Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин: Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2017.12.16) Стандарт, хэмжил зүйн газарт ажиллалаа. Энэ нь Шадар сайд Ө.Энхтүвшиний хувьд Стандарт, хэмжил зүйн газрын ажилтнуудтай нүүр тулан ярилцаж, ажил хэрэгтэй нь танилцав.

Ийнхүү Шадар сайд өөрийн харьяа бүх агентлагийн ажил байдлыг сонсож салбар, салбарт зайлшгүй гүйцэтгэх үүрэг даалгавар өгч шинэ оны босгон дээр дараа жилийн ажлаа тодорхой төлөвлөх зорилтоо биелүүлэв.

Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Үнэт металлын сорьцын газрын алт хайлуулах, үнэт метал болон эрдэнийн чулуунд сорьц тавих үйл явцыг сонирхсоноор Шадар сайд Ө.Энхтүвшиний энэ өдрийн ажил эхэлсэн. Үнэт металлын сорьцын газар жилд дунджаар 140000-150000 удаа сорьц тавьдаг бөгөөд мөнгөн эдлэлийн 925, алтны 585 сорьц хамгийн өргөн хэрэглэгддэг байна. Хамгийн сүүлд 2006 онд шинэчилснээс хойш өдгөө 12 жилийнхээ нүүрийг үзэх гэж байгаа сорьцын хэв олон жил хэрэглэснээс бүдгэрсэн, өнөөг хүртэл алхаар товшин дардас тавих гар ажиллагаа хэдийн шаардлага хангахгүй болж байгаад үнэт эдлэлийн үйлдвэрүүд Үнэт металлын сорьцын газарт гомдол тавьсаар иржээ. Энэ мэт техник, технологийн хоцрогдол зөвхөн Үнэт металлын сорьцын газарт бус Стандарт, хэмжил зүйн газрын өдөр тутмын ажлын хамгийн том бэрхшээл болж байгааг тус агентлагийн ажилтнууд өгүүлсэн.

СХЗГ-т өнөөдөр ашиглаж байгаа хэмжих хэрэгслүүд хуучирч, хэмжүүрийн нарийвчлал нь орчин үеийн чанарын шаардлагад нийцэхгүй болоод байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулаттай аж ахуйн нэгжүүдийн хэрэглэдэг багаж хэрэгсэлтэй харьцуулахад бараг 10 дахин зөрөөтэй байх болсон байна.

Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр “СХЗГ 2003 онд олон улсын стандартыг хэрэгжүүлж эхлэх зорилт тавьж байсан бол Монгол Улсад өнөөдрийн байдлаар 6196 стандарт мөрдөгдөж байгаагийн 3011-ийг заавал, 3185-ыг сонгон хэрэглэх боломжтойгоор нэвтрүүлээд байгаа нь бизнес эрхлэгчид болон аж ахуйн нэгжүүдэд стандартыг сонгон хэрэглэх уян хатан нөхцлийг бүрдүүлсэн. Эдгээр стандартын 34 хувь нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ба энэ нь Монголын бараа бүтээгдэхүүн экспортод гарах чухал хөшүүрэг юм. Үндэсний чанарын 2016-2020 оны хөтөлбөрийн дагуу Номхон далайн болон Евразийн бүсэд хүлээн зөвшөөрөгдөх бүтээгдэхүүн баталгаажуулах стандартуудыг Монгол Улсад нэвтрүүлэх ажлууд хэрэгжиж байгаа” гэв. СХЗГ 2015 онд Францын AFNOR байгууллагаас магадласан аудитад амжилттай дүн үзүүлжээ.

СХЗГ-ын дэд дарга Д.Сүхбаатар “Манай байгууллага нарийн мэрэгшсэн мэргэжилтнүүдтэй. Гэвч төрийн бодлогын алдаанаас болж тэдгээр мэргэжилтнүүдийн залгамж халаа алдагдаад байна. Манай мэргэжилтнүүд шинэ хүмүүсийг ажлын байран дээр дадлагажуулах замаар сургаж байгаа хэдий ч орчин үеийн шаардлагад нийцсэн боловсон хүчин зайлшгүй хэрэгтэй байна” гэлээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин СХЗГ-ын удирдлагууд болон ажилтнуудтай чөлөөт ярилцлага өрнүүлсний эцэст “УИХ энэ өдрүүдэд Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хүлээж байгаа билээ. Уг хуулийг боловсруулах ажлын хэсэг 2013 онд байгуулагдсанаас хойш 2017 онд Засгийн газрын хуралдаан, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл СХЗГ-ын хамт олон амжилттай ажилласанд талархал илэрхийлье. Энэ хууль батлагдвал 2018 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх тул бэлтгэл ажлыг сайтар хангах хэрэгтэй болно. Стандартчилал, хэмжил зүйн газар Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан Санамж бичиг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих бөгөөд тухайлбал, Монгол Улс ОХУ-д ямар нэг бараа, бүтээгдэхүүн худалдах бол тэнд Орос, Монголын стандарт бус, Евразид мөрддөг стандартад нийцсэн байх шаардлага тулгарна. Тиймээс та бүхэн бизнес эрхлэгчдэдээ стандартын талаарх мэдлэг, мэдээллийг олгоход анхаарах ёстой.

Стандарт, хэмжил зүй, сорьцын итгэмжлэл, баталгаажуулалт гэдэг бол шинжлэх ухааны өндөр мэдлэг, инженер техникийн нарийн мэргэшил, түүнчлэн гадаад хэлний ур чадварыг бүрэн эзэмшсэн байхыг ажилтнуудаасаа шаарддаг нь гарцаагүй. Танай байгууллагад тулгарч байгаа санхүүжилтийн, боловсон хүчний болон теник технологи, багаж хэрэгсэл, эталоны асуудалтай танилцаж, ажилтнуудын санаа бодлыг сонссондоо олзуурхаж байна. СХЗГ энэ жилийн орлогоо нэг тэрбум төгрөгөөр давуулсан гэж байгаа ч энэ нь хэрэв аудитын шалгалтаар нотлогдвол тодорхой хувийг танай байгууллага өөртөө хөрөнгө оруулах хэлбэрээр үлдээх боломжийг Засгийн газраас олгосон. Тиймээс би энэ талаар Сангийн яамтай ярих болно. Миний бие Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссыг ахалдгийн хувьд эталоны санхүүжилтэд туслах тухай саналыг БНХАУ-ын талд тавья” гэв.

СХЗГ-т ажиллаж байгаад хууль бусаар халагдсан гэх нэгэн ажилтны гомдол сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй тухайд Шадар сайд Ө.Энхтүвшин мөн байр сууриа илэрхийлэв. “Та бүхэн хуулиа дагаарай. Үүссэн маргаанд субъектив хандуузай. Хууль зөрчсөн, эсэхийг сайтар нягтлах ёстой” гэлээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад Байгаль орчны төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцогчдод хандан Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явуулав

Монгол Улсад Байгаль орчны төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа уншиж сонордууллаа.

Уг илгээлтэд энэ салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, ахмадууд, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд Та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Монголчууд эрт дээр үеэс эхлэн байгаль эх дэлхийгээ шүтэн биширч, хайрлан хамгаалдаг өнө эртний хосгүй уламжлалтай ард түмэн билээ. Байгаль дэлхий, ан амьтнаа хайрлан хамгаалж, төрийн бодлогодоо тусгаж байсны нэг илрэл нь Чингис хааны “Их засаг” хууль, Ойрадын цааз, XVI зууны үеийн хууль цаазын бичиг “Халх журам” зэрэг Монгол улсын хууль тогтоомжид ан агнах, газар хөндөх, мод огтлох зэргийг чанд журамлан, нарийн цааз дэг тогтоож байсан явдал юм.

Бидний өмнө дүнхийж буй Богд хан уул нь Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг юм. 1294 онд гаргасан Монголын Их Юань Улсын хууль цаазын бичигт Богдхан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож байжээ. Гэвч дэлхийн дулаарал, хүний нийгмийн хөгжлийн хурдац, үйлдвэржилт, тэдгээрээс үүссэн буруу хэрэглээний үр нөлөөгөөр хүн байгаль хоёрын хүйн холбоо холдон тасрах аюулд хүрч болзошгүйг дэлхийн зарим орны төдийгүй Монголын жишээ бидэнд харуулж байна.

Улаанбаатар хотын орчны бохирдол жилээс жилд нэмэгдэн, ялангуяа өвлийн улиралд утаа гамшгийн хэмжээнд хүрч, иргэдийн эрүүл мэндэд ноцтой хор уршиг учруулж буйг бид олон жил ярьсан ч оновчтой шийдэлд хүрч чадаагүй байна.

Энэ байдлаас гарахын тулд ядуурал ажилгүйдлийг бууруулах, дагуул хотууд суурьшлын төвийг байгуулан нийслэлийн хэт төвлөрлийг багасгах, нүүрс хүчлийн хийн ялгарлыг багасгах, уул уурхайн үйлдвэрлэлээс байгаль орчинд нөлөөлж буй сөрөг нөлөөллийг багасгах үүднээс нүүрс, зэс, алт болон бусад эрдэс баялгийн олборлолт, боловсруулалтад байгальд ээлтэй, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ашиглах боломж бүрдүүлэх зэрэг олон ажил бидний өмнө, түүн дотроо байгаль орчны салбарынхны өмнө тулгамдаж байна.

Бидний цаашдын хөгжлийн арга зам бол байгаль орчинд ээлтэй, хэмнэлттэй, үр ашигтай, хаягдал багатай, бүтээмжтэй байх явдал юм. Манай улсын эдийн засаг дан ганц уул уурхайгаас хараат байдалд байгааг халж, эдийн засгаа төрөлжүүлэн байгаль орчинд ээлтэй, нийгмийн хөгжилд түлхэц болохуйц тогтвортой хөгжлийг цогцлоох нь чухал юм. Ингэж чадвал бид өнөө болон хойч үеийнхэндээ цэлмэг тэнгэр, цэнгэг устай ирээдүйг баталгаажуулан өгөх болно.

