Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн цагдаагийн зөвлөгөөн хийлээ

ЗурагНийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй “Эргүүл” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Цагдаагийн албаны тухай хууль, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/121, 122 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан “Олон нийтийн цагдаагийн дүрэм”, журмын мэдлэг олгох, практикт хэрэглэх ур чадварыг сайжруулах, ажилтнуудын ажлын идэвхи санаачлагыг өрнүүлж, үр дүнг дээшлүүлэх зорилготой “Олон нийтийн цагдаагийн сургалт, зөвлөгөөн”-ийг Нийслэлийн цагдаагийн газраас Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвтэй хамтран зохион байгууллаа.

Зөвлөгөөний үеэр олон нийтийн цагдаа нартай тус цагдаагийн газрын удирдлагаас хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, ажлын үр дүнгээр бусдыгаа хошуучлан ажилласан 6 олон нийтийн цагдааг Нийслэлийн цагдаагийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн б/663 дугаар тушаалаар “Баярын бичиг”-ээр шагналаа. Хууль тогтоомжид нийцүүлэн олон нийтийн цагдаагийн эрх зүйн орчныг сайжруулах, эрх, үүргээ биелүүлэх баталгааг хангахад Нийслэлийн цагдаагийн газраас ихээхэн анхаарснаар одоогоор “Цагдаагийн байгууллагад ажиллах иргэнд тавигдах тусгай шаардлага, шалгуур”-ыг хангасан 75 олон нийтийн цагдаагийн ажилтныг цагдаагийн алба хаагчаар томилон ажиллуулж байна. Олон нийтийн цагдаа нар Нийслэлийн хэмжээнд 2017 оны эхний 9 сард зохион байгуулагдсан “Сар шинэ”, “Эргүүл”, “Хичээлийн шинэ жил” зэрэг нэгдсэн 5, хэсэгчилсэн 316 удаагийн арга хэмжээнд оролцож, цагдаагийн алба хаагчтай хамтран 84 гэмт хэргийг шуурхай илрүүлж, таслан зогсоон, 987 удаагийн хэргийн газрын хамгаалалтад ажиллан, хэсгийн байцаагчтай хамтран 15968 аж ахуй нэгж байгууллагад 10617 мэдэгдлийг хүргүүлэн биелэлтийг тооцуулж, 59521 иргэнд хууль тогтоомжийг тайлбарлан таниулж, ахуйн хүрээнд болон гудамж талбайд үйлдэгдсэн 4260 зөрчлийг шийдвэрлүүллээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 198 сургуулийн орчимд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “School police”-ийн эргүүлээр ажилласан 7021 эцэг, эхэд үүрэг гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлж, сурагчдын хичээл цуглах, тарах үеэр зам, уулзвар, гарцуудад тодорхой цагуудад цагдаагийн 2752 алба хаагчийн хамт хяналт тавьж ажиллаж цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаад байнагэж УБХЦГ-аас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Тусгаар улсаа тунхаглана

Каталоны нийслэл Барселоны төв талбай дээр олон мянган тусгаар улс болохыг дэмжигчид цуглан каталоны туг далбааг мандуулж, сүлд дуугаа дуулж баяраа тэмдэглэв. Энэхүү цуглаанд оролцсон Каталоны удирдагч Карлес Пуиждемонт өчигдөр болсон бүх нийтийн санал асуулга амжилттай өндөрлөн каталончууд испаниас салж тусгаар улс болно гэдгээ баталлаа. Бидний тусгаар улс болох үүд хаалга нээгдлээ. Иймээс Европын холбоо бидний талаар үзэл бодлоо илэрхийлэхээс өөр аргагүй болсон. Миний удирдаж буй Засгийн газар өнөөдрийн санал асуулгын дүнг Каталоны парламентад цаг алдалгүй явуулж хуулийн дагуу Бүгд найрамдах тусгаар улсаа тунхаглах шийдвэр гаргуулна хэмээн мэдэгдлээ. Испаний Үндсэн хуулийн шүүх энэхүү санал асуулгыг хууль бус хэмээн зарлаж засаг захиргаа санал асуулгыг тасалдуулах зорилгоор автономит эрхтэй Каталон мужид цэрэг цагдаагийн хүч оруулан билээ.Цэрэг цагдаа хэдэн арван санал асуулгын хэсгийг хүчээр хааж, олон сая саналын хуудас, хайрцаг хураан авсан боловч санал асуулга ийнхүү амжилттай болж өндөрлөжээ. Харин Испании Ерөнхий сайд Мариано Рахой энэхүү санал асуулгыг “ардчиллыг доромжилсон явдал” хэмээн нэрлэсэн байна.

