Categories
гадаад мэдээ

“IKEA” компанийг үүсгэн байгуулагч И.Кампрад нас баржээ

“IKEA” компани И.Кампра зурган илэрцүүд

Гэр ахуйн тавилгын алдарт “IKEA” компанийн үүсгэн байгуулагч Ингвар Кампрад өнгөрсөн бямба гарагт Швед дэх гэртээ нас баржээ. Тэрбээр 91 настай байсан юм. Энэ тухай тус компанийн хэвлэлийн албаны цахим хуудаст өчигдөр мэдээлжээ.

“Манай компанийн үүсгэн байгуулагч, хүндэт нөхөр И.Кампрадыг алдсандаа бид маш их харамсан гашуудаж байна. Бидэнд үлдээсэн түүний өв олон жилийн туршид биднийг шагшин гайхшируулж, олон хүнд зориулагдсан хамгийн сайн ахуйг бүтээх түүний алсын хараа, чин хүсэл эрмэлзэл нь биднийг удирдан чиглүүлж, бидэнд урам зориг хайрласаар байх болно” гэж IKEA компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Йеспер Бродин мэдэгдсэн байна.

И.Кампрад 1926 онд Шведийн өмнөд нутагт орших Смоланд хотод төржээ. Тэрбээр 17 насандаа “IKEA” компанийг үүсгэн байгуулж, 1958 онд Смоланд хотод анхны дэлгүүрээ нээж байжээ. “IKEA” гэдэг нь Ingvar Kamprad Elmtaryd Agunnaryd гэсэн үгний товчлол бөгөөд эхний хоёр үг нь тус компанийг үүсгэн байгуулагчийн овог нэр аж. Харин дараагийн хоёр үг нь И.Кампрадын төрсөн газрын ферм болон сүмийн нэр аж.

Categories
мэдээ улс-төр

“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт эхэллээ

“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес чуулга уулзалт Төрийн ордны Их танхимд өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Д.Ончинсүрэн нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.

Тус чуулга уулзалтыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын хэлсэн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид өө, Хүндэт зочид оо,

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлэн барья.

Бидний урилгыг хүлээн авч “Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт-2018” бизнес уулзалтад хүрэлцэн ирсэнд тань чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Нийслэлийн эдийн засаг, хөгжлийг дэмжих, хөгжил дэвшилд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд төр-хувийн хэвшилд тэгш боломж олгон, түншлэлийг дэмжих, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх зорилготой энэхүү бизнес уулзалтыг бид дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.

Уулзалт бүхэн үр өгөөжөө өгсөн. Та бидний хамтын ажиллагаа алхам алхмаар урагшилсаар байна.

Өнгөрсөн оны “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтаар хотыг эдийн засаг, хөрөнгө оруулалтын хувьд илүү нээлттэй болгоё, хөрөнгө оруулагчдыг ажиллах боломж нөхцөл, мэдээллээр чирэгдэлгүй хангая, худалдан авах ажиллагааг зарлахаас шалгаруулах хүртэлх үйл явцыг цахим хэлбэрээр явуулж, ил тод байдлыг хангая, хамтдаа хариуцлагыг эрхэмлэж ажиллая гэсэн зорилт дэвшүүлсний дагуу нэлээд ажлыг зохион байгууллаа.

Товчхон хэлбэл улсын болон нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээнүүд бүрэн хэрэгжиж, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа өргөжиж, хөрөнгө оруулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ ХОТ БИЕЛҮҮЛСЭН гэж үзэж байна.

Улаанбаатар хот бол хөрөнгө оруулагчдын хувьд боломж, сонголт юм. Тиймээс 2018 онд хөрөнгө оруулалтын эрхзүйн орчныг улам боловсронгуй болгох, сурталчилгаа мэдээллийг өргөжүүлэх, газар эзэмшүүлэх хугацааг 15 жилээр сунгаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, хотын дэд бүтцийг сайжруулах тогтолцоог бүрдүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр цоо шинэ, иргэддээ мэдрэгдэхүйц үйл ажиллагаа өрнүүлэх болно.

Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд шулуухан хэлэхэд “хувьсгал” хэрэгтэй байгааг бид ойлгож байгаа. “Барих-шилжүүлэх“ нөхцөлтэй концессийн гэрээгээр олгох санхүүжилтийг хугацаанд нь бүрэн барагдуулах, худалдан авах ажиллагааг мэргэжлийн байгууллагаас гадна холбогдох газар, дүүргийн Засаг дарга нар зохион байгуулж, зураг төсөв боловсруулж батлуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг III сард багтаан явуулж, IV сарын 01 гэхэд барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байх зарчмыг бид хатуу баримтлах болно.

Бид 2018 оныг “ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙГООР АМЬДРАХ ОРЧНОО САЙЖРУУЛАХ ЖИЛ” болгоно. Энэ бол иргэн, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад амьдрах орчноо сайжруулах их бүтээн байгуулалтад оролцох бас нэгэн боломжит сонголтыг нээж байгаа юм.

Тиймээс их хотынхоо төлөө, ирээдүйн сайн сайхны тусын тулд сэтгэл, итгэлээ нэгтгэн, хамтран ажиллахыг уриалъя.

Та бүхэндээ амьдралын сайн сайхан, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ыг орон нутгийн удирдлагуудад танилцууллаа

Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит хуралдаанаар баталсан төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүрэг дахин хуваарилах аргачлалыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр аймаг, нийслэлийн Засаг дарга болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох бусад албан тушаалтнуудад танилцуулж, уг аргачлалыг цаашид хэрэгжүүлэх асуудлаар зөвлөгөөн зохион байгууллаа.

Төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүрэг дахин хуваарилах аргачлалыг Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор баталсан “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд захиргааны шинжлэх ухааны онол, төвлөрлийг сааруулах талаар өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний сургамж, гадаад орны туршлага, гадаад, дотоодын зөвлөхүүдийн зөвлөгөө зэрэгт үндэслэн гүйцэтгэх засаглалын түвшинд захиргааны шинэчлэл хийх зорилгоор Засгийн газрын түвшинд анх удаа боловсруулан баталсан юм.

Төвлөрлийг сааруулах шинэчлэлийг хэрэгжүүлэх гол үндэс суурь нь төрийн байгууллагын чиг үүргийг оновчтой хуваарилах асуудал байдаг.

Бид төвлөрлийг сааруулна, тэр дундаа төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардал хийдлийг арилгана, оновчтой хуваарилна гэж олон жил ярьж ирсэн боловч өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад төрийн байгууллагын чиг үүргийг нарийвчлан зааглаагүй, хариуцлага нь чиг үүрэгтэйгээ уялдаагүй, чиг үүргийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр хангалтгүй зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлууд байсаар байна.

Иймд энэхүү асуудлуудыг шийдвэрлэж,төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, улмаар төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүргийг дахин хуваарилах аргачлалыг баталсан.

Аргачлал батлагдсаны дараа уг аргачлалыг нийгмийн бүх салбарт, бүх түвшинд хэрэгжүүлэх бөгөөд ингэхдээ энэхүү аргачлалыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж бүх шатны төрийн болон ТББ-ын оролцоог хангаж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар хийж хэрэгжүүлнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нйиттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

“Тасалбар” арга хэмжээ зохион байгуулж байна

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр дөхсөн үед галт тэргээр үйлчлүүлэгч иргэдийн тоо нэмэгддэг. Ачаалал ихтэй энэ үед амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор тасалбарыг олноор нь авч худалдан авч зохиомол хомсдол үүсгэн өндөр үнээр дамлан зарж, иргэдийг хохироох асуудал үүсдэг. Ийм асуудал үүсэхээс урьдчилан сэргийлж Төмөр зам дахь Цагдаагийн газраас “Тасалбар” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Говьсүмбэр аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгдүгээр сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн иргэдтэй уулзлаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, аймаг, орон нутгийнхаа талаар зарим мэдээллийг танилцуулав.

