Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл 40 хувьтай хэрэгжсэн гэв

ЗурагНИТХ дахь АН-ын бүлгээс “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийг хангалтгүй буюу 40 хувьтай хэмээн дүгнэсэн байна.

Энэ талаар өнөөдөр тус бүлгийн дарга Ц.Баатархүү мэдээлэл хийв. НЗД-ын өргөн мэдүүлснээр тус үндсэн чиглэлийн 26 зорилтын гүйцэтгэл 88 хувьтай хэрэгжсэн хэмээн дүгнэсэн байна. Гэвч энэ дүгнэлт нь бодит байлдалтай төдийлөн нийцэхгүй байгаагаас гадна огт хэрэгжүүлээгүй, дөнгөж эхэлж буй бүтээн байгуулалтын ажлыг 100 хувь хэрэгжсэн хэмээн дүгнэсэн нь иргэдийг тоон мэдээллээр хуурсан үйлдэл боллоо хэмээн Ц.Баатархүү мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, “Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол улсад ядуурлын хэмжээ 29 хувьд хүрсэн байна. Гэтэл нийслэлийн өрх бүрт эдийн засгийн өсөлтийг тэгш хүргэж, иргэдийг ажилтай, орлоготой болгоно гэсэн зорилтоо 89 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэсэнтэй НИТХ дахь АН-ын бүлэг санал нийлэхгүй байна. Нөгөөтэйгүүр өмнөх жилүүдэд амжилттай хэрэгжиж байсан төслүүдийг удаашруулсан байна. Тухайлбал, энэ онд 10 ахмадыг “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамруулсан. Хэрэв энэ хурдаараа явбал, ээлжээ хүлээж байгаа 4200 ахмадууд 420 жилийн дараа байрныхаа түлхүүрийг гардан авахаар байна. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулах 20 тэрбум төгрөгийг төсвөөс хассанаар 3200 орчим өрх орон сууцанд орох боломжгүй болсон зэрэг асуудал их бий” гэлээ.

Түүнчлэн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны 47 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, Багахангай дүүргийн эмнэлгийн барилгын ажил өнгөрсөн сард дөнгөж эхэлсэн байтал гүйцэтгэлийг 100 хувь хэмээн тайланд тусгасан иргэдийг хуурсан алхам хэмээн үзэж буйгаа дурьдсан юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ

ЗурагУИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлт, ирэх оны төсөв болон 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль тогтоомжийг хэлэлцэхээр товложээ.
Харин үдээс хойшхи хуралдаанаар Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж ямар нэг саналтай гишүүн байгаагүй тул чуулганы товын дагуу хуралдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хэвлэлийн бага хуралд урьж байна

“Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд 11 сарын 03-ны баасан гаригийн 11.30 цагт хэвлэлийн бага хуралтай.

2017 оны 11.14-нд болох дэлхийн чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдрийг тохиолдуулан Эмэгтэйчүүд ба чихрийн шижин уриан дор Монголын диабетийн холбооны гишүүд, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулын дотоод шүүрлийн тэнхимийн багш нар хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл хийнэ.

Холбоо барих утас-99112954

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шилдэг мэс засалч О.Сэргэлэнд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ

2017 оны дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсан О.Сэргэлэн өчигдөр эх орондоо ирлээ. Түүнийг эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзан баяр хүргэж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхэнийг хүслээ.

Тэрээр швейцар улсад болсон Дэлхийн мэс засалчдын хамгийн том байгууллага болох “American College of surgeons”-оос шилдэг мэс засалчийнхаа шагналыг гардсан юм. “American College of surgeons” нь АНУ-д 1913 онд байгуулагдаж, өдгөө олон улсын 80 мянган мэс засалчийг эгнээндээ нэгтгэжээ. Уг байгууллага нь жил бүр хийж бүтээснээр нь шигшин дэлхийн шилдэг таван мэс засалчийг тодруулдаг уламжлалтай. Энэ жил 70 гаруй орны эрдэмтэд нэр дэвшсэн бөгөөд шилдэг таван эрдэмтний нэгээр ийнхүү доктор О.Сэргэлэнг тодруулсан байна. Энэ бол дэлхийд мэс заслын чиглэлээр Монгол хүн эн зэрэгцэж чадахуйц оюуны чадамжтай байгаагийн нэг том баталгаа болсоныг харууллаа.