Байгаль орчны салбарын ажилтан, албан хаагчид та бүхэн ахмад үеийнхээ баялаг туршлагыг бүтээлчээр өвлөн баяжуулж, Монгол орныхоо экосистемийн зүй тогтцыг хадгалан, байгалийн нөөц баялаг, биологийн төрөл зүйлийг хамгаалах, зохистой ашиглах ажлыг шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй уялдуулж бүс нутгийн төдийгүй дэлхийн улс орныг манлайлан ажиллана гэдэгт итгэж байна.

“Уусан ус рашаан, унасан шороо алт” хэмээн байгаль дэлхийгээ хайрлан хүндэтгэдэг нандин уламжлалтай ард түмнийхээ байгаль хамгаалах үйл хэрэгт үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа Та бүхэндээ баяр хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Эрэл” ХХК-ийн БҮК-1 төслийн Байшин үйлдвэрлэх үйлдвэрийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Эрэл” ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинат-1 /БҮК-1/ төслийн Байшин үйлдвэрлэх үйлдвэрийн нээлтэд өчигдөр оролцлоо.

Монгол Улсын барилгын салбарт 1960-аад оны эхэн үеэс угсармал байшингийн үйлдвэрлэлийн эх суурь тавигдаж, улмаар 30 шахам жил хөгжих хугацаанд Байшин үйлдвэрлэх комбинат-1 /БҮК-1/ нь Улаанбаатар хотод орон сууцны шинэ хорооллуудыг сүндэрлүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн билээ.

Нийслэл хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөөр шинэ зууны шинэ хорооллууд барих төслүүдийг хэрэгжүүлэхээр салбарын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтын ажиллагааны хүрээнд дагуул хотууд, орон сууц, олон нийтийн барилга болон холбогдох дэд бүтцийг стратеги төлөвлөгөөний дагуу барихаар төлөвлөж байгаа энэ цаг үед БҮК-1 төслөөр хэрэгжүүлэх угсармал барилгын үйлдвэрлэл ашиглалтад орж байгаа нь түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.

Нээлтийн ажиллагаанд оролцогсод барилгын материалын үйлдвэрлэл, барилгын хөгжилд шинэ эрин үе нээж байгаа “Эрэл” ХХК-ийн хамт олонд баяр хүргэж ажлын амжилт хүсэцгээсэн юм.

“Эрэл” ХХК-ийн БҮК-1 төслийн хүрээнд ашиглалтад орж байгаа шинэ үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж нь ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн технологийг ашигладаг дэлхийн том үйлдвэрүүдийн нэг болон шинэчлэгдэж байгаа бөгөөд бүх дамжлагыг компьютерээр хянадаг бүрэн автомат үйлдвэр аж.

Угсармал Бетон Хавтангийн Үйлдвэр нь 1963 онд анх байгуулагдсан бөгөөд өнгөрсөн зуунд Улаанбаатар хотын барилгын 80 хувийг барьж байгуулсан юм. Уг үйлдвэрийг Эрэл компани 1994 онд хувьчлан авч 2013 оноос “Чингис” бондын 14 сая ам.доллар болон өөрийн хөрөнгө, бусад эх үүсвэрийг оролцуулан хамгийн сүүлийн үеийн “Германд үйлдвэрлэв” технологийг ашигладаг томоохон үйлдвэрүүдийн нэг болон шинэчлэгдэж нээлтээ хийж байгаа юм.

Эрэл БҮК-1 үйлдвэр нь жилд 250 мянган кв.м орон сууц, сургууль, цэцэрлэг, бусад барилга, байгууламжийг жилийн 4 улиралд барих хүчин чадалтай юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ муу хэлүүлдэг өмч хувьчлал, муу хэлүүлдэг “Чингис” бондын хөрөнгө үр ашгаа өгч, иргэд хурдан шуурхай баригддаг, хямд ,найдвартай байранд орох боломж бүрдэж байна. Үүний үр дүнд жилд 5000 айлын янданг байхгүй болгож, тэр хэрээр утаа багасна гэдгийг онцолж байлаа.

Уг Байшин үйлдвэрлэх үйлдвэр нь барилгыг маш богино хугацаанд барьдаг бөгөөд барилга нь хэлбэр дүрс, хэмжээ, загварын уян хатан байдал, удаан эдэлгээ, өндөр чанар, хялбар бөгөөд хямд тээвэрлэлт ба угсралт, суурилуулалт, газар хөдлөлтийг тэсвэрлэх өндөр чадвар,задлах болон дахин барихад хялбар зэрэг онцлогтой юм.




Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж Монгол Улсад орчин үеийн дүрслэх урлаг үүсэж хөгжсөний 75 жилийн ойг тохиолдуулан Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардууллаа.

Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардчилсан хувьсгалын 28 жилийн ой, Монгол Улсад орчин үеийн дүрслэх урлаг үүсэж хөгжсөний 75 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсад эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлэх, ардчилсан нийгмийг цогцлоон байгуулах, үндэсний онцлог бүхий орчин үеийн дүрслэх урлагийг хөгжүүлж, эх орныхоо түүх, соёл уламжлалыг дэлхий дахинаа сурталчлан таниулах, залуу хойч үедээ дүрслэх урлагаар дамжуулан эх нутаг, түүх, соёл уламжлалаараа бахархах үзлийг төлөвшүүлж, ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан Монголын Урчуудын Эвлэлийн үе үеийн ажилтан албан хаагч, зураач, урчуудын авьяас билэг, хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.

Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Энд цугларсан эрхэм зураач, урчууд, анд нөхөд, уран бүтээлчид, багш нар та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Өнөөдөр та бүхэнтэй Монгол Улсад Урчуудын эвлэл үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн баярыг хамтдаа тэмдэглэж байгаадаа үнэхээр баяртай байна.

Нэгэн цагт энэхүү байгууллагад харьяалагдаж, ажиллаж, ихийг сурч, залуу насныхаа дурсамжит өдрүүдийг өнгөрөөсний хувьд энд би зориуд хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлж байгаа юм. Хүлээн авна уу. Энд олон сайхан найз нөхөд, багш нар, алдар цуутай зураач урчуудыг харж байгаадаа үнэхээр баяртай байна.

Миний мэргэжил бол зураач. Би улс төрд ороод арав гаруй жил болж байна. Миний энэ амжилт бас энэ мэргэжилтэй холбоотой. Зураач хүн, дүрслэх урлагаар дамжсан хүмүүс дөрвөн хананы цаадахыг дүрсэлж боддогоороо арай илүү алхаж явдаг гэдгээр би бахархдаг.

1990 онд Ардчилсан хувьсгалыг Монголын зураач урчууд оройлон дэмжиж, манлайлан оролцож шинэ нийгмийг бүтээлцсэнийг энэ мөчид бас бахархан дурсаж байгаадаа баяртай байна.

МоАХ-ын анхны гишүүд дунд Урчуудын эвлэлийн гишүүд, зураач, урчууд олноороо манлайлан оролцож байсныг дурсахад таатай байна.

Үүх түүх яривал урт удаан, баяр бахархалтай зүйлс Монголын урчуудын эвлэлд өчнөөн бий. Тэр болгоныг бүгд мэдэх хойно би ирээдүйд чиглэсэн хоёр зүйлд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна.

1942 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор анх байгуулагдаж байснаас хойших 75 жилийн түүх бол богинохон түүх биш юм. Энэ бол олон улсын жишиг дагуу Дүрслэх урлагийн Үндэсний академитай, академичидтай болоход хангалттай хугацаа. Тийм болохоор түүхт ойн энэ өдөр та бүхэн ойрын ирээдүйд урлагийн Үндэсний академи байгуулах, дүрслэх урлагийн олон төрлийг сонгодог болон үндэсний дэгээр хөгжүүлэх, сургах, дүрслэхүйн ухааны уламжлалт хийгээд орчин цагийн мэдлэгийг түгээхэд анхаарал хандуулаасай гэж уриалж байна.

Энэ зорилго дор Улаанбаатар хотод олон улсын биенналыг тогтмол зохион байгуулах аваас Монгол Улсын болон нийслэл хотын соёл урлагийн нэгэн шинэ хуудас, нүүр царайг тодорхойлох юм болов уу гэж бодож санаж явдгаа та бүхэнд илэрхийлье.

Монголын зураач, урчуудыг урлагийн тэнгэр мөнхөд ивээж, та бүхэн онгод дүүрэн бүтээж туурвиж явах болтугай гэж хүсэн ерөөе. Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.



Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Улаан: Монголоос хөрөнгө оруулалтаа тат гэсэн шаардлага хөрөнгө оруулагчдад тавигдаж болзошгүй суурь бүрдчихэж байна

Холбоотой ЗурагУИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.

-Та тойрогтоо ажиллаад иржээ. Хөдөө орон нутгаар өвөлжилт ямархуу байна?

-Тойрогтоо 10 гаруй хоног ажиллаад ирлээ. Манай Сүхбаатар аймаг УИХ-д нэг тойрогтой. 13 сум, 66 багтай 60 гаруй мянган иргэнтэй. УИХ саяхан төсвөө баталсан. Аймгийн ИТХ одоо төсвөө батлах гэж байна. Сумын ИТХ арванхоёрдугаар сарын 20-ны дотор төсвөө батлах ёстой. Ийм гурван шатлалтайгаар төсөв батлагдсаны дараа улсын төсөв жинхэнэ утгаараа бүрдэнэ. Шинэ Засгийн газраас ямар төсөв батлав, хөрөнгө мөнгөө юунд хуваарилав, нөөц бололцоогоо яаж дайчлах вэ зэргийг ид анхаардаг үе.

Тийм учраас төсөв үндсэн чиглэлийн бодлого тодорхойлох асуудлаар орон нутагт ажиллалаа. Түүнчлэн өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцахад өвөлжилтийн байдал амаргүй байна. Өнгөрсөн зун зуншлага монгол орон даяар сайнгүй байлаа. Сүхбаатар аймагт гэхэд 300 гаруй мянган мал оторлож байна. Үүнтэй холбоотойгоор бэлчээрийн зохион байгуулалтыг хийх, өвөлжилтийг хэрхэн шийдэх талаар аймаг, сумдуудтайгаа зөвлөлдөөд ирлээ.

