Categories
мэдээ спорт

Н.Золбоо шагналт тавдугаар байрт орлоо

Чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 125кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо шагналт тавдугаар байрт орлоо. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Ник Гвяздовскитэй барилдаж 1:5 ялагдсан.

Дагах барилдаанд энэ жилийн ААШТ-д ялж байсан БНСУ-ын Нам Кун Жинийг 17:11 ялсан юм

Categories
мэдээ нийгэм

Эцэг эхчүүд хүүхдүүдээ зөв дадал, хэвшилтэй болгож хүмүүжүүлэхийг сануулав

Эцэг эхчүүд зурган илэрцүүд

Бүх шатны сургуулийн хичээлийн шинэ жил эхлэх үеэр хүүхдүүд гэмт хэрэг, зөрчилд холбогдох тохиолдол ихэсдэг. Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд энэ оны эхний хагас жилийн байдлаар насанд хүрээгүй хүнээс гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирох тохиолдол урьд оноос өссөн үзүүлэлтэй гарсан гэнэ. Тухайлбал, хэргийн хувьд бусдын бие махбодид гэмтэл учруулах, дээрэмдэх, танхайрах гэмт хэрэг урьд оноос өссөн байна. Иймээс энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж гаргажээ. Үүнд:

-Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ бусдыг хүндлэх, аливаа санал зөрсөн асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийг хэлж өгч байх. Хүүхдүүдтэй харилцахдаа хүч түрэмгийлэх байдлаар асуудлыг шийдэх гэж оролдвол найз нөхөдгүй, ёс зүйгүй хүн болох талаар хэлж ойлгуулах хэрэгтэй.

-Хүүхдийнхээ нөхөрлөж буй найз нөхдийн нэр, гэрийн хаяг, холбоо барих утас, тэдний эцэг, эхийг мэддэг байх. Мөн чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх талаар сургамж хэлж, хичээлийн болон хичээлийн бус цагаар хаана хэнтэй юу хийж байгааг мэддэг байх ёстой.

-Сургуулийнх нь багш, нийгмийн ажилтан, эрх бүхий албан тушаалтнуудын нэр, холбоо барих утсыг мэддэг байх. Хүүхдийг сургуулийн орчинд хичээл сурлага, хүмүүжилдээ ямар байгаа талаар мэдээлэлтэй байж, сургуультай нь эргэх холбоотой байх хэрэгтэй.

-“Гэр-сургууль-гэр” хооронд хүүхдийн явах аюулгүй зам, маршрутыг судалж, аль замаар хэрхэн аюулгүй явах талаар биечлэн зөвлөгөө өгөх, бага ангийн хүүхдийг хараа хяналтгүй асран хамгаалагчгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх.

-Хүүхдийг тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ хамгаалалтын бүс, хамгаалалтын суудал, суудлын бүс тохируулагчийг байнга тогтмол өөрөө үлгэрлэх байдлаар зүүлгэж хэвшүүлэх (арын суудалд суусан хүүхдэд ч мөн адил), хүүхэд сууж буй талын автомашины цонхыг хаалттай байлгаж хэвших.

Замын хөдөлгөөнд явганаар оролцохдоо явган хүнд зориулсан зөвшөөрсөн гэрэл дохиогоор, явган хүний гарцын тэмдэг тэмдэглэлтэй хэсгээр анхаарал болгоомжтой аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарч хэвших, авто машины зам, эрсдэл бүхий газар тоглохгүй байхыг зөвлөх.

-Дунд болон бага ангийн хүүхдүүдэд үнэ өртөг ихтэй ухаалаг гар утас хэрэглүүлснээр гар утсаа хулгайд алдах магадлалтай. Хичээлийн цагаар болон замын хөдөлгөөнд оролцохдоо гар утсаараа мессэж бичих, тоглоом тоглох зэргээр анхаарал, сэрэмж нь алдагддаг. Ингээд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох өндөр эрсдэл үүсч байгааг анхаарч гар утасыг хэрхэн хэрэглэх талаар зөвлөх. Тухайлбал, зайлшгүй шаардлагатай утсаар ярих үедээ орчин тойрны аюулгүй байдлыг шалгаж эцэг, эхтэйгээ холбоо барих талаар зөвлөгөө өгөх хэрэгтэй.

-Эцэг, эхчүүд автомашин жолоодож явахдаа гар утсаараа ярих, мессэж бичих зэргээр хүүхдэд буруу үлгэрлэж, анхаарлаа сулруулсанаар замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдөнө гэдгийг ойлгуулж, сэргийлэх хэрэгтэй юм.

