Categories
мэдээ нийгэм

Стандартын шаардлага хангаагүй арванхоёр зочид буудлын үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл хүргүүлжээ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 25121 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1.2 хувиар буурсан, гэмт хэргийн шинжтэй 1230 үйлдэл бүртгэгдсэн нь 47 нэгж буюу 4.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна. БОАЖЯ, НАЖГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсүүдтэй хамтран нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 125 зочид буудал, 230 дэн буудал, нийт 355 байгууллага, иргэнийг шалгахад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан 50, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 14 зөрчил илрүүлэн зохих журмын дагуу арга хэмжээ авч, стандартын шаардлага хангаагүй 12 зочид буудал, дэн буудлын үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл хүргүүлээд байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3150 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 126, зөрчлийн шинжтэй 991 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1117 ослыг материалжуулан шалгаж байна. Гудамж замд хийсэн шалгалтаар илрүүлсэн зөрчил болон торгуулийн дүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 593 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.1 хувиар буурсан байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор бага зэргийн цас орж, өдөртөө -13 хэм, шөнөдөө -22 хэм хүртэл хүйтрэх урьдчилсан төлөвтэй байна. Өнгөрсөн 14 хоногт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 111 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 102, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 9 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийн хугацааг сунгасантай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Шижирийн даваа, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар гүнтийн даваанд гаргасан мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалтын постонд гурван ээлжээр 24 цагаар үүрэг гүйцэтгэн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хугацаанд хяналт шалгалтын постоор амьд мал, түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн 92 автомашин нэвтрэхээс, гарал үүслийн бичиг баримтгүй 31 автомашиныг буцааж, нийт 4856 автомашинд хяналт шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлт хийж нэвтрүүлсэн” гэж танилцуулав.

“Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна. Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулсан. Хяналт шалгалтад Нарантуул, Бөмбөгөр, Хархорин, Баянзүрх зэрэг томоохон худалдааны төвүүдэд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, нийтийн хоол, хүнсний үйлдвэрүүд, нийт 432 иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хамрагдаж 422 зөрчил илрүүлэн 276 зөрчлийг газар дээр нь арилгуулж, зөрчилтэй 2 ААН-д 14 заалттай 2 албан шаардлага хүргүүлэн, 1.1 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн 2018 оны төсөв батлагдсантай холбогдуулан хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний задаргааг энэ сарын 18-ны дотор ирүүлэх, Нийслэлээс 2018 онд хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний болон эрх шилжүүлэх захирамжуудыг энэ сард батгаан гаргаж холбогдох байгууллагууд хүргүүлнэ” гээд “2018 онд Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөлтийн бэлтгэлийг хангах, Засгийн газрын 2017 оны 324 дүгээр тогтоол “Агаарын бохирдолтой тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсэд орших ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн анги танхим, эмнэлгийн хүүхдийн тасгийн өрөө, тасалгааг цэвэршүүлэгчээр хангах ажлыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор багтаан зохион байгуулж ажиллах, Шинэ жилийн баярыг угтаж гудамж талбайн хог, цэвэрлэгээний ажил болон дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээг зохион байгуулах, баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажлуулж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах, Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын дутууг энэ сарын 25-ны өдрийн дотор жилийн дүнгээр бүрэн төвлөрүүлэх, Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэн буудлуудад хяналт-шалгалт хийсэн дүн, гаргасан зөрчил дутагдал, стандартын шаардлага хангаагүй аж ахуйн нэгж, байгууллагуудыг олон нийтэд мэдээлэх”-ийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны сонгон шалгаруулалтын явцыг хянажээ

Related image

Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн Дархан-Уул аймгийн гишүүн Д.Энхтуяагаас мэдээ ирүүллээ.

Тэрээр “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын төслийг судлаад хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж агуулж байгаа эсэх талаар нөлөөллийн үнэлгээг хийж тодорхой саналыг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтэнд өгчээ.

Түүнчлэн аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын явцыг хянаж ажиглалт хийсэн байна. Сонгон шалгаруулалтад оролцогчдыг төдийгүй шалгалтын комиссын гишүүдийг хяналтын камераар харах боломж бүрдүүлэх, суудлыг хуваарилах биш өөрсдөө сонгох эрхийг олгох зэрэгт анхаарч ажиллахыг зөвлөв.

Дархан-Уул аймаг дахь авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлөөс төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэд хэдэн санал гаргаж байгаагаа танилцууллаа. Тухайлбал, төрийн байгууллагаас эрх олгох, татгалзах, түдгэлзүүлэх, сунгах, хүчингүй болгох, сэргээх, хяналт тавих, шаардах гэх зэрэг олон төрлийн эрхийг нэгтгэж иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, энэ талаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.2.2-т заасныг хэрэгжүүлэх, төрийн байгууллага болон албан тушаалтны ажлыг дүгнэхдээ иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй үйлчилсэн гэсэн үзүүлэлтийг харгалзах санал гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

“Та хүүхдээ аль суудалд суулгахыг өөрөө сонго” гэсэн сурталчилгааг буулгахыг шаарджээ

Хүний эрхийн мэдрэмжгүй сурталчилгааны талаар Монголын Тэргэнцэртэй иргэдийн холбооноос Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан байна.

Тус холбооноос “ХУД-ийн нисэх явах чиглэл дэх Яармагийн зам дээр ийм самбар тавигджээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Эрхийн тухай конвенцийн зарчимд нийцэхгүй, хүний эрхийг зөрчсөн самбарыг даруй авахыг шаардаж байна .
Хүний Эрхийн хандлагаар хөгжлийн бэрхшээл гэдэг нь хүний ялгаатай байдлын нэг хэлбэр бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь сул дорой, эсвэл хэн нэгний буруутай үйлдлийн золиос биш гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч, конвенцийг баталж хуулийг гаргасан гэдгийг ХУД-ийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийнхөнд сануулж байна” гэж мэдэгдсэн юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь АН-ын бүлэг хуралдана

Өнөөдөр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. Мөн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүдийн хуралдаан болох юм. Мөн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан тус тус болох юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд зам тээврийн осолд өртөх нь нэмэгджээ

Улсын хэмжээнд эхний 11 сарын байдлаар 58 хүүхэд зам тээврийн осолд өртөж амь нас нь хохироод байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16 хувиар өссөн, гэмтсэн хүүхэд 183 байгаа нь өмнөх оноос 16,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн амралтын өдөр гэхэд ХУД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэр Өлзийт хорооллын зам Lexus LX-470 автомашины жолооч Ө нь амины Toyota Prius-20 автомашинтай мөргөлдөж зорчигч 5 настай Х, 8 настай Ц, 10 настай М, 28 настай Х нарын 4 хүн гэмтсэн хэрэг гарсан байна.

Нийт хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгаан нь харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцох, зориулалтын хамгаалах суудалд тээвэрлээгүйгээс шалтгаалж гарч байгаа тул эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлэж хэвших шаардлагатай байна.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Японы харилцааны тулгын чулууг тавилцсан эрхэм

Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиосон билээ. дайны дараахь хүнд хэцүү он жилүүдэд хүйтэн дайны төмөр хөшгөөр тусгаарлагдаж байсан хоёр улс өнөөдөр бие биеэ чухалчилсан дотно түншүүд болсон. Манай хоёр орны улс төр, эдийн засаг, урлаг соёл, боловсрол гээд бүхий л салбарын харилцааны үндэс эх суурь тавигдахаас эхлэн өдий зэрэгтээ өргөжиж тэлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан хүн бол яах аргагүй Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Содовжамцын Хүрэлбаатар гуай юм. Тэрбээр анх Японтой харилцаа тогтоосон үеэс гар бие оролцож ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд тус улсад Монголоо төлөөлөн Элчин сайдаар улиран томилогдож ажилласан баялаг түүх намтартай эрхэм. Түүний туулсан амьдралын замнал, хоёр улсын харилцаанд оруулсан үүрэг ролийн тухай хуучилж өнжлөө.

С.Хүрэлбаатар гуайнх Монголдоо ирээд төвхнөж амжаагүй байгаа хэрнээ бидний саналыг уриалгахнаар хүлээж авсан юм. Бид ч товлосон цагтаа гэрт нь очив. Гэрийн эзэгтэй хаалгаа нээн инээмсэглэн угтаж, “Та хэдийн өмнөхөн Японы өдөр тутмын сонины хоёр сурвалжлагч ирсэн.

Манай хүнээс ярилцлага авч байгаа юм” гэлээ. Зочны өрөөнд ортол тэдний ярилцлага өндөрлөж байгаа бололтой. Гадаадын сэтгүүлчид бидэнтэй нэрийн хуудсаа солилцонгоо “С.Хүрэлбаатар гуай манай улсад Элчин сайдаар удаан хугацаанд ажилласан нэр хүндтэй хүн. Тиймээс Монголд ажиллах хугацаандаа түүнээс ярилцлага авах завшаан тохиолоо” гээд инээв. Гэрийн эзэн холоос ирсэн зочдоо үдсэнийхээ дараа “Одоо та хэдийн байцаалтад ороход бэлэн” гэж инээмсэглэсээр буйдан дээрээ тухаллаа.