Доктор О.Сэргэлэн Монголд элэг шилжүүлэх, дурангийн мэс засал, яаралтай түргэн тусламжийг нэвтрүүлж, нутагшуулсан гавьяатай Монгол Улсын гавьяат эмч бөгөөд Монголд шинжлэх ухааны доктор гуравхан эмэгтэй мэс засалч байдгийн нэг нь билээ.

Тэрээр багийнхаа хамт 2009 оны 11 дүгээр сард Швейцарийн мэс заслын багийн ирүүлсэн тусламжийн наркозын аппарат, хагалгааны ширээ гэх мэт бүх зүйлийг өөрсдөө тоноглоод гахайн дээр туршилтын мэс заслаа хийсэн бөгөөд эндээс л эрхтэн шилжүүлэх мэс засал эхэлсэн түүхтэй. Манай улс элэг шилжүүлэх мэс заслын хувьд дэлхийн 46 дахь орноор, хөгжиж байгаа орнууд дотроос элэг шилжүүлсэн анхны улсаар тодроод байгаа юм. Анх удаа элэг шилжүүлэх мэс засал хийж байгаа орны хувьд 50 хувийн үр дүн л гардаг бол манай улсын хувьд эхний гурван сардаа 91 хувь, жилдээ 89 хувьтай ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх онд Улсын 6 эмнэлгийн гаднах талбайг иж бүрэн тохижуулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна талбайг тохижуулах ажлыг эхлүүлж, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Шастины нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулсан. Ирэх 2018 онд Эх нялхас, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Амгалан амаржих газар, Өргөө амаржих газар, Хан-Уул дүүргийн 1 дүгээр амбулатори, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна талбайг иж бүрэн тохижуулахаар төлөвлөж тохижилтын ажлын зургийг хийлгүүлж байгаа билээ. Өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр зураг төслийн ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч байгууллага болон эмнэлгүүдийн удирдлагуудтай уулзаж, тохижилтын ажлын явцад зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хөндөн санал солилцлоо. Уулзалтад Нийлэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын алба хэлтсийн дарга мэргэжилтэн нар оролцов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Ц.Цогзолмаа, А.Ариунзаяа нар хамтарсан тушаалд гарын үсэг зурлаа

Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын статистикийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх зорилгоор гарын авлага боловсруулах, сургалт зохион байгуулах хамтарсан тушаалд Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа нар гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тоон дүн шинжилгээ хийх чадварыг дунд ангиасаа сурч эхэлбэл ирээдүйд өөрийнхөө амьдралд ч дүгнэлт, дүн шинжилгээ хийх аргад суралцах болно. Үүний тулд багш нарт статистикийн мэдлэг олгох гарын авлага бэлтгэх зэргээр боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллахад таатай байна” гэв. Үндэсний статистикийн хорооноос 21 аймаг, нийслэл, дүүргийн сургуулийн ахлах ангийн сурагчдад статистикийн боловсрол олгох сургалтыг жил бүр зохион байгуулдаг. Мөн 2016 онд АНУ-ын Алабамагийн их сургууль, Йелийн их сургууль, Пенсилвани мужийн их сургуультай хамтран Монголын Их дээд сургуулийн багш нарыг оролцуулсан олон улсын бага хурал зохион байгуулсан. Энэ онд АНУ-ын Алабамагийн Их сургуульд “Инноваци, технологид суурилан статистикийн заах арга зүй болон үйлдлийн шинжилгээ” сэдэвт сургалтад Боловсролын хүрээлэнгийн ажилтнууд, Их дээд сургуулийн багш, судалгааны компанийн төлөөллүүдийг оролцуулсан. Энэ мэт статистикийн хэрэглээг нэмэгдүүлэх үйл ажиллагааг боловсролын салбарт цөөнгүй явуулж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга дахин хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн Хуульд хориг тавих тухай албан бичигт:

“Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан Монгол Улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлсэн бол Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах төсвийн хэмжээг мөн нэмэгдүүлжээ.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлэх зарим зайлшгүй шалтгаан нөхцөл байхыг үгүйсгэхгүй боловч төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор тооцож, төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн багцад суулгасан нь Улсын Их Хурлын чуулганы явц, байнгын хороодын хуралдааны тэмдэглэл болон бусад нээлттэй эх сурвалжаас тодорхой байна.

Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах үйл ажиллагаанд “Төсвийн тогтвортой байдлыг хангах, иж бүрэн, үнэн зөв байдлыг хангах, санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, хариуцлагатай байх” зэрэг Төсвийн тухай хуульд заасан зарчмуудыг баримтлах ёстой.

Тухайлбал Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Төсвийн тогтвортой байдлыг хангасан байх” зарчмыг хэрхэн хэрэгжүүлэхийг заасан бөгөөд тус зүйлийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур …зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” тухай заасан байна.

Мөн Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд төсөвт тодотгол хийх тохиолдлыг тодорхой заасан. Тодруулбал Засгийн газар “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй байх нөхцөл байдал үүссэн, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх, Үйлдвэрлэлийн түүхий эдийн үнийн индекс нь батлагдсан төсөвт тооцсон хэмжээнээс хоёр дахин өссөн тохиолдолд батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх, хууль болон гэрээнд зааснаар Засгийн газрын өрийн баталгааны төлбөрийн үүргийг гүйцэтгэхэд Засгийн газрын өрийн баталгааны сангийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон” зэрэг тохиолдолд төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр байна.

Гэтэл Улсын Их Хурал Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж батлахдаа төсвийн тогтвортой байдлыг хангасан байх зарчим, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хуулийн зохих заалт /Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5/-ыг зөрчсөн бол тухайн зарчмын хүрээнд, тодорхой тохиолдолд төсөвт тодотгол хийхийг заасан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн заалт мөн зөрчигджээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан байдаг.

Иймд эдгээр асуудлыг харгалзан үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавьж байна.

Энэхүү хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэжээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадаадаас ирсэн үхрийн мах кг нь 450 мянга бол монгол үхрийн мах 5500 төгрөг байна

ИЛЛЭГ ХИЙЛГЭЖ, ШАР АЙРАГ УУДАГ ВАГЮ ҮХЭР

А зэрэглэлийн “Wagui” буюу Вагю үхрийн махыг захиалгаар нийлүүлнэ гэсэн зар олон нийтийн сүлжээнд тавьжээ. Энэ мах нь дэлхийд хамгийн алдартай бөгөөд үнэтэй нь. Вагю үхрийг Японд л үржүүлдэг байснаа сүүлийн үед Австрали, Европ, АНУ-д тэжээдэг болсон гэнэ. Вагю нь хар, саарал, шортгорн, эвэргүй гээд нийт дөрвөн төрөл байдаг. Түүнээс хар үүлдрийн үхрийн мах нь хамгийн сайнд тооцогддог бөгөөд олон давуу талтай.

Хамгийн гол нууц нь үхрийн арчилгаа, өгч буй тэжээлд байдаг гэнэ. Вагюг тугалласан мөчөөс нь эхлээд тусгай хяналтын төхөөрөмжийн тусламжтайгаар биеийн байдлыг нь байнга нарийвчлан хянахаас гадна үр тариагаар тэжээж, шар айраг өгч, үе үе биед нь массаж хийнэ. Өөх, мах нь алагласан, булчингийн төдийгүй мах нь ихэд зөөлөн байдгийн нууц нь үүнд байдаг. Уг нь бол вагю үхрийг сайн бэлчээж байх ёстой гэнэ. Гэвч Японд газар нутаг багатай тул ингэх боломжгүй. Байнга хашаанд байлгаснаас үхрүүдийн хоолны зуршил нь муудаад байсан тул шар айраг ч өгдөг болжээ.

Вагю үхрийг IX зууны сүүлчээр япон, европ, америкт тэжээдэг үхрүүдийг хооронд нь хээлтүүлж гарган авсан. Өөх нь махныхаа завсарт суусан байдгаас гадна өөх нь түүний биед холестерин үүсгэдэггүй, бас таргалуулдаггүй. Сайхан амттайгаас гадна шүүслэг. Өнгөрсөн жил Лондон хотноо болсон “World Steak Chal¬lenge” олон улсын тэмцээний үеэр Австралид үржүүлсэн вагю үхрийн махан стейк нь шилдгийн шилдгээр шалгарсан байна.

