Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Уяач гэдэг шинэ цагийн феодалууд Монголын хоцрогдлын туйл болж байна” хэмээн өгүүлжээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар уншигч танд хүрч байна. Тэргүүн нүүрт Статистикийн газраас гаргасан ээлжит мэдээллийг хүргэжээ. Хүн ам 13.6 хувиар өссөн байна.

“Улс төр” нүүрт АН-ын дарга С.Эрдэнэ “Лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг шиг МАН хуучин хүмүүсээ буцаагаад тавьчихлаа” хэмээн ярьжээ.

“Зөвшөөрөлгүй хийсэн хувийн яриа, бичлэгийг хуулиар хатуу хориглох хэрэгтэй байна” гэж “Улс төр” нүүрт мөн өгүүлжээ.

“Баримт, үзэл бодол” нүүрт “Уяач гэдэг энэхүү шинэ цагийн феодалууд Монголын хоцрогдлын туйл болж байна” хэмээн өгүүлжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт “Манай улс Манжийн дарлалд байх үеийн түүхэн баримт бичгийг тэр чигээр нь Хятадад худалджээ. Эдгээр бичиг баримтыг үндэслэн БНХАУ-д 600 боть ном гаргахаар төлөвлөжээ. Үүнээс эхний 20 боть нь худалдаанд гарчихсан интернэтээр аль хэдийнэ худалдагдаад эхэлчихэж” хэмээн мэдээлжээ. Энэ талаар Үндэсний номын сангийн сэргээн засварлагч Г.Ням- Очиртой ярилцсан байна. Г.Ням-Очир: Яг ийм байдлаар манай үндэсний аюулгүй байдал улам хэврэг болж байна хэмээн ярьжээ.

“Нэг ангийнхан” буланд төрийн түшээ Д.Ганболд, гавьяат жүжигчин М.Болд нарын сурагчтай 1982 онд нийслэлийн Хайлаастын 72 дугаар анги төгссөн “Нэг ангийнхан” уригджээ.

Нуур судлаач М.Алонсотой хийсэн ярилцлагыг “Өөрөөс нь” нүүрээс уншаарай. “Монгол орон байгалийн онгон дагшин байдлаа алдаагүйн дээр нуур усны хомсдолд ороогүй байна” гэж тэр ярьжээ.

“МИНИЙ ААВ” буланд Дожоодоржийн Эрдэнэбилэг: Филатова Ю.Цэдэнбал дарга руу ганцхан хүн оруулсан нь манай аав байсан хэмээн дурсжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Тусгаар тогтнолын талбайд дөнгөтэй суулт хийлээ

Дарханы ахмадуудын орон сууцны санхүүжилтэд төрөөс батлан даах зөвшөөрөл авах зорилготойгоор дөнгөтэй суулт хийж байна. Бид энэхүү мэдээллийн дагуу 11 цагийн үед Тусгаар тогтголын талбайд очлоо. “Сөгнөгөр хайрхан” компанийн захирал Т.Энхболд нийт ахмадуудаа төлөөлөн ганцаараа дөнгөтөй суулт хийж байв.

Ямар учраас энд суух болсон шалтгаанаа тайлбарласан самбар, сурталчилгаагаар өөрийгөө хүрээлүүлжээ. Тэрээр амьдрах оромж барьж, түүнийхээ хажууд дөнгө, гинж зэргийг байрлуулсан харагдав. Биднийг очих үеэр арван минутын турш нүцгэлж зогсоод “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг батлан даах зөвшөөрөл авахыг хүсч, нийт ахмадуудаа төлөөлөн жагсаал хийж буйгаа мэдэгдсэн юм.

Учир юу гэвэл Сөгнөгөр хайрхан компани 2013 онд “Ахмадын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн гэнэ. Тус компани урьдчилгаа төлбөр болгож нэг ахмадаас 3-4 сая төгрөг, нийт 85 хүнээс 360 гаруй сая төгрөг авч, уг санхүүжилтийг барилгын 30 хувийн гүйцэтгэлд зарцуулжээ. Гэвч өнөөдрийг хүртэл ахмадын орон сууц баригдаж дууссангүй, санхүүжилтгүйн улмаас ажил нь гацсан байна.

