Categories
мэдээ нийгэм

АЗХ-г хараат бус залуучуудын байгууллага болгоно

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийг сонгох сунгаа Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Чингис хотоос эхэллээ. Нэр дэвшигчид 21 аймаг, есөн дүүргийн гишүүдтэйгээ уулзаж, нууц санал хураалтаар ялагчаа тодруулах юм. Сунгааг нээж Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэлэхдээ “Намын шинэчлэлийн түүчээг амжилттай үргэлжлүүлж байгаа залуучууддаа талархал илэрхийлье. Мөн нэр дэвшиж байгаа хоёр залуудаа амжилт хүсье. Та бүхэн цэвэр бодлогоор өрсөлдөж, шударга бус өрсөлдөөнөөс татгалзана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Мөн АЗХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийн комиссын дарга Н.Ганибал нэр дэвшигчдэд амжилт хүсээд “Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээс хойш намдаа шинэчлэлт хийж, бодлогын нам болж олон асуудлыг ардчилсан системээр шийдэж байна. Тэр дундаа бүх гишүүдийнхээ саналаар намын дарга болон ерөнхийлөгчид нэр дэвшигчээ сонгосон байдаг. Энэ удаад мөн адил АЗХ-ыхоо ерөнхийлөгчийг нууц санал хураалтаар тодруулахаар болсон нь нам бүхэлдээ шинэчлэгдэж байгааг харууллаа” гэсэн юм.

Дараа нь нэр дэвшигч Б.Болор-Эрдэнэ, С.Эрдэнэболд нар мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Нэр дэвшигчид хандив, дэмжлэг өгсөнд нь үйлчлэх биш хараат бус Ардчилсан залуучуудын холбоог бий болгохын төлөө зүтгэнэ гэсэн зарчим дээр санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн нь АЗХ-ны гишүүдийн талархлыг хүлээсэн юм. Мөн энэ үеэр Хэнтий аймгийн АЗХ-ны даргаар Баатарсүрэнгийн Төрболдыг сонголоо.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Доржсүрэнгийн Сумъяа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

Categories
мэдээ нийгэм

“Айтүүлс” компани 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө босгохоор IPO гаргав

Мэдээллийн технологийн салбарт Хөрөнгийн Биржээс босгож буй анхны хөрөнгө оруулалт болох IPO амжилттай болбол мэдээллийн технологийн компаниуд хөрөнгийн зах зээлд орох боломж нээгдэнэ хэмээн Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай онцолж байна.

Монголын Хөрөнгийн зах зээлд мэдээлэл технологийн чиглэлээрх анхны хувьцааг босгохоор “Айтүүлс” ХК анхдагч хувьцаагаа өнөөдөр нийтэд санал болголоо.

Зургаан жилийн туршид интернетийн технологид суурилсан дата төвийн үйлчилгээ болон домэйн нэрийн бүртгэл, и-мэйл зэрэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор нь үзүүлж буй Айтүүлс ХК нь мэдээлэл технологийн салбарт анхны “IPO”-г гаргаж буй нь энэ юм. Тус компани олон улсын TIER III стандартыг хангасан газар зүйн нөөц дата төвийн паркийг Дархан хотод байгуулахаар ажиллаж буй бөгөөд уг төвийг барихад шаардлагатай 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгийг нийт хувьцааныхаа 38.86 хувиас босгохоор зорьжээ.

“Айтүүлс” ХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч А.Баттамир ярихдаа, “Айтүүлс ХК нь 2015 онд олон улсын TIER II стандартын шаардлагыг хангасан дата төвийг Улаанбаатар хотод байгуулан, амжилттай ажиллуулж, улмаар 2016 онд дата төвийнхөө хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлсэн. IPO гаргаснаар дата төв байгуулах төсөлд хөрөнгө татахын зэрэгцээ мэдээлэл технологийн салбарт дэд бүтцийг хангах дата өгөгдөл болон компанийнхаа засаглалыг сайн засаглалаар удирдуулахыг зорьж буй юм. Манай компанийн хувьцаа Монголын хөрөнгийн биржид ITLS кодоор бүртгүүлсэн бөгөөд нэгж хувьцааг 100 төгрөгөөр олон нийтэд санал болголоо. MSE:ITLS-г худалдан авахын тулд иргэд хувьцааны данс нээлгэсэн байх шаардлагатай бөгөөд Хөрөнгийн биржийн гишүүн 58 үнэт цаасны компаниар зуучлуулан авах боломжтой” гэлээ.

