Categories
мэдээ нийгэм

Мотоциклын хөдөлгөөнийг хориглолоо

Image result for Мотоциклын хөдөлгөөнийг хориглолоо

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь заалтыг үндэслэн Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/636 тоот захирамж гарчээ.

Тус захирамжаар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хоёр болон гурван дугуйт тээврийн хэрэгслээр хөдөө хээр, орон нутаг болон, улсын чанартай авто замд хөдөлгөөн хийхийг хориглосон байна.

Учир нь манай улсад мотоцикль унаж яваад осолд орох, улмаар амь насаа алдах явдал орон нутгийн түвшинд өндөр байгаа юм. Мотоцикль унаж яваад зам тээврийн осол гаргасан зөрчил улсын хэмжээгээр жилдээ 300-400-ийн хооронд хэлбэлздэг байна. Харин мотоциклын ослын улмаас амь насаа алдагсдын тоо жилдээ 100-аас хол давдаг юм. Хөдөө орон нутгийн эмнэлгийн байгууллагад хандаж байгаа хүмүүсийн багагүй хувийг мотоциклоос унаж бэртсэн хүмүүс эзэлдэг. Иймээс өвлийн халтиргаа гулгаатай үед мотоциклоор зорчихыг ийнхүү хориглож байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид Ерөнхийлөгч, Засгийн Газарт шаардлага хүргүүлээ

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос өнөөдөр Засгийн Газар, УИХ, Ерөнхийлөгч болон бусад холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль Монгол Улсын Их Хурлаар 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс эхэлж хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн зорилго бол цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 70,000 гаруй хүүхдийг харж, хандах хууль юм. Өнгөрсөн жил 5.8 тэрбумыг УИХ-д төсөвлөж 6,000 хүүхэд хамруулах ёстой гэдгийг баталсан.Харин одоогийн байдлаар 5,275 хүүхэд уг үйлчилгээнд хамрагдаж, тогтмол 1,025 ажлын байр бий болж, 10,000 гаруй эцэг эх ажил хийх боломжтой болсон гэж Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Өлзийбат онцлон хэлж байлаа.

Мөн Хүүхэд Харах Үйлчилгээ Эрхлэгчдийн Нэгдсэн холбооны ажлын хэсгийн ахлагч Б.Мягмардорж хэлэхдээ: “Өнөөдөр Монгол Улсын хүний эрхийн хуульд “Хүн амьд явах, боловсрол эзэмших” эрхтэй гэж заасан байдаг. Гэвч одоогийн сайд, дарга нар эхний эрхийг халаад, хоёр дахийг нь илүүд үзэж байна. Тодруулбал 73,524 хүүхэд өнөөдөр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, цоожтой хаалганы цаана өдрийг өнгөрөөж байгаа юм. Үүнээс болж сард 15-17 хүүхэд ертөнцийн мөнх бусыг үзлээ. Түлэнхийн төвд очсон хүүхдүүдийн ихэнх нь гэртээ харах хүнгүй, эсвэл насанд хүрээгүй хүүхдээр харуулсан хүүхдүүд байдаг.

Үүнийг шийдэх гарц байна. Жишээлбэл: жилийн хугацаанд 5.8 тэрбум төгрөгөөр 6,343 хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлсэн.

Төр 80 тэрбум төгрөгөөр шийдэх асуудлыг Хүүхэд харагчид бид 5.8 тэрбум төгрөгөөр шийдэж төрд ирэх хүнд ачааллыг бууруулж байгаа хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж ажиллахыг уриалж байна.

Төр засаг бидэнтэй хамтарч ажиллаж Монголын ирээдүй болсон эдгээр 70,000 гаруй хүүхдийг аврахыг хүсэж байна” гэлээ.

ШААРДЛАГА

Цэцэрлэггүй үлдсэн зөвхөн хоёр настай 23 мянган багачууд, 3-5 настай ах, эгч нарынхаа хамтаар 73,524 хүүхэд гэртээ цоожтой хаалганы цаана байна. Хүүхэд бүрт ижил боломж олгоё.

Монгол Улсын нийт хүн амын 10.0 гаруй хувь болох 300,000 орчим хүн ам бүхий 25 хороо цэцэрлэггүй байгаа нь Монгол төрийн эмгэнэл юм!

