Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Үнэ тогтворжуулах хөтөлбөр, ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн гэж Н.Золжаргалыг шалгаж байгаа бол улсад учруулсан хохирол байхгүй гэдгийг хэлье

Уих-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай уиХ хэлэлцэж байна. Банкны тухай хуульд арилжааны банкны зээлийн хүүг Монголбанк тогтооно гэсэн заалт орохоор болж байна. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Монголбанкны тухай хууль банкны үйл ажиллагааг сайжруулах, алдаа доголдлыг арилгах, мөнгөний бодлогыг зөв зүйтэй тодорхойлох зэрэг нэн хэрэгтэй зүйтэй тал руугаа чиглэсэн сайн хууль болж чадаагүй. Өнгө будаг зассан төдий өөрчлөлт хийснээ их л мундаг өөрчлөлт хийлээ гэж буй нь үнэнд нийцэхгүй. Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ зөв тодорхойлж чадахгүй, улстөржсөн үйл ажиллагаа явуулах болсон. Монголбанк арилжааны банкны зээлийн хүүгийн хувийг тогтоох нь оновчтой шийдэл биш. Яагаад вэ гэвэл Монголбанк мөнгөний бодлогоо тодорхойлж арилжааны банкуудын үйл ажиллагаанд хяналт тавьдаг мөртлөө арилжааны гол хэрэгсэл болсон зээлийн хүүг тогтооно гэдэг нь бүх арилжааны банкийг хараат байдалд оруулж, бие даасан үйл ажиллагааг нь байхгүй болгоно гэсэн үг. Монголбанк гэсэн монополь ганц банктай л болно доо.

-Таны санаачилсан Мөнгө хүүлэлтийн эсрэг Зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа яваа. Банкны зээлийн хүүний таазыг тогтоож өгснөөр иргэдэд эргээд очих зээл бага хувийн хүүтэйгээр гарч чадахгүй болно гэсэн дүн шинжилгээ бас гарч байгаа?

-Зээлийн хүүний хувь хэмжээг тогтоох нь уг нь зах зээлийн эрэлт нийлүүлтээрээ зохицуулагддаг. Гэвч манайд эрэлт нь давамгайлчихсан нийлүүлэлт бага байна. Арилжааны банк ашгийн байгууллага ч гэсэн хэт монополь байдалтай хэвээр цаашид байж болохгүй. Нэгэнт зах зээлийн харилцаагаараа зохицуулагдахгүй байгаа харилцаанд төрийн зохицуулалт тодорхой хэмжээгээр орж болно. Хэт либералчлахаар алдаа руу ордог доо. Манай улсын анхны хувьчлал ямар ч төрийн тодорхой зохицуулалтгүй явснаас хэдхэн цөөн тооны хүн хожиж дийлэнх нь хувьчлалаас хүртэж чадаагүй. Энэ нь төрийн зохицуулалт байгаагүйгээс болсон. Хуулиар зээлийн хүүний хувийн хэмжээний дээд хязгаарыг зохицуулж өгье. Тодорхой хугацаанд хязгаарлалт хийж, зөв зохистой эрэлт нийлүүлэлт бий болсон цагт хуулийг эргээд хүчингүй болгож болно. Банкны зээлийн хүүний дээд хязгаарыг тогтоогоод өгөхөөр үүнтэйгээ уялдаад хадгаламжийн хүүний хувь хэмжээ буурна гэсэн үг. Нэгэнт хадгаламжийн хүүний дээд хязгаарыг тогтоогоод өгөхөөр түүнээс давсан өндөр хүүтэй зээлийг олгож чадахгүй. Учир нь хадгаламжид хуримтлагдсан мөнгийг эргэлтэд оруулахаас нааш ашиг олж чадахгүй учраас зээлээ гадагш гаргана.

Монголбанк ч гэсэн үүнийг дагаад мөнгөний бодлого дээрээ анхааралтай судалгаатай хандах ёстой болно. Өнөөдөр банкууд монополь байдлаа ашиглаад зээлийн хүүгийн хувь хэмжээг дураараа тогтоож байна шүү дээ. Арилжааны банкинд байгаа нийт активын хэмжээ төсвийн нийт орлоготой тэнцэхүйц их хэмжээний мөнгө хадгалагдаж байна гэсэн тооцоо бий. Тэр мөнгө арилжааны банкинд хадгаламж хэлбэртэйгээр хэвтэж байх ёстой юу эсвэл зах зээл рүү гарч бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт руу гарч байх нь хэрэгтэй юу. Монголд өнөөдөр сэтгэл ханамж нь дүүрэн, ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа хүн тун цөөхөн. Үүний гол шалтгаан нь зээл болон хүүгийн дарамт. Яагаад ингэж хэлэх болов гэхээр арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагаас олгогдож байгаа зээлийн хүү асар өндөр байна. Хүү яагаад ийм өндөр байна вэ гэхээр банкууд чинь амьдрахын тулд хадгаламж татна. Хадгаламжаа өндөр хүүтэй татаж байгаа. Нэгэнт өндөр хүүгээр татсан мөнгөө ашигтай эргэлтэд оруулахын тулд эргээд өндөр хүүтэй зээл гаргаж байна. Энэ тогтолцоо нь сүүлдээ хэвшил болоод тогтчихсон. Иргэдийн нуруун дээр асар их мөнгөний дарамт үүсгэж байгаа энэ асуудлыг төр зохицуулах үүрэгтэй. Бусад улс орнуудад ч төр нь банкуудын хадгаламжийн зээлийн хувь хэмжээг тогтоож, хуульчилсан байдаг. Маш олон улс оронд ийм зохицуулалт байдаг. Тэдгээр улсууд зээлийн дээд хязгаарыг тогтоохдоо янз бүрийн хэлбэрээр тогтоосон байна. Жишээ нь, тодорхой нийгмийн аль нэг бүлэг хэсэгт эсвэл нийтэд нь тогтоосон байх гэх мэтээр янз бүрийн аргачлалыг ашиглаж байна.