Манай улсад өнгөрсөн зунаас эхлэн “Family Meat” компани нь захиалгаар Японоос вагю махыг оруулж ирдэг болжээ.

Ингээд тус компанийн захирал Б.Ууганболдоос зарим зүйлийг тодруулсныг сонирхуулъя.

-Вагю үхрийн мах нь нэлээд үнэтэй юм байна. Түүнийг Монголд оруулж ирэх санаа хэзээ төрөв?

-Тиймээ нэлээд үнэтэй. Япондоо бол нэг килограмм нь 800-2500 ам.долларын үнэтэй байдаг. Харин манайд харьцангуй хямд зарж байгаа. Манайх судлаад оруулж ирэх болсон. Үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр гэж болно . Японоос хэдхэн килограмм мах авч ирэхэд жаахан тийм байна гээд оруулж ирж борлуулах саналыг бидэнд тавьсан юм.

-Танайхаар ямар хүмүүс үйлчлүүлдэг гэдгийг та хэлмээргүй байна гэсэн. Тэгвэл ойролцоогоор хэдэн компани, хувь хүн захиалга өгдөг вэ?

-Ихэнх нь хувь хүмүүс захиалдаг. Ойролцоогоор арван гэр бүл байнга захиалдаг.

-Японоос ирж байгаа нислэг болгоноор мах ирдэг гэж та ярьсан. Нэг долоо хоногт хэдэн килограмм мах авчирдаг вэ?

-Ойролцоогоор 40-50 кг мах авчирдаг.

-Хар вагю нь чанарын хувьд хамгийн сайн нь гэсэн. Шүдгүй хүн ч идэж болдог гэсэн?

-Хар вагюг Японы цасан үхэр гэдэг. Мах нь аманд ороод цас шиг хайлдаг гэсэн үг. Ер нь бол өдөр болгон хүнсэндээ хэрэглэдэг мах биш шүү дээ. Амралтын өдрөөр, найз нөхөдтэйгээ уулзахдаа л иддэг. Тиймээс ч худалдаж авсан хүмүүс нь мэргэжлийн тогоочоор шаруулж иддэг юм.

-Танайх махаа аль дэлгүүрээр борлуулдаг вэ?

-Зайсанд байрлах Гэрэлт хотхон дахь “Fresh Markеt” супермаркетаас авч болно.

“ХҮЧИТ ШОНХОР” ЗАХАД ҮХРИЙН МАХ 5000-5800 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Үүрийн дөрвөн цагаас эхлэн хөл хөдөлгөөнд дарагддаг “Хүчит шонхор” захаар орж, махны үнийг сонирхлоо. Энэ үеэр махны бөөний худалдаа эрхлэгч Ц.Гантөгс ярихдаа “Үхрийн махны бөөний хамгийн дээд талын үнэ 4000 төгрөг гэж байна. Чанараасаа шалтгаалж үнэ хэлбэлзэнэ. Мал дотроо эр, эм, бяруу шүдлэн гэх зэргээр ангилдаг. Энэ байдлаас хамаарч үнэ нь жаахан жаахан ялгаатай байдаг. Харин хонины махны бөөний үнэ 2500-3000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Ямааны мах 2500-2600 төгрөг. Одоо идэш бэлдэх цаг нь болсон. Иргэдийн худалдан авалт түрүү жилийнхээс тааруу байгаа. Үйлчлүүлэгчид махны чанар таньж авч чаддаг. Хэрэглээгээ бодож, их сайн үзэж авдаг шүү” гэв.

Ингээд зах руу ороход үхрийн мах жижиглэнгээр 5000, 5300, 5500 төгрөгийн үнэтэй байлаа. Харин гадаа контейнерт үхрийн мах нэг килограмм нь 5300, 5500, 5800 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байсан юм.

