Categories
мэдээ улс-төр

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Энэтхэг улсын Хилийн аюулгүй байдлын хүчний ерөнхий захирлыг хүлээн авч уулзлаа

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Хилийн аюулгүй байдлын хүчний /ХАБХ/ ерөнхий захирал Кришан Кумар Шармаг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Кришан Кумар Шарма Монгол Улсын ХХЕГ болон Энэтхэгийн Хилийн аюулгүй байдлын хүчний харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.

Цаашдаа Хил хамгаалах байгууллагатай харилцан туршлага судлах, хамтарч ажиллах өргөн боломж нээгдэж байгааг энэ үеэр хэлж байлаа. Энэ хүрээнд англи хэл, компьютерийн чиглэлээр мэргэжлийн сургалт зохион байгуулж байгаа аж.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модиг Монгол Улсад айлчилсны дараа Хилийн асуудлаарх хамтарсан хороо байгуулагдаж, нэг удаа уулзалт хийсэн байна. Дараагийн уулзалт нь Энэтхэгт болох юм.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Энэтхэг, Монголын ард түмэн эртнээс найрсаг харилцаатай байсныг онцлов. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээснийг Ц.Нямдорж сайд уулзалтын үеэр тодотголоо. Иймд сайдын хувиар ч Засгийн газрын гишүүний хувьд ч цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд дэмжиж ажиллана гэсэн юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Чингисийн хүүхдүүд кино “Оскар” наадамд өрсөлдөж байна

IMDb буюу Internet Movie Data Base сайт 2018оны Америкийн кино урлагийн академийн дээд шагнал гардуулах “Оскар” наадамд нэр дэвших эрхээ авсан 92 кинонд үзэгчдийн дунд санал асуулга явуулж байгаа юм. Энэ санал асуулгад одоогоор Монгол найруулагч Доржийн Золбаярын “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино 9.2 оноогоор 92 киноноос эхний 4-р байранд явж байна.

IMDb буюу Internet Movie Data Base бол дэлхийн киноны хамгийн том сан хөмрөгтэй сайт бөгөөд энэ сайтад мэдээлэл нь тавигдвал, кино нь дэлхийнх боллоо гэж үздэг.

“Монгол фильм групп”-ийн уран бүтээлчдийн 2012 онд бүтээсэн Аравт /Genghis: The legend of the Ten/ кино анх энэхүү сайтаар танилцуулагдаж дэлхийд танил болж байсан юм. Харин одоо “Чингисийн хүүхдүүд” /Chingisiin huuhduud/ кино “Оскар” наадамд өрсөлдөж байна. Монгол найруулагчийн, монгол бүтээлийг дэмжиж таhttp://www.imdb.com/title/tt5858514/IMDb-ээр орж саналаа өгөөрэй. Монголчууд бидний өгөх санал монгол кинонд “Оскар” авч ирэх боломжтой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оргил эзэлнэ гэдэг шонхруудын хийдэг ажил

Улс Монголын нэр нүүр, сор болсон залуучууд Отгонтэнгэр хайрханы оргилыг эзэлж яваад харамсалтайгаар амь эрсэдлээ. Дэлхийн ноёлог их уулсын оргилыг эзэлнэ гэдэг зөвхөн уулчдын бус хүн төрөлхтний эрэлхэг шонхруудын хийдэг ажил юм. Өөрийн бүтээн цогцлоосон ертөнцтэй, үзэл бодолтой, эр зориг, хүсэл тэмүүлэл, элгэн халуун сэтгэлтэй тийм л зоримог дайчин хөвгүүд охидын эрсхэн босдог талбар юм. Эзэн Чингисийн хүлэг баатрууд ийм л байсан болов уу гэж бодохоор ир бяр, ур ухаан жагссан 17 залуу амиа алдлаа. Өөрийн эрхгүй зүрх шимширч, гол харлаж байна. Гадаад дотоодын их дээд сургуульд боловсрол эзэмшсэн, нийгэмд зөв сайхан зүйлийн үлгэр дууриалал болсон, Монголын хөгжил дэвшлийн түүчээ болон гялалзах идэр шонхруудаа цэл залуухнаар нь бид алдлаа.

