Categories
мэдээ цаг-үе

Ц.Цогзолмаа: Би багш нараа үхэртэй зүйрлэх хүн биш ээ

Image result for БСШУС-ын сайд Ц.ЦогзолмааБСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Багш нар цалингаа нэмүүлэхээр өмнөх Засгийн газрын үеэс шаардаж эхэлснээр таныг шинээр томилогдоход асуудал хурцадмал байсан. Үүнийг шийдэх талаар ямар алхам хийж байна вэ?

-Шинэ Засгийн газар байгуулагдаад арваад хонож байна. Ажил хүлээн авахад амаргүй нөхцөл байдал угтсан ч ажлын хүндээс бэрхшээх, асуудлаас зугтах, бүтэшгүй амлалт өгөх эрх надад байхгүй ээ. Энэ салбарыг удирдахаар ирсэн тэр мөчөөс хойш тулгамдсан асуудлыг нааштайгаар шийдэх арга замыг эрэлхийлж, судалгаа хийж, аль болохоор л зөвшилцөж, ойлголцож, үр дүнтэйгээр шийдэхийг хичээн ажиллаж байна. Амралтын өдрүүдэд ч талуудын төлөөлөлтэй уулзаж, хэлэлцээрийн явцтай танилцаж, тодорхой шийдэлд хүрсэн. Тэмцлийн хэлбэрт шилжилгүйгээр ширээний ард сууж ойлголцож, гарцыг олох нь чухал байна.

-Нэг удаагийн буцалтгүй тусламжийг аргацаасан шийдвэр боллоо гэлцэж байна. Бодит ямар үр дүнтэй байх вэ?

-Зөвхөн багш нарын цалингийн асуудал гэлгүй энэ салбарт тулгамдсан асуудлыг цогцоор шийдэх, ажлын нөхцөл байдлыг сайжруулах талаар хамтран ажиллахаар ярилцаж байна. Өнгөрсөн даваа гаригт Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”, Боловсрол, соёл шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, БСШУС-ын яамны төлөөлөлтэй хамтран уулзалт хийсэн юм. Би өөрөө багш хүн. Тийм болохоор яавал багш нарынхаа ахуй хангамжийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж байгааг эрэлхийлж, дэмжиж, хамтран ажиллана. Зөвхөн төсвөөс хамааралтай асуудлууд хуулийнхаа дагуу шийдэгдэнэ. Мөн дотоодын боломж, эх үүсвэрийг судалж үзэхийг Санхүү, хөрөнгө оруулалтын газрынханд үүрэг өгсөн. 2018 онд дотооддоо сайдын эрх мэдлийн хүрээнд хуваарилагдаад ирсэн төсөв хөрөнгийн зарим нэгэн зардлыг тэвчих байдлаар зөвхөн багш нарын улирлын урамшуулалд өгөх ямар боломж байгааг судална. Улирлын урамшууллыг 45 хувь хүртэл авах ёстой байтал өнөөдөр 15 хувь ч хүрэхгүй олгодог нийтлэг дутагдал байгаа.

-Нэг удаа 300 мянган төгрөг өгч хуураад орхих нь гэсэн ойлголт түгээд багш нар маш их бухимдсан юм биш үү?

-Нэг л удаа гал унтраах нь гэсэн буруу ойлголт яваад байна. Үнэндээ бол ийм санаа, зорилго байхгүй шүү дээ. Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалин нэмэхгүй гэсэн гэрээ хэлэлцээртэй. Тиймээс цалин нэмэх гэдэг томьёоллоор биш харин төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх гэсэн хэлбэрээр гарц, шийдлийг хайж байгаа юм. Тэр дагуу л Монгол Улсын Засгийн газар нөөц боломжоо харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг үнэлэх байдлаар ажлын үр дүн, хариуцлагатай нь холбож 300 мянган төгрөг 2017 онд олгохоор шийдсэн. Мөн хэмжээний зардлыг 2018 онд үргэлжлүүлэн олгохоор 56.6 тэрбум төгрөг төсвийн төсөлд тусгасан байгаа. Тэгэхээр нэг удаагийн арга хэмжээ биш юм.

-Та “Үхэр тэжээл өгөхөд дургүйцдэггүй шиг багш нар 300 мянган төгрөг тараахад татгалзахгүй” гэж хэлсэн нь үнэн юм уу?

-Салбарын сайдаар томилогдож ирсэн хүний хувьд багш нарынхаа цалинг нэмэгдүүлэх асуудал дээр тууштай байна гэдгээ удаа дараалан мэдэгдсэн. Харамсалтай нь өнгөрсөн тав дахь өдөр салбараа үхэртэй зүйрлэсэн гэж мушгин гуйвуулсан мэдээлэл цацагдаж эхэлсэн юм шиг байна. Би багш нараа үхэртэй зүйрлэх хүн биш ээ. Хэзээ ч ийм үг хэлээгүй. Өөртөө таалагдахгүй хүнд нэр хоч зүүх, тэрийгээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээг ашиглан тараах хандлага гарч байгаад би хувь хүнийхээ хувьд үнэхээр харамсч байна. Сошиалд хуурамч хаягнаас хүнийг гүтгэж болдог гэдгийг харлаа. Одоо ч дахин хэлье. Хэрвээ өөрийнхөө дуу хоолойгоор ингэж ярьсан бол тэр бичлэгийг нь л цацна шүү дээ. Ийм мэдээжийн зүйлд итгэх хэрэггүй. МҮЭ болон багш нарын төлөөлөлтэй байнга хамтран ажиллаж зөвшилцлийг үр дүнтэй болгохын төлөө л цаг заваа зарцуулж байгаа болохоор цахим орчинд өрнөж байгаа мэдээллийг үнэндээ унших завгүй ажиллаж байна.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Лхамсүрэн: Аав минь толгойдоо хүнд шархдаад Байтаг-Богдоос хүргэгдэж ирсэн

Зураг дээр баруун гараас эхнийх нь Ц.Лхамсүрэн, гурав дахь нь Ж.Цэрэв

Баруун хилийг Байтаг-Богд уул, зүүн өмнө хилийг Шилийн-Богд уул хоёр манаж байдаг гэсэн яриа бий. 1940-1950-иад оны үед Байтаг-Богдод цус асгаруулсан олон тулалдаан болж тэндээс домогт баатрууд маань төрсөн. Энэ удаа би тэдний нэг баруун хилээ цусаараа хамгаалсан эрэлхэг дайчин Ж.Цэрэвийн охин Ц.Лхамсүрэнтэй ярилцаж байна.

-Танай эцэг дээдэс чинь аль нутгийн хүмүүс билээ? Эндээс яриагаа эхлэх үү?

-Тэгье. Миний аав Ж.Цэрэв Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул. Ээж А.Буяндэлгэр, бас л энэ нутгийнх. Жирийн малчид. Бага залуудаа айл гэр болж олон хүүхэд төрүүлж өсгөсний охидын бага нь би. Аавынх их ядуу айл байсан гэдэг. Жижигхэн бор гэртэй, цөөн хэдэн бог малынхаа дэлэн шувтарч амьдардаг байсан юм билээ. Тэгээд нутгийн нэртэй баян айлын жижиг цагаан охиныг бэр буулгаж авчирахад хавь ойрынхон гайхаж байсан гэдэг. Миний ээж Буяндэлгэр баян айлын охин төдийгүй, нутаг усандаа алдартай үзэсгэлэнт бүсгүй байсан. Тэгээд манай нутгийнхан “Өлгийн бор гэрийн, өрхний оосрыг татмааргүй охин, Жанчивынд жаргах нартай уралдаж ирсэн” гэж шуугидаг дуулдаг байсан гэдэг.

-Тэгэж бор гэрийн босго алхсан ээж чинь та нарыг өсгөж хүмүүжүүлэх гэж ядраа байхдаа?

