Categories
мэдээ спорт

Хүндийн өргөлтийн УАШТ үргэлжилж байна

ЗурагХүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ өнөөдөр Спортын төв ордоны “А” зааланд болж шилдгүүдээ тодруулж эхэллээ.

Эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн УАШТ-д 16 багийн 180 гаруй тамирчид хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байна. Хүндийн өргөлтийн спорт нь сүүлийн жилүүдэд манай улсад хурдтай хөгжиж байгаа бөгөөд өсвөр, залуучууд болон насанд хүрэгчдийн ДАШТ-үүдэд амжилттай оролцож байгаа юм. Өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий анхны медалийг М.Анхцэцэг хүртсэн билээ.

Уг тэмцээний зорилго нь хүндийн өргөлтийн спортыг сурталчилах, хүүхэд залуусыг энэ спортоор хичээллэх дур сонирхолыг нь өсгөх, шилдэг тамирчдаа алдаршуулах, тив дэлхий болон олимпийн медальтнуудыг бэлтгэн гаргах зорилготой юм.

Тус тэмцээний эхний өдрийн дүнг танилцуулбал, Эмэгтэйчүүдийн 48 кг-д 1. Б.Тунгалаг /Аврагч/ спорт хороо, 2. О.Энхжин /Самбуу сан/, 3. О.Төгс-Эрдэнэ /Аврагч/, 52 кг-д 1. Ч.Нямзул /Аврагч/, 2. О.Алтан-Од /Хилчин/, 3. Г.Наранхүү /Өвөрхангай/, 58 кг-д 1. Г.Баасанжаргал //Алдар/, 2. О.Баярцэцэг /Аврагч/, 3. Э.Эрдэнтуяа /Алдар/, 63 кг-д 1. Г.Ануужин /Аврагч/, 2. Э.Бурмаа /Алдар/, 3. Ц.Минжинсор Алдар/ тус тус шалгарлаа. Харин эрэгтэйчүүдийн 50 кг-д У.Амарбаяр /Алдар/, Б.Лувсандамба /Өвөрхангай/, Төртогтох /Хилчин/, 56 кг-дГ.Өнөболд /Алдар/, О.Дагдансамбуу /Өвөрхангай/, У.Баярхүү /Алдар/, 62 кг-д Г.Жамъяандорж /Хүч/, Ч.Чинхүсэл /Аврагч/, Э.Балжинням /Хүч/ нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цус бэлэглэх өдөр

ЗурагЭнэ 2018 оны эхний Үндэсний цусаа бэлэглэх өдөр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 3-ны өдөр тохиож байна.

Энэхүү уламжлалт үйл ажиллагааг Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/ нь “JCI Монгол” байгууллагатай хамтран “Амьдрал бэлэглэе” уриан дор зохион байгуулж байгаа юм. Үндэсний цус бэлэглэх өдрийн хүрээнд ачтан доноруудаа алдаршуулахаас гадна хоёр байгууллагын хооронд 2018 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах юм.

ЦССҮТ-ийн үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжүүд идэвхтэй дэмжиж ажилладаг. Тэдний нэг болох “JCI Монгол” байгууллага нь ЦССҮТ-тэй 9 дэх жилдээ хамтран ажиллаж байгаа юм. Үйл ажиллагаа өнөөдөр 10 цагт эхэлсэн байна.

Дашрамд дуулгахад, 2015 оноос сар бүрийн 3-ны өдрийг сонгож цусаа бэлэглэх өдөр болгосон бөгөөд энэ өдрийг сонгосон нь бас учиртай аж. Нэг хүний бэлэглэсэн цуснаас гурван төрлийн бүтээгдэхүүн бэлтгэж, гурван хүний амь нас авардаг. Мөн “Үүрд мөнх орших тулгын гурван чулуу, Монголчууд бидний үүрд мандан бадрахын бэлгэдэл болсон соёмбо дээрх галын гурван дөл, мөнх үргэлжлэхийн бэлгэдэл өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг зэргээс гурвын тоо бол үүрд мөнх хувиршгүй гэсэн санааг агуулдаг байна. Иймд энэ бүхнийг бэлгэдэж сар бүрийн 3-ны өдрийг сонгожээ.

Categories
мэдээ нийгэм

Налайхын нүүрсний уурхайд олборлолт хийх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид шалгалт хийжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02-01/705 дугаартай удирдамжийн хүрээнд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нүүрсний уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнийн хөгжил” ХХК , “Сүмбэр худаг” ХХК, “Таван шүтээн” ХХК, “Налайх Од” ХХК, “Их урсгал”ХХК, “Сатурн прогресс” ХХК-иудын үйл ажиллагаанд, ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй 24 аж ахуйн нэгжид 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрийн хооронд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалтыг тус тус зөрчсөн “Эрдэнийн хөгжил” ХХК , “Сүмбэр худаг” ХХК, “Таван шүтээн” ХХК, “Налайх Од” ХХК, “Их урсгал”ХХК, “Сатурн прогресс” ХХК-иудын үйл ажиллагаанд, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтын дагуу 24 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөлд улсын байцаагчийн хамтарсан дүгнэлт гаргаж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлээд байна.

Categories
мэдээ улс-төр

Хоёр байнгын хорооны хуралдаантай

Image result for байнгын хороо хоосон

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр тус тус хуралдах юм байна. УИХ-ын Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх аж. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгийн хуралдаантай

УИХ дахь намын бүлгүүд өчигдөр хуралдах хуваарьтай байсан ч хуралдаагүй. Тэгвэл өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаанаа хийхээр товлосон байна. АН-ын бүлгийн хурал чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх хууль, тогтоолын төслүүдээр байр сууриа нэгтгэнэ. Хуралдааны дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр төлөвлөжээ. Харин МАН-ын бүлэг хуралдах эсэх нь тодорхойгүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Галсангийн Жамьян: Амьд явъя, урт насалъя гэвэл нийтийн бүжиг хийцгээ

– СУДАЛГААГААР ХАМГИЙН УРТ НАСАЛСАН ХҮМҮҮС ХААНЫ ОРДНЫ БҮЖИГЧИД БАЙСАН ГЭНЭ –

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч сэтгүүлч Галсангийн Жамьянтай ярилцаж байна.

-“Тантай телевизээр ярилцаж байсан сурвалжлагч “Сэтгүүлчийн хөдөлмөр, нийтийн бүжиг хоёрынхоо алинд нь илүү хайртай вэ?” гэсэн асуултад та “Ав адилхан хайртай” гэнэ билээ. Жар гаруй жил дагнан хийсэн сэтгүүлчийн хөдөлмөртэй чинь нийтийн бүжиг яагаад “ав адилхан” болчихдог билээ. Энэ удаа танаас үүнийг л сонирхох гэсэн юм. Яагаад “бүжгийн донтой” болчихов?

-Энэ үнээн. “Венийн вальс” эгшиглэхэд миний хөл аяндаа хөдөлж байдаг байхгүй юу. Үүнд хэдэн зүйл нөлөөлсөн. Би, дунд сургуулийн ахлах ангиасаа л бүжиглэж эхэлсэн хүн. Нэгдүгээрт, манай сургуульд Ж.Гомбожав, Д. Пунцаг, Балжинням гэхчлэн гайхалтай сайн бүжиглэдэг багш нар байлаа. Сургууль маань сайхан ч хөгжимтэй, нийтийн бүжиг их явуулдаг байж. Хоёрдугаарт, аймгийн клубт бүтэн хагас сайн болгонд бүжиг явна. Гуравдугаарт, Сайншандын урд дэнж дээр Оросын цэргийн ангийн ДКА байлаа. Энд орой болгон гуулин хөгжимтэй нийтийн бүжиг явна. Орос цэргийн дарга нар, эхнэр хүүхэд нь гээд зөндөө хүн цуглана. Ахлах ангийн, өсгөлүүн охид хөвгүүдийг бүжигт орохыг тэд зөвшөөрнө. Дөрөвдүгээрт, аравдугаар анги төгсгөх жил Улаанбаатар хотын цэргийн ерөнхий сургуулийн хоёр хуваарь очсон. Цэргийн дунд сургууль шүү дээ. Энд, тааруухан сурлагатай, сахилгагүй эрэгтэй хүүхдээ хуваарилж байгаа юм. Я.Шаргай бид хоёр хуваарилагдан тэр сургуульд ирсэн. Жинхэнэ бүжгийн орон. Оройн чөлөөт цагийг нэг хэсэг нь спортын, нөгөө хэсэг нь бүжгийн танхимд л өнгөрөөнө. Ийм нөхцөлд л “бүжгийн донтой” болсон гэх үү дээ.

-Нэгэн үед нийтийн цэнгээнт бүжиг их хөгжиж олон түмэн тийшээ хошуурч байсан гэдэг. Энэ явцад сонин тохиолдлууд зөндөө л таараадаа. Заримаас нь сонирхуулж болох уу?