“Тэднийг ууланд хэн авир гэсэн юм. Дуртайдаа явсан хүмүүс, одоо яая гэхэв. Дахиж битгий ийм балай зүйл санаж сэдээсэй” гэх үзэл нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллээр их явж байна. Хүн төрөлхтөн хэзээ ч явсан замаасаа буцдаггүй. Сансрын хөлөг дэлбэрээд шатаж унаж байхад хажуунаас нь дахиад сансар огторгуйг эзлэхээр нэг эрэмгий шонхор хөлөгтөө суугаад хөөрөн нисдэг. Хэрвээ сансрын хөлгийг шатсан гээд хориглох нь шонхрынхоо далавчийг хуйхлахтай ижил.

Хүмүүний амьдралын ийм л хуулийн дагуу Монголын мянга мянган эрэлхэг залуусын оргил эзлэхийн төлөөх дараагийн цуваа харууслын нулимсаа арчаад хөдөлж таарна. Оргил гэж зөвхөн уулыг ч хэлж байгаа юм биш. Өмнөө байгаа агуу их зорилго, оргил бүхний оройг эзлэх монголчуудын бахдам амжилтын цуваа тасрахгүй ээ. “Алхааг чинь сонсч байна, амьсгалыг чинь мэдэрч байна, баатрууд минь” гэх найрагчийн шүлгээр эл туурвилаа төгсгөе. Амиа үл хайхран оргил бүхнийг эзэлсэн алтан шонхруудынхаа өмнө мэхийн ёсолъё.

Categories
мэдээ улс-төр

Барилга, хот байгуулалтын яамны сайдын хуралдаанаар шинэ бүтцэд Төрийн шагнал олгохоор дэмжлээ

БХБЯ-ны Сайдын зөвлөлийн анхны хуралдаан 2017 оны аравдугаар сарын 30-нд боллоо. Сайдын зөвлөлийн анхны хуралдаанаар Техникийн ухааны доктор Н.Тогтох, Монгол Улсын зөвлөх инженер Н.Даш нарын “Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурын Ердийн болон урьдчилан хүчитгэсэн арматуртай төмөрбетон конусан шон” нэртэй оюуны бүтээлийг танилцуулж, улмаар Төрийн шагналд нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм. Уг бүтээлийг Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам мөн дээрх шагналд дэвшүүлэхээр дэмжиж байв.

Төмөрбетон шонгийн техник технологийн баримт бичгүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлсний үр дүн нь гарсан нийт хэмнэлт нь одоогийн байдлаар 44.5 тэрбум төгрөгт хүрсэн. Байгаль орчинд ээлтэй шугамаар хөдөөг цахилгаанжуулсан, 35 кВ болон 15 кВ-ын цахилгаан шугамаас модон тулгуурыг чөлөөлж төмөрбетон тулгуур болгосноор 238950 модыг сүйтгэлгүй байгальд ургаагаар нь үлдээсэн нь Ойн судалгаа, хөгжлийн төвийн дүгнэлтээр 37.5 тэрбум төгрөгийн ойн нөөц хэмнэгдсэн болох нь ойн экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогджээ.

Сайд Х.Баделхан “Манай улсын хувьд өндөр үр ашигтай анхдагч шинэ төмөрбетон бүтээц үйлдвэрлэсэн энэхүү дэвшилтэт технологийг нутагшуулсан, Барилга, Эрчим хүчний салбарын хөгжил болон Байгаль орчныг хамгаалахад тодорхой хувь нэмэр бүхий инноваци болсон энэ бүтээлд Төрийн шагнал олгохыг баяртайгаар дэмжиж байна” гэв. Тэрбээр Шинэлэг бүхний эхлэл болсон, байгальд ээлтэй, төсөвт хэмнэлттэй ийм таатай мэдээгээр угтсан барилгын салбарын нэрийн хуудас болсон хоёр инженертээ гүнээ талархан хүндэтгэж байгаагаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Багшийн цалингийн асуудлыг эцэслэн шийдэж Засгийн Газарт оруулахаар тохиролцжээ

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон Багш нарын цалин нэмэх түр хорооноос хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Уулзалтын дүнд Багш нарын ажил хаялтыг зохион байгуулж буй түр хорооноос өнөөдөр зарлаад байсан ажил хаялтыг зогсоохоор болж, тохиролцсон байна.

