Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сард обьектын гал түймэр нийт 3139 удаа гарч, 10,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 36 хүн нас барж, 29 хүн түлэгдэж гэмтэн, 822 толгой мал хорогдож, 1355 гэр орон, сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 656 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 18,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Нийслэл хотод нийт 2045 удаагийн гал түймэр гарч, 5,1 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1094 удаагийн гал түймэр гарч, 5,4 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Обьектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 0,9 хувиар, учирсан хохирлын хэмжээ 32,0 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Түүнчлэн сүүлийн үед гал түймрийн дуудлага ихсэж үүнээс үүдэн иргэдийн амь нас хохирох эрсдэл улам өсөх хандлагатай байна.

Иймд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гэр хороолол болон галлаж үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгжүүд аюулгүй байдлыг хангаж дадахыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлыг зохион байгуулахад хамтран ажиллахаа илэрхийллээ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын орлогч нарийн бичгийн дарга ноён Каве Захидиг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсад айлчлал хийж буй ноён Каве Захиди нь НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Тогтвортой хөгжлийн орлогч нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын нийгмийн хөгжил, хүрээлэн буй орчин, эрчим хүч, гамшгийн эрсдэлийн удирдлага болон мэдээлэл холбоо, харилцааны асуудлыг хариуцан ажилладаг.

Түүнчлэн 20 гаруй жилийн турш НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Бүгд Найрамдах Кени Улс, Мексикийн Нэгдсэн Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Тайландын Вант Улс зэрэг дэх Суурин төлөөлөгчийн газарт ажиллаж байжээ.

Монгол Улсын Онцгой байдлын алба нь НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой энэ хугацаанд нягт хамтран ажилласаар ирсэн. Тус комиссоос жил бүр зохион байгуулдаг газар зүйн мэдээллийн систем, сансрын технологи, зайнаас тандан судлал, гамшгийн дата мэдээллийн санг бүрдүүлэх болон бусад сургалт семинар, уулзалт, хэлэлцүүлэгт Монгол Улсын Онцгой байдлын албаны алба хаагчид тогтмол оролцож ирсэн, мөн тус байгууллагын санхүүжилтээр Бүгд Найрамдах Энэтхэг Улсад Монгол Улсын Онцгой байдлын албаны алба хаагчид “Газарзүйн мэдээллийн систем болон зайнаас тандан судлал”-ын магистрийн өмнөх боловсрол олгох тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр хамрагдаж байгаа юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал уулзалтын үеэр, Онцгой байдлын байгууллага нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч ажиллаж гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, учирсан хор уршгийг шуурхай арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх талаар анхаарч ажиллаж байгаагаа танилцууллаа.

Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаар батлуулж, хууль эрхзүйн баримт бичгийн томоохон шинэчлэлтийг хийснийг онцлон тэмдэглэв.

Мөн уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран 2018 оны 07 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Улмаар тус бага хурлыг зохион байгуулахад НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран ажиллах, дэмжлэг, туслалцаа авах сонирхолтой байгаагаа уламжиллаа.

Ноён Каве Захиди, Монгол Улсад 2018 онд зохион байгуулах “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал”-ыг зохион байгуулахад НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос -Бага хурлаас гарах баримт бичгийг боловсруулахад хамтарч ажиллах (Улаанбаатарын тунхаглал), техникийн болон бусад хуралдаануудыг хамтран зохион байгуулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа уулзалтын үеэр илэрхийлсэн юм.

Мөн тэрээр, Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, индексжүүлсэн даатгалын санхүүжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг аливаа мөргөлдөөн болон бусад асуудалтай хэрхэн холбох, Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын зүгээс НҮБ-ын төрөлжсөн агентлаг болж ажиллах, хамтран оролцох, бага хурлаас Монгол Улсын бүс нутгуудад гаргаж тавих санал санаачлагыг боловсруулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцолж байлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Улаанбаатар хотын захирагч Азийн хөгжлийн банкны Зүүн азийн бүсийн захирлыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн захирал ноён Инду Бушан болон бусад албаныхныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү, Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгчийн тусгай зөвлөх Аюуми Кониши, Монгол улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез болон бусад албаныхан оролцов.

