“Nirunfilm” студийн продюссер, найруулагч Р.Батсайхантай ярилцлаа.
-“Hero” интертайнментийн Б.Баатар, та гээд ид хийж бүтээж яваа туршлагатай бол туршлагатай, ур чадвартай бол чадвартай найруулагчдыг хараад байхад улс төртэй их орооцолдох юм?
-(Инээв.)
-Улс төр, сонгуульд аливаа уран бүтээлчид хутгалдчихаар хувь үнэлэмж нь буурчихдаг юм шиг анзаарагддаг?
-Надад улс төртэй айхавтар хутгалдаж яваа юм алга л даа. Ер нь бол ийм нэг зовлон Монголд ажиглагдаад байгаа юм. Киноны хувьд Монголын зах зээл бага байхгүй юу. Солонгосын киночидтой уулзахад “Манайх 50-хан сая хүн амтай. Бид ерөөсөө ашиг олдоггүй юм” гэж байсан. Оросууд 130 сая хүн амтай. Оросууд бас “Хэцүү байна” гэдэг. Тэгэхээр Монголд киногоор амьдраад явна гэдэг бодит байдал дээр хүнд. Асар их сэтгэл, асар их дураар явж байдаг юм. Урлаг чинь нэг талдаа асар их дур хүслээр явна л даа. Тийм л юм. Улс төр рүү найруулагчид ороод байгаа юм үгүй. Б.Баатарын “Монгол тулгатны 100 эрхэм”, “Зуун чухал сэдэв” гэдэг нэвтрүүлгүүдийнх нь сэдэв нь улс төртэй холбогдоод байгаа болохоор тэгж харагдаад байгаа болов уу. Мань хүн өөрөө учиргүй намд элсээд улс төр хийгээд яваад байгаа юм харагдахгүй байна. Захиалгаар ажил хийх тиймэрхүү зүйл байхаас шууд улс төр рүү ороогүй. Шалтгаан нь их энгийн. Зах зээл нь жаахан. Ингэж хэлдэг юм билээ. Тухайн газар нутаг дээр амьдарч байгаа хүмүүсийн ядаж зургаан хувь нь ямар нэг кино үзвэл тэр киног хийсэн хүмүүс алдагдалгүй ажиллалаа гэж үздэг.
-Тэгэхээр чинь Улаанбаатарт…?
-Тааруухан шүү дээ. Та бод л доо. Улаанбаатар 1.3 сая хүн амтай. Нэг киног 100-гаад мянган хүн үзнэ гэж бараг байхгүй.
-Үзэхгүй юу?
-Онцгой ховор. Ихэнхийг нь харахад өр зээл тавиад л. Хараад байхад тэгэсхийгээд л кино хийхээ больцгоогоод л байна. Яагаад гэвэл цаана нь эдийн засгийн утга учир байна шүү. Байнга алдагдал, өрөнд ороод цуврал гинжин хэлхээнд орж болохгүй. Бүгд дэс дарааллаад л ашиг олоод байгаа юм байхгүй. Тэгэх нь тооны хувьд боломжгүй. Эдийн засгийн хувьд ч тэр.
-Одоогоос 5-7 жилийн өмнө киночдоос “Монголын кино сэргэж байна” гэх үгийг их сонсдог байлаа. Кино театрууд үүдээ дэлгэж, кинонууд ар араасаа нээлтээ хийж байлаа, тэгэхэд?
-Тийм өөдрөг хандлага байж болно л доо. Сэргээд ч байгаа юм шиг. Бодитоор бол хэцүү шүү дээ. Сэргэж байна гэдэгт би юуг ойлгох юм. Тоог ойлгох юм уу, орлогын хэмжээг нь ойлгох юм уу. Техник технологийн хувьд мэдээж хөгжлөө дагаад сайжирчихаж байгаа юм. Сүүлийн үед өндөр чанарын камер гарчихсан. Тийм утгаараа өнгө зүс, хэлбэрийн хувьд сайжирчихсан юм шиг харагдаж болно. Тэр бол юу ч биш. Кинонд тэр сонин биш. Агуулга, борлогдох чадвар чухал.
