Categories
мэдээ нийгэм

Архангай аймгийн Ихтамир сумын уяач Ж.Уясахын бор үрээ түрүүллээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр хязаалан насны морьдын уралдаанаар эхэлсэн. Ийнхүү хязаалан морьдын уралдаанд Архангай аймгийн Их тамир сумын уяач Ж.Уясахын бор үрээ өнгөллөө. Харин аман хүзүүнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Монгол улсын тод манлай уяач Д.Бат-эрдэнийн цавьдар үрээ, айргийн гуравт Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, уяач Д.Ганболдын хонгор халзан үрээ, айргийн дөрөвт Дорнод аймгийн Цагаан-овоо сумын уяач Б.Батсайханы шарга үрээ, айргийн тавд Дундговь аймгийн Дэрэн сумын уяач Л.Эрдэнэбаатарын хээр үрээ тус тус орлоо.

Өнгөрсөн жилийн уралдаан 318 хурдан хүлэг тоосоо өргөж Дорнод аймгийн харъяат Т.Батзоригийн сартай хээр түрүү магнайд орж ирж наадамчин олноо баярлуулж байсан билээ.

Хязаалан морьдын уралдаанд төв орон нутгийн 300 гаруй хурдан хүлэг тоосоо өргөлөө. Хурдан хүлгүүд гарааны зурхайгаас 16 км замыг туулж барианд орсон юм.

Categories
энтертаймент-ертөнц

“Чоно” хамтлагийн шинэ уран бүтээл “Уухай”

“Чоно” хамтлаг шинэ уран бүтээл болох “Уухай” дуугаа дүрсжүүлэн олны хүртээл болголоо. Тус хамтлагийн хувьд хэсэг хугацаанд нам гүмхэн байсан уран бүтээлдээ ийнхүү шаргуу ороод эхэлжээ. Дууны үг, аяыг Дэрмээ бичсэн юм байна. “Уухай”-н түрлэгтэй сайхан наадаарай.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Дээлтэй Монгол” наадам Сүхбаатарын талбайд болно

Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам маргааш Сүхбаатарын талбайд болно.

Гадаад, дотоодын 10 мянга гаруй иргэн оролцдог тус наадмын үеэр дараах арга хэмжээ зохион байгуулагдана. Үүнд:

  • Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал
  • Ардын урлагийн тоглолт
  • Үндэсний хувцасны загварын үзүүлбэр
  • Хамгийн сайхан дээлтэй хос шалгаруулах зэрэг уралдаан тэмцээн
  • Монгол үндэсний дээл хувцас, хэрэглэл, гар урлалын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа
  • Уран бичлэг, уран хайчилбар, газар дээр нь дээл, малгай, бүс урлах зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдах юм.

Мөн энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмын үеэр хамгийн том Хүннү дээлийг дэлгэх, ёохор хатирах, эртний нүүдэлчдийн дэвсэх бүжгийг оролцогчдын дунд зохион байгуулах зэрэг арга хэмжээг шинээр нэмж зохион байгуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөр гарлаа.

7 дугаар сарын 10. Даваа

8.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт

08.00 Шагайн харвааны хэсгийн харваа. Шагайн асарт

10.00 Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаал Жанжин Д.Сүхбаатарын талбайд

10.30 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг Сурын талбайд

11:00 “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд

13.00-13.30 Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол Жанжин Д.Сүхбаатарын талбайд

14.00 Дээлтэй Монгол наадам Жанжин Д.Сүхбаатарын талбайд

14.00-16.20 Шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт

14.30-18.30 Үндэсний сурын хана харвааны дунд өрөг Сурын талбайд

15.00, 18.00 Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концерт Нийслэлийн Соёлын төв өргөөнд

20.00 Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол Төрийн ордон, Жанжин Д.Сүхбаатарын талбайд

21.00 “Үндэсний бахархал” урлагийн тоглолт Жанжин Д.Сүхбаатарын талбайд

7 дугаар сарын 11. Мягмар

8.00-11.40 Азарганы уралдаан Хүй долоон худагт

08.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт

09.30 Монгол Улсын Төрийн тугийг ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол. /тусгай хөтөлбөрөөр/

11.00 Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа.