-Шилжилтийн насны хүүхэд найз, нөхдийн нөлөө, бүтэлгүй хайр, багш, эцэг, эхийн буруу харьцаа, шашны буруу үзэл суртлын улмаас зан ааш нь өөрчлөгдөж болзошгүй. Эцэг, эхийнхээ үгэнд амархан гомдох үедээ эрсдэлтэй алхам хийх тохиолдол гарч байгааг анхаарч, тэдний дотоод сэтгэлийг ойлгох, найз шиг нь харьцаж тэдэнтэй илэн далангүй байснаар гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээллээ.

Б.УРАН

Categories
мэдээ нийгэм

Хичээлийн хэрэгсэл гардууллаа

Амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, зорилтот бүлгийн 1000 хүүхдэд нэг жилийн хичээлийн хэрэгсэл бүхий цүнх гардууллаа. Тус аяныг Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо “Мянга мянган мөрөөдөл жигүүрээ дэлгэнэ” уриатайгаар хоёр дахь жилдээ зохион байгуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл гардуулах үеэрээ хичээлийн шинэ жилийн мэндийг хүргээд “Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед 1000 өрхөд дэмжлэг үзүүлж, хүүхэд багачуудад сурч боловсрох, эрдэм боловсрол эзэмших чин хүслийг төрүүлсэн энэ аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгааг нийслэлийн зүгээс талархан хүлээн авч байна. Нийслэлийн нийт хүүхэд багачуудынхаа өмнөөс банк бус санхүүгийн байгууллагууддаа талархал илэрхийлье.” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

“Газар-улсын үндэс” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол улсын хил нь Хүннү гүрний үеэс бүрэлдэн бий болсон бөгөөд XVII зууны эхний хагас хүртэл хадгалагдсаар иржээ.

XVI зууны дундуур Гэрсэнз жалайр хунтайжийн эзэмшлийг түүний долоон хөвгүүнд хуваан захируулснаар Халхын 7 хошуу, анхны 3 аймгийн эх үүсвэр тавигдсан байна. 1691 онд Манж Чин улсад Халх Монгол дагаар орсны дараа Манжийн төрөөс Халхын хошуудыг жижиглэн олшруулснаар хошуудын тоо 86-д хүрч, мөн Ховдын хязгаарыг байгуулан шинээр хошуудыг байгуулах болсноор Ар Монголын аймаг, хошуудын хилийн заагийг нарийн тодорхой болгож, хилийн овооны цэс үйлдэн, баталгаажуулах шаардлага гарсан. Энэ үүднээс аймаг, хошуу, өртөө, харуулын газрын зураг, нутгийн цэсийг үйлдэж ирсэн нь эдүгээ Монголын түүх судлалын судалгааны чухал сурвалж болж байгаа юм.

Газрын зурагт нутгийн хил хязгаар, уул ус, гол горхи, булаг шанд, сүм хийд, зам харгуйг тэмдэглээд зогсохгүй уул нь хэр өндөр модтой, нуур нь хэр гүн ба шорвог, гол мөрний урсгалын чиг зэргийг нарийн заадаг уламжлалтай байжээ. Монголчууд газрын зургаа ихэвчлэн цагаан даавуу, муутуу цаасан дээр өнгө ялган үйлдэх бөгөөд тийнхүү өнгө ялгахдаа дураар өнгө будаг тавьдаггүй журамтай байв. Тухайлбал, хилийн шугам, харуул, өртөө зэргийг их төлөв улаан заримдаа хараар, замыг шараар, гол мөрөн, нуурыг хөх цэнхэрээр, элсэн манхан цөлөвтөр газрыг ягаавтар өнгөөр, бэлчээр болон ой модыг ногоон өнгөөр зурж, тэмдэглэж заншжээ.

Үндэсний төв архивын сан хөмрөгт монголчуудын газрын зурагт холбогдох баримтуудыг нэгтгэсэн “Газрын зургийн цуглуулга”/Х №460/ гэдэг биеэ даасан хөмрөг хадгалагдаж байна. Энэ хөмрөгт нийт 281 хадгаламжийн нэгж бүртгэгдсэн байдаг.

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын монгол судлалын холбоо, Монгол газар нутгийн нэрийн судлалын холбоо, Япон улсын Токиогийн Гадаад судлалын их сургууль, Архивын ерөнхий газар хамтран энэ сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа “Монголын газрын зураг, газрын нэр судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд зориулан Архивын ерөнхий газраас “Газар-Улсын үндэс” сэдэвт газрын зураг, газрын нэршилийн баримтын үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна.

Тус үзэсгэлэнгийн үзмэрүүд нь:

1. Манжийн эрхшээлийн үеийн Монголын газрын зураг, газар усны нэршил

(XVIII зуунаас- XX зууны эхэн)

2. Шашин төрийг хослон барьсан Хаант Монгол улсын үеийн газрын зураг,

газар усны нэршил (1911-1921 он)

3. Монгол Улсын үеийн газрын зураг, газар усны нэршил

(1921-2017 он) гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд АЕГ-ын дарга, доктор Д.Хоролдамба, ШУА-ын ТАХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Н.Хишигт, МУ-ын гавьяат багш Э.Равдан, Япон улсын Токиогийн Гадаад судлалын Их сургуулийн профессор Х.Футоки нар үг хэлэв.

