Азийн танхимын наадмын хүрэл медальт баг. Баруун гар талаас Д.Дэлгэрням, А.Гансүх, Г.Цэнгүүнбаяр, Э.Дөлгөөн нар
Өнгөрсөн сарын сүүлээр болсон “Ашгабат-2017” Азийн танхимын болон тулааны спортын V наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрлөөс хүрэл медаль хүртсэн Монголын 3×3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Даваасамбуугийн Дэлгэрнямтай ярилцлаа.
-Юуны өмнө уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн ч хоёр настайгаасаа Төв аймагт өссөн хүн. Дунд сургуулиа Төв аймгийн тавдугаар сургуульд суралцаж төгсөөд Шинжлэх ухаан техникийн их сургуульд элсэн суралцсан. Өдгөө Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ажилладаг.
-Сагсан бөмбөгөөр хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Багийн л их нуруулаг хүүхэд байсан болохоор хааяа сагс тоглочихдог л байлаа. Гэхдээ тийм ч их биш л дээ. Би чинь арван жилд байхдаа дугуйчин хүүхэд байсан юм. Дугуйн спортыг их сонирхон хичээллэж байв. Улмаар 2008 оноос буюу оюутан болоод л энэхүү спортод илүү сонирхолтой болж, бэлтгэл сургуулилт хийж, тасралтгүй хичээллэх болсон.
-Дугуйн спортоор сонирхон хичээллэж байсан хүүхэд яагаад сагсан бөмбөг сонирхох болов оо?
-Гэнэт сагсчин болно гээд шийдчихсэн зүйл байхгүй л дээ. Урсгалаараа явсаар л байгаад л сагсчин болчихсон. Яахав өндөр нуруулаг болохоор энэ спорт руу орсон байх. Манай нутгийн ах нар “Дэлгэрням өндөр нуруутай юм чинь багтаа авч тоглоё” гээд л янз бүрийн тэмцээнд оролцуулдаг л байлаа. Ер нь ах нарыгаа дагаж, тэмцээн уралдаанд оролцсоор байгаад сагсан бөмбөгийн спортоор тууштай явах болсон юм болов уу. Мөн их сургуульд оюутнуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээн их явагдана. Тэр тэмцээнүүдэд ангиа, сургуулиа төлөөлж оролцдог байсан маань нөлөөлсөн байх.
-Таны өндөр хэд вэ?
-Одоогоор 195 см-ийн өндөртэй байна. Багт төвийн тоглогчийн байрлалд тоглодог.
-Таны хамгийн анхны тэмцээн юу байв?
-16 настай байхдаа аймгийнхаа өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд одоо байгаа багийнхаа Ганболд, Мөнхтөр хэмээх андуудтайгаа оролцож байлаа. Энэ л миний анх багаараа тоглосон тэмцээн байсан болов уу.
-Тэгвэл анхны багш, дасгалжуулагч тань хэн бэ?
-Дунд сургуульд байхад Наранхүү багш маань намайг сагсчин болгох гэж их гүйдэг байлаа. Хожим Төв аймгийн “Төв ургац” багт ороход Эгий ах надад сагсан бөмбөгийн спортын хичээл заадаг байсан. Яг мэргэжлийн түвшинд ч гэх үү байнга бэлтгэл сургуулилт хийж эхлэхэд Амаржаргал багш маань надад их зүйлийг сургасан даа. 2008 оноос лигт орж тоглодог болсноос хойш Амараа багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базааж, өдий хүртэл тоглож явна. Ингээд бодохоор сагсан бөмбөгийн спортыг мэдрүүлж өгсөн багш нар их ээ.
-Хорин нэгэн аймгийн 3х3 үндэсний лигийн тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Таны хувьд “Төв ургац” багт тоглодог. Танай баг одоогоор хэдэн хожилтой байна вэ?
-Энэхүү тэмцээн эхлээд удаагүй байгаа. Манай баг уржигдар анхныхаа тоглолтыг хийж, Хан-Уул дүүргийн багийг хожсон. Тэмцээнд хорин нэгэн аймгийн баг тамирчид оролцохоос гадна нийслэлийн есөн дүүргийн баг оролцож байгаа юм билээ. Учир нь манай улсад сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр үндэсний лигийн тэмцээн анх удаа зохион байгуулагдаж байна.
-Хорин нэгэн аймгийн багуудаас хамгийн хүчтэй нь аль аймгийн баг бол?