-Манай улсын төсвийн алдагдал жилээс жилд их болсоор байгаа. Төсөв болон мөнгөний бодлого дээр зах зээлээ мэдэрсэн бодлогыг төр засгийнхан гаргаж чадахгүй байна гэсэн шүүмжлэлийг судлаачид хэлдэг. Улстөрчид эдийн засгийг эргээд самраад байгаа юм биш үү?

-2012-2016 онд төсвийн нийт алдагдал 2-4 хувьтай байсан. Сая төсвийн алдагдал 18 хувьд хүрлээ. Төсвийн тодотголоор 2018 оны төсвийн алдагдлыг бууруулсаар 8 хувьтай батлагдлаа. Түрүүчийн Засгийн газрын үед байсан төсвийн алдагдал жил гаруйн хугацаанд нэг дахин нугарчихсан байна. Инфляци 3 хувьтай байсан бол 5-6 хувьд хүрчихсэн байна. Энэ 2017 оны төсвийн давсан орлогыг хэрэгтэй, хэрэггүй зүйлд цацахын оронд хямгатай хандаж, 2018 оны төсвийн алдагдлыг бууруулах, хуримтлал бий болгох замаар эдийн засгийн үр ашигтай байдлаар хандаагүй. Олсон хэдэн мөнгөө яавал бушуухан үрж цацаад, өр зээл тавих вэ гэсэн байдалтай харагдаж байна. Өндөр алдагдалтай баталж буй төсвийн дийлэнх нь гишүүдийн тойрог руугаа хандсан, нийгмийн салбарт бүтээн байгуулалт хийнэ гэсэн хэлбэртэй байгаа боловч цаанаа тендерийн булхай луйвар, мөнгө угаах ажил руу л чиглэж байна. Инфляцийг онилсон эдийн засаг, мөнгөний бодлого хэрэгжихгүй байгаагаас эдийн засаг өдрөөс өдөрт унаж байна. Ядаж төсвийн алдагдлаа багасгаж, баланс барьсан хэмжээнд боловсруулах бодлого үгүйлэгдэж байна. Монголбанкны төсөв, мөнгөний бодлого ноцтой алдагдсан гэдэг нь харагддаг. Гадаад валютын нөөцийг 2.2 тэрбум ам.доллартай болчихлоо гэж одоо баярлалдаад байна л даа. Өнгөрсөн жил Монголбанкны удирдлагууд ажлаа хүлээж авахад гадаад валютын нөөц 1.5 тэрбум ам.доллар байсан. Үүнийг тухайн үед хасах 400 сая ам.долларын алдагдалтай байна гэж зарласан. Үүнээс болж валютын ханш огцом өсч, ам доллар 1900 гаруй байснаас 2700 болж галзууртлаа өссөн. Энэ бодлогын алдааг өнөөгийн Монголбанкны тэргүүн Н.Баяртсайхан тэргүүтэй нөхдүүд хийсэн. Хууль хяналтын байгууллагууд эдгээр хүмүүсийг шалгаж хариуцлагыг нь тооцох ёстой. Энэ үйлдэл магадгүй санаатай ч байж болно. Ам.долларын зөрүүнээс асар их ашиг олсон тодорхой хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Яагаад ийм алдаатай тооцоолол хийж, нийгэмд яаран зарлах болов. Тэр алдаатай бодлогоос болж эдийн засагт ямар их хор хохирол учрав. Энэ бол эдийн засгийн зохион байгуулалттай маш том гэмт хэрэг байж болох талтай шүү.

-Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотойгоор шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл байна?

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зарцуулагдсан мөнгө, санхүү бүрэн төлөгдчихсөн. Ямар ч өр авлага байхгүй. Тэгэхээр юу шамшигдуулчихсан байх вэ. Хэн ямар хохирол амссан гэж шалгагдаад байгааг нь би сайн мэдэхгүй юм. Би нэг зүйлд гайхаад байгаа юм. Хэрвээ ипотекийн зээл авсан 82 мянган айл өрхийн мөнгийг төлөгдөж дуусаагүй, авлагатай гэж үзээд байгаа бол өрийг нь Н.Золжаргал дээр гаргаж, 20 жилийн хугацаанд төлүүлэх гээд байгаа хэрэг үү. Авсан эзэн нь ойлгомжтой эргэж төлөгдөх хүү нь ч ойлгомжтой. Харин ч ипотекийн зээлд хамрагдаж 82 мянган айл өрх орон сууцанд орсноор агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр болсон байх. Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг би өмөөрч, хамгаалах гээд байгаадаа биш. Бодит байдлыг хараад улстөрчийн хувьд үнэлэлт дүгнэлт өгч байна. Магадгүй өөр үйлдсэн янз бүрийн гэмт хэрэг байгаад тэрэнтэй холбож шалгаж байгаа үгүйг нь би сайн мэдэхгүй. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн гэж буруутгаж байгаа бол улсад учруулсан хохирол байхгүй гэдгийг хэлье.

-Улс төрийн нөхцөл байдлаас болж Н.Золжаргалыг баривчлан шалгаж байна гэсэн яриа бас бий. Хэрвээ үнэ тогтворжуулах хөтөлбөр алдаа мадаггүй байсан юм бол яагаад Н.Золжаргалыг шалгах болов. Та юу гэж харж байна?

