Categories
мэдээ цаг-үе

Ё.Баатарбилэг: Агаарын бохирдлыг бууруулах ажлыг гардан хэрэгжүүлж буй хүмүүсийн сэтгэл дутаж байна уу даа гэж би хардаг

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.

-Шинжлэх ухааны салбарыг төрөөс анхаарч хөгжүүлэх ёстой гэж дуугардаг цөөн гишүүдийн нэг нь та. Манай улс шинжлэх ухааны салбарыг ямар түвшинд авч үзэж байна вэ?

-Сая Австрийн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчтэй уулзлаа. Ньютоны шагналтан, цөмийн физикч Селингерийн хэлж буйгаар төсвөө гурван жилийн хугацаагаар батлуулчихсан, өсвөр үеийг шинжлэх ухаанд дуртай болгох ажлыг хийнэ дээ гэж ярьж байна. Энэ салбарт хийх зүйл нь ч, төсөв мөнгө нь ч батлагдчихсан тодорхой байна. Австри улс дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 3.4 хувийг шинжлэх ухаанд зарцуулдаг. ХБНГУ ДНБ-ийнхээ 3 хувийг зарцуулж байна. Монгол Улс ДНБ-ийхээ 0.12 хувийг зарцуулж байна. Олон улсын жишгээр тухайн улс ДНБ-ийхээ 0.4 хувиас бага хэмжээг зарцуулж байвал тэр улсад шинжлэх ухаан үзэгдэл төдий гэж үздэг. Хэрэв 0.8 хувиас доош хувийг зарцуулж байвал шинжлэх ухаан мэдрэгдэх төдий гэдэг. Харин ДНБ-ийнхээ 1.5 хувийг зарцуулж байвал шинжлэх ухааны салбар амьдралд нөлөө үзүүлэхүйц гэсэн үзүүлэлт байдаг. Манай улс бол шинжлэх ухааны салбарт дэлхийн дунджаас 10 дахин бага төсвийг зарцуулдаг. Манай улсын ДНБ-ий тоо хэмжээ дэлхийн дунджаас бага байдаг гэж бодохоор шинжлэх ухааны салбарт бараг л анхаарахгүй явж байгаа нь үнэхээр чамлалттай. Одоо төсөвт шинжлэх ухааны салбарт зарцуулагдахаар төсөвт мөнгө тусгагддаг ч эрдэмтэн, судлаачдын цалинг тавихад үндсэндээ таардаг. Судалгаа шинжилгээ явуулах төсөв мөнгө хүрэлцдэггүй. Манай улсын Шинжлэх ухааны академи нь Соёлын төв өргөөнд түрээсээр байна шүү дээ. Сая төсвийн тодотгол дээр байшин барилгын тухай асуудлыг хөндсөн ч энэ жилийн төсөвт тавигдаж чадсангүй. Ер нь бүх хүн л ном уншиж эрдэм номыг дээдэлдэг, шинжлэх ухаанч байх ёстой гэж ярьдаг боловч амьдрал дээр манай улс шинжлэх ухаандаа хөрөнгө оруулалт хийж чаддаггүй.

-Шинжлэх ухааны салбарт анхаарна уу хэмээн нэр бүхий гурван гишүүн Ерөнхий сайдад асуулга тавьж байсныг санаж байна. Үүний үр дүнд ямар ахиц гарахаар болсон бэ?

-Б.Баттөмөр, Ж.Батзандан, миний бие гэсэн гурван гишүүн өнгөрсөн арваннэгдүгээр сард Ерөнхий сайдад асуулга тавьсан. Харамсалтай нь хангалттай хариулт, үр дүн ахиц харагдахгүй байна.

-Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргын хувьд асуухад өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус хороо ямар гол асуудлуудад анхаарч ажилласан байна вэ?

-Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүний хувьд олон асуудалд анхааран ажиллалаа. Би тус байнгын хорооны даргаар томилогдоод сар гаруй хугацаа болж байна. Өнгөрсөн жилийн хугацаанд 10-аад ажлын хэсэг гарч ажилласан. Би шинжлэх ухааны салбарын хууль эрх зүйн хэрэгжилт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг багтдаг. Байнгын хорооны гол ажил бол хууль тогтоох ажлыг зохион байгуулахаас гадна УИХ-ын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. Эрүүл мэндийн салбарын хувьд гэхэд томоохон өөрчлөлтийн нэг бол Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орж, Эрүүл мэндийн даатгалын сан тусдаа бие даасан агентлаг болж тусдаа гарсан. Урьд нь эрүүл мэндийн даатгуулагчдын мөнгө төсөв рүү орж өөр салбар чиглэлд зарцуулагддаг гэсэн шүүмжлэл явдаг байсан бол одоо даатгуулагчдын эрх мэдлийн хүрээнд төвлөрөхөөр боллоо. Харин Эрүүл мэндийн яаманд харьяалагдахаар болсон нь миний үзэж буйгаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамандаа харьяалагдсан нь илүү оновчтой байсан болов уу гэж үздэг. Донорын тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан байгаа. УИХ дээр хэлэлцэх эсэхийг шийднэ. Одоо ажлын хэсэг ажиллаж байна. Энэ намрын чуулганд багтаж хэлэлцүүлгийг эхэлчих юмсан гэсэн явцтай байна. Нийгмийн салбарт гэхэд ахмад настнуудын тэтгэвэр 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэхээр болж байна. Хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгохоор болсон. Нийгмийн салбарт нэлээн олон хууль манай байнгын хороогоор хэлэлцэгдэж батлагдсан. Төрийн албаны тухай хууль батлагдсан. Уг хуулийн санаачлагч гишүүдийн хувьд энэ хуулийн төсөл дээр ажилласан. Одоо Шинжлэх ухаан технологийн хууль, Шинжлэх ухааны академийн эрх зүйн хуулийн төслүүдэд ажиллахын зэрэгцээ хоёр ч хууль шинээр санаачлан ажиллаж байна.

-Та үндсэн мэргэжлээрээ буюу археологичоор ямар хугацаанд ажиллаж байв?

