Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Алаг хайрхан ” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 14 км-т, Ө-45037/00/, У-97084/00/ 10.29-ний өдрийн 20:05 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодруулахад, иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, мэргэжлийн ангийн 24 хүний бүрэлдэхүүнтэй, 4 ажлын хэсэг сумын төвийн 48 барилгад үзлэг хийхэд, сургууль, цэцэрлэгийн барилгын 64 см-ийн зузаантай тоосгон хана, ЗДТГ-ын худгийн барилгын блокон хана, иргэн Х-гийн байшингийн 24 см-ийн зузаантай тоосгон хана тус тус цуурсан тухай мэдээлсэн байна. Аймгийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газраас томилогдсон ажлын хэсэг тус суманд ажиллаж байгаа ажээ.
Month: October 2017
Нийслэлийн Налайх дүүрэгт “Гашгаас хамгаалах иж бүрэн сургууль” 2017 оны 10 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль дүүргийн Онцгой комисс, хороодын Засаг дарга нар болон гамшгаас хамгаалах орон нутгийн 11 алба, мэргэжлийн анги, 25 аж ахуйн нэгж, байгууллагын томилгоот бүрэлдэхүүний дунд астрономийн 48 цаг, оперативын 700 цагийн багтаамжтай 2 хэсэг, 9 үе шаттай явагдаж өндөрлөв.
Сургуулийн удирдагч Нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч дарга, хурандаа А.Дашням иж бүрэн сургуулийг 90,5 оноо буюу Онц сайн гэж үнэлсэн юм.
Түүнчлэн цаашид удирдлагын менежмент, цагийн байдалд шуурхай арга хэмжээ авах чадавхийг дээшлүүлэх, нэгж, удирдлага хоорондын харилцан ажиллагаа, уялдааг сайжруулах, техник хэрэгслийг нэмэгдүүлэх, иргэдэд сургалт сурталчилгаа явуулахад анхаарахыг зөвлөлөө.
Сургуулийн үеэр газар хөдлөлт, үер, мал амьтны гоц халдварт өвчин, уул уурхайн осол, гал түймрийн үеийн дадлага сургуулийг хийж гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлж ажиллав.
Мөн “Яаралтай цуглар” дохиогоор аюулгүй талбайд нүүн шилжих ажиллагаанд 1857 иргэн оролцсон бол нүүлгэн шилжүүлэлтийн ажиллагааг анх удаагаа Налайх дүүрэгт “Монде тур” аялал жуулчлалын баазыг түшиглэн 300 гаруй иргэдийг төвлөрүүлэн амжилттай зохион байгуулсан нь улсын хэмжээнд анхдагч, цаашид жишиг болгох үйл ажиллагаа болсныг нийслэлийн ОБГ-ын бүрэлдэхүүн онцолсон юм.
Сургуулийн төгсгөлд дүүргийн Онцгой комиссын гишүүд, албад мэргэжлийн ангийн дарга нарыг 4 багт хуваан удирдах бүрэлдэхүүний сорилын шалгуурыг явуулж, нийт 2,5 км зайд маршаар гүйлгэн утаат орчноос эрэн хайх, аврах, анхны тусламж үзүүлэх, гал унтраах гэсэн дөрвөн цэгт даалгавар гүйцэтгэсэн байна.
Сургуулийн хаалтын үйл ажиллагаанд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд амжилттай оролцсон байгууллага, иргэдийг шагнаж урамшуулсан юм. Иж бүрэн сургуульд Онцгой комиссын 21 гишүүн, 11 албад, 22 мэргэжлийн анги, 64 аж ахуйн нэгж байгууллагын давхардсан тоогоор 12548 гаруй ажилтан албан хаагч, 256 нэгж техник хэрэгсэл оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
“Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла” хэмээх шүлгийг мэдэхгүй хүн гэж үгүй. Төрийн шагналт, яруу найрагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Очирбатын Дашбалбар агсны энэхүү хоёр мөрт монголчуудын оюун санааны хөтөч болсоор өдгөө 37 дахь жилтэйгээ золгож байна. Их найрагч О.Дашбалбар цэл залуухан хорин гуравхан насандаа энэхүү уран бүтээлээ туурвижээ. Эх оронч, улс төрч, яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучин, зураач зэрэг салбарт нэрээ тамгалсан их найрагчийн мэндэлсний жаран жилийн ой өнгөрсөн баасан гаригт Соёлын төв өргөөнд боллоо. Энэхүү аугаа эх орончийн мэндэлсний жаран жилийн ойд Монголын утга зохиол, улстөрийн нэрт зүтгэлтнүүд, урлаг, соёлын “од”-ууд ах, дүү хамаатан садан, найз, үр хүүхдүүд нь хүрэлцэн ирлээ. Их найрагчийн мэндэлсний тэгш ойн эхлэлд хүү Д.Гангабаатар нь “Өнөөдөр би дөчин хоёр нас хүрлээ.
Өнгөт орчлонгийн нар дөчин хоёр нас хүрлээ
Холхи алсын уулс, хонгор талын толгод дөчин хоёр нас хүрлээ
Хорвоо дээр надтай цуг нарс, горхи дөчин хоёр нас хүрлээ
Аугаа тэнгэр мөнхийн настай, үхэлгүй шидтэй ч
Аяа миний л хувьд дөчин хоёр настай
Асралт нар тэрбум тэрбум жилийг элээсэн ч
Аяа миний л хувьд дөчин хоёр настай” хэмээн аавынхаа уран бүтээлээр энэхүү арга хэмжээг нээв. Тэрбээр “Аав минь өнөөдөр цэл залуу дөчин хоёр настай тэр л дүрээрээ Монголын ард түмэн, үзэг нэгт нөхөд, үзэл бодол нэгтэй андууд, ачит багш, хайрт шавь, амраг садан, үр хүүхдүүд биднийхээ сэтгэлд хүн чанар, мөн чанар, бүтээлээрээ мөнхөрсөн. Нарт хорвоод дөчин хоёр наслахдаа миний аав хорь гаруй ном хэдэн зуун яруу найраг, эсээ, өгүүлэл, уянгын бичлэг, нийтлэл, өөрийн гараар зурсан хорь гаруй уран зургийн бүтээлийг бидэнд үлдээсэн байна. Аавынхаа уран бүтээлийн баялаг сангаас та бүхэнтэйгээ өнөөдөр хуваалцаж байгаад туйлын их баяртай байна” хэмээн үгээ өндөрлөсөн юм. Энэхүү тэмдэглэлт ойг “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо хөтлөн явуулсан. Ойд зориулан уран бүтээлийн үзэсгэлэн, номын баяр, эрдэм шинжилгээний бага хурлыг “Дашбалбар” сан, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын их сургууль, Монголын Уран зургийн галерей, Хүүхдийн төв номын сан, Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музей, Соёл, яруу найргийн академи хамтран зохион байгуулав. Монголын оюуны санааны “Од” О.Дашбалбарын зурсан зураг, бусад бүтээлийн үзэсгэлэн, ойд зориулж шинээр хэвлүүлсэн таван номын нээлт, баярын арга хэмжээ Монголын Уран зургийн галерейд, эрдэм шинжилгээний бага хурал, “Миний мэдэх Очирбатын Дашбалбар” эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол Хүүхдийн төв номын санд тус тус болсон юм. Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхдүүд чуулах оюуны их өргөөнд Монголын оюун санааны их мэргэдүүд хөл гишгэх зайгүй хүрэлцэн ирсэн байлаа. Ойн нээлтийн үеэр О.Дашбалбар найрагчийн дотны анд “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан “Шилийн богд” хэмээх уран бүтээлээрээ ая дуу өргөсөн юм. Энэ үеэр их найрагчийн гэргий Н.Борхүүхэн “Би 18-тай, хань минь 17-той байхад бид хоёр анх танилцаж билээ. Насны ганцхан ханьтайгаа, нарт хорвоо дээр хорин долоон жил ханилсан. Өнөөдөр хайрт нөхрийн маань 60 насны ой болж байна. Энэхүү тэмдэглэлт ойг нь хамтран зохион байгуулж буй ах, дүү, найз нөхөд, үр, хүүхэд, ач, зээ, хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ баярлаж байна” хэмээв. Их найрагч Очирбатын Дашбалбар бол XX зууны төгсгөл үед ид уран бүтээлээ туурвисан, гайхамшигт, суу билэгт яруу найрагч. Түүний шүлэг уран бүтээл нь эх орноо хайрлах, аугаа их хайр бахархлаар амьсгалдаг. Тэрбээр уран бүтээлийн 10 гаруй номыг хойч үедээ үлдээсэн. Их найрагчийн оюун санаа, үзэл бодлын төлөвшлийн эхлэл гэж хэлж болохоор “Салхиар ганхах цагаан өвсөнд амь нас минь буй” хэмээх шүлэг нь байна. Хээр талд намрын салхинд ганхах ганц цагаан өвсөнд өөрийнх нь амь нас байгаа юм шиг энэхүү шүлэгтээ илэрхийлсэн нь үнэхээр гайхамшигтай. Энэ бол түүний уран бүтээлийнх нь удирдтгал юм. Их найрагч О.Дашбалбар өөрийгөө олж авахын тулд цэл залуухан насандаа гайхамшигтай хөдөлмөрлөсөн хүн гэдгийг Монголын оюун санааны нэрт төлөөлөгчид хэлдэг билээ.
