Categories
мэдээ соёл-урлаг

“Тоска” дуурь дахин эгшиглэнэ

УДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарыг Гоцлол дуучдын сар болгон Ж.Пуччини “Тоска” дуурийг сонгодог урлаг сонирхогчдод зориулан толилуулахаар болжээ.

Дуурийн үзэсгэлэнт Тоскагийн дүрд БНБУ-ын “София” Үндэсний дуурийн театрын гоцлол дуучин Д.Баясгалан, Марио Каварадоссийн дүрд ОХУ-ын Буриад улсын театрын гоцлол дуучин М.Пирогов, Гүн Скарпьягийн дүрд Монгол Улсын Соёлын элч дуучин, МУГЖ Э.Амартүвшин нар дуулах бөгөөд удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх ажиллаж байна.

Гурван бүлэг, гурван үзэгдэлт энэхүү дуурь нь дэлхийн шилдэг дуучдын тоглолтын урын санд зайлшгүй багтдаг Ж.Пуччинигийн алдарт уянгын аринуудыг багтаасан бүтээл юм. Түүний гүн, өтгөн, бараан хөгжим болон Тоска, Каварадосси нарын төгс төгөлдөр хайрыг илэрхийлсэн уянгалаг аринууд нь энэхүү бүтээлийг 1900-гаад оны “хит” болгож хамгийн их тоглодог дууриудын тоонд зүй ёсоор багтсан байдаг.

Дуурийн нээлтийн анхны тоглолт 1900 оны 1 дүгээр сарын 14-нд Ром хотын “Театро Костанци”-д болж байсан бол Монголын тайзнаа анх 1982 оны 1 дүгээр сарын 9-нд тогложээ.
Тус дуурийн найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган, удирдаачаар УГЗ Ч.Жамсранжав, зураачаар арын зураач Ч.Гунгаасүх нар ажиллаж, гол дүрүүдэд Тоскад ардын жүжигчин Х.Уртнасан, Каварадоссид ардын жүжигчин Д.Банди, Скарпьяд ардын жүжигчин А.Хавлааш нар хоолойны цар хүрээ, авьяас чадлаараа тухайн үеийн сонгодог дуурь сонирхогчдын талархлыг хүлээж байсан юм.

УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 05-нд үзэгчдэд хүрэх тус дуурийн тасалбар суудлын зэрэглэлээс хамаарч 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй аж.

Categories
мэдээ нийгэм

Тамгын газрын дарга З.Энхболд АШУҮИС-ийн сургалтын эмнэлгийн барилгын ажил дууссаны ёслолын ажиллагаанд оролцов

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгаланд баригдаж буй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн барилгад бүтээцийн үндсэн ажил дууссаны ёслолын ажиллагаа өнөөдөр болов. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцлоо.

Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй Монгол Улсад анхных болох Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэг 2018 оны 7 дугаар сард ашиглалтад орох юм байна.

Энэ эмнэлэгт АШУҮИС-ийн эрдэмтэн, багш нараас бүрдсэн 300 гаруй мэргэжилтэн ажиллан мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд, сэхээн амьдруулах, яаралтай тусламжийн нарийн мэргэжлийн чиглэлээр нийслэлийн Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хотын иргэдэд төдийгүй Монгол Улсын нийт хүн амд үйлчлэх зорилготой ажээ.

Урьдчилсан байдлаар тус эмнэлэгт жилдээ 180 мянга гаруй амбулаторийн үзлэг хийж, 4300 хүнийг хэвтүүлэн эмчилж, 2060 удаагийн мэс ажилбар хийх, 150 резидент эмч ажиллуулах болон СТ, MRI, Angiography-ийн нийт 9000 гаруй оношлогоо, эмчилгээ хийх хүчин чадалтай болох юм.

Ёслолын ажиллагааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АШУҮИС-ийн төв байранд ирж эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан багш ажилтнуудад шагнал гардууллаа.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ:

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн (АШУҮИС) удирдлагын баг, профессор багш, ажилтан, ажиллагсад, оюутан залуучууд та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаа энэ өдрийн мэнд дэвшүүлье.

75 жилийн түүхтэй АШУҮИС бол Монголын ард түмний амь нас, эрүүл мэндийн төлөө өдөр шөнийг ялгалгүй зүтгэж яваа 43 мянга гаруй эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн 92 хувийг бэлтгэн гаргасан түүхэн гавьяатай, сүүлийн жилүүдэд сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг эрчимтэй хийж, олон улсад магадлан итгэмжлэгдэж, 2013 оноос Монгол Улсад анх удаа их сургуулийн хотхон байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байгаа бүтээлч хамт олон.

Нөгөө талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүн амын бодлого, иргэдийн эрүүл мэндийн талаар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эрүүл монгол иргэний төлөө хүчин зүтгэх эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэн гаргадаг танай сургуулийн хүлээх үүрэг хариуцлага асар өндөр учраас миний бие танай сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн багш нарт хүндэтгэл үзүүлж шагналыг гардуулах гэж байна.

Төр засгаас “Мэдлэгийг бүтээл болгож, инновацийг хөгжүүлэх” зорилтыг танай сургууль түүчээлэн хөгжүүлж 2014-2024 он хүртэлх хөгжлийн бодлогоо Удирдах зөвлөлөөрөө батлуулан өөрийн нөөц бололцоогоо оновчтой дайчилж, улсын төсөвт дарамт учруулалгүйгээр бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлыг эрчимтэй өрнүүлж, багш оюутны ажиллах, сурч боловсрох таатай орчинг бүрдүүлж байгаатай танилцлаа. Гадаад орны их дээд сургууль, олон улсын байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагааг нэгэн чигт зангидан, олон улсын тэргүүн туршлага, дэвшилтэт технологийг монгол оронд нутагшуулан, нийгмийн хариуцлагаа үлгэр жишээчээр биелүүлж, дээд боловсрол, эрдэм судлал, эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор нь хүн ардад хүргэхийн төлөө олон ажлыг санаачлан хийж байгаад талархаж байна.

Анагаахын сургууль өөрийн гэсэн сургалтын эмнэлэгтэй байх ёстой гэж бид олон жил ярьж мөрөөдөж ирсэн. Энэ хүсэл мөрөөдлийг биелүүлж Японы Засгийн газар 174 тэрбум 400 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж, оношилгоо эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмж бүхий сургалтын эмнэлгийг байгуулахаар Монгол дахь Жайка олон улсын байгууллага хариуцан Японы “Канто констракшин” компани ажиллаж байна.

Ийм буянтай ажлыг бүтээж байгаа Японы Засгийн газар болон сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлгийг барьж байгуулж байгаа хамт олонд талархал илэрхийлж байна. Энэхүү их сургуулийн сургалтын эмнэлэг ашиглалтад орсноор эмч мэргэжилтэн бэлтгэх, тэдэнд төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшүүлэх, эрдэмтэн судлаачдыг бэлтгэн гаргах ажилд чанарын дэвшил гарах төдийгүй Монголын хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна. Нөгөө талаар сургалтын эмнэлгийн дэргэд танай сургуулийн хамт олон өөрсдийн хүч боломжоо дайчлан Анагаахын болон Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн барилгыг барьж их сургуулиудын цогцолбор байгуулах тухай олон жилийн “хоосон” яриаг ажил хэрэг болгож эхэлсэнд талархаж байна.

Энэхүү хотхонд сургууль, лаборатори, сургалтын эмнэлэг байхаас гадна эрдэмтэн багш, оюутан залуучуудын ажиллаж, сурч, амьдрах орчинг бүрдүүлсэн багш ажилчдын орон сууц, оюутны дотуур байр, үйлчилгээний байгууллагууд байх нь зүйн хэрэг. Тэгж байж энэ их сургуулийн хотхон амьд орчин болж, Улаанбаатар хотын төвийн хэсгийн ачааллыг бууруулахад бага ч болов дэм болох болно. Тиймээс оюутны байр, багш ажилчдын байрыг хотхон дотор байгуулах сургуулийн саналыг дэмжиж, өөрсдийн санаачлагаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах асуудлыг нийслэлийн удирдлага анхааралдаа авч хот төлөвлөлтдөө тусган шийдэх нь чухал гэж үзэж байна.

Нөгөө талаар Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу сургалтын эмнэлгийн тогтмол болон хувьсах зардал, сургуулийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжих хөрөнгийг 2018 оны төсөвт суулгаж батална гэдэгт итгэж байна. Энэ нь их сургуулийн сургалтын эмнэлэг хэвийн ажиллах, сургалтын цогцолборыг хугацаанд нь ашиглалтад оруулахад онцгой ач холбогдолтой болж байна. Мөн Засгийн газрын болон АШУҮИС-ийн их сургуулийн цогцолбор байгуулах санаачлагыг дэмжиж Хөдөө аж ахуй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн удирдлага, хамт олон мэргэжилтэн бэлтгэх үйлдвэрлэл, үйлчилгээний баазыг түшиглэсэн цогцолбор сургууль барьж байгуулах ажилд санаачлага гарган ажиллахыг уриалж байна.

Энэ нь нийслэлийн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, мэргэжилтэн бэлтгэх ажлын чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Үүнд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн яамдын удирдлага ч онцгой анхаарч ажиллах хэрэгтэй юм. Монгол улсын Ерөнхийлөгч энэ санаачилгыг тууштай дэмжиж байгаа болно.

