Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай аймаг тарваган тахлын идэвхтэй голомттой байна

Тарваган тахал өвчний идэвхжил эхэлж байгаатай холбогдуулан иргэд мэргэжлийн үхсэн сэг зэмд хүрэхгүй байх, мэргэжлийн байгууллагад хандах, тарваганы түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэхийг зөвлөж байна.

Манай улсын Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай аймгуудад сүүлийн жилүүдэд тарваган тахлын өсгөвөр илэрч хүний өвчлөл гарсан, идэвхтэй голомттой байгаа юм. Иймд эдгээр нутагт ажиллаж, амьдарч байгаа болон аялж, зорчиж буй иргэдийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэнддээ анхаарал тавиарай.

Categories
мэдээ нийгэм

III, IV хороолол орчмоор халуун ус хязгаарлана

халуун ус хязгаарлана зурган илэрцүүд

Дулааны шугамыг шинэчлэн солих ажил үргэлжилсээр байна. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК энэ оны засварын ажлыг хэсэгчлэн хийж байна. Засварын ажил тав хоног үргэлжилж байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын 8-ны өдөр дуусах аж.

Өчигдрөөс эхлэн III, IV хороолол, Гандантэгчилэн хийд орчмоор засварын ажлыг хийж байгаа бөгөөд хуваарийг хүргэж байна.

  • VIII.07 – VIII.11 – III, IV хороолол, Гандантэгчилэн хийд орчим
  • VIII.14 – VIII.18 – ХӨСҮТ, Зүүнхүрээ хотхон, Орос эмнэлэг, Жин хэмжүүр, Кино үйлдвэр, Бридж групп, Цэргийн музей, XV хорооллын ДДТ13, 14-с хангагддаг хэрэглэгчид, II эмнэлэг, Английн Элчин сайдын яамны орчим
  • VIII.21– VIII.25 – Эрэл групп, Гоёо ХХК, Автобус1, ЭХЯам, Алтай хотхон, Барс зах, Гранд плаза, Говь ХК, Төмөр замын эмнэлэг, II хороолол, Төмөр зам орчим
  • VIII.22– VIII.26 – Шөнийн зах, Нарантуул зах, ахмадын хороолол, БЗД, БХЯам, СОС хотхон, XVI хороолол, БХИСургууль орчим
  • IX.04 – IX.08 – Бага тойруу, Цэцэг төв, Засгийн газрын арванхоёрдугаар байр, тавдугаар сургууль, МУИС, ШУТИС, 64 дүгээр дэлгүүр, Спортын төв ордон, УБИС, I эмнэлэг, СЭЗДС, Баянзүрх зах орчмоор засварын ажил болох юм байна.
Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо ээлжит бусаар Төрийн ордонд хуралдаж байна. Тус хуралдаанаар цаг үеийн шинжтэй хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж буй аж. Үүний нэг нь Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал гэх мэдээллийг бид авлаа.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Засгийн газар бүх хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгох шийдвэр гаргаснаар 2017 он гарсаар хүүхдийн мөнгөө авах боломжгүй, хязгаарлалтад ороод байсан иргэдийн хүүхдийн данс руу нийт зургаан сарын 120 мянган төгрөг шилжиж орсон.

Дээрх шийдвэрийг гаргах үед УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Засгийн газар хууль зөрчин, асуудлыг шийдлээ. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлага байсан” гэж мэдэгдсэн. Харин Засгийн газрын зүгээс “Хууль зөрчсөн зүйлгүй. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоод эхлэхээр Ардчилсан намын гишүүд уурлаж байна” гэх агуулгатай тайлбарыг хийж байв.

Засгийн газар Олон улсын валютын сангийн санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноор амьжиргааны төвшин тааруу айлын хүүхдэд 20 мянган төгрөг олгохоор болж, холбогдох хууль, төсвийг УИХ-аар батлуулж авсан ч төсвийн орлого өссөн гэж үзэн, бүх хүүхдэд ялгаваргүй олгохоор шийдвэрээ гаргасан юм.

Харин Олон улсын валютын сан Монгол Улсад хэрэгжиж байгаа хөтөлбөрийнхөө эхний үе шатыг дүгнэх үеэрээ хүүхдийн мөнгийг анхаарах шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгсөн билээ.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-тай агаарын хаалганы тоо нэмэгдүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

20645177_467878486906288_7151949500684003855_oИргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн тэргүүтэй албаны хүмүүс БНХАУ-ын иргэний нисэхийн удирдах газар (Civil Aviation Administration of China)-ын дэд дарга Ноён Bан Жикин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтын үеэр өмнөд хөрштэй хиллэх агаарын хаалганы тоог нэмэгдүүлэх харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт тус хоёр байгууллагын техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, агаарын хаалганы тоог нэмэгдүүлэх, хоёр байгууллагын хооронд байнгын хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх гэсэн гурван чиглэлээр ажиллахаар тусгагдсан юм.

Хоёр тал хамтын ажиллагаа болон тулгамдаж буй асуудлуудын талаар мөн ярилцсан. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Би энэ салбартаа ачигчийн ажлаас ажлын гараагаа эхэлсэн. Түүнчлэн олон улсын нисэх буудалд ажиллаж байх үед хамгийн бага асуудал гаргадаг гадаадын авиа компанийн нэг нь “Эйрчайна” байсан. Мөнхийн хөрш хоёр улс агаарын харилцааны салбарт ойр дотно хамтран ажиллах ёстой гэж боддог. Тиймээс энэ удаагийн уулзалт харилцан ашигтай үйл ажиллагаа явуулж, нягт хамтран ажиллахад өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Өмнөд хөрштэйгөө хиллэдэг агаарын хаалганы тоог нэмэгдүүлбэл олон улсын нислэгт үүсч буй ачаалал багасч олон зорчигч энэ цаг үед энэ асуудлыг шийдсэн хоёр улсын иргэний нисэхийн байгууллагын удирдлагуудад баярлах болов уу. Түүнээс гадна ирэх жил шинэ нисэх буудал ашиглалтад орохтой холбоотойгоор олон мэргэжилтэнг БНХАУ-д сургалтад хамруулах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ. Ноён Bан Жикин боловсон хүчний сургалтыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Ноён Л.Бямбасүрэн та иргэний нисэхийн салбарт шат шатанд нь ажиллаж байсан шиг би бас энэ салбартаа доороос нь эхэлж ажилласан. Та ачигчаас ажлын гараагаа эхэлсэн бол би барилга барихаас ажлаа эхэлж байлаа. Тиймээс таньтай ярилцахад ойр, дотно санагдаж байна. Холын төрлөөс ойрын хөрш илүү. Энэхүү уулзалт цаашид өндөр хэмжээнд хамтран ажиллахад түүхийн шинэ хуудсыг нээх ач холбогдолтой” хэмээн хэлэв.
Монголын талаас нисгэгч, нислэгийн хөдөлгөөн удирдагч, инженер, техник, хуулийн чиглэлээр мэргэжилтнүүдийг өмнөд хөршид сургах, туршлага солилцоход хоёр тал хамтран ажиллахаар боллоо.

20626195_467878410239629_5324771767772979629_o

20643414_467878406906296_6829452406219733076_o

20626943_467878403572963_7142329468980650581_o

20626955_467878510239619_4421072704373054702_o

Categories
мэдээ нийгэм

Өрөөсгөл хүр эрвээхэйг устгах талаарх зөвлөмж

Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сан Найрамдал зуслан, Баянхошууны Баруун зүүн салаа, Бэлх, Цэлх, Шадивлан, Яргайт, Жигжид, Шарга морьт, Баянбулаг, Майхан толгой, Хандгайт, Санзай, Их бага баян, Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумдын ой бүхий нутгуудад Өрөөсгөл хүр эрвээхэйн голомт үүсээд байна.

