Categories
мэдээ нийгэм

АТГ 194 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт хийжээ

Image result for АТГ

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 12 дугаар сарын 1-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 41 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 65 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 21 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд эрүүгийн 7 хэрэг хүлээн авсан бөгөөд 19 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 194 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 эрүүгийн хэргийг хаах, 4 эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор 170 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулахыг ерөнхийлөгчөөс хүслээ

Зураг “Ахмад уурхайчдын холбоо” ТББ-аас Ховд аймгийн Цэцэг, Дарви сумын нутаг дэвсгэрт байрлах Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулахыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүслээ.

Энэ талаар өнөөдөр “Ахмад уурхайчдын холбоо” ТББ-ын удирдлагууд мэдээлэл хийв. Тус ордыг стратегийн ордод оруулах асуудлыг судлахаар 2012 онд Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн О.Эрдэнэ нарын ажлын хэсэг газар дээр нь ажиллажээ. Тухайн ордод олборлолт явуулж буй “Мо Эн Ко” компани 311 км хатуу хучилттай автозам шинээр тавьсан байсан тул хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үүднээс стратегийн ордын жагсаалтад оруулахаас татгалзсан гэдгийг тус “Ахмад уурхайчдын холбоо”-ны Удирдах зөвлөлийн дарга Д.Цэдэнбал дурьдлаа.

Тус уурхайн нүүрсний нөөцийг эцсийн байдлаар тогтоогоогүй бөгөөд 1980 онд хийсэн судалгаагаар 23 сая тонн нөөцтэй хэмээн үзэж байсан юм. Харин “Мо Эн Ко” компани үйл ажиллагаа явуулж эхлэхдээ уурхайн нөөцийг 30 сая тонн хэмээн шинэчлэн тогтоожээ. “Мо Эн Ко” компани олборлолт явуулахдаа орон нутгийн ИТХ-тай гэрээ байгуулж, “Хөшөөт сан”-д тодорхой хэмжээний мөнгө төвлөрүүлж байхаар тохирчээ. Тохиролцооны дагуу тус компани “Хөшөөт сан”-д жилд дунжаар 1.4 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой ч өнгөрсөн 10 жилд ердөө 500 сая төгрөг төвлөрүүлснийг “Ахмад уурхайчдын холбоо” ТББ-ийн тэргүүн Н.Бүргэд шүүмжлэв.

Тэрбээр, ““Мо Эн Ко” компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас гадна байгаль орчинд ихээхэн хохирол учруулж байгаа юм. Тиймээс Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулахыг Ерөнхийлөгчөөс хүсч байна” гэлээ.

Categories
мэдээ спорт

Үндэсний шигшээ багийн тамирчид 2017 онд медалийн чанар, тоогоор дээд амжилт тогтоов

Улиран одож буй 2017 он спортын салбарын хамт олны хувьд түүхэнд анхдагч болж бичигдэх олон, олон амжилт, ялалт авчирсан онцгой жил гэдгээрээ онцлогтой байв.

Биеийн тамир спортын газар /БТСГ/ 19 спортын төрөлд шигшээ багийн бүрэлдэхүүнтэй бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж, дэлхий, тив, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцжээ. Үүний үр дүнд энэ жил шигшээ багийн тамирчид зөвхөн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс дөрвөн алт, хоёр мөнгө, долоон хүрэл нийт 14 медаль хүртсэн хосгүй амжилт үзүүллээ. Харин өмнө нь жилдээ ДАШТ-ээс найман медаль хүртэж байсан нь дээд амжилтад тооцогдож байсан юм.

Мөн дэлхийн залуучуудын АШТ-ээс хоёр алт, таван мөнгөн медаль хүртсэн бол Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн сайхан амжилтыг үзүүлсэн байна. Үүний зэрэгцээ Оюутны универсиад наадмаас нэг алт, нэг хүрэл медаль хүртэж, Азийн танхимын наадмаас нэг алт, нэг хүрэл медаль, Ази тивийн АШТ-ээс найман алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн байна. Их дуулгаас алт, мөнгө, хүрэл медалийг тус бүр дөрвийг хүртэж, Гран при тэмцээнээс зургаан алт, таван мөнгө, 11 хүрэл медаль эх орондоо авчирсан амжилтаар 2017 оныг үдэж байна.