-Бололгүй яахав. ДКА-д бүжиглэж байхад ийм нэг явдал боллоо. Бүжгийн танхимын үүдний өрөөнд хоёр орос офицер зодолдлоо. Энэ өрөө сүүмгэрдүү гэрэлтэй. Офицерууд маань бодвол ийм газрыг сонгосон байх. Хамар амнаасаа цус гаргаад, хувцас хунараа ураад, сүртэй зодолдсон юм. Дэргэд нь орос монгол нийлсэн бидний арваад хүн хараад зогсож байлаа. Гэнэт нэгнийх нь хувцас урагдаад төгрөг бололтой юм шалаар тарчихлаа. Хүмүүс түүнийг түүгээд авч байна. Би , хөлнийхөө дэргэд унасан , нэг томоохон дэвсгэртийг аваад атгачихлаа. Зодоон намжаад хүмүүс буцааж өгвөл, хамт өгчих бололтой атгаад л байлаа. Тэгсэн чинь нөгөө хоёрыг коминдат нь ирээд, гавлаж аваад явчихдаг байгаа. Хүмүүс ч тараад явчихсан. Би , атгаатай мөнгөө Мөөмдөө авчирч өгсөн чинь цоо шинэ хөх зуут байсан. Мөөм минь хэд хоног айж хадгалж байснаа, надад шинэ сатинаар шарваар хийж өгөөд хэрэглэчихсэн дээ. Тэр үед бид шарваар гэж олон хуниастай хүлхгэр өмд өмсч гангардаг байсан юм.

-Таныг чинь их сургуулийн “Гоох Жамьян” буюу их бүжиглэдэг залуу байсан гэж Т.Галсан гуай бичсэн байдаг байх аа?

-Намайг очсоны хойтнон жил цэргийн ерөнхий сургууль татан буугдчихсан. Тэгээд л Улсын их сургуульд орж Галсантайгаа нэг анги, нэг өрөөнд хамтарч амьдарсан даа. Энэ тухай бид хоёрын ярилцлаганд олон удаа гарсан тул нуршилтгүй биз.

-Энд жинхэнэ бүжиглэв үү? Улаанбаатар хотын нийтийн бүжгийн аварга боллоо ч гэл үү. “Гоож Нанаа”-гийн аяыг Гоох Жамьян болгочихоод бүжиглэж байлаа ч гэл үү, зөндөө л паян дуулддаг?

-Бүжиглэсээн бүжиглэсэн. Манай сургууль бүжгийн танхим байхгүй. 310, 320 хоёрыгоо зайчилчихаад л бүжиглэдэг байсан даа. Голдуу гадагшаа явж бүжиглэнэ.

-Хаана очиж бүжиглэхэв?

-Хичээл тарсны дараа 17 цагаас хэвлэх үйлдвэрийн улаанбуланд нэг төгрөгөөр бүжгэнд орно. Одоогийн балгас болчихоод байгаа барилга чинь эргэн тойрон хашаатай, хашааны үүдэн талд хэвлэх үйлдвэрийн улаанбулан гэж дан цагаан байшин байсан юм. Тэндээсээ 19 цагт тараад “Элдэв-Очир” кино театрын бүжгэнд хоёр төгрөгөөр орно. Одоо хөрөнгийн бирж байгаа баганат танхимд жааз хөгжимтэй бүжиг явдаг байв. 21 цагт тэндээс тараад “Ленин клуб”-ын гадаа цэцэрлэгт гурван төгрөгний төлбөртэй бүжгэнд орж шөнө 23 цагт тарна даа. Энэ бүжиг, гадаа зассан гоё талбайтай, гуулин хөгжимтэй, голдуу оросууд бүжиглэнэ. Бид хэсэг хэсгээрээ нэг баг болж явдаг байсан. Манай багийнхан гэхэд л яруу найрагч Н.Очирбат, түүхийн ангийн оюутан Будаевын Чинбат, (эцэг нь манай нэрт эмч) Багшийн дээдийн оюутан С.Батпүрэв… гэхчлэн, бас партнёр охидууд хамт явна даа. Сүүлд уулын аманд ХАА-н дээд сургуулийн барилга баригдахад тэндэхийн том танхимд, хятад Шияанз, хятад сургуулийн танхимуудад бүжиглэдэг, нийтийн бүжгийн оны аварга шалгаруулах тэмцээнүүд явагддаг болсон. Түрүүлсэн хосыг сэнжтэй шилэн таваг дүүрэн чихэр тус бүр 100 төгрөгөөр шагнана.

-Би таны дурсамжийн “Сөрж, сөхөрч туулсан хорвоо” номыг уншсан. Тэнд “Бүжиг, миний аминд ч орж байсан” гэсэн байна билээ. Үүнийгээ жаахан тодруулах уу?

-Гавьяа найрууллын хэргээр нутаг заагдан, модны үйлдвэрт хүнд хүчир хөдөлмөр хийж байхад бүжиг нэг удаа аминд орсон. Би тэнд хөлдүү хар модтой ноцолдсон “үртсэн хүн” л байлаа шүү дээ. Нэг удаа ажил дээрээ ухаан алдчихаад нэгдсэн III эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт түргэнээр очоод сайн эмчийн ачаар аврагдсан юм. Тэгээд хөнгөн ажлын акт гарсан. Манай комбинатад надад өгчихөөр хөнгөн ажил даанч байгаагүй л дээ. Тэгээд ч миний ажил өөрчлөхийг Намын хянан шалгах хороо л мэддэг байсан. Комбинатын дарга нар маань “Энэ хүний чинь бие гүйцэхгүй нь, бид ажлыг нь арай жаахан өөрчилмөөр байна” гэж ярьсаар байгаад комбинатаасаа явуулалгүй хөнгөн ажил өгөхийг зөвшөөрүүлсэн юм билээ. Нэг өдөр Шаравжамц дарга маань дуудаад, “Дээрээс зөвшөөрсөн. Манайд модны мэргэжлийн бус биеийн тамирын арга зүйч, клубын эрхлэгч, иргэний хамгаалалтын мэргэжилтэн гэсэн гурван орон тоо байна. Энэ гурвын талаар чамд үзүүлэх юм байна уу. Харьж бичиг цаасаа онгич” гэлээ. Би шөнөжин новшоо онгичсон. Иргэний хамгаалалтын талаар юу ч алга. Биеийн тамирын талаар гар бөмбөгийн улсын I зэргийн үнэмлэх байна. Нийтийн бүжгийн хотын аваргад түрүүлж авсан тамгатай үнэмлэх рүү юм нугалаасаараа бараг тасарчихсан байна. Даргадаа аваачин үзүүллээ. Тэгсэн мань хүн баярлаад: “Чи чинь тамирчин, бас бүжигчин хүн байна шүү дээ. Маргаашнаас эхэлж комбинатын клубын эрхлэгч, биеийн тамирын арга зүйчийг хавсарч хийх тушаал гаргана” гэдэг байгаа. Надад 450 төгрөгнөөс дээш цалин олгож болохгүй гэсэн заалттай байсныг 600 болгоод, сүүлдээ энэ гурван ажлыг хавсарч хийх болсонсон. Тэр тасархай бичигнүүд байгаагүй бол, би аль хэдийнэ үгүй болсон байх байсан биз.

-Та сүүлийн жилүүдэд бүжиглэхийн зэрэгцээ нийтийн бүжгийг их сурталчилж байгаа. Үр дүн хэр зэрэг байна?

-Хүн уулаасаа хөдөлж, үсэрч дүүлж, гар хөлөө хөдөлгөж хоолоо олж идэхээр заяагдсан амьтан. Гэтэл өнөөгийн нийгэм гэдэг маань үргэлж үүний эсрэг үйлчилж байна. Чи хар даа! Автобус , такси, хувийн унаа гээд явган явахаа байлаа. Байшинд лифтээр өргөж оруулаад өргөж гаргадаг боллоо. Хөдөөнийхөн ханын нүдээрээ дурандаж байгаад малаа машин мотоциклээр хариулдаг боллоо. Хамгийн наад зах нь босч очоод зурагтаа асаачихдаггүй, буйдан дээр хэвтээд товчлуур дарчихдаг болов. Жолооны ард логлойсон охид хөвгүүд сууж явна. Ийм хязгаарлагдмал хөдөлгөөнтэй орчин үед амьд явъя, урт насалъя гэвэл нийтийн бүжиг хийцгээ гэж би уриалаад байгаа юм.

-Заавал нийтийн бүжиг гэдэг нь ямар учиртай юм. Хөдөлгөөний дасгал сургууль хийчихвэл л болоо юм биш үү?

-Дасгал сургууль чухал. Гэхдээ нийтийн бүжиг шиг олон талын ач холбогдол өгөх нь ховор. Нийтийн бүжигт гол нь хөдөлгөөн. Хоёр цаг бүжиглэх нь 10 км алхсантай тэнцэнэ гээд байгаа шүү дээ. Нөгөө нь хөгжим. Бүжгийн хөгжим шиг, тэр дундаа монгол аялгуу шиг сайхан зүйл байна уу! Би хичнээн ядарсан байлаа ч нийтийн бүжгийн хөгжмөө сонсохоор л сэргэчихдэг юм. Харин сүүлийн үед харь нутгийн хүчтэй хөгжим сонсч, бараг хоёр цаг балбуулчихаад гарч ирэх шиг болох тал бий. Гурав дахь хүчин зүйл нь эрэгтэй эмэгтэй хосууд бие биенээсээ хамгийн сайхан эерэг энерги авч байдаг. Сэтгэл санааны асар их таашаал юм даа. Энэ бүхнээрээ нийтийн бүжиг давуу талтай.