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030, Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.2.“Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бий болгоно гэж тусгасан.

Монгол Улсын нийт хүн амын 9,3 хувь буюу 2-5 насны цэцэрлэгт хамрагдах ёстой 280,000 хүүхэд байна. Үүнээс улсын болон хувийн цэцэрлэгт 206,476 хүүхэд хамрагдсан бол Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжсэнээр өнгөрсөн жил хоёроос таван нас хүртэлх 5,496 хүүхэд хамгаалагдсан байна. Мөн 297 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамгаалагдсан. Үлдсэн 73,524 хүүхэд гэртээ харгалзах хүнгүйгээр цоожлогдон аливаа болзошгүй эрсдэлд өртөх, халамж, хамгааллаас ангид, эрсдэлтэй үлдэж байна.

2017 оны Улсын төсөвт 5.8 тэрбум төгрөгөөр Хүүхэд харах үйлчилгээнд, цэцэрлэгт хамрагдаж, чадахгүй байгаа нийт хүүхдийн 9 хувь болох 6,343 хүүхдүүдэд ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлж, ажилгүй иргэд, залуу гэр бүл, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрийн бодлогыг хэрэгжүүлсэн.

Хууль хэрэгжсэнээс хойш 426 хүүхэд харах төвд 2016 онд 5,496, 2017 онд 5,275 хүүхдүүд хамгаалагдаад байна. Үүний үр дүнд 10,000 гаруй иргэн ажил хөдөлмөр эрхлэх нөхцөл бүрдсэн нь уг хууль иргэдэд, нийгэмд ямар их хүлээлттэй, ач холбогдолтой нь харагдаж байна.

Иймд хүүхэд хамгааллыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагыг хүргэж байна.

  • 73,524 хүүхдүүдийг дахиад цоожтой хаалганы цаана байлгасаар байх уу? Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх хуулийг олон нийтэд зөв ойлгуулж, хүүхэд хамгаалал, соён гэгээрүүлэх ажлыг онцгойлон анхаарч ажиллах
  • 2018.01.01-нээс Удирдлага зохион байгуулалт, санхүүжилт Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдаас боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлсэнтэй холбогдуулан тус яамдын сайд нар цаашид ямар бодлого барьж ажиллах талаараа бидэнтэй уулзалт хийнэ үү? Мөн хуулийн хэрэгжилт, нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан хамтарсан ажлын хэсэг байгуулах
  • 73,524 цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүд нийгмийн хамгаалал, эрүүл аюулгүй орчинд байх боломжийг олгож 2018 онд төсөвлөсөн төсвийг цаашид нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана уу?

Энэ хууль хэрэгжсэн хугацаанд стандарт журмын дагуу өнөөдөр 426 Хүүхэд харах төв нь сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналт, нийслэлийн онцгой байдлын газар зэрэг эцэг эхийн хараа хяналт, зөвшөөрлийн үндсэн дээр 1025 хүний тогтмол ажлын байрыг бий болгож, 6,343 хүүхэд өсөж хүмүүжих, амь нас, эрүүл, аюулгүй орчинд хамгаалагдлаа.

Төр 80 тэрбум төгрөгөөр шийдэх асуудлыг Хүүхэд харагчид бид 5.8 тэрбум төгрөгөөр шийдэж төрд ирэх хүнд ачааллыг бууруулж байгаа хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж ажиллахыг уриалж байна.

Хүүхэд харах үйлчилгээ бол нийгмийн халамж биш энэ бол ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалтын асуудал, ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ХҮҮХДИЙН ЭРХ, тэгш эрхийн асуудал, аав, ээж нь ажилгүй, танилгүйгээс болж хүүхэд хохирч, сугалааны ард үлдэх ёсгүй!

Шаардлагын хариуг 2017 оны 11 сарын 08-ны дотор өгнө үү?

Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн хүн амын байдал-2017” тайланг танилцууллаа

НҮБ-ын Хүн амын сангаас жил бүр гаргадаг “Дэлхийн хүн амын байдал 2017” тайланг өнөөдөр танилцууллаа. Тус тайланд хамгийн ядуу эмэгтэйчүүдэд тулгарч буй тэгш бус байдлыг шийдвэрлэж, тэдний эрхийг хамгаалахгүй бол дэлхийн хөгжлийн зорилтуудад хүрч чадахгүй байж болзошгүйг анхааруулсан байна.

