Categories
мэдээ нийгэм

Оюутнууд хотын үйлдвэр, соёлын газруудтай танилцлаа

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтан 9 дэх жилдээ нийслэлийн Аялал жуулчлалын газраас хотын үйлдвэр, соёлын газруудтай танилцах аяллыг 2017 оны аравдугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Тус аялалд ХААИС, МУБИС, СУИС, УБИС болон МҮИС-д аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй 120 гаруй оюутнууд хамрагдав.

Хотын аяллыг нээж нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх аялал жуулчлалын салбарт ажиллахаар сонгон суралцаж буй оюутан залуусдаа амжилт хүсч хотын иргэний талаарх мэдлэгээ дээшлүүлэн хотын соёлыг түгээж нийслэл хотын үлгэр жишээч иргэн байхыг уриаллаа.

Аялал жуулчлалын салбарын ирээдүйн боловсон хүчнүүд болох тус оюутнууд нь гадаад улсуудаас хүрэлцэн ирэх жуулчидтай хамгийн түрүүнд уулзаж эх орныхоо түүх соёл, ард түмний зан заншлын талаар танилцуулдаг учир сонгон авсан байна.

Тус аялалд хамрагдсан оюутнууд нийслэл хотын түүхэн хөгжил, музей үзвэрийн газрууд, үндэсний тэргүүлэгч компаниуд болох “АПУ”, “Говь ХК” болон “М Си Эс Кока Кола”, аялал жуулчлалын томоохон төв болох Чингисийн хүрээ баазын үйл ажиллагаатай танилцсанаас гадна аялал жуулчлалын мэргэшсэн багш, судлаачид болох Монгол улсын нэгдүгээр зэрэгтэй хөтөч А.Цэрэнчулуун, Чингис хаан дээд сургуулийн багш О.Сүхбаатар, Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр нартай арвин их туршлага, мэдлэг олгох яриаг өрнүүлж мэдлэгийн ундаргаас нь хуваалцлаа.

1975 оноос хойш аялал жуучлалын салбарт хүчин зүтгэж байгаа түүхч, судлаач, профессор О.Сүхбаатар жилд нэг сая 200 мянган Монгол жуулчин гадаад улсууд руу аялж байгаа бол, 400 гаруй мянган гадаад жуулчид Монгол Улсад хүрэлцэн ирж байна. Иймд аялал жуулчлалын салбарыг Монгол Улсын эдийн засгийг тэтгэдэг, татаж дээшлүүлдэг салбар болгох, гадаад луу урсах валютыг урсгалыг багасгах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөтөч нарыг мэргэшүүлэх, оюутнуудыг практик дээр дадлагажуулах, чадваржуулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй хэмээв. Мөн сайн хөтөч болохын тулд эхлээд нийслэл хоттойгоо танилцах, түүхэн дурсгалт газрууд луу биеэр очиж үзэх, хамгийн сайн хөтчөөс тайлбар авах нь чухал. Тус аялал ирээдүйн хөтөч, аялал жуулчлалын менежер нарт нийслэлийн болон барилга байгууламжийн түүхийн талаар зөв мэдээлэл өгөх, тайлбарлах чадварыг олгох үр дүнтэй аялал боллоо хэмээн онцлов.

Монгол улсын нэгдүгээр зэрэгтэй хөтөч А.Цэрэнчулуун “Ирэх жилийн хотын аялалд аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд буюу жуулчдад үйлчилдэг үйлчилгээний байгууллагууд болох зочид буудал, ресторан, тээврийн үйлчилгээний болон үндэсний тоглоом наадгай, бэлэг дурсгал үйлдвэрлэдэг байгууллагуудтай танилцуулахыг санал болгов.

Тус аяллыг зохион байгуулж байгаад оюутан залуус баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Тухайлбал ХААИС-ын 1-р курсын оюутан Т.Жавхлантөгс “НАЖГ-аас зохион байгуулсан аялал үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Аялал жуулчлалаар сурдаг мэргэжил нэгт оюутнуудтай танилцаж, мэргэжлийнхээ ач тусаас гадна цаашид юун дээр анхаарч судлахаа мэдсэн учраас үр өгөөжтэй аялал байлаа” хэмээв.

