Categories
мэдээ утга-зоxиол

С.Эрдэнэ: МАЛЫН ХӨЛИЙН ТООС

Image result for малын хөлийн тоосНайман сар дундаа орж, ногооны үзүүр үл мэдэгхэн модширч, хөх номин тэнгэр газраас улам холдсон мэт уужимхан цэлийж, салхи сэрүүхэн үлээх болжээ. Байгаль ертөнцийн хишиг бүрдэж малчин ардын гэр хотлоор идээ цагаа дэлгэрсэн энэ сайхан улирлын нэгэн сайхан өглөө билээ. Өмнө уулсын бэл улаан шаргал элсэн манхантай, умар уулсын бэл униартах ногоон дэнжтэй, Хангай говийг заагласан алдар цуут Борогчингийн хөндийн уужим дахь борхон гэрийн эзэгтэй гуч эргэм насны өндөр бор бүсгүй намхан зуухан дээрх тос дааварласан ширмэн тогооноос хуруу зузаан өрөм хаман авч шар модон тавагт байгаа алгын чинээ хоёр цагаан хурууд дээр ижилхэн хувааж тавив. Хоймрын орон дээр хурган дээлийн дороос нэг нь сайртай бор хөлөө, нөгөөдөх нь цээжин биеэ ил гарган унтаж байгаа балчир хоёр хүүдээ хувь тавьж байгаа нь энэ. Гэрийн зүүн хаяанд хямдхан бүтээлгээр цэвэрхэн зассан эзэгтэйн ор, түүнээс доохно эцэг өвгийн утаат эргэнэг, баруун хаяанд нь эрээн авдар, түүнээс доохно эмээл хазаар, хувин сав тэргүүтэн байна.

Гэрийн эзэгтэй саалийн хувин авч гадагш гарахад өглөөний сааль хүлээсэн үнээ тугал мөөрөлдөн угтав. Зүүн нуурын галуу нугас нарнаар наргин ганганалдаж, хөмүүл таанын тааламжит үнэрээр агаар салхи анхилж, хүн бүл сайтай саахалт айлын их бага гэр, тэрэг тэмээ, хонь мал, хүлээн авагчийн хүнгэнэх дуу энэ бүхэн өөрийн нь дорой буурайг сануулах мэт болно. Ийнхүү бүсгүйн сэтгэл догдолсон нь сүүлийн хэдэн өдөр нэгэн учралыг хүлээснийх билээ. Найртай тансаг найман сарын эхэн үеэр баруунаас хүрэлцэн ирэх тууварчдын манлайд учралт хүн нь буух ёстой байлаа. Тэгээд өнгөрсөн хэдэн өдөр Борогчингийн хөндийн урд уулын ар, хойт уулын энгэрийг туж харуулдсаар байв. Энэ удаа ч гэрээс гарангуут мөрөөдөлт зүгийн энгэр дэнжийг ажиглатал хэдэн суурь хонь, үхэр цайран багширч тууварчдын гэр майхан ундуй сундуй үзэгдэв. Энэ бүхнийг харангуут бүсгүйн хацар дээрх тарлан сэвх хүртэл туяаран шингэрч, уйтгарлаг, бодлогошронгуй нүд нь энэ өглөөний тэнгэр мэт мишилзэн цэлмэв. Тийн гүйхээрээ явж хэдэн үнээгээ хагас дутуу саагаад хүүхдийнхээ нүүр гарыг угааж, цэвэр хувцас өмсгөөд, гэр бараагаа янзалж, идээ будаагаа зэхээд гарах орох тоолондоо тууварчдын буусан зүг ширтэн харан байтал үдийн алдад тэндээс наашилж яваа хөтөлгөө морьтой хүн үзэгдэв. Бүсгүй хоёр хүүгээ гадуур тогло гэж гаргаад гэрийнхээ хаяаг сөхөж ханын нүдээр зам ширтэж байв. Удсангүй ижилхэн хул морьтой, хурц ногоон өнгийн дээлээ сугалдаргалж цагаан цамцны ханцуйг шамласан хүн гарч ирэхэд Балбар мөн болохыг даруй таньж нэг мэдэхнээ нь угтаж гарсан байв. Балбар уяан дээр тайвуухан бууж хоёр загалаа уяад хойш урагш холыг харж хоолой засаад, ногоон саарьтай ээтэн гутлаараа нунтаг хөх шороон дээр хол, хол мөр гаргасаар хүрч ирээд,