2017 оны эцсийн байдлаар тус аймгийн аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 52.2 тэрбум төгрөг болжээ. Гэхдээ бусад аймгаас ялгаатай нь дээрх орлогын 89.8 хувийг буюу 46.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг зөвхөн “Шивээ овоо” ХК дангаар нүүрс олборлон, борлуулж бүрдүүлсэн байна.

Мөн Говьсүмбэр аймгийн иргэд давхардсан тоогоор 37 төрлийн зээлийг дунджаар сарын 1.58 хувийн хүүтэй авч, хэрэглэж байна. Түүнчлэн давхардсан тоогоор 30 аж ахуйн нэгж байгууллагад 1.8 тэрбум төгрөгийн, 8300 гаруй иргэн 86.4 тэрбум төгрөгийн зээл авчээ. Үүнээс 483 малчин 2.4 тэрбум төгрөгийн зээлтэй байна.

Статистик дүнгээр харагдаж байгаа иргэдийн өр, зээлийн асуудал болоод арилжааны банкны хүү, цалин хөлс, тэтгэврийн зээл зэрэг асуудлыг Говьсүмбэр аймгийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үеэрээ мөн ярьсан бөгөөд иргэдийн амьдрал тааруу үед татварын нэмэгдэл, тэтгэврийн нас нэмэгдсэн нь цагаа олоогүй шийдвэр гэж үзэж байв.

Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэн Энхтайван

“Бодлогогүй, чадваргүй дээрээс нь тансагласан УИХ-ыг тараамаар байна. Бид таны ард байгаа учраас та ард түмнээ бодно уу. Яагаад гэвэл ард түмэн сөхөрч байна. Ард түмэнтэйгээ хамт байна гэж хэлээд шүлс нь хатаагүй байхад л долоон төрлийн татвар нэмлээ. Тэгсэн мөртлөө Засгийн газар нефть импортлогчдод барьцаалагдаад онцгой албан татварыг нь тэглэчихлээ. Ард түмэн татвараа болиоч гэхээр нохой хуцсан мэт хандаж байна. Итгэх хүн та л үлдлээ гэж бодож байна” гэсэн юм.

Мөн тус аймагт үйлчилгээ эрхэлдэг Л.Одбаясгалан

“УИХ, Засгийн газар ОУВС-гийн шахалтаар долоон төрлийн татвар нэмлээ. Энэ татварын хэрэгжилтийг биелүүлэхийн тулд төрийн механизм үнэхээр сайн ажиллаж байна. Аж, ахуйн нэгжүүдэд маш хүнд тусч байна. Бараг биднийг дахин сэхэхгүй болгож байна шүү. Жишээ нь, орон нутгийн татварын, мэргэжлийн хяналтын байцаагч нар орж ирээд удирдамж үзүүлээд л шалгалт хийж байна. Акт тавихдаа хугацаа богино, биелүүлэх боломжгүй байдлаар тавьж, дараа нь Зөрчлийн тухай хуулиар торгож байна. Аж ахуйн нэгжүүд зүтгэж байгаа ч хүч хүрэхгүй болж байна шүү. Манай байгууллага үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш 500 сая төгрөгийг татварт өгсөн. НДШ-д мөн л 500 орчим сая төгрөгийн орлого төвлөрүүлж, 80 гаруй хүнийг ажлын байртай байлгаж байсан. Гэвч, сүүлийн хоёр жилд хэцүүдэж байна. Үнэхээр шаардлагатай бол ард иргэдээ, аж ахуйн нэгжүүдээ шалгаж болно. Гэхдээ орон нутагтаа, улс орондоо арай гэж орлого төвлөрүүлж байхад түүнийг зарцуулж байгаа эрх мэдэлтнүүдийг ард иргэд адилхан шалгамаар байна. Төр нь иргэнээ хянадаг нийгэм байж болох нь иргэд нь төрөө хянадаг нийгэмтэй, шударга нийгэмтэй болмоор байна. Таныг эрүүл нийгмийг авчир гэж сонгосон. Нийгэм бухимдалтай байгаа шүү. Би өөрийнхөө аж ахуйн нэгжийг хаагдсан ч хамаагүй ярьж байна. Танд иргэд итгэл хүлээлгэж сонгосон. Та энэ нийгмийг өөрчлөөд өгөөч. Энэ чадамжгүй УИХ, Засгийн газар, иргэдээ хуурдаг дарга нарыг тараах асуудлыг манай аймгийнхан ярьж байгаа. Таныг өөрийнхөө эрх мэдлийн хүрээд бидэнтэй нийлээд тэмцэхэд бид бэлэн байгаа шүү” гэв.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн Дашзэвэг

“Таны Ерөнхийлөгчийн ажлын гараа оффшорчид, авилгатай тэмцэхээс эхэлсэн. Танд саад их байгаа ч бүү шантраарай гэж хэлмээр байна. ОХУ хамгийн өндөр үнэтэй нефть бүтээгдэхүүн, эрчим хүчийг бидэнд худалддаг. Харин урд хөрш дэлхий дээр байхгүй хямд үнээр малын түүхий эд, нүүрс, шатах тослох материалыг биднээс авдаг. Бид ийм хараат байдалд орсон учраас хойшид том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй гэж үзэж байгаа. Мөн манай улс 60-70 сая малтай боллоо. Энэ бол их тоо, бэлчээрийн даац ч хэтэрч байна. Тиймээс малаа цөөлөх, таваарлаг мал өсгөх шаардлагатай гэж үзэж байна. Малаас гарч байгаа түүхий эд, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгтэй. Сул хаягдаад байгаа нэхийг боловсруулбал, зах зээл бэлэн байгаа байх. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрийг ч гэсэн нэмэгдүүлбэл, малчдын амьдрал ахуй дээшлэх байх гэсэн бодолтой байна.”

Говьсүмбэр аймгийн иргэн, Байгаль орчны төлөөх иргэдийн зөвлөлийн тэргүүн Алтан-Од

“Өнгөрсөн 27, 28 жил намууд ээлжилж төр барилаа. Нэг нь олонх, нөгөөх нь цөөнх болж явсаар утгаа алдаж байна. Та Хэнтий аймгийн иргэдтэй уулзах үеэрээ “Би АН-ын Ерөнхийлөгч биш ард түмний Ерөнхийлөгч. Тиймээс эв, эеийг хичээж ард түмнийхээ бухимдсан, доройтсон асуудлыг засах гэж иргэдийнхээ санаа бодлыг сонсож байна” гэж хэлсэн байна лээ. Тийм учраас Говьсүмбэр нутгийн иргэд бидний бухимдлаас салахад та чухал үүрэг гүйцэтгээрэй гэж хүсмээр байна. УИХ-аас гарч байгаа хууль тогтоомж хэдхэн сарын дотор ард түмний амьдралд чөдөр тушаа болж үлдэж байна. Үнэхээр сөхөрч, үүнээсээ өндийж чадахгүй болчихлоо шүү. Ядуурал дээр ядуурал нэмээд байна” гэлээ.

Говьсүмбэр аймгийн иргэн Л.Ёндон

“Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлнэ гээд МАН мөрийн хөтөлбөртөө оруулчихсан байсан. Сая 27 мянгаар нэмэх болж. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэний дэргэд энэ юу ч биш гэж би үзэж байна. Нөгөө талаар тэтгэврийн насыг нэмж байна. Энэ яаж байгаа юм бэ. Өндөр настнуудыг оролдоод, элдэв юм болоод байх юм. Залуучууд ажилгүй байхад бидний оронд ажиллуулах хэрэгтэй. Эдгээр асуудлыг уялдуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, ард түмний баялгийн үр ашиг ард түмэнд очихгүй, эрх мэдэлтэй УИХ, Засгийн газрын гишүүдэд очиж байна. Байгалийн баялаг эрх мэдэлтнүүдийн саалийн үнээ болж байна гэдгийг зориуд хэлмээр байна. Дэндүү назгай, дэндүү муу байна шүү. Ард түмний хүсэл, зоригийг биелүүлж чадахгүй бол УИХ, Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Ингэж байгаад Монголд бослого, иргэдийн хөдөлгөөн болбол яах вэ. Гадаад оронд бослого, хөдөлгөөн болж сайжирдаг, өөрчлөгддөг түүх байдаг. Үүнийг анхаарах хэрэгтэй шүү” гэлээ.