Үзэсгэлэнд Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын Түүхийн баримтын архив, Улс төрийн нам, олон нийтийн байгууллагуудын баримтын архив, Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив, Зураг төслийн баримтын архивын сан хөмрөг дэх газрын зураг, баримт бичиг, гэрэл зураг зэрэг 100 орчим үзмэр тавигдсан юм. Үзэсгэлэн 2017.08.25-2017.09.20-ны өдөр хүртэл нийтэд үйлчлэх юм байна.

Categories
мэдээ спорт

Э.Бэхбаяр дэлхийн аваргын хос медальтан боллоо

Э.Бэхбаяр Дэлхийн аваргын хос медальтан боллоо2015 оны Лас Вегасын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр Парисын дэвжээнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо.

Тэрбээр ийнхүүчөлөөт бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальтан боллоо. Э.Бэхбаяр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 16 дахь, эрэгтэйчүүдээс 10 дахь тамирчин болж байна. Түүний хувьд өөрийн анхны багш, Монгол Улсын гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ багшийнхаа адилаар ДАШТ-ий хос медальтан болж байгаа нь бахархууштай.

Э.Бэхбаяр Францын нийслэлд эхний тойрогт энэ жилийн Азийн АШТ-д манай ОУХМ З.Занабазарт ялагдсан Киргизстаны Улукбек Жолдошбековыг оноогоор (12:0) цэвэр, 1/8 шигшээд залуучуудын ДАШТ болон 23 хүртэлх насны Европын аварга Туркийн Сулейман Атлиг 7:0-ээр тус тус ялсан ч шөвгийн наймд энэ жилийн Азийн аварга Японы Юки Такахашид 4:4-өөр буюу онооны чанараар ялагдсан.

Улмаар Японы бөх шигшээд шалгарснаар манай бөхөд дагах барилдаан гарсан бөгөөд 2016 оны Азийн аварга Энэтхэгийн Сандееп Томарыг оноогоор цэвэр (10:0), хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Болгарын Владимир Дубовыг 9:2-оор ялж, дэлхийн хэмжээний бөх гэдгээ харууллаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Ерөнхийлөгч өө, зав гаргаач бидэнд

ХААИС-ийн Зөвлөх профессор Г.Батдэлгэр

Хэдэн жилийн өмнө манай Нано- квант биотехнологийн баг Хятадын эрдэмтэдтэй хамтарч, таримал ургамлын ургацыг нэмэгдүүлдэг, малын тарга хүчээ алдах байдлыг багасгах хоёр төрлийн бэлдмэл гаргаж, шинэ бүтээлийн гэрчилгээ авсан.Эх орондоо энэхүү шинэ технологийг нэвтрүүлэх, цаашид үйлдвэр байгуулах асуудлыг хэрхэх талаар манай нөхөд ХХААХҮ сайд П. Сэргэлэн, Засгийн газрын ахлах референт Б.Дэлгэрмаа, Боловсролын сайд асан Л.Гантөмөр, Академич н.Рэгдэл, Ерөнхийлөгчийн Ногоон Хөгжил, ХАА-н зөвлөх О. Чулуунбилэг, УИХ-ын орлогч дарга Ц.Нямдорж гээд мөн ч олон хүнтэй уулзаж хайран цагаа үргүй зарсан даа. Ерөнхийлөгчтэй уулзуулна гэж олон хүн амласан. Гэвч бүтээгүй өнөөг хүрлээ. Монгол Улсын Үндэсний аюулгүйн Зөвлөлд хүртэл албан бичиг хүргүүлсэн. Нэмэргүй юм билээ. Бидний бүтээгдэхүүнийг (LC) газар тариаланд 100 гаруй аж ахуйн нэгж ашиглаад ургацаа 15-аас доошгүй хувь нэмэгдүүлж, ган, хүйтэн, өвчинд тэсвэртэйг мэдэж авсан. Нэгж га талбайн зардал ердөө хоёр мянган төгрөг. Бид бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэж чадвал валют олох боломж бүрдэхээс гадна, эрүүл ой, ногоон бүс, цэвэр хүнстэй болох юм. Одоогоос хоёр жилийн өмнө Завхан аймгийн Тэс суманд зуд болоход бидний хандивласан бүтээгдэхүүн ( BEB) малын хорогдлыг зогсоож байлаа. Мал өөрийн биеийн жингийн хоёр хувьтай тэнцэх өвс, тэжээлийг өдөрт идэж байж хэрэгцээгээ хангадаг.