С.Хүрэлбаатар гуай 2009 онд Элчин сайдаар томилогдож олон жилийн дараа ийн ирж байгаа аж. Тиймээс ачаа тээшээ бүрэн цэгцэлж, ажлын өрөөгөө тохижуулж амжаагүй гэж байлаа. Холоос ирсэн хайрцагтай номуудаа нэг буландаа өржээ. Эднийх хоймортоо “Сорхууд” гэсэн уйгаржин бичээс өлгөсөн нь нүдэнд тусав. Хажуухан талд нь “Эрдэм” гэсэн үгийг бас байрлуулжээ. Тодруулаад асуутал “Манайх Сорхууд овогтой. Тиймээс ургийн овгоо ингэж бичүүлж дээдэлсэн хэрэг. Харин “Эрдэм” гэдэг үгийн тухайд манай хүүхдүүдийн нэр юм. Ач, зээ нарын нэрэнд ”Эрдэм” гэсэн үг орсон байдаг” гэв. С.Хүрэлбаатар гуайнд зочилсон хэн бүхний нүдийг хужирлах зүйл бол үзэсгэлэнт эмэгтэйн уран зураг. Тэр бүсгүй бол түүний гэргий Д.Гандиймаагийн залуу халуухан насных нь төрх ажээ. Гэрийн эзэгтэй энэ тухай ярихдаа “Хүмүүс манайд орж ирээд хэний зураг вэ гээд асуухаар нь Хүрлээгийн найз бүсгүй гэж хэлдэг” хэмээн инээв. “Анх надтай танилцаж, миний хайрыг татаж байсан тэр төрх нь болохоор миний найз эмэгтэй мөн байлгүй яахав. Ханийнхаа 50 насны ойгоор зураач Мөнхцэцэгт захиалж зуруулсан юм” гэж С.Хүрэлбаатар гуай тодотголоо. Зочны өрөөний ханыг чимэх өөр нэг зураг бол Японы нэрт дуучин Яширо Акигийн бүтээл байсан юм. Тэрбээр сайн дуулаад зогсохгүй уран зурагт авьяастай нэгэн ажээ. Нөхөр нь ч уран гартай хүн байдаг гэнэ. Ингээд дуучин бүсгүй нөхрийнхөө урласан аягыг харж зурснаа С.Хүрэлбаатар гуайг албанаасаа буухад нь дурсгал болгож өгсөн юм байна. Энэ мэтчилэн сайхан түүх, дурсамжтай бүтээлүүд эднийд олон байлаа.

АМ БҮЛ ЦӨӨНТЭЙ Ч ОЛНООР ХҮРЭЭЛҮҮЛСЭН ЭРХЭМ

С.Хүрэлбаатар гуай эхээс ганцаараа. Түүний аав Ц.Содовжамц Ховд аймгийн уугуул хүн байжээ. Нутгаасаа гарч Багшийн сургуулийг дүүргээд Завхан аймагт багшилж байсан юм билээ. Удалгүй цэргийн хүн болж Баянхонгор аймагт ажиллаж амьдрах болсон байна. Харин Элчин сайдын ээж нь Х.Сангидулам гэдэг хүн байсан аж. “Улаан гэрийн Дулмаа гэдэг шиг манай ээж намдаа үнэнч хүн байлаа. 16 насандаа МАН-д элсч гэзгээ тайруулж, цагаан малгай өмсдөг эмэгтэйчүүдийн нэг байв. 1990 оны ардчилсан хувьсгалын дараагаар намаа өмгөөлж, хамгаалсан хуралд оролцож яваад хатгаа авч бие барсан даа. Харин аав маань тэрс үзэлтэй хүн байсан” гэж С.Хүрэлбаатар гуай дурсан ярив. Эхнэртэйгээ танилцсан түүхээ хуваалцахдаа “Манай хүн айлын ганц охин. Бид хоёрын аав, ээжүүд адилхан Баянхонгор аймагт очиж суурьшсан байдаг юм. Гандиймааг зургадугаар ангид, намайг наймдугаар ангид байхад тэнд очиж билээ. Тэгсэн нэг их хөөрхөн дугуй шар царайтай охин нүдэнд тусдаг юм байна. Сураг сонсох нь ээ таван онцын эзэн гэнэ. Би ч сурлагандаа сайнгүй нөхөр байлаа. Ингээд алхам алхмаар ойртож эхэлсэн дээ. Гэтэл намайг тоодоггүй. Долоон жил араасаа гүйлгэж байгаад хожим миний эхнэр болсон доо. Намайг маш их засч авсан хүн дээ” гэлээ. Ингээд тэд 1973 онд гэр бүл болж, хоёр сайхан хүүхдийн аав, ээж болжээ. Харамсалтай нь том хүү нь идэр залуу насандаа автын ослоор хорвоог орхисон байна. Одоо хүүгийнх нь хоёр хүүхэд Америкт амьдардаг гэнэ. Ач хүү нь бизнесийн чиглэлээр Америк, Японы хамтарсан компанид ажилладаг бол ач охин нь суралцдаг байна. С.Хүрэлбаатар гуайн бага охин гурван хүүхэдтэй бөгөөд одоо Японд ажиллаж, амьдарч байгаа гэсэн. Японы Обирин их сургуулийг төгсөөд Монгол дахь Японы Элчин сайдын яаманд ажиллаж байжээ. Одоо Японы Нийгата мужийн захиргаанд орон нутгийн хамтын ажиллагааг хариуцаж ажилладаг байна. С.Хүрэлбаатар гуай ам бүл цөөнтэй, ач зээ нар нь алс байгаа болохоор баяр ёслолоор тэднийгээ ихэд үгүйлэн санагалздаг биз ээ. Гэхдээ энэ эрхэмд ах дүүсийг нь орлох ойр дотны хүмүүс олон байдаг тухай хуучиллаа. Гэр бүлийн сайн найзуудаа ч бидэнд танилцуулан ярьсан юм. Тухайлбал, багын найз Г.Лувсанцэрэн, Г.Лочин болон Вьетнам, Францад Элчин сайдаар сууж байсан Г.Луузан гуай, Вьетнам, Солонгост Элчин сайдаар сууж байсан П.Үржинлхүндэв, Кубад Элчин сайдаар сууж байсан Б.Нямаа нарыг нэр цохож байлаа. Төрсөн дүүгээс нь өөрцгүй өмөг түшигтэй хүн бол МУГЖ Д.Сосорбарам гуай гэнэ. Тэд нэг орцонд амьдардаг хөршүүд бөгөөд хоол, цайгаа хамтдаа хувааж иддэг тийм дотно ах дүүс юм билээ. Гэрийн эзэгтэй үдийн хоолоо бэлдчихээд “Бууз гарчихлаа. Халуун дээр нь түргэн ороод ир” гээд Со гавьяатыг эхнэртэй нь утсаар дуудав. Д.Гандиймаа гуай “Манай орцныхон амь нэгтэй.

Аливаа баяр ёслолоор хөгшин бид хоёр дээр орж ирж тэмдэглэнэ. Нэг нэгнийхээрээ орж гарцгаана. Хүүхдүүд хол байдаг болохоор хөршүүд маань л бидэнд хань болдог юм даа” гэхэд түүний хань “Манай орцонд дандаа Баянхонгорын гаралтай айлууд бий. Баянхонгорчуудын орцны дарга нь би” гэж хошигнов. Энэ зуур гэрийн эзэгтэй зассан ширээндээ зочдоо зоог барихыг урив. Д.Сосорбарам гавьяат болон түүний гэргий хэзээний эдний хүүхдүүд шиг. Яг л гэртээ байгаа мэт чөлөөтэй байв. Тэдний нөхөрлөл хэзээ яаж үүссэн тухай сонирхтол “Ер нь урд насандаа эхэлсэн байх шүү” гээд инээлдэв. Анх 2002 онд Японы Ханхүү Монголд айлчлан ирсэн цагаас С.Хүрэлбаатар, Д.Сосорбарам хэмээх хоёр эрхэм дотно сайхан харилцаатай болсон юм байна. Японы Ханхүү догшин хутагт Данзанравжаагийн талаар судалдаг, их хүндлэн дээдэлдэг аж. Тэрбээр Монголд ирээд Хамарын хийдэд очихоор болжээ. Ингээд С.Хүрэлбаатар гуай Д.Сосорбарам гавьяаттай уулзаад Ханхүүд гэнэтийн бэлэг барихаар ярилцжээ. Д.Сособарам гавьяатыг Данзанравжаагийн тухай “Хутагтын сахиус” кинонд тоглосныг нь Ханхүү мэддэг байж. Тиймээс музейд байсан хутагтын хувцас хэрэглэгдэхүүнүүдийг түр авч Со гавьяатад өмсүүлжээ. Ханхүүг Хамарын хийд дэх хутагтын бясалгал хийж байсан агуй руу хөтлөөд оронгуут Д.Сосорбарам гавьяат “Үлэмжийн чанар” дууг дуулсаар гарч ирэхэд мань эр нэг хэсэгтээ мэл гайхаж орхисон байна. Үүнээс хойш тэд хоёр орны урлаг, соёлын олон арга хэмжээг хамтран зохион байгуулжээ. Саяхан Японы үндэсний урлагийн фестивалийн нээлтийн арга хэмжээнд Со гавьяат “Домог” чуулгынхаа хамт 45 минут тоглолт үзүүлжээ. Тоглолтын дараа хаан ширээ залгамжлах хунтайж Нарухито Д.Сосорбарам гуайг тусгай өрөөнд хүлээн авч уулзаж, талархал илэрхийлсэн байна. С.Хүрэлбаатар гуай “Тээр жил Хатан хаан манай Элчин сайдын яаман дээр тоглолт зохион байгуулсан юм. Төгөлдөр хуур сайхан тоглодог хүн л дээ. Бас найз нөхдийгөө урьсан. Хатан хаан төгөлдөр хуураа тоглож, Сосорбарам дуугаа дуулаад нэг үдшийг сайхан өнгөрүүлж билээ. Ер нь манай Сосорбарам чинь хаан удмынхантай тун ойр хүн байгаа юм” хэмээн ярилаа. Аливаа ажил үйл төлөвлөөд хөдлөхөд тэдний дөрөө сайхан нийлдэг гэнэ. Ямар сайндаа “Хүрлээ нь хүр хийж, Бармаа нь пар хийж, хүрье гэсэндээ хүрч л салдаг Хүрлээ. Барья гэснээ барж байж дуусгадаг Барам” гэсэн уриа үгтэй болсон тухай С.Хүрэлбаатар гуай хэлж хоолны ширээний ард бяцхан инээд бэлэглэв. Тэд япончуудын тахилгат Фүжи уулан дээр гарч уртын сайхан дуугаа уянгалуулна гэж зорьж байснаа давуулан биелүүлжээ.