-Миний ээж 13 төрсний, эхний долоо нь тогтоогүй юм гэдэг. Тэгээд манай том ах Намсрайжавыг төрөхөд лам хараар их аргалуулсан юм билээ. Лам “Төрсөн хүүхдэдээ Нохойжав гэж нэр өгөөрэй. Тэгвэл тогтоно” гэж. Тэгээд ах маань Нохойжав нэртэй байсан юм шүү дээ.

-Нэрээ яагаад сольчихлоо?

-Их сонин. Ах маань хойшоо сургуульд явах боллоо. Нохойжав гэсэн нэртэйгээр гадаад паспорт авалтай биш. Хэн хүнгүй л нэрээ соль гэлээ. Өөрт ч эвгүй. Тэгээд л бид нэр хайцгаасан юм. Манайхны нэг онцлог бол удам угсаагаараа дуу хууранд дуртай. Хөгжим тоглоно. Дуулж хуурдана. Аав маань бол хөгжим урладаг, хөгжим дуу их сонирхдог хүн байлаа. Хөгжмийн зохиолч Намсрайжавын удирдаж тоглуулдаг “Хэнтийн өндөр ууланд”-ыг бол үзэх сонсох их дуртай, радиогоор явахад нь хацраа наагаад чагнадаг хүн байсан. Тэгээд хүүдээ Намсрайжав гэж нэр өгсөн юм. Бас гэрийнхэндээ цагаан морин хуур хийж өгөн бэлэгшээж билээ. Ингээд том ах маань Цэрэвийн Намсрайжав болсон юм.

Ж.Цэрэв

-Одоо хоёул гол сэдэв рүүгээ оръё. Аав чинь Байтаг-Богдын тулал-даанд гарамгай гавъьяа байгуулан, улсын баатарт тодорхойлогдож байсан сураг байдаг юм. Алдарт дайчин Жанчивын Цэрэв гуайн тухай яриагаа эхэлье.

-Бололгүй яахав. Аавын минь тухай ном зохиолд бишгүй л бичигдэж үлдсэн. Баян-Өлгий аймгийн Алтайн хязгаарт 1923 онд мэндэлсэн гэж албан ёсных нь бичиг баримтад бий. Эх орны дайны ид үед цэрэгт татагдан зүүн хилээ хамгаалахаар Халх-голд очсон юм билээ. Тэнд нэг жил цэргийн алба хааж байтал баруун өмнөд хил хязгаарт гоминданы дээрэмчид халдан түрэмгийлж, олон удаа цэрэг дайны байдалд хүрч байсан учраас нэг хороо цэргийг Байтаг-Богдын тийшээ явуулах болж. Энд ажил үүрэг гүйцэтгэх цэрэг дайчдад казах хэлний орчуулагч зайлшгүй хэрэгтэй болоод аавыг байлдагч-орчуулагчаар явуулсан гэдэг. Ховдын дөрөвдүгээр морьт хороонд 1947 оныг дуустал алба хаасан юм.

-Хилийн тулгаралтад олон удаа оролцсон гэл үү?

-Тэгсэн гэж аав минь ярьдаг байсан. Хороо, отряд, заставын удирдлага хаана байна, тэнд л байлдагч-орчуулагчийн үүрэг гүйцэтгэдэг байсан юм билээ. Даргатайгаа хамт тулалдаанд орно. Мэргэн бууч байсан учраас дайсныг сум тоолон устгадаг байсан гэдэг. Гол ажил нь Оспаны дээрэмчдээс олзолж ирвэл байцаалтыг нь хасаг, монголоор орчуулж нэвтрэлцэнэ.

-Аав чинь мэдээж олон тулалдаанд орсон байж таарна. Хамгийн том мөргөлдөөний тухай дурсаж байв уу?

-Дурсаж ярина аа. Хамгийн сүүлд Байтаг-Богдын орчмоор дайсны том хүч ирсэн юм билээ. Тэр тулалдаанд байлдаж байгаад аав минь толгойдоо буудуулан ухаан алдаж унасан гэдэг. Дайсны сум аавын баруун шанааны дээхнэ талаар туссан боловч ясанд нь хальтраад гадна талын арьс махыг хаван гарсан байдаг. Тэр сум дотогшоо нэвтэрсэн бол дороо нам үхэх байсан юм билээ. Нэг байлдагч , цэргийн сувилагчтайгаа чирч гулдарсаар ар талд авчран, нисдэг тэргээр Улаанбаатарт хүргэн эмчилснээр эдгэрч гарсан гэдэг. Аавын минь толгойн баруун хажуу талд урт цагаан сорви тогтсон. Найз нөхөд нь аавыг “Сорвит” л гэдэг байсан.

-Эмчлүүлээд ангидаа буцаж очсон уу?

-Очоогүй, тэгээд л халагдчихсан.

-Өөр сонин дурсамж ярьдаг байсан уу?

-Ярьдаг байсаан. Заримыг нь мартчихсан байна. Халх-голд байхдаа ангаж цангаад чийгтэй газарт элгээрээ нааж хэвтсэн, Байтаг-Богдод байхдаа ар талаасаа таслагдан өлсөхийн эрхээр бакалан гутлынхаа түрий, эмээлийн олом жирэмнийхээ үзүүрийг дэвтээж чанаад идэж байсан гэдэг юм. Ер нь, их л хүнд амьдралыг туулсан хүн дээ.

-Аав чинь цэргээс халагдаад хаана юу хийж байв?

-Нутагтаа багийн даргаар хэдэн жил ажилласан. Тэгээд биднийг сургууль соёлоор явуулна гэж нийслэл хотоо бараадаж ирсэн дээ. Хотод, Баян-хошуу орчмоор хэдэн мал маллаж, аав ээж хоёр минь хоёулаа “Алтан тариа” компанид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарцгаасан. Малтай айл хотод байлгахгүй гэж хөөгөөд байхаар нь аав ээж хоёр минь Гачууртад ирж суурьшсан даа. Аав хэдэн малтайгаа Гачууртыг өгсөж нүүдэллээд, голдуухан ан гөрөөгөөр амьдарна. Ээж минь биднийг харж, сургууль номд маань шамдуулсаар хүний зэрэгт хүргэсэн юм. Баянзүрх дүүрэг, Гачууртынхан “Анчин Цэрэв гуай” гэвэл танихгүй хүн бараг байхгүй дээ. Аав 2013 онд, ээж 1993 онд таалал төгссөн. Үр хүүхдүүд нь одоо Гачууртад таван айл байна. Зургаан хүүхдийн Ц.Намсрайжав, Ц.Бэгзжав, Ц.Цогжав гурав жолооч, техникийн ажилтнууд байснаа Ц.Цогжав маань таалал төгссөн. Баянсүрэнжав, Хоролсүрэн бид гурав худалдаа үйлчилгээний байгууллагуудад ажилласаар тэтгэвэртээ гарцгаасан. Хүүхэд ,хүүхдийн хүүхэд гээд олон ам бүл, олон айл өрх, өнөр өтгөн гэр бүл амьдарч байна. Аав ээжийн хэдэн хүүхдүүд сайн яваа. Бэгзжав ах маань уран сийлбэрч, зураач хүн. Урчуудын эвлэлийн хорооны алтан медалиар шагнагдсан. Баянсүрэнжав эгч маань олон улсын суудалд тогоочоор ажиллаж байсан худалдааны тэргүүний ажилтан, гэх мэтээр бүгд л гавьяа шагналтай, төр түмэндээ үнэлэгдсэн хүмүүс бий.

-Цэрэв гуайг Улсын баатарт тодорхойлогдож байсан гэж нөхөд нь ярих юм билээ. Гавьяа шагнал юутай хүн байв?

-Дээхнэ үед хамт байлдаж явсан нөхөд нь манайхаар их ирдэг байсан. “Баатарт тодорхойлогдоод аз нь дутсан амьтан” гэж инээлдэхийг сонсож л байсан. Алтан гадас, Байлдааны гавьяаны одон, Монгол Зөвлөлтийн “Бид ялав” гэхчлэн, олон л одон медальтай хүн байсан.