Г.АМАР

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: Ерөнхий сайдад нэр дэвшигчтэй зөвшилцсөний дараа АН-ын бүлэг байр сууриа тодорхойлно

ЗурагУИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт нээлтээ хийж буй УИХ-ын Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэжээ. Хуралдааны талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Тус бүлгийн зүгээс Ерөнхий сайд болон шинээр байгуулагдах Засгийн газрын үйл ажиллагааны талаар Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхтэй ойрын өдрүүдэд зөвшилцөхөөр болжээ. Зөвшилцлийн дараа УИХ-ын чуулганд АН-ын бүлэг ямар байр суурьтай оролцохоо тодорхойлно гэлээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Шинээр байгуулагдах Засгийн газар бүтцийн шинэчлэлтэй зэрэгцэн төсвийн шинэчлэл хийж чадна гэж харж байна. Тодруулбал, төрийн захиргааны албаны данхайсан бүтцийг цомхотгох асуудлыг нэн тэргүүн ярилцах ёстой. Хоёрдугаарт, төрийн албан хаагчид, багш, эмч нарын цалингийн дундаж хэмжээ өрхийн хэрэглээнд хүрэхгүй болсныг төр засаг хүлээн зөвшөөрч, хүрэлцэхүйц хэмжээний цалин хөлстэй болгох талаар Төсөвт зайлшгүй тусгах ёстой. Гуравдугаарт нийгмийн хөгжлийн ганц баталгаа болж байсан Хүүхдийн мөнгийг олгох тал дээр шинэ Засгийн газар байр сууриа тодорхой болгох шаардлагатай байна” гэлээ.

Түүнээс гадна тус намын бүлэг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх гол гол хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэжээ. Тухайлбал, 2018 оны Төсвийн хуулийн хүрээнд цөөнх, сөрөг хүчний дуу хоолойгоо тодорхой илэрхийлж, нийгмийн халамж, цалин урамшууллыг тодорхой заагтай олгох боломж шинэ Засгийн газарт байгаа учир зөв зүйтэй ашиглах ёстой гэж үзэж буй аж. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэсэн байр суурьтаа хэвээр байгааг хэлж байв. Учир нь Үндсэн хууль нийт ард түмэн, намуудын зөвшилцлийн дүнд батлагдах ёстой гэж үзэж буй юм.

Мөн банк санхүүгийн системийн бүтцийн хуулиуд болон Төрийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль, Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай хуулиудаар байр сууриа нэгтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж буй Баялгийн хуваарилалтын хуулийг АН-ын бүлэг хамтарч өргөн барих нь зүйтэй гэж үзсэн байна. Иргэдийг өрийн дарамтаас гаргах үндсэн зорилготой уг хуулийн төсөлд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Мэдээллийн дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр багш, эмч нарын цалинг нэмэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Багш, эмч нарын асуудлыг зоосны нүхээр битгий хараасай. Энэ бол багш нарын цалингийн тухай асуудал биш. Энэ бол Монгол Улсын шинэ үеийг бэлтгэхэд суурь боловсролын нөхцөл байдал юунаас эхлэх вэ гэдэгт асуулга өгч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэдээж цалин хүссэн хэмжээгээр нь нэмэх боломжгүй ч шинэ үеэ бэлтгэхэд багш нарын ур чадварт уялдсан цалингийн шинэчлэл энэ улсад хэрэгтэй. Энэ бол боловсролын системийн өөрчлөлтөд хэрэгтэй учраас энэ талаас нь асуудалд хандаасай гэж Ерөнхий сайдад нэр дэвшигчээс хүсч байна. Хүүхэд бүрт олгох мөнгө байна уу, байхгүй юу гэдэг асуудал биш. Цөөхөн хүн амтай Монголд Хүүхдийн мөнгө бол хүн амын өсөлтөд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэдэг талаас нь харвал Төсөвт онцгой байр суурь эзлэх ёстой гэдгийг шинэ Засгийн газар ойлгоно. АН-ын бүлэг энэ байр сууриа асуудал хэлэлцэх үед илэрхийлээд явна.

-Шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжиж байгаа юу?

-АН-аас өөрсдийн байр сууриа илэрхийлж, санал солилцоно. Санал солиолцоход хэр зэрэг нөхцөл байдлыг ойлгохоос шалтгаалж, УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжих эсэх байр сууриа илэрхийлнэ.

-Засгийн газрын бүтцийн асуудалд АН-ын бүлэг ямар байр суурьтай байна вэ? Яамдын бүтцийг нэмэх, хасах гэх мэт шаардлага тавьж байгаа юу?

-Асуудал яамдын тоонд биш, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд бүтцийн өөрчлөлтийг хийх ёстой. Жишээлбэл, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд төрийн захиргааны төв байгууллага байгуулах тухай шийдвэр байдаг. Эдийн засгийн хөгжлийн асуудлаар Монгол Улсад нэгдсэн бодлого хэрэгжүүлэх төрийн төв байгууллага байгуулах шаардлагатай гэсэн саналаа АН-ын бүлэг илэрхийлж байгаа.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулбал цаг хугацааны хувьд хэдийд явуулах тохиромжтой гэж үзэж байна вэ?

-Ард нийтийн санал асуулгыг хугацааны хувьд шахаж шаардахгүй. Харин урьдчилсан хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдаанд оруултал нийт иргэд, улстөрийн нам, төрийн болон төрийн бус байгууллагуудын саналыг ойлголцлын хүрээнд оруулж ирэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа хуулийг “савалтал” томоохон өөрчлөлт оруулахгүй байх нь зөв гэж үзэж байгаа.

Categories
мэдээ нийгэм

МУИС 75 жилийн хугацаанд 100 мянга орчим боловсролтой мэргэжилтэн бэлтгэжээ

ЗурагМонголын ууган их сургууль МУИС байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ой энэ сарын 05-06 нд тохиож байна. Ойн хүрээнд зохион байгуулах ажлын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

“Түүхт 75 жилийн ой нь Монгол Улсад дээд боловсролтой үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний ой, манай оронд дээд боловсролын тогтолцоо үүсэн буй болсны түүхэн ой юм. МУИС нь 1946 онд анхны төгсөлтөө хийснээс хойш 71 удаагийн төгсөлтөөр 100 мянга орчим их сургуулийн боловсролтой мэргэжилтэн бэлтгэж, бакалавр, магистр, докторын сургалт явуулдаг Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны тэргүүлэгч гол төв болон өсөн бэхжиж ирлээ” гэдгийг тус сургуулийн захирал, доктор Я.Төмөрбаатар онцлов.

Тэрбээр хэлэхдээ, “МУИС-ийн хамт олон 75 жилийн ойн босгон дээр дэлхийн жишигт нийцсэн номын сан ашиглалтад орж, Монголын анхны хиймэл дагуул “Мазаалай”-г сансарт хөөргөж томоохон амжилтаар өмнөх ололтоо бататган угтаж байна. МУИС-ийг сургалтад суурилсан их сургуулиас тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий академик мэдлэгийг нийгэм-эдийн засгийн эргэлтэд оруулдаг, хөгжил дэвшил хувь нэмрээ оруулдаг, либерал арт боловсрол олгодог цогцолбор судалгааны их сургууль болгохын сацуу Азийн тэргүүлэх 100 сургуулийн нэг болгох зорилт тавин ажиллаж байна” гэв.

