулд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн мөнгөнөөс татаас нэрээр татвар авч байгаа нь хамгийн буруу.

Монголын төр үүнийгээ одоо зогсоох хэрэгтэй. Шуудхан хэлэхэд, шатахууны үнийг хямдруулах биш чөлөөлөх нь зөв болжээ. Улаанбаатар хотод энэ олон машин байгаад, хүн бүхэн хувийн машин унаад монголчууд бидэнд хийж бүтээж байгаа ажил гэж алга. Нэгнээ хууран мэхэлж наагуур цаагуур халтуур хийнэ, хэдэн зах, дэлгүүр, албан байгууллагуудын үүдэнд бөглөө болж зогсохоос цаашгүй. Гишгэх газаргүй гэдэг шиг үнхэлцэг адил жижигхэн хотод энэ олон машины хэрэг ч үнэндээ алга байна. Тал талаас бүгд адуу мал шиг дайрцгаагаад, хаашаа л харна битүү бөглөө. Ажил тарах ид ачааллын үед хичнээн цагаар замын бөглөөнд уур бухимдал дүүрэн зогсдог билээ. Энэ олон асуултын гогцоо ерөөсөө шатахууны үнийг өндөр байлгахыг хэлээд байгаа хэрэг.Их хурлын гишүүдээс ч шатахууны үнийг нэмэх нь зөв шийдэл гэдгийг хэлэх боллоо. Харин төр засаг шатахуунд зардаг тэр олон тэрбум төгрөгөө нийтийн тээврийн хөгжилд оруулах хэрэгтэй байна. Шатахууны үнэ өндөр болоод ирэхээр хүссэн ч хүсээгүй нийтийн тээвэр рүү олны анхаарал хандана. Төрийн зүгээс зохицуулалтыг сайтар хийж, нийтийн тээврийн чиглэлийг олшруулж, хуваарийг нь зохистой болгох нь чухал. “Түлшээрээ халаадаг байр саваа нар салхины эрчим хүчийг ашиглах, байшингийн дээврээ нарны зайн хураагууртай болгох яваандаа цахилгаан машинтай болохыг зорино” хэмээн эдийн засагчид тооцоолоод буй нь ийм учиртай.

Хүйтний улиралд утаа, замын бөглөөнд багтарсан Улаанбаатарт урин дулааны цагт хүн амьтан эрс цөөрч, ёстой нөгөө сөнөсөн хот гэдэг чинь болно. Хямдхан машинтай, хямдхан шатахуунтай ажил хөдөлмөр гээчийг мэддэггүй нөхөд бүгд тал тал тийшээ тэнээд алга болцгооно. Зургаа, долоо, наймдугаар сард Монголын нийслэл эзгүйрч, сөнөсөн байдалтай байснаа хүүхдийн сургууль, цэцэрлэг эхлэх үед гишгэх газаргүй болж, замын түгжээнд нам зогсоцгооно. Тэгээд л яарсан, тэвдсэн, бухимдсан, нэгнээ харааж зүхсэн, гудамжиндаа зодолдсон, “орк”-оороо дуудалцсан зэрлэг омгийнхон дахин бүрэлдэх нь тэр. Хэрвээ шатахууны үнэ өндөр байвал замын бөглөрөл тагларлаас аваад наад зах нь гэмт хэргийн тоо эрс буурах нь дамжиггүй. Хулгай дээрэм, янхандалт багасна. Малын хулгай, тариа ногоо, модны хулгай багасч, булш бунхнаа ухаж сэндийчдэг нь учиртай болж, урт гар хөл нь хоригдох байх. Мөн хөдөө гадаа тэнээд алга болдог нь үгүй болж дор бүрнээ ажил хөдөлмөр эрхэлж, хариуцлагатай нийгмийн хүмүүс болж хувирна.

Монголчууд бид алийн болгон хүүхдээ эрхлүүлж толгой дээрээ гаргасан ухаан муутай, мулгуу эцэг эх шиг байх юм бэ. Зарим зүйл дээр хатуу харгис байж, төр төмөр нүүрээ харуулах цаг нь ирсэн. Тэгэхгүй бол дэндүү нялцгай, сул дорой, үхээнц байна. Захын нэг ажилгүй авгай, архичин нөхөр Монголын төрийг гутааж, доромжилж, нулимж байна. Монголын төр нүцгэн үнэнтэй нүүр тулж, зарим юманд хатуу буулгаа үзүүлэх нь зөв. Түүний тодорхой жишээ шатахууны үнэ юм. Харин ямар ч шийдвэр гаргаж чадахгүй, үр хүүхдэдээ дарлуулж дээрэлхүүлсэн мулгуу эцэг шиг энэ хэвээрээ байгаад байх юм бол удахгүй сүйрнэ. Шатахууны үнэ нэмэхийг эсэргүүцэн “бүгдээрээ босъё, алаад хядаад өгье” хэмээн эрээ цээргүй аашилж, бусдыгаа уриалан дуудаж байгаа энэ нөхөд удахгүй шатахуун түгээх станцууд руу дайрч, төр засаггүй, хууль дүрэмгүй юм шиг аашилна. Мэдээж энэ бүхнийг нь далдаас хөөргөдөх, тэднийг турхирах хүчин бий. Хэзээ нэг өдөр ийм үймээн самуун дэгдэхийг үгүйсгэх аргагүй байна.