Categories
мэдээ улс-төр

Ч.Хүрэлбаатар: Гүтгэнэ гүтгэнэ гэхэд арай дэндэж байна

Related image

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Сангийн сайд Ч. Хүрэлбаатарын ах нарын лицензийн асуудлаар жиргэсний дараахан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариу барив. Тэрбээр твийттер хуудастаа ийнхүү жиргэжээ:

Би болон манай ах нар ямар нэг Уул уурхайн лиценз өмнө нь болон одоо эзэмшиж, зарж байгаагүйг батлах баримт. Сайт руу орж шалгана уу?!!!

Гүтгэнэ гүтгэнэ гэхэд арай дэндэж байна даа, цагдаад гомдол гаргаж байна. АМГТХЭГ-ийн сайт руу нь ороод шууд шалгаад үзнэ үү?!?

гэсэн байна.


УИХ-аар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд твийттерт байр сууриа ийнхүү илэрхийлсэн юм.

З.Энхболд “Сангийн сайд Чимидийн Хүрэлбаатарын төрсөн ах нар болох Чимидийн Гантулга, Чимидийн Гансүх, мөн зөвлөх К.Дэмбэрэл нар Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагийн уурхайг Солонгосын компанид 2 сая доллараар заржээ. Монгол улсын үндсэн хуулийн 6.1-д заасан ард түмний мэдэлд байх нийтийн өмчийг лиценз нэрээр авсан сангийн сайдын хамаатнууд зарж л байг уу? Төрийн өмчийн нэг муу амбаарыг хүртэл дуудлагын худалдаагаар зарж мөнгийг нь улсын төсөвт оруулдаг биз дээ.

Ийм хүмүүсийг ядаж битгий сайд болооч гэж Ерөнхийлөгч хориг тавьсан, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ. МАН-ын бүлгийн 65-аас хэд нь өөрсдийн бүтээгээгүй ард түмний өмч байгалийн баялгийг үнэгүй хувьчилж авсан 30-н гэр бүлийн талд кнопдохийг харах л үлдлээ” хэмээн жиргэсэн юм.

Засгийн газрын гишүүдийн томилгооны асуудлыг зөвшилцөх үеэр Ерөнхийлөгчийн зөвшөөрөөгүй ганц хүн Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар байсан билээ. Гэсэн ч МАН олонхи болсон УИХ Ерөнхийлөгчийн саналыг харгалзаж үзээгүй юм. Энэ сарын 26-нд Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын шийдвэрт хэсэгчлэн хориг тавьсан. Тэрбээр өнгөрсөн жилүүдэд гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд Монгол төр байсан гэж зарласан бөгөөд мөнөөх гучин гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад хэсэгчлэн хориг тавиад байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Манчестер сити тэргүүлэгчийн байраа алдсангүй

Английн премьер лигийн аравдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдаж өндөрлөлөө.

Тойргийн эхний тоглолтод “Манчестер Юнайтед” “мөрөөдрийн театр”-таа “Тоттенхэм”-ийг хүлээн авч Франц “дайчин” Антони Мартиалын гоолоор сөхрүүлсэн. Тэд энэ тойрогт 23 дахь оноогоо халааслаж хүснийгтийн дэд байрт бичигдэж байна.

Мөн лигийн 18 удаагийн аварга Ливерпүүл талбайдаа “шинэ цэрэг” “Хадерфейлд Таун”-нд хичээл зааж 3:0-ээр бут ниргэсэн байна. Улаануудаас довтлогч Старриж, Фирмино, Уиналдум нар гоолджээ.

Лигийг тэргүүлэгч “Манчестер сити” ,“ Уэстбром”-ын талбайд зочилж хүнд тоглолт хийж 3:2-оор илүүрхжээ. Ситигээс Ларэ Санэ, Рахым Стерлинг, Фернандино нар гоолдсон бол талбайн эздээс Жэ Ропдригес, Матт Филффс нар гоол оруулсэн байна.

Энэ тойрогт явагдсан бусад тоглолтуудын үр дүн

Арсенал 2:1 Суонси сити

Кристал Паласе 2:-Уэстхем

Уатфорд 0:1 Сток сити

Челси 1:0 Боурнмут

Брайтон Албион 1:1Саутхемптон

Лестер сити 2:0 Эвертон

Лигийг арван тойргийн дараах байдлаар “Манчестер сити” 28 оноотой тэргүүлж байгаа бол “Манчестер Юнайтед” 23, “Тоттенхем” 20 оноотой тэргүүлж байгаа бол “Борнмут” долоо , “Кристал Паласе” дөрвөн оноотойгоор лигийн “сүүл мушгиж” байна.

