Яруу найргийн их наадам “Болор цом” 35 дахь жилээ Говь-Алтай аймагт, Чадраабалын Лодойдамба зохиолчийн нэрэмжит боллоо. Энэ удаагийн наадамд Ховд нутгийн уугуул, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Мөнгөнхүүгийн Отгонбаяр тэргүүн байр эзэлсэн юм. Ингээд шинэхэн цомын эзэнтэй хөөрөлдсөнөө хүргэе.
-Лойдодамба гуайн нэрэмжит болсон өндөр их Алтайн “Болор цом”-д түрүүллээ. Эгшиглэнт Янжинлхамын эзэн болсонд баяр хүргэе.
-Маш их баярлалаа.Яруу найрагчийн амьдралд тохиож болох хамгийн сайхан мөчүүдийн нэгэн яах аргагүй “Болор цом”-ын эзэн болж тайзан дээр шагнал гардах, тэр тусмаа Эгшиглэнт Янжинлхамаас адис хүртэх агшин юм байна даа. Тун их баяртай байна. Миний бие “Болор цом”-д 2007 оноос хойш оролцож байна. Хэн ч танихгүй шүлэгч нэгийн даваанд тэнцэхгүй хасагдаж байлаа, түүнээс хойш олон удаа орж шүлгээ уншсан.
-“Болор цом”-ын дараа янз бүрийн яриа гарах нь бий. Энэ жил олны ам харьцангуй гайгүй байна уу даа. Та Ховд нутгийн найрагч, төрж өссөн нутаг ус болоод ижий аавын тань тухай асуумаар байна. Ижийдээ зориулж бичсэн шүлгээр цом авчих шиг боллоо?
-Тиймээ, “Болор цом”-ын дараа янз бүрийн яриа гарах нь бий. Аргагүй шүү дээ шалгарсан 30 яруу найрагч бүгд л түрүүлнэ гэж очдог. Яруу найрагчид гэдэг омголон, бадрангуй улс үзэл бодлоо хаа ч хэнээс ч эмээлгүй хэлдэг. Энэ жил харин сүүлийн шатанд шалгарсан яруу найрагчид надад их сайхан баяр хүргэж халуун дотноор хүлээн авлаа. Энэ мэдээж миний шүлэгтэй л холбоотой болов уу.
Бас яруу найрагчдынхаа итгэл хүндэтгэлийг хүлээсэн нь их сайхан байлаа. Нэг сэтгүүлч цомын маргааш “Таны шүлгээр Монгол орон амьсгалж байна, та энэ харанхуй нийгэмд бага ч гэлээ гэрэл тусгаж чадлаа” гэсэн шүү. Мэдээж бас шүүмжлэлтэй хандаж буй хүмүүс ч бий л байх. Харин ч цахим ертөнцөөр олон түмний ам тун сайн байна гэж найз нөхөд байна хэлж байна лээ.
Би Ховд аймгийн Дуут сумын хүн. Тэнгэрийн одонд ойрхон өссөн дөө. Далайн түвшнээс дээш 2500-3000 метрт л хонь мал хариулж, ан гөрөө хийж хүүхэд насаа үдсэн дээ. Манай сум Монгол орны хамгийн өндөр цэгт оршдог сум. Хүүхэд багаасаа Алтайн магтаал, Туульсаа хайлж, Хүннү цуураа үлээх ах нарыг харж, сонсч өөрөө заалгаж байлаа. Аав минь насаараа Ховд аймгийнхаа олон сумдад сум нэгдлийн даргаар ажиллаж байсан Мөнгөнхүү гэж хүн байлаа.
Аавын зохиосон шүлэг Цэцэг сумын тэр үеийн номонд орсон байдаг юм. Ээж минь Нямаа гэж насаараа худалдааны байгууллагад ажиллаж байсан хүн байлаа. Ээжийн минь тал нутаг хошуундаа алдартай дуучин улс бий. Эцэг эхээс бид наймуулаа.