Эрдэмтэн багш нар аа,

Та бүхэн Монгол Улсад анагаах ухааны боловсрол олгох, хүн төрөлхтний хуримтлуулсан анагаах ухааны оюуны арвин их санг хойч үедээ өвлүүлэх хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг манлайлан ажиллах учиртай. Зөвхөн танай сургуульд 1000 гаруй багш ажиллагсад ажиллаж 13 мянга гаруй оюутан, магистрант, докторын зэрэг горилогчид суралцаж байна. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд эмч, сувилагч бэлтгэдэг хувийн сургуулиуд олширч байна. Гэхдээ өмчийн хэв шинж, жижиг томоос үл шалтгаалан дээд боловсролтой эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг дэг жаяг, сургалтын агуулга, хөтөлбөр, багш нарын мэдлэг боловсрол, туршлага, сургалтын орчинд тавих шаардлага нэг стандарттай, хэрэгжилтэд тавих хяналт хатуу чанга байх ёстой.

Яагаад гэвэл Та бүхний бэлтгэн гаргасан эмч, сувилагчид сургуулийн танхимаас гараад хүний амь насыг аврах, ард түмнээ өвчин зовлонгоос ангижруулах хүндхэн сорилттой тулгардаг. Тийм учраас анагаахын сургуулийн хаалгаар дутуу дулимаг мэдлэгтэй, ёс зүйн доголдолтой эмч, сувилагч, мэргэжилтэн гарах учиргүй. Энэ бол анагаахын мэргэжлийн сургуулийн өвөрмөц онцлог. Үүнийг онцолж байгаагийн учир гэвэл АШУҮИС анагаахын чиглэлийн бусад дээд сургуулиудыг хөгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлдэг, анагаах ухааны боловсролын тасралтгүй төгөлдөршилийн цөм, эрүүл мэндийн салбарын хөгжил, шинэчлэл, өөрчлөлтийн хөдөлгөгч хүч, манлайлагч нь байхыг хүсч байгаа юм.

Цаашид дээд боловсролын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үйл ажиллагаагаа уялдуулж, эмч сувилагчдын бодит хэрэгцээг судалж, анагаах ухааны чиглэлээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох ажлыг хязгаарлах хэрэгтэй. Түүгээр зогсохгүй одоо зөвшөөрөл аваад ажиллаж байгаа анагаахын сургуулиудын сургалтын агуулга, хөтөлбөр, үндсэн багшлах боловсон хүчний хангамж, сургалтын орчин, сургалтын эмнэлэгтэй эсэхэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй. Эмч сувилагчийн мэргэжил олгох асуудал урсгалаараа явж огт болохгүй учраас үүнийг дахин дахин сануулж байгаа юм.

АШУҮИС-ийн бүтцэд Монгол Улсын анагаах ухааны хүрээлэн ажиллаж, Монголын эмч нар сургуулийн магистр, докторын сургалтад өргөнөөр суралцаж байгаа нь тус сургууль анагаахын мэргэжлийн судлаач, эрдэмтдийн цөм болж байгаагийн илэрхийлэл. Сургуулийн удирдлага үүнд онцгой анхаарч 2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цөм лабротори байгуулж, эрдэм шинжилгээ судалгааг дэмжих санг байгуулсан нь чухал ач холбогдолтой юм.

Цаашид сургуулийн тэнхим, хүрээлэнгийн судалгаа шинжилгээний ажлыг өргөтгөхийн зэрэгцээ улсын төв эмнэлэг, үндэсний төвүүдэд ажиллаж байгаа шавь нарынхаа эрдэм судлалын ажилд дэмжлэг үзүүлж, тэдний хийж байгаа оношилогоо, эмчилгээний шинэ технологийг нийтийн хүртээл болгоход анхаарч хамтран ажиллах хэрэгтэй. Энэ бол анагаахын шинжлэх ухааны ололтыг оношилгоо эмчилгээнд нэвтрүүлэх, сургалт эрдэм судлалын ажлыг багш шавийн хүрээнд өргөтгөх өргөн боломж гэж харж байна.

Оюутан залуучууд аа, Та бүхэн бол монголын ард түмний эрүүл энхийн манаанд зогсохоор энэ сургуулийн танхимд бэлтгэгдэж байгаа манай ирээдүйн хүний их эмч, сувилагч, мэргэжилтнүүд. Нэг л мэдэхэд суралцах хугацаа дуусч энэ танхимд эмчийн, сувилагчийн тангаргаа өргөөд аймаг, сум, дүүргийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн хаалгыг татан орох болно. Тэнд та бүхнийг орчин үеийн анагаах ухааны өндөр мэргэжил эзэмшсэн эмч, сувилагч нар хүрээд ирлээ гэж баяр хөөр болон угтан авах болно. Тийм болохоор мэдлэгтэй, ес зүйтэй эмч, сувилагч болохын тулд эрдмийн энэ өргөөндөө цаг наргүй хөдөлмөрлөж, эрдэмтэн багш нараасаа их зүйлийг сурч, мэдэж авахын төлөө мэрийж ажиллах хэрэгтэй гэдгийг захиж хэлье.

Эцэст нь Ази Номхон Далайн Баруун Эргийн бүсийн шилдэг 100 их сургуулийн нэг болох эрхэм зорилгоо амжилттай биелүүлэхийг АШУҮИС-ийн эрдмийн хамт олонд хүсэн ерөөж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс Та бүхний ажил үйлсийг байнга дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлье.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.


Categories
мэдээ нийгэм

“Би мөнгөө юунд зориулан хуримтлуулах вэ” сэдэвт уралдааны дүн гарлаа

“Санхүүгийн боловсрол” аяны хүрээнд “Дэлхийн хуримтлалын өдөр”-т зориулан 7-17 насны хүүхдүүдийн дунд “Би мөнгөө юунд зориулан хуримтлуулах вэ” сэдэвт уран зургийн уралдааны дүн гарчээ.

Монголбанк, ХБНГУ-ын Хадгаламжийн Банкны Олон Улсын Хамтын Ажиллагааны Сан, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци хамтран дээрх уралдааныг зохион байгуулсан бөгөөд нийслэл, хөдөө орон нутгаас 1150 бүтээл ирсэн байна. Нэгдүгээр байрт Нийслэлийн БГД-ийн 20 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Б.Болор, хоёрдугаар байрт Нийслэлийн БЗД-ийн Тэргүүний 53-р сургуулийн 5Г ангийн сурагч Н.Нандинцэцэг, гуравдугаар байрт Шинэ Монгол сургуулийн 5-4 ангийн сурагч Э.Батхишиг нар шалгарчээ.

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Улсын эмнэлгүүдийн оочер арай дэндүү байна

Өвөрхангай аймгийн иргэн Д.Бор

Би Өвөрхангай аймгийн хүн. Нийслэлд орж ирээд удаагүй байна. Төв суурин газар орж ирснийх эмнэлэг, домчоор жоохон явах санаатай. Харин манай улсын эмнэлэг, эмнэлгийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаа бидний сэтгэлд төдийлөн хүрэхгүй байгааг нуугаад яахав. Өндөр төлбөртэй, хувийн эмнэлгээс бусад улсын эмнэлгүүд нь төлбөр бага ч оочер ихтэй, үйлчилгээ удаан, орчин нь бохир, эмчлэгсдийн харилцааны соёл доголдолтой зэрэг хүндрэлтэй асуудал их. Төрөөс, татвар төлөгч бидний мөнгөөр цалинждаг, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтай төрийн албан хаагчид угтаа хүндээ илүү үйлчилгээ үзүүлэх ёстой биз. Нийтээрээ үйлчилгээ, харилцаа муу биш ч миний очсон эмнэлэг бүр л тиймэрхүү муу үзүүлэлттэй харагдлаа. Хөдөө орон нутгийн бид нарт эмнэлгийн үйлчилгээ авахад хэцүүхэн болжээ. Бид чинь бас ардаа амьдралтай хүмүүс. Наад зах нь эмнэлэгт үзүүлэхийн тулд цаг авна, авсан цаг нь адаглаад долоо хоног бүр сарын дараа ирэх ч дугаар өгдөг. Энэ бол миний хувьд болоод хөдөө орон нутгийн хүмүүсийн хувьд маш хэцүү байна. Тэгээд хүлээж байгаад нэг юм үзүүлнэ. Үзүүлснийхээ дараа ийшээ ч яваад ийм ч шинжилгээ хийлгэ, тэр ч эмчтэй уулз гэдэг. Иргэдэд үйлчилгээгээ арай ойлгомжтой, хөнгөн, шуурхай хүргэж болдоггүй л юм байх даа. Нийслэл хүрээ газар амьдарна гэдэг ер нь хэцүү юм байна. Хөдөө, нутагтаа хэдэн малаа маллаж, санасан бүхнээ хийж, амьдрах шиг жаргал алга. Гэхдээ өвчний эрхээр хот хүрээ газрыг зорихоос өөр аргагүй. Ингээд ирэхээр биднийг угтаж авч байгаа эмнэлэг, эмнэлгийн байгууллагуудын үйлчилгээ тааруу. Мань мэтийн хөдөөний улсуудыг ингэтлээ их чирэгдүүлж, бухимдуулж буй эмнэлгийн үйлчилгээг сайжруулж, наанадаж оочер дугааргүй, цаанадаж харилцааны зөв соёлтой боловсон хүчнээр хангаасай. Засаг, төрдөө хамаг буруугаа чихмээргүй байгаа ч гэлээ үнэндээ ард түмний амьдрал хэцүү байна шүү дээ. Үүнийг ойлгох хэрэгтэй.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

Т.АНИМАА

Categories
мэдээ цаг-үе

Р.Амарбаясгалан: Стресс, архи, тамхины хэрэглээнээс болж тархины харвалт нэмэгдэж байна

Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдрийг энэ сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ талаар өчигдөр холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийлээ. Дэлхий дахинд жилд 26 сая хүн харвалтаас болж тахир дутуу болдог байна. Жилдээ 17 сая хүний тархинд цус харваж, үүнээс 6.5 сая хүн нь нас бардаг аж. Манай улсад ч уг өвчний тохиолдол нэмэгдэж, нас баралтын гол шалтгааны хоёрдугаарт орж байна. Тархинд цус харвахад хүргэдэг гол зүйл нь өөх тос, давс, архи тамхины хэрэглээ, амьдралын буруу хэв маяг, стресс, хөдөлгөөний хомсдол, бодисын солилцооны эмгэг гэж байна.