Жишээ нь, Канадын цаатнууд дээр үеийн DV камераар кино хийчихсэн байгаа юм. Чанарын үзүүлэлт нь бага 720х5х76. Одоо бол 2к, 4к. Одоогийнхоос чанараар дөрөв дахин бага тийм камераар хийсэн кино. Тэр киног 300 мянган доллараар хийгээд 16 сая доллар олчихсон байдаг юм. Та бүхэн тэр киног харвал “Ээ ийм кино байдаг юм уу” гэнэ дээ. Гэрийн бичлэг шиг л юм байгаа. 300 мянгаар хийгээд 16 саяыг олно гэхээр тэнд нэг юм байсан байна аа даа, тийм ээ. Манайхан чинь хөөрхий аминдаа үзсэн киногоо дуурайгаад сайн хийх гэж оролдоод л. Тэглээ гээд агуулга нь борлогдохгүй байгаа байхгүй юу. Контент нь борлогдохгүй, тоогдохгүй байна. Америкчуудыг л сайн дуурайсан байна. Өөр юу гэдэг юм. Ийм болчихоод байгаа юм. Тэр утгаараа сэргэсэн гэдэг нь ямар өнцгөөс харснаасаа хамааралтай.
-Тухайн үед олон кино нээлтээ хийсэн дээ?
-2011-2013 оны хооронд Монгол Улс чинь өөрөө орлого олоод галзуурлаа л даа. Тэр үеийн нөлөө байж болох юм.
-Киног тухайн цаг үеийн тусгал гэж ойлгож болно, тийм ээ?
-Тийм.
-Дээр үеийн кино гоё. 1990 оноос өмнөх кинонууд л гоё гээд байдаг нь ямар учиртай юм?
-Тэр чинь догма л даа.
-Догма?
-Хоосон ойлголт. Худал, бэлэн ойлголт. Хэд хэдэн хүчин зүйл байгаа юм, тэр үеийн кино сайн байжээ гэх. Гэтэл бодитоор бол хэцүү. Жишээ нь, зохиол, агуулгыг нь аваад үзвэл марзан тал руугаа шүү дээ. Энгийн логикгүй.
-Жишээ нь ямар кино вэ?
-“Ардын элч” киног аваад үзье. Энэ киног бүгдээрээ гоё гэдэг. Тэгтэл агуулга нь ийм байхгүй юу. Кино эхлэхэд ардууд тойрч суугаад “Ардын засаг руу бичиг явуулъя. Хэн явах вэ. За Бадарч авч яв” гэдэг. Тэр бичгийн агуулгыг тэнд байгаа хүмүүс бүгд мэдэж байгаа. Нэг нь чангаар дуудаад уншчихсан байхгүй юу. “Хязгаар нутгийн ард түмэн бид ардын засгийг дэмжиж байна” гэдэг ийм л захиа. Энэ захиаг Бадарч аваад давхисан чинь хурал дотор цуг суусан урвагч Дүлзэн цагаантнуудад очиж “Эд нар ийм бичиг хийгээд хүрээ рүү аваад явж байна” гэж хэлэнгүүт “Тэр бичгийг битгий явуул. Барьж ав” гэдэг.
“Хязгаар нутгийн ард түмэн бид ардын засгийг дэмжиж байна” гэсэн тэр захиа цагаантнуудын гарт очсоноор үнэндээ ямар аюул учрах юм. Хэрвээ тэр захианд нь “Энд хэдэн цагаантнууд байна. Хоёр их буутай, тэдэн винтовтой, тэдэн хүн байна” гэвэл аюултай мэдээ. Гэтэл зүгээр л “Хязгаар нутгийн ард дэмжиж байна” гэсэн л бичиг байсан. Ийм утгагүй бичгийн араас хөөцөлдөөд Бадарчийг алдаг. Бадарч үхэхдээ Дарьбазарт “Энэ бичгийг Сүхбаатарт аваачиж өг” гэдэг. Ингээд хөөрхий Дарьбазар өөрийнхөө амийг золиод гэр бүлээ эрсдэлд оруулна. Гэр бүл нь түмэн бэрхийг туулаад Сүхбаатар дээр ороод ирсэн чинь өөдөөс нь “Аа чи нөгөө хэн үү” гээд л тэр хүнийг хичнээн зовж тэмцэлдэж ирснийг анхаарахгүй “Бичиг аваад замд чинь нэг орос цэрэг аварсан. Би мэдэж байгаа” гэсэн шиг. Энэ контент бүхэлдээ утгагүй, хоосон юм байхгүй юу. Гэтэл яагаад энэ киног сайн гэж бодоод байна вэ гэхээр нэгдүгээрт давтамжийн асуудал байна.