-Таны уриалгыг хүмүүс хэр зэрэг хүлээн авч байна?

-Миний хэлж, бичиж байгаагийнх ч биш, ер нь олон түмэн нийтийн бүжгийн ач холбогдлыг их ойлгох болж. Улаанбаатар хотод л гэхэд нийтийн бүжгийн 30 гаруй клуб ажиллаж байгаа гэх. Зөвхөн манай Баянгол дүүрэгт л гэхэд “УБ палас”, Төмөр замын ахмадын өргөө, Төмөр замын соёлын ордон, Төрийн банкны “Стадиум” ресторан, Ритм бүжгийн клуб, Мон-алтаус (модны хоёр) , Тод өнгө … гэхчлэн арваад газар бүжгийн клуб тогтмол ажиллаж байна. Өдөрт 1-3 удаа хоёр цагаар бүжиглэдэг, бас бүжиг заадаг боллоо.

-Хүмүүс их очих юм уу?

-Настайвтар голдуу 40-100 хүнтэй бүжиг болно. Орой үдшийн цагаар болдог бүжгэнд нь голдуу залуучууд очиж бүжиглэдэг гэх юм билээ. Тэд бол нөгөөх барууны хүчтэй хөгжмөө тавьж голдуу чөлөөт бүжиг хийдэг юм уу даа.

-Өдрийн бүжгэнд нь ямар хүмүүс орж байна?

-Голдуухан мань мэтийн ахмад настнууд орох юм даа. Хөгжим аянаасаа болно. Зүрх судас, мэдрэл, үе мөчний өвчтэй хүмүүс очоод эв эрүүл болж байна. Баянгол дүүрэгт сайн хөгжимчид олон бий. Жишээ нь манай урлаг соёлын нэрт мастерууд Сампил, Лувсанжав нар “Стадиум-д” хоёулхнаа хөгжим тоглодог юм. Үүнд хүмүүс их дуртай. Бүжиглэхээсээ, тэр сайхан монгол аялгууг сонсох гэж шавна шүү дээ. Харамсалтай нь ресторан учраас ихэвчлэн хүлээн авалттай, бүжгийнхэн бол “ гологдмол” хүмүүс болно. “Улаанбаатар палас”-ын хоёр дугаар давхрын бүжгийг М.Мягмаржав багш сайн зохион байгуулна. Нийтийн бүжгээс гадна, бүжиг сонирхогчдод үнэ төлбөргүй хичээл заана. Бүжгийн тэмцээн тоглолтууд явуулна. Нийтийн бүжиг сонирхогчдынхоо хүрээнд баяр ёслол тэмдэглэх зэргээр санаачилга сайтай ажилладаг юм. Ийм клубууд олон бий. Зарим газар нийтийн бүжгийн клуб байхгүй гээд Налайх, Хонхор зун бол хаа холын зуслангуудаас “хорхойтнууд” ирж бүжиглэнэ дээ.

-Та түрүү “Венийн вальс” гэж дурслаа. Энэ нэрээр нийслэлийн хэмжээний том тэмцээн явдаг юм биш үү?

-Би түүнийг сонирхож байсан. Хүмүүсийн ярих нь 100000 төгрөгийн такстай, шунахай хүмүүсийн ашиг олох оролдлого л гэх юм билээ. Ер нь нийтийн бүжгийг зөвхөн мөнгө олох хэрэгсэл болгож болохгүй. Хүмүүсийн алжаал тайлах, тав тухтай орчин болгоход голлон анхаарах хэрэгтэй юм. Байр орчин дулаан, саруул, эрэгтэй эмэгтэйчүүд хувцаслах өрөө тасалгаа тусдаа, хөнгөн зууш уушаар үйлчлэх байр талбайтай, их сайхан орчинд бүжиг явуулах ёстой юм. “Мөнгө цагаан, нүд улаан” байдлаар хандаж болохгүй.

-Энэ чинь том соёл , эрүүл аж төрөхийн нэг үндэс байна. Таны уриалсан олон нийтлэл зохих ач тусаа өгсөн гэж боддог. Цаашид яамаар юм дээ?

-Эрүүл аж төрье, удаан амьдаръя гэвэл нийтийн бүжгийг байгууллага, хүн бүр дэмжиж хөгжүүлээсэй гэж боддог. Нийслэлд л гэхэд, ахмадын, залуучуудын гэсэн хоёр том клуб байгуулж тогтмол ажиллуулаасай гэж боддог. Бөхийн өргөөнд сар бүрийн 10-нд “Дуун цэнгүүн” гэж нийтийн бүжиг явуулж байгаа. Энэ нь бүжиг гэхээсээ, дуу яриа нь хэтэрчихдэг, хөгжим ч тааруухан, тэгсэн хэрнээ үнээ дандаа нэмж байдаг “Мөнгөний газар” билээ л дээ. Хүмүүс ч ая тух алдаад тоохоо байсан.

-Та яагаад нийслэлд “ахмадын”, “залуучуудын” гэсэн хоёр клуб санал болгоод байна? Нэг байж болоогүй юу?

-Болохгүй. Энэ насныхны сонирхдог хөгжим хөдөлгөөн хоёр чинь огт өөр юм. Залуучууд бол барууны тэр хүчтэй хөгжимтэй, үсэрч дүүлсэн бүжиг сонирхож байна. Дундаас дээш настнууд бол намуун зөөлөн, их уянгалаг хөгжим бүжигт дурладаг. Ийм хоёр сонирхлыг хүчээр нийлүүлж болохгүй.

-Таны үед нийтийн бүжгийн тэмцээн явуулдаг, том шагнал өгдөг байж. Одоо тэгж урамшуулах нь зүйтэй юу?

-Энэ хамгийн чухал. Насны ангиллаар тэмцээн явуулж, шинэ жил баяр ёслолоор бол цом диплом, ахиухан мөнгөн шагнал олгоход юу нь буруу байхав. Харин, мэргэжлийн бүжигчид орж ирээд хэдэн түрүүг нь хамчихаас болгоомжлох нь чухал. Тэгвэл утгагүй зүйл болно.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?

-Нас дээр гарлаа. Үүнийгээ би нийтийн бүжгийн ач тус гэж бодож явдаг юм. Бүжиг сонирхогч нөхдөдөө, залуу үеийнхэндээ нэг жижигхэн түүх өгүүлж ярилцлагаа өндөрлөе. Жил болгон Москвад болдог олон улсын сэтгүүлчдийн дээд курст бидний хэдэн сэтгүүлч явж билээ. Бид Бухарест зочид буудалд 45 хоносон. Манай буудлын доод давхарт хоолны том танхим, зэрэгцээд нийтийн бүжгийн сайхан талбайтай. Тэнд орой болгон бүжиг явна. Манай дэргэдэх ширээнд нэг залуухан орос хүүхэн байнга хооллоно. Тэр танхимд хамгийн царай дортой нь Людмила байсан байх. Нүүрээрээ дүүрэн сэвхтэй туранхай шар хүүхэн. Тэр хүүхэн бүжиглэхээрээ ямар гоё болно гээч. Танхимыг чимнэ дээ. Бид танилцаад бүжиглэж, ярилцаж байсаан. Бүр багаасаа бүжиг сонирхсон гэнэ. Балетын ангид орох гэсэн ч аав нь “хөлийн чинь эрхий хуруу гэмтвэл чи ажилгүй болно” гэж дургүйлхээд дуу хөгжмийн багш болгосон аж. Тэгээд өөрөө бүжиглэхийн зэрэгцээ сургууль дээрээ бүжгийн дугуйлан байгуулаад тогтмол хичээллэдэг гэсэн. Түүнийг бүжиглэхээр танхим тэр аяараа үлгэрийн ертөнцөд умбах шиг болдогсон. Бүжиг гэдэг, хүнд ингэж эрч хүч, гоо сайхныг бэлэглэдэг зүйл дээ.

Categories
мэдээ нийгэм

ӨНӨӨДРИЙН ҮЙЛ ЯВДЛУУД

11.30 цагт Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Зэвсэгт хүчний 011 дүгээр цэргийн ангийн үйл ажиллагаатай танилцана. Утас: 88111619

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

11.00 цагт Агаарын бохирдлыг бууруулах шийдлийг танилцуулах үзэсгэлэнгийн нээлт болно.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

Categories
мэдээ цаг-үе

500 саяын азтан Ж.Алтанзул: Хэдэн үеэрээ бусдад гэм хоргүй, зөв зам мөртэй явсны шагнал ингэж ирдэг юм байна

НӨАТ-ын урамшууллын сугалааны 500 сая төгрөгийн супер азтангаар “BSB” сервис компанийн Хүний нөөцийн менежер Ж.Алтанзул гэх эмэгтэй тодорсон билээ. Түүнд 500 сая төгрөгийн батламжийг энэ сарын 22-нд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, ТЕГ-ын удирдлагууд гардуулан өгсөн. Гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс 3450 төгрөгөөр зайрмаг зэргийг худалдан аваад азтан болсон Ж.Алтанзултай уншигч та бүхнийг уулзуулж байна. Түүний дансанд 500 сая төгрөг дөнгөж ороод 30 минут болж байхад нь ярилцахаар очиж таарсан байв.