Нийслэл хот нь Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”/BRT/-ийг хэрэгжүүлж байгаа юм. “Ухаалаг тээврийн систем”-ийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулах үүрэгтэй Ажлын хэсгийг байгуулан 2017 оны арваннэгдүгээр сарын 15-наас өмнө эцэслэн гаргах, тус зөвлөх үйлчилгээ болон Төсөлд дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг 2017 оны арванхоёрдугаар сард зарлахаар төлөвлөн ажиллаж байна. Уулзалтын үеэр тус төслийн 1 дүгээр үе шатны зээлийн гэрээний хугацаа 2018 оны хоёрдугаар сарын 28-нд дуусах байсныг 2020 оны хоёрдугаар сарын 28-ныг хүртэл АХБ-наас сунгасанд хотын дарга талархал илэрхийллээ.

Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, Орлогод нийцсэн орон сууцны төсөл зэргийг хэрэгжүүлж байна.

Түүнчлэн Хог хаягдлын менежмент, дахин боловсруулалтын тусламжийн хүрээнд АХБ-тай хамтран 3 сая ам.долларын тусламжийг Японы ядуурлыг бууруулах сангийн эх үүсвэрээс авч төсөл хэрэгжүүлэхээр болсон. Хогийн цэг орчим амьдардаг иргэдийн амьжиргаа, орлогын эх үүсвэрийг хог хаягдлын менежменттэй уялдуулан шийдвэрлэх, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, мэдлэг олгох ажлууд явуулахаар төлөвлөж байгаа юм. Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн Улаанбаатар хотын хэмжээнд авч хэрэгжүүлж буй бодлого, төсөл, арга хэмжээнүүдийн зорилт, явц, гүйцэтгэлийн талаар АХБ-ны мэргэжилтнүүдтэй байнга хамтран ажиллаж байгаа билээ

Categories
мэдээ улс-төр

Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Европын элч сайд нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Европын холбоо түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улс 1990-ээд оны эхээр бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж эхэлснээсээ хойш хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Энэ зорилтын хүрээнд Европын холбоо болон түүний гишүүн орнуудтай түншлэлийн хамтын ажиллагаа хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгдөг гэдгийг тэрээр уулзалтын эхэнд хэллээ. Европын холбоог нийгэм, эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулах гарцыг эрэлхийлэхэд түшиг тулгуур болох чухал түнш гэж үздэг. Хүнд хэцүү цаг үед биднийг үргэлж дэмжиж, туршлагаасаа хуваалцан, санхүүгийн болон техникийн тусламж үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар УИХ-аас баталсан 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Ингэхдээ ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-ийг үргэлжүүлэн хэрэгжүүлж, төсвийн сахилга батыг сайжруулж, үргүй зардлыг багасгаж, эдийн засгийн чадавхиа нэмэгдүүлж ажиллана. Мөн мэргэшсэн төрийн албыг бэхжүүлж авлигатай тэмцэж, хууль дээдлэх зарчмыг бүх түвшинд баримталж, шударга ёсыг тогтооно. Эдгээр зарчмыг тусгасан “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын Албан даалгавар гаргасан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэлээ.

Мөн манай улс хоёр хөрштэйгөө уламжлалт, найрсаг харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлнэ. Мөн гуравдагч хөршийн бодлогыг улам бэхжүүлнэ. Энэ хүрээнд улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт та бүхэнтэй өргөнөөр харилцана гэлээ.

Европын холбоотой хөгжүүлж болох хамтын ажиллагааны боломжуудыг бүрэн нээж чадаагүй байна. Тодорхой салбаруудад Европын холбооны эдийн засгийн бодит ашиг сонирхлыг бий болгоход анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллахыг Элчин сайд нараас хүслээ.

Манай Засгийн газар уул уурхайн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа хөгжүүлэхийг зорьж байна. Тэр дундаа иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж цаашид хүнс экспортлогч орон болохын төлөө ажиллана. Монгол Улсад хэрэгжиж буй томоохон төслүүд болон бусад салбарт Европын холбооны гишүүн орнуудын хөрөнгө оруулагчид, Европын банк, санхүүгийн байгууллагуудыг татан оролцуулах, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхэд Элчин сайд нарын дэмжлэг туслалцаа чухлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар онцолж байлаа

Categories
мэдээ нийгэм

“Ус цэвэршүүлэх систем”-ийн нээлт боллоо

БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрийн яамны Стандартчилал хэмжилзүйн үндэсний лаборатори, Технологийн шинэчлэлийн R&D хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Ус цэвэршүүлэх систем”-ийн нээлт өнөөдөр Сүхбаатар дүүргийн 35 дугаар дунд сургуульд боллоо.