Энэ уулан дээр хоёр ч удаа гарч тоглолт хийсэн байна. Одоо тэд Номхон далайд хөлөг онгоцон дээр уртын дуу дуулах мөрөөдлөө удахгүй биелүүлнэ гэсэн өөдрөг бодол тээж явдаг юм билээ. Со гавьяат сүүлийн долоо, найман жил Японтой соёлын харилцаатай байгаа гэнэ. Жилдээ 3-4 удаа очиж тоглолт хийдэг аж. Хокайдо мужаас бусдад нь тоглолт хийжээ. Со гавьяат ярихдаа “Энэ бол Хүрлээ ахын нөмөр нөөлөг. Хүрлээ ах улс төр эдийн засгаас гадна урлагийн талаар их зүйл хийсэн. Японы үндэсний төв театрын тайзан дээр Монголоос Сүглэгмаа, Лхамжав гуай хоёр гарч байсан. Тэр хоёр мундаг хүнээс хойш домог чуулгатайгаа тоглосон доо. Манайхан Японы нэгдүгээр зэрэглэлийн театрт тоглодог” гэлээ. “Үнэхээр урамтай л даа. Би гуйж байгаад зөвшөөрөл авч байгаа шүү дээ. Манай хэд үнэхээр бахархмаар тоглолт зохион байгуулдаг. Тоглолтын дараа Японы тал мөрөн дээр алгадаа. Дахиад тоглоорой” гээд зөвшөөрөл өгөхөд нь маадгар байгаа юм чинь гэж С.Хүрэлбаатар сайд нэмэв. Со гавьяатын “Жамаас” гэдэг дуу Японд хит болж байгаа ажээ. С.Хүрэлбаатар гуайн зочны өрөөний хананд өлгөөстэй байх уран зургийн эзэн алдарт дуучин бүсгүй Яширо Аки “Жамаас” дууг япон хэл дээр олны хүртээл болгосон байна. Сүүлийн үед энэ дуу Японы караокед нэлээд хүчээ авч байгаа аж. Эндээс Монгол Японы соёлын харилцааг хөгжүүлэхэд С.Хүрэлбаатар гуай ямар их хичээл зүтгэл гаргаж, үйл хэрэг бүтээснийг харж болохоор. Мөн Хубилай хаан Япон руу хоёр удаа довтолсон түүхийн жимээр баримтат кино хүртэл бүтээсэн зэрэг соёлын харилцаатай холбоотой хийсэн ажлуудыг нь дурдаад байвал олон.

ЯПОН ОРОНД “ДУРЛАСАН” ТҮҮХ

Японы эзэн хааны олгодог Мандах нарны одонгоор Монголын 12 хүн шагнуулсан байдаг ажээ. Энэ одон зургаан зэрэглэлтэй. Нэгдүгээр зэрэглэлийн одонг Ерөнхий сайд асан Д.Содном гуай хүртэж байв. Харин хоёрдугаар зэргийн одонгоор Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар цоллуулсан юм. Түүнд Японы Ерөнхий сайд одонг гардуулж, эзэн хаан нь биечилж баяр хүргэсэн билээ. Тэрбээр одон олгодог ёс журам нарийн дэг жаягтай байдаг гэж даруухнаар өгүүлэв. Түүний гэргий “Биднийг гэртээ ирэхэд манай байрныхан, найз нөхөд маань гэнэтийн бэлэг барьж, ёстой сайхан халуун дулаанаар угтаж авсан шүү. Орцонд ороод ирэнгүүт шатны хоёр талаар зогсоцгоочихсон. Сосорбарам хадаг тэргүүтэн барьчихсан дуулсаар угтсан гээч. Гэрт ороод ирэнгүүт “Хөсөгтөн” хамтлагийнхан тоглолт үзүүлсэн. Манай хөршүүд гэр орныг минь цэмцийлгээд хоол цай бэлдээд хачин сайхан угтсан. Дээшээ нэг юм огшоод л явчихсан. Баярласан гэж жигтэйхэн” гэв. С.Хүрэлбаатар гуай “Би төрийнхөө хайр хишгийг хүртэж, дипломатч хүний бүх цолыг аваад зогсохгүй Японы эзэн хааны одонг хүртлээ. Миний ажилдаа амжилт гаргасан нь ханийн минь гавьяа. Гандиймаа маань хуульч болох мөрөөдөлтэй хүүхэд байв. Гэтэл тэр хуваариа алдчихаад Эрхүүгийн багшийн сургуульд орсон. Сургуулиа төгсч ирээд дунд сургуульд хичээлийн эрхлэгч боллоо. Сүүлдээ Хотын боловсролын хэлтэс, Ардын боловсролын яаманд мэргэжилтнээр ажиллаж байлаа. Дараа нь 18 дугаар сургуулийг орос сургууль болгоход хичээлийн эрхлэгч болсон. Тэндээ тогтвортой ажиллаж чадаагүй. Намайг дагаад “тэнэсэн” хүн дээ. Хань минь Элчин сайдын яаманд үйлчлэгч, бичээч, нягтлан гээд бүх ажлыг хийжээ. Миний жинхэнэ ар талыг хариуцаж явсан хүн юм” гэлээ.

Японы эзэн хааны одонг зүгээр хаа хамаагүй хүмүүст олгочихдоггүйг бүгд мэднэ. Хоёр улсын харилцааг шинэ шатанд ахиулахад үнэтэй хувь нэмэр оруулсан тийм гавьяатай хүн хүртдэг. С.Хүрэлбаатар Элчин сайдын хувьд анх Япон оронтой хэрхэн холбогдсон түүх тун сонирхолтой юм билээ. Тэрбээр энэ тухайгаа бидэнд ярихдаа “Миний хувь тавилан бол Японоор мэргэжих ёстой байж гэж боддог юм. Бидний үеийн хүүхдүүд байлдаж тоглодог байлаа. Дайсны цэрэг боллоо гээд япон юм уу гамин болно. Тэгээд ардын цэргүүд тэднийг олзлоно, шоглоно. Тэгэхээр гамин, самурай болох дуртай хүүхэд гэж байхгүй. Гэтэл би дандаа япон цэрэг болно. Тэрэндээ их дургүй байв. Нийгэмд Япон орны талаар таагүй мэдээ дуулддаг байсан. Ингээд 1964 онд гэрэлтэй мэдээ сонсч билээ. Токиогийн олимп болсон юм. Токиогийн олимпод оролцсон тамирчид эргэж эх орондоо ирсэн. Нэг удаа хичээлээ тараад гэртээ иртэл Токиогийн олимпод оролцсон тамирчин аавтайгаа манайд ирчихсэн байлаа. Аав нь манай аавтай найз. Би зургадугаар ангийн хүүхэд байв. Тэдний яриа амттай гэж жигтэйхэн. Дотроос сэтгэл хөдөлгөсөн зүйл бол тэнд нэг нэгэндээ хүн ёсоор хандаж, их хүндэтгэж харилцдаг тухай байв. Тэрнээс хойш Япон орон миний сонирхлыг их татаж билээ. Сонин хэвлэл дээр Япон оронтой холбоотой гарсан зүйлүүдийг хайчилж, хадгалдаг байлаа. Япон хэл мэддэг хүн бараг байхгүй, сурах бичиг ч олддоггүй байсан цаг үе. Аравдугаар ангиа төгсөөд Япон явах хуваарь байдаггүй. Тэгээд Баянхонгорын Наранхүү дипломатч гэж сайхан хүнтэй санамсаргүй тааралдаад өөрийнхөө зорилгыг хэлтэл Москвагийн олон улсын харилцааны сургуульд сур гэж зөвлөсөн. Сураглатал улсын хэмжээнд хуваарь ирээгүй байв. Сургуулиас хоцрохгүйн тулд Багшийн дээд сургуулийн орос хэлний ангид элслээ. Хоёр жилийн дараа “Японтой харилцаа тогтоох хугацаа ойрхон болж байгаа гэнэ. Гадаад яам мэргэжилтнүүдээ бэлтгэхийн тулд Москвад сургуульд явуулах гэж байгаа” гэдгийг олж мэдэв. Ингээд шалгалт өгч тэнцээд Москвад очлоо. Япон үсгээ нүдлээд сурч эхэлж байтал Монголын Элчин сайдын яамнаас дуудаж байна. Москвад байгаа Японы Элчин сайдын яамнаас манай Элчин сайдын яаманд ирүүлсэн ноот бичиг байв. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоох асуудлаар уулзалт хийе гэсэн агуулгатай байсан. Лениний номын санд суугаад ханз болгонуудыг тайлж уншиж байж орчуулсан болж билээ. Япон Монголын хооронд 1972 оны хоёрдугаар сарын 24-нд анх дипломат харилцаа тогтоосон байдаг юм. 1975 онд би төгсөх ангийн оюутан Элчин сайдын яаманд долоон сар дадлага хийсэн дээ. Улс төр, эдийн засгийн, консулын гээд бүх хэлтсүүдэд нэг, нэг сар дадлагажив. Энэ нь намайг дипломат ажилтан болох сайн эхлэл болсон. 1976 онд сургуулиа төгсөөд л Гадаад яаманд ажилд орсон. Ажлаа орчуулагчаас эхэлсэн надад тун азтай тохиолдол учирсан юм. Тэр үед Японы ЭСЯ дөнгөж байгуулагдаад манай яамнаас орчуулагч өгөөч гэж хүсэлт тавьсан байв. Манай яамны Нэгдүгээр орлогч сайд Д.Ёндон гэдэг хүн намайг дуудаад, сайн ажиллаад, гол нь япон хэлээ сайжруулаад ир гэв. Ингээд тухайн үед хоёр орны хооронд дайны төлбөрийн асуудал шийдэх, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулах, энэ дагуу буцалтгүй хөрөнгө оруулалтаар комбинат байгуулах зэрэг ажлууд хийгдэж байсан. Бүх л яриа хэлэлцээ уулзалтад ордог, орчуулдаг ажилд томилогдсон. Тэр үед Элчин сайд Акияма гэж туршлагатай хүн байсан. Энэ хүн намайг алдаа мадаггүй орчуулга хийж сурахад их боловсруулсан. Ингээд нэг жилийн хугацаатай Элчин сайдын яаманд ажиллах томилолт авсан би Акияма Элчин сайдыг буцтал ажиллахаар болов. Тэрбээр намайг дэргэдээ хоёр жил шахам байлгасан. Энэ хугацаа надад хэлээ сайжруулах, япон хүмүүстэй ажиллаж, тэдний арга барилыг суралцах, тус орны талаар таньж мэдэх дээд сургууль болсон доо” гэв.