Үүнээс 40 хувь шингэж бусад нь ялгадас болдог. ВЕВ бүтээгдэхүүнийг хэрэглэсэн тохиолдолд идсэн зүйлийн 90 хувь малд шингэх боломжтой. Өвөлжилтөд нэмэр болж, цөөн мал хорогдоосой хэмээн бодсондоо оюунлаг хүмүүсийн бүтээлийг санал болгож байна. Манай төрийн албанд олон хүн ажиллаж байна. Асуудал шийддэг хүн Ерөнхийлөгчөөс өөр алга гэхэд болно. Манай оронд юм санаачилж хийдэг хүн, хийхгүй байгаа хүнээс нэр муутай, үнэлэгдэхгүй байгаа. Та ажилчин ангиас гарсан анхны Ерөнхийлөгч! Баялаг бүтээгч хийгээд, шинжлэх ухааны салбартаа илүү анхаарахыг хүсье. Ерөнхийлөгч өө, зав гаргаач бидэнд. Манай багийнхан Тантай уулзаж, мөрөөдлийн гарцаа олмоор байна. Уулзалт дээр илүү нарийн технологийн тухай ярих болно.

эрдэмтэдтэй

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Есөн дүүргийн 500 орчим залуучууд чууллаа

Есөн дүүргийн 500 орчим залуучууд чууллааЖил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын Залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийн хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсүүдийн хамт “Эерэг амьдарцгаая, Залуучууд аа!” сэдэвт уулзалтыг Монголын Хүүхдийн ордны их танхимд 15-39 насны 500 орчим залуучуудын оролцоотойгоор зохион байгууллаа.

Энэхүү уулзалтыг залуучуудын амьдрах, сурч боловсрох, хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэх, хотын хөгжил, нийслэлийн бүтээн байгуулалтад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэлзүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг эерэгээр өөрчлөх, залуучуудад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бололцоог нэмэгдүүлж, улмаар шийдвэр гаргах түвшинд залуучуудын дуу хоолойг хүргэх зорилгоор зохион байгуулжээ. Монголын Залуучуудын өдрийг залуучууд баярлаж, цэнгэн өнгөрүүлэх биш, эвлэлдэн нэгдэж, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх гарцыг хэлэлцэх, эдгээр асуудлуудыг төр засгийн шийдвэр гаргах түвшинд хэлэлцүүлж шийдвэрлүүлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийг дэмжих өдөр болгох зорилгоор олон талт ажлуудыг зохион байгуулдаг юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар залуучуудын хөгжих, боловсрох, төлөвших боломж бололцоо, бүх шатан дахь залуучуудын бодит оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын байгууллагуудыг үндэсний хэмжээний үйл ажиллагаанд татан оролцуулах, залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаануудыг дэмжих чиглэлээр ажиллаж байна. Мөн Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Залуучуудын хөгжлийн төв”-ийг байгууллаа. Тус төвд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /KOICA/-ийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “MKIT” сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж гадаад болон дотоодод өндөр цалинтай ажилд орж, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх бололцоо бүрдэж байна. Энэхүү Залуучуудын хөгжлийг дэмжих төв нь хамгийн сүүлийн үеийн үзүүлэлт бүхий 80 компьютертэй сургалтын 3 танхимтай, мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, бойжуулах, улмаар бизнесийн гарааг нь дэмжих бололцоотой цогц шийдэл юм.

Энэ төвд залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн чиглэлээр сурган, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай сайн боловсон хүчин бэлтгэх, Монголын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх зорилгоор нарийн мэргэжлийн сургалтуудыг үнэ төлбөргүй явуулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар БНСУ-д шилдэг сайн суралцсан 4 залууг БНСУ-д мэдээллийн технологийн чиглэлээр дадлагажих ажилтнаар явуулаад байна. Энэ жилдээ багтаж 20 залууг нэмж шалгаруулах бөгөөд цаашид энэ үйл ажиллагааг улам бүр өргөжүүлэн Япон, Энэтхэг, Солонгос, Тайвань зэрэг улс, орнуудаас аутсорсинг захиалга авч гүйцэтгэх бололцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллана.

“Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн дэргэд “Бизнес инкубатор төв”-ийг нээн ажиллуулж залуучуудыг бизнес эрхлэх бодит бололцоогоор хангах орчин бүрдүүллээ. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар нь нийгэмд давамгайлсан сөрөг уур уурь амьсгалыг эерэгээр өөрчлөх зорилгоор “Эрдэнэ 5” Төрийн бус байгууллагатай хамтран “Эерэг амьдарцгаая залуучууд аа!” аян хэрэгжүүлж байна. Тус аяны хүрээнд одоогоор 5000 гаруй залуус хамрагдаад байгаа. Цаашид энэ эерэг сэтгэлгээ, эерэг хандлагын талаарх сургалтуудыг нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна” гэлээ гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр барилдах бөхчүүд хэрхэн сугалаа татав

чөлөөт бөх зурган илэрцүүд“Парис-2017” бөхийн төрлүүдийн ДАШТ өнөөдөр өндөрлөнө. Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 65, 70, 74, 97 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Лхамгармаа, Д.Гомбодорж, Ө.Батзул нар хүч үзнэ. Ингээд өнөөдөр зодоглох манай бөхчүүд хэрхэн сугалаа татсаныг хүргэе.