Монгол, Солонгосын харилцаа, хамтын ажиллагааны түвшинд “БНСУ-ын Байгаль орчны яамны Тохиромжит технологи хөгжүүлж, түгээх төсөл”-ийн хүрээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Ганбатын санаачилгаар тус сургуульд ус цэвэршүүлэх төхөөрөмжийг суурилуулжээ. Тус төсөл нь төвийн шугамд холбогдоогүй гэр хорооллын сургуулиудын усыг цэвэршүүлэх, цэвэр усаар хангах зорилготой юм.

Сургуулийн захирал Б.Оюунгэрэл хэлэхдээ, “Ус цэвэршүүлэх төхөөрөмжтэй болсноор манай сургуулийн 1600 сурагч, 115 багш, ажилчид ажлын байрандаа цэвэршүүлсэн ус хэрэглэх боломж бүрдлээ. Өмнө нь бид анги тус бүрдээ усны аппарат ус тавьж хэрэглэдэг байсан бол ийнхүү эрүүл мэнд, эдийн засгийн хувьд хэмнэлттэй болж байна” гэв.

Нээлтийн ажиллагаанд дүүргийн Боловсролын хэлтэс, Нийгмийн хэлтсийн төлөөлөл болон сургуулийн багш, сурагчид оролцов.

Categories
мэдээ нийгэм

Монголын говиос 11 метр урт далавчтай нисдэг гүрвэлийн яс олдлоо

Их Британийн The Sun сэтгүүлд Монголын говиос жижгэтэр онгоцны хэмжээтэй 70 сая орчим жилийн тэртээ амьдарч байсан үлэг гүрвэлийн чулуужсан яс олдсон талаар мэдээллээ. Энэ нь одоогоор дэлхий дахинд ил болоод буй хамгийн том нисдэг амьтанд тооцогдож байна

Үлэг гүрвэлүүдтэй нэгэн цаг үед амьдарч байсан энэ гүрвэлийн яс нь птерозаврын төрөлд багтдаг аж.

Энэхүү гүрвэлийн ясны дэлгэсэн далавч нь л 11 метр орчмын урттай юм. Птерозаврууд нь дулаан цөлөрхөг нутагт амьдарч байсан ч өнөөдрийнх нь шиг хуурай байгаагүй гэж байна.

Нэмэгт уулаас олдсон тэдгээр птерозавруудыг тодорхой төрөлд ангилж чадаагүй ч одоогоор хүзүүний нугалам нь тухайн амьтан аварга том биетэй байсныг гэрчилж байгаа юм.

“Энэ птерозавр аварга хэмжээтэй байгаад маш их гайхсан” хэмээн Токиогийн их сургуулийн палеонтологич Таканобү Цүихижи National Geographic-ийн сэтгүүлч Жон Пикеллд хэлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд У.Хүрэлсүх төсвийн төслийн талаар УИХ-ын чуулганд үг хэлэв

УИХ-ын дарга,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Манай Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдсоноос хойш долоо хоногийн хугацаанд Монгол Улсын 2018 оны төсвийн төслийг дахин боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байна.

Манай Засгийн газар МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгаа хямралаас гаргаж сэргээх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх, сахилга дэг журмыг тогтоох, авлига хээл хахуулийг хазаарлахад чиглэсэн бодлогын шинэтгэлүүдийг төсвийн төсөлд тусгалаа.

Ирэх онд аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ татварын тогтвортой бодлогоор дэмжиж, татварын тогтолцоог илүү энгийн ойлгомжтой, төвөг чирэгдэл багатай, тэгш шударга болгоно. Түүнчлэн төсөв болон төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөгжлийн гарцад түүчээлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлнэ. Үүний үр дүнд бид 2018 онд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж 4.2 хувьд хүргэхээр төлөвлөж байна.

Би Ерөнхий сайдаар томилогдсон өдрөө төсвийн сахилга батыг чангатгаж, төрийн үргүй зардлыг багасгаж, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, өрийн дарамтыг бууруулна гэж амласан. Үүнийгээ ажил хэрэг болгож өмнөх жилүүдэд гарч байсан улсын төсвийн алдагдлыг ирэх онд ДНБ-ий найман хувьд хүргэн бууруулна. Цаашид алдагдлыг үе шаттайгаар бууруулж 2020 онд ДНБ-ний 4.5 хувьд хүргэнэ.

Бид төсвийн орлогод учирч болзошгүй эрсдэлийг бодитойгоор төсөөлж боломжит эх үүсвэрийг дайчлан орлогын бааз суурийг нэмэгдүүлэхээр тооцсон.