-Юуны өмнө 500 сая төгрөгийн азтан болсонд баяр хүргэе. Анх өөрийгөө супер азтан болсон гэдгээ хэрхэн мэдсэн бэ?

-Би болоод манай гэр бүлийнхэн сүүлийн сар гаруйн хугацаанд хөл нь газар хүрэхгүй баярлаж, хөөрч, догдолсон хүмүүс байна. Гэнэт л их хэмжээний мөнгө сугалаагаар хожсон болохоор итгэж өгөхгүй явлаа. НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан болсондоо маш их баярлаж байгаа. Өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс орой 22:00 цагийн үед ундаа, зайрмаг авсан. Гэртээ сууж байснаа гэнэт зайрмаг идмээр ч юм шиг, эсвэл ундаа уумаар ч юм шиг цаанаасаа амттай зүйл идмээр санагдаад хувцсаа өмсөөд хүүгээ дагуулаад гарснаа тод санаж байна. Тэр дэлгүүрээс хүү маань зайрмаг аваад, би ундаа авсан. “DNTS” гэсэн нэртэй жижиг дэлгүүр байдаг юм. Тэгээд НӨАТ-ын баримтаа аваад гарсан. Би НӨАТ-ын баримтаа заавал нэхэж авдаг. Ер нь эмэгтэйчүүд тийм байдаг юм биш үү. НӨАТ-ын баримтыг үзэж байгаад тухайн үедээ “Зайрмаг нь ямар үнэтэй юм бэ” гэж бодогдож байсан. Торхтой зайрмаг 1650 төгрөгийн үнэтэй санагдсан л даа. Нийтдээ 3450 төгрөгийн үнэтэй зүйл авсан юм. Манай гэр бүлийнхний хувьд баримтаа цуглуулж байгаад бөөнд нь бүртгүүлдэг. Тухайн үед баримтаа хэд хоногийн дараа бүртгүүлсэн санагдаж байна. Өнгөрсөн жил НӨАТ-ын буцаалтаар 100 мянга арай хүрэхгүй мөнгө эргүүлэн авч байлаа. Тэр үед шатахуун авчихаад баримтаа авахгүй яваад өгдөг ч юм уу, орон сууцны төлбөр төлсөн баримтаа огт хийдэггүй байсан байдаг. Бид хоёр жилийн өмнө хүүтэй болсон. Хоёр жил гаруйн хугацаанд гэртээ хүүхдээ харж байгаад ажилдаа ороод удаагүй байна. Манай ажлынхан ер нь НАӨТ-ын сугалаанд их азтай байдаг. Үүнээсээ болоод НӨАТ-ын сугалаанд ач холбогдол нэлээд өгнө. Манай хэлтсийнхэн 20-500 мянган төгрөгийн азтан болсон хоёр гурван ч хүн бий. Манай ажлын нэг залуу байдаг юм. Маш идэвхтэй баримтаа цуглуулж бүртгүүлдэг. Тэр залуу хоёр гурван ч удаа азтан болсон. Тэгээд би нөхөртөө “НӨАТ-ын баримтаар манай ажлын залуу азтан болсон байна” гээд хэд хэдэн удаа ярьсан. Өнгөрсөн аравдугаар сард НӨАТ-ын азтан шалгаруулах тохирол болсон. Тэр үеэр манай нөхөр залгаад “Сая тохирол болсон гэнэ. Чи бүртгэл рүүгээ ор. Ямар нэгэн зүйл хожсон байна уу” гэсэн. Би орсон чинь ямар нэгэн зүйл хожсон мэдээлэл байгаагүй. Маргааш нь ажил дээрээ ирээд ажлынхнаасаа “Сугалаанд мөнгө хожсон уу” гээд асуулаа. Үгүй ээ гээд л урам муутайхан хариулж байна. Тэгээд ажил дээрээ сууж байгаад нөгөө бүртгэл рүүгээ дахиад орж үзмээр санагдаад болдоггүй. Орсон чинь “Та 20 мянган төгрөг хожсон байна” гээд гараад ирсэн. Анх удаагаа сугалаанд мөнгө хожиж байгаа болохоор бөөн баяр болсон.

Ажлынхандаа “Би сугалаанд 20 мянга төгрөг хожсон байна” гэж хэлээд л манайхан намайг дагаж баярлаад хэсэгхэн зуур нэлээд бужигнаад авсан. Манайхны зарим нэг нь “Нэг хожсон бол дахиж сугалаанд хожихгүй юм байна лээ” гээд л хэлж байгаа нь сонсогдсон. Яг тэр мөчид надад “Энэ 20 мянган төгрөгийн сугалаа миний дахин азтан болох эхлэл ч юм бил үү” гэж зурсхийгээд бодогдсон. Гэртээ хариад нөхөртөө орой нь хэлсэн “Өө чи 500 саяыг хожоогүй байсан юм уу” гээд шоолоод инээгээд байсан. Би ч бас мөчөөгүй өгөхгүй “Хүн сугалаанд анх удаа хожоод байхад” гээд л тунирхаад манай хүн намайг аргадаад духан дээр үнсээд, инээж хөгжилдөж байгаад унтацгаасан. Маргааш өглөө нь ажилдаа очлоо. 11:00 цаг өнгөрч байтал гар утас руу танихгүй дугаараас залгадаг юм байна. Утсаа авсан нэг хүн залгаад “Гааль, татварын газраас ярьж байна. Та өөрийнхөө НӨАТ-ын баримтын бүртгэл рүү нэг ороод үзэхгүй юү. Та орж үзчихээд над руу залгаарай” гэж хэлсэн. Тэр үед их сонин юм бодогдсон. Эхлээд 20 мянган төгрөг хожчихоод харж байхад ойролцоогоор 11 мянган хүн хожсон байгаа харагдсан. Тэгээд “20 мянган төгрөг хожсоны төлөө залгаж байгаа юм байх даа. Энэ байгууллага их олон ажилтантай юм байх даа. Сугалаанд хожсон хүн болгон руу ярьдаг юм байхдаа” гээд л бодсон. Тэгээд бүртгэл рүүгээ ортол 500.020.000 төгрөг хожсон байна гэсэн бичиг гараад ирсэн. Эхлээд хараад итгээгүй. 5-ын тооны ард баахан тэгийн тоо байснаа 20 гээд бичсэн байдаг юм. Би ч өрөөндөө байдаг хоёр хүнд үзүүлсэн. Надад итгэхгүй “Та худлаа тоглоод байгаарай. Зурган файл байна шүү дээ. Наанаасаа гар” гэцгээсэн. Би ч гараад дахиад орлоо. “Та сугалаагаа идэвхижүүлнэ үү” гэсэн бичиг гараад ирсэн. Тэрэн дээр нь дарахаар дахиад л нөгөө олон тоо чинь ярайтал гараад ирсэн. Нөгөө дугаар руу залгаад “Надаар тоглоод байгаа юм уу” гэсэн. Тэгсэн нөгөө хүн “Юу гэж тоглодог юм бэ. Та манай ажил дээр яваад ир” гэж хэлсэн. Ингэж л анх 500 сая төгрөгийн азтан болсон.

-Тэгээд юу болсон бэ. 500 сая төгрөг сугалаагаар хожсон гэдгээ хамгийн түрүүнд хэнд хэлсэн бэ?

-Эхлээд нөхөр рүүгээ залгасан. Тэгсэн утас нь ярьж байгаа дохио өгөөд байв. Тэгэхээр нь ээж рүүгээ залгаад “Ээжээ охин нь НӨАТ-ын сугалаанаас 500 сая төгрөг хожсон байна” гэж хэлээд л, ээж ч дуу алдаад бөөн баяр хөөр болсон доо. Гааль, татварын газраас намайг бичиг баримт, бүртгүүлсэн талоноо аваад хүрээд ир гэсэн. Тэгээд нөхөртөө хэлсэн. Ингээд гэр рүүгээ такси барьж яваад баримтаа аваад очсон. Гэр хүрэх хооронд нөхөр маань над руу хэд хэдэн удаа утсаараа залгаад “Чи тоглоод байгаа юм уу. Би ажлаасаа гараад очлоо шүү” гээд л итгэхгүй байсан. Ингээд Гааль, татварын газрын үүдээр яваад ортол хүмүүс “Азтан хүрээд ирлээ. Танд баяр хүргэе” гээд л гар бариад эхэлсэн. Энэ үеэс л өөрийгөө 500 сая төгрөг хожсон гэдэгтээ итгэж эхэлсэн дээ. Миний бичиг баримтыг маш нарийн судалж үзээд куор тоотой баримтыг баталгаажуулсан. Ингээд “Шаардлагатай бүх баримт нь бүрэн байна” гэж хэлсэн. Азтан болсон гээд өнгөрсөн долоо хоногийн баасан гариг хүртэл хүлээсэн. Тэгсэн Сангийн яамны дэд сайд батламж гардуулж баталгаажуулсан даа.Манай гэр бүлийн хүн Сэргээн засал, сургалт үйлдвэрийн төвийн Санхүүгийн албаны дарга ажилтай, Ууганбаяр гэж сайхан хүн бий. Би мөнгөө авчихаад тэгнэ, ингэнэ гэж ярихаар “Чи мөнгөө гар дээрээ авсныхаа дараа л тийм зүйл авна, тэгнэ гэж ярь” гэнэ. Гэсэн ч дахиад л би ярьчихсан, төлөвлөчихсөн сууж байна. Гэхдээ нэн түрүүнд хоёр талынхаа ээжүүдийг баярлуулна. Манай нөхрийн ажиллаж байгаа Сэргээн засал, сургалт үйлдвэрийн төвд дандаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ирдэг. Эдгээр эмзэг давхаргын гэж хэлж болох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чадах чинээгээрээ тусална гэж бодож байгаа.

