Categories
мэдээ нийгэм

Зуслангийн бүсийн ой, усны сан бүхий газруудад зөвшөөрөлгүй хашаа барьсан газрыг чөлөөлж байна

Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн газрын албаны дарга нарын хамтарсан удирдамжаар зуслангийн бүсийн ой, усны сан бүхий газарт газар олгосон байдлыг судалж, хууль хэрэгжихгүй байгаа газарт нөхцөлийг тогтоох, хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалт хийх ажил хийгдэж байна.

Удирдамжийн хүрээнд Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваагаар ахлуулсан ажлын хэсэг дээрх ажлуудыг эхлүүлсэн бөгөөд шалгалтаар Нийслэлийн нутаг дэвсгэр дэх орон нутгийн тусгай хамгаалалттай бүсүүдэд хамаарах Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 19, 20-р хорооны ногоон бүсэд хамаарах нутаг дэвсгэрийн 26 зуслангийн бүсийн ой, усны сан бүхий газруудад тогтоогдсон зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн газрыг чөлөөлөх ажлыг эхлүүлээд байна.

Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн газрын алба цаашдаа Ойн тухай хууль, Усны тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчин ойн санд газар олголт хийсэн, гэрчилгээ бичигдсэн, ой, мод бут сөөгийг сүйтгэсэн, зөвшөөрөлгүй барьсан хашааны зөрчлүүдийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ авах, зөрчлүүдийг арилгуулах юм.

Categories
гадаад мэдээ

Хятадын коммунист намын сахилга батыг шалгах хорооны даргаар Чжао Лэцзи томилогдлоо

Image result for Чжао Лэцзи

Өнгөрсөн лхагва гарагт болсон Хятадын Коммунист намын их хурлаар Чжао Лэцзиг тус намын Сахилга батыг шалгах хорооны даргаар томилсон байна.

Уг албан тушаалд Си Жинпиний дотны нөхөр, өргөн хүрээг хамарсан авлигын эсрэг кампанит ажлыг зохион байгуулагч Ван Цишань томилогдох сураг байсан ч намын дүрэмд бичигдээгүй насны хязгаарын асуудлаас болж хасагдсан байна. Гэвч зарим хүмүүсийн үзэж байгаагаар, Ван Цишань хүнд өвчинд нэрвэгдсэн, эсвэл авлигын хэрэгт холбогдсон байж болзошгүй ажээ.

Хятад Улсын 5 дахь үеийн удирдагч Си Жинпин эрх мэдлээ авснаас хойш авлигын эсрэг идэвхтэй кампанит ажил явуулж, 240 өндөр албан тушаалтан, 1,4 сая хүнийг шийтгэсэн байна.

Categories
мэдээ спорт

Таеквондогийн спортын салбар дахь авлигын талаар хамгийн олон гомдол ирдэг

Image result for Таеквондогийн спорт

БНСУ-ын таеквондогийн спортын салбар нь бусад төрлийн спортоос хамгийн олон тооны авлигын хэргийн гомдол хүлээн авдаг байна. Тус улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Спортын авлигын хэргийн гомдлын төвд 2014-2017 оны 8 дугаар сарын хооронд 742 авлигын хэргийн мэдээлэл ирсэн хэмээн Солонгосын Эрх чөлөөний намын төлөөлөгч Квак Сан-до мэдэгджээ.

Яамны мэдээллийн сангаас үзэхэд нийт ирсэн гомдлын 559-ийг нь шалгаж дуусган, 122-ыг нь хууль сахиулах байгууллага руу шилжүүлсэн, эсвэл сахилгын хариуцлага тооцсон байна. Таеквондогийн спортын төрлийн талаар 106, сагсан бөмбөг 71, хөлбөмбөг 63, мөн өвлийн спортоос уран гулгалт 22, мөсний хоккей 15, цанын спортын тухай 10 гомдол тус тус ирүүлжээ. БНСУ нь дөрвөн сарын дараа Өвлийн олимпыг өөрийн орондоо анх удаа зохион байгуулах гэж байна.

Солонгосын Спорт, Олимпын хороо нь саяхан хөрөнгө шамшигдуулах, албан тушаалаа урвуулан ашиглах, хүчирхийлэл, бэлгийн дарамт, хууль бус спортын сургуулийн элсэлт болон оноолт тааруулах гэсэн дөрвөн төрлийн зөрчилд оногдох ялын хэмжээг хөнгөлөхөөр дүрэмдээ өөрчлөлт оруулснаар асар их хэмжээний шүүмжлэлд өртөөд байгаа юм. Дээрх өөрчлөлтийн дараа 24 хүн өршөөлд багтахаар өргөдөл гаргаснаас 5 хүний насан туршийн хоригийг нь донгодох, эсвэл 5 жилийн тэнсэн харгалзах ялаар сольсон байна.