Т.Энхболд: Би дөнгөтэй суултаа гуч хоногийн турш хийнэ

Энэ талаар дөнгөтэй суулт хийж буй “Сөгнөгөр хайрхан” компаний захирал Т.Энхболдоос тодрууллаа.

Тэрээр хэлэхдээ: “Өмнө нь аймаг дүүргийн удирдах албан тушаалтнуудад энэ асуудлаар хандаж байсан ч дорвитой авсан арга хэмжээ одоог хүртэл аваагүй тул дөнгөтэй суулт хийж байгаа нь энэ юм. Тодруулбал, бид орон сууц батлан даах зөвшөөрөл авахын тулд нийт зуун есөн албан тушаалтанд хандсан.Бид зөвхөн “Ахмадын орон сууц” хөтөлбөрт төрөөс батлан даах зөвшөөрөл л хүссэн болохоос мөнгө гуйгаагүй. Би дөнгөтэй суултаа гуч хоногийн турш хийнэ.

– Энд амьдрах оромж барьсан харагдаж байна. Одоо гадаа их хүйтэн байна шүү дээ?

-Нийт гуч хоногийн турш дөнгөтэй суулт хийх учир амьдрах оромж барьсан. Тодорхой хэмжээнд дулаалсан байгаа.

-Идэх хоол хүнс, дулаан хувцсаа бэлтгэсэн үү?

-Дулаан хувцсаа бэлдсэн. Өдөрт дөрвөн цаг гадна талбайд дөнгөтэй суух болно. Тэгээд л дөнгөндөө орж гараад суултаа хийгээд байна даа. Манай эхнэр бид хоёр энд цуг байх учир хоолоо хамтдаа өөрсдөө эндээ хийж иднэ.

-Хүмүүс холбогдож мөнгө хандив өгье, таны суултыг дэмжиж байна гэсэн хүн байна уу?

-Байгаа. Саяхан нэг залуу ирээд танд суултаа хийхэд тань дэмжлэг болж 35 мянган төгрөг хандивлая гэсэн. Би аваагүй ээ. Гэхдээ хоол хийж авч ирдэг хүмүүс байдаг л юм. Хүний сайхан сэтгэл юм болохоор мэдэхгүй авахгүй гэж хэлж болохгүй. Өмнө нь Дархан- Уул аймагтаа суулт хийж байхад 2200-аад хүн ирж, дэмжиж гарын үсэг зурсан.

-Та ахмад настны тухай дууг “Ахмадын орон сууц” хөтөлбөртэй холбоотой асуудлаар суулт хийж байхдаа зохиосон гэсэн үү?

-Тиймээ. Энэ дууны нэр бол “Ахмад өндөр настнаа хайрлая” нэртэй дуу юм. Би үүний өмнө суулт хийж байхдаа ахмадуудаа бодохгүй, анхаарахгүй байгаа болохоор үгийг нь бичиж байсан юм. Одоо энэ дуу маань клиптэй болсон. Өнөө маргаашгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах болно.

-Таны байгуулсан “Сөгнөгөр хайрхан” компани хэр туршлагатай хэдэн ажилтантай компани вэ?

– Би компаниа 2010 онд байгуулсан. Нэг ажилтантай. Барилга барьж байсан туршлага бол байхгүй.

– Та тэгвэл компаниа байгуулаад удаагүй байхдаа “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг санаачлаад ахмадуудаа орон сууцжуулах гэж байсан гэж ойлгож болох уу? Ингэхийн тулд ахмадуудаас хэдэн төгрөг авсан бэ?

Тиймээ. Нийт 85 хүнээс 360 гаруй сая төгрөг авсан.

-Орон сууцтай болохыг хүсч, итгээд танд мөнгөө өгсөн хүмүүс мөнгөө нэхэж байна уу?

-Одоогоор нэхээд байгаа юм алга. Бүгд л орон сууцандаа орно л гэж бодоод хүлээж байгаа.