-Та аль нутаг усны хүн бэ. Өөрийнхөө удам судрыг танилцуулахгүй юу?

-Миний аавын аав нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Натархүү гэж хоёр дайнд оролцож байсан сайхан буурай байсан даа. Төмөр замын архивын эрхлэгчээр олон жил ажилласан хүн. Өвөө минь энгэрээрээ дүүрэн одон медаль гялалзуулсан хүн байсныг би санадаг юм. Бага залуудаа лам байсан гэж аав минь надад ярьдаг байсан. Миний аавыг бага байхад нь ээж нь бурхан болчихсон юм байна лээ. Өвөө минь дөрвөн хүүгээ хэнээс ч дутахааргүй өсгөж хүмүүжүүлсэн. Бас хүүхдүүддээ хойд ээжийн бараа харуулахгүй гээд эмээгээс минь хойш хүнтэй суугаагүй ачтай буянтай хүн байсан. Харин аав минь айлын бага хүү, Төмөр замын XX сургуулийг төгссөн Н.Жанчивдорж гэж хүн байсан юм даа. Аавыг минь хүмүүс “цоорхой” гэж хочилдог байлаа. Дөрвөн жил хичээлдээ тааруу сурч байгаад гэнэт сайжирч, онц сурлагатан болчихсон юм байна лээ. Үүнээс болоод ангийнхан нь “цоорхой” гэдэг хоч өгсөн гэдэг. Харин миний ээж Булган аймгийн Баян-Агт сумын гарвалтай хүн. Ээжийн аав буюу миний өвөөг Бадарч гэж хүн байсан. Бас л бага насандаа Улаанбаатар хотод ирээд суурьшсан хүн. “Буурал Бааяа” гэж хүмүүс авгайлдаг. 11 хүүхэдтэй, мөн л эхнэр нь хамгийн бага хүүхдээ гаргаад бурхан болчихсон. Хүүхдүүдээ ганцаараа өсгөсөн хүн бий. Миний ээж дүү нараа яг л ээжийн хайраар өсгөж хүмүүжүүлсэн байдаг. Ийм л удам судартай хүн дээ. Миний аав, ээж хоёр нэг байрны, нэг сургуулийн, нэг үеийнхэн байсан. Тэгээд л бие биедээ дасаж, гэр бүл болсон юм гэнэ лээ. Миний ээжийг Б.Эрдэнэцэцэг гэдэг. Миний өмөг түшиг, тулгуур багана минь болсон хүн. Ээж 12 настайгаасаа л улсын циркийн жүжигчин хийсэн. Авсан цалингаараа өвөөтэй минь хамт дүү нартаа зарцуулдаг. Монголын хамгийн залуудаа буюу 32 настайдаа тэтгэвэрт гарсан хүн бий. Ээж одоо ч цирк, уран нугаралтаа орхиогүй. Олон шавь бэлтгэн гаргаж байгаа буянтан даа. Харин би Улаанбаатар хотын унаган хүүхэд. Миний хүүхэд нас Төмөр замд өнгөрсөн. 1980 онд аав, ээжийнхээ ууган хүүхэд нь болж мэндэлсэн. Доороо нэг эмэгтэй дүүтэй. Төмөр замын сургуулиа төгсөөд “Боловсрол” гэдэг нэртэй их сургуулийг сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн.

-“BSB” сервис компанийн хүний нөөцийн менежер хийдэг юм байна лээ. Өмнө нь хаана ажиллаж байсан бэ?

-Дээд сургуулиа төгсөөд хүүхдийн Найрамдал төвд ажилд орсон. Хүүхдүүдийн гэгээн орчинд амьдралынхаа гурван жилийг өнгөрүүлсэндээ маш их баярлаж явдаг. Бүлгийн удирдагч, эрхзүйч гээд “Нарамдал”-д олон ажил хийсэн. Ажлаасаа сурах гээд гарч байсан даа. Хэрэв мэргэжлээ солих талаар бодож, КТМС-д сураагүй байсан бол би одоо ч хүүхдүүд дунд байх байсан гэж боддог. Хүний нөөцийн менежерийн мэргэжлээр 2007 онд төгссөн. Тэгээд 2010 оноос эндээ ажилд орсон доо.

-Нөхөртэйгөө анх хэзээ танилцаж байсан бэ. Нэлээд хожуу гэрлэсэн гэж түрүүнд уулзахад ярьж байсан?

-Тийм ээ. Бид хоёр нэлээд хожуу ханилсан хоёр байгаа юм. Манай дээд ангид сурч байсан. Бид хоёр адилхан сэтгэлзүйч мэргэжилтэй юм. 2013 онд манай оюутан ангийнхан уулзсан. Тэр үед нөхөртэйгөө дахин уулзсан. Манай ангийн охидоор дуудуулж байгаад л надтай уулздаг байсан. Тэгээд л хамтдаа амьдарч, хоёр жилийн өмнө бид хоёр анхныхаа хүүхдийг гаргаад байна даа.

-Та гурван сая хүнтэй монголчуудаас азтан болж 500 сая төгрөгийн эзэн боллоо. Азтан болсонд таны юу нөлөөлсөн гэж бодож байна вэ?

-Олон л шалтгаан байна. Хоёр өвөөгийн минь удмын буян заяа ирсэн байх. Нэг өвөө маань эрэлхэгээр эх орноо хамгаалж явсан. Харин нөгөө өвөө минь галт тэрэгний зүтгүүрийн депод насаараа ажиллаж, аюулгүй байдлыг хамгаалж, олон хүний амь нас эрсдэх аюулаас хамгаалж явсан. Нөгөө талаасаа ээжтэйгээ холбож үзэж байгаа. Дүү нараа ээжийн хайраар дутаалгүй өсгөсөн. Одоо “Цэцэгс” гээд уран нугаралтын дугуйлантай. Олон хүүхдийг циркийн алтан тайз руу хөтлөн гаргах, ажил амьдралд зүг чиг болгох гэгээн үйлс бүтээж яваа хүн шүү дээ. Бас сайн ханийн буян заяа ч харж байгаа биз ээ. Миний гэр бүл хэдэн үеэрээ бусдад гэм хоргүй, зөв зам мөртэй амьдралыг туулж яваа эгэл жирийн л айл. Үүний шагнал ингэж ирдэг юм байна. Энэ болгон надад азтан болох гол нөлөө үзүүлсэн болов уу гэж бодож байна даа.

-Та 500 сая төгрөгөө аваад хэдхэн минут болж байна гэсэн.Яг одоо юу гэж хэлмээр байна вэ?

-Би энэ сугалааны журмыг боловсруулж, төслийг хэрэгжүүлсэн хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Бид өмнө нь улс татвараа иргэд, аж ахуйн нэгжээс авахад татварын хоёр хувийн буцаан олголтыг авч чаддагүй байсан. Тэгвэл НӨАТ-ын буцаан олголт хийгдэж авч чаддаг болчихлоо. Маш их хэл аманд өртөж байгаач ард иргэдэд сугалаагаар дамжуулж амьдралд нь тус нэмэр болж байгаа татварынхандаа баярлаж талархаж байгаагаа хэлмээр байна.

Бас Монголын ард түмэнд баярлалаа гэж хэлмээр санагдаж байна. Яагаад гэвэл монголчуудын татварт төлсөн мөнгийг би авчихсан байгаа шүү дээ. Би энэ мөнгийг улс эх орондоо хэрэгтэй зүйлд зарцуулж, эргээд татвараа төлдөг болохыг мөрөөдөж байгаа. Тэр мөрөөдөлдөө хүрэх байх.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Цэцгээ: Ойр дотныхноо хайрлаж, утга учиртай амьдрахад он жилүүд хоосон өнгөрөхгүй

Ж.Цэцгээ охин Б.Мишээлийн хамт

Жамсранжавын Цэцгээ гэж гялав шалав хөдөлгөөнтэй, эрвэлзсэн алаг нүдтэй эгч “Өдрийн сонин”-ы сурталчилгааны ажилтнаар хориод жил ажилласан юм. Элэгсэг дотно сэтгэлтэй тэрээр алба ажилдаа зүтгэлтэй гэж жигтэйхэн байдаг сан. Цэцгээ эгч эдүгээ гэр бүлийн хүний хамт “Эртний монгол хатад” компанийг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байна. Түүнтэй уулзах болсон хамгийн гол шалтгаан юу гэвэл гурван сайхан охиноо хүний зэрэгт хүргэж, нэртэй гоо бүсгүй, жүжигчин болгож өсгөсөн эхийн хайр халамжийн тухай юм.


