Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин: ШӨХТГ-ын ажлыг хэрэглэгчид дүгнэнэ

Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2017.12.13) Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ажил байдалтай танилцаж, үүрэг даалгавар өглөө.

“ШӨХТГ нь энгийнээр хэлбэл, хүмүүст тусалж зөвлөдөг байгууллага юм. Урьдчилан сануулж, мэргэжлийн зөвлөгөө өгсөөр байтал удаа дараа хууль зөрчин хэрэглэгчдийг чирэгдүүлсэн байгууллагуудад хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ ШӨХТГ давын өмнө дарамталдаг, торгодог газар биш, туслан зөвлөдөг, залруулдаг байгууллагын зарчимаар ажиллаж байгааг дэмжиж байна” гэсэн үгээр Шадар сайд Ө.Энхтүвшин яриагаа эхлэв. Тэрбээр цааш нь “ШӨХТГ-ын ажлын эцсийн үнэлгээг хэрэглэгчид өгнө. Ажилтан албан хаагчиддаа болон аж ахуйн нэгж, байгууллагуудад өндөр шаардлага тавихын тулд эхлээд өөрсдөө хууль биелүүлж, сахилга бат, ёс зүйг чанд сахиж ажиллах ёстой. Эс бөгөөс ШӨХТГ-ын үйл ажиллагаа хүмүүст эргэлзээтэй санагдана” гэв.

ШӨХТГ-ын байгуулсан “Хэрэглэгчийн төв” нь Засгийн газрын 11 дүгээр байрны нэгдүгээр давхарт байрладаг бөгөөд 1800-1284 дугаарын утсаар хэрэглэгчдийн гомдол, саналыг хүлээн авдаг болжээ. Өдөрт 140 орчим дуудлага тус дугаарт ирдэг байна. ШӨХТГ-ын дарга Б.Лхагвын хэлснээр, нийт дуудлагын тал хувь нь оршин суугчдаас ирдэг бөгөөд тэд Сууц өмчлөгчдийн холбооныхоо үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлдэг байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин ШӨХТГ-ыг салбарын хууль эрх зүйн орчноо сайжруулах, иргэд болон аж ахуйн нэгжийг шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийн асуудлаар соён гэгээрүүлэх үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг тус тус даалгалаа гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын 21 аймгийн удирдлагуудыг хамруулсан Байнгын хорооны анхны цахим хуралдаан боллоо

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2017.12.13/ 14 цаг 11 минутад эхэлж, Монгол Улсын 21 аймгийн удирдлагуудыг хамруулсан анхны цахим хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

Хуралдаанаар Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонсох тухай асуудлыг хэлэлцэв.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, тус Байнгын хороонд иргэдээс ашигт малтмал, уул уурхайн ашиглалт болон хайгуулийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас газрын эвдрэл үүсч, нөхөн сэргээлт хийгдээгүйн улмаас тоос шороо босч, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөн, ундны усны хомсдол үүсч, Монгол Улсын Үндсэн хуулинд заагдсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдаж байгаа талаар дурдсан өргөдөл олноор ирж, хяналт шалгалт хийлгэх, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах, учирсан гэм хорыг арилгуулах, Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх, уул уурхай, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цөөрүүлэх, бэлчээр нутгийг хамгаалах, байгаль орчныг нөхөн сэргээх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, эрх зүйн орчныг сайжруулах зэрэг хүсэлтүүдийг гаргасан.

Дээрх иргэдийн өргөдлийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн, Г.Мөнхцэцэг нарт хуваарилан ашигт малтмал уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, сайжруулах асуудлыг судалж Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд хэлэлцүүлэн Байнгын хорооны 05 дугаар тогтоол гарч 10 үүрэг бүхий чиглэлийг Монгол Улсын Засгийн газарт өгсөн болно гэлээ.

Ингээд Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Тогтоолын биелэлт ирүүлэх тухай” 7/10365 тооот албан бичгийг бүх аймаг, холбогдох байгууллагуудад хүргүүлсний дагуу өнөөдөр 21 аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, Тамгын газрын удирдлагууд цахим хуралдаанд оролцож тус Байнгын хорооны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийв.

Тухайлбал, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал хийсэн мэдээлэлдээ, өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 14 сумын нутаг дэвсгэрт 58,262.04 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 52 аж ахуйн нэгжийн 84 тусгай зөвшөөрөл, 15 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 505,562.93 га талбай буюу 75 аж ахуйн нэгжийн 100 хайгуулын зөвшөөрөл олгогдсон байна. 2017 онд аймгийн хэмжээнд 15 аж ахуйн нэгж ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа, 11 аж ахуйн нэгж хайгуулын үйл ажиллагаа явуулсан. Үүний дотор иргэдийн эсэргүүцэл гомдолтой тулгарсан хэд хэдэн аж ахуйн нэгжүүд байна. Тухайлахад, Баянхонгор аймгийн Заг сумын нутаг дэвсгэрт 390 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг нэгэн компанийн үйл ажиллагааг зогсоох талаар иргэд удаа дараа хүсэлт ирүүлсний дагуу ажлын хэсэг томилж, тус ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг аймгийн Засаг даргын Зөвлөл, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлэв. Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал уламжлах тухай” 47 дугаар тогтоолыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудад хүргүүлсэн болно. Иймд аймгийн Тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Зарим газар нутгийг аймгийн тусгай хамгаалтад авах тухай” 130 дугаар тогтоол гарч, тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай албан тоотыг холбогдох дээд шатны байгууллагуудад хүргүүллээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн “Нөхөн сэргээлтийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын дагуу 2019 оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд эвдэрсэн газруудын нөхөн сэргээлтийг дуусгаж дахин үйл ажиллагаа явуулахгүй байхаар шийдвэрлэсэн бөгөөд мөн хугацаанаас хойш зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг байх болно гэж танилцуулав.

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, “Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого хийх ажлын удирдамж”-ийн дагуу аймгийн Засаг даргын 2017 оны А/137 тоот захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг тооллого судалгааны ажлыг орон нутгийн холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэ оны 05 дугаар сарын 22-ноос 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллалаа. Тооллогын дүнгээр нийт 415.26 га талбайд эвдрэлд орж орхигдсон бөгөөд 371.26 га талбай гар аргаар хууль бусаар ашигт малтмал /алт, нүүрс, анар/ олборлох, 37.96 га нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу уул уурхайн олборлолтод, 2.58 га нь овоолгод дарагдсан, 3.46 га талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмал /хайрга/ техникээр олборлох үйл ажиллагаанд тус тус өртсөн. Нийт талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай эсэх талаар ангилан авч үзвэл 305.64 га-д шаардлагатай, 109.62 га-д шаардлагагүй гэсэн дүгнэлт хийгээд байна. Энэ онд нөхөн сэргээлтийн ажлыг 11 га-д төрийн бус байгууллагуудаар хийлгэж хүлээн авав. Хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг тухай бүр нь зогсоох арга хэмжээ авсны дүнд Улсын байцаагчийн албан шаардлага 3, үйл ажиллагааг зогсоох акт 2, нөхөн төлүүлэх тухай акт 2, нөхөн төлбөрт 3.9 сая төгрөг, мөн 11.4 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч, барагдуулан ажиллалаа гэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тус Байнгын хорооны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт орших ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд газар дээр нь ажилласан талаар танилцуулав. 2017 оны 05 дугаар сарын 23-ны байдлаар Цэнхэр сумын нутаг дэвсгэрт 17 ашиглалтын тусгай зөвшөөрөл байгаагаас бүгд алтны нөөцтэй талбай. Газар дээр нь очиж танилцахад бүх талбайн хэмжээнд эвдрэлд орсон ба ашиглалтын үйл ажиллагаа явуулагүй байсан ч хөрс нь хөндөгдсөн, олон тооны нуур далан байгуулагдсан учир бороо хур орох болон уулын ус буух тохиолдолд голын ус нь бохирдолд ордог байна. Иймд тус талбайн хэмжээнд хамгаалах нуур далан хийлгэж, нөхөн сэргээлт хийх шаардлагатай гэж үзсэн. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчийн дүгнэлт гарсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон цуцлах арга хэмжээ авч болно хэмээсэн санал, дүгнэлтийг танилцуулав.

Цахим хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцад Дорноговь аймгийн Даланжаргал сумын “Алаг толгод”, “Гашуун” зэрэг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласныг цуцалж өгөхийг хүссэн иргэдийн өргөдлийн дагуу Өргөдлийн байнгын хороо Ашигт малтмал, газрын тосны газартай хамтран ажиллаж тус газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/199 тоот тушаалаар сонгон шалгаруулалтыг цуцалсан хэмээн танилцуулав.

05 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, А.Сүхбат, Ц.Гарамжав нар хобогдох албан тушаалтнуудаас тодруулга авч, тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж нь байгаль орчны нөхөн сэргээлтийг зайлшгүй хийх ёстой талаар байр сууриа илэрхийлж байв.

Харин УИХ-ын гишүүн А.Сүхбат аймаг, сумдын ай сав газрыг маш ихээр сүйтгэсэн байдал өнөөдөр газар авч байна. Иймд төр гэж юу байдаг, төрийн зангарагыг харуулах цаг болсон. Нөхөн сэргээлтийг үлгэр жишээ гүйцэтгэдэг зарим аж ахуйн нэгжүүд байдаг, эдгээр байгууллагуудад эрхийг нь олгож, дэмжиж ажиллах нь чухал болохыг хуралдааны үеэр онцлож байлаа.

Мөн УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан салбарынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, УИХ-ын гишүүдийн асуултад тайлбар өгөв.

Аймгуудын удирдлага тулгамдаж буй асуудлаа танилцуулахын зэрэгцээ цаашид анхаарах асуудлын талаар саналууд мөн хэлж байлаа. Тухайлбал, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, төрөөс санхүүжилт гаргаж экологийн хохирлыг тооцдог нэгж байгуулах саналтай буйгаа илэрхийлэв.

Ийнхүү Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд болон хуралдаанд оролцсон албан тушаалтнуудаас гарсан саналуудыг тусгаж Монгол Улсын Засгийн газарт Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгөхөөр тогтлоо.

УИХ-ын гишүүд болон аймаг, яам, агентлагуудын удирдах албан тушаалтнууд өнөөдрийн цахим хуралдаан үр дүнтэй болсныг тэмдэглэж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд нэн ач холбогдолтой болохыг дурдаж байлаа.

Өнөөдрийн 21 аймгийн удирдлагуудыг хамруулсан цахим хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын удирдах албан тушаалтнууд оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулав

Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2017 оны шагнал гардуулав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтнаар энэ удаа Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн багш, доктор Гүржавын Өлзийжаргал, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Энхнарангийн Уянга, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Батцэнгэлийн Нацагдорж нар тодорлоо.

Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн багш, доктор Гүржавын Өлзийжаргал Монгол Улсад анх удаа олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний үүсгэгдэх хэв шинж, халдварын тархалтын хэлбэр, онцлогийг тодорхойлж, сүрьеэ өвчнийг молекул, биологийн түвшинд оношлох шинэ аргыг эх орондоо төдийгүй олон улсад нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэн , өвчнийг эрт илрүүлэх, тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх шинжлэх ухааны үндэслэлтэй гарц, шийдлийг санал болгосон “Монгол Улсад анх эмэнд тэсвэртэй сүрьеэ нэгдүгээр эгнээний бүх эмэнд тэсвэртэй бээжин хэв шинжийн М.TUBERCULOSIS-ээр үүсгэгдсэн дүн” сэдэвт судалгааны бүтээл туурвин Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзэн болов.

ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Энхнарангийн Уянга орчин үеийн физикийн шинжлэх ухаан, материал судлал, эрчим хүчний салбрт чухал ач холбогдолтой “Устөрөгчит энергийн үүсгүүрт ашиглах ниоби хольцолсон титаны оксидын суурт бүхий цагаан алтан катализатор нэгдлийн бүтэц, шинж чанарын судалгаа” сэдэвт бүтээлээр цахилгаан дамжуулал сайн, өндөр температурт тогтвортой, каталик идэвх өндөр, хямд үнэтэй, зэврэлд тэсвэртэй анатаз фаз бүхий катализаторын материалыг синтезлэн гарган авч, уг арга технологийг өөрийн хүрээлэнгийн лабораторийн нөхцөлд тохируулан нутагшуулж Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Батцэнгэлийн Нацагдорж Монголын түүхэнд холбогдох шинэ сурвалж бичиг, эх хэрэглэгдэхүүнийг олж илрүүлэн, судалгааны эргэлтэд оруулж, орос, монгол, манж хэл дээрх архивын баримтыг цогц байдлаар хамруулан судалсан, өмнөх үеийн судлаачдын алдаа эндэгдлийг засаж залруулах, шинэ санал дэвшүүлэх давуу талтай “ХVII зууны Монгол-Оросын харилцаан дахь харьяатын асуудал” сэдэвт Монголын түүхийн судалгааны сурвалж хэрэглэгдэхүүнийг өргөжүүлэхэд зохих хувь нэмэр оруулсан судалгааны ажил гүйцэтгэсэн тул Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардан авав.

Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ:

“Жил бүр уламжлал болгон олгодог Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын 2017 оны шагналыг гардуулах энэ мөчид уг шагналын утга агуулга, зорилгыг товч сануулахыг хүсч байна.

Өнөө цагт нийгмийн амьдралын бүхий л салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд судалгаа шинжилгээ, шинжлэх ухаанч хандлага чухлаар шаардагдах болсон. Залуу үе маань эрдэм шинжилгээ, судалгааны хүнд, хатуужил шаардсан ажилд бие сэтгэлээ зориулж, юмс үзэгдлийн учир шалтгааныг нээн илрүүлэхээр тогтвортой, шаргуу ажиллаж байгааг Төрөөс байнга анхаарч, урамшуулж байх учиртай. Шинэлэг бүхнийг урмаар тэтгэж, хийсэн судалгаа шинжилгээг нь олны анхааралд оруулж байвал амьдралд нэвтрэх, нийгмээс дэмжлэг авахад нь дөхөмтэй, тустай байх болно.

Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын оны шагналаар дамжуулан шинжлэх ухаан, судалгааны салбарт ажиллаж байгаа залуу эрдэмтэн, судлаачдыг амжилтад уриалах нь энэ арга хэмжээний үндсэн утга учир юм.

Та бүхэнд баяр хүргэж, цаашдын судлагаа, шинжилгээний ажилд тань амжилт хүсье. Улам шинэлэг санааг эрэлхийлж ажиллахыг хүсье. Баярлалаа” гэлээ.



Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Шинэ Засгийн газарт бид татвар нэмэхгүй байх шаардлагуудыг тавина

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Бнсу-д Элчин сайдаар томилуулахаар Б.Хурцын нэр орж ирсэн. Түүнтэй холбоотой асуудлуудын хүрээнд нийтийн сонсгол явуулна гэж байсан ч больчих шиг боллоо. иргэдээс ирсэн өргөдлийг Өргөдлийн байнгын хороогоор, гишүүний нууцтай холбоотой асуудлыг уиХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэх юм уу?

-УИХ-ын Тамгын газартай гишүүд маш их санал зөрөлдөж байна. Тамгын газрын зүгээс Нийтийн сонсгол хийлгэхгүй тодорхой дүрэм журам нь алга гээд байгаа. Энэ зүгээр л шалтаг. Хуулийнхаа дагуу гишүүдийн зүгээс тавьчихсан юм шүү дээ. Тиймээс хуулийнхаа дагуу явчих ёстой юм. Ажлын хэсэг дээр бид нэлээдгүй ярилцсаны эцэст УИХын Тамгын газар тэс хөндлөн хэвтээд байгаа учраас Нийтийн сонсгол байна уу, хэлэлцүүлэг байна уу нэршлээс нь үл хамаараад ээдрээтэй асуултууд хариултаа олох ёстой гэж үзсэн. Хуулийн хүрээнд хэн ч саад тээг болж чадахгүй гарц нь юу вэ гэхээр иргэдээс ирсэн өргөдлийг Өргөдлийн байнгын хороонд өгөөд нээлттэй хэлэлцүүлэг хийгээд асуултуудад нь хариулт өгье гэсэн юм. Хэлэлцүүлэг чинь өөрөө Нийтийн сонсголын нэг хэлбэр. Нийтийн сонсгол гэхээр жижиг шүүх хурал шиг зүйл болдог. Уг хэлбэрийг нь хөөхөө болиод иргэдэд үнэн зөв мэдээлэл очоосой гэдэг утгаар нь нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. Мөн олон гишүүнийг гэмт хэрэгт гүтгэсэн. Гишүүд өөрсдийн шугамаар шүүхэд хандаж байгаа. Хачирхалтай нь янз бүрийн шалтгаанаар шүүх өргөдлийг хүлээж авахгүй байна. Авсан ч буцаах шийдвэр гаргаад байгаа юм. “УИХын гишүүний хувьд гүтгэсэн байна. Иргэний хувьд Их хурлын гишүүнээ та төлөөлөх эрхгүй” гээд байгаа л даа. Энэ юу гэсэн үг юм. Би өөрөө өөрийгөө төлөөлөх эрхгүй шийдвэрийг шүүх гаргаад байгаа. Тиймээс давж заалдана. Бүх боломжийг хуулийн хүрээнд ашиглаж нэр төрөө сэргээлгэнэ.

Нөгөө талдаа Б.Хурц өөрөө улсын нууц гэсэн зүйлсээ дэлгээд байгаа болохоор Тусгай хяналтын дэд хороо УИХын бүтцийн байгууллагууд хэлэлцээд бичиг баримтуудыг нь үзээд хариугаа өгөх ёстой.

Тэр процесс руугаа яв гэж байгаа юм. Энэ асуудлыг би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тавьсан.

-Ямар шалтгаанаар…

-Би ч биш Монгол улс гүтгэгдсэн. тиймээс Монгол улсынхаа нэр хүндийг ҮаБз авах ёстой. гүтгэсэн гүтгээгүй гэдэг дүгнэлтийг тусгай хяналтын дэд хороо гаргаж өгөх ёстой юм. энэ бүх чиглэлээр өргөдөл өгөөд үндсэн ажлаа хийж чадахгүй үйлээ бараад явж байна. ойрын үед миний гомдлыг барагдуулж, энэ асуудал нэг талдаа гарах байх гэж бодож байгаа.

-Өргөдлийн байнгын хороогоор нээлттэй хэлэлцүүлэг хийлээ гэхэд дахиад улсын нууцтай холбоотой асуудал гээд ил болох юм байгаа гэж үү?

-нууцтай холбоотой зүйл нь яригдахгүй нууц хэвээрээ үлдэнэ биз. энэ бүхэн ойлгомжтой шүү дээ. намайг хойд солонгост зэвсэг зарсан л гэсэн. Хойд солонгост зэвсэг зараагүй. Мөнгө авсан гэсэн. аваагүй. Хаанаас нь ч үзсэн байхгүй, болоогүй зүйлийг болсон мэт яриад байгаа. н.алтанхуягийг эрдэнэтийн даргыг дарамталсан гэсэн. Дарамтлаагүй гээд шүүхэд хандаж байгаа гэх мэдээлэл явж байна. Ц.нямдорж сайдыг хэдэн сая ам.долларын шахаа хийсэн гэсэн. Маш тодорхой зүйлсэд ямар нууц байгаа юм бэ. Тэр гүтгэх болохоороо ил байж болдог хариугаа авах болохоор нууц байдаг байж болохгүй. тиймээс энэ бүгдийг ил болгоод өгөөсэй гэж байгаа юм.

-Элчин сайдыг томилох эсэх асуудлыг Их хурал долоо хоногийн дотор хэлэлцэж эхлэх хуультай. Томилоход мөн хугацаа бий юу?

-Хугацаа гэж байхгүй. Хэлэлцэж эхлэхэд долоо хоног гэж байдаг. Байнгын хороо дүгнэлтээ гаргасан. асуудлыг хэлэлцэх хугацаатай гээд буруу шийдвэр гаргаж болохгүй. Б.Хурц “Ерөнхий сайд намайг стрессээ тайлаад амраад ир” гэж тайлбар өгч байна лээ. Миний хувьд Ерөнхий сайдыг гүтгэсэн байх гэж бодож байгаа. 40 гаруй мянган монголчууд ажиллаж, амьдарч байгаа улсад стрессээ тайлж, амарна гэж байхгүй. Харин ч нойр хоолгүй ажиллах ёстой газар. Ерөнхий сайд тэгж хэлсэн гэж бодохгүй байгаа. Гадаад талдаа нөгөө улсаа ч доромжилж байгаа хэрэг. элчин сайд нь амрах гээд ирж байгаа гэвэл тэдэнд ямар санагдах вэ. одоо ч тэгээд гүтгүүлээгүй хүн үлдсэнгүй дээ. Бнасау-ыг бүтэлтэй, бүтэлгүй наймааны золиосонд хүмүүсээ цаазалдаг юм байна, хүн хулгайлах гэмт хэргийг герман улсын хуулийн байгууллага өөрөө хийсэн юм байна гээд хэлчихлээ. Гэх мэтчилэнгээр тал талдаа дүгнэлт хийх хэрэгтэй. тЕг-ын дарга, атг-ын дэд дарга байсан хүн ийм зүйл ярьж болдог юм уу. Их хурал өөрөө бодолтой байх хэрэгтэй. Асуултууддаа хариулт авах ёстой. Ингэж бид тайвшралыг олохгүй бол бүхнийг бусниулаад байж болохгүй.