Categories
мэдээ нийгэм

ӨМӨЗО-ны Хөх хотод Монгол Улсын соёлын өдрүүд болж байна

Монгол Улсын соёлын өдрүүд 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 3-ны хооронд ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдаж байна. Соёлын өдрийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцлоо.

Мөн Монголын Урлагийн ажилтны холбооны ерөнхийлөгч Б.Тунгалаг, тус холбооны тэргүүлэгчид болон Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Дундговь аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид арга хэмжээнд оролцож байна.

Өвөрмонголын музейд нээгдсэн “Өнөөдрийн Монгол Улс” гэрэл зургийн үзэсгэлэнгээр соёлын өдрүүдийн арга хэмжээ эхэлж, Өвөрмонголын Урлагийн их театрт тоглосон “Найрын ширээ” драмын жүжгээр үргэлжиллээ.

Түүнчлэн Өвөрмонголын Үндэсний урлагийн их театрт хоёр орны уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт болно.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн ордон нээлтээ хийлээ

Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн ордны шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл болон хороод хамтран ажилладаг байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Дүүрэг, эх орны маань гэрэлт ирээдүй болсон бяцхан үрс, хүүхэд, залуучуудын маань цоо шинэхэн орд өргөөний нээлтэнд хүрэлцэн ирсэн эрхэм зочид төлөөлөгчид, хүүхэд залуучууд та бүхэндээ баярын мэнд хүргэе. Учир нь будаг нь үнэртсэн, хүүхэд залуучуудын маань эрдэм дэлгэрсэн энэ орд өргөө өндөр үүдээ нээж байгаа нь бидний баяр билээ.

Манай Налайх дүүрэг бол хүүхэд, залуусын дүүрэг. Дүүргийн нийт хүн амын 32 хувийг 0-15 насны хүүхэд, 57 хувийг хөдөлмөрийн насны хүн ам, залуучууд эзэлдэг. Жил тутам 900 орчим хүүхэд шинээр мэндэлж байна.

Хэдхэн хоногийн өмнө дүүрэгт маань 50 ортой хүүхдийн эмнэлэг үүдээ нээсэн бол өнөөдөр нийгмийн хамгийн чухал хэсэг болсон гэр бүл, хүүхэд, залуучуудын ордон маань ашиглалтанд орж нээлтээ хийж байна.

Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ гэдэг. Монгол ёс уламжлалаа мэддэг, ахас дээдсээ хүндэлдэг, хүмүүнлэг, өөрийнхөө эрхийг бусдын эрхээр хязгаарлаж чаддаг, зөвд зөөлөн, бурууд хатуу, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалдаг хүн байхын тулд хүүхэд бүр өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй, түүндээ хүрэх чин зорилготой, зорилго бүр нь амжилттай гэрэл гэгээ дүүрэн байх учиртай. Энэхүү орд өргөөнд хүүхэд бүрийн инээд цалгилж, эрдэм номын буян дэлгэрч байхын ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв.

Тус барилгын ажлыг 2,8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр “Цэцэн гэрс” ХХК хийж гүйцэтгэн ийнхүү хүлээлгэн өгч байна.

Дүүргийн Засаг дарга, Тамгын газрын зүгээс шинэхэн орд өргөөний нэг танхимыг тохижуулахыг даалгавар болгон нэг сая 500 мянган төгрөг гардуулан өглөө.

Ийнхүү нийгмийн хамгийн чухал нэгж болсон гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн орд өргөө дүүрэгт үүдээ нээлээ гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.