Анхдагч зах зээлээс Айтүүлс ХК-ийн хувьцааг худалдан авах захиалгын хугацаа өнөөдрөөс эхлэн 10 хоног үргэлжлэх юм байна. Айтүүлс ХК олон нийтээс татан төвлөрүүлэх хөрөнгөөр паркийн барилга, дэд бүтэц, тоног төхөөрөмж, тавилгыг худалдан авахад зарцуулах юм байна. Ингэснээр дата төвийн паркийн байнгын аюулгүй ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдал, гадны халдлагаас хамгаалах орчин бүрдэнэ гэдгийг албаныхан тодотголоо.

Categories
мэдээ нийгэм

Ахлагч Б.Гантулга гэнэтийн бүлэглэлийн халдлагыг зогсоожээ

Бүгд найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй UNMISS ажиллагааны VII ээлжийн мотобуудлагын батальоны захирагч, хурандаа Д.Энхбаатараас Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал даргатай Онцгой байдлын ерөнхий газрын хамт олонд талархал ирүүлжээ.

Уг талархалд, UNMISS ажиллагааны VII ээлжийн мотобуудлагын батальонд Онцгой байдлын албанаас үүрэг гүйцэтгэж байгаа усчин аврагч, ахлагч Б.Гантулга нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Бентью хот дахь Дотоодын дүрвэгсдийн хуаранд үүссэн гэнэтийн бүлэглэлийн халдлагыг хүч хэрэглэх дүрмийн дагуу шийдвэртэй арга хэмжээ авч НҮБ-ын мандатад заагдсан албан үүргээ үлгэр жишээчээр биелүүлсэн учир танай анги хамт олонд батальоны удирдлага, бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Цаашид Онцгой байдлын албаны хамт олон үргэлж манлайлагч нь байж, олон шилдгүүдийг эгнээнээсээ төрүүлнэ гэдэгт итгэл төгс байна” гэжээ.

Ахлагч Б.Гантулга нь Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын усчин аврагчаар зургаа дахь жилдээ ажиллаж байгаа шилдэг залуу алба хаагч юм. Тэрээр Хөвсгөл далайд 32 метрийн гүнд аврах ажиллагаанд оролцож байсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Д.Сумьяа Монголын эмэгтэй тамирчдаас төрсөн хоёр дахь Хөдөлмөрийн баатар боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар олимпийн наадмын мөнгөн медальт, Дэлхийн аварга Д.Сумьяад Хөдөлмөрийн баатар, Дэлхийн аваргын хүрэл медальт Г.Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин олгосныг өнөөдөр гардууллаа.

Д.Сумьяа 2017 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж Монгол улсын түүхэнд дөрөв дэх алтан медалийг авчирсан юм.

Д.Сумьяа “Өнөөдөр төр засаг маань миний гаргасан амжилтыг үнэлж Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа . Үүнийг жүдо гэх спортын төлөө гаргасан хөдөлмөрийг маань үнэллээ гэж ойлгож байна. Энэ амжилтаа бататгаж ахиулахын төлөө өөрийгөө илүү дайчилж өндөр амжилт үзүүлэхийн төлөө хичээнээ” гэж хэлсэн юм.

Энэ үеэр Д.Сумьяагийн багш Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Эрдэнэт-Одтой ярилцсан юм.

Таны халааг авч, барилдаж буй шавь тань өнөөдөр Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Багш болсон хүний хувьд маш сайхан тэмдэглэлт өдөр тохиож байна. Монголын эмэгтэй жүдочоос анхны , эмэгтэй тамирчдаас хоёр дахь Хөдөлмөрийн баатар болж байна даа. Энэ шагналыг өөрөө авчихсан мэт баярлаж сууна.