-Н.Золжаргалыг баривчлан шалгах гэхэд нь шүүхээс баривчлах тогтоолыг нь батлаагүй юм биш үү. Хэвлэлийн мэдээнээс тэгж ойлгосон. Хэрвээ үнэхээр тэр хүнийг баривчлах, хорих, саатуулах үндэслэл байхгүй бол шүүх баривчлах бичиг гаргахаасаа татгалзах ёстой. Хүний эрх чөлөөнд халдах тухай ойлголт бол хүний нийгэмд анхаарал татсан хамгийн том асуудал. Дэлхийн улс орнууд ч үүнд маш болгоомжтой ханддаг.

-Ипотекийн зээлийг Засгийн газраас санхүүжүүлдэг болох тухай одоо яригдаж байна. Монголбанкаар дамжихгүй Барилга хот, байгуулалтын яам зээл олголтыг явуулна гэж байна. Энэ зөв үү?

-Уг нь зөв явж байсан хөтөлбөрийг зогсоочихсон. Засгийн газар төсвөө яая даа гэж байж яаж санхүүжүүлэх гэж байгаа юм бол. Ипотекийн зээл рүү мөнгө оруулах нь битгий хэл тэтгэвэр, тэтгэмж, сургууль цэцэрлэг барих, агаарын бохирдлыг бууруулах зэргээс эхлүүлээд олон шийдвэрлэх ажил бий. Асар их мөнгө шаардлагатай байгаа. Энэ жил ипотекийн зээлд 120 тэрбум төгрөг тавьсан байсан. Энэ мөнгөөр олон айл зээл авч, хүртээмжтэй байж чадах уу. Зөв голдрилоороо явж байсан ипотекийн зээлийг зогсоож, тэгсэн хэрнээ ямар хэлбэрээр явуулах гарцаа олж чадахгүй будлиад л байгаа хэрэг.

-Одоогоос яг жилийн өмнө Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдаж байсан. Энэ хууль эргээд хүчингүй болгосон. Та хууль санаачлагчын хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Хамтын тэтгэврийн тухай хууль төсөвт дарамт болохгүй. Эдийн засгийн үр дагаврыг тооцож хийсэн хууль байсан. Хүний насан туршдаа хуримтлуулсан Нийгмийн даатгалын санд хуримтлуулсан тэтгэврийн сангийн мөнгө бол хувь хүмүүсийн хадгаламжийн мөнгө болохоос биш төрийн төсвийн мөнгө биш. Хуримтлуулсан мөнгөнийхөө үр ашгаа өөрөө үзэж чадахгүй бурхан боллоо гэхэд насан туршдаа ханилсан хань нь амьдрах хугацаандаа тэтгэврийг нь давхар авч амьжиргаагаа залгуулах тухай хууль байсан. Гэр бүлийн бат бөх байдлыг дэмжсэн, ахмад настнуудыг эдийн засгийн эрсдлээс хамгаалсан хэрэгтэй хууль байсан. Харамсалтай нь өрсөлдөгч нам санаачилсан гэдэг байдлаар улстөржиж энэ хуулийг хүчингүй болгосон. Үүний оронд гарч ирсэн Насны хишиг олгох тухай хууль бол иргэдийг насаар нь ангилж ялгаварласан, хүртээмжгүй хууль болсон. Энэ мэт хүмүүсийг хуурсан байдлаар хууль гаргаж болохгүй л дээ.

-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуульд өөрчлөлт орж, ИТХ-ын төлөөлөгчид төрийн албанд ажиллахаар болж байна. Энэ хуулийг АН-ынхан эсэргүүцэж чуулган дээр үг хэлж байсан. Та ямар саналтай байна?

-Аливаа зүйлд ёс суртахуун эрээ цээр байх ёстой. Дөрвөн жилийн өмнө Сүхбаатарын талбайд давхар дээлийг эсэргүүцэж хэн жагслаа. Өнөөгийн давхар дээлтэй эрх баригчид өөрсдөө л жагсч байсан. Одоо бүр цаашлаад анхан, дунд шатны төрийн байгууллага руу орж хуульчилж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн хуралд байгаа улстөрчид, намын гишүүдээ төрийн албанд ажиллуулах хууль ёсны эрхийг нь нээж өгөх гэж байна. Энэ нь монгол төрийн дархлааг сулруулж байгаа. Улстөрчид төрийн ажилд албан ёсоор ажиллах эрхийг нээж өгснөөр Төрийн албан хаагчид улс төрийн харьяалалгүй байна гэсэн хуулийг үгүйсгэх болж байна. Төрийн албаны тухай хуулийг батлахдаа төрийн албыг улс төрөөс ангид байлгах, тогтвортой байлгах гэж анх баталж гаргасан юм шүү дээ. Энэ хууль батлагдсанаар төрийн албаны дархлааг сулруулж, улс төрийг төрийн албатай хольж хутгах нь. Цаашлаад тогтвортой ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг улстөрчид дураараа халж сольдог болох нь. Ийм бусармаг зүйл рүү явах нь зөв үү.

-АН сая дотоод сонгуулийн сунгааг улс орон даяар явууллаа. Удахгүй АН-ын Удирдах зөвлөгөөн болох гэж байна. Намын шинэчлэлийн ажил хэр явцтай явж байна вэ?

