Categories
мэдээ нийгэм

Чингэлтэйн гүүрийг засварлаж дуусчээ

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 18у/м гүүрийг засварлах ажлыг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлж, 09 дүгээр сарын 20-ны өдөр бүрэн засварлаж, дууслаа. Уг ажлын хүрээнд 28,42м2 дам нурууны эвдрэл засварлан, тємєрбетон гүүрийн алгаслыг єргєн 14 ширхэг резинэн тулах хэсгийг сольж, нийт 28м2 тємєрбетон гүүрийн хийц элементүүдийг ган хийцээр хүчитгэж засварласан байна.

Мөн 254,8м2 дам нурууг Sika CarboDur, Sika wrap зэрэг материалаар хүчитгэж, 16,7м3 бетон зуурмагаар тулгуурыг хүчитгэн хана цутган, 9,6м3 бетоноор диафрагм, 0,65м3 бетоноор дугуй цохигч тус тус цутгасан. Түүнчлэн 1,5м3 бетон зуурмагаар ригелийг хүчитгэж, 77у/м бэхэлгээний анкер, дам нурууны хавиргыг засварлаж, хүчитгэснээс гадна гүүрний 48,2у/м хайс хашлагыг будаж, 85,6м2 дугуй цохигч, парапет будах ажлыг тус тус гүйцэтгэлээ “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

“Аз хур”-ын хямдралд атаархсандаа үнэ өсгөсөн гэж гүтгэжээ

Image result for Аз хурӨнгөрсөн сарын 29-нөөс “Аз хур” номын их дэлгүүр “72 цаг 72 хувийн хямдрал” гэх номын хямдрал зарласан билээ. Үүнийг сонссон уншигчид хямдралтай үнээр дуртай номоо худалдаж авахаар өнгөрсөн гурав хоног тус дэлгүүрийн үүдэнд урт цуваа үүсгэн дугаарласан. Нийгмийн халамж олгогдож эхлэх үеэр банкуудын өмнө ингэж, хонон өнжин зогсдог монголчуудын хувьд энэхүү үзэгдэл нь цаасан хэвлэл хоцрогдох болоогүйг тод харуулсан билээ. Номд дугаарлаж байгаа иргэд ч ёс зүйтэй, дэг журамтайгаар дугаарлан хүн бүр багадаа л 3-5 ном худалдаж авч байгаа нь ажиглагдсан. Өнөөгийн залуучууд ном уншихаа больсон хэмээн хүн бүр л шүүмжилдэг. Тэгвэл тэдгээр дугаарлан зогсч буй иргэдийн дийлэнх нь залуучууд, оюутнууд байсан гэдгийг тус номын дэлгүүрийн худалдагч нар хэлж байсан. Иймд “Аз Хур”-ын 72 цаг 72 хувийн хямдрал бол өнөөгийн нийгэмд гарч ирсэн эерэг дүр зураг байлаа хэмээх нэртэй зохиолчид, нийгэм судлаач нар үзэж буй. “Аз хур”-ын хямдралын үеэр номууд 10-70 хувь хямдарсан бөгөөд тэр тусмаа “Аз хур” номын дэлгүүрийн харьяа “Болор судар” хэвлэлийн үйлдвэрийн номнууд түлхүү хямдарсан байсан. Өөр нэг зүйл нь шөнийн клуб, хоолны газрууд л нийслэлд 24 цагаар ажилладаг байсан бол “Аз хур” номын дэлгүүр хямдрал зарласан өдрүүдэд 24 цагийн турш ажиллаж байв. Номын нөөц өмнөх жилүүдийг бодвол өндөр түвшинд бэлтгэгдсэн гэдгийг ч эх сурвалжууд дурдсан. Гэтэл хямдрал эхлээд удаагүй байтал нэгэн таагүй мэдээлэл цахим орчинд түгсэн юм. Энэ нь номын ард үнийн шошго бүхий наалтыг хуулахад ардаас нь хямдарсан үнээс бага үнийн дүн гарч ирсэн нь худалдан авагчдыг, номонд шимтэгсдийн сэтгэлийг гонсойлгож орхив.Тодруулбал, төрийн шагналт зохиолч Д.Төрбатын “Хаан төрийн нууц” хэмээх номын ард үнийн шошго бүхий наалт дээр 15000 төгрөг хэмээн бичсэн ч үүнийг хуулахад уг номын үндсэн үнэ 11000 төгрөг байна. Энэ мэт Жек Лондоны зохиол “Цагаан соёот”, “100 баримт” хэмээх номын ард үнийн шошго давхарлан наажээ. Мөн л нийтлэгдсэн үнээсээ илүү үнэтэй байв. Энэ асуудлаар өглөөнөөс орой хүртэл ном авах гэж дугаарласан уншигчид “Аз хур” номын дэлгүүрт гомдолтой байгаагаа мэдэгдсээр буй юм. Мөн фэйсбүүк, твиттерээр тус дэлгүүрийн талаарх уншигчдын гомдол тасрахгүй байгаа билээ.

Үнэхээр “Аз хур”-ынхан хямдрал нэрээр уншигчдаас мөнгө шулсан уу. Энэ хэргийн талаар тус дэлгүүрийн менежер Р.Эрдэнэболдоос тодрууллаа.


“АЗ ХУР” НОМЫН ДЭЛГҮҮРИЙН МЕНЕЖЕР Р.ЭРДЭНЭБОЛД: ҮНИЙН БУРУУ ХЭВЛЭЛТЭД УНШИГЧДААСАА УУЧЛАЛ ГУЙЖ, БУРУУТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙНА

-Сүүлийн үед цахим сүлжээгээр “Аз хур” дэлгүүр худлаа хямдрал зарлаж, уншигчдыг хуурч байна гэсэн мэдээлэл, гомдол их түгэж байна. энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-“Хаан төрийн нууц”, “Цагаан соёот”, “100 баримт”, “Хар судар” хэмээх дөрвөн номон дээр хэвлэлтийн алдаа гарчихсан юм. Бид 72 цагийн 72 хувийн хямдралын хүрээнд олон төрлийн номыг их тоогоор хэвлэж байгаа. Ингэж хэвлэхэд эх бэлтгэлийн алдаа гарах тохиолдол бий. Эдгээр дөрвөн номны эх бэлтгэлийн ажил дээр алдаа гарсан нь үнэн. Ингээд хямдрал зарлахаасаа өмнө алдаатай хэвлэгдсэн номнуудын ард цагаан үнийн наалт наасан. Түүнээс биш ямар нэгэн байдлаар эдгээр номнуудын үнийг өсгөөд хямдруулсан үйлдэл хийгээгүй юм аа.

-Номын ард наасан үнэ ямар учиртай юм бэ?

-Энэ үнэ бол хямдрал зарлахаас өмнө манай номын дэлгүүрийн захирлын баталгаажуулсан үнэ. Бусад номын дэлгүүрт худалдаалагдаж буй эдгээр ном ч гэсэн цагаан наалттай байгаа. “Хаан төрийн нууц”, “Цагаан соёот” хэмээх номуудыг бид таван жилийн өмнөөс уншигчдынхаа гарт хүргэж байсан. Яг л тэр үеийнхээ үнээр өнөө жил хэвлэгдчихсэн л хэрэг.

-Үнэхээр буруу хэвлэсэн бол хямдрал зарлахаас өмнө уншигчдад мэдээлэх ёстой байсан талаар иргэд их ярьж байна?

-Тийм ээ. Энэ бол бидний алдаа. Уншигчдадаа бүх бурууг чихэхгүй ээ. Хүмүүсийн хардах нь зөв. Гэхдээ бид ашиг олох гэж ийм үйлдэл хийгээгүй шүү гэдгийг л уншигчид ойлгох хэрэгтэй. Энэ бол хэвлэлтийн алдаа байсан. Олон жилийн өмнөх эхээрээ хэвлэсэн нь бидний алдаа. Энэ талаар хямдралын үеэр уншигчдадаа хандаж өөрийн цахим сүлжээгээр тодорхой тайлбаруудыг удаа дараа гаргасан.

-Танайхыг ШӨХТГ-аас шалгаж байгаа гэсэн. Шалгалтын хариу хэзээ гарах бол?

-Иргэдээс ирсэн гомдлыг хүлээн авч, түүнд нь үнэн зөв, баримттай хариу өгөхийн тулд ШӨХТГ-т хандан шалгуулж байгаа. Энэхүү байгууллага эцсийн байдлаар ямар нэгэн дүгнэлт гаргаж, ойрын хугацаанд албан ёсоор иргэдэд мэдээлэл өгөх болно. 72 цагийн турш 72 хувийн хямдралтай худалдааг бид амжилттай зохион байгуулсан. Гэвч хэд хэдэн номуудад хэвлэлтийн алдаа гарлаа. Уг үнийн буруу хэвлэлтэд уншигчдаасаа албан ёсоор уучлалт хүсэж, буруутай үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрч байна” гэв. Мөн бусад номын дэлгүүрүүдэд эдгээр ном ямар үнэтэй байгааг сурвалжилсан юм. Бидний хамгийн эхэнд орсон “Интерном” номын дэлгүүрт “Хаан төрийн нууц” хэмээх ном 15000 төгрөгөөр худалдаалагдаж байв. Мөн энэ номын ард үнийн шошго бүхий цагаан цаас наасан байлаа. Худалдагчаас нь энэ талаар тодруулахад “Энэ ном хэдэн жилийн өмнө 11000 төгрөг гэж байсан. Харин өдгөө цаасны үнэ өссөн, бусад хэрэгцээт материалын үнэ өссөнтэй холбоотойгоор уг номын үнэ өссөн. Харин “Аз хур”-ын хямдралаас болж, үнээ нэмсэн зүйл байхгүй” гэв. Харин “Мир” номын дэлгүүрт “Хаан төрийн нууц” 15 мянга, “Цагаан соёот” 12900, “100 баримт” 6900 төгрөгөөр борлуулагдаж байсан юм. Мөн энэхүү номын дэлгүүрийн худалдагч “Үнэ өссөнтэй холбоотойгоор номуудын ард цагаан цаас наадаг. Үүнийг манай уншигчид болоод зохиолчид бүгд л мэднэ. Монголчууд номын цагаан буян дэлгэрэг хэмээн хэлдэг. Ном худалдаалдаг дэлгүүрүүдийн зовлонг бид мэднэ. Тийм болохоор уншигчдаасаа хэдэн төгрөг салгах гэж элдэв арга заль хэрэглэхгүй гэдгийг нь мэдэж байна. Энэ бол хэсэг бүлэг хүмүүс тус байгууллагын нэр төрийг унагаах гэсэн үйлдэл” гэлээ.