-Цөөхөн кинотой байсан шүү дээ?
-Цөөхөн кинотой байсан. “Монгол кино” үйлдвэр оргил үедээ жилд арван кино хийж байсан. 1980 онд Филатова хүүхдийн жил гэж зарлаж хүүхдийн кинонд илүү төсөв тавиад тэр жил арван кино хийсэн нь Монголын киноны түүхэнд хамгийн том тоо байсан. “Ардын элч”-ийг бид шинэ жилээр нэг үзээд Цагаан сараар дахиж үзэж наадмаар бас үздэг байсан. Жилд багадаа гурав үздэг байсан болохоор бүр цээжилчихнэ.
Хоёрдугаарт, телевиз нь зөвхөн тэгш тоотой өдрүүдэд гардаг байсан юм. Мягмар, пүрэв, бямбад. Тэгэхээр маш их хүсч хүлээж байж үзнэ. Өөр үзэх юм байхгүй. Сүүлдээ бүр цээжлээд киноны дүрүүдийн үгүүдийг хэлдэг болно. “Сайхан сайхан хүүхнүүдийг бариад л байх уу” гэх мэтээр.
-“Чи ингэж явж байдаг бий вий”…?
-Тийм. Ингээд их сайхан хоногшоод сүүлдээ киноны үг нь ардын үг ярианы нэг элемент болоод дотно болчихдог. Түүнээс биш яг одоо “Ардын элч” гараад тэрнийг та мөнгө төлөөд үзнэ гэвэл асуудалтай. Социализмын үед чинь хурал хийсээр байгаад дуусдаг тийм үйл явдалтай кино байлаа шүү дээ. Кино эхлээд хурал. Хурлын завсраар зусланд гэртээ нэг ирнэ. Тэгээд буцаад л хуралдаа. Тийм кино гэж юу байдаг юм.
-Тэрийг чинь хүмүүс үзээд л байдаг байсан?
-Өөр сонголт байхгүй юм чинь. Тэгээд нэг киног олон дахин үзээд байхаар ээнэгшчихдэг. “Ардын элч”-ийг ур чадвар талаас нь эхнээс нь дуусах хүртэл нь харвал зураг авалтаас эхлүүлээд алдаа их бий. Юу нь тэр киног үнэ цэнтэй харагдуулаад байдаг вэ гэхээр тэр үедээ нэлээд үнэтэй хальсаар хийсэн. Нэг кино хийх гэж улсаараа хөдөлдөг байсан шүү. Хүн бүхэн тэрэнд оролцоно. Малчид нь малаа өгөөд нэг кинонд жил гарангийн хугацаа зарцуулаад өртөг шингээгээд. Тэр утгаараа ямар нэг юм тэр кинонд байгаа юм. Үнэлэхүйц юм байгаа юм. Мөн дээр үетэйгээ ойр байсан болохоор хувцас хунар, эдлэл хэрэгслийн хувьд ч ойр. Одоо бол дээр үеийн хувцас гэхээр хиймэл, концертын хувцас шиг юм өмсөөд байна. Тэр үед чинь Богдын хатны дээлийг хураагаад драмын театрын жүжигчдийн хувцсанд өгчихсөн байсан гэдэг шүү. Баячуудын хэрэглэж байсан дан оригиналь юмнуудыг хураагаад драм, дуурийн театрт өгчихсөн байсан. Гэх мэтчилэнгийн янз бүрийн юм нөлөөлсөн байх магадлалтай.
-Дээр үеийн кинонд олон зүйл зарцуулсан нь харагддаг. Ялангуяа цаг хугацааг. Киноны үйл явдал нь жилийн дөрвөн улирлын турш үргэлжилдэг. Гэтэл одоо манай киночид ихэвчлэн зуны дэлгэр цагт зураг авалт авчихаад есдүгээр сард оюутан цуглахаар тэр киногоо нээдэг. Эсвэл өвөл хийсэн киногоо гуравдугаар сард Мартын наймнаар нээдэг. Киногоо нээдэг хоёр л үетэй. Зун хийсэн киноны үйл явдал нь зун өрнөсөөр дуусдаг. Өвөл хийсэн нь өвлөө харуулдаг. Дөрвөн улирлыг харуулах нь бараг байдаггүй?