“Тэгш бус байдлын эрин үе дэх нөхөн үржихүйн эрүүл мэнд ба түүнийг эдлэх эрх” сэдэвтэй уг тайлангийн хүрээнд НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахара мэдээлэл өглөө. Тэрбээр “Хөгжиж буй ихэнх оронд хамгийн ядуу эмэгтэйчүүд хэзээ, хэдэн удаа жирэмслэхээ шийдэх эрх хомс байдгаас гадна жирэмсэн, амаржих үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүртэж чаддаггүй. Энэ тэгш бус байдал нь эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, ажил, амьдрал, орлого олох боломжийг устгаж, улс үндэстнийхээ хөгжилд хувь нэмэр оруулахад нь саад тотгор учруулдаг юм.

Монголд бараг гурван хүний нэг нь ядуу амьдарч байна. Бидний тооцоогоор Монголд нийт жирэмслэлтийн 14 хувь нь хүсээгүй, огт төлөвлөөгүй жирэмслэлт. Энэхүү тоон мэдээллээс үзвэл эмэгтэйчүүд жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл, холбогдох мэдээллийг авч чадахгүй, улмаар ядуурлын эргүүлгээс гарч чадахгүй улам ядуурч байна.

Эмэгтэйчүүд нөхөн үржихгүйгээ хянах боломжтой болсон тохиолдолд тэд сурч боловсорч, цалинтай ажил хийж, эдийн засгийн илүү их эрх мэдэлтэй болдог.

Чинээлэг Монголчууд жирэмсний үеийн чанартай хяналт, эмчилгээ хүртэж, ядуучууд нь чадахгүй байна. Эмэгтэйчүүдийг үр хүүхэд төрүүлснийхээ төлөө гэсгээл хүртдэг байдлаас хамгаалах нь чухал” гэв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ: “Бид энэ асуудлыг хүлээн авч тодорхой бодлого төлөвлөгөөтэй ажиллах ёстой. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал ядууралтай холбоотой. Хэдийгээр эхийн эндэгдэл өнгөрсөн жилтэй харьцуулахад буурсан ч энэ оны эхний 8 сарын байдлаар 14 эх эндчихээд байна. Нялхсын эндэгдэл эхний найман сарын байдлаар 825 болжээ. Үр хөндөлтийн хувьд энэ тоо 18 мянгад хүрсэн.

Тиймээс дэлхийн хүн амын тайланд дүгнэлт хийж, онцгой анхаарах ёстой гэж дүгнэж байна. Ядуурал, эмэгтэйчүүдийн хүнд нөхцөл байдал ажилгүйдэлтэй холбоотой. Залуу, хөдөлмөрийн насны ээжүүд гэртээ хүүхдээ хараад байж байна. Шинэ Засгийн газрын хамгийн түрүүнд баримталж буй чиглэл бол бүх хүүхдийг цэцэрлэгтэй болгох.

Мөн Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн боловсролыг цоо шинэ түвшинд гаргах зорилт тавьж ажиллаж байна. Өнөөдөр ядуу эмэгтэйчүүд эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээг авч чадахгүй байгаа нь үнэн. Тиймээс бид үйл ажиллагааны төлөвлөгөөгөө энэ чиглэл рүү хандуулж байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Увс аймгийн иргэд Засаг даргаа огцрохыг шаардаж жагсаал хийнэ

Увс аймгийн иргэд Засаг дарга Д.Батсайханыг огцрохыг шаардаж энэ сарын долоонд Улаангом хотын төв дэх маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит талбайд тайван жагсаал, цуглаан хийхээр болжээ Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд 11 цагт “Увс аймгийн хөгжлийн төлөө хамтдаа” нэртэй энэхүү тайван жагсаал, цуглааны талаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд тэргүүтэй тус аймгийн зарим сум, багийн иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

Мэдээлэл хийж байгаа төлөөлөгчид хэлэхдээ: “Увс аймаг сүүлийн нэг жил эзэнгүй мэт болж, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан ажлууд хэрэгжиж эхлээгүй, төрийн алба цөөн хэдэн хүний гар хөл бологсод дүүрч 60 тэрбумын жижгирүүлсэн хувилбар хэрэгжиж байгаа гэдгийг хурлын эхэнд онцолсон юм.