Э.МӨНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Бат-Үүл: Монголын улстөрчид алтаа булаацалдсан дээрэмчид шиг болчихлоо

УИХ-ын гишүүн асан, Нийслэлийн Засаг дарга асан улстөрч Э.Бат-Үүлтэй ярилцлаа. Тэрбээр одоо НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа билээ.


-Ярилцлагаа нийслэлээс эхэлье. Нийслэлийн иргэдийн хурал даргагүй удлаа?

-МАН олонх байж өөрсдөө иргэдийн хурлаа гацаачихсан олонхынхоо үүргийг биелүүлж чадахгүй байгаад бид нар үнэхээр их санаа зовниж байна. Уг нь сөрөг хүчин чинь нөгөө талаа муу байвал болж дээ гэсэн байдлаар ханддаг биз дээ. Гэтэл бид анхны хуралдаанаас эхлэн “Та нар битгий хагараач ээ. Хоорондоо учраа олооч. Олонх шиг байгаач. Ажлаа хийгээч ээ. Энэ чинь цаанаа олон сөрөг үр дагавартай шүү” гэдгийг сануулж байгаа. Эрх баригч олонхынхоо төлөө аргаа барсандаа л сөрөг хүчин нь санаа зовнихдоо туллаа. Өвлийн хүйтний улирал руу шилжиж байгаа өнөө цагт хотын ажил их, ид өрнөдөг. Тэгэхээр ажлыг нь хийлгэмээр байх юм.

-Өнгөрсөн даваа гаригт НИТХ дахь ан-ын бүлгийн төлөөлөгчид МАН-ын төлөөлөгчдөө орж ирэхийг гурван цаг хүлээж суусан. НИТХ-ын даргад нэр дэвшсэн хоёр хүнийхээ асуудлыг МАН яг юунаас болоод шийдэж чадахгүй байгаа юм бол?

-Би доторх нарийн учир шалтгааныг нь мэдэхгүй юм. Гэхдээ эрх мэдлээ булаацалдаж байна гэдгийг нь сайн мэдэж байна. Хурлын даргын албан тушаалыг л булаацалдаж байна.

-Шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүтцээ шинээр эмхлэн бүрдүүлэх гэж байна. Засаг төрийн энэ үйл явцыг та юу гэж харав. Тантай ярилцах хүсэлт тавьснаас хойш хэсэг хугацааны дараа хоёулаа ярилцаж бас таарлаа л даа?

-Би үнэндээ хөдөө амьдарч байгаа. Ном бичиж байна, мал аж ахуй эрхэлж байна. Хөдөө гараад фермэр болчихоор цаг зав муутай болчихдог юм байна. Ялангуяа намрын үед хадлан тэжээл, малын хэвтэр бууц бэлдэхээс эхлээд маш завгүй байна. Сая би Иргэдийн хуралд суух гэж хот руу орж ирлээ. Төвөөр яг юу болоод байгаа талаар нарийн мэдээлэл байхгүй байна.

-Эрх барьж байгаа намын гэхээсээ илүү улс доторх бужигнааныг та анзаарах завгүй байна гэж байхгүй биз ээ?

-Засгийн газрыг огцруулах үндэслэлд сонгуулийн хариуцлагын тухай асуудлыг хөндсөн байна лээ. Хэрэв сонгуулийн дүнд хариуцлага тооцож байгаа бол намын даргадаа улс төрийн хариуцлагыг нь тооцох ёстой баймаар юм. Иргэдийн хурлын дарга Ц.Сандуй “Би сонгуулийн хариуцлагаа хүлээж байна” гэж хэлээд огцорсон. Ц.Сандуйгийн үгийг ойлгоход их төвөгтэй байсан л даа. Би уг нь гайгүй ажилласан юм, урьд нь ялуулсан. Тэгснээ одоо сонгуулийн хариуцлага хүлээж байна ч гэх шиг. Нэг бол нөхдөө муулаад ч байгаа юм шиг. Хэрвээ Ц.Сандуй нь улс төрийн хариуцлагаа хүлээдэг юм бол М.Энхболд нь яагаад УИХ-ын даргаасаа огцрохгүй байгаа юм бол. Доороо хариуцлагаа нэг нь хүлээчихдэг, гэтэл дээрээ яагаад хариуцлагаа хүлээдэггүй юм. Ардын намын дүрэм нь дотроо ийм ялгаатай үйлчилдэг юм уу. Нийслэлийн намын хурал нь ч хуралдаагүй, намын даргаа ч Ц.Сандуй өгөөгүй байгаа. Тэгсэн хэрнээ Иргэдийн хурлын даргын ажлаа өгөөд явчихлаа. Ингэж улс төрийн хариуцлага нь яагаад төрийн хариуцлага болж хувирч байгаад гайхаж байна. Сонгуульд ялагдсан явдалд төр ямар буруутай юм бэ. Улс төрд их ойрхон явдаг би хүртэл сүүлдээ яг юу болоод байгаа учрыг нь ч олохоо байлаа.

ОДООГИЙН ТӨР ЭРҮҮГИЙН ШИНЖТЭЙ БОЛСОН

-Ан төрийн эрхийг барьж байх үед Засгийн газар огцорсон. МАн бүр олонх болоод Засгийн газраа сая огцруулчихлаа. Ер нь Засгийн газрыг огцруулснаар дээрддэг юм байна уу?

-Н.Алтанхуягийг огцруулсан асуудал саяны Засгийн газрыг огцруулж буй асуудлаас шал өөр тусдаа асуудал. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан гол учир нь яг улс төрийн хариуцлагыг хөндсөн. Намын дарга нь дур мэдээд өөр намын дарга дээр гүйж очоод сонгуулийн тойрог хуваарилсан гэрээ байгуулчихсан байсан. Намын дүрмээрээ намын даргын эрх мэдлийн хүрээнд шийдчих асуудал биш. Гэтэл намын дарга дур мэдэн сонгуулийн тохироо хийсэн учраас намын даргатайгаа хариуцлага тооцсон юм. Одооны Засгийн газар огцорсон, огцруулсан шалтгааны учрыг үнэндээ ойлгохгүй байгаа л даа. Хэрвээ сонгуулийн хариуцлага тооцож байгаа юм бол яагаад М.Энхболдтойгоо хариуцлагыг тооцохгүй байгаа юм. М.Энхболд Ц.Сандуй шиг ажлаа яагаад өгөхгүй байгаа юм. Улс төрийн хариуцлага хүлээхийн оронд яагаад шууд Засгийн газрын асуудал болоод явчихав. Үүнэээс үзэхэд улс төрийн энэ хүчинд бодлого энэ тэр гэж огт алга. Дүрэм журам, зарчим ёс зүйн тухай ойлголт ч алга. Зөвхөн хоорондоо засгийн эрх мэдлийг л булаацалдаж байгаа дүр төрх харагдах юм.

-Засгийн газрыг огцруулсан хүмүүсийн гол тайлбар бол хулгайч нөхдүүдээсээ салж, шударга ёсыг тогтоохын тулд гэдгийг хэлдэг шүү дээ?

-Өнөөдрийн улс төрийн хүчин өөр хоорондоо намынхаа эрх мэдлийг булаацалдахгүй мөртлөө төрийн эрх мэдлийг булаацалдаад байх юм. Зүй нь намын эрх мэдэл нь солигдоод төрд ажиллаж байгаа боловсон хүчиндээ халаа сэлгээ хийвэл нэгэнт эрх барьж байгаа намын хувьд эрх мэдэл нь бий. Би нэг жишээ яръя. Япон гэх мэт гадны улс оронд Засгийн газар нь солигдож л байдаг. Засгийн газар нь солигдлоо гээд Японтой хамтарч ажилладаг олон улсын байгууллага, бусад улс орнуудын хөрөнгө оруулагч, хамтрагсад нь сандарч тэвдэх зүйл гардаггүй. Яагаад вэ гэвэл Японы төр нь улс төрөөсөө тусдаа байнгын ажиллагаатай байдаг. Төр нь ажилладгаараа ажиллаж гэрээ хэлцэл явдгаараа л явна. Зөвхөн хүн л солигдож ирнэ. Төр нь өөрөө ийм дархлаатай. Японы төрд улс төрийн бодлого өөрчлөгдөнө гэхээрээ урт хугацааны, дунд хугацааны хөгжлийн жанжин шугаманд нь өөрчлөлт орж байгаа болохоос биш төрийн нэгэнт хийгдсэн ажил өөрчлөгддөггүй. Манайд болохоороо сонгуулийн үеэр төрийн байгууллагаар ороход ажилладаг хүн бараг байдаггүй. Одоо Засгийн газар солигдож байна. Яамдуудаар яваад үзээрэй. Ажиллаж байгаа хүн байхгүй. Тэгээд одоо байгаа дарга нь солигдчихвол дараагийн дарга нь шал өөр юм яриад эхэлнэ. Ингэж улс төрийн халаа сэлгээ, албан тушаал нь төрийгөө нэрвээд хаячихаж байна. Энэ нь төр нь улс төрөөсөө шууд хараат байгааг харуулж байна. Уг нь сонгуулиар чинь зөвхөн улс төрийн албан тушаал л солигдох ёстой биз дээ. Цаашдаа төрийн албаны дархлаагаа бэхжүүлэхгүй бол улсын хөгжлийн бодлого гэж үгүй болно.

-Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй замыг туулж байна. Өнгөрсөн хугацаанд АНийм хүнд байдалд хүргэсэн талаар энэ засаг, төрийнхөн байнга хэлж ярьдаг. Та бүхэн үнэхээр хүнд нөхцөлд оруулчихсан юм уу?