Манайхан бүгд л бичиг эрдмийн болоод дуулах, бүжиглэх урлагийн авьяастай хүмүүс. Ижий минь жил гаруйн өмнө өөд болсон. Тэр хүнд үед ижийгээ асарч байхдаа Ижийдээ нас гуйж шүлэг бичсэн. Энэ шүлэг ижийдээ нас гуйсан хүүгийн хайраас гадна хүний амьдралын утга учир, орчлон хорвоогийн тухай өгүүлсэн. Ийм л шүлэг минь надад “Болор цом” авчирлаа.
-Яруу найргийн анхны ном тань “Нил гийх үүр” нэртэй санагдана. Д.Галбаатар доктор таны бүтээлийн тухай бичиж байсан. Таны шүлгүүдийн онцлог гэвэл юу билээ. Утга зохиолд хөтөлсөн багш нараа дурсаач?
-Их уран зохиолд хөтөлсөн багш нараа дурсах их сайхан байна. Би бичиг сурсан цагаасаа л шүлэг бичсэн хүн юм. Анхны шүлгээ аавдаа үзүүлж байхдаа би долоон настай байлаа. Шүлэгтэй тэр цагаас хойш өдий болтол хамт явна. Харин анхны номоо 2007 онд хэвлүүлсэн. Шүлгээ бичээд л, хадгалаад л, бас хаяж үрээд л явдаг байлаа. Тэр жил манай Ховдын Чандмань сумын харьяат зохиолч, сэтгүүлч танай сонинд ажиллаж байсан Баастын Золбаярт хэдэн шүлгээ үзүүллээ. Тэгсэн мань хүн их баясаж багш чинь хэн бэ, энээ тэрээ гээд л явчлаа. Багш байхгүй өөрөө л бичээд явдаг гэдгээ хэлэхэд “Заавал ном гаргаарай” гээд өөрөө өмнөх үгийг нь бичиж “Нил гийх үүр” гэж нэр өгөөд хэвлүүлсэн дээ. Тэгээд хоёр сарын дараа нэг танихгүй дугаараас залгаад “Би Галбаатар гэж хүн байна, чиний номны талаар юм бичлээ, МУИС дээр ирээд ав” гэсэн юм. Сарын дараа өнөө хүнээ МУИС-иас хайж олж танилцсан минь Галаа багш. Миний номын тухай 16 орчим хуудастай бүтэн шүүмж бичсэнээ мөн л “Өдрийн сонин”-д өгөөрэй цаадуул чинь хэвлэх байх гэж билээ. Тэр цагаас хойш дан яруу найргийн дөрвөн ном хэвлүүлжээ. Их уран зохиолд анхан хөтөлсөн энэ хоёр эрхмийг би багшаа хэмээн хүндэлж явдаг.
-Танаас өмнө Ховд нутгаас Хөөдөөгийн Эрдэнэбаатар найрагч “Болор цом” хүртэж байсан. Та хоёр Урианхайн хөх уулс, ерөөс уулсын тухай шүлгүүд бичиж тэндээс яруу найргийн долгионыг авдаг шиг санагдах нь бий?
-Хөөдөөгийн Эрдэнэбаатар ах бидэн хоёр нэг сумын нэг багийн нэг голын улс. Манай сумаас Лха. Дарьсүрэн, Ё.Цэдэнбал, Д.Чинзориг, Д.Оюунчимэг зэрэг олон зохиолч, яруу найрагчид төрөн гарсан юм. Энэ бол Урианхайн баатарлаг туульс, уул устай холбоотой байх гэж би боддог. Зургаахан настайдаа төрийн соёрхолт, ардын туульч Б.Авирмэдээр түүний отгон хүү А.Балдандорж бид хоёр Алтай магтаал хайлахыг заалгаж байлаа шүү дээ. Бидний хэл аялгуу, шүтээн нэг бидний өссөн орчин нэг учраас бид уулсаасаа яруу найргийн долгион авах нь аргагүй юм. Миний шүлгийг уулгүйгээр төсөөлөх аргагүй. Үеийнхэн маань намайг “Уулын шүлэгч, уулын хүн” хэмээн дууддаг нь ч үнэн юм.
-Утга зохиолын найз нөхөд гэвэл хэн хэнийг хэлэх вэ. Танд шүлэг нь ойр санагддаг найрагчид олон болов уу.
