Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн Газар зуун хоногын ажлаа тайлагнаж байна

Image may contain: one or more people and indoorМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар өнөөдөр 100 хоногийн ажлын тайлангаа сэтгүүлчдэд танилцуулж байна.

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-аас Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилж, түүний тэргүүлсэн “мэргэжлийн” Засгийн газар бүрдэж байсан. Гэвч 1 жил 1 сар гаруйн дараа УИХ-ын Ээлжит бус чуулганы хуралдаанаар “мэргэжлийн” Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээ нь огцруулсан.Үүний дараа буюу өнгөрөгч оны арав дугаар сарын 4-нд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн зуун хувийн саналаар томилж байв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар өнгөрсөн оны арав дугаар сарын 19-нд бүрдэж, арван гурван яам, арван зургаан сайдтайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар:

1. Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд – Өлзийсайханы Энхтүвшин
2. Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга – Гомбожавын Занданшатар
3. Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – Намсрайн Цэрэнбат
4. Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд – Нямаагийн Энхболд
5. Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд – Дамдины Цогтбаатар
6. Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын – Чимэдийн Хүрэлбаатар
7. Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – Содномын Чинзориг
8. Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд – Цэндийн Нямдорж
9. Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд – Хавдисламын Баделхан
10.Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – Цэдэнбалын Цогзолмаа
11. Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд – Жадамбын Бат-Эрдэнэ
12.Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – Долгорсүрэнгийн Сумъяабазар
13.Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – Батжаргалын Батзориг
14.Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд – Цэрэнпилийн Даваасүрэн
15.Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд – Даваажанцангийн Сарангэрэл гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Хэвлэлийн хурлын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ: “Эрхэм хүндэт ард иргэд ээ. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сэргэж байна гэж дүгнэж болно. 2017 онд эдийн засгийн дөрвөн хувийн бодит өсөлт гарлаа. Өвөг дээдсийнхээ байгуулсан эртний түүхт улсынхаа хувь заяаг бид дампуурлаар шийдэж болохгүй. Тийм учраас ОУВС-тай хамтран ажиллах сонголт хийсэн. Энэ сонголт зөв байж ээ гэдэг нь харагдаж байна. Мүүдиз агентлаг Монголын эдийн засгийг C зэрэглэлээс B зэрэглэл рүү оруулсан. Энэ нь манай эдийн засаг сайжирч байгаагийн нотолгоо. 2017 онд төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биеллээ. Гадаад валютын нөөц 3.2 тэрбум ам.доллар болсон байна. Цаашид төгрөгийн ханш чангарах төлөв харагдаж байгаа. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 онд 3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Гадаад худалдааны тэнцэл 19.7 хувиар ашигтай гарсан байна. Малын тоо толгой өссөн. 66.2 сая малтай болж 4.2 саяар нэмэгдсэн байна. 2017 онд бид 27.8 мянган тонн мах экспортолж 137 тэрбум төгрөгийн орлого олжээ. 2017 онд бид Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг төлж барагдууллаа. Мөн Чингис бондын 500 сая ам.долларыг төллөө. Зүйрлэж хэлбэл сэхээний тасагт байсан эдийн засгийг энгийн тасагт шилжүүллээ. 2018 онд бид эдийн засгийг эмнэлгээс гаргаж гэрт нь авчрах, 2019 онд ажилд нь оруулах хэрэгтэй.Бид дан ганц уул уурхайг шүтсэнээс болж эдийн засаг түүхий эдийн бүтээгдэхүүн дагаад унадаг. Дээр нь хоёр хөрш болон олон улсын байгууллагуудад нэр хүнд унасан маань бидний зовлон. Бид оношоо тогтоосон тул эмчлэх ёстой. Зовлонгийн шалтгаанаа засаж залруулах нь Шинэ Засгийн газар бодлого. Ингэхийн тулд хоёр зүйл дээр анхаарч ажиллана.

1.Төрийн албаны санхүүгийн сахилга батыг тогтоох явдал чухал байна. Юуны түрүүнд бид сахилга хариуцлагаа сайжруулах хэрэгтэй.

2.Эдийн засгийн уналтыг зогсоох. Энэ хоёр зорилт бол Засгийн газрын гол зорилт юм.

Монгол гэдэг айл жилдээ зургаан төгрөг олж 8.50 төгрөг зардаг байна. Хоёр төгрөгөө гадаад дотоодын тусламж зээлээр бүрдүүлдэг. Тиймээс төсвийн алдагдлаа багасгана. Орлогоо нэмэгдүүлж зарлагаа багасгана.