Тус сургууль нь өнөөдөр 20 мянга гаруй оюутан 1500 гаруй салбар бүрийн шилдэг тэргүүлэх доктор профессор, багш ажилчид, 5 бүрэлдэхүүн сургууль, 2 салбар сургууль, 44 тэнхим, бие даасан 21 нэгжтэй үйл ажиллагаа явуулж байна.

Ойн хүрээнд томоохон хурал зөвлөгөөн, Шинэ номын сангийн нээлт, МУИС эрдмийн музей, МУИС brand shop зэргийг нээхээр төлөвлөжээ. Мөн “МУИС-Хөрөнгө оруулалтын форум”-ыг энэ сарын 05-нд зохион байгуулах юм. Энэхүү хуралд гадаад дотоодын 150 төлөөлөгч оролцож МУИС-ийн гадаад, дотоод хамтын ажиллагаанд нэн тэргүүнд хэрэгцээтэй арга замыг нээх, МУИС-ийг ирээдүйд хөгжүүлэхэд түлхэц болох хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг танилцуулна гэдгийг зохион байгуулагчид нь хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Хот, тосгоны тулгамдсан асуудлыг хэлэлцлээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газраас “Хот, тосгоны тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн яам, Барилга хот байгуулалтын яамны төлөөлөл, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нар, Тосгоны захирагчид, НЗДТГ-ын Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төслийн баг, ХБНГУ-ын Конрад Аденаурын сангийн төлөөлөл оролцлоо.

Хот, тосгоны удирдлагын тогтолцоо, тулгамдсан асуудал сэдвээр ЗГХЭГ-ын ахлах референт П.Зоригтбаатар, Хот, тосгоны өнөөгийн байдал тулгамдсан асуудал сэдвээр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны захирагч Ж.Ганболд, Дүүрэг дэх тосгоны асуудал сэдвээр НЗДТГ-ын мэргэжилтэн С.Энхжаргал нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлэгт оролцогчдын санал, шүүмжлэлийг нэгтгэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос явуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал оруулна.

Улсын хэмжээнд 18 тосгон байгаагаас хамгийн олон нь буюу 6 нь Сэлэнгэ аймагт байна. Тосгоны захирагчид иргэддээ төрийн үйлчилгээг хүргэж ажиллахад цөөнгүй хүндрэл тулгардаг гэлээ. Тосгоны бие даасан хараат бус байдал хуулинд тодорхой тусгагдаагүй нь оршин суугчдын нутгийн удирдлага дахь оролцоог хумигдмал байдалд байлгадаг. Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудын дагуу ажил үүргээ гүйцэтгэхэд зөрчил үүсдэг зэргийг ч орон нутгийн удирдлагууд хэлж байв.

Categories
мэдээ нийгэм

Жижиглэн худалдаа эрхлэгчид Хангарьд ордонд эсэргүүцэл илэрхийлэв

-168 ЦАГ ӨЛСЛӨӨ, ШИЙДВЭР ГАРГАЖ ӨГӨХИЙГ ШААРДАЖ БАЙНА ГЭВ-

Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас Хархорин зах, 32-ын автобусны буудал орчимд зогсдог наймаачдыг худалдаа хийхийг хориглосон. Тус автобусны буудлын наймаачид 10-ыг харьцах 60 метр квадрат хөрс нь бохирдсон талбайд худалдаа эрхлэх зөвшөөрөл хүссэн ч тус дүүргийн тамгын газар хариу өгөөгүй байна. Жижиглэн худалдаа эрхэлдэг 12 иргэн ажлын байраа хамгаалахаар 168 цаг өлсгөлөн зарласан ч тус дүүргийн удирдлагууд хариу өгөөгүй гэлээ. Тиймээс эдгээр иргэд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болж байгаа танхимын гадна ирж эсэргүүцэл илэрхийлэв. Тэд мөн аравдугаар сарын 4-нөөс хуурай өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн юм. Өлсгөлөн зарласан 12 иргэний бие муу байгаа бөгөөд дөрвөн иргэний бие огцом муудаж эмнэлэгт хүргэгджээ. Эдгээр 12 иргэний олонхи нь эмэгтэй, 0-2 насны хөхүүл эхчүүд гэнэ.