-Та түрүү “Анчин Цэрэв” гэж дурслаа. Нэртэй анчин байсан уу?

-Аав минь улсын анчин, мэргэн буудагч хүн байсан. Хориогүй байх үед бол үнэг чоно, зээр гөрөөснөөс эхлээд баавгай, гахай гээд унагаагүй амьтан байхгүй байх. Биднийг чинь ангийн махаар л тэжээж өсгөлөө шүү дээ. Гачууртад байхад нь “Цэрэв гуайд боодог иднэ” гээд хотоос хүмүүс их ирдэг, аавын дэргэд майхан барьчихаад тарваганы боодог идэж амьдарцгаадаг байсан даа. Зах зээлийн ороо бусгаа үед аав минь биднийг тэжээхийн тулд хамаг хүч анхаарлаа тавьдаг байлаа. Хүүхдүүдээ айл гэр болоход нь баавгай, чонын арьс элдэж маш үзэсгэлэнтэй эдлэл болгон өгдөг байсан. Агнасан тарваганых нь арьсаар ээж маань тарваган шуб, малгай хийдэг байв.

-Танайхыг дуу хуурын авьяастайгаас гадна, урианхай сурын харваанд гэр бүлээрээ дээгүүр амжилт гаргадаг гэж сонссон юм байна?

-Манайхан бүгд сур харвана. Дэлэг ахыг байх үед айл дээр цуглан сурын наадам, харваа хийдэг байсан бол сүүлд аавын дүүгийн хүргэн Баатар зохион байгуулан урианхай сурын харваа, тэмцээн зохион байгуулдаг болсон. Манай ах, дүү нар урианхай сурын харваагаар дээгүүр байр эзэлнэ шүү.

-Яриа маань өндөрлөх тийшээ хандаж байна. Та өөрийгөө товчхон танилцуулах уу?

-Би, жирийн л нэг ажилчин хүн. Гачууртын 85 дугаар сургууль, соёл үйлчилгээний зэрэг газруудад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Аав минь өндөр насалж, мал маллах, ан гөрөө хийх чадалгүй болохоороо бага охиныдоо, манайд байж байгаад таалал төгссөн. Хүүхдүүддээ, тэр дундаа надад амь байсан. Үүх түүх бүх зүйлээ ярьдаг байлаа. Даанч бичиж тэмдэглэж, тогтоож авсангүй дээ. Манайх одоо Гачууртад нөхөр Доржбат, ач нартайгаа амьдарч байна гэснээр бидний яриа өндөрлөв.

(МУСГЗ) Г.ЖАМЬЯН

Categories
мэдээ цаг-үе

Д.Баярсайхан: Соробан сампин баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлдэг

Монголын Соробангийн холбооны дэргэдэх “Монгол Соробан” сургалтын төвийн захирал Д.Баярсайхантай ярилцлаа. Хүүхдүүдэд япон сампин соробангаар нэмэх, хасах, үржих, хуваах үйлдлийн тоо бодуулах, анзан буюу цээжээр бодож сургах сургалтыг явуулдаг юм. Тиймээс түүнтэй соробангийн ач холбогдлын талаар ярилцлаа.


-Хүүхдийг хэдэн наснаас нь соробан сампингаар хичээллүүлэх нь зөв юм бэ. Энэ нь хэрхэн яаж хөгжүүлдэг, ямар ач холбогдолтой вэ?

-Манайх 4-16 насны хүүхдүүдийг хичээллүүлж байгаа юм. Хичээллэхэд хамгийн тохиромжтой нь таван нас. Хэт бага насны хүүхэд бол бас тохиромжгүй байдаг. Хүүхдийн хөгжилд маш их хэрэгтэй, сургуульд ороход бэлтгэж, зөв суурийг тавьдаг сургалт гэж ойлгож болно. Соробан сампин нь хүүхдийг анхаарал сайн төвлөрдөг, ой тогтоолт сайтай, хурдан сэтгэдэг, тэсвэр тэвчээртэй болгож, баруун зүүн тархийг тэнцвэртэй хөгжүүлдэг юм. Оюуны хамгийн чухал дасгал гэсэн үг. Үүнийг япончууд тархины фитнесс гэж нэрлэдэг. Энэ дасгалыг хийж байгаа хүүхдийн ой тогтоолт сайн хөгждөг, маш хурдтай сэтгэдэг. Соробанаар хичээллэж байсан хүүхэд сайн төвлөрдөг тул сургуульд ороод цээж бичиг хийхдээ алдаагүй бичдэг зэрэг маш олон давуу тал бий.

-Япон стандарт гэсэн үг биз дээ?

-Манайх бол япон стандар-таар заадаг. Монголд үүнийг оруулж ирсэн, мэргэжлийн хамгийн анхны сургалтын төв байгаа юм. Японы стандарт гэж төвшин тогтоох шалгалт бий. Энэ шалгалтаас зэргээ тогтоолгоод, сургалт хийж болно гэх эрхээ авсан газар. Манай багш нар өндөр зэрэгтэй. Сургалтын хөтөлбөрийг Монголын Соробангийн холбоонд боловсруулан Японы Соробангийн чадварын түвшин тогтоох холбооноос нягтлан баталгаажуулсан. Мөн суралцагчдад зэрэг гэж бий. Манайд нэгдүгээр зэргийг авчихсан хүүхдүүд ч байна. Жил бүр уламжлал болгон зохиогддог олимпиад ирэх сарын 12-нд болно. Үүнд 300 гаруй хүн оролцоно. Японд яаж олимпиад тэмцээнийг хийдэг тэр жишгээр явагддаг том тэмцээн байгаа юм. Мөн Японоос төлөөлөгчид ч ирнэ.

-Өдөрт хэдэн цаг хичээллэдэг вэ?

-Манайх өдөрт нэг хичээллэхдээ хоёр цагаар хичээллэнэ. Дөрвөн аргын тоо заана. Сонгодог дуучин хүн байлаа гэхэд бэлтгэл хийж байж л олон цагаар дуулах чадварыг эзэмшдэг, яг түүнтэй адилхан зүйл байгаа юм.

-Тэгэхээр хүүхэд бүрийг суулгах хэрэгтэй сургалт гэж ойлгож болох уу?

-Хүүхэд болгон явах нь зөв. Урлагийн төрлийн дугуйлан байсан бол авьяасыг нь харж байж явуулж болно. Энэ бол өөр зүйл, тодорхой хэмжээгээр хүн оюун ухаанаа хөгжүүлэх л хэрэгтэй шүү дээ. Хүүхэд бүрийн оюуны чадамж, онцлог өөр, өөр болохоор хүлээж авах чадвар нь хүртэл өөр байдаг. Зарим хүүхдэд хэцүү санагдана. Эхлээд хурдтай бодох дадал суугаагүй байна. Тодорхой хэмжээний давааг давчихаараа дасгал хүндрээд байна гэсэн үг. Өдөр өдрөөр хөгжүүлдэг. Өгөгдөлтэй хүүхдүүд бол шууд л дурлаад л суралцаад явчихдаг.

-Өгөгдөл гэхээр ямар онцлогтой байх уу?

-Байгалийн өгөгдөл. Өгөгдөлтэй гэдэг нь байгалиасаа ой тогтоолт нь сайн. Боломжийн хэмжээний хурдтай, төвлөрөх чадвар сайтай байна. Сул хүүхдүүд гэж бас бий, хүн хүн өөр, ихэр байсан ч хоёр өөр байдаг шүү дээ. Тууштай явах юм бол энэ оюуны спортыг эзэмших боломжтой. Манайхан тууштай явах дээр алдаад байдаг. Хүмүүс Япон сампин л гэсэн хаяг харах юм бол ижилхэн гэж ойлгодог. Манайх анхан шатаар бүх дүрмийн дурын тоог нэмж хасч байхад, бусад газар зөвхөн нэмэхийг зааж байх жишээний. Анхан шат 300 мянга гэж бодвол гурав хуваагаад 900 мянгаар заах нь байна. Манай зааж байгаа анхан шатыг гурав тасалж заадаг гэсэн үг. Дараагийн шатанд үржих, хуваахыг үзнэ. Ерөнхийдөө бүх массыг хамарч хөгжүүлнэ гэсэн зорилготой.