-УИХ-ын 2016 оны сонгууль болсны дараагаар улс орноороо тоглох эмгэнэлтэй үйл ажиллагаа эхэлсэн л дээ. Шинэ эрх баригчид гарч ирэнгүүтээ бид нарыг муулах гээд улсаа дампуурчихсан гээд зарлачихсан. АН-ыг харлуулах гэж байгаад улсаа харлуулчихсан. Сүүлдээ бүр хувийн компанийн өрийг улсын өр болгож яриад, өр авлагуудыг чинь хольж хутган уран сайхны хэтрүүлэг халилтай явж өгсөн. Эрх баригчид сонгогдож гарч ирчихээд ийм зүйл хийчихсэн. Бид дуугүй л байсан. Яагаад вэ гэвэл иргэдийн сонголтыг хүндэтгэж, гарч ирсэн улс төрийн хүчин нь урдах ажлаа хийгээсэй, саад болохгүй юм шүү гэсэн байр сууринаас хандсан. Та бүхэн хотын дарга С.Батболдын 2016 оны хотын төсвийг үзээрэй. Намайг хотын дарга байх үед батлуулж байсан төсвөөс даруй 90 орчим тэрбум төгрөгөөр илүү байгаа. Намайг чинь чухам дампууруулчихсан байна гээд л гүжирдэх мөртлөө сонин нь миний үеийн төсвөөс хамаагүй илүү төсөвтэй, илүү мөнгөтэй байгаад байгаа байхгүй юу. Тэгсэн хэрнээ ажил хийх гэхээр болж өгдөггүй гээд урдахаа муулаад суугаад байдаг.

-Улс төрийн тулхтай намыг тогтвортой ажиллана гэж үзээд ард түмэн сонголтоо МАн-д өгсөн. Тэгтэл өнөөдөр дотроо ингэж хагарал, тэмцэлтэй байгаад нь сэтгэл дундуур байна. Юунаас үүдэлтэйгээр МАн урьд байгаагүйгээрээ эвдрэлцэв. эсвэл намын шинэчлэл нь энэ юм уу?

-Одоо энэ намд учраад байгаа хямрал ганц энэ намынх биш. Манай нам болон бусад аль ч намыг хамарсан өвчин. Өнөөдөр улс төр нь эрх мэдлийн наймаа, булаацалдаан өрнөдөг зах болчихсон. Улс төрийн бараа бүтээгдэхүүнийг наймаалцдаг зах болчихсон. Юун тэр нийгмийн амьдрал, хүмүүсийн амьдралыг бодох, улс орныг хөгжүүлдэг хөтөлбөрөө ч ярихаа байсан. Бие биенийгээ тагнаж чагнадаг тухай л ярьдаг болсон. Бие биенийгээ алж хядах тухай ярьдаг болсон. Одоогийн төр эрүүгийн шинжтэй төр болсон. Төрийн хүмүүс байж нэгнээ гэр орноор чинь хүйс тэмтэрнэ шүү гэж хэлсээр байтал нэг нөхөр “Сүртэй ш дээ. Эр улсын яриа” гэж донгосч байгааг хараад хэлэх үг алга. Ер нь эрүүгийн гэмт хэрэгтэн, шоронд л нэгнээ алах, хядах тухай ярьдаг биз дээ. Хэзээ байхдаа Монголд улстөрчид нь Төрийн ордонд ингэж ярьдаг болчихсон юм бэ. Хэрэв гадны улс оронд ингэж ярьсан бол улс даяараа донсолж цунами болно доо. Манай нийгэмд үүнийг юу ч болоогүй мэтээр хүлээн авч байна шүү дээ. Энэ бол аюул. Ийм муу зүйлд эхлээд дасч эхэлдэг юм. Дараа нь тэр муу зүйл хэрэгжиж эхэлнэ гэсэн үг. Энэ нь бид эрүүжсэн төрд дасч эхэлж байгаагийн илэрхийлэл. Цаашдаа ямар ч нам хүчин ялгаагүй дотроо хямарна. Эрх мэдлээ хоорондоо булаацалдана. Өнөөгийн Монголын улс төр жинхэнэ утгаараа улс төр биш байхаа больсноос үүдэлтэй. Улс төр ерөөсөө л хувь хүмүүсийн бизнес болоод хувирчихсан. Бизнесээ булаацалдаад бие биенийгээ занаж байна шүү дээ. Монголын улстөрчид алтаа булаацалдсан дээрэмчид шиг болчихлоо. Их хурлын гишүүн гэсэн гоё нэртэй сэтэр зүүчихсэн болохоос сэтгэлгээ, соёл нь эрүүгийн хэмжээний сэтгэлгээ соёлтой байгаа хэрэг. Уг нь улстөрчид чинь нийгэмдээ үлгэр загвар байх ёстой улсууд байхгүй юу. Цаашдаа ална тална гэх мэт ийм буруу үлгэрлэлийг хүүхдүүд маань дууриагаад эхэлвэл яах уу. Миний гол харлаж байна.

Улстөрчид нь нийгМээ хөгжүүлэх чАдвАргүй бОлчихООрОО эргээд нийгэМдээ гАй бОлдОг юмбайна

-Аль ч нам ялгаа алга гэж төрд итгэх итгэл үнэхээр буурч байгаа. энэ нь юутай холбоотой вэ. хэрвээ эрх мэдэл албан тушаал олдохын цагт танай АНч ялгаагүй байх уу?

-Ер нь АН эрх барьж байх үедээ ч ингэж хагарч л байсан. Үнэндээ улстөрчид оролцоогүй газарт амьдрал хэвийн явж, урагшаа хөгжиж байна. Улстөрчид давхиж очиж буй болгонд бөөн тулалдаан, аюул болж байна. Улстөрчид нь нийгмээ хөгжүүлэх чадваргүй болчихоороо эргээд нийгэмдээ гай болдог юм байна. Магадгүй манай улс улстөрчидгүй байсансан бол илүү хөгжчих гээд байна. Гэхдээ хичнээн өмхий гэлээ гээд хүн хошногоо ухаад аваад хаячихаж чаддаггүйтэй адил заавал сонголт хийх л болдог. Ер нь явж явж 2004 онд “62-ын бүлэг” бий болсноор улс төрийн ийм балиар тогтолцоо бий болох эхлэл нь тавигдсан.

-“62-ын бүлэг”-гээр МАнАн бүлэглэлийн эх суурь тавигдсан гэгддэг бил үү. тухайн үед юу болж байлаа?

-2004 онд манай намын нэг хэсэг нөхөд Ардын намын хэсэг нөхөдтэй нийлж нэг бүлэг болсон. Би долоон нөхдийнхөө хамт “Та нар яаж ингэж чадаж байна аа. Та нар социалист, коммунизмынхантай яаж нийлж чадаж байна аа” гэж хашгираад л үлдэж байлаа. Тэрнээс хойш МАНАН-гийн улс төр бий болсон. Монголын улс төр үнэт зүйл, бодлогогүй болсон. Зөвхөн эрх ашгийн төр болсон. Эрх мэдлээ арилжиж наймаалцдаг байсан бол одоо шууд дээрэм тонуул хийдэг болжээ. Удахгүй алаан хядаан болохыг үгүйсгэхгүй юм. Эхнээсээ заналхийлээд эхэлчихлээ.

-Ан-ын шинэчлэл хэр сайн явагдаж байна вэ?

-Уг нь манай намын шинэчлэл их амжилттай хэрэгжсэн. Гэхдээ сүүлийн үед нам дотор захиргаадалтын байдал тогтоох гэж байна уу даа гэж зарим нэг зүйлсээс нь харагдах боллоо. Хэрэв ингэвэл энэ нь аюултай. Урьд нь Н.Энхбаяр Ардын намыг удирдаж байхдаа дарангуйлах гэж оролдоод, энэ намын хямрал тэндээс эхэлсэн.

-Таны цаашдын улс төрийн карьерыг чинь сонирхъё. Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаад нэрээ татчихсан. Таны улс төрийн нүүдэл чинь Ерөнхийлөгч үү, эсвэл таны байнга ярьдаг хот уу?

-Би хотынхоо ажлыг л хийх сонирхолтой. Миний төрсөн хот, өссөн гэр орон минь. Гоё сайхан болгомоор байна. Түүнээс өөр албан тушаалыг үнэхээр сонирхдоггүй. Одоо ч гэр хорооллыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд дээр анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Монгол Улсын хөгжил рүү хөтлөх гол машин бол гэр хороолол юм. Улс хөгжье гэж байгаа бол гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй байна. Энэ тухай эрх баригчид болон өөрсдийнхдөө ойлгуулах гээд үзээд л байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэний тухайд намын нөхдүүд маань намайг Ерөнхийлөгчид та л нэр дэвших ёстой гээд шахаад байсан. Манай Р.Амаржаргал ярилцлагадаа “Бат-Үүл Ерөнхийлөгчид нэр дэвших ёстой. Түүний нэр дэвших эсэхийг Бат-Үүл дангаараа шийдэх ч асуудал биш. Намын асуудал” гэж хэлсэн байдаг. Намын VII их хуралд орон нутгаас ирсэн намын гишүүд Та л дэвших ёстой гэцгээгээд байсан. Нэгэнт намын нөхдүүд намайг нэр дэвших ёстой гэсэн шахалтыг өгөөд байсан болохоор би нэр дэвшдэг баатар болохгүй юу даа. Тэгээд нэр дэвшихээр болчихоод харсан чинь намайг нэр дэвшүүлээд явуулах сонирхол ер нь алга аа. Фракцууд маань тохирчихжээ. Тэгээд би нэрээ дэвшүүлээгүй татсан юм. Эргээд харахад бүгд мэхт мэхэндээ болсон л доо. Харамсмаар юм болсон. Намайг нэр дэвшүүлэхгүй гэж зүтгэсэн улсууд одоо амаа барьж байгааг би мэднэ. Гэхдээ би нэр дэвшээгүйдээ баярладаг. Яагаад вэ гэвэл би эрүүжсэн улс төрд оролцмооргүй байна. Би чинь боловсролтой, ард түмнийгээ олон сайн зүйлд дагуулсан үйл ажиллагаанд тэргүүлж оролцож байсан. Хэр баргийн олдохооргүй сайхан үйл хэрэгт оролцсон хувьтай хүн. Тийм байж өөрийгөө доош нь хийж байгаа юм шиг эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн дайны хөгийн улс төрд би оролцохгүй. Оролцоогүйдээ эргээд баярласан.