-За Чанцаал, сайн сууж байна уу? гэж намрын шим шүлт хурсан хүдэр хүрэн царайндаа түвшин инээмсэглэл тодруулж дөшин цагаан шүдээ яралзуулан урт аяны нарыг шингээж салхийг сөрсөн хүрэн ягаан цээжээ ханхалзуулан зогсов. Чанцал сэтгэлийг булаасан сайхан эрийн жавхлангийн өмнө бишүүрхэх, баясах хослон байгч бүсгүйн зангаар гэрэвшингүй харж,

-Сайн, сайн явж байна уу? Тууврын мал үзэгдэхээр нь чамайг ирсэн байх гэж бодсон юм гэв.

Хүлээсэн хүн нь хүрэлцэн ирсэн учралт өдрийн баяраар бие, сэтгэл хөнгөрч хурдан шалмаг хоол унд хийж зочлонгуут авдраасаа галуун хүзүүт гаргаж шимийн архи аягалахад, Балбар хамрынхаа самсааг сарталзуулан хоёр завьжаараа савируулан залгилаад гарынхаа алгаар амаа арчиж тамшаалан,

-Энэ жил ажил явдал урагштай. Өвгөн нь аймгийн тууварчдын зөвлөлгөөнд оролцох яггүй үүрэг авсан. Сайшаалгана гэдэг ч санааных биш, зүтгэлийнх юм шив дээ. Энэ жил хэдэн өеөдмөр маань овоо таргалж явна. Хотынхны ходоодыг өөхөөр таглаад муу хар түрийвчээ хөдөлмөрийнхөө хөлсөөр мялаагаад буцдаг хэрэг ээ. Зам өлзийтэй, ажил урагштай байдаг нь аавын хүүгийн аз шоо мөн биз дээ. Таван жил мал туухдаа гажуу буруу явсангүй. Угтаж золгоод, үдэж мордуулдаг чам шиг хүнтэй байхаар дотор уужим явах юм гэж шилбэлзэн суув. Хэдхэн тагш архи уусанд нүүр нь хөлс дааварлан нүд нь маналзаад ирлээ. Чанцалын өсөх насны өмсгөл болох хөх дурдан тэрлэг өндөр гоолиг биеийнх нь аясыг тодруулан, хилэн хар үснээс нь танил үнэр анхилах мэт санагдаж, урсгал хар нүдний нь харц эр хүний элдэв авирыг хүлцэн өнгөрүүлэх шинжтэйг шунамхайран харж суусан Балбар,

-Чанцал минь ээ! Өвгөн чинь малын хөлийн тоосонд ганцаараа явсаар насыг баралтай биш дээ. Ханьгүй хүнд харанхуй хорвоог гэгээтэй нартай болгох хүн тэр болгон яаж дайралдах аж даа. Тийм үү дээ, Чанцаал? гэхэд Чанцал баахан тулгамдаж,

-Тийм ээ, тэр хүн чинь… гэтэл,

-Тэр хүн чинь чи шүү дээ гээд Балбар агдганан инээсээр босож ирээд Чанцалын гараас шүүрэн авч тэврэхийг завдсанд,

-Яах нь вэ, хүүхдүүд ирлээ гээд булт үсрэн зайлав. Балбар тэсэж ядан инээсээр ор руу нь очиж толгойгоо салаавчлан хэвтэхэд ханхар цээж нь оволзон байлаа. Хоёр хүү ээжийн орон дээр сунайтал хэвтэж байгаа танихгүй ахаас эмээн хатавчны дэргэд бие биедээ наалдан зогсов. Балбар өндийж ар суганаасаа савхин түрийвчээ тэмтрэн аваад хоёр улаан аравт гаргаж,