-Цэцэрлэг сургуулиар явж заах боломж бий юу?

-Нийгмийн ажилтнууд цэцэрлэгийн эрхлэгч нар манайд ирээд заагаач гэдэг хүсэлт их тавьдаг. Очиж заах боломжгүй. Соробан сампин заахад хүүхдийг төвлөрүүлэх шаардлагатай тул орчин чухал. Гэтэл цэцэрлэг гэр шиг бужигнаж байдаг учир төвлөрөх боломжгүй. Орчинд нь ороод ирвэл шууд төвлөрөөд явчихна гэсэн үг. Хэзээ ч сургалтын төв дээрх шиг сурч чадахгүй. Зарим хүмүүс мөнгө аваад очиж заагаад байдаг. Орчинд нь заахад цэцэрлэгийн насандаа үржих, хуваах, бутархайг хүртэл боддог болчихдог, гэхдээ энэ нь хүүхдийг зовоосон хүнд зүйл биш. Бага багаар ахиулаад л аяндаа дадал болгодог юм.

-Японд багш нар нь эрэгтэй хүмүүс байдаг гэсэн үү?

-Тултал нь хөгжүүлсэн зүйл сонгодог болж байна. Энэ бол японы оюун ухааны сонгодог спорт. Зарим сэргэлэн хүмүүс үүнийг бизнес болгож, өөрчилж хялбарчлаад хурдан бодох арга зэргээр нэрлэж сургалт явуулж байна. Агуулга бол тал хагас. Япон стандартын сонгомол арга шиг хөгжүүлэхгүй. Япончуудын оюун ухааны боддог аргачлал нь санаа авсан хурдан бодох арга цэвэр төсөөлөл. Гар хуруу хэрэглээд бодоод байгаа юм.

Япончууд болохоор 500 гаруй жилийн турш хөгжүүлчихсэн. Эцэг эхчүүд үе дамжин хүүхдэдээ энэ оюуны спортыг уламжлуулдаг заншил японд тогтсон байна. Японы сэхээтнүүд хүүхдээ оюуны ажил хийлгэнэ гэж эртнээс тооцоолон багаас нь энэ спортоор хичээллүүлдэг. Эрчүүд заадаг, манайд харин эмэгтэй багш нар зааж байна.

-Танай сургалт хэдэн хувийн үр дүнтэй байдаг вэ?

-Эцэг эхчүүд сургалтын газруудыг судалдаг байх хэрэгтэй. Сурган хүмүүжүүлэгч хүн үзээд судлаад харьцуулаад, шинжлэх ухаанч хандаж байж бий болгодог байхгүй юу. Ямар ч учрыг нь олохгүй хэдэн мөнгө олж болохгүй. Манай сургалтын үр дүн 90-ээс 100 хувьд хэлбэлзэнэ. Ийм баг хамт олонтой. Бүрэн төгс ойлгочихсон, мэдэрчихсэн.

-Онош гэж бас нэг зүйл байх шиг?

-Онош бас чухал. Энэ ийм хүүхэд байна гээд оношилно. Жишээлбэл, эцэг эхчүүд нь хүүхдээ гэрийн даалгавар сайн хийдэг гээд аваад ирэхээр нь сампингаар нэг л бодлого бодуулна. Ингээд л даалгавраа хийдэг үгүйг мэдчихэж болно. Энэ чиглэлээр японд очиж медаль авна гэдэг бол тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцохоос ч том зүйл. Үүнийг манайхан ойлгодоггүй. Манайхан ойлгодоггүй олон улс л яриад байдаг. Японд жинхэнэ мундагчууд байгаа. Үнэхээрийн ур чадварын хувьд хүнд бэлтгэл хийх ёстой байдаг. Өөртөө итгэх итгэлийг нь суулгах ёстой байдаг. Их нарийн л даа. Тоо боддоггүй. Төлөвшүүлнэ. Ой тогтоолт, хурдан сэтгэх чадварын сургалт үргэлжлээд жил гаран яваад нэгдүгээр зэрэгтэй болдог. Дээд тал нь 3-4 жил болоход нэлээд сайжирчихсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Овоо ба хүйс

Сүүлийн үед өрнөсөн үйл явдлууд монгол дахь хүйсийн тэгш эрхийн талаарх нэгэн далд маргааныг хөндөж байна. Энэ юу вэ гэхээр, манай уламжлалд гүн шингэсэн зарим үйлдлүүд, нэг хэсэг нь гүн итгэлтэйгээр дагадаг, нөгөө хэсэг нь нүд үзүүрлэгдэхгүйн тулд аяыг нь харсаар явдаг зан үйлийг хэлж байгаа хэрэг.

Манай эмэгтэйчүүд төр барих эрхийнхээ төлөө чамлалтгүй тэмцдэг. Гэхдээ “Эмэгтэй хүн нөхрийнхээ адил хоймортоо голлон суух эрх, төрийн тахилгат зарим онцгой уул овоонд эрчүүдийн адил гарах эрх, цайны дээжийг хар хүнтэйгээ ээлжлэн уух эрх”-ийн тухай ярьж байсангүй. Энэ тэд эрэгтэйчүүдийн онцгой эрхийг хүндлээд байгаагаас ч болоогүй. Харин нийтээрээ дагаж ирсэн ёс суртлыг хөндөж, нийгэмд гадуурхагдахаас болгоомжилж байгаа хэрэг. Ер нь бол хүний нийгэмд гадуурхагдах нь хууль цаазанд гадуурхагдахаас ч заримдаа дор байдаг гэдэг. Хөгжил дэвшил нь өнгөрснөөсөө салах процесс, “өнгөрсөн” гэдэг дотор өв уламжлал ч багтаж байгаа гээд бодохоор бас сонин. Ухаандаа, эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо гэхэд төрийн тахилгыг яаж хийх вэ, гэхчлэн.

Өөр ч эргэлзээ бас гарна. Ингэхэд ёс заншил нь ухамсартайгаар хийдэг алхмуудаас өөр байдаг уу, жишээлэхэд бүсгүй хүнийг зарим тахилгат уул овоонд гаргадаггүй цээр нь тэднийг дорд үзсэн хэвээр байгаагийн илэрхийлэл мөн үү, эсвэл зүгээр л хуучны уламжлалыг хадгалж байгаа явдал уу гэхчлэн.

Гэхдээ овоо тахилга дээр арай өөр юм бодогддог. Даяарчлагдан ижилсэх өнөөгийн ертөнцөд хүний үндэстнээрээ ялгарах зөн өөрийн эрхгүй сэрж байгаа. Үндэстнийг тодорхойлдог ялгаа нь нь арьсны өнгө, шашин шүтлэг, хэл биш болсоор. Харин үндэсний ёс заншил, тэндээс эхтэй хүмүүжил, хандлага нь үндэстнүүдийг товойлгох шинжүүдийн нэг болж байна. Менежмэнтийг нь жаахан шинэчлээд уул овоогоо тахиж байх нь биднийг талын баатруудын үр удам, тэдний өв уламжлалын үргэлжлэл гэдгийг харуулах хөөрхөн арга хэмжээ, бизнес байж болох талтай.