Нэг зүйлийг хатуу анхааруулахад, Монгол төрийг удирдаж яваа эрхмүүд эдийн засагт шууд оролцдогоо болих хэрэгтэй. Хүн бүр улс орны эрх ашгаас илүүтэй хувийн эрх ашгаа бодож, зах замбараагүй идэж ууж, дур зоргоороо аашилсны үр дүнд өнөөдөр Монгол Улсын эдийн засаг элгээрээ харуулдаж, туйлдахад хүрсэн. Түүнийх нь лай ланчгийг энэ хэдэн татвар төлөгчид л махийтал үүрч байгаа нь үнэн. Төр засаг шатахууныхаа үнийг өндөр тогтоож, нийтийн тээврээ дэлхийн том хотуудын жишгээр хөгжүүлж, айл өрх, хүн нэг бүрийг ажилтай, хариуцлагатай болгож байж улс орон хөгжил дэвшлийнхээ шинэ замд орно.


Categories
мэдээ нийгэм

Хэрцгий охин одтой, цагаагчин тахиа өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 29, Сумъяа гариг. Билгийн тооллын 13, Хэрцгий охин одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 8:09 цагт мандан, 17:52 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал аз жаргал ирнэ.

Categories
мэдээ нийгэм

Нийтлэлч Д.Мөнгөндалай “Алт диллерийн хэргээр алдсан алтаа эргүүлж авах хөдөлгөөн өрнүүлье” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Амьдралынхаа ихэнх он цагийг дипломат хэмээх хариуцлагатай албанд зориулсан Ж.Ломбо гуайнд зочилсныг тэргүүн нүүрнээс хүлээн аваарай.

Цахим худалдааны сайтууд нэгдэж “Цагаан баасан гариг” онлайн худалдааг зохион байгуулахаар болсноо өнгөрсөн долоон хоногт мэдэгдээд байсныг дээрх нүүрнээс уншаарай.

УИХ-ын гишүүн Н:Учралтай ярилцсаныг нэгдүгээр нүүрнээс хараарай. Тэрээр “Шатахууны үнийг чөлөөлөх хэрэгтэй” хэмээн онцлон хэлжээ.

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдааныг улс төрийн хоёрдугаар нүүрнээс үзээрэй. Чуулган дээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Салбарт нь том асуудал үүсээд байхад сайд нь хорь гаруй хоног гадагшаа явчихдаг нь ямар учиртай юм бэ?” хэмээн онцлон хэлснийг үзээрэй.

Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой нэгэн түүхийг эргэн нэг сануулан бичсэнийг II нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Мөнгөндалай “Алт диллерийн хэргээр алдсан алтаа эргүүлж авах хөдөлгөөн өрнүүлье” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Б.Чулуунтамиртай ярилцсаныг VII нүүрнээс хараарай. Тэрээр “Зүүн Ази болон Европт манай халаасны хулгайчид зохион байгуулалтад орчихсон байна” гэжээ.

Herbalife Nutrition компанийн Шим тэжээлийн зөвлөлийн гишүүн Жонатан Яромтой ярилцсаныг X нүүрнээс хараарай. Тэрээр “ Хандлага өөрчлөгдөж байж л насан туршдаа жингийн илүүдэлгүй, эрүүл амьдрах боломжтой” гэсэн байна.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Categories
мэдээ цаг-үе

Хан-Уул дүүргийн иргэд хашаандаа сайхан амьдрахыг хүсч байна

“Жорлонгоо өөрчилье” сургалтад нээлтийн үг хэлэхээр ирсэн мисс Ц.Энхжин содон зочин байлаа. “Жорлонгоо өөрчилье” номын зохиогч, “Нутгийн шийдэл” сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл улсын хэмжээнд жорлонгоо өөрчлөх шинэчлэлийг манлайлах 3000 идэвхитэн бэлтгэхээр зорьжээ. Нийслэлийн дүүргүүдэд хийж байгаа арав дахь сургалт нь УИХ-ын гишүүн Л.Болдын урилгаар Биокомбинатийн ойролцоо Сонгинохайрхан уулын бэлд оршдог “Монголика” зочид буудалд болсон юм. Сургалтанд Хан-Уул дүүргийн таваас наймдугаар хорооны иргэд оролцлоо. Сургалтанд оролцогчид мисстэй зургаа авахуулж, сонирхон харцгаана.

Ц.Энхжин 2017 оны дэлхийн миссийн тэмцээнд Монголоо төлөөлж оролцон, хөрсний бохирдлыг бууруулах, жорлонгоо өөрчлөх сэдвийг хөндөн “Зорилготой мисс” өргөмжлөл хүртсэн юм.

-Жорлонгоо өөрчлөх ажилд залуусаа оролцохыг уриалахаар би энд ирсэн юм. Дэлхийн миссийн тэмцээнд хөрсний бохирдлоос сэргийлэхэд хувь нэмрээ оруулах төслөөрөө шилдэг 20-д багтсан. Шилдэг 20-д багтсан төслүүдийг Дэлхийн миссийн холбооноос дэмжиж ажилладаг юм билээ. Энэ нь зөвхөн Монголд төдийгүй дэлхий даяар тулгамдаж байгаа асуудал учраас хөрсний бохирдлоос хамгаалах ажлыг чухалчилж хүлээж авсан хэмээн тэрбээр ярилаа.