-Би бага залуу байхдаа түүхийн болон археологийн судалгааг нэлээн сонирхон судалж байсан. Археологийн хээрийн экспедицэд гурван жил ажилласан. Шинжлэх ухааны академид эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажиллалаа. Төрийн албанд ажиллах болсноор археологиор дагнан ажиллаж чадаагүй. Би дан ганц археологи гэлтгүй Монголын түүх, дэлхийн түүхийг нэлээн сонирхон судлана аа.

-Нэрт академич Б.Ширэндэв гуайн заавраар та 25 насандаа Монголын түүхийг өгүүлсэн ном гаргаж байсан тухайгаа эргээд нэг дурсахгүй юу?

-Б.Ширэндэв багш манай өвөөгийн номын найз, садан юм. Манай Архангай аймгийн Чулуут суманд шинэ үсгийн багш гэдэг шиг Б.Ширэндэв гуай долдугаар ангиа төгсөөд хамтралын даргаар очиж байсан. Манай өвөө Т.Жамган багийн дарга байсан. Хожмоо Б.Ширэндэв гуай Ардын их хурлын депатут болсон хойноо өвөөгийнд маань зорьж ирж уулзан, захидлаар харилцдаг дотно найзууд болцгоосон юм билээ. Намайг түүх сонирхож судлахыг эрмэлздэг байсны хувьд Б.Ширэндэв гуай зөвлөж, номын өмнөтгөл үгийг бичиж урам хайрлаж байсан. Б.Ширэндэв гуай маш нягт нямбай хүн байсан. Номын тухайд 1994 оноос эхлэн асар олон материал эмхлэн цуглуулж байж 2000 онд оюутан байхдаа “Монголын түүхийн 17 жаран” нэртэй Монголын түүхийн хронологийг гаргасан даа.

-Сүүлийн үеийн анхаарал татсан гол сэдвийн хүрээнд хэдэн асуулт асууя. Агаарын бохирдол энэ жил бүр л их байх шиг байна. Сүүлийн 10 гаруй жил манай улс агаарын бохирдолтой тэмцэж, ихээхэн хөрөнгө хаясан ч үр дүн төдийлөн гарсангүй. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг төр засгаас хийгээд байна гэх юм?

-Агаарын бохирдлыг бууруулах боломжтой гэж мэргэжлийн хүмүүс хэлээд байгаа. Гүйцэтгэх засаглалд ажиллаж буй бүх хүмүүс анх сонгогдон гарч ирэхдээ утаагүй болгоно гэсэн амлалтыг өгч гарч ирдэг. Тэгээд гарч ирснийхээ дараагаар нэг мэдэхэд л бүтэлгүй төсөл хэрэгжүүлсэн болж хувирдаг. Гэрийн бүрээс, зуух тараах гэх мэт олон төсөл хэрэгжүүлжээ. Одоо ямар төсөл рүүгээ орж байгаа юм. Маск тарааж байх шиг байна. Өнгөрсөн хугацаанд бодитой үр дүн гарсангүй. Өнгөрсөн жил Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд эрдэмтдийнхээ үгийг сонсох ёстой гээд уулзаж байсан. Тэгтэл нэг хэсэг эрдэмтэд нь бид бүгдийг нь судлачихсан, хэрэгжүүлдэггүй болохоос биш гэж дуугарч байна билээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг гардан хэрэгжүүлж буй хүмүүсийн сэтгэл дутаж байна уу даа гэж би хардаг. Сэтгэл байхгүй дарга нарын зарим нь хөрөнгө мөнгөний хэрэгт ч орооцолдсон түүх бий. Бас ажлын уялдаа холбоо дутаж байна. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гээд Ерөнхий сайдын дэргэд арваад жил ажиллаж байна. Энэ олон нялх хүүхэд, түмний үрсийн эрүүл мэндийг хохироож буй хүмүүст үйлийн үр нь эргээд ирнэ. Үйлийн үрээ дааж чадах уу. Би саяхан бухимдахдаа өөрийнхөө нүүрномд пост бичээд сууж байхав дээ. Хүмүүс аргаа барсандаа салхинд л найдаж байна. Баахан бүтэлгүй төсөл хэрэгжүүлж ирчихээд Улаанбаатарын хотын дарга нь энэ жил Аз жаргалтай хотын индекс аргачлалыг тооцох зардалд тэрбум төгрөгийн төсөв тавьчихсан байгааг хараад хэлэх үг олдоогүй. Тавлаж байгаа мэт санагдаж байна. Уг нь агаарын бохирдлыг бууруулах арга замууд байгаа. Нийгмийн, дэд бүтцийн олон гаргалгаанууд байна. Оновчтойг нь хийж байгаа юм алга. Адаглаад төвлөрлийг сааруулах ажлыг дэс дараатайгаар хиймээр байна. Хэрвээ шат дараатай хийж байсан бол Улаанбаатар хотын төвлөрөл өнөөдөр ийм шамбааралдсан байдалтай байхгүй байсан. Наад зах нь хотоос их дээд сургуулиудаа гаргачихмаар байна.

-УИХ-ын гишүүний нэгийн хувьд утааг бууруулах ажлыг УИХ-ын 76 гишүүнийг хийх ёстой гэж олон нийт үздэг. Таны хувьд агаарын бохирдлыг бууруулахад ямар хувь нэмэр болж байна вэ?

-Үндсэн чиг үүргийн хувьд гардан хийдэг газар нь бол Засгийн газар, яам, хот гээд гүйцэтгэх засаглалын хийх ажил мөн. Хэрвээ гүйцэтгэх засаглалынхан утааг бууруулах ажлууд дээр тодорхой гаргалгаа гарцаа оруулаад ирвэл УИХ дээр дэмжихэд бэлэн байна. Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор миний хувьд нэгэн санаачилгыг гаргаж судалж эхэлж байна. Татварын аргаар дэмжээд өгөх бодол бас байна. Жишээлбэл, аж ахуйн нэгжүүд агаарын бохирдлыг бууруулахын тулд ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч ажлын өрөөнд агаар цэвэршүүлэгч авч тавилаа гэвэл тухайн байгууллагын татварт хөнгөлөлт өгч татвараас нь чөлөөлж, төрөөс дэмжлэг үзүүлчихэж болно. Цэцэг, мод тарьж байгааг нь дэмжье. Дан ганц төр хийх ёстой биш утааг бууруулахын тулд санаачилгатай ажилаж буй аж ахуйн нэгжүүдийг төрөөс дэмжиж болно. Үүнийг тодорхой хууль болгон гаргахын тулд судалж байна.