Мөн “Шивээ-Овоо” ХК-нд найм дахь жилдээ ажиллаж байгаа залуу

“Уурхайчин залуусынхаа ирээдүйг харахаар тэтгэвэртээ гараад явсан ах нар олон жил амьдарч чадалгүй өөд болцгоодог. Хэвийн бус нөхцөлийн насыг уртасгана гээд байгаа нь бидний хувьд болон төмөр замчдын хувьд үнэхээр хүнд байна. Улс орны хэмжээнд ч гэсэн хувийн бус нөхцөлд ажиллаж байгаа хүмүүст хүндээр тусч байгаа байх. Тиймээс тэтгэврийн насыг сунгахгүй байх талаас нь дорвитой арга хэмжээ авч өгнө үү” зэргээр Говьсүмбэр аймгийн иргэд санаа, бодлоо илэрхийллээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Та бүхний ярьж байгаа гол асуудлуудыг сайн сонслоо. Намаар талцдаг зэрэг асуудлыг танай аймгийн иргэд илүү ярьж байна. Бүх асуудлын үндэс нь ядуурал гэж би харж байгаа. Хүн бүр ажил, төрөлтэй, завгүй байх юм бол заавал намд шургалж ажилтай болох шаардлагагүй. Тиймээс би тендер нэрээр хэдэн компани баяждаг, уул уурхайгаар хэдхэн улстөрч баяждагаа болиоч ээ гэж уриалж байгаа. Том, том төслүүдээ хөдөлгөж иргэдээ ажилтай, орлоготой болгохыг би уриалж яваа.

Өртэй холбоотой асуудлуудыг мөн та бүхэн ярьж байна. Өнөөдөр улсын өр 26 тэрбум ам.доллар боллоо. Энэ мөнгөөр юу хийсэн, хаачсан бэ. Өр, зээл тавиад юм бүтээдэг юм бол яагаад бид өдийг хүртэл ажилгүй, ядуу байгаа юм бэ. Энэ өр гурван сая иргэнтэй улсад асар их мөнгө. Дөрөв, дөрвөн жилээр төр барьж байгаа энэ төрд хариуцлагын тогтолцоо, бодлогын залгамж халаа гэж байхгүй байна. Энэ байдлыг багасгах гэж ард түмэн намайг сонгосон байх гэж бодож байна. Ийм том газар нутаг дээр бид багталцахгүй болтлоо хагаралдаж байна. Ийм байж болохгүй.

Намайг иргэдтэй уулзах үеэр иргэд УИХ-ыг тараах талаар ярьсан. Ярьсан хүнийг дэмжээд иргэд алга ташиж байгаа. Үүнийг мушгиад, эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч нь УИХ-ыг тараах талаар яриад явна гэж мушгин гуйвуулж байна. УИХ дээр би утааны асуудал ярьсан. Энэ үеэрээ онц байдал зарлах тухай, 20-иод жил утаа ярьсан ч зөвхөн хэдхэн компани, улс төрч утаагаар бизнес хийгээд байгаа талаар ярьсан. 147 тэрбум төгрөг, олон сая ам.долларыг зөвхөн утаагүй зуух нэрээр зарж, үрсэн байна. Утаа багасаагүй, утаанаас болж амь эрстэж байгаа, дутуу төрж байгаа эмэгтэйчүүд олон бий. Ингээд онц байдал зарлах тухай санал УИХ-д өгсөн. Харамсалтай нь, онц байдал зарлаагүй, дахиад зуухны тухай асуудал яриад байсан. Тиймээс иргэд УИХ-ыг тараах талаар саналыг иргэд гаргах юм бол дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн” гэлээ.

Мөн Ерөнхийлөгч иргэдийн сонирхсон бусад асуултад хариулж, төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа.

Categories
мэдээ нийгэм

“Цагаан идээ зөв хэрэглээ” үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд нээгдлээ

Сар шинийн баярыг тохиолдуулан “Цагаан идээ зөв хэрэглээ” үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд Бямба гарагт нээгдлээ.Алаг чихрийн оронд амтат ааруул идэцгээе “Нэг Архангай-Шинэ хөгжлийн тэмүүлэл” ТББ-аас “Цагаан идээ зөв хэрэглээ” үзэсгэлэн худалдааг Тусгаар тогтнолын талбайд ирэх сарын 10-ыг хүртэл зохион байгуулах юм.Үзэсгэлэн худалдааны нээлтэд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцсон юм. Тэрбээр “Томоохон баяр наадмын өмнө аймаг, орон нутгаас Улаанбаатар хоттой хамтран үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ажил тогтмолжиж байна. Энэ нь орон нутгууд бие биеийнхээ бизнесийг дэмжих, ямар нэгэн шат дамжлагагүйгээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг иргэдэд хүргэх маш сайн арга хэмжээ гэж үзэж байгаа юм.Жишээлбэл, намар газар тариалангийн бүтээгдэхүүн, өвөл нь сүү цагаан идээгээ зарж борлуулах гэх мэт. Олон аймгаас үзэсгэлэн худалдаанд оролцох зэрэг янз бүрийн хүсэлт ирдэг. Тэдний дийлэнх нь брэнд бүтээгдэхүүнээ зарж борлуулах тогтмол үйл ажиллагаа явуулдаг газартай болох хүсэлтэй байдаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд аймаг, дүүргийн удирдлагуудыг хооронд нь холбож, газар, байрных нь асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтарч ажиллаж байна.Бид бүхэн орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжиж ажиллах нь иргэдэд нэмэлт үнэгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн хүргэж буйгаараа маш их давуу талтай билээ. Түүнчлэн дотооддоо төдийгүй гадаадад олон төрлийн экспо зохион байгуулах шаардлагатай. Энэ нь эдийн засгийг дэмжихээс гадна Улаанбаатар хотын хувьд Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв болно гэсэн зорилтод нийцэж буй хэрэг юм” хэмээв.

Үзэсгэлэн худалдааны үеэр НЗДТГ-ын зүгээс төвийн зургаан дүүргийн агаарын бохирдол ихтэй бүсэд орших цэцэрлэгүүдийн хэрэгцээнд 2.5 тонн буюу 5 сая төгрөг бүхий цагаан идээг худалдан авч, цэцэрлэгийн эрхлэгч нарт гардуулав.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнд Архангай аймгийн 13 сумын 250 орчим малчин, цагаан идээ үйлдвэрлэгч оролцож байна. Тэд тус арга хэмжээг дэмжиж хамтран ажиллаж байгаа НЗДТГ болон Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын хамт олонд талархаж буйгаа илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай мэдээлэл хийлээ

АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай мэдээлэл хийлээ. Өнөөдөр Төрийн ордонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд 100 хоногийн хугацаанд хийгдсэн 30 ажлыг тайлагнасан. Харин АН, Засгийн газрын 100 хоногийн хугацаанд хийгдсэн шүүмжлэлтэй ажлуудыг нэрлэсэн юм. Тухайлбал, 2016 онд ам.долларын ханш 1850 төгрөг байсан бол өнөөдөр 2470 төгрөг болсон. Иргэдийн худалдан авах чадвар 30 хувиар буурсан. Инфляцийн төвшин 2016 онд 1.2 хувьд хүрч байсан бол өнөөдөр долоон хувьд хүрсэн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ зургаан хувиар өссөн гэж ойлгож болно. Ядуурал гурван функт, ажилгүйдлийн төвшин таван функтээр нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, МАН өнгөрсөн 1.7 жилийн хугацаанд нэг ч ажлын байр шинээр бий болгоогүй” хэмээн тодотгов.