Манай орны ойн зонхилох хөнөөлт шавжийн нэг болох Өрөөсгөл хүр эрвээхэйн /Lymintria dispar L/ нислэгийн мөчлөг энэ цаг хугацаанд тохиож байна. Энэхүү зүйлийн хөнөөлт шавжийн бие гүйцсэн эрвээхэй 8 дугаар сарын эхний арав хоногоос 9 дүгээр сарын эхний арав хоног хүртэлх хугацаанд идэвхитэй нисэж эвцэлцээнд ордог. Шөнийн идэвхитэй, гэрэлд дуртай учир гэрэл гарсан газар нэг дор олноороо цуглан тохиромжтой газар өндөглөдөг.

Өрөөсгөл хүр эрвээхэй нь байгаль дээр байдаг биологийн төрөл зүйл бөгөөд хүнд онцын аюул учруулахгүй, хэт их нэг дор бөөгнөрсөн тохиолдолд хэвлийн хэсгээсээ нарийн тоосонцор ялгаруулдаг учир харшил өгөх магадлалтай.

Уг зүйлийн хөнөөлт шавжийн биологийн онцлогоос шалтгаалан одоогийн байдлаар гэрлэн болон феромонт урхи тавин эрвээхэй цуглуулах, өндөг хусаж цуглуулах аргаар тэмцлийн ажил явуулах нь хамгийн тохиромжтой байна. Эрвээхэйн нислэг 9 сарын эхний 10 хоног хүртэл үргэлжилнэ.

Иймд ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн газар, гэр, байшин, албан байгууллагын хашаа, гэрлэн дор ихээр цугласан өрөөсгөл хүр эрвээхэйг устгах ажлыг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан зохион байгуулж ажиллахыг зөвлөж байна.

Эрвээхэйн нислэгийн үе дөнгөж эхлэж байгаатай холбогдуулан ард, иргэдийг шаардлагагүй бол гадаа гэрэл асаахгүй байж, гэр болон байшингийн хана туурганд өндөглөсөн өндгийг хусаж цуглуулах, булж устгахыг зөвлөж байна. Өндгийг хусаж цуглуулахдаа амны хаалт, бээлий, нүдний шил хэрэглэхийг анхааруулж байна.

ЗӨВЛӨМЖ

Онцлох шинж.

  • Өрөөсгөл хүр эрвээхэй нь: 1 жилийн хөгжлийн үе шаттай бөгөөд хэт олширлын үедээ ойд маш хөнөөлтэй шавж юм.
  • Гэрэлд дуртай
  • Бор шаргал өнгөтэй
  • Шөнийн идэвхтэй / 22:00 -02:00 цагийн хооронд/
  • Ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг

Ойн хөнөөлт, хортон шавжийн устгалын ажлыг явуулах заавар:

Бэлтгэл ажил:

  • Нүдний шил, ажлын бээлий, өмсөх
  • Амны хаалт хэрэглэх / үл үзэгдэх тоосонцороос хамгаалах/
  • Эрвээхэй хийх сав / шуудай /
  • Хүрз
  • Ажлын хувцас өмсөх /тоос нэвтрэх, харшил хөдлөхөөс урьдчилан сэргийлэх/

Устгалын ажлыг явуулах:

  1. Өөрийн гэр, байшингийн гэрлийг унтраах
  2. 22:00 -02:00 цагийн хооронд цагаан дэлгэц тавьж хурц гэрэл тусган эрвээхэйг цуглуулах
  3. Ихээр цугласан эрвээхэйг устгаж хүрзээр шуудайнд хийх
  4. Шуудайлсан эрвээхэйг нүх ухаж эсвэл ухсан нүхэнд хийж шороо, чулуугаар булах
Categories
мэдээ цаг-үе

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганхуягийнх

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дарга, хурандаа Бадамдоржийн Ганхуягийнд өнжлөө. “Танайд өнжье”-гөө бэлтгэх хүсэлт тавин утас цохиход тэрээр “Зээ охиноо зусланд хүргэж өгөхөөр явж байна. Ажил амжих болов уу” хэмээгээд, эргээд ярихаар боллоо. Ингээд төд удалгүй бид эргэж ярилцаад, цаг товлолоо. Товлосон цагтаа тэднийхийг зорин очиход аль хэдийнэ гэртээ ирээд ширээгээ засчихсан угтацгаав. Тэднийх хилийн цэргийнхний “Харуул алтай” хотхонд эгэл даруухан аж төрдөг ажээ. Түүний эхнэр Х.Мөнхжин нь МУИС-ийг төгссөн, түүхийн багш. Б.Ганхуяг хурандаа ярихдаа “Бид оюутан байхдаа гэр бүл болоод, 28 настайдаа л дөрвөн хүүхдийн ээж аав болцгоосон байлаа. Хүүхдүүд бүгд гэр бүлтэй болоод тусдаа гарцгаасан. Одоо хоёулхнаа байдаг юм” гэв. Эдний том өрөөний хойморт гэрийн эзэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос гавьяатын тэмдгээ авч буй торгон агшны зураг байх бөгөөд түүний шагнал, урамшуулал, бэлэг дурсгалын зүйл өрөөтэй байна. Тэрээр урлагт 40 гаруй жил зүтгэснийхээ дараа буюу 2015 онд урлагийн гавьяат зүтгэлтэн болжээ. Мөн гавьяатын цайллага, шагнал урамшуулал зэргийг дагалдан ирсэн нэлээд хэдэн мөнгөн аягыг хоёр хэсэг болгон өржээ. Харин ханын шүүгээний доохно талд ач зээ нарынх зураг хэд, хэдээрээ байх. Эднийх дөрвөн ач, нэг зээтэй өнөр өтгөн болж буй юм байна. Харин том өрөөний буйдангийн ард талд Б.Ганхуяг, Х.Мөнхжин нарын цэл залуугийн зураг байна. Мөн ач, зээ хүргэн бэрүүдтэйгээ өнөр бүлээрээ авахуулсан гэрэл зураг ч хүндтэй байрыг эзэлжээ.

Б.Ганхуяг хурандаа 1978 онд Булган аймгийн Дашинчилэн сумын дунд сургуулийг төгсөөд, тухайн үеийн Улсын багшийн дээд сургуулийн соёл гэгээрлийн ангид элсэн суралцжээ. Угаас Б.Ганхуяг таван настайгаасаа эхлэн хөгжим тоглосон, сурагчдын дундах томоохон урлагийн наадмын алтан медаль хүртэж байсан авьяастай сурагч байж.

Ингээд хоёрдугаар дамжаанд сурч байхад нь Соёл урлагийн их сургууль байгуулагдаж, тийшээ шилжин СУИС-ийн анхны төгсөгчдийн нэг болжээ. Сургуулиа төгсөөд Булган аймгийн Дашинчилэн сумандаа хөгжмийн багшаар ажиллаж эхэлсэн байна. Оюутан байхдаа эхнэртэйгээ гэр бүл болсон болохоор сургуулиа төгссөн жил том хүү нь төржээ. Харин хоёр дахь жилдээ ажиллаж байхад нь удаахь хүүхэд нь мэндэлсэн гэнэ. Ингээд хоёр хүүхэдтэй, эхнэр нь хотод оюутан, гурав дахь хүүхэд нь гэдсэнд. Энэ л үед гэрийн эзэн Б.Ганхуягийг цэргийн албанд татчихаж. Гэр бүлтэй, нялх хүүхдүүдтэй хэмээн ааваараа хэлүүлж, санал гомдол гаргаад авсан ч тухайн үеийн цэргийн дарга нар хүлээж аваагүй тул гурван жилийн цэргийн албандаа үлджээ. Тэрээр ингэж цэргийн албатай амьдралаа холбон байлдагчаас хурандаа хүртэл ажиллаж, амьдарч яваа хүн. Түүнийг хоёр дахь жилдээ цэргийн алба хааж байхад нь цэргийн хөгжимчин болгосон нь цаанаа учиртай байж. Тухайн үеийн хилийн цэргийн алдартай хурандаа Жанцан гэж хүн цэрэг татлагаар явсан дэд хурандаа Лувсанд захихдаа “Булган аймгаас цэрэг татахдаа цаашид тогтвортой ажиллах сайн цэргийн хөгжимчин залуу олж ир” гэдэг үүрэг өгсөн байжээ. Үүний учрыг Лувсан хурандаа нэлээд хожим хэлсэн гэнэ.

Тухайн үед гэр бүлгүй, хөгжмийн багш залуус байхад цэрэгт татаагүй хэрнээ түүнийг “хүчилж” байлдагч болгосон нь магадгүй түүний авьяас, ирээдүйг олж харсных болов уу гэж ярилцаж суух зуур бодогдож байлаа. Б.Ганхуяг тухайн үеийн Хилийн цэргийн 0229 дүгээр анги буюу Орбитын цэргийн ангийн байлдагч болж, уг ангид шилдэг залуусыг татдаг байсан бөгөөд Улсын харцага Нармандах, 2008 оны олимпод манай улсаас шүүгчээр оролцсон Боксын Баясгалан зэрэг спортын шилдэг тамирчид болон гадаад, дотоодын их сургууль төгссөн залуус, улсын шигшээгийн тамирчид түүнтэй нэгэн үед алба хаажээ.

Цэрэгтээ улираад, хөгжмийн даргаар үлдсэн тэрээр УБИС-ийн хөгжмийн багш, удирдаачийн ангийг төгсч хожим нь Уралийн хөгжмийн их сургуульд суралцан удирдаач мэргэжлээр дүүргэжээ. “Дэлхийн жишгээр бол удирдаач хүн удирдаачаа хийдэг, хөгжмийн зохиолч нь зөвхөн хөгжмийн зохиолоо бичдэг онолтой. Тиймдээ ч дэлхийд хамгийн олон жил суралцаж төгсдөг мэргэжил бол удирдаач. Манайд 25 жил сураад ирсэн удирдаач байсан шүү дээ. Гэтэл одоо дуртай нь хөгжмийн зохиолоо ч бичээд, удирдаачаа хийгээд бүр дууны үг, аяа хүртэл хийдэг болжээ” хэмээн гайхангуй өгүүлж сууна лээ. Б.Ганхуяг хурандаагийн бага хүү урлагийн сургууль төгссөн бол нагац эгч нь сайхан шанз тоглодог буурал бий гэнэ. Мөн зээ охин нь хөгжмийн сонирхолтой, их сонсгол сайтай охин гэнэ. Тэдний дөрвөн хүүхэд дөрвүүлээ төрийн албанд ажилладаг юм байна.

Б.Ганхуягийн аав Бадамдорж Булган аймгийн Тэшиг сумын уугуул бөгөөд Дашинчилэн сумын холбооны даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан буурал байж. Б.Ганхуяг эхээс гурвуулаа. Том ах нь мөн л цэргийн сургууль төгссөн энэ салбарын Б.Гансүх гэж хүн бий. Харин эмэгтэй дүү нь нэрт сэтгүүлч, “МОНЦаМЭ” агентлагийн дарга Б.Ганчимэг билээ. Тэдний ээж Б.Бямбажав өдгөө ер дөхөж буй бөгөөд өчигдөр биднийг очиход том хүүгийнх рүүгээ очсон, эзгүй байлаа. Харин Б.Ганхуягийн эхнэр Х.Мөнхжин нь Булган аймгийн Тэшиг сумын уугуул. Академич, шинжлэх ухааны доктор, профессор түүхч Ж.Болдбаатартай төрсөн ах дүүсийн хүүхдүүд юм билээ.

Б.Ганхуяг хурандаа ярихдаа “аливаа зүйл шинжлэх ухаанч байх ёстой. Урлаг ард түмнийг чирч хөтөлж явах ёстой. Гэтэл орчин цагт шинжлэх ухаанч байдлаар хандахгүй байна. Урлаг гэдэг чинь одоо уруудаж, нийгэмдээ, хүмүүстээ хөтлөгддөг болчихсон юм” уу даа. Ийм байж хэрхэвч болохгүй. ОХУ-д төгссөн мундаг мэргэжилтнүүд маань юу ч дуугарахгүй юм хэмээн халаглана лээ. Гэхдээ хөгжмийн мэргэжилтэй мундаг залуус бий. Монголын хөгжмийн урлагийн гол төлөөлөл болсон залуус бүгдээрээ л миний шавь нар. Яах аргагүй хичээлийг нь би заасан. Тэд минь “Морин хуур” наадамд том, том бүтээл оруулдаг ч мэргэжлийн хүрээний хэдхэн хүнээс бусад нь ойлгодоггүй. Сонирхогчид сонгодог урлагийг ойлгохгүй, улам бүр ойлгодоггүй болжээ. Гаднаас орж ирж буй зүйлс чинь урлаг биш, урсгал шүү дээ. Бодлого тодорхойлогчид хүртэл урлагийг шоу цэнгээн гэж ойлгоод байх шиг байна. Жишээлбэл, миний хөгжмийг нь хийсэн “Voice” хамтлагийн “Монгол” гэж дууг энгийн уран сайханч дуулчихаж чадахгүй шүү дээ. Харин ардын бүтээл гэдэг арай өөр. Монгол бүтээл бол монгол хүнээс гарах зүйл. Дэлхийгээс ялгагдаж байгаа бидний нэг гайхамшиг шүү дээ” гэлээ.

Өнөө жилийн наадмын нээлтийн тоглолтын талаарх сэтгэгдлийг нь сонсохоор асуулаа. “Нээлт, хаалтын тоглолтыг Н.Наранбаатар, Б.Чинбат нар сайхан найруулсан шүү. Тэд маш хөдөлмөрч, хийж буй зүйлдээ сэтгэж, зүтгэж чаддаг” гэж байв. Харин наадмын Төрийн хүндэтгэлийн концертийн найруулгад Б.Ганхуяг гавьяатын төсөл түрүүлсэн ч замын дундаас өөр хүнд шилжсэн нь хачирхалтай санагдсан гэдгээ нуусангүй.

Булганы Могодын харьяат нэрт хөгжмийн зохиолч С.Чинзориг агсан түүний их сургуулийн багш ажээ. С.Чинзориг багшийн дуунуудыг биччихээд, баларсан зүйл болох гээд байхад ОХУ-д төгссөн хөгжим судлаач нар байгаа ч барагтай дуугарахгүй юм хэмээн дахиад л хэлэх нь нэгийг бодогдуулна.

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга жил бүр хилчдийнхээ 70 гаруй хувьд нь хүрч үйлчлэхийг зорьдог байна. Хил хамгаалж буй хүмүүсийн оюуны хэрэгцээ буюу сэтгэл зүйн бэлтгэлийг ингэж хийдэг гэж ойлгож болох нь. Хүнд нөхцөлд ажилладаг, хилийн зурваст түймэр гарсан ч цэргүүд л унтраадаг, ээж аав, гэр бүл үр хүүхдээсээ хол байгаа залуусын эх оронч сэтгэл зэргийг бэлтгэхэд чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, цэрэг эх орны сэдэвтэй дуу хөгжим сонсох зэрэг бий.

Өнгөрсөн жил гэхэд л цэрэг халагдахын өмнөхөн очоод “Застав минь баяртай” хэмээх дууг дуулахад цэргүүд бүгдээрээ уйлаад, дарга нар нь хүртэл цэргүүдээ харахад хоолой зангирч байсан гэнэ. Ингэтэл нь эх оронч болгон хүмүүжүүлэхэд хилийн цэргийн чуулга өндөр үүрэгтэй.

Ийн бид зочны ширээний ард урлаг, уран бүтээл цэргийн амьдралын тухай халуун яриа өрнүүлэн хууч хөөрсөөр амралтын нэгэн өдрийг өнгөрөөлөө. Тэрбээр СУИС-ийн анхны төгсөгч, ОХУ-д хөгжмийн сургууль төгссөн жинхэнэ мэргэжлийн удирдаач, сонгодог урлагийн төлөөлөгч ч гэлээ өөрийгөө дөвийлгөхийг хүсдэггүй нь ярианаас нь илрэх юм билээ. Түүний хань Х.Мөнхжин цэрэгт явахад нь, оюутан болоход ч, гадаадад сургуульд сурахад нь ч тэр хамгийн найдвартай ар тал байсаар иржээ. Гэнэн цагаахан хүүхдүүдтэй ажилладаг учир багшийн мэргэжил сайхан хэмээн өгүүлэх эгэл даруухан түүний хань нь хайр халамж, итгэл сэтгэл түүний амжилтын томоохон нууц мэт санагдсан юм.


Categories
мэдээ цаг-үе

Б.Баатарцогт: Шатахууны үнийг урт хугацаанд тогтвортой барих бодлого баримталж байгаа

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогттой ярилцлаа.


-Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн хэлбэрээр авах аж ахуйн нэгжүүдэд цахимаар дугаар олгох ажил хэрхэн явагдаж байна вэ?

-Ерөнхийдөө ашигт малтмалын хайгуулын тусгай лицензийг сонгон шалгаруулалтын болон өргөдлийн гэсэн хоёр хэлбэрээр олгож байгаа. Уул уурхайн сайдын баталсан журмын дагуу тендер зарлаад шалгарсан аж ахуйн нэгжид лиценз олгодог. Өмнө улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгааны ажил, зураглал хийгээд нэлээд сайн хэтийн төлөвтэй, орд илрэл байх магадлалтай шинжилгээний хариу нь үр дүн өгсөн талбайнуудыг ялгаж аваад Эрдэс баялгийн эрдмийн зөвлөлөөр оруулдаг юм. Тэдгээр талбайг Засгийн газрын шийдвэрээр баталгаажуулж, сонгон шалгаруулалтаар олгож байгаа. Харин үлдсэн цагаан талбайг нь өргөдлөөр олгодог. Журмын тухайд хэн түрүүлж өргөдлөө өгсөн тэр аж ахуй нэгжид олгоно гэсэн хуулийн заалт бий. Өмнө 2015 он хүртэл оочир дугаараар олгодог байлаа. Хэдэн зуун компаниуд манай байранд ирээд оочирлож, хоорондоо маргалдаж, эмх замбараагүй байдал үүсгэдэг байв. Сүүлийн үед цахим хэлбэрээр дугаарыг нь олгодог болсноор энэ байдал арилсан. Бүх компаниудад эрх тэгш мэдээлэл өгч, эрх тэгш сургалтуудыг явуулдаг. Компаниудын бүгдийнх нь оролцоо боломжийг хангаад өгчихөж байгаа юм. Ингээд системд бүртгүүлэх хугацааг нийтэд зарладаг. Энэ удаагийн бүртгэл наймдугаар сарын 2-ны өглөө 09.00 цагт болно. Бүх компани ижил мэдээлэлтэй болчихсон, нэвтрэх эрх авчихсан байгаа. Энэ өглөө зэрэг мэдээллээ шивж оруулахад систем автоматаар тэднийг эрэмбэлнэ. Өнөө жилийн тухайд дугаарлалтыг нь цахимаар явуулаад эхний 600 хүртэл компанийг эрэмбэлэх юм. Ингээд нэг компани өргөдлөө өгөх 15 минутын хугацаатай. Хүлээж авсан өргөдлийг цааш нь ашигт малтмалын хуульд заасны дагуу орон нутаг руу явуулж аймгийн болон сумдын ИТХ-ын саналыг авдаг.

-Энэ тал дээр нэлээд асуудал үүсдэг. орон нут-гийн зүгээс өөрсдийнхөө саналыг мөнгө олох нэг хэлбэр болгоод харчихсан. Компаниудыг шантаажилдаг гэсэн шүүмжлэл байдаг шүү дээ?

-Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хуульд заасан үндэслэлээр л явж байгаа юм. Орон нутаг зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзах эрхтэй. Хуульд заасан үндэслэлийг нь Дээд шүүх тайлбарлахдаа Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тухайн орон нутгийг улсын тусгай хэрэгцээ юм уу хамгаалалтад, эсвэл хориглосон хязгаарласан талбай эзэлж байгаа хэсэгт татгалзаж болно гэсэн байгаа. Түүнээс орон нутаг өөрсдөө зохиогоод малчин Доржийн хаваржаа гээд татгалзсан бол хуульд заасан үндэслэл болохгүй юм. Тэгэхээр бид Дээд шүүхийн тайлбар үндэслэлийг баримтална. Нөгөө талдаа орон нутгийн ИТХ өөрсдөө хуралдаад шийдвэр гаргачихсан байх юм бол бид түүнийг нь өөрчилж чадахгүй.

-Цахимаар бүртгүүлэх аж ахуйн нэгжүүд систем рүү нэвтрэхэд нэг сарын төлбөр гэж нэг сая төгрөг өгч байгаа. Энэ нь хэтэрхий өндөр дүн биш үү?

-Өмнө нь хоёр долоо хоногийн хугацаанд ороход таван зуун мянган төгрөгийн хураамжтай байсан. Хоёр сарын хугацаанд нэвтрэх эрх нь хоёр сая төгрөг байсан. тэр үед долоо хоногт нэг удаа, хоёр долоо хоногт хоёр удаа ч юм уу дугаар олголтыг зохион байгуулдаг байлаа. нэг удаа эрэмбэлэхдээ 120 аж ахуйн нэгжээр хязгаарладаг байсан. Бид одоо үүнээс олон компани авах боломжийг нь олгоод өгчихөж байгаа юм. Үнийн хувьд өмнөхтэйгээ ялгаагүй. Гэхдээ олон аж ахуйн нэгжид боломж олгож байгаа. тэгэхээр өмнө 120-д орж чадахгүй байсан компаниуд хэдэн ч удаа 500 мянган төгрөгөө салхинд хийсгэсэн юм билээ. одоо бол нэг сая төгрөг төлөөд эхний 600-д орох боломж нь ойрхон байна.

-Ашигт малтмалын салбарын хөрөнгө оруулалтыг сайжруулахын тулд мэдээллийн ил тод байдлыг чухалчилна гэсэн. Хөрөнгө оруулагчдын зүгээс ямар мэдээлэл авахыг хүсдэг вэ?

-Хөрөнгө оруулагчдыг геологи уул уурхайн салбарт татахын тулд хууль эрх зүйн орчин тодорхой байх ёстой. түүнтэй зэрэгцээд мэдээлэл ил тод байх ёстой. гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид мэдээлэл авахын тулд манай газрын архивыг ухах шаардлагатай болдог. тэгвэл тэдгээрийг цахим хэлбэрт шилжүүлснээр илүү хүртээмжтэй болно. Дараагийн нэг зүйл нь тайлагналын системийг ил тод болгох ажил байгаа. энэ нь эргээд хөрөнгө оруулагч нар биднийг шаардсан шаардаагүй үйл ажиллагааныхаа болон санхүүгийнхээ тайланг хөрөнгийн бирж дээр нээлттэй болгох ёстой.

Өөрөөр хэлбэл, мэдээлэл хязгаарлагдмал байх тусам илүү хардлага дагуулж, ашиг сонирхлын зөрчил явагддаг. Үүнээс сэргийлэхийн тулд ийм ажлуудыг хийж байгаа. Ер нь ашигт малтмалын тухайд дэлхийн зах зээлийн үнэ, чиг хандлага хаашаа байна, тэрийг судалж, үүн дээр үндэслэж хөрөнгө оруулалт явагдаж байдаг. сүүлийн жилүүдэд зэс алтны үнэ харьцангуй тогтвортой, цаашид дээшлэх прогнозтой байгаа учраас алтны хайгуулд хөрөнгө оруулах ажил эхэлж байна.

-Монгол Улсын ашигт малтмалын салбарт хэдий хэмжээний мөнгө эргэлддэг юм бэ. Эндээс эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр нь ямар дүнтэй байна?

-Өнгөрсөн 2015 оны байдлаар зөвхөн ашигт малтмалын геологи хайгуулын салбарт 170 орчим тэрбум төгрөгийн ажил хийгдсэн байгаа. 2016 оны мэдээ тайлан одоогоор нэгтгэгдэж байна. Урьдчилсан байдлаар 150-200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн гэсэн мэдээ байгаа л даа. Ер дэлхий дээр 2015, 2016 оны байдлаар ойролцоогоор геологи хайгуулын салбарт 15-20 тэрбум ам.доллар эргэлдсэн байна. энэ бол цэвэр ухаад авч байгаа ашиг биш. Мэдээлэл авахын тулд газарт булж байгаа мөнгө шүү дээ. Үүний 10 орчим хувь нь Канад, Хойд америкийн зах зээл дээр, мөн ийм хувь нь Австралийн зах зээл дээр эргэлдэж байдаг. Монгол Улс энэ салбарт ашигт малтмал болон геологийн тогтцоороо өрсөлдөх чадвартай. Дээрээс нь хууль эрх зүйн орчны хувьд уул уурхайн засаглалын хувьд өрсөлдөх чадавхитай гэж үздэг. тэгэхээр энэ салбарт эргэлдэж байгаа мөнгөний тав хүртэлх хувийг Монголдоо шингээх юм сан гэсэн зорилго тавиад явж байгаа. тиймээс тусгай зөвшөөрөл олгох, талбайг нь нэвтрүүлэх ажлыг Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа. Нийт нутаг дэвсгэрийн 20 орчим хувьд хайгуулын тусгай лиценз олгох бололцоотой гэж Засгийн газраас тогтоосон. Гэхдээ энэ 20 хувьд бүхэлд нь лиценз олгоно гэсэн асуудал биш юм. Компаниуд өөрсдийнхөө судалгаан дээр үндэслэн талбайгаа сонгон лицензээ авч, үйл ажиллагаагаа явуулдаг.

-Газрын тосны салбарт 50 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байгаа гэл үү. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

-Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дээр 33 талбайг газрын тос байж болзошгүй гэж ялгасан байдаг. Үүний 27-д нь компаниуд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулж байгаа. тэрнээс гурван талбайд нь ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. Бусдад нь хайгуулын ажил явагдаж байна. Үлдсэн 20-иод талбайн арав дээр нь энэ жилийн байдлаар геологи газрын тосны хайгуул хийх хөтөлбөр төсвөө батлуулсан байгаа. Эндээс харах юм бол нийтдээ 51 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг энэ салбарт зарцуулахаар үйл ажиллагаа нь эхэлчихсэн явж байна. Хоёр талбайд өрөмдлөгийн ажил үргэлжилж байгаа. Дахиад хоёр талбайд газрын тос илэрчихсэн, өнөөдөр нөөц тогтоох шатны хайгуулаа хийгээд явж байна.

газрын тосны ашиглалтын тухайд энэ жил 450 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр байгаа. Ажил нь эхлээд явж байна. гурван талбайгаас нийтдээ нэг сая 100 мянган тн газрын тос олборлож, экспортлох төлөвлөгөөтэй байна. Өнөөдөр экспортын төлөвлөгөө 48 хувьтай байгаа. Тэгэхээр газрын тосны ашиглалтын үед явуулж буй орлогоос бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу бол Монгол улсад ногдох газрын тосны орлогоор бид энэ онд 233 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар 97 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.

-Газрын тос боловсруулах үйлдвэр барих асуудал олон жил яригдсан боловч үр дүн байдаггүй. Энэтхэгээс нэг тэрбум ам.долларыг газрын тос боловсруулах үйлдвэр барина гэсэн болзолтой авч байгаа. Энэ ажил хэр урагштай байна вэ?

-Нэгэнт Монгол Улс газрын тос олборлогч орон болсон. Цаашлаад хэд хэдэн талбай дээр шинэ илэрцүүд илэрч нөөц тогтоогдох ажлууд хийгдэж байна. Тиймээс манай улс газрын тос боловсруулах үйлдвэр барих бүрэн нөхцөл бүрдэж байна. энэ үүднээс энэтхэгээс авах нэг тэрбум ам.доллараар газрын тос боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн. тэзҮ-г нь хийлгэхээр уул уурхайн яамнаас тендер зарлаж энэтхэгийн компани шалгарсан. Энэ ажлыг ирэх есдүгээр сард хийж дуусгахаар тэд ажиллаж байна. эндээс үйлдвэрийг хаана ямар хүчин чадалтай барих уу гэдэг тооцооллууд гараад ирэхээр бодлогын хувьд дэмжигдээд явна.

-Шатахууны онцгой албан татвар нэмэгдсэн. Бензин шатахууны үнэ цаашид тогтвортой байж чадах уу?

-Шатахууны үнийг аль болох тогтвортой барих бодлого барьж байгаа. Өссөн үед нь өсгөөд, буурсан үед нь бууруулаад байхаас илүү урт хугацаанд нэг үнээр тогтвортой барих ёстой юм. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ унаад, валютын үнэ буураад ирэнгүүт тодорхой хэмжээний ашигтай харагдаад байна аа даа. энэ үед нь засаг бол онцгой албан татвараа нэмдэг. Дэлхийн зах зээл дээр эсэргээрээ өсвөл импортлогчид хасах баланстай гараад ирэхээр буулгах зохицуулалтууд хийдэг. Үндсэндээ импортын онцгой албан татвараар шатахууны үнийг зохицуулж, урт хугацаанд тогтвортой барих бодлого баримталж байдаг.

Шатахууны ердийн хэрэглээний үнийг тогтвортой байлгах бас нэг хөшүүрэг бол их хэмжээний нөөцийг үнэ багатай үед нь оруулж ирээд бүрдүүлэх юм. энэ үүрэг даалгаврыг компаниудад өгдөг. Ер нь бол нөөц багасаад хомсдол үүсээд ирэнгүүт үнэд нөлөөлж эхэлдэг. тиймээс аж ахуйн нэгжүүдэд дор хаяж 30-аас дээш хоногийн нөөцтэй байх ёстой. гэх мэтчилэн татвар, татан авалтын ложистик тээвэрлэлийн зохицуулалт хийж, шатахууны үнийг тогтвортой байлгах бодлого баримталж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Баясах: Манай улс Өмнөд Солонгостой эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулах гэж байгаа

Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Ж.Баясахтай ярилцлаа.


-“Азийн геополитикийн өөрчлөлт 10 жилд” форумаас ямар үр дүн гарсан бэ?

-Тэр хурлыг уг нь Шанхайн Пуданы их сургуулиас зохион байгуулах санаачилга гаргасан. Уг нь их том хурал болох ёстой байсан. Гэтэл цаг нь тулахаар гэнэт оролцож чадахгүй гэдэг юм байна. Нэгэнт зарлачихсан учраас бид өөрсдийнхөө хүчээр хийсэн л дээ.

-Гэхдээ цөөнч гэсэн гадныхан ирсэн байсан…

-Франц, Голланд, Хятад, Австралиас оролцсон. Оросууд ажил гараад ирж чадаагүй.

-Солонгосын хойгийн байдал хэцүү байгаа гэсэн асуудлыг хятадууд яриад эхэлсэн үү?

-Зөвхөн хятадууд энэ тухай яриагүй. Дэлхий нийтээр түгшиж байна. Солонгосын хойгт мөргөлдөөн үүсэхэд ойрхон байгаа. Хэзээ гэдэг нь л асуулт болохоос байдал аль хэдийнэ хурцадчихсан. Эдийн засаг гэхээсээ тухайн хоёр улсын улс төрийн хямрал туйлдаа хүрч байна.

-Америкчууд хатуу арга хэмжээ авна гэсэн. Ямар арга хэмжээ авах бол?

-АНУ-ын Ерөнхийлөгч нэлээд хатуу мэдэгдэл хийж хямралыг улам даамжруулаад байна. Цаашдаа ийм бодлого үргэлжилбэл энэ хүн өөрөө асуудалтай тулгарна. Буруу газраа буруу мэдэгдэл хийгээд байна. Бизнесмен хүн улс төрийг буруу хэрэгжүүлээд байгаа юм.

-Ямар буруу мэдэгдэл хийгээд байна гэж?

-“Герман гэж ямар улс байдаг юм. Хэдэн машин хийдэг улс биз дээ” гэж мэдэгдэхээр германчууд түүнийг олигтой хүлээж авах уу. Болчимгүй үг их унагаж байна. Хавар ажлаа авсны дараа анхны санал асуулга явуулахад сонгогчдынхоо 30 хувийн саналыг авч байх жишээтэй. Энэ чинь дахин сонгууль явахгүй гэх газаргүй гэсэн үг.

-Манай улсын хоёр хөрш эдийн засгаар олигтой ахицгаахгүй байна. Бусад орнуудтай том гэрээ, хэлцэл хийгээд байна. Энэ ямар учиртай вэ?

-Хөршүүдтэй 50 гаруй төсөл дээр ажиллах тухай гэрээ, хэлцэл яригдсан ч нэгэнт хэрэгжсэнгүй өдий хүрлээ.

-Яагаад?

-Нэг дарга очоод ямар ч тооцоо, судалгаагүй нэг юм ярьчихдаг. Нөгөөх нь хэрэгжих үндэслэл байхгүй. Судлаачдаасаа асуух ёстой байхгүй юу. Хэнтэй ямар чиглэлээр ажиллах хэрэгтэй байна. Бид юуг анхаарах, тэд юун дээр хамтрах ёстой вэ гэдгийг судалгаагаар тогтоодог. Гэтэл ямар ч судалгаагүй том том юм яриад явахаар яаж хэрэгжихэв дээ.

-Оросууд Эгийн голын УЦС-ыг эсэргүүцээд байсан нь юу болж төгсөх бол?

-Одоо оросууд эсэргүүцэх нь гайгүй болж байгаа. Харин манайхан юу хийж байгаа нь сонин. Хятадууд байнга биднээс асуудаг. Та нар юу хийх гэж байна. Юун дээр хамтармаар байна гэдэг. Төр юу хийх гэж байгааг бид мэдэхгүй болохоор ямар ч хариу хэлж чаддаггүй.

-Эгийн голын тухай манай эрдэм шинжилгээний хүрээлэнгээс дүгнэлт гарсан уу?

-Гарсан. Байгаль нуурт ямар нэгэн хор хөнөөлгүй гэдгийг Оросын талд гаргаад өгчихсөн. Бүх юм болж бүтэж байгаа юм шиг яриад суугаад байдаг. Болж байгаа юм нэг ч алга.

-Яагаад манайхан хятадуудын том төсөлд хамрагдаж чадахгүй байна вэ?

-Одоо дэлхий тэр чигээрээ хятад руу хошуурч байна. Тэнд маш их мөнгө байна. Төсөлд хамрагдах нь тухайн улс орны удирдагчдын овсгоо самбаанаас хамаарч байна. Хэн харилцан ашигтай төсөл бариад очно, хятадууд тэдэнтэй шууд хамтарч байгаа. Том жижиг гэлтгүй төслүүдийг санхүүжүүлж байна л даа. Бидэнд боломж бий. Гэтэл бид өөрсдөө ашиглаж чаддаггүй. Нэг юм ярьчихаад яах нь мэдэгдэхгүй гөлийгөөд суучихна.

-Хоёр хөршөөс горьдох юм байхгүй гэсэн үг үү?

-Уг нь сүүлийн хэдэн жил алтан боломж байсан. Энэ хоёр орон чинь хоёулаа хамтрахад бэлэн гээд л мэдэгдээд байсан. Мөнгө, технологи бэлэн байсан. Ашиглаж чадсангүй.

-Боломж алдагдсан гэсэн үг үү?

-Өмнөд хөрш есдүгээр сард хурлаа хийнэ. Хоёр л хүн үлдэх сураг байгаа. Оросууд бас В.Путинаа солих яриа гаргаж байна. Бодлого нь хэвээрээ манайхыг дахин дахин хамтаръя гээд гуйгаад байх нь юу л бол.

-Хятадын бодлого өөрчлөгдөх үү?

-Хятад улс 2020 он хүртэл бодлогоо зарлаад таван жилийн төлөвлөгөөгөө баталчихсан. Харин 2020 оноос хойш өнөөгийн энх тайванч нэртэй налайгаад, улс орны дотоод бодлогод оролцохгүй гэсэн бодлогоо хэвээр үргэлжлүүлэх баталгаа байхгүй шүү дээ.

-Цаашдаа яаж эргэх бол?

-Эдийн засаг нь хүчирхэгжиж байна. Хүчтэй болох тусмаа бяр амтагдана. Оросыг дуурайгаад аль нэг бүсэд цэрэг оруулж болно.

-Хөршүүдтэй хамтын ажиллагаа өргөжихгүй байгаа нь юунд байна?

-Хөршүүд төлөвлөгөө гаргаад түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө бүгд нэг тойргоор зүтгэж байна. Харин манайхан дөрвөн жил тутамд засаг солигдоно. Түрүүчийн Ерөнхий сайдын ярьсан зүйл дараагийн Ерөнхий сайдын үед эсрэгээрээ өөрчлөгддөг. Гэтэл нөгөө улсууд чинь цаг, хөрөнгөө барах гэж бидэнтэй уулзаж байгаа юм биш. Тодорхой төсөл хэрэгжүүлэх гэж уулздаг. Нөгөөх нь талаар болохоор “За эртхэн өөр зам хайя” гээд шийднэ биз дээ. Бид бурууг өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Одоо бид хөршүүдийн хувьд найдваргүй түншид тооцогдож байгаа.

-Хоёр Солонгостой манайхан ямар харьцаатай байна?

-Манай улс шиг хоёулантай нь сайн улс бараг байхгүй дээ. Хойт солонгос эдийн засгийн хувьд хэцүү байгаа. Хятадууд жаахан нүүрс авдаг байсан нь зогссон. Байдал улам л хүндэрнэ. Өмнөд Солонгос нь улс төрийн шокноос гарах гэж нэлээд асуудал болно.

-Одоо хөршүүдээс жаахан ашиг олохын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Эхний ээлжинд төмөр замаа хос болгочих хэрэгтэй. Хурдны авто зам яаралтай барих хэрэгтэй.

-Санхүүжилт нь яах бол?

-Хэрэв манайхан хөдлөөд эхэлбэл цаадуул чинь туслахад бэлэн байгаа байхгүй юу.

-Хэн хөдлөх хэрэгтэй гэж?

-Засгийн газар. Зүүн талаараа аялал жуулчлал, баруун талаараа ачаа тээвэр ложистикийн бодлого хэрэгжүүлээд эхэлбэл асар их боломж байна л даа.

-ШХАБ-д элсээгүй учраас бидэнтэй хамтрахгүй байна гэсэн яриа байдаг л даа?

-Тийм юм байхгүй.

-Японтой эдийн засгийн түншлэлийн том гэрээ байгуулсан. Үр ашгийг нь хэзээ хүртэх бол?

-Одоогоор хэрэгжээд эхэлсэн том юм харагдахгүй байна. Одоо өмнөд Солонгостой байгуулна гээд давхиад байгаа.

-Ямар түвшинд яваа бол?

-Ажлын хэсгүүд байгуулсан. Өмнөд Солонгос 54 оронтой чөлөөт худалдааны гэрээ байгуулсан. Асар их туршлагатай орон. Намраас хятадтай яриа хэлэлцээ хийнэ гэсэн мэдээ байгаа. солонгосууд манайхаас уул уурхайн бүтээгдэхүүн авах сонирхол бий.

-Японтой байгуулсан чөлөөт худалдааны гэрээнээс ашиг олоогүй байж Өмнөд Солонгостой байгуулаад хэр үр дүн гарах бол?

-Японтой харьцуулахад манайхан чинь Солонгостой ойр л доо. Тэнд олон монголчууд амьдарч байна. Солонгос баялаггүй улс.

-Визэнд өөрчлөлт гарах болов уу?

-Гэрээгээ байгуулж чадвал олон талын хөнгөлөлт эдэлнэ шүү дээ.

Х.БАТТӨГС

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дундаж давхарга, хувийн хэвшилдээ элгэмсүү хандсан улс л хямралыг хөнгөхөн давдаг

Дэлхийн орнууд 2008 оны их хямралаас хойшхи том хямралыг даван туулж байна. Бид ч ялгаагүй Олон улсын валютын сангийн дохиур дор хямралаас гарчих санаатай улсаараа зүтгэж явна. Хүн төрөлхтний түүхэнд эдийн засаг, санхүүгийн хямрал гэдэг шинэ зүйл биш л дээ. Өдгөө цэнхэр гаригийн хөгжлийг түүчээлж яваа улс орнууд хямралыг хэдэнтээ даваад босоод ирчихсэн байдаг. Автомашин, усан онгоц, гангийн үйлдвэр нь гайхалтай хөгжсөн, “Самсунг”, “Хьюндай”, “Эл Жи” гээд дэлхийд яригддаг акул компаниудтай Өмнөд Солонгос гэхэд тавиад оны үед Азийн хамгийн ядуу улсын нэг байсныг өнгөрсөн түүхээс харчихаж болно. Япончуудын мэдэлд байхдаа байгалийн баялгаа барж, Солонгосын дайны үеэр бүрэн сүйрсэн хэцүү цагт Хан улсын иргэд алтан бөгж, ээмэг гээд өөрт байгаа үнэтэй бүхнээ улсдаа хандивлаж эдийн засгийн хямралаас гарах эхлэлийг тавьсан байдаг. Иргэдийнхээ хүчээр өндийж сэргэсэн энэ жишээг өнөө ч дэлхий даяараа онцлон иш татацгаадаг. Солонгосын хөгжлийн нууц ердөө л иргэдийн хүч, сэтгэл дээр нэмэх нь төрийн зөв бодлого.

Одоогийн хямрал Европоос, тэр дундаа Грекээс эхлэлтэй бол өмнөх хямрал Америкаас давалгаалж байв. 2008 оны хямралыг эхлүүлэгч Америк тэр жилийн хямралаас хувийн хэвшлээ дэмжиж байж гарсан түүхтэй. Бүр тодруулбал төв банк нь арилжааны банкуудаараа дамжуулан хувийн хэвшилдээ санхүүжилт олгосон юм. Банкууд нь иргэддээ зээлэх мөнгөтэй, иргэд нь бизнес эхлэх санхүүжилттэй байхад эдийн засаг хөнгөхөөн босоод ирдгийн сонгодог жишээ бол Америкийн тухайн үеийн “сэргэн мандал”. Европын холбооны тухайд хямралыг мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлж давахаар ажилласан нь үр дүнгээ өгсөн. Бүр тодруулбал төв банк нь мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлж, бодлогын хүүгээ бууруулах замаар хямралыг сөрсөн юм. Бодлогын хүү багасахаар зээлийн хүү дагаад буурдаг, хүртээмж нь ч тэр хэрээр нэмэгддэг сайн талтай. Бизнес төсөл хэрэгжүүлэх бодол хүсэлтэй иргэдийн хувьд үүн шиг таатай орчин гэж юу байхав. Мөнгө нь байвал, бага хүүтэй дажгүй зээл нь бэлэн бол үйлдвэрлэл нэмэгдэнэ, үйлдвэрлэл өсөхөөр компаниуд томрох нь тодорхой. Компаниудад томрох орон зай олдож л байвал ажлын байр нэмэгдэх нь хууль. Ажлын байр нэмэгдэхээр айл өрхүүдийн олдог хэд өсч, хөлсөө дуслуулж яваа дундаж давхаргынхны орлого нэмэгдэнэ гэдгийг хэн ч ухаад олчихно. Товчхондоо эдийн засаг хямарч, агших тусам эсрэгээрээ эдийн засгаа тэлэх бодлого явуулдаг улс орнууд хямралыг зовлон багатай давдгийг Европын жишээ нотолж байна.

ОХУ-ын эдийн засаг нэг хэсэг огцом уруудаж, рублийн төгрөгтэй харьцах ханш 30 руу бууж шалдаа унаж байв. Одоо 40 төгрөг давсан нь хойд хөршийн эдийн засгийн сэргэлтийн бидэнд ойрхон харьцуулалт. Европын холбоо, АНУ-аас тавьсан хоригоос бол эдийн засаг нь удааширч, хямралын ирмэгт тулсан ОХУ богино хугацаанд өндийж чадсан нь олон шалтгаантай. В.Путины хийсэн хамгийн том алхам бол алдагдалтай төрийн компаниудаа худалдсан явдал. Ингэснээр нэгдүгээрт төр ачаанаасаа салсан, хоёрдугаарт төсвийнхөө орлогыг нэмж чадсан гэж эдийн засагчид онцолдог.

Япон улсын гол зовлон нь дефляци. Дефляцитай тэмцэхийн тулд иргэдийнхээ худалдан авалт зарцуулалтыг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Ингэхийн тулд компаниудынхаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр чармайж байгаа нь сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй бодлогоос нь тод анзаарагддаг.