БТСГ-ын Үндэсний шигшээ 2017 онд олон улс, тив дэлхийн чанартай тэмцээн уралдаан бэлтгэл цугларалт, сургалт дасгалжуулалт, эмнэлэг хяналтын төлөвлөгөөний дагуу тогтмол оролцож, өвөл зуны спортод нийт 358 дасгалжуулагч, тамирчин хамрагдаж байна.

Үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын чанартай 66 тэмцээн уралдаанд оролцож, дотоодын 43 бэлтгэл цугларалт, гурван удаагийн хамтарсан бэлтгэлд хамрагдаж 35 алт, 29 мөнгө, 57 хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, жүдо бөх 12 алт, 12 мөнгө, 27 хүрэл, чөлөөт бөх таван алт, таван мөнгө, 16 хүрэл, хүндийн өргөлт зургаан алт, таван мөнгө, хоёр хүрэл, пара пауэрлифтинг хоёр алт, нэг мөнгө, бокс нэг алт, хоёр мөнгө, зургаан хүрэл, таеквондо хоёр мөнгө, гурван хүрэл, хөнгөн атлетик гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл, пара таеквондо дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. Энэ гаргасан амжилтууд нь ирэх жилүүдэд ч дурсагдаж, энэ цаг үеийн шилдэг тамирчдаар бахархах нь тодорхой.

Монголын спортын төрлүүдээс 2017 онд жүдочид түүхэндээ байгаагүй олон медалийг ДАШТ-ээс нэг дор хүртсэн юм. Мөн ОУХМ М.Анхцэцэг хүндийг өргөлтийн спортын төрөлд ДАШТ-ий анхны медалийг эх орондоо авчирлаа. Мөн 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчид Ази тивийн АШТ-д түрүүлсэн, Б.Ачбадрах цанын “Б” зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл, пара таеквондогийн тамирчин Х.Энхтуяа ДАШТ-ээс алтан медаль эзэн /Монголын пара спортын түүхэнд анхны эмэгтэй дэлхийн аварга/ болсон зэрэг бахдам амжилтууд нь Монголдоо анхдагч болж байна.

“Улиран одож буй 2017 онд дээр дурдсан амжилтуудыг гаргасны зэрэгцээ олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаярт Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнасан нь спортын салбараас хүртсэн анхны хүн болсон юм. Мөн үндэсний шигшээ багаас С.Батцэцэг, Д.Сумъяа нарm Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн бол П.Орхон, Б.Мөнгөнчимэг, Г.Одбаяр, Д.Отгонцэцэг нар гавьяат тамирчин хэмээх эрхэм цолны эзэд боллоо” хэмээн БТСГ-аас онцолж байна.

Categories
мэдээ улс-төр

Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжив

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.19) хуралдаан 12 цаг 20 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн. Иймд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгээс Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.7 дахь хэсгийг үндэслэн Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Уг төслийн нэрний “итгэмжлэл” гэсэн нэр томъёог Иргэний хуулийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбогдсон “итгэмжлэл”-ээс ялган “тохирлын үнэлгээний итгэмжлэл” болгож өөрчлөхтэй холбогдуулан бусад хуульд уг хуулийн нэрийг эшлэл авсан заалтуудыг өөрчлөхөөр тусгажээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Мөнхцэцэг нар санал хэлсэн. Гишүүдийн хувьд хэлэлцэж байгаа асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн сацуу хүнс, хөдөө, аж ахуйн салбарт хэрэгжүүлж ирсэн ажлын үр дүн, цаашид баримтлах бодлого, авах арга хэмжээний талаар Байнгын хорооны гишүүдэд танилцуулах, өвөлжилтийн нөхцөл байдал, 40 тэрбум төгрөгийн өвс, тэжээлийг малчдад хэдийнээс, хэрхэн түгээх гэж байгаа талаар мэдээлэл хийхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт онцгойлон анхааруулж байлаа.