Шинэхэн хөдөлмөрийн баатар маань цолоо мялааж Абу Дабигийн гранд слам тэмцээнд түрүүллээ. Мөн жингийн гол өрсөлдөгч олимпийн аварга Силваг шигшээ барилдаанд хожлоо шүү дээ.

-Тиймээ. Тэмцээндээ оролцчихоод утсаа асаатал энэ сайхан мэдээг дуулсан даа. Абу Дабигийн гранд сламын хувьд чансаа өндөр шилдэг тамирчид оролцдог том тэмцээн. Энэ удаа Бразилийн шилдэг тамирчин Силватай олимпийн наадмаас хойш барилдалгүй байж байгаад шигшээд таарч хожсон. Энэ барилдаан Дэлхийн жудо бөх сонирхогчидын анхаарлын төвд байсан. Чухал тулаанд Д.Сумьяа маань илүүрхэж хоорондын харьяцааг 5:2-оор тэргүүлж эхэллээ.

-Д.Сумьяатай хэдэн жилийн турш хамтарч ажиллаж байгаа вэ?

-10 орчим жил болж байна даа. 2008 оны олимпийн наадмын дараа зодог тайлаад дасгалжуулагч болоход л Д.Сумьяа над дээр ирж байсан. Хоёр жил орчим хичээллээд анхааралд өртсөн. Мэдээж тэр үеийн Сумьяа одоогийнхтой ижил байгаагүй. Уйгагүй хөдөлмөр хичээл зүтгэлийн үр дүнд өнөөдрийн өндөрлөгт хүрч байгаа. Шавь маань миний хүрч чадаагүй амжилтыг гаргаж байгаад нь үнэхээр баяртай байгаа.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийж, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэлээ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар аймаг, орон нутгийн удирдлагуудтай өнөөдөр цахим хурал хийлээ.

Манай Засгийн газар улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө зоримог, тууштай, бүтээлч ажиллаж, үр дүнд суурилсан, хариуцлагатай, сахилгатай Засгийн газар байх болно гэдгийг аймгийн Засаг дарга нарт хэллээ.

Сүүлийн жилүүдэд манай улсад сахилга, хариуцлага бүх шатанд суларч, дэг журам, шударга ёс алдагдсан. Засгийн газар өөрөөсөө эхэлж, хариуцлага сахилга батыг эрс сайжруулан үлгэрлэн манлайлж, төрийн болон орон нутгийн захиргааны бүх шатны байгууллагаас ажлын хариуцлага, сахилга дэг журмыг сайжруулахыг шаардана. Орон нутгийн удирдлагууд та бүхэн ч нутаг дэвсгэртээ энэ асуудлаар өөрсдөө үлгэр жишээ үзүүлж, нутгийн захиргааны бүх шатны байгууллагаас ийм зарчим барьж ажиллаарай гэлээ.

Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгавар гарсан. Энэ даалгаврыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт сахилга, хариуцлагыг өндөржүүлэх, төрийн албаны ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигаас ангид байх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай зохион байгуулах зэрэг тодорхой асуудлыг тусгасан. Засгийн газар нутгийн захиргааны бүх шатны байгууллагад зөвхөн хууль дээдлэх, ёс суртахуунтай байх зарчмыг шаардаж ажиллана гэдгийг Г.Занданшатар сайд анхааруулаад аймгийн Засаг дарга нар өгсөн үүрэг даалгаврынхаа гүйцэтгэл, дотоод хяналт, шалгалтаа эрс сайжруулж, бодит үр дүн шаардаж ажиллахыг үүрэг болгов.

Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр энэ өвөл цас ихтэй, хүйтэн өвөл болох төлөвтэй. Намрын дунд сард багагүй хэмжээний цаг орж, эхний дохио өглөө. Өнгөрөгч зун манай орны нийт нутгийн 75 хувь нь гантай, гандуу байлаа. Иймд орон нутгийн удирдлагууд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлд онцгой анхаарч, болзошгүй хүндрэлийг урьдчилан тооцож, төлөвлөж ажиллах хэрэгтэй. Алслагдсан болон даваа саад ихтэй сумын төв, суурин газруудад нүүрс, шатахууны нөөцийг хангалттай бүрдүүлэх, гэр хорооллын өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифийг аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай суурин газарт 50 хувиар бууруулж, хөнгөлөлт үзүүлж, ажиллах ёстойг хэллээ.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар цахим хурлын үеэр аймаг орон нутгийн удирдлагын санал хүсэлтийг сонсч, тулгамдаад буй зарим асуудлыг шийдвэрлэлээ.

Эдийн засаг хүнд байгаа ч манай Засгийн газар сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна. “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлж, аймаг, нийслэлд цэцэрлэг, цэцэрлэгийн өргөтгөл нэмж барина. Гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжтэй болгоно гэлээ. Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт, Цагаанхадны гаалийн хяналтын бүсийн нөхцөл байдлыг сайжруулахаар Уул уурхайн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын хамтарсан ажлын хэсэг гаргаж, ажиллуулна. Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын зээлийг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийг ажлын байртай болгоход зарцуулахаар төлөвлөсөн гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар аймгийн удирдлагуудын асуултад хариулах үеэрээ хэллээ. Бусад асуудлыг судалж үзээд шуурхай шийдвэрлэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН хоёр нам болж салах уу

Image result for МАН

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар хоёр хуваагдсан МАНын талцал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. 2016 оны УИХын сонгуулийн дараа нэг намд хэтэрхий их эрх мэдэл өгчихлөө гэж байсан бол одоо айлтгүй болжээ. Өөрөөр хэлбэл МАН дотроо хуваагдаж хоёр намаас өөрцгүй болчихлоо. Уржигдар л гэхэд МАНын бүлэг хуралдсан. Энэ үеэр Ерөнхийлөгчийн зүгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тавьсан хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэх гэсэн ч саналаа нэгтгэж чадаагүй байна.

Тиймээс үргэлжлүүлэн “Эрдэнэс МГЛ” компанийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяанд оруулах асуудлыг ярилцжээ. Одоогоор тус компани Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мэдэлд байгаа. Үүнийг 32ынхон хүчтэй эсэргүүцсэн гэнэ. Хэдийгээр салбарын яам нь уул уурхайн компаниа харьяандаа авбал зөв шийдвэр байж болох ч нөгөө талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар буюу Ерөнхийлөгч Х.Баттулгын томилгооны хүн очсон байгаа. Тиймээс МАНынхан “Эрдэнэс MГЛ” ХХКийг Ерөнхийлөгчийн халаас руу хийчихэж байгаа гэсэн үг.

Үүнээс болоод бүлгийн хурал дээр зодоон болохоос наагуурх маргаан дэгдсэн гэнэ лээ. Харин өчигдөр чуулганы өмнө Төсвийн байнгын хороо хуралдаж Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн асуудлыг хэлэлцэх байсан ч 32, 33-ынхан тохиролцож чадаагүй учраас ирц бүрдээгүйн улмаас хуралдаж чадаагүй. Уг нь бол гишүүд ордонд байгаагүй биш байсан. Тиймээс 11:00 цаг өнгөрөөж чуулганы хуралдаан эхлүүлсэн. Чуулганаар Төрийн албан хаагчдын тухай хуулийг хэлэлцээд ганцхан цаг болов уу үгүй юу үдээс өмнөх хуралдааныг завсарлуулчихав.

Ингээд гишүүд урьдын хуваагдсанаараа шууд л Ж.Эрдэнэбат, Н.Энхболд нарын өрөө рүү гүйж албан бусаар хуралдаж эхэлсэн юм. Эх сурвалжуудын хэлж буйгаар У.Хүрэлсүхийн фракцийнхан Ч.Хүрэлбаатарыг явуулахыг хүсэхгүй байгаа ч дараагийн үр дагавраа бодоод толгой нь гашилж буй сурагтай. Учир нь хэрэвзээ энэ удаад Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар нь үлдээчих юм бол Ерөнхийлөгчийн зүгээс ямар ч алхам хийж магадгүй байгаа юм.

