Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2017.10.05) 10 цаг 27 минутад 60.5 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд хуралдааны эхэнд, Засгийн газар шинэчлэн байгуулагдаж байгаатай холбогдуулан 2017 оны есдүгээр сарын 29-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг буцаах тухай хүсэлт ирүүлснийг мэдэгдэв.
Засгийн газраас 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Олон улсын валютын сан, Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”, түүний эхний шатны үнэлгээг хийсэн Ажлын хэсэгтэй тохирсон хүрээнд болон Монгол Улсын 2017 оны төсвийн эхний найман сарын гүйцэтгэлд үндэслэн 2017 оны төсвийн тодотголын төслийг боловсрууллаа. Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогыг 501.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 6,537.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн зарлага ба цэвэр зээлийн дүнг 498.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 9,248.6 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдлыг -2,711.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний -9.9 хувьд хүргэж батлагдсанаас ДНБ-ий 0.5 хувиар сайжруулсныг онцлов.
Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнд:
1.Төсвийн давсан орлогоос 500 тэрбум хүртэл төгрөгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх чиглэлийн арга хэмжээ, түүний дотор сургууль, эмнэлэг, аймаг орон нутгийн засаг захиргааны барилгад засвар хийх, төлөгдөх ёстой өр төлбөрийг барагдуулах зэрэгт зарцуулах;
2.Давсан орлогын тодорхой хэсгийг хуримтлуулах, хуримтлалыг богино хугацаатай зээллэгийг бууруулах, өндөр өртөгтэй өрийг буцаан худалдан авах, мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэх;
3.Монгол Улсын 2017 оны төсөв батлагдсанаас хойш хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 онд бүх хүүхдэд олгох талаар гарсан Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 201 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх;
4.2017 оны зуны улиралд нийт нутгийн дийлэнх хэсэгт гандуу, гантай байсны улмаас газар тариалангийн салбарт ургац алдах, мөн бэлчээрийн гарц багатайгаас шалтгаалж мал өвөлжилт хүндэрч болзошгүй тул төв суурин газрын болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор орон нутгийн хэрэгцээ болон улсын нөөцөд өвс, тэжээл бэлтгэх, мөн дотоодын хэрэгцээнд дутагдах өвс, тэжээлийг импортлох, ирэх хаврын тариалалтад шаардлагатай үрийн нөөцийн 50 хүртэл хувийг нөөцлөх зэрэг арга хэмжээнд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх;
5.Мах бэлтгэл, үйлдвэрлэлийг дэмжих, өвөл болон хаврын улиралд махны эрэлт, нийлүүлэлтийн зохистой тэнцвэрийг хангах, үнийн тогтворжуулах зорилгоор мах бэлтгэх, нөөц бүрдүүлэх дотоодын аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн дутагдлыг нөхөх зориулалтаар авах зээлийн хүүгийн хөнгөлөлтөд төсвөөс дэмжлэг үзүүлэх;
6.Хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, эрүүл мэндийн даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад учирдаг санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор өндөр өртөгтэй эрүүл мэндийн мэс заслын тусламж үйлчилгээний санхүүжилт, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээний зардал болон шинээр ашиглалтад орж үйл ажиллагаа нь өргөжиж буй тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх;
7.Өмнөх онуудад үүссэн шүүхийн шийдвэрийн дагуу иргэд, аж ахуйн нэгжид төрөөс олгох нөхөн төлбөр, хохирлыг барагдуулахад шаардагдах хөрөнгийг төсөвт тусгах;
8.Төсвийн зарцуулалтын үр ашигтай байдлыг хангах зарчимд нийцүүлэн төсвийн 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл, салбарын яамдаас бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан Төсвийн ерөнхийлөн захирагч нарын батлагдсан төсөвт зарим зохицуулалтын шинжтэй өөрчлөлтийг төсвийн тодотголд тусгах;
9.Өмнөх жилүүдэд гэрээ нь хийгдсэн “Барих-Шилжүүлэх” концессийн төслийн эргэн төлөлт, хөнгөлөлттэй зээлийн Монголын талын хариуцах санхүүжилт болон шүүхийн шийдвэртэй болон бусад өр төлбөрүүдийг барагдуулах зэрэг болно гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа онцлов.
Уг хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүний үүрэг гүйцэтгэгчид, холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагууд оролцлж УИХ-ын гишүүдийн асуултад хариулав.
Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Чинзориг, Л.Энх-Амгалан, Х.Баделхан, Д.Тогтохсүрэн, З.Нарантуяа, Д.Эрдэнэбат, Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, Н.Амарзаяа, Д.Цогтбаатар, Ц.Цогзолмаа, Ж.Бат-Эрдэнэ, Г.Занданшатар, М.Билэгт, Б.Баттөмөр, Н.Учрал, Б.Дэлгэрсайхан нарын гишүүд асуулт асуулаа.