Аяны хүрээнд харвалтын анхны шинж тэмдэг, харвалтад хүргэх шалтгаан, түүнээс сэргийлэх талаар хүн амд тодорхой мэдээлэл өгч, эрүүл амьдрах арга барилд сургах, эрсдэлээ өөрсдөө үнэлэх, хянах чадварыг эзэмшүүлэх талаар сургалт явуулж, гарын авлага тараах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.

Энэхүү аян нь энэ сарын 16-нд эхэлсэн бөгөөд 29-нийг хүртэл үргэлжлэх юм. Эхний ээлжинд ”Ягаан цээнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн 40-өөс дээш насны буюу зорилтот бүлгийн иргэдэд эмч, мэргэжилтнүүд, эм зүйч нар хамтран сургалт явуулж, зөвлөгөө, мэдээлэл өгөх ажээ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зохицуулах хорооны дарга С.Гантуяа энэ тухай ярихдаа “Улсын хэмжээнд харвалтаар өвчилсөн хүмүүсийг зөвхөн гуравдугаар эмнэлэгт хүлээн авч эмчилгээ хийдэг ч хүрэлцээгүй байдаг. Иймээс бид дүүрэг болон хөдөө орон нутагт харвалтыг эмчлэх тасаг байгуулахаар баг гарган ажиллаж байна” гэж хэллээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэдрэлийн төвийн дарга Л.Энхсайхан “Харвалт бол өргөн тархалттай. Хүний амь насанд аюултай. Хөдөлмөрийн чадавх алдалтад нөлөөлдөг. Харвалтын дараа эрсдэл ихтэй, эмчилгээний зардал маш өндөр гардаг. Тиймээс эрт урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай байна. Хүн мэддэггүй зүйлээсээ айдаг, сэргийлж чаддаггүй. Мэдлэгтэй болчихвол өөрөө, өөрийгөө урьдчилан сэргийлчихнэ. Тиймдээ ч Эрүүл мэндийн сайдын тушаалаар энэ удаа тархины харвалттай тэмцэх өдрийг 11 хоногийн аян болгоод байгаа юм” гэлээ.

Энэ үеэр Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн Р.Амарбаясгалангаас тодрууллаа.

-Тархины харвалт залуужиж байна уу. Хэдээс хэдэн насныхан энэ өвчинд нэрвэгдэж байна вэ?

-Залуужих хандлага бий. 35-аас дээш насны хүмүүс харвах нь энгийн үзэгдэл болчихоод байгаа. Түүнээс гадна 19 настай, хорь, хорин хэдтэй залуучууд хүртэл харвалтад өртөж байна. Хүн зүгээр, эрүүл байхад харвана гэж байхгүй. Шалтгааныг өөрсдөө л бүрдүүлж байна.

-Тухайлбал, юунаас болж харвахад хүрч байна вэ?

-Сүүлийн үед хүмүүс амтлаг, тансаг удаан хадгалагддаг хоол хүнс их хэрэглэх болсон. Ийм бүтээгдэхүүнүүд судас, судасны ханыг хатууруулдаг. Судасны хананд товруу үүсгэнэ. Мөн цусыг өтгөрүүлж, цусан доторх хаягдал муу зүйлийг ихээр бий болгоно. Ингээд бохирдолтой, хэт өтгөн болсон цус тэсэхээ болиод харвалт үүсгэж байна гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Даралт ихэсдэг болсон хүн заавал аппараттай байх ёстой. Хувь хүн өөртөө даралт үзэх хянах нөхцөлийг бүрдүүлж байх шаардлагатай. Заавал өндөр настай гэлтгүй, хүн бүр даралтаа үзэж өөртөө дүгнэлт хийж байх ёстой. Өөрөө өөрийнхөө даралтыг хэд байдаг, хэрхэн хэлбэлзэж буйг мэдэж байх шаардлагатай.

-Стресс мөн энэ өвчний гол шалтгаануудын нэг юм билээ?

-Стресстэй холбоотой олон өвчин үүсч байна. Тиймээс өөрсдөө л өөрийгөө стресс, өвчин зовлонгоос сэргийлэх хэрэгтэй гэдгийг ойлгох шаардлагатай байна шүү дээ. Хүний суурь өвчнүүд тархины харвалтыг үүсгэж байна. Мөн зүрхний өвчинтэй ч холбоотой. Тиймээс зөв амьдрах зөв хэвшлийг дадал болгох хэрэгтэй байна. Чихэр, ундаа, өөх тос, архи дарс, тамхины хэрэглээ ихтэй хүмүүс хамгийн түрүүнд л харвалтад өртдөг. Үүнээс гадна хоолойны ангин бөөр, зүрхний өвчнөө бүрэн оношлуулж, эмчлүүлээгүй бол архагшаад харвалтад хүргэнэ. Залуучууд толгой өвдөөд байна гээд яваад байдаг, энэ нь судасны хана хагарахад хүргэдэг. Эцэг эхчүүд хүүхдээ аль болох эрүүл өсгөх хэрэгтэй. Эцэг эх нь архаг ангинтай бол хүүхдэд ч дамжиж байна. Дээхэн үед монголчууд өөр, өөрийн гэсэн аягатай. Хаа ч явсан өөрийнхөө аяга, халбагыг хэрэглэдэг байсан. Гэтэл орчин үед бүх аяга халбага нийтийнх болсон байна. Мөн хүүхдээ хооллохдоо өөрийнхөө амаар дамжуулж, хоолоо хөргөж өгч байна. Ингээд амнаас ам дамжсан халдвар цаашлаад цусны ханыг гэмтээдэг. Энэ нь мөн тархины харвалтад хүргэнэ гэсэн үг. Тиймээс хүн бүр хүүхдээ цэвэр цэмцгэр, зөв хэвшилтэй эрүүл саруул өсгөвөл өвчнөөс айхгүй байх боломжтой.

-Цус харвалтын үеийн шинж тэмдэг?

-Харвалт болохоос өмнө энэ талаар мэдлэгтэй байх ёстой. Жишээлбэл нүдний хараа муудах, хэл ам мурийх, гар хөл бадайрах зэрэг шинж тэмдэг илэрвэл харвалт өгөх гэж байна гэж үзэж болно. Эмнэлэгт хурдан хүргэж цаг хожих хэрэгтэй. Судас хагараад гурван цаг болоход тархи үхдэг. Амиа алдана, эсвэл тахир дутуу болно.

-Цус өтгөрөх нь харвалтын гол шалтгаан юм байна. Яаж цусаа шингэлэх вэ?

-Цус өөрөө өтгөрнө гэж байхгүй. Стресс, архи, тамхины хэрэглээнээс болж тархины харвалт нэмэгдэж байна. Тамхи татдаг хүний цус маш өтгөн байдаг. Ялангуяа тамхи татдаг бол аспирин 100 зэрэг зохих эмүүдийг ууж байх ёстой. Мөн бусад холестрин бууруулах эм, бэлдмэлүүдийг хэрэглэх нь зөв. Мэргэжлийн эмчид үзүүлж, эмчийн зааврын дагуу зохих эмчилгээг хийлгэн харвалтаас сэргийлэх бүрэн боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

Улс үндэстнийг завгүй байлгах ХАР ТЕХНОЛОГИ

Өнөөгийн Монгол Улсыг бүхэлд нь багцалж харваас түүхээ магтан дуулж, тойрон бүжиж дуулж хуурдан, барилдаж ноцолдож найр наадам хэссэн завгүй улс л байна. Улс орнуудыг үйлдвэржсэн, оюунжсан, технологижсон гэх мэтээр тодотгодог бол Монгол Улсыг улстөржсөн, түүхжсэн, урлагжсан, спортжсон улс гэвээс яг тохирно. Үнэн төрх нь л тэр юм чинь. Гэтэл улс шиг улс байхад юу хамгаас чухал юм, ямар шалгуурыг хангасан улсыг улс гүрэн гэж тооцдог юм бэ. Өмсөх, идэхээ дотооддоо үйлдвэрлээд авчихдаг, машин тэргээ угсраад хийчихдэггүй юмаа гэхэд ядаж бензин тосоо үйлдвэрлээд гаргачихдаг нефть боловсруулах үйлдвэртэй байж гэмээнэ улсын тоонд орно шүү дээ. Явж явж эдийн засаг нь хүчирхэг, ирээдүйтэй орныг л улс гэж тооцох нь бий. Үүгээр бол эдийн засгийг хүчтэй, бат бөх байлгадаг гол үйлдвэрлэл бол гангийн үйлдвэр. Япон улс дайны дараахь хүнд хэцүү байдлаас гарахын тулд иргэддээ 20, 20 мянган төгрөг тарааж, элдэв бусын хишиг тарааж халамжлаагүй. Хамаг дансаа шавхан байж гангийн үйлдвэрээ босгосон нь тус улсыг хүчирхэгжүүлэх суурийг тавьсан байдаг юм. Монголд гангийн үйлдвэр барих талаар сүүлийн арав гаруй жил ярьж байгаа ч биелээгүй, мөрөөдөл төдий л зүйл болоод байна. Манай хувийн хэвшлийнхэн “2016 он гэхэд жилдээ хоёр сая тоннын хүчин чадалтай ширэм, гангийн үйлдвэрүүдээ бариад авбал 1.2 сая тонн коксжсон нүүрсийг Тавантолгойгоос авч, бүх түүхий эдээ дотоодоосоо хангах бүрэн боломжтой болно. Мөн хүнд үйлдвэрлэлийн салбар бат хөгжих үүд хаалга нээгдэж хөдөө аж, хөнгөн үйлдвэр гээд бүхий л салбарт ахиц гарч, орон сууцны үнэ 20 хувиар буурч, 9000 ажлын байр шинээр бий болохоос 1200 нь гангийн үйлдвэрт гаргах болно. Гангийн үйлдвэр нь зээлээ таван жилийн дотор нөхөж богино хугацаанд ашгаа өгнө” гэсэн тооцооллыг гаргаж гангийн үйлдвэр барихаар зориглосон ч тэдний төлөвлөгөө замхраад л алга болсон. Нефтийн үйлдвэрийн асуудал үе үе сөхөгддөг ч бас л элсэнд асгасан ус мэт сураггүй болчихдог. Уг нь монголчууд цахиур бууныхаа сумыг өөрсдөө цутгаж, цэмбээ нэхээд өмсчихдөг байсан түүх саяхных.