-Хэрвээ таны “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг төрөөс батлан даахгүй бол яах вэ? Эргээд хүмүүсээс авсан 360 гаруй сая төгрөгөө яаж төлөх вэ?

-Энэ бол миний асуудал.

Б.ОЮУНЖАРГАЛ


Categories
гадаад мэдээ

Калифорни дахь ойн түймрийг унтраахаар 2700 гаруй хүн ажиллаж байна

Одоогоор гал сөнөөгчид Калифорни дахь түймрийн 22 голомтыг дарахаар тэмцэж байгаа аж. Нийт Түймрийг унтраахад 2700 хүн түймрийг унтраахаар өдөр шөнөгүй ажиллаж байна. Зарим мэдээгээр 500 гаруй хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа бөгөөд ганцхан хоногийн өмнө 23 мянган га газар шатсан гэж мэдээлж байсан бол одоо энэ тоо 45 мянгад хүрчхээд байгаа билээ. Сүүлийн мэдээгээр Калифорнид нүүрлээд байгаа ойн түймрийн уршгаар амь насаа алдсан хүний тоо 21 гэж бүртгэгджээ. Байгалийн энэхүү гамшгаас болж шатаж сүйрсэн барилга байшингийн тоо 3500-д хүрснийг орон нутгийн удирдлагуудын мэдээллээс иш татан хэвлэлүүд дамжуулж байна.

Напа, Сонома, Мендосино, Юба тойргуудад онц байдал зарласан хэвээр байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга АНЭУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Шейх Султан Бин Халифа Аль-Нахъяантай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Шейх Султан Бин Халифа Аль-Нахъяаныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Шейх Султан Бин Халифа Аль-Нахъяан тус улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын чин сэтгэлийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлав. Шейх Султан Бин Халифа Аль-Нахъяан нь тус улсын Ерөнхийлөгчийн хүү юм.Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хариу талархал илэрхийлээд Арабын орнуудын говь цөлд хот барьдаг, цөлжилтийн эсрэг баянбүрдүүд байгуулдаг туршлагаас хуваалцаж хамтран ажиллах саналтай байдгаа илэрхийлэв.

Мөн Монгол Улс бол мал аж ахуйн орон. Хөдөө аж ахуйн чиглэлд ч хамтран ажиллах саналтай байна гэлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол орон байгалийн баялаг ихтэй. Үүнийгээ оновчтой зөв ашиглаж чадвал богино хугацаанд хөгжих боломжтой улс” хэмээсэн юм.Шейх Султан Бин Халифа Аль-Нахъяан “Монголын зарим хэсэгт усгүйгээс болж ан амьтан үхсэн тохиолдол гарсныг үзэж сонсож байсан. Үүнээс сэргийлж худаг гаргаж, усаар хангах тал дээр туслах боломж байна.

Давхар татварын асуудлыг шийдвэл Монгол Улсад хөрөнгө оруулах талаар тодорхой гэрээ байгуулах, хөрөнгө оруулах боломжтой.Арабын Нэгдсэн Эмират Улс Монгол Улсад байнгын үйл ажиллагаатай ЭСЯ-аа нээн ажиллуулж байна. Монгол Улс Арабын Нэгдсэн Эмират Улсад ЭСЯ-аа нээхийг урьж байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хоёр орны харилцааг эдийн засагжуулах, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх төслүүд рүү чиглүүлэх тал дээр анхаарч ажиллана” гэдгийг уулзалтын үеэр онцлон тэмдэглэж байлаа.Шейх Султан Бин Халифа Аль-Нахъяан Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг бүрэн дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

​Налайх дүүрэгт “Нарны хүүхдүүд” чуулган зохион байгууллаа

Налайх дүүрэг бол “Хүүхдэд ээлтэй дүүрэг”. Энэ хүрээнд “Нарны хүүхдүүд” хүүхдийн долоодугаар чуулганыг Соёлын ордонд зохион байгууллаа.

Чуулганд дүүргийн болон сургуулийн удирдлагууд, төрийн болон хувийн ЕБС-ийн сургуулийн сурагчдын төлөөлөл 300 гаруй хүүхэд багачууд оролцсон бол 100 гаруй хүүхэд урлагийн тоглолт үзүүллээ.