-Жорлонгийн асуудал чухал гэдгийг яаж мэдэрсэн бэ хэмээн Ц.Энхжингээс асуухад:

-Би байгальд ойр өссөн. Ээж, аавтайгаа хөдөө нутгаар их аяладаг байлаа. Улаанбаатарын гэр хорооллынхон бөөн бохирдол дунд амьдарч байна. Агаарын бохирдол хүн бүрт мэдрэгдэж байгаа болохоор тэмцэх ёстойг ойлгодог. Харин хөрсний бохирдол тэр бүр хүмүүсийн нүдэнд харагдахгүй ч маш их аюул, эрсдлийг бий болгодог. Жил бүр дэлхий дээр маш олон хүүхэд зохистой бие засах газаргүйн улмаас элдэв халдвар, гэдэсний суулгалт өвчинд өртөж нас бардаг. Монголд ч ийм халдвар тойрдоггүй. Нийслэлчүүд гүний усаар ундаалдаг учраас хөрсний бохирдол бүгдэд хамаатай асуудал юм. Хөрсний бохирдлыг цаг алдалгүйгээр зогсоох хэрэгтэй гэж үзээд, жорлонгийн шинэчлэлд хувь нэмрээ оруулахыг хүссэн. Маш олон хүн энэ асуудлыг барьж авч, ажиллаж байгааг мэдээд энэ төслүүдийн нэг хэсэг болж өөрийн дуу хоолойг оруулахыг хичээж байна.

-“Нутгийн шийдэл” сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл та хоёр яаж бие биенээ олов?

-Би хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр ажилладаг олон хүнтэй уулзаж зөвлөгөө авсан. Ц.Оюунгэрэл эгчээс зөвлөгөө авахаар хандахад найрсаг хүлээн авч, үүнийг уншаад ашиглаарай гээд номынхоо эхийг хүртэл өгч байсан. “Нутгийн шийдэл” сангийнхан намайг анхнаасаа дэмжсэн. Тэдэнтэй хамтарч “Жорлонгоо өөрчилье” санаачилгыг дэмжээд явж байна.

-Жорлонгоо өөрчлөх ямар боломж танд харагдаж байна вэ?

-Миний хувьд олон боломж харагдаж байгаа. “Жорлонгоо өөрчилье” сургалт чухал нөлөөтэй гэж бодож байна. Улаанбаатарын бүх дүүрэг, аймгуудад энэ сургалтыг хийснээр хүмүүст мэдлэг олгож, ямар шийдэл гарц байгааг мэдээд, хамт олон, айл хөршийнхөн, хот дүүрэг, орон нутагтаа шийдэх боломжтой. Миний хувьд Дэлхийн миссийн холбооноос дэмжлэг авахаар хичээж ажиллах болно гэв.

Ц.Оюунгэрэлийн тэргүүлсэн жорлонгийн өөрчлөлтийг түүчээлэгчдийн багт мисс Ц.Энхжингээс гадна сургалтыг чиглүүлэгч, олны танил телевизийн сэтгүүлч Ц.Оюундарь, ШУТИС-ийн профессор, доктор Д.Басандорж, Б.Насанбаяр, сургагч багш Б.Дашням, Н.Рэгдэнгарав, сургалтын зохион байгуулалтын ажлыг даадаг “Нутгийн шийдэл” сангийн гүйцэтгэх захирал Б.Номинзул, судлаач Б.Цолмонбаяр нарын олон хүн багтдаг юм билээ.

ИРГЭДТЭЙ ЗӨВШИЛЦӨӨГҮЙ ТОМ ТӨСЛҮҮД НУРАН УНАДАГ

Сургалтын явцад бүлгийн ажлын үеэр “Манай хорооны иргэд хашаандаа сайхан амьдрах сонирхолтой” гэсэн өгүүлбэр нэг бус хүний амнаас давтагдав. Энэ үгийг хэлсэн Ц.Жаргалсүрэн гуайгаас яагаад гэж лавласан юм.

Тэрбээр Хан-Уул дүүргийн V хороонд амьдардаг. 1966 оноос хойш тэндээ амьдарч байгаа гэнэ.

-Манай тэр хавийнхан байранд орох сонирхолгүй, хашаандаа амьдрах хүсэлтэй байдаг. Би газар шинэчлэлийн асуудлаар судалгаанд явж байсан л даа. Манай хороонд газраа өмчилж авсан айлууд цөөн. Газраа барьцаалж зээл авах боломжгүй болохоор хүмүүс өмчлөх сонирхолгүй. Үе удмаараа хашаандаа амьдарчихсан хүмүүс тэндээ хаус маягийн хоёр гурван, давхар байшин барихыг хүсдэг. Аав, ээж, ах дүүсээрээ тохилог орчинд амьдрахыг илүүд үздэг юм. Хашаандаа ногоо, жимс тариад, хүүхдүүд нь дуртай газраа тоглож, гүйх боломжтой. Хашаандаа тааваараа амьдрах хүсэлтэй. Газраа байраар солих уу, орчноо сайжруулах уу гэхээр хүмүүс орчноо сайжруулж, өөрийнхөө мөнгөнд тохируулж хаустай болох сонирхолтой байдаг. Манай монголчууд үр хүүхдээ гэдэг хүмүүс. Хоёр хүүхэдтэй хүн бол хэнд нь газар, хашаагаа өгөх билээ. Газрын үнэлгээ бага. Нэг айлын газар үсрээд л нэг өрөө байр болохоос гурван айлд тус бүрд нь нэг өрөө байр олдохгүй. Манайхан ах дүү, аав ээжтэйгээ нэг дор амьдрах дуртай. Хүүхдүүд нь ойрхон өснө, хөршийн холбоо бий болно. Насаараа ураг удмаараа нэг гудамжинд амьдрахаар хулгай зэлгий, хүчирхийлэл гарахгүй шүү дээ гэж Ц.Жаргалсүрэн хэмээх энэ эмэгтэй тайлбарласан.