-Чанцаал, саахалт чинь агент хэвээрээ биз? Миний хоёр хүү нааш ир, энүүгээр чихэр авч ид! гэхэд амтат энэ үгэнд урхилагдсан хоёр хүү шүлсээ залгиж алгаа тоссоор хүрч ирээд тус тусын хувийг авангуут уралдан гарч одов. Балбар дахин нэг галуун хүзүүт шавхаад Чанцалын оройн саалиндаа гарсан хойгуур хувцас хунараа тайчиж, ор дэвсгэрий нь тавтайяа эзэгнэжээ. Маргааш өглөө нь Чанцалын хийж өгсөн бантанг идэж, бас нэг галуун хүзүүт тонилгоод мордохдоо:

-Чанцаал, маргааш манайд Дашинчилэнгийн хэдэн юм ирнэ. Газар газрынхантай гар барьж, ганзага нийлэх юу нь муу байх вэ. Чи бид хоёрын холбоотойг мэддэг л юм билээ. Ганц хүн айл болохгүй, ганц цучил гал болохгүй. Чи заавал очоорой гэжээ.Чанцал өглөөний саалийг сааж сүүгээ тушаагаад, хоёр хүүгээ ундалж гэрээсээ бүү холдоорой гэж сайтар захиад хэдэн зуны наранд онгосон торгон дээлээ өмсөж нэгдлийн адуунаас ноогдсон хөгшин хүрнээ эмээллэн мордов. Тийн тууварчдын буусан зүг сажлуулан явахдаа шимийн архины исгэлэн үнэрээр амьсгаалсан гүжирмэг эрийн хажууд өнгөрүүлсэн энэ шөнийн явдлыг санаж түүний хэлсэн амласан нь үнэн болж, хүлээн мөрөөдсөн амьдрал нь биелвэл хаа ч явсан болно. Хоёр муу хүүгээ хүний зэрэгтэй өсгөж, сургуульд оруулж, бусдын цагаан гэр, хүлээн авагч, шинэ хувцас тэр бүхэнд атаархахааргүй, төрсөн эс боловч эцэг гэх хүнтэй, уруу дорой царайлахгүй хийморьтой явахаар болговол хамаг хэрэг бүтэх нь тэр. Намайг бодвол ухаантай, чадалтай эр хүн уужим сэтгэл гаргаж, хөөрхий хоёр үрийг минь зөв, сайнаар хүмүүжүүлэх нь лав. Балбар бол хүүхдэд их ээлтэй хүн юм. Бага балчирхан амьтад юундаа дасаж ядах вэ дээ. Энэ насандаа хүний сайныг олж ханилах хувь тавилантай явсан минь сая гүйцэлдэх нь энэ биш үү гэх зэргээр олныг бодож явлаа. Тууврын хонь мал, суурь сууриараа багшран бэлчээрлэж, уулын энгэр дэнж дээрх тууварчдын гэр майхан энд тэнд үзэгдэнэ. Голдуу майхан байх бөгөөд гэр гэвэл хоёр, гурвын зэрэг байжээ. Тууварчдын зүүн жигүүрт байгаа хундан цагаан гэр бол Балбарынх мөн.Түүний дэргэд нөхөөст хар майхан, бодвол нөгөө Дашинчилэнгийнхний эмээлтэй морьд байв. Чанцал гэрээс зайдуухан бууж морио тушаад баахан зүрхшээсээр гэрт оров. Нутгийн гурван харчуул ирсний нэг нь эрүү Дамба хочтой хижээл хүн.Түүний эрүү хангинуур сүхний цохилуур шиг дөрвөлжин, нүүр агуу мөртөө нүд нь жартгар, нутаг усандаа хүндгүй этгээд билээ. Хоёр дахь нь нэгдлийн туслах нягтлан бодогч залуу, хүүхэн шинжийн цэвэр царайтай бөгөөд нэртэй хэрүүлч, заргач хүн. Гурав дахь нь улсын заан цолтой хөх толгой хэмээх Гончиг, Балбараас дутуугүй сайхан эр бөгөөд мулгуу цөлх хүн. Балбартай хамт яваа тууварчин бололтой нэг өвгөн байв. Түүний хувцас ядуу, царай зүс аяншиж гундсан байдалтай ажээ. Чанцалын орж ирэхэд Балбар хэдүүл дөрвөн ханатын хоймрыг бүрхсэн хивс дээр ясан даалуу тачигнуулж суулаа. Балбар Чанцалын өөдөөс наалинхай нүдээр мишилзэн:

-Ээ, ашгүй хүрээд ирэв үү. Би эднүүст нутгийн чинь хүүхнээр хонины гэдэс арчуулна гэж суулаа шүү дээ. Малын тоосонд дарагдаж яваа мань мэтэд иймэрхүү өдөр олон тохиолдох биш. За Сугар гуай, хонио төхөөрөх үү дээ гэхэд ядрангуй царайтай өвгөн гадагш гарч мөчийн дотор амжуулав. Чанцал хонины гэдэс янзалж, хажуугийн майханд тогоо дүүрэн мах чанаж авчирсанд мань хэд ханцуй шамлан уулзав. Эрүү Дамба хаяанаас нэг лонх хар архи авч ханцуйгаараа жийрэглэн нэг цохисонд бөглөө нь бүлт үсрэн эхний хундага Балбарт зориулагдав. Цохиулах ээлжээ хүлээж байгаа лонх гэрийн хаяанд жирийн хэвтэх ажээ. Хар архинд хатгуулсан даалуучингуудын үг олширч өгөө, авааны тухай маргалдаж эхлэхэд Чанцал сэм гэрч өвгөний майханд оров. Өвгөн ч бас архинаас хувь хүртсэн тул онгод нь бяцхан орж утаа тортог болсон нөхөөст хар майхныхаа голд давшлан,

-Хүүхээ, наашаа суу. Би чамд санаснаа хэлье. Бэлтэй чадалтай нь цагаан гэртэй, чадалгүй дорой нь хар майхантай явдаг чинь ёс шүү дээ. Энүүнд гомдох юм алга. Малын тоосонд дарагдлаа гэнэ. Чухам хэн нь дарагдаж яваа бол доо. Би бол улаан цурав үр хүүхдээ тэжээх гэж хэдэн жил мал туулаа. Хаа ч гэсэн хөдөлмөр хийхгүйгээр амьдрах биш, сурсан дассанаа хийж аминдаа ч гэсэн, улсдаа ч гэсэн зүтгэж явахаас өөр яах вэ. Мал тууна гэдэг чинь амар ч ажил биш. Хавар эрт гараад л өдийн эхээр гэрийн бараа харна. Ард үлдсэн хэдийнхээ араас санаа зовно. Өлсөх, даарах өдөр ч тохиолдоно. Гэлээ ч гэсэн амьдрахын төлөө ариун цагаан хөдөлмөр хийж яваагаас хойш юундаа тэгтэл гажрах вэ. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг. Балбарт би жаахан гомдох болсон доо. Танил талтай, эр чадалтайдаа эрдэж хуурамч хуудуу явдалтай болж байгаа хүн. Хүн сайн явах тусмаа үнэнч болох ёстой сон. Хуурмагаар олсон алдар нэр, алт мөнгө шунал төрүүлдэг нь ёс. Хүүхээ, чи Балбарыг яадаг болсон гэж санана. Өөрийн л ажил бүтэж байвал бусдын ажил яаж ч байсан хамаагүй. Ноднин адилхан л мал тууж гарсан. Намар хамгийн түрүүнд л тушаалаа. Тэгсэн чинь хамгийн туранхай мал тууж гараад, хамгийн их таргалуулсан хүн Балбар боллоо. Өвгөн ах чинь атаа жөтөө санаж, амьтны мууг үзэж яваагүй. Хээль хахууль авч улсын санг хохироодог, мань мэтийг ч хохироодог явдал байна. Балбар идэшний ганц хоёр юм илүүчилж аваачаад л тэндхийн дарга, даамалтай сүлбэлдэн дархан эрх эдэлж худал хуурмаг баримт, шагнал мөнгө аваад тэргүүний сайн хүн болж явдаг нь тэр. Сүүлдээ бүр улсын малыг хольж хаяагаа хадардаг болж явна. Юу гэсэн үг байх вэ дээ. Ноднин зах дээр тав, зургаан шар зарсан. Энэ жил арав, хорь хүргэх бололтой. Төрийн төлөө оготно гэж бодвол ч эс мэдэгчин болоод л явмаар байна. Чи жаахан бодолтой байх юм шүү гэхээр чамд падгүй гэж уурлах юм. Би бол эцгээс нь өөрцгүй хүн шүүү дээ. Хүүхээ, чи чинь Балбарын танил нь юм биз дээ. Өнгөрсөн намар хотоос нэг хүүхэн аваачсан. Их л эрх танхи амьтан байдаг. Өвгөний энэ яриаг сонсож, чагнаж суусан Чанцал босон харайж:

– Юу гэнэ ээ, Балбар эхнэртэй юмуу? гэж гайхаш тасран асуугаад өвгөний хариу хэлэхээс өмнө гүйн гарав. Даалуучингуудын нэг нь “Гозгор долоо гоохолзож, говийн хүүхэн шоохолзоно” гэж өндөр дуугаар дуудахад Балбар “Хун галуу нагал навчит, хурын үүл хурмастын хишиг, ясны хайртай Янжин, янагийн хайртай Чанцал, татлаа, татуулах уу” гэж адтай хашгирав. Нөгөө нэг нь “Нутагт байдаг Янжин, замд байдаг Чанцал гээч” хэмээн согтуурахад цөмөөрөө ха-ха-хо-хо гэж бүдүүн нарийн дуугаар хөхрөлдөв. Чанцал бөөн хар юманд бөглөрөн давчдсан цээжээ дарж сүүрс алдаад гэрээс холдон явав. Нар шингэж цагаан гэгээ туссан үе байлаа.

Categories
мэдээ нийгэм

​Наадмын тасалбар авахын тулд шөнөжин дугаарлаж байна

Image result for наадмын тасалбар

Зарласан ёсоор өнөөдрөөс эхлэн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” төвүүдэд наадмын тасалбар, автомашины зогсоолын зөвшөөрлийг худалдаж эхэллээ. Төв цэнгэлдэх хүрээлэн 12 мянга 300 орчим суудалтай. Нийт борлуулах тасалбараас 3000 гаруйг нь жуулчдад зориулсан бол үлдсэн 9000 гаруй тасалбарыг иргэдэд борлуулна гэсэн. “Дүнжингарав” худалдааны төвд өнөөдөр 1000 тасалбар борлуулах аж. Тасалбар авах гэсэн иргэд өчигдөр оройноос эхлэн дугаарласан байна. Нэг хүнд хоёроос илүүгүй тасалбар олгоно гэдгийг борлуулж байгаа хүмүүс сануулсан гэнэ. Тасалбар борлуулах дээрх цэгүүд маргааш мөн ажиллана. Наадмын тасалбарын үнийн хувьд 16-24 мянган төгрөг байгаа юм. Машины зогсоолын тухайд долоон төрлөөс сонгож авах бөгөөд нэг хүн 1-2 зөвшөөрөл авах боломжтой. Үнэ байрлалаасаа шалтгаалаад 10-25 мянган төгрөг байгаа гэж албаныхан мэдээллээ.

Б.УРАН

Categories
мэдээ нийгэм

Хорхог хийх арга

Image result for Хорхог хийх арга

Наадам дөхсөн энэ өдрүүдэд иргэд хөдөө хээр, салхинд гарахдаа хорхог хэмээх үндэснийхээ зоогийг өөрсдийн арга барилаар хийдэг билээ. Хээр, ил гал дээр, улаассан чулуу хийж болгохох эртний энэхүү зоогийг бэлдэх аргыг уншигчиддаа хүргэе.

ОРЦ: Мах, лууван, давс, ус, Сонгино, сармис, төмс / өөр хүссэн амтлагч болон ногоо хийж болно/

ХИЙХ АРГА:

Халуун чулуугаар махыг битүү жигнэж болгосныг хорхог гэнэ. Нядалсан малын махыг жижиглэн эвдэж, цул махыг хэрчиж бэлтгэнэ. Хорхог хийхэд дотор нь хийх чулуугаар халуун галд үйрэхгүй, усанд идэгдэж хурц үзүүргүй, молцгор болсон нягт чулуу сонгон авна. Ингэж сонгож бэлтгэсэн чулууг аргал эсвэл түлээний модтой хольж үелж өрөөд галлаж халаана.