Categories
мэдээ цаг-үе

СУУ БИЛЭГТНИЙ ӨЛГИЙ: Чадраабалын Лодойдамба зохиолчийн халуун голомт Хантайширын тэмдэглэл (II)

Түрүүч нь №207(5774) дугаарт

Ч.Лодойдамба хань, үр хүүхдүүдийн хамт

Жаран долоон он буюу эдүгээгээс хагас зуун жилийн тэртээх намар хайрт ижийнхээ аарц шахдаг ногоон алаг чулууг олчихоод “Энэ миний төрсөн гэрийн буурь мөн” хэмээн нүдэндээ нулимстай зогсож байсан их зохиолчийн хүй цөглөсөн бууцанд ирлээ. Хичнээн мянган жилийн нар, салхинд алгадуулаа бол гэж бодогдох Алтайнх нь хүрэн улаан хад чулуугаар суурь хийж сүндэрлүүлсэн Лодойдамба зохиолчийн гэрэлт хөшөөг Хантайширынх нь салхи илбэн байна. “Монгол хүн гэж хэлэгдэхийн тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой” гэх зүрхнийх нь бичээсийг бичиглэсэн аавынхаа хөшөөг хоёр охин нь намрын тунгалаг наран илбэн байнам. Цэл залуухнаараа яваад өгчихсөн аавыгаа санан санан байгаа нь илт. Яг л энгэрээд нь тэмүүлж, дал мөрөнд нь эрхлэн зүүгдэж байсан шигээ энхрий дулаахан сэтгэлээр, элбэрэл үрийн хайраар нүүр дүүрэн нулимстай хөшөөг нь илбэж харагдана.

Цогт хун тайжийн Хулан бүсгүйн дүрээр мөнхөрсөн Монгол Улсын ардын жүжигчин Чимэдийн Долгорсүрэн тэртээ наян долоон онд ханийнхаа далан насны ойгоор энд иржээ. Төрсөн бууцнаас нь гуулин хусуур олсноо бэлгэшээж, голомт залгасан ганц хүү Галбадрахынхаа гэргийд “Манай голомтыг тэгш авч яваарай” хэмээн ерөөсөн нь чихнээ сонсдох шиг. Янчилын амны энэ бууцнаас хадаг дэвсэж байгаад хүүхдүүдийнхээ тоогоор жижиг цагаан чулуу түүсэн нь, тунгалаг Тамирын голоос мөн л хүүхдүүдийнхээ тоогоор чулуу авч байсан нь нүднээ үзэгдэх шиг.

Аймгийн төвөөс зүүн хойш ердөө есхөн километр яваад Сүхийн хоолой, түүнээс хэдхэн саахалтын цаана Ондилын цагаан дэрс салхинд ганхана. Тэгээд л Далангийн нурууны бэлд, уулнаас эх авсан хөндийн энгэр ээвэр газарт намаржаа бууц нь халуу дүүгих Янчилын ам буюу их зохиолчийн төрсөн бууц тосоод авдаг юм билээ. Монголын сонгодог зохиолчийн төрсөн бууцнаа, 100 жилийнх нь өндөр ойгоор, их утга зохиолын дархан цэц зохиолчидтой дөрөө харшуулан ирж, намрын нарлаг өдөр их Алтайгаа халиан яваа минь хувь заяа юм даа гэж эрхгүй бодогдож байв.

Чадраабал гуайнх Сүхийн хоолойгоос ардын хувьсгал ялсан тэрхүү он жилүүд буюу хорин нэгэн онд нүүсэн юм гэдэг. Үндсэндээ Лодойдамба гуайг дөрөвхөн настай байхад нь нүүжээ. Богдын хүрээг бараадан одоогийн Жанчивлангийн рашааны тийшээ ирж нутагласан тухай баримт сэлт байна. Чадраабал гуайг “Засагт ханы хөх харчууд хэцүү” гэх өнөө алдарт томьёоллын гол эзэн гэдгийг хошуу ноёнтойгоо сөргөөлцөөд нутгаасаа нүүсэн, алдарт Дамбийжааг явгалж явсан зэрэг олон ээдрээтэй түүх гэрчилнэ. “Манай аав залуу наснаасаа мал маллахын хамт, өртөө улааны алба залгуулж, жин тээж олон газар явж, юм үзсэн хүн байв. Ингэж явахдаа элдэв зүйлтэй тохиолдож янз бүрийн хүнтэй уулзаж учирч байжээ. Ухаантай хүнийг нэн их хүндэлдэг сэн. Лу жанжин гүн гэдэг хүний тухай сүслэн биширч ярихыг нь олонтаа сонссон. Одоо бодоход арванесдүгээр зууны яруу найрагч Лувсандондов байсан бололтой. Хэрэв аавыгаа мөнх юм шиг санаж мунхаглаж байгаагүйсэн бол энэ гайхамшигт яруу найрагчийн тухай нэлээд хэрэгтэй зүйл сонсох байж гэж харамсдаг юм. Манай аав боловсролгүй ч гэсэн их мэдлэгтэй хүн байсан. Аав минь өөрийгөө үргэлж голж “Надад өөдтэй явсан цаг байхгүй” гээд яриагаа эхэлнэ.

Зүүн гараас Лодойдамба зохиолчийн охин УГЗ Л.Насанбат, эрдэмтэн зохиолч Д.Урианхай, СГЗ яруу найрагч Х.Чилаажав, “Лодойдамба сан”-гийн Удирдах зөвлөлийн дарга СГЗ Б.Галаарид. Их зохиолчийн гэр музейд. Говь-Алтай аймаг.

Гучин таван оны өвөл багадаа үерхэж явсан Гунгаа гэж нөхрөө нутгаасаа ирэхэд тун баярлаж бага залуугийнхаа тухай баахан хуучиллаа. Тэдний ярианаас ширтэй хүнийг тавьсан, хоёр тэмээтэй бадарчинг явгалсан тухай яриа сэтгэлд үлдсэн байна. Аав арваад настай байхдаа урьд өдөр нь шахаж байж мөргөлдүүлээд орхисон сарлагийн хоёр бухаа үзэхээр явж байтал нэг хонхорт боогоод тавьчихсан эсгий шиг юм байж гэнэ. Ойртоод очтол ширлүүлчихсэн хүн хэвтэж байжээ. Тэгэхээр нь буцаж хариад хувцас, идэх уух юм авчирч өгөөд ширнээс нь салгажээ. Энэ тухайгаа “Түрүү засгийн үед хэнд ч яриагүй юм. Тэр хүн “Эр хүний замын хүзүү урт. Эргэж нэг уулзаж болно, дүү минь. Хүнд хэлж болдоггүй юм шүү гэж билээ” хэмээн ярьж байсан. Үүнийг сонсоод Гунгаа гуай “Дуламсүрэн тайж та нар, хоёр тэмээтийг яаж явгалсан гэлээ” гэхэд, тиймээ хө, эр хүнийг явгалсан нь эвгүй юм болсон шүү. Уг нь учраа хэлээд явсан бол яах вэ. Аль тэр зэргийн юм болохыг хэлэх вэ. Тэр Дамбийжаа сайн морийг минь шалж гуйж авчихаад жудаггүй нохой үнийг нь өгөлгүй босоод явчихсан юм. Залуугийн хар гай юм даа, зэвүү хүрээд Дуламсүрэнтэй хоёулаа сураг гарган хөөж очоод явгалж орхисон юм гэж гэмшингүй ярьж билээ. Бодвол Дамбийжааг явгалсандаа бус эр хүнийг явгалсандаа гэмшсэн байх. Хожим нь Дамбийжаа хүч чадалтай болсон үедээ Засагт ханы хүрээнд ирмэгц аавыг сураглаж олж авчрахыг тушаадаг байсан гэдэг. Аав түүнийг ирснийг дуулаад хөтөлгөө морьтой зугтдаг байж. Энэ явдал нутаг орноо орхин гарах шалтгаан болсон юм билээ” гэж Лодойдамба гуайн охин дүү Цэндсүрэн өгүүлснийг үзлээ.

Мөн “Лодойн аав Засаг хантай таарахгүй заргалдаж нутгаасаа цагаачлан Богдын хүрээнд ирсэн юм гэнэ лээ” хэмээн Долгорсүрэн гуайн дурсамжийг санав. Тэгэхээр хошуу ноёнтойгоо заргалдаж эцэстээ байх суухын аргагүй болон Засаг ханы нутаг Тайшир хан, Тарлан хайрхнаасаа цагаачилж Луу гүний хошуунд ирж буй “Тунгалаг Тамир”-ын Эрдэнийн дүр Лодойдамба гуайн аавынх нь бодит дүр юм байна. Бадарч тахарт ширлүүлэн Тамирын усанд хэвтэж байхад нь баян Итгэлтийн Хонгор хүү таарч амийг нь авардаг Цахиур Төмөрийн явдалтай ч аав нь холбоотой ажээ. Үүнийг Лодойдамба гуайн өөрийнх нь үг ч нотолдог юм. Тухайлбал, “Хоёр зууны завсар болсон явдлыг би багаасаа сонссон. Түүнийг миний эцэг ярьж өгсөн. “Тунгалаг Тамир”-ын Төмөр, Эрдэнэ хоёрын явдал, мөн болж буй үйл явдлыг эцэг минь надад ярьж өгсөн” хэмээн жаран дөрвөн онд Мишигийн Цэдэндорждоо Лодой гуай хуучилж байжээ.

Нэрт зохиолчийг төрүүлсэн ижий нь Лувсангомбын Цэрэндэжид гэж Хэнтий аймгийн Биндэр сумын хуучнаар бол Цэцэнхан аймгийн хүн байжээ. Биндэрийн “Сэрүүн булаг”-ийнх нь гэж бодохоор буриад хүн байсан магад. “Ээж маань үйлэнд уран. Жигтэйхэн сайхан дуулна. Ялангуяа “Дөрвөн цаг” уртын дууг тун чиг аятайхан дуулна. Лимбэ муугүй үлээдэг байсан. Ээжийнх гэж бүдүүвтэр бор шаргал хулсан лимбэ, их ах Сэнгэдоржийнх гэж цайвар шарга өнгийн нарийн лимбэ байдаг сан. Ээж минь дэгжин сайхан хувцаслахын зэрэгцээ бүсгүй хүний хувцасны шинэ загвар хүртэл гаргаж “Хүрээний сайхан Дэжид” нэртэй явсан” хэмээн хожим хүү нь дурсчээ. Богд хааны их бага хоёр хатан Сэцэн ханаас тодорсон байдаг шиг “Засагт ханы хөх эр” болох Чадраабал Сэцэн ханаас эхнэр авч аугаа их Лодойдамба хорвоод мэндэлсэн түүх ийм буюу.