Сургалтын чиглүүлэгчээр ажилласан сэтгүүлч Ц.Оюундарь “Жорлонгийн хувьсгал хамгийн эхлээд хүмүүсийн толгойд өрнөх учиртай. Хандлагаа өөрчилөхөд амьдрал өөрчилөгдөнө. Жорлонгоо өөрчилье гэхээр зарим шийдвэр гаргагчид орон сууцжуулчихаар жорлонгийн тухай ярих шаардлагагүй болно” гэдэг. Швейцарийн Цюрихт болсон олон улсын хурлын үеэр есөөс арванхоёр давхар орон сууцны хорооллууд нь хоосон, иргэд нь хаусандаа амьдарч байгааг харсан. Хөгжлийнхөө эхэн үед тэд ч бас бөөн орон сууц барьсан юм билээ. Харин хүн нийтийн орон сууцанд амьдрахаас илүү хувийн орон сууцандаа тааваараа амьдрахыг хүсдэг юм байна хэмээн тайлбарласан.

Сургагч багш нарын нэг Б.Дашням “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-т ажилладаг нэгэн. Тэрбээр 1999 оноос хойш гэр хорооллын орчин ахуйг яаж сайжруулах талаар суурь судалгааг хийж ирсэн туршлагатай.

Б.Дашням яагаад жорлонгоо шинэчлэгчдийн багт нэгдэх болсон шалтгаанаа ийнхүү хуучилсан юм.

-Иргэдтэйгээ тулж ажиллаж, зөвшилцсөн төсөл, хөтөлбөр амжилтанд хүрдэг. Дарга шийдсэн төсөл нурдаг. Хүний өмчлөх эрх рүү халдсан ажил явдаггүй. Хорин жил гадныхантай ажиллалаа. “Хотыг төлөвлөхдөө амьд организм гэж харах хэрэгтэй. Өргөн зам, өндөр байшин гэж төсөөлж болохгүй” гэж гадны зөвлөх хэлснийг мартдаггүй гэв.

Монголчуудын төлбөрийн чадварт нийцсэн орон сууц юу вэ гэсэн гадаадын зөвлөхийн асуултанд Б.Дашням “Гэр” гэж хариулсан удаатай. Монгол хүн бүр гэр худалдан авч чаддаг учраас түүний хариулт зөв байсан гэнэ.

Гэр хорооллын орчныг сайжруулахын тулд эхний ээлжинд гэрт крант хүргэж, крантнаасаа хүйтэн ч болов усаар гараа угааж, үнэргүй, аюулгүй жорлонд бие засдаг болчихвол дараагийн ээлжинд хотын ногоон байгууламж, зүлэг, модны тухай ярих боломжтой болох гэнэ.

Иргэдтэй зөвшилцөөгүй, иргэдийн орлого, амьжиргаанд нь тохирсон санал гаргахгүй бол ямар ч их мөнгө зарцуулсан төсөл цаасан дээр үлддэг гэж тэр хэлсэн.

Том ярихын оронд ялаагүй, үнэргүй жорлонд гэр хорооллын иргэд нь бие засдаг, хүйтэн ч гэсэн крантны усаар гараа угаачихдаг болвол манай хувьд том дэвшил шүү гэж тэр хэлсэн юм.

Ядаж 3000 хүн жорлонгоо хэрхэн өөрчлөх тухай мэдээлэл авч, 50 хувь нь зарчмыг нь ойлгочихвол болно гэлээ.

Тийм ч учраас Б.Дашням “Жорлон өөрчлөх, сайжруулахад анхаарах асуудлууд”-ын тухай ярихдаа “Гэр хорооллын иргэд болон хөдөөгийн иргэдийн дийлэнхи нь төлбөрийн чадвар сул тул аль болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэх жорлонгийн шийдэл санал болгох аль эсвэл түүнийг хамгийн ихдээ гурав нугарах хэмжээний хөрөнгө оруулалт шаардахаар хувилбарыг санал болгох”-ыг зөвлөв.

Нүхэн жорлонгийн зардал болж өгвөл 650-750 мянган төгрөгт багтвал сайжруулах боломжтой гэлээ. Иргэдийн төлбөрийн чадварт нийцээгүй бол ямар ч гоё жорлон, орон сууц байсан зарагдахгүй гэж тэр хэлсэн юм.

Хүний ялгадас био бүтэцтэй учраас хатчихвал тараагаад цацахад асуудалгүй. Жорлонгоо жилд хоёр удаа соруулахаар тооцож жижиг нүх ухвал соруулах зардал багасна. Соруулдаг жорлон сонгохдоо таны амьдардаг газар ийм үйлчилгээ байгаа эсэх, бүгд энэ үйлчилгээг сонговол цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хүрэлцэх эсэхийг тооцоорой. Ногоо, жимсээ борддог био бордоог хүнийх аль эсвэл амьтны гаралтай эсэхийг ялгахад хэцүү. Гаднаас авчирсан био бордоог хэрэглэчихээд, өөрсдийнхөө ялгадаснаас сэжиглэдэг нь сонин гэж тэр сануулсан шүү. Хашаандаа ногоо, жимс тарьдаг айлуудын хувьд бордоо “үйлдвэрлэдэг” жорлонг илүүд үзэж байна лээ. Шээсийг тусад нь ялгаж, цэвэршүүлэхийн тулд элс хайрга дэвсдэг. Намартаа хөглөрч хог болдог навчсыг шүүрдэж аваад дэвсчихвэл цэвэршүүлэх үйлчилгээ үзүүлдэг гэнэ.

