Categories
мэдээ улс-төр

Д.Сумъяабазар ИБУИНВУ-ын элчин сайдтай уулзлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2017 оны 12 дугаар сарын 12-нд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс /ИБУИНВУ/-ын Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Катерин Арнольдтой уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Катерин Арнольд УУХҮЯ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, цаашид хамтран ажиллах ямар боломж буй талаар салбарын сайдын саналыг сонсохыг хүссэн юм.

Сайд Д.Сумъяабазар түүний хүсэлтэнд талархлаа илэрхийлээд уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй байгааг онцлон, салбарынхаа хүрээнд хийгдэж буй томоохон төсөл хөтөлбөрүүдээ товч танилцуулав. Мөн Монголын Өмнөд бүсэд Стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, цаашид боловсруулах үйлдвэрүүд, дэд бүтэц зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд усны асуудал тулгамдаж буйг хэллээ. Иймд говийн бүсийн гүний усыг ашиглах бус Монголын баруун болон зүүн талаас хоолойгоор ус татах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажилд ИБУИНВУ дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахыг хүссэн юм.

Хатагтай Катерин Арнольд эл хүсэлтийг дэмжиж буйгаа уулзалтын үеэр илэрхийллээ. Түүнчлэн “Монголын гео мэдээллийн сан”-г бий болгоход төдийгүй Лондонд “Монгол Улсад хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт” зохион байгуулахад туслалцаа дэмжлэг үзүүлнэ гэв.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Ганбаатар: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 3-4 хувийн хүүтэй зээл олгоно

– ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН ТАТВАРЫГ НЭГ ХУВЬ БОЛГОНО –

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд ямар гол өөрчлөлт орж байгаа талаар ярилцлаа.

-Та хуулийн төслийг санаачлагчийн хувьд хуульд яагаад өөрчлөлт оруулах болов гэдгийг юуны өмнө ярихгүй юу?

-Өнөөдрийг хүртэл 200 хүртэлх ажилтантай, жилийн орлого 1.5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгжүүдийг жижиг, дунд үйлдвэрлэгч гэж үзэж ирсэн. Манай улсад нийт 127 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна гэж бүртгэгдсэнээс 63 мянган аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж татвар төлдөг. Гэтэл үүнээс 54 мянган аж ахуйн нэгж нь буюу 84 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ангилалд хамаардаг. Манай улсын хөдөлмөрийн насны нийт хүний тоо 1.2 сая иргэн байгаагаас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт 850 мянган хүн ажиллаж байна. Манай улсын бизнес эрхлэгч, хүн амын дийлэнх нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамаарч байгааг дээрх тоо баримт харуулна. Анх 2007 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хууль батлагдсан. Энэ хууль үр өгөөжөө өгсөн хэдий ч цаг үетэйгээ нийцүүлэх шаардлага бас урган гарч байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан 2009 онд байгуулагдсанаас хойш нийт долоон мянган жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжиж 850 тэрбум төгрөгийн зээл олгож иржээ. Гэтэл иргэд маань 26 мянган төсөлд дөрвөн их наяд төгрөгийн санхүүжилт төрөөс хүссэн байдаг. Эндээс харахад эрэлтийнхээ дөнгөж 18 хувийг санхүүжүүлсэн нь хэрэв жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжээд өгвөл хөгжих боломж байгаа юм байна гэдэг нь харагдана.

-Хуульд ямар гол өөрчлөлтүүд орж байгаа вэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг нэг том тогоон дотор хольчихсон. Нэг хүнтэй, 200 ажилтантай компаниуд ижил шалгуураар явдаг. Олон жил хөдөлмөрлөсөн, тайлан балансаа гаргадаг нь, арай хөрөнгөтэй, танилтай нь олгож буй зээлийг авч чаддаг. Шинээр бизнес эрхлэгч нар зээл авах боломжгүй явж ирсэн. Хуульд өөрчлөлт оруулж бичил, жижиг, дунд эрхлэгч гэж дотор нь гурав ангилсан. Бичил бизнес эрхлэгч нь ес хүртэлх ажилтантай, жилийн орлого нь 50 сая төгрөг хүртэлх орлоготой, жижиг үйлдвэрлэл эрхлэгчид ажилтны тоо нь 9-50 ажилтантай, орлого нь 250 сая төгрөгийн орлоготой орно. Харин дунд бизнес эрхлэгчид 200 хүртэлх ажилтантай, жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуй нэгж орно. Ингэж ангилж буй учир нь бичил болоод жижиг бизнес эрхлэгчдэд зээл олгохдоо арилжааны банкнаас тавьдаг өндөр шаардлагыг тавихгүй. Жижиг, дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэгч нарыг дэмжих тогтвортой төрийн байгууллагын бүтэц буюу агентлаг бий болгож, агентлагаас зөвлөл гарч зээлийг олгоно гэсэн үзэл баримтлалаар хуульд тусгагдсан байна. Харин дунд бизнес эрхлэгчдийг банкаар дамжуулан зээл олгоно.

-Хэдэн хувийн хүүтэй зээл олгох вэ?

-Жижиг, дундын зээл одоо жилийн 7-8 хувийн хүүтэйгээр гарч байгаа. Бичил болон, жижиг бизнес эрхлэгчдэд жилийн 3-4 хувийн хүүтэйгээр зээл олгох боломжтой. Энэ нь арилжааны банкны хувь, шимтгэл ороогүйгээр гэсэн үг. Арилжааны банкнаас авах зээлийн хүүг 6-7 хувиас хэтрүүлэхгүй байх шаардлагыг тавина.

-Банкны шалгуурыг жижиг, дундынхан давж гардаггүй. Банкны шалгуургүйгээр агентлагаас зээл олгодог болох зөв санаа хэдий ч эрсдлийг хэрхэн тооцсон бэ?

-Жижиг дундын сангаас олгогдож байгаа зээлийн эргэн төлөлтийг банкаар дамжсан зээлийн эргэн төлөлттэй харьцуулахад банкаар дамжсан нь 97 хувийн төлөлттэй хувь нь өндөр байгаа нь үнэн. Сангаас шалгуур багатай, танил талаа дэмжсэн байдлаар зээл олгогдсон байдал ажиглагддаг. Энэ эрсдлээс гарахын тулд агентлагаас зээл олгохдоо агентлагийн дэргэд зөвлөл байгуулах юм. Хуулийн хэлэлцүүлгийн явцад таван улсын Элчин сайдын яамныхантай уулзаж, санал солилцон гадны улс орны туршлагыг судалсан. Төрийн албаны хүмүүсээс гадна хий нь гарсан нэр хүнд нь олонд танигдсан, улсынхаа төлөө юм хийе гэсэн хүмүүсийг оруулж корпораци болгон ажиллуулах санал ч гарч байна. Гадны орнуудад жижиг дунд үйлдвэрлэлээ дэмждэг олон арга замууд бий. Тухайлбал, банкууд тодорхой хөрөнгийг гаргаж, үлдсэн тодорхой хувийг төрөөс гаргаж корпораци байгуулчихдаг. Тэгээд жижиг компаниудаа дэмжээд явдаг. Ер нь цаашдаа ганцхан төрийг хараад суух биш. Үнэнийг хэлэхэд хууль гаргаад баталчихдаг, зээл олгох болсон чинь танил талаа харсан, хуулиасаа давсан журам баталчихсан байх вий гэдгээс эмээж байна. Дунд шатандаа хууль маань замхарчих вий гэдгийг анхаарах хэрэгтэй. Тийм учраас банк орж ирдэг юм уу өөрөө өөрсдийгөө хөгжүүлээд явчих зөв тойрогт нь оруулчих юмсан гэж хичээж байна.

-Хуульд орж буй дараагийн гол өөрчлөлт юу байна?

-Эрх барьж байгаа манай намын мөрийн хөтөлбөр болоод Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн татварын хүүг нэг хувь болгож өгнө гэсэн амлалтыг энэ хуульд суулгаж өгсөн. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлогын албан татварыг 10 хувиар тооцож байгааг нэг хувь болгохыг хуульчилж байгаа юм. Манайд үзэмжээрээ хандаж байгаа аятай газар тариалан мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, нэхмэлийн болон хувцас үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарын орлогын албан татварыг өнгөрсөн жилээс нэг хувь болгосон. Зөвхөн дөрвөн салбар чиглэлд гэлтгүй бүгдэд нь тэгш эрх олгоё. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нар бол жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийг хэлж байгаа гэдгийг дахин сануулъя. Түүнээс томоохон бизнес эрхлэгчдэд хуулийн энэхүү өөрчлөлтөд хамаарахгүй.

-Эдийн засгийн хүндрэлтэй үед татварыг бууруулах боломж байгаа юу?

-Одоо авч буй 10 хувийн татварыг нэг хувь болгосноор төсөвт үүсэх дарамт 28 тэрбум төгрөг байгаа юм. 54 аж ахуйн нэгж, 850 мянган хүнд 28 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлснээр эргээд нөхөгдөж орж ирэх боломжтой. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжсэнээр бизнес нь өргөжиж хүн амын орлогын татвараас гадна нийгмийн даатгалын шимтгэл, үндсэн хөрөнгийн татвар, гаалийн албан татвар, НӨАТ-ын татвараас эхлээд олон төрлийн татварыг аж ахуйн нэгжүүд эргээд төлж эхэлнэ. Энэ хуулийн өөрчлөлтөөр хамгийн багадаа 40 аж ахуйн нэгж шинээр байгуулагдлаа гэж үзэхэд нэг хоёрхон сарын дотор нөгөө хөнгөлсөн 28 тэрбум төгрөг улсад нөхөгдөөд ороод ирнэ.

-Дараагийн өөрчлөлтийг хэлэхгүй юу?

-Төр нийт төсвийнхөө биш зөвхөн тухайн жилийнхээ хөрөнгө оруулалтад зарцуулагдах зардлынхаа 10 хувиас доошгүй хувийг жижиг дунд үйлдвэрлэлд олгодог болгох саналыг оруулж байгаа. 2018 онд хөрөнгө оруулалтад 700 тэрбум төгрөг тавигдсан байгаа бол 10 хувь гээд 70 тэрбум төгрөгийг тавих жишээний. 2017 онд жижиг, дундад 20 тэрбум төгрөг олгогдсон. 2018 онд 56 тэрбум төгрөг олгогдоно гэж тусгагдсан ч бодит байдлаар 10 гаруй тэрбум төгрөг нь орж, үлдсэн нь наана цаанаас орж ирнэ гэсэн тооцоололтой байх шиг байна лээ. Цаашдаа сангийн сайдын үзэмжээр жижиг, дундад дуртай тоогоо тавьж шийдүүлмээргүй байна л даа. Өнөөдөр Хөдөө, аж ахуйн яамны дэргэд долоохон хүнтэй хэлтэс жижиг дунд үйлдвэрлэлийг хариуцан ажиллаж байгаа. Эрэлт их байгаа энэ олон аж ахуйн нэгжид жилдээ 20 орчим тэрбум төгрөгийн зээл олгочихоод араас нь дэмжээд байхад явдаггүй гэх мэтээр муу хэлцгээдэг биз дээ. Ад үзсэн байдлаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хандсанаар нийгмийн бүтээлч сэтгэлгээг хааж байна гэдгээ ойлгох хэрэгтэй.

-Хууль хэзээнээс хэрэгжих вэ?