-Та нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд өргөдөл өргөсөн юм байна. Шүүх харин хүлээж авахгүй байгаа юм уу. Ямар учиртай юм бол?

-Шүүх шударга хандах ёстой. сэтгэлд хүрэхгүй, ойлгомжгүй, ард түмнээ бухимдуулсан, төөрөгдүүлсэн хуулийн засаглалаа гутаасан зүйл байж болохгүй. Шүүгчид ухаарах байх. Ард түмнийхээ төлөө үнэн зөв шийдвэр гаргаад явах байх гэж найдаж байгаа. Өөр яалтай билээ.

-Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүний хувьд Европын холбоо Монгол Улсыг хар жагсаалтад оруулсан талаар мэдээлэл авсан уу. Хар жагсаалтад орно гэхээр яг яадаг юм?

-10 гаруй хоногийн өмнө уИХ-ын чуулганаар гадаад бодлогын талаар мэдээлэл сонсоход би эрх баригчид гадаад бодлого дээрээ барьц алдчихлаа. Юу ч гарахад бэлэн байна. Хоёр, гуравдагч хөршийн бодлого, гадаад орчин дахь улсын нэр хүнд, байр суурь эх захгүй байна шүү гэдгийг хэлсэн. Жил гаруйн турш сандал ширээний тэмцэл хийсний үр дүн нь эхнээсээ ингэж гарч байгаа юм. Энэ жил Европын холбоотой хамтын ажиллагааны хэлэлцээр хийгдэж дуусахтай зэрэгцээд ийм мэдээлэл гарлаа. Хар жагсаалтыг би цэвэр хариуцлагын асуудал гэж бодож байгаа. Европын холбоо дэлхийн 100 гаруй оронд үнэлгээ хийж байгаа л даа.

Монгол улс хулгай луйвар хийх гээгүй, олон улсын хууль зөрчих гээгүй гэдгээ илэрхийлчихсэн бол бусад 40 гаруй орны хамт саарал жагсаалтад явж болох байсан. гэтэл улсаа зөв ойлгуулж чадаагүй. Бид авлигач, хулгайч луйварчидтай хамтарч ажиллана гэж мэдэгдэл хийснээс ялгаагүй болчихож байгаа юм. Өөрсдөө ингэж байгаа бол хар жагсаалтад оруулчихъя гэж байгаа. Хар жагсаалт гэдэг чинь ялын тогтоол. одоо ямар ял ногдуулах вэ гэдгээ ярина шүү дээ. Ийм л ял тулгагдчихаад байна.

Ямар ч байсан өөрийгөө хүндэлдэг хөрөнгө оруулагчид монголд ирэх боломжгүй болж байгаа. Дэлхийд хөрөнгө оруулах боломжтой 100 гаруй улс байхад Европын холбооноос битгий очоорой, наадуул чинь гэмт хэрэгтэн, хулгайч, луйварчид шүү гээд байхад би тэнд нь багтдаг юм аа гээд ирэх хүн байх уу. Бусад орон руу л явна. Бид хаана ч очсон духан дээрээ хар тамгатай улсууд болчихлоо. Хулгай луйвар, татвараас бултсан гээд муу муухай ойлголтыг дэлхийд өгчихөж байгаа юм. энэ бидний зорилго мөн юм уу.

-Манай эдийн засагт нэлээд сөрөг нөлөөтэй болж таарах нь ээ?

-Тэгэлгүй яахав. Үр дагавар нь аймшигтай ирнэ. Үүнийг засч залруулахын тулд маш их хугацаа алдана. Хүний амьдралаар хэмжигдэхээр зүйл байхгүй юу. Дахин ийм зүйл гадаад бодлого дээрээ гаргахгүй байгаасай. сөрөг хүчний үг гэж хүлээж авах хэрэггүй. гадаад бодлогод нам хамаагүй. Цаашид алдаагаа засаад явахаас өөр замгүй.

-Ирэх оны нэгдүгээр сараас эхлээд нэлээд хэдэн төрлийн татвар нэмэгдэнэ. Тэр дундаа иргэдэд хамгийн хүнд ачаалал болж ирэх татвар нь хувь хүний орлогын албан татвар гээд байна л даа. 1.5 саяас дээш төгрөгийн цалинтай болж татвар илүү авна гээд иргэд маш их гомдол гаргаж байна…

-Цагийг нь тулгаж байж дуугардаг нь манайхны гэм биш зан. Хувь хүний орлогын албан татвар нэмэгдэх гэж байна. та бүхний амьдралд хүндээр тусна гэдгийг маш их хэлж ярьж байсан. Харамсалтай нь тэр үед манайхан тоолгүй өнгөрсөн. Приусын татвар нэмэгдэхэд жагсаал цуглаан хийж байж татварыг гурван сараар хойшлуулж байсан шүү дээ. Хувь хүний орлогын албан татвар нэмэгдэх нь мэдээж иргэдийн нуруунд ачаа болж ирнэ. он гарсны дараа энэ татваруудаа эргэж харах хэрэгтэй. Хүүхдийн мөнгөнөөс эхлээд засах зүйлс зөндөө бий.

-Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байхын тулд яах ёстой вэ. Хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах уу?

-Цөөнхийн зүгээс энэ хууль батлагдахын өмнө бид болиулахын тулд байж болох бүх аргыг хэрэглэж завсарлага хүртэл авч байсан. олонх хүчээр шийдээд явсан. тэр засгийн газар нь солигдчихлоо. Шинэ Засгийн газарт бид татвар нэмэхгүй байх шаардлагуудыг тавина. ажлаа хийж яваа жирийн хүмүүсийн нуруунд ирэх ачаа, тэр хүнд цохилтыг зөөлрүүлэх хэлэлцээр явагдана. нийгэмд буруу үлгэр дуурайлал авч ирдэг шийдвэрүүдийг эргэн харуулах тал дээр ардчилсан намын бүлгийн зүгээс шаардлагатай бүх алхмуудыг хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Боролдой С.Мягмар: Эрх мэдэлтнүүд хуулиар хуяглах үедээ хирсжиж эхэлдэг

Олон түмнээ “Боролдой” хэмээн танигдсан найруулагч, зураач Содномпилийн Мягмартай хөөрөлдлөө. Бортогон малгай, өвөрмөц сэтгэлгээгээрээ онцлог эл эрхэм дэлхийн олон сайхан жүжгийг “Black box” театрынхаа тайзнаа тавьж байсан юм.


-Танаас асуух зүйл маш их байна. Тухайлбал, Боролдой гэж таныг ялгамжилдаг өргөмж эцэг эхээс тань заяасан овог биш юм байна лээ шүү дээ?

-Ер нь би өдий насны өндөрлөгөөс эргэж харахад дөрөв таван зүйл хийжээ. Улс оронд болоод улс орны эдийн засагт хэрэгтэй, улс орны улс төрийн амьдралд нэлээд чухал, өөртөө ч бас тустай зүйлүүдийг хийсэн. Энэ дотроос хэрэгтэй, одоо хүртэл нийгэмд нэн их шаардлагатай, монгол хүн төлөвшин тогтнож, монголоороо байх, орчлон ертөнцөд монгол хүн өөрийн гэсэн өнгө төрхтэй байхад нэн чухал хэрэгтэй хүүхэлдэйн кино гэж зүйлийг бий болгосон юм байна. Оюутан байхдаа “Боролдойн цаг” гэдэг дипломын ажил хийсэн. “Өвгөн, арслан хоёр” хэмээх хүүхэлдэйн киногоо энэ үед бүтээсэн. Үүнээс болж “Боролдой” хэмээх үгээр овоглогдож.

-“Өвгөн, арслан хоёр”-ын зохиол нь ардын уран зохиолч Тангадын Галсангийн бүтээл бил үү?

-Т.Галсангийн бүтээл мөн л дөө. Арваад хүүхэлдэйн кино хийсэн маань тун дажгүй болсон. Энэ кинонуудыг гадаадад ажиллаж, аж төрж буй монголчууд маань “Хүүхдийн хэл, соёлд их тус болж байна. Өгөөч” гэж их ярих юм. Одооноос цахим орчинд тавьдаг юм бил үү гэж бодож байгаа.

-Ямар кинонууд билээ?

-Яг бие дааж хийсэн “Шаазан заан”, “Анхны ав” гэх Америкийн уран бүтээлчтэй хамтарч хийсэн хүүхэлдэйн кино байна. Наяад онд чинь Америктай хамтрах байтугай дайсан шахуу л байсан даа. Оростой хамтарч хийсэн “Арван хоёр жилд хулгана орсон нь” гэдэг кино бий. Уул нь арван хоёр жилийг хийчихвэл хүүхдэд их тустай юм сан. Тэгвэл хүүхдүүд жилээ харж баярлаж бахархах нь зайлшгүй. Хүн чинь төрсөн жилээ их хайрладаг шүү дээ. Гэвч, хувьсгалд оролцож, улс төрийн реклам хийж давхиад амжсангүй. Хоолоо олж идэх гээд цаг хугацааг нэлээд алдчихаж.

-Таны Боролдой овог ч тэгвэл ажил албатай чинь салшгүй холбоотой юм байна. Нөгөө бахархлууд нь юу байна?

-Хоёрдахь том ажил нь реклам их хийжээ. Монгол орон чөлөөт эдийн засагт шилжээд гаднаас бараа таваар авчирсан анхны дэлгүүрүүд бий болж эхэлсэнтэй холбоотой. Үндэсний анхны хөрөнгөтнүүд болох “Монхангай”-н Сэргэлэн, “Номин”-гийн Баярсайхан, “Женко” группийн Баттулга нар төрж гарлаа даа. Эд байгууллагынхаа анхны рекламыг надад захиалж хийлгэж байлаа. Эдний эдийн засгийн өсөлтөнд нэлээд тус дэм болжээ. Тэрний нэг “Женко ланд” гэж реклам байна. Х.Баттулгын анхны бизнес “Саятан” сугалааны реклам, үсчний газар, “Холливуд” баар зэрэг газруудын сурталчилгаа байна. Ерөнхийлөгч “Саятан” сугалаагаар маш их задгай мөнгө цуглараад хурдан хаахгүй бол нурж унаад байсан гэж ярьсан байдаг чинь үнэн. “Номин”-гийн Баярсайхан гуравдугаар хороололд лангууныхаа ард зогсож байсан нь одоо ч нүдэнд харагдана. “Миний дэлгүүр”-ийн сүлжээ тэр чигээрээ, “Чингис шар айраг” гэхэд “Ам цангав” гээд цойлоод орж ирж л байлаа. Чин зоригт “Малчин” компанийн эзэн Чинзориг гэхэд надаар рекламаа хийлгэж байсан. “Малчин” компанийн бизнес бол сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон ажил. Хөдөөгийн залуусыг соёлтой байлгах, юм үзэх, усанд орох, индүү нь нарны эрчим хүчээр ажиллах гээд их сайхан сэтгэлтэй монгол бизнес.