Д.Мөнгөндалай: ААВЫНХАА ЖАРАН НАСНЫХ НЬ ТЭМДЭГЛЭЛТ ОЙГООР ХҮН БОЛГОНЫ МЭДДЭГГҮЙ НЭГЭН ШИНЭ ЕРТӨНЦИЙГ НЬ ДЭЛГЭН ХАРУУЛЛАА
Төрийн шагналт, их найрагч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Очирбатын Дашбалбарын том охин, “Өдрийн сонин”-ы албаны дарга, нэрт нийтлэлч Д.Мөнгөндалай: -Аавын минь жаран насны тэмдэглэлт ойгоор урлаг, соёл, төр засгийн төлөөлөл болсон нэрт зохиолчид, улстөрчид, найз нөхөд, ах, дүүс, уран бүтээлийг нь шимтэн унших дуртай олон түмэн, дэмжигчид нь хүрэлцэн ирлээ. Аавынхаа мэндэлснийх нь тэгш ойн жилүүдийг бид бүхэн ийн тэмдэглэдэг. Өнөө жил аавын зурсан уран зургуудаар нь том үзэсгэлэн дэлгэж, олон түмэнд сонирхууллаа. Мөн аавынхаа “Миний захидлууд” хэмээх номыг шинээр хэвлэж уншигч түмэндээ бэлэг барилаа. Одооны хүмүүс нэгэндээ захиа бичихээ бараг больсон. Энэхүү номонд хүний сэтгэлээс гарах дотоод харилцааг ил болгож тавьснаараа онцлог болсон болов уу. Зарим хүмүүс миний аавыг яруу найрагч талаас нь түлхүү мэддэг. Гэхдээ аав маань шүлэг, яруу найраг бичихээс гадна хөгжмийн зохиолч, олон төрлийн хөгжмийн зэмсгээр тоглодог, сайхан дуулдаг, зурдгийг нь тэр бүр мэддэггүй. Тийм болохоор аавынхаа болор талст шиг олон талын авьяасыг нь харуулахаар энэ жил уран зургуудыг нь нийтэд дэлгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл аавынхаа жаран насных нь тэмдэглэлт ойгоор хүн болгоны мэддэггүй нэгэн шинэ ертөнцийг нь дэлгэн харууллаа. Өмнө нь бид аавынхаа тэгш ойн тэмдэглэлт өдрийг орон нутагт нь бөх барилдуулж, морь уралдуулж, яруу найргийн наадам зохион байгуулдаг байсан. Гэвч энэхүү арга хэмжээ маань төдийлөн хүнд хүрж чадахгүй байгааг мэдсэн. Тийм болохоор өнөө жил нийслэлд буй олон түмэнтэйгээ аавынхаа тэмдэглэлт ойг хамт өнгөрүүлэхээр шийдсэн. Тэр ч утгаараа илүү олон хүн, илүү өргөн хүрээнд энэ удаагийн арга хэмжээ өргөн дэлгэр болж өнгөрлөө” хэмээв.
Т.Галсан: ТҮҮХ САЙН ХҮҮГЭЭР ДУТДАГ Л ЮМ БАЙНА
Монгол Улсын ардын уран зохиолч, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Тангадын Галсан:
-О.Дашбалбарын мэндэлсний жаран жилийн ойгоор түүний хүү Гангабаатар нь аавынхаа улс төрийн үзэл баримтлалынх нь тухай ярьж байхыг сонсоход цаг, түүх надад дахин амилах шиг сайхан санагдлаа. Улсаа худалдсан урвагчидтай, идэж уухын донтонтой, эвлэшгүй тэмцдэг тийм шударгуу улс төрч, сайхан эх оронч хүн байсан даа. Гачлантай нь дэндүү эрт дээд тэнгэрийн оронд дуудагдчихсан. Тэгээгүй бол Монголын улс төрд нүүрлэсэн авлига, энэ “овт шаарууд”, оргож цугтаагчдын шийрүүд ийм олноороо төрөхгүй байсан. Түүх сайн хүүгээр дутдаг л юм байна гэсэн бодолтой байна. Дашбалбар өдгөө амьд сэрүүн байсан бол миний дунд хүүтэй насны хувьд ойролцоо байх байлаа. Ер нь ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэдэг шиг ахмад үеийг хүндэтгэх сэтгэлээрээ надтай их эрт уулзаж, танилцаж, олон удаа лонхны бөглөө сэтгэлийн таглаа онгойлгож байсан. О.Дашбалбар хуучин нийгмийн хүн атлаа шинэ нийгмийн хувь заяаны төлөө зоригтой тэмцэж явсан улс төрч. Өнөө жил туужийн зохиолын их аварга Чадраабалын Лодойдамба гуайн ой, “Маамуу нааш ир” хэмээх ганцхан шүлгээрээ Монголын зургаан үеийг хүмүүжүүлсэн их яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэн нарын 100 жилийн ой тохиож байна. Эх хэлийн дархан аваргуудын ойг Монгол Улс төрийн дэмжлэгээр тэмдэглэхгүй байгаа нь их харамсалтай. Уг зүйдээ их л бага мөнгө орох юм шүү дээ. Гэтэл Засаг аймагт үүрэг өгчихдөг. Аймаг нь төсөв батлаад суманд нь үүрэг өгчихдөг. Нөгөө төсвийн мөнгөө дараа нь цохьчихдог байхгүй юу. Ингээд сумаас үр хүүхдүүд нь тэмдэглэ гэдэг. Тэгээд үр, хүүхдүүд нь аав, ээждээ хайртай юм болохоор нутаг орондоо суварга босгож, бөх барилдуулж, таван насны морь уралдуулаад л өнгөрдөг. Энэ бол авьяас билгийг, эх хэлний дархан аваргуудыг мартахуйн мананд оруулах гэсэн харийн бодлого л юм даа.