-2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Хуулийн шинэчилсэн найруулга одоо төслийнхөө хэмжээнд явж байгаа. УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны гишүүдийн санаачлагаар өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд есөн дүүрэг 21 аймгаас ирсэн төлөөлөл болох 800 гаруй хүний саналыг авсан чуулганыг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээс харахад зарим хүн зээлийг үйлдвэрлэл эрхлэгчид олгоод үйлчилгээний салбарт олгохгүй байя гэсэн саналыг гаргаж, санал хураалт явуулахад үйлчилгээний салбарынхандаа зээл олгодгоороо олгоё гэдэг дээр нэгдсэн. Мөн бичил компанийн жилийн орлогыг 50 сая биш 100 сая төгрөг болгох зэрэг жилийн орлогын хувь хэмжээг нэмэгдүүлэх саналыг бизнес эрхлэгчид гаргаж байна лээ. Хуульд орж буй томоохон бас нэг өөрчлөлт бол хөгжлийг бүсчилсэн байдлаар харъя гэж байгаа. Сэлэнгэ аймагт юу хөгжих ёстой юм, Өмнөговь аймаг юу хөгжих ёстой юм гэдгийг бодлогоор дэмжье. Нэг аймагт сонгино тарих зээлийг 20 компанид биш хоёрт нь өгье. Нэгнээ татаад унагачихгүй талаас нь бодолцоё. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидээ дэмжсэн шиг дэмжихийн тулд гаргасан бүтээгдэхүүнийг нь худалдан авахад нь анхааръя гэж байгаа. Төрийн худалдан авалт болон уул уурхайн бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүд зайлшгүй дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд худалдан авдаг байх хэрэгтэй. Ингэхийн тулд нийт худалдан авалтын 10 хувиас доошгүй авдаг байх бодлогыг уяж өгье гэж байгаа. Уул уурхайн компаниудын худалдан авалтын жагсаалтыг үзэхэд бичгийн цааснаас эхлээд цай, чихэр, ёотон, компьютер зэрэг нь монголын компаниас авсан гэх жагсаалт байхаас биш Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бараг нэг ч байдаггүй.

-Хууль батлагдан гарснаар ямар үр дүн гарах вэ?

-Сүүлийн үед төрд орж дарга болж ажиллая гэсэн сэтгэлгээ нийгэмд давамгайлах болжээ. Бүтээлч нийгмийг бий болгомоор байна. Хамгийн гол нь бизнес эрхлэх сонирхлыг дээшлүүлэх юм. Их сургуулиа төгссөн хүнд төрийн албанд орж ажиллах уу, эсвэл бизнес хийх үү гэх мэт олон сонголтууд бий. Хэрвээ төрөөс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхийг дэмжээд өгвөл сангаас зээл авч бизнес хийж эхлэн алсдаа томоохон аж ахуйн нэгж, татвар төлөгч болох эх суурийг тавихад манай энэ хууль бага ч атугай болов нөлөө үзүүлж чадна.


Categories
мэдээ цаг-үе

Сумогийн ертөнцийн дуулиан ба монголчууд

Related imageСаяхан нэг сарын өмнө Ёкозуна Харумафүжи нутаг нэгт бөх Таканоивагийн толгойг шар айрагны лонхоор хага цохиж, гавлын яс нь цуурсан гэх мэдээ сумогийн ертөнцийг тэр чигт нь цочоолоо. Шууд мэдээний нэвтрүүлгүүд өөр чухал үйл явдал байхгүй юм шиг ганцхан энэ асуудлыг хэдэн талаас нь өглөө үдэшгүй хэлэлцэн, Монгол руу өөрсдийн сэтгүүлчээ явуулсаар байлаа. Энэ дуулиан одоо ч намжаагүй байна. Хувь хүнийхээ үүднээс авч үзвэл миний хувьд энэ нь маш харамсалтай үйл явдал. Би Таканоиватай ярилцлага хийн сонинд нийтлүүлж байсан, мөн Харумафүжи аваргын ойр дотны хүмүүстэй сайхан харилцаатай явдаг болохоор энэ тодорхой бус, ээдрээтэй асуудалд ойртохоос халширч, хэрхэн мэдээлэхээ мэдэхгүй, өнөөдрийг хүртэл хий дэмий сэтгэл зовсоор ирсэн юм.

Бүтэн 17 жилийн турш сумод гялалзаж явсан, олны хайр хүндэтгэл хүлээсэн Харумафүжи аварга гурван долоо хоног хэвлэл мэдээллийнхэнд бүчүүллээ. Тэр Ёкозуна нэрийг сэвтүүлсэндээ гэмшиж, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээн, зодог тайлахаа мэдэгдлээ. Гэвч асуудал үүгээр намжсангүй. Таканоива бөхийн ояаката болох Хэйсэйн үеийн (1989 оноос хойших) их аварга,сумогийн 65 дахь ёкозуна Таканохана, Сумогийн холбоо, их аварга Хакухо нарын дунд үл ойлголцол ч гэж болохоор чимээгүй тэмцэл үргэлжилсээр байна.Энэ асуудал чухам яагаад үүссэн болон хэрхэн шийдэж болох талаар одоо ч хэлэлцэж, ярилцсаар л байна.

Болсон явдлыг тоймлон авч үзвэл аравдугаар сарын 25ны шөнө тойргийн барилдаан болж байсан Тоттори мужид Жёохокү ахлах сургуулийн сумогийн дасгалжуулагч багш өөрийн шавь байсан бөхчүүдээ хүлээж авна гэсэн тул Таканоива бөх очжээ. Ийм шалтгаан байгаагүй бол Таканохана ояаката түүнийг тийшээ явахыг зөвшөөрөхгүй байж. Учир нь тэр монгол бөхчүүд уулзахаараа нийлж архи дарс уудагт дургүйцдэг ажээ. Бас дээр нь хэдхэн өдрийн дараа башё эхлэх гэж байлаа. Ийм үед монголчууд уулзалдаж, идэж ууна гэдэг нь даваа наймаалцах сэжиг төрүүлж бас болох юм. Энэ уулзалтанд Жёохокү ахлах сургуулийн багшаас гадна Хакухо аварга тус сургуулийн хүндэт элч өргөмжлөлтэй тул уригдсан байв. Харумафүжи аварга ирээдүйд ояаката болох тул сайн ирээдүйтэй хүүхдүүд авах тухай ярих гэж тийшээ очжээ. Нэг сургууль төгссөн Озеки Терунофүжи, багшийн хүү болох Хакухо аваргатай нэг дэвжээний бөх Ишиура, мөн Какурюү аварга нар тэнд очсон байна.

Албан ёсны уулзалт тарсны дараа монгол бөхчүүд нийлэн нэг караоке бааранд орцгоожээ. Өнгөрсөн есдүгээр сард Таканоива “Би аваргыг ялсан. Тэдний үе дуусч, бидний үе ирж байна” гэж цээжээ дэлдсэн тухай яриа Хакухо аваргын чихэнд аль хэдийнэ хүрсэн байв. Аварга энэ завшааныг ашиглан Таканоивад үүнийг ярьж, түүнд өөрийн зүгээс зөвлөгөө өгөх үед Таканоива гар утсаа оролдож, үл хүндэтгэх байдал үзүүлсэн байна. Харумафүжи аварга үүнд уурлаж, Таканоиваг гараараа хэд хэд цохиж, үнсний сав, караокены удирдлагаар түсхийлгэсэн гэх мэдээлэл өнөөдрийг хүртэл явсаар байна. Харин өөр эх сурвалжуудаас үзэхэд эхлээд Хакухо аварга Таканоиваг загнахад Харумафүжи аварга түүнийг өмөөрчээ. Тэд тэндээсээ гарч дараагийн газар руу явах замдаа Хакухо аварга Таканоивагаас Харумафүжи аваргаас уучлал гуйсан эсэхийг асуухад Таканоива аваргаас уучлал гуйсан гэжээ. Харумафүжи аваргаас өөрөөс нь лавлатал түүнийг уучлал гуйгаагүй гэсэн байна. Ингээд Хакухо аварга Таканоивад дахиад сануулж, ярьж эхэлж л дээ. Гэтэл Таканоива аанай л үл тоомсорлох хандлага үзүүлжээ. Харумафүжи аварга энэ удаа тэссэнгүй. Дүрсхийн уурлаж, эцэст нь ийм явдалд хүрчээ.

Энэ тухайд “Хэн нэгэн яагаад дундуур нь орж болиулаагүй юм бэ? Монголд ах, дүүгийн ёс яасан чанга юм бэ?” гэж халаглах хүн ч байна.“Монголчууд архи уухаар ийм болдог юм уу?” гэх нэгэн нь ч байна. Гэвч Харумафүжи аварга архинаас болж ингээгүй гэдгээ тов тодорхой хэлсэн билээ. Чухам үнэн нь юу байсан бэ гэдэг одоогоор тодорхойгүй хэвээр байна. Зарим эх сурвалж маргааш, нөгөөдөр нь төдөлгүй Харумафүжи аварга Таканоива хоёр эвлэрч, гар барилцсан гэх. Таканоива эхэндээ энэ явдлыг ояакатагаасаа нууж байсан боловч яах аргагүй баригдаж, бүх учир явдлаа тайлагнахаас өөр аргагүйд хүрчээ. Таканохана ояаката юун түрүүн Сумогийн холбоонд мэдэгдсэний дараа цагдаад хандах ёстой байтал шууд цагдаагийн газар мэдэгдсэнээр асуудал дуулианд хүргэсэн гэгдэж байна. Гэтэл өөр бусад эх сурвалжууд Сумогийн холбоонд хэлсэн боловч асуудлыг доогуураа шийдээд өнгөрөөх санал тавьж, Таканохана ояаката үүнийг зөвшөөрөөгүй гэх. Юутай ч гэсэн Харумафүжи аварга Таканоиваг зодож гэмтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, тэр дор нь уучлал гуйсан билээ.

Сумогийн ертөнц бол хүчтэнүүдийн тэмцэлддэг талбар юм. Энэ утгаараа дэвжээн доторх багш, шавийн сургалт хатуу, кейко нь ч ширүүн байдаг. Толгой руу нь хэд хэд дэлсэх, кейкогийн үеэр ах нь дүүгээ өшиглөх, цохих, хатуу хүнд дасгалыг ухаан алдтал нь хийх, үснээс нь зулгааж чирэх энэ тэр бол юу ч биш. Зарим ояаката нар харанхуй үүр цүүрээр дохёоны элс идэж л өдий хүрсэн гэж ярьдаг ажээ. Үүнийг японоор кавагари гэдэг. Энэ бол бас л сумогийн нэгэн онцлог уламжлал ч гэх үү, байдаг л нэг энгийн зүйл аж. Арван жилийн өмнө Токицүказэ дэвжээний бөх кейконы үеэр ояакатадаа зодуулж, хүнд шархныхаа улмаас нас барсан нь том сургамж болж, энэхүү кавагари буюу шийтгэн сургах ёсыг халах эхлэл тавигджээ. Түүнээс хойш дэвжээ болгонд ил байдаг хүрз, дэрсэн шүүр энэ тэрээ цааш хураадаг болсон аж. Өнөөдөр ах захаа хүндлэх ёс, эрэмбэ дэвийг нарийн сахидаг сумогийн ертөнцөд ам хэлээр ойлгохгүй байгаа бөхийн бие махбодод мэдрүүлж, гар хүрэх бол энгийн зүйл гэх ойлголт хуучирч, харин ч ийм хандлагыг хүнлэг бус, зэрлэг амьтан сургахтай агаар нэг хэмээн шүүмжлэх хүмүүс олширч байна.