Нарны хүүхдүүд чуулганыг нээж дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлэхдээ: “Хүүхдэд ээлтэй дүүрэг болохын хувьд хүүхдүүд та бүхнийхээ дуу хоолой, хүсэл мөрөөдлийг сонсохоор энэхүү чуулганыг зохион байгуулж байна. Дүүргийнхээ, улс орныхоо ирээдүй болсон хүүхдүүд та бүхэн хичээл суралгандаа онцгой анхаарахын зэрэгцээ ямагт манлайлагч байж дүүргийнхээ хөгжил дэвшилд өндөр хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Чуулганаар сургуулийн орчны ундны усны аюулгүй байдал, сургуулийн орчин дахь замын хөдөлгөөний аюулгүй байдал, сургалтын чанар суралцах арга барил сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэн “Хүүхдийн элч”-ийг сонголоо.

Төлөөлөгч хүүхдүүдийн нууц санал хураалтаар дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2 дугаар курсын оюутан Б.Тэлмүүн нар “Хүүхдийн элч”-ээр сонгогдсон юм.

Энэ үеэр чуулганыг угтан зохион байгуулсан “Шилдэг оролцооны байгууллага”, “Ус бидний ирээдүй”, “Их уурхай-Миний мөрөөдлийн Налайх” гар зураг, шүлгийн уралдааны шагналтнуудад дүүргийн удирдлагууд шагналыг гардуулан өгөв. Ийнхүү Налайхын хүүхдүүд өөрсдийн өмнө тулгамдаж байгаа асуудал, цаашдын гарц шийдлийг хамтдаа ярилцаж, чуулганаас зөвлөмж гарган баталснаар “Нарны хүүхдүүд” чуулган өндөрлөсөн юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Эерэг хандлага-Эрүүл оюутан” аянд их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутнууд хамрагдана

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын
яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын
хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн
Залуучуудын хөгжлийн газар хамтран оюутан, залуучуудыг эерэг хандлагад уриалж,
хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах, эрүүл
мэндийн даатгалд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох зорилгоор “Эерэг
хандлага-Эрүүл оюутан” аяныг энэ сарын 9-20-ны хооронд зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд 2017 оны
аравдугаар сарын 11-ний өдрийн 13:00-15:00 цагийн хооронд нийслэлийн Баянгол
дүүрэг, Монголын үндэсний их сургуулийн салбар Анагаах ухааны сургуулийн
лекцийн танхимд 200 гаруй оюутан залуучуудын оролцоотойгоор зохион байгууллаа.

“Эерэг хандлага-Эрүүл оюутан”
аянд нийслэл дэх их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн
төвийн оюутан залуучууд хамрагдах юм гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундааны үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх саналыг ХХХААХҮЯ-нд хүргүүлээ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаар тогтоолын дагуу согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн захиргаааны хэм хэмжээ, стандартын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтад улсын хэмжээнд нийт 71 аж ахуй нэгжийн 83 согтууруулах ундааны үйлдвэрүүд хамрагдсанаас 44 буюу 53 хувь нь нийслэлд, 39 буюу 47 хувь нь орон нутагт бүртгэлтэй байгаагаас 48 буюу 57 хувь нь үйл ажиллагаа нь зогссон байдалтай байна.

Хяналт шалгалтад хамрагдсан нийт 83 согтууруулах ундааны үйлдвэрээс үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа, эрсдэлийн үнэлгээ хийгдсэн 35 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хэвээр үлдээхээр, согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх гэрчилгээний хугацааг зохих журмын дагуу сунгуулаагүй, тусгай зөвшөөрлөө сунгуулах тухай хүсэлтээ гаргаагүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон, хуулийн этгээд татан буугдсан, үйлдвэрийн байргүй болсон, тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулах тухай хүсэлтээ гаргасан, түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгаагүй 28 үйлдвэрийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, 11 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай саналыг МХЕГ-аас ХХААХҮЯ-нд хүргүүлсэн.