-Ирэх 2018 оны төсөв батлагдсан. Ерөнхийлөгч төсвийн зарлагын хэсэгт хэсэгчилсэн хориг тавьж байснаас харахад төсөв зардал талдаа үрэлгэн, өндөр гарсныг харуулж байна. Батлагдсан төсвийн багцаа ямар байна вэ?

-Намайг орон нутагт томилолтоор ажиллаж байх хугацаанд төсөв дээр Ерөнхийлөгч хэсэгчилсэн хориг тавьж, УИХ-аар хэлэлцээд шийдсэн байна. Хоригт тавьсан үндэслэлийг нь үзэхэд Òөсвийн тухай хуулийн зургадугаар зүйл буюу зарлагын хэсэг дээр хэсэгчилсэн хориг тавьсан байна лээ. Ерөнхийлөгч хориг тавьсныг зарлагаа оновчтой болгоё, аль болох үр ашигтай байлгая хэмнэе гэж үзэж байна гэж ойлгосон. Ãэхдээ бодит байдал дээр төсөвт хориг тавигдсанаар төсвийг сайжруулж ажиллахад цаг нар нэлээн хэрэгтэй болно. Аймаг, орон нутагт төсвөө хугацаандаа хэлэлцэж чадахгүй он дамжих эрсдэл үүснэ. Энэ байдлаас ургуулаад цаг хугацааны шахалтад орж хоригийг хүлээж авсангүй гэж ойлгосон. Ер нь ирэх оны төсөв дээр нарийвчлах, тооцоо судалгааг ултай хийж сайжруулах асуудал нэлээн бий. Он гарахаар явцын дунд үүнийгээ хийх бололцоотой гэж харж байна.

-Гаднаас зээл тусламжаар багагүй хөрөнгө орж ирэхээр болж байна. Энэ Засгийн газар хэр оновчтой бодлого хэрэгжүүлж чадахаас эдийн засгийн нөхцөл байдал сайжрах эсэх шалтгаалах уу?

-Засгийн газарт дотоод болоод гадаад боломжоо дайчилвал хөрөнгө санхүүгийн боломж байгаа. Олон улсын байгууллагуудын зүгээс ирж буй дэмжлэг тодорхой болж байна. Олон улсын Валютын сантай хэрэгжүүлсэн эхний хөтөлбөрөөр манай улсын Засгийн газрын бодлого болон ажлын эхлэлүүд нь зүйтэй байна гэсэн эерэг дүгнэлтийг гаргасан. Энэ эерэг нөхцлийг дагаад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, олон улсын байгууллагууд бидэнтэй хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх бодлогоо тодорхой болгочихлоо. Хоёр жилийн хугацаанд Дэлхийн банк 300-гаад сая ам.доллар, Азийн хөгжлийн банк 500 гаруй сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болж байна. Мөн Япон, БНХАУ, БНСУ зэрэг түнш орнуудаас оруулах мөнгөн эх үүсвэр ч тодорхой боллоо. Засгийн газрын үнэт цаасны эрэлт хэрэгцээ өндөр, харьцангүй хямд хүүтэй борлогдож байна. Ингээд үзэхэд зөв зүйтэй ашиглаж чадвал харьцангуй боломж бол байгаа нь харагдана. Байгаа боломждоо үр дүнтэй ажиллахыг нь одоо хүлээж байна. Төсөв нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхэд төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах, боломжоо үр дүнтэй ашиглахад Засгийн газар онцгой анхаарч шуурхай чадвартай ажиллах хэрэгтэй. Ингэж чадвал олон төсөл хэрэгжиж эдийн засагт эерэг өөрчлөлт гарна.

-Эдийн засаг өсөлттэй явж байх үед хар жагсаалтад манай улсыг оруулсан явдал нь эдийн засагт сөргөөр тусч болзошгүй гэгдэж байна. Сангийн дэд сайд Х.Булгантуяа захидал бичсэнээс боллоо ч гэх юм?

-Европын холбоо Монголыг оффшор бүстэй адилтган үзэж хар жагсаалтад орсон гээд зарлачихлаа. Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн цар хүрээгээр харах юм бол үүнийг яаралтай засах ёстой. Монгол Улс бол зах зээлийн харилцаатай улс гэсэн дүгнэлтийг Европын холбооноос авахын тулд сүүлийн 10 гаруй жил нийгэм, эдийн засгийн хүчин чадлаараа ажилласан. Гэтэл өнөөдөр оффшортой адилтгасан байдлаар үнэлгээ авчихвал ямар ч улс манайхтай болгоомжтой хандах болчихоод байна. Дэлхийн улс орнуудын хандлага оффшорт байгаа хөрөнгө мөнгийг татаж хууль ёсны болгон эх орондоо оруулахын төлөө ажиллаж байна. Хар жагсаалтаас болж Монголоос хөрөнгө оруулалтаа татаж авчир гэсэн шаардлага хөрөнгө оруулагч нарт тавигдаж болзошгүй суурь бүрдчихэж. Тэгэхээр бидний хүсэн хүлээдэг хөрөнгө оруулалтыг татан оролцуулж дэлхийн улс орнуудтай хамтран ажиллана гэдэг нь өнгөрнө биз дээ.

-Манай улс хар жагсаалтад орох болсон гол шалтгаан нь юу байв?

-Албан ёсны мэдээллээс үзэхэд татварын мэдээлэл ил тод биш байна гэсэн үндэслэлийг ярьж байгаа. Дэлхий дахины тэр системтэй нийцэж байж олон улсынхаа хэмжээнд үнэн зөв үнэлэлт дүгнэлтийг авна. Олон улс шаардаж байхад манайд ийм зүйл байхгүй ээ гэсэн байдлаар хөндлөн суугаад байвал бидэнд ийм л үнэлгээ өгнө. Татварыг нууж хаана гэдэг нь цаанаа “но”-той байгааг нь харуулна. Тиймээс бодлого, үйл ажиллагаагаараа сайжруулж харуулах ёстой.

-Банкны тухай хуульд та ямар байр суурьтай байгаа вэ. Банкны хүүг бууруулах тухай сүүлийн үед ихээхэн ярьж байна. Ямар бодлого барьж хүүг бууруулах ёстой юм бэ?

-Монголбанкны тухай хуульд сайжруулах хэрэгцээ шаардлага байгаа гэдэгтээ би санал нэгтэй байдаг. Гэхдээ УИХ-ын гишүүд Төвбанкны тухай хууль санаачилж байгааг би хувьдаа дэмжихгүй байгаа. Засгийн газраар хэлэлцэгдэж өргөн баригдаж орж ирэх ёстой. Гишүүд төсөл боловсруулаад хэлэлцэгдэж байгааг би учир дутагдалтай гэж үздэг. Тэр тусмаа Засгийн газар нь дэмжээгүй байхад шүү дээ. Энэ Засгийн газраас санал аваагүй байхад УИХ-аар хэлэлцэх нь маш буруу. Манайх шиг өндөр хүүтэй банкны зээлээр аж ахуйн нэгжүүд бизнес хийх нь эрсдэлтэй, хүнд байгаа нь үнэн. Гэхдээ зээлийн хүүг захиргаадалтын байдлаар бууруулчихдаг юм биш. Бүхэлд нь эдийн засгаа сайжруулж үйл ажиллагаагаа идэвхтэй болгож байж хийнэ. Гол нь банкны үйлчилгээ явуулж буй зардал өндөр байгааг нь тал талаас авч үзэх ёстой. Банк өөрөө маш өндөр зардалтай байгаа бол хэмнэлтээ яагаад хийж болохгүй гэж. Банкууд асар өндөр ашиг олсон ч зардалдаа оруулж гаргадаг талтай. Монголбанк, Засгийн газар хамтран ажиллаж, бодлогын хүрээнд нь шийдэх ёстой юм. Төр аж ахуйн нэгжийн харилцааг төр өөр дээрээ шууд татан авах ёсгүй. Иргэн, аж ахуйн нэгж тохирчихсон үйл ажиллагаа дунд хэрэв төр орох гэж байгаа бол ачааг нь үүрэлцэж байж орох болно. Тэгвэл төрд ачаа үүрэх төсөв мөнгө бий юу. Түүнийхээ оронд юуны өмнө зээл олгож буй банкны үйл ажиллагааных нь хариуцлагыг өндөржүүлэх ёстой. Зээлдэгчийн хариуцлагыг ч сайжруулж байж зөв горим руу шилжинэ.

-Таван толгой, Оюу толгой, нефть боловсруулах үйлдвэр зэрэг томоохон төслүүдээ хэзээ ямар байдлаар хөдөлгөж эдийн засгийн эргэлтэд оруулах бол гэсэн хүлээлт бий?

-Өнөөдрийг хүртэл хэрэгжсэн зарим төсөл Монголын талд туйлын ашиггүй зөвхөн хөрөнгө оруулагчдын аманд багтсан, давуу эрх олгож буй олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ харилцан ашигтай, ард иргэддээ өгөөжтэй аргаар хэрэгжүүлэх ёстой. Засгийн газар гэрээ хэлцлүүдээ хийж УИХ-д оруулж шийдээд явах нь зүйн хэрэг. 2008 онд УИХ-аас Тавантолгойг ямар бодлогоор яаж ашиглах тухай удирдамжийг гаргаж батлаад өгчихсөн. Тэр удирдамжийн дагуу асуудлаа боловсруулаад Засгийн газраас УИХ-д оруулаад ирэх хэрэгтэй. Одоо болтол орж ирээгүй л байна. Оюу толгойн гэрээ амжилттай хэрэгжээд явж буй ч анхны баталж өгсөн удирдамжийн дагуу үзвэл олон зүйл дутуу хэрэгжээгүй. Энэ Засгийн газраас өмнөх Засгийн газар Таван толгойн төслийг боловсруулж байна гэж байсан ч УИХ руу оруулж ирээгүй. Энэ нь эрх мэдэл бүхий хүмүүсийн хийсэн гэрээ хэлцэл арга механизм нь олон нийтэд ил гаргаж болохооргүй л байсан хэрэг. Тэгээд л дарагдсан байх. Тийм болохоор ил тод тодорхой ажиллах нь эн тэргүүний шаардлага юм.