Ингээд Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Түүнчлэн Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь тус тус дэмжсэн.

Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Categories
мэдээ улс-төр

“Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах онол, практикийн асуудлууд” хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хамтран өнөөдөр (2017.12.19) “Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах онол, практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар уг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Засгийн газраас Налайхын нүүрсний уурхайн ашиглалтын асуудлыг хэрхэн зохицуулах асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулахаар шийдвэрлэсэн.

Уурхайд хууль бусаар олборлолт хийж байгаа учраас осол эндэгдэл их гарч байна. Өнгөрсөн хугацаанд 250 гаруй хүн амь насаа алдсан, 750 гаруй хүн бэртэж гэмтсэн судалгаа байна. Одоогоор 1500 орчим хүн хууль бусаар нүүрс олборлож байгаа гэдэг ч аюулгүй байдлын анхан шатны шаардлага хангахгүй орчин, нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг.

Зөвлөлдөх санал асуулга явуулснаар цаашид Налайхын нүүрсний уурхайг ямар байдлаар ашиглах талаар шийдвэрлэх боломж бүрдэнэ” гэв.

Дараа нь “Зөвлөлдөх ардчилал ба зөвлөлдөх санал асуулга” сэдвээр АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчилал төвийн захирал Жеймс Фишкин мэдээлэл өглөө.

Үүний дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал, асуулга явуулсантай холбогдуулж анхдугаар Зөвлөлдөх санал асуулга, түүний үр дүн, сургамж сэдвээр Үндсэн хууль судлаач Д.Ламжав мэдээлэл өгөв.

Түүнчлэн холбогдох байгууллагуудын төлөөлөл Зөвлөлдөх санал асуулга явуулахтай холбоотой мэдээллийг хүргэсэн.

Төгсгөлд нь Зөвлөлдөх санал асуулгын аргачлалыг ашиглан цаашид зөвлөлдөн шийдвэрлэх асуудлаар асуулт, хариулт оролцогчдын дунд өрнөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ улс-төр

Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр 3 сая ам.долларын төсөл хэрэгжинэ

ЗурагАзийн хөгжлийн банкны дэргэдэх Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжих хүнсний ногооны тариалалт, үйлдвэрлэлийн үнэ цэнийн сүлжээг бий болгох замаар тариалан эрхлэгчдийн амьжиргааг дээшлүүлэх 3 сая ам.долларын төсөл Монгол Улсад хэрэгжинэ.

Монгол Улсын Сангийн яаманд Япон улсын Засгийн газраас санхүүжүүлдэг Азийн хөгжлийн банкны дэргэдэх Ядуурлыг бууруулах Япон сангийн хөрөнгөөр хэрэгжих “Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих замаар амьжиргааг дээшлүүлэх төсөл”-ийн гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн гарын үзэг зурж, уг арга хэмжээнд Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Хироши Фүкасава оролцов. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар уг төслөөс эхлэн өнөөг хүртэл Азийн хөгжлийн банкаар дамжуулан дэмжлэг үзүүлж ирсэн Япон улсын Засгийн газар болон Японы ард түмэнд талархлаа илэрхийллээ.

Тус төслөөр Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон хүнсний ногоо тариалах техник, технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ тариалалтаас зах зээлд нэвтрэх хүртэлх бараа бүтээгдэхүүний тогтолцоог бүрдүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон нэмүү өртгийг нэмэгдүүлж, тухайн бүс нутгийн тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх зорилттой юм.