Мөн Увс аймагт төрийн албаны сонгон шалгаруулалт дарга нарын эрх ашгийн дагуу явагддаг бөгөөд тэд өөрсдийн хүнийг түр томилоод, сонгон шалгаруулалтыг нэр төдий явуулан өнөөх хүнээ жинхэлдэг.Ажлаа шударгаар хийж байгаа төрийн албан хаагчдыг дарамтлах нь их байна. Тухайлбал, элдэв баяр ёслол, наадам зохион байгуулахдаа төрийн албан хаагчдаас хураамж татаас авдаг байдал хэрээс хэтэрсэн гэнэ.

Түүнчлэн Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нь ял шийтгэлтэй байхдаа албан тушаалдаа томилогдсон юм. Энэ талаар өнгөрсөн онд түүнийг томилогдсоны дараахан АН-ынхан олны сонорт хүргэж байсан ажээ. Тодруулбал, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нь эрүүгийн хэргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл буюу өршөөлд орохгүй зүйл ангиар ял шийтгэгдсэн юм байна. Тэрээр Увс аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа төрийн албан хаагчдад зориулсан таван давхар 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгож 120 гаруй сая төгрөгийг завшсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон. Тиймээс шүүхээс түүнд хоёр жил төрийн албан тушаал эрхлэх эрхийг нь хасч, хоёр жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэж байжээ. Энэ ял нь яван явсаар 10 сая төгрөгийн торгууль болон дуусжээ.

Иймээс хэвлэлийн хуралд оролцсон иргэд “Увсынхан ялтай Засаг даргаар удирдуулахыг хүсэхгүй байна” хэмээн байр сууриа илэрхийлэв. Уг жагсаал, цуглаанд аймгийн төвийн иргэдээс гадна 16 сум 150 багийн иргэдийн төлөөлөл оролцохоо мэдэгдээд байгаа ажээ.

Хуралд оролцсон иргэдийн нэг болох Улаангомын гуравдугаар багийн иргэн О.Булган ярихдаа: “Мэргэжил, боловсролтой залуус нутагтаа ажиллах боломж алга. Дарга нарын ах дүү, хамаатан садан, тойрон хүрээлэгчид л төрийн албанд ажилладаг юм байна. Хязгаар нутагт залуус ажиллаж хөдөлмөрлөх, үйлдвэрлэл эрхлэн сайхан амьдрах боломж нөхцөлгүй учир тэд Улаанбаатар рүү шилжиж байна. Тиймээс би энэ байдлыг өөрчлөхийг хүсч тайван жагсаал, цуглаанд нэгдэж байгаа” гэв.

Б.Үржиг

Categories
мэдээ улс-төр

Ж.Мөнхбат: Чи хулгай хийгээгүй юу, битгий солиор

Related image

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах асуудлаар Төрийн танхимд гишүүд хэрэлдэж байна.

Ц.Гарамжав: Нэг хүн рүүгээ ямар их дайрдаг юм бэ. Намайг өнгөрсөн жил байнга гүтгэсэн. Бид үлгэрлэж суугаа учраас залуус ч цахим орчинд юу хүссэнээ бичиж байна. Анхаарах ёстой шүү. Бид зөв бодлого, хууль гаргаж, эх орноо зөв удирдах ёстой.

Г.Занданшатар: Би төрийн сүлдэндээ тангараг өргөсөн хүний хувьд Үндсэн хуулийг агуулгаараа зөрчсөн хоригийг хүлээж авахгүй гэдэг хатуу байр суурьтай байна. Бид Үндсэн хуулийн зөрчилтэй хоригийг хэлэлцэж байна. Хүний томилгоонд хориг тавьсан тохиолдол дэлхийн болон Монгол Улсын түүхэнд байхгүй. Үндсэн хуулийн цэцийн ганц гишүүнд хориг тавьж байснаас өөр ийм асуудал гарч байгаагүй.