Түүнчлэн “У.Хүрэлсүх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахдаа үндсэн гурван асуудлыг гол болгосон. 807.8 тэрбум төгрөгийн концессын гэрээг хууль зөрчин Засгийн газрын танхимдаа олгосон”, “Хүүхдийн мөнгийг хугацаанд нь эрх тэгш олгоно”, “Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар боловч мэргэжлийн бус ах дүү, хамаатан садны хүрээнд томилгоо хийсэн” гэх шалтгаанаар өмнөх Засгийн газраа унагасан. Харамсалтай нь, өнгөрсөн 100 хоногийн хугацаанд хүүхдийн мөнгийг бүгдэд нь өгсөнгүй, концессын гэрээг хүчингүй болгосонгүй, ах дүү нарын томилгоо эрчээ авлаа. Дээр нь 60 тэрбумын хэрэгт улс төрийн хариуцлага хэнтэй ч тооцсонгүй. Энэ бүхнээс дүгнэхэд У.Хүрэлсүх гэдэг хүн зөвхөн нүүрсний гэрээ хийж, зэсийн наймааг гартаа авахын тулд Ерөнхий сайд болсон нь харагдаж байна” гэлээ. Мөн “У.Хүрэлсүх гэдэг хүнээс нийгэм өндөр хүлээлттэй байсан. Хүн зоддогтойгоо адилхан иргэний зориг гаргаж, нийгэмд зайлшгүй хэрэгтэй байгаа шинэчлэлийг хийх болов уу гэж харж байсан. Хамгийн харамсалтай нь нэг ч шийдвэр гарсангүй. Алсын хараагүй, иргэний зориггүй, нийгмийг шинэчлэх онолгүй нөхөд Монголын Засгийн газарт байна. МАН-ын Засгийн газрын нэг жил, долоон сарын хугацаанд “Муу” дүн өгч байна” гэсэн мэдээллийг өгөв.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн нөхцөл байдлыг Баян-Өлгий аймгаас шууд дамжууллаа

Монгол Улсын Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагнаж байгаа энэ үед Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг өвөлжилтийн нөхцөл байдал, аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэх, зорилгоор баруун аймгуудад ажиллаж байна.

Засгийн газрын 100 хоногийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр танхимын гишүүдийнхээ хамт танилцуулж мэдээлэл хийлээ. Энэ үеэр орон нутагт ажиллаж буй Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Баян-Өлгий аймгаас цахимаар шууд холбогдон, Засгийн газрын 100 хоногт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, өвөлжилтийг хохирол багатай даван туулах, орон нутгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, шаардлагатай хөрөнгө, төсвийг шийдвэрлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон Улсын Онцгой комиссын Шуурхай бүлгийн орон нутагт авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, өвөлжилтийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэн ажиллаж байгаа талаар танилцуулга хийлээ.

Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийг хохирол багатай даван туулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор аймаг, орон нутагт 800 сая, аймаг, орон нутгийн өвс, тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэхэд зориулан төсвийн тодотголоор 4.5 тэрбум төгрөг, дотоодын бэлтгэсэн өвс, тэжээлийн нөөц хомсдолтой байгаатай холбогдуулан нийт 40 тэрбум төгрөгийг 2017 оны төсвийн тодотголоор шийдвэрлэн ажиллажээ. Мөн өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй аймгуудын улсын нөөцийн салбар цэгүүдэд нэмж өвс тэжээл байршуулах зорилгоор улсын төсвийн тодотголын хүрээнд 4.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэж, өвс тэжээлийн бүрдүүлэлтийг хийсэн байна.

Орон нутагт улсын нөөцийн салбар цэгүүдээс малчдад өвс тэжээл хүргэх, зам, даваа хаагдах, тээвэрлэлтийн зардал өндөр гарах, цаг алдах зэрэг хүндрэл бэрхшээл үүсдэгтэй холбогдуулан Засгийн газрын 2017 оны 314 дүгээр тогтоолоор Баянхонгор аймгийн Баянцагаан сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Завхан аймгийн Түдэвтэй сумдад бэлэн байгаа агуулах саравчийг түшиглэн улсын нөөцийн түр цэгүүдийг байгуулж, өвс тэжээлийг байршуулсан.

Түүнчлэн Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн “Хөрөнгө гаргах тухай” 325 дугаар тогтоолоор 6 аймагт тохиолдсон гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд зориулж 1 тэрбум, 16 аймгийн иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор улсын нөөцөөс 536 сая төгрөгийн өртөг бүхий 16 автомашин, 146 сая төгрөгийн өртөг бүхий бараа, материалыг өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчид, иргэдэд олгосон.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан зудын эрсдэлийн үнэлгээ болон аймгуудын Засаг дарга нарын ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 19-ний хуралдаанаар улсын нөөцөөс 8000 тонн өвс үнэгүй, 6500 тонн малын тэжээлийн үнийг 50 хувийн хямдруулан олгохоор шийдвэрлэснийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин мэдээллээ.

Мөн тэрбээр, “Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байгаа энэ үеэр Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймагт өдөртөө дунджаар 22-30 орчим градус, шөнөдөө 40 градус хүртэл хүйтэрч байна. Малчид хаа сайгүй өвс, тэжээлээ дууссан нөхцөл байдалтай байгаа нь аймгуудын Онцгой комиссын хуралдааны гол сэдэв болж байна. Миний бие одоогийн байдлаар Өвөрхангайн Есөнзүйл, Говь-Алтайн Шарга сумын малчин айлуудаар орж бодит ахуй байдалтай танилцлаа. Мөн таван аймгийн Онцгой комиссын хуралдуулж, Баянхонгорын Бууцагаан, Ховдын Дарви сумдын ЗДТГ-уудаар орж өвөлжилтийн бэлтгэлтэй танилцсан.

Монгол орон даяар ган болж, ургаж алдсан нь өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх нэг л шалтгаан болж байна. Монгол Улсын мал 66,2 сая хүрсэн нь эдийн засгийн чухал үзүүлэлт боловч малынхаа хөлд бэлчээр ихээр талхлагдаж байгаа нь жилийн жилд зуд нүүрлэх бас нэг шалтгаан болж байна. Өвөлжилт хүндэрч, хаврын урт сарууд тулж ирсэн энэ үед малчдад өвс тэжээлийн хэрэгцээ маш их байгааг шат шатандаа ярьж байна” гэлээ.

Улсын Онцгой комиссын шуурхай бүлгийн зүгээс аймгуудын Онцгой комиссын гишүүдэд,

-Засгийн газраас олгосон өвс, тэжээлийг хавтгайд нь тэгшитгэхгүйгээр, өвөлжилт хүндэрсэн сумдад хуваарилан олгох,

-Мэргэжлийн байгууллагууд харилцаа, хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо сайжруулах, мэдээ мэдээллийг түргэн шуурхай, тогтмол солилцоход анхаарч ажиллах,

-Оторт яваа малчидтайгаа байнгын холбоо тогтоож, мэдээ мэдээллээр хангах, тэр дундаа нярай болон 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг онцгой анхаарч, эмнэлгийн үйлчилгээ хүргэх

-ЭМЯ-ны төсөвт тусгагдсан нийт 9 түргэн тусламжийн автомашиныг аймгуудын хүсэлтийн дагуу нэн шаардлагатай байгаа газарт хуваарилах, (Үүнд, Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Баянхонгор аймгийн Шинэжинст сум, Ховд аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төв, Зэрэг, Дуут сум, Баян-Өлгий амйгийн Хотгор, Улаанхус сум, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэг)

-Отроор нүүдэллэж яваа малчдыг аль аймаг, сумынх гэдгээс үл хамааран хүнс тэжээл, шаардлагатай эм, түлш, нийгмийн халамжийн үйлчилгээг хүргэхэд дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч ажиллах,

-Малын гоц халдварт мялзан, шүлхий өвчин халдварлах бүхий л эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүн, амьтан, техникийн шилжилт хөдөлгөөнийг хянах, ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ малыг вакцинжуулахдаа вакцины чанарт анхаарах зэрэг үүрэг чиглэлүүдийг өгч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХААН Банкны Салбарын удирдлага хариуцсан захирал Ж.Ганбат: Бид цахим банкны үйлчилгээгээр тэргүүлэгч

ХААН банкны салбарын удирдлага хариуцсан захирал Ж.Ганбатттай ярилцлаа.