-Агаарын бохирдлыг бууруулахгүйгээр зориуд мөнгө хийх гэсэн сонирхол дунд нь бас байдаг юм биш биз дээ гэсэн хардлага явдаг?

-Арай ч дээ. Олон түмний эрүүл мэндээр мөнгө хийдэг хүн гэж арай ч байхгүй байлгүй дээ.

-БНСУ-д суух Элчин сайд Б.Хурцыг томилохдоо чуулганы хуралдааныг хаалттайгаар хуралдаж томилсон. Б.Хурцтай холбоотой иргэдийн гомдол саналыг хэлэлцүүлэх нээлттэй хэлэлцүүлэг яг томилгоотой давхцаж болж байсан нь анхаарал татаж байсан?

-Ямар ч асуудал хууль журмынхаа дагуу хэлэлцэгдэж явна. Тэр өдрийн чуулганаар хэлэлцэх асуудалд орж, Засгийн газраас өргөн барьсан байсан. Ерөнхийлөгч Х.Баттулгын санал оруулсан зөвшилцөхөөр хүргүүлсэн гэх бичигтэй орж ирсэн. Хууль журмынхаа дагуу УИХ хэлэлцсэн. Чуулганы хурлыг хаалттай эсвэл нээлттэй явуулах уу гэдгийг санал гаргасны үндсэн дээр шийддэг. Тухайн субьект нь улсын нууцтай холбоотой асуудал хариуцаж байсан хүний хувьд хэрвээ асуулт, хариулт явагдаад улсын нууцтай холбоотой асуудал яригдвал хаалттай болох нь зүйтэй гэсэн саналын горимоор явсан. Энэ явдлаас улбаалж цаашдаа нэгэн жишиг тогтож байх шиг байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар хэн нэгэн хүний томилгоо, эсвэл нийгмийн чухал асуудлыг хэлэлцэх үед хажууд нь таалагдахгүй байгаа нэг хэсэг нь нээлттэй хэлэлцүүлэг хийдэг болох нь. Тэгээд та нар чуулганы хурлаа хүлээж бай гэх нь л дээ. Монгол Улсын УИХ бол хууль тогтоох дээд байгууллага мөн. Энэ байгууллагын эрх зүйн чадамжийг сулруулсан явдал байж болохгүй ээ. Сайд Ц.Нямдорж “Энэ хэлэлцүүлгийг дуусгачихгүй дээ. Чуулган хүлээж байхгүй яасан юм” гэсэн утгатай үг хэлсэнд би ихэд гайхсан. Парламентад олон жил суусан, туршлагатай улстөрч хүн ийм зүйл ярьж, буруу үлгэр дууриалал үзүүлээд сууж байгаад харамссан. Би бүлгийн хурал дээрээ өөрт нь энэ тухай хэлсэн. Энэ чинь Монголын төрийг хүчгүй болгож харуулж байна. Ямар асуудал хэлэлцсэндээ гол биш цаашдаа Монгол Улсын парламентыг хуралдахаа хүлээж бай, бид энд ярьж байна гэдэг жишгийг тогтоох гээд байна уу даа гэж бодогдсон. Ингэх тохиолдолд үүнийг нь манай Хууль зүйн сайд нь дэмжих юм байна. Харамсалтай л юм.

-Ерөнхийлөгч гурвантаа хориг тавьсан. Хориг тавьсан нь УИХ-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буйн илэрхийлэл. Тэгэхээр өнөөгийн УИХ-ын үйл ажиллагаа хэдэнтээ алдаа гаргаж, засч залруулахаас аргагүй байна гэж ойлгож болох уу?

-Засгийн газрын томилгоо, нэр бүхий нэг сайд дээр хориг тавьсан. Үүнийг хувь хүмүүсийн хоорондын таарамжгүй харилцаа байв уу эсвэл өөр зүйл байв уу би сайн мэдэхгүй байна. Ерөнхийлөгч 2018 оны төсвийн тодотгол дээр хориг тавьсан. Хориг тавьж буй бичиг дээрээ нэр томьёо нь буруу, тоо нь зөрүүтэй хариуцлагагүй бичиг анхнаас нь ирүүлсэн. Агуулгаа зөв тавиад ороод ирсэн бол дэмжигдэж болно. Жишээлбэл, УИХ-ын дагалдах хуулиуд дээр хориг тавьсан бол хоригийг хүлээж авч болно. Төсвийг бүхэлд нь биш тус тусад нь хориг тавьсан бол тодорхой хэсэг дээр нь засч залруулъя гэж болно. Тухайн хориг тавьж буй асуудал нь оновчтой зөв тодорхойлоод ороод ирэх юм бол хориг хүлээж авах асуудал яригдана.

-2018 оны төсөв зарлага талдаа нэлээн үрэлгэн төсөв боллоо гэж байсан. Хөдөө орон нутаг руу буюу тойрог руу нэлээн мөнгө тавигдсан уу?

-Төсвийн хэлэлцүүлэг олон нийтэд нээлттэй явсан. Мөнгөгүй байгаа юм уу гэхэд мөнгөтэй юм шиг төсөв болсон гэлцэж байсан. Төсөв дээр хамгийн их шүүмжлэл хэлсэн хүний нэг би. Тухайлбал, яг ижил багийн байр барихад нэг газраа 50 сая төгрөг, нөгөө газраа 350 сая төгрөгөөр баригдах төсөв орж ирсэн. Үнийн эрс тэрс зөрүүтэй байна гэж шүүмжлэл хэлж байсан. Сангийн сайд шинээр томилогдоод төсөв рүүгээ гүнзгий орж чадаагүй гэсэн тайлбарыг хэлж байх шиг байсан. Гэхдээ ганцхан Сангийн сайд Монгол Улсын төсвийг оруулж ирдэггүй. Яам, салбар болгон тэнд ажиллаж байгаа ажил хариуцсан хүн бүрийн хариуцлага байх ёстой. Харахад УИХ-ын гишүүд рүүгээ дайрдаг хандлага ажиглагддаг боловч үүний ард ажил хариуцсан төрийн албан хаагчид бас бий.