Харумафүжи аварга зодог тайлах хэвлэлийн бага хурал дээрээ Таканоивад шууд уучлал гуйгаагүй бөгөөд цаашдаа ах захаа хүндэлж, анхаарч яваарай гэсэн сургамжийн үг хэллээ. Зодуулсан нь биш зодсон нь хохирогч боллоо гэж үзэн, энэ явдлыг таашаахгүй байгаа хүмүүс ч байна. Ойрын эх сурвалжаас үзэхэд саяхан болсон есөн цаг гаруй үргэлжилсэн цагдаагийн давтан байцаалтанд очихдоо Харумафүжи аварга Таканоиваг гэмтээж, бие сэтгэлийн хохирол амсуулсандаа гэмшиж байна гэдгээ хэдэнтээ хэлсэн гэнэ. Сумогийн холбоо Таканохана ояакатагаас Таканоива бөхтэй уулзаж, болсон явдлыг асууж, байцаалт авъя гэхэд өдий хүртэл зөвшөөрсөнгүй. Хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 30нд болсон Сумогийн холбооны Удирдах зөвлөлийн хурлын үеэр Таканоиваг цагдаагийн газрын байцаалт дууссаны дараа холбооны холбогдох хүмүүстэй уулзуулъя гэжээ.

Өнөөдрийг хүртэл Таканоиваг шар айрагны шилээр цохисон, үгүй вискины шилээр цохисон гэхчлэн янз бүр таамаг яриа явж, Монголын сумогийн холбооны тэргүүн Кёкүшюзан Д.Батбаяр өөрт нь Таканоивагаас мессэж ирсэн гэдгийг шууд нэвтрүүлгүүдэд оролцохдоо хэлж, толгойных нь шархны зургийг хүртэл үзүүлж, Асашёорюү аварга жиргээндээ өөрийн бодлоо хэлж, японд байгаа монголчууд бас нүүр хуудсаар талцан маргалдсаар ирлээ. Эндээс Таканоива ил гарч, бодит байдлаа хурдан хэлсэн бол ийм шуугиан дэгдэх байсан уу, үгүй юу гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ.

Таканоива мэдээж сэтгэл санааны хувьд хүнд байгаа. Таканохана ояакатагийн зааврыг дагаж байгаа түүнд өөрийн дураар хөдлөх эрх байхгүй. Тэр одоо болтол олон нийтийн өмнө гарч ирээгүй. Сая арванхоёрдугаар сарын 3-наас эхэлсэн тойргийн барилдаанд оролцох ёстой байсан Таканоива эмчийн акт бичгээ өгөөгүй мөртлөө өнжих болсон нь ер бусын үзэгдэл гэцгээж байна. Таканоива удахгүй Сумогийн холбоонд очиж нөхцөл байдлаа танилцуулах аж. Мөн ояаката Таканохана тойргийн барилдааны даргын ажлаас түр чөлөөлөгдөж, энэ удаа оролцохгүй болов. Энд хоёр учир шалтгааныг ярьж байна. Нэгдүгээрт, бүх сумочид цугларсан Сумогийн холбооны хуралдааны үеэр Хакухо аварга Таканохана ояаката тойргийн барилдааныг хариуцах юм бол бидэнд жаахан хэцүү байх болно гэж хэлсэн байна. Хоёрдугаарт, ийм их хэл амтай үед Таканохана тойргийн барилдаан ахлаад явбал бөхчүүд төвлөрч чадахгүй, хэвлэл мэдээллийнхэн дагаж, шуураад үзэж, хөгжих гэж ирсэн олон түмнийг тавгүйтүүлнэ гэж үзжээ.

Таканохана ояакатаг товч танилцуулахад эзэн хааны цомыг 22 удаа хүртэж байсан 1990-ээд оны их аварга. Олны хайр талархал ихэд хүлээсэн бөх. Түүнийг зөвхөн сумогийн төлөө төрсөн гэж үзэх хүмүүс ч бий. Тэр сумог жинхэнэ утгаар нь хөгжүүлж, нандин уламжлал, хэв маягийг алдагдуулахгүй гэж ихэд хичээдэг ажээ. Шавь нартаа үглээд байдаггүй. Өөрсдөөр нь бодуулдаг. Өөрөө их дуу цөөтэй хүн аж. Тэрээр “Сумодо” буюу сумо ёсыг ягштал баримтлахад дохёо буюу дэвжээ гэдэг нь бурхан орших ариун дагшин газар болно. Зөвхөн бурхны сүм хийдэд байдаг чимэглэлтэй адил бүсийг зөвхөн ёкозуна л зүүдэг. Тиймээс ёкозуна байх ёс зүйн хэм хэмжээг алдагдуулах эрх хэзээ ч, хаана ч байхгүй. Золгоо таарсан бөхөө машид хүндэлж харьцах ёстой гэхчлэн сургадаг ажээ. Сумогийн ёс зүйг алдагдуулсан хэнбугайг ч өршөөхгүй, хатуу тэмцэнэ, сумогийн төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэнэ гэсэн хатуу бодолтой Таканохана Асашёорюүгийн гаргасан анхны дуулианы үеэс л монгол бөхчүүдэд таагүй ханддаг болсон гэх.

Хакухо аварга саяны башёны 11 дэх өдөр шүүгчийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, гараа өргөж нэлээн удаан зогссон юм. Түүхэн рекорд болох 40 дэх түрүүнд онцгой баяр хүргэн, аваргыг алдаршуулан тэмдэглэх ёстой өдөр байтал башёд түрүүлсэний дараа гурван удаа банзай хийлээ, Харумафүжи аварга Таканоиваг дахин дохёод гаргаж асуудлын идээ бээрийг шахна гэх учир битүүлэг үг хэлсэн зэрэг нь ёкозунагийн ёсзүйн зарчмыг дахин дахин зөрчлөө, ер бус хандлага гаргалаа гэж Сумогийн холбооноос анхааруулга авав. Аваргын энэ бүх үйлдэл мэдээж сумогийн ертөнцийн хуучинсаг үзэгдлийг халж, цоо шинээр сэтгэхийг сануулж байгаа байх. Бас гадаад, дотоод гэдгээр нь бөхчүүдийг ялгаварлан гадуурхаж байж магадгүй гэсэн эмзэглэл түүнд яваад байгааг үгүйсгэхгүй. Энэ бүхэн хатуу дэг жаягтай, эртний уламжлал нэвт шингэсэн сумогийн энэхүү вант улсад шинэчлэл зайлшгүй хэрэгтэйг дахин дахин сануулаад байх шиг. Дотроо зиндаа, эрэмбэ дэв ихтэй, ганцхан дэвийн ялгаанаас болж авдаг цалин хөлс нь хол зөрүүтэй байдаг тул дохёон дээр гарсан л бол нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцан хүч тулж өрсөлдөх ёстой байтал ёс жаяг баримтал гэж шаардаад байгаа нь зарим үед ойлгомжгүй мэт. Мөн Хакухо аварга, Таканохана ояаката хоёрын зөрчил нь монгол, япон хүмүүсийн сэтгэлгээний ялгаанд их бага нөлөөлж байгаа байх.

Жинхэнэ ёкозуна байна гэдэг нь монгол, япон гэдгээс хамаарахгүй жинхэнэ японоор сэтгэж, жинхэнэ япон хүн шиг байх ёстой гэх үзэл хандлагаар монголчуудаас тийм байхыг шаардаад байгаа гэлтэй.Товчхон хэлэхэд монгол хүн сумод оршихын тулд цэвэр япон хүн болж хувирах ёстой ч байж магадгүй юм.Одоо сумод 20 гаруй монгол бөх барилдаж байна. Саяхан болсон сонирхогчдын сумо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд бас л монгол хүү түрүүллээ. Асашёорюү аваргын бүл дүү ирэх тавдугаар сараас барилдаж эхлэх гэж байна. Ийнхүү монголын хүчит хөвгүүд сумод ар араасаа хүч түрэн орж ирж байна. Сумогийн ёсыг гадаад бөхчүүд тэгтлээ сайн баримтлахгүй байгаа шалтгааныг тэд “өлсгөлөн сэтгэлзүй”тэй ирж, хурдан мөнгө олохыг хичээдэг, баяжиж эцэг эхийнхээ ачийг хариулах гэж яардаг, ингэхийн тулд маш шаргуу хичээллэж, ояаката болон ахмадууд дэг ёсонд сайн сургаж амжаагүй байтал яах ийхийн зуургүй дээшээ цойлоод аварга, арслан болчихдог, нэгэнт дээшээ гарсан хойно нь ёс зүй зааж хэлэлцэх нь хэцүү болдогтой холбон тайлбарлаж байна. Таканохана ояакатагийн зүгээс энэ байдалтай эвлэрэхгүй байгаа тул “Ёкозуна гэдэг зөвхөн ялахын нэр биш. Ялж л байвал барьц авсан бөхөө яасан ч яахав гэж дайраад сумогийн хориотой мэх хийхийг хэлэхгүй. Сумогийн нандин ёсыг алдагдуулж байна” хэмээн шүүмжилсээр байгаа билээ.

Таканохана нь өнгөрсөн жилийн гуравдугаар сард Сумогийн холбооны тэргүүнд нэр дэвшээд одоогийн Хакакү тэргүүнд ялагдаж, ерөнхий төлөвлөлтийн даргаас нэг доогуур байр суурь болох тойргийн барилдаан хариуцсан даргаар томилогдсон юм.Таканохана ояаката юм л бол сумогийн ертөнцөд хувьсгал хэрэгтэй хэмээн онцолдог аж. Үүнээс нь болсон уу, эсвэл сая гаргасан хандлагад нь зэвүүцсэн үү, их аварга Д.Дагвадорж жиргээндээ Таканоханаг хувьсгал хийх гээд байна уу, монголчуудыг хүйс тэмтрэх гээд байна уу гэсэн утгаар дургүйцлээ илэрхийлсэн байна. Энэ бүхнийг хөндлөнгөөс харахад сумогийн ертөнцөд шинэ, хуучин цаг үе ба уламжлал, шинэчлэл зөрчилдөж, гадаад дотоод бөхчүүдийн харилцан адилгүй сэтгэлгээнээс үүдсэн ил далд хэлбэрийн олон олон тэмцэл цаашдаа ч өрнөж мэдэхээр харагдаж байна.

“Өдрийн сонин”-ы Япон дахь тусгай сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг

Categories
мэдээ цаг-үе

​Л.Мөнхбаясгалан: Надад албан тушаал биш хэвлэлийн эрх чөлөө л хэрэгтэй​

Related imageЛ.Мөнхбаясгалан Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Сонины салбараас телевизийн нэвтрүүлэгт “урваад” таван жил болж байгаа түүний бэлтгэн олон нийтэд хүргэдэг “Цензургүй сурвалжлага”, “Цензургүй яриа” нэвтрүүлэг Монголын сэтгүүл зүйд шинэ өнгө төрхийг тодорхойлж байгаа юм. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хамгийн сүүлд оффшорын гэх тодотголтой улс төрийн томоохон бүлэглэлийн хууль бус үйлдлийн талаар хоёр цуврал сурвалжлага хийгээд байгаа билээ. Мөн сүүлийн хэд хоногт нийгэм даяар шуугиан тариад байгаа Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж нарыг “Цензургүй яриа” нэврүүлэгтээ урьж ярилцсан. Тэгвэл “Цензургүй сурвалжлага”, “Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Л.Мөнхбаясгалантай ярилцлаа.


-Та бид хоёр анх удаагаа ярилцаж байна. Танаас ямар ч цензургүйгээр асуулт асууна шүү. Та шууд хариулаад явчихна биз дээ?

-Тэг тэг, чи асуу. Би цензургүй хариулаад явчихъя.