Жаахан сүсэгтэй хүнийг бол айлгамаар “Халловен” баярыг манайхан тэмдэглээд байна. Лам хуврагууд бол жигтэйхэн сэжиглэж байх юм. Гэхдээ дэлхийн соёлын империйн иймэрхүү байлдан дагуулалт бол эсэргүүцээд дийлэхгүй эд л дээ. Манай үүдийг ч гэсэн тогшоод хэдэн бацаан “хаалоовээний чихэр өгөөч” гээд зогсож байсан. Хэдэн чихэр аваад бөөн хөөр, булан тойруутаа л “энийг чамд тэрийг надад” гээд хувааж хөгжилдөх дуу сонстож байсан. Баярлаж хөөрсөн жаалууд л байсан. Би тэднийг аашилж хөөж чадахгүй…Соёлын түрлэг гэж энэ. Ромын эзэнт гүрний үед хүмүүс тэдний соёлд автснаараа бахархаж, “Би ромын иргэн” гэж хэлэхдээ магнай тэнийдэг байсан, хүмүүс цэргийн империйг эсэргүүцэн унагахын төлөө байдаг бол соёлын имперт автан уусахыг хүсдэг тухай З.Бжезинский хэлсэн байсан.

Тэгэхээр уул овоо тахих ёсыг жаахан мухар сүсэг, харанхуй анимист байдлаас нь гаргаад, соёлжуулбал хүссэн хүсээгүй автаж байгаа өрнөдийн соёлын давалгааг сөргүүлэх хэрэм биш юмаа гэхэд “овоо” болж чадна, овоон дээр маань шаазгай сууж таарна, тэр шаазгай “энэ бол монголчууд” гэж шагширч таарна.

Жуулчид гэж сониуч улс шүү дээ, тэдэнд “эмэгтэйчүүдийн хориг”-ийг бизнес байдлаар тайлбарлаж болно. Бүсгүйчүүдийг арай өөр газар байлгаад “Эмэгтэйчүүдийг хариуцсан тэнгэр нь энд зориуд өөрөө ирж аврал буулгадаг. Учир нь эрчүүд тэнгэр лусын эздэд биечлэн өөрөө очиж хүндлэл үзүүлэх үүрэгтэй бол эмэгтэйчүүд дээр Тэнгэр өөрснөө морилон ирж адисладаг. Эрчүүд ан гөрөө хийхээс эхлээд лусын эздийг уурлуулах үйл олныг хийдэг учраас заавал биечлэн очиж уучлал эрэн, аврал хүсдэг. Харин эхчүүд болохлоор баатрууд, хутагт хувилгаадыг хэвлээсээ төрүүлж, цагаан сүүгээрээ амлуулдаг учир тэнгэр бурхдын хүндлэл хүлээдэг. Газар орны эздийн энэ ёс нь Аугаа их Чингис хааныг төрүүлсэн Эүлэн эхийг хүндлэхээр бууж ирсэн домгоос эхтэй” гэх байдлаар тайлбарлаж яагаад болохгүй гэж. Ер нь шүтдэг зүйлс, сүсэг бишрэлийн обьект юу байх нь сонин биш, тэрийгээ юу гэж тайлбарлаж байгаа нь чухал шүү дээ.

Тэгээд монголын шүтээн болсон уулсын зурагтай сертификат өгөөд “Уулын тахилгад орж хувь заяагаа даатгасан тул таны үйлс ойрын гурван жилдээ бүтэмжтэй явна” гэхчлэнгийн үг бичээд гардуулбал хариад гайхуулах юмтай буцна. Ер нь хүн гэртээ хариад хүнд гайхуулах юмтай байх гэж л аялдаг. Тэрнээс биш яг үнэмшээд давхих нь юу л бол.

ХОЁР. ЭРЭЭ, ГЭРЭЭ, ТӨРӨӨ МЭДСЭН ЭХНЭРҮҮД

Юуны өмнө “овоо ба хүйс”-ийн дэг ёс нь манай уламжлалтай холбоотой эсэхийг хамтдаа сонирхоцгооё. Монголын нийгэмд аль ч үед эмэгтэйчүүдийг дорд үзэх үзэл санаа байгаагүй байх гэж бодогддог. Авгайгаа зоддог, дарамталдаг хөгийн шаарууд бишгүй л байсан байх. Гэхдээ л нийтлэг хандлага нь өөр.

Нүүдэлчний нийгэмд эрчүүд нь ан гөрөө, дайн тулаанд голчлон явах учраас гэр орныхоо аж ахуйг хөтлөх үүрэг эмэгтэйчүүдэд ногддог. Энэхүү аж ахуйн эрх мэдэл нь бүсгүйчүүдийг айл гэрийн Сангийн сайдын хэмжээнд аваачдаг байж. Эрчүүд ангийн хишиг, дайны олзоо эхнэрийнхээ мэдэлд үлдээнэ. Өөрөө дараа дараагийн ан ав, эсвэл их олз олсны найранд одно. Ингээд нөхрийн олзыг захиран зарцуулах эрх эхнэрт үлдэнэ. Хүүхдүүд хийгээд тэр айлын асрамжинд явдаг хүмүүс “төсөв захиран зарцуулагч”-тай сайн байх хэрэгцээ аяндаа үүснэ. Ер нь бол Гадаад хэргийн сайдтай анд явснаас, Сангийн сайдтай ходий байх нь хамаагүй чухал болохыг төсөв зарцуулах эрхтэй төрийн албан хаагчид хэлээд өгнө дөө. Хүүхдүүд нь ч эхтэйгээ хамгийн ойр өсч тэр хэрээрээ эмэгтэйчүүдийг хүндлэх бахдах үзлээр хүмүүжнэ. Ер нь жаахан даваадуулаад хэлэхэд нүүдэлчин хүний аав бол Зөвлөлтийн тусламж, Хандивлагчдын форум, ОУВС маягтай, айн?

Энэ бүхнээс үүдэн эмэгтэйчүүдийг хүндлэн дээдлэх үзэл өргөн дэлгэр. Хэрвээ Өүлэн эх л байгаагүй бол монголчууд Чингис хаангүй байх байжээ гэдгийг “Оюутай төрсөн Өүлэн эх, Онон мөрнийг өгсөж уруудан” хүүхдүүдээ өсгөсөн түүхийг уншсан хүүхэд болгон анзаарна. Бас Чингис хааны цэцэн хатад нь түүний хамгийн гол шийдвэр болох Жамухаас холдох, өв залгамжлагчаа зарлах гэхчлэнгийн шийдлүүдийг нь хэлж өгдөг. Өүлэн эх, Бөртэ үжэн, Хулан хатангүй Чингис хаан бол Чингис хаан биш зүгээр л Есүхэйн Тэмүүжин. Монгол хүүхдүүд үүнийг анзаарч өсдөг.

Мандухай цэцэн хатан бүсгүйчүүд хамгийн мундаг төрийн удирдагч гэдгийг хэлж өгдөг. Тэрээр өөрөөсөө олон дүү, бараг л хүүхэд нь байхаар хөвүүн Батмөнхтэй дэр нэгтгэдгийг эх түүх нь “төрийн төлөөх ариун явдал” хэмээн сургана. Эмэгтэй хүн ойлгомжгүй үйлдэл хийлээ ч гэсэн ариун зорилготой байдаг хэмээн ухааруулна.

Эмээ өвөө нь “Шүүдрийн дуслыг цуглуулаад ээждээ цай чанаж өгөхөд ганцхан шөнө өндийж хөхүүлсэн ачийг л хариулна” хэмээн сургана. Ээждээ цай чанахын тулд шүүдрийн дуслыг нэг нэгээр нь цуглуулах чин ачлалт сэтгэлийн тухай ярьж байгаа болохоос биш, орчин үеийн фильтрээр ус цэвэрлэх тухай яриагүйг ойлгох биз ээ.

Ийм орчинд үе үеэрээ амьдарсан монголчуудын дунд эмэгтэйчүүдийг ялгаварлах үзэл байгаа гэхэд хэцүү, байдаг бол хувь хүний хүмүүжлийн онцлогтой л уялдах байх.

Ядаж л араажав, зурагтаар хангинах нийтийн болон ардын дуунуудыг чагна даа, хэдэн хувь нь ээжийн тухай байна. Эхийн ачийг хариулна уу гэхээс эцгийн ачийг яанам бэ гэсэн үг байна уу, үгүй юү?