1934 онд монголчууд Арьс ширний завод, Ноос угаах завод, Цэмбэний фабрик, Нэхий эдлэлийн үйлдвэрийн нэгдсэн Аж үйлдвэрийн комбинаттай байсан. Ингэхээр монголчууд бас ч юу ч үгүй ард түмэн биш байж. Бууныхаа сумыг цутгаад цэмбээ нэхчихдэг хэмжээний шинжлэх ухаанч, догь цохисон хүмүүс байжээ гэж хэлж болно. Ийм явж ирсэн Монгол Улсын шинжлэх ухааны энэхүү түүхийг устгах, баллах гэсэн оролдлого, явуулга гэмээр үйл явдал их болох юм аа. Түүний нэг том жишээ бол Геннисийн амжилтад бүртгүүлэх. Геннис гэхээр манайханд Нобелийн шагналтай эн зэрэгцүүлээд ойлгочих юм. Энэ чинь этгээд сонин, хачин, гажиг гэмээр зүйлсийг л бүртгэж, бүртгэлжүүлдэг ажил ш дээ. Нэг их таатай юм биш. 6000 мянган бөхөө барилдуулж, 3000 морио уралдуулж, морин хуурч, биелгээ гээд л энэ тэрээрээ л дэлхийд улсаа тамгалж байгаа юм байх. Үүнийгээ монголчуудад нүүдэлчний соёлыг нь үлдээх, хадгалуулах гэсэн юм гэж хэлдэг. Одоо бидэнд нүүдэлчний соёл хэрэг байна уу, нүүдэллэж дуусаад суурин соёл иргэншилд ороод удаж байна. Тийм байсаар байтал монголчуудыг яагаад өнгөрсөн үед нь байлгах гээд байдаг юм. Үнэндээ монголчууд Манжийн дарлалд 200 гаруй жил зүдэрсний хойно хойд хөршийн нөлөө, хараан дор явсаар 1990 онтой золгосон. Ингэхээр бид сүүлийн 300 гаруй жил тусгаар улс болохын тулд, тусгаар тогтносон улс байхын төлөө юу ч хийж чадаагүй. Тэгэх боломжийг олгоогүй юм, бяданд.

Үүлсийн сэмхийгээр туссан нарыг үүлэн чөлөөний наран гэмүй. Туссан гэрэл нь орчлонг тэр чигт нь гэрэлтүүлэхийн ялдамд илч нь хурц гэж жигтэйхэн. Бүрхэг тэнгэрийн заагаар тусах тэр нарыг бүгд бэлгэшээж “Тэнгэр хурдан цэлмээсэй” гэдэг. Үүнтэй адил 1990 онд Ардчилсан өөрчлөлт гарч дээр дооргүй үймэлдэж, учраа алдаж байсан тэр цагт Монголын амьдралд наймаа худалдаа гэдэг зүйл гэрлээ тусгасан. Наймаа хийх нь байж болшгүй, дамын наймаа гэдэг бузар үйл хэмээн итгүүлж байсан тэр сургаалаас зайлж том багагүй наймаа худалдаа эрхэлж монголчуудын амьдрал өнгө орж эхэлсэн. Наймаа хийхээр хилийн дээс алхаж, тив дамжин алхацгаасан. Тэгж явахдаа боловсрол эзэмшин гадаадад амьдарч үзэцгээсэн. Манай томоохон бизнесмэн, компаниудын суурь бүгд л ганзагын наймаанаас л улбаатай. Уг нь энэ бүхэн бизнесийн цэвэр зарчмаар явсан бол өнөөдрийн Монгол арай өөр байх байлаа л даа. Гэтэл одоо Монголд төр, шашин гэсэн хоёр зүйл л гаарч байна. Төв жаахан бараадсан нь нам дагаж, төгрөгөө олохгүй байгаа нь Гандан бараадаж, лам, нам оройд шүтэгдэж өнөө үүлэн чөлөө мэт бизнесийн орчин маань таг харанхуй болчихоод байж байна.

Монгол Улсын хувь заяанд энэ наймаа гэдэг зүйлээс өмнө бас нэг үүлэн чөлөөний наран туссан нь тэртээ 1911 оны үед юм. Монгол Улс гүрэн байх үеэсээ төвийг сахихыг гол бодлогоо болгон ирсэн. Тийм ч болохоор 1911 оны хувьсгалын үеэр Монголыг төвийг сахисан “Швейцарь улс лугаа болгоё” гэдэг бодлого далдуур яригдаж байсан нь тухайн үедээ Монголын хувь заяаг түших, эх орныг минь хөгжүүлэх хамгийн зөв гарц байсан ч томоохон гүрнүүдийн нөлөөгөөр сарнисан. Монголыг Швейцарь шиг болгох бодлого яг л үүлэн чөлөөний наран адил үзэгдээд өнгөрсөн ч одоо хэр нь бид тэр нууц бодлогыг санаж явахад гэмгүй.

Дуулж хуурдаад, спорт хөөгөөд ёстой завгүй байгаа ард түмэнд энэ талаар яривал “Юун цэмбэ нэхэх, юун цахиур бууны сум” гэж шоолж мэдэх байх шүү. Одоо бүгдээрээ цэмбэ нэхье гэж байгаа юм биш ээ. Биднийг 300 гаруй жилийн өмнөөс л хүчирхэг байлгахгүй, хүчирхэгжүүлэхгүй, нэгдмэл болгохгүй гэсэн хөндлөнгийн бодлого хэрэгжсээр өнөөдрийг хүргэчихээд байна. Зэв гаргах төмөргүй болтлоо цөлмүүлчихсэн ард түмэнд ямар сайндаа дархчуул нь нэг ч хадаас орохгүйгээр босдог гэр урлаж өгч байх вэ дээ. Энэ талаар манай С.Удвал тэргүүтэй алдартай зохиолчдын зохиол бүтээлд тодорхой баримтууд үлдсэн байдаг. Монголчуудыг төмрөөс хол байлгах гэсэн гадны бодлого нь явсаар 2017 онд ч хэрэгжиж байна. Элдэв хувьсгал, сэхээтнүүдийг дарах хэлмэгдүүлэлт, дэлхийн дайн, нийгэмчлэх бодлого, хөрөнгөтнүүдийг устгах явуулга гээд өнгөрсөн зуунд монголчууд амар заяа үзээгүй. Ийм их үймээн самуун айдас дунд явж ирсэн хүмүүс юуных нь гангийн үйлдвэр барих тухай бодох вэ. НАХЯ-ны элдэв туршуулуудын нүдэнд өртчихгүй юмсан гэхдээ нормын хувцсаа өмсөөд нормтой ажлаа хийсээр л ирсэн. Бид одоо дуу хөгжим, найр наадам, спортод тавьдаг анхаарлаа арай өөр юм руу, эх орны бүтээн байгуулалт, ирээдүй рүү хандуулах цаг нь болчихоод байна. Монголыг дэлхийд данслах суу ухаантан, нээлт хийсэн эрдэмтэн, зохион бүтээсэн бүтээл гэж алга. Ийм байдалтай бид хэзээ болтол гадны нөлөөгөөрөө ажил, амьдралаа залгаад явах билээ. Гангийн үйлдвэр барих нөөц бололцоо, бааз нь байна. Барья гэвэл ирээд зөвлөөд туслаад өгчих улс орнууд Энэтхэгээс эхлээд байж л байна. Бид дахин үүлэн чөлөөний наран тусахыг хүлээгээд л бүжээд, барилдаад, дуулж хуурдаад байлтай биш. Одоо болно ш дээ. Бид өөрсдийн гэсэн технологи, бодлогоор улс орноо авч явж үйлдвэртэй бол үйлдвэртэй, ажилтай бол ажилтай байх хэрэгтэй. Хэдий болтол гадны хар технологийн туршилт, захиалгаар гар хоосон, гаднаас гуйранчилж суух вэ дээ. Бид өөрсдийгөө өөрсдийн хүслээрээ, Монгол хүний зан араншингаараа амьдарч байна гэж бодож байгаа бол тэр чинь том эндүүрэл шүү. Монголчууд гадны захиалгат, нарийн боловсруулсан технологийн дагуу л яваад байна.

