Categories
гадаад мэдээ

Өнгөрөгч онд дэлхийн хүн ам 1,07 хувиар өсжээ

Зураг

2018 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар дэлхийн хүн амын тоо 7 тэрбум 444 сая 443 мянга 881 байна гэж АНУ-ын Хүн амын тооллогын товчоо мэдэгдэснийг “ТАСС” агентлаг уламжлав. Энэ нь 2017 оны нэгдүгээр сарын 1-ний үеийнхээс 78 сая 521 мянга 283-аар буюу 1.07 хувиар өссөн үзүүлэлт юм. Тэгвэл тус товчооны мэдэгдсэнээр, ирэх онд секунд тутамд 4.3 сая хүүхэд мэндэлж, 1.8 сая хүн хорвоог орхих аж. Мөн 2050 он гэхэд дэлхийн хүн амын тоо 9 тэрбумаас давна гэсэн таамгийг тус товчоо дэвшүүлсэн байна.

Categories
мэдээ спорт

Д.Дэрозан 52 оноо авч багаа хожилд хөтөллөө

Өнөөдрийн Америкийн үндэсний сагсанбөмбөгийн лигийн хамгийн өрсөлдөөнтэй тоглолт Торонто Рэпторс, Милуаки Бакс багуудын хооронд боллоо. Торонто Рэпторс багийн талбайд болсон тус тоглолтонд талбайн эзэд нэмэлт цагт 131-127-ийн харьцаатай хожил байгуулав. Тоглолтын шилдэг тоглогчоор Торонто Рэпторс багийн хамгаалагч Дэмар Дэрозан тодров. Тэрбээр өөрийн карээрийн хамгийн өндөр оноо болох 52 оноог авсан бол түүнд холбон тоглогч Кайл Лаури 26 оноо, 6 оновчтой дамжуултаар тусаллаа. Харин Милуаки Баксийн шилдэг тоглогчид өөрсдийн шилдэг тоглолтоо үзүүлсэн ч баг нь ялагдал хүлээв. Зочин багаас багийн лидэр Гианнис Антэтокумпо 26 оноо, 9 самбар, Эрик Блэдсо 29 оноо, Маттью Дэлавидова 10 оновчтой дамжуулалт тус тус өглөө.

Ийнхүү Торонто Рэпторс ялалт байгуулж 25-10 амжилттай Дорнод бүсийн хоёрдугаар байранд, Милуаки Бакс 19-16 амжилттай тус бүсийн зургаадугаар байранд тус тус эрэмлэгдэж байна.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Сум, хорооныхоо нийгмийн ажилтанд тэтгэмж авах хүсэлтээ гаргахыг анхааруулав

Зураг

Шинэ оноос хэрэгжиж эхэлж байгаа Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн дагуу Засгийн газраас олгох тэтгэмжид хамрагдах иргэдийг сум, хорооны нийгмийн ажилтандаа хүсэлтээ гаргахыг ХНХЯ-наас анхааруулав. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн дагуу жирэмсэн эхэд 40 мянга, 0-3 хүртэлх насны хүүхэд асарч буй эхэд 50 мянган төгрөг сар бүр олгоно. Мөн хоёр ихэр хүүхдэд нэг удаа тус бүр нэг сая, гурав ба түүнээс дээш ихэр хүүхэд тус бүрт гурван сая төгрөг олгох юм. Мөн гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг Нийгмийн халамжийн тухай хуулийн 27.1-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр олгоно. Тэтгэмжид хамрагдах хүсэлтэй иргэд доорх бичиг баримтыг бүрдүүлж, сум, хорооны нийгмийн ажилтанд хүргүүлэх юм

Жирэмсэн ээжүүд: өргөдөл, нэг хувь зураг, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтыг бүрдүүлэх ёстой юм.

0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүд: өргөдөл, нэг хувь зураг, иргэний үнэмлэх, хуулбарынхамт, хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт, хүүхэд асрах чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбар болон баг, хорооны Засаг даргын тодорхойлолтыг бүрдүүлэх юм.

Ихэр хүүхдийн тэтгэмж авах иргэн: өргөдөл, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, гадаадад оршин суугаа иргэний тухайд иргэний үнэмлэх эсхүл нотариатаар батлуулсан хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт, ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, гадаадад оршин суугаа иргэний хувьд тухайн газрын эмч, эмнэлэгийн байгууллагын тодорхойлолт, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт зэргийг бүрдүүлнэ.

Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцэг: өргөдөл, нэг хувь зураг, нөхөр /эхнэр/-ийн нас барсны гэрчилгээ, хуулбарын хамт, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт /16насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт/, Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр.

Categories
мэдээ нийгэм

Шатахууны үнийн асуудлыг хэлэлцэнэ

Шатахуун импортогч зарим компани борлуулж буй шатахууны үнээ өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-нөөс эхлэн литр тутамд 50 хүртэлх төгрөгөөр нэмэгдүүлжээ.