-Тийм ээ, тийм. Баялаг байх ёстой. Дүрслэлийн хувьд ч тэр. Гэхдээ яахав дээ киноны үйл явдлаасаа болно шүү дээ. “168 цаг” гэж кино үзсэн үү. Хадны засвар хавчуулагдчихаад гараа сугалах гээд л байдаг (инээв).
-Үзсэн?
-Тэр чинь 168 цагийгн үйл явдлыг л харуулсан кино. Тэгэхээр киноны зохиолоосоо л хамаарна л даа. Зохиол ямар байна тэрийгээ дагана. Гэхдээ мэдээж түүхэн, хүний амьдрал намтрыг харуулсан кино таны хэлснээр тодорхой он цагийг мэдрүүлэхээр байх ёстой л доо.
-Танай “Нирун фильм” байгаа юу?
-Байж л байгаа. Голдуу захиалгатай юм л хийдэг юм. Эрсдэлгүй (инээв). Баримтат кино, сурталчилгааны реклам гээд л тиймэрхүү юм хийж байгаа.
-Ойрын хугацаанд дэлгэцнээ гаргах том бүтээл, төлөвлөж байгаа юм бий дээ, танд?
-Хоёр л гэж хэлэх юм даа тийм кино хийх гээд бодчихсон юм. Мөнгө төгрөг гээд хүмүүс их чухалчлаад байна шүү дээ. Мөнгөний мөн чанар, хүнд үзүүлж байгаа нөлөөний тухай өгүүлэх хос кино хийж байна. Хоёр ангит биш. Биеэ даасан хоёр жижиг кино. Нийлэхээрээ нэг санаа илэрхийлнэ. Тэр киноныхоо нэгийг нь хийчихээд байна. Нөгөөдхийг нь хийх гэсэн чинь мөнгө олдохгүй байна. Орхичихоод л байж байна.
-Монголын нийгмийг ерөнхийд нь харахаар танд юу харагддаг вэ. Эдийн засгийн хямрал дээр улс төрийн байдал утга учиргүй болж бүх юм уялдаа авцалдаагүй болоод ирж байна уу даа?
-Би саяхан нэг номын редактораар ажилласан юм. “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу” гэдэг ном. Михайл Клима гэж Чехийн улс төр судлаачийн бүтээл л дээ. Уг номыг редакторлаад сууж байхад яг Монголд болсон бүх үйл явцыг тэр ном дүгнээд зураглаад хийчихсэн байгаа юм.
Ганцхан Монгол биш юм байна. Хуучин коммунист орнуудыг нийтэд нь хамарсан үзэгдэл байгаа юм. Бүгдээрээ тоталитар дэглэмд байлаа шүү дээ. Тэгж байгаад тэр нь задраад бүгдээрээ гоё ардчилсан болж хөгжинө гэж бодож байж л дээ. Бидний төсөөллөөр бол Чех биднээс илүү ардчилагдаад аль хэзээний барууны сонгодог ардчилалд хүрчихсэн гэж бодож байтал тэр номыг уншвал үгүй юм байна гэдгийг ойлгосон. Коммунист дэглэмээс салсан орнууд ерөнхийдөө хоёр замаар явсан байна. Нэг зам нь лалын орнууд, дундад Ази, станы орнууд байна шүү дээ. Тэд бүгд авторитори дэглэм рүү гулсаад орчихсон. Лалын соёл, хүмүүжил нь угаасаа тийм. Нөгөө зам нь зүүн Европ, төв Европын орнууд гажуудсан ардчилал руу орчихсон. Монгол тэр гажуудсан ардчилал руу орчихсон юм билээ.
Тэрийг уншихаар яг л Монголыг уншаад байгаа юм. 2003 онд Чехийг ардчилалын үлгэр жишээ гэж ярьж байж. “Чех яаж ардчилал хийснийг хар та нар!” гэж байсан.
-Хэдхэн жилийн өмнө Монголыг бас тэгсэн шүү дээ. Бид магтуулж байсан?
-Монголыг хар! Азийн ардчиллын баян бүрд, ардчиллын арал энэ тэр гээд байсан. Чехийг 2003 оноос “Ардчиллыг Чех шиг завхруулж байгаа улс алга” гэх болсон. Үлгэрийн гэмээр ардчиллыг цэцэглүүлж байсан орон яав аа гэмээр болж эхэлсэн. Тэрэнтэй адил Монгол тийм болчихсон юм.