Аливаа нэг улс орныг дарж авахад зэвсгээс илүү өөрөөр нь өөрийг нь устгуулах нь хамгийн шалгарсан бөгөөд ул мөргүй түүхээс арчдаг арга. Гэр орон сум суурин дахь бүх төмөр эдлэл хэрэгслийг нь өндөр үнээр худалдаж аваад оронд нь хув, хуванцар сав суулга бэлэглэдэг. Тэгээд эрхэлж байсан ажил төрлийг нь зогсоогоод эр, эмгүй бүгдэд нь үндэсний дээл хувцсыг нь өмсгөөд аялал жуулчлалаа хөгжүүлцгээ гэдэг уриалга дор “Та нар өв уламжлалаа хадгал. Соёлоо хамгаалцгаа” гээд тайзыг нь бэлдээд өгчихдөг. Тэгэхээр эмс хүүхнүүд, хүүхдүүд нь бүжээд л бүжиглээд л. Харин эрчүүд нь эр бяраа үзэж байгаа нь энэ гээд хоорондоо барилдаж ноцолдоод л байдаг. Урлаг, спорт хөөгөөд сэтгэл нь үргэлжийн догдлолтой байдаг завгүй байгаа улсын толгойд юуных нь даавуу нэхэж, бууны сумаа зэхэх тухай бодол орох вэ дээ. Тэгэн тэгсээр нэг л өглөө үгсийн сангаас нь төмөр, ган, буу, шийдэм гэдэг үгс арчигдана. Ийм жишээ бидний өмнөхөн далд байгаа даа.

Д.ГАНСАРУУЛӨнөөгийн Монгол Улсыг бүхэлд нь багцалж харваас түүхээ магтан дуулж, тойрон бүжиж дуулж хуурдан, барилдаж ноцолдож найр наадам хэссэн завгүй улс л байна. Улс орнуудыг үйлдвэржсэн, оюунжсан, технологижсон гэх мэтээр тодотгодог бол Монгол Улсыг улстөржсөн, түүхжсэн, урлагжсан, спортжсон улс гэвээс яг тохирно. Үнэн төрх нь л тэр юм чинь. Гэтэл улс шиг улс байхад юу хамгаас чухал юм, ямар шалгуурыг хангасан улсыг улс гүрэн гэж тооцдог юм бэ. Өмсөх, идэхээ дотооддоо үйлдвэрлээд авчихдаг, машин тэргээ угсраад хийчихдэггүй юмаа гэхэд ядаж бензин тосоо үйлдвэрлээд гаргачихдаг нефть боловсруулах үйлдвэртэй байж гэмээнэ улсын тоонд орно шүү дээ. Явж явж эдийн засаг нь хүчирхэг, ирээдүйтэй орныг л улс гэж тооцох нь бий. Үүгээр бол эдийн засгийг хүчтэй, бат бөх байлгадаг гол үйлдвэрлэл бол гангийн үйлдвэр. Япон улс дайны дараахь хүнд хэцүү байдлаас гарахын тулд иргэддээ 20, 20 мянган төгрөг тарааж, элдэв бусын хишиг тарааж халамжлаагүй. Хамаг дансаа шавхан байж гангийн үйлдвэрээ босгосон нь тус улсыг хүчирхэгжүүлэх суурийг тавьсан байдаг юм. Монголд гангийн үйлдвэр барих талаар сүүлийн арав гаруй жил ярьж байгаа ч биелээгүй, мөрөөдөл төдий л зүйл болоод байна. Манай хувийн хэвшлийнхэн “2016 он гэхэд жилдээ хоёр сая тоннын хүчин чадалтай ширэм, гангийн үйлдвэрүүдээ бариад авбал 1.2 сая тонн коксжсон нүүрсийг Тавантолгойгоос авч, бүх түүхий эдээ дотоодоосоо хангах бүрэн боломжтой болно. Мөн хүнд үйлдвэрлэлийн салбар бат хөгжих үүд хаалга нээгдэж хөдөө аж, хөнгөн үйлдвэр гээд бүхий л салбарт ахиц гарч, орон сууцны үнэ 20 хувиар буурч, 9000 ажлын байр шинээр бий болохоос 1200 нь гангийн үйлдвэрт гаргах болно. Гангийн үйлдвэр нь зээлээ таван жилийн дотор нөхөж богино хугацаанд ашгаа өгнө” гэсэн тооцооллыг гаргаж гангийн үйлдвэр барихаар зориглосон ч тэдний төлөвлөгөө замхраад л алга болсон. Нефтийн үйлдвэрийн асуудал үе үе сөхөгддөг ч бас л элсэнд асгасан ус мэт сураггүй болчихдог. Уг нь монголчууд цахиур бууныхаа сумыг өөрсдөө цутгаж, цэмбээ нэхээд өмсчихдөг байсан түүх саяхных.

1934 онд монголчууд Арьс ширний завод, Ноос угаах завод, Цэмбэний фабрик, Нэхий эдлэлийн үйлдвэрийн нэгдсэн Аж үйлдвэрийн комбинаттай байсан. Ингэхээр монголчууд бас ч юу ч үгүй ард түмэн биш байж. Бууныхаа сумыг цутгаад цэмбээ нэхчихдэг хэмжээний шинжлэх ухаанч, догь цохисон хүмүүс байжээ гэж хэлж болно. Ийм явж ирсэн Монгол Улсын шинжлэх ухааны энэхүү түүхийг устгах, баллах гэсэн оролдлого, явуулга гэмээр үйл явдал их болох юм аа. Түүний нэг том жишээ бол Геннисийн амжилтад бүртгүүлэх. Геннис гэхээр манайханд Нобелийн шагналтай эн зэрэгцүүлээд ойлгочих юм. Энэ чинь этгээд сонин, хачин, гажиг гэмээр зүйлсийг л бүртгэж, бүртгэлжүүлдэг ажил ш дээ. Нэг их таатай юм биш. 6000 мянган бөхөө барилдуулж, 3000 морио уралдуулж, морин хуурч, биелгээ гээд л энэ тэрээрээ л дэлхийд улсаа тамгалж байгаа юм байх. Үүнийгээ монголчуудад нүүдэлчний соёлыг нь үлдээх, хадгалуулах гэсэн юм гэж хэлдэг. Одоо бидэнд нүүдэлчний соёл хэрэг байна уу, нүүдэллэж дуусаад суурин соёл иргэншилд ороод удаж байна. Тийм байсаар байтал монголчуудыг яагаад өнгөрсөн үед нь байлгах гээд байдаг юм. Үнэндээ монголчууд Манжийн дарлалд 200 гаруй жил зүдэрсний хойно хойд хөршийн нөлөө, хараан дор явсаар 1990 онтой золгосон. Ингэхээр бид сүүлийн 300 гаруй жил тусгаар улс болохын тулд, тусгаар тогтносон улс байхын төлөө юу ч хийж чадаагүй. Тэгэх боломжийг олгоогүй юм, бяданд.

Үүлсийн сэмхийгээр туссан нарыг үүлэн чөлөөний наран гэмүй. Туссан гэрэл нь орчлонг тэр чигт нь гэрэлтүүлэхийн ялдамд илч нь хурц гэж жигтэйхэн. Бүрхэг тэнгэрийн заагаар тусах тэр нарыг бүгд бэлгэшээж “Тэнгэр хурдан цэлмээсэй” гэдэг. Үүнтэй адил 1990 онд Ардчилсан өөрчлөлт гарч дээр дооргүй үймэлдэж, учраа алдаж байсан тэр цагт Монголын амьдралд наймаа худалдаа гэдэг зүйл гэрлээ тусгасан. Наймаа хийх нь байж болшгүй, дамын наймаа гэдэг бузар үйл хэмээн итгүүлж байсан тэр сургаалаас зайлж том багагүй наймаа худалдаа эрхэлж монголчуудын амьдрал өнгө орж эхэлсэн. Наймаа хийхээр хилийн дээс алхаж, тив дамжин алхацгаасан. Тэгж явахдаа боловсрол эзэмшин гадаадад амьдарч үзэцгээсэн. Манай томоохон бизнесмэн, компаниудын суурь бүгд л ганзагын наймаанаас л улбаатай. Уг нь энэ бүхэн бизнесийн цэвэр зарчмаар явсан бол өнөөдрийн Монгол арай өөр байх байлаа л даа. Гэтэл одоо Монголд төр, шашин гэсэн хоёр зүйл л гаарч байна. Төв жаахан бараадсан нь нам дагаж, төгрөгөө олохгүй байгаа нь Гандан бараадаж, лам, нам оройд шүтэгдэж өнөө үүлэн чөлөө мэт бизнесийн орчин маань таг харанхуй болчихоод байж байна.

Монгол Улсын хувь заяанд энэ наймаа гэдэг зүйлээс өмнө бас нэг үүлэн чөлөөний наран туссан нь тэртээ 1911 оны үед юм. Монгол Улс гүрэн байх үеэсээ төвийг сахихыг гол бодлогоо болгон ирсэн. Тийм ч болохоор 1911 оны хувьсгалын үеэр Монголыг төвийг сахисан “Швейцарь улс лугаа болгоё” гэдэг бодлого далдуур яригдаж байсан нь тухайн үедээ Монголын хувь заяаг түших, эх орныг минь хөгжүүлэх хамгийн зөв гарц байсан ч томоохон гүрнүүдийн нөлөөгөөр сарнисан. Монголыг Швейцарь шиг болгох бодлого яг л үүлэн чөлөөний наран адил үзэгдээд өнгөрсөн ч одоо хэр нь бид тэр нууц бодлогыг санаж явахад гэмгүй.