Цэвдэгтэй хөрстэй айлууд мушгиа шахагчтай хуурайшуулдаг жорлонг таашааж байв. Тэднийг Ц.Оюундарь сэтгүүлч “Орчин нөхцлөө зөв үнэлж байна” хэмээн магтлаа. Туул голдоо ойрхон наймдугаар хорооныхон шидэт хайрцагтай жорлон гэх мэтээр иргэд газрын хөрс, төлбөрийн чадвар зэргээ бодолцон сонголт хийж байсан юм.

Дээр ярилцсан Ц.Жаргалсүрэн эгч ч мөн “Бид өнгөрсөн хугацаанд янз бүрийн жорлон судлаагүй биш судалсан. Бидний амьжиргааны түвшинд нийцсэн шийдэл хэрэгтэй” гэж байна лээ.

ИРГЭД ХОРШОО БАЙГУУЛАХ ЗАМААР ЖОРЛОНГОО САЙЖРУУЛАХ БОЛОМЖТОЙ ГЭВ

Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч хийдэг Л.Ганхуяг хэмээх эмэгтэй мөн “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөнд нэгджээ. Тэрбээр иргэдийн бүлэг нөхөрлөл, хоршоо байгуулах замаар жорлонгоо сайжруулах боломжтойг зөвлөв.

-Жорлон өөрчлөхөд иргэд хөршүүд, гудамжаараа нэгдэж, дундаасаа хуримтлал үүсгэж, сар бүр тодорхой хэмжээний мөнгө хуримтлуулбал зорьсондоо хүрэхэд тус болно. Сар бүр 50 мянган төгрөг нийлүүллээ гэхэд хорин айлтай гудамж сард 900 мянган төгрөгийн хуримтлалтай болно. Хоёр айл нь санхүүгийн боломжгүй байлаа гэхэд хөдөлмөрөөрөө хоршоод, нүх ухах, жорлон барих гэх мэт ажлыг хийлцэж болно. Хавар болтол дөрван сая 500 мянган төгрөг хуримтлуулахад зарим үйлчилгээ, материалыг бөөндөөд авах боломжтой. Нэг айл нүх ухахад 70 мянган төгрөг байлаа гэхэд 20 айл жорлонгийн нүх ухуулбал 35 мянган төгрөг болгож хямдруулаач гэвэл газар шорооны ажил хийдэг компаниуд дуртай зөвшөөрнө. Улсын төсөв хүрэлцэхгүй бол иргэд нөхөрлөл хоршоо байгуулах замаар хөрөнгө хоршиж, өөрсдөө асуудлаа шийдэх боломжууд бий. Хамгийн гол нь иргэд нэгдээд шийдчихвэл гаргалгаа олдоно гэж Л.Ганхуяг хэлсэн шүү.

ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛӨХИЙН ТУЛД ИРГЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛОХ УЧИРТАЙ

Ц.Оюунгэрэл нэг айл, нэг хэсэг айл жорлонгоо өөрчилсөн ч жорлонгоо өөрчилөхөд мөнгө гаргах боломжгүй хэсэг нь үлдчихвэл хөрс бохирдсоор байх болно. Тийм учраас айл бүхэн хүлээж авахаар технологийг сонгох учиртай. Хүн төлбөр хямд, хүртээмжтэй жорлонг хүлээж авдаг. Жорлонгоо өөрчилөхийг хүсч байгаа гэр хорооллын айлууд олуулаа хамтарч, зах зээл болж, зохион байгуулалтад орвол амжилтанд хүрнэ гэж зөвлөсөн. Бүгдээрээ соруулдаг жорлонтой бол соруулах үйлчилгээний бизнес хөгжнө. Мянган айлд жорлон барьж, үйлчилгээ үзүүлнэ гэвэл шинэ зах зээл бий болно. Иргэд жорлонгоо өөрчлөхийн тулд өөрсдөө хөрөнгө оруулагч болох учиртай. Холливудад кино хийхийн тулд мөнгө босгдог сонгодог арга эхний хөрөнгө оруулалтыг өөрөө гаргах байдаг. “Бүргэдчин охин” киног хийхийн тулд найруулагч Отто Белл Айшолпан охинтой нэг долларын гэрээ хийсэн. Ийнхүү хөрөнгө оруулагч болсноор кино хийхэд шаардлагатай дараагийн 300 000 доллараа босгох боломжтой болсон хэмээн тайлбарласан.

Хөрөнгө оруулагч төрд нөхцөл тулгах эрхтэй болно. Эхний зуун мянган төгрөгийг гаргасан бол үлдсэн 700 мянган төгрөгийг олохын тулд нөлөөллийн ажил хийх боломжтой. Дутаж байгаа мөнгөө хэнд нөлөөлж, хаанаас олох вэ гэдгээ төлөвлөнө. Мянган айлын жорлонг солих гэтэл үлдсэн 20 хувьд нь мөнгө хүрэхгүй бол хөнгөлөлт авахаар хөөцөлдөж болно. Ажиллах хүчин дээр ажилгүй залуусаа оролцуулъя. Материалын зардлаа хөнгөлүүлье гэж ярьж болно.

Дэлхийн “Жорлонгуудын зөвлөлүүдийн эвсэл” хэмээх байгууллагад олон компани нэгдэж, ариун цэврийн бизнест хөл тавихаар шийдсэн зоригтнуудыг урам зориг, сургалт мэдээлэл, хөрөнгө оруулалтаар дэмждэг тухай Ц.Оюунгэрэл ярьсан юм.