С.Хүрэлбаатар гуай Гадаад харилцааны яаманд Япон орныг хариуцсан референт, орчуулагч, атташе, гуравдугаар нарийн бичиг, хоёрдугаар нарийн бичиг, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, Азийн газрын даргаар хоёр удаа ажиллаж байжээ. Мөн Японд Монгол Улсаа төлөөлсөн Элчин сайдаар улиран томилогдохоос өмнө Хойд Солонгост Элчин сайдаар ажиллаж байсан хүн. Тэрбээр Япон Монголын харилцааны суурь тавигдаж байсан үед нь орчуулагч хийж, цаашлаад хоёр орны харилцааны механизм бий болгоход нь чимхлүүр ажлыг шат шатаар ахиулахад оролцож явсан юм. Тодруулбал, Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн 42 жилд нь хүчин зүтгэсэн билээ.

С.Хүрэлбаатар гуай хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал бодлоо хуваалцахдаа “Манай хоёр орон өнөөдөр олон улсын талбар дээр бие биеэ дэмжсэн сайхан хамтын ажиллагаатай байна. Бүс нутгийн асуудлаар, Зүүн Хойд Азийн тогтвортой байдлыг хангах. Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг намжаах зэрэг чиглэлээр хоёр орон байнга уулзаж, ярилцдаг уламжлал тогтож байна. Мөн глобал асуудлаар ярилцдаг. Япон орон бол Монгол Улсыг Зүүн Азид явагдаж буй интеграцийн үйл явцад нэгдэх талд нь дэмжлэг үзүүлэх талаар идэвхтэй сайн ажиллаж байгаа. Хоёр улс харилцаагаа сайн явуулахын тулд ярьж, тохирсон зүйлүүдээ хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг сайн тавьсан. Үүнийгээ тодорхой хэрхэн яаж урагшлуулах тал дээр механизм бий болгосон. Монгол Японы төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх уулзалтуудыг найман удаа хийлээ. Шинээр стратегийн түншлэлийг хэрэгжүүлэх дунд хугацааны(2012-2017 он) хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Одоо 2017-2022 оныг хүртэлх дараачийн дунд шатны хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Бүх асуудал дардан замаар явна гэж юу байхав. Тэгэхээр хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг илүү сайн ахиулах ёстой. Хувь хүмүүс хоорондын солилцоог өргөжүүлж байх ёстой. Худалдаа эдийн засгаа өргөжүүлэхэд анхаарах зүйлс ч байгаа. Хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу татваргүй бараа гаргах эрх зүйн үндэс бүрдсэн. Манай зүгээс Японд юу хэрэгтэй байгааг нь судлах хэрэгтэй. Тэрийгээ үйлдвэрлэхийн тулд япончуудтай хамтран зохион байгуулах нь чухал. Үүнийгээ Орос, Хятадын зах зээлд давхар гаргах зэрэг ажлыг явуулах нь чухал” гэв.

МОРИН ХУУРЫГ ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН ГАВЬЯАТАН

С.Хүрэлбаатар гуай гэргийнхээ хамт зургийн цомгоо эргүүлэнгээ олон сайхан хуучны дурсамжуудаа ярьж, хөгжилдөж байгаа нь үнэхээр аз жаргалтай харагдаж байлаа. Анх үерхэж эхэлж байсан үе бололтой, хоёр биенээ гижигдэж байгаа хар цагаан зураг содон харагдав. Мөн бяцхан ач, зээ нарынхаа багын зургийг хараад хооронд нь ялгадаггүй юм гэж ирээд л өхөөрдөнө. “Ирэх зун ач хүү маань найз охинтойгоо ирнэ” гээд эмээ нь ихэд догдлон ярина лээ.

Хүний амьдралд жаргал, зовлон ээлжлэн ирдэг нь жам. Морин хуур барин суугаа талийгаач хүүгийнхээ зургийг хараад тэд санаа алдав. Аав, ээжийнхээ анхны үр нь болж мэндэлж байсан хүү нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч үр хойчид нь дурсагдах зүйлийг тэд мөнхөлж чаджээ. Морин хуурыг дэлхийд таниулах туйлын хүсэл тэмүүлэлтэй байсан хүүгийнхээ зорилгыг С.Хүрэлбаатар гуай биелүүлж чадсандаа сэтгэл нь бага ч гэсэн тайвширдаг бололтой. Хүү нь амьд сэрүүн байхдаа “Харанга” хамтлагийн гитарчин Ц.Энхманлайг ятгаж, “Ажнайн хуур” хамтлагийг байгуулж байжээ. Ардчилсан хувьсгал эхлэхээс өмнөх үйл явдал гэнэ. Тухайн цагт морин хуур тайзан дээр л байсан болохоос дэлгэрээгүй байв. Тиймээс түүний хүү “Нью арт рок” гэдэг урсгал дэлгэрүүлэх мөрөөдөлтэй байсан аж. Эдний хамтлаг Японд хүртэл очиж тоглодог байжээ. Ингээд С.Хүрэлбаатар гуай хүүгийнхээ мөрөөдлийг гүйцээе гэж зориод морин хуурчидтай танилцаж, хамтарч ажиллажээ. Улмаар морин хуурын нийгэмлэг байгуулсан гэдэг. Тус нийгэмлэг Ерөнхийлөгч Н.Багабандийн үед морин хуурыг дэлгэрүүлэх зарлиг гаргуулж, ЮНЕСКО-д соёлын биет бус өвд бүртгүүлсэн байна. Тэрбээр энэ түүхийг ярьсныхаа дараа өөр нэг гэрэл зураг дээр бидний анхаарлыг аваачив. Тэр бол 1982 оны тавдугаар сарын 19-ний өдрийн зураг байлаа. Энэ өдөр Монголын бөхчүүдийг сумогийн дэвжээнд гаргах яриа өрнөсөн аж. Тэрбээр “Балхаажав гуай Японд олон улсын хуралд очсон юм. Сонирхоод үзчихээр юу байна гэхээр нь сумо барилдаж байгаа үзэх үү гэтэл дуртай хүлээж авлаа. Ингээд сумо бөхийн дараа аварга дээр нь очоод мэндчилээд хамт зургаа татууллаа. Тэгээд сумогийн дэвжээний захирал Оошима гэдэг хүнтэй уулзсан юм. Тухайн үед гадаадын ганц бөх байсан нь Хавайн Такамияма. “Монголд үндэсний бөх барилддаг. Хэрэв манайхаас бөх авчирвал амжилт гаргана даа” гээд би хэлж орхив. Гэтэл биднийг газарчилж явсан парламентын гишүүн Уэда гэдэг хүн их соргогоор хүлээж авч билээ. Тэрээр “Балхаажав гуай хоёулаа үүнийг хэрэгжүүлье. Та Монгол дахь зөвшөөрлийг нь олж өг. Би тэр залуусыг хүлээж авах сургуулийг нь хөөцөлдье” гэсэн. Би тухайн үед Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга байлаа. Ингээд энэ яриа найман жил хөөцөлдөж байж бүтсэн” гэлээ. Хоёр улсын харилцааг бүхий л талаар нь хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн тэрбээр одоо Монгол Японы нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байна. Тус нийгэмлэг нь хоёр улсын харилцааны байдалд дүгнэлт хийж, өөрсдийнхөө санаа бодлыг Гадаад харилцааны яаманд хүргүүлэх чиглэлээр ажилладаг гэнэ. Мөн төр засгаас баталсан бодлогыг хэрэгжүүлэхэд тал бүрийн дэмжлэг үзүүлдэг ажээ.

ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ардчилал Монголд асар их дэвшил авчирсан

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1950 оны арванхоёрдугаар сарын 4-нд тогтоол баталж, жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд Хүний эрхийн өдрийг (Human Rights Day) албан ёсоор тэмдэглэж байхаар болсон. Мөн 1989 оны тэр өдөр Монголын ардчилсан хувьсгалын эхний цуглаан тохиож, МоАХ байгуулагдсан. Ийм хоёр түүхэн үйл явдлыг монголчууд 28 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Эдгээр үйл явдалтай холбогдуулан судлаач-эрдэмтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Д.Баярхүүтэй ярилцлаа.

-Та бол социализмын үед өсч бойжсон сэхээтэн. Тэгэхээр таны өссөн цаг үеэс асуултаа эхлэх үү?

– Миний бага нас тэртээх 1960-аад онд нийслэлийн бусад хүүхдүүдийн л адил өнгөрсөн. Гоц гойд гэх юм байхгүй дээ. Ажлын гараагаа 1979 оноос эхэлж байлаа.

-Монголын нийгэм социализмаас ардчилал руу шилжих үед та ямар ажил алба эрхэлж байсан бэ?

-МОНЦАМЭ агентлагийн “Монголпресс” хэвлэлийн ерөнхий редакцид хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Цаг үе” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байcан.

-Тухайн үед Монгол оронд ардчилал буй болох түүхэн нөхцөл бүрэлдсэн байсан гэж та боддог уу?

-Ардчилал өөрөө гэнэт хүрээд ирсэн юм биш. Даян дэлхийд коммунизм системийн хувьд дампуурч, ЗХУ-д ардчилал шинэчлэлийн цөн түрж эхлэхэд Монголд ардчилал, ил тод байдал халдварлан орж ирсэн дээ.

-Ардчилал буюу democraсу хэмээх ойлголтын талаар тухайн үеийн монголчууд хэр мэдлэгтэй байсан бол?

-Ардчиллын талаар олонх хүмүүс айхавтар мэдлэгтэй байгаагүй. Харин ЗХУ-д өрнөсөн перестройка гэдэг үйл явдлыг ойлгож, талархаж, мэдэрсэн нийгмийн дэвшилтэт хэсгийн хүчин чармайлтаар ардчилал Монголын нийгэмд нэвтэрсэн дээ.

-Социализмаас татгалзаж, ардчилсан нийгмийг байгуулах болсны үндсэн шалтгаан юу байв?