Гишүүдийн хувьд төрийн албан хаагчид, тэр дундаа багш, эмч нарын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй эмийн хүртээмж, санхүүжилтийг сайжруулах, өвөлжилтийн бэлэн байдлыг хэрхэн хангаж байгааг илүүтэй тодруулж байлаа. Мөн жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, татварын орлого тасалдуулсан салбарыг нэрлэх, “Барих-Шилжүүлэх” концессийн төслийн эргэн төлөлт, хөнгөлөлттэй зээлийн Монголын талын хариуцах санхүүжилт болон шүүхийн шийдвэртэй болон бусад өр төлбөрүүдийг барагдуулах талаар лавлав.
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн хариултдаа, Засгийн газар ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд 2017-2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй байхаар тохирсон. Өнөөдөр эдийн засаг хүнд, өрийн дарамттай байна. Нэг л удаа төрийн албан хаагчдын цалинг нэмбэл энэ нь дараагийн жилүүдэд тогтмол зардал болж хувирдаг. Засгийн газрын зүгээс эдийн засгаа сайжруулсны дараа төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэхээр шийдсэн. Харин ОУВС-гийн зүгээс зорилтод хэсэг буюу амьдралын түвшин доогуур орлоготой өрхөд олгодог хүнсний талоныхоо төсвийг нэмэх шаардлагатай гэж зөвлөсөн. Үүний дагуу төсвийн тодотгол хийхдээ зорилтод хэсгийн төсвийн зардлыг нэмсэн. Мөн энэ жил өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул хадлан тэжээл бэлтгэхэд аймгуудад 4.5 тэрбум, улсын нөөцөд 4,4 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамд өвөлжилт хүндэрсэн үед өвс, тэжээл импортолоход зориулж 40 тэрбум нийт 49,9 тэрбум төгрөгийг урсгал зардалд суулгасан гэж байлаа.
Мөн тэрбээр, Татварын орлогыг тасалдуулсан салбар байхгүй, салбар бүр төсвийн орлогоо нэмэгдүүлсэн. Ялангуяа аж ахуй нэгжийн орлогын албан татварын орлого хамгийн өндөр хувиар давсан нь бизнесийн салбар сэргэж байгааг харуулж байна. Төсвийн тодотголд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлд 72.6 тэрбум төгрөг нэмж суулгасан. “Барих-Шилжүүлэх” концессийн төслийн эргэн төлөлт, хөнгөлөлттэй зээлийн Монголын талын хариуцах санхүүжилт болон шүүхийн шийдвэртэй болон бусад өр төлбөрүүдийг барагдуулахад 139 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ нь өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлсэн концессийн төслүүдийн өр төлбөр юм. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед “Барих-Шилжүүлэх” концессийн төслийг шинээр байгуулахыг таслан зогсоосон. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн тухайд 2017 оныг дуустал эх үүсвэр дээр 105 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Ирэх 2018 онд хүүхдийн мөнгө өгөх эсэх нь дараагийн Засгийн газрын асуудал байх хэмээн нэмж хариулав.
Харин Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч, А. Цогцэцэг хариултдаа, Бид эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, урамшууллыг 30 хувиар нэмэхэд 54.5 тэрбум шаардлагатай байгааг тооцоолсон. Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын санд 400 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүний зохих хэсгийг салбарын ажилчдад урамшуулал олгоход зориулан үлдээх боломж бий. Мөн улсын төсөвт 54.5 тэрбум төгрөг суулгах боломж бий гэсэн гаргалаа харагддаг. Энэ асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай бид хамтран ажиллаж байна гэж байв.
Мөн хөнгөлөлттэй эмийн хүртээмж, санхүүжилтийг сайжруулах асуудалд бид бодлогын шийдвэрээ гаргасан. Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байгаа төсвийн хүрээнд хөнгөлөлттэй эмийн хүртээмжийн асуудал хамаардаг. Тиймээс хүртээмжийг сайжруулахын тулд Эрүүл мэндийн даатгалын сангийн үлдэгдлээс хөнгөлөлттэй эмийн төсвийг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй эмийн жагсаалтад эмийг женерек нэршлээр нь бичих, эмийн үнийн 80, 40, 30 гэсэн хөнгөлөлтийг нэгдсэн хувьд шилжүүлэн шийдвэрлүүлэхээр Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн хуралд оруулахаар зэхэж байна. Мөн жор бичихдээ 7 хоногийн хугацаа заадаг нь эмийн хүртээмжтэй холбоотой учраас энэ асуудлыг шийдвэрлэхээр судалж байгаа хэмээн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг нэмж хариуллаа.
Улсын Их Хурлын чуулганы хуралдаан түр завсарлаж, үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.