Учир нь дэлхий нийтээр жорлонгоо өөрчилж буй. Тэрбум гаруй хүнтэй Хятад, Энэтхэгт жорлонгийн хувьсгал өрнөж байгаа бол дэлхийн усны нөөц хомсдож байгаатай холбоотойгоор Европт ус бага хэрэглэдэг жорлонгийн технологийн өөрчлөлт хийж байгаа гэнэ.

Жорлонг хэн суллах вэ гэдэг асуудал дэлхий нийтэд байдаг учраас өтгөн лагийг султгадаг, цуглуулдаг, боловсруулдаг бизнес бий болжээ. Цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулдаг Омни процессор Америкт Сиатл хотод бий болсон. Харин Аляскад айл өрхүүдийн жорлонгийн ялгадсыг боловсруулж, үржил шимгүй газрыг эмчилдэг био нүүрс гаргаж авсан тухай тэрбээр сонирхууллаа. Дэлхийд шинээр гарч байгаа жорлонгийн шинэ технологиудын тухай түүний бичсэн “Жорлонгоо өөрчилье” номоос дэлгэрэнгүй унших боломжтой. Африкийн Угандад жорлонгийн бизнесээс шинэхэн тэрбумтангууд төрж байгаа. Айлуудын жорлонг султгаж төлбөр авдаг, ялгадсыг боловсруулж бордоо үйлдвэрлэж түүнийгээ борлуулж ашиг олдог, боловсруулах явцад гарсан дулааныг хий болгож гал тогоондоо хэрэглэдэг, илүү гарсныг нь борлуулж ашиг олдог гэх мэтээр жорлонгийн бизнесийн үе шат болгонд мөнгө олох ашигтай бизнес гэдгийг тэр тайлбарласан юм.

.

БИО ХИЙ ҮЙЛДВЭРЛЭДЭГ ЖОРЛОНГ Ч МОНГОЛД ТУРШИЖ БАЙГАА ГЭНЭ

Доктор Д.Басандорж Монголд туршсан жорлонгийн шийдлүүдийг танилцуулсан юм. Тэрбээр амины орон сууцтай айлууд байшинтайгаа залган жорлонгийн тамбер барьж, дулаалан гадаа байгаа жорлонгоо гэрт оруулах боломжтой гэнэ. Финляндад суухад дулаан ялгаруулдаг жорлон “мэндэлсэн” нь хүйтэн уур амьсгалтай Монголд ч тохирох бололтой дог шүү. Био хий үйлдвэрлэдэг жорлонг ч эх орондоо нутагшуулахаар туршиж байгаа гэнэ. “Үхэр малтай айлуудад хэрэгтэй эд. Үхрийн баас, хоолны үлдэгдэл нэмэхгүй бол нэг айлаас гарч байгаа ялгадас шальтай биш” гэж мань доктор чамлав.

Хаягдал боловсруулдаг био технологи байдаг. Энэ технологиор, угаадас, угаалгын машинаас гарч байгаа ус, жорлонгоос гарч байгаа бохирыг бүгдийг нь нэгдсэн технологиор шийдэх нь тохиромжтой гэж үзсэн. Асуудлыг орчин үеийн технологиор цогцоор нь шийдье гэж үзэж байгаа. Шүршүүр, гар угаах угаалтуур зэргийг цогцоор нь нэг жижиг өрөөнд багтаасан шийдэл дизайн гаргаад үүнээс гарч байгаа усыг гадна талд нь цэвэрлэх байгууламж хийе гэсэн юм. Ийм байдлаар хөрсний бохирдлоос сэргийлэх цогц шийдэл нэвтрүүлье гэж тэр ярив. Энэ талаар түүнээс тодруулсан юм.

-Өрхийн хэрэглээний цэвэрлэх байгууламж барина гэсэн үг үү. Монголчууд ийм шийдлийг санал болгож байна уу, гадны технологиудыг ашиглаж байгаа юу?

-Дэлхий дээр бүхнийг шийддэг технологи гэж байхгүй. Гадаадын дэвшилтэт технологиудиас авахыг нь аваад, Монголын байгаль цаг уурын нөхцөлд тохируулж байна. Манай хэрэглэгчид өртөг зардал бага байхыг шаарддаг учраас төлбөрийн чадварт нь тохирсон энгийн шийдэл санал болгож байгаа юм. Энэ байгууламжид өтгөн шингэн бохирыг иддэг бичил биетэн үржүүлж, түүгээрээ дамжуулж цэвэршүүлдэг технологи шүү дээ.

-Та түрүүн хүний ялгадас, малын баас, хоолны үлдэгдлийг хольж боловсруулаад бордоо гаргах тухай яриад байсан уу?

-Бактериуд янз бүр. Зарим нь агаартай орчинд ажиллаж, бордоо гаргадаг. Агааргүй орчинд хий ялгаруулдаг бактериуд ч байна. Үүгээр халаалт дулааны асуудлаа шийдэх боломж бий. Хөдөөгийн малчин айлуудад ийм энгийн шийдэл тохиромжтой.

-Энэ чинь ямархуу янзтай төхөөрөмж байна?

-Бетоноор цутгасан агааргүй битүү орчин л байх ёстой.

-Монголын нөхцөлд өтгөн шингэн ялгадсыг боловсруулах, саарал усыг цэвэршүүлэх технологиуд ямар үнэтэй байх бол?

-60 мянгаас гурван сая төгрөгийн үнэтэй янз бүрийн шийдлүүд бий.

-Та айл бүр хашаандаа “Хөвсгөл нууртай болъё” гэж яриад байгаа. Энэ ямар учиртай вэ?

-Хөвсгөл нуурын ус шиг цэвэр болгодог технологи гэсэн үг. Нэг айлаас авахуулаад амралтын газар, аймгийн төвийн бохирын асуудлыг шийдэх боломжтой монголжсон технологи юм.