-Монгол бизнес гэдэг ч бас содхон үг байна шүү?

-“Танайд хоноё” гэдэг чинь жинхэнэ монгол нэвтрүүлэг байгаа юм. Дэлхийн өөр улс оронд хаана ч баймгүй нэвтрүүлэг. Германд ч юм уу, хаа нэгтээ “Танайд хоноё” гэвэл гайхаад хачин юм болно оо доо. Гэтэл Монголд “Танайд хоноё” гэвэл “Тэг” л гэнэ. Нүүдэлчдийн сэтгэлгээнд тохирсон яг монгол нэвтрүүлэг. Тэрэнтэй адил хөдөө аж ахуйдаа таарсан монгол бизнес юм даа. “Зиг заг”-ийн Зоригоо гэдэг ухаалаг сайхан залууд “Наалдан пад”-ыг хийж өгч байлаа. “Наалдан пад”-аас дараа жил нь болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн. Энэ рекламанд “Эвтэй байхдаа хүчтэй” гэдэг үг орж ирсэн. Энэ үг “Монголчууд, эвтэй байхдаа хүчтэй” болж хувираад нэр дэвшигч Намбарын Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч болж байсан.

-Ингээд таны улс төрийн пиар эхэлжээ дээ?

-Реклам, пиар хоёр маш товч байхыг шаарддаг. Хүний сэтгэлийн гүнд орж байгаа тэр товчхон агуулга нь монгол хүний сэтгэлийг хэрхэн хөдөлгөх вэ гэдэг зүйл. Монгол хүний сэтгэлийг францын гайхалтай өндөр үнэтэй, сайхан хоол хийж таваглаад хөдөлгөхгүй. Харин тарган сайхан үхрийн хавирга чанаад дээр нь сонгино, сармис тавьчихсан байхад ямар ч монгол хүний сэтгэл хөдөлнө. Менталатит гэдэг чинь энэ шүү дээ.

-Тэр нь юу гэсэн үг билээ?

-Энэ бол ухаандаа үндэсний оюун санааны онцлог юм. Оюун санааны онцлогийг мэдрэх хэрэгтэй. “Наалдан пад” гэхэд л монгол ардын үлгэр шүү дээ. “Салан пад, наалдан пад” гэдэг үлгэрийг санаж байна уу?

-Юу билээ, байз?

-Ноёны ааш муутай хатан, цэцэн хүү хоёр гардаг даа. Багадаа өвөөгөөсөө үлгэр сонсож байсан минь намайг утга зохиолын жаахан мэдлэгтэй байх зам руу хөтөлсөн юм. Намайг утга зохиолын амт шимтэнд оруулсан утга зохиолын багшдаа маш их баярладаг. Намайг үймүүлээд байхаар багш минь яг урдаа суулгачихаад зохион бичлэг хийх нэг сэдэв өгчихнө. Дөчин таван минутанд би одоогийнхоор нэг эсээ маягийн юм бичнэ. “Гутал” гээд гарчиг өгчихөд би гутлын тухай сэтгэж эхэлнэ. Тэгэхгүй л бол үймүүлчих гээд болохгүй. Одоо дунд сургуульд уран зохиолын хичээл маш бага ордог болсон нь манай хүүхэд залуусын ирээдүйд их хохиролтой харамсалтай зүйл болж байна. Үүнийг үндэсний оюун санааны хоосрол ч гэж хэлж болно. Уран зохиолын хичээл бага ордгоос сэтгэлгээний цар хүрээ нь тэр хэмжээгээр багасчихлаа.

-“Уншихаа боливол сэтгэхээ болино” гэдэгчлэн нээрээ л харамсалтай зүйл болж байна шүү?

-Утга зохиолын нэг уралдаанд би шүүгчээр суулаа. Бүүр таг европ зохиол орж ирж байна. Дүрүүд нь гэхэд Эльпи энэ тэр гэсэн дан гадаад нэртэй. Номынх нь нэр хүртэл “Торн Хиллийн ой” гэсэн гадаад нэртэй. Торн Хиллийн ой гэж Монголд л лав байхгүй. Энэ яадаг хүүхэд юм бол гээд уншсан чинь зохиолоо сайн бичсэн байна. Тэгэхээр үндэсний сэтгэлгээний байдал хөөрхийлөлтэй болсон нь харагдаж байгаа хэрэг биз.

-Та улс төрийн реклам их хийсэн биз?

-Энэ хоёр том намд хоёуланд нь ажиллаж үзлээ. Миний нэг зорилго байсан нь намууд өөрийнхөө рекламыг хийхэд хүнд. Яагаад гэвэл намын гишүүн хүн өөрийнхөө намын дутагдлыг, зан төрхийг хэзээ ч олж хардаггүй. Өө согогийг нь гаднаас л олж хардаг. Тэр нь ч илүү үр дүнтэй. Сая Ерөнхийлөгчид нэр дэвшсэн М.Энхболд нэр дэвших шийдвэр гарахаас өмнө надтай таарсангүй. Хэрвээ шийдвэр гаргахаас нь өмнө уулзсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд битгий ор л гэх байсан.

-За, яаж байгаа нь тэр вэ?

-Яагаад гэвэл нөхцөл нь тийм байдалд хүрчихсэн байсан. Нэг талаас МАН-ын хэт өндөр амжилттай ялалт, нөгөө талаас саналаа илүү давамгайлж өгдөг хотод хүн ам их төвлөрчихсөн нөхцөлд, ард түмний амьдралын чанар доройтсон энэ цаг үед М.Энхболдыг яагаад ч сонгохгүй байсан л даа. Улс төрийн пиар хийсний дараа нэг хэцүү юм байдаг. Нөгөөдүүл чинь амласандаа хүрэхгүй, утаа нь хэвээрээ үлдээд, улс төрийн утаа нь ч уугиа л эхлүүт сэтгэлээр их унадаг юм л даа. Бид чинь ард түмэнд оюун санааны гүүр болж явдаг юм шүү дээ. Гэвч, аливаа бүхэн үр дүн муутай байна. Ардчилал маань өдрөөс өдөрт бүдгэрлээ.

-Та чинь театрт ажиллаж байсан гэдэг байх аа?

-Театрт олон жил ажилласан. Манай гэр бүл театр, киноны хүмүүс.

-Аав тань театртай холбоотой байсан юм уу?

-Манай аав Содномпил гэж жолооч хүн байлаа. Хамгийн хүнд ачааг аймгуудад тээдэг тусгай жолооч гэх юм уу даа. Зүгээр тааралдсанаа ачуулдаггүй, нөхөр Пилээр бол том хэмжээний юм тээвэрлүүлдэг байж. Цахилгаан станцын тоног төхөөрөмж, том том ёмкостууд, шатахууны сав, хөргөгч, үйлдвэрийн том машин механизмууд ачдаг, ямар ч байсан гүүрээр явдаггүй л хүн байсан. Тэр том машиныг нь гүүр даахгүй ш дээ. Нэг хөдлөхдөө 120-150 тн ачна. Бага байхдаа машиных нь дугуйг тоолсон чинь гучин зургаан дугуй л хөдөлж байсан юм даг. Чиргүүл энэ тэр нэмэгдвэл дөчин хэдэн дугуй өнхөрнө. Өөрөө ч том биетэй хүн байлаа. Дархан аварга Түвдэндоржтой мөрөөрөө тулж өссөн хүн.

-Түвдэндорж аваргатай нэг нутгийн хүн байв уу?

-Үгүй ээ, нутаг биш, зүгээр үерхэж байсан юм. Их сайхан монгол, эртний баатар шиг бахархмаар сайхан амьтан байж. Театрын тухай яриандаа ороход, гэргий Одончимэг минь театрын судлаач хүн. Тиймээс бид “Black box” буюу “Хар хайрцаг” театраа байгуулсан. Энд тавьж байгаа жүжгүүдийн бодлого бол хүний хийсвэр сэтгэлгээ, сэтгэн бодох чадвар руу оруулсан бүтээлүүдийг онцолж тавьсан. Энэ манай улсад орвонгоороо хаягдсан байсан. Монголчууд бид социалист реализмын замаар бат нот давшиж явлаа шүү дээ. Нэг өдөр тэр зам дуусчихсан. Тэгээд хаашаа ч явж чадахгүй мухардалд орж их харанхуй үе эхэлсэн. Дэлхийн урлагийн түүхэнд 1950-иад онд эхэлсэн абсурд, авангард урлаг гэж байна. Реализм цэвэр бодит байдалд ханддаг. Социалист реализм бол социалист хүний хэв шинжит дүрийг бий болгох, социалист байгуулалтад уриалан дуудах, коммунизмыг байгуулахад эрч хүч өгөх гэх мэтийн уриатай. Бид хүний нийгэмд бий болсон асар том хоёр урсгалын нэгийг эзэмшиж, тэр тойрогтоо л бүжгээ хийж байсан болохоос нөгөө талд нь юу байдгийг мэддэггүй, мэдэхгүйгээр барахгүй үзэн яддаг байв даа.

-Нэг ёсондоо хоёр мэлмийн нэг нь боолттой явжээ гэж ойлгож болох нь ээ?

-Империалист, хөрөнгөтний урлаг нэрийн доор үзэн яддаг байсан. “Энэ буржуй урлаг” гэж нэрлэдэг байсан гээч. Би Багшийн дээд сургуулийн зураг, хөдөлмөрийн багшийн анги төгссөн зураач, дараа нь Кино урлагийн дээд сургуульд киноны анги дүүргэсэн зураач, найруулагч хүн болохоор тэр рүү өнгийж харах бодол дотроо хадгалж явлаа. Ингээд абсурд төрлийн арван хоёр жүжиг тавьсан. Тэрэн дотор Ионескогийн “Хирс” гээд нэг жүжиг байгаа юм. Бүх хүн хирс болж хувираад байдаг. Хирс бол төрүүтээ л байгалийн жамаар үхэхээс, гаднын халдлагад үхэхгүй болчихдог хамгаалалт, дархлаатай амьтан. Өөрийгөө хуяглачихдаг. Хирсийг өөр амьтан идэж чадахгүй хуягтай, бууны сум нэвтэлж чадахгүй шахуу зузаан арьстай. Хирсэнд бусад амьтан халдаж байхыг чи харсан уу?