Дөчин гурван онд тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын коммунист намын дээд сургуульд суралцаж ирээд Монгол ардын хувьсгалт намын Төв хорооны суртлын хэлтэст лектороор ажиллаж эхэлсэн байдаг. Төрийн ажлын зэрэгцээ Монголын Улсын их сургуульд болон намын сургуульд түүх, гүн ухааны хичээлийг зааж байсан. Манай сэхээтэн, төр нийгэм, урлаг соёлын бүхий л зүтгэлтнүүд “Лодой багш” гэж хүндэтгэн дээдэлдгийн учир энэ. Тэр тухайгаа дараагийн цувралд тодорхой өгүүлнэ. Харин эл удаа Долгорсүрэн гуай Лодойдамба гуай хоёрын хайр дурлалын тухай товч өгүүлэхийг хүссэн юм. “Сайхан хайр байдаг юм, олдвол алдаж болохгүй” гэж “Гэрээслэл” хайрын өгүүллэгтээ бичсэн нь Лодойдамба гуайн ханьдаа зориулсан үг юм. Итгэлт баян ардын жүжигчин Аюурзанын Очирбат гуай “Тийм мундаг зохиолчийг хүүхнүүд зүгээр байлгаагүй л байх. Тийм сайхан хүүхнийг харцуул зүгээр явуулахгүй л байх. Гэхдээ энэ хоёр бүх насаараа ханилсан нь гайхамшиг” гэж дуу алдсан удаатай. Тэр хоёрын хайрын түүх, учрал нь үнэндээ сонин сайхан.

“Дөчин гурван оны зун Ленин клубийн гадна талд сайхан бүжгийн тавцан зассанаар тэнд залуус бүжиглэдэг болов. Манай театрынхан үргэлж тоглолттой тул бүжигт очих завгүй. Хааяа зав зай гарвал бүжигт очих хүсэл төрнө. Нэг өдөр амралтаараа би Цагааны Цэгмид, Цэнд хоёрыг дагуулж Ленин клубийн бүжигт очсон чинь нөгөө Лодойдамба маань шар костюмтай, өндөр гэж жигтэйхэн ганган залуу харагдана. Тэр орой надтай туж бүжиглэж, гэрт минь хүргэж өгч билээ. Бид хоёр юу ч яриагүй. Гэвч сэтгэлдээ урьд сургуульд хамт сурч байсан хийгээд захиа өгөлцөн ичиж байснаа сайн санацгаасан нь мэдээж. Би түүнээс хойш Ленин клубийн бүжгэнд очих тун дуртай болов” гэж ханийнх нь гэгээн дурсамж хөвөрнө. Энэхүү нандин дурсамжийн учгийг тайлах дуртгалын хэлхээг сонирхуулахад, Долгорсүрэн гуай багадаа Хэнтий аймгийн сургуульд аавыгаа дагаж очин сурч байжээ. Ингээд гучин дөрвөн онд Улаанбаатар хотноо ирж, нийслэлийн үлгэр жишээ дунд сургууль буюу одоогийн нэгдүгээр сургуульд орсон байна. Тэнд нэгэн насных нь хань Лодойдамба нь сурч байв гэнэ.

“Манай сургуульд “гурвын нэг” гэж сурлага сайтай хүүхдүүдтэй тэргүүний анги байсан. Гурвын нэгийн эрэгтэй хүүхдүүд манай ангийн охидод захиа бичиж хожим том болоод “айл гэр болъё” гэж гэрээ байгуулдаг байв. Лодойдамба бусад хүүхдүүдийн адил “Хоёулаа сургуулиа төгсөж том болоод гэр бүл болъё, би чамд хайртай, гэрээ байгуулъя” гэж надад захидал бичээд манай ангийн Пэлжээгээр дамжуулж өгсөн юм. Тэгээд Лодойдамба захиа бичсэндээ ичээд миний нүүрийг харж чаддаггүй зугтаадаг боллоо. Би ч бас ичээд нүүрийг нь харж чадахгүй. Намайг хариу захиа бичиж амжаагүй байтал Лодойдамба сургуулиа онц дүнтэй төгсөөд Монгол рабфак гэж Улаан-Үүдэд байсан дунд сургуульд суралцахаар явчихсан” гэж гэрэлт хонгор насных нь дурдатгалд бий. Хүмүүний амьдрал хичнээн утга учиртайг эрхэм хоёр уран бүтээлчийн хайр дурлал, жам ёс гэрчлэх шиг болдог юм.

“Лодойдамба бид хоёр нэгэндээ их л ойр байсан болохоос биш, Ванган, Чимид хоёр шиг ч юм уу, Ц.Мөнх, Д.Мягмар хоёр шиг дотно сайхан үерхэж явсангүй. Би

Лодойдамбыг хотын Залуучуудын соёлын ордонд анх харсан юм. Тэр билльярд тоглох дуртай боловч яг тэр цагийн том билльярдчин түүнийг тоодоггүй байлаа.Сэрүүн хүйтэн орчихсон цагаар бор шар тэрлэгтэй, малгайгүй, чихээ үе үе барьчихсан Лодойдамба хүмүүсийг тойрон гүйгээд, шалан дээр унасан шааригийг нь түүж өгөөд л, тоглож буй хүмүүс түр амсхийвэл саваагий нь шүүрч билльярдын шааруудыг хатгачаад л бужигнуулж байсныг нь санаж байна. Нэг сонсох нь ээ, Лодойдамба Бөмбөгөр ногоон театрын гавьяат жүжигчин Долгорсүрэнтэй гэр бүл болох гэнэ. Аав Чадраабал гуай, хүүгээ тэр лусын дагина шиг сайхан бүсгүйтэй гэр бүл болгохгүй ээ. Миний салан задгай хүү, тэр гавьяат жүжигчнийг гутаана, гомдооно гээд тэр хоёрын дундуур зүтгэлж байна гэж дуулдах.

Гоо сайхан гэдэг урлаг судлалын энэ нэг салбар ухагдахуун ойлголтыг манайд оруулж ирж, хамгийн анх дурдан тайлбарласан хүн нь Лодойдамба байлаа. 1952-1953 онд хотын намын хорооны дэргэд Марксизм-Ленинизмын оройн их сургууль байгууллаа. Тэр их сургуулийг зохиолчдоос С.Дашдэндэв, Г.Жамсранжав бид гурав суралцаж төгссөн” гэж Монгол Улсын ардын уран зохиолч Бөхийн Бааст гуайн дурсамжид байдаг. Лодойдамба гуайтай ойр явж уран бүтээлийн зовлон жаргалаа хуваалцан, омог төгөлдөр амьдарч, асч бадарч явахыг нь яг дэргэдээс нь үзсэн хүмүүсийн нэгэн бол эдүгээ зуун насны босго дөхөж яваа буянт буурал Бөхийн Бааст гуай юм.

Тэрээр “Лодой нэг удаа “Чи миний ажил дээр хүрээд ирэхгүй юу” гэв.Би яваад очлоо. Мань хүн өнөөх л их цаасан уулынхаа цаана сууж байна. Ажлын ширээнийх нь өмнө том дугуй ширээ байна. Тэр ширээн дээр монгол, орос сонин сэтгүүл овоолоостой. Сурагчийн арван хоёр цаастай дэвтрийг дундуур нь нугалж ураад гонзгойдуу цаас болгосноо гаргаж ирээд урьд уншсан зохиолоо үргэлжлүүлэн шинээр бичсэн хэсгээ уншина. Яагаад шинээр гэж байгаа юм бэ гэвэл бичиж байгаа тэр зохиолоо, ажил дээр нь амсхийх жаахан цаг гарвал л үргэлжлүүлэн бичсэн байдаг.Тэрхүү шинэ хэсгээ уншиж өгч байгаа нь тэр. Би олон таван үг хэлдэггүй. Лодойдамба уншиж дуусахаар “За за болж байна. Бичээд бай л…” гэдэгсэн. Тэр үед Ч.Лодойдамба нэг л том зохиол бичээд байгаа нь ойлгогдож байснаас биш “Тунгалаг Тамир” гэдэг том роман бичиж байгаа нь мэдэгддэггүй байлаа” хэмээн наашаа ч үгүй цаашаа ч үгүй бодит үнэнийг өгүүлнэм буюу.

Лодойдамба гуайнхаа бахдам бүтээл, сайхан он цаг, сайхан ханийнх нь тухай төрсөн бууцанд нь ийнхүү бодмоглоод үд дунд хүртэл зохиолч нөхөд нь шуугилдлаа. Шүлэг найргийн дээжээсээ уншин гэрэлт хөшөөнөөс нь адислаж, их Алтайнхаа нар салхиар нэвчтэл үнсүүлээд Тайшир сум руу хөдөлсөөн.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

В.Удвал: Нууцын зэрэгтэй мэдээлэл болон мэдээлэл авах эрх хоёрын хоорондох зөрчлийг багасгах шаардлагатай байна

Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр өчигдөр тохиосон билээ. Энэ өдрийг тохиолдуулан НҮБ-ын байранд “IPDCtalks: Mongo­lia” чуулганыг Монголд анх удаа зохион байгууллаа. Чуулганд 15 сэтгүүлч болон иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлөн 15 хүн “Тогтвортой хөгжлийн зорилт” сэдвийн хүрээнд хэд хэдэн чиглэлээр илтгэл тавьсан юм. Энэ үеэр мэдээллийн ил тод байдал, мэдээлэл олж авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан В.Удвалтай ярилцлаа.


-Мэдээллийн ил тод байдал болон мэдээлэл авах эрхийн тухай хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрчээ. Хуулийн хэрэгжилт ямар байна вэ?