Гадаад, дотоодын өр ширийг дарахад үндэсний үйлдвэрлэгчдийн үүрэг их байгаа гэдгийг зориуд тэмдэглэн хэлье.Урд өмнөх Засгийн газруудын сайн сайхан хийж бүтээсэн зүйлийг нь үргэлжлүүлж, алдааг нь засна. Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг манай Засгийн газар боловсруулж дууслаа. Бид энэ талаар та бүхэнд дахин мэдээлэл хийнэ.Монгол хүн эх орондоо айх аюулгүй, гэдэс цатгалан, сэтгэл амар амьдрах ёстой. Үүний төлөө Монголын төр засаг ажиллах ёстой. Эрүүл биетэй, саруул ухаантай, ажилтай, орлоготой, ирээдүйтэй итгэлтэй Монгол хүн эх орондоо амьдрах ёстой. Үүнийг бүрдүүлэх нь Засгийн газрын үүрэг. Ингэхийн тулд ард иргэдээ эрүүл хүнс, гэр орноор хангах, боловсрол эзэмшүүлэх, ажилтай орлоготой болгож, эрүүл мэндийг нь хамгаалах ёстой.Монгол Улс хөгжлийн замд явахдаа хос эдийн засагтай болох ёстой. Үүний нэг нь уул уурхай, нөгөө нь хөдөө аж ахуй юм” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилтын хүрээнд 2017-2020 онд хэрэгжүүлэх “НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” хөтөлбөрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 71 дүгээр тогтоолоор батлан хэрэгжүүлж байна.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь хөтөлбөрийн 2 дугаар зорилтын хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” байгуулж ажил олгогч, иргэд, аж ахуйн нэгжүүдэд ажил хайгч иргэнийг бүртгэх, ажил олгогчдын мэдээллийг хүргэх, ажил олгогчийн ажлын байрны захиалга авах, ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, гадаадаас буцан ирэгсэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа, хуулийн зөвлөгөө, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл зэрэг 17 нэр төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд хүүхэд харах өрөө, ажиллах чөлөөт орчин, хүний нөөцийн бүрдүүлэлт, эмэгтэйчүүдийн хөгжил, сэтгэл зүйн зөвлөгөө, ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл, сургалт хөгжлийн орчин бий болгосон.

Тус төвийн нээлтийн арга хэмжээ энэ сарын 30-ны өдрийн 11:00-12:00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт зохион байгуулна. Нээлтийн арга хэмжээнд Startup Mongolia ТББ, Хэрэглээний сэтгэл судлал хүрээлэн, “Номин Холдинг” ХХК, “Эвридэй Интернэшнл” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд оролцож, дараах арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнд:

  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ
  • Ажилд зуучлах үйлчилгээ
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх
  • Бүлгийн сургалт зохион байгуулах /СV хэрхэн бөглөх, Ажлын ярилцлаганд хэрхэн бэлдэх талаар/
  • Гарааны бизнесээ хэрхэн удирдах, хөгжүүлэх талаар сургалт зохион байгуулах
  • Ажил олгогч байгууллагын хүний нөөцийн менежерүүд ажил хайгч иргэдтэй ажлын ярилцлага хийж шууд ажлын байраар хангах юм гэж нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээллээ.
Categories
мэдээ цаг-үе

Давосын эдийн засгийн чуулганыг ажиглахад…

Швейцарийн Давосын алдарт цанын баазад жил тутам болдог Дэлхийн эдийн засгийн чуулган (ДЭЗЧ)-д энэ жил монголчууд хос сайд, хоёр бөхөө сойн уралдуулж байна. Д.Цогтбаатар сайд сайн жүдоч төдийгүй манай толгой сайтай төрийн зүтгэлтний нэг яах аргагүй мөн билээ.ДЭЗЧ-д өнөөдрийн байдлаар 1000 орчим том компани,олон улсын байгууллага болон бие даасан улсууд гишүүнээр элсээд байгаагийн нэг нь манай улс. Энэхүү чуулган 1971 онд анх байгуулагдсан. Давосын чуулганд нэрт улстөрчид, бизнесменүүд, урлаг, соёл, шинжлэх ухааны зүтгэлтнүүд болон сэтгүүлчид урилгаар оролцдог.Иймээс Давосын чуулганыг элитүүдийн уулзалт хэмээн эсэргүүцэгчид ч цөөнгүй бий.Чуулган дэлхийн хурцадмал асуудлуудаас гадна эрүүл мэнд,байгаль хамгаалах асуудлуудыг ч хэлэлцдэг. ДЭЗЧ-ы өдөр тутмын ажлыг Захирлуудын зөвлөл удирдан явуулдаг. Санхүү нь гишүүдийн татвараас гадна чуулганд ороцогчдын хандиваас бүрддэг. Жил болгоны чуулганд ямар байгууллага, хэнийг урих нь Захирлуудын зөвлөлийн эрх байдаг. Харин энэхүү чуулганыг 1971 онд анх санаачлан зохион байгуулсан Швейцариин профессор Клаус Шваб бол ДЭЗЧ-ы албан ёсны бас солигдох ёсгүй цорын ганц удирдагч нь юм.Захирлуудын зөвлөл нь Женев хотын ойролцоох Колонь дүүрэгт байрлана.Анхны чуулганд европын 450 том компаний удирдлага Европын хамтын ажиллагааны комисс(одоогийн Еврокомисс)-ын ивээл дор оролцож дэлхийн эдийн засгийн байдал цаашдын зорилгыг хэлэлцсэн. Цаашдын зорилт гэдэг нь дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнд Баруун Европын компаниудын байр суурийг хэрхэн, ямар замаар бэхжүүлэх вэ гэдэг асуудал байсан билээ. Жил ирэх бүр чуулганы хэлэлцэх асуудал өргөсөн дэлхийн улс төрийн болон эдийн засгийн асуудал, олон улсын худалдааг сайжруулах, харилцан ашигтай хамтын ажиллагаа зэргийг авч үздэг болсон. Өнгөрсөн зууны 70-аад оны дундаас Давос нэрт улс төрчид, бизнесменүүд зэрэг нөлөө бүхий хүмүүсийг урих болсноор энэхүү чуулган дэлхий нийтийн анхаарлын төвд байх ёстой асуудлын нэг болж чадсан.Энэ байгууллага 1987 оноос өнөөгийн WEF(ДЭЗЧ)буюу World Economic Forum нэрээр нэрлэгдэх болсон. Үүнээс урд Менежментийн Европын чуулган нэртэй байсан билээ.ДЭЗЧ-ы гол үйл ажиллагаа нь яах аргагүй дэлхийд нэрд гарсан Давосын цанын баазад нэгдүгээр сарын сүүлч хоёрдугаар сарын эхээр жил болгон болдог чуулган юм. Харин 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон террорист үйл ажиллагаатай холбогдуулан АНУ-ыг дэмжиж 2002 оны чуулган Нью-Йорк хотод болж байсан удаатай юм.