-ХААН банкны Экспресс болон Цахим банкны үйл­чилгээнд хүмүүс таатай хандаж байна. 2017 онд та­най хамт олон ажлын ам­жилт дүүрэн байв уу?

-2017 онд ХААН банк хэд хэдэн том зорилт тавьж ажил­лалаа. Үүний нэг нь ха­­рил­­цагчдадаа банкны үйл­­­­­чилгээг хамгийн хялбар ар­гаар авах боломжтой ца­хим банкны үйлчилгээгээ сайж­­­руулах, шинэ үйлчилгээ гаргах, цахим банкны сүл­жээ­­гээ өргөжүүлэх зорилт бай­­лаа. Энэ хүрээнд өнгөр­сөн онд Монголд хамгийн олон буюу 1000 гаруй ATM, 130 гаруй өөртөө үйлчлэх эксп­ресс банкуудыг орон даяар байршуулсан. Най­ман мянга гаруй карт уншигч ма­шинтай болсон гээд Ца­­­хим банкны маш том сүл­­­­жээг ХААН банк бай­гуулж чад­лаа. Энэ нь олон ха­рил­­­цагчийн цаг завыг нь хэм­­нэх, амьдралдаа их цаг гар­гах боломжийг нээж өг­сөн. Бидний Цахим банкны чиг­лэлээр хийсэн энэ олон аж­лыг манай харилцагчид, ир­­гэд таашаан хүлээн авч бай­­гаа. Шинэ технологи, ши­­нэ үйлчилгээнд манай хэ­рэг­лэгчид маш хурдан дасч сурдаг, хурдан хэрэглэдэг. Түү­­гээр ч зогсохгүй хэрхэн сайж­руулах санал зөвлөмж хүр­тэл хэлж байгаа нь бид­ний үйлчилгээ харил­цагч­дадаа үр өгөөжөө өгч бай­гаа­­­­гийн нэг илрэл юм.

-Харилцагчийн хамгийн их хэрэглэдэг шинэ бүтээг­дэхүүнүүд гэвэл юуг нэр­лэх вэ?

-Цахим банкны үйл­чил­гээ­­­­гээр тэргүүлэгч бай­на гэ­дэг бол ингэж хэлж, мэ­дээ­лээд орхичих биш түү­нийгээ амьд­ралд боди­той­гоор нэвт­­­­­рүүлсэн байх ёстой. Бид 2017 онд шинээр QPay үйл­­­чилгээ буюу QR кодоор төл­­­бөр төлдөг үйлчилгээг Мон­­голд анхлан нэвтрүүлж бай­­лаа. Мөн ХААН PAY үйл­чилгээ нь гар утасны ду­гаа­раар, фейсбүүкийн найзууд руу­­гаа, байршлаар нь мөнгө шил­­жүүлэх боломж олгож бай­гаа юм.

ХААН банкны апплейкшн руу ороход ху­рууны хээгээр нэвтэрдэг боллоо. Харилцагчаа хам­гаалах, аливаа эрсдлээс урьд­чилан сэр­гийлэх зо­рил­­гоор олон тооны хөг­жүү­лэлтийг хий­лээ. Ту­хайлбал АТМ-ээс мөнгө шил­­жүү­лэхэд хүлээн авагчийн нэр гарч ирдэг, гүйл­­­гээний утга бичдэг, бүх мэ­дээллээ шалгаад гүйл­гээ­гээ хийдэг боломжийг нээж өглөө. Ха­рилцагчид маань салбар дээр ирж, карт захиалаад заавал эр­гэж ирж авдаг байсан бол бид захиалсан картыг нь шуудангаар хүргэж өгдөг болсон. Энэ олон үйл­чил­гээг хэрэглэгчдэдээ са­нал болгож, амьдралд нэвт­рүүлс­нээр ХААН банк Цахим банкны үйлчилгээгээр улс­даа тэргүүлэх хэмжээнд хүр­лээ. Үүнийг маань ч олон улсын байгууллагууд өндөр үнэлж, Монгол Улсын шилдэг дижитал банк шагналыг хоёр ч ОУ-ын байгууллагаас олголоо. Мөн Кредит картын үйлчилгээн дээр үсрэнгүй дэвш­лийг авчирч чадсан гэж үзэж байгаа. Тухайлбал, эмэг­тэйчүүдэд зориулан гоём­­сог “Гламор” кредит карт гаргалаа. Платинум карт маань МИАТ-ийн нис­лэ­гийн миль тооцох боломж­той болсон. Энэ мэт бид үйл­чил­гээндээ өдөр тутамд хү­мүүст хэрэгтэй үнэ цэнэтэй зүйлсийг нэмж байна.

-Цахим банк хүн бүрийн хэ­рэглээ болж, үйлчилгээ нь өргөжөөд ирэхээр амар хял­бар болдог ч нөгөө талд эрсдлүүд дагалдаад гарч таарна. Энэ тал дээр хэ­­­рэглэгчээ хамгаалах ямар арга хэмжээ авдаг вэ?

-Цахим банкны хэрэглээ, хөгжил зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхий даяар эрчим­тэй хөгжиж байна. Өдөр ту­там л шинэ технологиуд нэв­тэрч, хэрэглээнд ордог. Үүнийг дагаад үйл­чилгээ үзүүлж байгаа байгуул­ла­гуудын зүгээс болон хэ­рэг­­лэгч талаасаа ч мэд­лэг, мэ­дээлэл, болгоомж шаард­­даг. Тухайлбал, карт эзэм­шигч картын нууц дугаа­раа олон нийтийн газар хэн нэгэн хүнд хэлдэггүй байх хэрэг­тэй. Төлбөр төлөх үеэр “Таны нууц дугаар хэд вэ” гэж асуух тохиолдол гар­даг. Ингэж асуудаггүй бай­хыг үйл­чилгээний бай­гуул­лагад хэлдэг. Карт эзэмшигчдэдээ ийм асуултад хариулдаггүй байх талаас нь сануулж, зөвлөдөг. Тийм учраас үйл­чилгээний байгууллагад карт уншигч машиныг утаснаас нь салгаж, харилцагч өөрөө нууц үгээ хийх боломжтой байдлаар байрлуулах гэх мэт арга хэмжээг эртнээс нэвт­рүүлээд явж байгаа.

Цахим банкин дээр нууц үг гэдэг ойлголт гардаг. Хү­мүүсийн имэйл хаягийг ха­кердах, мэйл хаяг руу нэвтэрч банкны нууц үгийг нь мэдэх, ингэснээр цахим банк­наас нь мөнгө шилжүүлж авах зэ­рэг залилан, гэмт хэргийг олон улсад phishing буюу загасчлал гэж нэрлэдэг. Ийм хэрэг олон улсад төдийгүй манайд ч мэр сэр гардаг. Тийм учраас харилцагч маань хэрэглэгчийн дугаар, нууц үг, данс болон ре­гистрийн дугаар зэрэг хувийн мэдээллээ бусдад хэлэхгүй байх, ямар нэг зүйл дээр би­чиж орхихгүй байх, нууц үгээ гурван сар тутамд байнга сольж хэвших хэрэгтэй. Хэ­рэв нууц үгээ хэн нэгэн хүнд хэлэх, өөр хүн нууц үгийг маань мэдчихлээ гэж сэжиг төрвөл тэр даруй интернэт банк руугаа нэвтэрч орон нууц үгээ солих, бүр болохгүй бол банкныхаа лавлах төв рүү утасдан интернэт банкны эрхээ хаалгах ёстой. Картын нууц дугаарыг ч мөн адил хэрэглэгч өөрөө аль ч ATM дээр очоод солих боломжтой байдаг. Ийм мэдлэг, мэдээ­лэл, хариуцлагыг харилцагч иргэдээс давхар шаардах боллоо.