Харин энэ тухай 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдэгдэл хийхдээ, Үнийн бодлогын зөвлөл хуралдаж нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргаагүй байгаа тул үнийг нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй хэмээн мэдээлсэн.

Өнөөдрийн байдлаар зарим компани шатахууны үнийг нэмэгдүүлээгүй бол зарим ШТС-ууд шатахууныг бага хэмжээгээр олгож байгаа гэсэн мэдээлэл байна.

Энэ талаар бид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тодруулахад, Ашигт малтмал газрын тосны газар, яамны хамтарсан Ажлын хэсгийнхэн хуралдаж энэ тухай хэлэлцэх товтой байна. Уг үнийн бодлогын ажлын хэсгийн хуралдааны дараа мэдээлэл өгөх боломжтой гэлээ.

Ажлын хэсгийн Нарийн бичгийн даргаар Ашигт малтмал газрын тосны газрын дэд дарга ажилладаг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй ТҮЦ, ил задгай худалдааг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “2018 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээний бэлтгэл ажлыг хангах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас I сардаа багтаан эрх шилжүүлж дуусгах, 2, 3 дугаар сард хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмблэж тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг үе шатанд хугацаа алдахгүй зохион байгуулж ажиллах нь зүйтэй” гээд “Нийслэлийн дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газрууд болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, нийслэлийн төсөвт байгууллагуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлыг зохион байгуулах бэлтгэлийг хангах, “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүйгээр ТҮЦ, ил задгай худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа үйл ажиллагааг таслан зогсоож, нүүлгэн шилжүүлэх”-ийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Таван хүүхэд төөрснийг олж эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад нийт гэмт хэргийн шинжтэй 253 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Энэ өдрүүдэд ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй иргэд шинэ оноо тайван угтлаа.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж, эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажилласан юм. Мөн хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж, “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүний үеэр бага насны таван хүүхэд эцэг, эхээсээ төөөрснийг эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран пиротехникийн хэрэгслийг ашиглах зөвшөөрөлтэй “Очир-Ундраа”, “Протек” ХХК-иудын удирдах албан тушаалтан нарыг оролцуулан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, аюулгүй ажиллагаа болон иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэдэгдэл өгч, “Нарантуул”, “Дүнжингарав”, “Хархорин”, “Соёолж” зэрэг томоохон худалдааны төвүүдэд хяналт тавьж, “Нарантуул” олон улсын худалдааны төвд 58 ширхэг пиротехникийн хэрэгсэл худалдаалсан зөрчлийг илрүүлж ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ сарын 4-нөөс эхэлнэ

Нийслэлийн цэргийн штаб 2018 оны анхны хурлаараа “Цэргийн албаны тухай” хуулийн 34 дүгээр зүйл, ЗХЖШ-ын даргын 2014 онд батлагдсан “Цэргийн, техникийн тоо бүртгэлийг зохион байгуулах журам’-ыг удирдлага болгон Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/853 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн хэмжээнд 2017 оны 01 дүгээр сарын 04-нөөс 20-ны өдрүүдэд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажил бусад асуудлаар үүрэг, чиглэл өгөх семинарыг зохион байгуулж байна.

Цэргийн бүртгэлийг Засаг захиргааны анхан шатны нэгж болох Хороодын засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 8.30-19.00 цагт, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулна.

“Цэргийн албаны тухай” хуулинд цэргийн бүртгэлийн талаар дараах байдлаар зааж өгсөн байна.

34 дүгээр зүйл. Цэргийн бүртгэл

34.1.Цэргийн бүртгэлийг аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулна.

34.2.Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.

34.3.Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ.

34.4.Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.

34.5.Цэргийн бүртгэлд дараах иргэн хамрагдахгүй:

34.5.1.энэ хуулийн 16.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн;

34.5.2.цэргийн жинхэнэ алба хааж байгаа;

34.5.3.ял эдэлж байгаа.

34.6.Цэргийн бүртгэлд хамрагдах иргэн дараах үүргийг хүлээнэ:

34.6.1.нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах;

34.6.2.цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах;

34.6.3.цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх;

34.6.4.өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэхээр заасан байдаг байна.

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалт Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, эсхүл дайчилгааны сургууль, цугларалт, цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг нэг зуун нэгж /1 нэгж 1000 төгрөг/-ээр торгох хуулийн заалттай юм байна.

Нийслэлийн засаг даргын тамгын газрын Цэргийн штабын зүгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цэргийн бүртгэлдээ иргэнийхээ үүргийг ухамсарлан цаг хугацаандаа идэвхитэй оролцохыг хүсч байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Дональд Трамп Иран улсын засгийн газрыг шүүмжиллээ

Зураг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан Иран улсын засгийн газрыг дахин шүүмжилжээ.

“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, Д.Трамп даваа гарагт буюу өчигдөр “Твиттер” хуудастаа “Иран улсын аугаа ард түмэн олон жилийн турш дарлагдаж, дорд үзэгдлээ. Тэд хоол хүнс болоод эрх чөлөөгөөр өлсөж цангаж байна. Тэдний эрх зөрчигдсөөр байна. Ираны эд баялгийг төрийн толгойд байгаа нөхөд тонож байна. Иранд өөрчлөлт хийх цаг нь болсон” гэж бичсэн байна.