Энэхүү чуулган уламжлал ёсоор орчин үеийн дэлхийн эдийн засгийн хөгжлийн голлох түлхүүр асуудлууд болон энхтайвныг бэхжүүлэх, дэлхийн “халуун цэг”-үүдийн асуудлыг албан бусаар чөлөөтэй хэлэлцдэг. Энэ нь чуулганы явцад 300 орчим салбар хуралдаан, семинар, дугуй ширээний уулзалт болдог гэсэн үг.Өөрөөр хэлбэл чуулганы эцэст ямар нэгэн албан журам, зөвлөмж, бичиг баримт огт гардаггүй онцлогтой. Гэхдээ энэхүү чуулган нь дэлхийн эдийн засгийн болон улс төрийн гол асуудлуудыг эсрэг, тэсрэг талууд нүүр нүүрээ харан албан бусаар чөлөөтэй хэлэлцэх, хамтран ажиллахаар тохиролцох боломж олгодог “нүүр тулах”, “зангиагүй” уулзалтууд болдог гэсэн үг юм.

ДЭЗЧ бас салбар чуулганууд зохион байгуулдаг.Тухайлбал, Зальцбург болон Варшав хотноо болдог Европын Эдийн засгийн чуулган, 2005 онд Иорданд болсон Ойрх Дорнод, Хойд Африкийн хурцадмал асуудлын чуулган, “Африкийн төлөөх ДЭЗЧ” уриан дор 2005 оны долдугаар сард ӨАБНУ-д болсон чуулгануудыг нэрлэж болно.Мөн хоёр өдрийн хугацаанд явагддаг улс хоорондын чуулга уулзалт, семинар симпозиумыг дурдахгүй өнгөрч болохгүй. ДЭЗЧ жилд 30 орчим ийм салбар чуулга, уулзалтууд зохион байгуулдаг.