-Банк цахимжихын хэ­рээр олон улсад ч ма­найд ч шинэ төрлийн гэмт хэргүүд гарах болсон талаар та дурдлаа. Саяв­тархан гэхэд танай банк­наас хэрэглэгч гэх нэг эмэгтэй картнаасаа мөнгө алдсан талаар мэ­дээ­лэл гарсан. Үнэхээр тэр хүн мөнгөө алдав уу, ямар тохиолдол болов?

-Үнэхээр олон улсын хэм­­жээнд ийм хэргүүд гарах болж, цагдаагийн бай­гуул­ла­гууд ч, банкууд ч ир­гэ­дийнхээ сонор сэрэмж, мэд­лэг мэдээлэлд анхаарах бол­­сон. www.control.mn гэсэн сайтад манай нэг харилцагч яриа өгсөн байсан. Бидний зүгээс тухайн харилцагчийн нэр, хувийн мэдээлэлд хүндэт­гэлтэй хандаж байгаа. Харилцагчийн маань тухайн вэб сайтад өгсөн яриагаар бол сэжиг бүхий линк дээр дарж, өөрийн хувийн мэдээл­лээ оруулна уу гэсний дагуу оруулсан гэжээ. Энэ нь ма­гадгүй загасчлал буюу ца­хим гэмт хэрэгт өртсөн байх хандлагатай. Бид урьд­чил­сан байдлаар тэгж харж байгаа. Гэхдээ яг ямар гэмт хэрэгт өртсөн, хэн халд­сан гэдгийг нь хуулийн бай­гуул­лага тогтооно. Ха­рил­цагчийн хувьд өөрийнх нь хийгээгүй гүйлгээ гэдгийг бидэнд хэл­сэн. Манай харилцагчийн үйл­чилгээний газар энэ гомд­­лыг хүлээж аваад хуу­лийн байгууллагын өгсөн зөв­шөөрөл, хүсэлтийн да­гуу өөрийнх нь дансны ду­гаа­раар ямар гүйлгээ хийсэн мэ­дээллийг гаргаж өгсөн. Одоо үүнийг шалган тогтоох ажил үргэлжилж байна. Уг харилцагчийн мөнгө өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр дансанд шилжиж орсон гэд­гийг тогтоосны дараа хохи­ролгүй болгох бүх боломж бий. Үүнийг шалгахад мэ­дээж цаг хугацаа орно. Зөв­хөн банк ч биш, хуулийн байгууллагатай хамтран ажил­­ладаг. Тухайн үед ха­рил­цагч маань асуудлыг түр­гэн шийдэхгүй байна гэсэн бу­химдалтай байсан учраас тэгж ярилцлага өгсөн гэсэн. Гэхдээ бид дахин уулзаж, ха­рилцан ойлголцсон учраас хуу­лийн байгууллагатай хамт­ран ажиллах үйл явц үр­гэл­жилж байна.

-Заавал хуулийн бай­гууллагын зөвшөөрөл хэ­рэгтэй болдог юм уу, банк­наас шалгаад гомдлыг ший­дээд явж болдоггүй юм уу?

-Тийм боломжгүй. Данс­наас нь өөрийн нь хийгээгүй гүйлгээ гарчихсан байна гэ­сэн гомдлыг гаргалаа гэ­хэд банкны ажилтан уг гүйл­гээг аль данс руу орсон бай­на гэж мөрдөж шалгах бо­ломжгүй. Харин тухайн иргэн банкинд мэдээлэхээс гадна хуулийн байгууллагад эхлээд хандаж, цагдаагаас тогтоол ирүүлсний дараа­гаас бид холбогдох мэдээл­лийг гаргаж өгдөг. Үүний да­раагаас үргэлжлээд хуу­лийн байгууллагын шалгах үйл ажиллагаа эхэлж, банк үүнд нь бүхий л мэдээллийг гарган өгч хамтран ажил­ладаг. Нэг талаасаа түвэг чи­рэгдэл ихтэй мэт боловч нөгөө талаасаа олон мянган харилцагчдынхаа сан­хүү­гийн мэдээллийг нууцалж, хам­гаалж байгаа хэрэг гэдэг та­лаас нь ойлгох хэрэгтэй.

-Дээрх эмэгтэйн бичлэг цацагдсаны дараа цөөнгүй хүн “Би данснаасаа төдөн төгрөг алдсан, би ч бас алдсан” гэж сэтгэгдэл бич­сэн байсан. Үнэхээр ийм олон хүн ХААН банкны данс­наасаа мөнгөө алдсан хэрэг үү. Жүжигчин Сөрөлт хүртэл мөнгөө алдсан та­лаар бичсэн байсан. Тэр олон хүн танайд албан ёсоор хандсан уу, та нар шал­гаж үзсэн үү?

-Тэр мэдээллийн дор сэт­гэгдэл олон байсан ч би­дэнд албан ёсоор хандаг­сад цөөн. Хэрэглэгч өөрөө хүсэлтээ гар­гаагүй байхад бид дансны мэдээл­лийг нь шалгаж үзэх бо­ломж­гүй. Жүжигчин Сө­рөлт өөрийн фэйсбүүк хая­гаасаа “Миний данснаас 500 гаруй мянган төгрөг алдагдлаа” гэсэн утгатай мэ­дээллийг оруулсан бай­сан болохоор бид түүнтэй холбогдсон. Тэрээр гадаа­дад яваа учраас ирээд хол­богдоё гэсэн. Сошиалд сэтгэгдэл бичсэн хүмүүсийн үнэн, худал гэж бид шалгаж мэдээлэх боломжгүй. Ту­хайн хэрэглэгч үнэхээр энэ гүйлгээг өөрөө хийгээгүй то­хиолдолд банкин­даа мэ­дээлээд улмаар хуулийн бай­гууллагад шалгуулах хү­сэлтээ гаргах ёстой. Ийм хүсэлтийн дагуу цагдаагийн байгууллагаас банкинд ту­хайн гүйлгээний тухай, хү­лээн авагчийн тухай мэдээлэл авахаар манайд тогтоол ирүү­­лэх ёстой. Ийм процесс яваг­дах ёстой гэдгийг дахин хэлье. Өөрөөр хэлбэл хуульд заасан процедурын да­­­гуу шалгах тогтоох ажил нь явагдах ёстой юм.

-Бага сага мөнгө үрэг­дээд байна, алга болоод байна гэж байгаа хүмүүс хуулгаа аваад харахаар март­­сан санасан гүйлгээ гарч ирж байгаа гэж дуул­сан юм байна…

-Хүний хувийн данснаас тэр хүний зөвшөөрөлгүй ганц төгрөг ч алга болох учиргүй. Энэ бол банкны үндсэн үүрэг. Банк бол тэр олон ха­рил­цагчдын мөнгийг маш ха­риуц­лагатайгаар хадгалах ёстой. Зээлүүлэхдээ хүртэл бид маш хянуур ханддаг. Маш нарийн шалгуур бүхий дүрэм журамтай. Үнэхээр хүмүүсийн хэлээд байгаа шиг данснаас нь мөнгө гар­чихлаа гэж бодвол хамгийн түрүүнд дансны хуулгаа авч шалгаарай гэж хүсмээр байна. Ямар тохиолдолд ийм эргэлзээ төрж болох вэ гэхээр Ухаалаг банкны үйл­чилгээ авсан хүмүүст 5000 төгрөгөөс дээш гүйлгээ хий­хэд гар утсанд нь мессэж ирдэг. Төдий тооны төгрөг таны данснаас гарлаа, эсвэл орлого орлоо гэсэн мессэж. Таван мянган төг­рөгөөс доош гүйлгээ хийхэд энэ мес­сеж ирдэггүй гэсэн үг. За­римдаа хүмүүс бага дүнтэй гүйлгээ хийснээ мартах то­хиолдол гарна. Дараа нь 5000 төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ хийхэд мэ­дээлэл ирэхдээ өмнөх мөнгийг орол­­цуулаад илүү их мөнгө хасагдсан шиг ойлгогддог. Үүн дээр хүмүүс мөнгө алга болчихлоо гэж ойлгож бу­химдаад байх талтай. Жи­шээлбэл, “Миний дансанд 80 мянган төгрөг байсан, 20 мянгаар юм авахад 24 мянган төгрөг хасагд­сан мессэж ир­лээ” гэдэг. Гэтэл өмнө 4000 төг­рөгийн гүйлгээ хийсэн нь мэдээлэл ирээгүй болохоор мартчихсан байдаг. Өчигдөр л гэхэд манайд нэг харилцагч хандаад данснаас нь 4000 га­руй төгрөг дутлаа шалгаад өгөөч гэсэн. Манайхан тухайн дансны хуулгыг нь гаргаж өгсний дараа хажуугийн дэл­гүү­рээсээ ийм мөнгөн дүн­гээр гүйлгээ хийснээ санаж байх жишээтэй.