11.10 Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч нээж, Монгол Улсын Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ. Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.20 Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр / Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.30 Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа Шагайн асарт

12.30 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт

13.00-17.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

13.00-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

13.30-14.00 Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа Сурын талбайд

14.00 Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр / Хүй долоон худагт

14.00-17.00 Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт

14.30-16.30 Үндэсний сурын хана харвааны адаг өрөг Сурын талбайд

16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.30-20.00 Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг Сурын талбайд

17.10-20.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

21.00-23.00 “Улаанбаатарын үдэш” цэнгүүн Жанжин Д.Сүхбаатарын талбайд

23.00 Баяр наадмын ёслолын буудлага Жанжин Д.Сүхбаатарын талбай, Баянхошуу, Маахуур толгой, 7-н буудал орчим

7 дугаар сарын 12. Лхагва

07.00-9.20 Соёолон насны морьдын уралдаан Хүй долоон худагт

08.00 Шагайн харвааны шигшээ харваа Шагайн асарт

08.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг Сурын талбайд

9.00-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

10.00-11.00 Хүүхдийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

10.30-12.30 Дааганы уралдаан Хүй долоон худагт

11.20-12.40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.20-12.40 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

12.00-13.40 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг Сурын талбайд

13.00 Шагай харвааны харваачдад шагнал гардуулах ёслол Шагайн асарт

13.40-14.00 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа Сурын талбайд

14.30-15.10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.20-15.30 Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.40-16.20 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.20-16.00 Хүүхдийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.10-16.40 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.40-17.10 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.40-17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.30-17.40 Монгол Улсын Ерөнхийлөгч “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.50-18.40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

18.30-19.00 Хүүхдийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.10-19.20 Монгол Улсын Ерөнхийлөгч “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.20-19.50 Хүчит бөхийн барилдааны есийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.50-20.00 Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

20.00 Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч хаана. Төв цэнгэлдэх хүрээлэнд

20.10 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол.

/тусгай хөтөлбөрөөр/

УЯАЧДЫН НААДМЫН ХӨТӨЛБӨР

7 дугаар сарын 13. Пүрэв. Хүй долоон худаг

7.00-9.20 Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон морьдын уралдаан

10.00-14.00 Жороо морины тойргийн уралдаан

10.30-12.30 Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан морьдын уралдаан

13.00-13.05 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх уяачдын наадмыг нээнэ.

13.05-13.20 Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/

13.20-14.20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

13.30-15.30 Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаан

14.20-14.30 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.

14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

15.20-15.30 Урлагийн тоглолт

15.30-16.30 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

16.30-16.40 Урлагийн тоглолт

16.40-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа

17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.

17.00-17.50 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

17.50-18.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

18.20-18.40 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.

18.40 Хурдан морины салбар хорооны дарга Х.Батбилэг уяачдын наадмыг хаана.

Categories
мэдээ нийгэм

Хязаалан насны морьдын уралдаан эхэллээ

Image result for Хязаалан насны морьдын уралдаан эхэллээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ. Хязаалан морьдын уралдаанд төв орон нутгийн 300 гаруй хурдан хүлэг тоосоо өргөх юм. Хурдан хүлгүүд гарааны зурхайгаас 16 км замыг туулж барианд орно. Өнгөрсөн жилийн уралдаан 318 хурдан хүлэг тоосоо өргөж Дорнод аймгийн харъяат Т.Батзоригийн сартай хээр түрүү магнайд орж ирж наадамчин олноо баярлуулж байсан билээ.

Үндэсний их баяр наадмын хуульд долоогоос дээш насны хүүхэд хурдан морь унана гэж заасан байдаг. Түүнчлэн унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах хамгаалах хэрэгсэл, даатгалд хамруулсан эсэхэд зохион байгуулагчид хяналт тавин ажиллаж байна. Энэ жилийн хувьд Шадар сайдын зарлигаар эрлийз Монгол морьдыг ялган уралдуулж байгаагаараа онцлог юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ажлын сүүлчийн, Х.Баттулгын эхний өдөр