Өргөн барьсан төслийг хэлэлцэн баталснаар Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7 их наяд231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9 их наяд651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал хоёр их наяд420.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.0 хувьд хүрч төсвийн үзүүлэлтүүд сайжрах болно.

Монгол Улсын 2018 оны төсвийн төсөлд дараахь бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгалаа. Үүнд:

Нэг. Ил тод, нээлттэй байдлыг бий болгох замаар төсвийн орлогыг нэмэгдүүлнэ.Нийгмийн шударга ёсыг алдагдуулж, олон нийтийн бухимдлыг байнга дагуулж ирсэн газрын наймаа, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл дагасан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох цаг болсон. Манай Засгийн газар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газар эзэмших гэрчилгээг өргөдөл нэрээр шууд гарын үсгээр олгодог, улмаар цөөн хэдхэн компани, хувь хүмүүс хэдэн зуугаар нь эзэмшиж түүнийгээ далд хэлбэрээр бэлэглэх, шилжүүлэх замаар худалдан борлуулж татвар төлдөггүй буруу жишгийн үндсийг таслах зорилгоор тусгай зөвшөөрөл, газар эзэмших гэрчилгээг ил тод нээлттэй, сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны зарчмаар олгодог байх зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байна. Энэ арга хэмжээний үр дүнд 2018 онд улсын төсөвт 36 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцоолж байна.

Хоёр. Сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн өрийн дарамт, зээлийн хүүгийн зардлыг бууруулахад чиглэсэн дорвитой алхам хийнэ. Төсвийн алдагдлыг бууруулж, давсан орлого нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгах замаар Засгийн газрын өндөр хүүтэй үнэт цаасны гаргалтыг бууруулна.

Цаашид арилжааны банкнуудаас гадна гадаад дотоодын иргэн, компаниуд зэрэг бусад хөрөнгө оруулагчдын оролцох оролцоо, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, хамрах хүрээг өргөжүүлэн хүүг бууруулна. Түүнчлэн санхүү, мөнгөн хөрөнгө, өрийн удирдлагыг оновчтой болгох замаар засгийн газрын өрийн үйлчилгээний төлбөрийг 130.0 гаруй тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцлоо.

Гурав. Ерөнхий боловсролын сургуулийг 3 ээлжгүй болгох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах орчин нөхцөлийг бүрдүүлнэ. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ялангуяа жирийн иргэдийн хүүхдийн сургалтын орчинд анхаарал тавих цаг болсон. Монголын төр бяцхан үрсээ сугалааны аз, хонжвороор алагчлахгүй ээ. Нийслэлийналслагдсан дүүрэг, захын хороололд амьдардаг өрхүүдийн хүүхдүүд боловсролын үйлчилгээнд эрх тэгш хамрагдах боломж хязгаарлагдмал байна. Иймд тэргүүн ээлжинд нийслэлийн гурван ээлжээр хичээллэж байгаа, хэт ачаалалтай 28 сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх, он дамжин баригдаж байгаа сургууль, цэцэрлэг, дотуур байрыг барьж дуусгах санхүүжилтийг бүрэн шийдвэрлэхээр хөрөнгийн эх үүсвэрийг тусгалаа.

2018 онд 59 сургууль, 90 цэцэрлэгийг шинээр барьж эхлүүлнэ. Улаанбаатар хотод 36 сургууль, 47 цэцэрлэг, орон нутагт 23 сургууль, 43 цэцэрлэг баригдана. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн, Японы Засгийн газрын 2.4 тэрбум иений буцалтгүй тусламжийн болон БНХАУ-ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлнэ.

Дөрөв. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанартай уялдсан эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ. Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын үр ашгийг иргэд даатгуулагч, эмнэлэг хангалттай хүртэж чадахгүйгээс даатгалын ач холбогдол буурсан байна.

Иргэдийн халааснаасаа төлдөг эмийн зардал нэмэгдсээр байна. Даатгалтай иргэд, ялангуяа ахмадууд эмээ даатгалын хөнгөлөлттэй үнээр авахын тулд сард хоёр удаа урт дараалалд зогсож, түүнээс цөөн тооны иргэд л хөнгөлөлттэй үнээр эмээ авч байна. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын сан сүүлийн гурван жилд дунджаар 300 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөнгө нь байгаа боловч зарцуулж чаддаггүй, эмнэлэг нь үйлчилгээ муутай, эм тарианы хомсдолтой, даатгуулагч иргэд нь цөхөрсөн байдлыг бид өөрчилж, энэ салбарт бүтцийн шинэчлэлийг эхлүүлнэ.

Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн даатгалыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс Нийгмийн даатгалаас тусад нь бие даалган ажиллуулахаар төлөвлөлөө. Ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээг даатгуулагч төвтэй байх тогтолцоог бий болгохын зэрэгцээ Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагдсан жилийн нийт орлого тухайн жилдээ эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн зарцуулагддаг болно.

Түүнчлэн төрийн өмчийн эмнэлгүүдийн бие даасан байдлыг хангаж санхүү, төсвийн талаархи шийдвэр гаргах эрх мэдлийг тухайн эмнэлгийн Удирдах зөвлөлд хариуцуулах, улсын төсвөөс санхүүжих эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бодит үр дүнд үндэслэн санхүүжүүлэх зэрэг бодлогын өөрчлөлтийг эхлүүлж 2019 онд бүрэн нэвтрүүлж хэрэгжүүлнэ.

Тав. Их дээд сургуульд суралцагч оюутны сургалтын төлбөрийн дарамтыг чөлөөлнө. Боловсролын зээлд тавигдах шаардлагыг хөнгөвчилж оюутны сургалтын зээлийг арилжааны банкаар дамжуулахгүйгээр шууд Боловсролын зээлийн санд хариуцуулж зээлийн үйлчилгээг шуурхай хүргэх тогтолцоог хэрэгжүүлнэ. Мөн зээлийн эргэн төлөгдөх хугацааг тухайн суралцагч оюутан суралцаж төгсөөд 5-10 хүртэлх жилийн хугацаанд мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхлэх явцдаа, өөрт нь дарамт үүсгэхгүйгээр бүрэн төлж барагдуулах боломж олгох тогтолцоог бүрдүүлнэ.

Үүний үр дүнд Боловсролын зээлийн сангаас дотоодын их, дээд сургуульд элсэн суралцагч нийт 37 мянга орчим оюутныг сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй, урт хугацааны зээлд хамрагдах нөхцөл бүрдэнэ. 2018 онд Боловсролын зээлийн санд нийт 118.9 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс 75.0 тэрбум нь оюутны хөгжлийн зээлд зарцуулна.

Түүнчлэн Боловсролын зээлийн сангаас олгогддог бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, гэр бүлийн гишүүн нь хөдөлмөрийн чадвараа алдсан оюутны болон нэг өрхийн гурав ба түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд зэрэг суралцаж байгаа нэг оюутны сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжид зарцуулах хөрөнгийг 2017-2018 оны хичээлийн жилтэй харьцуулахад 50 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөлөө.

Зургаа. Орон нутаг тулгамдсан асуудлаа шийдвэрлэх замаар эдийн засгийн чадавхаа дээшлүүлэхэд чиглэсэн төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлнэ. Эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын хэмжээ 2013 оны түвшинтэй харьцуулахад ойролцоогоор 40 хувиар буурсан байна. Үүний улмаас орон нутагт хийгдэх шаардлагатай зарим хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилт тасалдаж, өр төлбөр үүссэн, эдийн засгийн идэвхжил суларсан, ажилгүйдэл нэмэгдсэн байдалтай байна. Иймд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор нэг аймагт дунджаар долоо орчим, нийт 147.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шилжүүлэхээр төлөвлөлөө.

Долоо. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. 0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50.0 мянган төгрөг, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг,эхэд улирал бүр 240.0 мянган төгрөгийн тэтгэмж олгоно. Энэ арга хэмжээнд нийт 72.8 тэрбум төгрөгийг нэмж зарцуулахаар төлөвлөлөө.

Найм. Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ.Нийгмийн даатгалын сангаас олгож буй бүх төрлийн тэтгэврийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ. Нийт 400 гаруй мянган хүний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг, Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 62.7 мянган хүний тэтгэвэр, 50.3 мянган хүний асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхэд 17.8 тэрбум төгрөг тус тус нэмж төлөвлөлөө.

Ес. Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулна. Малчдын нийгмийн баталгааг сайжруулах арга хэмжээг 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн хэрэгжүүлэхэд зориулж 44.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс Тэтгэврийн санд шилжүүлж зарцуулна. Ингэснээр цаг агаарын эрс тэс хүнд нөхцөлд, жилийн дөрвөн улирал тасралтгүй хөдөлмөрлөж нийгмийн даатгалд хамрагдаж байгаа эрэгтэй 54-58, эмэгтэй 49-53 насны нийт 13.5 мянган иргэн тэтгэвэрт гарах нөхцөл бүрдэж, тэдний нийгмийн баталгаа сайжрах болно.