Categories
мэдээ нийгэм

Вирүст хепатитийн Дэлхийн чуулга уулзалт Бразил улсын Сан Пауло хотноо эхэллээ

Манай улсыг төлөөлж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн eрөнхий захирал Ж.Чинбүрэн нар оролцож байна. Энэ үeр Дэд сайд Л.Бямбасүрэн бусад 5 улсын төлөөлөгчдийн хамт “Хепатитгүй Ирээдүйн төлөө Манлайлагч” арга хэмжээг нээж үг хэллээ. Хепатитын халдвараас сэргийлэх, эмчлэх, хянахад чиглэсэн үйл ажиллагааг манай улсаас гадна 5 улс онцгой хүчин чармайлт гаргаж хэрэгжүүлсэнийг өндрөөр үнэлж дэлхий даяар болон бүс нутгийнхаа хэмжээнд энэхүү хөтөлбөрийг тэргүүлэхээр болсоныг мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Ёс зүй-Сахилга хариуцлага” сэдэвт сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн харьяа агентлагийн дарга нарын дунд “Ёс зүй-Сахилга хариуцлага” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэл гэдэг бүх шатны хууль хяналтын байгууллагын анхаарлын төвд байдаг газар. Учир нь нийслэл дээр маш олон зөвшөөрлийн асуудал байдаг. Газар олгохоос эхлээд мэргэжлийн хяналт, худалдан авалтын ажиллагаа гэх мэт. Хууль хяналтын байгууллага төдийгүй ард иргэдийн нүд, чих сонсоод, хараад байж байдаг албан тушаалд та бүхэн байгаа шүү. Тиймээс бүхэн онцгой хариуцлагатай байх ёстой гэдгийг анхааруулж хэлье. Би та бүхэнтэй уулзахдаа шударга бай, төрийн албыг хууль тогтоомжийнх нь дагуу гүйцэтгэ, хувийн ашиг сонирхлыг битгий урьтал болго гэж үргэлж хэлдэг. Мөнгө улаан, нүд цагаан гэгчээр янз бүрийн хууль бус зүйлд орооцолдоод явбал Засаг даргын хувьд би та бүхнийг өмгөөлөхгүй. Төрийн хууль тогтоомжийнхоо дагуу үүргээ хүлээгээд явна шүү гэдгийг хатуу хэлье. Та бүхэн гишгэсэн мөрөө эргэж харж явах учиртай. Аливаа зүйлд гарын үсэг зурж хандах болгондоо би энэ ажлыг яаж хийх ёстой билээ гэдгээ бодож байх хэрэгтэй. Төрийн нэг мөнгө ч араасаа нэхэл хатуутай байдаг юм шүү. 60 жилийн турш та бүхний гаргасан, зарцуулсан мөнгө санхүүг хэзээ ч нээлттэйгээр олны өмнө гаргаж ирэх бололцоотой. “Би энэ ажлыг хэдэн жилийн дараа өгөөд явчихна тэгээд бүх зүйлээ дуусна” гэж бодож болохгүй.

Төрийн албаны зүгээс эсвэл улс төрийн өндөр албан тушаалтан бүхий хэн нэгэн та бүхэнд дарамт учруулж, хууль бус үйлдэл хийлгэх гэж оролдвол шууд холбогдох байгууллагад нь хэлэх хэрэгтэй. Өөрт нь тухайн зүйл хууль бус гэдгийг хэлж сануулаад, дараа нь хуулийн байгууллагад хандах учиртай гэдгийг дахин хэлье. Нийслэлийн ЗДТГ АТГ-тай 2018 оны турш хамтарч ажиллаж агентлаг тус бүрт сургалт явуулна. Хөндлөнгийн болон дотоод аудит, хяналт шинжилгээний ажлыг сайжруулж, сахилга хариуцлагыг дээшлүүлнэ.

Гэхдээ та бүхнийг итгэл, найдвартай ажиллаж байгаа гэдэгт би итгэж найдаж байгаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье” хэмээлээ.

Үргэлжлүүлэн нийслэлийн Прокурорын газраас “Зөрчлийн тухай хууль, үйлчлэх зарчим, үндэслэл, зөрчилд ногдуулах шийтгэлтэй холбоотой асуудал”-аар агентлагийн дарга нарт мэдээлэл өглөө

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчнөөс Уламжлалт анагаах ухааны аргаар эмчлэх, сэргийлэх нь

Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

Image result for Сангийн сайд Ч.ХүрэлбаатарИрц бүрдэхгүй гэдэг шалтгаанаар хойшлоод байсан Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Уг хоригийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд хүлээж авах шаардлагагүй гэж үзээд байсан юм. Төсвийн байнгын хороо мөн хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцсийн шийдвэрээ гаргах юм.

Categories
мэдээ нийгэм

“Онцгой байдлын үед орон зайн суурь мэдээллийн санг ашиглах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, аюулыг эрт зарлан мэдээлэх, зөв шийдвэр гарган хариу арга хэмжээ авах ажиллагаанд газар зүйн мэдээллийн систем зайлшгүй шаардлагатай байдаг.

Тиймээс онцгой байдлын үед ашиглах орон зайн суурь мэдээллийн санг бий болгоход Онцгой байдлын ерөнхий газраас анхаарал хандуулан ажиллаж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газартай хамтран “Онцгой байдлын үед орон зайн суурь мэдээллийн санг ашиглах нь” сэдэвт хоёр дах шатны сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтын нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Даниела Гаспарикова болон бусад албаны хүмүүс оролцлоо.

“Онцгой байдлын үед орон зайн суурь мэдээллийн санг ашиглах нь” сургалт нь газарзүйн мэдээллийн систем болох Arc GIS програм дээр ажиллах, мэдээллийн сан үүсгэх, орон зайн мэдээллийг тоон хэлбэрт хөрвүүлэх, өгөгдөл мэдээг шинээр оруулах, засварлах, мэдээллийн санд хайлт, шүүлт хийх мэдлэгийн онол, дадлага олгох зорилготой юм.

Сургалтанд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газар, төв орон нутгийн онцгой байдлын анги байгууллагын зарлан мэдээлэл, холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгуудын газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын нийт 60 гаруй алба хаагчид оролцож байгаа бөгөөд сургалт 2017 оны 11 дүгээр сарын 03-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.