-Манай намын үндсэн дүрмэнд орсон өөрчлөлтөөр бүх шатны сонгууль, удирдах албан тушаалтнуудыг намын гишүүдийнхээ саналаар сонгодог байх заалт орсон. Энэ дүрмийн хүрээнд манай Ардчилсан залуучуудын холбоо удирдлагаа 90 гаруй мянган гишүүдийнхээ оролцоотойгоор улс орон даяар сунгаа явуулж сонголоо.

Залуучууд маань маш идэвхтэй оролцлоо. Нэр дэвшигч нар ч мэдлэг чадвараа харуулсан. Залуучуудын хувьд ардчиллын шинэ алхмыг тавилаа. Энэ арванхоёрдугаар сарын 6-ны өдөр АН шинэчлэлийнхээ хоёр дахь давалгааг эхлүүлж, анхан дунд шат руу чиглүүлсэн аяныг эхлүүлэх гэж байна. Аяны нээлт болгож бүх удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөнийг хийнэ. Намын гишүүдээ чадавхжуулах, намын анхан дунд шатны үйл ажиллагааг дэмжих ажил эхэлж байна.


Categories
мэдээ нийгэм

Ж.Гүррагчааг 70 насных нь ойг тохиолдуулан хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон болон Тамгын газрын удирдлагууд өнөөдөр (2017.12.05) Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан, сансрын нисгэгч, Улсын Их Хурлын Тамгын газрын ахмад настан Ж.Гүррагчааг 70 насных нь ойг тохиолдуулан хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ахмад настан Ж.Гүррагчаад баяр хүргэж, эрүүл энхийг хүссэн юм.

Улсын Их Хурлын даргын захирамжаар баталсан Ахмадын сангийн дүрэмд УИХ-ын Тамгын газрын ахмад настнуудын ойг тэмдэглэн, баяр хүргэж, хүндэтгэл үзүүлж байхаар заажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Японы метронд болсон зодоон ба монголчуудын нэгнийгээ үзэн ядаж, жигшин зэвүүцдэг зан

-ГАДААДАД АМЬДАРЧ БАЙГАА МОНГОЛЧУУД НЭГНИЙГЭЭ ХАЙРЛАЖ ХАМГААЛААГҮЙНХ НЬ ТӨЛӨӨ ТУХАЙН УЛС ОРНООС НЬ ЭРГҮҮЛЭН ТАТДАГ ХУУЛЬ, ЖУРАМТАЙ БОЛМООР БАЙНА-

Японы метронд монгол залуус нэгнийгээ хэрцгийгээр зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдаад байна. Монголчуудын нэгнийгээ зодож байгаа балмад зэрлэг үйлдлийг харуулсан бичлэгийг you­tube.com хуудаст тавигдсан даруйд л дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган хүн үзжээ. Бичлэгийн сэтгэгдэл дор хүмүүс монголчуудыг жигшин зэвүүцэж байгаагаа илэрхийлж, янз бүрийн утга санаагаар доромжлон бичиж байна. Сэтгэгдэл дунд нутаг нэгтнээ ингэж хэрцгийгээр зодож, толгой руу нь өшиглөж байгааг олон хүн гайхаж, буруутгажээ.

Консулын газар: Хоёр иргэнийг хүний биед санаатайгаар гэмтэл учруулсан хэргээр саатуулаад байна

Монголчуудын зодооны талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас тодруулахад “Өнгөрсөн амралтын өдрөөр буюу энэ сарын 2-ны өдрийн 19:20 цагийн үед Токио хотын Акабанэ галт тэрэгний буудалд монгол иргэд танхайрч, хоорондоо зодолдсон хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан хүний биед санаатайгаар гэмтэл учруулсан үндэслэлээр Монгол Улсын хоёр иргэнийг саатуулаад байгааг Токио хотын Кита дүүргийн Акабанэгийн Цагдаагийн газраас мэдэгдсэн. Хувь хүний нууцыг хамгаалах үүднээс саатуулагдсан иргэдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг манай улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд мэдэгдсэн” гэв. Монгол залуус нэгнийгээ зодож гэмтээсэн бичлэг гарсан даруйд “Метронд согтуу хятад хүн байсан гэнэ. Тэр хятад манай хоёр залуугийн нэгнийх нь нүүр рүү нулимсан байна. Үүнээс болж хятад хүнийг зоджээ” гэх мэтээр янз бүрийн худлаа мэдээлэл цацагдаж байв.

“Согтуу залуус цалин мөнгөний асуудлаас болж нэгнийгээ зодсон байна лээ” гэв

Харин зодооны талаар Японд амьдардаг нэгэн залуутай холбогдож цөөн асуултад хариулт авсан юм.

-Японы метронд монгол залуус нэгнийгээ зодож хүнд гэмтэл учруулсан байна лээ. тэднийг таньдаг гэж байсан. зодоон юунаас болсон юм бол?

-Монголчуудын зодооны асуудлаар энд хүн бүр ярьж байна. Япончууд биднийг танхай балмад, араатан шиг авирлаж байна гээд л дургүйцлээ илэрхийлж байна. Би тэр гурван залуугийн нэгийг нь сайн танина. Японд ирээд хоёр жил гаруй болж байгаа юм. Миний кохай хийдэг байсан юм. Кохай гэдэг нь миний дор ажилладаг хүн гэсэн утгатай. догшин ширүүн авир гаргаад байхааргүй л даруухан залуу. Архи ууснаас болоод л ийм зүйл болчихлоо гэж үзэж байна. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаарх мэдээлэл гарч байгаа. Зодоон яг юунаас болсон бэ гэдгийг хажууд нь байгаагүй болохоор нарийвчилж хэлж мэдэхгүй байна. Харин архи ууснаас болж зодоон болсон гэдэг нь тодорхой. Японд амьдардаг монголчуудын ярьж байгаагаар нэг нь өндөр цалин авсан. нөгөөх нь бага цалин авсан. Үүнээсээ болоод муудалцсан гэх яриа байгаа.