Махны худалдаа эрхлэгч Х.Цэцгээ “Үхрийн махыг бид 3500 төгрөгөөр авдаг. Ингээд шулж жижиглэн 5500 төгрөгөөр зарж байна. Өдийд хүмүүс идэшээ бэлтгэнэ гээд л зах зай завсаргүй байдаг шүү дээ. Гэтэл өнөөдөр сийрэгхэн. Ер нь үйлчлүүлэгчид долоо хоног, сарын хэрэглээгээ л авдаг болсон. Иймээс худалдан авалт, борлуулалт түрүү жилийнхээс муу байна. Ноднин, уржнанг бодвол энэ жил мах их хэмжээгээр бэлтгэсэн. Махны үнэ ханш хямд байна. Цалингаас цалингийн хооронд амьдрал өрнөж байна. Улс орны хөгжлийг чиглүүлж явдаг төр засгийн бодлогыг тодорхойлогчид зөв алхам, шийдвэр гаргаж байгаасай. Албан тушаал, нэр хүндийн төлөө битгий их хөөцөлдөөч. Энгийн ард иргэдийнхээ төлөө, олон нийтийн эрх ашгийг бодож, ухамсартай байгаарай гэдгийг хэлье” гэж байлаа.

Иргэн Б.Аюуш “Махны үнэ гадуур янз бүр л байна. Тухайлбал, Баянзүрх зах дээр үхрийн мах 5500-5800 гэж байна. “Хүчит шонхор” захаас бөөний үнээр нь авчихвал арай хямд байдаг. Эндээс мах, гурил, төмс ногоо авдаг юм. Заримдаа өөр захаас авах шаардлага гарна. Үнийн хувьд ярьж байгаад л авдаг даа” гэж байв.

Харин хонины мах кг нь 3100, 4000, 4200, 4500 төгрөг бол адууны мах 4800 гэж байна. Зарим худалдаа эрхлэгчид худалдан авалт их муу ч биш. Дундаж байна гэдгийг ч хэлж байлаа.

Ю.ДЭЛГЭРМАА

Б.УРАНЧИМЭГ

Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА


Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдлаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 19 цаг 17 минутад 68.4 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо.

Хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хууль Улсын Их Хурлын 2017 оны тавдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар батлагдсан юм. Мөн 2017 оны тавдугаар сарын 31-ний өдрийн “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсөөллийн тухай хуулийг баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 41 дүгээр тогтоолд “Улсын Их Хурлын 2016 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн эдийн засаг, санхүү, төсвийн бодлогын арга хэмжээний хүрээнд эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, төсвийн орлого нэмэгдэх нөхцөл байдал үүсэх тохиолдолд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсөөллийн тухай хуулиар батлагдсан үндсэн үзүүлэлтүүдийг 2018 оны төсвийн тухай хуулийг боловсруулах үед дахин авч үзэж, холбогдох өөрчлөлтийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд оруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай” гэж заасны дагуу холбогдох өөрчлөлтийг хуульд оруулахаар хуулийн төслийг боловсруулжээ.

ОУВС болон Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний шатны үнэлгээг 2017 оны долдугаар сарын 19-ний өдрөөс наймдугаар сарын 02-ны өдрийн хооронд ажлын хэсгийн түвшинд хийсэн. ОУВС-ийн ажлын хэсгийн зүгээс хөтөлбөр сайн хэрэгжиж, бүх тоон зорилтууд хангагдсан болохыг мэдэгдсэн байна.

Түүнчлэн хөтөлбөрийн 2 дахь шатны үнэлгээг ОУВС-ийн зүгээс ирж хийсэн бөгөөд уг үнэлгээний хүрээнд Монгол Улсын 2018 оны төсвийн төсөлтэй холбоотойгоор дунд хугацааны макро эдийн засгийн тооцоолол, төсвийн орлого, зарлагын төсөөлөл зэрэг үндсэн үзүүлэлтүүд өөрчлөгдөхөөр байна. Энэ нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжээг өөрчлөх зайлшгүй шаардлагыг бий болгосон гэв.

Дээрх зарчмын дагуу холбогдох өөрчлөлтийг тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 7,231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 9,651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,420.4 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий –8.0 хувьтай байхаар байгааг Сангийн сайд танилцуулав.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Ж.Эрдэнэбат, Ш.Раднаасэд нар асуулт асууж, тодруулага хийлээ. Харин Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Засгийн газраас 2017 оны аравдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2018 оны төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулснаа өргөн мэдүүлсэн байна. Харин Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус боловсруулсан байна.