-Тэр баг нь илүү, дутуу гэсэн юм байхгүй. Манай улсын хорин нэгэн аймаг, есөн дүүрэгт хүчтэй, сайн тоглодог сагсчид их л дээ. Ер нь бүгд ижилхэн л өгөө аваатай үздэг дээ. Хэн нь ч хэнийгээ хожоод дээшээ гараад ирэх боломжтой болохоор тэр баг нь илүү гэж хэлж чадахгүй юм.
-Мөн удахгүй NBA-ийн шинэ улирлын тоглолтууд эхлэх гэж байна. Таны хувьд ямар баг, тоглогчийг дэмждэг вэ?
-Миний хувьд Леброныг л их дэмждэг. Өнөө цагийн домог болсон тоглогч шүү дээ. Леброн аль багт байна тэр багийг л дэмжинэ. Мөн “San Antonio Spеrs” багийн хөгжөөн дэмжигч ээ.
-Америкчууд яагаад сагсан бөмбөгөөрөө дэлхийд ноёлдог юм бол?
-Мэдээж хэрэг Америкийн үндэсний спорт. Монголчууд бөхийн спортоор дэлхийд тэргүүлдэг шүү дээ. Ийн тэргүүлдэг нууц нь монгол хүний цусанд нь байдаг байх. Үүнтэй адил америкчуудын цусанд нь сагсан бөмбөг хэмээх спортыг гайхамшигтай тоглох ур чадвар оршдог юм болов уу.
-Сагсан бөмбөгийн шинэ төрөл буюу 3х3 хэмээх багийн спортоор манай улс сүүлийн жилүүдэд өндөр амжилтыг гаргаж байгаа. Саяхан дэлхийн оюутны лигийн тэмцээнээс алтан медаль хүртсэн шүү дээ.
-Манай улсын сагсчид 5х5 төрлөөр Инчонд болсон Азийн их наадамд шилдэг наймд үлдэж чадсан. Энэ бол хамгийн том амжилт. Харин 3х3 төрлөөр сүүлийн жилүүдэд их сайхан амжилтуудыг гаргаж байгаа. Бидний хувьд энэ жилийн тавдугаар сараас олон улсын тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн л дээ. Өнгөрсөн сард Ашгабат хотод болсон Азийн танхимын болон тулааны спортын V наадмаас хүрэл медаль хүртлээ. Харин нөгөө залуучууд маань оюутны дэлхийн лигт түрүүллээ. Энэ мэт өндөр амжилтууд ар араасаа цуварч байна. Энэ бол яалт ч үгүй манай улсад багийн спорт эрчимтэй хөгжиж байгаагийн илрэл ээ.
-Өмнө нь гаргаж байсан амжилтаасаа дурдахгүй юу?
-Миний хувьд өмнө нь 2011 онд 3х3 олон улсын тэмцээнд багаараа оролцож хүрэл медаль хүртэж байв. 2016 онд Вьетнамд болсон Азийн наадмаас мөнгө, өнөө жилийн Ашгабатад болсон Азийн танхимын наадмаас хүрэл медаль хүртлээ. Томоохон амжилтууд гэвэл ийм байна.
-Манай сагсчид 3х3 төрлөөр тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцож байна. Гэтэл 5х5 төрлөөр яагаад олон улсад төдийлөн амжилт гаргадаггүй юм бол?
-Сагсан бөмбөгийн энэхүү хоёр төрөл хоорондоо их зөрүүтэй л дээ. Багийн гишүүдийн тоо болоод тоглож буй талбайн хэмжээ, дүрмээрээ их ялгаатай. 3х3 бол жижигхэн талбайд маш богино хугацаанд, авхаалж самбаа гаргаж тоглодог. Мөн тамирчнаас биеийн хүч их шаарддаг. Харин 5х5 төрөл нь хоёр талын шийдэнд арван тамирчин тоглодог. Үүгээрээ хамгаалалт, довтолгоо гээд өндөр ур чадвар гаргаж, тактикийн тоглолтууд их явагддаг онцлогтой. Мөн тамирчнаас нуруулаг байхыг шаарддаг төрөл.
Тиймээс 3х3 төрөлд манай тамирчид нуруу намдахгүй, өндөр ур чадвар гаргаад байдаггүй, биеийн хүчээр илүүрхэж тоглодог болохоор дэлхийн багуудтай өрсөлдөж, амжилт гаргах боломжтой байдаг. Манай улсын сагсан бөмбөгийн 3х3 холбоо энэ жил байгуулагдсан хэдий ч үнэхээр идэвхтэй ажиллаж байна.