-Социалист нийгэм хэдийгээр хөгжсөөр байсан ч эцсийн зорилгодоо хүрч чадалгүй гацаж зогссон байсан. Социализм энерциэрээ л нэг дороо эргэлдээд байснаас бүтээгч, бүтээлч нийгэм байж чадаагүй. Тиймээс ганц Монгол биш, тэр үеийн ЗХУ, Дорнод Европ бүгдээрээ энэ замналаас татгалзсан шүү дээ. Бүр цаашлаад социалист нийгмийн мөн чанар, хувьсгалт хүчирхийлэл, их хэлмэгдүүлэлт, аллага таллага, хувьсгалт завхруулга, тахин шүтлэг гээд түүх ухаад байвал социализмаас татгалзах шалтгаан олдоно уу гэхээс багадахгүй.

-Таныхаар ардчиллын гол үзэл санаа юу вэ?

-Эрх чөлөө, шударга ёс

-Ардчиллын гол үнэт зүйл юу вэ?

-Хувь хүний эрх чөлөө, хувь хүний хөгжил, өргөн сонголт, баялаг, хангалуун амьдралыг л хэлэх юм даа.

-Монголчуудын оюун сэтгэхүй болон эдийн засгийн хүрээнд ардчилал юуг авчирсан бэ?

-Асар их дэвшил авчирсан. Монголчуудыг нүдэнд үл үзэгдэх гинжнээс нь сулласан. Сэтгэж бодсоныхоо төлөө, итгэл үнэмшлийнхээ төлөө ялтан болохгүй байх баталгааг өгсөн. Хувь хүн хөгжиж дэвжих хязгааргүй их боломжийг нээж өгсөн. Өмчийн эрхийг нь баталгаажуулсан. Ертөнцөд хөл тавих эрхийг нь чөлөөтэй тавьж өгсөн. Монгол шиг цөөхүүлээ мөртлөө ийм их нээлттэй, ертөнцөөр чөлөөтэй зугаалж, аялж, ажил бүтээж явдаг үндэстэн бас цөөхөн шүү. Гурван сая хүн дээрээ би авч ярьж байна.

Ардчиллаар ирсэн өөрчлөлтүүд нийгэмд ямар сайн зүйлсийг авчирсан бэ гэвэл тоочиж баршгүй. Ю.Цэдэнбалын үед барьж байгуулаагүй их хотыг босголоо. Энэ их байшин барилга, бүтээн байгуулалтыг харцгаа. Мал сүргээ хэзээ ч 25 саяд хүргэж байгаагүй бөгөөд үүнийх нь төлөө малчид, нэгдэлчдийг малынх нь барьцаа болгочихоод байсан нүдэнд үл үзэгдэх боолын хөдөлмөрийг таягдан хаялаа. Одоо мал сүргийн тоо 60 саяас хол даваад байна.

-Социалист нийгмийн буй болгосон авууштай сайн зүйлс гэж байна уу. Ардчилсан нийгмийг байгуулснаар өмнөх нийгмийн бүтээсэн хөгжлөөс ухарсан, эсвэл алдсан зүйл байгаа юу?

-Социалист нийгмийн сайн сайхан зүйл гэж юуг хэлэх нь сонин байна. Өмчгүй, иргэд нь эрхгүй, ангигүй нийгмээс гээхийг нь гээж цааш явахаас аргагүй. Нийгэм-эдийн засгийн байгуулал, харилцаа огт өөр болсон учраас зарим талаар ухралт байсан байж болно. Гэхдээ өмнөх нийгмээсээ ухарсан гэдэгтэй би бол санал нийлэхгүй. Өмнөх нийгмийн ололтуудаас ухарсныг нь би олж харсангүй. Хуучнаа санагалзах дон одоо ч хэвээрээ байгаа. Цэдэнбалын тостой үе–хоёр идэхгүй, хоосон хонохгүй, нийтээрээ тэгш байсан тэр үеийг ахмад хижээл насныхан, эмзэг ядуу давхарга нэг хэсэгтээ санагалзана. Гэхдээ л бид боолын, барьцааны, ангич нийгмийг задалж чадсан. Бүх хүнд эрх чөлөөг нь олголоо. Албадлагын хөдөлмөрийг халлаа. Одоо эзэн хичээвэл заяа хичээх цаг нь жинхэнээсээ ирлээ. Өргөн сонголт өмнө чинь байна.

-Ардчилсан нийгмийн монголчуудад авчирсан хамгийн гол дэвшил юу вэ?

-Эрх чөлөө. Хэнээр ч албадуулахгүйгээр өөрийгөө, гэр бүл, үр хүүхдээ аваад явах эрхийг нь өглөө. Харин үүнийгээ үүрэг болгож чадаж байгаа эсэх нь түр зуурын асуудал байх.

-Социализмаас ардчилал руу шилжихэд монголчууд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Ихэнх нь зөв зам дээр байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна. “Дэлхийн хүн” болцгоож байна. Дэлхийд нээлттэй Монголын эрх чөлөөт иргэдийг л би олж харахыг хичээдэг.

-Нийгэм солигдоход монгол хүнд ямар зөрчил үүссэн бол?

-Шинэ нийгэм, шинэ орчин, шинэ шаардлага, энэ олон шинэ зүйлсийг угтаж өөрийгөө шинэчлэх, өөрийгөө бэлтгэх тал дээр алдаж оносон нь бий.

-Нийгмийн шилжилтэд монголчууд хэрхэн хандсан бэ?

Харилцан адилгүй. Гэхдээ олонх нь шинэ нийгмийг талархан хүлээж авсан. Хуучнаа санагалзах явдал байсаар ирснийг дээр хэллээ. Нийгмийн шилжилт маань удаан явагдсан учраас тийм санагалзал нэг хэсэгтээ байна.

-Монголчуудын амьдралын хэв маяг хэр зэрэг өөрчлөгдсөн бэ?

-Их өөрчлөгдөж байна. Гадна талаасаа ч, дотор талаасаа ч. Дэвшил рүүгээ явж байна. Материаллаг тал руугаа явж байна. Үүнийг буруу гэхгүй.

-Ардчилсан нийгэмд монголчууд хэр сахилга баттай байж чадаж байна вэ?

-Хуулийн хүрээнд л төлөвших ёстой. Эрх зүйт нийгэм гэдэг маань хуулийн дарангуйлал доорх шударга ёс, өргөн сонголт, зөв хөдөлмөр, хангалуун амьдрал шүү дээ. Тэр нь жигдэртлээ Монголд удах байх.

-Яагаад?

-Яагаад гэвэл монголчууд долоо хэмжиж нэг огтолдог. Нэг жигдрээд авбал жирийлгээд өгнө дөө.

-Тэгвэл нийгэм солигдоход монгол хүний амьжиргааны түвшин хэр зэрэг өөрчлөгдсөн бэ?

-Их өөрчлөгдсөн. Баялаг хангалуун болж, материаллаг тал руугаа явж байна. Хоёр иддэггүй, хоосон хонодоггүй хүмүүсээр социализм хахаж байсан бол одоо хэн бүтээсэн, шударгаар хөдөлмөрлөсөн, хэн гэгээрсэн, овсгоотой нь амьдралаа өөд татах бүрэн боломжтой шүү дээ.

-Ардчилал руу шилжихэд ажиглагдсан итгэл үнэмшлийн өөрчлөлт…?

-Социализмын материал-техникийн бааз байгуулна хэмээн хоосон итгэж, догматикаар сэтгэж явсныг нь халлаа, тэр л гол дэвшил юм биш үү. Итгэл үнэмшлийн өөрчлөлт нийгмийн өөрчлөлтөөсөө удаан үргэлжилдэг. Түүнийг л баталгаатай болгож авах хэрэгтэй. Тэгэхгүй бол хуучнаа санагалзан эргэж буцах явдал өөр олон улс оронд гашуун сургамжийн жишээ болоод давтагдлаа шүү дээ. Социализмаас ардчилсан нийгэмд шилжихэд монгол хүний боловсролын чанар хүртэл сайжирсан. Сонголт их байна. Дуртай их сургуульдаа, дуртай мэргэжлээрээ, дуртай гадаад улсад суралцах боломж нээлттэй байна. Гэхдээ боловсрол хэт нээлттэй байна. Их, дээд сургуулийн тоо дэндүү их байна. Үүнийгээ л засч залруулчихвал аяндаа жигдэрнэ.

-Нийгмийн шилжилт таны хувьд яаж нөлөөлөв?

-Ямар ч зөрчил үүсээгүй. Миний хүссэн тэр нийгэм мөн байсан учраас.

-Та Элчин сайд байсан дипломатч хүн. Гадаад харилцаандаа алдсан зүйл бий юү?

-Байхгүй. Хаа очиж Монголын нийгэм-эдийн засгийн салбаруудаас хамгийн эрчтэй, хурдтай, зөв хөгжсөн нь гадаад харилцааны салбар. Би үүнийг хэнд ч, хаана ч, хэзээ ч хэлнэ. Гадаад харилцааныхаа энэ их хурд, эрч, тэлэлтийг эдийн засаг нь гүйцэж чадахгүй хоцорсон явдал бий. Гадаад харилцаа маш өргөн, түнш маш олон, гэтэл дотооддоо шийдвэрлэх асуудал бас маш олон. Гол асуудал эдгээрийг хэрхэн хослуулах вэ, нэг түнштэйгээ эхнээс нь эцсийг нь дуустал тууштай ажиллаж чадах уу гэдгээс шалтгаална. Нэг салбар, нэг төсөл дээр олон түншийг зэрэг татах, мөргөлдүүлэх явдал гарч байдаг нь гадаад харилцааны өргөн боломж ба шийдвэрлэх асуудлаа зөв хослуулж чадахгүй байгаагийн гай шүү дээ.

-Ардчиллыг, ардчилагчдыг их шүүмжлэх болж. Монголд ардчилал буруу яваад байгаа юм биш биз гэж бодогдохгүй байна уу?