Дуулж хуурдаад, спорт хөөгөөд ёстой завгүй байгаа ард түмэнд энэ талаар яривал “Юун цэмбэ нэхэх, юун цахиур бууны сум” гэж шоолж мэдэх байх шүү. Одоо бүгдээрээ цэмбэ нэхье гэж байгаа юм биш ээ. Биднийг 300 гаруй жилийн өмнөөс л хүчирхэг байлгахгүй, хүчирхэгжүүлэхгүй, нэгдмэл болгохгүй гэсэн хөндлөнгийн бодлого хэрэгжсээр өнөөдрийг хүргэчихээд байна. Зэв гаргах төмөргүй болтлоо цөлмүүлчихсэн ард түмэнд ямар сайндаа дархчуул нь нэг ч хадаас орохгүйгээр босдог гэр урлаж өгч байх вэ дээ. Энэ талаар манай С.Удвал тэргүүтэй алдартай зохиолчдын зохиол бүтээлд тодорхой баримтууд үлдсэн байдаг. Монголчуудыг төмрөөс хол байлгах гэсэн гадны бодлого нь явсаар 2017 онд ч хэрэгжиж байна. Элдэв хувьсгал, сэхээтнүүдийг дарах хэлмэгдүүлэлт, дэлхийн дайн, нийгэмчлэх бодлого, хөрөнгөтнүүдийг устгах явуулга гээд өнгөрсөн зуунд монголчууд амар заяа үзээгүй. Ийм их үймээн самуун айдас дунд явж ирсэн хүмүүс юуных нь гангийн үйлдвэр барих тухай бодох вэ. НАХЯ-ны элдэв туршуулуудын нүдэнд өртчихгүй юмсан гэхдээ нормын хувцсаа өмсөөд нормтой ажлаа хийсээр л ирсэн. Бид одоо дуу хөгжим, найр наадам, спортод тавьдаг анхаарлаа арай өөр юм руу, эх орны бүтээн байгуулалт, ирээдүй рүү хандуулах цаг нь болчихоод байна. Монголыг дэлхийд данслах суу ухаантан, нээлт хийсэн эрдэмтэн, зохион бүтээсэн бүтээл гэж алга. Ийм байдалтай бид хэзээ болтол гадны нөлөөгөөрөө ажил, амьдралаа залгаад явах билээ. Гангийн үйлдвэр барих нөөц бололцоо, бааз нь байна. Барья гэвэл ирээд зөвлөөд туслаад өгчих улс орнууд Энэтхэгээс эхлээд байж л байна. Бид дахин үүлэн чөлөөний наран тусахыг хүлээгээд л бүжээд, барилдаад, дуулж хуурдаад байлтай биш. Одоо болно ш дээ. Бид өөрсдийн гэсэн технологи, бодлогоор улс орноо авч явж үйлдвэртэй бол үйлдвэртэй, ажилтай бол ажилтай байх хэрэгтэй. Хэдий болтол гадны хар технологийн туршилт, захиалгаар гар хоосон, гаднаас гуйранчилж суух вэ дээ. Бид өөрсдийгөө өөрсдийн хүслээрээ, Монгол хүний зан араншингаараа амьдарч байна гэж бодож байгаа бол тэр чинь том эндүүрэл шүү. Монголчууд гадны захиалгат, нарийн боловсруулсан технологийн дагуу л яваад байна.

Аливаа нэг улс орныг дарж авахад зэвсгээс илүү өөрөөр нь өөрийг нь устгуулах нь хамгийн шалгарсан бөгөөд ул мөргүй түүхээс арчдаг арга. Гэр орон сум суурин дахь бүх төмөр эдлэл хэрэгслийг нь өндөр үнээр худалдаж аваад оронд нь хув, хуванцар сав суулга бэлэглэдэг. Тэгээд эрхэлж байсан ажил төрлийг нь зогсоогоод эр, эмгүй бүгдэд нь үндэсний дээл хувцсыг нь өмсгөөд аялал жуулчлалаа хөгжүүлцгээ гэдэг уриалга дор “Та нар өв уламжлалаа хадгал. Соёлоо хамгаалцгаа” гээд тайзыг нь бэлдээд өгчихдөг. Тэгэхээр эмс хүүхнүүд, хүүхдүүд нь бүжээд л бүжиглээд л. Харин эрчүүд нь эр бяраа үзэж байгаа нь энэ гээд хоорондоо барилдаж ноцолдоод л байдаг. Урлаг, спорт хөөгөөд сэтгэл нь үргэлжийн догдлолтой байдаг завгүй байгаа улсын толгойд юуных нь даавуу нэхэж, бууны сумаа зэхэх тухай бодол орох вэ дээ. Тэгэн тэгсээр нэг л өглөө үгсийн сангаас нь төмөр, ган, буу, шийдэм гэдэг үгс арчигдана. Ийм жишээ бидний өмнөхөн далд байгаа даа.


Categories
мэдээ цаг-үе

Ө.Алтантунгалаг: Монгол хүн хог түүж амьдарч байгаад тэд үнэхээр эмзэглэж, сэтгэл нь өвддөг

Энэ сарын 20-нд хүүхэд асран хүмүүжүүлэх “Эрдэм төв”-д Өмнөдмонголчууд 18 сая төгрөг хандивласан билээ. Уг хандивыг гардуулан өгсөн “Тэнгэрлэг аян” төрийн бус байгууллагын тэргүүн Ө.Алтантунгалагтай ярилцлаа. Тэрбээр гэр оронгүй иргэдийн тухай ярихдаа “Монгол хүн арай ч ингэж амьдарч болохгүй ээ” хэмээн нулимс дуслуулаад л байх юм билээ.


-“Эрдэм төвд” олгосон 18 сая төгрөгөө хэрхэн цуглуулсан бэ. Энэ талаар яриагаа эхэлье?

-Өмнөдмонголд байгаа хүмүүстэйгээ нийлээд, “Эрдэм төв”-ийн халаалт засвар үйлчилгээ зэрэгт зориулж 18 сая төгрөгийн хандив цуглуулсан. “Эрдэм төв”-тэй хамтраад гурван жил болж байна. Багш нар нь хүүхдүүдээ яг л өөрийнхөө хүүхэд мэт хайрлаж, өсгөн хүмүүжүүлдэг. Нийтдээ 20 гаруй хүүхэдтэй, хүүхдүүд нь мөн төрсөн ах, эгч, дүүс шиг эв найрамдалтай. Үлгэр жишээ гэр бүл шиг сайхан хамт олон болохоор бид туслахдаа дуртай байдаг юм. Гэхдээ өмнө нь бид 10-аад асрамжийн газраар явж үзсэн. Зарим хүүхэд асрах төв хангамж сайтай, зарим тусламжийг голох хэмжээнд хүрсэн юм шиг байна лээ. Өмнө нь урдаас дулаан хувцас оруулж ирж тараахад “Эрдэм төв”-ийнхөн гололгүй авч байсан.

-Танайх зөвхөн монголд хандив тусламжийн үйл ажиллагаа явуулж байгаа юу. Өмнөдмонголд манайх шиг хүүхэд асрах төвүүд бий юу?

-Өмнөдмонголд үйл ажиллагаа ер явуулаагүй. Бараг шаардлага байхгүй. Асрамжийн газар байдаг ч хүүхэд байхгүй. Харин “Эрээн”-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэг асрамжийн газар байдаг. Өнчин тусламж хэрэгтэй хүүхэд “Эрээн” хотын хэмжээнд ганцхан бий. Тэр хүүхдэд маш олон байгууллага тусалдаг.

-Өнчин өрөөсөн хүүхдүүдийг хэн харж ханддаг юм бол?

-Ах дүүс нь аваад өсгөчихдөг юм шиг байна лээ.

-Та Улаанбаатарт анх 1992 онд ирсэн юм билээ. Анх ирэхэд ямар санагдаж байв?

-Би өөрөө сэтгүүлч мэргэжилтэй. Мэргэжлээрээ нэг л жил ажилласан. 1992 онд орчуулагч, бараа бүтээгдэхүүн зарахад жуулчлагч хийхээр орж ирсэн. Тэр үед Монголд бараа материал гэж ховор. Дэлгүүрийн лангуунууд хоосон байлаа. Гэхдээ хүмүүс нь их соёлтой байсан санагдаж байна. Тэр үед ч Монгол хүн гэдэг бол Өмнөдмонголчуудын зүрхнийх нь төв байсан. Багаасаа халхад ирэхийг хүсч мөрөөддөг байв. Анх ирэхэд маш гоё санагдсан, хамгийн эхлээд Сүхбаатарын талбай дээр очоод л мөргөж байлаа. Одоогийнхоос нэлээд өөр байсан шүү. Ямар ч байсан хүмүүс ил задгай ер хог хаядаггүй байлаа. Одоо болохоор хаа, хамаагүй хогоо хаячихдаг болчихсон байна. Арван жил Украинд амьдарчихаад, цаашид хаана хүүхдээ хүмүүжүүлж, сургах вэ гэж нөхөртэйгээ ярилцаад Монголд суурьшихаар шийдсэн юм. Хятадын 10 жилийн сургалт хэт хатуу, хүүхдийг автомат сурдаг хэрэгсэл шиг сургадаг болохоор Хятад яваагүй. Харин Монголд арай тааваараа сурах боломжтой, хүүхдийн хүмүүжилд анхаардаг, агаар салхинд гараад сайхан байдаг юм. Миний нөхөр Украин хүн. Бид Монголд танилцсан.

-Монголд арван жил амьдраад, буцаж явчихаад арван жилийн дараа ирэхэд Улаанбаатар ямар болсон байна?

-Маш өөр болсон байна. Хүн их, түгжрэл, утаа их, том том байшин барилга олон болжээ. Мөн иргэдийн амьжиргааны төвшин хэт ялгаатай. Нэг талдаа хөгжсөн мэт харагдаж байгаа боловч нэг хэсэг нь орхигдож, амьдралын түвшний ялгаа асар их болсон байна. Монголчуудын амьдрал уруудсан байна гэж хэлэх гээд байгаа юм. Тиймээс орхигдсон хэсэг рүү нь бие сэтгэл нүдний харц татагдаад, арай ч монголчууд ингэж амьдарч боломгүй санагдаад, захын хорооллын айлуудаар явж үзсэн.