-Манай улсыг Европын холбооноос хар жагсаалтад оруулчихсан. Үүнээс болж хориг арга хэмжээ авагдах нь гэсэн мэдээлэл гарч байна. Үүнээс болж гарах үр дагаврыг та юу гэж харж байна вэ?

-Манай улсын санхүү эдийн засгийн систем уламжлалт тогтолцоогоор яваад өнөөдрийг хүрсэн. Олон улсын банк санхүүгийн байгууллагуудад гаргаж өгдөг мэдээ мэдээлэл нь бүрхэг байгаа шиг байгаа юм. Манай улсын банк санхүүгийн мэдээлэл нь олон улсын түвшинд шилэн бус юм байна гэж ойлгосон. Шилэн бус учраас Европын холбооноос шаардлага тавьсан гэж ойлгосон. Ажил хариуцсан, мэргэжлийн хүмүүс нь үүнд хариултыг нь өгөх байх аа.


Categories
мэдээ цаг-үе

Э.Хашчулуун: Д.Гантулга гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ шийднэ

“УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй” гэсэн УИХ-ын тухай хуулийн заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Уг асуудлаар “Веритас партнерс” хуулийн фирмийнхэн Үндсэн хуулийн Цэцэд хандаад байсан билээ. Тус хуулийн фирмийн өмгөөлөгч Э.Хашчулуунтай ярилцлаа.

-Танай хууль зүйн товчоо Д.Гантулга гишүүнтэй холбоотой хэргийн хохирогч бүсгүйг өмгөөлж байгаа. Гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлаар та бүхэн Цэцэд хандсан. Уржигдар Үндсэн хуулийн Цэц хуралдаж шийдвэрээ гаргалаа. Чухам яагаад цэцэд хандахаар болсон юм бэ?

-Бид хуульч, иргэн хүнийхээ үүргийг биелүүлж Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Манай улсын Үндсэн хуулийн Цэц, шүүхийн онцлог гэвэл иргэдийн өгсөн мэдээллээр хэрэг маргааныг үүсгэж хянаж шийдвэрлэдэг. Их хурал үндсэн хуульд нийцээгүй тогтоол хууль баталлаа гэхэд тэрийг санаачилгаараа хянах боломж байхгүй. Хэн нэгэн мэдээлэхгүй бол энэ асуудал цааш үргэлжлэх хандлагатай гэдэг үүднээс Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Мөн манай хуулийн фирмийн ажиллаж байгаа хэрэг маргаантай холбогдуулаад УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлага гарсан учраас үүнтэй холбогдуулж, Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан байгаа.

-Хуулийн өмнө Их хурлын гишүүн иргэн хоёр тэгш эрхтэйг Үндсэн хуулийн Цэц баталлаа?

-Монгол Улсын иргэн хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зохицуулалт хангагдсан нь хамгийн том давуу тал юм. Яагаад гэвэл Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэхдээ УИХ-ын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 гэсэн зүйл заалтыг зөрчсөн байна гэж үзсэн. Энэ хоёр зүйл заалтын агуулга нь хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй. Хэнийг ч ялгаварлан гадуурхах ёсгүй гэсэн утгатай зохицуулалт юм. Цэцийн 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн хоёр тоот тогтоолоор “Үндсэн хуулинд заасан УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол УИХ өөрсдөө хэлэлцээд түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг УИХ хууль батлах замаар явцууруулсан байсан. “Зөвхөн гэмт хэрэг үйлдэж байх үедээ нотлох баримттайгаа баригдсан тохиолдолд” гээд хаалт тавьчихсан байсан. Тэгэхээр Улсын Ерөнхий прокурорын зүгээс Үндсэн хуульд заасны дагуу Их хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдчихлоо гэж үзээд түдгэлзүүлэх гэхээр “Наад хүн чинь яг үйлдэл дээрээ баригдсан юм уу. Гэмт хэрэг үйлдэж байгаад баригдахдаа нотлох баримттай байгаад баригдсан юм уу” гэх шаардлагыг тавих нөхцөл болчихоод байсан. Тэгэхээр халдашгүй байдал гэдэг бол хязгаарлалтыг нь хумисан шийдвэр байсан. Ер нь УИХ-ын тухай хуулийн зургадугаар зүйлийн 9.1-ийг хүчингүй болгосноор “Үндсэн хуульд заасан нөхцөлийн өмнө гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх юм бол Ерөнхий прокурор УИХ-д санал оруулах, УИХ өөрсдөө гишүүнээ түдгэлзүүлэх үү” гэдгээ шийдвэрлэх алтан дундаж дээр очиж байгаа юм. Түүнээс биш шууд энэ шийдвэр гарсан нь УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэдэг мэдээлэл байх юм бол нэгжлэг хийгээд л гэр оронд нь дайрч орох асуудал байхгүй. Тэгэхээр УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх үү үгүй юу гэдэг асуудал УИХ-д өөрт нь хадгалагдаад үлдэнэ гэсэн үг. Тэр том хана хэрмийг Цэцийн шийдвэр нурааж чадлаа.

-Д.Гантулга гишүүний хувьд түдгэлзүүлэх эрх нь Их хуралд байгаа гэж ойлгож болох уу?

-Ер нь бол Улсын Ерөнхий прокуророос зөвхөн Д.Гантулга гишүүн гэлтгүй гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж байгаа гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулах эрх нь одоо нээлттэй болсон. Яг түдгэлзүүлэх эсэхийг Үндсэн хуульд заасны дагуу УИХ өөрсдөө шийдвэрлэнэ.

-УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсаны дараа Д.Гантулга гишүүнийг явуулж, оронд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх гарч ирэх гэж байгаа тухай мэдээлэл сүүлийн үед цацагдах боллоо. Та бүхний үйл ажиллагаа цаанаа ямар нэг улс төрийн зорилготой юм биш биз дээ ?