-Сүүлийн хэд хоногт таны бэлтгэн олон нийтэд хүргэсэн Оффшор бүсэд бүртгэлтэй улс төрчдийн эзэмшлийн компаниудын талаарх нэвтрүүлэг нийгэм даяар шуугиан тариад байна. Эхний эрэн сурвалжлах нэвтрүүлэг Ерөнхий сайд асан Сү.Батболд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарын бүлэглэлийн талаар байсан. Та жил гаруй хугацаанд энэ нэвтрүүлгийг хийсэн гэсэн. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-2016 оны дөрөвдүгээр сард Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум (ICIJ) оффшорын бүсэд ямар хүмүүс байгаа талаарх мэдээллийг задалж дэлхий нийтэд ил болгосон. Үүний өмнө УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын оффшор дэлгэгдэж монголчууд оффшорын тухай ойлголттой болчихоод байсан үе. Тэр цагаас миний нэвтрүүлэг эхэлсэн. Эхний нэвтрүүлгийг манай баг хамт олон Монголдоо хийсэн. “Оффшор данс эзэмшигчдийн мөрөөр” гэсэн нэртэйгээр нэвтрүүлгээ бэлтгэхдээ дэлхий даяар байгаа монгол хүмүүсийн тусламжтайгаар баримт цуглуулж, Монголоос шаардлагатай гэсэн мэдээ материал, баримтыг цуглуулаад хийсэн юм. Нэвтрүүлэг хийснийхээ дараа гайгүй сайн нэвтрүүлэг хийчихлээ гэж тэр үед дотроо бодож байлаа. Харин сүүлийн хоёр нэвтрүүлэг хийсний дараа анх хийсэн нэвтрүүлгээ ихэд голж байгаа. Баримт дутуу, инээдэмтэй нэвтрүүлэг болсон юм шиг санагдаад байна. Гэхдээ анхны оффшорын талаарх нэвтрүүлэгт С.Баярцогтын нуугаад байсан хоёр найзынх нь нэгийг ил гаргаж чадсандаа бас сайн юм гэж харж байгаа. Тэр үед УИХ-ын сонгууль дөхчихсөн байсан үе шүү дээ. Нэвтрүүлгийн дараа Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум (ICIJ)-тай холбоо бариад, элсэх хүсэлт бүхий материалаа өгсөн. Ингээд АНУ руу явах гээд онгоц хоёр цагийн дараа хөөрөх гэж байхад надад гэнэтхэн цагдаагийн байгууллага хилийн хориг тавьсан. Мөн эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Огт хийгээгүй хилс хэргээр шалгасан. Зургаан сар гаруй хугацаанд намайг тагнаж, чагнаж, араас дагасан. Мөрдөн байцаагч дууддаг. Өдөржин суулгачихаад мэдүүлэг авахгүйгээр явуулдаг. Мөн арав гаруй цаг байцаасан гээд л маш олон дарамт шахалт ирж байсан. Анхны нэвтрүүлэг гарсны дараа дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд надтай холбоо барьж надад тусалсан юм. Ингээд намайг хилсээр шалгасан эрүүгийн хэрэг ч хэрэгсэхгүй болох шийдвэр гарч, хилийн хориг тавигдсан. Ингээд л би нэвтрүүлгийнхээ араас 1.7 жилийн хугацаанд тасралтгүй явсан даа. Энд тодруулж хэлэх нэг зүйл байна. Оффшорын баримтыг зөвхөн Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум (ICIJ) гаргаж тавьсан. Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр гаргаж тавьсан. Тэр материалд манай улсын 49 хүн байсан. Харин манай баг энэ хилийг давж ажилласан. Сингапурт, Малайз, Хонконг, ОХУ, Герман, Англид хайгуул хийж чадсан. Олонулсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум (ICIJ) дээр би өнгөрсөн наймдугаар сард очсон. Би тэнд очихоосоо өмнө бүх материалаа гартаа оруулсан байлаа. Ингэхийн тулд эхлээд Англи, Австрали, Филиппиний сэтгүүлчидтэй холбогдсон. Мэргэжил нэгт сэтгүүлчид маань тусалж, бичиг баримтуудыг надад өгч байсан. Ингээд ICIJ-тайгаа хамтран ажиллаж эхэлсэн. Одоо ч бид холбоотой ажиллаж байна. Зөвхөн гадаадын улс орнуудын баримтнаас гадна Монголдоо баримт бүрийг чинээнд нь тултал эрэл хайгуул хийсэн дээ. Материал болгоныг ширхэгчлэн араас нь явж тулгасан. Баримтуудаа эцсийн цэгт нь хүртэл шалгасан. Оффшор данстай компанийн эзэд, хувь зэмшигч болгоныг бид илрүүлж, олж мэдэж чадсан. Нэг компанид гэхэд 80-100 хүн байх жишээтэй. Хүн бүрийг бид хэн бэ гэдгийг тогтоож, шалгасан. ОХУ, Малайз гээд л дэлхийн олон орноос хүмүүс тухайн компанийн хувьцааг эзэмшдэг. Зөвхөн захирлууд нь гэхэд л 20 гаруй хүн байлаа. Тэр бүрийг нягталсан. Асар их цаг хугацаа хөдөлмөр зүтгэл шингэсэн дээ. Ингээд л нэвтрүүлэгтээ орох хүмүүсийн талаарх судалгааны материалыг нарийвчлан судалж байгаад хоёр цуврал сурвалжлагаа олон нийтэд хүргээд байна. Би өнгөрсөн жилийн тавдугаар сард УИХ-ын гишүүн Сү.Батболд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нараас ярилцлага авсан. Тэд оффшор данстай компаниудтай огт холбогдолгүй гэдгээ хэлсэн. Бас баримт үзүүлж байсан. Тухайн үед үнэхээр холбогдолгүй юм байна гэж бодож байлаа. Тэгсэн материалыг ухаад байхаар улам хөврөөд баримтууд ар араасаа цувраад л гараад ирээд байсан. Яг л матрёшка шиг л нэг баримтыг задлахаар дахиад өөр баримт гарч ирээд байгаа юм. Ингэж бид жинхэнэ цагаан захтнуудын хэрэгтэй нүүр тулсан юм. Тэд Монголын сэтгүүлчид, ард түмнийг энэ мэдээллийг хэзээ ч олж чадахгүй, мэдэхгүй гэж бассан. Харин бид басааг нь гаргалаа. Тэд энэ баримтыг хэзээ ч олж чадахгүй гэж бат итгэж байсан тул хэтэрхий бардам ажилласан байсан. Тийм учраас илтэд худлаа ярьдаг. Гаднаас нь харахаар өндөр албан тушаал хашдаг. Соёлтой, боловсролтой, зөв өнгө төрхтэй байгаад байдаг. Гэтэл цаад талдаа хууль бусаар ажилладаг нь одоо ил болсон. Үүнийг олон улсад санхүүгийн дээрэм гэж үздэг юм байна лээ. Тэд Монголдоо татвар төлж байгаа, төсвийн мөнгөнөөс огт аваагүй гээд байгаа боловч үнэн хэрэгтээ шал худлаа. Эрх мэдэл, албан тушаалаараа нөлөөлж хууль бус үйлдлээ хийдэг. Өөрсдийнхөө өмнөөс “тоглуулдаг“ тоглоомын хүнтэй, тоглоомын компанитай, автомат хариулагчтай их догь оо, тэд. Харин эцэст нь тоглоомын хүүхэлдэй болсон “дүр”-үүдийн хувь заяа эмгэнэлтэйгээр төгсдөг. Тэдгээр хүмүүсийн хувь тавилан сүүлдээ буруугаар эргэдэг. Эх орноосоо зугтаадаг, шоронд ордог….

-Сү.Батболд, Д.Цогтбаатар нартай холбоотой өөр ноцтой баримт үлдсэн үү?

-Баримт зөндөө үлдсэн. Бид зөвхөн 30 хувийг нь гаргаж тавьсан. 70 хувь нь байна. Учир нь би хаширлаа шдээ. Цагдаад хилс хэргээр шалгагдаж үйлээ үзсэн. Тэдний хууль хяналтынхантай нийлж яаж дарамт шахалтад оруулдаг технологийг бид бүрэн мэднэ. Өөр нэг зүйл нь бүх материалаа гаргаж тавина гэх юм бол 4-5 цагийн нэвтрүүлэг болно. Баримтнаас баримт гаргаад байвал үзэгчид төөрнө. Тийм учраас 40 минутын нэвтрүүлэг хийж 30 хувийн баримтаа гаргалаа. Биеэ хамгаалах баримтаа авч үлдсэн. Бас араас нь дахиад нягтлах зүйл байна. Шүүхийн өмнө гаргаж өгөх ч баримт бий.

-Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой баримтыг олон нийтэд хүргэсэн. 28 тэрбум төгрөгийн үнэ бүхий долоон байртай гэдгийг баримттай ил гаргаж тавьсан шүү дээ?

-Тийм ээ. Бид ер нь аливаа зүйлийг ажиглахдаа тааруу юм шиг санагдсан. Баримтуудыг хангалттай олоод анализ хийхээр эхний байшинг худалдаж авахдаа бага мөнгөөр авсан байдаг. Яагаад хямд үнэтэй байр байна вэ гэхээр С.Баяр ажлаа хийгээгүй байгаа байхгүй юу. Оюутолгойн гэрээг хийснийхээ дараа байр нь улам үнэтэй болоод метр квадрат нь хэд дахин нэмэгдсэн байдаг. Анх 635 мянган ам доллараар эхэлсэн байр Оюутолгойн гэрээний дараа гурван сая долларын байр болтлоо өсч байх жишээтэй. Ер нь төрийн өндөр албан тушаалтнуудын үндэслэлгүйгээр баяжиж байгаа байдлыг судлаад үзэхээр ажил үүрэгтэй нь дандаа холбоотой байдаг юм байна лээ. Жишээ нь Д.Цогтбаатарыг гүйцэтгэгч байсан юм байна лээ гэж харж байгаа. Яагаад Ж.Оюунгэрэл Капитрон банкны хоёр хувийг эзэмшиж байгаа хүний мөнгийг даагаад хувьцаа худалдан авах болов. ТУЗ-ын дарга нь шүү дээ. Үүнд хардах өнцөг байна. НИК-ийн хувьчлал холбоотой юм биш биз. Тухайн үед Баганбанди, Отгонбилэг нарын үйлдлийг ч сөхөх ёстой юм шиг.

-Таны хийсэн нэвтрүүлгийг үзэж байхад төрийн өндөр албан тушаалтнууд Монголыг эзэнгүй мэт авирлаж, байгалийн баялгийг үнэгүйдүүлж, өөрсдөө баяжиж байгаа нь шууд харагдаж байна лээ. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Товчхон шууд хэлэхэд “Хууль баталж, хуу хамна” гэдэг чинь энэ байхгүй юу. Тэд өөрсдийн эрх ашигт зориулсан хуулиа баталж, таатай орчин бүрдүүлнэ, хэвлэл мэдээллийг худалдаж авна. Оффшор бүсэд компани нь данстай хүмүүсийг ажиглаад хараарай. Дандаа л байгалийн баялгаар баяжсан хүмүүс байдаг юм. Одоогийн манай баячуудын баяжсан түүх ашигт малтмал, тендер хоёр дээр л тогтож байна шүү дээ. Ер нь бол ганц оффшор ч гэхгүй эрэн сурвалжлах нэвтрүүлгийг хийхэд маш их судалгаа баримт цаг хугацаа шаардагддаг юм байна гэдгийг ясандаа мэдэртэл ойлголоо. Бас багаар ажиллах ёстой, судалгааны ажлыг маш сайн хийх хэрэгтэй. Зөвхөн Сү.Батболдтой холбоотой материалыг хэвлэж авахад энэ өрөөний тал хэмжээг дүүргэсэн цаас хэвлэсэн гээд бод доо.