Томоохон, бодлогын шийдвэр гаргах үед Ерөнхийлөгч энэ мэтээр хориг тавьж ажлыг нь урагшлуулахгүй байх магадлалтай. Үгүй юмаа гэхэд Засгийн газар байгуулагдсан цагаасаа л хэл ам дагуулахыг хүсэхгүй нь мэдээж. Ядаж 192 мянган төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нэг удаагийн нөхөн олговор олгохыг шүүмжилж байна. Бас Ерөнхийлөгч уг шийдвэрт хориг тавина гэдгийг Тамгын газрын дарга нь илэрхийлчихсэн.

Үүнээс болоод 300 мянган төгрөг олго гэж шахсан С.Чинзориг, Ц.Цогзолмаа нартайгаа Ч.Хүрэлбаатар түнжин тааруу байгаа сурагтай. Харин нөгөө талд М.Энхболдын 32-ынхон Ч.Хүрэлбаатараар далимдуулж засгийг ганхуулъя гэж төлөвлөөд эхэлсэн гэсэн. Бүр иймэрхүү байдлаар муухай харагдуулж байгаад намынхаа Их хурлын үеэр наанадаж даргын суудлаа У.Хүрэлсүхэд өгөхгүй, цаанадаж Засгийн газрыг нь огцруулах хэмжээнд хүргэж болзошгүй нөхцөл байдал үүсгэжээ. Бас зарим нь барьцаа улам лавшруулахдаа дэд сайд, агентлаг, газрын дарга нар дээр гайгүй тохироо хийх гэж байж ч мэднэ. Иймэрхүү нөхцөл байдалтайгаар УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн хоёр талд гарсан хэвээр байна.

Өчигдөр 14:00 цагийн үед УИХ-ын дарга М.Энхболдын өрөө рүү бүлгийн дарга Д.Хаянхярваа хар гүйхээр орж явсан. Түүнийг орсноос хойш тун удалгүй УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат явж орно лээ. Араас нь хагас цаг орчмын дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх бас л орсон юм. Ингээд М.Энхболд, У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат нар цаг гаруй “хуралдаад” 15:20 цагийн үед бөөнөөрөө чуулганы танхим руу орцгоосон. Удалгүй бүлгийн дарга чуулганаас завсарлага авсан юм. Бүлгийн дарга Д.Хаянхярвааг чуулганы танхимаас гарч ирэх үед тодруулга авахад “Төсвийн зарим нэг зүйл, заалттай холбоотойгоор тав хоногийн завсарлага авлаа. Мөн гадуур дотуур яригдаад байгаа юмнуудад ямар үндэслэл байна вэ гэдгийг судалж үзье гэсэн. Хуульд хэр нийцсэн байна вэ гэдэгт анхааръя гэсэн зорилготой байгаа. Бүлэг өнөөдөр хуралдах байх. Ямар асуудал хэлэлцэхээ тогтчихоод хурлаа зарлана” гэв. Харин хоёр талд хуваагдаж буй талаараа “Бид хоёр талд хуралдаагүй. Бүлэг одоо л хуралдах гэж байна” хэмээв. Улмаар бүлгийн хурал зарласан ч бас л ирц хүрээгүй шалтгаанаар өнөө өглөө эрт хуралдахаар болжээ. Бүлгээр хэлэлцэх гол зүйл нь ирэх оны төсвөөс илүүтэй Ч.Хүрэлбаатарын асуудал гэдэг нь ойлгомжтой. Хэрэв тэд энэ долоо хоногт учраа олж тохиролцож чадахгүй бол Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа ирэх долоо хоногийн пүрэв гаригт дуусна. Хэдийгээр байнгын хорооны хурал дээр Ерөнхийлөгчийн санал дэмжигдээгүй ч гэлээ одоо бол асуудал хурцадчихсан байгаа. Хэрэвзээ гишүүдийн гуравны нэг нь Сангийн сайдын эсрэг саналаа өгчих юм бол У.Хүрэлсүхийн Засгийн газар хэсэг хугацаанд Сангийн сайдгүй ажиллахаас өөр аргагүйднэ. Үүнтэй уялдаад ирэх оны төсөв хэрхэх вэ гэх асуудал үүсэх нь. Өчигдөр МАН 2018 оны төсвөөр тав хоногийн завсарлага авсан гэхээр үндсэндээ 10 хоногт багтаан хэлэлцэж батлах болж байна. Харин МАН-ынхан нэгэнт төсвөөр завсарлага авсан болохоор эхлээд Сангийн сайдын асуудлаа нэг тийш болгохоор шийдсэн бололтой. Юутай ч 65 гишүүн хоёр хуваагдаад зогсохгүй цаашлаад бүр хоёр нам болж салах асуудал ч яригдаж магадгүй болчихлоо.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр НҮБ-ын Суурин төлөөлөгч Беате Транкманыг хүлээн авч уулзлаа.