Түүнчлэн эрүүл мэндийн даатгалд маш цөөн тоогоор хамрагдаж байгаа малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалд сар бүр төлөх шимтгэлийг 50 хувиар бууруулж тэднийг эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлнэ.

Арав. Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж шинэчлэх ажлыг хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл хугацаанд одоогийн цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, нөхөн сэргээх, үнэргүйжүүлэхэд зориулж 35.0 тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд үүнд ирэх онд 10.0 тэрбум төгрөг зарцуулна.

Арван нэг. Төсөв хэлэлцэх, батлах үйл явцыг хариуцлагажуулна. “Нэмсэн бол хас” зарчим нэвтрүүлж төсөв хэлэлцэн батлах тогтолцоог хөгжсөн улс орнуудын сайн жишигт хүргэнэ. Эдийн засгийн мөчлөг дагасан төсвийн бодлогыг халах, төсвийн сахилга батыг сайжруулахад чиглэсэн төсвийн шинэчлэл хийх зорилгоор төсөв хэлэлцэн батлах үйл явцад зарчмын томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байна.

УИХ, Засгийн газрын өргөн мэдүүлсэн жилийн төсөв, түүний тодотголыг Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлж хэлэлцэн батлахдаа нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, хэрэв тодорхой хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төслийг нэмэгдүүлэх бол бусад хөтөлбөр, төсөл, арга хэмжээний зардлаас мөн хэмжээгээр бууруулдаг байх, татварын хэмжээг бууруулах бол зардлыг мөн хэмжээгээр бууруулдаг байх зарчмын өөрчлөлтийг Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусган өргөн мэдүүлээд байна.

Түүнчлэн Төсвийн сахилга бат, хяналтыг сайжруулах, төсвийн тогтвортой байдлын үндсэн үзүүлэлтүүдийн хэрэгжилтийг хангах чиглэлээр дүгнэлт гаргах үүрэг бүхий хараат бус, бие даасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэд байгуулахаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Бусад хөгжсөн оронд байдаг нийтлэг жишгийн дагуу эрүүл, зөв төсвийн тогтолцоотой болоход энэ өөрчлөлтийг УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэн ойлгон хүлээн авч шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна

Арван хоёр. Төсвийн сахилга хариуцлагыг чанд мөрдүүлнэ. “Хямарсан эдийн засагтай Монгол Улсын төсөв мөнгө хэмжээтэй, чадал хязгаартай нь үнэн.

Гэхдээ төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгаж, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэл баримтална. Ард түмний хөрөнгийг хулгайгаас хамгаалж, хуульд зааснаар зарцуулна ” гэдгээ Ерөнхий сайдаар томилогдох үедээ энэ индрээс би хэлж байсан.

Манай улсын эдийн засаг хүндрэлээс бүрэн гараагүй, зарим талын бэрхшээл тулгарсан хэвээр байна. Үүний шалтгаан нь төсвийн сахилга, хариуцлагагүй байдалтай холбоотой бий болсон гэж олон улсын банк, санхүүгийн байгууллагууд дүгнэж байгаатай Ерөнхий сайд миний бие санал нэг байна. Бид олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагуудтай хамтран сахилга хариуцлагыг тогтоож, эдийн засгийг хөгжлийн зөв голдрилд нь оруулна.

Сахилга хариуцлага гэж юу байх, үүнийг хэрхэн дагаж мөрдөхийг төрийн алба, бүх шатны төсвийн байгууллагаас эхлэн тогтоон мөрдүүлнэ. Төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулснаар багш, эмч, төрийн бусад албан хаагчдийн цалин орлого, нийгмийн баталгааг шат дараатайгаар шийдэх боломж бий болно гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Төрийн албан хаагчдын цалинг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн дагуу 2019 он дуустал нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын амлалтаа хэрэгжүүлнэ. Харин хэн үр дүнтэй, идэвх санаачилгатай ажиллаж байна тэр албан хаагч нэмэлт урамшуулал авдаг байх зарчимд шилжинэ. Энэ талаар бүх шатны төсөвт байгууллагын захирагч нарт Албан даалгавар хүргүүлсэн.