-Зурагтаар амьтны ертөнц харж байхад л арслангууд араас нь зүүгдээд байхад л тоодоггүй амьтан байна лээ.

-Арслангууд төмсөг хавьцаа нь зуувал зууна. За, бараг л бариулахгүй дээ. Нэг ёсондоо хирс дийлдэшгүйн нэг бэлгэдэл байгаа юм. Хирсний тухай дэлхийн урлагийн томчууд маш олон уран бүтээл туурвисан байдаг юм. Зураач Сальвадор Дали хирсний эвэр дээр мордчихсон хүүхний зураг зурсан. Хирсжих үзэгдэл гэж нийгэмд байна. Хирсээр юуг төлөөлүүлсэн бэ гэхээр эрх мэдэлтнүүд хуулийг бий болгох, хуулийг эзэгнэх үедээ өөрийгөө хамгаалж, хуяглаж, хирсжиж эхэлдэг. Хамгийн том жишээ нь “УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ баригдаагүй бол…” гэсэн заалт бий байх аа.

-Тийм заалт бий шүү?

-Тэр чинь хирсжиж байгаа нь тэр. Тэр чинь УИХ-ын гишүүд өөрсдийгөө хамгаалж, хуяглаж байгаа нь тэр. Мөн үү?

-Мөн.

-Тэгээд хирсний сүрэг чинь идэш хоол нь өөр, юунд ч өртөхгүй болоод Зайсангийн хавьцаа амьдраад эхэлж байна шүү дээ. Тэгэнгүүт Долоон буудлын хүмүүс хирсний сүргийг хараад “Ямар гоё юм бэ” гээд эхэлж байна. Дэлхий дээр үлдсэн сүүлчийн ганц эмэгтэй холоос тэр сүргийг хараад “Хирс гэдэг амьтны чинь хүүхэд нь ямар сайхан, хөөрхөн юм бэ” гэж дуу алдан шогширч байгаа юм. Чи бод доо, хүн төрөлхтний эх болсон эмэгтэй хүн өөрийнхөө хүүхдийг хирсний хүүхдээс долоон дор муухай гэж харж эхэлж байна. Гэтэл өнөөдөр амьдрал дээр яг л ийм байгаа. Бид нэг гүүр даваад, хоёр гүүр даваад харвал тэдний хоол хэчнээн гоё гэж сананаа. Дөрвөн зуун тавин мянган төгрөгийн үнэтэй нэг килограмм махыг тэд Японоос авчирч идэж байна шүү дээ.

-Өвлийн идэшний үнэтэй мах иддэг хирснүүд юм байна даа?

-Үнэхээр тэр сайхан амьдрал руу ормоор байгаа юм. Орохын тулд яахав. Хирсжих ёстой, хуяглах ёстой. Тэгэхийн тулд яах ёстой вэ. Намд элсэх хэрэгтэй. Тэгэхийн тулд том хирсний цүнхийг нь барьж гүйх учиртай. Авсан авлигаа намдаа тушаах хэрэгтэй. Сонгуульд асар их мөнгө цутгах ёстой. Тэгж байж нөгөө эрх мэдлээ авна. Томоохон эрх мэдэл авуут түүнийг хирсжиж байна гэж үзэж болно. Энэ тухай жүжиг байхгүй юу. Энэ мэт арван хоёр жүжиг тавилаа. “Хатагтайн айлчлал” байна. Энэ бүхэн миний бахархам уран бүтээлүүд. Манай театр ердөө нэг зуун үзэгчтэй. Жүжиг тоглолоо гэхэд зуугаад хүн ирнэ. Тэгээд бол оо.

-Манай сэтгүүлч, яруу найрагч Намсангийн Пагма танай жүжгүүдийг их үзсэн дээ?

-Зохиолч Ойдовын Содномпил гэж хүн их үзнэ. Тэдэн шиг урлагийн өндөр мэдрэмжтэй маш цөөхөн үзэгчтэй хүн би. Тэгэхдээ би эднээрээ бахархдаг. Манай театрт орж ирсэн ямар ч хүн чимээгүй болчихдог. Бид Беккетийн “Годог хүлээхүй” гэдэг жүжиг тавьсан. Тайзан дээр гурван цаг чалчиж байхад тэсээд сууж чаддаг үзэгчид надад байдаг юм. Манай нэг үзэгч жүжиг дууссанаас цагийн дараа залгахад “Мяагаа ах аа, би юм ярихаас дургүй хүрээд байна” гэж байгаа юм. “Яасан бэ, миний дүү” гэхэд “Таны найруулсан жүжгийг үзчихээд хүнтэй ярих нь байтугай, утсаар ярих хүртэл тээртэй байна. Би тэр гурван цагийн дотор хүн гээч ямар хоосон, худлаа чалчдаг новшнууд вэ гэдгийг ойлгосон” гэж байгаа юм. Тэр жүжиг чинь гурван цаг чалччихаж байгаа юм чинь, нэг юм хүлээгээд. Годо нь бурхан ч юм уу, буг ч юм уу, амьтан ч юм уу, эсвэл аврагч ч юм уу, бүү мэд. Нэг л юм хүлээгээд байгаа юм. Өнөөдөр бидний амьдрал яг тийм байгаа. Юу хүлээгээд байгаа юм, мэдэхгүй. Тэгэхдээ л хоол олж идээд л, амьд байгаа л байна. “Чи яах гэж хоол олж идээд байгаа юм бэ, үхье л дээ” гэхэд “Үгүй, нэг сайхан болох байлгүй дээ” гэж дөрөв дөрвөн жилээр хууртагдаад байдаг.

-Монголын театрын урлагт ч та аргагүй л шинэ чиг хандлага оруулж ирсэн шүү.

-Би И.Нямгаваа найруулагчтай гар сэтгэл нийлж их ажилласан. Нөгөө талд Доржсамбуу найруулагч, Төмөрхуяг хоёр сайн ажилладаг байсан. Наяад онд шуугиулж байсан жүжгүүдийг хийсээн. Өөрийнхөө амьдралыг эргээд харахад хүүхэлдэйн кинонуудаа, театрын жүжгүүдээ хийсэн байна. Ер найруулагч талынхаа юмыг сайн хийж. Пиар, олон нийттэй харилцах ажил хийнэ гэдэг найруулга юм. Тэр чиглэлээр кино хийж байгаатай адилхан юм. Тэр киноны гол дүр өрөвдмөөр, хайр хүрмээр байж иргэд түүнийг сонгуульд сонгоно шүү дээ. Тэр сериаль дотор хүмүүс сонголт хийж байна. Саяын Ерөнхийлөгчийн сонгууль бол адал явдалтай детектив, мафийн сэдэлтэй триллер маягийн, аймшгийн талдаа, аюултай сериаль байлаа. Тийм биз?

-Таныхаар тийм байх аа?

-Хүмүүс арван найм хоног тэр киног үзээд “Май чи, май чи” гээд дууссан чинь монгол хүн нэг нэгийгээ үзэн ядах, эрлийз хүнийг үзэн ядах үзэл бий болсон. Гэтэл эрлийз хүнийг үзэн ядах нь зөв юм уу, буруу юм уу. Бид чинь өөрсдөө ертөнцийн эцэг хүмүүс шүү дээ. Цагтаа ертөнцийг эзэгнээд, цагтаа ертөнцийг хүчирхийлж байсан хүмүүс шүү дээ.

-Монголын эрлийзүүд дэлхийгээр л нэг байгаа шүү дээ. Чингис хааны гентэй арван зургаан сая хүн байна гээд байгаа биз дээ?

-(Учиргүй их инээв. сур) Ийм үзэлтэй, их муухай киног бид сая Ерөнхийлөгчийн сонгуулиар үзсэн. Ер нь атгаг санаатай хүмүүс найруулаад, хамгийн гол нь кинонд орох хэсгүүдийг худалдаж авч байсан нь бүүр аймшигтай. Бичлэг энэ тэр гээд байгаа чинь бүгд наймаа шүү дээ. Үнэнч шударгасаад, баясаад байх юм үүнд ерөөсөө байхгүй. Хэнд худалдах вэ гээд зарлаад явж байхад нь мөнгөтэй хүмүүс авчихсан. Намаасаа урваж байгаад өгчихсөн. “Аархал” маархал чинь эзнээсээ урваж байгаад худалдсан тохиолдол биш үү. Амьдрал муу байх тусам ийм бохир наймаа өргөжнө. Одоо би олон нийттэй харилцах ажлын сайн талыг олж харж чадахаа байлаа. Улам заваарлаа. Балиартлаа. Айлын хүүхэд дээшээ харж уйлаад, дөрвөн мөчөөрөө тэлчлээд байх нь цаанаа нэг зэвүүн байдаг даа. Эрхлээд ч байгаа юм шиг, зодчихмоор муухай загнаад байдаг. Зодох гэхээр нөгөө элдэв хангайн эрх нь алга болчих гээд байдаг. Тийм л нөхцөл байдалд байна. Үүнийг олон нийттэй харилцаж байгаа пиарчид, хүмүүс бас бодох хэрэгтэй.

Үргэлжлэл бий.