Шадар сайдаар томилогдсонд нь Суурин төлөөлөгч баяр хүргээд Монгол Улсын Засгийн газар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарч, үр дүнд хүрч байгаад талархал илэрхийлэв. Энэ зорилт олон салбар, өргөн хүрээг хамардаг учир цаашид салбар хоорондын уялдааг сайжруулж, нэгдсэн бодлогоор зангидах шаардлага байгааг Беате Транкман хэллээ.

2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, үр шимийг нь бүх иргэнд хүртээмжтэй хүргэхэд НҮБ-аас үзүүлж буй хүмүүнлэгийн болон хөгжлийн дэмжлэгт талархаж байдгаа Шадар сайд Ө.Энхтүвшин илэрхийлэв.

НҮБ нь Онцгой байдлын албаны орон нутгийн чадавхийг бэхжүүлэх, иргэдийг гамшгаас хамгаалах бэлтгэл эзэмших төсөл хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлээс хамгаалах төрийн бодлого боловсруулахад их хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.

Өнгөрсөн өвлийг өнтэй даван туулахад НҮБ болон олон улс, донор байгууллагаас үзүүлсэн хүмүүнлэгийн тусламж нэн чухал байсныг Шадар сайд онцоллоо. Мөн өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар саяхан Засгийн газартай хамтарч бүх аймгийн удирдлага, Онцгой байдал, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарыг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлсэнд талархал илэрхийлэв.

Мөн уулзалтаар ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын талаар санал солилцов