-Энэ чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэн судлаачид хэр олон бэ?

-Олон биш байх аа.

-Жорлонгоо өөрчилье гээд яриад эхлэхээр энэ чиглэлээр ажиллах сонирхолтой улсууд нэгдэж байгаа гэж ойлгосон. Монгол базальтынхантай хамтарч ажиллахаар ярилцаж байгаа гэсэн үү?

-Нийгмийн хариуцлагатай улсууд бий. Хөрс агаарын бохирдлоос салах гарц шийдэл олъё гээд Монголд тохирсон шийдэл эрж хайж байгаа хүмүүс байна. Энэ хүмүүс “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөний нөлөөгөөр хоорондоо уулзаад хэлэлцээд, хамтарч ажиллах нь чухал.

Базальтийнхан жорлонгийн дулаалгын асуудлыг шийдэх боломжтой гэсэн. Монголын нөхцөлд жорлон хөлддөг учраас газар дор гүнзгий нүх ухах шаардлагатай болдог. Дулаалгын асуудлыг шийдвэл , гүнзгий ухах шаардлагагүй болж, зардал хэмнэх боломжтой гэв.

Хан-Уул дүүргийн наймдугаар хорооныхон “Манай хороонд инженерийн шугам сүлжээ орж ирсэн. 55 өрх ногоо тарьдаг. 15 иргэдийн бүлэгтэй. Дахин төлөвлөлтөд хамрагдсан. Гудамжууд цэгцтэй, сайжруулсан жорлонтой жишиг гудамж байгуулах боломжтой. Иргэд үүнээс санаа авна. АДРА-гийн төсөл хэрэгждэг, ногоо тарьдаг айлуудад өтгөн шингэн ялгадсаа бордоо болгох сургалт явдаг” гэх мэтээр давуу талаа тодорхойлсон. Харин сул тал нь Сонсголонгийн айлууд удаан хугацаагаар суурьшсан учраас нэг айл хашаандаа гурав, дөрвөн удаа жорлонгийн нүх ухчихсан, дахин нүх ухах газаргүй, хөрсний бохирдол ихтэй, иргэд жорлонгоо хэрхэн сайжруулахаа мэддэггүй, мөнгө санхүүжилтгүй гэх мэт асуудлууд байгаа гэв.

Сургалтыг чиглүүлэгч Ц.Оюундарь сул талаа хэрхэн давуу тал болгох тухай зөвлөсөн. “Эрүүл газар байхгүй гэдэг сул тал мөртлөө жорлонгоо өөрчлөх хэрэгтэй гэдгийг иргэд сайн ойлгож, хүлээж авна гэсэн үг. Нэг хашаанд гурван өрх шигүү амьдардаг гэсэн сул талыг давуу тал болгож харвал нэг шийдлээр гурван өрхийн асуудлыг шийдэж болно гэсэн үг, жорлонгоо шинэчлэх зардлыг гурван өрх хувааж төлөх боломжтой” гэх мэтээр тайлбарлаж байлаа.

Сургалтын эхэнд олон бэрхшээл тоочсон иргэд төгсгөлд нь жорлон бол зөвхөн асуудал бус нөөц баялаг,бизнес юм байна. Үлгэр жишээ эко жорлонгийн төсөл хэрэгжүүлнэ. Хөршүүдтэйгээ хамтарч хөрөнгө босгоод мушгиа шахагчтай хуурайшуулагч жорлон нэвтрүүлнэ, бордооны бизнес хийнэ, үртэс олдоц багатай учраас үнсээ жижиглэж савлаад зарна гэх мэт бизнес саналууд хэлсээр үлдлээ.

ЖС

Categories
мэдээ спорт

П.Орхон “Алтан Гранпри”-д гурван жил дараалан алтлан медаль хүртлээ

Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн Красноярск хотын “Футбол-Арена Енисей” цогцолборт уржигдар эхэлсэн. 29 дэх удаагийн тэмцээний эхний өдөр манай улсаас 21 бөх барилдснаас зургаан тамирчин хүрэл медалийн төлөө барилдсан юм. Тэднээс тав нь медаль хүртсэн.

Харин өчигдөр 2017 оны дэлхийн аварга,
цэргийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ
баг, “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон
аваргын алтлан медаль хүртлээ. Ингэснээр П.Орхон энэхүү тэмцээнд
сүүлийн гурван жил дараалан түрүүлж буй юм.

Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд 15 бөх
зодоглосноос П.Орхон 1/8 шигшээд нутаг нэгт спортын мастер Х.Болортуяаг
оноогоор цэвэр, шөвгийн наймд БНХАУ-ын Кан Яныг цэвэр, хагас шигшээд
өнгөрсөн жилийн финалд ялж байсан эзэн орны Инна Тражуковаг 10:8-аар,
шигшээ барилдаанд Японы Кива Сакаег оноогоор цэвэр (10:0) ялснаар Монгол
Улсын алтан соёмбот төрийн далбаагаа мандууллаа.

Categories
мэдээ спорт

Мэргэжлийн сумогийн Хацү башёд Маэгашира Точиношин түрүүллээ

Зураг

Японы мэргэжлийн сумо бөхийн нэгдүгээр сарын буюу Хацү башёгийн 15 дахь өдрийн барилдаанд Гүрж бөх Маэгашира Точиношин, Эндог давснаар ганцаараа 14 даваа, 1 унаатай Макүүчи /Дээд зиндаа/-д түрүүлж, Японы Эзэн хааны цомыг хүртсэн Европ тивийн гурав дахь бөхөөр тодорлоо.