Мөн “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2004 оны 58 дугаар тушаалаар батлагдсан “Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн төсөл сонгон шалгаруулах, үйлдвэрлэл хяналт тавих журам”-д өөрчлөлт оруулах тухай саналуудыг холбогдох газруудад хүргүүлэн ажилласан.

Categories
мэдээ нийгэм

​Өнөөдөр Дорнод аймгийн багш нар нийслэлийн багш нартай туршлагаа хуваалцлаа

Image result for багш нар

Ерөнхий боловсролын сургалтын чанараараа сүүлийн дөрвөн жил улсдаа тэргүүлсэн Дорнод аймгийн багш нар өнөөдөр нийслэлийн багш нартай туршлагаа хуваалцлаа.

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн арга зүйг дээшлүүлэх, судалгаа шинжилгээ хийх, судлагдахуун тус бүрээр заах арга зүйг шинэчлэн боловсруулах зэргээр тасралтгүй суралцаж ажилласны дүнд боловсролын амжилт, чанарын үзүүлэлтээрээ улсад тэргүүлэх болсноо тэд өнөөдөр болсон “Дорнодын боловсрол” онол практикийн хуралд танилцуулав.
Аймгийн Боловсрол, соёлын газрын дарга А.Нансалмаа хэлэхдээ, “Жил бүр 12 дугаар анги төгсч буй сурагчдын 80-95 хувь нь ЭЕШ өгдөг. Сүүлийн 5 жилийн судалгаагаар манай аймгийн сурагчдын ЭЕШ- д авч буй хэмжээст онооны дундаж нь аймгуудын дунджаас 15-30 пунктээр өндөр байна. Манай аймгийн 12 дугаар анги төгсөгчид сүүлийн 4 жил дараалан ЭЕШ-ын дүнгээр улсдаа манлайллаа. Энэ бол Дорнодын боловсрол ямар түвшинд байгааг харуулж байна. Мөн Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, БСШУСЯ, Боловсролын хүрээлэн зэрэг удирдах чиг үүрэгтэй байгууллагаас зохион байгуулдаг ур чадвар, илтгэлийн уралдаанд багш нар маань тэргүүлэх эгнээнд явж байна” хэмээн тодотгов.
Энэ хичээлийн жилд тус аймгийн хэмжээнд 37 цэцэрлэгт нийт 7010 хүүхэд, 222 багш, ерөнхий боловсролын 26 сургуульд 15156 сурагч, 775 багш ажиллаж байгаа аж.
2016 онд 79 төрлийн дугуйлан, секцэд 9867 хүүхэд буюу нийт суралцагчдын 72 хувь хамарч байсан бол 2016-2017 оны хичээлийн жилд 95 төрлийн дугуйлан, секцэд аймгийн 26 сургуулийн нийт 8153 хүүхэд хамарч өөрийгөө хөгжүүлсэн бол сургуулийн өмнөх боловсролын байгууллагын цэцэрлэгийн багш нар бага насны хүүхдийг хөгжүүлэх, насны онцлогт тохирсон дугуйлангаар нийт 2278 хүүхдийг сургасан.
Мөн “Хүүхдээ сонсох өдөр”-ийг тогтмол зохион байгуулж, бүх сум, байгууллага идэвхтэй оролцож, аж ахуйн нэгж байгууллага, хүүхдүүдэд ажлаа танилцуулж тайлагнадаг болсон. Сургуулийн орчинд сурагчдын аюулгүй байдлыг хангах, хэрэг зөрчилд холбогдох, хэв журам зөрчигдөх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчихөөс урьдчилан сэргийлэх зорилготой “Эцэг эх зохицуулагч” нэгдсэн арга хэмжээг 2015 оноос хэрэгжүүлж иржээ.