Төрийн албан хаагчдын жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг дүгнэж, ажлын бүтээмж, сахилга, хариуцлага, ажлын үр дүнг харгалзан урамшуулдаг тогтолцоог бий болгох замаар тэдний орлогын баталгааг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны хуулийн төсөл, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны хуулийн төсөл болон эдгээр хуулийн хамт өргөн барьсан бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын Хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар А.Дөлгөөнөөр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Өлзийт сум, Баян-Овоо сумдад ажиллав.

Ажлын хэсгээс Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд орон нутагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, аймгийн ИТХ, түүний ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд болон бусад төрийн байгууллага, орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдэд тус тус ажиллалаа.

Мөн төрийн байгууллагын албан тушаалтнуудаас гаргасан тушаал, шийдвэр, төлбөр хураамж тогтоосон баримт бичиг, төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаа, концессийн гэрээтэй танилцаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан үзэж байна. Тухайлбал, сумын Засаг дарга орон нутгийн төсвөөс өөрийн хамаарал бүхий этгээдэд хөрөнгө захиран зарцуулах, урамшуулал олгохоор шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх талаар дээд шатны албан тушаалтандаа бичгээр тайлбар гаргаагүй нөхцөл байдал болон нөхөн сэргээлттэй холбоотой хандивын хөрөнгө оруулалтын зарцуулалт, нөхөн сэргээлт хийсэн үйл ажиллагааны талаарх холбогдох мэдээллүүдийг нарийвчлан үзэж байна.

Түүнчлэн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдтэй уулзаж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 2-ний өдөр тус аймгийн Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал суманд, 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар болон зарим сумдад ажиллана.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Мөнхбат: Ерөнхий сайд над руу дайрч, давшиллаа

Image result for Ж.МөнхбатУИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар маргалдав. Ингээд энэхүү маргаан юунаас болсон талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас тодрууллаа.

Ерөнхий сайдтайгаа ойлголцохгүй байгаа гэх асуудал гараад байгаа юм биш үү?

Үл ойлголцол бол байгаа. Ерөнхий сайд өөрөө анх кабинет бүрдүүлэхдээ хэлсэн тайлбарт уул уурхай лицензтэй холбоотой гишүүдийг кабинетаа авахгүй гэсэн.Ч.Хүрэлбаатар гэдэг хүний төрсөн хоёр ах ,одоо зөвлөхөөр нь ажилдаг С.Дэмбэрэл гэх гурван хүний нэр дээр Хотгор, Шанага уурхайн 51 хувийг зараад 3 сая доллар Дэмбэрэл болон хоёр ахын дансруу орсон бүх баримтууд ,итгэмжлэл нотариатаар батлуулсан гэрээ хуулбартайгаа байгааг би өнөөдөр хэлсэн. Хоёрдугаарт энэ хүн МАН-ын өнгөрсөн дөрвөн жил цөөнх байхад Дубайн гэрээ, далд уурхайг шалгах ажлын хэсгийг намын бүлэг дээр байгуулахад Хүрэлбаатар ажлын хэсгийн ахлагч болсон. Шалгаад Дубайн гэрээг муу байна, буруу байна гэдэг ажлын хэсгийн дүгнэлт гараад гарын үсэг зурах болоход зугтаад зурахгүй байсан. Бид ярьж, ярьж аргаа бараад ажлын хэсгийн гишүүд С.Дэмбэрэл, Б.Чойжилсүрэн,Б.Бат-эрдэнэ, О.Содбилэг нар гарын үсэг зурсан. Гурав дахь баримт нь энэ парламент Эрдэнэтийн 49 хувийг төрийн болон ард түмний мэдэлд өгөх шийдвэр гаргахад намын бүлэг удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчиж Хүрэлбаатар эсрэг кноп дарсан үнэн. Өөрөөр хэлбэл Эрдэнэтийн 49 хувийг ард түмний болон иргэдийн мэдэлд авахыг эсэргүүцэж кноп дарсан. Энэ гурван баримт гурвуулаа уул уурхайтай, ашиг сонирхолтой холбоотой баримт тэр тусмаа стратегийн том ордуудтай холбоотой асуудал. Хотгор, Шанагын нүүрсний уурхайтай холбоотой энэ асуудал 2011 оны үед Хүрэлбаатар гишүүн өөрөө Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монголын улсын сайдын ажил хийж байсан. Ийм л зарчмын хэлсэн. Ерөнхий сайд ямар зарчим барьж заримын буцаадаг, ямар зарчим барьж ашиг сонирхлын зөрчилтэй баримт байсаар байхад энэ хүнийг улайран зүтгүүлээд байгаа юм гэсний төлөө сая Ерөнхий сайд надруу дайрч олон юм ярьж байна.