-1990-ээд онд ардчилсан шинэчлэлийн замаар дэлхийн 50-70 улс орон шилжиж орсон гэж үздэг. Шилжилт хийсэн орон маш олон. Шилжилтийн орнуудад Орос, Хятад ч нэрлэгддэг. Гэхдээ тэр улс орнууд хаашаа яаж шилжсэн нь ялгаатай. Хятад бол либерал эдийн засгийн системийг үндэснийхээ онцлогт тохируулан зөв авч хэрэглэсэн сонгодог жишээ гэж явдаг. Монгол бол шилжилтийн орнууддаа нэр хүнд сайтай. Ардчилал болоод зах зээлийн эдийн засаг руу хосолсон шилжилтийг тайван замаар хийсэн. Хүчирхийлэл хэрэглээгүй ардчилал зах зээлд шилжсэн сонгодог жишээ гэж явдаг. Ардчиллаасаа ухарсан өдий төдий жишээ дэлхий дээр байна. Маш олон улс орон байна. Дампуурсан улс байна. Тэдгээрийн дэргэд Монгол эерэг үнэлгээтэй. Тиймдээ ч Дэлхийн хамтын нийгэмлэг Монголд итгэл хүлээлгэж 2003, 2013 онд ардчиллын хоёр том форумыг Монгол зохион байгуулсан. АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг Монголд зохион байгуулсан нь ч монголчуудын ардчиллын үйлсэд өгсөн үнэлгээ гэж үзэж болно. Манайхан ардчилалд зарим талаар итгэл суларч байгаа явдал бол дотоод учир шалтгаанаас нөхцөлдсөн үйл явц. Энэ нь төр засаг тогтвортой ажиллаж чадахгүй, улс төрийн хэт намчирхал, эсвэл ардчиллаас хэт их зүйл хүсэн хүлээсэн, түүндээ хүрэхгүй сэтгэлээр унасантай холбоотой. Түүнээс ардчилалд өөрт нь буруу байхгүй. Ардчилал монголчуудад асар их боломж өгсөн. Тэр их боломжийг ашигласан нь олонх байгаа. Зөв ашиглах, буруу ашиглах гэсэн хоёр үзэгдэл байгаа. Түүнийг хольж болохгүй.

Д.ХҮСЛЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.Цолмон: Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан хийх эрх зүйн зохицуулалт тодорхой болсон

Улсын Дээд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зохицуулалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмонгоос энэ асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.


-Улсын Дээд шүүхээс саяхан Үндсэн хуулийн Цэцэд хандсан байсан. Ямар асуудлаар хандсан бэ?

-Тиймээ, Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу хянан шийдвэрлэхээс гадна Улсын Дээд шүүхийн хүсэлтээр хянан шийдвэрлэх зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлд байдаг. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2017 оны аравдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны зургадугаар сарын 9-ний өдрийн Монгол Улсын хуулийн 1, 2 дугаар зүйлд заасан зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар дүгнэлт гаргуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргасан.

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах зарчимтай. Энд хууль дээдлэх зарчмын суурь нь буюу Монгол Улсын Үндсэн хуульд бусад хууль тогтоомж нийцэж байх асуудал зайлшгүй яригдах бөгөөд Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн гуравт тодорхой заалт бий. Энэ ч үүднээс Үндсэн хууль зөрчсөн хуулийг хэрэглэхгүй байх зарчмыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Шүүхийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тусгай зохицуулалт орсон байдаг. Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, уг хууль, Монгол Улсын олон улсын гэрээний талаарх саналаа Улсын Дээд шүүхэд гаргах бөгөөд Улсын Дээд шүүх саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргана.

Энэ тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 184/ШЗ2017/09640 дүгээр захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар Монгол Улсын Дээд шүүхэд санал ирүүлсэн. Энэ саналыг Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэж Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт мэдүүлэхээр болсон.

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Цэцийн дүгнэлт гаргуулахаар хандаж байгаа вэ?

-Энд үндсэндээ хуулийн хоёр зүйлийг авч үзсэн байгаа. Монгол Улсын Их Хурлаас 2017 оны зургадугаар сарын 9-ний өдөр батлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд 67.1.5 гэсэн заалт нэмэлтээр орсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахын тулд иргэний хэрэг үүсгэсэн шүүгчээс зайлшгүй хийх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд тогтоосон байдаг. Тухайлбал, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх үүрэгтэй. Нөгөөтэйгүүр, шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой эсхүл өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаа явуулж болно. Түүнчлэн талуудад эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах ажиллагааг шүүгч хуульд заасан журмын дагуу хийх үүрэгтэй байдаг.

Харин хуульд оруулсан 67.1.5 дахь заалтын нэмэлтээр: “хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авах” ажиллагаа хийх үүргийг шүүгчид хүлээлгэсэн зохицуулалт нь Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыг зөрчсөн эсэх талаар Цэцээр дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзсэн.

Хоёрдугаарт, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай дээрх хуулийн 2 дугаар зүйлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь заалтад өөрчлөлт оруулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд шүүхээс гарах шийдвэрийн агуулгад тавигдах нөхцөл шаардлагыг хуулиар тогтоож өгсөн байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал төлүүлэх, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана. “Шаардлагатай бол шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацааг заана” гэснийг “Энэ хуулийн 67.1.5-д заасан тодорхойлолт, лавлагааг үндэслэн төлбөр гаргуулах хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой тусган, шийдвэр гүйцэтгэх арга, журмыг зааж, хүний орон байр, бусад газарт нэвтрэх, төлбөр төлөгчийн бие, орон байр, бусад газар, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад шаардагдах бусад зөвшөөрөл олгоно” гэж өөрчилснийг Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд энэ асуудлаар Цэцээс дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзсэн.

Дээд шүүх Цэцэд гаргасан хүсэлтдээ дүгнэлт гаргуулах үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлаж явуулсан байгаа.

-Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан байхаа больсон гэж яригдаад байсан…

-Тиймээ, хууль тогтоомжийн өөрчлөлт, зарим зохицуулалттай холбоотойгоор нэг хэсэг хугацаанд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан хийх эсэх нь эрх зүйн зохицуулалтын хувьд тодорхойгүй байсан. Энэ асуудал Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны тавдугаар сарын 18-ны өдрийн хууль гарснаар тодорхой болсон.

Хуульд нэмэлтээр орсон 171 гэсэн зохицуулалтаар Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг томьёолсон. Тухайлбал, хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн Цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх, мөн Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөх, эгүүлэн татах тухай санал гаргах, түүнчлэн энэ удаа Цэцэд хандсан асуудлаар буюу хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүхэд ирүүлсэн саналыг хэлэлцэж, үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргах зэрэг асуудлыг Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргахаар болсон.

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааныг Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, түүний түр эзгүйд албан үүргийг нь орлон гүйцэтгэж байгаа Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн даргална. Нийт шүүгчдийн хуралдааны ирцийг хуулиар тогтоож өгсөн байх бөгөөд нийт шүүгчдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол хуралдааныг хүчинтэйд тооцохоор заасан байгаа.

Түүнчлэн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд шүүгчдийн санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

Харин Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нийт шүүгчдийн хуралдааны дэгийг батлахаар хуульд заасны дагуу шүүгч бүрэн эрхийнхээ хүрээнд дэгээ баталж, олон жил тасраад байсан Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан 2017 оны аравдугаар сарын 23-ны өдөр хийгдсэн.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Д.Ганхуяг: Охинд минь тохиолдсон явдлын үнэнийг олохын төлөө эцсээ хүртэл явна

УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд нүүр номондоо бичлэг хийхдээ анхаарал татсан олон мэдээлэл хүргэж, өөрөө хүчирхийллийн хохирогч болсон төдийгүй, олны танил, томоохон компанийн захирлууд, улстөрчдийн хүүхдүүдийн хар тамхи хэрэглэдэг болон хүчирхийллийн хэргийн талаар ноцтой зүйлс ярьсан билээ. Гэвч тэр даруйдаа бичлэг устгагдаж, сүүлийн хэд хоног дахин олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягтай уулзаж ярилцлаа.


-Танай охины хийсэн бичлэг сүүлийн хэд хоног шуугиуллаа. арваннэгдү-гээр сарын 30-нд анх тавигдаад төд удалгүй устчихсан байсан. Энэ бичлэгийг хэзээ хийсэн юм бол?

-Арваннэгдүгээр сарын 30-ны өдөр анх нийтийн сүлжээнд тавигдсан байсан. Тэгээд устгасан байсан, дахиад гараад ирлээ л дээ. Америкт хүний эрхийн чиглэлээр сурдаг нэг эмэгтэй “Энийг зүгээр орхиж болохгүй асуудал байна” гээд хадгалаад авчихсан юм билээ. Тэгээд л фэйсбүүк дээрээ тавьсан байсан.

-Тэр эмэгтэйг та нар таних уу?

-Үгүй ээ, нийтэд цацсанаас нь хойш тэр эмэгтэйтэй миний хань чатаар холбогдсон.

-Танай охин тэр бичлэгийг хэн нэгэнтэй зөвлөж хийсэн үү? Өмгөөлөгч болон аав, ээжтэйгээ зөвлөсөн гэж ярьсан байна лээ.

-Бидэнтэй зөвлөж ярьсан юм байхгүй ээ. Тухайн үед сэтгэл санааны хувьд асар хүнд, хямралд орчихсон байсан юм билээ. Эхнэр бид хоёрт тэр хүчирхийллийн асуудлыг өмнө нь огт хэлж байгаагүй. Энэ асуудлыг сая хийсэн тэр live-аас мэдсэн. 2015 онд болсон хэрэг юм байна.