Уулзалтын үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа сайд хэлэхдээ: “Багш нарын цалин нэмэх шаардлагын хүрээнд Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч байгаа гэдгийг тодотгоод, 2017 оны төсвийн тодотголд 55.4 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад олгох шийдвэр гарсан. Үүнд багш, эмч нар орж буй. Тиймээс эхлээд ажил хаялтаа зогсоож, асуудлыг шийдэх саналын дагуу Багш нарын ажил хаях түр хороо болон МҮЭХ-ны удирдлагуудтай уулзалт хийсэн “ гэдгийг хэллээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэлэхдээ : “Багш нарын цалин нэмэх түр хороо болон МҮЭХ-той ойлголцож, хамтарч ажиллахаар болсон. Цаашид 2018 оны төсөвт төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхэд зориулж 112 тэрбум төгрөг төсөвт суулгахаар ярилцаж байгаа. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 2019 он хүртэл цалин нэмэхгүй учраас урамшуулал хэлбэрээр олгох, тэр нь багш нарт шууд гарт нь очдог байхаар асуудлыг зохион байгуулахаар МҮЭХ болон холбогдох байгууллагуудтай ярилцана” гэв.

Харин Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос “Бид өнөөдөр ямартай ч хэлэлцээрээ амжилттай эхлүүлж чадлаа. Багш нарынхаа хоёр өдрийн цалинг шийдүүлсэн. Маргааш гурван яам, багш нарын төлөөлөл БШУҮЭХ-ны хамтарсан ажлын хэсэг энэ 7 хоногт багшийн цалин хөлсний асуудлыг эцэслэн шийдэж Засгийн газарт оруулахаар тохиролцлоо” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

“Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” номын нээлт болно

Монголын үндэсний номын санд тархан Суурьшсан Монголчууд Байгууллага (ТАСАМ)-аас эрхлэн хэвлүүлсэн “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” (Иран, Мараге музей) номын нээлт 2017 оны 10-р сарын 31-ний 17:00 цагт Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Их уншлагын танхимд болно.

Монголын эзэнт гүрний баруун жигүүрт Ил хаадын ивээл дор өрнөж байсан бүтээн байгуулалтын бахархалт баримт болох хаадын зоос, шавар ваар, шилэн хийгээд төмөрлөгийн урлал, уран бичлэг зэрэг таван төрлийн 200 гаруй хосгүй үнэт соёлын дурсгалыг монгол, кирил, англи, перс хэл бичгүүдээр гурван улсад дөрвөн төрлөөр эрхлэн хэвлүүлж олон улсын судалгааны эргэлтэнд оруулж буй анхны бүтээлийн монгол дахь ёслол, нээлтийн хүрээнд болж буй үйл ажиллагаанд өргөн олноороо зочлон саатахыг урьж байна.

Үйл ажиллагаанд “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” номыг эрхлэн хэвлүүлэгч ТАСАМ, хамтран зохион байгуулагч Монгол улсын Үндэсний Номын Сан болон Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Соёл Урлагийн Их Сургуулийн Дүрслэх Урлагийн Сургууль, ТАСАМ-ыг Дэмжигчдийн клуб, эрдэмтэн мэргэд, судлаач, цуглуулагчид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцох бөгөөд олон нийтэд нээлттэй үйл ажиллагаа болох юм.

Нээлт танилцуулгын дараа судлаач, цуглуулагчдад зориулан 26% урамшуулалтай худалдаа болох бөгөөд байгууллага, хувь хүмүүсийн захиалгыг бүртгэнэ. Мөн үеэр “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” номоор сэдэвчилсэн интерактив үзэсгэлэн дэлгэнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

БНХАУ-тай худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлнэ гэв

said

Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Шин Хайминг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Шадар сайдаар томилогдсонд нь Элчин сайд баяр хүргээд бүх салбарт нягт хамтран ажиллаж, тодорхой салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Талууд БНХАУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих”, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын өргөтгөл”, “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих төсөл”, “Туул гол дээгүүрх Баянзүрхийн болон Сонсголонгийн төмөр бетон гүүр шинээр барих төсөл” зэргийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