-Үртэй хүн жаргалтай гэдэг. Зээрийн янзага шиг зэгзийсэн гурван охиныхоо тухай ээж та юу ярих сан бол?

-Миний хань Буянжаргал гэж хүн бий. Ханьтайгаа амьдрал зохиогоод 35 жил болж дээ. Анх үерхэхдээ Буяа маань аравдугаар анги, би есдүгээр ангид сурч байсан даа. Алдар нэр, албан тушаалын төлөө явалгүй надад сайхан гурван охин хайрласан ханьдаа би их баярладаг. Манайх гурван охинтой. Ууган охин Б.Дөлгөөн маань хоёр хүүхэдтэй, айлын сайхан эзэгтэй болсон. Миний охин 2007 онд Монголын мисс тэмцээнд оролцож зэс эрдэнийн өргөмжлөл авч байсан. Одоо хүү, охин хоёроо хараад гэр зуур байгаа ч өмнө нь “М Си Эс” холдинг компанид хүний нөөцийн захиргааны ажил эрхэлж байлаа. Охин маань тухайн үед найз нөхдийнхөө ятгалгаар миссийн тэмцээнд орсон болохоос яг зориулж хичээллэж бариагүй хүүхэд л дээ. Багаасаа орос, англи хэлтэй, боломжийн боловсролтой шүү, миний охин.

-Мишээл охин чинь сүүлийн үед нэлээд нэрд гарч яваа жүжигчин байх аа?

-Манай хоёр дахь охин л доо. Мишээлийг ч бид урлаг соёлоор явуулна гэж бодож байгаагүй. Орос 14 дүгээр сургуульд сурч байлаа. “Орчлон” сургуульд сурч байхаас л урлагт сэтгэл зүрхээ өгч СУИС-д элсэн орж 2016 онд жүжигчний ангийг ардын жүжигчин Лхамхүү багшийн удирдлага дор төгссөн дөө. Би ер нь хүүхдүүдээ хэлтэй устай, боловсролтой болгох юмсан л гэхээс цагаа хий дэмий үрсэн хүн болоосой гэж боддоггүй. Аав ээжийнхээ дэргэд байхдаа эрх чөлөөтэй, эрх жаргалтай өсөж өндийгөөд биеэ даагаад явахдаа айлын сайхан эзэгтэй байгаасай гэж хүүхдүүдээсээ хүсдэг. Багын л гэртээ буйдангаа тайз болгоод жүжиглэх дуртай хүүхэд байсан. Сүүлд “Орчлон”-д сурч байхдаа урлагийн үзлэгт орж авьяасаа нээн хөгжүүлж жүжигчин болохоор шийдсэн юм. СУИС-ийг улаан дипломтой төгссөн. Мишээл багаасаа дуучид, жүжигчдийг их дууриана.

-“Яг түүн шиг” шоуг л гэртээ давтдаг байж дээ?

-Гавьяат жүжигчин Т.Ариунаа дуучныг дууриаж дуулна. Ээж, эгчийнхээ хувцсыг хольж сольж өмсөөд их жүжиглэнэ. Зурагтаар гарч байгаа сурталчилгаануудыг их элэглэнэ. Бүүр жаахан байхад нь аав, бид хоёр нь ажил ихтэй учир гэрт нь нэг гарт нь утас, нөгөөд нь удирдлага бариулаад түр орхиод гараад ирэх хооронд хөөрхөн өөрийгөө саатуулаад байж байна даа.

-Охин чинь ямар ямар кинонд тоглолоо?

-Тоглосон кино нь бараг хорь гарсан байх. Мишээл маань аравдугаар ангиа төгсөх жилдээ реппэр Цэцээгийн дууны клипэнд анх тоглосон юм. Оюутан байхаасаа олон кинонд тоглож эхэлсэн дээ. “Голланд сарнай”, “Код”, “Давхар цохилт”, “Дэлхийд дурласан сар”, “Саарал хүн”, “Надаар тоглосон хайр”, “Учрал”, “Рекэт” зэрэг кинонуудад дүр бүтээсэн. “Никитон” хамтлагийн “Үүлэн үст” клипэнд тоглолоо.

-Дөлгөөн, Мишээл хоёрын дүү отгон охин хэн билээ?

-Отгон охин Үжингээ би их орой төрүүлсэн юм. Дөчин настайдаа төрүүлсэн охин маань ууган эгчээсээ арван тав, удаах эгчээсээ арав дүү хүүхэд л дээ. Одоо “Шинэ Монгол” сургуулийн наймдугаар ангид сурч байна. Саяхан Япон улс руу сурагч солилцоогоор яваад ирсэн. Сурлага, урлагтаа сайн, тал бүрийн авьяастай, жүжиглэж, дуулж, сургуулийн бүх юманд л гүйж байх шиг байна. (инээв.сур)

-Жүжигчин Мишээл төрлөө гэж сонсогдсон. Танайх хэдэн зээтэй болж байна?

-Гурван зээтэй болсон. Зээ нартаа амь тавинаа. Бага зээ маань энэ намар төрсөн.

-Бүсгүй хүн сайхан төрөх олны мэлмийн баясгалан, орчлонгийн чимэг гэлээ ч сайхан төрөхийн зовлон их гэдэг. Та охидынхоо төлөө санаа их зовох юм уу?

-Охид бүсгүйчүүд орчлонгийн чимэг болохоор сайхан төрнө гэдэг цаанаасаа бурхны хишиг гэж би боддог. Аливаа хүн гадаад өнгө үзэсгэлэнгээс гадна уяхан зөөлөн ааль, энэрэнгүй нинжин сэтгэл, өрөвч ялдам зан зэрэг дотоод гоо сайхныг эцэг эхээсээ өвлөж төрдөг. Орчлонд юм бүхэн утга учиртай. Утга учраа дагаад хүний амьдрал хувь тавилан сайн сайхнаар үргэлжилдэг гэдэгт би итгэдэг. Сайхан төрөхийн зовлон гэдэг ч юм уу, олны элдэв хэл аманд тэгтлээ их эмзэглэхгүй ээ. Хүн өөрөө л зөв явахад бүх зүйл сайхан болно. Хүн сайхан төрсөн байхын хажуугаар хүний сайн хань, сайн ээж, сайн эмээ байх юм бол өөрийнх нь заяа төөрөг, хувь тавилан түшээд явчихна. Удам дамжаад ирчихсэн сайн сайхныг өвлөөд явчихсан хүн улам л сайхан заяатай байна.

-Сайхан удам дамжих гэж та ярилаа. Удам сайт уудам орчлонгийн дээд байх. Таны аав, ээж ямар хүмүүс байна?

-Аав маань ная гарсан, ээж минь далан хэдтэй хоёр сайхан буурал эсэн мэнд аж төрж байна. Аав Жамьяндорж, ээж Бадамханд хоёр ханилаад жаран жил болохдоо таван хүүхэд төрүүлж өсгөж. Би айлын ууган охин л доо. Манай аав бол Оросын “СОТ-2”-т насаараа ажилласан алтан гартай токарьчин хүн л дээ. Ээж маань Гутлын үйлдвэрт насаараа ажилласан, төлөвлөгөө нормоо зуун хувь биелүүлдэг, хөдөлмөрийн баатар болохын даваан дээр тэтгэвэртээ гарсан их хөдөлмөрч хүн. Үнэнийг ярихаар өөрсдийгөө магтсан юм шиг болчих гээд байдаг тал бий. Манай аав, ээжийн удамд гэр бүл салсан хүн нэг ч байхгүй. Энэ бол манай удмынхны бахархал, хүн заяаны утга учир юм. Манай гурван бүсгүй, нэг эрэгтэй дүү ч энэ л жамаар замнаж явна. Хүний үртэй хань ижил болж, үр хүүхэдтэй болсон юм бол гэр бүлийнхээ л сайн сайхны төлөө тэмцэх учиртай. Тэрнээс хар залуугаасаа хүнтэй сууж хүүхэд гаргачихаад хань ижлээ “Тэр нь ч таалагдахгүй, энэ ч тохирохгүй байна” гээд байвал амьдрал утгагүй. Аав ээж хоёр минь гэр бүлийн үнэ цэнийг хүүхэд байхаас минь ойлгуулж чадсан нь гайхамшиг юм даа. Далай ламын “Хүмүүс амьдралаа он жилүүдэд зориулаад өнгөрдөг. Харин он жилийг амьдралд зарцуулаагүй байдаг нь харамсалтай” гэсэн үгийг би их боддог. Тиймээс хүний амьдралын он жилүүдээ амьдралд зориулах юмсан гэж гэр бүлдээ цаг зав их гаргана шүү.

-Он жилүүдийг амьдралд зориулна гэдэг ч энгийн мөртлөө мундаг философи байна шүү?