-Энэ хууль батлагдсан нь хүний мэдэх эрхийг баталгаажуулахад том түлхэц болсон. Гэвч энэ хуулийг тууштай мөрдөхгүй, бодлогоо дандаа өөрчилж байдгаас болоод хуулийн хэрэгжилт тийм ч сайн биш байна. Тухайлбал, мэдээлэл авах эрхийн тухай хуулиар зохицуулагдаж байгууллагын төсвийн асуудал шилэн дансны хууль руу шилжсэн. Үүнээс болоод хуулийн хэрэгжилтэд тодорхойгүй байдал үүссэн. 2011 онд батлагдсанаас хойш төрийн бус байгууллагууд энэ хуулийн хэрэгжилтийг хангуулж, нээлттэй ил тод байдлыг дэмжих, хүний мэдэх эрхийн хэрэгжилтийг хангах талаар нэлээд ажлыг зохион байгуулж байна. 2014 оноос “Ил тод байдлыг дэмжих иргэний нийгмийн түншлэл”-ийг хүртэл бий болгоод ажиллаж байна.

-Мэдээлэл авах эрх нь зөрчигдсөн хэмээн гомдол мэдүүлсэн иргэн танд хандаж байсан тохиолдол бий юу?

-Надад хандсан тохиолдол байхгүй. Тэр талаар судалгаа хийгээгүй болохоор сайн мэдэхгүй юм. Манайхан мэдэх эрхийнхээ талаар түгээмэл сайн ойлголттой болоогүй учраас хангалттай мэдлэг мэдээлэлгүй байдаг, миний мэдэх эрхийг ингэж зөрчиж байна гэсэн иргэдийн гомдол одоогоор бага байгаа гэж бодож байна. Мэдэх эрх бол хүний амьд явах эрх, үзэл бодолтой байх эрхтэй адил хэмжээнд байх үндсэн эрхийн нэг. Хэрвээ мэдэх эрх нь зөрчигдсөн иргэн байвал миний үндсэн эрх зөрчигдөж байна гээд Хүний эрхийн үндэсний комисст хандах ёстой. Хуулийн байгууллагуудад ч хандаж болно. Үүгээр ч зогсохгүй шүүхээр эрхээ сэргээлгэх боломжтой. Иргэн хүн биш мэргэжлийн сэтгүүлчид энэ чиглэлээр мэдээлэл авч чадахгүй байна гэдэг бол манайд энэ тухай ойлголт хэр зэрэг байгааг харуулж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөг тодорхойлсон бөгөөд түүний 17-д “Төр, түүний байгуулагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэсэн байдаг. Иймээс иргэд маань мэдэх эрхийнхээ төлөө ухамсартайгаар ажиллах ёстой болоод байна.

-Иргэд мэдээлэл хомс, мэдэх эрхийн талаар хангалттай ойлголтгүй байдаг. Үүнийг мэдүүлэх үүрэг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бий. Гэтэл сэтгүүлчид өнөөдөр мэдээлэл олж авч чадахгүй байх асуудалтай тулгарсаар байна?

-Монгол Улс мэдээллийг нууцлах тогтолцоонд олон жил явсан. Үүнээсээ салж чадахгүй байна. Төрийн байгууллагууд иргэдийг ч, сэтгүүлчийг ч нууцын зэрэглэлд ороогүй бүх төрлийн мэдээллээр хангах ёстой. Мөн төрийн албан хаагчид иргэн болон сэтгүүлчдэд өгөх ёстой мэдээллийг өгөөгүй тохиолдолд хариуцлага хүлээх зохицуулалт ч байгаа. Өөрөөр хэлбэл мэдээлэл өгөхөөс татгалзсан тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн дагуу шаардах эрхтэй. Иргэн, сэтгүүлч аль аль нь авах ёстой мэдээллээ авч чадаагүй бол тухайн захиргааны байгууллагыг шүүхэд өгөх бүрэн боломжтой байх ёстой. Зөрчлийн тухай хуульд мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг зөрчвөл ямар хариуцлага байх ёстойг тусгаагүй харагдсан.

-Манай сонины хувьд саяхан Авлигатай тэмцэх газрын даргаас цаг үеийн асуудлаар ярилцлага авах гэж хэд хэдэн удаа хүсэлт хүргүүлсэн боловч зөвшөөрөл авч чадаагүй юм. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

-Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулинд байгууллага ямар мэдээллийг ил тод байлгах юм бэ гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа. Үүнд: байгууллагын үндсэн зорилго, зорилт, чиг үүрэг, нийгэмд хийж байгаа ажил, төсвийн зохицуулалт, боловсон хүчний бодлого зэргийг мэдээлэх ёстой. Авлигатай тэмцэх газрын хувьд ямар мэдээллийг нууц мэдээлэл гэж үзэж буйгаа тодорхой болгох хэрэгтэй.

-Төрийн албан хаагчид мэдээлэл өгөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авдаг юм бэ?

-Байгууллагын, хувь хүний, төрийн нууцын тухай хуулиуд бий. Иргэд болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл чөлөөтэй мэдээлэл авах эрхтэй. Гэхдээ өнөөдөр эдгээр нууц болон түгээмэл мэдээлэл авах эрх хоёрын хоорон дахь зөрчилдөөнийг аль болох багасгах шаардлага тулгарч байна. Бүр цаашилбал үндэсний аюулгүй байдалтай холбоотой, нууцын зэрэглэлд байгаа мэдээллээс бусдыг ил тод болгох ёстой. Нийтэд хамаарах бүх асуудлаар чөлөөтэй мэдээлэл авах, бүр шаардах эрх бидэнд бий.

-Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдрийг тохиолдуулж өнөөдөр НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилтын талаар хэлэлцэж байна. Энэ талаарх мэдээллийг хүргэхгүй юу?

-Хүний мэдэх эрх гэдэг нь заяагдмал эрх юм. Гэтэл өнөөдөр иргэд дэлхий дахинд бий болоод байгаа тогтвортой хөгжлийн зорилтуудын талаар хангалттай мэдээлэлгүй байна. Тэдний эрүүл мэндийг дэмжих, тэдэнд чанартай боловсрол олгох, ядуурлыг устгах, тэгш эрхийг бий болгох талаар хүмүүс мэдээлэл, мэдлэггүй байгаа учраас өөрийнхөө эрхийг хэрэгжүүлж чадахгүй. Мэдэхгүй учраас хэрэгжихгүй. Тийм болохоор өнөөдөр энэ сэдвүүдээр хэлэлцэж байгаа нь чухал ач холбогдолтой юм.

-Тодорхой жишээн дээр тайлбарлаад өгөхгүй юу?

-Тогтвортой хөгжлийн зорилтод багтдаг ядуурлыг устгах талаар эхний илтгэл тавигдлаа. Сүүлийн жилүүдэд манай улсад ядуурлыг бууруулах мянга гаруй төсөл хөтөлбөр хэрэгжсэн боловч хөрсөн дээрээ бууж иргэдэд хүрч чадаагүй байна. Энэ бол иргэд энэ талаар ямар ч мэдлэг мэдээлэлгүй байдагтай холбоотой. Үүнээс гадна эдгээр төсөл хөтөлбөрийг хэрхэн яаж хэрэгжүүлэх зөв гаргалгааг гаргаж чадахгүй байгаатай холбоотой болов уу. Мөн цэвэр усны хангамжийн асуудал яригдаж байна. Иргэд өөрсдийгөө ямар бохир ус хэрэглэж буйгаа, яагаад цэвэр усаар хангагдах ёстой, дэлхийд болон монголд ямар нөхцөл байдал үүсээд байгаа талаар олон зүйлийг мэдэх эрхтэй. Мэдсэний үндсэн дээр шаардах эрхтэй. Цэвэр усны хэрэглээг цаашид 2030 он хүртэл нэмэгдүүлэхийн тулд ямар бодлого барьж, яаж хэрэгжүүлэх ёстой талаар хүн ард нь мэдэхгүй бол хэрэгжихгүй.

-Мэдээлэл олж авах, мэдээлэлтэй байх эрхийн тухай хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй ямар асуудал байна?

-Тухайн хүнээс бус нийгмээс хамаарч эрх нь хэрэгжих байдлууд байдаг. Бид үүнийг орхигдуулдаг. Энэ бол үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн нэгт зааснаар “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэдийнхээ өмнө хариуцах тухай бий. Энэ үүргийг баталгаатай эдлүүлэх нөхцөлөөр хангах талаар олон улсын гэрээ конвенцээр Засгийн газарт үүрэг өгсөн байдаг. Тэгэхээр иргэд төр засгаас шаардах хэрэгтэй. Мэдээлэл, мэдлэгтэй байж шаардах эрхтэй. Чанартай боловсрол авахын тулд ийм ийм зүйл хийх хэрэгтэй байна гэж шаардах ёстой.


Categories
мэдээ цаг-үе

Хойд Солонгосын нүүрсний хоригийг цуцалсан нь манайд доргилт өгөхгүй гэв

БНАСАУ Хятад улсад 20-25 сая тонн нүүрс худалддаг томоохон ханган нийлүүлэгч байсан. Гэвч улс төрийн шалтгаанаар Хятад улс өнгөрсөн гуравдугаар сарын 19-нөөс эхлэн Хойд Солонгосын нүүрсэнд хориг тавьсан байлаа. Хоригийг он дуустал үргэлжилнэ гэдгийг Хятадын худалдааны яам мэдэгдэж байв. Гэтэл хугацаанаасаа өмнө БНХАУ хязгаарлалтаа цуцалжээ. Үүнийг нь тус улсын гаалийн байгууллагын мэдээлэл нотлоод байгаа юм. Өөрөөр хэлбэл өнгөрсөн наймдугаар сард Хойд Солонгос өмнөд хөрш рүү 1.64 сая тонн нүүрс экспортолсон дүн байна. Он гарсаар нийт 4.31 сая тонн нүүрсийг Хятад улс БНАСАУ-аас худалдан авчээ.