Ганц модны боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, хил дээр үүсээд байгаа автомашины дарааллыг хэвийн болгох, цаашид уул уурхай, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлж 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө байна гэдгээ Шадар сайд илэрхийлэв. Эрээн, Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хоёр орны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааг нэн даруй эхлүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн таэквондочид “Макао-2017”-ноос бүгд алтан медаль авчээ

Өсвөрийн таэквондочид “Макао-2017” нээлттэй тэмцээнд амжилттай оролцжээ. Найман орны 450 гаруй өсвөр, бага насны тамирчид өрсөлдсөн байна. Эх орноо төлөөлж оролцсон Г.Сүхбат, М.Тэмүүлэн, Э.Төрболд, Э.Алтантуяа, Э.Энх-Энэрэл, Б.Ундрам, Н.Эрхэс, Б.Гарьд нарын тамирчид бүгдээрээ алтан медаль хүртжээ.

Эдгээр тамирчид Дорноговь аймгийн н.Батбаатар, “Арслан” клубын н.Янжинлхам, “Ривэр” клубын н.Мягмарбаяр багш нарын удирдлага доор бэлтгэлээ базаадаг аж. “Эх орныхоо нэрийг Макаогийн тэнгэрт дуурсгасан бяцхан тамирчид, багш дасгалжуулагч нараар бахархаж байна” хэмээн тамирчдын эцэг, эхчүүд олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

НИТХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа

НИТХ-ын 12 дугаар хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэЯг одоо Хангарьди ордонд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан хуралдаж байна. Хуралдаанд нийт 45 төлөөлөгч суухаас 27 төлөөлөгч буюу 57.8 хувийн ирцтэй эхлэв. Өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг сонсох, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай”, “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлт”, “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод зохион байгуулалтын тухай” гэсэн гурван асуудлыг хэлэлцэх юм.

НИТХ дахь АН-ын бүлгээс “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод зохион байгуулалтын тухай” буюу гуравдугаар асуудлыг хамгийн эхэнд хэлэлцүүлэх горимын санал гаргасан нь олонхийн саналаар дэмжигдсэнээр хэлэлцэх асуудалд өөрчлөлт орлоо. Хэлэлцэх асуудалд өөрчлөлт орсонтой холбогдуулан НИТХ дахь МАН-ын бүлгээс завсарлага авав.

Categories
мэдээ нийгэм

Зоонозын гаралтай халдварт өвчнийг хээрийн нөхцөлд богино хугацаанд оношлох боломж бүрдлээ

ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс ЗӨСҮТ-тэй хамтран “Монгол – Оросын нутагт хил залгасан тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдлыг судлах, тархвар судлалын эрсдлийг бууруулах” хөтөлбөрийг 2017 оноос эхлэн 3 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал судлалын хүрээлэнгээс тус төвд хээрийн лабораторийн 39 нэр төрлийн 53.100.000 төгрөгний үнэ бүхий иж бүрэн лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож хэлсэн үгэндээ: Дэлхий дахинд Эбола, Зика, шувууны томуу зэрэг шинэ болон сэргэн тархаж байгаа халдварт өвчний дэгдэлт бүртгэгдэж байгаа нь эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Сүүлийн жилүүдэд зоонозын шалтгаант өвчин хил дамжин тархаж, олон оронд зөөвөрлөгдсөн нь “халдварт өвчинд хил хязгаар үгүй” бөгөөд үүнтэй тэмцэхэд хөрш орнуудын мэргэжлийн байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухал гэдгийг харуулж байна. Үүний нэг илрэл нь Зоонозын өвчин судлалын үндэсний төв хөрш зэргэлдээ ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй ная гаруй жил хамтран ажиллаж, зоонозын өвчнийг тандан судлах, өвчний төлөв байдлыг тогтоох, мэдээлэл солилцох, эмч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна. ОХУ-д тарваган тахал өвчин шинээр сэргэж байгааг тус улсын мэргэжлийн байгууллагууд албан ёсоор зарлаж, уг өвчнөөс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж байгаа өнөө үед “Монгол-Оросын нутагт хил дамнасан тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдлыг тогтоох, тархвар судлалын эрсдэлийг бууруулах” 3 жилийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, цаг үеэ олсон чухал арга хэмжээ байна гэлээ.