Тэгэхээр “овоо ба хүйс”-ийн асуудлыг үндэстнийхээ үзэл санаа, гүн ухаантай холбох аргагүй санагдаж байна.

ГУРАВ. БУРХАН БА ХҮҮХЭН

Бидний уламжлалт шүтээн Буддизмаас бүсгүйчүүдийг дорд үзэх үзэл санааны улбаа харагддаггүй. Бурхан багш ч өөрөө Шагжаамунь жам ёсны жирэмслэлтээс мэндэлсэн гэдэг.

Бурхны шашинд энэрэхүйн үндсийг эхийн хайраар үлгэр болгодог бөгөөд хамаг амьтныг “эх нь ганц үрээ хайрлахын адил” энэрэхийг номлоно. Шарын шашин нь “нэн жендерлэг” бөгөөд Ногоон, Цагаан дара-эхээс авахуулаад эмэгтэй бурхад олон. Та бүхэн Өндөр гэгээний урласан Ногоон Дара-Эхийг мэднэ. Гоо сайхан, ариун гэгээний дуулал болсон түүний гишгэсэн мөрөөр цэцэг ургаж төсөөлөгдөнө үү гэхээс биш уул овоо муухай болгоод хаяна гэж бодохийн эрхгүй.

Ногоон, цагаан Дара-Эхийн тууж гэхчлэнгийн шашны утга зохиол нь бүсгүй хүний үл шантрах нинжин сэтгэл, бурхны хэмжээнд хүрсэн эхийн сэтгэл, энэрэл хайрын дуулал байдаг. Монголын аман зохиолын өвд гүн шингээд, орчин үеийн утга зохиолд ч оршсоор байгаа “эхийн хайр”-ийн сэдэв чухамдаа Буддизмын дэлгэрэлтэй ч холбогдох байх.

Иймээс “овоо ба хүйс”-ийн асуудал нь Буддын шашны сургаал, үзэл санаатай холбоотой гэх нь хэцүү байна.

ДӨРӨВ. СҮМ, ОВОО, ХҮЙС ГУРАВ

Уул овоо тахих нь Чингис хаанаас ч өмнөх зүйл болов уу. Өвөр элгэндээ нууж, өстнөөс аварсан Бурхан халдун уулаа шүтэх, тахих Чингис хааны үзэл санаа нь өвөг дээдсийн уламжлалаа дагасан ёс заншлын хэсэг байх. Ийм учраас овоо тахих нь монголчуудыг монгол харагдуулдаг зан үйлийн нэг байсаар өнөөг хүрсэн бололтой.

Энэ зан үйлд юу нөлөөлөв гэдгийг хоёр талаас нь тайлбар хийж болмоор байдаг. Нэг талаасаа, Бурхны шашны Түвджсэн хувилбар болох шарын шашинд тэндхийн үлгэр домог, бонгийн үзэл санаа шингэсэн байдаг аж. Төвдүүд өөрсдийгээ сайн сармагчин ба муу шулмын дундаас үүссэн гэх ба тэр нь эр ба эм хүйсийг төлөөлнө. Хүний сайн муу чанаруудын зохицлын тухай жаахан бүдүүлэг төсөөлөл л юм даа. Шуламлаг шинж “давамгайлсан” эмэгтэй хүнээс сар тутам бузар зүйл гарах ба түүгээр уул овоо, ус рашаан бохирдвол аюул болох жишээний. Ариун дагшин шүтлэгт газрыг тэрхүү “шуламын” бодисоор хиртүүлэхгүй үүднээс “овоо ба хүйс”-ийн зарчим анх гарчээ гэж үзэх нь ч байна. Овоо тахилгад орж байгаа эмэгтэйн сарын тэмдэг үзэгдвэл, лус савдаг уурлахад багадах жишээний юм болох нь л дээ, тэдний номоор бол.

Харин монголчууд өөрсдийгөө буга, чоно хоёрын дундаас үүссэн гэж домоглох бөгөөд хоёулаа дагшин амьтан учраас энэ нь ариун, тэр нь бузар гэх явдал угаасаа байсангүй.

Төвдөөр дамжин орж ирсэн Буддын шашны иймэрхүү зүйлийг эс тооцвол монголчуудын оюун санааны амьдралд том хувьсгал хийж, өвгөд настнаа сүүлээр хахааж алдаг, дээдсийн хүүхэд эндвэл үе тэнгийн багачуудыг алж хойлголдог гэхчлэнгийн олон бурангуй ёсыг халсан байдаг.

Наад зах нь Орхон зэрэг тахилгат гол мөрнийг тайхдаа, онгон залуу охиныг үйж “баярлуулдаг” аймшигт ёсыг халж, оронд нь эмэгтэйчүүдийг тахилгад оролцохыг болиулсан нь тухайн цагтаа том дэвшил байсан нь лав.

Ер нь XVII зуунаас монголд Шарын шашин дэлгэрэхдээ бөө мөргөлтэй ихээхэн тэмцжээ. Ялангуяа Өвөр болон баруун монголд илүү хүчтэй тэмцсэн гэдэг. Үүний дотор уул овоо тахих явдлыг болиулах гэж үйлээ үзсэн байдаг. Ингээд, монголчууд яагаад ч уул овоогоо тахихгүй байж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрчээ.

Тэгээд монгол орны уул усны эзэд нь бүгдээр Богд Зонховын шашинд дагаар орсныг зарлаж. Улмаар уул овооны тахилгыг лам нар хийх учиртай болсон ба тухайн уул хайрхан бүрт зориулсан уншлага ч зохиогджээ. Мэдээж, шарын шашны төрөлх хэл болох түвд хэлээр.

Ингээд уул овоог тахих процесс нь сүм хийдийн ёслол, тэдний хурал номын нэгэн адил үйл болсон байна. Нэгэнт л сүм хийдийн хурал ном, зан үйлийн нэг хэсэг болсноос хойш тэдний горим, дүрмээр явах болж таарна.

Гэтэл сүм хийд нь эмэгтэйчүүдээс тусгаарлагдсан орон байдаг. Цаад учир нь ийм юм. Эмэгтэйчүүд сүм хийдийг бузарладаг ч гээгүй юм гэсэн. Богд Зонхов сургахдаа, хэрвээ чи гэр бүлтэй бол тэднийгээ хайрлаж, тэтгэж явах үүрэгтэй. Харин гэгээрлийн замд сэтгэл шулуудсан бол тангараг өргөн сахил хүртэж сүмд суух учиртай. Эмэгтэйчүүд хүнийг бузарладаг юм биш, харин чи хүүхэнтэй бол тэрийгээ тэжээх үүрэг хүлээнэ. Ингэхийн тулд арилжаа наймаа, ан гөрөө эрхлэхээс өөр замгүй. Энэ үүргээсээ зайлах газар ч үгүй. Ингээд явахаар бурхны гүн ухаан, оройд нь хүршгүй номлолд биеэ зориулах чадамжгүй болно гэдэг зарчмыг л тайлбарласан гэж ойлгогддог.

Ийм учраас лам хуврагын замд орохыг хүсэгч эхлээд засаг захиргаанаасаа зөвшөөрөл авч “Гэрээс гарах тэмдэгт бичиг” хэмээх лиценз авдаг байж. Энэ нь төрийн болон эрийн албанаас чөлөөлөгдөнө гэсэн үг. Тэгээд тангараг өргөж, өөрийн биеийг Бурхны номд зориулж, тэндээс хүртсэн авьяас эрдмээрээ орхиж гарсан гэр бүл хийгээд хамаг амьтныг авран гэгээрүүлнэ гэсэн утгаар сахил хүртэх аж. Ийм учраас сүм хийд ба бүсгүйчүүдийн дунд татсан цагаан шугам үүсчээ.