-Зодуулсан залуугийн биеийн байдал ямар байгаа бол. зодсон залууг нь цагдан хорьсон гэсэн?

-Зодуулсан залуугийн биеийн байдал тааруу байгаа гэсэн. Тархиндаа хүнд гэмтэл авсан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн мэдээлэл байна. Харин зодсон хоёр залууг Токио хотын Кита дүүргийн Акабанэгийн Цагдаагийн газраас цагдан хорьсон байгаа. Японы хууль чанга, олон нийтийн газарт танхайрсан, метро таван минутаар саатуулсан. Бусдыг зодож хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр хорьж байгаа юм байна лээ. Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг шиг л Японы хуулиар хорих ялаар шийтгүүлэх нь тодорхой болчихлоо” гэв.

Нэгнийгээ үзэн ядаж, жигшин зэвүүцдэг зан монголчуудыг дэлхийд муухай харагдуулж байна

Бичлэгээс харахад “П… чамайг алаад өгнө” хэмээн хашгирч толгой руу нь өшиглөж, хамар, амнаас нь цус гарч байхад хэдэн минутын турш зөвхөн толгой руу нь өшиглөх аж. Мөн япон хэлээр хараал хэлэн хашгирч, зодож байгаа хүнээ хайрлахгүй улайрч, өшигчиж зодож байгаа нь харагдана.

Соёлт нийгэмд хүн хүнээ ингэж зэрлэгээр хүний нутагт цус нөжтэй нь хольж зодох нь битгий хэл амьтантай ч зүй бусаар харилцахаа больсон. Гэтэл монголчууд л нэгнийгээ үзэн ядаж, жигшин зэвүүцдэг нь Японд болсон зодооноос шууд харагдаж, мэдрэгдэж байгаа юм. Монгол хүн сайн яваа нэгнийгээ харахаараа нүд нь хорсож, үзэн ядаж зэвүүцүүлэх бодлого хэзээнээс байсан. Бидний цус, мах, ясанд энэ муухай зан нэвт шингэчихсэн. Үүний горыг өнөөгийн монголчууд бид амсаж байна. Тэр тусмаа гадаадад амьдарч байгаа монголчуудаас энэ зан хэтэрхий их илрээд байх шиг. БнСУ-д амьдарч байгаа монголчууд нэгнийгээ зодож, танхайрах, амь насыг нь хөнөөж байна. Бүр онц хэрцгий аргаар буюу эд эрхтнийг нь мөчилж, хэдэн арван удаа хутгалж, тарчлаан тамалж амь насыг нь хөнөөсөн хэрэг цөөнгүй гарсан. Сүүлийн 100 жилд гараагүй онц ноцтой хэргийг гадаадад амьдарч байгаа монголчууд л үйлдэж байна шүү дээ. дээр нь ажил хөдөлмөр эрхлээд цалин хөлс гайгүй аваад явж байгаа нэгнийхээ гэр орноос хулгай хийдэг. Хууль бусаар ажиллаж байгаа хүмүүсээ барьж өгөөд мөнгө авдаг. Бие биенийгээ дээрэмдэж, зоддог байдал бараг өдөр бүр гардаг гэх. Түүнчлэн ажиллаж байгаа газрынх дарга нарт ар хударгаар нь муулж, өөрөө сайн нэр олж, нутаг нэгтнээ гудамжинд гаргасан тохиолдол ч хаа сайгүй. Залилж мэхлэх, байгааг нь тонох явдал ч зогсдоггүй гэдэг. Ер нь монголчуудын дунд аль өнгөтэй өөдтэй яваа нэгнийгээ үнэн голоосоо үзэн ядаж, жигшин зэвүүцэх нь хүнд байж болох зан чанар гэдэг ойлголт байдаг бололтой. Ямар ч хүнийг сайнаар харахаа больж, таньдаг нэгнийгээ “Тэр хэзээ тийм байсан юм. Нэг муу хогийн амьтан л байсан шүү дээ. одоо харин их сэхэж, томорсон байна” гээд л муулдаг наад захын жишээ Монголд элбэг.

Нэгнийгээ үзэн яддаг, хайрлаж энэрэх сэтгэлгүйгээр зэрлэгээр зодож байгаа нь монголчуудыг дэлхийд муухай харагдуулж байна. Монголчуудын нэгнийгээ үзэн яддаг энэ муухай сэтгэхгүйг өөрчлөх цаг нь болжээ. Хэдий болтол дэлхийд монголчууд хүний адаг шаар гэж хэлүүлж явах юм бэ. Элэг нэгт цөөхөн монголчууд бие биенийгээ хайрлахгүй юм бол өөр улс орны харь хүмүүс биднийг ойлгож хайрлах нь юу л бол. Нэгнийгээ шазуур зуун үзэн ядаж, жигшин зэвүүцлээ гээд бидний хэн нь ч юу ч хожоогүй. Гадаадад амьдарч байгаа монголчууд нэгнийгээ хайрлаж хамгаалаагүйнх нь төлөө тухайн улс орноос нь эргүүлэн татдаг хууль, журамтай болмоор байна. Улсынх нь зүгээс ямар нэг хариуцлага ногдуулдаг болох хэрэгтэй. ингэж байж хариуцлагатай, журамтай, хүн ёсоор биш юмаа гэхэд хуулийн өмнө биенээ хүндэлж, аливааг тэвчдэг болох зам руу орно. Мөн хүүхдүүдээ багаас нь монголчуудаа хайрлаж, хүндлэх ухааныг суулгах ажлуудыг одооноос хийж эхэлмээр байна. Тэгэхгүй бол нэгнийхээ аминд хүрэхээр улайрсан бух шиг л дайрч, цус нөжтэй нь хольчихоод юу ч болоогүй юм шиг шүлсээ хаяад хээв нэг зогсож байна шүү дээ, монгол залуус.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

“Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа”-нд оролцогчдын хүсэлтийг авч эхэллээ

Нийслэлийн Газрын албанаас “Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа”-г зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2017 оны 12 дугаар сарын 08 өдрийн 10.00 цагт нээлттэй явагдана. Дуудлага худалдаа Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг худалдах юм. Тухайлбал,

  • Баянзүрх дүүрэгт-2
  • Хан-Уул дүүрэгт-15
  • Сонгинохайрхан дүүрэгт-4
  • Налайх-5
  • Багахангай-3
  • Багануур дүүрэгт-1 байршил байна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг өнөөдрөөс буюу 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана. Дэлгэрэнгүй мэдээллийг www.gazar.ub.gov.mn хаягаар авах буюу 315712, 96096800 дугаарын утсаар авч болно гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Жолооч шалгагч нар томуугийн вакцинд хамрагдлаа

“Зорчигч тээврийн нэгтгэл”, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч, сувилагч нар хамтран нийслэлийн иргэддээ нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлдэг жолооч, шалгагч, инженер техникийн ажилтнуудыг ханиаднаас урьдчилан сэргийлэх вакцинд хамрууллаа. Томуугийн вакцинд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 540 ажилтан хамрагдсан юм. Насны хувьд 25-49 насны 386, 50-64 насны 121, 16-24 насны 30 ажилтан вакцин хийлгэсэн. Ханиаднаас урьдчилан сэргийлэх вакцинд жил бүр ажилчдыг хамруулдаг бөгөөд энэ жил Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Б.Очинхорлоо эмчтэй баг вакциныг хийлээ гэж “Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Сонсгол хийх эсэхийг өнөөдөр шийднэ

УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дэргэдэх ажлын хэсэг 14:00 цагт хуралдана. Хуралдаанаар Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайд Б.Хурцыг томилохтой холбогдуулан нээлттэй сонсгол хийх эсэх асуудлыг шийдэх ёстой. УИХ-ын 21 гишүүн Б.Хурцын томилгоотой холбогдуулан нээлттэй сонсгол хийх санал гаргасны дагуу УИХ-ын даргын зөвлөлөөс ажлын хэсэг байгуулж, энэ асуудлыг шийдэх үүрэг өгсөн юм. Нээлттэй сонсголыг хийхээр болбол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос нээлттэй сонсголыг долоо хоногийн дотор зохион байгуулах юм. Мөн хэвлэл мэдээлэлд нээлттэй байх эсэхийг ч шийдэх юм.


Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намаас мэдэгдэл гаргалаа

Сүүлийн үед эдийн засгийн хямралаас шалтгаалан улсын төсвийн орлого огцом буурсан 2012-2016 онуудад суурь эдийн засгаа дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” болон бүтээн байгуулалтын ажлуудыг тухайн үеийн Монголбанк, Засгийн газар хамтран, Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрийн дагуу хэрэгжүүлсэн билээ.

Бодит үр дүнгээ өгсөн энэхүү бодлогыг илт мушгин гуйвуулж үгүйсгэх, гардан хэрэгжүүлсэн төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчдийг гүтгэх, гэмт хэрэгт хамаатуулах оролдлогууд гаарч, олон нийтэд буруу ташаа мэдээлэл хүргэн, улс төрийн зорилго агуулсан үндэслэлгүй сурталчилгаа тархаж байгаа тул Ардчилсан нам энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Монголбанк нь төр, эдийн засгийг холбогч гүүр бөгөөд төрийн бодлогын шинжтэй хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хуулиар хүлээсэн үүрэг бүхий байгууллага мөн. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр 2008-2012 онуудад Оюутолгойн Хөрөнгө оруулалтаас үүссэн эдийн засгийн огцом тэлэлтийн сөрөг үр дагавар болон инфляцийн хөөрөгдлөөс бий болсон үнийн огцом өсөлтийг хязгаарлаж, ганц тулгуурт уул уурхайн хараат эдийн засгийн хямралыг зогсоож чадсан байдаг.

2010-2014 онуудад инфляцийн төвшин 14 хувь хүртэл өсч байсан нь 2010, 2011 онуудад хэт тэлсэн төсвийн зардал, санхүүгийн эх үүсвэрийн тооцоогүй улс төрийн популист амлалтаа биелүүлэхийн тулд 2010-2012 онуудад нийгэмд хавтгайруулж тараасан бэлэн мөнгө, элдвийн хөнгөлөлт, урамшууллын нэмэгдэл зэрэг хэрэглээг дэмжсэн бодлого явуулж байсны хор уршиг юм. Энэ үед хэрэглээний барааны импорт 43 хувиар өсч байсан төдийгүй зөвхөн 2011 онд нэг тэрбум ам доллараар том оврын суудлын автомашин худалдан авч тансаглаж байсан зэрэг алдааг давтах учиргүй юм.

Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний зах зээлийн үнэ өндөр байсны үр дүнд эдийн засаг 17%-ийн өндөр өсөлттэй байсан 2010, 2011 онуудад Засгийн газарт болон өрх гэрийн төвшинд хуримтлал үүсгэж чадаагүй нь харамсалтай.