Ш.Сүрэнжав: ӨДГӨӨ ДАШБАЛБАРЫГ АЛГАБОЛСОНД БИ БАС ИТГЭЖ ӨГӨХГҮЙ Л БАЙНА
Монгол Улсын ардын уран зохиолч, төрийн шагналт Шаравын Сүрэнжав:
-Дашбалбар бидний одоог хүртэл хийж чадаагүй, хүмүүст уран бүтээлээрээ хэлэхийг хүссэн амьдрал, хүний мөн чанарын тухай ойлголтыг тухайн үедээ гаргаж ирж, олны хүртээл болгож чадсан аугаа найрагч юм. Дашбалбарыг хойшоо явж сурахаас нь өмнө хамт явах гэж буй хүүхдүүдээс математикийн шалгалт авсан юм. Манай хүн ямар юмных нь тоо мэдэх билээ. Ингээд шалгалт автал шалгалтын материалан дээр нь шүлэг биччихсэн байсан юм. Тэгтэл Дээд боловсролын хорооныхон “Манайхаас зохион байгуулсан арга хэмжээг зориуд нурааж, унагаж байна” хэмээн зарга хийснээр Дашбалбарын Оросод сурах нь асуудал болж байлаа. Ингээд томчууд дээгүүр ярьсаар байж Дашбалбарыг хойно хоёр жил сургасан юм. Очирбатын Дашбалбар бидний үед төрсөн энгүй их суу билэгтэн байсан. Тэрээр аав Очирбатыгаа өөд болоход нь “Дээлийг тань өмсөж, бүсийг тань бүслээд
Дэлхий дээгүүр хүү чинь алхаж явна даа
Арван тавны сар оддын адил мэлмэрнэ
Алга болсонд тань нэг л итгэж өгөхгүй байна” хэмээх шүлгээ бичиж билээ. Үүнтэй адил өдгөө Дашбалбарыг алга болсонд би бас итгэж өгөхгүй л байна.
Ц.Хулан: ЭХ ОРОНЧ, ЯРУУ НАЙРАГЧ О.ДАШБАЛБАРЫН УРАН БҮТЭЭЛИЙН ЦӨМ, АГУУЛГААС УЛС ТӨРЧИД ИЧИХ ЁСТОЙ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Цоодолын Хулан:
-Өдгөөгөөс дөчин жилийн дараа О.Дашбалбар найрагчийн 100 жилийн ойгоор нь ЮНЕСКО-оос монголчуудын оюун санааны яруу найргийн сод төлөөлөл болсон Очирбатын Дашбалбарын яруу найргийг соёлын үнэт өвд бүртгэх байх. Магадгүй тэр үед Монголын одон орон хөгжиж Очирбатын Дашбалбар буюу овог, нэрийнх нь эхний үсгээр “ОД” болон гэрэлтсэн энэхүү хүмүүн одыг тэнгэрт нэр зааж, нэгэн одыг Очирбатын Дашбалбар хэмээн нэрлэх байх аа” хэмээн яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо гуай их сайхан зүйлийг ярьж бидний сэтгэлийг бөмбөрүүлж, хөдөлгөлөө. Үнэхээр ч тийм юм. Яруу найрагчтай ард түмэн яруу найрагчгүй ард түмнээс оюун санаа, сэтгэлгээний хувьд илүү баян байдаг. Очирбатын Дашбалбар шиг найрагч нэгэн зуунд ховорхон төрдөг. Одоогоос хорь, гучин жилийн өмнө тэрээр “Газар шорооны төлөөх тулалдаан эхэллээ” хэмээн ярьж, бичиж байсан. Өнөө цагт дэлхий дахинд ийм л байгаа. Ирээдүйг эртнээс харж бичдэг ийм л яруу найрагч хүн. Эх оронч, яруу найрагч О.Дашбалбарын уран бүтээлийн цөм, агуулгаас улс төрчид ичих ёстой. Яруу найргийг хавсралт урлаг мэт ойлгож, яруу найргийг зүгээр толгой холбож, уран ярьдаг хүмүүс мэтээр ард түмэнд ойлгуулахыг улс төрчид хүссээр ирсэн. Санасандаа ч хүрч чадаж байгаа. Гэтэл үүний эсрэг бослого зарлаж буй мэт Дашбалбарын ном бүтээл өнөөдөр жаран жилийнх нь ойгоор дахин ирж байна. Тэгэхээр Дашбалбар судлал бол зөвхөн явцуу хүрээний уншигчид юм уу, түүний найз нөхөд, ар гэрийнхний асуудал биш ээ. Дашбалбар судлалыг улам сайн хөгжүүлж, монголын ард түмэнд яруу найрагчийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх учиртай. Их найрагчийн үзэл санааг Монгол даяараа мэдэж байж гэмээн өнөөдөр манай улс хөгжлийнхөө зөв голдрилдоо орно.
Д.Жаргалсайхан: ДАШБАЛБАР БОЛ ӨӨРӨӨ ТЭР ЧИГТЭЭ БРЭНД ЮМ
“Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан:
-Дашбалбар бол өөрөө тэр чигтээ брэнд юм. Тэр байж байгаа, амьдарч байсан хэв маяг, зан ааш нь рок. Шүлэг зохиол нь эрч хүчтэй, галтай цогтой. Ерөөсөө маш хоромхон зуурд амьдраад буцахдаа энэ хорвоог зүгээр бужигнуулчихсан л хүн шүү дээ. Үүнийг хэлэх нь зүйтэй. Дашбалбар маань Их хурлын гишүүн байхдаа тэрхүү хүндтэй индрээс Монголын эстрад, рок попын урлагийг дэмжиж, олон улсын хэмжээнд гаргахад хөрөнгө мөнгийг нь шийдээч хэмээн хэлж байсан ганц хүн юм. “Чингис хаан” хамтлагийг 1991 онд Япон руу явж байхад өөрийнхөө “Зохист аялгуу” хэмээх сониныхоо бүтэн том нүүрийг “Чингис хаан, арлын Японыг байлдан дагуулахаар явлаа” хэмээн гаргаж байсан. Тухайн үед ингэж гаргах нь бас л их зориг шүү дээ. Тэгэхээр энэ хүн өөрөө их өргөн дэлгэр сэтгэж чаддаг, хэнээс ч айж ширвэдэггүй. Үнэхээр шүлэгтэйгээ адил цогтой, зоригтой сайхан амьдарсан хүн юм. Намбарын Энхбаяр Монголын зохиолчдын хороонд орчуулагчаар ажиллаж байхад Дашбалбартай намайг танилцуулж байсан юм. Анх тавдугаар сургуулийн урд байрлах мурий цагаан байранд гэрт нь очиход анд маань хөлөө хугалчихсан байдалтай намайг угтаж билээ. Тухайн үед би гэнэт яваад очсон болохоор Дашбалбар их санаа нь зовсон байдалтай, яахаа мэдэхгүй тэвдэж “За ороорой” хэмээн хэлж билээ. Ингээд дотогшоо орох гэхэд жижигхэн өрөөнд хүүхдүүд нь шалаар нэг тоглоомоо асгаад тоглож байна. Би хаагуур нь гарахаа мэдэхгүй зогсож байсан тэр үе бол найзтайгаа нүүр тулж уулзсан анхны өдөр байсан. Энэ өдрөөс хойш бид хоёрын нөхөрлөл эхэлж, олон сайхан уран бүтээлийн эхлэл тавигдаж билээ. Анх уулзсан өдөр тэднийд гурван цаг гаруй ярьж, суугаад гарахдаа “Бороотой үдшийн дуу”, “Бага насны дурсамж”, “Дарьганга нутаг”, “Наранбулаг”, “Гэгээн наранд ойрхон өслөө” хэмээх бага насны дурсамж шингэсэн маш олон шүлгүүдийг нь аваад гарснаа санж байна. Энэ үе бол 1984 он шиг санагдаж байна. Дашбалбарын гэрт нь зочлохоор анд маань надад өөрийн хийж бүтээсэн бүх зүйлээ харуулж, сүйд болдог байсан. Борхүүхэнийхээ чанаж өгсөн чихэртэй баахуу цайг бид хоёр хөлсөө гартал ууж, андынхаа шүлэг, уран бүтээлийг нь уншаад суух шиг жаргал үгүй байжээ. Бид гэр бүлийн их сайхан найзууд байлаа. Би Борхүүхэний гарын хоолыг олон ч жил идлээ. Дашбалбар ч манай гэргийн цайг олон удаа уусан даа. Миний хүү Тэнгэрийг төрөхөд анд минь “Тэнгэр шиг бай” хэмээх шүлгээ зориулан бичиж байсан. Дашбалбарын гэрт яг хажууд нь суугаад яруу найргийг нь уншихад ер бусын эрч хүч, энерги мэдрэгддэг шүү. Тухайн үед Дашбалбарыг ажиглаж байхад яг гараанаасаа гарах гэж буй хурдан морь шиг нэг л аугаа зүйл хийх нь мэдрэгдэж, эрч хүч нь буцалж байсан. Ер нь хүнтэй анх уулзаж, хэдэн үг солиход л тэр хүний ямархуу сэтгэлтэй, мөн чанартай хүн болохыг нь мэдэрдэг шүү дээ. Тэр утгаараа бид хоёрын нөхөрлөл их удаан, сайхан байх нь ээ хэмээн зөнгөөрөө мэдэрч билээ.