Сурагчдыг бусад орны хэл соёлоос суралцах, гадаад хэлний мэдлэгээ сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх “Бид Дорнодын хүүхдүүд” найрал дууны наадам, уламжлалт зан үйл, ёс заншлаас суралцах, эх оронч үзэл бодол төлөвшүүлэх, хүн байгалийн шүтэлцээт холбоог танин мэдэх зорилготой “Хэрлэнгийн барьяа” уртын дууны уралдаан, “Морь, бөх цоллооч” төслийн хүрээнд Хурдан морь, хүчит бөх цоллоочдын сургалт болон анхдугаар уралдааныг зохион байгуулсан аж.
Өдөрлөг “Дорнодын бахархал” үзэсгэлэн, “Дорнодын хөгжил өнөө, маргааш” сэдэвт уулзалтаар үргэлжлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Малчид цаг агаарын мэдээллийг гар утсаараа шуурхай хүлээн авах боломжтой боллоо

Мерси Кор олон улсын байгууллагаас өвөлжилтийн хүндрэлийг даван туулах чиглэлээр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд малчдад цаг уурын мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг нэвтрүүлэх тусгай аппликейшн боловсруулан амжилттай туршсан байдаг. Энэхүү туршлагатай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн наймдугаар сард Шадар сайд байхдаа танилцаж, уг үйлчилгээг энэ намраас эхлэн үндэсний хэмжээнд холбох боломжийг судлах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүргийн дагуу өнөөдөр нийт 21 аймгийн 1550 багийн 160.600 малчин өрх цаг уурын мэдээллийг шуурхай хэлбэрээр гар утсаараа хүссэн үедээ авах боломж бүрдэж байна. Тодруулбал МЕССЭЖ үйлчилгээг 330.000 малчин хэрэглэж, Онцгой байдлын ерөнхий газраас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай, өөрийн хүссэн үедээ авах боломжтой болох юм.

Уг ажлын хүрээнд өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар болон “Юнител групп”, “Мобиком корпораци”, “Скайтел” болон “Жи-Мобайл” ХХК-ийн удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр малчид багийн төвшинд цаг агаарын мэдээ, бэлчээрийн ургацын мэдээ, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай, өөрийн хүссэн үедээ хүлээн боломжтой болж байна. Цаашид уг үйлчилгээг хөгжүүлэн малын өвчний гаралт, цасны хэмжээ, бэлчээрийн даац, малын түүхий эдийн зах зээлийн үнэ гэх мэт мэдээллийг хүргэх боломжийг бүрдүүлэх юм.

Уг үйлчилгээг өнгөрсөн оны 06 дугаар сараас ашиглалтад оруулан туршиж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 57 мянга гаруй малчдаас хүсэлт авсан байна. Хэрэглэгчдийн 51 хувь нь цаг агаарын мэдээллээ уг системээс голчлон авдаг. Олонх буюу хэрэглэгчдийн 90 хувь нь цаг агаарын мэдээллийн таарц маш сайн байгааг илэрхийлж, 81% хувь нь энэ системийн үйлчилгээг сайн гэж дүгнэжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

​“Наадам төв”-д ховор, содон 200 автомашин, мотоциклийг танилцуулан

“Тэнгэрийн Модун” ТББ, “ M77” спорт машин сонирхогчдын холбоо хамтран энэ сарын 14-15-нд “Наадам төв”-д ховор, содон 200 автомашин, мотоциклийг танилцуулах “Ub auto tuning-2017” арга хэмжээг зохион байгуулах болжээ.

Уг арга хэмжээнд эртний, содон автомашинуудын хэв маягийг нь өөрчлөн тоноглосон болон цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн автомашин, мотоциклийг оролцуулах бөгөөд 14-нд 10.00-18.00 цагт, ням гарагт 10.00-16.00 цагт болох аж. Мөн үеэр “Toyota Crown” машиныг дуудлагаар худалдах бөгөөд эхлэх үнэ нь 100 ам.доллар байх юм.

Арга хэмжээний үеэр автомашин, мотоцикль сонирхогчдын үзүүлбэр, бүх насныханд зориулсан тэмцээн, уралдаан зохион байгуулах аж. Арга хэмжээг үзэх хүсэлтэй 10-аас доош насны хүүхэд үнэ төлбөргүй байх бол том хүний тасалбар 10 мянган төгрөг байна. Тасалбарыг “Наадам төв”-д борлуулж эхэлжээ.