Энэ асуудал манайд ямар хамаатай юм гэдэг асуулт гарч таараа. Урд хөршийн нүүрсний гол нийлүүлэгчдийн нэг Хойд Солонгос “чөдөрлүүлсэн” нь Монгол Улсад ашигтай байсан. Хойдуудыг хорионд байх хугацаанд бидэнд тэдний Хятадад худалддаг байсан нүүрсний орон зайг нөхөх боломж гарч ирсэн. Тэр завшаанаа ч монголчууд алдаагүй.

Үр дүнд нь нүүрсний экспорт нэмэгдсэн. Нарийн хэлбэл, энэ оны эхний хагас жил гэхэд манайх хоёр дахин их нүүрс хилийн чанадад нийлүүлжээ. Бүтэн жилийн үр дүнтэй дүйх ийм үзүүлэлт нүүрсний салбарт гарсан байна. Өнгөрсөн зургадугаар сард гэхэд л Монгол Улс дөрөв орчим сая тонн нүүрс экспортолжээ. Үүнээс үүдэлтэй эдийн засгийн таамгаас давсан өсөлт бий болсон.

Харамсалтай нь урд хөрш хоригоо цуцалж, урьдын адил Хойд Солонгосоос нүүрс худалдан авахаар болсон нь Монгол Улсад аюулын харанга дэлдлээ. Хятад улсад нүүрсээ “шахаж” байсан бидэнд Хойд Солонгос гэх том өрсөлдөгч гараад ирлээ гэсэн үг. Дээрээс нь Гашуун-Сухайт, Ганцмодны боомтод нүүрс тээвэрлэдэг автомашины уртаас урт цуваа үүсээд таг гацчихсан. Нүүрсний худалдаа наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болчихсон байна. Ийм үед гэгээтэй мэдээ нь хятадуудын Хойд Солонгост тавьсан хориг байсан юм. Ядаж бүтэн жил ч болтугай толгой өвдөхгүй нүүрсээ худалдах нь гэж харж байлаа.

Харин одоо энэ бүхэн талаар өнгөрлөө гэж үзэх судлаачид бий. Үүнийг үгүйсгэх нэг хэсэг ч байна.

БНХАУ-ын Хойд Солонгост тавьсан хоригийг цуцалсан явдал үнэхээр манай нүүрсний экспортод хүчтэй доргилт өгөх үү. “Үгүй” гэж хэлэх судлаачид бий. Учир нь БНАСАУ-ын урд хөршид нийлүүлдэг нүүрс бол антрацид төрлийнх. Коксжих нүүрс биш гэсэн үг. Тодруулбал БНАСАУ Хятадын Зүүн хойд нутгууд дахь цемент, гангийн үйлдвэрүүдэд ашигладаг антрацид нүүрсийг худалддаг. Энэ наймаа зогссон учраас Хятадын антрацитын нийлүүлэлт 20 орчим сая тонноор тасалдсан. Өмнөд хөрш дэх антрацид нүүрсний эрэлт хэрэгцээ ихэссэн учраас дагаад үнэ нь ч өссөн. Уг нөхцөл байдал манай зүүн талын ялангуяа төмөр зам дагуух бага нөөцтэй нүүрсний жижиг ордуудад антрацид нүүрс нийлүүлэх боломжийг олгосон байна. Тиймээс Олон овоотоос эхлээд хэд хэдэн өртөөнөөс Тяньжин боомт руу нүүрс тээвэрлэж эхэлжээ.

Гэхдээ энэ бол түр зуурын үзэгдээд өнгөрөх боломж гэдгийг хаа хаанаа ойлгож бэлтгэлтэй байсан. Нүүрсний экспортын өсөлтийг зөвхөн үүгээр төсөөлж, эдийн засгаа тооцоолоогүй. Эдийн засаг 5.3 хувьд хүрч өсөхөд нөлөөлсөн нүүрсний экспортыг дан ганц Хятадын хойд Солонгост тавьсан хоригоос үүдэлтэй гэж ойлгох нь өрөөсгөл гэдгийг уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар хэлсэн юм.

Үнэндээ нүүрсний экспорт огцом нэмэгдсэн нь түүхий эдийн үнэ өссөнтэй шууд холбоотойг ч зарим эдийн засагчид хэлж байна.

М.МӨНГӨЛДЭЙ

Categories
мэдээ цаг-үе

Бид эрх мэдэлд хүрэхээрээ хонзон авдаг атгаг санаанаасаа салах хэрэгтэй

“Өдрийн сонин”-ы 2017.09.29-ний баасан гаригийн №211(5778) дугаараас авч нийтлэв.

Эрх мэдэлд хүрч, эдийн засгийн боломж нь сайжраад ирэхээр хүний зан чанар их өөрчлөгддөг гэдэг. Хуучин муусайн найзуудтайгаа дуугарахаа больж, ядарч зүдэрсэн үедээ хамт зүтгэж байсан хүмүүсээ голдог гээд олон янзын өөрчлөлтийн тухай ярьдаг. Гэхдээ иймэрхүү ахуйн чанартай гэмээр өөрчлөлт бол юу ч биш юм. Үүнээс цаадах, хүний амь амьдрал, хувь заяагаар нь тоглочихоод юман чинээ боддоггүй хүмүүс олон байна. Ер нь монголчууд хэн ч ялгаагүй УИХ-ын гишүүн болох, төр засагт боломжийн ажилд орох зэргээр гайгүйхэн албан тушаалтай болонгуутаа хамгийн түрүүнд хийдэг тогтсон нэг ажилтай болжээ.

Тэр нь хонзон авах. “Чи муу өмнө нь ингэж байл уу, одоо тэгвэл чамайг ажилгүй болгоно доо”, “Надтай муудалцдаг хэн бэ, шоронд хатаана даа”, “Миний хүнийг танай намынхан ажилгүй болгож байсан, одоо хариугаа авъя” гэсэн хэт богинохон, харалган бодолтнууд олширсноос төрийн ажил зогсонги байдалд орж, албан тушаалтнууд нэг нэгнээсээ хонзонгоо авахад л хамаг цаг хугацааг зарцуулдаг болжээ. Энэ нь УИХ-д сонгогдож байгаа гишүүд болон жил хүрэхгүй зайтай солигдож байгаа Засгийн газрын олон үйл ажиллагаа, халаа сэлгээнээс тодоос тод харагдаж байна. Өөрөө Ерөнхийлөгч болчихоод өмнөх Ерөнхийлөгчөө шоронд хорьчихож байгаа нь шударга ёс гэхээсээ өшөө авалт гэж л харагддаг. Олон түмэн ч тэгж ойлгодог. А.Сүхбат аварга УИХ-ын гишүүн болоод Монголын бөхийн холбоог булаан авч байгаа нь шударга ёс тогтоож байгаа хэрэг огтхон ч биш юм. Эрх мэдэлтэй болонгуутаа өмнө нь авч чадаагүй зүйлээ хүчээр хийх гэж буй оролдлого. Олон жилийн хүслээ биелүүлж, хонзонгоо авч буй хэрэг л гэж харагддаг.

Энэ мэт олон жишээ бий. Өмнөх парламентад байсан М.Батчимэг гишүүн сонины эрхлэгчтэй муудалцаад Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль санаачилж, тогтмол хэвлэлийг устгангаа алдсан. Ж.Батзандан гишүүн гадаад нөхөртэй эмэгтэйтэй түнжин хагарч “гадаад эхнэр, нөхөртэй хүн төрийн албанд ажиллахыг хориглох тухай” заалттай хууль батлуулчих дөхсөн нь ердөө хэдхэн жилийн өмнө болсон явдал. Г.Уянга гишүүний ээж нь түрээслэгчидтэйгээ муудалцжээ. Охин нь гишүүн болж түрээслэгч нарыг ахиж сэхэхгүй заалттай хууль өргөн барьж батлуулчих дөхсөн гэдэг. Өөрийг нь байнга шүүмжилдэг хэдэн шар сониныг хаалгах гэж Ц.Нямдорж гишүүн Садар самуунтай тэмцэх тухай хууль санаачлан өргөн барьж байлаа.

Хэдхэн хоногийн дараа тамгаа өгөх гэж буй Ж.Эрдэнэбатын Засгийн газар төрийн албаны 51 хувийг өөрсдийн хүнээр дүүргэсэн гэдэг нь өмнөх Засгийн үед ажилд орсон хүмүүсийг халж, нөгөө намаас өс хонзонгоо авсны тодоос тод илэрхийлэл юм.

Монголчууд биднийг ноён зантай гэдэг. Үг даадаггүй, хуйсгануур, түргэн ууртай, өөрөөсөө бусдыг үнэлдэггүй бас бусдад итгэдэггүй. Нэг өглөө босоход өөрөө ч мэдэлгүй нэг хүний дайсан болчихсон байдаг. Яагаад гэхээр хэн нэгэн очоод хов ярихаар шууд итгэчихдэг хүн олон болсон. Хов ярьсан хүнийг хөөгөөд гаргахгүй, цаад наад учрыг нь тунгаалгүйгээр улам итгэж шадарладаг. “За тэр ч арай тэгэх хүн биш ээ” гэсэн уужимхан бодлын оронд “тэр муу тэгээд байхдаа яадаг юм” гээд өрвөсхийгээд ирнэ. Ялангуяа төрийн өндөр албан тушаалд очсон хүмүүс хов үгэнд итгэж, олон хүнтэй шууд л дайсан болдог.

Үүнээс л өнөө айхтар хэлмэгдүүлэлт, хонзон авалт эхэлдэг. 1937 оны хар хэлмэгдүүлэлтийг Коминтерний заавраар хийсэн гэх ч энэ нэр дор өөрийнхөө дургүй олон хүнийг өш санаж буудан хороосон явдал хэдэн мянгаараа тоологдоно. Эхнэртэй нь суух гэсэн өчүүхэн сэтгэлээс үүдэлтэй Лхүмбийн гэгч зохиомол хэргийн гайгаар гэмгүй олон зуун хүн хэлмэгдэж, үүнийг бодож олсон ногоон малгайтан өөрөө энэ эргүүлэгтээ орж алга болсон гэдэг. Орчин цагт энэ хэлмэгдүүлэлт ажлаас нь халах, бизнесийг нь булааж авах, шоронд хорих гэх мэтээр үргэлжилсээр байгаа. Ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болох ёстой Ерөнхийлөгчийн “30 айлтай эвлэршгүй тэмцэнэ” гэж хэлсэн үг ч энэ нийгэмд сэтгэл сэртхийлгэм эвгүй сонсдож байна.