-Хүн залуу насаа дэмий өнгөрөөлгүй сурч мэдэхийн төлөө тэмүүлж, дэргэдээ байгаа ойр дотныхноо халуун сэтгэлээр хайрлаж, үртэй ханьтай жаргаж явахад л он жилүүд хоосон өнгөрөн одохгүй. Залуус маань үүнийг сайтар бодож л явах ёстой.

-Гэр бүлээрээ чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг байв?

-Манайх зусланд байшинтай. Зуны улирлын сайханд зусландаа гарна. Чөлөөт цагаараа хөдөө гадаа их явна. Боломжтой үедээ Хонгконг, Бээжин рүү аялж явсан минь дурсамжтай сайхан санагддаг.

-Дэлхийн брэндүүд Монголд орж ирээд нутагшчихлаа. Энэ хэрээр өнөө үеийнхний хувцаслалт, стиль, имиж их өөрчлөгдөж байгаа нь танд аль хэр анзаарагдаж байна?

-Нийгмээ дагаад өнөөгийн охид залуусын стиль, имиж бүх л зүйл өөрчлөгдөж байгаа л даа. Гэхдээ залуучууд маань залуу наснаасаа өмсөж зүүх, эдэлж хэрэглэхэд тэгтлээ их ач холбогдол өгөх хэрэггүй. Хэрэглээг хэтрүүлэн өөгшүүлж буй эцэг эхчүүд ч буруутай. Охид бол хүний сайн хань яаж байх вэ гэдгээ л бодох учиртай. Залуу насыг хамгийн гол нь сурч мэдэхэд л зориулах хэрэгтэй. Үнэтэй брэнд хэрэглэлээ гээд хүний оюун ухаан хөгжихгүй.

Жүжигчин Б.Мишээл

-Хүүхэд насны, залуу цагийн, бас одоогийн шинэ жилийн баяруудын тухай дурсамжаасаа хуваалцаач!

-Би хүүхэд байхаасаа л Нийслэлийн 15 дугаар сургуулийн бүлгэмийн зөвлөлийн дарга, хотын пионерын штабын гишүүн, Ажилчны районы пионерын штабын дарга гээд нийгмийн их идэвхтэй сурагч байлаа. Шүлэг зохиож, уншдаг, сурагчдын сүлд модны наадмыг хөтөлнө. Онц сураад сургуулиасаа шалгарч, нийслэлийн сүлд модны ёолконд урилгаар оролцоно. Онц сурдаг сурагчдын ёолк ДСНК-д болно. Тэр ёолкнуудаас гоё бэлэг олныг авч байсан минь их дурсамжтай санагдаж байна. Гэр бүлтэй болсноос хойш охиддоо ямар бэлэг авах вэ, ямар мод засах вэ гэж их догдолдог сон. Хүүхдүүдээ яаж баярлуулчих вэ гэж их боддог байсан. Одоо бол бүх зүйл бэлэн болсон.

-Хүүхэд насны тань шүлгүүдээс таны санаанд үлдсэн биз?

-“Пионерын үнэн” сониноос зарладаг зохион бичлэгийн уралдаанд би байнга орж байр эзэлдэг байлаа. 1979 онд “Бид хүүхдийн жилд” гэсэн уралдаанд амжилттай оролцож, “Утга зохиол, урлаг” сониноос 1980 онд шүлгийн уралдаан зарлахад би “Лоозонг хэрэгжүүлье” гэсэн шүлгээрээ тэргүүн эзэлж, Ч.Лхамсүрэн, Д.Цэдэв, Ц.Гайтав, Ц.Цэдэнжав, Т.Очирхүү, Д.Пүрэвдорж, Д.Содномдорж, С.Эрдэнэ, Ш.Сүрэнжав, П.Бадарч нарын тухайн үеийн алдар хүндтэй олон зохиолчдын дунд ганцаараа хүндтэйгээр заларч авахуулсан зураг ч одоо надад байдаг. Эртэд ардын уран зохиолч П.Бадарч гуай “Монгол тулгатны 100 эрхэм”-д ороход тэр зураг хальт харагдаад л өнгөрч байна лээ. Тэр шүлэг гэхэд санаанд байна.

“Ачит намынхаа гэгээн сургаалаар

Ард олон маань замнадаг билээ

Ариун цагаан хөдөлмөрийн үрээр

Алдар суугаа мандуулдаг билээ” гээд бичиж байсан даа. Сурлага, урлагаар шалгарч олон улсын “Артек” зусланд 1980 онд амарч байлаа.

-Сурлага, урлагаар тэргүүний сурагч хаана мэргэжил эзэмшив?

-Эрхүүгийн Багшийн дээд сургуулийг дүүргэсэн. Одоогийн БСШУС-ын сайд Цогзолмаа бид чинь нэг үеийн оюутнууд даа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Имиж

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Энэ үг сүүлийн үед их моод болж. Имиждээ анхаардаг хөөрхөн охидын сонинд өгсөн ярилцлагаас авахуулаад сонгуульд орж байгаа улс төрийн луг зүтгэлтнүүд хүртэл үргэлжлэнэ. Үг нь шинэ болохоос ухагдахуун нь эртний эд. Бусдад ямар сэтгэгдэл төрүүлж буйг л хэлж буй хэрэг. Гадаад өнгөнөөсөө гэхээс дотоод чанарыг нь хүмүүс юу гэж үнэлж байгааг, өөрөөр хэлбэл бусдад ойлгогдож байгаа үнэлэмж юм.

Хэн нэгний тухай бид өөрийн төсөөлөлтэй байдаг. Харамч, худалч, хулгай хийж магадгүй, хэлсэндээ хүрдэг, ухаалаг, шал мангуу гээд л. Тухайн хүний талаар олон хүн ингэж бодож байвал тэр нь имиж болно. Имиж үнэн ч байж болно, худлаа ч байж болно. Гадаад төрхнөөс болж хүний зан чанарын тухай буруу имиж үүсэх нь их. Мөн урьдын хийсэн үйлдэл, хов жив, цуурхал, зарим санаандгүй алхам хүмүүсийн дунд буруу төсөөлөл ойлголт буй болгодог. Үүнээс гадна тухайн хүнд буй болсон имижийг бусдад нь нааж ойлгох явдал маш түгээмэл. Увсынхан тийм, эмэгтэйчүүд ийм, Гонгорынхон тийм, цагдаа нар ийм гэх мэт. Үнэндээ цагдаа нар ч, эмэгтэйчүүд ч хоорондоо нийтлэг гэхээсээ ялгарах юмаараа их. Нөгөө талаас нэгэнт буй болсон имиж барагтай бол арилдаггүй. Нэг л хулгай хийгээд баригдсан бол хүн болгон тэр имижээр нь харна. Муу нэрийг хусавч үл арилна, сайн нэрийг хүсэвч эс олно гэдэг имижийн тухай яриа.

Үндэстэнд өөрийн имиж байдаг. Оросууд эх оронч, америкчууд прагматик, германчууд нягт нямбай, хятадууд наймаачин, жүүд нар ухаантай, шотландууд харамч гэх мэтээр олон хүн шууд ойлгодог. Үнэндээ ийм ч байж магадгүй, үгүй ч магад, юутай ч бүх шотланд хүн харамч биш, бүх жүүд ухаантай биш нь ойлгомжтой. Гэхдээ л бид ингэж ойлгодог, яагаад гэвэл тэр үндэстний нийтэд түгсэн төсөөлөл имиж. Имиж өөрчлөгддөг. Зуун жилийн өмнө япончуудыг залхуу назгай гэж үздэг байж. 50 жилийн өмнө тэдний бүтээгдэхүүнийг хямд, чанаргүй гэж үнэлдэг байж. Одоо ямар билээ? Гэхдээ ингэж өөрчлөгдөхөд хэцүү, цаг хугацаа, нөр их хөдөлмөр орно.

Монголчууд ямар үнэлгээ имижтэй вэ? Үнэндээ ямар ч имижгүй өдий хүрсэн юм. Мэддэггүй л байхгүй юу даа. Монголын тухай 1990 онд “Мартагсан орон” нэртэй ном Англид гарч байлаа. DHL гээд дэлхийг нөмөрсөн нэгэн шуудангийн компани байх. Тэд 1987 онд дэлхийг бүрэн хучсан, Антрактидад ч хүрч чаддаг болсон хэмээн томоохон хүлээн авалт Лондонд зохиожээ. Харин дайллагад байсан нэгэнбээр DHL-ийн очоогүй газар байгааг дуулгав. Куба, Хойд Солонгос хоёрт улс төрийн шалтгаанаар очиж чадахгүй байгаадаа хүлцэл өчнө. Үүнээс өөр нэлээд том газар нутагтай бас нэг орон онгорхой үлдсэн гэж ярихад эзэн ихэд эгдүүцэж үнэхээр тийм бол 10 мянган паундаар шууд мөрийцье гэжээ. Монголд тэдний компани очоогүй байгааг мэдсэн эзэн мөрийд мөнгөө алдсандаа биш, ийм том газар нутгийг онгорхой орхисондоо ихэд ичсэн гэдэг. Дэлхийд газар нутгаараа 17-д орох том орон үнэхээр мартагдсан газар байсан юм.