Давосын чуулган зөвхөн хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулаад байдаг юм биш. ДЭЗЧ-ы мэргэжилтнүүд 100 гаран улсыг хамарсан ДНБ-ий өсөлт болон өрсөлдөх чадварын индекс гэсэн хоёр үзүүлэлтээр гаргасан судалгааны дүн болох “Олон улсын өрсөлдөх чадвар” тайланг 1979 оноос чуулганд оролцогчдод танилцуулдаг болсон.Мөн “Арабын улсуудын өрсөлдөх чадвар”, “Олон улсын болон бизнесменүүдийн хамтын ажиллагаа-ядууралд үзүүлж буй нөлөө”, “Олон улсын удирдлагын санаачлага” сэдэвт судалгааны илтгэлүүдийг ч хэлэлцүүлдэг. Бас мэргэжилд тулгуурласан хамгийн тэргүүний технологи бүхий фирмийн удирдагчдыг нэгтгэдэг “Өндөр технологийн анхдагчид”,олон улсын 40 хүртэлх насны тэргүүний удирдагчдын “Дэлхийн шинэ удирдагчдын чуулган” гэх мэт нийгэмлэг, клубуудыг санхүүжүүлэн ажиллуулдаг. 2011 онд л гэхэд ДЭЗЧ-ы дэргэд дэлхийн ирээдүйг сайн сайхан болгох зорилготой 450 хотын 30 хүртэлх насны залуу удирдагчдыг нэгтгэсэн “Ирээдүйн архитекторчид” нийгэмлэг байгуулагдсан. 2016 оны Давосын чуулганд ДЭЗЧ-ыг үүсгэн байгуулагч Клаус Шваб “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал” эхэлснийг албан ёсоор зарласан. Энэ нь шинжлэх ухааны техник, технологийн дэвшил буюу инновацийн ачаар дэлхийн эдийн засаг үсрэнгүй хөгжих боломжтой боллоо гэсэн үг байсан. Өнгөрсөн оны энэхүү чуулганы гол асуудал нь “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль юу болов оо? Ямар гээч хүн гараад ирэв ээ?” гэсэн асуултууд байсан бол өнөө жилийн чуулганд “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп юу гэж хэлэх бол?” гэсэн хүлээлт голлох асуудал болоод байна. Энэ жилийн чуулганд 70 гаруй орны удирдагчид, эдийн засаг, бизнесийн байгууллагын 900 гаруй захирал, олон улсын байгууллагын төлөөлөгчид, урлаг соёлын одод, хэвлэл мэдээллийнхэн зэрэг 3000 гаруй зочид оролцож байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Германы Канцлер Ангела Меркел, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, Зимбабве улсын шинэ Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва, болон урлаг соёлын одод Английн дуучин Сэр Элтон Жон, “Black Eyed Peas” хамтлагийн дуучин Will.I.Am, Холливуудын жүжигчин Кэйт Бланшет, Болливуудын од Шах Рух Хан оролцож байна. Өнгөрсөн жил Хятадын дарга Си Жиньпиний улам бүр даяарчлагдаж буй дэлхийн тухай илтгэл Давосын зочдын анхаарлыг маш их татсан. Харин энэ удаа Си Жиньпин өөрөө оролцоогүй ч БНХАУ-ын Сангийн сайд тэргүүтэй төлөөлөгчдийн багийг илгээжээ. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Дональд Трампын илтгэл, Их Британи Европын холбооноос гарах гэж буй, Европын олон оронд хэт барууны үзэлтнүүд дэмжлэг авах болсон энэхүү ээдрээтэй үед даяарчлалд багтаагүй улсуудын асуудалд анхаарлаа хандуулах “Бутарсан дэлхийн ирээдүйг хамтдаа бүтээх нь” сэдвийн дор зохиогдож байна.

Өнгөрсөн жилийн чуулга уулзалтын цоо шинэ сэдэв байсан асар тогтворгүй криптовалют ирээдүйн төлбөр тооцооны хэрэгсэл үү, эсвэл нүд хуурсан луйвар уу гэдэг асуудал энэ удаагийн чуулганы халуухан сэдвийн нэг болох нь тодорхой. Мөн биткойн болон бусад цахим мөнгөнд ашигладаг “блокчэйн” технологи анхаарлаас гадуур үлдэхгүй. Бас Холливуудын бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг “#MeToo” хөдөлгөөн нийгмийн бусад салбарт дэгдэж, ид хүчээ авч байгаа билээ. “#MeToo” хөдөлгөөн дэгдсэнээс хойш бэлгийн дарамт учруулсан дуулианд холбогдсон улс төр, бизнесийн нөлөө бүхий албан тушаалтнууд хариуцлага хүлээж эхэлсэн гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй.

Давосын чуулга уулзалтад уламжлал ёсоор голдуу эрчүүд оролцдог байснаас жендерийн тэгш бус байдлыг үлгэрлэсэн хэмээх шүүмжлэлд өртсөн билээ. Харин Дэлхийн эдийн засгийн форумыг зохион байгуулагчид үүнийг өөрчлөхөөр шийдэж энэ жил 47 жилийн хугацаанд анх удаа эмэгтэйчүүдийн оролцоог 21 хувь болгож нэмэгдүүлсэн юм. Энэ жил эдийн засгийн чуулга уулзалтыг хамтран зохион байгуулагч долоон гишүүн бүгд эмэгтэйчүүд байгаа ажээ.

Чуулга уулзалтын эхний өдөр НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын сайн санааны элч, Холливуудын жүжигчин Кэйт Бланшет дүрвэгсдэд хандаж буй улстөрчдийн популист хандлагыг шүүмжилж, хавчлага мөрдлөг, алан хядлага, ядуурлаас зугтан эх орноо орхин гарсан 22 сая дүрвэгчдэд туслах, нигүүлсэнгүй хандахыг дэлхийн улстөрчдөд уриалсан байна. Иордан, Ливан дахь дүрвэгсдийн лагеруудад биеэр очиж ажилласан НҮБ-ын Сайн санааны элч Кэйт Бланшетэд энэ үйл хэргийнх нь төлөө “Crys­tal Award “ шагналыг чуулганы эхний өдөр гардуулсан билээ.