-Энэ Засгийн газар таны харж байгаагаар ямар түвшинд ажиллаж байна?

-Засгийн газраас ард түмэн их зүйлийг хүлээж байна. Нийгэм, эдийн засагт тулгамдсан олон асуудлыг энэ Засгийн газар шийдэх болов уу гэсэн горьдлого байна. Шинэ Ерөнхий сайд чуулганы хуралдаан дээр хэлсэн үгэндээ “Ард түмнээ сонсч ажиллана. Эрдэмтэн мэргэдтэйгээ зөвлөлдөж ажиллана. Гаргаж буй шийдвэр бүхэн ард түмний эрх ашгийн төлөө байна” гэж хэлсэн. Хэлсэн үгэндээ хүрч ажиллаасай гэж хүсч байна. Засгийн газар хууль дээдэлж, шударга ёсыг тогтоож, буруутанд хариуцлагыг тооцож ажиллана гэж бас хэлсэн дээ. Эдгээр асуултад хариу өгөхөөр сайн ажиллах хэрэгтэй. Нэгэнт бодлогоо гаргасан бол бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө ажилла. Ам алдвал барьж болдоггүй гэдэг үг бий. Эрх барьж буй намын дэмжлэгээр сайд, дарга болох бол амархан. Ажил хариуцаад ард түмний өмнө тайлагнах сайд байх гэдэг амаргүй шүү. Дээрх шаардлагад нийцэж ажиллаж чадахгүй бол ард түмний урам хугарна. Ард түмний дэмжлэггүй Засгийн газар гэж байж болохгүй. Сая орон нутагт яваад харахад хариуцлагагүй байдал харагдаж л байна. Хамгийн наад зах нь хуулиа хэрэгжүүлдэггүй байдал байна. Аймгууд арванхоёрдугаар сарын 5-ны дотор төсвөө баталсан байх ёстой байтал төсвөө одоо болтол батлаагүй явж байна. Энэ ажил саатаж байна гэдэг нь Монгол Улсын нэгдсэн төсөвтэй байх бодлого алдагдаж байгааг илтгэнэ. Үүнд гэхэд л хариуцлага яригдах ёстой биз дээ. Ерөнхийлөгч хэд хэдэн удаа хориг тавиад байна гэдгийн цаана Засгийн газрын хариуцлагыг шаардаж буйн бас нэг илэрхийлэл. Манай улсын улс төрийн амьдрал дөрвөн жилээр хэмжигддэг. Дөрвөн жилийн эхний хоёр жил нь УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн гээд сонгуулийн жил болж таардаг. Хоёр жил сонгуульдахад ажлаа орхигдуулах, улстөржих, ажлын үр өгөөж навс унах байдал сүүлийн 20 гаруй жил ажиглагддаг нь үнэн. Үлдсэн хоёр жилд жинхэн хийж бүтээх ажлаа бүтээдэг цаг үе. Яг энэ үед шинэ Засгийн газар байгуулагдан ажиллахаар таарсан. Тийм болохоор одоо монгол оронд төрийн тодорхойлсон бодлогынхоо төлөө цаг, нартай уралдаж үр дүнг гаргах алтан боломж үлдсэн байна. Хийж чадах эсэх тухай биш, хийх ёстой гэдгээ ухамсарлаад харуулах цаг иржээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Такаока: Монгол Улсын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд бид анхаарч ажиллана

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Такаокатай ярилцлаа.


-Монгол Японы хооронд найрамдалт харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиолоо. Таны хувьд Элчин сайдаар томилогдож ирэнгүүт тэмдэглэлт ойг зохион байгуулах их ажил угтсан байх?

-Миний бие өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсад Элчин сайдаар томилогдож ирсэн. Үүнээс сар гаруйн хугацааны дараагаас Япон Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн үйл явдлууд албан ёсоор эхэлсэн байгаа. Энэхүү тэмдэглэлт ойн жилд нэлээд арга хэмжээ зохион байгууллаа. Олон ч хүн гар бие оролцож тусалж дэмжсэнд туйлын их баяртай байна.

Мягмар гаригт Гадаад харилцааны яаман дээр Монгол Японы харилцааны талаар симпозиум зохион байгуулагдсан.

Үүнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Т.Занданшатар, Япон Монголын харилцаанд ихээхэн хувь нэмэр оруулсан Ерөнхий сайд асан Д.Содном, Монгол Улсаас Япон улсад Элчин сайдаар олон жил ажиллаад нутагтаа буцаж ирээд байгаа С.Хүрэлбаатар нарын хүндэт зочид оролцлоо. Манай хоёр улсын харилцаа энэ мэтчилэн олон хүмүүсийн дэмжлэг хүчин чармайлтын үр дүнд хөгжсөн. Үүнийг өчигдрийн симпозиумд оролцоод илүү их мэдэрч, ойлголоо. Ойн хүрээнд зохион байгуулсан арга хэмжээний тухайд олон зүйлийг ярьж таарах байх. Миний хувьд сэтгэлд үлдсэн нь гуравдугаар сард болсон загварын шоу байлаа. Мөн нэрт балетчин Алтанхуяг Японы Комаки балетийнхантай хамтраад Монгол Улсад тоглолт хийсэн.

-Хоёр орны улс төрийн харилцаа сайн байгаа. Өнөө жилийн тухайд японоос нэлээд хэдэн төлөөлөгч айлчлан ирлээ. Энэ нь 45 жилийн ойн хүрээнд өрнөсөн үйл явдал байв уу?

-Өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын дарга М.Энхболд Япон улсад албан ёсны айлчлал хийж Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзалт хийсэн. Энэ үеэр таван жилийн хугацаанд хэрэгжих “Монгол, Японы Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийг баталсан. Дунд хугацааны хөтөлбөрт 2021 он хүртэлх хоёр орны улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, соёл, ард иргэдийн харилцаа болон хүний нөөцийг бэлтгэх зэрэг олон салбарт хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тодорхой заалтуудыг тусгасан юм. Олон улсын талбар дахь хамтын ажиллагаанаас эхлээд Япон, Монгол идэвхтэй харилцан хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж улам бүр харилцан ашигтай “Стратегийн түншлэл”-ийг бий болгохоор зорьж байна. Мөн хоёр улсын тэмдэглэлт ойн арга хэмжээний нэг чухал үйл явдал бол Ш.Абэ Ерөнхий сайдын бие төлөөлөгч Мотоо Хаяаши долдугаар сард Монгол Улсад айлчлал хийж Ерөнхийлөгч Х.Баттулгын тангараг өргөх ёслолд оролцохын хамт түүнд бараалхав. Үүнээс гадна долдугаар сард Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошима, есдүгээр сард Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Мотоо Хаяаши тэргүүтэй Төлөөлөгчдийн танхимын гишүүд Монгол Улсад айлчиллаа. Ойн хүрээнд хоёр орны улс төрийн харилцаа ийм өндөр төвшинд идэвхтэй байгаа.

-Япон Монголын харилцааг шинэ шатанд гаргахын тулд талууд юун дээр анхаарч ажиллах ёстой гэж та бодож байна вэ?

-Манай хоёр орон ардчилсан тогтолцоог эрхэмлэдэг нийтлэг үзэлтэй. Азийн хойд хэсэгт байрладаг, газар зүйн хувьд ойр. Хоёр орны ард түмэн нэн дотно харилцаатай улс юм. Монгол Улс цаашид тогтвортой, бат бөх бодлогыг баримталж ажиллах ёстой. Ингэснээр хоёр улсын харилцаа улам бүр хөгжих үндэс суурь нь бүрэлдэх болно. Одоо улс төр, соёлын салбарын харилцаа идэвхтэй байгаа. Бизнесийн салбарт энэ харилцаа маань улам бүр хөгжөөсэй гэж бодож байна. Монгол Улс бизнесийнхээ салбарт удаан хугацаанд тогтвортой, ил тод, хууль эрх зүйн орчин бүрдүүлж ажиллах юм бол японы аж ахуйн нэгжүүд монголтой хамтарч ажиллах болов уу. Монгол Улсын хөгжилд гадаадын хөрөнгө оруулалт чухал.

Манай хоёр улс бүс нутгийн аюулгүй байдлын тал дээр улам илүү хамтран ажиллах ёстой. Монгол Улс НҮБ болоод олон улсын талбарт өөрийн байр сууриа илэрхийлж идэвхтэй оролцож байгааг бид өндрөөр үнэлж байна. Бүс нутгийн тухайд гэвэл Хойд Солонгосын нөхцөл байдал хурцадмал байдалтай байна. Энэ мэтчилэн Япон, Монгол Улс бүс нутгийн аюулгүй байдлыг авч явах, үүнийг тогтвортой байлгахад цаашид хамтран ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Монголд Японы Гадаад хэргийн яам, Батлан хамгаалахын яам, аюулгүй байдлын зөвлөлийн удирдлагууд ирж холбогдох хүмүүстэй уулзсан. Мөн энэ зун “Хааны эрэлд” цэргийн хээрийн сургуульд Японы батлан хамгаалахын салбараас холбогдох албаны хүмүүс ирж оролцсон. Мөн өнөөдрийг хүртэл Японы батлан хамгаалахын сургуулийн захирал Монгол Улсад айлчилсан. Японы батлан хамгаалахын салбарт Монголын зэвсэгт хүчний 50 хүн суралцаж байна. Энэ мэтчилэн олон салбарт бид хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн тэлэх ёстой.

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Японоос олгох хөнгөлөлттэй зээл хэзээ орж ирэх вэ. Зээлийн эхний шатны гэрээнд хэдхэн хоногийн өмнө талууд гарын үсэг зурсан шүү дээ?

-Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай төсвийг шинэчлэн сайжруулж, эдийн засгаа сэргээх зорилгоор хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсоныг манай улсын Засгийн газар өндрөөр үнэлж байна. Монгол Улсын Засгийн газрын шинэчлэлсэн хөтөлбөрийг манай улс дэмжиж, 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг гурван жилийн хугацаанд олгохоор болсон. Энэ бол олон улсын байгууллага, донор орнуудын хүрээнд хамгийн өндөр дүнтэй зээл болж байгаа. Эхний ээлжийн санхүүжилт болох 700 тэрбум төгрөгийг энэ ондоо багтааж Монгол Улсад өгөхөөр хичээн ажиллаж байна. Ингэхдээ Монгол Улсын хуулийн дагуу порцедур нь хангагдсаны дараагаар шилжүүлнэ. Тодруулбал, Засгийн газар болон УИХ-ын чуулганаар асуудлыг хэлэлцэж баталсны дараа шийдэгдэнэ гэсэн үг.

-Мэдээж хөнгөлөлттэй зээлийн зориулалтын үр дүн ямар байхаас хамаарч дараагийн шатны зээл олгогдох байх л даа. Тэгэхээр зээл олгогч талаас хэрхэн хяналт тавьж ажиллах бол?

-Энэ хөрөнгө бол засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа, төсвийг шинэчлэн сайжруулах хөтөлбөрт ашиглагдана.Тиймээс манайхаас үзүүлж байгаа хөнгөлөлттэй зээлийг Засгийн газар хамгийн үр ашигтайгаар захиран зарцуулаасай гэж найдаж байна. Одоо олгогдох эхний ээлжийн хөрөнгө 2017 оны улсын төсвийн арав хүртэлх хувьтай тэнцэнэ. Монгол Улсын Засгийн газар, ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай бодлогын матрицийг байгуулсан байгаа. Үүнийг Монгол Улсын Засгийн газар хэр чандлан сахиж хэрэгжүүлэх вэ гэдгийг хөндлөнгөөс ажиглаж, дүгнэлт хийж явах болно. Макро эдийн засгийн тухай Монгол Улс төсвийн сахилга батаа чандлан сахиж ажиллах нь чухал. Бодлогын матрицийн дагуу Монголын тусгай татварууд нэмэгдэж байгаа. Татвар нэмэгдсэнээр улсын орлого дээшилнэ. Энэ мэтчилэн төсвийг сайжруулах арга хэмжээнүүдийг хэрхэн авч хэрэгжүүлэхийг бид ажиглаж ажиллах болно. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрийг урьд нь олон удаа авч байсан. Тиймээс дахиж олон улсын байгууллагаас тусламж авахааргүй энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээсэй гэж хүсч байна. Сүүлийн үед нүүрс, ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр өсч байгаа. Нүүрсний экспорт нэмэгдсэнтэй холбогдуулан Монголын нөхцөл байдалд эерэг зураглал харагдаж байна. Хэдий ийм байгаа ч ОУВС-гийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх ёстой. Нөгөө талаар эдийн засгийг сайтар хөгжүүлэх хэрэгтэй. Бид бүхэн үүн дээр анхаарч ажиллах болно. Эдийн засгийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулахын тулд шинэ нисэх буудлыг яаралтай ашиглалтад оруулж, үр ашгийг нь хүртэх ёстой. Тиймээс энэ асуудал даруй шийдэгдээсэй гэж хүсч байна.

-Япон Монголын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Монголын бараа бүтээгдэхүүн Японы зах зээлд татваргүй гарах боломж бүрдсэн. Гэвч манайхан энэ боломжоо ашиглаж чадахгүй байгаа. Учир нь үйлдвэрлэгчдэд санхүүгийн дэмжлэг шаардлагатай. Тэгж байж Японы зах зээлд чанартай стандартад нийцсэн бүтээгдэхүүн гарах ёстой. Энэ асуудлыг шийдэхэд хоёр улсын хооронд ямар яриа өрнөж байна вэ?

-Япон Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсан явдлыг өндрөөр үнэлж байна. Монгол Улсын тухайд гэвэл анх удаа Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан. Энэ бол манай хоёр орны найрамдлын илрэл гэж харж байна. Сүүлийн үеийн статистикаас хоёр орны худалдааны тоо нэмэгдэж байгааг харлаа. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүн болов уу.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Монголоос Японд экспортлогдох бараа бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээнд татвараас чөлөөлөгдөх нөхцөл бүрдсэн. Ингэснээр Монголын аж ахуйн нэгжүүд Японы зах зээлд гарч ажиллах, бараа бүтээгдэхүүнээ гаргах үүд хаалга нээгдсэн. Одоогийн байдлаар ноолуур зөгийн бал зэргийг японы зах зээлд гаргахаар хичээн ажиллаж байна. Японы зах зээл дээр бараа бүтээгдэхүүн гаргахад Монголд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний чанар сав баглаа боодол гээд олон зүйл манай улсын чанар стандартад нийцсэн байх шаардлага тавигддаг. Дээрээс нь Японы зах зээл яг ямар бараа бүтээгдэхүүн хүсч байна гэдгийг судалж үзэх шаардлагатай. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр бол зөвхөн худалдааных биш. Үүнд хөрөнгө оруулалт гээд олон салбар хамрагдаж байгаа.

-Японы өндөр технологийг Монголд нутагшуулах тал дээр Элчин сайдын зүгээс хэрхэн дэмжиж ажиллах вэ?

-Аливаа техник технологи хөрөнгө оруулалтаар дамжин орж ирдэг. Хөрөнгө оруулах нөхцөлийг Монголын тал өөрсдөө бүрдүүлж бий болгох ёстой. Тэгэхээр Японы засгийн газар иений хөнгөлөлттэй зээл, тусламжаараа дамжуулан өндөр технологийг Монголд нутагшуулахад хувь нэмрээ оруулах болно. Шинэ нисэх онгоцны буудал үүний нэг жишээ юм. Япон маягийн менежментийг Монголд нэвтрүүлбэл эдийн засагт үр өгөөжөө өгөх болно. Мөн саяхан барилгын бүтээцийнхээ үндсэн ажлыг дуусгаад байгаа Япон Монголын сургалтын эмнэлэг байна. Ирэх жил нээлтээ хийх бөгөөд Монголын анхны сургалтын эмнэлэг гэдгээрээ онцлог юм. Үүгээр дамжуулан бид Монгол Улсын эрүүл мэндийн төвшинг сайжруулж, энэ салбарт үнэтэй том хөрөнгө оруулалт хийж байна. Тус эмнэлэгт Японы эрүүл мэндийн салбарт ашиглагддаг тоног төхөөрөмжүүд суурилагдах болно. Мөн Жайкагийн хамтын ажиллагааны төслүүд, менежментийг сайжруулах төслүүд хэрэгжих болно.

Дээрхээс гадна Өмнөговийн Цогтцэций суманд Японы “Софтбанк” Монголын “Ньюком” компанитай хамтран 50 мВт-ын салхины цахилгаан станц байгууллаа. Дархан явах замд монгол японы компани хамтран “Мон наран” нарны цахилгаан станц барьсан. Энэ мэтчилэн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнесийн салбарт хамтарсан төслийг амжилттай зохион байгуулж, түүхэн бүтээн байгуулалтуудыг үлдээх ёстой.

-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын менежментийг нь японы гурван компани авч явах байх аа?

-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг японы хөнгөлөлттэй зээлээр барьсан. Энэ нисэх онгоцны буудлын менежментийг японы гурван компанийн консерциум авч явахаар шийдсэн байгаа. Нисэх буудлын холбогдох асуудлыг шийдэж, түргэн шуурхай ашиглалтад оруулах явдал зайлшгүй хэрэгтэй болчихоод байна. Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор Монголд ирэх жуулчдын тоо нэмэгдээд зогсохгүй олон салбарт үр ашгаа өгнө.

-Түүхэнд үлдээх бүтээн байгуулалтыг Монгол Улсад цогцлоох нь хоёр улсын харилцааны нэг үр дүн гэж та хэллээ. Манай улс дагуул хот байгуулах тухай ярьж, төсөл загварууд гаргаад ажиллаж байгаа. Японы талаас энэ их бүтээн байгуулалтад оролцох сонирхол бий юу?

-Үүнд хариулт өгөхөд эрт байна. Харин бид бүхэн Улаанбаатар хотын дахин төлөвлөлттэй холбоотойгоор олон төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Мөн Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөг боловсруулахад хамтран ажилласан. Одоо бүтээн байгуулж байгаа Япон Монголын сургалтын эмнэлгийн төв бол Улаанбаатар хотоос зайдуу газарт сонгогдсон. Нийслэлийн төвлөрөлийг сааруулахад энэ эмнэлэг бага ч гэсэн хувь нэмэр оруулах байх.

-Хүнээ хөгжүүлж чадсан улсууд өнөөдөр дэлхийд эдийн засаг хөгжлөөрөө тэргүүлж байгааг бид бүхэн мэднэ. Дэлхийн II дайны дараа Япон улс чадалтай инженерүүд бэлдэхэд онцгой анхаарсны үр дүнд арал дээр өндөр хөгжилтэй орныг цогцлоож чадсан. Тиймээс энэ туршлагаа монголчуудад түгээж байгаад манай улсын хувьд талархалтай байдаг. Нийтдээ 1000 инженер бэлдэнэ гэж байгаа. Энэ тоог нэмэгдүүлэх боломжтой юу?

-Боловсрол бол маш чухал салбар. Монголоос Японд 2000 гаруй оюутан их, дээд сургууль, судалгааны байгууллага гээд олон салбарт боловсрол эзэмшиж байна. Япон улсад суралцан мэдлэг боловсролоо дээшлүүлээд Монгол Улсдаа эргэн ирж ажиллаж байгаа залуусыг харахад үнэхээр сайхан байдаг. Монгол хүн бол олон талын авьяастай чадварлаг. Японд 1000 инженер бэлтгэх төсөл 2014 оноос эхэлсэн бөгөөд есөн жилийн хугацаанд хэрэгжих юм. Төслийн хүрээнд одоогийн байдлаар 250 орчим оюутан залуус Япон улсад суралцаад байна. Монголын боловсролын салбарт Япон улс өнөөдрийг хүртэл сайн хөрөнгө оруулагч байсаар ирсэн. Өнөөг хүртэл нийт 55 сургуулийг японы буцалтгүй тусламжаар байгуулсан шүү дээ. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод дөрвөн сургууль барихаар хоёр улсын Засгийн газар хоорондын ноот бичигт гарын үсэг зурсан байгаа. Энэ сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцах боломжтой. Байгаль орчинд ээлтэй, аливаа гамшигт тэвэртэй. Монгол Улсад загвар сургууль барихаар болсон байгаа. Мөн 1990 оноос эхэлсэн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 500 гаруй төсөл хэрэгжүүллээ. Ихэнх нь боловсролын салбарт чиглэсэн.