65 кг: ДАШТ-д анх удаа оролцож буй Нармандахын Лхамгармаа Агахусейн Мустафаевтай эхний тойрогт хүч үзэхээр боллоо. Түүнийг дийлбэл Болгарын Николай Куртев, Беларусийн Азамат Нуриков нарын ялсантай барилдана.

70 кг: МУГТ Ганзоригийн Мандахнаран эхлээд Канадын Стэнли Асселстинтэй барилдахаар боллоо. Түүнийг ялбал Казахстаны Акзурек Танатаров, Энэтхэгийн Амит Кумар нарын ялсантай барилдана.

74 кг: Найман жилийн дараа ДАШТ-д зодоглож буй ОУХМ Доржваанчигийн Гомбодорж эхлээд Польшийн Анжей Сокалскитэй оноолт таарлаа. Түүнийг ялбал Тажикистаны Гамид Жалилов, Испанийн Таймураз Фриев нарын ялсантай хүч үзнэ.

97 кг: ДАШТ-д анх удаа оролцож буй ОУХМ Өлзийсайханы Батзул эхний тойрогт Молдавын Николай Чибантай хүч үзнэ. Түүнийг ялбал Японы Найя Акагүма хүлээж байна.

Урьдчилсан болон дагах барилдаан монголын цагаар 16:00 цагт эхэлнэ

Categories
мэдээ цаг-үе

Билл Гейтс шиг баян Жефф Безос

Хэдхэн хоногийн өмнө “Amazon”-ий эзэн Жефф Безос манай дэлхийн хамгийн чинээлэг хүнээр тодорсон талаар мэдээлсэн билээ. Интернэт худалдаа эрхэлдэг “Amazon” компани нь 500 тэрбум ам.доллараар үнэлэгджээ. Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар Жефф Безосын хөрөнгө 70 тэрбум ам.доллартай тэнцэж дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтын эхний гуравт ч багтаагүй байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар тэргүүн баян Билл Гейтстэй өрсөлдөхүйц болжээ. Хэн нь энэ жил тэргүүн баяны жагсаалтыг тэргүүлэх нь “Amazon”, “Microsoft”-ийн хувьцааны ханшаас шалтгаалах юм. Өнгөрсөн долдугаар сарын 27-ны өдөр “Amazon” компанийн хувьцаа 1.7 хувиар өмссөн.

Билл Гейтс олон жил дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтыг тэргүүлсэн гэдгийг хүн бүхэн андахгүй. Тэрээр цаашдаа эд хөрөнгөө арвижуулах сонирхолгүй гэдгээ өөрөө хэлсэн. Харин Жефф Безосийн “Ama­zon” компани нь хүүхэдтэй харьцуулах юм бол ид өсч яваа. Зарим судлаачдын үзэж байгаагаар “Amazon” нь удахгүй дэлхийн зах зээл дээр тэргүүлэх гэнэ. Одоогийн байдлаар түүнтэй өрсөлдөхүйц хэмжээний хэдхэн компани байгаагийн нэг нь “Walmart”.

Ж.Безос интернэтээр ном борлуулж бизнесээ эхлүүлсэн түүхтэй. Тэрээр 23 жилийн хугацаанд “Amazon”-ийг дэлхийн хамгийн том дөрвөн компанийн нэг болголоо. Дээр дурдсанчлан “Ama­zon” компани нь 500 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн бөгөөд “Apple”, “Alphabet”, “Microsoft” гурав л түүнээс илүү үнэлэгдэх боломжтой гэнэ. Номын худалдаагаар гараагаа эхэлсэн “Amazon” нь өнөөдөр робот, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд ороогүй салбар бараг байхгүй. Сансар судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Blue Origin” салбар компани, “The Washington Post” хэвлэлийн газар хүртэл Жефф Безосын мэдэлд байдаг. ”Amazon” компанийн орлого сүүлийн арван жилийн хугацаанд 32 хувиар өссөн гээд тоочоод байх юм бол нэлээд амжилтад хүрсэн.

Тус компанийг үндэслэн байгуулагч Жефф Безос нь Нью-Мехико мужийн Альбукерке хэмээх хотод төржээ. Түүнийг дөрвөн настай байхад ээж нь Кубаас ирсэн цагаачтай гэр бүл болсон. Хойд аав нь Жеффийг үрчилж авч өсгөсөн. Харин төрсөн эцэг нь амьд байдаг гэдгийг тэрээр саяхан мэдсэн аж. Жефф багаасаа л техник сонирхдог байсан гэнэ. Нарны зай, шүхэр, хуучин сэрүүлгийг ашиглан үүдний хонх хийж, салхин тээрэм гээд хүүхэд байхдаа зохион бүтээгээгүй зүйл гэж үгүй.

Дунд сургуулиа маш сайн дүнтэй төгссөн тул түүнийг төгсөлтийн баяр дээр сурагч болон эцэг эхчүүдийн өмнө үг хэлүүлэхээр сонгосон байна. Жефф шалгалтуудаа амжилттай өгдөг, тамхи татдаггүй, үл бүтэх хүүхдүүдтэй нийлдэггүй үлгэр жишээ сурагч байсан. Сурлагаараа бусдаас ялгарч шилдэг их сургуульд орохдоо физикч мэргэжлээр суралцана хэмээн төлөвлөсөн аж. Гэвч физикийн онолыг өөрөөс нь илүү сайн мэддэг залуус зөндөө байгааг хараад компьютерийн чиглэлээр суралцахаар шийджээ.

Ж.Безос 1986 онд Пристоны их сургуулийг дүүргээд нэг хэсэг Уолл Стритэд компьютерийн чиглэлээр ажиллаж удалгүй интернэтээр олон улсын худалдаа эрхлэх сүлжээг боловсруулж эхэлсэн. Энэ үед л яагаад интернэтийн сүлжээгээр ашигтай худалдаа эрхэлж болохгүй билээ гэсэн бодол толгойд нь байнга эргэлдэх болсон гэдэг. 1994 онд Amazon.com нэртэйгээр интернэт дэлгүүрээ байгуулахдаа 300 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. “Amazon Kindl” нь түүний дараагийн алхам байсан. Гурван жилийн дараа гэхэд тус компанийн хувьцаа биржээр борлогдох болж 2000 онд Ж.Безос хувиараа сансрын хөлөг хөөргөх “Blue Origin” төслийг санхүүжүүлж, 2013 онд “The Washington Post” хэвлэлийн газрыг 250 сая ам.доллараар худалдан авсан түүхтэй. Нэг үгээр хэлэхэд түүний бизнес хэрхэн маш богино хугацаанд хүрээгээ тэлснийг үүнээс харж болох юм.

Өнгөрсөн гуравдугаар сард түүний мэдэлд байдаг “Blue Origin” компани нь жуулчдад зориулсан сансрын хөлгийн дотоод загварыг толилуулсан юм. Түүний онцлог нь том цонхтой бөгөөд Ж.Безосын ярьснаар энэ нь дэлхийн түүхэн дэх хамгийн том цонхтой сансрын хөлөг аж. Зургаан хүний суудалтай хөлгийн суудал бүр нь хажуудаа том цонхтой. Тухлаг арьсан суудалтайгаас гадна хөөрөх үед автоматаар агаарын даралтыг зохицуулдаг төхөөрөмжтэй. “Amazon” компани нь ойрын хоёр жилийн хугацаанд сансарт жуулчин илгээх зорилт тавин ажиллаж байгаа. Тойрог замаар аялах хүсэлтэй жуулчид нь ойролцоогоор 300 мянган ам.доллар төлнө хэмээн урьдчилан төлөвлөжээ.

Интернэт дэх хамгийн том компаниудын нэг болох “Amazon”-ий эзэн, манай дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг болох Жефф Безосын хувийн амьдралыг уншигч та сонирхож байгаа байх. Түүний эхнэрийг Маккензи Безос гэдэг бөгөөд нөхрийнхөө баруун гар нь гэнэ. Жеффийн ямар хувцас өмсөх, ямар хоол идэх гээд бүх зүйлийг эхнэр нь зохицуулдаг. Тэд 1993 онд гэр бүл болсон.

1990 онд Жефф Безос “Bankers Trust” банк, “DE Shaw&Co” компаниудын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа гэр бүлтэй болох хэрэгтэй гэдгээ ойлгосон гэнэ. Найз нартаа өөрт нь тохирох бүсгүйтэй танилцуулж өгөхийг аминчлан хүсчээ. Гэвч удалгүй цуг ажиллаж байсан 23 настай Маккензиг анзаарсан байна. Тэд үерхээд гурван сар болсны дараа бүсгүйд гэрлэх санал тавьжээ. Маккензи Безос нь зохиолч бөгөөд “Na­tional Book Awards” хэмээх нэр хүндтэй шагналын эзэн. Тэд 21 жил цуг амьдарч байгаа, дөрвөн хүүхэдтэй. Гурван хүү, нэг өргөмөл охинтой.