Энэ утгаараа овоо тахих процесс нь түрхэн зууртаа сүм хийдийн гортиг доторх зан үйл болон хувирч, тэнд сүм хийдийн хууль үйлчилнэ гэсэн үг. Сүм хийдийн дүрэм үйлчилж байгаа орон зайд эмэгтэйчүүд хоригт өртөх нигууртай. Лам хуврагууд нь “сүмдээ биш ууланд яваа юм чинь ямар хамаа байх вэ” гээд бүсгүйчүүлтэй ороолдоод байлтай биш.

Энэ утгаараа, тахилгатай уул овоонд эмэгтэйчүүдийг гаргадаггүй зан үйл нь жендертэй, бүсгүйчүүдийг дорд үзэхтэй холбоотой зүйл биш, харин тэнд түрхэн зуур тогтдог сүм хийдийн дэг ёстой уялдсан зүйл ажгуу.

Categories
мэдээ нийгэм

Нийтлэлч Б.Цэнддоо “Овоо бас хүйс”-ийн тухай “Өдрийн сонин”-д өгүүлжээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар уншигч танд хүрч байна. Монголчууд банкны зээлийн барьцаанд мал тавихыг Дэлхийн банк дэмжиж байгаа гэнэ. Энэ тухай тэргүүн нүүрт нийтэлжээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Нэгэнт шийдсэн юм бол Засгийн газрыг дэмжсэн шиг дэмжээд ажиллуулмаар байна гэж “Улс төр” нүүрт ярьжээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Төсвийг бүхэлд нь харахаар стратегийн төлөвлөлт зорилтгүй нь харагдаж байна гэжээ.

“Үе үеийн БОАЖ-ын сайд нар Зайсан дээр гарч яаж дарамтлахаа зарлах юм” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлсэн байна.

Засгийн газрын хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжлээ.

“Баримт, үзэл бодол” нүүрт нийтлэлч Б.Цэнддоо “Овоо ба хүйс”-ийн тухай өгүүлжээ.

“УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд нурж унахдаа тулсан хоёр байрны оршин суугчидтай хуралдав” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

ТЕГ-ын даргаар томилогдсон Д.Гэрэл гэж хэн болох тухай “Баримт, үйл явдал” нүүрээс уншаарай.

Бага насны хүүхдийг хүчирхийлсэн байж болзошгүй Б.Дашзэвэгийг сарын хугацаагаар цагдан хорьсон гэв.

“Дэлхийн мэдээ” Нью-Йоркийн халдлагын тухай онцолжээ.

УБТЗ-ийн зам засварын машин авсан тухай Оросын Asiarussia мэдээлжээ.

“Багш” нүүрт Монгол Улсын консерваторийн Үлээвэр, ц о х и в о р х ө г ж м и й н тэнхимийн эрхлэгч Б.Өлзийбуян уригджээ. Б.Өлзийбуян: Манай тэнхим үлээвэр, цохивор хөгжмийн арван ангитай хэмээн ярьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ соёл-урлаг

​“Илд цэцэг”-ийг нээнэ

“Илд цэцэг” хэмээх жигтэй нэртэй кино энэ сарын 3-наас үзэгчдэд хүрэх гэж байна. “Абсолют пикчерс” студийн энэхүү бүтээл нь адал явдалт боловч мөн чанартаа жирийн эх хүний үрийнхээ төлөө сэтгэл нь юуны ч өмнө сөхөрдөггүй болохыг харуулжээ.

Киноны зах зээл дээр том найруулагчдын гараас том бүтээл төрдөгийн жишгээр “Зүрхний хилэн”-ийн араас үзэх ёстой киноны жагсаалтад зүй ёсоор багтах энэ кино бол найруулагч П.Дэлгэрбаярын 8 дахь уран бүтээл юм. Тэрээр 2003 онд “Найзууд” киног анх бүтээн үзэгчдэд толилуулсанаас хойш “Тушаал”, “Төрийн дайсан”, “Дурлалын гэмт хэрэг”, “Амьдрал төсөл” кинонуудыг зохион найруулж, “Морь минь давхи”, “Хайрлаж болох уу?” кинонд багаараа ажиллаж байв.

“Илд цэцэг”-ийн зураг авалтыг гурван улирал дамнан хийсэн найруулагч П.Дэлгэрбаяр “Бид кинондоо олны танил гэхээсээ илүү мэргэжлийн жүжигчнийг тоглуулсан. Учир нь хэт арилжаа хөөцөлдөх биш урлаг талаас нь бүтээлээ хийхийг хүссэн” хэмээн онцолсон юм. Жүжигчин Т.Өөдөө, Ц.Төмөрхуяг болон ахмад жүжигчид, олон залуу уран бүтээлчид энэ кинонд тогложээ.

Үзэгчдийн хүртээл болсоны дараагаар олон улсын кино наадам, яармаг худалдаанд хүч үзэх энэхүү бүтээл дэлхийн киноны техникийн өндөр шаардлагад нийцэх 4к дүрсний чанар, 5.1 дууны дуугаралттай аж.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга старт апуудыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн бизнес эрхлэгч залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь төвлөрдөг. Улс орны эдийн засаг, нийгмийн төв болсон Улаанбаатар хот хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн, өрсөлдөх чадвартай, бие даан хөгжиж, өөрөө өөрийгөө тэтгэх боломжтой эдийн засгийг бий болгоход инноваци шингэсэн, жижиг дунд, бизнес эрхлэгчид чухал байр суурь эзэлнэ.

Монгол нүүдэлчин, соёл уламжлалаа хадгалж үлдэх, дэлхийд сурталчлах зорилго бүхий НААД брэндийн Мимо – Монгол гэрийг үйлдвэрлэж буй “Талын эзэн” ХХК, эх орныхоо байгалийн цэвэр түүхий эдийг ашиглан дэлхийн стандартад нийцсэн, шинэлэг гоо сайхны бүтээгдэхүүн эх орондоо үйлдвэрлэж буй Ламоур брэндийг үйлдвэрлэгч “Натурал Эссеншлс” ХХК болон дэлхийн стандарт, чанарын дагуу хүүхдийн гутал үйлдвэрлэж Япон, ОХУ-ын зах зээлд нийлүүлэхээр ажиллаж буй “Хос аз” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр хотын даргатай уулзаж, бүтээгдэхүүнээ танилцуулаа.

“Талын эзэн” ХХК-ийн захирал С.Сайханбаяр “Өнөөдөр хотын дарга болон бусад албаныхан бид бүхнийг хүлээж авч бүтээгдэхүүнтэй маань танилцаад дэмжихээ илэрхийлсэнд баяртай байна. НААД брэндийн хувьд танин мэдэхүйн шинж чанартай тоглоом. Бидний хийсэн бүтээгдэхүүн бүр тухайн хүний тархийг ажиллуулж, оюун ухааныг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Тиймээс бид НААД брэндийн эхний бүтээгдэхүүн болох МиМо буюу Миний Монгол гэрийг гаргасан байгаа. Лего хэлбэрийн угсардаг гэр нь 225 хэсгээс бүрдсэн. 2016 онд худалдаанд гаргаж дотооддоо 20 гаруй цэгээр борлуулахаас гадна гадны 6 оронд гаргасан. Бидний нэг онцлог бол тухайн байгууллагын логог гэрийн бүрээсэн дээр хэвлэх, мэндчилгээний үгийг хэвлэж өгөх боломжийг хэрэглэгчиддээ олгосон явдал юм. Бидний эхний бүтээгдэхүүн болох угсармал гэрийг олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөний дараагаар олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.