Өнөөдөр Монголын улстөрийн нэг үе солигдож байна. Шинэ Ерөнхийлөгч, шинэ УИХ-ын гишүүдтэй болсон. Одоо дахиад шинэ Засгийн газартай болох гэж байгаа. Энэ цаг үед дахиад хоморголон халахаа больж, хонзон авахаа хойш нь тавих хэрэгтэй байна. Мөрөөрөө ажлаа хийж байгаа хүмүүсийг биш алдаа дутагдал гаргасныг л халдаг эрүүл тогтолцоог бүрдүүлэх цаг болсон. Тэгвэл төрийн алба төрлийн алба байхаа больж, дөрөв дөрвөн жилийн хугацаатай ажлаас нь хоморголон халдаг өшөө авалт зогсоно. Хэрэв ингэж чадах юм бол аль нэг улстөрийн намын төлөө үхэн хатан зүтгэдэг төрийн албан хаагч гэж байхгүй болж, нийгмийг хамарсан их улстөржилт, сонгууль дагаж хөөрч хөөсөрсөн бүхэн ном журмандаа орж, нийгэм эрүүлжинэ гээд олон олон сайн үр дагавартай. Одоо бол сонгуульд ялалт байгуулсан нам, түүнийг дагасан хэдэн хүний өшөө авалтаар ажлаасаа халагдах төрийн албан хаагчдын айдас хүйдсээс үүдэлтэй чөтгөрийн тойрог үүсчихжээ. Нэг нь ялаад нөгөөхийн тавьсан хүмүүсээ халдаг. Дараа нь нөгөө нь ялж баахан халаа сэлгээ хийдэг. Ийм л чөтгөрийн тойрог үүсээд олон жил боллоо. Хуучин нийгмийн үед дургүй хүнээ дээш нь гаргадаггүй, хэлмэгдүүлж бараг л үр удмаар нь устгадаг байсан бол одоо тэгж чадахаа больсон. Шорон оронд хийж, шүүх цагдаад дуудаж үхтэл нь дарамталдаг ч хэсэг хугацааны дараа дарамтлуулсан хүн нь төрд гараад ирдэг. Тэгээд нөгөөдүүлээ нухчих санаагаа хэрэгжүүлдэг. Ийм л хорон, хэзээ ч урагш явдаггүй тойргийг задлах ухаан одоогийн улстөрчдөөс гарах ёстой. Тойргоор дороо эргэлдэх биш, урагшаа шулуун шугамаар алхмаар байна. Чөтгөрийн тойргийг задлахад улстөрчдийн уужим ухаан, холч бодол, хонзон санадаггүй сэтгэл их чухал даа.

Нэг нам сонгуульд ялаад өөрийн гишүүдээ ажилтай болгоход яагаад болдоггүй юм гэх хүн байдаг. Намын гишүүд гэлтгүй ард олноо ажилтай байлгах нь төрийн үүрэг. Сонгуульд ялж төрд гарсан эрхмүүд сонгуулиар амлаад байсан үйлдвэрүүдээ барьж, дагуул хотуудаа хөгжүүлж, зөвхөн нүүрс зэс гэлтгүй мах, сүүгээ экспортлох ажлаа эхлээч. Бүтээн байгуулалт өрнүүлж байж ажлын байр нэмдэг болохоос төрийн албаны хэдхэн орон тоонд нэгийг нь халж нөгөөг нь тавих нэрээр асуудлыг шийддэггүй. Их бага гэлтгүй хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт өрнүүлэх зарчмаар ажлын байр нэмж гэмээнэ энэ улс орон чинь хөгжиж, ядарч зүдэрсэн ард түмний чинь нуруу тэнийх буй за.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Хашчулууны “Цаг хугацааны хайчин галаас айхгүй ганц хүн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч П.Хашчулууны “Цаг хугацааны хайчин галаас айхгүй ганц хүн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн” нийтлэл хэвлэгдлээ.

УИХ-ын гишүүн, Улс төрийн нүүрт Батлан хамгаалахын яамны сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнийн “Засгийн газрын бүрэлдэхүүндээ ямар хүмүүс ажиллуулахыг Ерөнхий сайд эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ” хэмээх ярилцлага нийтлэгдсэн байна. Мөн УИХ-ын гишүүн Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн “Цаг алдахгүй ажиллах ёстой гэдгээ ойлгож байгаа” хэмээжээ. Харин тавдугаар нүүрээс УИХ-ын чуулганы талаарх мэдээллийг унших боломжтой.

“Өдрийн сурвалжлага”-аараа багш нарын баярын эргэн тойрондохыг сурвалжиллаа.

“Баримт, үйл явдал” нүүрт “АТГ-аас прокурорт хаягласан олны анхаарал татсан хэргийн эзэд” хэмээх сурвалжлага нийтлэгджээ

Уул уурхайн ассоциацийн тэргүүн Н.Алгаагийн ярилцлага арваннэгдүгээр нүүрт хэвлэгдлээ. Мөн “Цаашид үнэ нь өсөх зургаан сая тонн цайр монголд бий, гэвч…” хэмээх нийтлэл хэвлэгдсэн байна.

Монголын 3×3 сагсанбөмбөгийн шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Дэлгэрнямын “Бид олимпоос медаль хүртэх зорилготой учраас л оролцсон тэмцээн бүртээ амжилт гаргахын төлөө зүтгэдэг” хэмээх ярилцлагыг 12 дугаар нүүрээс уншаарай.

Чадраабалын Лодойдамба зохиолчийн халуун голомт Хантайширын тэмдэглэл 13 дугаар нүүрт хэвлэгдлээ.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 2018 оны үндсэн чиглэлийг НИТХ-д өргөн барилаа

Нийслэлийн 2018 оны үндсэн чиглэлийг НИТХ-д өргөн барилаа

Нийслэлийн Засаг даргын
зөвлөл ээлжит бус өргөтгөсөн хуралдаанаа хийж, Нийслэлийн эдийн засаг,
нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж баталлаа.
Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн болон
НЗДТГ-ын хэлтсийн дарга нар оролцож, 2017 оны үндсэн чиглэлийн
гүйцэтгэл, 2018 онд салбар бүртээ тусгасан ажлуудыг хэлэлцсэн юм.

Ийнхүү 5 бүлэг бүхий Нийслэлийн эдийн
засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хуулийн хугацаанд
буюу өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Багш нарын Онц их анхдугаар хурал боллоо

Монголын Үйлдвэрчдийн Эвлэлийн Соёлын төв ордонд Монголын багш нарын анхдугаар их хуралдаан боллоо. Энэ үеэр Багш хөгжлийн тухай хуулийн төслийг танилцуулав.

Хуралдаанд 21 аймгийн багш төлөөлөгчид болон нийслэлээс нийт 991 багш мэргэжилтэн хүрэлцэн ирж оролцож байна.

Энэ талаар Булган аймгийн XIII сургуулийн нийгмийн ухааны багш П.Долгоржаваас энэ талаар тодрууллаа.

-Өнөөдөр Монголын багш нарын анхдугаар онц их хурал болж байгаад байна. Энэ хуралдаанаар бид мянга мянган гишүүдийнхээ цалин хөлсний асуудлаар болон багшийн хөгжлийн хуулийн талаар ярилцаж байна.

Боловсролын салбарын талаар асуудал тэдгээрийн гол цөм болсон багш нарын цалин хөлс, орон сууц, тэтгэвэр тэтгэмж, зээлийн асуудал гэх мэтчилэн маш олон зүйлийн талаар тойрч ярилаа.

-Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед багш, эмч нар цалингаа нэмүүлэхийг шаардаж байгаа нь цаг үеэ олсонгүй гэж зарим нь үзэж байна. Энэ хэр цаг үеэ олсон шаардлага гэж бодож байна вэ?

-Энэ бол цаг үеэсээ хоцорсон асуудал гэж үзэж байна. Гурван жилийн хугацаанд цалин хөлс нэмсэнгүй. Үүний цаана худалдан авах чадвар, бүтээмжийн талаарх асуудал давхар яригддаг.

Улс орны нөхцөл байдал хэцүү байгаа нь үнэн. Ийм замбараагүй нөхцөл байдлыг хэн бий болгосон юм бэ? Зээл тусламж аваад замбараагүй, хариуцлагагүй зарцуулсан нь төр засаг өөрөө.

Цалин нэмүүлэх шаардлагыг Засгийн газар хүлээж авахгүй бол яах вэ?

-Бид цалингаа нэмүүлтлээ жагсаалаа үргэлжлүүлсээр, ажил хаях болно. Үнэндээ боломж бололцоо байгаа гэдгийг зарим улс төрийн түшээд өөрсдөө хэлсэн. Боломж бололцоо хайж олох ёстой болохоос боломжгүй зүйл ярих нь зүйд нийцэхгүй.

-Онц их хурлаар Багшийн хөгжлийн хуулийг хэлэлцсэн гэсэн үү?

-Хуулийг зөвхөн УИХ дангаараа шийддэггүй. Үүнийг бүх нийтээрээ шийдэх учиртай. Багш хөгжлийн тухай хуулинд багш нар саналаа өгөх эрхтэй. Хуулийг бид дахин өргөн барина. Энэ хууль хараахан батлагдаагүй байгаа. Тиймээс энэ хуралдаанаар олон нийтээр хэлэлцүүлж багш нар бид санал бодлоо нэмэлтээр оруулна. Багш хөгжлийн тухай хуулийг намрын чуулганаар УИХ-д өргөн барина.

-Танай зарим багш энэ хуулинд дэмжихээргүй зүйл бас байна гэсэн?

-Багшийн хөгжлийн тухай хууль ярингуутаа торгууль, шийтгэлийн тухай зүйл заалт оруулж ирсэн байна. Жишээлбэл: багш нар ёс зүйн алдаа гаргавал цалинг нь хасна гэх мэт. Үүнийг заавал Багшийн хөгжлийн тухай хууль руу оруулах шаардлагагүй. Энэ бол Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэсэн зүйл. Мөн багш нарын бодит байдалд нийцэхээргүй зүйл заалт байсан гэв.


Б.ОЮУНЖАРГАЛ