Тийм болохоор дансны хуул­гаа эхлээд сайн шал­гаа­рай гэж бид зөвлөж байна. Үнэхээр таны хий­гээгүй гүйлгээ байх юм бол бичиг баримттайгаа өөрт ойр ХААН Банкны салбар эсхүл манай Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 утсанд хандаж шалгуулахад нээлт­тэй. Энэ 1800-1917 гэсэн ду­гаар энгийн утасны та­риф­тай гэдгийг бас хэлье. Манай харилцагчийн мэ­дээл­лийн төв 24 цагийн турш ажилладаг. Мөн callcenter@khanbank.com хаягт зөрүүтэй гэж үзэж байгаа дансны гүйлгээний хуулгаа явуулахад бид шалгаад ха­риу өгөх боломжтой.

-Мэссэжээр мэдээлэл авахад 50 төгрөг унадаг. Олон 50 төгрөгийн нийлбэр бас бага сагаар алга бо­лоод байгаа мэт ойлголт тө­рүүлж болох тал бий юу?

-Үйлчилгээ үзүүлсний шимт­гэл хураамж аль ч банкинд байдаг. Ямар бү­тээг­­дэхүүн, ямар үйлчилгээ авч байгаагаас шалтгаалаад төрөл бүрийн хураамж шимт­гэл бий. Таны хэлж бай­гаа 50 төгрөгийн хураамж бол “Ухаалаг мэдээ” үйл­чил­гээ­ний хураамж. Энэ үйл­чилгээг авч болно, авахгүй байж болно. Ийм мессэж авахгүй гэвэл дансны мэ­дээлэл, гүйлгээний мэдээл­лээ шалгах олон боломжууд, арга зам бий. Чухамдаа хэ­рэг­лэгчийн сонголт. Гэхдээ маш олон хүн энэ үйлчилгээг сонгодгоос харвал дансны орлого зарлагаа бодит ца­гийн горимд хүлээн авдаг энэ үйлчилгээ ихэнх хүмүүст ач холбогдолтой байдаг байх нь. Хэрэв уг үйлчилгээг сонгосон бол 5000 төгрөгөөс дээш дүн­тэй орлого, зарлагын гүйл­­гээ хийхэд мэдээлэл гар утсанд нь очдог. Гүйлгээний мэдээллийн хураамж бүх л банкинд байдгийг манайхан мэдэж байгаа байх. Энэ үйл­чилгээний хураамж болон бу­сад хураамжийн мэдээлэл дансны хуулга дээр дэл­гэ­рэн­гүй гардаг учраас гом­дол гаргахаасаа өмнө эхлээд хуул­гаа авч хянаж хараарай гэдгийг дахин хэлье.

-ХААН банк нийт гүйл­гээ­нийхээ 90 хол давсан ху­вийн гүйлгээг цахим бол­­госон. Ер нь танай банк­ны, ялангуяа цахим гүйл­гээний хамгаалалт хэр найд­вар­тай вэ?

-ХААН банк Монгол Улсын тэргүүлэгч банк. Сүүлийн гур­ван жил дараалан Мон­гол Улсын топ-150 аж ахуйн нэгжийн гуравдугаарт эрэм­бэлэгдэж байна. Улсад төлж байгаа татвар, үйл ажил­ла­гааны цар хүрээгээрээ улс­даа гуравдугаарт жагсдаг байгууллага. Банкны үйл­чилгээ явуулахад ард нь ца­хим банк, картын гэх зэрэг маш том системүүд ажиллаж байдаг. Энэ бүх систем, сүлжээ олон улсын аль ч банкинд байдаг стандарт программын дагуу ажиллаж байна. ХААН банк одоогоос дөрвөн жилийн өмнө Монгол Улсад анх удаа банкны салбарын мэдээллийн аюул­гүй ажиллагааны стан­дартыг хангасан ISO 27001 сертификат авсан. ХААН банк­ны аюулгүй ажиллагаа, системийн хамгаалалтад эргэлзэх зүйл байхгүй. Бид ингээд зогсоогүй, маш олон шинэ зүйл нэвтрүүлж, шинэ бүтээгдэхүүн гаргаж байна. Хэдэн жилийн өмнө салбар дээр ихэнх гүйлгээ хийдэг байсан бол одоо дийлэнх гүйлгээ цахимаар болон Эксп­ресс банкаар хийгдэж хэрэг­лэгчдийн цаг завыг хэм­нэх болсонд харилцагчид маань талархлаа илэрхийлж байдаг.

-ХААН банк цаашид улам илүү цахимжина гэж ойлгож болох уу?

-Дэлхийн банкны чиг хандлага, нийгмийн өөрч­лөлт, хүмүүсийн амьдралын хэв маягаас үүдэн банкны үйлчилгээ улам цахимжиж байна. Бидний зорилго бол харилцагчдад ямар үйл­чилгээ илүү хялбар, амар байна гэдгийг олж нэвт­рүү­лэхэд чиглэгддэг. Банкны үйлчилгээ цахим­жихын хэ­р­ээр бид харил­цагчдаа, ир­гэдээ сур­гах шаард­ла­га гарч ирж байна. Ху­вийн мэдээллийн аюулгүй байд­лаа хэрхэн хангах, нууц үгээ байнга сольж хэвшихээс эхлээд зөвлөж, сургалт хийх, мэ­дээлэл хүргэх ажлыг зог­солтгүй хийж байна. Цаа­шид ч энэ чиглэлээр түлхүү ажиллах, боломжит бүх сув­­гаар харилцагчдад хүр­гэхээр тодорхой ажлууд хө­төл­­бөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-Банкны олон төрлийн үйлчилгээг нэвтрүүлэхээс гадна харилцагчдаа сур­гаж дадуулах, бүр аюул­гүй байдалдаа хэрхэн анхаа­рахад нь сургана гэхээр…

-Бидэнд хамаагүй гээд хойшоо суух боломжгүй юм л даа. Харилцагч хэрэг­лэгчдэд маань хэрэгтэй шаардлагатай байна гэж үз­­­вэл бид зогсолтгүй ажил­­ласаар байх болно. Хам­гийн энгийн жишээ хэлэхэд хүмүүс картаа өөр хүнд өгөөд АТМ-ээс мөнгө авахуу­лах, үйлчилгээний газ­руу­даар худалдаа хийлгэх то­хиолдол их байдаг. Үүн дээр харилцагчид маань бол­гоомжтой байж, ийм зүйл гар­гахгүй байх цааш­лаад үнэ­­х­ээр зайлшгүй шалт­гаа­наар хувийн мэдээллээ хүнд хэлсэн бол дараа нь АТМ дээр нууц үгээ өөрчилж солих хэрэгтэй. Хэрэв та ца­хим банкны хэрэглэгч бол нэвт­рэх нэр, нууц үгээ ч байнга сольж байх хэрэгтэй юм.

-Ер нь олон нийт банкны найдвартай байдлыг юу­гаар хэмжих ёстой байдаг вэ?