Цуглаанд оролцсон иргэн Г.Ганцэцэгээс энэ талаар тодруулав.

-Өлсгөлөн зарласан иргэдийн бие хэр байна?

-Өлсгөлөн зарлаж байгаа 12 хүний дөрвийнх нь бие муудсан. Есөн хүн үлдсэн тэд бүгд өрх толгойлсон эмэгтэй, өндөр настан, 0-2 насны хүүхэдтэй хөхүүл эхчүүд байгаа. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэнэ гэдэг ч өлсгөлөн зарлаж буй 12 хүний дийлэнх нь эмэгтэйчүүд байхад яагаад нэг ч удаа очиж уулзсангүй вэ? Бид юм идэхгүй хоёр цаг болоход яадаг билээ тэр хүмүүс бүхэл бүтэн 168 цаг юм идээгүй. Бид ямар нэг шийдэлд хүрэх гээд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газар болох Хангарьд ордонд ирээд байгаа юм.

-Баянгол дүүргээс холбогдох хүмүүс ирж та бүхэнтэй уулзсан уу?

-Биднийг өлсгөлөн зарлаад долоо хонож байхад С.Одонтуяа дарга нэг ч удаа ирж уулзаагүй. Улсаас халамж шаардалгүй, өөрсдийнхөө хөрөнгө мөнгөөр 200 хүний ажлын байр гаргахын төлөө тэр талбайн зөвшөөрлийг авах гэсэн юм. Тэр хүн одоо онгоцоор нисээд л дээгүүр явж байгаа байх.

-Холбогдох газраас тайлбар авч чадсан уу?

-Бүтэн долоо хоноход нэг ч тайлбар авсангүй. Биднийг өлсгөлөн зарласан өдөр одонгоо авсан. Тэгээд одонгоо ч авчихлаа, хогоо ч цэвэрлэчихлээ гэсэн. Хог нь бид нар л байгаа байхгүй юу. Гадаа худалдаа наймаа хийдэг хүмүүсийг бүгдийг нь зогсоосон. Жижигхэн талбайд ажлын байр байгуулаад өөрсдийнхөө хөрөнгө мөнгөөр ажлын байр баръя, та зөвшөөрөл өгөөч гэхэд тэр хүн өрөөсгөл мэдээлэл цацаад байгаа.

-Холбогдох газраас хариу ирэхгүй тохиолдолд цаашдаа яах вэ?

-Ямар нэг арга хэмжээ авч өгөхгүй бол аравдугаар сарын 4-нд хуурай өлсгөлөн зарлана. Хэдэн хүний амь хохирохыг С. Одонтуяа дарга харах гээд байгаа юм байлгүй. С.Одонтуяа даргыг бид их хүлээж байгаа гэв.

Бэлтгэсэн Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн төвийн 40 ортой эмнэлгийн барилгын шав тавилаа

2012 онд Багахангай дүүргийн 10 ортой Эрүүл мэндийн төвийн барилгыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан учир НИТХ-ын төлөөлөгч болон Дүүргийн удирдлагууд холбогдох байгууллагад уламжилж ажилласны үр дүнд Нийслэл дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “40 ортой эмнэлэг барих” 3 тэрбум 39 сая төгрөгийн ажил тусгагдсан бөгөөд 2017 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1 тэрбум төгрөгийн барилгын ажил эхлүүлээд байна.

Уг ажлын тендэрийг 2017 оны 07–р сарын 13-нд зарлаж гүйцэтгэгчээр “Тэргүүн чансаа” ХХК шалгарсанаар барилгын шав тавих ёслолын ажиллагаа 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Багахангай дүүрэгт зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд:

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Батнасан

Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Цогцэцэг

Дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр

Засаг даргын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Болормаа

Засаг даргын Тамгын газрын дарга Э.Эрдэнэтуяа

Эрүүл мэндийн төвийн дарга Х.Ганбат

“Тэргүүн чансаа” компаний гүйцэтгэх захирал Б.Ундрахбаяр

Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон холбогдох албаны хүмүүс, иргэд оролцлоо.