Categories
мэдээ цаг-үе

П.Мягмарсүрэн: Монголд хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, оролцох, хамгаалуулах эрх зөрчигдөж байна

Монгол Улс Ази тивд анх удаа хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх олгох сургалтыг зохион байгуулж, хүүхдийн эрхийн улсын 38 байцаагчийг бэлтгэлээ. Эдгээр нэр бүхий байцаагч нарт уржигдар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд үнэмлэх, тамга тэмдгийг гардуулан өгсөн юм. Хүүхдийн эрхийн тухай хуульд “Хүүхдийн эрхийн байцаагч”-ийг хуульчилсан байдаг. Хуульд заасан хүүхдийн эрхийн байцаагч нь шинээр батлагдсан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу тодорхой төрлийн хүүхдийн зөрчлийг шалган шийдвэрлэх эрхтэй аж. Энэхүү үйл ажиллагааны үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “2016 онд УИХ-аас Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхдийн эрхийн хэрэгжилтэд нь хяналт тавих, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх бүхий албан тушаалтныг хуульчилж, хүүхдийн эрхийн зөрчлийг шалган шийдвэрлэх, хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх механизмыг бий болгосон нь хүний эрхийг хамгаалах үндэсний томоохон ажлын нэг болсон. Хүүхдийн эрхийн байцаагчаар ажиллах хүсэлтэй иргэд, төрийн албан хаагчид их байсан. Гэхдээ хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр таваас дээш жил ажилласан байх шаардлагыг хангасан 43 албан хаагч, хүүхдийн эрхийн улсын байцаагч бэлтгэх 14 хоногийн сургалтад хамрагдаж, байцаагчийн эрх олгох шалгалтад тэнцсэн 38 албан хаагчид эрх олголоо. Хүүхдийн эрхийг зөрчсөн этгээдэд оногдуулах хариуцлага сайжирсаар байгаа ч хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байна. Тэр дундаа бага насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөх, амь насаа алдах зэрэг тохиолдол гарсаар байгаа нь харамсалтай. Тухайлбал, гэмт хэргийн улмаас хүүхэд амь насаа алдсан тохиолдол энэ онд 120 орчим гарчээ. Энэ бол гурван сая монголчуудын хувьд маш эмгэнэлтэй хэрэг юм аа” гэлээ.

Энэ үеэр бид Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын хүүхдийн эрхийн хяналт, зохицуулалтыг хариуцсан ахлах мэргэжилтэн, Хүүхдийн эрхийн улсын байцаагч П.Мягмаржавтай ярилцлаа.


-Монгол Улс хүүхдийн эрхийн улсын байцаагчтай боллоо. Энэхүү албан тушаалын эрх, үүргийг тодруулахгүй юу?

-Юуны өмнө Хүүхдийн эрхийн улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүүхдийн эсрэг зөрчил, хүүхэд харах үйлчилгээ, төрийн албатай холбоотой гурван зүйлийн зөрчлийг шалган шийдвэрлэх юм. Энэхүү ажил, мэргэжил манай улсад зайлшгүй шаардлагатай байсныг онцлон хэлмээр байна. Монгол Улсад хүүхдийн эрх, хүний эрхийн асуудал үнэхээр тулгамдсан сэдэв болчихоод байгаа. Адаглаад бид агаарын бохирдлоос болж, эрүүл саруул амьдрах эрхээ хасуулсаар байна. Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын сурч боловсрох, амар тайван амьдрах, эрүүл энх өсөн бойжих эрх зөрчигдсөөр байгааг бид энгийн жишээнээс л харж болохоор. Энэхүү ажил мэргэжлийн ур чадвар, туршлага шаарддаг. Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн гол чиг үүрэг бол хүүхдийн жам ёсны эрхийг хангуулах явдал юм. Мөн хүүхдийн эрхийг зөрчсөн хуулийн этгээд болоод иргэнд зохих хариуцлагыг оногдуулна. Хүүхдийн эрх зөрчигдсөний дараа ажил хийх биш, түүнээс өмнө урьдчилан сэргийлэх ажлыг идэвхтэй зохион байгуулах ёстой.

-Хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч нь хариуцаад явчих болохоор хүүхдийн эрх зөрчигдөхгүй гэсэн явцуу ойлголтоор бид өнөөг хүрсэн гэж салбарын сайд хэллээ. Яг хүүхдийн эрхийг хамгаалахын тулд та бүхэн ямар ажлуудыг хийх вэ?

-Хүний эрх дотор хүүхдийн эрх оршдог. Хэдийгээр эцэг, эх, асран хамгаалагч байгаа боловч хүүхдийн жам ёсны эрх гэж бий. Тэгэхээр бидний гол үүрэг бол хүүхдэд хуулиар олгогдсон жам ёсны эрх гэж байдаг юм шүү. Үүнд нь хяналт тавьдаг төрийн бодлого, албан хаагчид ажилладаг шүү гэдгийг олон нийтэд ойлгуулж, хамтран ажиллахыг зорилгоо болгох юм.

-Сүүлийн үед бага насны охидыг хүчирхийлэх, хулгайлах зэрэг онц ноцтой гэмт хэргүүд гарсаар байна. Мөн энэ онд л гэхэд 120 орчим хүүхэд амь насаа алдсан гэсэн харамсалтай тоо гарчээ…

-Хүүхдийн эрхийн зөрчил, онц ноцтой гэмт хэргүүд сүүлийн үед их гарч байна. Энэ нь нийгмийн хөгжилтэй холбоотой боловч нөгөө талаараа эрх зүйн орчин сайжирч, энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт сайн байгаатай холбоотой юм. Өнөөдөр Монгол Улс хүүхдийн эрхийн улсын байцаагчтай боллоо гээд хүүхдийн эрхийн зөрчил шууд арилахгүй ээ. Тийм болохоор бид ямар нэгэн зөрчил гарахаас өмнө урьдчилсан сэргийлэх ажлуудыг маш сайн явуулах хэрэгтэй байна.

-Эхний ээлжид яг ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Юуны өмнө бид иргэд, эцэг, эхчүүдэд хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх ерөнхий ойлголтуудыг өгөх ажлыг гүйцэтгэнэ. Хүүхдийн эрхийг хэрхэн зөрчиж байна, түүнд ногдуулах хариуцлага юу вэ гэдгийг сайн сурталчилна. Иргэд болоод байгууллагууд хүүхэдтэй холбоотой хууль, эрх зүйн мэдлэгтэй болох хэрэгтэй. Мэдээд зогсохгүй хэрэгжүүлэх шаардлагатай юм. Мөн бидний үйл ажиллагаа нарийн судалгаан дээр тулгуурлаж явагдах болно. Сургуулийн орчимд хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол их байдаг. Тийм болохоор сургууль, цэцэрлэгүүдэд хүүхдийн эрхийг хамгаалах талаар сургалт, семинар зохион байгуулна. Иргэд хүүхдийн эрх гэж юу болохыг мэдээгүйгээс болж зөрчил гаргадаг. Яахаар хүүхдийн эрх зөрчигддөг юм, юуг хүүхдийн эрх гээд байгааг иргэд, байгууллагуудад мэдээлж, энэ талаар мэдээлэлтэй болгосноор бидний анхны ажил эхлэх юм.

-Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэг, сургуульд явуулахаасаа өмнө эмээдэг болжээ.Учир нь цэцэрлэгийн багш нь зоддог, хүүхэдтэй зүй бусаар харьцдаг, сургуулийн орчимд автомашины хөдөлгөөн, хулгай дээрэм их болсонтой холбоотой гэж тайлбарлаад байгаа шүү дээ…

-Зарим сургууль, цэцэрлэгийн багш нар уламжлалт хэв буруу зуршлаасаа болж хүүхэдтэй зүй бусаар харилцаж, үүнээсээ болж хүүхдийн эрхийн зөрчил гаргаж байна. Хүүхдийн эрхийн зөрчил гарсны дараа бидний зүгээс үргэлжлүүлэн хяналт тавина. Дахин хүүхдийн эрх зөрчигдөж байна уу, хүүхдүүдтэйгээ зөв сайн харилцаж байгааг бид хянах юм. Манайхны нэг дутагдал нь буруу үйлдэл, зан авир гаргаж буй хүүхдийн алдааг зөвөөр хэлж, ухааруулахын оронд гар хүрч, ширүүн загнадаг. Үүнээс болж хүүхдийн эрхийн зөрчил үүсэж байна. Энэхүү үйлдлээсээ болж хуулийн хариуцлага хүлээдэг. Тийм болохоор хүүхдийн эрхийг дээдэлж, тэдэнтэй зөв харилцах учиртай.

-Мэргэжлийн хүний зүгээс хэлэхэд амьдрал дээр хүүхдийн эрх ямар тохиолдолд зөрчигдөөд байна вэ?

-Наад зах нь хүүхдийн үндсэн дөрвөн эрх зөрчигдөж байгаа юм. Монголд хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, оролцох, хамгаалуулах эрх зөрчигдөж байна. Хүүхэд төрсөн цагаасаа эхлээд л эрх нь үүсэж байдаг. Монгол хүүхэд бүр агаар, хөрс, ус, дуу чимээний бохирдолгүй газар эсэн мэнд өсөж бойжиж байна уу, гэр бүлийн, нийгмийн хүрээнд аюулгүй, дарамт шахалтгүй амьдарч чадаж байна уу, сурч боловсрох эрхээ бүрэн гүйцэт эдэлж чадаж байна уу. Энэ бүхэн нь хүүхдийн жам ёсны эрхүүд зөрчигдсөөр байгаа гэсэн үг юм.

-Та бүхний ажлын үр дүн хэдэн жилийн дараа нийгэмд тодорхой харагдах бол. Ирэх жилүүдэд Монголд хүүхдийн эрхийн зөрчил буурах уу?

-Бидний ажлын гол зорилго бол хүүхдийн эрхийн зөрчлийг цөөн болгож, улмаар хүүхдийн эрхийг дээдэлдэг нийгмийг бүрдүүлэх явдал юм. Бид энэхүү зорилгодоо хүрэхийн тулд маш шаргуу, нягт нямбай ажиллах хэрэгтэй. Дан ганц бидний оролцоо энэхүү асуудлыг шийдвэрлэхгүй. Нийгэм бүхлээрээ хүүхдийн эрхийн төлөө дуугарч, хүүхдээ хайрлаж, хамгаалж чадсанаараа бидний ажлын үр дүн харагдах болно. Гэхдээ тодорхой хэдэн жилийн дараа Монголд хүүхдийн эрхийн зөрчил эрс буурна гэдэгт итгэж байна. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг цөөн болгож, хүүхдийн эрхийг хамгаалахын тулд бид урьдчилан сэргийлэх ажлуудыг л маш сайн хийх ёстой юм.


Categories
мэдээ цаг-үе

Их ухралт: “Миний биш” Улаанбаатар

НЭГ. ХОТЫН ЗАХИРГААГ ЖИЖИГРҮҮЛСЭН “ҮНДСЭН ЗАХИРГАА”

Үнэн хэрэгтээ, улаанбаатарынхны үндсэн захиргаа нь дүүрэг хороод биш юм. Одоо больчихоогүй болбол, анкетанд байх “үндсэн захиргаа” гэсэн хэсэгт төрсөн орон нутгийнхаа засаг захиргааны нэгжийг бичдэг байсан. Үндсэндээ бол тэнд л захирагдах ёстой, энд захирагдаад байх учиргүй гэсэн санаа.