-Та нэвтрүүлгээ хийхдээ санхүүгийнхээ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Ингэхэд миний цалин нэлээд өндөр шүү. Намайг сарын 500 мянган төгрөгийн цалингаар ийм ажил хийгээд байна гэж бүү бодоорой. Би С1 телевизэд сард дөрвөн контент бэлтгэж өгдөг. Энэ телевизийн үндсэн ажилтан биш. Өнгөрсөн жил гэхэд сард зургаан нэвтрүүлэг нийлүүлж байсан. Тэгээд ч би бас хувийн жаахан аж ахуйтай, санхүүгийн хувьд би хөл дээрээ тун дажгүй тогтчихсон хүн шүү. Санхүүгийн хувьд эрх чөлөөтэй болсон гэж хэлж болно. Бас надад туслах хүмүүс олон байдаг. АНУ яваад очиход гэртээ хонуулах, очих газарт хүргээд өгөх, хоол ундаар дайлах гээд маш олон хүн тусалж дэмжсэн. Монголчуудаас тусламж хүсэхэд давхиад л ирдэг. Мөн сэтгүүлчдийн эрхийг хамгаалдаг олон улсын сэтгүүлчдийн байгууллага ч дэмжлэг үзүүлсэн.

-Танд дарамт ирдэг үү …

-Анх ирдэг байсан. Харин одоо бол шууд дарамт ирэхгүй. Харин цагдаа шүүхээр дарамт ирнэ. Бас ах дүү хамаатан саднаа нуух хэрэгтэй болдог. Зодуурыг нь тэд л хүртэнэ шүү дээ. Одоо бол би юунаас ч айхаа больсон. Үсрээд л үхнэ биз.

-Танд дээрх хоёр бүлэглэлийн талаарх нэвтрүүлгээс гадна өөр хүмүүсийн талаар ноцтой баримт байгаа юу?

-Байгаа. Ерөнхий сайд асан С.Баярынх бол 28 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа. Тэгвэл дахиад нэг хүн бий. Нэвтрүүлэг бэлтгэсэн боловч гаргаагүй. Тэр хүнийх бүр 60 тэрбум төгрөгний асуудал шүү. Уг нь энэ сардаа багтаагаад гаргачихъя гэж бодсон ч зарим нэг судалгаа арай дутуу юм шиг санагдаад түр хойш нь тавьчихсан байгаа. Эфирт өгчихвөл өгчихмөөр санагдаад хорхой хүрээд л байлаа. Гэвч арай л дутуу санагдаад… Сэтгүүлч хүн ноцтой, сенсаацтай материал олохоороо хурдхан гаргамаар нэг тийм хорхой хүрдэг дээ. Цаанаасаа ямар нэгэн юм хатгаад байгаа юм шиг санагдаад сэтгэл хөөрөлд автдаг. Би яг тийм хөөрлөө давж гарч чадсан. 20 гаруй жилийн дараа хөөрлөө дарж нэвтрүүлэг хийлээ. Үхтлээ судалсан араас нь явсан нэг нэвтрүүлгээ хойш нь тавьж үзлээ. Ингэснээр би өөрийгөө ялан дийлж, сэтгэл хөдөлгөөнөө барьж чадсан. Үүндээ сэтгэл маш хангалуун байгаа. Харин нэвтрүүлгийг нь энэ удаа хойш нь түр тавьсан хүн бол гайхалтай эх оронч хүн… (инээв) Ард түмэн түүнд итгэдэг. Гэхдээ бүгдээрээ биш л дээ. Дийлэнх нь. Тэр хүн эх орон, ард түмэндээ хайртай л гэнэ. Тэгсэн үнэн чанартаа шал өөр хүн байгаа…

– Тэр хүний тухай нэвтрүүлгийг хэзээ гаргахаар төлөвлөж байгаа вэ?

-Ойрын хэдэн сардаа ч байж магад. Эсвэл жилийн дараа ч байж магад. Жаахан араас нь яваадахъя. Юу гарч ирэх бол, сонин санагдаад байгаа. Бас зарим нэг мэдээллийг нягтлах шаардлагатай байна.

-Та мэргэжлийн кайф авч чадсан уу?

-Би 20 гаруй жил эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр ажиллая гэж мөрөөдсөөр ирсэн. Өмнө нь олон ч зүйлийг бичиж, хийж байлаа. Гэхдээ тэр бүхэн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээл биш байсан байна лээ. Одоо л жинхэнэ эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж юу юм бэ гэдгийг ойлгож хийж эхлээд байна. Өмнө ажиллаж байсан 20 жил юу ч биш юм шиг санагдсан. Би одоо л жинхэнэ бүтээл хийж эхлэх гэж байна. Би долоо хэмжиж нэг огтолж чадаж байгаа. Бас долоо хэмжчихээд огт огтлохгүй байж болдог гэдгийг ойлгосон. Надад тийм чадвар суусан.

-Ойрын үед та юу хүсч байна вэ?

-Одоо Сү.Батболд, Д.Цогтбаатар, С.Баяр нар намайг шүүхэд өгчихөөсэй гэж маш их хүсч байна гээд боддоо. Тэд оффшоргүй гэсэн баримтаа үүрээд би оффшортой гэсэн баримтаа үүрээд шүүх дээр, эсвэл Цензургүй ярианд уулзахыг маш ихээр хүсч байна.

-Цензургүй яриа” нэвтрүүлэг олон нийтийн үздэг нэвтрүүлгийн нэг болсон. Саяхан гэхэд дуулиан шуугианы эзэн болоод байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нартай ярилцлага хийсэн. Таныг Б.Хурцаас яриа авахдаа өөрийнхөө хүүхэд шиг байсан. Ц.Нямдоржоос асуухдаа дагавар хүүхдээ ад үзэж байгаа юм шиг асуусан гэж шүүмжлээд байгаа?

-Ер нь миний нэвтрүүлэгт орж байгаа хүмүүс цүнх дүүрэн баримт аваад ирдэг. Энэ тийм чухал биш. Би асуух асуултаа асуудаг. С.Баярцогт манай нэвтрүүлэгт ирэхдээ би конкурсын шалгалт өгөх гэж байгаа юм шиг л мэдрэмж төрж байна гээд ярьж байсан. Босоо Ганбаа хоёр цүнхтэй баримт аваад ирсэн. Б.Хурц шууд нэвтрүүлэгт орохдоо “Чи надаас ямар асуулт асуух вэ” гэж асуусан. Би хэлэхгүй гэдгээ ч хэлсэн. Гэхдээ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 50 тэрбум төгрөгийнхөө баримтыг аваад ирээрэй гэж хэлсэн юм. Яг үнэндээ би түүнийг бассан байхгүй юу. Б.Хурцад тэр баримт байхгүй гэж нэвтрүүлэгт орохдоо хүртэл бардам бодож байлаа. Дээрээс ОХУ-д сургууль төгсөөгүй гэж бат итгэж байсан. Тэр хоёр баримтыг гаргаад ирэхээр нь яаж ч чадаагүй. Миний хувьд тэр хоёр асуултан дээр уначихсан. Би хоёр удаа мэргэжлийн тагнуулчтай ярилцлага хийсэн байгаа. Нэг нь Б.Хурц, нөгөөх нь Баатар генерал. Дээрээс нь Дамирангийн Энхбатын хэргийн асуултыг асуусан. Би “Өдрийн сонин”-д сэтгүүлчээр ажиллаж байхад энэ талаар манай сонин маш их бичиж байсан. Тэр хүн шоронгоос манай сонинд захиа бичиж байсан. Би юу гэж бодож байсан гэхээр Б.Хурц, Д.Энхбатыг хулгайлаад хортой тариа хийгээд Монголд авчирсан. Бүр ТЕГ-ын дор байдаг гэх шоронд хийгээд тарчлааж, тамлаж, толгой дээгүүр нь буудсан хүн нь Б.Хурц гэж бодож байлаа. Тэгсэн барьж өгөөд Германы онгоцны буудал дээр гаргаж өгчихөөд үлдсэн юм байна гэж сая л ярилцлагынхаа үеэр мэдлээ шүү дээ. Ярилцагчийн хувьд тэр маш сонин хүн. Карьер нь төгсөөгүй, генерал цолтой мэргэжлийн тагнуулч хүнтэй ярилцлага хийнэ гэдэг амаргүй байсан. Гэхдээ Б.Хурц санаандгүй тэр ярилцагыг эргүүлж чадсан. Би ярилцлагын турш надтай алалцаад дуусах байх гэж бодсон шал өөр байдлаар хандсан. Магадгүй энэ нь түүнд ашигтайгаар эргэсэн байх. Харин Ц.Нямдорж сайдтай өмнө нь хоёр удаа ярилцлага хийчихсэн ярианых нь тактикийг мэднэ л дээ. Надад бол Нямдорж гуай судалчихсан обьект юм. Тэр хүн ямар ч ярилцагчаа өөртөө ашигтайгаар эргүүлж, дагуулж тонгордог хүн. Маш уран ярина. Ямар ч сэтгүүлчийг хөнгөхөн саваад л өөрийнхөөрөө гараад ирдэг этгээд л дээ. Харин энэ удаа энэ арга барилд нь автахгүй юм шүү гэж хичээсэн. Чадсан. Ер нь хатуухан ярих хэрэгтэй юм байна гээд л шууд ярьсан. Мань хүн нэлээд барьц алдаж сандарч байгаа нь мэдрэгдсэн. Ер нь улс төрчидтэй нялганахгүй шууд асуугаад явчих хэрэгтэй. Нямдорж гуайн хувьд би зөв тактиктай орж, асуусан. Асуултынхаа хариултыг ч авч чадсан. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг миний нэвтрүүлэгт хоёр удаа орсон. Би “Та эх орондоо хайртай юу” гээд асуухаар уурлаад хариулж чадахгүй болчихдог. Бүр хоёр удаа шүү дээ. Хэрэв гуравдахь удаагаа орвол энэ асуултаа гурав дахь удаагаа тавина даа.Ерөнхийлөгч асан Элбэгдорж ч гэсэн миний дэвжээнд өвдөг шороодсон юм шүү. Түүний уран үгээр бөмбөгдөх боломжийг хааж тоглосон болохоор мань хүн эвгүй болчихсон л доо. Ер нь ярилцагч бүртээ тактик болосруулна, тэгээд л эхэлнэ дээ. Ярилцлага гэдэг бол тоглолт л доо. Хурц бол миний төсөөлөөгүй, сонин этгээд. Түүнтэй дахин нэг удаа ярилцах боломж олдвол… би боломжийг 1000 хувь ашиглана. Гэхдээ нийгмийн массд тохируулж сэтгүүлч хүн ажлаа хийж болохгүй. Хурцын хувьд би түүний авчирсан баримтуудыг урж хаяад доромжлоод хөөгөөд гаргах байсан уу… Үгүй шүү дээ. Энэ ярилцлага түүх болон үлдэнэ, би бат итгэлтэй байна. Саяны Нямдорж гуайн ярицлага ч гэсэн.

-Таныг нэвтрүүлэг хийх болгонд мэргэжил нэгт хүмүүс дургүйцэж хүлээж авах юм. Яагаад тэгдэг юм бол?