Төслийн танилцуулга

Төслийн нэр: Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих замаар амьжиргааг дээшлүүлэх төсөл
Төсөл хэрэгжүүлэгч байгууллага: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Төслийн өртөг: 3 сая ам.доллар
Төслийн агуулга: Тус төсөл 4 газар (Төв аймгийн Борнуур сум, Дархан-Уул аймгийн Орхон сум, Увс аймгийн Улаангом, Сэлэнгэ аймгийн Ерөө сум)-т хэрэгжих бөгөөд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон хүнсний ногоо тариалахын зэрэгцээ тариалтаас зах зээлд нэвтрэх хүртэлх бараа бүтээгдэхүүний тогтолцоог бүрдүүлж, үнэ цэнийн сүлжээг бий болгож, үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийг нэмэгдүүлж, улмаар тухайн бүс нутгийн газар тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлнэ гэдэгт найдаж байна.

Ядуурлыг бууруулах Япон сангийн талаар (JFPR: Japan Fund for Poverty Reduction )

Ядуурлыг бууруулах Япон сан нь Азийн хөгжлийн банкны холбоонд багтах хөгжиж буй орон, ялангуяа ядуурал тулгамдсан асуудал болж буй улсад урт хугацаанд нийгэм, эдийн засгийн хөгжлийг бэхжүүлэхэд дэмжлэх үзүүлэх зорилгоор 2000 оны 5 сард Япон улсын Засгийн газрын хөрөнгөөр Азийн хөгжлийн банкны харъяанд байгуулагдсан сан юм. 2002 онд тус сангийн анхны төсөл Монгол Улсад хэрэгжиж эхэлж, түүнээс хойш нийгмийн халамж, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн. Өнөөг хүртэл нийт 50 гаруй төсөлд 80 сая ам.долларын дэмжлэг үзүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Дүрслэх урлагийн оны шилдэг бүтээлийг танилцууллаа

Засгийн газрын 2006 оны 115-р тогтоолоор батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу 2017 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулсан.

Шалгаруулалтанд 98 уран бүтээлчийн 131 дэсийн 180 ширхэг 369 иж бүрдэл бүхий уран бүтээл ирснээс:

1. Н.Батбаярын “Дайчин” уран баримлын бүтээл

2. Н.Сүхбүрэнгийн “Хязгааргүйн алсад” керамик бүтээл

3. Д.Цолмонгийн “Дэлгэр нутаг” уран зураг

4. Б.Номингийн “9162631 Hz” монгол зураг

5. О.Энхтайваны “Булан” уран зургийн бүтээлүүдийг улсын санд худалдан авах шийдвэр гарсан.

Уралдаанд ирсэн бүтээлүүдээс мэргэжлийн зөвлөлийн гишүүдээс өндөр үнэлгээ авсан 60 гаруй уран бүтээлийн каталоги хэвлэгдсэнтэй танилцана уу.

Categories
мэдээ нийгэм

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөөг 11000 иргэн авчээ

Жил бүр Нийслэлийн хуульчдын дунд тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулдаг хуульчдын зөвлөгөөнийг энэ удаад “Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд төрийн байгууллагын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгууллаа.

Иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг, мэдээлэл авах нөхцөл боломж хангалтгүйгээс гэмт хэрэг, зөрчилд холбогдох, нэр төр, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх явдал хангалтгүй байгааг сүүлийн жилүүдэд хийсэн судалгааны дүнгээс харагддаг. Иймээс иргэдийнхээ эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд төр засгийн нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаа бол Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд” хөтөлбөрийн төслийг эцэслэн боловсруулж энэ ондоо багтаан батлуулахаар НИТХ-д өргөн бариад байгаа билээ.

Нийслэлийн Засаг дарга 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан ажлынхаа хүрээнд иргэд олон нийтэд хандсан олон арван ажлыг амжилттай хэрэгжүүлээд байна.

Тухайлбал Нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль түүнийг дагалдан гарах 19 хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраар уламжлуулан УИХ-д өргөн барисан. Мөн сар бүрийн 20-ны өдрүүдэд Нийслэлийн давж заалдах шатны шүүх, Монголын Өмгөөлөгчдийн холбоо зэрэг холбогдох хуулийн байгууллагуудтай хамтран иргэддээ хууль, эрх зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулж, давхардсан тоогоор 11000 гаруй иргэнд хүрч ажиллаа.