Хэрчиж жижиглэсэн махыг том төмөр торхонд хийж яльгүй ус хийгээд улайссан чулуунаас авч дээрээс нь үелэн хийнэ. Мах, халуун чулууг ингэж ээлжлэн хийсээр бүх махыг хийж дуусаад савыг нягт таглана. Мөн давс, сонгино, сармис төмс лууван зэрэг ногоог тохирох хэмжээгээр хийж амтална.

Энэ үед сав дотор уурын өндөр даралт үүсэх учир савны таглааг бөх бат хийхгүй бол буудаж халуун шөлөөр тургиж шалз түлж болзошгүй тул онцгой анхааралтай ажиллах ёстой.

Categories
мэдээ нийгэм

Үйлвэр технологийн парк байгуулна

Image result for Үйлвэр технологийн парк байгуулах

“Эмээлт” хөнгөн үйлдвэрийн парк, “Налайх” технологийн парк болон “Эрдэнэт хүнс Само” компанид Үйлдвэр, технологийн парк байгуулах тусгай зөвшөөрөл олголоо.

УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт хөнгөн үйлдвэрийн салбарыг бодлогоор дэмжих талаар тусгасан. Энэ хүрээнд импортыг орлох, экспортыг дэмжих, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ дэвшилтэт технологи нутагшуулах, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Үйлдвэр, технологийн паркуудыг байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Өнөөдөр энэхүү ажлын эхлэл болгон гурван байгууллагад тусгай зөвшөөрөл олгож байна хэмээн ХХААХЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү хэллээ.

“Эмээлт” хөнгөн үйлдвэрийн парк нь Улаанбаатар хотод байгаа арьс, ширний үйлдвэрүүдийг Эмээлтийн 160 га талбайд байршуулах юм. Хөнгөн үйлдвэрлэлийн парк байгуулах зураг төслийн ажил дууссан байна. Тун удахгүй дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхлэх бөгөөд хоёр жилийн хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөж байгаа юм. Дэд бүтцийн ажил дууссаны дараа 19 байршилд арьс шир, найман байршилд ноос, ноолуурын үйлдвэрүүдийг байршуулна хэмээн “Эмээлт” хөнгөн үйлдвэрийн паркийн дарга Х.Эрдэнэбат дурьдлаа.

Харин “Налайх” технологийн паркийн дэд бүтцийн ажил ирэх онд эхлэх аж. Дэд бүтцийн бүтээн байгуулалт дууссаны дараа 40-50 үйлдвэр байршуулахаар төлөвлөж байгаа юм байна. Одоогоор тус паркад хавтгай шил, хонины ноосон дулаалга, хаягдал зэсний зэрэг 10 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүсчээ. Дэд бүтцийн ажил дууссаны дараагаар 1500 хүртэлх ажлын байр бий болох юм. Цаашдаа үйл ажиллагаагаа өргөжүүлж, тээвэр ложистикийн төв зэргийг байгуулснаар 10 мянга орчим ажлын байрыг шинээр бий болгох боломжтой ажээ.

Н.ГАНЧИМЭГ

Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр маргааш 6750 метрийн өндөрт гарна

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаярын дэлхийн ноён оргилуудын нэг К2 ууланд хийж буй. Өчигдөр К2 ууланд маш хүчтэй цасан шуурга шуурч, авиралт хийх ямар ч боломжгүй байгаа тухай мэдээлэл хүргэж байсан бол өнөөдөр ууландаа авиралт хийж эхэлжээ. Тэрбээр өнөөдөртөө 6000 метрт, маргааш 6750 метрт, нөгөөдөр 7450 метрт хүрэхээр төлөвлөөд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

​Түймэр унтраахаар явсан алба хаагчдыг 10 хоногийн дараа оллоо

Image result for түймэр албан хаагчид

Төв аймгийн Мөнгөн морьт суманд гарсан ой хээрийн түймрийн унтраахаар явсан
Нийслэлийн гал унтраах ангийн 25 гал сөнөөгч хоёр хоногийн өмнөөс холбоо тасраад байсан юм. Тэд одоогоос арав хоногийн өмнө Мөнгөн морьт
суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар явсан ба хоёр хоногийн өмнө
аврагчид түймэр унтарсан талаар төв рүүгээ мэдэгдэж, ирж авахыг хүссэн байна.