-Сэтгүүлчид сэтгүүлчдээ хайртай баймаар санагдах юм. Гэвч тун харамсалтай. Атаа жөтөөнөөсөө болоод бас мэргэжлийн ур чадвараасаа шалтгаалаад нэгнээ алах нь холгүй байх юм. Би нэг зүйлийг ярилгүй орхих гэж байна. Үүнийгээ ярьчихаад асуултад чинь хариулт өгч болно биз дээ.

-Болно?

-Намайг өнгөрсөн жил хилс хэрэгт шалгагдаж байхад Монголоос яв гэж хүмүүс дарамталсан. Хэзээ ирэхийг чинь бид мэднэ гэсэн. Би хилийн хориотой байгаа яаж Монголоос явах юм бэ гэж тэднээс асуухаар ОХУ-ын хилээр гаргаж өгнө гэж хэлдэг. Тэгэхээр Монголын улс төр, хуулийн байгууллага дамнасан мафи ийм хэмжээнд ажиллаж байна. Харамсалтай нь үүнийг одоо дэлгэх аюултай. Үүнээс цааш би юм ярьж чадахгүй. Намайг тэгж чадаж байгаа юм чинь өөр олон хүнийг ингэж дарамталсан байх. Үүнээс болж олон хүн эх орноосоо зугтаасан гэж бодож байна. Яагаад би нэвтрүүлэг хийснийхээ төлөө шоронд орж, эсвэл эх орноосоо хөөгдөх гэж. Энэ зүгээр л ажлаа хийж байгаа сэтгүүлч шүү дээ. Тэгэхээр манай мафийн сүлжээ аймаар болсон.

-Та Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгыг дэмжсэн. Ялсных нь дараа таныг өндөр албан тушаал авна гэсэн олон хүн байсан. Та албан тушаалд очих гэж байгаа юм уу?

-Би одоо 40 нас гарч явна. Манай үеийнхэн Монголын сэтгүүл зүйг нуруун дээрээ үүрч явах цаг нь ирсэн. Сэтгүүл зүй дундаа л ярьж байгаа шүү. Түүнээс манай үеийнхэн улс эх орныг аваад явж байна. Дүү нартаа үлгэр дуурайлал өгөөд явахын оронд албан тушаалд ямар их хайртай юм бэ. Би сонгуулийн дараа тэдний өмнөөс ичиж үхэхээ шахсан шдээ. Мундаг гэдэг сэтгүүлчид бүгд албан тушаалд очсон. Нөгөө шударга сэтгүүл зүй, ёс зүй хаачсан бэ. Би л ганцаараа албан тушаал аваагүй үлдсэн. Өлсөж үхэх гээд байгаа юм уу. Нөгөө бичиж байсан мэргэжлийн үнэт зүйлээ шууд хаяад албан тушаалд очих гээд гүйчихсэн. Яасан ч албан тушаалд хайртай юм. Үүнд аймаар гутарсан. 2017 онд надад албан тушаалын санал ирсэн. Би хүлээж аваагүй. Надад ганцхан хэвлэлийн эрх чөлөө хэрэгтэй. Би дуртай ажлаа хийгээд сэтгүүлч мэргэжилдээ үнэнч явна. Надад энэ л хангалттай би жаргаж явна.

Э.Хүрэлбаатар

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Намуудыг тараацгаая

Igen, jцtt egy gyцngyhajъ lбny

Бlmodtam, vagy igaz talбn

УЛСТӨРИЙН
НАМ

Орчин үеийн дэлхийд улстөрийн намгүй төрт улс бараг байхгүй. Дарангуйллын уламжлалт дэглэмээ хадгалж үлдсэн хэдхэн орныг нэрлэж болно. Хаант дэглэмээсээ салж чадаагүй Саудын Араб, Оман, Бутан, эсвэл цэргийн эргэлтээр улстөрийн намыг хориглосон Нигер, Пиночеттийн үеийн Чили, эсвэл шашнаар дамжин лалын нэгдлийг буй болгодог учир улстөрийн нам үүнийг саринаана гэж үздэг лалын зарим орон. Ингэхээр энд “намуудыг тараая” гэдэг нь улстөрийн намгүй төрийг байгуулцгаая гэсэн тэс сондгой уриалга биш гэдгийг эхлээд тогтъё.

Улстөрийн нам бол үзэл сонирхлоо даган сайн дураараа нэгдсэн хүмүүсийн улстөрийн байгууллага. Үзэл сонирхол гэдэг нь нийгэм-ангийн, улстөр-эдийн засгийн, үндэстэн-соёлын, шашны гэх мэт янз бүр сэдэлтэй. Судлаачид намуудыг санал авах байдлаар нь 1. Хувийн, 2. Олонхын, 3. Программын гэж гурав ангилдаг. Орчин үеийн улстөрийн нам их хожуу, дөнгөж XIX зуунд анхлан үүсчээ. Бүх нийтээр сонгуульд оролцож ард түмэн өөрсдийн төр засгаа үзэмжээрээ сонгодог болсноор үүнийг зохион байгуулж, өргөн олныг улстөрийн үйл хэрэгт татан оролцуулах зайлшгүй шаардлагаар намууд буй болсон юм. Ерөөс улстөрийн нам оршин байх утга учрыг одоо ч олон хүн ойлгодоггүй, тэрбайтугай үгүйсгэдэг ч гэсэн намгүйгээр цэгцтэй сонгууль явуулж болох өөр арга чарга олсонгүй явсаар өдий хүрчээ.

Нэг намын тогтолцоо дарангуйллын системд байдаг. Хуучнаар нацист Герман, фашист Итали, ЗХУ, Монгол, өдгөө Хятад, Куба, Хойд Солонгос гэх мэт. Өөр улстөрийн нам оршихыг хориглоно. Ийм тогтолцоо өнөө ч Африкийн олон оронд байсаар. Хоёр намын тогтолцоо АНУ-д бий. Тэнд өөр улс төрийн нам байхыг хориглодоггүй ч уламжлалаар буй болсон хоёр нам ээлжлэн төр барина. Энэ нь абсолют мажоритар сонгуулийн тогтолцоотой холбоотой. Ихэнх оронд пропорционал болон холимог системээр сонгууль явуулдаг учир олон нам парламентад хувааж төр барилцдаг.

Ардчилсан тогтолцоонд улстөрийн намын үндсэн үүргийг тодорхойлохдоо:

• Нийгмийн үүрэг – иргэдийн ашиг сонирхлыг нэгтгэн тодорхойлохыг эрмэлздэг бөгөөд тэдний хүсэл зоригоо илэрхийлэх арга замыг “зааж” өгөн тэдний шаардлагыг тодорхой зохих түвшинд гаргадаг.

• Үзэл суртлын үүрэг – нийт нийгмийн гишүүд болон өөрийн гишүүддээ улс төрийн тодорхой үзэл баримтлалыг санал болгож итгэл үнэмшил болгосноор өөрсдийн боловсруулсан нийгмийн өөрчлөлтийн стратегиа дэмжүүлэх.

• Улс төрийн үүрэг – төрийн сонгуульд оролцож засаглах эрх мэдэл болон түүнд оролцох эрх авах, төрийн бодлогыг тодорхойлох, төрийн албан тушаалд өөрсдийн хүмүүсийг бэлтгэн байршуулах.

• Ард түмний эрх ашигт нийцүүлэн ажиллах

МОНГОЛ ТӨРИЙН АРДЧИЛСАН
ТОГТОЛЦООНЫ ҮҮСЭЛ

1990 онд Монгол Улс хүний эрх, улстөрийн олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрсөн ардчилсан төрт тогтолцоонд шилжин орсон. Улстөрийн намууд олноор буй болж, анхны чөлөөт сонгуулиар Монгол ардын хувьсгалт нам (МАХН), Монголын ардчилсан нам (МоАН), Монголын социал-демократ нам (МСДН), Монголын үндэсний дэвшлийн нам (МҮДН) парламентад суудал авсан. Тэр үед нийгмийн ардчилсан тогтолцооны эсрэг нам байтугай бие хүн ч байгаагүй. Улстөрийн зах зээлд орон зай эзлэхийн тулд нам хооронд шүүмжлэл өрнөж байсан болохоос шинэ тогтолцоог бүгд дэмжиж байлаа. Яг үнэндээ ардчилсан тогтолцоонд шилжих шилжилтийг МАХН чиглүүлэн удирдсан юм. Гол удирдлага болох инстүүцүүд болон удирдагч нар нь болох Батмөнх, Содном, Намсрай, Чимид, Түдэв, Очирбатууд, Бямбасүрэн, Зардыхан, Гомбосүрэн, Өөлд, Даш-Ёндон, Жамсран, Жасрай… гээд үй олон коммунист аснууд илүүтэй эх орончид байсан учир нийгмийн ардчилсан тогтолцооны дэмжигчид төдийгүй сэтгэл зүрхээрээ идэвхтэй оролцогчид, чиглүүлэгчид байв.

2000 онд хийсэн судалгаа­гаар 1990 оны шилжилтийг зөв зүйтэй нийгмийн өөрчлөлт байсан гэдэгт асуулгад оролцогчдын 90 гаруй хувь нь зөвшөөрчээ. 1990 оны шилжилт бол Монголын нийт ард түмний ухамсартай сонголт байсан юм.

Баримтаас харахад шинэ тогтолцоог илтээр эсэргүүцсэн ганц тохиолдол бүртгэгджээ. Ордонд болсон нам, Засгийн газрын хамтарсан томоохон хуралд нэг залуу босч бусдыгаа аймхайгаар нь дуудан гадаа гарч өлсгөлөн суулт зарлагчидтай өөрийн гараар тулалдахыг уриалсан. Гэвч хуралд оролцогчид түүнийг дэмжээгүйгээр барахгүй шүгэлдэн суулгажээ. Тэр залуу хэлтсийн эрхлэгч болон дэвших санаатай азаа үзсэн болохоос үнэн санаанаасаа эсэргүүцээгүй байх. Түүнийг Чүлтэмийн Улаан гэх.

Хожим нь ардчилагчдын зарим нь “амь насаараа дэнчин тавин байж…” гэж бүлтэрдэг болсон ч тэдний амь нас байтугай ажил төрөлд хэн ч заналхийлж байгаагүй. Талбай руу танк оруулахаар бэлдэж байв, НАХЯ-ны подволд зэвсэгтэй цэрэг арми бэлэн байдалд байлгав гэх мэтийн яриа шал худлаа. НАХЯ-ны сайд генерал Жамсран өөрөө ардчилагч нэгэн байсан шүү дээ.

Тогтолцоогоо эсэргүүцэж, “урвагч Батмөнх, уул нь Хятадын туршлагаар танк оруулж хүчирхийлэх байсан юм” гэх хэл амыг хожим 1992 оноос хоёр ч хүн ил зарлан зарим дэмжлэг авч УИХ-д суудал эзэлсэн билээ.

Шинээр төрсөн улстөрийн намуудад тухайн үед төрийн эрх мэдэл байгаагүй учир ардчилсан төр рүү хийх анхны шилжилтийн алхмуудад шийдвэр гаргалцах бололцоо байгаагүй. Гэвч тэд энэ шилжилтийг санаачлагч, түлхэгч, шаардагч, урагшлуулагч, хурдасгагч гол хүчин байсныг хэн ч үгүйсгэхгүй.

ҮЗЭЛ САНААНЫ НЭГДЭЛ ХУЛГАЙ ДЭЭРМИЙН БҮЛЭГЛЭЛ
БОЛОН ХУВИРСАН НЬ

Сонгуулийн абсолют мажоритар тогтолцооноос болоод сүүлийн 30 шахам жилд Монголд хоёр намын тогтолцоо уламжлал болжээ. Олон нам оршсоор буй боловч энэ хоёроос бусдад нь төр барилцах бололцоо гараагүй.