Цаашид Нийслэлийн зүгээс иргэдийнхээ эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, төр засгаас гаргаж буй аливаа шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд төрийн байгуулагын аль үйлчилгээ, чиг үүрэг хүндрэл учруулж байгаа, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар энэ удаагийн зөвлөгөөнд оролцогчид санал бодлоо илэрхийлэн оролцлоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дүүргийн эрүүлд мэндийн төвийн удирдлагуудтай уулзлаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын санаачлагаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн дарга, дүүргийн Засаг даргын Эүүл мэнд, нийгмийн асуудал хариуцсан орлогч нартай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Өнөөдрийн уулзалтаар томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхээр хийсэн болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, санал солилцсон юм. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа томоохон ажлууд, ирэх жилүүдэд хийгдэхээр төлөвлөсөн ажлуудын талаар ярилцлаа.

Өнгөрсөн зургаадугаар сард нийслэлийн Засаг дарга захирамж гаргасны дагуу томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авах арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Тус төлөвлөгөөний дагуу бүх дүүргүүд бэлтгэлээ хангасан байна. Тухайлбал нийслэлээс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж, ор бэлтгэх, агааржуулах систем, засвар үйлчилгээ гэх мэт олон зүйлс багтаж байгаа юм.

“Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар томуу, томуу төст өвчний дэгдэлтийн шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Гэхдээ өргөн цар хүрээтэй дэгдсэн асуудал байхгүй, харьцангуй гайгүй байна. Одоогоор эмнэлгийн ачаалал ихэсэх хандлагатай байна. Цаашдаа өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг сайжруулна. Түүгээр дамжуулж эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх, утсаар зөвлөх зэрэг ажлыг нэлээд эрчимжүүлж байгаа. Бүх дүүргийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж, үзлэг хийж, зөвлөгөө өгч байна. Бид өмнөх жилүүдээс харьцангуй сайн бэлтгэлтэй байгаа” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.

Мөн “Нийслэлийн эрүүл мэндийн салбарын ирээдүй нэлээд эерэгээр төсөөлөгдөж байгаа. Учир нь Улаанбаатар хотод үндэсний оношлогоонгы төв 2019 онд ашиглалтанд орно. Мөн Анагаах ухааны их сургуулийн сургалтын эмнэлэг ажшиглалтанд орно. Энэ хоёр бол үндэсний хэмжээний оношлогооны чадавхийг одоогийн байгаагаас өөр түвшинд хүргэнэ. Мөн Сонгинохайрхан дүүрэгт дэлхийн жишигт нийцсэн 250 мянган хүн амд үйлчлэх чадалтай нэгдсэн эмнэлэг ашиглалтанд орно” гэдгийг онцолж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Япон улсын Элчин сайдын яам энэ сарын 29-нөөс амарна

japan

Япон Улсын Элчин сайдын яам энэ сарын 29-нөөс ирэх сарын 03-нд шинэ жилийн баярыг тохиолдуулан амрахаар болжээ. Үүнтэй холбогдуулан тус улсад зорчих визийн мэдүүлгийг энэ сарын 25-ныг хүртэл хүлээн авч, 26-28-нд хариуг өгөхийг тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэдэд Элчин сайдын яамнаас анхааруулав. Энэхүү шийдвэртэй холбогдуулан энэ сарын 25, ирэх сарын 04-нд Элчин сайдын яамны Консулын хэлтсийн ачаалал нэмэгдэх магадлалтай тул иргэдийг цагаа төлөвлөхийг санууллаа. Энэ баасан гаригийг хүртэл ердийн хувиараар ажиллах бөгөөд ирэх даваа гаригт 2017 оны визний мэдүүлэг хүлээн авах сүүлийн өдөр аж.