Ж.Мөнхбат: Танхимын сайдаа өмөөрч мууг нь сайн, муухайг нь гоё гэдэг юм. Ойлгож байна. Гэхдээ Ерөнхий сайд ямар зарчим баримтлаад байгааг ойлгохгүй юм. Гэр бүлээрээ лиценз зараад идчихсэн хүнийг зүтгүүлээд байх юм. Хоёр, гурван баримт байна аа. Эрдэнэтийн 49 хувийг ард түмний мэдэлд авч ирнэ гэхэд намынхаа эсрэг кноп дарж байсан хүнийг Сангийн сайдад зүтгүүлж байна даа. Багш, төрийн албан хаагчид өөрсдөө зөвшөөрөхгүй байгаа тэтгэлгийг өгнө гэж зүтгээд л.

55 тэрбум буюу 55 цэцэрлэг барих мөнгийг халамж хэлбэрээр тараах нь ээ. Өмөөрөхөд үнэхээр хэцүү юм аа. Дубайн гэрээг бид сайжруулна гэж явахад эсрэг байр суурь илэрхийлж явсан хүн шүү дээ. Энэ хүн бол монголын эрх ашгийн эсрэг дандаа зогсч байсан хүн шүү. Би хувийн ямар ч атаа хорсол байхгүй ээ. Зарчмын хувьд дэмжихгүй ээ. Нүүрэн дээр нь хэлчихээд цаашаа явдаг хүн. Тэр зарчмаараа л хэлж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн эмзэг цэг нь. Та юу гээд хүн загнаад байгаа юм бэ. Чи хулгай хийгээгүй юу. Битгий солиор.

М.Энхболд: Ерөнхий сайд, Ж.Мөнхбат хоёр больчих. Их хурлын чуулганы танхимд битгий хэрэлдээд бай. Хоёулаа дуугүй бол.

Лу.Болд: Ш.Раднаасэдэд үг хэлье. Залуу даргад анхааруулга хэлье. Ард түмнээ доромжлоод явж байна. Монгол Улсад гэмт хэрэггүй хүн байхгүй гэж ярьж байна. Монголын иргэдийг ингэж доромжилж болохгүй ээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар маргалдах үед тэрбээрЖ.Мөнхбатын авлигаар томилсон бүх дарга нарт үгүй гэж хэлнэ. Төрийн хулгайч, тонуулчдад гишгэх газар байхгүй шүү” хэмээн орилсон юм. УИХ-ын дарга тэдний маргааныг тасласны дараа гишүүд үргэлжлүүлэн саналаа хэлж эхлэв.

Л.Болд: Ардчилсан хувьсгал нэг ч цонх хагалалгүйгээр болж байсан. МАН өнөөдөр 76-аас 65 суудал авсан. Сөрөг хүчнийхээ намаас өнөөдөр Ерөнхийлөгчөө сонгосон нь Үндсэн хуулийн гайхамшиг юм шүү. Ард түмэн өнөөдөр төрд тэнцвэртэй хяналт байлгахыг зорьсон нь энэ. Гэтэл монголын ард түмнийг ингэж доромжилж болохгүй.

Л.Элдэв-Очир: Нам дотор хагаралдан бутаргах үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар хйиж байна. Цаашид нэг нэгээр нь биднийг батлагдаж, нотлогдоогүй үндэслэлээр намнах юм байна гэж харагдаж байна. Хүний шидсэн хортой алимыг идчихээд ингэж хагаралдаж болохгүй.

Д.Хаянхярваа: Өнөөдөр бид өшөө хорсол руу явж байна. Ерөнхийлөгч Тамгын газрын даргадаа хариуцлага тооц л доо. Өнөөдөр энэ хүнээс болж Ерөнхийлөгчийн нэр хүндэд ч сөргөөр нөлөөлнө. Энэ мэт асуудлуудаа бид шийдвэрлэж нэг тийш нь болгохгүй бол намын нэр хүндэд ч сөргөөр нөлөөлнө шүү.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн иргэдийн спортын VI наадам”-ын шигшээ тэмцээн болно

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлийн иргэдийн спортын VI наадам”-ыг 2017 оны гуравдугаар сараас эхлэн спорт явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 8 төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар амжилттай зохион байгуулж байна.

Нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос шалгарсан Шилдгийн шилдэг 108 багийн 1638 тамирчдын сүүлийн шатны Шигшээ тэмцээн 2017 оны 11 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт ордонд зохион байгуулагдана гэж нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхэд, залуус “49 дүгээр гудамж” нэртэй театртай боллоо

Эх орны ирээдүй болсон хүүхэд залуусын танин мэдэхүйд тодорхой хэмжээнд дэмжлэг болох зорилготой “49 дүгээр гудамж” нэртэй театр байгуулагджээ. Нэрнээсээ эхлээд хүмүүсийн сонирхлыг татах уг театрын нэрний учрыг лавлахад “Эвийн бэлгэдэл болсон эвтэй дөрөв, есөн эрдэнийн бэлгэдлийн ес гэсэн утгыг илэрхийлж байгаа” гэсэн юм. “49 дүгээр гудамж” театр 200-250 хүний суудалтай бгөөд урлагийн бүхий л чиглэлээр бэлтгэл хийх зориулалттай бага танхимтай. Үүдээр нь оруут л театрт тавигддаг бүхий л шаардлагыг хангасан орчин, сонгодог урлагийн мэдрэмжийг хэнд ч төрүүлэхээр дотоод засалтай ажээ. Хүлээлгийн танхим, кофены булан, амралтын булан гээд хаашаа л харна бүх зүйлийг хоорондоо уялдаатай, утга учиртай байхаар тохируулжээ. Монголд хүүхдэд зориулсан хувийн анхны театр гэдгээрээ энэ театр мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авчээ.

Хүүхэд, залуусаас бүрдсэн 35 жүжигчинтэй бөгөөд энэ сарын дундуур жүжгээ тавьж уран бүтээлээ албан ёсоор эхлүүлэх юм байна. Уг театрын Уран сайхны зөвлөлийн даргаар МУГЖ, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай, найруулагчаар нь СТА Д.Саранхүү, зураачаар СТА Б.Тэгшсүрэн нарын авьяаслаг уран бүтээлчид ажиллаж байна. “Монгол оркестр” ХХК ийм төсөл эхлүүлэх санаачлагыг анх гаргажээ. Тус компанийн захирал Н.Батсуурь “Бид ирээдүйн хүүхэд залуучуудад соёлын боловсрол олгох мөн гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, урлагийн олон талт үйл ажиллагаа зохион байгуулах юм. Тус зорилгынхоо хүрээнд “49 дүгээр гудамж” хүүхэд залуусын театрыг ашиглалтад орууллаа. Бидний театрт хүүхэд залуучуудын хөгжилд чиглэсэн бүх төрлийн үзвэр үйлчилгээ, урлагийн бүтээлүүд төрөн гарах боломжтой.Эх орны минь ирээдүйг цогцлоох хүүхэд залуусын танин мэдэхүйд тодорхой хэмжээнд дэмжлэг болох театр байгуулсандаа нийт дэмжигч гишүүд, “Сибэ” ХХК, “Электрон найз” ХХК, “Харанга” хамтлагийн ахлагч МУГЖ Энхманлай болон бидний хамт олон туйлын баяртай байна” гэсэн юм.

Т.АНИМАА


Categories
мэдээ нийгэм

Улс, орон нутгийн музейн 2017 онд худалдан авах үзмэрийн саналыг хүлээн авчээ

Соёл, урлагийн газраас улс, орон нутгийн музейн сан хөмрөгт үзмэр худалдан авах ажлыг 2017 оны 11-12 дугаар сард зохион байгуулахтай холбогдуулж музейнүүдээс 2017 онд худалдан авах үзмэрийн санал, холбогдох баримт бичиг, гэрэл зургийг хүлээн авч нэгтгэв.

Монголын Үндэсний музей, Монголын Театрын музей, Богд хааны ордон музей, Дархан-уул аймгийн музей, Хөвсгөл аймгийн музей, Ховд аймгийн музей, Чойжин ламын сүм музей, Увс аймгийн музей, Төв аймгийн музей, Завхан аймгийн музей, Хэнтий аймгийн музей, Архангай аймгийн музей, Хархорум музей, Сүхбаатар аймгийн музей, Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй байгалийн музей, Баян-Өлгий аймгийн музей, Байгалийн түүхийн музей, Дорноговь аймгийн музей, Дундговь аймгийн музей зэрэг 19 улс, орон нутгийн музейгээс 200 нэр төрлийн 540 гаруй эд өлгийн зүйл, түүх соёлын дурсгалт зүйлийг худалдан авах санал ирүүлээд байна.