Соёл боловсролтой хэн ч Чингис хааныг мэднэ л дээ. Дэлхийн бүх сургуульд түүхийн хичээлээр заадаг. Ихэнх газарт тэрээр зэрлэг балмад, галдан шатаагч, эзлэн түрэмгийлэгч гэдэг имижтэй. Боссон юмыг нураагаад байдаг хүнийг солонгосчууд Чингис гэдэг бол, хүүхдээ айлгах гэхээрээ араб персүүд “Чингис ирнэ шүү” гэнэ. Мангас, эрлэг гэсэн санаа. Оросуудын хувьд Чингис бол ер бусын балмад эзлэн түрэмгийлэгч. Ямар сайндаа Бухарин Сталиныг “Телефонтой Чингис” гэж хочилж байхав! Чингисийн байлдан дагууллын тухай хамгийн ихээр түүхчлэн бичсэн хүмүүс нь араб персүүд, ялагдсан тэд л их хааны тухай ийм имиж анхлан тараажээ. Харин сүүлийн үед энэхүү байлдан дагуулал нь дэлхийн түүхийг өөрчилсөн тухай, үүний хүчээр өрнө дорнын соёл солилцоонд орсон тухай, Чингис хааны менежмэнт аугаа байсан тухай яригдах боллоо. Гэхдээ л сайнаасаа муу имиж нь хэвээр хадгалагдсаар байгаа.

Монголчуудыг маш сайн мэдэх үндэстэн бол оросууд, хятадууд. Хятадууд монгол болон бусад нүүдэлчдийг бүдүүлэг, зэрлэг, дайчин, хүчирхэг, догшин гэж нэрлэдэг төдийгүй ойлгодог. Энэ имиж тэдний дунд нэн эрт бүрэлдсэн ба одоо ч амь бөхтэй хэвээр. Одоо ч тэд монголчуудаас бишүүрхдэг, “хүндэлдэг”, бүдүүлэг соёлгүй гэж басамжилдаг. Оросууд, ялангуяа тэдний язгууртнууд монголчуудтай ихээхэн цус холилдсон. Хожим Карамзин “монгол-татаарын дарлал” гэсэн нэр гаргаж имиж бүрдүүлжээ. Харин коммунизмын үед Монголд нийтдээ нэг сая орчим оросууд ирж байсан учир монголчуудыг өөрсдийн ихээхэн басамжилж үздэг чукча үндэстний зэрэгт үзэх болжээ. Оросын шогчид дорд үзэх юмныхаа жагсаалтанд юун түрүүн монголыг оруулна. Үгүйдээ л Олимпийн наадмын үеэр тайлбарлагч Монголын тамирчид гараад ирүүт л доромжилж басамжилж гарна даа. Яагаа ч үгүй шүү дээ, бусад орны нэгэн адил манайхан зүгээр л жагсаад явж байхад.

Сүүлийн хориод жилд монголчуудыг энд тэндгүй мэдэх болжээ. Монгол гэж мэдэхгүй япон, солонгос хүн лав үлдээгүй байх. Бөхчүүд, хар цагаанаар ажиллагсад юутай ч өөрсдийгөө таниулсан. Өнгөрсөн жил бидний хориод хүн Америкт очиход гаалийнхан онцгой анхааран шалгаж байна билээ. Мах болон эм тариа их оруулдаг учир андахаа больсон гэнэ. Франц, Швейцарьт манайхан их хулгай хийдэг учир тийм имижтэй болж байх шиг, юутай ч цагдаа, дэлгүүрийнхэн сайн мэддэг болжээ. Солонгост гайгүй нэртэй, ажилд сайн, ер нь элгэн садан гэдэг утгаар. Япончууд хятадаар дамжуулан биднийг бие томтой хүчирхэг, догшин ширүүн гэж ойлгодог байсан нь сумочдоор дамжин баталгаажиж байх шиг. Монгол нээлттэй болохын хэрээр гадныхан их ирэх боллоо. Бидний цамаан, ам ажлын зөрүүтэй, баярхуу, цаг баримталдаггүй, мэдэхгүй юмгүй мөртөө хийж чадах юмгүй, хулхи, хийж байгаа юмаа хэзээ ч дуусгадаггүй чигт нь хаячихдаг зэрэг муу талууд танигдаж л байгаа байх. Гэхдээ нээлттэй, комплексгүй, ямар ч шинэ нөхцөлд амархан зохицдог, тусархуу зэрэг олон сайн талуудыг ч тэд ажиглаж байгаа. Нэг хэсэг манайд ирсэн сэтгүүлчид траншейнд амьдардаг хүүхдүүдийн зургийг авч гаргасаар байгаад биднийг цөмөөрөө газар дор амьдардаг юм шигээр төсөөлөх болж билээ. Одоо ч тэгж ойлгодог улс цөөнгүй л байх.

Дэлхий улам даяаршиж, биенээсээ хамаарах хамаарал өсөж байна. Бид хүн төрөлхтний нэг хэсэг. Бид тэднээс, тэд биднээс хамааралтай цугтаа амьдрах болно. Дэлхийд танигдаж эхэлж буй бидэнд эхнээсээ сайн имиж хэрэгтэй. Фрэнсис Фүкүяама “Итгэл” гэсэн ном бичсэндээ дэлхийн үндэстнүүдийн имижийг судалжээ. Өнөөгийн дэлхий япон, герман хүнд хамгийн их итгэдэг юм байна. Хүнийх нь чадварт ч, бараа бүтээгдэхүүнийх нь найдварт ч. Латин, африк зэрэг үндэстнүүдийн итгэлийн итгэлцүүр тун бага. Энэ нь тухайн үндэстний ямар имиж бүрдүүлж чадсанаас болж буй хэрэг. Бид ч ялгаагүй Боливт хийсэн тариур, Жибуттид үйлдвэрлэсэн эм, Папуа Гвинэйн чихэр хэрэглэхээс татгалзах вий. Тээр жил манай Засгийн газрын зөвлөхөөр Сүхдэв алав гэсэн сонин нэртэй балба хүн ирсэн нь сонин хэвлэлийн доог тохуу болж байсан. Магадгүй Сүхдэв гуай сайн мэргэжилтэн байж болох, гэхдээ л улсынх нь имиж онцгүй байсан хэрэг. Ойрмогхон Солонгосын нэгэн компаний урилгаар францчууд мэргэжилтэн илгээжээ. Ирсэн мэргэжилтэн монгол хүн байсанд тэд гайхсан төдийгүй дургүйлхсэн гэдэг. Мундаг хүн болоод л явуулсан байж таараа, гэхдээ ийм нарийн мэргэшил имиж хоёр нь таарахгүй байгаа хэрэг.

Бид бусадтай адил, тэднээс дутахгүй байж энэ имижийг бүрдүүлэх нь гол юм. Харин ойрын нэлээд олон жил монгол хэмээх онцгой бүтэц бүхий Субъектийн тухай бид л өөрснөө их ярих боллоо. Хүн сонсвол ичиж үхмээр. Нэлээд дажгүй боловсролтой болов уу гэхээр олон хүн надаас Монголын онцгой генийн талаар асууж байсан. Солиотой улсуудын ийм яриа сонссоор байгаад сүүлдээ өөрснөө үнэмшдэг болчиж. Хэрэв бид бусад үндэстнээс өөр онцгой гентэй юм бол хомо сапенс буюу ухаант хүн хэмээх биологийн зүйлд үл хамаарах ямар нэг өөр амьтан болж хувирах нь байна. Хүнд 30 мянга орчим ген бий, түүн дотор эскимос, камбожи, монгол хүний ген гэж юм байхгүй. Хүмүүс хоорондоо соёлын л ялгаатай. Хүн сармагчин хоёрын генийн бүтцийн 90 гаруй хувь нь яг адил байдаг. Гэтэл бид хомо сапенсаас өөр тэрхүү монгол ген гэгчээ ариун цэврээр нь хадгалах тухай их ярихыг нь яана! Монгол хүн тэнгэр заяатай л гэнэ. Бусад үндэстэн тэгээд ямар заяатай хэрэг вэ? Генетикчдийн үзэж байгаагаар 20 мянга гаруй жилийн өмнө хүний тодорхой популяцид хүүхдийн бөгсөн дээр цэнхэр толбо гарсан байна. Тэр үед монгол үндэстэн байтугай ерөөс хэл ч үүсээгүй байсан. Хүн анх Монголд биш Африкт үүсээд дэлхийгээр нэг тархсан гэдгийг шинжлэх ухаан хэдийнээ баталсан. Оюуны илтгэцүүр хүний амьдрах бүтээх, амжилт гаргах гол үзүүлэлт биш, гэхдээ үүнийг сонирхлын журмаар тогтоодог, зарим үндэстний дундажийг гаргасан судалгаа бий, харин судалгаанд монголчуудыг хамруулсан баримт алга. Бид бүх юмаараа бусдаас хоцрохгүй, гэхдээ онцгойрохгүй л байвал барав. Хүний зүйлээс өөр болж амьтнаараа дуудуулах л эвгүй шүү дээ.

2008 оны 10 дугаар сар 14