Жефф Безос “Wall Street Journal” сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа унтаж амрах нь түүний хувьд маш чухал хэмээн ярьсан байдаг. Томоохон компаниудыг удирддаг чинээлэг хүмүүс амжилтад хүрэхийн тулд өдөр шөнөгүй ажиллаж зарим нь хоногт ердөө дөрвөн цаг унтдаг гэдэг. Харин Жефф бол найман цаг унтаж амардаг. Цаг зав гарвал амарч байхын тулд ажлынхаа өрөөнд хүртэл аяны хөнжилтэй гэнэ.

Жефф Безосыг зарим нь хандив өргөхдөө нарийлдаг хэмээн шүүмжилдэг гэнэ. Үнэндээ тийм биш аж. 2009, 2010 онд гэхэд тэрээр Хавдар судлалын төвд 10-20 сая ам.долларын хандив өргөсөн. 2012 онд гэхэд Вашингтон олон нийтийн дунд санал асуулга явуулах ажилд Жефф эхнэрийнхээ хамт 2,5 сая ам.долларын хандив өгсөн байдаг. Ингээд өргөсөн хандивыг нь дурдаад байвал тийм ч бага биш аж.

Яагаад компаниа “Amazon” хэмээн нэрлэсэн гэж та бодож байна. Дэлхийд хамгийн томд тооцогддог Амазонка мөрний нэрийг өгсөн нь учиртай аж. Компани дэлхийд хамгийн том болгоно хэмээн мөрөөдсөн. Энэ мөрөөдөл ч биелэлээ оллоо. Өнөөдөр “Amazon” компани нь дэлхийд хамгийн томд тооцогддог болоод байна.


Categories
мэдээ цаг-үе

Биологийн удаан хөгжилтэй хүмүүс хиймэл оюун ухаанд ялагдана гэжээ

“Ватсон” хиймэл оюун ухаан

Хиймэл оюун ухаан өдрөөс өдөрт хурдтай хөгжиж байна. Орос ардын үлгэрт сар, жилээр биш цагаар өсдөг хүүгийн тухай гардаг. Яг үүнтэй адил хиймэл оюун ухааны салбар секунд, долиор тэлж, өөрийгөө зогсолтгүй хөгжүүлсээр байгаа юм. Роботуудад суулгасан хиймэл оюун ухаан хүний төсөөллөөс ч давж заримдаа болгоомжлол төрүүлж байна.

АНУ-д л гэхэд хиймэл оюун ухааныг аж үйлдвэрийн салбарт нэвтрүүлснээр ажлын бүтээмж огцом нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг дагаад биеийн хүчний болон оюуны хөдөлмөр эрхлэгчдийн цалин ямар байх вэ гэдэг дээр маргаан үүсч байна. Хиймэл оюун ухааныг ингэж аж үйлдвэрийн салбартаа ашиглаж байгаа өндөр хөгжилтэй 12 орны эдийн засгийн өсөлт 2035 он гэхэд хоёр дахин нэмэгдэх төлөв ажиглагджээ. Эдийн засгийн өсөлт нь сайн талтай ч нөгөө талдаа хиймэл оюун ухаанаар програмчлагдсан машинууд хүний ажлыг булааснаар дөрвөн сая хүн энэ салбарт ажлаасаа халагдах магадлалтай юм байна. АНУ-ын хувьд одоогоос дөрвөн жилийн өмнө хийсэн судалгаагаар нийт ажлын байрны 47 хувь нь автоматжуулалтад орно гэж мэдэгдсэн нь тухайн үедээ шуугиан дэгдээж л байсан. Харин томоохон үйлдвэрлэгч, аж үйлдвэр эрхлэгчид “Хиймэл оюун ухаан олон талын ашигтай ч эцсийн мөчид бид хүнээ л бодож байна. Аж үйлдвэрийн салбарт гэнэтийн осол ихээр гарч олон мянган хүн хүнд, хөнгөн бэртэж гэмтэж, заримдаа амь эрсэддэг. Ийм эрсдлүүдийг роботуудад үүрүүлж байгаа юм” гэсэн хаацайлсан өнгө аястай зүйл ярьжээ.

“Ватсон” оюунаа уралдуулах нэвтрүүлэгт хүмүүсийг хол хаядаг

Уг нь робот, хиймэл оюун ухааныг хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, амьдралаа хялбаршуулах зорилгоор ашиглаж эхэлсэн ч одоо тэр утгаасаа давж хүнтэй зэрэгцэхүйц, заримдаа давсан хэмжээний үзүүлэлт харуулаад байгаа нь хүн төрөлхтөнд айдас төрүүлж байна. Нэрт физикч Стефен Хокинг “Хиймэл оюун ухааны хөгжил хүн төрөлхтнийг мөхөлд хүргэнэ. Учир нь хиймэл оюун ухаан өөрийгөө тасралтгүй сайжруулах чадвартай байдаг бол биологийн удаан хөгжилтэй хүмүүс түүнтэй өрсөлдөж чадахгүй, ялагдах болно” гэж ярьсан нь олон хүнд эргэлзээ төрүүлсэн. Үнэхээр робот, хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг ялна гэж үү. Гэвч электроникийн салбарт тэргүүлж байгаа зарим эрдэмтэн хиймэл оюун ухааныг бурханчлан шүтэх ёсгүй. Хиймэл оюун ухааныг хазаарлахгүй бол цөмийн зэвсгээс ч илүү хор хөнөөл учруулна, тиймээс хиймэл оюун ухааныг хөгжүүлэх ажлыг аливаа улс орон үндэсний хэмжээнд хянах нь зүйтэй гэж уриалаад байгаа юм.