Цагийн явцад энэ байдалдаа дассаар эхлээд олигархиудын, явсаар өдгөө криминалын тогтоц руу шилжив. Хоёр нам өнгөн дээрээ улстөрийн зах зээлд зай булаацалдан биенээ шүүмжлэх боловч төрийн шийдвэр гаргах дээрээ тулахаар харилцан хуйвалдсан, дундын эрх ашгаа хуваалцсан, хамтарч хулгайлж шамшигдуулдаг нэгэн цул бүлэглэл болжээ. Ялангуяа 2004 оноос байгалийн нөөцийн хүчээр их хэмжээний гэнэтийн ашиг гараад ирмэгц энэ байдал бүр лавшрав. Өнгөн талдаа хоёр нам байгаа юм шиг мөртөө үнэн хэрэгтээ тухайн ашиг унац руу нам үл харгалзан бүлэглэлүүд болон хуваагдаж цадахаа мэдэхгүй идэж уух болов.

Үүнийг МАНАН гэж хочлох. Тэр болгоныг тоочих хэрэггүй, бүхний нүдэн дээр ил явагдаж буй зүйл. Өдгөө МАНАН-г хараалын оронд хэрэглэж нулимах болсон хүн нь өөрөө энэ тогтолцоог анхлан санаачилж эхний цучлыг нь асааж, түрүүлж хэрэгжүүлж эхэлсэн нэгэн. Тогтолцоог эсэргүүцээд байна гэхээсээ өөрөө оролцсон төстэй тогтолцоо шинээр дахин буй болгох гээд улайраад байгаа мэт.

Улстөрийн энэ хоёр ноёлогч нам өдгөө төрийн тогтолцоог нураан сүйтгэгч, голлон бузарлагч, улс орныг ялзруулагч болжээ. МАНАН-аас үтэр түргэн салахгүй бол улс орны уруутал доройтол цаашид ч үргэлжилсээр байх болно. Үүнийг ард олон ойлгон гарах гарц хайж байгаа нь өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиас ил харагдсан. Аль аль нам нь зуун мянга хол гарсан гишүүдтэй гэж сайрхдаг. Өнгөрсөн сонгуулиар саналаа өгөхгүй хойргошсон гишүүдээ бүртгэлээсээ харан илрүүлж автобусаар зөөн бараг албадлагаар саналыг нь авчээ. Гэтэл аль аль намын гишүүд Ганбаатарын төлөө саналаа өгсөн байна. Гишүүд өөрийн намаа жигшиж байна. Архангай, Дорнод зэрэг аймагт тэдний зүсийг нь үзээгүй хүн тэргүүлж гарч ирлээ. Нийт саналын гуравны нэг МАНАН-г эсэргүүцжээ.

Олон жилийн турш сонгогчид дөрөв дөрвөн жилийн зайтайгаар хоёр намд ээлжилж санал өгдөг байсан. Хий горьдлого? Одоо залхжээ! 2020 онд саяны ялагдсан нам нь гарч ирнэ гэж олон хүн гэнэхнээр бодож байгаа бол эндүүрэл. Өчигдөр гуравны нэгийг эзэлж байсан МАНАН-г жигшигчид хүрээгээ тэлэх асар том орон зай бий болчоод байна. Хүмүүс эцэст нь гэмт хэрэгтнүүдэд суурилсан энэ хоёр намыг бүрэн таньсан. Энэ орон зай руу дараагийн МАНАН төстийг буй болгохоор санаархагчид зүтгэсээр.

МАНАН-Г ЯАЖ ТАРААХ ВЭ?

Хоёр арга байна. Эхнийх нь цоо шинэ улстөрийн нам яаралтай байгуулаад үзэлцэх. Гэвч өнгөрсөн туршлагаас харахад энэ нь янз бүрийн олон удаагийн туршилтаар бүтэж байсан тохиолдол үгүй. 1991 онд Зоригийн байгуулсан Бүгд найрамдах намаас эхлээд ноднин байгуулагдаад хөөрхийлөлтэйгээр эцэслэсэн ХҮН нам хүртэлх олон оролдлогыг нэрлэж болно. Нийгмийн ухамсартай сэхээтнүүд оройлон шинэ ардчилсан улстөрийн нам байгуулан төрийн шийдвэр гаргагч болон босч ирэхийг үгүйсгэмгүй. Гэхдээ найдлага төрөхгүй буйн гол шалтгаан нь монгол хүний үл эвлэрэх төрөлх амбиц юм.

Хоёр дахь зам нь 1990 оны төлөв рүүгээ эргэж очин гарсан цэгээсээ дахин эхлэх. 1992 онд МоАН, МҮДН хоёр нэгдэж Монголын үндэсний ардчилсан нам (МҮАН)-ыг үүсгэсэн. Энэ нэгдэл шүүхээр орон бүртгэгдэж, сонгуулийн хуудсанд бичигдэх дарааллаа хэвээр хадгалсан төдийгүй хуучин нэрийг нь хожим хэн ч хэрэглэж болохгүйгээр тогтсон. 2000 онд МҮАН, МСДН мөн ижил нөхцөлөөр нэгдэж Ардчилсан нам (АН) үүсгэсэн билээ. Эдгээр нь шүүхийн шийдвэр бүхий албан ёсны гэрлэлт байсан, одоо мөн шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулах нь нээлттэй. Ингэвэл хууль шүүхийн шийдвэрийн дагуу АН хэмээх МАНАН-ын өрөөсөн тал үгүй болно.

1990 онд байгуулагдсан МоАН, МСДН, МҮДН болон мөн онд анх удаа Дээд шүүхэд улстөрийн намаар бүртгэгдэн шинэчлэгдсэн МАХН-ын улстөрийн зорилго, тунхаглал, хүсэл тэмүүлэл яаж ч өөллөө гэсэн ерөнхийдөө ариун байсан юм. Аль нь ч өнөөгийн ийм өөдгүй бузар тогтолцоог хүсээгүй, төсөөлөө ч үгүй.

Намаа эргэж сэргээнэ гэдэг нь тэр үед байсан толгойлогчдыг эргэж гаргана гэсэн үг огт биш. Бүхэл бүтэн үе солигдон, тэр үеийнхэн тэтгэвэрт гарчээ. Харин тэр үеийн ариун зорилт, хүсэл тэмүүлэл хөгшрөөгүй. Аймаг, сум, хот дүүрэг бүрт бие даасан хөдөлгөөнүүд үүсэн ерэн оныхоо намуудыг сэргээж болно. Үүний оройлогчид нь шинэ үеийн ухамсарт залуучууд байх юм. Үүнийг дагаад өдгөө нэгэнт цав суучихсан МАН ч хага үсрэн бутарч ерэн оны зорилт тэмүүлэлтэй шинэ намууд үүсгэх байх.

Ардчилсан нам 2000 оны 12 дугаар сарын 6-нд байгуулагдсан. Үүнээс хойш 17 жил өнгөрч байна. Хожим нь хулгайч, луйварчид, идээчин уугаачид, гэмт хэрэгтэнд эзлэгдэх бузрын үүр болон өөрчлөгдөхийг тэр үед хэн ч төсөөлөөгүй байх. 17 жил болжээ.

Биднийг бага байхад Унгарын Омэга гэдэг поп хамтлаг асар их алдартай байлаа. Тэдний “Сувдан үст охин” дууг бүгд мэднэ. Учир нь тэд дахилтаа монголоор дуулна. “Ингээд нийлээд бид хоёулаа арван долоон жил болжээ”. Бүр яг ингэж дуулна. Одоо та нар ютүб-ээр ороод сонсоорой. Өгүүллийн эхэнд ишилсэн унгар мөрийг копи паст хийгээд олоорой.

Аймшигтай андуурсан байна билээ. Монголоор дуулаагүй юм билээ. Бид л тэгж чагнасан хэрэг. “Эрт цагийнхаа нэгэн адил газар тэнгэр ногоон хөхөөрөө байг” гэж тэд дуулсан юмсанж. Харин 1989 оны 12 дугаар сарын 10 бол ямар ч эндүүрэл үгүй ариун үнэн юм шүү. Тэр л үеийнх шигээ газар нь ногоон, тэнгэр нь хөхөөрөө байг.

2017.12.10

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баабар “Өдрийн сонин”-д “Намуудыг тараацгаая” хэмээн өгүүлжээ

Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа.

“Аж үйлдвэрийн салбар 60 хувиар өссөн ч өндөр цалинтай ажиллагсдын тоо буурчээ” хэмээн тэргүүн нүүрт өгүүлжээ.

УИХ-ын гишүүн Л.Болд “Шинэ Засгийн газарт бид татвар хэмэхгүй байх шаардлагуудыг тавина” хэмээн ярьсан байна.

Түүхч Д.Өлзийбаатар: Төрийн шагнал авсныг маань манайхан зурагт үзэж мэдсэн байна лээ хэмээн ярьжээ.

“Баримт, үзэл бодол” нүүрт “Намуудыг тараацгаая” гэж Баабар өгүүлэв.

Улстөрийн энэ хоёр ноёлогч нам өдгөө төрийн тогтолцоог нураан сүйтгэгч, голлон бузарлагч, улс орныг ялзруулагч болжээ. МАНАН- аас үтэр түргэн салахгүй бол улс орны уруутал доройтол цаашид ч үргэлжилсээр байх болно. Үүнийг ард олон ойлгон гарах гарц хайж байгаа нь өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиас ил харагдсан хэмээн тэрбээр өгүүлжээ.

“Дэлхийн мэдээ” Нью-Йорк хотод халдлага болсон тухай онцолжээ.

Дулааны IV цахилгаан станцын хөргөх цамхаг ажиллагаагүй болсон тухай “Цаг үе” нүүрт мэдээлсэн байна.

ӨӨРӨӨС НЬ … буланд “Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн үүсгэн байгуулагч, “Шинэ Монголын эрдмийн хүрээлэн”-гийн ерөнхийлөгч Ж.Галбадрахтай ярилцлаа. Тэрбээр саяхан Японы Эзэн хааны мандах нарны одон хүртсэн юм.

Ж.Галбадрах “Гурван сая хүн дотор 10 мянган торгон цэрэг бэлдээд өгчих юмсан” хэмээн ярьжээ. “Одоо би шинээр барилга барихгүй. Би Харумафүжитэйгээ сургуулиа байгуулчихаад “Шинэ Монгол” сургуулиасаа олсон туршлага дээрээ үндэслэн ерөнхий боловсролын орон нутгийн сургуульд ч юм уу менежмэнт хийж ажиллая гэсэн бодол бас бий” хэмээн тэрбээр хэлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны удирдлагыг хүлээн авч уулзлаа

Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Ерөнхий сайдын асуудал хариуцсан зөвлөхүүд, Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны гишүүн Боловсрол шинжлэх ухаан, Төмөр зам, Барилга, Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчин, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэл болон Төв аймгийн үйлдвэрчний эвлэлийн удирдлага оролцлоо.

Монголын Үйлдвэрчний Эвлэл, Монгол Улсын Засгийн газартай Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт хүрч багш ажилчид, төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх эхлэлийг тавьсан.

2018 оноос нийт ажилчид, алба хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг бодитой нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж, эрхзүйн орчноо боловсронгуй болгохын төлөө хамтран ажиллах хүсэлтэй байна гэж Монголын Үйлдвэрчний эвлэлийн дарга Х.Амгаланбаатар хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх салбар, салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой Засгийн газар идэвхтэй хамтарч ажиллана. Цалин хөлс, тэтгэврийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн дагуу шат дараатайгаар нэмэгдүүлнэ гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Шинэ санаа-Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний төслийн уралдаан явагдаж байна

Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газар “Шинэ санаа-Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний шилдэг төсөл, бүтээгдэхүүний уралдааныг зохион байгуулж байна.