-Бидний хувьд хардлагад их өртсөн. Д.Гантулга гишүүний хэрэг дээр анх ажиллаад эхлэхэд “Энэ хэргийн цаана Н.Энхбаяр байгаа, Хэнтийгээс нэр дэвших гэж байна” гэсэн. Ингээд Цэцэд хандсаны дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбогдуулж энэ асуудал гарч байсан. Харин Цэцийн шийдвэр гарсны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй холбогдуулаад ярьж байх шиг байна. Манай байгууллага бол хохирогчийн эрх ашгийг хамгаалах үүднээс өмгөөлөгч хуульд заасан бүхий л арга хэмжээг авч ажиллах үүргийнхээ дагуу энэ хэрэг дээр ажиллаж байгаа. Тэрнээс бид энэ хэрэг дээр хэн нэгнээс шан харамж аваад улс төрийн нөлөөллийн хүрээнд хэрэг дээр ажиллаж байгаа юм байхгүй.

-Үндсэн хууль зөрчсөн өөр хуулийн зүйл заалтуудад анхаарлаа хандуулж байгаа юу?

-Бид эрхзүйт засаглалтай оронд амьдарч байна. Тиймээс зөвхөн УИХ-ын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг цэцэд өгөөд орхихгүй. Үндсэн хуулийн цэцийн гишүүдтэй холбоотой бүрэн эрх нь УИХ-ын гишүүдийн хүчингүй болдогтой ижил нөхцөлтэй байгаа. Энэ мэтчилэн зөвхөн халдашгүй байдлаас гадна хууль тогтоомж зөрчсөн асуудал мэр сэр бий. Үүнийг Үндсэн хуульд нийцүүлэх талаас нь ажиллаж байгаа. Үндсэн хуулийн Цэц бол онолын том шүүх. Цэцтэй холбоотой маргаан гаргахад онолын судалгаа их хэрэгтэй. Тэр хууль яагаад үндсэн хууль зөрчиж байгаа юм бэ гэдгийг гаргаж тавилгүйгээр ажиллах боломжгүй. Одоогийн байдлаар хоёр хуулийн зүйл заалтыг Үндсэн хуулийн Цэцэд өгөхөөр бэлдээд судалгааны ажил хийгдэж байна.

-УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудалд ямар ажлууд хийх вэ?

-Бид Төрийн байгуулалтын байнгын хороонд Д.Гантулга гишүүний асуудлаар хандсан. Энэ асуудлыг хэлэлцэх процедур маань хуулинд байгаа. Гол нь хэлэлцэн шийдвэр гаргаж байгаа хүмүүс маань хараат байж чадахгүй. Үнэн зөв үндэслэлтэй шийдвэр гаргаж чадахгүй байгаа л асуудал. Хэрвээ ирээдүйд мундаг, олон улсад байдаг улстөрч гэсэн шаардлагад нийцсэн хүмүүс гишүүн болсон тохиолдолд яг энэ арга техникийг хэрэглээд асуудалд үндэслэлтэй хандах боломжтой. УИХ-ын гишүүний ёсзүйн асуудал том ойлголт. Ёс зүй зөрчиж байгаа үйлдлүүд их харагдаж байгаа.

-Цэцийн дүгнэлт гарсны дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх юм бол түүнийг сонгосон тойргийн сонгогчдын эрхэнд халдсан явдал болно гэсэн агуулгатай тайлбар хийж байна лээ?

-Бид институтийнх нь хувьд хамгаалж байгаа. Хувь хүнийх нь хувьд биш. Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын гишүүн бүх ард түмний төлөөлөл. Дөчин мянган хүнээс сонгогдсон ч гэсэн гурван сая хүнийг төлөөлөөд байгаа юм. Тэгэхээр Монгол Улсын нийт хүн амыг төлөөлж байгаа 76 хүний нэг, хоёр нь гэмт хэрэг хийчихсэн бол тэрийг шалгах нь зөв. Сонгогчид төлөөлөлгүй болчихлоо гэж байгаа нь буруу. Зарим хүн Үндсэн хуулийнхаа үндсэн зарчмыг ойлгохгүйгээр тайлбар өгч байгаа харагдсан. Тойрог гэдэг бол үндсэн хуулиар эрэмбэлбэл нэн тэргүүнийх биш.


Categories
мэдээ цаг-үе

Д.Ангар: Банкнаас зээл авахгүйгээр, хаалттай хүрээнд хөрөнгө босгож, форвард арилжаа хийнэ

Хөдөө аж ахуйн биржийн анхны форвард арилжаа энэ сарын 19-нд эхэлсэн билээ. Арилжааны нээлтээр долоон хэлцэл хийгдэж, 11.5 тонн ноолуурыг форвард буюу урьдчилсан захиалгаар арилжсан.

Тодруулбал, урьдчилан захиалсан ноолуураа “Mongo­lian Cashmere World” компани Хэнтий аймгийн “Эмхбум” ноолуурын хоршооноос авахаар гурван талт хэлцэлд гарын үсэг зурсан юм. Форвард арилжааны захиалга ирэх оны нэгдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх аж. Захиалагч компани урьдчилгаа төлбөрийг байршуулснаар малчид захиалгыг бэлтгэн дөрөвдүгээр сарын 12-20-ны өдрүүдэд хүргэж өгөх юм байна. Форвард арилжааны захиалга бүрийг Хөдөө аж ахуйн бирж батлан дааж, гэрээ тус бүрд итгэмжлэх гарын үсэг зурна гэсэн үг. Цаашид ноолуураас бусад түүхий эдийг ч форвард арилжаагаар худалдаална гэж Хөдөө аж ахуйн бирж мэдээлсэн. Форвард арилжаа нь малчид ноолуураа самнахаас гурав хүртэл сарын өмнө биржид ноолуураа зарах захиалга өгөөд, урьдчилан мөнгө авах боломжийг бүрдүүлж өгч байгаа хэлбэр юм. Тиймээс анхны Форвард арилжааг хийсэн “Mongolian Cashmere World” компанийн гүйцэтгэх захирал Д. Ангартай ярилцлаа.

-Монголын нөхцөлд форвард арилжаа ач холбогдол өндөртэй байхаар тооцоологдож байна уу?