-Та хоёрын хэн казинод тоглодог юм?

Би 2007-2008 онд оюутан байсан. АНУ-д найман сар сурч, ирээд хэсэг хугацаанд төрийн ажил намын ажил хийхгүй хугацаандаа казино гэдэг зүйлрүү орж гарч байсан үнэн. Би хууль зөрчөөгүй хулгай хийгээгүй, нийтлэг жирийн иргэд яаж явдгийн сонирхож орж, гарч байсан.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

Ц.Нямдорж: Би улс төрчийнхөө хувьд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын харилцаа зөв эхлэх нь үү үгүй юу гээд харж байлаа. Өнөөдрийн энэ хуралд би үнэхээр сэтгэл дундуур байна. Зарим нь өнөөдөр хор,ховс хоёрт ховсдуулчихсан байна. 30 гэр бүл гэдэг асуудал яриад байгаа хүмүүс зарлачих. Өөрсдөө хайж ол гэж тавладаг боллоо. З.Энхболдын толгойноос хайх юм уу. Х.Баттулгын толгойноос хайх юм уу. Х.Баттулга өнөөдөр намаасаа татгалзаад монголын ард түмний эв нэгдлийг хангана гэсэн байгаа шүү дээ. Өнөөдөр монгол 3 ерөнхийлөгчтэй боллоо. Хуулиар Х.Баттулга Ерөнхийлөгч байна. Түүнээс давсан эрх мэдэлтэй З.Энхболд гэдэг нэг ерөнхийлөгчтэй болоод байна. 1998 онд М.Энхсайхан Ерөнхий сайд байхдаа лиценз өг гэдэг хууль батлуулсан юм. Энэ хуулиар 7000 лиценз гарсан. Би хөөцөлдсөөр байгаад ядаж Стратегийн ордыг нь төрийн мэдэлд байлгая гэж байсан. Яг энэ хуулийн дагуу энэ ажил зохион байгуулагдаж байна.Энэ хууль муу л байсан юм бол өөрсдөө засах нь яасан юм. 30 гэр бүл гэж айлгаад байх юм. Би хоригтой нь холбоотой элдэв юм ярихгүй.

Д.Эрдэнэбат: Хоорондоо талцчихаад битгий АН-руу чихээд бай. Наад асуудал чинь шившиг болж байна. Монгол өнөөдөр уул уурхайг баялгийг ашиглаж эхэлснээс хойш уул уурхайтай холбоотой олон асуудал үүссэн. Түүнээс биш хүн рүү чиглэсэн асуудал биш. Бүх юмаа АН руу чихэхээ боль. Ард түмэн өнөөдөр та нарыг хараад сууж байна. Өнөөдөр Оюу Толгой, Тавантолгойг улс төржүүлж байна гэхээ боль. Ард түмний талхыг булааж авсан тухай л ярьж байна шүү дээ. Юу нь буруу байна. З.Энхболдод дээрэлхүүлж байвал та нарын хохь. Биднээс буруу битгий хай. У.Хүрэлсүх сайдаа таньд нэг зүйл хэлье. Уул уурхайн баялгаас орж ирж байгаа мөнгөө улс орондоо оруулж чадахгүй юм бол энэ Засгийн газар ч, та ч удахгүй.

З.Нарантуяа: Хоригийн гол зорилго бол баялгийн тэгш хуваарилалтын асуудал л байсан. Түүнээс биш хувь хүнтэй холбоотой асуудлыг бид яриагүй. Одоо удахгүй Ерөнхийлөгчөөс иргэн бүрт байгалийн баялгийг тэгш хуваарилах агуулга бүхий хуулийн төслийг өргөн барина. Энэ нь төрийн мэдэлд байгаа стратегийн ордын баялгийг ард түмэнд тэгш хуваарилах агуулга бүхий хууль юм. Хэрвээ энэ хууль орж ирвэл яг энэ байдлаараа одоогийн УИХ хүлээж авах уу, дэмжих юм болов уу даа гэж л харагдаж байна. Тиймээс энэ хуулийг агуулга талаас нь харж дэмжих байх гэж бодож байна” гэв.

Ийнхүү Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах эсэх асуудлаар санал хураахад 66 гишүүний 56 гишүүн нь хоригийг хүлээж авах шаардлагагүй гэж үзэв. Үргэлжлүүлэн 2018 оны Төсвийг хэлэлцэж эхэллээ.