Тэрбээр үүний өмнө өнгөрсөн ням гарагт “Иранд эсэргүүцлийн жагсаалыг зогсоохын тулд интернэт, нийгмийн сүлжээнүүдийг хааж байна. Ираны Засгийн газар ард түмнийхээ эрхийг хүндэтгэх хэрэгтэй. Иранчууд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй” гэж бичсэн байсан юм.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрс өсөж, ажилгүй хүмүүсийн тоо олширч байгаатай холбоотойгоор иранчууд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас засгийн газрынхаа эсрэг жагсаал хийж эхэлсэн билээ. Энэ жагсаал нь сүүлээрээ хүчирхийлэл болж хувираад байна. Цагдаа нар болон жагсагчид хоорондын мөргөлдөөний үеэр 14 хүн амиа алдаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга шинэ оны эхний өдөр төрсөн ээжүүдэд баяр хүргэж, гарын бэлэг гардууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн “Амгалан” амаржих газарт 2018 онд буюу дөнгөж төрсөн ээжүүдтэй уулзаж, баяр хүргэн гарын бэлэг гардууллаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ хамтраад шинэ оны эхний өдөр төрсөн ээжүүдэд, шинээр мэндэлсэн иргэдэд гарын бэлэг гардууллаа. Шинэ хүн төрнө гэдэг айл гэрт аз жаргал авчирч, улс орны хөгжилд ч гэсэн хувь нэмэртэй. Энэ жилийн хувьд нийслэлийн гурван амаржих газраар явж дөнгөж мэндэлсэн хүүхдүүддээ өлгийний иж бүрдэл, өргөмжлөл зэрэг гарын бэлэг гардуулж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн шөнийн 00.00 цагаас хойш өнөө өглөөний байдлаар нийслэлийн гурван амаржих газарт нийтдээ 20 гаруй эх төрсөн юм байна. Дөнгөж төрсөн ээжүүдийн царайнаас аз жаргал, баяр баясал мэдрэгдэж байна. Эдгээр ээжүүд болон баяцхан үрсэд нь аз жаргал эрүүл энхийг хүсье. Мөн бидний саналыг дэмжин хамтарч ажилласан үндэсний үйлдвэрлэгчиддээ баярлалаа. Цаашид жил бүр энэхүү ажлыг уламжлал болгон зохион байгуулах болно” хэмээн онцоллоо.

Хотын дарга шинэ оны эхний өдөр төрсөн ээжүүдэд баяр хүргэж, гарын бэлэг гардууллаа

“Монголд бид үйлдвэрлэв” ТББ –ын тэргүүн Г.Майцэцэг “Нийслэлийн ЗДТГ-аас “2018 оны эхний өдөр мэндэлсэн нярайд бэлэг гардуулна. Тиймээс энэ гарын бэлгийг үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрлээч” гэсэн санал ирүүлсэн. Бид энэхүү саналыг маш баяртайгаар хүлээж авсан. Энэхүү багцад нярай хүүхдэд хамгийн их хэрэгцээтэй байдаг цүнх буюу өлгий багтсан байгаа. Цүнх нь дэлгэгдэж өлгий болдог. Нярай болон ээжид маш их хэрэгцээтэй зүйл багтсан бэлгийн багцыг бид бүхэн ийнхүү үйлдвэрлэлээ. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжнэ гэдэг нь энэ юм. Энэхүү захиалгыг үндэсний үйлдвэрлэгчид хүлээн авсандаа маш их баяртай байгаа гэдгийг энэ дашрамд хэлье” гэв.

“Амгалан амаржих газарт 2018 оны нэгдүгээр сарын 1-ий 00.00 цагаас хойш 11 эх амаржсан байна. Харин 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ий 09.00 цагаас 2018 оны нэгдүгээр сарын 1-ий 09.00 цаг хүртэл 28 эх амаржжээ.

Нийслэлийн ЗДТГ-ын зүгээс Эх хүүхдийн эрүүл мэндийн төв болон нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газарт 2018 оны эхний өдөр мэндэлсэн иргэдэд ийнхүү үндэсний үйлдвэрлэгчдийн урласан гарын бэлгийг гардуулж байгаа билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын цэргийн, тэнгисийн, агаарын хүчний академид суралцахыг хүсэгчдийн анхааралд

АНУ-ын Цэргийн академи, Тэнгисийн цэргийн академи болон Агаарын хүчний академид хэрхэн бүртгүүлэх болон уг сургуулиудын талаар манай сонин дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байсан билээ. Тэгвэл 2018-2022 онд суралцах хүсэлтэй сонсогчид материалаа илгээхэд гурав хоног үлдээд байгаа юм байна. Та бүхэн дараах холбоосоос дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. https://mn.usembassy.gov/usma-2018/