Нэг л их мундаг ардчилал яриад байсан хааччихав аа, яачихав аа. Бүх юм нь газардаад алга болчихсон. Тэр номыг уншихаар Монголын нийгэмд юу болоод өнгөрөв өө, цаашид юу болох вэ гэдэг нь бэлээхэн байж байгаа юм. 2015 онд бичигдсэн ном. Тэгэхээр тэд биднээс хоёр жилийн өмнө яваад байна аа даа. Ардчилал яагаад өөдтэй яваагүйн шалтгаануудыг биччихсэн байгаа юм.
Нэгдүгээр үндсэн шалтгаан нь өмнөх нийгмийн хамаарал гэж байдаг юм байна. Хоёрдугаарт өмч хувьчлал буруу явагдсан. Өмчийн тухай ойлголт нь бүрдээгүй, буруу ойлголттой, хамгийн гол нь аж ахуй эрхлэх чадваргүй, худалдан авах чадваргүй үед өмчийг өгчихөөр яахаа мэдэхээ байчихдаг юм байна. Миний мэдэх маш олон хүн цэнхэр, ягаан тасалбараар аж ахуй нэгж худалдаж аваад яахаа мэдэхээ байхаараа тоног төхөөрөмжийг нь сугалж төмрийн хогонд тушаагаад хамгийн ойр санагдсан нь баар байсан учраас бараг бүгд шахуу баартай болсон ч мэдээж дампуурна шүү дээ. Эсвэл Тохиролцооны дэлгүүр нээсэн. Толгойд нь орж байсан бизнес нь тэр байхгүй юу. Чехэд бас яг ингэсэн байна лээ.
Бас нэг сул тал нь өмнө нь засаглаж байсан, өмнөх нийгмийн удирдаж байсан нам, удирдагчдыг тэр хэвээр нь үлдээчихсэн. Манайх бас тэгсэн. Тэр нь шинэ нийгмийг байгуулж чадахгүй, ардчиллыг буруу ойлгож, гажуудуулж завхралын эхлэлийг тавьчихсан гэж байгаа юм. Тэгээд Чехэд манайхтай адил МАНАН үүссэн. Гол хоёр нам нь үгсдэг. Шударга бусын хонгил. Хуулийн байгууллагад өөрсдийнхөө хүмүүсийг дарааллуулаад суулгачихдаг юм байна ш дээ. Хэрэг бүртгэх, мөрдөх, шүүх, ял оноох, хянах гэх мэт бүх процесст өөрийнхөө хүнийг тавиад хүссэн хэргээ тэр дамжлагуудаар оруулаад гаргачихдаг. Энэ зүйл Чехэд бас явагджээ. Нэгнээ тагнадаг, чагнадаг хэрэг тэнд бас гарсан.
Ардчилал гажуудахад хүргэсэн шалтгаанууд дотор бас нэг юм байна билээ. Хүчтэй иргэний нийгэм нь байхгүй болчихсон. Өмнөх нийгэмд манай иргэний нийгэм хуурмаг байсан. Үйлдвэрчний эвлэл, Эмэгтэйчүүдийн холбоо, Залуучуудын холбоо нь хуурмаг. Бүгдээрээ намын дайчин туслагч, шадар үүрэгтэй. Иргэний нийгэмтэй юм шиг харагдуулдаг байсан. 1990 он гарангуут Монголын Хувьсгалт залуучуудын эвлэл нэртэй байснаа Монголын залуучуудын холбоо болох жишээний. ТББ болчихсон юм шиг харагдуулж хуураад байгаа юм. Мөн чанар нь байж л байсан.
Төр, бизнес гэж хоёр юмны голд иргэний нийгэм хяналт шахалт хийж явахгүй бол төр, бизнес хоёр холилдчихдог. Үүнийг клиентлизм гэж байгаа юм.
-Харилцан бие биедээ үйлчилж, ашиг сонирхол, түрийвч нь нэгдчихсэнийг хэлж байгаа биз дээ. Яг л манай өнөөгийн улс төрийн үнэн төрх байна л даа?
-Бизнесийнхэн төрийнхнийг дэмжиж албан тушаалд гаргачихаад түүнээсээ үйлчилгээ авна. Тендерээ авна, төрийн элдэв захиалга авна. Клиент-Клиент гэсэн харилцаа. Үүнийг хэн хянаж, хэн болиулдаг юм гэхээр нэгдүгээрт, иргэний нийгэм. “Хөөе! Та нар болиоч ээ. Битгий тэврэлдээд бай. Шударга бай” гэдэг. Хоёрдугаарт хүчтэй хэвлэл байх ёстой. Манай хэвлэл, иргэний нийгэм хоёр маань тэр үүргээ бүрэн дүүрэн хийж чадахгүй байгаа юм.