Categories
мэдээ нийгэм

Сэлбийн дэнжийн айлуудыг дулаанаар хангах дэд станц баригдаж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг бол “Сэлбэ” дэд төвд баригдах дулааны станц юм. Станцыг барьсанаар “7 буудал, Сэлбэ” гээд зуслангийн чиглэлийн зам дагуух гэр хороололд төвлөрсөн дулаан хангамж очих боломж бүрдэнэ. Энэхүү станцыг барих газар чөлөөлөлтийн ажил эрчимтэй хийгдсэний үр дүнд өнөөдөр “Сэлбэ дэд” станцын шав тавих ёслол боллоо. Уг ёслолд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Төслийн захирал, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Азийн хөгжлийн банкны Ерөнхий захирал М.Инду Бушан, АХБ-ны Монгол дахь суурын төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен болон холбогдох албаны хүмүүс, тухайн хэсгийн оршин суугчдын төлөөлөл оролцлоо.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ “Улаанбаатар төдийгүй Монгол улсын засгийн газар, иргэдийн толгойны өвчин бол агаарын бохирдол, утааны асуудал. Үүнийг шийдэх нэг гарц бол орон сууцаар хангах, төвлөрсөн дулаанд холбох ажил юм. Азийн хөгжлийн банк, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Сэлбэ” дэд станцыг барих ажлыг зоригтой эхлүүлж байгаад салбарын сайдын хувьд талархаж байна. Мөн иргэд маань ч дэмжиж, тун удахгүй энэ ажлын үр шимийг хүртэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа томоохон төслийн нэг нь гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх энэ төсөл. Төслийн үр дүнд ойрын хугацаанд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг бий болгох ажлыг эрчимтэй хийж байгаа нь Улаанбаатар хотыг нэг төвтэй хотоос олон төвт хотруу шилжүүлэх бодит алхам юм. Сэлбэ дэд төв ашиглалтад орсноор энэ хавийн айл өрхүүдийг дулаанаар хангахаас гадна шинэ суурьшлын бүс бий болох онцлогтой. Мөн түүхий нүүрсний хэрэглээ жилдээ 15 мянган тонноор буурна. Энэ төсөл нь 320 сая ам.долларын өртөгтэй. Үүний 162 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк гаргаж байгаа. Нийслэлээс 60 сая орчмыг нь гаргана. Үлдсэн хэсгийг донор орнуудаас бий болгох юм” гэдгийг онцоллоо.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр тусгасан. Тухайлбал Улаанбаатар хотыг 6 дэд төвтэй байхаар төлөвлөсний нэг нь Сэлбэ дэд төв юм. Төсөл хэрэгжиж байгаа нутаг дэвсгэрийг хотын шинэ дэд төв болгон хөгжүүлэх төлөвлөгөөг гаргахдаа хөгжлийн зорилго, зорилтыг тодорхойлон иж бүрэн судалгаа хийж бусад төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулан төлөвлөжээ.

Сэлбэ дэд төвийн хүрээнд СБД-ийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 15, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох 158 га талбайд төлөвлөт хийгдсэн байна. 26.68 МВТ хүчин чадал бүхий олон улсын стандартад нийцсэн дулааны станц, дулааны шугамыг олон улсын нээлттэй тендерээр шалгаруулахад “Хүрд” ХХК болон БНХАУ-ын “Шиншианг Гонгшен бойлер” ХХК түншлэл шалгарсан аж. Уг дулааны станц болон инженерийн шугамын ажил хийгдсэнээр 6 мянга орчим өрхийн 25400 хүн төвлөрсөн дулаан хангамж бүхий сууцанд амьдрах боломж бүрдэх судалгааг Азийн хөгжлийн банк хийсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Тамхи татдаггүй ажилтнуудаа илүү амраана

Image result for Тамхи татдаггүй ажилтнууд

Японы “Piala Inc” компани тамхидалтын эсрэг тэмцэх нэгэн шийдвэр гаргасан байна. Тус байгууллага өнгөрсөн сараас шинэ дүрмийг мөрдөж эхэлжээ.

Түүнд дурдсанаар тамхи татдаггүй ажилтан давуу эрх эдэлж, ээлжийн амралтынхаа үеэр тамхи татдаг нэгнээсээ зургаан хоног илүү амрах гэнэ. Токио хотноо байрлах “Piala Inc” компанийн төлөөлөгчийн ярьснаар тамхи татдаг ажилтнууд тамхилна гэсэн шалтгаанаар олон цагийг дэмий өнгөрөөдөг талаар зарим ажилчид гомдол гаргасан. Бид үүний дагуу дээрх арга хэмжээг авсан юм гэжээ. Тус байгууллагын оффис 29 давхарт байрладаг аж. Харин тамхи татахын тулд нэг давхар руу буудаг байна. Үүнд хамгийн багадаа 15 минут зарцуулдаг байна. Тиймээс дээрх компани тамхидалтын эсрэг тэмцэх зорилгоор ийм арга хэмжээг аваад буй юм. Сануулахад, Токио хотноо 2020 онд олимп болно. Тус хотын дарга Ю.Коке олон нийтийн газарт тамхи татахыг хориглох төлөвлөгөө боловсруулах талаараа мэдэгдэж байсан удаатай. Японы хүн амын 18 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа байдаг байна.