-Дэлхийн ноолуурын салбарын 40 хувийг Монгол хангаж байна. Манайх ноолуурын бодлогыг, үнийг, чиг хандлагыг тодорхойлдог улс гэсэн үг. Монгол Улс ноолуураа гаргахгүй бол олон улсын зах зээлд ноолуурын ханш өсдөг, Монголын ноолуурын гаралт ихсэхээр үнэ буурах хандлагатай байдаг гэх жишээний. Гэтэл энэ их боломжоо бид ерөөсөө ашиглаагүй өдий хүрсэн. Монгол Улс жилдээ 9,10 мянга орчим тонн ноолуур бэлтгэж байгаа. Гэтэл одоогоор энэ ноолуурынхаа 10-15 хувийг л эцсийн бүтээгдэхүүн болгоод, Европ, Америкийн зах зээлд гаргаж байна. Үлдсэн 85-90 хувь нь Хятад руу зөвхөн угаагдаад түүхийгээр гардаг. Манайхаас авсан ноолуураараа хятад дэлхийн ноолуурын зах зээлийг тодорхойлоод байна. Уг нь бид тодорхойлох ёстой. Ноолуурын үнийг хятадын гурван том ченж л тогтоож байна. Нэг кг ноолуур есөн мянга байх уу, 60 мяанга байх уу эсвэл 20 мянга байх уу гэдгийг хятадууд мэддэг гэсэн үг. Үүгээр хятадын ченж нарыг буруутгах гэсэнгүй. Тэд мэдээж ченж учраас ашгийн төлөө ажиллаж байгаа. Тэдний гол амжилт нь “Форвард арилжаа байж. “Форвард арилжаа гэдэг нь урьдчилаад тохирчихдог, малчид тохирсон ёсоор ноолуураа самнаад тэдэнд өгчихдөг юм байна. Цагаан сарын өмнө малчдад бэлэн мөнгөний хэрэгцээ гарахаар, хятадын ченжүүд малчдын тушаах ноолуурынх нь 25-30 хувьд тохирсон мөнгийг хүүгүй өгчихдөг юм байна. Ингэхдээ өөрсдөө очихгүй, монгол хүмүүсээр дамжуулна. Ноолуур гарахаар тохирсон үнээрээ хамаад явчихдаг гэсэн үг. Хятдууд яагаад ингэж мөнгөтэй байна гэхээр хятадын бизнесийн зээлийн хүү маш бага, жилийн ердөө тавхан хувийн хүүтэй. Гэтэл монгол наймаачид дотоодынхоо арилжааны банкуудаас 30-40 хувийн хүүтэй зээл авдаг Ийм зээлийн хүүгийн асар их ялгаа байгаа урчаас хятадуудтай өрсөлдөж чаддаггүй.

Хятадууд ноолуурын үнийг тодорхойлдог шалтгаан ердөө энэ. Монгол ченж нар банкнаас тийм өндөр хүүтэй зээл аваад, малчдад хүүгүй тараавал сүйрнэ шүү дээ.

-Харин танайх банкнаас зээл авахгүйгээр форвард арилжааг яаж хийхээр болов?

-Бид тэдний схемийн дагуу ажиллая, хятадууд урьдчилж мөнгө тараадаг бол тараая. Тэдний аргыг хэрэглэе гэж байгаа юм. Форвард гэрээгээ бид шууд малчидтай хийж болно. Гэхдээ Хөдөө аж ахуйн биржээр дамжуулья гэдэг шийдэлд хүрсэн. Гурвалсан гэрээ гэсэн үг. Хөдөө аж ахуйн бирж манай гэрээний хэлцлийг хангаж ажиллах юм. Биднээс 30 хувийн урьдчилгаа авчихаад бидэнд ноолуураа өгөхгүй байвал малчдад хяналт тавина гэсэн үг.

-Ноолуурыг түүхийгээр нь гаргаад байгаа. Боловсруулж гаргах тал дээр хэр анхаарч байна. Танай компани мөн ноолууран утас болгож гаргахаар ажиллаж байгаа гэсэн ?

-Монголоос ноолуурыг зөвхөн угаагаад л гаргадаг. Угаадаг үйлдвэрүүд нь бүгд хятадын хөрөнгө оруулалттай, худалдаж авдаг үйлдвэрүүд нь мөн бүгд хятадынх. Биднийг ноолуур угаана гээд дундуур нь орвол ямар нэгэн байдлаар өрсөлдөөнөөс шахаж гаргана шүү дээ. Бид угаагаад, түүхийгээр нь гаргаж буй ноолууртай өрсөлдөх боломжгүй юм байна лээ. Бидэнд өрсөлдөх боломж юу байна гэхээр, утас болгоод, гадаадын зээлд гаргах нэг боломж байна. Энэ нь Монголынхоо эдийн засагт тодорхой хэмжээнд тус дэм болно. Утас хийдэг компанийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр, ажлын байр бие болно, экспорт нэмэгдэнэ. Манай ноолуурыг өөр хүмүүс аваад хийгээд байхад бид өөрсдөө яагаад хийж болохгүй гэж. Ноолуур бэлэн байна, ээрдэг, утас болгодог технологи хүртэл маш хямдхан болчихсон. Бэлэн ноолуураа өгчихдөг, манай хэдэн үйлдвэрүүд дор нь хийгээд л өгчихнө. “Говь”-ийн үйлдвэрт ноолуур өгөөд утас хийлгэе гэж өчигдөр (уржигдар) би холбогдлоо. Гэтэл “Говь” эцсийн бүтээгдэхүүнийхээ ачааллыг дийлэхгүй болчхоод, утас хийхээ больсон юм байна. Гэхдээ өөр утас хийдэг жижиг үйлдвэрүүд бол байгаа. Бидэнтэй хамтарч ажиллая гээд эхнээсээ мэдээ харчхаад хандаж байна. Том хэмжээний бизнес болгоё гэвэл бид утас хийдэг үйлдвэрт нь хөрөнгө оруулж болно. Утас хийчихсэн байхад зарагдах нь бол тодорхой байхгүй юу. Яагаад гэхээр газрын тосны гэдэг шиг дэлхий дээр ноолуур байх уу, байхгүй юу гэдгийг шийддэг улс чинь монгол. Энэ боломжийг хараад бид эхний ээлжид найз нөхдийнхөө хүрээнд 500 сая төгрөгийн эх үүсвэрийг босголоо. Цаашид хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаад, илүү олон хүнийг хамруулах төлөвлөгөөтэй. Бүх боломжийг бусдад алдаад байдгийн гол шалтгаан нь хөрөнгийн зах зээл, санхүүжилтийн схем буруу байгаатай холбоотой. Өндөр хүүтэй зээлээр бизнес хийх боломжгүй, өөрсдөө хүүлэгдээд дуусдаг. Эх оронд нь зээлийн хүү маш бага учраас урд зүгийнхэн манайд ирээд бизнесээ цэцэглүүлээд байдаг. Зээлийн хүү маш сөргөөр нөлөөлж байна. Банкны захирлууд болохоор, хятадынх таван хувь байх нь хамаагүй, манайх 30 хувь байх ёстой гэж бизнесээ өмөөрдөг. Энэ зээлийн хүүгийн зөрүү нь монгол, хятад ченж нарын өрсөлдөөнийг байхгүй болгочихож байна. Санхүүгийн систем боомилчихоод байна. Хөрөнгө босгоод ногдол ашиг гаргаад ашгаа хуваарилна гэдэг байдлаар босгосон. Бид банкнаас зээл аваад форвард хийх ямар ч боломжгүй, банкнаас л мөнгө зээлбэл шатна.