Бидний гажуудаад байгаагийн бас нэг том шалтгаан нь хэвлэл нь шударга бус зүйлийг хүчтэй шахаж чадахгүй байна. Зүгээр л өнгөц. Бандаашны шуугианд л оролцоод байгаагаас биш ноцтой зүйлүүдийг гаргаж ирж тавьдаггүй. Жишээ нь, 60 тэрбумын араас ноцтой сурвалжлаад явсан нь хэн байгаа юм. Доржзодов гэдэг хүн л ганцаараа мэдэгдэл хийгээд суугаад байдаг. Хүчтэй иргэний нийгэм, хүчтэй хэвлэлгүй учраас ардчилал улам гажуудаж байна. Ардчиллаа гажуудлаас гаргая гэвэл иргэний нийгэм, хэвлэл нь хүчтэй байх ёстой. Тэгэхгүй ингээд хэвлэл нь бизнес, улс төрийнхний өвөрт байгаад л байвал улам гажуудаад баларна. Хамгийн муу жишээ бол Болгар гэсэн. Гэмт хэрэгжсэн, эрүүгийн маягийн төртэй болчихсон. Бүх юмаа хяналтдаа оруулчихсан. Монголд ойрын үед болох үйл явдал Чехэд болчихжээ.
-Наадах чинь л сонин байна. Тэр номонд тэгээд юу гэж байх юм бэ дээ?
-Одоо дунд давхаргынхан хүчтэй эсэргүүцэж гарч ирнэ. Дунд давхаргын эсэргүүцэл яаж илэрдэг юм бэ гэхээр Монголд өнгөрсөн сонгуулиар цагаан сонголт гэж юм гарч ирсэн. Энэ нь дунд давхаргын хүчтэй эсэргүүцлийн нэг илрэл. Чехэд яаж илэрсэн бэ гэхээр пропорцианаль системтэй. Нам бүр 400 хүний нэр жагсаадаг юм байна. Намын дарга, нэр нөлөө бүхий хүмүүс нь дээгүүр бичигдэнэ ээ дээ. Манайд ч жагсаалтын эхэнд бичигдэх гэж алаан болдог шүү дээ. Тэгтэл сонгогчид нь жагсаалтын хамгийн доор бичигдсэн хүмүүсийг сонгочихсон. Тэгэхээр өнөө “Бандааш” гэдэг шиг тиймэрхүү хүмүүс ороод ирнэ дээ.
Дунд давхаргын өөр нэг хүчтэй эсэргүүцэл нь агшин зуурын нам, агшин зуурын улстөрч гэж үзэгдэл гарч ирдэг.
-Өнгөрсөн сонгуулиар ХҮН нам хүчтэй гарч ирээд алга болсон шүү дээ?
-Тэгсэн. ХҮнам агшин зуурын нам болохоо дөхсөн. Тэдний алдаа нь юу вэ гэхээр өмнө нь өөр улс төрийн намд байсан хүмүүс нийлээд нам байгуулчихаар үнэмшилгүй байсан. Агшин зуурын улстөрч гэж үзэгдэл байна. Слован улсад Миро Церарын нам байгуулагдаад зургаан сарын дотор сонгуульд ялаад Миро Церараа Ерөнхий сайд болгосон.
Одоо ер нь сонгуульд үнэмлэхүй ялна гэж байхгүй болсон. Монголд ирэх сонгуулиар 30 хувиас дээш санал авах нам гарахгүй. Дэлхий даяар хандлага нь тийм байна. Австрид 31 настай залуу Ерөнхий сайд болж байна. Канадад бас нэг залуу улс төрд хүчтэй гарч ирж байна. Дэлхий даяар дундад давхаргын хүчтэй эсэргүүцэл гарч, тогтчихсон том намуудыг дэмжихээ больчихоод байна. Улстөрийг бүрдүүлж байгаа цөм хүчнүүдийг дэмжихээ болиод тэдэнд дургүйцэх сэтгэлээр хаа хамаагүй амьтдыг сонгож гаргаад байгаа байхгүй юу. Тийм үзэгдэл манайд одоо болно.