Тэр хэрэгт холбогдсон хүүхдүүд ам алдаад ярьдаг юм байна л даа. Тэгэхээр үе тэнгийнх нь охид охиныг минь шоглож доромжлоод яриад байж. Энийгээ аав, ээждээ хэлэхгүй хоёр жил гаруй хугацаанд нуугаад явж. Охин маань хичээлдээ үнэхээр сайн байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд хичээлдээ жаахан тааруу болоод. Тэгээд би охиндоо хоёулаа санамж бичиг байгуулъя гэж хүртэл хэлж байсан. Цаана нь ийм юм болоод байж гэж огт мэдээгүй. Тэр хүүхдүүдийн доромжлолыг тэсэхээ байгаад л тэр бичлэгийг хийсэн юм билээ. Бид тэр бичлэгийг олон удаа үзэж чадахгүй юм байна. Сэтгэл санаа тавгүй болоод маш хүнд туссан. Бидэнд ийм хүнд тусч байхад охинд минь ямар байсан нь ойлгомжтой шүү дээ. Муу охин минь энэ хоёр жилийн хугацаанд ямар их зовж байсан бол гэдгийг бодохоор л нулимс гараад байна.Тэр бичлэгийг анх хийсэн зорилго нь тэр хүүхдүүдийг жаахан айлгах гэсэн, уучлалт гуйлгах гэсэн гэж охин бидэнд хэлсэн. Одоо бие нь их тааруу байгаа. Эмчид үзүүлж, зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэж байгаа.

-Энэ удаан хугацаанд яагаад аав ээждээ хэлээгүй юм бол?

-Нуучихсан байж. Охин минь их зорилготой, амбицтай хүүхэд л дээ. Сурах мэдэхийн их тэмүүлэлтэй.

-Хувцас загварын шоу хийгээд байсан охин мөн биз дээ?

-Мөн мөн. Ер нь их авьяастай, зүтгэлтэй хүүхэд. Сургуулийнхаа аварга сурагч болж, англи хэл, математикийн олимпиадаас медалиуд авдаг, сурлага сайтай хүүхэд. Өчигдөр би охинтойгоо жаахан ярилаа л даа. Хүн юм чинь тэр хүүхдүүдийг надаас уучлалт гуйчих болов уу гэж бодсон гэж хэлж байна лээ.

-Охин чинь бичлэгийн үеэр маш ноцтой зүйлүүд ярьсан. Олны танил хүмүүсийн хүүхдүүд хүчирхийлэл, хар тамхи, танхайн гэмт хэрэг үйлдсэн талаар ноцтой зүйлс ярьсан.

-Би бол заримыг нь дам сонссон болов уу гэж бодож байна.

Охины хамт

-Та хуулийн байгууллагад хандсан уу?

-Хандсан. Эрүүгийн цагдаагийн газар шалгаж байгаа.

-Бичлэг анх арваннэгдүгээр сарын 30-нд цацагдахад “Сүхбаатар дүүргийн шүүх дээр ирээрэй, анхан шатны шүүх хурал болно” гэж охин тань хэлж байсан. Тэгэхээр хууль хяналтын байгууллагад энэнээс өмнө хандчихсан байжээ дээ?

-Сая тэр бичлэгийг үзсэний дараа л бид хуулийн байгууллагад хандсан. Тэрнээс өмнө мэдээгүй байсан болохоор хуулийн байгууллагад хандсан зүйл байхгүй. Охины хувьд нөгөө хүүхдүүдийг айлгах гэж тэгж хэлсэн юм билээ.

-Танай охин өөрөөсөө гадна дүүгээ бас хүчирхийлэлд өртсөн гэж хэлж байсан. Энэ үнэн үү?

-Тэр охин манай хамаатны хүүхэд. Хуулийнхан шалгаж эцсийн хариуг хэлэх байх. Төрсөн дүү нь биш. Багаасаа ойрхон өссөн. Тэр дүүтэйгээ дотно найзалдаг.

-Та хэдэн хүүхэдтэй билээ?

-Хүү, охин хоёртой. Охин маань бага нь.

-Тэр бичлэгт дурдагдсан бизнес, улс төрийн хүрээний хүмүүсийн хүүхдүүдийг таны охин таньдаг байсан уу?

-Мэдэхгүй юм даа.

-Нэг сургуульд суралцдаг юм уу?

-Ерөнхийдөө охин маань олон найз нөхөдтэй, ангийн найзууд гээд байна л даа. Орчлон, Сант сургуульд гээд сурч байсан найзууд байдаг.

-Гадаадад сурч байсан уу?

-Америкт “Нью-Йорк таймс”-ын 21 хоногийн курст шалгалт өгч тэнцээд явж байсан. Өнгөрсөн зун явчихаад ирсэн.

-Энэ хугацаанд болсон явдлыг дотроо хадгалаад л яваад байсан хэрэг үү?

-Бидэнд хэлээгүй болохоос ангийн хүүхдүүд, зарим найз нь мэдэж байсан юм байна.

-Охины тань яриа нийтэд цацагдсанаас хойш, бичлэгт нэр дурдагдсан хүмүүсийн хүүхдүүд болон ар гэр, эцэг эх нь холбогдсон уу?

-Янз янзын утас их орж ирж байгаа. Тэр болгоныг авахгүй байгаа. Таньдаг найз нөхдийнхөө дугаарыг хараад л авч байна. Тусалъя гэсэн хүмүүс бас их ярьж байна. Найз нөхөд маань санаа тавиад ярьж байна.

-Таны хувьд дараагийн алхам юу байх вэ?

-Би бол үнэн мөнийг нь тогтоотол эцсээ хүртэл явна. Үүгээр энэ нийгэмд болж байгаа олон хохирсон хүүхдийн асуудал ч сөхөгдөх байх. Аав ээж бид нар чинь хүүхдээ хичээлдээ сайн суралцаж, гэртээ харагдаж байвал цаана нь юу болж байгааг мэддэггүй юм байна шүү дээ. Миний охинд тохиолдсон зүйл нийгэмд болон олон хүнд цочрол өгч зарим хүнд өөрсдийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, охин үрийнхээ төлөө анхаарч, бас ийм гэмт хэргийн золиос болсон бол тэмцэхэд нь тус болоосой гэж бодож байна. Сайхан аав ээжийн буянд би Японд сурсан л даа. Тэнд хүний эрхийн асуудал өсвөр насны хүүхдийн эрхийн асуудал чухалд тавигддаг. Манай төр засаг ч хүчирхийллийн асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өнгөрсөн парламентад эмэгтэй гишүүд Хүчирхийлэлтэй тэмцэх хууль энэ тэр оруулж ирэхэд би их дэмжиж байсан. Зовлон хүнийг ялгах биш дээ. Өөрт ирсэн зовлонг үүрээд л гарна. Гэхдээ бусад айлын охидод ч энэ болсон явдал сургамж болооосой гэж бодох юм. Бусад айлын охидод ийм юм бүү тохиолдоосой гэж бодож байна. Цаашдаа би хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Миний охин сэтгэлдээ хар толботой болсон. Хоёр жил үүнийгээ сэтгэлдээ тээж зовж явж. Ийм юм бүү давтагдаасай гэж дахин, дахин хэлмээр байна.

-Танай охины нүүр номондоо оруулсан постыг өчигдөр нийтийн сүлжээнд тавьсан байна лээ. “Аав минь намайг зодож, цагдаад хандахад цагдаа аавын талд орж намайг буруутгасан, гэсэн утгатай. Ийм юм болсон юм уу?

-Энэ явдал охин минь бичлэг хийхээс өмнө болсон юм. Нэг удаа оройтоод ороод ирэхээр нь өөрийнх нь ноосон өмдөөр ороолгоод авсан. “Чи аав, ээжийгээ зовоогоод байж болохгүй. Дараа ингэвэл өмдний тэлээгээр ороолгоно шүү” гэж хэлсэн.

-Тэгэхээр тэр постыг танай охин өөрөө бичсэн байх нь ээ?

-Өөрөө л тэр тухай бичиж дээ гэж би ойлгосон. Орчин үеийн хүүхдүүд чинь загнаж зэмлэхээр эсэргүүцэж цагдаа дуудчихаж байна. Цагдаа ирээд “Оройтсон нь чиний буруу” гэж хэлээд явчихсан. Ийм л юм болсон. Тэгсэн чинь охин өглөө уцаарлаад л байсан.

-Танай охин тэр бичлэгтээ сурдаг сургуулиа хэд хэдэн янзаар хэлсэн байх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-СЭЗДС-д шалгалт өгөөд тэнцээд орсон. Нэгдүгээр курсын оюутан л даа. “Google-ын Япон дахь салбарт тест өгөөд цалинтай ажиллах хариу ирсэн” гээд надад үзүүлж л байсан.

-Англид сурч байсан юм уу?

-Зуны амралтаар Англид хэлийг нь сайжруулах гэж явуулж байсан.

-Танай намын найз нөхөд, олны танил хүмүүсийн хүүхдийн нэрс ч охины тань бичлэгт байсан. Тэд танд болон охинд чинь өргөдөл гомдлоо татаж аваач, нам, найз нөхдөө бодооч гээд ярих вий дээ…

-Хэрэг үйлдсэн хүмүүс өөрийгөө буруутай гэж хэлэх нь ховор юм шиг байна шүү дээ. Хэрэгт холбогдсон хүмүүс миний охины үеийн л хүүхдүүд байна лээ. Гэвч хэний ч хүүхэд бай ийм хэрэг хийлээ гээд өрөвдөж өөгшүүлж болохгүй. Би үнэн мөнийг нь олно л гэж хэлнэ. Хүчирхийллийн хэрэг. Тодорхой баримтууд байгаа. Тэднийг би уучлалт гуйгаасай гэж хүсч байна.

-Гэмт хэрэг үйлдсэн хүмүүс тэр бүр буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Уучлалт гуйлаа гээд та уучлахгүй биз дээ.

-Хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой.

-Өмнө нь устгачихсан бичлэг дахин цацагдсаныг хүмүүс Хурцыг томилох асуудлыг Их хурлаар хэлэлцэж байгааг шуугиулахгүй, анхаарлыг өөр тийш хандуулсан оролдлого гэж хардаад байсан…

-Тэрийг бол мэдэхгүй. Нэг талд нь томилохоор хэлэлцээд ч байх шиг, нөгөө талд нь сонсгол болоод ч байх шиг. Ямар ч байсан тэр үеэр охины минь асуудал зэрэгцээ явчихлаа. Цаг хугацаа тэгж таарсан болов уу даа,

-Охины тань уух юманд мансуурах төрлийн бодис хийсэн гээд байсан…

-Тэрийг нь сайн мэдэхгүй байна. Анх энийг сонсоод үнэхээр шоконд орсон. Сая охины бие тааруу сэтгэл нь их хямарсан учраас охиндоо л их анхаарал хандууллаа.