Үүний дараа Байнгын хорооны хуралдааныг даргалагч Улсын Их Хурлын гишүүн Н.Тогтохсүрэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын нийт 17 төслийн хэлэлцүүлгийг хамтад нь хийж, санал хураалтыг тус бүрт нь явуулах горимын санал гаргасан юм. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 15 гишүүн санал нэгтэйгээр дэмжсэн.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэллээ.

Ингээд хууль, тогтоолын төсөл нэг бүрээр санал хураалт явуулахад Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцож буй гишүүдийн 93.3 хувь нь дэмжив. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцож буй гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.

Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжсэн бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг 100 хувийн саналаар дэмжив. Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхээр тус бүр санал хураалт явуулсан бөгөөд гишүүд 93.3 хувийн саналаар дэмжсэн бол Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг 100 хувийн саналаар дэмжсэн. Түүнчлэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн бол Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг 93.3 хувийн саналаар дэмжив. Ийнхүү Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн талаарх Байнгы хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэснээр Төсвийн байнгын хорооны пүрэв гарагийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газар МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгаа хямралаас гаргаж сэргээх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх, сахилга дэг журмыг тогтоох, авлига хээл хахуулийг хазаарлахад чиглэсэн бодлогын шинэтгэлүүдийг төсвийн төсөлд тусгалаа. Ирэх онд аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ татварын тогтвортой бодлогоор дэмжиж, татварын тогтолцоог илүү энгийн ойлгомжтой, төвөг чирэгдэл багатай, тэгш шударга болгоно. Түүнчлэн төсөв болон төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөгжлийн гарцад түүчээлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлнэ. Үүний үр дүнд бид 2018 онд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж 4.2 хувьд хүргэхээр төлөвлөж байна. Мөн улсын төсвийн алдагдлыг ирэх онд Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ий) найман хувьд хүргэн бууруулна. Цаашид алдагдлыг үе шаттайгаар бууруулж 2020 онд ДНБ-ний 4.5 хувьд хүргэнэ. Өргөн барьсан төслийг хэлэлцэн баталснаар Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7 их наяд 231.4 тэрбум төгрөг буюу (ДНБ-ий) 23.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9 их наяд 651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал хоёр их наяд 420.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.0 хувьд хүрч төсвийн үзүүлэлтүүд сайжрах болно гэж байлаа.

Мөн, Монгол Улсын 2018 оны төсвийн төсөлд дараахь бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгалаа. Үүнд: Нэг. Ил тод, нээлттэй байдлыг бий болгох замаар төсвийн орлогыг нэмэгдүүлнэ. Засгийн газар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газар эзэмших гэрчилгээг өргөдөл нэрээр шууд гарын үсгээр олгодог, улмаар цөөн хэдхэн компани, хувь хүмүүс хэдэн зуугаар нь эзэмшиж түүнийгээ далд хэлбэрээр бэлэглэх, шилжүүлэх замаар худалдан борлуулж татвар төлдөггүй буруу жишгийн үндсийг таслах зорилгоор тусгай зөвшөөрөл, газар эзэмших гэрчилгээг ил тод нээлттэй, сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны зарчмаар олгодог байх зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байна.

Хоёр. Сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн өрийн дарамт, зээлийн хүүгийн зардлыг бууруулахад чиглэсэн дорвитой алхам хийнэ. Төсвийн алдагдлыг бууруулж, давсан орлого нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгах замаар Засгийн газрын өндөр хүүтэй үнэт цаасны гаргалтыг бууруулна. Түүнчлэн санхүү, мөнгөн хөрөнгө, өрийн удирдлагыг оновчтой болгох замаар Засгийн газрын өрийн үйлчилгээний төлбөрийг 130.0 гаруй тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцлоо.

Гурав. Ерөнхий боловсролын сургуулийг гурван ээлжгүй болгох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах орчин нөхцөлийг бүрдүүлнэ. 2018 онд 59 сургууль, 90 цэцэрлэгийг шинээр барьж эхлүүлнэ. Улаанбаатар хотод 36 сургууль, 47 цэцэрлэг, орон нутагт 23 сургууль, 43 цэцэрлэг баригдана. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн, Японы Засгийн газрын 2.4 тэрбум иений буцалтгүй тусламжийн болон БНХАУ-ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлнэ.