Өмнө нь Болгарын Озэки Котоошюү, Эстонийн Озэки Барүто нар Макүүчид түрүүлж, Японы Эзэн хааны цом хүртэж байсан юм. 2018 оны анхны башё буюу Хацү башёд түрүүлсэн “Касүгано” дэвжээний бөх Гүрж сумоч Леван Горгазе буюу Точиношиноос уламжлал ёсоор сурвалжлагч ярилцлага авлаа.

Тэрбээр “Би өөрийгөө түрүүлсэн гэдэгт одоо ч гэсэн итгэж чадахгүй л байна. Башёгийн 10 дахь өдрөөс л түрүүлэх боломж байгааг мэдэрсэн. Түрүү бөх болж багшийнхаа ачийг хариулсандаа маш их баярлаж байна. Намайг үргэлж дэмжиж байдаг бүх хүмүүст болон Гүржийн ард түмэн, ахан дүүстэй, эхнэр хүүхэддээ чин сэтгэлээсээ баярлалаа. Саяхан төрсөн охиндоо түрүү бөх болж сайхан бэлэг барилаа. Цаашид улам хичээж барилдах болно” хэмээн онцолсон юм.

Точиношины хувьд энэ жил 30 настай бөгөөд 12 жил сумо бөхөөр барилдаж байна. Мөн 2000 оноос хойш Маэгашира цолтой түрүүлж, Японы Эзэн хааны цом хүртсэн дөрөв дэх сумочоор Точиношин тодорлоо.

Харин дөрвөн өдөр дараалан унасан71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, сүүлийн өдөр Озэки Гоэйдог давж. 11 даваа 4 унаатай Хацү башёг өндөрлөв. Озэки Такаясү, Митакэүмиг давж 12 даваатай башёг дуусгав.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ башёд 7 өдөр өнжөөд дахин барилдаж нэг ч даваа авч чадалгүй 8 унаатай башёг дуусгасан бөгөөд тэрбээр гэмтэлтэй байгаа төдийгүй сахарын өвчтэй болсон зэрэг нь энэ барилдаанд нөлөөлсөн болов уу.

Ичиножёо А.Ичинноровын хувьд 10 даваатай башёг амжилттай дуусгалаа. Тэрбээр Комүсүби цол цаашлаад Сэкиваке цолтон болох боломж байна. Араваши Э.Дөлгөөн энэ өдөр 8 дахь даваагаа авсан бол Тамаваши Б.Мөнх-Оргилын хувьд башёг 6 даваа, 9 унаатай өндөрлүүлэв.

Categories
мэдээ спорт

Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Мөсөн сурын харваа зурган илэрцүүд

Өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулсан “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрийн сур харваачид идэр есийн хүйтнийг үл ажран ирэх сарын 3, 4-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цэц мэргэнээ сорин улсын аваргаа шалгаруулах гэж байна. Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл болох мөсний сурын харвааг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс жаягийг хойч үедээ таниулах, уламжлалаа сэргээх зорилгоор Монголын мөсөн сурын холбооноос жил болгон зохион байгуулдаг тус тэмцээн дөрөв дэх жилдээ болно. Энэ жилийн хувьд олон улсын хэмжээний наадам болтлоо өргөжин хөрш хоёр орон болох БНХАУ болон ОХУ-ын сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн ирнэ.

Тус тэмцээн багийн болон цуваа харваа төрлөөр явагдах бөгөөд харваачид эвэр элэгтэй шөрмөсөн артай нум эсвэл Монголд үйлдвэрлэсэн сургалтын нумтай оролцоно. Сум нь 80 граммаас дээш модон сум байх ба цуваа харвааны үеэр 40 метрийн зайнаас 20 сум харвадаг бол багийн харваанд нэг багт 10 харваач оролцон 40 метр, 30 метр, 25 метр, 20 метрийн зайнаас харвана. Тэмцээний бүртгэл 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 90090066 дугаарын утас, Dorjoo Amraa /фэйсбүүк/ хаягаар явагдана. “Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр зохиогдох уралдаан тэмцээн болон ивээн тэтгэгчдийн нийт шагналын сан 10 сая төгрөг бөгөөд наадамд ирсэн иргэд, жуулчид тэмцээн уралдаануудыг үзэж сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтойгоороо онцлогтой. Нум сум харвах тэмцээний үед уухайлдаг ёс бий. Уухай бол сур, шагай харвахад харваачдыг хөгжөөх дуудлага юм. Мөсөн сур харвахад доорх аялгууг нэгэн удаад гурав гурван удаа эгшиглүүлдэг байна:

  • Магнай-Магнай – өөрийн талын ахлагчид тоглолтын эхэнд хийх урилгын уухай
  • Хормой-Хормой буюу хормойлуул – өөрийн тал (баг)-ын харваачийг онох болтугай гэсэн уухай
  • Дагуул- Дагуул – удаах сумаараа онох болтугай гэсэн уухай
  • Уухай, Хай даа – чих онож гаргасан өөрийн талын харваачид баяр илэрхийлсэн уухай
  • Хууг-Хууг – эсрэг тал (баг)-ын харваачийг самгардуулах уухай
  • Гилэн тош – эсрэг тал (баг)-ын харваачийг бүү оноорой гэсэн утгатай уухай

Монголчууд нэн эртнээс уухайлах ёсыг хийморь сэргээн жавар үргээдэг хэмээн бэлгэшээдэг байна. Иймд та бүхнийг хүрэлцэн ирж Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгайтай танилцахыг урьж байна