-Банкны найдвартай бай­­дал, амжилттай сайн ажил­­­лаж байгаа эсэхийг юу­ны түрүүн Монголбанкны шал­гуур үзүүлэлтүүдийг хэр­хэн хан­гаж байгаа эсэхээс харж болно. Эдгээр шал­гуу­руу­дыг ХААН банк байнга да­вуулж хангадаг. 2017 онд гэ­хэд манай банк актив хө­рөнгө нь долоон их наяд хүрсэн Монголын анхны банк болсон. Өөрөөр хэлбэл, ХААН банкинд маш олон ха­рилцагч иргэд, байгууллага итгэж мөнгөө хадгалуулж байна гэсэн үг. Мөн олон улсын аудитын байгууллага манай үйл ажиллагааг тогт­мол шалгаж, бид банкны тухай хуулийн дагуу улирал тутам санхүүгийн тайлангаа ил тодоор тайлагнадаг. Хэд­­хэн хоногийн өмнө олон улсын Moody`s байгуул­ла­гаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэхэд ХААН банкны зэрэглэлийг ч мөн нэм­сэн сайхан мэдээтэй байна.

-Энэ онд танай банкны хамт олон юунд илүү анхаа­рал хандуулах вэ?

– 2017 онд бид Цахим банкны чиглэлээр маш ам­жилт­тай ажилласан бол 2018 онд үйлчилгээний ча­­нарыг дээшлүүлэх чиг­лэлээр томоохон зорилт та­вин ажиллаж байна. Жи­шээ нь, бүтээгдэхүүн үйл­чил­гээг заавал салбарт ирэл­гүйгээр авах сувгуудыг нэмэг­дүү­лэхээр ажиллаж байна. Салбар дээр ирсэн ха­рил­цагчдад тав тухтай үйлчлэх, асуудлыг хэрхэн шуур­хай шийдэх гэх мэт үйл­чилгээний чанарт анхаар­сан олон ажлыг хийс­ний дүнд гарсан сайн үзүү­лэлтүүдээ улам дээш­лүү­лэхийн төлөө ажиллана. Нэлээд хэдэн жи­лийн өмнө яригддаг байсан шиг тийм урт дараалалтай нэгж одоо байхгүй болсон байна. Хэрэг­лээний зээлийг найман цагт багтаан ол­гож байна. Картыг ямар ху­га­цаанд харилцагчийн гар дээр тавих гэх мэт бүх бүтээг­дэхүүн дээрээ цаг тавьж, хянаж байгаа.

-Банкны хувьд ямар ха­рилцагч илүү үнэ цэнэтэй байдаг вэ?

-ХААН банктай харилцаж ирсэн бүх харилцагч маань бидэнд үнэ цэнэтэй. Бид ха­рилцагч болгоныхоо хэрэг­цээ шаардлагыг хангах үүд­­­нээс үйлчилгээнүүдээ тө­­рөл­жүүлэх ажлыг сүүлийн хоёр жил түлхүү хийж байна. Хэ­рэглэгч бүрийн хэрэгцээ шаард­лага өөр. Энэ бүхэнд тааруулж төрөлжсөн үйл­чилгээг санал болгож бай­на. Жишээ нь, 2017 онд бид Signature үйлчилгээг гар­­га­сан. Энэ нь цаашид өсч дэв­жих чадамжтай, зав ба­га­тай залуусаа дэмжих багц бүтээгдэхүүн бүхий үйл­чил­гээ юм. Заавал салбар дээр ирэхгүйгээр тусгай ха­рил­цааны менежертэйгээ ха­­рилцаад онлайнаар үйл­чилгээгээ авах боломж ол­год­гоороо ажил хэрэгч за­лууст илүү тохиромжтой. Энэ үйлчилгээний харилцагч болс­ноор орон сууцны зээл, кредит карт авахаас эх­лээд өөрийгөө хөгжүүлэх хө­төл­бөр, төрөл бүрийн сургалт зэ­рэг арга хэмжээнд оролцох боломжтой юм. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдэд зо­риулсан ХААН Бизнес үйл­чилгээг мөн гаргасан бай­гаа. Цаашид ч энэ ажлыг үр­­гэлж­­лүүлэх төлөвлөгөөтэй байна.

-Харилцагчдадаа хан­дан юу хэлэх вэ?

-ХААН Банк Монголын олон өрхүүд, аж ахуйн нэгжүү­дэд банкны үйлчилгээг хүр­­тээмжтэй найдвартай тогт­­­вортой хүргэдэг. ХААН Банк өнөөдөр олон зүй­лээ­рээ салбартаа манлайлагч төдийгүй Монгол улсын ний­гэм эдийн засагт то­моо­­хон үүрэг гүйцэтгэдэг бай­­гууллага болж өсөж хөг­­жиж байна. Өнөөдрийн ХААН Банк­ны санхүүгийн ча­давхи, шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээ, сал­бар нэгж болон цахим банк­­ны хамгийн том сүлжээг байгуулж чадсан энэ бүх ам­жилтыг бүтээхэд бидэнд ит­гэл үзүүлдэг харилцагчдын маань хувь нэмэр чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг хэл­­мээр байна. ХААН Банкыг улам сайжруулахын төлөө хэ­­рэг­цээ шаардлага, санал зөв­лөм­жөө байнга илэрхийлж бай­дагт бид талархан хүлээж авдаг. Ингээд ХААН Банкаар үйлчлүүлдэг нийт харилцагч хамтрагч түншүүддээ ирэх но­хой жилдээ эрүүл энх, аз жар­галтай байхыг 5000 гаруй ажилтнуудынхаа өмнөөс дэвшүүлж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудад илгээлт хүргүүлэв

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн үргэлжилж байна. Сургалт, зөвлөгөөнд оролцож буй цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт ирүүлснийг бүрэн эхээр нь толилуулж баaйна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах албан

тушаалтны сургалт, зөвлөгөөнд оролцогчдод

Монгол Улсынхаа ард иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг сахин хамгаалах, шударга ёсыг бэхжүүлэх хүндтэй үүргийг хүлээсэн монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн удирдах бүрэлдэхүүн, нийт алба хаагчид Та бүхний энэ өдрийн амрыг эрье.

Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн тухай хуулиудыг шинэчлэн баталж, амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээр хуулиар цагдаагийн байгууллагын эрх үүргийг тодорхой болгож, үйл ажиллагааг мэргэжлийн, шуурхай, чадварлаг түвшинд зохион байгуулах, ард иргэдээс цагдаад тавих хяналт, хамтын ажиллагааг сайжруулж, алба хаагчдын нийгэм, эдийн засгийн баталгааг хангах эрх зүйн үндсийг шинэ түвшинд гарган хуульчилж өгснөөрөө онцлог юм.

Төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын хууль дээдэлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэсэн, хараат бус, нээлттэй, ил тод, улс төрөөс ангид, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг мөрдлөг болгож чадсан үйлдэл бүр Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд оруулах онцгой хувь нэмэр байх болно. Монголын ард түмний хууль, шударга ёсны тогтолцоонд итгэх итгэл нь Та бүхний эх орноо гэсэн сэтгэл зүтгэл, мэдлэг чадвар, хууль зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэршгүй байх ёс зүй хандлагаас тань шууд хамааралтай гэдгийг онцлон хэлье.

Өнөөдөр нийгэмд шударга ёс алдагдаж, хуулийн засаглал хүчгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ гажуудлыг засаж залруулах, шударга ёсыг сахиулахад монгол төрийн төлөө тангараг өргөсөн цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн тулах тулгуур, найдах гол хүчин байх ёстой.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагынхан маань мэргэжлийн ур чадвар, сахилга бат, ёс зүй, хариуцлагаа цаг ямагт дээшлүүлэн, энхийн манаанд үүргээ нэр төртэй биелүүлнэ гэж найдаж байна.

Та бүхний хүндтэй бөгөөд амаргүй үйлсэд тань их амжилтыг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА