Categories
мэдээ нийгэм

Болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг анхааруулав

Болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг анхааруулавБолц гүйцээгүй үед хуш модны самар түүх нь иргэд модноос унаж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох, мунаар цохиж модыг гэмтээх, ургалтгүй болгох гол шалтгаан болдог. Иймээс нийслэлийн Байгаль орчны газар, Улсын Мөрдөн байцаах алба хамтран ирэх сарын 10-ныг хүртэл Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ойн сан бүхий нутаг дэвсгэрт хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрийн ойн сан бүхий газарт ойн дагалт баялаг хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зорилгоор түүх зөвшөөрөгдсөн хугацаа нь ёсдүгээр сарын 10-наас эхэлдэг. Өмнө нь энэ хугацаа аравдугаар сарын 15-наас эхэлдэг байсан. Иргэд, мэргэжлийн байгууллагын санал зөвлөмжийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/24 дүгээр тушаалаар энэ хугацааг 35 хоногоор урагшлуулсан юм. Иргэд ахуйн зориулалтаар 25 кг хүртэл хэмжээтэй самрыг 1 кг тутамд 500 төгрөгөөр тооцон төлбөр төлж тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсны үндсэн дээр түүх боломжтой.

Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авах тул хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Цагдаагийн олимп”-д оролцсон тамирчид эх орондоо ирлээ

“Цагдаагийн олимп”-оос манай тамирчид ганзага дүүрэн ирлээ

АНУ-ын Лос-Анжелос хотноо энэ сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн цагдаагийн спортын наадамд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож ганзага дүүрэн ирлээ. Бага тамирчдыг цагдаагийн байгууллагын удирдлагууд болон ар гэрийнхэн нь угтан авч баяр хүргэсэн юм.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатараар ахлуулсан 25 офицер, ахлагчийн бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Цагдаагийн байгууллагын баг тамирчид спортын найман төрөлд өрсөлдөж 14 алт, 12 мөнгө, 7 хүрэл нийт 33 медаль хүртэж, монгол цагдаагийн сүр хүч, бэлтгэл, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрийг дэлхийн түвшинд харууллаа.

Манай тамирчин-алба хаагчид буудлага, хүчний гурван төрөлт буюу пауэрлифтинг, мотоспорт, чөлөөт болон сонгомол чөлөөт бөх, бокс, жүдо, жюү жицү, каратэ гэх спортын найман төрөлд амжилттай оролцсон юм.

Түүнчлэн манай тамирчид Цагдаагийн спортын наадмын рекордыг шинэчлэн тогтоосон амжилт үзүүлэв. “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахмад Н.Баярмаа хүчний гурван төрөлтийн эмэгтэйчүүдийн 30-39 насны ангиллын хэвтээ шахалтын тэмцээний 63 кг-ийн жинд өрсөлдөж дэлхийн цагдаагийн тоглолтын рекорд амжилт тогтоож, алтан медаль хүртлээ. Мөн ХСИС-ийн Ахлагчийн сургуулийн тактик тусгай бэлтгэлийн тэнхимийн багш, цагдаагийн дэслэгч Ш.Алтанбагана хүчний гурван төрөлтийн тэмцээнд 212.5 кг-ыг шахаж, 270 кг-ыг татаж, нийлбэр дүнгээр 482.5-ыг өргөж рекорд амжилтыг шинэчлэн тогтоож, алтан медаль хүртсэн. Тэрбээр хэвтээ шахалтын төрөлд мөн алтан медалийн тавцанд зогссон юм.

Дэлхийн Цагдаагийн спортын наадамд цагдаагийн алба хаагчдын бие бялдрын ерөнхий хөгжлийг сайжруулах, түүнчлэн мэргэжлийн спортын ур чадварыг сайжруулах ажлын стрессийг бууруулахад чиглэгддэг байна. Анх 1967 онд “Цагдаагийн олимп” нэртэйгээр АНУ-ын Сан Диего хотноо зохион байгуулагдсанаас хойш хоёр жил тутамд уламжлал болгон явагдсаар иржээ. Монгол Улсын цагдаагийн байгууллагын тамирчдын хувьд гурав дахь жилдээ оролцож буй бөгөөд 2011 онд спортын зургаан төрөлд өрсөлдөж 20 медаль, 2015 онд спортын таван төрөлд авхаалж самбаа сорин 15 медаль хүртсэн амжилт үзүүлж байсан юм. Энэ жилийн тэмцээнд 95 орны 10 мянга гаруй тамирчин-алба хаагч спортын 50 гаруй төрлөөр өрсөлдсөн байна.

Categories
мэдээ цаг-үе

Т.Баасанцогт: МАН-ын алдагдсан олон үнэт зүйлүүдийг цаг алдалгүй сэргээхийг хүсч байна

“Өдрийн сонин”-ы 2017.08.09-ний лхагва гаригийн ¹169 (5736) дугаараас авч нийтлэв.

“МАН-ын ээлжит бус онц их хурлын төлөө” хөдөлгөөний зохицуулагч Т.Баасанцогттой ярилцлаа.


-Энэ сарын 25-нд намынхаа ээлжит бус хурлыг хуралдуулахыг танай хөдөлгөөнөөс шаардлаа. Намын дарга М.Энхболд өөрийн цахим хуудсаараа есдүгээр сард хуралдуулна гэсэн. Харин та бүхэн яагаад хугацааг нь наашлуулахыг шаардах болов?

-Намын үндсэн дүрмийнхээ дагуу өмнөх Бага хурлаар намын их хурлыг хуралдуулах тов тогтоосон. Ер нь бол үндсэн дүрмийн дагуу дөрвөн жилд 1-2 удаа хуралдах заалттай байдаг. Өнгөрсөн дөрвөн жилд хуралдсангүй. Тэгэхээр энэ онд ээлжит хурал хуралдах ёстой. Одоогоор хурлын тов албан ёсоор зарлагдаагүй байна. Харин намын дарга албан бусаар өөрийн цахим хуудсандаа есдүгээр сард Бага хурлаа зарлаад дараа нь Их хурлаа хийнэ гэж бичсэн байна лээ. Энэ тал дээр намын дарга байр сууриа илэрхийлэхэд идэвхгүй байдалд байна гэж үзэж байгаа. Нөгөө талдаа болохоор МАН-ын дотоод асуудал болоод улс орны улс төрийн нөхцөл байдалд халуун асуудлууд үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор намын Их хурлаа яаралтай хуралдуул гэдэг шаардлагыг намын даргадаа хүргүүлж байгаа. Намын дарга бол Бага хурлыг зарлан хуралдуулах эрхтэй. Мөн Бага хуралд Их хурлын товыг санал болгох эрхтэй гэж манай намын үндсэн дүрэмд заасан. Энэхүү дүрмийг баримтлаад бид бүхэн шаардлага хүргүүлж байгаа юм. Хэрэв үндсэн дүрмийнхээ дагуу Бага, Их хурал зарлагдаад явах юм бол арваннэгдүгээр сар гарчих гээд байгаа юм. Тэр үед улс орны хэмжээнд шийдвэрлэх чухал асуудлууд тулгарна. Өвлийн бэлтгэл ажил ид өрнөдөг үе шүү дээ. Ялангуяа өнөө жил гантай байгаа болохоор өвөлжилт хүндэрч болзошгүй. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажил гэж их ажил бий. Иймд 65 суудалтай засгийн эрхийг барьж суугаа МАН-д намар их хурлаа хийгээд суух зав байхгүй. Яагаад гэвэл энэ Их хуралд өндөр албан тушаал хашиж буй бүх хүн орж ирээд суучихна.

Тэдний ажлыг хэн хийх вэ. Хөдөөгийн хөдөлмөрчид, малчид, тариаланчид “МАН Их хурлаа хийж байгаа юм, хөөрхий” гээд хүлээгээд сууж байхгүй. МАН-аас гарсан шийдвэрүүд Монголын ард түмний язгуур эрх ашгийн төлөө байх ёстой. Энэ зарчим маань алдагдах гээд байна. Тиймээс намын Их хурлаа яаралтай хуралдуулах хүсэлтэй байгаа юм.

-Ингэхэд танай хөдөлгөөнд хэр олон хүн хүмүүс нэгдээд байгаа вэ?

-Бид анх 1997 онд Монголын ардчилсан социалист, залуучуудын холбоог анх үүсгэн байгуулж, зүтгэж явсан хүмүүс. Намаа хүнд байдалд байхад олон мянган гишүүдээр сэлбэж, МАН-ынхаа үзэл баримтлал, үнэт зүйлийн төлөө зүтгэж, тэмцэж явсан залуучууд. Өнөөдөр бид ийм намыг хүсээгүй. Намын зарчим, дотоод ардчилал, алдагдсан олон үнэт зүйлүүдийг цаг алдалгүй сэргээхийг хүсч байна. Цөөхөн хэдэн хүн намын толгойд гарч, бодлого барьж байна. Намын бодлого цаашид Засгийн газрын хөтөлбөр болдог. Засгийн газрын хөтөлбөр гэдэг бол Монгол Улсын хувь заяаг шийдэх асуудал. Тийм учраас МАН-ын дотоод асуудлаа хурдан цэгцэлж, эмхлэх зорилгоор намынхаа төлөө зүтгэж, өөрсдийнхөө итгэл, сэтгэл, хөрөнгө мөнгөө зарцуулж явсан залуус маань эргэж нэгдэж байгаа юм. Энэ бол бидний үйлс зорилготой шууд хамааралтай асуудал.

-МАН-д ийм хөдөлгөөн хоёр дахиа байгуулагдаж байна. Өмнө нь 2006 онд МАХН буюу одоогийн МАН-ын дотоод ардчиллын төлөө ийм хөдөлгөөн өрнөж байсан хүмүүс төрийн өндөр албан тушаалд очсон байгаа. Тухайлбал, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга байна. Ер нь аливаа тэмцэл, хөдөлгөөн зохион байгуулагчид албан тушаал горилогчид гэж нийгэмд харагддаг болж. Энэ хөдөлгөөн төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаар үнэлэгддэг юм уу?

-Бидэнд яг тийм сэтгэл алга. Т.Гантулга даргыг Монголын ардчилсан социалист залуучуудын холбоонд зүтгэж явсныг мэдэхгүй юм. Бидний чин сэтгэл бол энэ холбоог үүсгэн байгуулж, энэ намынхаа үнэт зүйлсийг, үзэл санааг нь хамгаалж явсан гэж дээр хэллээ. Бид бол ямар ч албан тушаал, мөнгөний төлөө зүтгээгүй. Найз нөхөд маань эвлэлдэн нэгдэж, намын дэмжигч нийт гишүүддээ уриалга гаргаж байгаа юм.

Намаа өөрчлөн байгуулах бидний санаачилгыг намын гишүүд, дэмжигчид маань их сайшаалтай хүлээж авч байна. Хөдөө орон нутгаас хүмүүс их ярьж, ирж байна. МАН гэдэг бол Монгол Улсын хувь заяаг нуруун дээрээ үүрч явдаг түүхэн ууган нам. Энэ намын нуруун дээр Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, эдийн засгийн хүнд асуудлууд явж байдаг учраас намаа сайхан цэгцэлж авахгүй бол хувь заяа хүнд байдалд орчихоод байна. Тиймээс 1997 онд хийсэн үйлсээ ахиж хийх ёстой юм байна гэж ярьж, эвлэлдэж, нэгдэж байна. Бид зорилгодоо хүрэхийн тулд эхний ээлжинд шаардлагаа тавьж, уриалгаа гаргасан.

-Хэрэв энэ сарын 25-нд МАН ээлжит бусаар хуралдахгүй бол яах вэ?

-Бид намынхаа үндсэн дүрмийн хүрээнд улс төрийн соёлтойгоор эхэлж байна. Намын дарга М.Энхболд буурь суурьтай, улс төрийн соёлтой хүний хувьд бидний шаардлагыг хүлээж авна гэдэгт бүрэн итгэж байгаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнтэй холбоотойгоор намын даргатайгаа хариуцлага ярих ёстой биз дээ. Та бүхний шаардлагыг хараад байхад Засгийн газрын тэргүүнтэй хариуцлага тооцох асуудал хөндөгдөж байна?

-Нам бол амьд организм, байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг. Нэг хүн мөнхийн дарга байна гэсэн үг биш. Мэдээж их хурал дээр энэ тухай асуудал яригдах байх. Сая гурван шатны сонгуулиар ард түмэн МАН-д хоёр үнэлгээ тавилаа шүү дээ. Эхэнд нь Монгол Улсын эдийн засаг хүндэрсэн байна. Монгол Улсын тусгаар тогтнол алдагдахад ойрхон болсон байна. Монгол Улс дампуурах гэж байна гэсэн мэдээллүүд их гарсан учраас энэ бүх хүндрэлийг авч гарах тулхтай нам нь МАН юм. Ингэж итгээд ард түмэн манай намд хангалттай санал өгсөн. Дараагийн үр дүн нь тэдний итгэл хэд дахин буурсан. Энэ нь мэргэжлийн Засгийн газрын томилгооноос үүдсэн. Ард түмэн үүнд сэтгэл дундуур байсан. Залгуулаад авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь МАН мөрийн хөтөлбөрүүдээсээ ухарсан асуудал байсан. Татвар, хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж, тэтгэврийн нас, концесстой холбоотой асуудлууд байна. Энэ бүгд ард түмний нүдэнд ил байна. Ард түмэн 65 суудлыг МАН-д өгч итгэл хүлээлгэхдээ ямар “Концессыг найзууддаа өгчихөөрэй” гэж захиагүй шүү дээ. Мэргэжлийн засгийн газар байгуулна гэхээр улс эх орноо өөд нь татаад сайхан аваад явах юм байна гэж найдаж байтал мэргэжлийн бус хүмүүсийг тавьсан. Эндээс эхлээд ард түмэн эргэлзэж, бухимдсан. Энэ бүхэн Ерөнхийлөгчийн сонгуульд дүн тавих нэг том шалтгаан. Хоёрдугаарт, 60 тэрбумын асуудал. Хэдийгээр сонгуулийн үйл явцад эвлүүлэг, гүтгэлэг байлаа гэсэн боловч одоо ер нь бараг баталчихлаа шүү дээ. АТГ нь шалгаад эхэллээ. Тэр дундаа төрийн алба хааж байгаа зарим хүн дургүй л байна. Төрийн албыг хариуцлагатайгаар хашиж байгаа хүмүүсийг хоморголон АТГ-т байцаагаад, шалгаад эхэллээ. Төрийн алба гэдэг бол байнгын зогсолтгүй үйл ажиллагаа явж байх учиртай. Тэгтэл алба хаагчдыг дуудаж, байцаагаад ажлыг нь цалгардуулж байна. Энэ асуудал бас Ерөнхийлөгчийн сонгуульд ийм үнэлгээ авах гол хөшүүрэг болсон гэж бодож байна. Ямар нэгэн байдлаар хувь хүний тухай пиар хоёр талдаа явж байсан. Тэр бол саналд нөлөөлөөгүй байх. Гол нь төрийн албыг мөнгөөр худалдах оролдлого хийсэн явдалд нь ард түмэн дургүйлхэж байна. Энэ бол мэргэжлийн Засгийн газартайгаа шууд уялдаж байга юм. Манай намд шударга гишүүд олон бий. Тиймээс намын их хурлаар хүртэл аль нэг хүний халаасанд орохгүйгээр улс төрийн соёлтой үнэлгээгээ тавина байх аа. Өнөөдөр МАН-ын гаргасан алдааг засаад аваад явах чадалтай боловсон хүчин манай намд бий. Ер нь тулхтай ууган намын хувьд улс төрийн маш хурдан шийдвэрүүдийг гаргаад явах ёстой. Өмнө ч гаргаж байсан л даа. Соёлтойгоор хариуцлагаа өөрсдөө хүлээгээд албан тушаалаа өгөөд явж байсан удаатай. Гэтэл одоо яагаад болохгүй байгааг ойлгохгүй байна. Тиймээс шаардахаас өөр аргагүй болсон. Тэр байтугай намын хурлыг он дамнуулах сонирхолтой хүмүүс ч бий. Бид тийм хүмүүсийн төлөө энэ намд зүтгээгүй.

-Ер нь бол засаг тогтвортой байснаар гадны хөрөнгө оруулагчдыг татах том итгэл болох юм биш үү?

-Засгийн газар нь нурж унаад хөдөлгөөнд орох ёстой гэсэн шаардлагыг бид тавиагүй. Намын дотоод ардчилал, шударга байдлыг сэргээе гэсэн шаардлага тавьж байгаа. Намын цэгцлэх, асуудлыг шийдэх дээд байгууллага нь намын Их хурал. Намын их хуралд төлөөлөгч болоод сонгогдож орж ирсэн 1200 гаруй хүн шийднэ.

-Намын даргын төлөөх лидерүүдийн тэмцэл хүчтэй өрнөж байна. Та нар У.Хүрэлсүх Шадар сайдын хүмүүс гэж харагдах болсон байна л даа?

-Биднийг ингэж хардах бүрэн эрхтэй. Яагаад гэвэл хүмүүсийн нүдэнд түүх ил байгаа. МАХН(МАН)-ын хүнд хэцүү цагт дэргэд нь намаа дэмжих Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо байгууллагыг санаачилж, үүсгэн байгуулж, өөрөө ерөнхийлөгч нь байгаад бид бүхний туг болоод өнөөдрийг хүртэл тэр хүн явсан. Бид 20 гаруй жил найзалж, нөхөрлөлөө. Бидний энэ нөхөрлөлийг мэддэг бүх хүн У.Хүрэлсүхийн найзууд л гэнэ. Ер нь энэ бол У.Хүрэлсүх гэдэг хүний тухай биш, Монглоын ард түмний язгуур эрх ашгийн төлөөх асуудал яригдаж байна.

-Шадар сайдыг тагнасан, чагнасан гэсэн асуудал нэлээд дуулиан болоод байна. Энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Би энэ тухай мэдээлэл цацагдахаас өмнө сонсч байсан. Би хувьдаа үгүй байлгүй дээ гэж бодож байлаа. Гэтэл гэрчүүдийнх нь бичлэг олонд ил боллоо. Ийм асуудал байж болохгүй. Зохион байгуулсан хүмүүсийн гол зорилго нь тэр нэг нөхрийг цохиулж авч байгаад шоронд хорьчихоод араар нь дарга болох гэсэн ийм асуудал гэж ойлгоод байгаа. Ер нь жудагтай монгол хүний хувьд хийх боломжгүй асуудал. Одоо хууль хяналтын байгууллага нь шалгаад тогтоогоод гаргаад ирнэ биз. Энэ бол албан тушаалын төлөөх увайгүй үйлдэл.


Categories
мэдээ цаг-үе

С.ТӨГС: “Milan Fashion Week”-ийн хаалтын парадын загварыг өмссөн

Загвар өмсөгч С.Төгс өнгөрсөн зургадугаар сард Сөүл хотноо болсон олон улсын тэмцээнээс “Asian Star Model” шагнал хүртсэн юм. Энэ талаар түүнтэй ярилцсаныг сонирхуулъя.


-Та Сөүл хотноо болсон “Asia Model Festival”-д оролцож “Asian Star Mod­el” шагналыг хүртсэн. “Asia Model Festival”-ийн тухай манай уншигчдад сонирхуулаач?

-Энэ фестиваль нь 13 дахь жилдээ зохион байгуулагдсан. Солонгосын моделийн холбоо нь олон улсын загварын холбоотой хамтран зохион байгуулдаг. Уг арга хэмжээний хүрээнд хоёр тэмцээн болдог. Эхнийх нь загварын ертөнцөд дөнгөж хөл тавьж байгаа залуухан моделуудын дунд явагддаг. Нэг орноос дөрвөөс таван загвар өмсөгчид оролцож ур чадвараара өрсөлддөг. Хоёр дахь тэмцээн нь энэ салбартаа карьераа хийчихсэн туршлагатай загвар өмсөгчдийн дунд болдог. Ингэхдээ орон бүрээс нэг л модель оролцдог бөгөөд зохион байгуулагчид нь өөрсдөө загвар өмсөгчөө сонгон урьж оролцуулдаг. Миний оролцсон тэмцээнд оролцох загвар өмсөгчдийг сонгохдоо нэлээд олон үзүүлэлтийг харгалзан үздэг. Юуны түрүүн өмнө юу хийж байсан, ямар тэмцээн уралдаанд оролцсоныг тооцон үздэг. “Asian Star Model” гэж нэрлэдэг нь их учиртай. Олон нийтийн сүлжээнд хэр зэрэг идэвхтэй эсэхийг харгалздаг.Өөрөөр хэлбэл олон нийтийн сүлжээгээр дамжуулан аль зэрэг олон хүнд нөлөөлж чадах. Түүнээс гадна star буюу од байж чадах эсэх нь бас чухал. Түүгээр ч зогсохгүй Instagram, Facebook-т хэдэн сарын туршид дагадаг. Эдгээр үзүүлэлтийг үндэслэн оролцуулах хүмүүсээ сонгодог юм билээ. Тэр битгий хэл улаан хивсний ёслолд хэрхэн оролцож байгааг ч анзаардаг.

-“Asia Model Festival”-д оролцох урилгыг хэзээ хүлээж авсан бэ?

-Миний нэрийг дэвшүүлж байгаа гэж би сонссон. Уг арга хэмжээ болохоос нэг сарын өмнө Болормаа багш маань над руу утсаар ярьж “Баяр хүргэе. Чамайг “Asia Model festival”-д оролцуулахаар урьсан байна” гэсэн.

-Монголоос гадна ямар орны загвар өмсөгчид таньтай өрсөлдсөн бэ?

-Сингапур, Вьетнам, Мьянмар, Индонезийн загвар өмсөгчид оролцсон.

-Мэдээжийн хэрэг бүгд л загварын ертөнцөд олон жил ажилласан туршлагатай моделиуд байсан байх?

-Тиймээ. Бүгд л нэлээд туршлагатай бас олны танил болчихсон загвар өмсөгчид байсан. Зарим нь загварын ертөнцөөс кино урлаг зэрэгт орчихсон моделиуд байсан.

-Аль зэрэг хүчтэй өрсөлдөгчидтэй байв?

-Үнэхээр хүчтэй. Сингапураас оролцсон загвар өмсөгч гэхэд 1.68 метр өндөртэй. Загвар өмсөгчийн хувьд бол жижигхэн боловч зураг дээрээ их гоё гардаг байх жишээтэй.

-Залуу загвар өмсөгчид оролцдог “Face of Asia” тэмцээнд хичнээн модел ур чадвараа сорив. Манайхаас оролцсон уу. Оролцсон бол ямар амжилт үзүүлэв?

-Маш олон бараг 100-гаад загвар өмсөгч оролцсон байхаа. Манайхаас дөрөв, таван загвар өмсөгч байсан. Нэг нь шилдэг аравт шалгарсан.

-Хаанахын загвар өмсөгч түрүүлсэн бэ?

-Малайзын загвар өмсөгч түрүүлсэн.

-Таныг удахгүй дахиад л гадагшаа явах гэж байгаа гэж сонссон юм байна?

-Удахгүй Манила явах гэж байна. “Asian Next Top Model”-д оролцсон болохоор Сингапур, Филиппинд намайг мэддэг, хамтран ажиллах санал байнга тавьдаг. Түүнээс гадна миний найз 2011 онд “Дэлхийн мисс” тэмцээнд хоёрдугаар байранд шалгарч байсан “Филиппиний гоо бүсгүй ” Гвендолин Руаис бид хоёр байнга хамтарч ажилладаг. Бид хоёр “Asian Next Top Model”-д хамт оролцож байсан.

-Хамгийн сүүлд гадаадад болсон загварын ямар том шоунд оролцсон бэ?

-Италид болсон “Milan Fashion Week”-д оролцож хамгийн гол загварыг нь өмссөн. Katherine Mas брендийн загвар өмссөн. Энэ бол загвар зохион бүтээгч Katherine Mas-ийн өөрийнхөө нэрээр нэрлэсэн брэнд. “Milan Fashion Week”-ийн хаалтын парадын загварыг өмссөн.

-Баруунд бол загвар зохион бүтээгчид өөрсдөө загварыг нь өмсөх моделийг сонгодог. Katherine Mas өөрийг тань сонгосон гэсэн үг үү?

-Тэгсэн, өөрөө сонгосон.

-Таныг саяхан кинонд тоглосон гэж сонссон?

-Тиймээ хоёр кинонд туслах дүр бүтээсэн. Нэг нь олон ангит кино, нөгөө нь нэг ангит кино. Одоогоор нэрийг нь хэлж болохгүй. Намайг кинонд тоглосон гэхээр хүмүүс маш сүртэйгээр хүлээж аваад байдаг. Өмнө нь надад олон удаа кинонд, тэр дундаа гол дүрд тоглох санал тавьж байсан. Би дандаа татгалздаг байсан. Учир нь сайн мэдэхгүй болохоор гол дүрд тоглоно гэдэг бол хэцүү л дээ. Харин энэ удаад өөрийгөө сорьж үзсэн, нүүр хагарсан. Ер нь кинонд тоглоход яах ёстой талаар ойлголттой болсон.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Дэлгэрсайхан: Ойрын үед өсөж буй валютын ханш эерэг шийдвэр гаргахад саад болох талтай

Санхүү эдийн засгийн их сургуулийн багш Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Намар эдийн засагт ямар өөрчлөлтүүд гарах бол. Улирлын шинж чанартай эрэлт нэмэгдэхээс өөр ямар давуу талууд байна вэ?

-Эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайжирсантай холбоотой эрэлтийн нөлөөлөл өмнөх оны нөхцөл байдлаас илүү эерэг байх боломжтой гэж үзэж байна. Өмнөх оны гуравдугаар улирлын хувьд ДНБ-ы өсөлт -1.6 хувь гарч бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтгүй хэдэн сар дефляцийн байдалтай байсан. Энэ нь тухайн оны эдийн засгийн нөхцөл байдал маш дордсон байсныг илэрхийлж байгаа бөгөөд 2017 оны хувьд дээрх нөхцөл байдал давтагдахгүй байх боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ оны хоёр болон гуравдугаар улиралд эдийн засаг эерэг өсөлттэй байх бөгөөд инфляци ч гэсэн одоогийн түвшингээс бага зэрэг өсөлттэй байх болов уу. Өмнөх жилийн гуравдугаар улирлын эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбарын дараа орох томоохон эерэг нөлөөллийг бий болгож байсан ХАА-н салбар, ялангуяа газар тариалангийн салбарын нөхцөл байдал эргэлзээтэй байгаа нь инфляци болон эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх магадгүй юм. Эдийн засгийн хувьд гол давуу тал нь өнөөг хүртэл өндөр байгаа уул уурхайн гол бүтээгдэхүүний үнийн өсөлт, алт тушаалтын байдал байх нь тодорхой. Мөн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлууд хэрхэн хэрэгжихээс ихээхэн зүйл шалтгаална. Энэ хүрээнд засгийн газар эдийн засгийн бараг бүх л чиглэлийг хамарсан олон хөтөлбөрүүдийг тусгасан байгаа.

-Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ямар арга хэмжээнүүд авагдах бол?

-Валютын сангийн хүрээнд хийгдэх гол ажлууд нь институцийн хөгжлийн асуудал, төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн зах зээл рүү чиглэсэн байхаар тусгагдсан. Саяхан Монгол Улсад ажилласан ОУВС-гийн төлөөлөл биднийг эхний үе шатны хэрэгжилтийг амжилттай хангасан гэж үзсэн тул цаашдын ажил, дараагийн санхүүжилтийн асуудлууд хөндөгдөх байх. Мөн нэг гол ажил нь хөтөлбөрийн хүрээнд тусгагдсан банк, санхүүгийн зах зээлийг чанаржуулах ажлын хүрээнд хийгдэх ажлууд өрнөнө гэж харж байгаа. Энэ хүрээн эрх зүйн орчныг сайжруулах, банкуудын активын чанарыг үнэлэх зэрэг ажлууд хийгдэх хүлээлттэй байна.

-Валютын сангийн хашаа, мал барьцаалахыг хориглох сануулга амьдрал дээр биеллээ олбол эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ. Хамгийн түрүүнд банкуудын мал барьцаалсан зээл чанаргүй ангилалд шилжиж, банк санхүүгийн салбар хэцүүднэ гээд байгаа. Таны хувьд валютын сангийн хөтөлбөртэй холбоотой үүсч болох ямар эрсдлүүд харагдаж байна?

-Хэрвээ энэ асуудал хэрэгжиж эхэлбэл Монгол Улсын банкны салбарт сөрөг байдлаар нөлөөлөх нь тодорхой. Хүн амын дунд томоохон хувь эзэлдэг малчин өрхүүдэд малаас өөр барьцаа хөрөнгийн асуудал хүндрэлтэй болно. Мөн бага орлоготой өрхүүдийн хувьд хашаа байшин нь гол үндсэн хөрөнгө болдог. Түүнчлэн банкуудын томоохон харилцагчдын асуудал хөндөгдөж лицензийг барьцаанд авахгүй гэдэг асуудал тавигдвал сөрөг нөлөөлөл улам нэмэгдэх хандлагатай юм. Үүнийг Монголбанк, Засгийн газрын зүгээс аль болох санхүүгийн салбарт нөлөөлөхгүй байдлаар зохицуулахыг хичээх нь зүйтэй. Жишээлбэл, манай улсын болон малчин иргэдийн маань хувьд мал гэдэг нь хэдэн мянган жил тогтвортой хөрөнгө байсаар ирсэн цаашид ч байх болно гэдэг нь тодорхой тул энэ асуудлыг бидний онцлогт нийцүүлэн авч үзэх боломжтой гэж би хувьдаа үзэж байна. Дээрх барьцааны асуудал болон банкны салбарын активыг ОУ-н өндөр хөгжилтэй оронд мөрдөж буй стандартын дагуу үнэлэх нь банкны салбарын нөхцөл байдлыг хэт доогуур харагдуулах эрсдэлтэй байж болох юм. Ер нь миний харж байгаагаар өнөөгийн Монгол улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хэт өндөр стандартыг барих нь сайн зүйл биш юм.

-Валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж байгаагийн давуу талууд ирэх намар яаж илрэх вэ?

-Тухайн хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөөллийг хэрэгжиж эхэлсэн цагаасаа эхлэн бий болгосон гэдгийг дурдах хэрэгтэй. Үүний үр дүнд бид тулгамдсан өрийн дарамтыг давж, зээлжих зэрэглэл бууралгүй үлдсэн, гадаад өрийн дарамтыг цаашид ч шийдвэрлэх боломжоо хадгалж үлдсэн гэдгээ санах хэрэгтэй. Намрын хувьд хөтөлбөрийн хүрээнд төсвийн шинэчлэл болон дээр дурдсан санхүүгийн зах зээлийн хүрээний асуудал нь гол эерэг нөлөө байх болно. Ялангуяа эрүүл зөв төсөв хийх зоригтой алхамыг хийх нь цаашдын нийгэм эдийн засгийн хөгжилд чухал юм. Эдийн засгийн хүрээнд бол санхүүжилтын дараагийн шатны асуудлууд үргэлжлээд явах байх.

-Есөөс арваннэгдүгээр сарын хугацаанд ам.долларын ханш яаж хэлбэлзэх бол, өсөх эрсдэл ажиглагдаж байна уу?

-Миний хувьд ойрын хугацаанд гарч буй валютын ханшийн өөрчлөлтийг суурь хүчин зүйлээс шалтгаалсан өөрчлөлт гэж үзэхгүй байгаа. Энэ нь улс төрийн орчинд гарсан өөрчлөлт, ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч ялсан болон сонгуулийн өмнө сөрөг хүчин болон эрх баригч намын зүгээс гаргасан болчимгүй амлалт шийдвэрүүд зэргээс шалтгаалж гадаад дотоод нөхцөл байдал түүнд хандах хандлага хүлээллтэй холбоотой болов уу. Эдийн засгийн нөхцөл байдлаа бүхэлд нь харвал таны асуугаад байгаа саруудад гадаад валютын ханш хэт ихээр өсөх эрсдэл байхгүй гэж би хувьд үзэж байгаа. Учир нь эдийн засгийн үзүүлэлтүүд бага зэрэг сэргэж нааштай зүйлүүд харагдаж байгаа боловч эдийн засаг бүрэн сэргэж идэвхжих болоогүй байна. Үүний дээр энэ эерэг үр дүн эдийн засаг, нийгмийг бүрэн хамрах болоогүй ерөнхийдөө сул хэвээр байсаар байна. Үүнтэй холбоотой нийт массын худалдан авах чадвар тэгтлээ сэргэж чадаагүй байгаа болов уу.

-Сургууль, цэцэрлэг орж эрэлт огцом нэмэгдэхээр инфляцид хэр нөлөөлөх вэ. Ер нь инфляци өсөх ямар эрсдлүүд анзаарагдаж байна?

-Өмнөх оны намар бид хэдэн сар дарааллан үнийн өсөлт биш уналттай явсан гэж дээр хэлсэн. 8-9 сар бол эрэлт таны асуусан шалтгаанаар тодорхой чиглэлд нэмэгддэг нь үнэн. Гэхдээ энэ нь юмны үнэ бүгд өснө гэсэн үг биш. Өнөө жилийн хувьд эдгээр саруудад инфляцитай байх боловч хэт өсөхгүй байх. Инфляцийг ихээр нэмэгдүүлэх гол эрсдэл нь эдийн засгийн идэвхжил, бодлогогүй мөнгөний нийлүүлэлт, хөтөлбөрүүд л байдаг гэж би хувьдаа үздэг.

-Таван толгой тэргүүтэй том төслүүд хөдлөх шинж ажиглагдаж байна уу?

-Засгийн газрын зүгээс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах зорилготой хийсэн төсвийн тодотголын үеэр Сангийн сайд томоохон төслүүдийг энэ онд багтаан хөдөлгөх боломжгүй гэж мэдэгдэж байсан санагдаж байна. Засгийн газрын зүгээс энэ чиглэлд энэ онд томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байх гэж бодож байна. Гэхдээ Таван толгойн хувьд үнэ болон менежментийн хувьд энэ засгийн газар тодорхой дэвшил бий болгож чадсан гэж боддог. Томоохон төслүүдийн хувьд миний хувьд хурдан хөдөлгөх нь зүйтэй гэж үздэг. Хүлээх шаардлага байхгүй.

-Засгийн газрын эдийн засгийн чиглэлээр явуулж буй бодлогын талаар таны байр суурийг сонсъё. Өнгөрсөн хугацаанд эдийн засагт эерэг болон сөрөг ямар шийдвэрүүд гаргав?

-Засгийн газрын хувьд 2016 оны наймдугаар сарын төсвийн тодотголоос эхлээд харьцангуй зөв эхэлсэн бөгөөд боломжийн түвшинд ажиллаж байна гэж би хувьдаа үздэг. Тэдний хувьд харьцангуй хүнд нөхцөл байдалд ажлаа эхлүүлсэн. Тэр үед татварын өөрчлөлт, төсвийг нэгтгэх, хавтгайрсан нийгмийн халамжийг хязгаарлах зэрэг асуудлыг оруулж ирсэн нь шинэлэг бөгөөд зөв зүйл байсан. Энэ хугацаанд тэдний хийсэн гол эерэг ажлууд нь төсвийг нэгтгэсэн, төсвийн алдагдлыг хязгаарлаж чадсан явдал юм. Мөн уул уурхайн чиглэлээр дээр дурдсан өмнөхөөс сайжруулсан зүйлийг хийсэн гэж үздэг. Гол нь ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж гадаад, дотоод нөхцөл байдлыг тогтворжуулж чадсан нь хамгийн том эерэг нөлөөллийг бий болгосон гэж үздэг. Энэ ажлын хувьд Засгийн газрын хүчин чармайлтыг үнэлэх хэрэгтэй. Мэдээж энэ нь Засгийн газар 100 хувь сайн ажиллаж байна гэсэн үг биш. Сайны хажуугаар саар бас байна. Үүнд дээр та бидний ярьсан томоохон төслүүдийн хувьд удаашралтай хандаж байгаа явдал нь уул уурхайн таатай нөхцөл байдал үргэлжилж байгаа энэ үед биднийг томоохон алдагдалж оруулж байна. Мөн эдийн засгийн бодлогын хүрээнд 2016 оны 11 сард УИХ-аар батлуулсан хөтөлбөрт тусгагдсан ажлуудаа хийх, эдийн засгийн суурийг бэхжүүлэх асуудалд хугацаа алдаж байна гэж харж байна. Засгийн газрын зүгээс энэ асуудалд судалгаа шинжилгээтэй, сайн төслүүдийг бэлтгэх шаардлагатай гэж үзэж байгаа нь зөв боловч аль болох хурдан хийх нь бидний хувьд чухал юм. Одоо гол хийх ажил бол эдийн засгийг төрөлжүүлэх, суурийг бэхжүүлэх ажил юм.

-Монголбанк бодлогын хүү дээр ямар шийдвэр гаргах ёстой гэж та харж байна вэ?

-Монголбанкны хувьд саяхан бодлогын хүүг хоёр хувь бууруулсан шийдвэр гаргасан. Энэ удаагийн мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэр нь миний таамаглаж байгаагаар хүүг хэвээр хадгалах байх болов уу. Учир нь хавар эдийн засгийн нөхцөл байдал 2016 оны байдлаас маш ихээр эерэг өөрчлөгдсөн байдалтай байсан бол одоо цаашид харгалзан үзэх эргэлзээтэй нөхцөл байдлууд байсаар байна гэж би хувьдаа үзэж байна. Мөн дээр нь ойрын үед өсөж буй валютын ханш эерэг шийдвэр гаргахад саад болох талтай.

-Чанаргүй зээлийн төлөв ямар байгаа бол?

-Сүүлийн статистик мэдээнээс харахад чанаргүй зээл өмнөх оны мөн үеэс бага зэрэг өссөн боловч 2015 оны сүүл 2016 оны дунд үетэй харьцуулахад өсөлт саарсан байдалтай байна. Цаашид эдийн засгийн нөхцөл байдал эргээд муудахгүй л бол чанаргүй зээлийн өсөлт нэмэгдэхгүй байх боломжтой. Харин ОУВС-гийн хүрээнд хэрэгжиж буй банкуудын активын чанарыг үнэлэх, барьцаа хөрөнгийн асуудалд өөрчлөлт орвол чанаргүй ангилалд одоо хэвийн байгаа зээлүүд орж болох юм. Жишээлбэл, малыг барьцаа гэж үзэхгүй бол өмнө мал барьцаалж олгосон зээл шууд ангилал буурах боломжтой юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон.

Хэрэв автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол 2017 оны 08 дугаар сарын 19, 26-ны Бямба гарагуудад, сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашин 2017 оны 08 дугаар сарын 20, 27-ны Ням гарагуудад 08.00-20.00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно.

Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоноХарин авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээ, зөөврийн ус хангамж, дипломат байгууллагын автомашин болон зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд энэхүү хязгаарлалт хамаарахгүй юм.

Categories
мэдээ нийгэм

Давсны хэрэглээгээ багасгаад жингэ барьж болно

жингээ барьХ зурган илэрцүүдЭрүүл хооллож жингээ барьж байгаа хүмүүст давсны хэрэглээг хязгаарлах нь маш чухал. Огт давсгүй, тосгүй хоолыг зөв цагаар идэхэд хүн хүний онцлогоос хамааран 7 хоногт 5 кг хүртэл турах боломжтой. Тиймээс давстай холбоотой дараах зөвлөгөөг хүргэж байна. Давс нь шаардлагатай хүнс боловч хэрэглээг нь зохистой хэмжээнд тохируулах учиртай.

Өдөрт 3г-аас илүү давс хэрэглэж болохгүй. Энэ нь нэг цайны халбагатай тэнцэнэ. Гэтэл ихэнх хүн үүнээс илүүг хэрэглэдэг. Хоолны давсны хэрэглээг яаж багасгах вэ?

– Хоолыг бага зэргийн давстай идэх ба аль болохоор давс нэмэхгүй байх

– Цайг давсгүй уух

– Хоол чанах, амтлахдаа ургамлын гаралтай амтлагчууд, халуу ногоо хэрэглэх

Үүнд:

а. халиар, жууцай, лаврын навч, гоньд, яншуй, чинжүү, хүнхээл, мангир, таана гэх мэт бусад төрлийн ногоон өнгөтэй амтлагчууд

б. Аль болох шинэ ногоо хэрэглэх

в. Нимэгний шүүс, дарс, бөөрөнхий хар перец

г. Загас болон төрөл бүрийн махыг чанахдаа өөр өөр төрлйин амтлагчуудыг хэрэглэ

Жишээ:

* Тахиа, шувууны маханд: Сармис, сонгино, мөөг, дарс, чинжүү

* Загасны маханд: Сонгино, шинэ мөөг, амтат ногоон чинжүү

* Гахайн маханд: Сонгино, сармис гэх мэт

– Бэлэн гоймон, нөөшөлсөн мах, ногоо, шөл, жимс, бяслаг, болон даршилсан хүнсний хэрэглээг багасгах

– Давсалсан мах, загасны хэрэглээг багасгах (хиам, зайдас, гахайн утсан мах г.м)

– Нэмэлт амтлагч хэрэглэхийг багасгах (төрөл бүрийн соус, кетчуп)

– Дөрвөлжин шөлний амтлагчын хэрэглээг багасгах

– давсалсан зуушны хэрэглээг хязгаарлах (шарсан төмс, эрдэнэшиш, давсалсан самар)

– Нөөшилсөн уут савтай хүнс, хоолыг худалдаж авахдаа шошгийг нь сайтар уншиж, натригүй хүнс, хоол сонгох хэрэгтэй шүү.

Categories
мэдээ нийгэм

Алга болсон хүүхдүүд зугаалгаар яваад, агуйд хонж байхад нь олжээ

Энэ сарын 4-ний өдөр Бэлхийн эцсийн 16-р хорооны орчим гэрийнхээ орчим тоглож байгаад таван хүүхэд алга болсон гэсэн мэдээлэл олон нийтэд хүрсэн.

Эдгээр таван хүүхдийг эрж хайх хуулийн дагуу үйл ажиллагааг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид зохион байгуулж, өнөөдрөөс Онцгой байдлын 10, цагдаагийн 20 алба хаагч нэмэлтээр алга болсон гэх ойр орчмын ойг самнах ажлууд, иргэд, эцэг эхчүүдийн тусламжтайгаар зохион байгуулж байсан юм.

Тэднийг өчигдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Я.Энхтөр иргэдийн мэдээллийн дагуу шалгаж 2-р багийн нутаг дэвсгэр Шилхэнцэг хайрханы агуйгаас олжээ. Хүүхдүүд эсэн мэнд. Ямар нэг хүний дарамтанд ороогүй. 15 настай эгч нь дүү нараа дагуулан Улаанбаатар хотоос зугаалах зорилгоор галт тэргээр очиж, Зүүнхараад хуучин амьдарч байсан айлаасаа хөнжил, гудас, аяга шанага авч, агуйд дөрөв хоносон байжээ.

Энэ сарын 4-ний өдөр Бэлхийн эцсийн 16-р хорооны орчим гэрийнхээ орчим тоглож байгаад таван хүүхэд алга болсон гэсэн мэдээлэл олон нийтэд хүрсэн.

Эдгээр таван хүүхдийг эрж хайх хуулийн дагуу үйл ажиллагааг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид зохион байгуулж, өнөөдрөөс Онцгой байдлын 10, цагдаагийн 20 алба хаагч нэмэлтээр алга болсон гэх ойр орчмын ойг самнах ажлууд, иргэд, эцэг эхчүүдийн тусламжтайгаар зохион байгуулж байсан юм.

Тэднийг өчигдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Я.Энхтөр иргэдийн мэдээллийн дагуу шалгаж 2-р багийн нутаг дэвсгэр Шилхэнцэг хайрханы агуйгаас олжээ. Хүүхдүүд эсэн мэнд. Ямар нэг хүний дарамтанд ороогүй. 15 настай эгч нь дүү нараа дагуулан Улаанбаатар хотоос зугаалах зорилгоор галт тэргээр очиж, Зүүнхараад хуучин амьдарч байсан айлаасаа хөнжил, гудас, аяга шанага авч, агуйд дөрөв хоносон байжээ.

Categories
мэдээ нийгэм

Гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.4 хувиар өссөн байна

Махны үнэ буурчээҮндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргажээ. Наймдугаар сарын 16-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.4 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.5 хувь, үхрийн ястай махны үнэ 4.5 хувь, үхрийн цул махны үнэ 4.1 хувь, ямааны ястай махны үнэ 4.3 хувиар буурч, адууны ястай махны үнэ 1.6 хувиар өсчээ. Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 6410 төгрөг, үхрийн /ястай/ мах 7380 төгрөг, үхрийн цул мах 8625 төгрөг, адууны /ястай/ мах 5275 төгрөг, ямааны /ястай/ мах 4500 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: Гурилын үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан дээдийн дээд гурилын үнэ 3.9 хувь, савласан дээд гурил болон задгай 1-р зэргийн гурил 8.5 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 6.3 хувиар өсчээ.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 1.2 хувиар буурсан байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 2.0 хувиар өсчээ.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 32.6 хувь, луувангийн үнэ 105.3 хувь, байцааны үнэ 10.6 хувь, хүрэн манжингийн үнэ 2.0 хувиар өсч, сонгины үнэ 2.5 хувиар буурсан байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласансүүний үнэ 3.0 хувь, “Элекстер” сүүний үнэ 0.2 хувиар буурч, задгай сүүний үнэ 8.8 хувиар өсчээ. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.9 хувиар өссөн байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөч залуустай хамт гүйж, зөвлөгөө өгсөн байна

Өнөөдөр өглөө 08.00 цагт Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга залуучуудтай хамт дасгал хийж, гүйсэн байна. Тэрбээр спортыг бүх талаараа дэмжинэ гэдгээ байнга илэрхийлдэг. Тэр ч утгаараа өөрөө залууст үлгэр дууриал болохыг зорьж буй бололтой. Тус гүйлтэд 30 гаруй залуус оролцсон бөгөөд Ерөнхийлөгч дасгал хэрхэн хийх талаар заавар зөвлөгөө өгчээ.

Ерөнхийлагч залуусыг амьдралын зөв амьдрах арга ухаанд уриалан дуудсан, эрүүл аж төрөхийн үндэс нь дасгал хөдөлгөөн гэдгийг сурталчилсан хэмээн иргэд сайшааж байсан аж.