Давосын чуулганыг өөр нэг олон улсын сайн дурын байгууллага болох “Оксфам”-гүйгээр төсөөлөх боломжгүй юм. Англиар “Oxfam” буюу “Oxford Committee for Famine Relief(Өлсгөлөнтэй тэмцэх Оксфордын хороо)”гэнэ. Холбоотон улсуудын бүслэлтийн улмаас өлсгөлөнд нэрвэгдсэн Грекийн иргэдэд туслах зориулалтаар 1942 онд байгуулагдан жилийн дараа Англид хууль ёсоор бүртгэгдсэн энэ байгууллага 1960 он гэхэд олон улсын сайн санааны байгууллага болон өргөжиж 1995 онд олон улсын төрийн бус байгууллага “Oxfam Internation­al” гэсэн нэрээр Нидерландын Гааг хотод бүртгэгджээ. Өнөөдөр “Оксфам”-д 90 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын17 сайн дурын байгууллага нэгдээд байгаа юм. Энэ байгууллагын зорилго нь тэгш бус явдалтай тэмцэж дэлхий нийтийн ядуурлыг арилгах. Өөрөөр хэлбэл энэ байгууллагын үйл ажиллагаа нь жирийн иргэдэд эрхээ эдлэхэд нь туслан хөдөлмөрөө зөв үнэлүүлэн хангалттай цалин хөлс авч, амьдралаа өөрсдөө авч явах боломжоор хангахад чиглэдэг гэсэн үг. Иймээс “Оксфам” яг Давосын чуулганы өмнө өөрсдийн судалгааны тайлангаа дэлгэдэг уламжлалтай болсон билээ. Энэ жилийн тайланд дэлхийн хүн амын нэг хувь нь бүх баялгийн 82 хувийг эзэмшиж байна. Өнгөрсөн онд 3,7 тэрбум ядуучуудын орлого огт нэмэгдээгүй байхад хоёр хоног тутамд нэг тэрбумтан төрсөөр нийт тэрбумтны тоо 2013-д хүрснийг зарласан.Энэхүү нэг хувьд хамаарах хүмүүсийн орлого сүүлийн жилүүдэд жилд дунджаар 13 хувь өссөн бөгөөд энэ нь жирийн ажилчид, албан хаагчдын цалингийн өсөлтөөс зургаа дахин их өссөн гэсэн үг гэнэ.Энэхүү тайлан тавьсан хүмүүс ажилчдынх нь амьдрах байдал улам муудаж байхад эзэд нь улам баяжсаар байгааг шүүмжилж энэ явдал хөгжингүй болон хөгжиж буй улсуудад яг адилхан байгааг анхааруулсан байна. Мөн баячууд Засгийн газрын шийдвэрт нөлөөлж жирийн хөдөлмөрчдийн эрхийг улам бүр танаж байгааг ч шүүмжилжээ. Иймээс Давосын чуулганыг санаачлагч, солигдох боломжгүй цорын ганц удирдагч профессор,Клаус Шваб энэ жилийн чуулганы өмнө оролцогчдод хандан хэлэлцэх гэж буй асуудалд толгойноосоо гадна зүрх сэтгэлээрээ хандахыг уриалсан нь дэмий ч зүйл биш байлаа. Яг үнэндээ Давосын чуулганд зориулж гаргасан “Oxfam”-ын тайлан яг Монголд болж буй үйл явдалын тусгал билээ.Сонирхолтой нь монголчууд энэ тэгш биш байдлыг яаж арилгах вэ гэдгийг олчихсонд байгаа юм. Энэ нь маш товчоор бол монголын амьтан судлалын загалмайлсан эцэг гэгддэг академич О.Шагдарсүрэн агсны шавь нар багшийнхаа захиасыг биелүүлсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл шавь нар нь багшийнхаа хэлснийг биелүүлж аливаа улс гэдэг нь бие даасан биотоптой адилхан гэдгийг баталжээ. Аливаа амьд биет эсээс бүтдэг шиг экосистемийн хамгийн бага нэгж нь биотоп юм байна. Аль ч эко системд биомасс гэсэн ойлголт байдаг гэнэ.Энэ нь улс орны ДНБ гэсэн үг аж. Улс орны ДНБ буюу биомасс яаж амьд организм болгонд тэгш хувиарлагдаж байдаг арга нь биотопт бэлэн байдаг юм байна. Хэрэв ДНБ буюу биомасс амьд организм болгонд ингэж тэгш хувиарлагддаггүй байсан бол Биотоп өөрөө оршин тогтнох аргагүй аж. Хамгийн сонирхолтой нь Хийтлэр гэдэг герман бага даргын гаргасан “Байгалийн шалгарлаар хүчтэй нь үлддэг” гэсэн буруу дүгнэлтээс болж байгалийн хууль нийгэмд тохирдоггүй гэснээр дэлхийн философичид “Буруу замаар будаа тээж буцахдаа шороо тээсэн” болохыг Шаагаа багшийн шавь нар олж тогтоосон байна. Байгалийн шалгарлаар хүчтэй нь бус орчны өөрчлөлтөд тохирох нь үлддэг аж. Өнөөх бага дарга ч өөрөө өөрчлөгдсөн орчны бүтээгдэхүүн юм гэнэ. Ерөөс Эволюци гэгдэх амьд биетийн түүхэн хөгжил нь орчиндоо цохицохын төлөөх тэмцлийн үр дүн бөгөөд нэг эст амьтнаас олон эст амьтан, эр эм гэсэн хүйсийн ялгаа үүссэн, хөхтөн амьтан бий болсон нь бүгд өөрчлөгдөмтгий орчиндоо зохицох гэсэн орчин үеийн хэллэгээр бол инноваци аж. Иймээс Д.Цогтбаатар, Д.Сумъяабазар сайдууд минь алсаас ирээд Давосын асуудлаар эх орондоо нэг чуулаад үзвэл яадаг бол. Өвөг дээдэс чинь “Айлаас гуйхаар авдраа ух” гэж дэмий нэг захиж үлдээгээгүй бололтойдог шүү!