2012 онд 4,4 тэрбум ам.доллар байсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2014-2015 оны нийлбэр дүнгээр 386 сая ам.доллар болж буурснаар 2013-2014 онд эдийн засагт 6.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөний нийлүүлэлт дутагдаж эхлэхэд Ардчилсан намд хямралыг зогсоох, эдийн засгийг дэмжихээс өөр гарц байгаагүй бөгөөд авч хэрэгжүүлсэн зөв, зүйтэй бодлого гүнзгийрч болзошгүй хямралаас нийт иргэдээ хамгаалсан билээ.

“Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсний үр дүнд:

-Гурван жилийн турш төгрөгийн ханш 600 төгрөгөөр суларч байхад шатахууны үнийг тогтвортой барьж чадсан.

-Жил бүр 30 хувиар өсдөг байсан махны үнийн өсөлтийг зогсоож, махны үнээс үүдэлтэй инфляцийг тэглэсэн.

-Хямралын үед гурилын үнийг нэмэгдүүлээгүй тогтворжуулсан.

-Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт 2012 онд 14% байсныг 1-2%-д хүргэж бууруулсан.

-Уул уурхайн хямралын уршгаар хөдөө аж ахуй, барилга угсралт, дэд бүтцийн салбарт ажлын байр 200 мянгаар алдах эрсдэлийг арилгасан.

-Ипотекийн зээлээр гуравхан жилийн дотор шинээр 100 мянган өрх, 410 гаруй мянган иргэнийг орон сууцжуулж, агаарын бохирдлыг бууруулах бодитой ажил хийгдсэн билээ.

Тухайн үеийн Монголбанк Засгийн газрын хамтарч хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд болон бүтээн байгуулалтын ажлууд нь нийгэм, эдийн засаг, ард иргэддээ өгсөн бодит өгөөжийн хэмжүүр байсан юм.

Өнөөдөр эдийн засгийн уналт зогсож, уул уурхайн сэргэлт эхэлсэн таатай он жил гарч байгаа боловч 2008-2012 оны эдийн засгийн өсөлттэй жилүүдэд гарч байсан төрийн санхүүгийн системийн үр ашиггүй байдал, алдаа завхралуудыг засах, төсвийн алдагдал болон өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийн үр өгөөжийг иргэдэд хүргэх бодлого орхигдож байна. 2017 оны төсвийн алдагдал Монгол улсын түүхэнд байгаагүй их хэмжээнд буюу 2 их наяд 711 тэрбум төгрөгт хүрсэн.

Засгийн газрын нийт өр 2016 оны 2 дугаар улиралд 16 их наяд 612 тэрбум төгрөг байсан бол 2017 оны 3 дугаар улиралд 21 их наяд 878 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээнд хүрснээр нэг жилийн хугацаанд 5 их наяд 266 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь Ардчилсан нам эрх барих дөрвөн жилийн хугацаанд элдвээр гутаалган байж их бүтээн байгуулалтыг өрнүүлэхдээ ашигласан Чингис, Самурай бондын мөнгөн дүнг хоёр дахин нугалах хэмжээний их өр тавигджээ. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгддэг нийтэд “чимээгүй хулгайч” гэж нэрлэгддэг инфляц нэг жилийн хугацаанд даруй таван хувиар нэмэгдэж цаашид үргэлжлэн өсөх хандлагатай байна.

Иймд уул уурхайн гадаад зах зээлд үүссэн таатай нөхцөлийг ашиглаж орлогын зохистой менежмент хийх, эдийн засгийн үндсэн суурийг төрөлжүүлэх төслүүдийг эхлүүлэх, бизнес, бүтээн байгуулалтыг дэмжиж эдийн засгаа сэргээх, иргэдээ ажилтай, орлоготой байлгах талаар санаачлагатай, хурдтай ажиллахыг эрх баригч Монгол Ардын Нам болон түүний Засгийн газраас шаардаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга 15 иргэнд орон сууцны түлхүүр гардуулан өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилга, банк санхүүгийн салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж чадаж байгаа юм.

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас энэ оны аравдугаар сард 16 иргэн сангийн шаардлагыг хангаж орон сууцны түлхүүрээ гардан авч байсан бол өнөөдөр15 иргэн орон сууцныхаа түлхүүрээ хотын даргаас гардан авлаа.

Иргэдэд байрны түлхүүр гардуулж өгөх үеэрээ хотын дарга Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, үүнээс үүдэн иргэдийн эрүүл мэндэд учирч буй хор нөлөөг багасгах чиглэлээр онцгой анхаарч, бодит үр дүнд хүрэх, шуурхай ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгааг дурдаад “Энэ өвөл Улаанбаатар хотод байгаа 113 сургуулийн 3520 гаруй анги танхимд, 277 цэцэрлэгийн 1860 гаруй бүлэг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн байгууллагын 503 хүүхдийн тасаг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн 100 гаруй эмчилгээний тасаг нийтдээ 5600 гаруй анги танхим, бүлэг, эрүүл мэндийн байгууллагын тасгуудыг агаар шүүгчээр хангах болно” гэдгээ хэллээ.

Баянзүрх дүүргийн 22-р хорооны иргэн Ц.Мөнхсүлд “Юуны өмнө шинэ байртай болсондоо туйлын их баяртай байгаагаа хэлмээр байна. Энэ хөтөлбөр үнэхээр нүдээ олсон ажил болсон. Цаашдаа олон иргэд хамрагдаасай гэж хүсч байна” хэмээв.