Ай.Төмөр-Очир: ЖИНГИЙН ЦУВАА ХОЛДОХ ТУСАМ, ЭНЭ ХҮНИЙ НЭР АЛДАР, УРАН БҮТЭЭЛ НЬ УЛАМ ТОДОРНО
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ай.Төмөр-Очир:
-Очирбатын Дашбалбар хэмээх эгэлгүй хүн 1957 оны тахиа жил төрсөн. Жаран насных нь ой тахиа жил тохиож байна. Би Сүхбаатар аймгийн Наран сумын хүн. Бид хоёр гэмгүй сайхан найзалж, нөхөрлөж байсан. Балбар маань надаас ганц хоёр ах байх. УИХ-ын XXXI тойрог гэж Монголын улс төрийн түүхэнд анх удаа улс төрийн гурав дахь хүчин гарч ирэн УИХ-д суудал авсан. 1996 онд Балбарыг УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд нь миний бие менежерээр нь ажиллаж байлаа. Очирбатын Дашбалбар бол төрийн шагнал, төрийн түшээдийн тэмдгийг энгэртээ зүүсэн ганц улстөрч. Тэрбээр бурхан болохдоо “Сэгэн дээр минь битгий уйлаарай, Сэвсэн дээр минь олигтойхон дуугараарай” хэмээн гэрээслэсэн. Энэ үгийг хэн нэгэнд нэр зааж хэлээгүй ч Монголын яруу найрагч, орчин үеийн залуустаа эх орончийн дуу хоолой тасрахгүй шүү, иртэй байгаарай хэмээн хэлсэн үг гэж ойлгодог. Жингийн цуваа холдох тусам, он цаг алсрах бүр энэ хүний нэр алдар, уран бүтээл нь улам тодорно.
Д.Нямаа: МОНГОЛЫН УТГАЗОХИОЛЫН НАЯАД ОНЫХОН ГЭДЭГ БОЛ АЛТНЫ СУДАЛ ШИГ ҮЕ ЮМ
Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн эрхлэгч Данзангийн Нямаа:
-Их найрагчийн амьдралынх нь гэрэлт агшин гэнэт санаанд буулаа. Дашбалбар маань анх удаа Улаанбаатар хотод зураач болох санаатай орж ирж билээ. Балбартай би 1970-аад оны дундуур танилцсан. Монгол Улсын Их сургуулийн С.Дулам багшийн дугуйлан дээр Багшийн дээдийнхэн, “Гал” нэгдлийнхэн ирж шүлгээ уншдаг байв. Тэнд Балбар маань ирж шүлгээ уншдаг, их гал цогтой яруу найрагч байсан. Манай “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн анхны дугаарт Очирбатын Дашбалбарын яруу найрагч Бямбажавын Хүрэлбаатарт бичсэн захиа нийтлэгдэж билээ. Тэр захианд “Би яруу найргийг өөрийнхөө амьдралын утга учир болголоо” хэмээн бичиж байсан юм. Тэгэхээр арван долоохон настай хүү амьдралынхаа утга учрыг тэр үед, ингэж тодохойлно гэдэг бол аугаа их авьяастайн шинж. Би ч бас 16, 17 настай явсан. Хэзээ ч амьдралынхаа тодорхой итгэлийг хүнд ингэж хэлж байгаагүй. Ийм насны хүүхдүүд амьдралын утга учрыг ойлгох нь битгий хэл таниа ч үгүй, дэрвэж, дарвиж л явдаг шүү дээ. Гэтэл Балбар маань цэл залуугаараа хүний амьдралын утга учир, мөн чанарыг ойлгочихсон байсан нь аугаа хүний төрөлхийн билэг, танхай авьяас, суу билэг юм. Он цаг өнгөрч, түүхийн шаргал хуудас зузаарахын хэрээр Очирбатын Дашбалбарын яруу найраг, уран бүтээлийн өнгө, агуулга нь улам л тодорно. Биднийг наяад оныхон гэдэг. Энэхүү өндөрлөгөөс эргээд харахад Монголын утга зохиолын наяад оныхон гэдэг бол алтны судал шиг үе юм. Ухаандаа яруу найрагч Очирбатын Дашбалбар, Нямсүрэн, сумын заан алдарт Мягмарсүрэн, яруу найрагч Цэндийн Чимэддоржгүйгээр Монголын уран зохиолын яруу найргийг ярих ямар ч боломжгүй болчихож байгаа юм. Мөн Пүрэвжавын Баярсайхан зохиолчийг ярихгүйгээр тууж өгүүллэгийг, Соргодогийн Жаргалсайханыг ярихгүйгээр орчин үеийн уран зохиолын кино, жүжгийг тодорхойлох боломжгүй болчихно. Ингээд яриад байвал наяад оныхны авьяас билгийн тэрхүү сондор бол ёстой алтны судал шиг гялалзаж байсан юм аа” хэмээв.
Нийслэлийн Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг нээлтээ хийлээ. Тус эмнэлгийг нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы санаачилгаар “Хангарьд-Улаанбаатар” ТББ, БНХАУ-ын Энхтайван найрамдлын сантай хамтран буцалтгүй тусламжаар “Бадрах инженеринг” ХХК хийж гүйцэтгэсэн ийнхүү ашиглалтад хүлээлгэн өгч байна.