Гэхдээ хиймэл оюун ухааныг хянана гэдгийг хэт туйлшруулж болохгүй юм. Хоол зөөж, гэр цэвэрлэж, хүнтэй шатар тоглодог гэх мэт энгийн даалгавартай роботууд бол хоргүй. Харин өгсөн даалгаврыг эсэргүүцэж, өөдөөс тайлбар тавьж, өөрийгөө сайжруулж, хянаж чаддаг, өөртөө зорилго тавьж түүнийгээ тодорхойлдог болоод эхэлбэл хиймэл оюун ухаан жинхэнэ утгаараа хүн төрөлхтөнд заналхийлж эхэлнэ.

IBM Watson бол дэлхийн хамгийн алдартай хиймэл оюун ухаануудын нэг. Уг оюун ухаантай оюуны чадвараа уралдуулах гэж потенциал өндөртэй гэх залуус асуулт, хариултын тэмцээнээр өрсөлдөхөд өнөөх хиймэл оюун ухаан хурдаараа тэргүүлж байжээ. Энэ оюун ухаан “Морган” нэртэй киноны трэйлерийг бүтээсэн нь олны анхаарлыг татсан юм. Эрдэмтэд Ватсонд 100 гаруй аймшгийн киноны трэйлерийг үзүүлсний дараа хүний сарын хугацаанд хийх байсан ажлыг ердөө 24-хөн цагт багтааж хийж трэйлерийг бэлэн болгожээ. Ватсон трейлэрт орох дүрсүүдээ өөрөө бэлтгэсэн бөгөөд үүн дээр нь хүмүүс дарааллыг нь зохицуулахад л гар оролцжээ.

Sony-гийнхон Flow Machine нэртэй хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэд хэдэн поп дуу гаргачихаад байна. Мөн л олон мянган дууг роботод сонсгосны дараа хөгжмийн зохиолчид ерөнхий зураглалыг нь гаргаж өгсөн бөгөөд Flow machine үлдсэнийг нь өөрөө хийжээ. Хиймэл оюун ухааны бүтээсэн “Аавын машин” дууг анх сонсоход электро ч юм шиг сонсогдсоноо “Битлз” дууны хэв маягтай ойролцоо дуугарах аж. Та бүхэн youtube руу орж “Daddy’s Car” дууг сонсч болно. Одоогоор 1.6 сая хүнд хүрээд байгаа энэ дууг сонссон хүмүүс “Энэ хөгжмийн зохиолчид гээд байгаа хүмүүс ичээч. Роботууд та нараас илүү байна”, “Машин та дэлхийн урлагт тавтай морил”, “Мэргэжлийнх гээд байгаа дуу зохиогчид өөрсдөдөө дүгнэлт хий. Та нарын дуу нэгэн хэвийн, уйтгартай болоод байгаа. Та нарт одоо том өрсөлдөгч гарч ирлээ”, “Дууны студиуд үнэндээ роботуудаар л юмаа хийлгэдэг” гэх мэтчилэнгээр шүүмжлэлтэй байр суурь илэрхийлжээ.

Япон улсад судлаачдын хиймэл оюун ухаантай хамтран бичсэн “The Day A Computer Writes a Novel” буюу “Компьютер зохиол бичих цагаар” нэртэй өгүүллэг зохиолчдын дунд зарласан уралдааны эхний босгыг амжилттай давахад хүн бүр гайхан хүлээж авчээ. Гэтэл эл өгүүллэг эцсийн шалгаруулалтад үлдсэн нь бүр ч их алмайруулжээ. Энэ шалгаруулалтад 1450 зохиол ирсний 11 нь роботын тусламжтайгаар бүтээсэн байжээ. Энэ мэтээр хиймэл оюун ухаан аль ч салбарт цойлон гарч ирсээр байгаа юм. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Хятадад болсон покерын нээлттэй тэмцээнд хиймэл оюун ухаан зургаан тоглогчтой багийг хожиж 290 мянган ам.доллар хожжээ. Энэ нь хиймэл оюун ухаан покерын тэмцээнд хүмүүсийг хожсон хоёр дахь тохиолдол нь.