40 ортой эмнэлэг нь дотор, мэдрэл уламжлалтын 20, хүүхдийн 10, халдвартын тусгаарлах 5, төрөх эмэгтэйчүүдийн 5 ортой, мэс засал, сэхээн амьдруулах, төрөх өрөө, комьпютер томографик, рентген лаборатори зэрэг тусгай тоноглол, стандарт шаардлагад нийцсэн орчин үеийн зохион байгуулалттайгаар баригдах юм.

Энэхүү эмнэлэг нь баригдсанаар зэргэлдээх сумдууд болон дүүргийн хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг аюулгүй орчинд хурдан шуурхай стандартын дагуу тэгш хүртээмжтэй хүргэх, орчин үеийн тоног төхөөрөмжөөр үйлчлэх нөхцөл боломж бүрдэх юм.

Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын хамтын ажиллагаа-2017” чуулга уулзалтад оролцож буй ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга Сергей Вячеславович Калашников тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Монгол, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж буйг тэмдэглээд, олон зууны түүхтэй энэхүү найрсаг харилцааг бид гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл хэмээн үздэг хэмээн онцоллоо.

Тэрбээр “Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд 2016 онд Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт хоёр тал гарын үсэг зурсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Та бүхний оролцож байгаа чуулга уулзалт чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Түүнчлэн хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа тэмдэглээд “Санасан хэмжээнд төдийлэн хүрэхгүй байгаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь нэн чухал юм. Хоёр орны хууль тогтоох байгууллагууд энэ чиглэлээр хамтран ажиллаж, хил, гааль, татвар, тээврийн зэрэг зарим салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хүчин чармайлт тавих ёстой. Мөн хил орчмын бүс нутаг, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөтгөх, үүссэн асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэж байх нь харилцааг идэвхжүүлэхэд чухал түлхэц болно” хэмээн тэмдэглэлээ.

Ноён С.В.Калашников үгийнхээ эхэнд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко, Төрийн Думын дарга В.В.Володин нарын чин сэтгэлийн мэндчилгээг УИХ-ын дарга М.Энхболдод уламжиллаа.

Тэрбээр парламент хоорондын хамтын ажиллагаанд хоёр улсын хууль тогтоох байгууллага дахь Бүлгүүд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлоод, ”Өнгөрсөн онд ОХУ-ын Холбооны хурал, Монгол Улсын Их Хурлын парламентын бүлгүүд Новосибирск хотноо хамтарсан хуралдаан хийж, үйл ажиллагааны зорилго, төлөвлөгөөгөө хэлэлцэж, энэ механизмыг цаашид тогтвортой ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн. Дэлхийн улс орнуудын парламентын бүлгийн практикт ийм механизм байдаггүй ч манай хоёр бүлгийн энэ харилцаа бүхий л салбарын хамтын ажиллагааг үр ашигтай, тогтвортой өргөжүүлэн хөгжүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

Ноён С.В.Калашников хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа чухал гэдэгт УИХ-ын даргатай санал нэг байгаагаа тэмдэглээд ОХУ-ын Монгол Улстай хийж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны 70 хувь нь хил орчмын 60 орчим муж, хотод хамаарч байгаа юм. Тиймээс илүү үр ашигтай, нягт хамтран ажиллахад нь бид анхаарлаа хандуулах ёстой. ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд бүс нутгийн дэд комисс ажилладаг. Тус комиссын үйл ажиллагаанд хяналт тавьж, дэмжин өргөжүүлэх нь та бидний үүрэг юм гэж онцоллоо.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд “Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр бол бидний хамтын ажиллагааны ойрын 5 жилийн чиг баримжаа, стратегийн зорилт юм. Тиймээс энэ хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх талаар хууль тогтоох байгууллагууд Засгийн газартаа шаардлага тавьж, дэмжин ажиллах нь зүйтэй” хэмээн онцлоод, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенко, Төрийн Думын дарга, ноён В.В.Володин нарт мэндчилгээ дэвшүүлэв.

Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын Холбооны зөвлөлийн Байгалийн баялгийн ашиглалт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн байнгын хорооны орлогч дарга С.М.Жиряков, Холбооны зөвлөлийн Олон улсын харилцааны байнгын хорооны гишүүн Р.Н.Зинуров, ОХУ-ын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн орлогч сайд А.В.Чибис, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан нарын зэрэг албаны хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүрэгт “Эко дүүрэг – Ногоон сургууль” хөтөлбөр хэрэгжүүллээ

Аливаа улсын нийслэлийн 90 хувь нь ногоон байгууламж байна гэсэн олон улсын стандарт байдаг юм байна. Гэтэл манай улсын нийслэл Улаанбаатар хотын ердөө тавхан хувь нь ногоон байгууламж байдаг гэсэн харамсалтай тоо бий. Тиймээс сүүлийн жилүүдэд нийслэл, дүүрэг, хороо шат шатандаа энэ асуудалд багагүй ач холбогдол өгч байгаа.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн Засаг дарга 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгаж, нийслэлийн өнгийг тодорхойлогч Хан-Уул дүүрэг нь “ЭКО ДҮҮРЭГ” болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй юм.

Тус ажлынхаа хүрээнд өнгөрсөн амралтын өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Мод тарих аян” өрнүүлж “Эко дүүрэг – Ногоон сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүллээ.

Дүүргийн Засаг дарга болон Хөдөө аж ахуйн их сургуулийн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээх, байгаль орчноо хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж нийт 10 төрлийн 1200 гаруй мод, бут сөөгийг тарилаа.

Мод тарих аянд Хан-Уул дүүргийн удирдлагууд, Засаг даргын Тамгын газрын хэлтэс албадын дарга, ажилтан албан хаагчид, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтан албан хаагчид бүрэн хамрагдаж идэвхитэй оролцлоо

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дэлхийн “Нотариатчийн өдөр” тохиож байна

Image result for Нотариатчийн өдөр

Өнөөдөр Олон улсын нотариатын холбооны нийт 87 гишүүн улс орнуудын баярын өдөр тохиож байна.

Олон улсын нотариатын холбоо (ОУНХ) нь дэлхийн нотариатын байгууллагуудын үйл ажиллагаа, чиг үүргийн хөгжил, хамтын ажиллагааг дэмжих зорилго бүхий төрийн бус байгууллага юм. Жил бүрийн 10 дугаар сарын 02-ны өдөр Олон улсын Нотариатын Холбооны гишүүд дэлхийн “Нотариатчийн өдөр”-ийг тэмдэглэдэг. Дэлхийн нийт хүн амын 2/3 нь амьдрах 120 гаруй улс оронд Нотариатын байгууллага байдаг бөгөөд энэ өдөр бол 1948 онд Аргентин улсын Буэнос Аэрис хотод анхлан Латин хэлбэрийн нотариатчдын олон улсын чуулган зохион байгуулагдаж, ОУНХ-г үүсгэн байгуулсан өдөр бөгөөд энэхүү тэмдэглэлт өдрөөр Латин хэлбэрийн нотариатын тогтолцооны байгуулал, суурийг тавьсан баярт өдөр билээ. Анх 1948 онд 19 улс орны санаачилгаар үүсгэн байгуулагдагдаж байсан холбоо нь эдүгээ 87 улс орны гишүүнчлэл бүхий, Европын Холбооны 28 гишүүн орны 22 улсыг, G20 бүлгийн 19 улсыг тус тус өөртөө багтаасан, өөрөөр хэлбэл, дэлхийн нийт хүн амын 2/3 хэсэг, дэлхийн нийт ДНБ-ий 60 гаруй хувийг хамарсан эх газрын эрх зүйн тогтолцоог илтгэгч байгууллага болсон байна. Харин Монгол Улсын Нотариатчдын Танхим 2013 онд тус Холбооны 83 дахь гишүүн орноор элсэж, Азийн Хэрэг Эрхлэх Комиссийн идэвхтэй гишүүнд тооцогдож байна