7 сарын хугацаанд сүндэрлэн боссон 4 давхар хүүхдийн эмнэлгийн нээлтэд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, “Хангарьд Улаанбаатар” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаяр, Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ван Хуа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй хүндэт зочид оролцсон юм.
Энэ үеэр хөрөнгө оруулагч тал болох Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ван Хуа нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ дахин нэг сая юаний өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж олгохоор шийдвэрлэсэн тухай баяртай мэдээ дуулгав. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы хувьд дүүрэгтээ хүүхдийн эмнэлэг барих ажлыг анх санаачилж, уйгагүй хөөцөлдсөний эцэст ийнхүү биеллээ олж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид болон барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн компани, энэхүү ажилд сэтгэл зүтгэл гарган оролцсон бүх хүнд талархлаа илэрхийлсэн юм.
Ийнхүү Налайхын хүүхэд, залуусын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сахин хамгаалах будаг нь ханхалсан цоо шинэхэн орд өргөө нээлтээ хийлээ.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны есдүгээр сарын 22-ны өдрийн А/703 дугаар захирамжаар Нийслэлийн өдрийг угтан нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудад тавигдах стандартын шаардлага, гэрээний үүргийн биелэлт, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилго бүхий болзолт уралдааныг есдүгээр сарын 25-ны өдрөөс аравдугаар сарын 25-ны өдрийн хооронд зохион байгууллаа.
Тус уралдааны дүнгийн хурлыг 2017 оны аравдугаар сарын 28-ны өдөр “Монголын хүүхдийн ордон”-д зохион байгуулж салбарын шилдгүүдээ шалгарууллаа. Тус хуралд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, НЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Замын Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ-ын дарга Д.Одбаяр, “Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”-ийн гүйцэтгэх захирал С.Тойвгоо, “Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ц.Наранмандах нар оролцсон.
Уг уралдааны тэргүүн байрыг “Тэнүүн Огоо” гуравдугаар бааз ХХК, II байрыг “Мяралзаа” ХХК, III байрыг “ДЮЦ” ХХК, Тусгай байрыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “НЧБ” ХХК, “Сутайн Буянт” ХХК эзэлсэн юм.
Такси үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудаас “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК Тэргүүн байр, “ТЭБЭ сервис” ХХК II байр,” ЦББ” ХХК III байранд шалгарч бусад аж ахуй нэгж байгууллагуудаа манлайллаа. Мөн тус дүнгийн хурлын үеэр нийтийн тээврийн салбарт амжилттай ажиллаж байгаа 22 жолоочид Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнасан юм
Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ
Гэрбүлийн байдал:
34 настай, арслангийн орд, Эхнэр хоёр хүүгийн хамт амьдардаг
Боловсрол:
- 2001 он “Боловсрол цогцолбор” (одоогийн Гүн Галуутай цогцолбор сургууль) сургууль, математикийн гүнзгийрүүлсэн анги
- Сингапур улс Кембриж хэлний институт
- ШУТИС-КТМС-ийн мэдээллийн системийн бакалавар
- ОХУ, Олон улсын залуучуудын манлайллын хөтөлбөр
2005 он
2006 он
2009 он
- С.Зориг сангийн “Залуу манлайлал” нэг жилийн хөтөлбөр
- “Монголын Хөрөнгийн Бирж”-ийн Хөрөнгийн зах зээлийн мэргэшүүлэх сургалт
2011 он
- Малайз улс, “Contact Center Operations” сургалтын хөтөлбөр
- “ATTF Luxembourg” “Харилцагчийн үйлчилгээ ба борлуулалт”сургалт
2013 он
- АНУ International Leadership Training Course
- АНУ, НҮБ-ээсзохион байгуулсан “Олон Улсын залууудирдагчдын Ассамблей”
- МУИС Олон Улсын Харилцааны сургуулийн олон улсын эдийн засгийн харилцааны магистр
- АНУ Нью Иорк хот, Дейл Карнеги Академи, Sales Marketing academy дүүргэсэн.
2014 он
- Тайланд улс, Аж Үйлдвэрийн Яам, Азиын бүтээмжийн байгууллага, Service Sector In Novation Service Excellence Training
- “Монголын бүтээмжийн байгууллага”-ын бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх сургалт
- “Азийн бүтээмжийн байгууллага”-ын Үйлчилгээний байгууллагын төгөлдөршил сургалт
2015 он
Япон улс, Японы Чанарын Удирдлагын Системийн Сургалт
- Skills for Success High Impact Presentation, Dele Carnegie Course
- Center for Asian Leadership course, Harvard University, Азийн манлайлагч хөтөлбөр
- Switchback System Corp Canada, Switchback foundation сургалт
- 6 Sigma Green bell: DMAIC ногоон бүснийсургалт
2016 он
- “Удирдлагын бүтээмж 30+%” хөтөлбөрийн төгсөгч, “NPC Mandal” байгууллагын сэтгэл зүйн төв
- LEAD Mongolia хөтөлбөр АНУ-ын ЭСЯ, USAID, World Learning
2017 он
Ажлын туршлага, сонгуульт ажил
2003-2005
- ШУТИС-ийн удирдах зөвлөл, Ректорын зөвлөлийн гишүүн
- ШУТИС-ийн оюутны холбооны ерөнхийлөгч
- БЗД-ийн АЗХ-ны үүсгэн байгуулагч
- Багануур дүүргийн 1000 оюутны анхдугаар их чуулганы зохион байгуулагч, холбоог үүсгэн байгуулагч
Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД
Төрсөн газар: Дархан-Уул аймаг, 1983.02.02-нд мэндэлсэн
Гэр бүлийн байдал: Гэргий болон гурван хүүгийн хамт амьдардаг
Боловсрол: Нийслэлийн 50-р дунд сургуулийг 2001 онд
МИУС-ийн Хууль зүйн сургуулийг 2006 онд
АНУ-ын Индианагийн их сургуулийн Хуулийн сургуулийг 2008 онд
Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургуулийг 2016 онд тус тус дүүргэсэн.
Мэргэжил: Эрх зүйч /LLB/, Хууль зүйн ухааны /LLM/ болон
Төрийн удирдлагын /МРА/ магистр
Бэлтгэл хошууч
Ажлын туршлага:
2001-2003 онд МҮОНРТ-ийн Хүүхэд, сургалт, танин мэдэхүйн Ерөнхий редакцид хөтлөгч.
2003-2006 онд Нээлттэй мэтгэлцээний холбоонд багш
2009 онд ХЗДХЯамны харъяа Хууль зүйн үндэсний хүрээлэнд Гадаад харилцаа, хүний нөөцийн ажилтан
2009-2012 онд Ерөнхийлөгчийн Тамгын Газрын олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны дарга
2012-2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч
2015 онд Ардчилсан намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга
2017 оноос Ардчилсан намын Улс төрийн бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга
Улстөрийн туршлага:
2006 оноос Ардчилсан намын гишүүн
2009 оноос Ардчилсан Залуучуудын Холбооны УЗ-ийн гишүүн
2014-2016 онд АЗХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч
2016 оноос Сүхбаатар дүүргийн ИТХ-ийн төлөөлөгч, Тэргүүлэгч
2016-2017 онд Нээлттэй АН шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч
2016-2017 онд өрнөсөн АН-ын даргын сунгааны уулзалт даргалагчаар 21 аймаг, 9 дүүрэгт ажилласан
2009, 2013, 2017 онуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийн сонгуулийн кампанит ажилд ажилласан
2014 оноос Сүхбаатар дүүргийн намын хорооны гишүүн
2017 оноос Нийслэлийн намын хорооны гишүүн
2017 оноос Үндэсний бодлогын хорооны гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байгаа.