-Та Монголд анх удаа томилогдон ажиллаж байгаа хүн. Өөрийнхөө тухай болоод манай улсад ирээд төрсөн сэтгэгдлээ сонирхуулахгүй юу?

-Миний бие их сургуулиа төгсөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд дипломатчийн албан ажлыг гүйцэтгэж ирлээ. 2016 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Элчин сайдаар томилогдон ирсэн. Хэдхэн өдрийн дараа нэг жил болох гэж байна. Наашаа ирэхээсээ өмнө Монгол орны өвөл маш хүйтэн гэж дуулсан. Тэгээд энэ хүйтнийг мэдрэхээр их сэтгэл хөдөлж ирсэн шүү. Улаанбаатарт ирэнгүүтээ орчин үеийн том хот байсныг хараад их гайхсан. Монгол орны өргөн уудам, хөдөө хээр нутаг, байгалийн сайхан надад үнэхээр таалагдсан. Энэ өргөн уудам нутагтай Монгол Улсын хүн ам улам өсч нэмэгдээсэй гэж хүсч байна.

-Та саяхан Японы эзэн хааны төрсөн өдрийн хүндэтгэлийн хүлээн авалт дээр монгол хэлээр мэндчилгээ дэвшүүлсэн нь халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чадсан. Ер нь монгол хэл сурахад түвэгтэй байна уу?

-Амаргүй юм билээ (инээв). Арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Япон улсын цог жавхлант эзэн хааны мэндэлсэн өдрийн хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулсан юм. Энэ үеэр ирсэн хүндэт зочдодоо монголоор мэндчилгээ дэвшүүлсэн байгаа. Тухайн өдөр би чадлынхаа хэрээр мэндчилгээ дэвшүүлсэн дээ.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН


Categories
мэдээ цаг-үе

Өвчтөний түүх хуурамчаар үйлдэж, нийгмийн даатгалаас мөнгө завшдаг эмнэлгийн дарга, ЭМНДЕГ-ын хоёр мэргэжилтнийг цагдан хорьжээ

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Өвчтөний түүх хуурамчаар үйлдэж, нийгмийн даатгалын сангаас онц их хэмжээний мөнгө хувьдаа завшдаг томоохон бүлэглэлийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр хувийн эмнэлгийн дарга нар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн хоёр мэргэжилтнийг цагдан хорьж, арав гаруй эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Эрүүгийн цагдаагийн газарт нэгэн иргэнээс гомдол ирсэн байна. Тэрбээр “Манай эмнэлэг 15 хүн хэвтэн эмчлүүлэх ортой. Өрөө болгоныхоо орыг шахаад хүн хэвтүүллээ гэхэд 20 хүн л хэвтэнэ. Гэтэл сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хуурамч өвчтөний түүх бүрдүүлээд улсаас их хэмжээний мөнгө завшаад байна. 50 хүн эмчлүүлсэн гэсэн хуурамч бичиг баримт бүрдүүлж, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст өгдөг. Мөнгө нь ямар ч саадгүй орж ирээд байна” гэсэн ноцтой мэдээллийг өгчээ. Иргэнээс ирсэн дээрх мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийнхан мөрдөн шалгах ажлыг хийжээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран хувийн эмнэлгүүдэд хяналт, шалгалт хийсэн байна. Шалгалтад хамрагдсан хувийн эмнэлгүүд 15-30 ортой болохыг тогтоожээ. Үүний дараа хувийн эмнэлгүүдийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс рүү явуулдаг бичиг баримт болоод нөхөн олговроор хэдэн төгрөг улсаас авсан бэ гэдгийг шалгаж тогтоох ажлыг хийсэн аж. Мөн нээгдээд гурван жил гаруйн хугацаа өнгөрч байгаа Сэргээн засалт хөгжлийн төвийн захирлыг шалгаж эхэлжээ. ГССҮТ-ийн эмч н.Амгаланбаатар гэх хүнд ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Хэргийг шалгаж байгаа цагдаа нарын хэлж байгаагаар хувийн эмнэлгүүдийг шалгаж эхэлсэн. Шалгалтаар 15 ортой эмнэлэг “50 хүн энэ арав хоногт хэвтэн эмчлүүлсэн” гэх хуурамч өвчтөний түүх бичдэг. Үүнийгээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс рүү явуулдаг болох нь тогтоогдсон гэнэ. Цагдаа нар мөрдөн байцаалтын үеэр улсын эмнэлгийн эмч, хувийн эмнэлгийн дарга нар болоод Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн бүлэглэл үгсэн тохиролцож, улсаас их хэмжээний мөнгө хууль бусаар завшиж байгааг шалган тогтоожээ. Гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа этгээдүүд үйлдсэн хэргийнхээ талаар цагдаа нарт мэдүүлэг өгч эхэлсэн байна. Тэд “Өвчтөний хуурамч түүхийг бүрдүүлэхдээ иргэдийн регистрийн дугаарыг ашигладаг. Улсын эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн нэр, регистрийн дугаарыг олшруулж авдаг. Ихэвчлэн амбулаториор үйлчлүүлсэн хүмүүсийн нэр, өвчнийх нь талаарх мэдээллийг олж авдаг. Ингээд хуурамч карт нээгээд өвчнийх нь талаар, хэвтэн эмчлүүлэхдээ ямар эмчилгээ хийлгэсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бичдэг. Мөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс эмнэлэгт огт хэвтэж байгаагүй хүмүүсийн нэр, регистрийн дугаарыг авдаг. Ихэвчлэн хөдөө орон нутгийн иргэдийн нэрийг сонгож авдаг байсан. Мөн өндөр настай хүмүүсийг ч эмнэлэгтээ хэвтсэн болгож, хуурамч түүх нээчихдэг. Улирал бүр нөхөн олговрыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс манай эмнэлгийн данс руу оруулдаг. Бид мөнгийг нь хуваагаад авчихдаг байсан” хэмээн мэдүүлжээ. Харин даргынхаа тушаалаар хуурамч өвчтөний түүх бичдэг байсан эмч нар “Манай дарга энэ хүний нэр дээр өвчтөний түүх нээгээд бичээрэй гэж хэлээд хүмүүсийн нэрс өгдөг. Даргынхаа хэлснээр өвчтний түүх нээгээд бичээд өгдөг байсан. Хэдэн хуурамч түүх бичиж өгснөө мэдэхгүй байна” гэсэн байна. Одоогоор мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа учир үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл бидэнд олдоогүй юм.

ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХИШИГСҮРЭН, МӨНХӨӨ НАРЫГ БАРИВЧИЛЖЭЭ

Харин эрүүл, мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын нэгэн эх сурвалжтай холбогдож цөөн асуултад хариулт авлаа.

-Танай хэлтсийн хоёр хүнийг мөн хуурамч өвчтөний түүхээр мөнгө хувьдаа завшиж байгаа эмнэлгийн дарга нарын хэрэгт шалгаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ долоо хоногийн эхээр эрүүгийн цагдаагийнхан манай дээр ирж, Хишигсүрэн, Мөнхөө гэх хоёр хүнийг гавлаад аваад явсан. Цагдан хорих төвд саатуулсан гэсэн мэдээлэл байна. Мөн тэдний хийж байсан ажлын талаарх дэлгэрэнгүй тайланг аваад явсан. Тэднийг хуурамч бичиг баримт бүрдүүлж, улсын төсвөөс мөнгө завшдаг хэрэгт буруутгаж байгаа гэж манайхан яриад байна. Үүнээс үүдэлтэйгээр яамнаас маш олон шалгалт хийгдэж байна.

-Өмнө нь С.Тунгалаг эмчийн хэрэгт хоёр хүн шалгагдсан, шийтгүүлсэн биз дээ?

-Тиймээ. Манай хэлтсийн дарга, мэргэжилтэн хоёр ажлаасаа халагдаж, эрүүгийн хэрэгт шалгагдсан. Энэ хэргээс үүдэлтэйгээр уг нь хуурамч карт бүрдүүлж, мөнгө авдаг байдал намжсан. Ил цагаандаа гарсан байсныг таслан зогсоосон юм. Гэвч дахиад ийм хэрэг гарчихлаа. Хэдэн тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын сангаас цөлмөчихсөн гэх асуудал манай дээр одоо яригдаж байна.