-Яваад орохоор айлууд хэрхэн хандаж байв?

-Зарим нь зөвөөр ойлгодог ч зарим нь ойлгохгүй байсан. Тиймээс хорооны нийгмийн ажилтнуудад нь хандаад, судалгаатай нь танилцсан чинь орох орон, идэх хоолгүй гэр бүлүүд маш олон байсан. Сонгинохайрхан дүүргийн хоёр айл гэхэд олон нялх хүүхэдтэй, гэр нь энд тэндээ цоорчихсон, идэх хоолгүй, өмсөх хувцасгүй, тэр амьдарч байгаа гэр нь айлынх. Өвлийн хүйтэнд айл нь гэрээ авчих гээд байдаг. Тэгээд л шууд Өмнөдмонголчууддаа хандсан. Ийм айл байна, гэр авч өгөх хэрэгтэй байна гэж байгаа юм. Өмнөдмонголчууд монгол гэрт амьдардаг ч арай тийм ноорхой гэртэй айл гэж байдаггүй болохоор ихэд гайхацгааж, төр засаг нь юу хийдэг юм бэ гэж байсан. Ийм айл олон болохоор, дүүрэг хорооноос дэмжээд ч дийлдэггүй юм шиг байна лээ. Ингээд “Тэнгэрлэг аян” төрийн бус байгууллагаа байгуулаад, энэ хоёр айлыг гэртэй болгож, үйл ажиллагаагаа эхэлж байсан.

-Өмнөдмонголчуудын амьдрал хэр байгаа вэ. “Тэнгэрлэг монгол” аянд ямар хүмүүс нь хандив өгч байна?

-Манай аянд нэгдсэн хүмүүс бүгдээрээ борчууд, эмч, багш, энгийн иргэд, хар ажилчид ч байгаа. Тэд сарын цалингаасаа бага, багахан мөнгийг монголчуудад зориулж тогтмол хуримтлуулаад, төрийн бус байгууллагынхаа дансанд байршуулаад, тусладаг. Борчууд нь борчууддаа л тусалж байгаа юм. Монгол хүн хог түүж амьдарч байгаад тэд үнэхээр эмзэглэж, сэтгэл нь өвддөг. Өмнөдмонголд тохижилт үйлчилгээнд ажилладаг цөөхөн тооны өмнөд монгол хүн байдаг ч хог түүж амьдардаг хүн гэж байхгүй. Аав, ээж ах эгчийгээ тохижилт үйлчилгээний компанид ажиллуулвал нэгнийгээ загнана, монгол хүн хэзээ байтлаа хог цэвэрлэж амьдарч байсан юм. Яагаад тийм ажил хийлгэж байгаа юм гэдэг.

-Та хаана төрж өссөн хүн бэ?

-Сүхбаатар аймгийн цаахан талд байх Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуу, Алтан хил суманд төрж өссөн, би хөдөөний хүүхэд. Аав минь монголчуудад зориулж эмнэлэг барьсан, хоёр ч эмнэлгийг Өмнөдмонголд босгосон Өргөн гэж сайн эмч хүн байлаа. Бага байхаасаа бид монголчуудыг хайрлан, шүтдэг, халхуудыг маш өндрөөр үнэлж өссөн. Халхад очоод, Улаанбаатарыг үзчих юмсан, Сүхбаатарын талбай дээр ганц оччих юмсан гэж ярьцгаана. Монголоос хийсч ирсэн чихрийн цаасыг ч хайрлан, нандигнаж, хадгална. Сүхбаатарын талбай дээр гуталтайгаа гишгэвэл муухай болгочих байх гэж бодно. Монгол хүн бол бидний цус махны минь тасархай гэж мэдрэгдэнэ, монгол наадам үзэх сайхан, энэ тухай ярихаар уйлчих гээд байдаг юм.

-Таны төрж өссөн сум мал аж ахуйтай юу. Хэрхэн аж төрцгөөж байна вэ?

-Газар тариалан эрхэлдэг аймгууд бий. Гэхдээ Шилийн гол, Хөлөн буйр бол мал аж ахуй дагнасан байдаг. Өмнө нь мянгат малчид гэж олон, айлд идэш өгөхдөө хэд, арваар нь тасалж тууж өгдөг байсан. Сүүлийн үед төрийн шийдвэрээр суурин мал аж ахуйтай болчихсон байна лээ. Айл бүр өөрийн эзэмшлийн газар, торон хашаатай. Айлууд хэдэн малтай байхыг нь заачихсан. Жишээлбэл, нэг айлын малын тоо 100-гаас илүү гарвал торгуультай гэх мэтчилэн дүрэмтэй юм билээ. Өмнөдмонголын нэг хошуу гэдэг бол монголоор нэг аймаг гэсэн үг. Гэтэл хошуунд сургууль гэж байхгүй болсон, бүх сургуулийг татан буулгаад, зөвхөн төвдөө сургадаг болсон. Залуучууд, гоё байртай, том, том машин унаад явдаг боловч бүгд зээлтэй. Зээлнээс болоод амиа хорлох тохиолдол ч гарсан байна лээ. Гэхдээ Монголтой харьцуулахад амьдралын түвшин жигд боломжийн байдаг.

-Монголчууд та нарын туслах юмсан гэсэн сэтгэл, урмыг хугалах тохиолдол гарч байна уу?

-Бидний дунд хилийн зааг гэдэг том хана, хэрэм босчихсон. Төрсөн ах дүү хоёр 70 жил өөр, өөр газар амьдарчихаар чинь ойлголцохгүй зүйл гарна. Хэрэм хананы хоёр талд нь байгаа учраас бие, биенээ гомдоох үе байна шүү дээ. Гэхдээ ирээдүйд, бидний хүүхэд, хүүхдүүдийн хүүхдүүдийн үед бие биенээ илүү ойлгодог болох байх. Тийм зүйлийн эхлэлийг бид тавих учиртай.

-Өмнөдмонголчууд ямар дуу, хуур сонсож байна?

-Монгол хувцас их өмсөнө. Зохиолын дуунд илүү дуртай. С.Жавхланд их хайртай байдаг юм. Би ч бас хайртай. С.Жавхлан зөв бодолтой. Монголчууд яагаад монгол хувцсаа өмсдөггүй юм бол гэж бид их гайхдаг. Монголын мэдээ үзнэ, улстөр сонирхоно. Монгол тулгатны зуун эрхэм, Авьяаслаг монголчууд гээд гоё, гоё нэвтрүүлгүүдийг бүгдийг нь үздэг. Х.Баттулга Ерөнхийлөгч болсон юм чинь монголчуудынхаа амьдрал, амьжиргааг сайжруулах байх гэж Өмнөдмонголчууд итгэж байгаа юм билээ.

-Сайн дурын хандив өгөхөөр явахад манайхан яаж хүлээж авч байна вэ?

-Албан газруудаар орохоор та нарын цаад зорилго чинь юу юм. Үргэлж тусална гэж байхгүй. Газар авах гэж байгаа юм уу. Ямар ашиг харж байна. Барилга барих гээд байна уу гэдэг. Үнэндээ бидний цаад зорилго бол ахан дүүсийнхээ дунд үүссэн, сэтгэлийн хана хэрмийг л нураах шүү дээ. Цагаанчулуутын хогийн цэг орохоос айдаг болоод байгаа. Атаманууд нь хужаа нарын хоолыг идэхгүй хэмээн зодох гэж дайрч байсан.

-Өмнөдмонголчууд монголд ирж ажиллая, суръя гэхэд хэр саадтай байдаг вэ?

-Байнгын оршин суух эрхийг компанийн захиралд л олгодог юм билээ. Тиймээс хятадуудад ийм виз илүү олгогддог гэсэн. Өмнөдмонголчуудын визний асуудал маш хүнд байгаа.

-Танай төрийн бус байгууллагын цаашдын зорилго юу байна?

-Одоогоор бид орон гэргүйчүүдэд тогтмол хоол хийж өгч, дулаан хувцасладаг. Цаашид орон гэргүй хүмүүсийг үнэгүй усанд оруулчихдаг, хувцсыг угааж өгөөд, харуулын ажилд ч болсон оруулчихдаг болчих юмсан гэсэн бодолтой байгаа. Халхууд маань Өмнөдмонголчуудын энэ их сайхан цайлган сэтгэлийг битгий хөсөрдүүлээсэй гэж бодож байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Байнгын хорооны дарга нар тодорлоо

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар О.Содбилэг

2. Өргөдлийн байнгын хорооны даргаар М.Оюунчимэг

3. Нийгмийн бодлого, БСШУ-ны байнгын хорооны даргаар Ё.Баатарбилэг

4. Төсвийн байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэн

5. Хууль зүйн байнгын хорооны даргаар Ш.Раднаасэд

6. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар З.Лүндээжанцан

7. Эдийн засгийн байнгын хорооны даргаар Д.Дамба-Очир


Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын ерөнхий газрын дарга дэд хурандаа Майкл Б.Доршнерийг хүлээн авч уулзлаа

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Майкл Б.Доршнерийг шинээр томилогдсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа

Уулзалтаар хоёр тал Монгол Улс, АНУ хоорондын гамшгаас хамгаалах чиглэлийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах дасгал сургууль, туршлага солилцох үйл ажиллагааг улам өргөжүүлж, бүс нутгийн хэмжээний оролцоог нэмэгдүүлэх талаар ярилцсан.