Худалдан авахаар ирүүлж буй эд өлгийн зүйлсийн ихэнх хувийг түүх, угсаатны эд хэрэглэлийн зүйлс хувцас, чимэглэл, сав суулга, ваар, хөөрөг, хэт хутга, аяга, монгол гутал, дарханы багаж, мал аж ахуйн тоног хэрэгсэл эзэлж, түүний дараа амьтны чихмэл, араг яс эзэлж байгаа бөгөөд саналд ирүүлээд буй эд өлгийн зүйлсийн түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдлыг тогтоолгох зорилгоор БСШУСЯ-ны дэргэдэх Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлд хүргүүлээд байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны төсвийн багцад музейн үзмэр худалдан авахад зориулж 285,8 сая төгрөгийг хуваарилсан.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдэд зориулсан уран бүтээлийн арван нэг дэх уралдааны дүн гарлаа

Соёл, урлагийн газраас хүүхдэд зориулсан уран бүтээлийн XI дэх удаагийн уралдааныг 4-н төрлөөр зарласан бөгөөд уралдаанд Монгол улсын 8-н аймаг, нийслэлийн харьяаны 13-70 насны уран бүтээлчид оролцсон ба драмын жүжгийн төрөлд 23, дуулалт жүжгийн төрөлд 16, бүрэн хэмжээний уран сайхны киноны төрөлд 20, олон ангит уран сайхны киноны төрөлд 4 нийт 56 зохиол ирсэн юм.

БСШУСЯ-ны сайдын А/140 дүгээр тушаалаар томилогдсон мэргэжлийн зөвлөлийн гишүүд батлагдсан удирдамж, бүтээлд тавигдах шаардлага зэргийг үндэслэн дараах бүтээлүүдийг шалгарууллаа. Үүнд:

• Драмын жүжгийн төрөлд

– 1-р байр Н.Мандалын “Нууцын эрэлд”

– 2-р байр Г.Мишээлийн “Торнхилийн ой”

• Дуулалт жүжгийн төрөлд

– 1-р байр О.Сундуйгийн “Хонхот гөлчгийн адал явдал”

– 2-р байр Д.Цэнгэнжавын “Би хэн бэ?”

• Уран сайхны киноны төрөлд

– 1-р байр Т.Номин-Эрдэний “Кибер сүлжээ”

– 2-р байр Ч.Наранцэцэгийн “Сүүн хэлхээ”

• Олон ангит уран сайхны киноны төрөлд

– 1-р байр Б.Анармаагийн “Виртуал хүү UP”

– 2-р байр П.Наранбаатарын “Мөрөөдлийн төгөл”

Шалгарсан бүтээлүүдийг хэвлүүлэх болон цаашид тайз, дэлгэцийн бүтээл болгоход ЗГХА, Соёл урлагийн газраас анхааран ажиллах юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Таван лицензтэй компанийнхаа 51 хувийг 10 сая доллараар зарсан уу, зарсан

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцэж байна. Гишүүд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд болон байнгын хорооны дарга нараас асуулт асууж, хариу авч байна.

Б.Бат-Эрдэнэ гишүүн Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор тамгын газрын даргын гаргаж тавьсан баримтуудыг Ч.Хүрэлбаатар сайд гүтгэлэг гэдэг. Үүнд хариу өгөөч гэсэн юм.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд: Би хүн гүтгээгүй. Баримт нь энэ байна. Б.Бат-Эрдэнэ гишүүн сонирхож байвал үзээрэй. Зөвхөн энэ бус баахан мөнгөний шилжүүлэг байгаа юм. Ерөнхийлөгч бодлогын асуудал УИХ-тай ярьж байгаа. Үндсэн хуулийн зургаагийн 1-д заасан Байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэдэг заалт зүгээр л цаасан дээр хоцрох юм уу?