-Бидний үеийнхэн Шинэ Мянган хэмээх утга зохиолын нэгдэл байгуулсан. Олон шүлэгч анд нөхөд минь энэ нэгдэлд бий. Угаас утга зохиол үе үеэрээ л хөгжиж ирсэн. Зах зээлийн энэ нийгэмд утга зохиолын төлөө олон олон зүйлийг найз нөхөд минь санаачлан зохион байгуулж ирсэн. Би чадах чинээгээрээ тэр бүхэнд хамрагдахыг хичээдэг. Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн ах бид ойр байдаг даа. Бас Данзангийн Нямсүрэнг унших дуртай.
-Энэ жил ингэхэд Алтай нутагт болж буй цомд өөрийгөө түрүүлнэ чинээ бодож байв уу. “Болор цом”-ын үнэ цэнийг та юу гэж ойлгодог вэ.
-Үнэндээ түрүүлнэ чинээ санаагүй. Гэхдээ горьдлого бол мэдээж “Болор цом”-д орох болгонд л байдаг байсаан. Ихэнх шүлэг минь уул Алтайгаа магтан дуулдаг болохоор Алтайн эзэн ивээх болов уу л гэж найдаж байлаа. Бас олон арван хүн “Чи түрүүлнэ” гэж зоригжуулж байсаан. Тэр дотор яруу найрагчид их байсан. Сүүлд олон түмний ерөөл биелдэг л юм байна гэж бодсон шүү. “Болор цом” бол манай уран зохиолын олон наадам дундаас улсын хэмжээний ард түмэндээ танигдаж хүрсэн хамгийн том наадам. Яруу найрагч, уншигчдын учран золгох хамгийн том баяр гэж би боддог. Эшиглэнт Янжинлхамын хишигт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч хүн уран зохиолын төдийгүй нийгмийн өмнө үүрэг хариуцлагатай үнэ цэнтэй байх ёстой гэж би бодож байна. Бас ард түмний итгэл хайрыг дааж явах хэрэгтэй байх. Бөхөөр бол улсын их баяр наадамдаа түрүүллээ л гэсэн үг шүү дээ.
-Шүлгээ уншиж уралдсан найрагчдаас хэн нь сайн байсан бол. О.Цэнд-Аюуш, Л.Ганзул нарын залуу найрагчдыг түрүүлж магадгүй гэх таамаг байсан. Мөн Алтайд болж буй учир тэр нутгийн найрагч түрүүлнэ гэж дуулдаж байсан?
-Дандаа л мундаг ширүүн өрсөлдөгчид байлаа. Тэд тайзан дээр ямархан шүлэг уншиж, хэрхэн хэн бүхнийг дагуулахыг таашгүй байдаг. Шүлэг бичнэ гэдэг хүн бүхний хүсэл дурын ажил биш. Бид тайзан дээр өрсөлдөгчид хэдий ч тайзны ард амьдрал дээр ахан дүүс анд нөхөд л байдаг. Дан Алтайнх гэлтгүй шүлэгч болгон миний хүчтэй өрсөлдөгч байлаа.
-Сүүлд ямар бүтээл туурвиж байна. Шинэ ном гаргах уу. Мөн та хаана ажиллаж байна вэ?
-Сүүлийн номоо 2016 онд “Амраглан гуниглан” нэртэйгээр хэвлүүлснээс хойш нэг ном гаргах хэмжээний шүлгүүд бичжээ. Шинэ номоо ирэх хавраас гаргах бодолтой байгаа. Шүлэгчийн хувьд би их онгодтой нэгэн байх. Ер нь л бичээд байна шүү дээ. Шүлэг бол миний амьдрал болохоор л тэр байх. Бас уул усныхаа тухай дуулалт жүжиг бичиж байгаа. Одоо Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн захиргаа удирдлагын албаны даргын алба хашиж байна.
Энэ дашрамд үргэлж намайг итгэл алдалгүй дэмжиж ирсэн олон сайхан сэтгэлт хүмүүст хийгээд эрхэм олон уншигчид та бүхэндээ хорвоогийн хосгүй сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ярилцсан Д.БАТБОЛД