ӨВЧТӨНИЙ ТҮҮХ ХУУРАМЧААР ҮЙЛДЭЖ МӨНГӨ“ИДДЭГ” АРГА УЛСЫН ЭМНЭЛГЭЭС ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД РҮҮ “ХАЛДВАРЛАЖЭЭ”

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар С.Тунгалаг гэх эмэгтэй ажиллаж байхдаа өвчтөний түүх хуурамчаар үйлдэж, улсаас нөхөн олговрын мөнгө авч, хувьдаа завшдаг байсан нь 2011 онд илэрч байсан. Тухайн үед энэ хэрэг нийгэм даяар шуугиан тарьж, АТГ, Эрүүгийн цагдаагийнхан хамтран хэргийг шалгаж байсан. Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаас гадна эмч нар хуурамч өвчтөний түүх бичдэг байсан нь илэрч байсан билээ. Хэрэгт шалгагдсан эмч нар “Нэг өвчтөний түүх зохиоход Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд 100 гаруй мянган төгрөг орж ирнэ. Хуурамч өвчтөний арван түүх гэхэд л дор хаяж нэг сая төгрөг болдог байсан” хэмээн мэдүүлж, үйлдсэн хэргээ илчилж байсан. С.Тунгалаг 2005-2010 оны хооронд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байхдаа нийгмийн даатгалаас мөнгө авч эмнийхээ өрийг дарах, ор хоногийн төлөвлөгөөгөө биелүүлж даатгалаас мөнгө авах…” гэх мэт зорилгоор тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хэвтэн эмчлүүлээгүй болон байнга хэвтэн эмчлүүлдэг хүмүүсийн овог, нэр, регистрийн дугаарыг ашиглан өөрийн удирдлага дор ажилладаг эмч нараар 73 тооны хуурамч өвчтөний түүх бичүүлэн, уг өвчний түүхийг хуурамч гэдгийг мэдсээр байж санаатайгаар байнга ашиглан, Нийслэлийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж улмаар нийгмийн даатгалын сангаас үргэлжилсэн үйлдлээр 4.359.300 төгрөгийн санхүүжилт авч даатгалын санд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон шүүгдсэн байдаг. Тухайн үед түүнийг Чингэлтэй дүүргийн Анхан шатны шүүхэд илгээсэн байдаг. Шүүхээс Б.Тунгалагийг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасан төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай хэмээсэн мөртлөө түүнд холбогдох хэргийг дараахь зүйл ангиар хэрэгсэхгүй болгож байсан юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч Сандагжавын Тунгалагт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай хэмээх шийдвэрийг гаргаж байсан юм. Тэгвэл хувийн эмнэлгийн дарга нар С.Тунгалаг гэх эмэгтэйн үйлдсэн хэргийг давтан үйлдсэн нь тодорхой байгаа аж. Өөрөөр хэлбэл, улсын эмнэлгийн төсвөөс их хэмжээний мөнгө хууль бусаар хувьдаа завшдаг арга хувийн эмнэлэгт халдварласан нь энэ юм.

Э.БААТАР

Categories
мэдээ цаг-үе

“Аварга” дээд сургуулийн үндэсний бөхийн ангийн анхны төгсөлтийнхөн


Аймгийн арслан Г.Ганцоож

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг 2005-2009 онд суралцаж төгссөн үндэсний бөхийн анхны ангийн хамт олныг онцоллоо.

Монголын спортын салбарт шинэ үеийн шилдэг залуу тамирчдыг бэлтгэн гаргаж буй хамт олон бол дархан аварга Б.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан “Аварга” биеийн тамирын дээд сургууль. Тамирчдын хөлс, хөдөлмөрөө урсгаж бэлтгэлээ хийдэг “Аварга” сургуулийн спортын заалнаас Монгол Улсын анхны олимпийн аварга Н.Түвшинбаяр 2008 онд төрсөн байдаг.

Арвин түүхтэй сургуулиас төрсөн алдартнуудын цуваа улсын арслан Х.Мөнхбаатар, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан нараар үргэлжилнэ.

2005 оны намар нутаг нутгийн бөх болох хүсэл мөрөөдөлтэй 32 залуу “Аварга” дээд сургуулийн үндэсний бөхийн ангид багш А.Элбэгийн удирдлагад элсэн орж байжээ. Эдгээр залуус гавьяат багш улсын начин Б.Адьяахүүгийн дор бөхийн эрдэмд суралцаж бэлтгэл сургуулилтаа хийж эхэлжээ.

Тэгвэл өнөөдөр “Аварга” сургуулийн үндэсний бөхийн анхны ангийнхнаас улсын начин Б.Сангисүрэн, Г.Ганжад, аймгийн хурц арслан Ш.Дарханбат, аймгийн арслан Б.Баттүвшин, Б.Тайван, Ж.Наранбаатар, У.Батгэрэл, Г.Ганцоож нарын улс аймгийн алдар цолтой хүчтэнүүд төрөн гарчээ.

АЙМГИЙН АРСЛАНТАЙ БОЛЛОО

Энэ ангийнхны анхны томоохон амжилтыг 2006 онд хоёрдугаар курсын оюутан Б.Сангисүрэн өссөн нутаг Өвөрхангай аймгийнхаа наадамд хорьж болохгүй хорин насандаа долоо даван түрүүлж аймгийн арслан цол хүртэж багш нар болон нутгийн зон олноо баярлуулжээ. Энэ цагаас хойш ангийн нөхөд нь цолоо ахиулахын тулд илүү хөдөлмөрлөж, дор бүрнээ хичээх болсон гэдэг. Б.Сангисүрэнгийн амжилт “булган сүүлтэй” байж араас нь ангийнх нь олон залуус аймгийн цолд хүрсэн юм.

Үүний дараа Ж.Наранбаатар 2010 онд Өвөрхангай аймгийнхаа наадамд аймгийн заан Л.Батзоригоор долоо даван түрүүлж аймгийн арслан цол хүртэхэд ангийн нөхөр Ш.Дарханбат Өмнөговь аймгийн наадмын түрүү бөхөөр тодорч аймгийн арслан цол хүртжээ.

Мөн 2011 онд Архангайн У.Батгэрэл Сүхбаатар аймгийн наадамд одоогийн улсын харцага Т.Баасанхүүг аймгийн заан цолтойд нь орхиж түрүүлснээр ангийн арслангуудынхаа тоог нэгээр нэмсэн байна.

Энэ онд Б.Тайван Ховд аймагтаа, Б.Хүрэлчулуун Булган аймагтаа тав давж аймгийн цолны босго алхацгаасан аж.

Улсын начин Г.Ганжад

АНГИЙН НАЙЗУУД ТҮРҮҮ, ҮЗҮҮРТ ШАЛГАРАВ

Үндэсний бөхийн анхны ангийнхнаас МҮБХ-ноос зохион байгуулдаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд амжилттай барилдаж их амжилтынхаа гарааг эхэлсэн хүмүүс олон. 2011 оны дөрөвдүгээр сард болсон сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд энэ ангийн залуус одтой наадаж Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат Г.Ганцоож ангийн найз Ховд аймгийн харьяат Б.Тайвантай үлдэж түрүүлсэн байна. Энэ барилдаанд “Аварга” сургуулийн ангийн төлөөлөл Г.Ганжад амжилттай барилдаж дунд шөвөгт шалгарч байжээ. Г.Ганцоож зун нь Хэнтий аймгийнхаа баяр наадамд сумын заан цолтой барилдаад аймгийн заан С.Жиенханыг орхиж түрүүрлсэнээр аймгийн арслан цолд хүрсэн юм. Цол дагаж бяр нэмсэн залуу арслан 2012 оны хавар улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд улсын харцага Ш.Уламбаяр, улсын начин Ду.Батбаяр нарын шилдгүүдийг өвдөг шороодуулж их шөвөгт шалгарсан байна.

УЛСЫН ЦОЛТОН ТӨРӨВ

2011 оны Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадамд ангийнхнаа бодвол арай туршлагажсан аймгийн арслан Б.Сангисүрэнд багш Б.Адьяахүү нь “Улсын цолонд хүрэх болов уу” гэж найдлага тавьж байв. Б.Сангисүрэн начин баяр наадмын дөрвийн даваанд Дорнодын улсын начин Ж.Гансүхийг даваад начны даваанд үе тэнгийн залуу хүчтэн Булган аймгийн арслан А.Отгонбаатартай тунаж зоримог дайчин барилдан өвдөг шороодуулж улсын цолны өндөр босгыг алхжээ. Тав давсан залуу начныг зургаагийн даваанд амлаад барилдчих аварга, арслангууд олдсонгүй. Тэрээр нэг үеийн хүчтэн Ч.Санжаадамбатай тунаж удтал хүч үзэж барьц сонгуулж тахим өгчээ.

Мөн 2017 оны улсын их баяр наадмаар ангийн нэгэн хүчтэн улсын цолтны өнөр бүлд багтсан нь Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Галсан-Очирын Ганжад. Тэрбээр баяр наадмын бөхийн барилдааны дөрвийн даваанд Завханы улсын гарьд Ш.Жаргалсайханыг давсан бол начин цолны даваанд улсын аварга Ч.Санжаадамбын аманд очжээ. Улсын цолны босгоор алхахын тулд энэ цагийн манлай хүчтэн, идэр аварга Ч.Санжаадамбыг өвдөг шороодуулах хүнд даалгавартай тулав. Гэсэн ч залуу аваргатай эн тэнцүүхэн хүч үзэж өвдөг шороодуулснаар олон жил мөрөөдсөн улсын начин цолд хүрсэн.

Улсын начин Б.Сангисүрэн

УЛСЫН ЦОЛТНУУДЫНХАА ТООГ НЭМЭХЭЭР ЗҮТГЭЖ БУЙ ЗАЛУУС

Ангийнхаа хоёр начны араас улсын цолд хүрэхээр “Аварга” сургуулийн үндэсний бөхийн ангийн анхны төгсөлтийн олон залуус эрчимтэй бэлтгэлээ базааж байна. Тэдний нэг нь Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат улсын начин Б.Шоовдорын хүү аймгийн хурц арслан Дарханбат. Тэрбээр өнгөрсөн зун аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн бөгөөд бөх сонирхогчид түүнийг өмнийн говиос улсын цол хүртэх дараагийн хүчтэнээр нэрлэдэг.

Мөн Ховд аймгийн арслан Б.Тайван улсын начны даваанд босч байсан туршлагатай бөх. Тэрээр 2015 оны улсын баяр наадамд Архангай аймгийн Булган сумын харьяат улсын гарьд Д.Рагчаагаар дөрөв давсан ч улсын аварга Ч.Санжаадамбад өвдөг шороодож улсын цол хүртэх мөрөөдлөө хойшлуулсан юм.

Үүнээс гадна Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат улсын начин “уурган дэгээ” хэмээх Сугар начны удмын хүчтэн аймгийн арслан Ж.Наранбаатар энэ ангиас улсын цолд хүрэх өндөр магадлалтай залуусын нэг. Энэ ангиас улсын цолд зүтгэж буй аймгийн арслангуудын нэрс Архангайн У.Батгэрэл, Хөвсгөлийн Н.Баттүвшин, Хэнтийн Г.Ганцоож нараар үргэлжилнэ.