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Онгон шар тал

Онгон шар тал зурган илэрцүүд

Монгол Улсын төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч О.Дашбалбар, З.Дорж нарын нэрэмжит “Эх орон яруу найраг” наадам “Corporate hotel and Convention center”-д амжилттай болж өндөрлөв.

Тус наадмын тэргүүн байрыг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш хүртэж, 10 сая төгрөгөөр шагнуулав. Харин дэд байрыг МЗЭ-ийн гишүүн Х.Алагаа хүртэж, таван сая төгрөгөөр шагнуулсан бол гуравдугаар байрт А.Лхагва орж, таван сая төгрөгт ном хэвлүүлэх эрх гардсан юм.

Энэхүү наадамд 200 гаруй найрагч оролцсон бөгөөд хоёрдугаар шатанд 21 найрагч бүтээлээрээ өрсөлдсөнөөс шилдэг гурван бүтээлийг шалгаруулав. Уншигч танаа “Эх орон яруу найраг” наадмын тэргүүн байрын шүлгийг толилуулъя.

ОНГОН ШАР ТАЛ

Онгон шар тал руу

Ононы салхи үлээхэд

Олон адуу сүүлнээсээ эхэлж

Орчлонгийн зах руу хийснэ

Баригдаж үзээгүй эмнэг морьд хүртэл

Баримал шиг гуниглан зогсоод

Эрдэнийн толгой гудайлган

Эртний хүмүүсийг хүлээнэ

Зөөлөн салхитай онгон шар талд

Зөөсөн хөлөө зөв гишгэх

Хар дэлтэй тогорууд харсаар байтал

Хайрын тухай бичмээр цэнхэр бэх болж

Харанхуйтай тэнгэрийг булаацалдан

Халиад ниссэнээ эргэж ирэн

Зүг чигээ алдмаар их талын дунд бууж

Зүрхээрээ өндгөө хучна

Ононы салхи сэвэлзэх

Онгон шар талд

Алсын алсыг ширтэх тэмээд

Асгарч эхлэнэ

Усан будаг урсах шиг

Улаан ноос нь хийсч

Тосон будаг шиг нүднээс нь

Торго шиг нулимс бөмбөрөн

Бөглүү талын тэмээдийг салхи

Бөхнөөс нь эхэлж зорно

Онгон шар талд төрсөн хүн

Ододтой ойрхон өсч, орчлонгоос хол амьдарна

Хуур үүрсэн балчир хүү

Худам бичиг шиг харагдан

Алтан Дарь Овооныхоо наагуур

Аргусан хуурч шиг өнгөрнө

Сэвлэг нь хийсэх хүүг

Сэтэртэй Ононы салхи

Сэтгэлээс нь эхэлж сийлнэ

Монголын их шар талд

Categories
мэдээ нийгэм

Монголын эмч нар амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийжээ

Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн эмч нар амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны мэс засал долоон цаг үргэлжлэн амжилттай дууссан байна.

Хорт хавдраар өвчилсөн эрэгтэйд анхны мэс заслыг хийсэн бөгөөд ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн, элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч Э.Тайванбаатар нараар ахлуулсан 42 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг мэс заслыг ийнхүү амжилттай хийжээ.

Мөн БНСУ-ын Самсунг эмнэлгийн эмч нарын хяналт дор тус мэс заслыг хийсэн бөгөөд донор болон өвчтөний биеийн байдал сайн байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

E-Mart худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд E-Mart худалдааны төвийн агуулах шатаж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө буюу 2018 оны 01 сарын 29-ний 02:04 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 34, 63 дугаар ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа.Гал түймэр тус худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах бараа хүлээн авах 11х14 метрийн хэмжээтэй хүнсний агуулахад гарч, хүнсний бараа материал шатаж байсан байна.Гал түймрийн улмаас түлэгдсэн, гэмтсэн хүн байхгүй. Дөрвөн тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.