Ингээд өнгөрсөн пүрэв гаригт /2017.07.06/ гал сөнөөгчдийг авахаар
хотоос машинтай хүмүүс очсон ч тэд хоорондоо зөрж, хоёр хоногийн турш холбоо
тогтоож чадаагүй байна. Сураггүй болсон 25 гал сөнөөгчийг олохоор эхний
өдөр дөрвөн морьтой хүн ойд эргүүл хийсэн
ба тэд өнөөдөр үдээс
хойш хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байсан аж.

Тиймээс өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас нисдэг тэрэг гаргаж, 25
аврагчийг олохоор Мөнгөн морьт сумыг зорьжээ. Ийн уйгагүй хайсны эцэст онцгой
байдлын алба хаагчдыг дөнгөж сая олж, одоо хот руу онгоцоор авчирч байна гэсэн
мэдээллийг ОБЕГ-ын газрын дарга С.Залуухүү өглөө.

Categories
мэдээ нийгэм

II төрөх ирэх сарын нэгэн хүртэл ажиллахгүй

Image result for II төрөх

Нийслэлийн II амаржих газарт их засвар хийхээр түр хугацаагаар хаажээ. Тус амаржих газрын хоёрдугаар давхрын төрсний дараа хэвтдэг өрөөнүүдэд урсгал завсар хийжбайна.

Амаржих газрын ерөнхий эмч Б.Оюунхандын хэлж буйгаар засвар хийж байхад эх, нялхаст үйлчлэх боломжгүй учир наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл хаасан байна. Энэ хугацаанд тус эмнэлгийн харьяаны эх, нялхсыг нэг, гуравдугаар амаржих газарт хүлээн авч байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

Image result for МАН

Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ялалт байгуулсан нь тодорхой боллоо. Х.Баттулга өрсөлдөгчөөсөө 113 мянган саналаар илүү яваа юм.

Сонгуулийн урьдчилсан дүн гарснаас хойш АН гурван удаа мэдээлэл хийсэн бол МАН-аас нэг ч мэдээлэл хийгээгүй байна.

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 16.00 цагт хуралдана. Хурлын дараа албан ёсны мэдэгдэл гаргана гэж албаны эх сурвалжууд мэдээллээ.

Categories
мэдээ спорт

​Наадамд зодоглох бөхчүүдийг маргаашнаас бүртгэнэ

Related imageТулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хууль, дүрмийн дагуу даатгуулсан, 18-аас дээш насны хүчит 512 бөх барилдана. Энэ жилийн наадамд барилдах бөхчүүдийг энэ сарын 9, 10-ны өдрийн 10:00-18:00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэх аж. Уг бүртгэлд бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлэх гэнэ. Харин зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүйг албаныхан санууллаа.

Мөн улсын баяр наадмын өсвөрийн 128 бөхийн барилдаанд барилдах 14-15 насны хөвгүүдийг энэ сарын 8, 9-ний өдрийн 10:00-18:00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэхээр болсон байна. Өсвөрийн барилдаанд 2001 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хөвгүүд барилдах юм. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын болон Хүний хөгжлийн сангийн дэвтэр, хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөрөө тус тус авч очихыг анхааруулав.

Б.УРАН

Categories
мэдээ нийгэм

​Баяр наадмаар банкуудын ажиллах хуваарь

Image result for БанкуудҮндэсний их Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд банкуудын ажиллах хуваарийг хүргэж байна.