Уралдааны зорилго нь нийслэл хотод тулгамдаж буй хот байгуулалт, эрчим хүч, агаарын бохирдол, хүрээлэн буй орчны асуудлуудыг сэргээгдэх эрчим хүчийг ашиглан шийдвэрлэх, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх шинэ шийдэл бүхий техник технологийг нэвтрүүлэх шинэ санаа санаачилгыг дэмжихэд оршино.

УРАЛДААНЫ БОЛЗОЛ

“Шинэ санаа – Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний уралдааныг Сэргээгдэх эрчим хүчний төсөл, Сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн гэсэн үндсэн 2 чиглэлээр шалгаруулах бөгөөд төрөл тус бүр нь дараах болзлыг хангасан байна. Үүнд:

  • Эдийн засгийн үр ашигтай;
  • Зах зээлд нэвтрүүлэх боломжтой;
  • Сэргээгдэх эрчим хүчний ашиглалт, үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх;
  • Эрчим хүчний хэмнэлтийг бий болгох;
  • Нийслэлийн хот байгуулалт, эрчим хүч, агаарын бохирдол, хүрээлэн буй орчны асуудлуудыг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, бүтээгдэхүүн байна.

Төсөлд бизнесийн төлөвлөгөө, техник, эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулсан байвал давуу тал болно.

Уралдаанд аж ахуйн нэгж, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон иргэд оролцоно. Харин дараах шаардлагууд тавигдана.

Танилцуулгын эхний хуудсанд оролцож буй төсөл, бүтээгдэхүүн танилцуулагчийн овог нэр, холбоо барих утасны дугаар байна. Танилцуулгын мөр хоорондын зай single, үсгийн хэмжээ 12, Arial фондоор бичигдсэн байна. Цаасны хэмжээ А4 байх бөгөөд 15 хуудас хүртэл зураг, тайлбар, тооцоолол, үр дүнг тусгасан байна. Нэг оролцогч зөвхөн 1 төсөл танилцуулна.

Шилдэг төсөл, бүтээгдэхүүн тус бүрээр 1, 2, 3 дугаар байр эзлүүлж шалгарсан бүтээлд мөнгөн шагналыг олгоно.

Уралдааны төсөл, бүтээгдэхүүний танилцуулгыг эх хувилбараар Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын байранд байранд /Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо Лхагвасүрэнгийн гудамж, Орчлон дунд сургуулийн урд байрлах Нийслэлийн засаг захиргааны V байр/ 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авна. Уралдааны шагналыг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гардуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99772561 дугаарын утас, innovationub@gmail.com хаягаар авч болно.

Categories
мэдээ улс-төр

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зорилгоор Төв аймаг, нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажиллалаа

Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Д.Амгалангийн баталсан удирдамжийн дагууөнөөдөр (2017.12.12) Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгтээр ахлуулсан бүрэлдэхүүн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зорилгоор Төв аймагт ажиллалаа.

Удирдамжид хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудыг хамруулан хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулах, тандалтын судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, ажлын тайлантай танилцахаар тусгажээ.

Эхлээд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Цагдаагийн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, багийн засаг дарга нар болон төрийн бусад байгууллагын албан тушаалтан, аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэдийг оролцуулан хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт хэлсэн үгэндээ “Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын Тамгын газраас хуулийг хэрэгжүүлэх байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийдэг болсон. Ингэснээр тухайн хуульд өөрчлөлт оруулах, эсвэл шинэчилсэн найруулгаар дахин батлах шаардлага байна уу, хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудал юу байна,хуулийн ямар заалт хэрэгжихгүй байна вэ гэдгийг тодорхойлж, дараагийн гарц шийдлийг гаргах зорилготой” гээд хэлэлцүүлгийн сэдвийг танилцууллаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн хэрэгжилтийн талаар дараа нь саналаа хэлэв.

Зуун мод сумын V багийн засаг дарга С.Очирбат “Архидалттай төрийн байгууллагууд тэмцээд үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой боллоо. Төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудыг энэ ажилд татан оруулж, архи хэтрүүлэн хэрэглэдэг иргэдийн ухамсарт нөлөөлөх нөлөөллийн ажлыг түлхүү хийлгэмээр байна. Яагаад гэвэл архидан согтуураад байгаа хүмүүст эрүүлжүүлэхарга хэмжээ авна уу гэхээс хуулийн хүрээнд өөр хариуцлага алга. Ахуйн хүрээнд архидан согтуураад байгаа хүмүүст арга хэмжээ авч өг гэхэд цагдаагийн байгууллага хүний эрх зөрчсөн үйлдэл болно гэж татгалздаг” хэмээн саналаа хэлэв.

Зуун мод сумын иргэн Б.Тойвгоо “Манай улсын архи үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд жил ирэх бүр л архиныхаа хатуулгыг уралдан чангаруулдаг. Азийн орнуудын жишгийг дагаж жил ирэх бүр бууруулах ёстой. 39 градусын хатуулагтай архийг дараа жил нь 36 градустай болгохоор хуулийн зохицуулалт шаардлагатай байна” гэв.

Зуун мод сумын VI багийн засаг дарга Б.Отгонбаяр ахуйн хүрээний архидалтын хохирогч нь бага насны хүүхэд байдаг талаар саналаа хэлж, эцэг эх, асран хамгаалагч нь бага насны хүүхдийн дэргэд архидан согтуурахыг хориглох, хэрвээ зөрчсөн бол арга хэмжээ авах заалт хуульд оруулах талаар саналаа хэлэв. Тэрбээр асран хамгаалагч нь бага насны хүүхдийн дэргэд архидан согтуурснаас үүдэн хүүхдүүд аливаа хүчирхийллийн золиос болж байгааг тэмдэглэсэн юм.

Зуун мод сумын III багийн засаг дарга Ш.Цэндсүрэн архидан согтуурах нь өвчин гэдгийг ойлгуулах, тэгснээр архины хэрэглээг болиулах, архи хэрэглэхээс татгалздаг болсон үед “гам барих” гэх мэт шат дараалсан цогц сургалт, сурталчилгааны ажлыг улсаас нэгдсэн бодлогоор хийх санал хэлэв.

Архины шошгон дээр хаадуудын хэлсэн үгийг бичих, хаадын нэрээр архийг нэрлэх нь өвөг дээдэс маань залуу үеэ архидан согтуур гэж уриалж байгаа мэт далд сурталчилгаа болж буй учир хаадын нэрээр, ялангуяа Чингис хааны нэрээр архийг нэрлэхгүй байх зохицуулалт хуульд хийж өгнө үү хэмээн тэрбээр мөн саналаа хэллээ.

Баянхангай сумын ИТХ-ын төлөөлөгч төрийн байгууллагынхны архидалттай тэмцэх талаар саналаа хэлсэн. Тэрбээр сумын сургууль төгсөгчдөөсөө хандив авах үйл ажиллагааг зохион байгуулахдаа жилд хоёр удаа төгсөгчдөө сургууль дээрээ уридаг. Төгсөгчдөө сургуулийнхаа дотуур байранд байрлуулж, сургуулийн гал тогоонд хүлээн авалт хийдэг. Энэ байдал сурагчдад архидан согтуурахыг шууд үлгэрлэсэн төдийгүй үр дагаварт нь хүчирхийллийн хэрэг гарсныг хэллээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид ийнхүү санал хэлэхдээ архи гэдэг бүтээгдэхүүнтэй бус архидан согтуурах нийгмийн үзэгдэлтэй тэмцэх, ахуйн хүрээний архидалт их байгаа нь ажилгүйдлээс болдог учир иргэдийг ажлын байраар хангах, ажлын байр байхгүй бол спортоор хичээллэх, спортод дуртай болох орчин нөхцөл бүрдүүлэх зэрэг өргөн хүрээний санал дэвшүүлэв.

Дараа нь удирдамжийн дагуу хуулийн хэрэгжилтийн талаар хууль хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөлтэй дангаар нь уулзалт хийсэн юм.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зорилгоор Төв аймагт ажиллах үеэрээ Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт хуулийн хэрэгжилтийг хангах төрийн байгууллагууд зохих түвшинд ажлаа хийж байгааг тэмдэглээд, хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна уу гэдэг эцсийн дүнг Улсын Их Хурлын Тамгын газарт болон хамтран ажиллаж байгаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн нэгжид танилцуулна гэлээ.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зорилготой УИХ-ын Тамгын газрын бүрэлдэхүүн өмнө нь нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх дүүрэгт мөн ажилласан юм.

Тухайлбал, өнгөрөгч баасан гаригт Баянзүрх дүүрэгт ажиллах үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хийсэн танилцуулгадаа“Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу Сансарын үйлчилгээний төв орчим, Баянцээлийн гудамж дагуу баар шөнийн цэнгээний газар ихээр төвлөрснөөс архидан согтуурах явдал, гудамж талбайд согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн тоо өсч байгаа.

Иймд уг асуудалтай холбогдуулан 1589 өрх айлаас судалгаа аван, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөн 2017 онд “Баривчилгаа” тусгай арга хэмжээг 10 удаа зохион байгуулж, байнга архидан согтуурдаг болон гудамж талбай, олон нийтийн газарт танхайрдаг, удаа дараа цагдаагийн байгууллагад саатуулагдсан 310 иргэнийг баривчилгаанд хамруулж, 74 хүнийг архаг архичны судалгаанд бүртгэснийг онцоллоо.

Энэ үеэр төрийн байгууллагуудын зүгээс согтууруулах ундаа худалдаалах цэгийн тоо, нормативыг тухайн хорооны хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, оюутан сурагчдын хичээлийн болон нийтийн байрын байршил, хориглосон газруудыг харгалзан тогтоож, зөвшөөрөл олгох талаар саналуудыг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Интернэтийн хурдыг сайжруулах арга

Буруу тохиргоотой компьютероос болж интернэтийн холболтын хурд буурдаг. Хангалтгүй ой санамж , хэт ачаалалтай процессор, хугацаа нь хэтэрсэн хуучин браузер зэрэг нь холболт удаашрах шалтгаан болдог байна. Мөн хэрэглэгчийн компьютер вирустсэн үед ачаалал үүсгэж компьютерийг удаашруулдаг.

Таны үйлчлэгч оператор холболтын хурдыг хамгийн өндөр байлгах тохиргооны талаархи мэдээллээр таныг хангах эсвэл уг тохиргоог хийж өгөх үүрэгтэй.Бүх рүүтэр нь үйлдвэрийн тохиргоотой байдаг. Харин та хурд муутай рүүтэрийнхээ тохиргоог шинэчилж, илүү хурдан, хүчин чадал ихтэй болгож өөрчилж болно. Ингэхийн тулд танд “DD-WRT firmware” гэх сайт хэрэг болох бөгөөд үүнийг та комьпютертээ татаж, суулган, рүүтэрээ шинэчлээрэй. Мөн хуучин рүүтэрийг “wifi” дамжуулагч болгон ашиглах боломжтой байдаг. Дээр дурдсан “DD-WRT firmware” ашиглан, комьптердээ суулгаж, хоёр рүүтэрдээ залгаж уншуулна. Харин хоёр рүүтрээ гэрийнхээ хол зайтай тавьснаар маш өндөр хурдтай интернэт таныг хүрээлэх болно.

Хуучин рүүтэрийг ашиглах