Categories
мэдээ спорт

Рожер Федерер Австралийн нээлттэй тэмцээнд хоёр жил дараалж түрүүллээ

Талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн өчигдөр өндөрлөлөө.

Тус тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргын төлөө тоглолтод Швейцарийн Рожер Федерер, Хорватын Мерин Чилич тулсан юм. Гурван цагийн турш таван сет үргэлжилсэн тоглолтод Рожер Федерер 6:2, 6:7, 6:3, 3:6, 6:1-ээр ялжээ.

Федерер шигшээ тоглолт хүртэл зургаан тамирчинг тус бүр нь гурван сет зарцуулж хожоод байсан юм. Харин мөнгөн медаль хүртсэн Мерин Чилич хагас шигшээд алдарт Рафаэль Надалийг сөхрүүлсэн юм.

Федерер “Австралийн нээлттэй тэмцээнд” 2004 онд анх түрүүлж байсан бол түүнээс хойш 2006, 2007, 2010, 2017, 2018 онд ийн аваргын цомыг өргөлөө. Түүний хувьд “Их дуулга” тэмцээний 20 дахь түрүүгээ хүртэж буй нь энэ юм.

Өнөө жил 37 той Федерер өнгөрсөн онд өөрийгөө харих болоогүй гэдгээ харуулж, Австралийн нээлттэй тэмцээн болон Уимблдонд түрүүлсэн. Энэ оны эхэнд ч гайхалтай байж, Австралид хоёр дахь удаагаа түрүүллээ.

О.Дашням

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин Баян-Өлгий аймагт ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Шуурхай бүлэг өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, тус аймагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг хуралдууллаа

-Тус аймаг нь 13 сум 90 багтай. 2018 он гарсаар 3719 толгой мал зүй бусаар хорогдоод байна. Толбо, Алтай, Буянт, Бугат, Улаанхус, Цэнгэл, Сагсай, Дэлүүн, Баяннуур, Алтанцөгц сумд, Өлгий сумын 7-р баг “Хотгор”, Цагааннуур тосгоны малчдын өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй, Булган, Ногооннуур сумдын өвөлжилт хэвийн байгаа аж.

2018 оны 1 дүгээр сарын байдлаар тус аймгийн Булган сумаас Ховд аймгийн Дуут суманд 14,400, Мөнххайрхан суманд 35,000, нийт 49,400 толгой мал, Ногооннуур сумаас Увс аймгийн Бөхмөрөн суманд 6000 толгой мал, бүгд 55,400 толгой малыг өөр аймгийн нутагт отроор өвөлжүүлж байна.

Уулархаг газарт 30-40 см хүртэл цас орж ан амьтны бэлчээрлэлт хүндэрч улаан номонд орсон аргаль, янгир, халиун буга зэрэг амьтад уулнаас бууж, малтай хамт бэлчиж идээшлэх байдал ажиглагдаж байна

Засгийн газрын шийдвэрээр тус аймагт байрлах Улсын нөөцийн цэгүүдээс 450 тн өвсийг үнэгүй, 400 тн тэжээлийг хямдруулсан үнээр малчдад батлагдсан хуваарийн дагуу олгож байна

Аймгийн аюулгүйн нөөцөд 227 тн тэжээл, 139,4 тн өвсийг 2 дугаар сарын эхний 10 хоногт багтаан бүрдүүлж өвс тэжээл шаардлагатай байгаа сумдад хуваарилан олгоно гэж тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан танилцууллаа.

Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссоос Улсын Онцгой комиссын шуурхай бүлэгт хандан ан амьтдын өвөлжилттэй холбоотой Ногооннуур сумын “Бахлаг”, Улаанхус сумын “Баян уул”, Толбо сумын “Сайр”, “Борт”, Ногооннуур сумын “Ямаат”, Улаанхус сумын “Их ойгор”, “Усай живэт”, Цэнгэл сумын “Бор бургасан”, “Мухар”, Алтай сумын “Шар говь” гэх газруудад биотехникийн арга хэмжээ авах тул шаардлагатай 6.0 сая төгрөгийг шийдвэрлэж өгөх санал тавилаа

Mөн Онцгой байдлын газрын шуурхай албаны фургон автомашины эдэлгээний хугацаа дуусч, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар гарч үүрэг гүйцэтгэхэд хүндрэлтэй байгаа тул шуурхай албаны автомашин, Улаанхус, Толбо сумдыг түргэн тусламжийн машинтай болгох, Алтанцөгц, Бугат сумдад цаг уурын өртөө, харуул шинээр байгуулах шаардлагатай байгаа талаар танилцуулсан.

Аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр, Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгад аймаг, орон нутаг нь тухайн жилийн батлагдсан төсвийн 2.0 хувийг орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах санд тусгаж, гамшгаас хамгаалах арга хэмжээнд зарцуулахаар тусгагдсан байгаа. Гамшгийн эрсдэлийг бууруулах зардлыг орон нутгийн төсөвт тусгаж ажиллах ёстойг аймгийн удирдлагуудад анхааруулж хэллээ

Засгийн газрын тогтоолоор өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан 8000 тн өвс үнэгүй, 6500 тн малын тэжээлийн үнийг 50 хувийн хөнгөлөлттэйгээр аймаг, орон нутагт хуваарилахаар болсон. Энэ тогтоолын дагуу Баян-Өлгий аймагт улсын нөөцөөс 450 тонн өвсийг үнэгүйгээр, 400 тонн тэжээлийг 50 хувь хөнгөлөн олгохоор шийдвэрлэж, өвс, тэжээлийн эхний цувааг аймаг, орон нутагт хүлээлгэн өглөө гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд, Улсын харцага М.Бадарч түрүүллээ

ЗурагМонгол Улсын харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр буюу ням гарагт Бөхийн өргөөнд болж, Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат, улсын харцага М.Бадарч найм даван түрүүллээ.

Энэхүү барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, гарьд Ж.Бат-Эрдэнэ, заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосон юм. Тус барилдаан түрүүг харцага М.Бадарч авсан бол Завхан аймгийн Нөмрөг сумын харъяат, улсын харцага Д.Бат-Эрдэнэ үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харъяат, улсын заан Б.Пүрэвсайхан, Ховд аймгийн Зэрэг сумын харъяат, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарлаа. Зүүн, барууны магнай арслангууд хоёр болон тавын даваанд өвдөг шороодсон юм. Цолныхоо хүндэтгэлд харцага цолтон 10 бөх зодоглосноос ийнхүү гурав нь Их шөвөгт шалгарч амжилттай барилдсан байна.

Categories
мэдээ спорт үндэсний-бөx

Харцагууд цолныхоо хүндэтгэлийн барилдаанд манлайлав

“Жем Интернэшнл” группийн нэрэмжит Монгол улсын харцагуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан Монгнол бөхий өргөөнд өчигдөр болж өндөрлөлөө.
Улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, гарьд Ж.Бат-Эрдэнэ, заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар спорт хороо, “Нутгийн буян” ХХК, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын харцага М.Бадарч найм даван түрүүлж, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, “Хилчин” спорт хороо , хилийн цэргийн 0277-дугаар анги “Завхан дэвжээний бөх, улсын харцага Д.Бат-Эрдэнэ үзүүрлэв.
Барилдааны их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат “Лидер буянт” холдинг, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Пүрэвсайхан, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Монтед констракшн”, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарчээ.
Зүүн барууны манлай улсын арслан П.Бүрэнтөгс хоёын даваанд Дорноговь аймгийн харьяат сумын заан Б.Бадралд давхар хамуулж унасан бол барууны манлай Р.Пүрэвдагва тавын даваанд Хэнтий аймгийн харьяат аймгийн харцага Д.Аззаяад тахим буулгажээ.
Харцага цолтнуудын барилдааны түрүү бөхөөр нэрлэгдэж байсан Ховд аймгийн харьяат улсын харцага О.Хангай хоёрын даваан Булганы аймгийн начин Э.Сумьяабатыг хөмөрсөн ч өөрөө урьтаад газардчихав. Сэлэнгийн аралтай начин Ч.Баянмөнх нэгийн даваанд Ховдын Ж.Доржжүгдэр гэх нарийхан бор залууг давуулж гуядсан ч өхийлдүүлээд дор нь орчхож байгаа харагдсан.
Та бүхэнд барилдааны дйүзийг сонирхуулъя.
Тавын даваа
1. у/ар Р.Пүрэвдагва – а/х Д.Аззаяа
2. у/з Б.Пүрэвсайхан – а/з П.Даваадорж
3. у/х Н.Батзаяа – у/н Б.Сангисүрэн
4. у/х Б.Бат-Өлзий – у/н Г.Ганжад
5. у/х Х.Гантулга – а/з Ж.Ням-Эрдэнэ
6. у/х Д.Бат-Эрдэнэ – у/н Д.Тамир
7. у/х М.Бадарч – у/н Ч.Хөхчирэнгэр
8. у/н Б.Амарзаяа – у/н Ш.Шинэбаяр
Зургаагийн даваа
1. у/з Б.Пүрэвсайхан – а/х Д.Аззаяа
2. у/х Б.Бат-Өлзий – а/з Ж.Ням-Эрдэнэ
3. у/х Д.Бат-Эрдэнэ – у/н Ш.Шинэбаяр
4. у/х М.Бадарч – у/н Б.Сангисүрэн
Долоогийн даваа
1. у/з Б.Пүрэвсайхан – у/х М.Бадарч
2. у/х Б.Бат-Өлзий – у/х Д.Бат-Эрдэнэ
Наймын даваа
1. у/х Д.Бат-Эрдэнэ – у/х М.Бадарч