Бүтээлүүд:
“Эзэнт гүрний туульс”, “Монгол зарчим” зэрэг арав гаруй ном, бүтээл хэвлүүлсэн.
Санаачилсан болон үүсгэн байгуулсан ажлууд:
Түүх судлалыг дэмжигч “Жак Уэтэрфорд” сангийн тэргүүн
JCI “Дэлхийн залуу үе танхим” байгууллагад 2006 оноос хойш алба хашиж ирсэн
Монголын байт харвааны холбооны УЗ-ийн гишүүн
Энхийг сахиулагчдын гэр бүлийг дэмжих төвийг санаачлагч, Афганистан улсын хэд хэдэн хотуудад цэрэг, эх оронч сэдвээр 2013 онд лекц уншиж байсан
Залуусыг дэмжигч “Хөгжлийн танхим” ТББ болон Монгол хэл бичгийг дэмжигч “Язгуур соёл сан” ТББ-ыг үүсгэн байгуулагч
Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Дээд танхимын дарга ноён Милан Штех тэргүүтэй төлөөлөгчдийн тусгай үүргийн онгоц Монгол Улсад түр саатах үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хүндэтгэл үзүүлэн бараалхлаа.
Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын мэндчилгээг уламжилж, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх боломжууд, боловсрол, соёлын хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааг дэмжих зэрэг хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Сенатын дарга Милан Штех Монгол, Чехийн уламжлалт харилцааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломж бийг тэмдэглээд цаашид бүхий л талын дэмжлэг үзүүлэхээр болов.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Үндэсний өгөх өдөр” энэ жил охидын хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” уриа доор болох аж. Уг хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөнийг “Өгөх өдөр хөдөлгөөн ТББ”, “Лантуун дохио ТББ” хамтран санаачилж эхлүүлээд байгаа юм. Тэд хүчирхийллийн талаар долоо хоног шуугиад өнгөрөх бус нийгмийн сэтгэлзүйг өөрчилж, хууль журам бодлогын бодит өөрчлөлт хийх, хүн хүнээ хайрлах сэтгэлийг түгээх нөлөөллийн томоохон ажлуудыг хийхээр зорьж байгаа юм байна. Өнөөдрөөс эхлээд “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөн эрчимжиж улс орон даяар болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчуудыг хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриаллаа. “Нүдээ нээ” хөдөлгөөний хүрээнд стикэр, футболк зэрэг бүтээгдэхүүнүүд худалдагдаж байгаа бөгөөд авснаар хүүхдийн төлөө дараах алхмуудыг хийхээ амлаж байна гэсэн үг ажээ.
Хувь хүн, албан байгууллагын гурван амлалт:
- Би нүдээ нээснээр ямар ч үед, аль тохиолдолд хүүхдэд туслахад бэлэн гэдгээ илэрхийлж байна.
- Би нүдээ нээснээр хүүхдийн хүчирхийлэл, эрх зөрчигдсөн тохиолдолтой таарвал сохор хүн мэт зөрөх биш 108 утсанд дуудлага өгч мэдэгдэх, 102, 107 утсанд мэдээлэл өгөх болно.
- Би нүдээ нээснээр сайн аав, сайн хөрш, сайн ах эгч байхыг хүмүүст уриалж нэг ч гэсэн хүнд энэ талаар нөлөөлөх болно.
Жолооч тээврийн хэрэгслийн гурван амлалт:
- Би бол нүдээ нээсэн жолооч тийм учраас би үргэлж суудлын бүсээ зүүх, бас тээвэрлэж яваа хүүхдээ суудлын бүсийг нь зүүлгэх болно.
- Би бол нүдээ нээсэн жолооч тийм учраас би үргэлж хүүхдийг хүндэлж гарцан дээр тэднийг түрүүлж гаргах болно.
- Би бол нүдээ нээсэн жолооч тийм учраас би үргэлж шаардлагагүй тохиолдолд дуут дохиог хэрэглэхгүй байхыг хичээж, авто хөдөлгөөнд соёлтой оролцох болно.
Нүдээ нээсэн зочид буудлын гурван амлалт:
- Манайх бол нүдээ нээсэн зочил буудал тийм учраас бага насны хүүхэд зочид буудалд орж ирсэн тохиолдолд түүний бичиг баримт, хууль ёсны харгалзагчийг заавал шалгаж сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаад мэдэгдэх болно.
- Манайх бол нүдээ нээсэн зочил буудал тийм учраас үргэлж зочид буудалдаа хяналтын камерыг 24 цагаар ажиллуулж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх болно.
- Манайх бол нүдээ нээсэн зочил буудал тийм учраас бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, бэлгийн мөлжлөг, гулгаа массаж, архи согтууруулах ундаа, мансуурах бодис хэрэглэхийн эсрэг тэмцэх болно.
Коридор гэж ийм юмыг хэлж байгаа юм. Анх үүнийг албан ёсоор хэлсэн хүн нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Тэрбээр огцорсныхоо дараа “Монголд АТГ, ТЕГ, Прокурор, Шүүх, ШШГЕГ-ыг дамнасан коридор бий боллоо. Хууль хүчний эдгээр байгууллагууд улс төрчдийг захиалгаар намнаж, цөөнгүй хүмүүсийг хэлмэгдүүлж байна. Үүнийг таслан зогсоохгүй бол энэ улс юу болж хувирах вэ…” хэмээн барин тавин баримтаар ярьсан нь хүмүүсийг сэрдхийлгэн нийгэмд хүрсэн юм.
Энэ коридор хаанаас эхэлснийг хүмүүс мэдэж байх ёстой. Улс төр судлаачдын бичиж байгаагаар АТГ-ын дарга Ч.Сангарагчааг коридорт очсон анхны хүн гэж үздэг. Ч.Сангарагчаа хурандаа шударга ажиллах гэж үзсэн хүн юм шиг байна лээ. АТГ-ыг утгаар нь, хууль ёсны дагуу ажиллуулах гэж зүтгэсний хариуд орлогч дарга Д.Сандуйсүрэнтэйгээ хамт 2,4 жилийн ял авч “Ганц худаг” руу ачигдсанаар хууль хүчний байгууллагуудыг торлон хэрсэн ямар аймшигтай коридор бий болж эхэлснийг ганц нэг айхавтар хүмүүс анзаарч эхэлсэн байдаг юм. Харамсалтай нь тэд амаа хамхиж, “Надаас л холуур байгаасай” хэмээн залбирсан санагддаг. Ч.Сангарагчаа, Д.Сандуйсүрэн хоёрт тулгасан ял нь төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, загасны хэрэгсэл авахад 10 саяыг үрсэн, мөн ажилчдадаа байр авахад нь байгууллагаас тусалсан гэх мэт. Үнэндээ энэ бүхэн бол шалтаг төдий зүйл байлаа. Өнөөдөр төрийн мөнгийг буцалтгүй тусламж нэрээр хэдэн зуун саяар нь үрчихсэн нөхөр гадаадад зугаалаад, зүгээр л явж байна. Учир нь тэр хүн коридорт ажилладаг хүмүүстэй эрх ашиг нэгтэй юм шиг байна. Ер нь бид анхандаа Ч.Сангарагчаа, Д.Сандуйсүрэн нарыг коридор руу оруулж байна гэж мэдээгүй юм. Хууль хүчнийхэн шударга ажиллаж эхлэх нь, хоёр нөхөр эрх мэдлээ хэтрүүлчихсэн юм байна. Ингэлгүй яахав дээ гэх шиг юм бодоцгоож билээ.