“Аварга” сургуулийн үндэсний бөхийн ангиас дан ганц бөхийн бус олон төрлийн спортын шилдгүүд төрөн гарсан байдаг. Тухайлбал, бодибилдингийн Монгол Улсын хоёр удаагийн аварга, мистер Мянганбаатар энэ хамт олонтой дөрвөн жилийн турш нэг танхимд суусан байна. Мөн Монголын регбигийн үндэсний шигшээ багийн гишүүн Д.Баярманлай энэ ангид суралцаж төгссөн юм.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ цаг-үе

Д.Пүрэвмагнай: Инженерүүд улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг

-“РОБОКОН”-Д ОРОЛЦСОН ОЮУТНУУДЫН ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ, ТАНИН МЭДЭХ, НИЙГЭМШИХ УР ЧАДВАРНЬ АСАР ДАВУУ-

Гэрэл зургийг Г.Базаррагчаа

ШУТИС-ийг хөнгөн үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн инженер мэргэжлээр дүүргэснээсээ хойш сургуульдаа багшилж байгаа Д.Пүрэвмагнайг бид энэ удаад “Багш” буландаа урьсан юм. Түүний шавь нар жил бүр зохион байгуулагддаг “Робокон” тэмцээнд амжилттай оролцсоор ирсэн. Ирээдүйд инженер болохоор суралцаж буй шавь нараа энэ жилийн тэмцээнд оролцуулахаар бэлдэж буй ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ахлах багш Д.Пүрэвмагнай “Робокон” тэмцээнд удирдагч багшаар оролцохоос гадна “Автомат робот” тэмцээний шүүгч юм.

-Таны шавь нар “Робокон” тэмцээнд жил бүр оролцдог. Тиймээс энэ тэмцээний талаар яриагаа эхэлье гэж бодлоо.

-Жил бүрийн наймдугаар сард “Робокон” олон улсын тэмцээн болдог. Түүнийг дууссаны маргааш нь дараа жилийн тэмцээний дүрэм нь зарлагдаж улс орнууд үндэснийхээ хэмжээний “Робокон” тэмцээнээ хэдийд зохион байгуулахаа албан ёсоор мэдэгддэг. Аль ч улс орны “Робокон” тэмцээн нь олон улсын дүрмийн дагуу явагддаг. Манай үндэсний “Робокон” тэмцээнийг Азийн телевизүүдийн холбооноос зохион байгуулдаг. МҮОНТ нь тус холбооны гишүүн, тиймээс Монголдоо энэ тэмцээний ерөнхий зохион байгуулагч нь. “Робокон” тэмцээн нь манайд 2002 оноос хойш зохион байгуулагдаж эхэлсэн. Манай ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хувьд гэвэл 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл амжилттай оролцсоор ирлээ.

-Энэ хугацаанд уг тэмцээнд оролцсон танай сургуулийн оюутнууд ямар амжилт үзүүлэв?

-Манай ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд нэлээд амжилт үзүүлсэн. 2013 онд гэхэд шилдэг дөрвөн багт шалгарч, шилдэг гар машины шагнал авлаа. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дэд байрт орж байсан.

-Энэ тэмцээнд оролцох нь оюутнуудад хэрхэн нөлөөлдөг талаар удирдагч багшийн хувьд бодлоо хуваалцаач?

-Багш хүний хувьд энэ тэмцээнд оролцоод түрүүлэх нь чухал биш гэж боддог. Мэдээжийн хэрэг өөрсдийнх нь бүтээсэн робот түрүүлэхэд залуус маань маш их урамшдаг. Гэхдээ үүнээс илүү “Робокон”-д оролцох нь илүү ач холбогдолтой. Яагаад гэхээр оюутнууд маань механикийн шийдэл нь яаж хийдэг болохыг мэдэж авдаг. Эхлээд өөрөө гараараа хийж үзнэ, робот буюу тоног төхөөрөмжөө хийнэ гэсэн үг. Дараа нь электрон удирдлагаа хийх хэрэгтэй болно дээрээс нь электрон удирдлагаа амь оруулахын тулд программыг нь бичнэ. Робот бүтээнэ гэдэг шууд л хийгээд эхэлдэг юм биш бодно, сэтгэнэ. Түүнийгээ 3D буюу визуаль орчинд зурж бий болгох зэрэг маш олон үе шаттай ажил. Хичээл дээр олж авсан мэдлэгээ практик дээр нэвтрүүлнэ. Мөн багшийн зааснаас гадна өөрөө эрэл хийнэ, судлах шаардлагатай болдог. Онолыг практик дээр яаж буулгах вэ гэдгээ бодно. Оюутнууд ийм л чадваруудыг эзэмшдэг. Хамгийн гол нь хүн болж төлөвшинө. Багаараа ажиллана, хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлнэ гэх мэт олон сайхан дадлыг олж авдаг. Цаашилбал бие биесээ суралцах, хүндэтгэх, дэмжих зэрэг нь хамгийн чухал. “Робокон” тэмцээний гол зорилго нь энэ.

-Энэ тэмцээн манай техникийн салбарт ахиц дэвшил гаргахад чухал түлхэц болдог нь гарцаагүй. Ер нь дуу хуур, спорт зэргээр улс орныг хөгжүүлдэггүй. Сайн инженерүүдийг бэлдэх нь хөгжлийн гол түлхүүрийн нэг. “Робокон”-д оролцож байсан оюутнууд ажил дээр гараад ямар амжилт үзүүлж байна?

-“Робокон”-д оролцож байсан, оролцож байгаагүй оюутнууд гэж ярьж болно. Энэ тэмцээнд оролцож байсан оюутнуудын хувь хүний хөгжил, танин мэдэх ур чадвар, нийгэмших чадвар зэрэг нь асар давуу. Дээр нь өөрийн сурч мэдсэнээ яаж ажлын талбар дээр хэрэглэх, бүтээгдэхүүн болгох тал дээрээ илүү байдаг. Тиймээс ч жишээ нь Японд их сургуулиудын хооронд зохиогддог “Робокон” тэмцээнд оролцсон хүүхдүүдийг авч ажиллуулах сонирхолтой байдаг. Жишээ нь ижил мэргэжлээр нэг сургууль төгссөн хоёр хүүхэд ажилд орохоор ирлээ гэхэд “Робокон”-д оролцсон нь илүү боломжтой байдаг. Манай Монгол ч ер нь тийм жишиг рүү орж байгаа. Дээрээс нь “Робокон”-д оролцож байсан шавь нар маань ажил дээр гараад илүү амжилтанд хүрсэн байх жишээтэй. Нэг шавь маань гэхэд “Оюутолгой”-д инженерээр ажиллаж байна. Өөрсдөө үйлдвэр дээр гараад тоног төхөөрөмж зохион бүтээж байгаа жишээ цөөнгүй бий. Иймээс инженерүүд улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ.

-Тэгвэл та амжилттай яваа шавь нараасаа дурдаач?

-Миний шавь нараас хамгийн ойрхон нэг жишээ дурдахад 2008 онд хөнгөн үйлдвэрлэлийн автоматжуулалт мэргэжлээр төгссөн Бямбаа гэдэг залуу маань одоо Японд “Toyota” компанид инженерээр ажилладаг.

-Энэ удаагийн “Робокон”-д таны шавь нар ямар бүтээлээрээ өрсөлдөх гэж байна?

-Жил бүр тэмцээний даалгавар өөрийн гэсэн онцлогтой байдаг. Вьетнамын нэгэн уламжлалт баярын үеэр тусгай уутанд хийсэн арвайгаа аль болох өндөрт байрлах цаасан уутанд хийгээд шидээд нүхээр оруулдаг юм байна. Өөрөөр хэлбэл энэ жилийн уралдааны даалгавар нь буудай хийсэн уутыг шиддэг роботыг бүтээнэ гэсэн үг.

-Танай оюутнуудын бэлтгэл ажил хэр зэрэг ахицтай явж байна?

-Өнөөдрийн байдлаар зураг төслөө хийгээд оюутнууд маань янз бүрийн санаагаа дэвшүүлж байна. Энэ тэмцээнд оролцох хүсэлтэй оюутнууд нэлээд байдаг тул сургууль дотроо бид санааг нь уралдуулдаг. Явах, шидэх механизм нь ямар байх гээд. Клубынхээ гишүүн оюутнуудын дунд уралдаан зарлаж хоорондоо ярилцаж шилдэг санааг нь шалгаруулдаг.

-Та сая клубын тухай ярилаа. Танай сургуулийн клуб уу?

-Манай Үйлдвэрлэл технологийн сургууль механикийн чиглэлээр суралцдаг оюутнуудад зориулсан “Зохион бүтээх залуус” гэдэг клубтай. Энэ клубын гишүүд нь зөвхөн “Робокон” төдийгүй “Сумо робот”, “Автомат робот”, төөрдөг байшинд явдаг роботын гээд янз бүрийн тэмцээнүүдэд оролцдог. Ер нь жил ирэх тусам робот зохион бүтээх тэмцээн уралдаан олон болж байна. Сонирхогчид нь нэмэгдэж байгаа. Энэ нь оюутнуудад төдийгүй улс орны хөгжилд хэрэгтэй гэсэн үүднээс байгууллагууд ч нэлээд дэмждэг болсон.

-Та бас ОХУ-д суралцсан гэсэн. ШУТИС-д хэдэн жил багшилж байна?

-Би 13 дахь жилдээ багшилж байна.

-Тэгвэл олон шавьтай юм байна.

-Диплом хамгаалаад төгссөн шавь нар гэвэл нэлээд бий. Тоолж үзээгүй юм байна. Гэхдээ ахмад багш нарыгаа яаж гүйцэх билээ. Би хөнгөн үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн инженерээр суралцаж байгаа оюутнуудаас гадна өөр мэргэжлийн оюутнуудад ч хичээл ордог юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө бага зэргийн цас орж, явган шуурга шуурна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, Увс нуурын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын хөндийгөөр 20-25 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн байна.