Хятадын эдийн засгийг Грек, ОХУ, Америктай харьцуулбал хямарсан гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ дэлхийд гайхуулж байсан эдийн засгийнх нь өсөлтийн хурд сүүлийн хэдэн жил дараалан саарч буй нь урд хөршийн удирдлагуудын толгойны өвчин болж байгаа. Хятад улс өмнө нь үйлдвэрлэлд шүтсэн эдийн засагтай байсан бол одоо үйлчилгээнд суурилсан эдийн засаг бүтээхийг зорьж яваа. Уналтаас өндийлгөж ирээдүйд хүчирхэгжүүлэх үйлчилгээнд суурилсан эдийн засгийнх нь гол цөм нь дундаж давхаргынхан. Дундаж давхаргынхан гэдэг дээр яг таг тэр энэ гэсэн тодорхойлолт байхгүй. Гэхдээ дэлхий нийтээрээ дундаж давхаргынхныг тогтвортой ажилтай, орлоготой, мэргэжил ур чадвартай, өөрийн гэсэн унах унаа, амьдрах сууцтай, хэрэндээ таарсан хөөрхөн хуримтлалтай, эрүүл мэнд боловсролын үйлчилгээ авчихдаг нөхдүүд гэж ойлгодог. Ер нь дэлхийн орнуудын амжилттай хөгжсөн түүхийг анзаараад байх нь ээ дундаж давхаргынхандаа элгэмсүү хандаж, дэмжиж тэтгэх бодлого явуулсан учраас томорсон байдаг юм билээ. Дундаж давхаргаа дэмжих бодлогыг зүгээр ч нэг биш хүчтэйгээр, онцгойлон хэрэгжүүлдгийн наад захын жишээ нь Австрали. Дэлхийгээс тусгаарлагдсан тив улсын хөгжсөн нууц нь ердөө энэ. Тэнд амьдардаг танил маань “Энд том хэмжээний бизнес эрхлэх боломж байхгүй. Орлого ихсэх хэрээр өгөх татвар нь өндөр. Ажилтай орлоготой, аятайхан орчинд тухтай аж төрөх боломж бол хангалттай шүү” гэж ярьж байсан. Дундаж давхаргынхан нийгмийн олонхийг бүрдүүлэх хэрээр хэрэглээ, үйлчилгээ нэмэгдэж, тэгэх тусам илүү их мөнгө эргэлдэж эдийн засгаа тэтгэдэг бичигдээгүй хуулийг л мундаг хөгжсөн улсууд олоод харчихсан хэрэг. Дундаж давхарга ойрын 15 жилд 2.1 дахин өсч, дэлхийн хүн амын 35 хувиас 66 хувийг төлөөлдөг болох хандлага бийг шинжээчид онцолдог нь цаанаа ийм учиртай.

Урд хөршийн хувьд яг ийм бодлогоор дундаж давхаргаа дэмжээд эхэлчихсэн. Абсолют хандлагаар Хятад дундаж давхаргаараа дэлхийд хоёрт жагсдаг. Гэвч харьцангуй хандлагаар бол урд хөршийн хүн амын ердөө 12 хувь нь л дундаж давхаргынхан гэдэг. Энэ алдаагаа засч 2030 онд хүн амынхаа 70 хувийг дундаж давхарга болгохоор зүтгээд эхэлчихсэн. Дорнын луу гэгддэг Хятад улс дундаж давхаргынхаа хүрээг ингэж нэмж чадвал жилд 10 их наяд ам.долларыг бараа үйлчилгээ худалдаж авч хэрэглээндээ зарна гэсэн аварга тоо дуулддаг. 2030 он гэхэд Ази, Номхон далайн бүс нутагт дундаж давхаргын тоо 3.2 тэрбумд хүрч 2009 оныхоос 6.2 дахин өснө, Азийн дундаж давхаргынхан дэлхийн дундаж давхаргын 66 хувийг эзэлнэ, Хятад Энэтхэгийн дундаж давхарга дэлхийн нийт эрэлтийг тодорхойлно гэх мэт статистикуудын цаад шалтгаан нь энэ. Орчин үеийн эдийн засаг нийгмийн тулгын чулуу, Азийн бизнесийн ирээдүйн өсөлтийн гол түлхүүр гэгдэж буй дундаж давхаргынхныг дэмжих хөрс нь нам дор тогтвортой инфляци, макро эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэртэй байдал гэдэг. Үүн дээр нэмэх нь дотоодынх нь үйлдвэрлэл тогтвортой, ажлын байр нь найдвартай гэсэн үзүүлэлт багтдаг. За тэгээд хөрөнгө оруулалтын аятайхан орчин, экспортын өсөлт яриангүй орно. Дундаж давхаргынхныг агшаах, ядуу ангилал руу уруудуулах шалтгаануудад эдийн засагчид өндөр инфляци, эдийн засгийн хямрал, мөчлөг дагасан төсвийн тэлэлт, хөрөнгө оруулалтын тогтворгүй орчныг багтаадаг. Инфляцийн өсөлтийн тухайд хүнс, шатахуун эрчим хүчний үнэ тогтворгүй бол дундаж давхаргынхан агшдаг гэм бий. Хятад улс дундаж давхаргынхан руугаа онилсон ямар бодлого хэрэгжүүлж байгаа бол гэсэн асуултад хариу хайя. Ирэх жилүүдэд Америкийг давах Азийн хүчирхэгжилийн гол дүр болох Хятадын гол бай нь дундаж давхаргынхан гэж өмнө дурдсан. Урд хөршийн удирдлагууд дундаж давхаргынхныг дэмжих сууриа бүрдүүлэхээр ажиллаад эхэлжээ. Бидний коммунист гэж жишээлэх дуртай Хятад улсын дундчуудаа дэмжих эхний алхам нь хувийн хэвшил рүү чиглэжээ. Урд хөршийн удирдлагууд банк санхүүгийн салбарын зохицуулалтуудаа зөөллөж, бизнес, хувийн хэвшлээ дэмжих бодлого хэрэгжүүлж байна. Хувийн хэвшлээ дэмжиж буй нь төрийн өмчийн компаниудынх нь хувьчлалаас тод харагддаг.

Дэлхийн орнуудын хямралаас гарсан туршлага, түүхийг сөхөөд харахаар ер нь бүх л улсууд дундаж давхарга, хувийн хэвшилдээ тулгуурлаж, дулдуйдаж өсөлтийн цикл рүүгээ орсон байдаг юм билээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Батлан хамгаалах салбар доголдсоноос болж монголчууд энх цагт эрлэгийн хаалга татсаар байх уу хэмээн “Өдрийн сонин”өгүүлжээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Тэргүүн нүүрт Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр “Энэ бол цэвэр МАН-ын даргын суудлын төлөөх тэмцэл” хэмээн ярьжээ.

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэвлэлийн төлөөлөгч Д.Отгонжаргал “Улс төрийн соёлгүй үйлдэл гэж харж байна“ хэмээжээ.

“Өдрийн сурвалжлага” Сурагчийн дүрэмт хувцасны үнэ 39 мянган төгрөгнөөс эхэлж байна хэмээн онцолжээ. “Баялаг ундраа”, Нарантуул, Дүнжингарав худалдааны төвүүдэд сурагчийн дүрэмт хувцасны үнэ ханш ямар байгааг эндээс сонирхоорой.

НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга “Хариуцлага тооцох хэрэгтэй. Гэхдээ ганц, хоёр хүнээр туг тахих ёсгүй” хэмээн ярьжээ.

“МАН-ынхны албан тушаалын төлөөх тэмцэл нь намаа хагалж мэднэ” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлсэн байна.

“Баримт үзэл бодол” нүүрт “Батлан хамгаалах салбар доголдсоноос болж монголчууд энх цагт эрлэгийн хаалга татсаар байх уу” хэмээн онцолжээ.

“Гоц халдварт өвчлөлгүй хангайн бүсийн аймгууд махаа эдийн засгийн эргэлтэнд оруулахад анхаарч байна” хэмээн манай сурвалжлагч Хөвсгөл аймгаас бичжээ.

“Дэлхийн мэдээ” “Хоёр Солонгосын Гадаад хэргийн сайд нар уулзав”, ““Samsung”-ийн тэргүүнд 12 жилийн хорих ял оноож магадгүй” хэмээн онцолжээ.

Францын Ерөнхийлөгчийн гэргий тэргүүн хатагтай болохыг хүсээгүй гэнэ.

“Оддын амьдрал” Орлогоороо дэлхийд дээд амжилт тогтоосон “Big Bang” хамтлагийн тухай мэдээлжээ.

“Дан эрэгтэйчүүдээс бүрдсэн бой бэндүүд дээд тал нь зургаа, долоон жил болдог хэмээн урлаг судлаачид бичсэн байдаг. Харин БНСУ-ын “Big Bang” хамтлаг арван жил уран бүтээлээ туурвиж, шинэ амжилт тогтоосон” гэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