-Сагсан бөмбөг сонирхогчид төдийгүй олон түмэн манай улсын 3х3 сагсан бөмбөгийн багийг ирэх “Токио-2020” олимпод амжилттай оролцож, медаль хүртчих байх гэсэн хүлээлттэй байгаа. Ер нь олимпоос медаль хүртчих байх гэсэн итгэл хэр байна вэ?
-Юуны өмнө олимпод оролцох эрхээ олж авах учиртай. Олимпод оролцохын тулд аль болох олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож, амжилт гарган оноо авах нь чухал. Гаргасан амжилт, оноогоор нь дүгнэж олимпийн эрх олгох болохоор бид одооноос л тэмцээн уралдаанд алгасалгүй оролцох нь чухал байна. Мэдээж хэрэг олимпод оролцох эрхээ авчихвал медаль хүртэхийн төлөө хичээх болно. 3х3 үндэсний шигшээ баг маань олимпоос медаль авах чин зорилготой учраас л оролцсон тэмцээн бүртээ амжилт гаргахын төлөө зүтгэдэг.
-Монголын сагсан бөмбөгийн холбоо хоёр хуваагдчихаад байгаа. Үүнээс болж тамирчид хохирч байна гэсэн мэдээлэл сүүлийн үед их явах болсон…
-Бид сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр тив, дэлхийн тэмцээн, уралдаанд оролцож, өндөр амжилтуудыг гаргаж байна. Манай залуучууд үнэхээр энэ спортоор чамлахааргүй, түүхэн амжилтуудыг гаргасаар л байгаа. Гэвч Монголын сагсан бөмбөгийн холбоод биднийг дэмжихгүй байна. Манай сагсчид үүнд их гомдолтой байдаг. Ямар ч спортоор амжилт гаргахын тулд бэлтгэл сургуулилт их чухал. Бэлтгэл сургуулилт хийхийн тулд тусгай заал, танхим шаардлагатай. Гэвч бидэнд бэлтгэл сургуулилт чөлөөтэй хийх заал, танхим гаргаж өгөхгүй л байна. Бид өнгөрсөн зунжингаа гадаа талбайд мөнгө төлөн байж бэлтгэл сургуулилт хийсэн. Уг нь Спортын төв ордон хэмээх Монголын шигшээ багийн бэлтгэл сургуулилтыг бүрэн хангаж өгдөг газар бий биз дээ. Бид энэ ордонд нэг ч удаа орж, бэлтгэл хийсэнгүй. Тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт гаргаад ирэхэд спортын салбарын удирдлагууд нэг ч удаа хүлээн авч, баяр хүргэсэнгүй. Бид нарыг хэн ч тоохгүй байна. Тоохгүй байгаа ч бид бор зүрхээрээ болгоод л байгаа. Бид нарыг дэмжихгүй байж болно. Гэхдээ бидний дараагийн үеийг дэмжээсэй хэмээн хүсч байна. Тухайлбал, оюутны дэлхийн аварга болсон залуучуудыг дэмжээсэй. Ядаж л бэлтгэл сургуулилт хийх заал, талбайгаар хангаж өгөөсэй билээ. Сагсчдын хувьд хамгийн чухал нь заал, танхим байдаг. Уг нь биднийг маш сайн ойлгох хүн спортын салбарыг удирдаж байгаа шүү дээ.
-Энэ бүхэн сагсан бөмбөгийн хоёр холбооны тэмцлээс болж байна уу?
-Миний хувьд тэгж л харж байна. Манай сагсчдад аль нэг нам, холбоо ямар ч хамаагүй. Олон улсын тэмцээнд оролцохдоо бид эх орныхоо нэрийн өмнөөс явдаг. Гадаадад очоод биднийг монголчууд байна л гэж хэлдэг. Түүнээс биш энэ баг Ардчилсан намынх, Ардын намынх байна гэж хэлэхгүй. Эсвэл энэ баг Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Сагсан бөмбөгийн холбооны тамирчин байна гэж хэзээ ч хэлэхгүй шүү дээ. Бид гадаадад нэг л улсын нэрийг гаргаж яваа. Тэр нь Монгол Улс. Тийм болохоор дотоодынхоо асуудлыг шийдвэрлэж, сагсчид, тамирчдаа дэмжих цаг болсон.