Ингээд удалгүй алдарт оймс гозойлгосон хэрэг мандсан. Монгол Улсын Ерөнхийлөгч асан нөхрийг их хэмжээний авлига авч, улсын хөрөнгө мөнгө, гадны тусламж зээлийг ах дүүсээрээ нийлж идсэн гэх ойлголтыг нийгэмд өгсөн. Энэ мэдээлэл системтэй, маш сайн шат дараалалтайгаар чөлөөт хэвлэлүүдэд хүрч, бараг тэр чигээрээ “Авлигалын загалмайлсан эцэг” гэсэн гол сэдэвтэй болцгоосон. Ингээд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг гэрээс нь баривчлахын тулд тусгай хүчнийг хөдөлгөж, гэр орныг нь түйвээж, ард түмний нүдэн дээр аймшигтайгаар “Ганц худаг” руу шөнө дөлөөр ачихад ард түмэн “Энэ чинь юу болоод явчихав” хэмээн сэрдхийсэн санагдана. Гэвч хүчний байгууллагын зүгээс хэвлэл мэдээллийнхныг ашиглаж, нийгмийн сэтгэл зүйг угаасан албан мэдээллүүдийг зогсолтгүй өгч, үнэхээр дийлдэшгүй авлигач байсан мэт ойлгуулсаар байлаа. Үр дүнд нь тэр хүн шоронд үхэх шахсан. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн шоронд яаж амьдаараа тарьчилдгийг, нэр төрөөрөө яаж тоглуулдгийг монголын ард түмний зургаан сая нүд хэдэн сар харсандаа. Эцэстээ энэ хүнд тулгасан хэрэг, хүлээлгэсэн ял юу болж хувирсныг бид санаж байгаа. Өнөө их авлигал, идсэн уусан зүйл нь хоног хоногоор хорогдсоор сүүлдээ бүр тулгах, хүлээлгэх юмгүй шахам болж, төрийн ордны баруун талын дөрвөн давхрын нэг орцыг нийслэлийн өмчөөс луйвардсан болж, дээр нь бичсэн номоо гадаадаас авчрахдаа МИАТ-ыг ашигласан гэх инээдэмтэй хэрэг болж хувирсан билээ. Ном үнэгүй тээвэрлэсэн зардал нь дориун нэг вискины үнэтэй дүйхүүц болсон. Өнөө аймаар том зочид буудал нь орон сууцны нэг муу умгар орцны хоёр өрөө байгаад, тэр менежментийн хувьчлал болж таарсан билээ. Ч.Сангарагчаагаас Н.Энхбаяр хүртэлх коридорын схемийг харвал энэ хоёрын дунд даага шүдлэн төдий нөхдийг бол нэлээн шоглож, зүрхийг нь үхүүлэн, айдаст автуулж, цаашдын зам мөрөө зассан “коридор ажиллагаа” байсныг одоо хүмүүс нэгэнт мэдэх болжээ.
Дараа нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг руу орсондоо. За ёстой түүнийг, эргэн тойрныхныг нь шар махтай нь хатаасандаа. Эхлээд түүний ахлах зөвлөх Л.Гансүхийг барьж хорьсон. Нийслэлд ойрын 10 жилийн түүхэнд байгаагүй хямд нүүрсийг хэрэглэгчдэд түгээсний шанд Л.Гансүх шоронд орлоо. Түүнтэй Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэнг холбож шоронд хийв. Энэ хоёртой ханьсуулан Н.Алтанхуягийн төрсөн дүүг нь, эгчийнх нь хүүхдийг, сүүлдээ бүр эхнэрийг нь нисэх буудлын терминалаас хүчнийхэн чирч гаргав. Үргэлжлүүлэн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь огцруулж, АТГ дуудан ял хэлэлцэв. Ийм мөчид, ийм байдалд орсон хүмүүст цор ганц аврагч нь хэвлэл мэдээллийн хэдэн сэтгүүлчид л байдаг хойно, Н.Алтанхуяг дарга АТГ-аас дуудах болгонд нь хэвлэлийнхний хамгаалалтыг авч, тэднийг олноор дагуулж очсоор АТГ-аас арай л ачигдчихгүйхэн шиг өдөр хоногийг өнгөрөөсөн юм. Иймдээ тултал хүнд байдалд орж, эгээтэй л ээж аавынхаа газрыг ухуулчихаагүй Н.Алтанхуяг эцсийн мөчид олны өмнө гарч ирж, төрийн ордонд бүх хэвлэл мэдээллийг цуглуулж байгаад “Хууль хүчний байгууллагууд бүгдээрээ нийлж аймшигтай коридорыг бий болголоо, улс төрчдийг захиалгаар агнадаг махны машин ажиллаж эхэллээ” хэмээн нэр зааж ард түмэнд чангаар зарласан билээ. Түүний хэлсэн энэ үгээр ард түмэн үнэхээр махны машин ажиллаж эхэлжээ, хууль хүчний байгууллагуудын хууль бус коридор бий болжээ гэдгийг нэг мөр ойлгосон гэж болно. Тийм хэрнээ дийлэнх нь мэдээгүй царайлж өнөөдрийг хүрлээ. Даруу ард түмэн дорой байдгийг монголчууд үлгэрлэн харуулж, харин коридорынхон яаж давардгийг утгаар нь үзүүлж өглөө. “Коридор ажиллагаа” улам хүчээ авч Х.Баттулга, З.Батзаяа, А.Гансүх нарын нэжгээд эрх мэдэлтнүүд нэр холбогдсон “Төмөр замын хэрэг” нийгэмд шуугиан болов. Хэрэгт нэр холбогдсон нөхдийн зарим нь шоронд ясаа цайж, зарим нь гадагшаа дүрвэлээ. Тэдний, тэдэнтэй холбоотой хүн бүрийн араас хүчнийхэн мөрийг нь мөшгиж, мөчийг нь тоолов. Ямар сайндаа жижигхэн сайт дээр тэдний хэн нэгнийг урьд шөнө баривчилсан бололтой гэх тодорхойгүй жижиг мэдээ гарахад Х.Баттулга нарынхан ойр тойрны хүмүүсээ бүртгэж, бие биен рүүгээ утсаар ярьж, айж эмээхэвдээ. Тэднийг тийм болтол нь жижигрүүлж, ээж аав, эхнэр хүүхэдтэй нь айдаст автуулав. “Коридор ажиллагаа” тэднийг бүрэн бүрэлдэхүүнээр нь “амьтан” болгож эхэлснийх. Ямар 1937 оны аймшигт хар өдрүүд бишдээ.
Хамгийн аймаар нь өнөөдрийг хүртэл энэхүү аймшигт коридорын эзэн биеүд оршин байсаар байна. Идэвхийлэх боломж нь илэрхий цөөрөх хандлага руу байна уу даа хэмээн улс төр, хууль эрх зүйн судлаачид харж байгаа юм билээ. Гэхдээ биетэй байсаар байгаа нь л өөрөө аймшиг. Улстөрчдийг захиалгаар намнадаг, улс төрийн захиалгат газар, бие сэтгэлийн аймшигт орчин болсон энэхүү коридорт өнөөдрийг хүртэл хууль хүчний ямар байгууллагууд, ямар дарга нар багтаж байна вэ! Та бүхэн харцгаа.
АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж, ТЕГ-ын дарга Б.Хурц, дэд дарга Б.Донжчимбуу, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт, ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр, тэргүүн дэд дарга М.Алтан-Очир болон шоронгийн бүх дарга нар багтана. Энэхүү сэтгэл зүйн яргалалын коридор нь 1937 оны Дотоод явдлын яам, Бүрэн Эрхэт Онцгой комисс шиг ажиллаж, Оросоос ирсэн тэр үеийн зөвлөхүүд шиг түрэмгий, дээрэнгүй болсныг өнөөдөр монголчууд нийтээрээ хүлээн зөвшөөрөх болжээ. Хүссэн хүсээгүй энэ аймшигтай нүүр тулсан, айдаст автсан ард түмнээс ямар реакц ирсэн гэхээр “Энэ коридорыг цаг алдалгүй цэвэрлээч” гэж төр засгийн эрхэнд шинэ хүмүүс гаргасан сонголт юм. Өнөөдөр шинээр сонгогдсон, томилогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд хоёроос ард түмэн хамгийн түрүүнд коридорын цэвэрлэгээ хийхийг л хүсч байна. Ард түмний энэ хүслийг мэдэрсэн Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр сая сонгогдохдоо энэ сэдвээр л зогсоо зайгүй ярьж гарч ирсэн. Та хоёр бүр хариуцлагатайгаар энэхүү аймшигт коридорын талаар ярьж гарч ирсэн шүү. Одоо тэгээд энэ бүхнээ хийж хэрэгжүүл, коридорыг цэвэрлэх ажилдаа цаг алдалгүй ор. Чадахгүй бол шалавхан тонилцгоо гэж хэлмээр байна. Энэ коридорын хэрхэн ажилладаг зарчим, тогтолцоо, хүнийг тартагт нь тулгадаг яргалалыг та хоёр мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Хүний аминд хүрснийг ч мэдэж байгаа. Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарсайхан гэж ямар сайхан залуу амь насаа алдлаа. Шоронгийн шалан дээр амнаас нь хөөс сахараад амьсгал хурааж буй бичлэгийг ШШГЕГ-ын дарга ард түмэнд харуулж “Энэ хүн нас барахаасаа хэдхэн секундын өмнө эргэж ирсэн ахтайгаа инээж хөхрөлдөөд зогсож байсан. Яахаараа нас барчихдаг билээ” гээд Их хурлын байнгын хороон дээр ярьж суусныг Монголын ард түмэн мартаагүй байх. Ийм л аймшигтай коридорыг системийн хэмжээнд ажиллуулж чаддаг цөөн хүрээний элит давхарга үүсч, хууль бус ажиллагаа явуулж байгааг та хоёр сайн мэдэж байгаа. Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа! Та хоёрын сайн мэддэг энэхүү аймшигт коридорын схемийг, зарчмыг дахиад сануулъя. Эхлээд АТГ, Тагнуулын Ерөнхий Газраас захиалсан хүн дээрээ ямар нэгэн “но” олдог. Түүн дээрээ нэлээн сайн ажиллаж, янз бүрийн бичиг баримт, ярианы нууц бичлэг, чагналт, байцаалт, баримт бүрдүүлдэг. Энэ бүхнээ Прокурорын байгууллагын ямарч зөвшөөрөлгүйгээр хэвлэлийн бага хурал зарлаж нийгэмд түгээдэг. Энэ нь ил түгээлт. Ил бус, нэлээн нарийн аргачлалаар хэвлэл мэдээлэл дэх өөрсдийн гар хөлийг ашиглаж нийгэмд бүр ч хүчтэй тарааж, нийгмийн сэтгэл зүйд бат суулгадаг технологи бий. Энэ явцад Прокурор хянасан болж ШШГЕГ-ын харьяа шоронгуудад шилжүүлдэг. Захиалгаар очсон хүмүүсийг шоронгийн дарга нар шар махтай нь хатаана. Сэтгэл санаагаар нь амьд үхдэл болгоно. Энэ бүх процессын дараа Шүүхээс ял онооно. ЕрөөсөөТЕГ-АТГ-Прокурор-Шүүх-Шорон гэсэн дамжлага. Ийм л шат дамжлага бүхий коридороор улс төрчдийг, томоохон бизнесменүүдийг оруулж шар махтай нь хатаахаар ер нь хүн яаж тэсэх юм бэ. Шоронгоос гарахын тулд хоёр гараа өргөөд, хэлээ унжуулаад, аавынх нь оронд аав болж явсан ахыгаа хүртэл ар шилэнд хутга шааж байгааг бид харж байна. Монголд хэнд итгэх болж байна вэ.
Нөхцөл байдал ийм л хүнд байна. Үнэн ийм л байна. Энэ бүгдэд эцсийн цэг тавих хүмүүс нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд та хоёр байсаар байна. Энэ аймшигт коридорыг та хоёр дэлбэлээд өг. Ингэхийг хүссэн ард түмний сонголт та хоёр байсныг дахин хэлье. Та хоёр монголчуудын итгэлийг даана байх. Гэхдээ нэг зүйлийг онцгойлон анхааруулмаар байна!
Та хоёр өөрсдийнхөө коридорыг байгуулж болохгүй. Хууль хүчний салбарт өөрийн гар хөлийг оруулж болохгүй. Энэ бол хуучныг устгахаас илүү аюултай. Энэ дэлхийн түүхэнд гарсан аймшигт эмгэнэл бүхэн өс хонзонг өс хонзонгоор тайлснаас үүдэлтэй байдаг. Харин үүний оронд энэ аймшгийн коридорыг эгнэгт дахин гарч ирэхгүй болтол нь хууль эрх зүйн мундаг орчныг бүрдүүлж өг. Шударга хүмүүсийг л ажиллуул. Ингэж дахин гарах замыг тасдаж өгөх нь Та хоёрын түүхэн гавьяа болно. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр ингэж чадвал Монголын ард түмний хувьд “Энэ хоёр хүнийг гаргаж ирсний хэрэг бүтлээ” гэж баярлах болно. Ард түмний буян заяа гэж нэг айхавтар юм та хоёрыг мөнхөд түших болно.
Л.ТҮВШИНСАЙХАН
УИХ-ын дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, УИХ-аар хэлэлцэж буй 2018 оны төсвийн төсөл болон Ерөнхийлөгчийн хоригийн асуудлыг хэлэлцжээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын бүлэг хүүхдийн мөнгийг олгох, төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын жилийн хугацаанд тавьсан өр нэг их наядыг давсан байна. Тиймээс шинэ Засгийн газар ирэх 2018 онд нэг ч төгрөгийн өр нэмэхгүй шүү гэдгийг эрх баригчдад анхааруулж байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулга Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохыг дэмжээгүй, хориг тавьсан. Энэ асуудлаар “Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй. 100 хувь давхар дээлтэй Засгийн газар байгуулагдсан. АН-ын бүлэг Ч.Хүрэлбаатарыг сайдаар томилохыг анхнаасаа дэмжээгүй. Тэр байр суурь хэвээрээ байгаа” гэв. Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгох шийдвэрийг УИХ гаргаж, 2017 оны Төсвийн тодотголд тусгаад байна. Энэ нь Үндсэн хуульд заасан бүх хүн тэгш эрхтэй байх заалтыг зөрчсөн. АН-ын бүлэг төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэхийг дэмжиж байгаа. Иргэдээ төр, хувийн хэвшилд ажилладгаар нь ялгаварлахыг дэмжихгүй гэж байр сууриа илэрхийлэв.