Улаанбаатар хот 1960-аад онд, малаа хураалгаж өмчөөсөө салаад, хот суурин руу дайжсан малчдын давалгаанаар идэвхтэй томорч эхэлсэн. Тэр үеийнхэн бараг бүгдээрээ “Үндсэн захиргаа: Завхан аймгийн Шилүүстэй сум” гэхчлэн бичиж эхэлжээ. Улаанбаатар урбан утгаараа цогцолж эхэлсэн тэр үеэсээ л “өөр үндсэн захиргаатай” иргэдийн “үндсэн бус захиргаа” болон хөгжиж ирсэн байх нь.

Тун удалгүй, малаас дайжсан малчдыг эргүүлэн тогтоож нэгдлийн хонь хариулгах хэрэгцээнээс үүдэн “хотын паспорт” хэмээх Улаанбаатарт амьдрах эрхийн лиценз гаргаж, шинээр төрсөн иргэд болон нам, төрийн ажил албаны шаардлагаар суурьшсан хүмүүст олгож эхэлжээ.

Ингэлээ гээд “цэвэр хотынхон” бүрэлдсэнгүй. Нийслэлд төрсөн, тэднээс төрсөн ялгаагүй “тэндхийн уугуул” гэдэг шинэ нэр гарлаа. Улаанбаатарт төрсөн хөдөөний уугуул.

Энэ нэр томьёо үндэсний бахархал болсон монгол бөхийн дэвжээнээс байнга сонсдоно. Хотод төрсөн өвөөтэй, нийслэлд мэндэлсэн аавтай, нэгдүгээр төрхийн уугуулууд л “ Увс аймгийн….сумын уугуул”, “Хөвсгөл аймгийн…сумын бөх” хэмээн цоллуулна.

Хэрвээ, хэн нэгнийг “Баруун талын магнайд байгаа Улаанбаатар хотын, Сүхээбаатаар дүүргийн бөх өө…” гээд цоллуул наадамчин олон цочих төдийгүй, наадам нь ч наадам биш болоод явчихна. Тийм болохоор Улаанбаатарын идэвхтэй хотжсон цагаас тоолоод гурав дахь үеийн жаалуудыг барилдуулахдаа, магадгүй амьдралдаа очиж амжаагүй ч байж мэдэх аль нэг аймаг сумаар овоглон дууддаг ажгуу.

ХОЁР. НИЙСЛЭЛИЙНХНИЙГ ЗАХИРДАГ “НУТГИЙН ЗӨВЛӨЛ”

Иймээс өнөөгийн улаанбаатарчуудын жинхэнэ захиргаа нь нийслэлийн дүүрэг, хороод гэхээсээ илүүтэйгээр 21 аймаг, 300 гаруй сумын нутгийн зөвлөл юм. Энэхүү “нутгийн зөвлөл” хэмээх ТББ-ууд нь нийслэлийн иргэдийн жинхэнэ, амьд засаг захиргаа юм аа.

Гудамжинд тааралдсан хүнээс оршин суудаг хорооных нь дугаар, хорооны даргын нэр, гудамжных нь албан ёсны нэр зэргийг асуухад хэрхэн хариулах бол?

Харин сум, аймгийнхаа нутгийн зөвлөлийн дарга, уугуул нутаг, эцэг дээдсийн төрсөн газрыг нь бол ихэнх нь хэлээд өгөх болов уу?

Нийслэлийн иргэд хорооныхоо нийтийн хурал, СӨХ-ны хурал зэргийг төдий л ойшоодоггүй. Түүнийг тэтгэврийн хөгшчүүлийн ажил, хэл ам татлах дуртайчуудын үйл хэрэг байдлаар төсөөлөх нь элбэг.

Харин нутгийн зөвлөлийн хуралдаа очиж амжаагүй бол “хүний мөсгүй явдал” боллоо гэж эмзэглэх нь олонтаа бөгөөд цаадуул нь ч биеэ тоосон, их зантайгаар төсөөлнө. Бүүр “хүний нүүр харах аргагүй болоод тэр биз” гэхчлэн баалж ч магад. Ийм учраас, Улаанбаатар хотынхон “нутгийн зөвлөл” “уугуул нутаг” хэмээх тойргоос шахагдаж гарахгүйг эрхэмлэдэг.

Яг л глобальчлалын үед үндсэн төрхөө хадгалах гэж чардайх цөөнх үндэстэн шиг л Улаанбаатарт ирээд нутгаа мартахгүйг хичээх хөдөөнийхний супер өргөн айлсалт, бараг л “бүү март, мартвал сөнөнө”гэдэг уриатай…

Нийслэлийн иргэдийн хамгийн том нийтийн хурал бол нутгийн зөвлөлийн цагаан сарын золголт байдаг. Холхи хязгаарын нэгэн сумын уулзалт-золголт гэхэд л Бөхийн өргөө мэтэд багтаж ядна. Ийм уулзалт нийслэл, дүүргийн иргэдийн хурлаас ч тогтмол бөгөөд тэднийг дагуулахгүй ирцтэй.

Улаанбаатарчуудын санааг өнөөдөр хамгийн их зовоож байгаа асуудал бол “Хотын утаа” мөн үү, биш үү, бүү мэд. Утаа нь уушгийг хордуулж байгаа угаар гэхээсээ илүү манай эдийн засгийн салшгүй хэсэг, өвөл цагийн улс төрийн гол хэрэглэгдэхүүн болчихсон учраас л анхаарлын төвд байгаа юм биш биз?

Харин орон нутагт нь зуд болуул яахав, яаж малчдад туслах вэ гэдэг бол нийслэлийн иргэдийн тулгамдсан асуудал мөнөөсөө мөн. Тэр ч бүү хэл, албан хаагчдын цалин нэмэх мөнгөгүй төр засагт маань зуд болбол тараах мөнгө байж л байгаа.

Ингэхэд улаанбаатарынхны үндсэн эрх ашиг юу вэ, нийслэлийн иргэдийг нийслэлийн иргэний утгаар үнэн санаанаас нь нэгтгэдэг ёс суртал нь хаана вэ?

ГУРАВ. УДААН СУУДАГГҮЙ ХОТ

Угаасаа нүүдэлчдийн бөөгнөрөл түр зуурынх байж ирсэн. Тэдэнд хот байгуулалтын соёл туршлага байхгүй учраас нүүдэлчний стилиэр түр хамтраад сална. Ер нь хувь хувийн амбицаа хөөсөн нүүдэлчдийн хамтын суурьшил, хамтын айлсал, хамтын ажиллагаа, хамтын нөхөрлөл бүгд л түр зуурын шинжтэй.

Өнөөгийн нийслэлийн үндэс суурийг тавьсан “өргөө” ч нэг газар удаан тогтдоггүй байв. Хотыг дагасан дэд бүтэц үүсгэх соёл, туршлага дутмаг учраас “ ойр хавьд түлээ түлш олдохоо байсан”, “морины аргамжаа муудсан ( хавь ойрын бэлчээр талхлагдан морь идэшлүүлэх газар олдохгүй) учир” байн байн нүүж байсан ажээ.Муу ус зайлуулах бүтэцгүй “Өргөө”-д ариун цэвэр сахиулах ажлыг золбин ноход гүйцэтгэнэ.

Угаасаа Да хүрээ нь нэгдсэн захиргаагүй, шавь нь шавьдаа, харин түр ирсэн хүмүүс аймгийнхаа суурин жасаанд хамаарна. Нутаг ойр учраас зүүн хоёр аймаг суурин жасаатай, харин баруун аймгууд хэрмэлийн буюу нүүдлийн жасаа хэмээх засаг захиргааг их хүрээнээ байгуулсан байв. Тэдгээр нь Өргөө дахь албан ёсны нутгийн зөвлөл бөгөөд хотод ирсэн иргэдийн хэргийг шийдэж, татвар ногдуулж, цэрэг цуухад татна. Өргөн уудам нутагтаа нүүдэллэн амьдрах монголчууд хаана ч явсан үндсэн захиргаатай байсан аж. Үндсэн захиргаа гэж…

Тэрхүү үндсэн захиргаа одоо ч биднээс салахгүй дагаж яваа нь өнөөгийн “Нутгийн зөвлөл”-үүд бөлгөө. Амь бөхтэй энэ зохион байгуулалтыг Манж чин гүрний вассаль байх үед хийсэн бөгөөд Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” зохиолын На түшмэл бээр Монголын түүхийг гуравхан өгүүлбэрт багтаан “Богд Чингис хааны үед их гүрнийг байгуулаад, Автай сайн ханы үед Гомбогүр бурхныг залаад, Энх-Амгалан хааны үед тусгай засаг хошууг байгуулаад” гэж хэлдгийн учир тэр. Энэ өгүүлбэрт монголчууд тулгар төрөө байгуулж, үндэсний шашинтай болж, засаг захиргааны шинэчлэл хийсэн үеүдийг заасан байдаг.

ДӨРӨВ. ИХ УХРАЛТ

Нүүдэлчид угаасаа л овог аймагт хуваагдсан хэвээрээ удаан явжээ. Тэр нь цусан төрөл, нэг овогтны холбоо гэхээсээ илүү нутгийн зөвлөл, жалга довны группийн шинжийг агуулна. Ийм учраас хүн нэг аймгаас нөгөө аймагт шилжиж болно. “Нууц товчоо”-г уншсан болгоны мэдэх зүйл л дээ.

Харин иргэншиж хөгжсөн газар оронд энэ үзэл халагдаж, нэг хотынхон, нэг улс үндэстэн болон хувирч байжээ. Хүн төрөлхтний түүх бол ураг садан, жалга довны нэгдлээ даван туулж үндэсний эрх ашгийн нийтлэгтэй болж чадсан шаштир ажгуу. Глобальчлал, ардчилал гэдэг ойлголт өнөөдөр хүн гэдэг амьтан “хүн төрөлхтний нийтлэг”-тэй болж буйн жишээ.

Анхандаа шашин шүтлэг, үндэсний зан суртал нь овог аймгаас илүү том нийтлэг бий болгож байсан ч өөр шашин суртлын хил хязгаар дээр тулж, зарим газар мөргөлдөж байж.

Магадгүй энэ хязгаарыг илүү том тэлсэн зүйл бол улс төрийн нам болов уу? Бид өнөөдөр улс төрийн энэхүү байгууламжийг шавартай хутгаад хаячихсан болохоос биш, цаад гарвалаараа хүний түүхийн гайхамшигт дэвшил байлаа. Учир нь хүмүүс овог аймаг, шашин, гарал үүсэл, арьсны өнгөнөөс үл хамааран улс төрийн үзэл бодлоороо нэгдэх боломж олсон нь улс төрийн нам байж.