-Аж үйлдэр хөгждөггүй гол шалтгаан нь банкны хүү юм биш үү?

-Яг тийм. Бүх боломжуудыг банкны хүү боомилж байна. Энэ асуудлыг бодлогын түвшинд ер харахгүй юм. Банкны захирлууд бууруулах боломжгүй гээд бизнесээ хамгаалаад, төрийнхөн түүнд итгээд байдаг. Банкны хүүгийн энэ асуудал гаднынханд боломж, бидэнд эрсдэл болоод байна.

-Ноолуурын зах зээл ирээдүйд, урт хугацаандаа хэр ашигтай байх вэ?

-Миний нэг Америк найз эмэгтэй хүний хэзээ ч татгалзаж чаддаггүй, уйддаггүй хоёр зүйл байдгийн нэг нь алмаз, нөгөөх нь ноолуур гэж хэлсэн юм. Тэгэхээр ноолуурын зах зээл мөнхөд эрэлттэй хэвээр байна гэсэн үг. Гоё дарс, гоё машинаас уйддаг хэрнээ энэ хоёроос уйддаггүй гэнэ. Эхний ээлжинд утас болгоод гаргахад эдийн засагт 2-3 хувийн өсөлт мэдрэгдэнэ. Ядуурал багасч, ажлын байр нэмэгдэнэ. Өндөр хүүнээс болоод үйлдвэржилт хөгжихгүй байна. Тиймээс бид банкнаас зээл авахгүйгээр хаалттай хүрээнд хөрөнгө босгож байгаа юм.

-Монгол ченж нар ноолуурын ханш унагадаг, ноолуурын ханш уначихвий гэж малчид айдаг?

-Монгол ченж нар форвард арилжаа хийгээд эхэлбэл, энэ салбарын өрсөлдөөн нэмэгдэнэ. Өрсөлдөөн нэмэгдэх тусам ханш өснө. Ер нь ноолуурын үнэ хоёр дахин өсөх боломжтой гэсэн үг. Эндээс урагш гарч буй түүхий ноолуур, урд очоод тушаагдахдаа үнэ нь хоёр дахин өсдөг юм байна лээ. Тиймээс малчид дотоодын ченжүүдээ дэмжиж, өрсөлдөх боломжийг нь олгох ёстой байхгүй юу. Хятадын гурван том ченжийн төлөөний хүмүүс нь монгол хүмүүс байдаг учраас мэддэггүй юм билээ.

-Хөдөө аж ахуйн бирж үүнд үүрэгтэй ажиллаж чадаж байна уу?

-Өмнө нь энэ бирж зөвхөн шар бичиг зардаг байсан юм билээ. Урагш гаргахын тулд хуулийн шаардлагаар л хүчээр шахуу арилжаа хийсэн болоод л бичгээ авдаг. Жишээлбэл, “Говь” компани биржээсээ арилжаагаа хийчихдэг болох хэрэгтэй. Форвард арилжаа бол зөв эхлэл, ингэж байж хөдөө аж ахуйн зах зээл зөв голдрилоор хөгжих ёстой юм.


Categories
мэдээ нийгэм

Шилдэг 128 бөхийн барилдаан болно

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан өнөөдөр болно. Бөхийн барилдааны бүртгэлийг цахимаар авдаг болсон ба улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага Х.Гантулга, улсын харцага М.Бадарч, улсын начин Э.Энхбат нарын тэргүүтэй бөхчүүд бүртгүүлжээ. Улсын аварга С.Мөнхбат, Улсын харцага Б.Пүрэвсахйан нар тус бүр хоёр удаа, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын арслан Р.Пүрэвдагва нар тус бүр нэг удаа түрүүлж, цомын эзэн болж байжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо эргээн мандуулсны түүхэн өдөр

Өнөөдөр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойн өдөр. Монголчууд энэ өдөр манжийн дарлалаас гарч, тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөгөө баталгаажуулж, Богд хааныг хаан ширээнд өргөмжлөн, он тооллыг “Олноо өргөгдсөн” хэмээн нэрлэсэн билээ. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргажээ.