Дөрөв. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанартай уялдсан эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ. Эрүүл мэндийн даатгалыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс Нийгмийн даатгалаас тусад нь бие даалган ажиллуулахаар төлөвлөлөө. Эрүүл мэндийн үйлчилгээг даатгуулагч төвтэй байх тогтолцоог бий болгохын зэрэгцээ Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагдсан жилийн нийт орлого тухайн жилдээ эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн зарцуулагддаг болно.

Тав. Их дээд сургуульд суралцагч оюутны сургалтын төлбөрийн дарамтыг чөлөөлнө. Боловсролын зээлд тавигдах шаардлагыг хөнгөвчилж оюутны сургалтын зээлийг арилжааны банкаар дамжуулахгүйгээр шууд Боловсролын зээлийн санд хариуцуулж зээлийн үйлчилгээг шуурхай хүргэх тогтолцоог хэрэгжүүлнэ. Мөн зээлийн эргэн төлөгдөх хугацааг тухайн суралцагч оюутан суралцаж төгсөөд 5-10 хүртэлх жилийн хугацаанд мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхлэх явцдаа, өөрт нь дарамт үүсгэхгүйгээр бүрэн төлж барагдуулах боломж олгох тогтолцоог бүрдүүлнэ.

Зургаа. Орон нутаг тулгамдсан асуудлаа шийдвэрлэх замаар эдийн засгийн чадавхаа дээшлүүлэхэд чиглэсэн төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлнэ. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор нэг аймагт дунджаар долоо орчим, нийт 147.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шилжүүлэхээр төлөвлөлөө.

Долоо. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. 0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50.0 мянган төгрөг, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг,эхэд улирал бүр 240.0 мянган төгрөгийн тэтгэмж олгоно.

Найм. Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ.Нийгмийн даатгалын сангаас олгож буй бүх төрлийн тэтгэврийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ. Нийт 400 гаруй мянган хүний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг, Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 62.7 мянган хүний тэтгэвэр, 50.3 мянган хүний асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхэд 17.8 тэрбум төгрөг тус тус нэмж төлөвлөлөө.

Ес. Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулна. Малчдын нийгмийн баталгааг сайжруулах арга хэмжээг 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн хэрэгжүүлэхэд зориулж 44.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс Тэтгэврийн санд шилжүүлж зарцуулна. Ингэснээр цаг агаарын эрс тэс хүнд нөхцөлд, жилийн дөрвөн улирал тасралтгүй хөдөлмөрлөж нийгмийн даатгалд хамрагдаж байгаа эрэгтэй 54-58, эмэгтэй 49-53 насны нийт 13.5 мянган иргэн тэтгэвэрт гарах нөхцөл бүрдэж, тэдний нийгмийн баталгаа сайжрах болно.

Арав. Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж шинэчлэх ажлыг хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл хугацаанд одоогийн цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, нөхөн сэргээх, үнэргүйжүүлэхэд зориулж 35.0 тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд үүнд ирэх онд 10.0 тэрбум төгрөг зарцуулна.

Арван нэг. Төсөв хэлэлцэх, батлах үйл явцыг хариуцлагажуулна. “Нэмсэн бол хас” зарчим нэвтрүүлж төсөв хэлэлцэн батлах тогтолцоог хөгжсөн улс орнуудын сайн жишигт хүргэнэ. Эдийн засгийн мөчлөг дагасан төсвийн бодлогыг халах, төсвийн сахилга батыг сайжруулахад чиглэсэн төсвийн шинэчлэл хийх зорилгоор төсөв хэлэлцэн батлах үйл явцад зарчмын томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байна.

Арван хоёр. Төсвийн сахилга хариуцлагыг чанд мөрдүүлнэ. “Хямарсан эдийн засагтай Монгол Улсын төсөв мөнгө хэмжээтэй, чадал хязгаартай нь үнэн. Гэхдээ төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгаж, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэл баримтална. Төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулснаар багш, эмч, төрийн бусад албан хаагчдийн цалин орлого, нийгмийн баталгааг шат дараатайгаар шийдэх боломж бий болно гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа онцолж байлаа.

Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн дэд сайд Х.Булгантуяа болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Л.Болд, Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Ё.Баатарбилэг, Б.Баттөмөр, Д.Эрдэнэбат, Б.Саранчимэг, Л.Энх-Амгалан, М.Билэгт, М.Оюунчимэг, Т.Аюурсайхан, Б.Дэлгэрсайхан, Д.Оюунхорол, Д.Гантулга, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Д.Лүндээжанцан, Д.Тэрбишдагва, Х.Нямбаатар нар асуулт асууж, тодруулав. Гишүүдийн зүгээс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, 2018 онд хийгдэх хөрөнгө оруулалтын жагсаалтад өөрчлөлт орсон эсэх, Засгийн газрын өрийг бууруулахад баримталж байгаа бодлогын талаар илүүтэй тодруулж байлаа. Мөн төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалин урамшууллыг нэмэх, орон сууцны ипотекийн зээлийн хүүгийн дарамтад орж байгаа иргэдийн асуудлыг нааштайгаар шийдвэрлэх, хувийн хэвшлийг дэмжихэд Засгийн газрын зүгээс барих бодлогын талаар лавлаж байв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Засгийн газар өрийг бууруулахад гол анхаарлаа тавьж, ажиллаж байгаа. Юуны өмнө төсвийн алдагдлыг бууруулах зарчмыг барьж байна. Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авдаг байдлыг таслан зогсоохоор зорьсон. Ингэсэн нөхцөлд арилжааны банкууд аж ахуйн нэгжүүдэд зээл олгох эх үүсвэр нь нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр, хувийн хэвшлийнхэнд бага хүүтэй зээл олгох боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Монгол Улсад хөдөлмөрийн насны 1.4 сая иргэн байгаагийн 192 мянга нь төрийн албан хаагчид. Үлдсэн нь хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа. Иймд ажлын байрыг нэмэгдүүлэх, ниймгийн асуудлыг шийдэхийн тулд хувийн хэвшлийн салбарыг бодлогоор дэмжих шаардлагатай гэж Засгийн газар үзэж байгаа гэж байлаа.

Мөн иргэд ипотекийн зээлд жилдээ таван сая төгрөг төлсөн байхад үүнээс 500-600 мянган төгрөг л үндсэн зээлээс хасагддаг. Иймд Сангийн яамнаас энэ асуудлыг авч үзэхээр төлөвлөж байна. Түүнчлэн төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг сайжруулж, өр нэмэхгүй байхыг анхааруулж, улсын төсөвт эдгээр компаниудаас 95 тэрбум төгрөгийн орлого оруулахаар тусгасан. Өмнөх Засгийн газрын боловсруулсан төсөлд тусгасан хөрөнгө оруулалтын жагсаалтыг огт өөрчлөөгүй. Харин Засгийн газрын зүгээс нийслэлийн зарим сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байгаа асуудлыг нэг мөр шийдвэрлэх, Улаанбаатар хотын одоогийн цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, нөхөн сэргээх, үнэргүйжүүлэхэд зориулж, хөрөнгө оруулалтыг нэмж тусгасан гэж Ч.Хүрэлбаатар сайд хариулав.

Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа, 2018 онд 59 сургууль, 90 цэцэрлэгийг шинээр барьж эхлүүлнэ. Ингэснээр гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль, цэцэрлэггүй хороодын асуудлыг шийдэхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ зарим хороонд газрын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа. Иймд энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах, ашиглалтын хугацаа дууссан хуучин сургууль, цэцэрлэгийг нураах замаар хүүхдийн суудлыг нь нэмэгдүүлсэн шинэ барилга барих, төрийн болон хувийн хэвшлийн компанид түшиглэн, цэцэрлэг байгуулахад нь дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна гэж нэмж хариулав.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Засгийн газрын зүгээс төрийн албан хаагчдын ажлын бүтээмж, сахилга, хариуцлага, ажлын үр дүнг харгалзан урамшуулдаг тогтолцоог бий болгоход анхаарч Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах арга хэмжээнд 56,6 тэрбум төгрөгийг тусгасан байгаа. Мөн төрийн албан хаагчдын нэмэгдэл урамшуулал, нэмэгдэл хөлсний асуудлыг авч үзэхээр Ажлын хэсэг ажиллаж байна гэж хариулж байлаа.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Я.Содбаатар, Б.Баттөмөр, Б.Ундармаа, Ч.Улаан, Ц.Мөнх-Оргил нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их хурлын Байнгын хороодууд, Төсвийн зарлагын хяналтын дэд хороодод шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.