-Бичлэг нэлээд олон сайтаар явж байснаа устчихсан. Та нар хандаад устгуулчихав уу, эсвэл хэрэгт холбогдсон хүүхдүүдийн эцэг эх устгуулчихав уу?

-Бидний зүгээс бичлэгийг устгуулахаар хэнд ч хандаагүй. Гэхдээ тэрийг хараад байх нь сэтгэлд зүйд үнэхээр хэцүү байна.

-“Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа. Иймд та бүхнийг хүлээцтэй хандаасай гэж хүсч байна” гэж та жиргэсэн.

-Тэсэхэээ байгаад ямар нэг үг хэлье гээд л жиргэсэн. Охин минь, манай гэр бүл сүүлийн үед асар хүнд өдрүүдийг өнгөрүүлж байна даа. Их хэцүү байна. Гэхдээ тэсч гарна даа.

-Үйл явдал хоёр жилийн өмнө болсон болохоор хэргийг илрүүлэхэд хүндрэлтэй байх болов уу. Хэрэг хийсэн хүмүүс гэмгүй өнгөрөх боломж болчих вий….

-Баримт, гэрч байгаа. Үнэн мөнийг тогтоохын төлөө би эцсээ хүртэл явна. Олон хүнд ийм юм бүү тохиолдоосой. Ийм байдалд орсон хүмүүс байгаа бол сэрэмжлүүлэг болоосой. Охид, эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийллийн асуудал, хүний эрхийн асуудалд үлдсэн насаа зориулна гэж би бодож байна.

-Архи дарс уухыг та бүхэн зөвшөөрсөн юм уу. Таны охин тэгж ярьсан байна лээ?

-Юу гэж тийм юм байхав. Алкоголгүй вино уухыг ээж нь зөвшөөрсөн гэсэн.

-Танд өөр хэлж ярих зүйл байна уу?

-Миний охиныг, манай гэр бүлийг сэтгэл санаагаар дэмжиж, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиалд дэмжин хамгаалж байгаа шударга ёсны төлөө тэмцэгч, сайхан сэтгэлт элэг нэгт монгол хүмүүс, олон сайхан найз нөхөд, байгууллага, хүний эрхийн чиглэлийн болон бусад ТББ-ууд, төрийн холбогдох хууль хяналтын байгууллагын ажилтнууд та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлэх байна.

Харин нэг зүйлд анхаарах хэрэгтэй байна.Тэр нь fa¬cebook энэ тэр дээр ямар ч хамааралгүй хүмүүсийн зургийг манай гэр бүлийн зурагтай хамт оруулж постлох явдал гарч байна. Үүнд ухаант хүмүүс минь анхаарч холбоогүй, хамааралгүй хүмүүсийг хохироохгүй байхыг олон түмэнд анхааруулах байна.

Categories
мэдээ цаг-үе

Ардчилсан холбооны өвгөчүүдэд “Хонх”-ны дуу нь хоол, нойрыг нь орлодог байсан цаг өнгөрчээ

Монголын Ардчилсан холбооны 28 жилийн ой болж өнгөрлөө. Ойд зориулж даруухан хурал, бөх барилдсанаас өөр ч юм болсонгүй. Мөн Ардчилсан холбооны анхдагчдад тусламж олгох тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэх шиг боллоо. Ингэсгээд л баяр дуусах нь тэр. Баяраа тэмдэглэж байгаа гэх буурал толгойтой хөгшид бузгай халамцуухан явахтай харин таарлаа. Монголын Ардчилсан холбоогоор овоглосон энэ хүмүүс цагтаа “Хонх”-ны дуугаа сонсоод хоол, нойргүй тэмцэж явсан үе бий. Харин одоо тэр цаг өнгөрчээ. Гучин настай залуус гучин жил гудамжинд тэмцсэн. Одоо тэд 60 гарсан өвгөчүүд болжээ.

Ардчилсан холбооны ойн үеэр Л.Эрхэмбаяр, Л.Эрдэнэчимэг нар тэргүүн эгнээнд нь сууж, үг хэлж харагдсан. Л.Эрхэмбаярын хэлсэн үгнээс харахад Монголын ардчилсан холбооныхон уул уурхайн баялгийг хувьдаа идсэн баячууд, оффшорчдын эсрэг ирэх хавраас тэмцэх бололтой. Өмнөх өдөр нь Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг зөвлөгөөн дээр “Ард түмэн ирэх хавар босч ирвэл яах билээ” гэсэн утгатай үг хэлсэн. Түүний үгийн үргэлжлэлийг Л.Эрхэмбаяр гүйцээж хэлэв бололтой. Энэ бүхнээс харахад ирэх хавар Ардчилсан холбооны өвгөчүүд, Г.Баасан авгай тэргүүтнүүд жагсаал цуглаан зохион байгуулж, гудамжинд бужигнуулах гэж буй бололтой. Өөрсдийнх нь төлөвлөж байгаагаар тэр шүү.

Өнгөрсөн 30 жил, хаврын хаварт энэ хэдэн өвгөчүүд л тэмцэж, жагсаж, үгээ хэлж байна. Тэдний залгамж халаа ч гэж бий болсонгүй бололтой. Тэднийг гудамжинд тэмцэл хийж байсан өнгөрсөн жилүүдэд харин нийгэмд шинэ үе, шинэ давхарга бий болжээ. Шинэ хөрөнгөтнүүд, элитүүдийн давхарга, шинэ цагийнхан үүсч бүрэлджээ. Ер нь капитализм бий болсон юм. Монголчууд хөрөнгөжиж, баяжиж, хувийн өмчтэй болохын ач холбогдол, амт шимтийг мэдэрдэг болсон. Ганц хар хавтас сугавчлаад гарсан Ж.Батмөнх гуайн үеэс цаг өөр болжээ. Тэр эрхэм ч одоо байхгүй. Монголын Ардчилсан холбоог удирдаж байгаа “Монос”-ын Л.Эрдэнэчимэгээс эхлээд бүгд л хөрөнгө бэлтэй болсон. Ийм үед МоАХ-ны өвгөчүүд ямар тэмцэл өрнүүлэх гээд байгааг тоймлож үзье.

Манай нийгэмд бие биенээ эсэргүүцэж, нэг нь нөгөөгөө үгүйсгэж байнга жагсаж буруутгаж байдаг хоёр хэсэг байдаг. Өмч хувьчлалаас баяжсан эсвэл уул уурхайгаас баяжсан баячууд нэг нэгнийхээ эсрэг байнга тэмцэж байдаг. Энэ хоёр бүлгийн хоорондын тэмцэл л улстөрд ч, гудамжинд ч байнга өрнөж, өнөө хэдэн тэмцэгчдээ татан оруулж байдаг. Өмч хувьчлалаас төрсөн баячууд уул уурхайнхныг буруутгахдаа “Монголд бурхнаас заяасан байгалийн баялгийг ард түмэн тэгш эзэмших ёстой. Уул уурхайг хэдхэн хүн эзэмшиж, Монголын баялгийг хэдхэн айл эзэмшиж байгаа нь буруу” гэдэг. Харин өмч хувьчлалаас төрсөн хөрөнгөтнүүдийг “Монголын ард түмний 60, 70 жилийн турш бүтээсэн баялгийг ягаан цаас хэвлэж тараагаад хэдхэн хүн эзэмших ёсгүй” хэмээн буруутгадаг.

Нээрэн ч энэ үүднээс нь аваад үзвэл өнгөрсөн 70 жил ард түмний оролцоотой бүтээсэн хөрөнгөнөөс ард түмэн бүгд хувь эзэмших нь илүү шударга мэт. Уул уурхай бол яахав ухвал баялаг, ухахгүй бол шороо л байдаг. За энэ ч яахав. Гол нь Ардчилсан холбооны өвгөчүүд 30 жил ингэж тэмцээд юу ч үгүй хоосон хоцорчээ. Байр сууц, эд хөрөнгө ч үгүй, бөөвийсөн хэдэн өвгөчүүд “Бид ардчиллыг бий болгосон” гэх ярианаас өөр юу ч үгүй үлдсэн нь үнэн. Сүүлдээ хөрөнгөтэй хүмүүсийн гар хөл болж, тэдний төлөө тэмцдэг боллоо. Тиймээс энэ хэдэн өвгөчүүдээ амьдралын баталгаатай болгохын тулд Ардчиллын сан гэж байгуулмаар байна. Ардчиллын буянаар хөрөнгөжсөн үндэсний том хөрөнгөтнүүдээс эхлээд өөрийгөө ардчиллын үр шимээр өдий зэрэгтэй яваа гэж үздэг хүн бүхэн энэ санд хандив тусламж өгөх хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гурваас бусад бүхий л бизнесийнхэн, ганзагын наймаачид, үйлчилгээний байгууллагынхан, төрийн өмчит том компаниуд бүгд хэр хэмжээгээрээ хандив өргөвөл энэ сан төдий чинээгээр хүчирхэг болно. Хоёр баяны төлөө хоолойгоо сөөтөл бахирч байхаар ийм сан байгуулахын төлөө тэмц ээ, ардчиллын партизануудаа. Үүнээсээ хэдэн партизан өвгөчүүдээ тэтгэж дэмж. Нэгэн цагт төв талбайг дүүртэл жагсаал зохион байгуулж, өлсгөлөн зарлаж, нийгмийн сэтгэлзүйг нийтээр нь эргүүлж явсан та нараас хэд нь одоо амьд мэнд байна вэ. Тоожийсон пальтотой, буурал толгойтой та нарыг жагсахад хэн дэмжиж ирэх билээ. Хэдэн залуус үймүүлэх гэж л та нарыг зорино биз. Та нарын “Хонх”-ны дуугаа дуулж, хоол нойргүй тэмцэж явсан үе өнгөрсөн. Санаа байвч бие тань дийлэхээ больсон. Одоо өөрсдийнхөө төлөө, өөрсдийгөө тэтгэж дэмжих Ардчиллын сан байгуулахын төлөө тэмцэх цаг чинь болжээ.

О.ТУЯА