Олноо өргөгдсөн Монгол Улс

Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны Чин ван Ханддорж,

Цэргийн яамны Эрдэнэ далай ван Гомбосүрэн,

Сангийн яамны Түшээ гүнЧагдаржав,

Шүүх яамны Эрдэнэ ван Намсрай,

Дотоод явдлын яамны Да лам Цэрэнчимэд нарын сайдтайгаар байгуулагдав. Монгол Улсын анхны Ерөнхий сайдаар Сайн Ноён хан Намнансүрэнг тохоон томилж байсан юм. Энэ нь Монголчуудын сэргэн мандалтын эхийг тавьсан үйл явдал байсан тул үр хойч нь марталгүй санаж явах түүхэн өдөр юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой”-г тэмдэглэх тухай Зарлиг 2008 оны арванхоёрдугаар сарын 29-нд гаргаснаар ийнхүү улс даяараа энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга монгол судлаач Анна Дамдинова Цендинаг хүлээн авч баяр хүргэв

Монгол Улсын Ерөнхийлөгч, Олон улсын Монгол судлалын Холбооны дэд Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр монгол судлаач Анна Дамдинова Цендинаг хүлээн авч баяр хүргэв. Монгол судлаач Анна Дамдинова Цендина Олон Улсын Монгол судлалын холбооны “2017 оны шилдэг Монгол судлаач” шагналыг өнөөдөр хүртсэн юм.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, Олон Улсын Монгол судлалын Холбооны Ерөнхий Нарийн бичгийн дарга, доктор С.Чулуун уулзалтын үеэр хэлэхдээ “Өнөөдөр Олон улсын Монгол судлалын холбооноос энэ оны шилдэг монгол судлаач эрдэмтнийг тодрууллаа. Олон Улсын Монгол судлалын Холбооны жил бүр шилдэг нэг монгол судлаачийг шалгаруулж шагнаж байхаар болсон. Энэ шагналын анхдагч нь Анна Дамдинова Цендина гуай болж байна” гэлээ.

Олон Улсын Монгол судлалын холбооноос санаачлан жил бүрийн энэ өдөр тухайн жилдээ Монголын судлалд жинтэй хувь нэмэр оруулсан, Монголын өв соёл, хэл, түүхийг судлан дэлхий дахинд таниулж буй нэг Монгол судлаачийг шагнан урамшуулж байхаар тогтоод байгаа юм.

Анна Дамдинова Цендина нь Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч, ХХ зууны манлай соён гэгээрүүлэгч, эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн охин бөгөөд дэлхийн Монгол судлалын ууган төв, монгол өв соёлын судалгааны баялаг өв сантай ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, Дорно Дахины судлалын Хүрээлэнд ажиллаж байгаа нэртэй монгол судлаач юм. Тэрээр 2017 онд арвин баялаг бүтээл туурвиж, Монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулаад байгаагийн заримаас товч дурдвал, 17-р зууны Монголын тулгар түүхэн 5 сурвалжийн нэг Эртний хаадын үндэслэсэн Их Шар тууж бүтээлийг анх удаа эх, тайлбарын хамт хэвлүүлж, Ц.Дамдинсүрэнгийн Эрдмийн бүтээлийн 9 боть бүтээлийг эмхэтгэн, алдарт монголч эрдэмтэн, академич Б.Я.Владимирцовын нийтлэгдээгүй монгол судлалын захидал бичгүүдийг Оросын Дорно дахины сонгодог судлалын цувралд нийтлүүлжээ. Мөн ОХУ-д монгол судлалын залуу эрдэмтдийг сургах, тэдэнд Монголын түүх, хэл, уран зохиол, түвд хэлний хичээлийг тасралтгүй зааж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга ган үзэгтэний шагнал гардууллаа

niislel

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Цэдэнбалжирын Заяа өнөөдөр Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчийн тушаалаар “Ган үзэгтэн” боллоо. Залуу сэтгүүлч Ц.Заяад “Ган үзэгтэн” шагналыг хотын дарга гардуулан өгсөн юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлсэтийн мэргэжилтэн Ц.Заяа өмнө нь “Монголын үнэн” сонинд сэтгүүлч, сурвалжлагчаар ажиллаж байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын мал сүргийн тоо 66,2 саяд хүрчээ

Монгол Улсын мал сүргийн тоо 66,2 саяд хүрчээ

Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр “2016 оны мал тооллогын урьдчилсан дүнг” танилцууллаа. Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2017 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 66,2 мянган толгойд хүрсэн байна. Өнгөрсөн онд манай улс нийтдээ 61,5 мянган сая мал тоолуулж байсан юм.

Монгол Улсын хэмжээнд энэ оны мал тооллогын ажлыг энэ сарын 7-17-ны хооронд зохион байгуулсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Элэгний С вирусийн “Ледвир” эмийн үнийг тэглэлээ

Элэгний С вирусийн халдварыг таслан зогсоох зорилгоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Хөтөлбөрийн хүрээнд С вирусийн эсрэг нэлээд хэдэн эмийн үнийг хөнгөлөлттэй үнээр иргэдэд олгох болсон. Тус төрлийн эм 340-700 мянган төгрөгийн үнэтэй байсныг 210 мянган төгрөгийн хөнгөлөлтэйгөөр олгож байсан. Харин ЭМЯ, “Эм импекс концерн” хамтран өнөөдрөөс С вирусийн эсрэг үйлчилгээтэй “Ледвир” эмийн зардлыг улсаас гаргаж, даатгалтай иргэдэд үнэ төлбөргүй хэрэглэх боломжийг бий болголоо.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд элэгний С вирусээс бүрэн ангижирсан дэлхийн анхны улс болох зорилго тавиад байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Завхан аймагт их хэмжээний цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдлаа

Завхан аймгийн хэмжээнд цас ихээр орж үзэгдэх орчин хязгаарлагдаж замын зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүссэн байгаа тул иргэд, жолооч нар зайлшгүй шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх, хэрэв зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн байдлыг хангаж замын нөхцөлд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр баярын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд жолооч, зорчигчид ХАЛЬТИРГАА гулгаатай, хүчтэй цасан шуурга үүссэн, үзэгдэх орчин ХЯЗГААРЛАГДСАН үед замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, автозам, даваа гүвээ цасанд хаагдсаны улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг ХҮНДРЭЛ гардаг.

Тиймээс жолооч, зорчигч та цас ихээр орсон, хүчтэй салхи шуургатай үед хөдөө, орон нутгийг ЗОРИХГҮЙ байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд замд гарахдаа тээврийн хэрэгслийн техникийн БҮРЭН БҮТЭН байдлыг хангаж замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.