О.Дашням

Categories
мэдээ спорт

Улсын начин Б.Амарзаяа анх удаагаа түрүүллээ

“Дашваанжил газ” хувьцаат компанийн үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан өнгөрсөн Бямба гарагт “Монгол бөхийн өргөө”-нд явагдлаа. Барилдаанд улсын арслан арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, нараар ахлуулсан хүчит 256 бөх зодоглож Архангай аймгийн Чулуут сумын харьяат улсын начин Б.Амарзаяа найм даван түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд долоо давж үзүүрлэсэн юм.

Бөхийн барилдааны их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан, Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай нар шалгарсан. Намрын улирлын таван барилдааны гуравд нь түрүүлээд байсан улсын харцага О.Хангай энэ өдөр улсын начин Б.Амарзаяад мордуулж өвдөг шороодсон байна.

Барилдааны барууны манлай улсын арслан Р.Пүрэвдагва тавын даваанд улсын начин Чимэдвэнданд тахим өгсөн бол улсын заан Б.Батмөнх хоёрын даваанд Ховд аймгийн харьяат сумын заан Т.Дожжүгдэрт тахимдуулж унажээ.

Сонирхуулахад энэ барилдааны түрүү бөх улсын начин Б.Амарзаяа нь улсын арслан Чойжилсүрэнгийн удмын бөх юм.

Та бүхэнд барилдааны дуйзийг сонирхуулья.

Тавын даваа

1. Э.Оюунболд у.а – Н.Батзаяа у.х

2. Р.Пүрэвдагва у.а –Б.Чимэдвандан у.н

3. М.Өсөхбаяр у.з – Э.Энх-Амгалан а.з

4. Б.Пүрэвсайхан у.з – Ц.Цогт-Эрдэнэ а.а

5. Б.Бат-Өлзий у.х – Д.Амарсайхан у.н

6. О.Хангай у.х – Б.Бат-Эрдэнэ у.н

7. Э.Энхбат у.ө.и.н – Б.Амарзаяа у.н

8. Л.Цэрэнтогтох у.ө.и.н – Бо.Батжаргал у.н

Зургаагийн даваа

1. Э.Оюунболд у.а – М.Өсөхбаяр у.з

2. Б.Пүрэвсайхан у.з – Л.Цэрэнтогтох у.ө.и.н

3. Б.Бат-Өлзий у.х – Б.Амарзаяа у.н

4. О.Хангай у.х – Б.Чимэдвандан у.н

Долоогийн даваа

1. Э.Оюунболд у.а – Б.Пүрэвсайхан у.з

2. О.Хангай у.х – Б.Амарзаяа у.н

Наймын даваа

1. Э.Оюунболд у.а – Б.Амарзаяа у.н

/үзүүр/ /түрүү/

Categories
мэдээ улс-төр

З.Энхболд: “Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах нар Увсын Бөхмөрөн сумын Хотгор шанагийн уурхайг Солонгосын компанид 2 сая доллараар заржээ

УИХ-аар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд твийттерт байр сууриа илэрхийлжээ.

З.Энхболд “Сангийн сайд Чимидийн Хүрэлбаатарын төрсөн ах нар болох Чимидийн Гантулга, Чимидийн Гансүх, мөн зөвлөх К.Дэмбэрэл нар Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагийн уурхайг Солонгосын компанид 2 сая доллараар заржээ. Монгол улсын үндсэн хуулийн 6.1-д заасан ард түмний мэдэлд байх нийтийн өмчийг лиценз нэрээр авсан сангийн сайдын хамаатнууд зарж л байг уу? Төрийн өмчийн нэг муу амбаарыг хүртэл дуудлагын худалдаагаар зарж мөнгийг нь улсын төсөвт оруулдаг биз дээ.

Ийм хүмүүсийг ядаж битгий сайд болооч гэж Ерөнхийлөгч хориг тавьсан, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ. МАН-ын бүлгийн 65-аас хэд нь өөрсдийн бүтээгээгүй ард түмний өмч байгалийн баялгийг үнэгүй хувьчилж авсан 30-н гэр бүлийн талд кнопдохийг харах л үлдлээ” хэмээн бичсэн байна.