Дэд хурандаа Майкл Б.Доршнер хоёр орны гамшгаас хамгаалах чиглэлийн цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд өөрийн зүгээс анхаарал хандуулан ажиллахаа мэдэгдлээ

Categories
мэдээ спорт

Төрөөс тамирчдад сар бүр олгодог цалин тэднийг спортоос хөндийрүүлж байна

2000 аад оны сүүл үеэр тамирчид маань Монгол Улсын спортын түүхэнд алтан үсгээр бичигдэж үлдэх олон амжилт гаргасан. 2008 оны Бээжингийн олимпийн наадамд жудо бөхийн -100-кг-ын жинд барилдсан Н.Түвшинбаяр Казахстаны Асахат Житкиевыг хожиж монгол хүн анх удаагаа олимпийн аварга болж ард түмнээ баярлуулсан. Энэ олимпийн наадмын баяр дээр баяр нэмж боксчин Э.Бадар-Ууган мөн л алтан медаль хүртсэн. Үүний дараахан 2009 онд Голландын Роттердам хотноо зохиогдсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс МУГТ Х.Цагаанбаатар алтан медаль зүүж Монголын жүдочдоос анхдагч нь болсон. Монголын тамирчдын гайхамшиг үүгээр ч төгссөнгүй. 2010 онд МУГТ П.Сэрдамба Боксын ДАШТ-аас алтан медаль хүртсэн.

Харамсалтай нь эдгээр “баатар”-уудаас маань өнөөдөр олимпийн аварга Н.Түвшинбаяр л дэвжээндээ үнэнчээр үлдэж амжилтаа ахиулахын төлөө хөдөлмөрлөж байна.

Олимпийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Бадар-Ууган 2008 оны олимпийн наадмаас хойш тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэг ч удаа оролцоогүй бөгөөд 2013 онд 29 настайдаа нурууны бэртлийн улмаас зодог тайлсан.

Бэртэл гэмтэл гэдэг бол тамирчин хүний нэг төрлийн өрсөлдөгч байдаг. Тиймээс улс эх орныхоо нэрийг нуруундаа үүрч буй Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчид энэ бүхнийг ялан дийлэх сэтгэлийн хаттай байх ёстой.

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган 2006 онд Европын цуврал тэмцээнүүд болох “Чехийн цом”, “Туркийн цом”-д оролцож явахдаа чихэндээ хүчтэй цохиулснаас болоод хэнгэрэг хагарсан байна. Улмаар гэмтэл нь аажмаар сэдэрч, ужгирсаар мэдрэлд буюу тэнцвэрийн эрхтэнд, цаашлаад нугасанд нь нөлөөлж, нурууны мэдрэлийн судсууд ч дарагдахад хүрчээ.

Энэхүү бэртлээ Э.Бадар-Ууган Герман улсад эмчлүүлэхэд мэргэжлийн эмч нар түүнийг “Хоёр жилийн хугацаанд гам барьж сайн эмчилгээ хийлгэх шаардлагатай. Энэ хугацаанд бэлтгэл хийж, тэмцээн уралдаанд оролцвол нуруу хөдлөх боломжгүй болох эрсдэлтэй. Гам сайн барьсан тохиолдолд эргээд спортдоо ороход асуудалгүй” гэж зөвлөсөн байдаг.

Үүний дараахан гавьяат “Ардын эрх” сонин болон NEWS.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Миний хувьд бүх зүйл дуусчихаагүй байгаа шүү дээ. Нас залуу байна. Зөвхөн энэ олимпод(2012) оролцох боломжгүй болсноороо намайг дэмжиж, надаас амжилт хүлээж байгаа ард түмнийхээ итгэлийг алдаж байгаа ч дараа дараагийн амжилтаараа түүнийгээ цайруулна даа л гэж бодож байна” гэж амласан. Харамсалтай тэрээр дахиж тулааны рингэндээ гарсангүй. Түүнтэй ижил хэмжээний бэртэл авсан Аргентин улсын эмэгтэй жүдоч Пауло Парето бэртлээ ялан дийлж спортдоо эргэн ирж, 2016 оны олимпийн наадамд алтан медаль хүртсэн юм. Пауло Парето Э.Бадар-Ууган 2008 онд олимпийн наадамд түрүүлж байхад мөнгөн медаль хүртэж байсан билээ.

Ид амжилт гаргах насандаа спортоо орхисон өөр нэг тамирчин бол олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга МУГТ П.Сэрдамба. Тэрээр 2012 онд Лондонгийн олимпийн наадамд оролцоод л 27 настайдаа зодог тайлсан.

Гавьяат тамирчин маань зодог тайлах болсон шалтгаанаа “Шинэ залуу, өсөх ирээдүйтэй тамирчдадаа зайгаа тавьж өгөхийг хүссэн” гэдгээр тайлбарласан. Гэсэн ч П.Сэрдамба гавьяатыг зодог тайлснаас хойш халааг нь аваад явах дэлхийн хэмжээний тамирчин одоогоор Монголд гарч ирээгүй л байна .

Олимп дэлхийн хэмжээнд өрсөлддөг туршлагатай тамирчид залуу тамирчдадаа үлгэр дуурайл болж тэднийг амжилтад хөтөлдөг. Залуу тамирчид дэлхийн хэмжээний тамирчнаас суралцаж , тэдний энд хүрэхийн тулд биеэ илүү дайчилдаг. Гэсэн ч МУГТ П.Сэрдамба залуу тамирчдадаа зайгаа тавьж өгөх нэрийдлээр спортоос хөндийрсөн.

МУГТ П.Сэрдамба, Э.Бадар-Ууган нартай нэг үед өрсөлдөж байсан Украйны тамирчин Василы Ломаченко, МУГТ У.Мөнх-Эрдэнэ нарын ширэн бээлийтнүүд 2012 оны олимпийн наадамд оролцож алт болон хүрэл медаль зүүсэн.

Энэ мэтчилэн манай шилдэг тамирчид харьцангүй эрт спортоос хөндийрч байгааг олимпийн наадам болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад сар бүр олгож буй цалинтай холбож тайлбарлах мэргэжилтнүүд олон. Энэ цалин нь тамирчдын ар гэр, нийгмийн байдалд сайнаар нөлөөлөх ч сарын гурав, дөрвөн сая төгрөг авч байгаа хүн хөлс гаргаж хөдөлмөрлөх сонирхол нь буурах магадлалтай юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 онд зарлиг гаргаж Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 3 сая, мөнгө бол 2, хүрэл бол 1 сая төгрөг, Дэлхийн аваргын алтан медалийн эзэнд 2 сая, мөнгө медальтанд 1, хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөг сар бүр олгохоор болсон.

Уг захирамж хэрэгжиж эхэлснээс хойш олимп болон ДАШТ-ний медаль хүртсэн тамирчид олон улсын тэмцээнд оролцох нь эрс цөөрч, ар араасаа зодог тайлах болсон. Зодог тайлсан тамирчдын жагсаалт дээр өгүүлсэн хоёр гавьяатаас Дэлхийн аваргын алт хүрэл медальт МУГТ Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, олимпийн наадмын мөнгөн медальт МУГТ хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, олимп болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт С.Ням-Очир нараар үргэлжилнэ.

Захирамжийн дагуу П.Сэрдамба 5.5 сая төгрөг, Э.Бадар-Ууган 5 сая, Х.Цагаанбаатар 4.5 сая төгрөгийн цалин сар бүр төрөөс авдаг аж.

Монгол Улсын хувьд олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчинд сар бүр цалин олгохоос гадна алтан медаль хүртвэл 120 сая, мөнгөн медаль хүртсэн тамирчинд 60 сая, хүрэл медаль хүртсэн тамирчинд 30 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн шагнал гардуулдаг журамтай.

Үүнээс үзэхэд олимпоос медаль хүртсэн тамирчинд олгодог нэг удаагийн шагналынх нь мөнгөн дүнг нэмээд, сар бүрийн цалинг зогсоовол тамирчид эрт зодог тайлах нь багасах магадлалтай юм. Мөн тухайн шагналын мөнгөн дүнг ахиж авахын тулд тамирчин илүү хөдөлмөрлөнө. Өөрөөр хэлбэл амжилт гаргах том хөшүүрэг болно. Харин сар бүр олгодог цалинг нас заагаад ахмад тамирчдадаа олгох боломжтой. Энэ тогтолцоо гадаадын олон оронд бий.

Монголын төр тамирчдадаа хангамж болгож 2012 оны олимпоос 2016 оны олимпийн мөчлөгт олон улсын тэмцээнд оролцоход нь зориулж 20 тэрбум орчим төгрөг төсөвлөсөн. Энэ нь өмнөх олимпийн наадмынхаас 4.5 тэрбумаар давсан ч тамирчдын амжилт нэг мөнгө, нэг хүрэл медалиар буурсан үзүүлэлттэй байна.

Энэ үзүүлэлтээс харахад тамирчдад сар бүр олгодог цалин тамирчдын амжилт ахиулахад түлхэц болоогүй харагдана.

Гадаадын улс орнуудын хувьд Сингапур хамгийн их буюу алтан медаль авсан тамирчин тус бүрийг нэг сая сингапур доллар эсвэр 746 мянган ам.доллароор шагнадаг ажээ. Мөн ОХУ, Франц олимпийн аварга тамирчдаа тус бүр 180 мянга, 135 мянга, 65 мянган ам.доллароор тус тус урамшуулдаг байна. Түүнчлэн БНХАУ олимпод түрүүлсэн тамирчнаа 31.4 мянган ам.доллароор шагнадаг бол АНУ 25 мянган ам.долларыг өгдөг аж.

О.ДАШНЯМ