“Натурал Эссеншлс” ХХК-ийн захирал Д.Хулан “Бид бүхэн 10 нэр төрлийн 80-аад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Нэг нэр төрөл нь маш олон бүтээгдэхүүнтэй гэсэн үг. Давирахаа нүүрстэй, зөгийн бал овьёостой, мөнгөл сарлагийн шингэн сүүг ашиглаж хийсэн саван гэх мэт. Гадны улс оронд сарлагийн сүү гэж байдаггүй. Тэд саван хийхдээ хуурай сүүг ашигладаг. Харин бид малчдын гар дээрээс сарлагийн цэвэр сүүг худалдан авч бүтээгдэхүүндээ ашигладаг. Ингэснээр Монголд сарлаг байдаг шүү гэдгийг сурталчилж байгаа хэрэг юм. Цаашид чанартай эрүүл бүтээгдэхүүнийг хэрэгтэй бүх хүнд нь хүргэх зорилготой. Манай бүтээгдэхүүн ямар нэгэн харшил өгөхгүй. Энэ нь бид бүхний бүтээгдэхүүний олон улсад гарах гол давуу тал юм” гэв.

“Хос аз” ХХК-ийн захирал Н.Зоригт “Манайх цэрэг, цагдаагийн алба хаагчдын өмсдөг гутал үйлдвэрлэдгээс гадна хүүхэд багачуудад зориулсан загварын гутлыг үйлдвэрлэдэг. Гутал хийхэд ашигладаг гол түүхий эд болох арьс маань 100 хувь дотоодоосоо авсан цэвэр арьс ширэн бүтээгдэхүүнүүд юм. Мөн Монгол хонины нэхий бол маш их дулаахан байдаг учраас бид түүнийг ашиглаж байгаа. Манай бүтээгдэхүүний гол онцлог бол гутлын улыг эсгий хавчуулж хийдэг. Түүнчлэн Италийн дизайнеруудтай хамтраад Монгол хүүхдийн хөлд тохирсон хэвлүүрийг зохион бүтээж хийж байгаагаараа онцлог юм. Бидний бүтээгдэхүүн 100 хувь эко, үнийн хувьд боломжийн гэж үзэж байгаа. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бидний ажлыг үнэлж тусалж дэмжихээ илэрхийлсэнд баяртай байна” хэмээлээ.

Хотын дарга үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзсаныхаа дараа “Нүүдэлчин түмний өв уламжлал болсон 3000 гаруй жилийн түүхтэй Монгол гэрийг угсардаг тоглоом хэлбэрээр бүтээж, зөвхөн монголын гэлтгүй дэлхий нийтийн хүүхэд багачуудад үндэсний соёлоо сурталчлах том ажил, төсөл эхлүүлсэнд баяр хүргэе. Хүүхдийн тоглоомын дэлхийн зах зээл асар том бөгөөд цаашид хүрээгээ тэлэх маш ирээдүйтэй зах зээл гэдэг нь ойлгомжтой. Харин монгол залуус үндэсний өв уламжлал, инновацийг хослуулж, дэлхийн стандартад нийцсэн тоглоомын үйлдвэрлэл эхлүүлсэнд миний бие талархан хүлээж авч байна. Нөгөө талаар Мимо – Монгол гэр нь улам бүр хотжиж байгаа өнөөгийн цаг үед инноваци шингэсэн уламжлалт тоглоомоороо дамжуулж, ирээдүй хойч үедээ өв уламжлалаа өвлүүлэн үлдээх зөв гарц, менежмент болж чаджээ. Өнөөдөр гурван өөр үйлдвэрлэл эрхлэгчтэй уулзлаа. Гурвуулаа үндэсний үйлдвэрлэл. Хотын даргын хувьд та бүхний үйлдвэрлэлийг дэмжиж байна. Үндэсний үйлдвэрлэгч та бүхнийг дэмжинэ гэдэг тэнд ажиллаж буй иргэдийг дэмжиж буйгаас гадна ажлын байрны орон тоог нэмэгдүүлэх боломж бүрдүүлж өгч байна гэж би ойлгож байгаа” хэмээн онцоллоо.

Хотын дарга уулзалтын үеэр, Мимо – Монгол гэр болон Ламоур брэндийг жил бүр тодорхой хэмжээнд худалдан авч, гадаадын зочид, төлөөлөгчдөд бэлэглэж байхаас гадна өв уламжлалаа хадгалан үлдээх санаачлагын хүрээнд цэцэрлэг, дунд сургуулийн сурагчдийн хэрэглээнд нийлүүлэх ажлыг холбогдох төрийн байгууллагуудад уламжилж шийдвэрлүүлэхээ амлалаа. Мөн нийслэлийн худалдан авах ажиллагааны бодлогод үндэсний үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдээ тэргүүн ээлжид дэмжин ажиллах, бодлого хэрэгжүүлэн ажиллах болно гэдгээ хотын дарга мэдэгдлээ.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “үйлдвэрлэл, инновацийг цогцоор нь хөгжүүлэх” зорилтын хүрээнд Нийслэлийн Инноваци хөгжлийн төвийг 2017 оны арван хоёрдугаар сард ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Дэлхий нийтээрээ инновацид ач холбогдол өгч, инновациар өрсөлдөж байна. Учир нь инноваци шингэсэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай болж давуу талыг бий болгодог. Тиймээс Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Инноваци хөгжлийн төв байгуулагдаж байгаа бөгөөд нээлтээ тун удахгүй хийх гэж байна. Энэ төв инноваци шингэсэн, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох зорилготойгоос гадна, Монгол Улсад старт апын эко системийг бий болгоход голлох үүргийг гүйцэтгэх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

ХСИС-ийн захирлаар хурандаа Ө.Энхтөрийг томилжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар цагдаагийн хурандаа Ө.Энхтөрийг Хууль сахиулахын их сургуулийн захирлаар томиллоо. Тэрбээр үүрэгт ажлаа хүлээн авч, Их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав.

ХСИС-ийн захирал, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэрээ “Миний бие төрөлх сургуульдаа томилогдон, та бүхэнтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Бие биенээ харилцан дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Их сургуулийнхаа нийт бие бүрэлдэхүүнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье” гэв.

ХСИС-ийн захирал, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр нь эрх зүйч мэргэжилтэй. Завхан аймгийн цагдаагийн хэлтэст хэсгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн дарга, Мөрдөн байцаах газрын дарга, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргаар тус тус ажиллаж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Гэрэлийг ТЕГ-ын даргаар томиллоо

Related image

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тагнуулын Ерөнхий газрын даргыг томиллоо. 2012-2013 онд ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Гэрэлийг дахин томилохоор болжээ. ТЕГ-ын даргад ЦЕГ-ын тэргүүн дэд дарга асан А.Дулаанжаргал, ТЕГ-ын дарга асан Р.Болд, ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх нар яригдаж байсан ч Д.Гэрэлийг ийн томиллоо.


Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн залуучуудын шигшээ багийн тамирчдыг “Хөдөлмөрийн Хүндэт” медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 38 тоот зарлигаар 2017 оны Азийн Оюутны 3х3 тэмцээний алтан медальт, 2017 оны Дэлхийн Оюутны лигийн алтан медаль, ФИБА 3х3 Их Дуулгын тэмцээн Дэлхийн Оюутан залуучуудыг төлөөлөн оролцсон Монгол Улсын 3х3 Залуучуудын шигшээ багийг Төрийн Дээд шагнал “Хөдөлмөрийн Хүндэт” медалиар шагналаа.

Шагналын МҮСБХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Содномзундуйн Эрдэнэ өнөөдөр гардуулан өглөө. Монгол Улсынхаа нэр хүндийг тив, дэлхийд цуурайтуулсан тамирчид ийнхүү өнөөдөр Монгол төрдөө үнэлүүллээ. Баг, тамирчдадаа халуун баяр хүргэж, цаашдын спортын амжилтад улам их амжилтыг хүсэн ерөөе!

Багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:

Ахлах дасгалжуулагч: Сүхбаатарын Тулга

Тоглогчид:

Ариунбаатарын Сүхбат /Сүхбаатар аймаг/

Онолбаатарын Энхбаатар /Булган аймаг/

Батдэлгэрийн Наранбаатар /Хөвсгөл аймаг/

Боргилын Батзолбоо /Багийн ахлагч, Сүхбаатар аймаг/

Цогтын Отгонжаргал /Ховд аймаг/