З.Энхболд: Сангийн сайдын хамаатнууд лиценз зарж л байг уу

З.Энхболд: Сангийн сайдын хамаатнууд лиценз зарж л байг уу

Categories
мэдээ нийгэм

Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнд өрсөлдөгчдийн үнэмлэхийг гардуулав

ЗурагАрдчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр Ардчилсан залуучуудын холбоо (АЗХ)-ны Ерөнхийлөгчид өрсөлдөж буй С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нарт нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулав.

Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллагын тэргүүнд нэр дэвшигчид өнөөдрөөс 21 аймаг, есөн дүүргийн намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулах юм. Энэ нь нэг жилийн өмнө өрнөж байсан Ардчилсан намын даргын сунгаатай ижил бөгөөд бүх гишүүдийн саналаар тэргүүнээ тодруулах юм.

Мөн Нийслэлийн АЗХ-ны тэргүүнд өрсөлдөхөөр нэр дэвшсэн Ж.Сугарсүрэн, Э.Өлзийбаяр нарт нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулж өгсөн юм. Тэд мөн л нийслэлийн есөн дүүргийн гишүүд, дэмжигчидтэйгээ уулзана.

Categories
мэдээ улс-төр

Намын бүлгүүд ирэх оны төсвийг хэлэлцэнэ

ЗурагУИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуваарийн дагуу хуралдана.

Тодруулбал УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд тус тус хуралдах юм. Бүлгүүд энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх гол асуудал болох Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байр сууриа нэгтгэнэ. 2018 оны Төсвийг Засгийн газраас 10 дугаар сарын 27-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Мөн өнөөдөр Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.

Categories
гадаад мэдээ

Вьетнамын эрх баригчид авто замын ослыг бууруулах талаар нэгэн сонирхолтой шийдвэр гаргажээ

Вьетнамын Замын аюулгүй байдлыг хангах үндэсний хороо авто замын ослыг бууруулах талаар нэгэн шийдвэр гаргажээ. Тус хороо хөдөөгийн жолоч нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг уриалсан томоохон эсэргүүцэлтэй тулгарсан гэнэ. Харин Европын томоохон пиво үйлдвэрлэгч Хайнекен компани хорооны шийдвэрийг дэмжиж, согтууруулах үедээ сайн дураараа жолоо барихаас татгалзсан жолооч нарын гэрт хүргэх зардлыг харицах гэнэ. Учир нь тус компани Вьетнамын хөдөө орон нутагт хангалттай зах зээлтэй болсон аж. Пиво үйлдвэрлэгчийн тооцоогоор Вьетнамын том хотуудад 80 мянган жолоочийг таксины “UBER” үйлчилгээгээр, 50 мянган жолоочийг үнэгүй толан тараах хэлбэрээ шийдэж болно. Мөн таксины “UBER” байхгүй тохиолдолд рестораны удирдлагатай тохирч тодорхой төлбөр хийнэ. Пивочид орхисон машиндаа санаа зовох шаардлаггүй. Учир нь рестораны эзэд машины бүрэн бүтэн байдлыг хариуцна. Үндэсний хорооны мэдээгээр Вьетнамд өдөрт 25 хүн авто ослоор нас бардаг. Энэ ослын тэн хагасыг согтуу жолооч үйлддэг аж. Согтуугаар осол гаргасны төлөө эхний удаад 200 доллын цалинтай вьетнам иргэн 800 доллараар торгуулна. Дахин ийм үйлдэл гаргасан тохиолдолд торгууль эрс өснө. Х.Бат

Categories
мэдээ нийгэм

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв

Бидний хойч ирээдүй хүүхэд багачууд, Улаанбаатарын бахархал болсон залуучууд, өнөөгийн хотыг өдий зэрэгт хүргэж, дэлхийд дансалсан ахмадууд Та бүхэндээ Нийслэл хотын 378 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Хүнээ дээдэлсэн үзэлд суурилсан бодлого хэрэгжүүлнэ гэдгээ амласан Улаанбаатар хотын удирдлагын шинэ баг ажлаа эхлүүлээд жил гаран болжээ. Энэ хугацаанд иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангах асуудалд түлхүү анхааран ажиллаж, чамгүй олон бүтээн байгуулалт өрнүүллээ.

2017 оныг “Нийслэлийн эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлаж, энэ хүрээнд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, тэдгээрийг дагалдан гарах хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар дэмжин, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж байна.

Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор газрын зөрчил арилгуулах, зам чөлөөлөх аяныг эхлүүлсэн. Төлөвлөгөөт болон иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу 230 байршилд явган хүний зам, авто замын орц гарц хаасан хаалт, хашаа зэргийг чөлөөллөө.