Жишээлэхэд, бидний сайн мэдэх коммунист чиг баримжаатай үзэл суртал ба намууд бөмбөрцгийн хүн ардын бараг талыг эзэгнэж байв. Даанч,“хоосон ядуу ч гэсэн хүн мөн” гэдэг тэнгэрлэг үзэл санаанаас гараагаа аваад “хоосон ядуу л бол хүн мөн” болж гуйвснаас биш.

Социализмын жилүүдэд, ялангуяа Ю.Цэдэнбал даргын удирдлагаар овог аймгийн үзэл санаанаасаа төдий л холдоогүй монголчуудыг үндэсний нийтлэг үнэт зүйлтэй болгох олон ажил хийгджээ. Бөхчүүдийг хүртэл аль нэг аймаг орон нутгаар цоллон дуудахаас зайлсхийж биеийн тамир спортын нийгэмлэгүүдийн өмнөөс барилдуулж байлаа.

Америкийн хөгжил дэвшлийн нууцыг чухам овог отог, арьсны өнгө, шашин шүтлэгийг давсан нийтлэг эрх ашгийг бий болгож чадсан явдал хэмээн бахархаж бичдэг. ХХ зууны Монголын соёлын довтолгооны бас нэг том ололт нь жалга довны үзэл санаанаас давсан “БНМАУ-ын иргэн”, “монгол эх орон” зэрэг үндэстний нийтлэгийг бүтээж чадсан явдал байлаа.

“Заяын шавийнхан, Дархан бээлийн хошууныхан, Дорж тайжийн хамжлага хэмээх бяцхан “нийтлэг”-тэй явсан монголчуудад “эх орон” гэдэг хэллэг, ойлголт байсангүй. (Монголчууд өөрснөө гурав дөрөв хуваагдчихсан цаг).

Магадгүй, орос хэлний отечество, родина, народ, партия гэдэг үгсийн орчуулга болох “Эх орон”, “ард түмэн” гэхчлэнгийн үгс нь бид үндэстэн болж цогцолсны илрэл байв. Чухам энэ дэвшлийн үрээр л эх орон хэмээх тугийн дор нэгдсэн манай улсын буддын шашинт монголчууд, ислам шашинт казахууд хоорондоо овог аймаг, шашин шүтлэгээрээ бус харин намаараа ялгаран “үзэж” тарж байгаа билээ, дэвшил шүү.

Харамсалтай нь, социализмд бүтээгдсэн үнэт зүйлсийн нэлээд нь албадлага дээр тогтож байснаас болсон уу, угаасаа хотшин иргэншиж гүйцээгүй байхдаа ардчилалтай золгосон улсын зовлон ч юм уу, олон сайхан ололт нь нурж эхэлсэн юм.

Тэдний нэг нь монголчууд улс үндэстний нийтлэгээсээ ухарч нутаг усны буюу овог аймгийн эрх ашгийн нийтлэг рүүгээ хийж буй ухралт бөлгөө. Үндэсний хэмжээний энэ ухралт арай гэж хотшиж байсан нийслэлийн хүүхдүүдийг ч үертээ хамжээ. Тэд энэхүү овог, аймгийн байгууламжийн аль нэг хэсэгт л хамаарахгүй бол улс төр хийж чадахгүй болсон учраас эцэг эхийнхээ намтрыг судлан сонголт хийж байх шиг.

Нийслэлийн унаган иргэд болох Н.Энхбаяр аавыгаа даган Архангайн овогт очиж, М.Энхсайхан Дорнодын отогт нэгдэн, С.Баяр Хөвсгөлөөр аймагжсан нь үүний жишээ гэлтэй.

Нэг талаасаа төрөлх нутаг орноо хөгжүүлэх, байгаль дэлхийтэй тогтоосон хүйн холбоогоо эргэн санах тэнгэрлэг үйл мэт. Гэтэл, ХХ зууны монголчуудын гол ололт болсон хотшил иргэншлийн эсрэг чиглэсэн нүүдэл болж байдаг.

Энэ ухралт эхэндээ биднийг нийслэлийн иргэн, Улаанбаатарын хүн биш болгож, Улаанбаатарыг “миний биш болгож” эхэлж байна. Дараа нь монгол хүн, Монголын иргэн гэдэг нийтлэгийг эвдэж эхэлбэл яах вэ?

Бидний, хотынхоо өмнө нэр нүүртэй байхаасаа илүүтэйгээр хот айлынхаа өмнө нүүр улайхгүй байх эрмэлзэл “хөгжсөөр” байгаад “овог аймгийнхаа өмнө хүлээх хариуцлага нь улс үндэстний өмнө хүлээсэн үүргээс давах” хэмжээнд очвол яах вэ?

Хэдэн жилийн өмнө “Увс хүн” гэдэг хөтөлбөр гарч, ном нь хэвлэгдэж байсныг наргиан болгоод өнгөрцгөөсөн. Одоо араас нь “Өмнөговь хүн”, “Алтай хүн” гарч хөгжөөд монгол хүн задарч эхэлбэл яах бол?

ТӨГСГӨЛ. “ЧИНИЙ ХОТ”-ООС “МИНИЙ ХОТ”

Монголчууд орчин үеийн утгаар суурьшиж эхлээд нэгэн жарныг үджээ. Харин иргэд нь далд ухамсраараа түүнийг хуучин цагийн өргөө, түр зуурын айлсал, асар том хот айл маягаар төсөөлсөөр. Тэрхүү далд ухамсар нь “Чи энд түр суугаа аяны хүн, чамд өөрийн гэх уугуул нутаг бий. Харин түүнийгээ мартаж болохгүй” хэмээн сануулсаар…Гончоом өмсөж, англиар яривч далд ухамсраас нь үл арилах сэтгэл зүрхний дуудлага.

Монгол хүн явсан газартаа нүүртэй байхаас илүү нутаг орондоо очих нүүртэй байхыг эрхэмлэдэг. Энэхүү далд чин эрмэлзэл бидний төрөлх хотдоо хандах хандлагыг тодорхойлсоор байна. Нэгэнт л нутаг нутгийн зөвлөлд албан ёсоор хуваагдсан иргэдтэй, тэд нар нь нийслэлд тулгамдсан асуудлаас илүүтэйгээр уугуул нутгийн цас зудыг чухалчилдаг Улаанбаатар хотыг хөдөөний хүн удирдах, хотын суугуул захирах хоёрт зарчмын ялгаа байхгүй л болов уу?

Хамгийн гол нь Улаанбаатарыг хот шиг хот байлгахын эхлэл нь хотод суугаа энд тэндхийн уугуулуудын сэтгэл зүрхийг эгүүлэх явдал юм шиг байна. Улаанбаатар хот миний хот болох ёстой. Энэ алхмыг үндэсний зан үйл, уламжлалт соёлдоо шингээж эхэлбэл ямар бол? Жишээлэхэд, Улаанбаатарын, Сүхбаатар дүүргийн бөх хэмээн цагаан сараар цоллохоос эхэлбэл…

Чухамдаа “улаанбаатарын хүн”, “Миний Улаанбаатар” гэдэг ойлголт, итгэл үнэмшил л биднийг өөр хаанахын ч биш “Монголын хүн” болох зам руу маань эргүүлэн хөтлөх болов уу?

Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Их ухралт: Миний биш Улаанбаатар” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад- 2017 оны шагналыг өчигдөр гардуулсан юм. Энэ талаарх мэдээг тэргүүн нүүрнээс хүлээн аваарай.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль санаалагчдын нэг УИХ-ын дэд дарга Я.Санжмятавтай хийсэн ярилцлага тэргүүн нүүрэнд оржээ. Тэрээр “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн 380 орчим хүүхэд орон сууцны дэмжлэг үзүүлнэ”гэжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Их ухралт: Миний биш Улаанбаатар” нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Сүүлийн үед хүүхдийн эрх зөрчигдсөн хэрэг их гараад байгаа билээ. Баримт үйл явдлын долоодугаар нүүрнээс “Дөрвөн настай хүүхдээ ганцааранг нь үлдээснээс болж осгож, амиа алдахаа шахжээ” сурвалжилгыг хүлээн авч хараарай.

БНСУ-д Монгол Улсаа төлөөлөн суух элчин сайдад Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг нэр дэвшүүлсэн билээ. Гэвч түүнийг томилох асуудал гацаад байгаа юм. Энэ талаар улс төрийн хоёрдугаар нүүрэн дэх “Ж.Батзандан тэргүүтэй гишүүд Б.Хурцын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийхээр болжээ” сурвалжилгаас үзээрэй.

Сэлэнгэ аймгийн Боловсрол соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн, монгол хэл, уран зохиолын багш Ч.Алтантуяатай хийсэн ярилцлагыг XII нүүрнээс харах боломжтой. Тэрээр “Боловсролын цөм хөтөлбөрт тулгамдаж буй асуудал бол сонголтой хичээл юм” гэсэн байна.

Бөөрний дутагдалд орсноос эрчимт эмчилгээ хийлгэж байгаа, Монгол бадарчин Ж.Золбаяртай хийсэн ярилцлагыг XIII нүүрнээс хараарай. Тэрээр “Донорын хууль гартал аппараттайгаа амьдарна” хэмээн онцлон хэлжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

2018 онд тусгай зориулалтаар жаран угалз агнуулна

Related image

  • Соёлын өвийг хамгаалахад идэвх, санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журмыг баталлаа.
  • Тусгай зориулалтаар 2018 онд угалз 60, тэх 75, халиун буга 32, бор гөрөөс 10, зэрлэг гахай 10, цагаан зээр 100, агнуурын шувуу 500 хүртэл толгойг агнуулах, тул загас 450 хүртэл толгойг барьж буцаан тавихаар, бусад загас 10 мянга хүртэл толгойг агнуулахыг зөвшөөрөв.
  • Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд ОХУ-ын Сочи хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн XVI хуралдаанд оролцсон дүнгийн талаар танилцуулж, хуралдааны мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Гадаад харилцааны сайдад даалгав.
  • “Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон уг хэлэлцээрийн хүрээнд байгуулах “Санхүүгийн тусламжийг хэрэгжүүлэх протокол”-ын төслийг дэмжин, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын Захирамж гаргахаар тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

​Амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно

Related imageБНХАУ-ын Учо хотод зохиогддог олон улсын циркчдийн уралдаанаас алтан медаль хүртсэн Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчдэд 52 сая төгрөг, ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн дуурийн дуучин Э.Анхбаярт 24 сая төгрөг, АНУ-ын IBLA сангаас зохион байгуулдаг Барток Кабалевский Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн суралцагч М.Заяа, Д.Сувд, Г.Энхцаг, Г.Итгэлтөгс, Н.Цогт, Г.Анар нарт тус бүр 14 сая төгрөг, гуравдугаар байр эзэлсэн суралцагч Б.Есүйд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.