ТӨРИЙН БАНК:

Долдугаар сарын 8-10-ны өдрүүдэд бүх салбар нь 10.00-16.00 цаг хүртэл

Долдугаар сарын 11-ний өдөр Занабазарын музейн замын урд байрлах салбар, Хурд хороолол дотор байрлах салбар 10.00-16.00 цаг хүртэл,

Долдугаар сарын 12-ны өдөр Мөнгөн завьяа, 120-ийн автобусны буудлын баруун талд байрлах салбар 10.00-16.00 цаг хүртэл,

Долдугаар сарын 13-ны өдөр Шөнийн зах доторх болон Драгон төвд байрлах салбар 10.00-16.00 цаг хүртэл,

Долдугаар сарын 14-ний өдөр Хүүхдийн 100, XIII хорооллын автобусны буудал, 17 дугаар сургуулийн хажууд байрлах салбарууд 10.00-16.00 цаг хүртэл,

Долдугаар сарын 15-ны өдөр Таван шар, Налайх дүүрэг болоод 1000 нэрийн барааны зүүн талд байрлах салбарууд тус бүр 10.00-16.00 цаг хүртэл,

Долдугаар сарын 16-ны өдөр бүх салбар 10.00-16.00 цаг хүртэл,

Долдугаар сарын 17-ноос эхлэн бүх салбар хэвийн ажиллаж эхэлнэ.

ХААН БАНК:

Долдугаар сарын 8-ны өдөр томоохон зах худалдааны төвүүдэд байрлах салбаруудаас бусад нь 10.00-17.00 цаг хүртэл,

Долдугаар сарын 9-ний өдөр дүүрэг бүрт 4-5 салбар 09.00-18.00 цаг хүртэл,

Долдугаар сарын 10-ны өдөр Барс, Дэнжий 1000, Нарантуул, Хүчит шонхор захуудад байрлах салбарууд 09.00-18.00 цаг хүртэл,

Долдугаар сарын 11-15 ны хооронд амарна.

Долдугаар сарын 16-ны өдрөөс хэвийн ажиллаж эхэлнэ.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК:

Долдугаар сарын 8.9-ний өдөр бямба, ням гаригт ажилладаг салбарууд хэвийн ажиллана.

Долдугаар сарын 10-ны өдөр “Шангрилла молл”, “Гэгээнтэн цогцолбор”, “Гандирс цамхаг”, Сансрын тойргийн орчимд байрлах “Home plaza” “Цамбагарав” автобусны буудлын орчимд байрлах салбарууд 10.00-16.30 цаг хүртэл,

Долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд бүх салбар амарна.

Долдугаар сарын 14-ны өдөр Бөхийн өргөө, Хүүхдийн 100, Баянгол зочид буудал, Центр пойнт, Баянцээл орчимд байрлах бүх салбарууд 10.30-16.30 цаг хүртэл

Долдугаар сарын 15-ны өдөр бямба гаригт ажилладаг бүх салбар хуваарийн дагуу 10.00-17.00 цаг хүртэл ажиллана.

Долдугаар сарын 16-наас хэвийн ажиллаж эхэлнэ.

ХАС БАНК:

Долдугаар сарын 8.9-ний өдрүүдэд бүх салбар хуваарийн дагуу ажиллана.

Долдугаар сарын 10-ны өдөр Хүүхдийн 100 дахь салбар 10.00-17.00 цаг хүртэл, Баялаг-Ундраа дахь салбар 11.00-17.00 цаг хүртэл, Emart –ийн салбар 09.00-23.00 цаг хүртэл, Хүчит шонхор 09.00-17.00 цаг хүртэл

Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зөвхөн Emart –ийн салбар 11.00-20.00 цаг хүртэл

Долдугаар сарын 13-ны өдөр Emart –ийн салбар 10.00-22.00 цаг хүртэл, XIII хорооллын автобусны хойно байрлах салбар нь 10.00-22.00 цаг хүртэл

Долдугаар сарын 14-ний өдөр Emart –ийн салбар 10.00-22.00 цаг хүртэл, XIII хорооллын автобусны хойно байрлах салбар нь 10.00-18.00 цаг хүртэл, Саппоро дахь салбар 10.00-18.00 цаг хүртэл,

Долдугаар сарын 15-ны өдөр Ард кино театрын салбар 10.00-18.00 цаг хүртэл

Долдугаар сарын 16-ны өдөр Нарантуул захад байрлах салбар амарч, бусад бүх салбар хуваарийн дагуу ажиллана.