Нийслэлийн ирээдүйн хөгжлийг хангасан дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдүүлэхэд хот байгуулалтын үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байна. Энэ жил автозамын томоохон төслүүдийг эхлүүллээ. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Яармагийн шинэ гүүр барих, Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц, Сонсголонгийн болон Баянзүрхийн гүүрийг шинэчлэн сайжруулах ажлыг эхлүүлээд байна. Зам гүүрийн томоохон бүтээн байгуулалтаас гадна нийслэлийн төв хэсэг дэх 4 байршлын уулзваруудыг өртгөтгөн шинэчиллээ.

Эрүүл мэнд, нийгмийн салбарын бүтээн байгуулалтыг онцгойлон дэмжиж ажиллахын зэрэгцээ Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд Мэс засал, гэмтлийн тасгийн шинээр нээлээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Шастины нэрэмжит улсын 3 дугаар эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг хийв. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг шат дараалан нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2017-2018 оны хичээлийн шинэ жилд 10 гаруй мянган суудлаар нэмж, цэцэрлэгт хамрагдалтын хувийг 76-д хүргэж, 10 сургууль, 13 цэцэрлэгийн барилгыг шинээр ашиглалтад хүлээн авлаа. Түүнчлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай амрах орчныг бүрдүүлэх, бичил цэцэрлэг байгуулах ажлыг эрчимтэй хийж, хотын гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулж чадсан юм.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн удирдлагын баг олон ажил хийж хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоох, нийслэлд оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох захирамж гарган, цэцэрлэг, сургуулиудын дотоод агаарын чанарыг сайжруулах зорилгоор шүүлтүүртэй агаар цэвэршүүлэх 350 ширхэг төхөөрөмж суурилууллаа. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 29 барилгыг төвлөрсөн дулаан хангамжид шинээр холболоо.

Ийнхүү бүхий л салбарт бүтээн байгуулалтын ажлыг “Төр хувийн хэвшлийн” хамтын ажиллагааны хүрээнд хийж байна. Эрх зүйн хувьд бие даасан, эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэх, иргэнээ дээдэлсэн Улаанбаатар хотын хөгжлийн төлөө бид “Нийслэлийн иргэн тантай” хамтран ажиллана.

Иргэнээ дээдэлсэн, эрүүл, аюулгүй, аз жаргалтай хотын төлөө нийслэлийн шинэ багийг дэмжиж ажиллана гэдэгт нийслэлийн оршин суугч Та бүхэнд итгэж байна.

Та бүхний итгэлийг дааж, бид хамтдаа “Аз жаргалтай Улаанбаатар” хотоо бүтээн байгуулж, хөгжүүлье.

Дөрвөн зууны түүхтэй нийслэлийн иргэн Та сайхан баярлаарай.

Categories
мэдээ нийгэм

‘’Ногоон гэрэл цагаан шугам-2017’’-ийн шилдгүүд тодров

 ‘’Ногоон гэрэл цагаан шугам-2017’’-ийн шилдгүүд тодровСургуулийн насны хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, бага насны хүүхдийг гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ‘’Ногоон гэрэл цагаан шугам-2017’’ тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээний нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Эдийн засаг хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Замын цагдаагийн хэлтсийн дарга дэд хурандаа Г.Мөнхжаргал болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Энэхүү тэмцээнд дүүргийн 22 сургуулийн баг оролцож ‘’Гэрийн даалгавар, Мэндчилгээ, Хамтдаа, Буухиа тэмцээн, Урлагийн тоглолт’’ гэсэн 5 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан билээ. Тэмцээнд нийлбэр дүнгээр 111 дугаар сургуулийн ‘’Цагаан шонхор’’ баг тэргүүлсэн бол 79 дугаар сургуулийн ‘’Зохицуулагч’’ баг удаалсан юм. Харин гутгаар байрыг 84 дугаар сургуулийн ‘’Өсвөрийн цагдаа’’ баг эзэлжээ.

Дашрамд мэдээлэхэд энэ удаагийн ‘’Ногоон гэрэл цагаан шугам-2017’’ тэмцээнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс болон Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран зохион байгууллаа. Тэмцээнд оролцсоноор хүүхдүүд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадалтай болохоос гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн болон анхны тусламжийн мэдлэг олж авдаг аж хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.