Сайд гээд гүйцэтгэх засаглалд байдаг улсууд чинь Үндсэн хуулийн 6-гийн нэгийг зөрчөөд хувьдаа мөнгөтэй болоод байна. Энэ нэг УИХ, нэг Засгийн газрын асуудал биш болчихжээ. Сүүлийн 20 жил үргэлжилсэн байна. Оочерлож байгаад лиценз авдаг юм 1997 онд хууль болсон. Түүнээс хойш 20 жил Монголын ард түмэн ажлын байртай болчих болов уу, дэд бүтэц нь сайжрах болов уу, цалин хөлс сайжрах болов уу гэж хүлээгээд байдаг. Рио Тинтогоос өөр томоохон үйлдвэр (Эрдэнэтийн дараа орох том үйлдвэр) ашиглалтад оруулсан нэг ч уурхай алга. Тэгэхээр энэ баялаг, үйлдвэр, бүтээгдэхүүн болж байж Монголын ард түмэнд үр дүнгээ өгөхөөс биш экскавотороор шанагдаад, машинд ачаад хил гаргаад байвал Монголд юм үлдэхгүй. Энэ бодлогоо өөрчлөөч.

Эхний алхам нь УИХ ашиг сонирхлын зөрчилтэй, уул уурхайн лицензтэй, түүнийгээ зарж баяждаг улсуудаасаа зайгаа бариач. МАН-д лицензгүй, уул уурхайн бизнест холбогдоогүй өчнөөн олон сайн улсууд байгаа. Тэдэн дотроосоо Сангийн сайдаа тавьчихаж болдоггүй юм уу гэдэг ийм л хүсэлт УИХ-д илгээж байгаа шүү дээ.

Энэ таван лицензтэй холбоотой Хотгор шанагатай холбоотой асуудлыг зөв буруу гээд маргалдаад байх юм. Маргаан дууссан шүү дээ. Таван лиценз байна уу байна. Таван лицензтэй компанийнхаа 51 хувийг 10 сая доллараар зарсан уу зарсан. Түүний гурав нь Ч.Хүрэлбаатар сайдын хоёр төрсөн ах, зөвлөх байна уу туслах байна уу Дэмбэрэл гэдэг хүний нэр дээр дансаар нь бэлнээр доллараар ороод ирчихсэн. Энд өөр ямар ч нотлох баримт нэмж шаардлагагүй. Харин ч хориг тавьсны хүчинд энэ бүх материалууд Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрээр ирж байна шүү дээ. Үүнийг хууль хяналтын байгууллагууд шалгаж, үнэн зөвийг нь тогтоох учиртай. 10 сая доллараасаа татвараа төлсөн юм уу?

Хотгор шанага бол 2007 оны УИХ-ын 27-р тогтоолын хоёрдугаар хавсралтад байгаа стратегийн орд юм билээ. Бас л энийг стратегийн орд болгох ажлыг тухайн үеийн Засгийн газар оруулж ирээгүй. Хоёрдугаар хавсралтанд байгаа 38 уурхайн нэг болоод үлдчихсэн. Манай бизнесмэнүүд, хувийн хэвшлийнхэн ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж бизнес хий л дээ. Зүгээр нэг нүүрс утгаад гаргахыг хэн ч хийж чадна. Үндсэн хуульд зааснаар ард түмэнд нийтэд нь хүртэх ямар нэг дэд бүтэц, үйлдвэр, ажлын байр болох ёстой мөнгө ашигт малтмалаар бизнес хийдэг хэдхэн гэр бүлд очиж байна.

Үндсэн хуулийнхаа зургаагийн 1-дэх заалтыг УИХ биелүүлэх цаг болсон. Ард түмэн үүнд дургүйцэж байна. Тэр дургүйцлээ Х.Баттулга гэдэг хүнийг Ерөнхийлөгчөөр сонгож илэрхийлсэн. Энэ хүнийг ажлаа хий гэж байна. Ард түмний мэдэлд байдаг байгалийн баялагийг ард түмний мэдэлд өгнө гэж хэлээ биз дээ гэж шаардаж байгаа. Үүний дагуу хориг тавигдаж байгаа юм гэв.

Б.ЭГШИГЛЭН