Чингэлтэй дүүргийн 7-р хорооны иргэн Б.Буянхишиг “Одоо байгаа газартаа 1982 оноос хойш амьдарч байна. Хотын удирдлагуудынхаа санаачлан хийж буй ажилд хамрагдан, урдчилгаа төлбөрөө төлүүлж, байранд орох болсондоо баяртай байна. Та бүхэндээ талархсанаа илэрхийлье” хэмээлээ.

Би СХД-ийн 31-р хорооны иргэн Р.Түмэн-Эрдэнэ “Орон сууцанд орох гэж тал бүрээр хөөцөлдөж байсан. Урдчилгаа 10 хувь болохыг хүлээж байгаад энэ хөтөлбөрийн талаар сонсоод хөөцөлдөж эхэлсэн. Өнөөдөр байрныхаа түлхүүрийг авч байна. Энэ ажлыг хэрэгжүүлж байгаа хотын удирдлагууд болон бусад холбогдох хүмүүст талархсанаа илэрхийлье. Хүний амьдрах орчин нөхцөл гэдэг бол маш чухал зүйл байдаг” хэмээн ярилаа.

Нийслэлийн удирдлагын зүгээс агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү сан юм. Үүгээр дамжуулан зах зээл дээр борлуулагдаагүй 15,000 орон сууцыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцөлөөр орон сууцанд хамруулахыг зорин ажиллаж байгаагаа хотын дарга хэлээд, Энэхүү сангийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаа арилжааны банкнуудад мөн талархаж байгаагаа илэрхийллээ.

Гэр хорооллын хөгжүүлэх сангийн үйл ажиллагаагаа цаашид тогтмол үргэлжлэх бөгөөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хүлээн авч байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж дэмжлээ

baingiin horoo

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсний “… эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан…” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн Үндсэн хуулийн цэцийн 2017 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар оролцсон байна.

Тэрбээр “Зөрчлийн тухай хуулийн төслийг 2014 онд боловсруулсан. Дээрх заалтад иргэний эвлэлдэн нэгдэх, жагсаж цуглах эрхийг огт хөндөөгүй. Харин улс төрийн нам, хүчин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өөрсдийнх нь хүсэл зоригоос ангид байдлаар жагсаал, цуглаанд оролцуулан ашиглаж буй байдлыг зөрчил хэмээн үзэж, хариуцлага ногдуулж өгнө гэдэг хүсэлт иргэдээс олноор ирснийг төсөлд тусган, хууль батлагдсан. Харин Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтад “хүсэл зоригийнх нь эсрэг” гэдэг үг бичигдээгүй учраас хөгжлийн бэрхшээлтэй хүний жагсаал, цуглаанд сайн дураараа оролцох эрхийг хязгаарлах боломжийг бүрдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн дээрх заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан” гэлээ.

Хуралдааны төгсгөлд Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “… эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан…” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “…Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэснийг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “…Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэснийг, Арван зургадугаар зүйлийн 16 дахь хэсгийн “… тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй.” гэснийг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “… Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөнийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томъёоллоор нэг бүрчлэн санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд томъёолол бүрийг 100 хувийн саналаар дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Илсан хотноо “Олон улсын аюулгүй байдлын үзэсгэлэн яармаг” боллоо

БНСУ-ын Илсан хотын Кинтекс үзэсгэлэнгийн цогцолборт 11 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд “Олон улсын аюулгүй байдлын үзэсгэлэн яармаг” болсон билээ.

Тус улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам, Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамнаас зохион байгуулсан уг үзэсгэлэн яармагт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Бүгд Найрамдах Солонгос Улсын Объектын гал түймэр унтраах болон иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах виртуал сургалтын програм үйлдвэрлэгч “Хэрос Он Файр”, барилгын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтын програм үйлдвэрлэгч “Эм Лайн Студио”, гал гарсан үед гал гарсан барилгаас аюулгүй гарах сургалтын програм үйлдвэрлэгч “Жунсинара”, цаг уурын хөдөлгөөнт мэдээллийн систем үйлдвэрлэгч “Кория Дижитал” компаниудтай экспортын зөвлөгөөн хийж, сүүлийн үеийн дэвшилтэт техник тоног, төхөөрөмжүүдийг Монгол Улсын Онцгой байдлын албанд нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцон, үнийн санал болон шаардлагатай бусад мэдээллийг авлаа.

Мөн үзэсгэлэн яармагийн үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал БНСУ-ын Үндэсний галын удирдлагын газрын дарга ноён Жү Жонгмүүктэй уулзаж, цаашид хоёр байгууллагын гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, 2006 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод байгуулсан Монгол Улсын Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, Бүгд Найрамдах Солонгос Улсын Онцгой байдлын ерөнхий газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчилж, байгууллага хоорондын гэрээ болгон хамтын ажиллагааны чиглэлийг өргөжүүлэх, тус гэрээг үзэглэх талаар санал солилцон, гэрээний төслийг ноён Жү Жонгмүүкт танилцуулсан юм.

Түүнчлэн Бүгд Найрамдах Кыргыз Улсын Онцгой байдлын сайд, хошууч генерал Нассер Бороновтой уулзаж, хоёр байгууллагын гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагаа болон харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцов.

“Олон улсын аюулгүй байдлын үзэсгэлэн яармаг”-т Бүгд Найрамдах Солонгос Улс болон бусад улс орнуудын нийт 400 гаруй аж ахуйн нэгж байгууллага, компани, үйлдвэрлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож, гамшгаас хамгаалах, гал унтраах, үйлдвэрлэл, олон нийт, төрийн үйлчилгээ, усан, төмөр, авто замын аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн зориулалтын сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөө танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.