Өнөөдөр долдугаар сарын 10-ны өдөр. Нөгөө талаасаа Монгол Улсын Төрийн далбааны өдөр билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн далбааны өдрийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд нарын хамт оролцож байна. Өнөөдөр 11.40 цаг буюу морин цагт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан Халтмаагийн Баттулга Төрийн ордны Их танхимд Ерөнхийлөгчийн тангараг өргөж албан ёсоор ажлаа эхлүүлнэ. Тэгвэл найман жил Монгол төрийг тэргүүлсэн Цахиагийн Элбэгдорж өнөөдөр тамга тэмдгээ шилжүүлэх учиртай. Түүний хувьд олон улсын байгууллагад ажиллахгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Тиймээс цаашид Төрийн тэргүүний юу хийх нь хамгийн сонин байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Н.Наранбаатар: Наадмын нээлт монголчуудын зүрхэнд орж, тархитай нь ярих болно

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатартай ярилцлаа.


-Та хоёр дахь жилдээ наадмын нээлт, хаалтын ерөнхий найруулагчаар ажиллаж байна. Энэ жил наадмын нээлт ямар байх бол гэсэн хүлээлт наадамчин олонд далдхан байх шиг?

-Төрийн наадам хийнэ гэдэг чинь дуртай хүний ажил биш. Миний хувьд төрийн наадмын ерөнхий тавилтыг өөрчилье гэж бодсон. Монгол тавилтуудыг бий болгохыг зорьж байна. Энэ утгаараа төв цэнгэлдэхэд тулга мөнхөд асах ёстой гэж үзсэн. Тулгын галыг яаж асаах нь тухайн найруулагчийн зохиомж байгаасай гэж хүссэн юм. Өнгөрсөн жил бид илүү түүхчилсэн хэлбэрээр, сюрприз сэтгэл хөдлөлд илүү анхаарсан. Энэ жил эзэн Чингис хаан мэндэлсний 855, Монголын нууц товчооны 777 жилийн ой гэдгээрээ онцлогтой түүхийн он цаг тохиож байгаа. Тийм болохоор агуулга тал руу илүү анхаарч байна. Цаг хорин минутын хугацаанд гурван сая монголчуудын зүрх рүү орж, тархитай нь ярих болно.

-Наадмын нээлтээр дамжуулж монголчуудад яг юуг хүргэхийг зорьж байна вэ?

-Монголчууд бид хаанаас эхлэлтэй, ямар хүний үр сад билээ. Ямар тэнгэрээс заяатай, хэрхэн яаж амьдрах ёстой вэ. Юуг шүтэж, юуг хайрлах билээ. Юуг эрхэмлэх ёстой билээ гэдэгт ач холбогдол өгсөн. Товчхондоо хүн аавыгаа дурсаж, ээжийгээ хайрладаг байгаасай гэж хэлэхээр, харуулахаар нээлтийнхээ зохиолыг гаргасан. Нээлт л бол нээлт. Бидэнд гайхамшигтай түүх байна. Энэ түүхийг бид хэдэн арван жил идээд барахгүй. Ийм түүхтэй улс дэлхийд ховор. Энэ сайхан түүхээ онцолсон. Юугаар илрэхийг ирээд үзэх хэрэгтэй.

-Наадмын нээлтэд “Дэлгэр монгол орон”, “Бүүвэйн дуу” эгшиглэнэ гэсэн. Их содон сонсогдож байна л даа?

-Наадмын нээлтийн үеэр “Бүүвэйн дуу”, “Дэлгэр монгол орон” зэрэг утга, агуулга өндөр ая дуунууд эгшиглэх болно. “Бүүвэйн дуу” бол энэ хорвоо ертөнцийн хамгийн анхны дуу авиа. Эх хүний үрдээ хүссэн сайн сайхан бүхэн энэ аянд багтдаг. Сүүлийн үед монголчууд их шүүмжлэгч, хар юмыг өлгөж, тосож авдаг болжээ. Аливаа юмны гэгээн цагааныг олж харах сэтгэл биднээс алсарсаар байна. Үүнийг эргүүлэн олж авах нь хайр, энэрэл, уучлал, бие биесээ дэмжих эхлэл юм. “Үйл бүхний дээд нь дэмжих, бүтээх, туурвих. Үнэн бүхний туйл нь төрөх, орших, үхэх” хэмээн говийн ноён хутагт Данзанравжаа хэлсэн байдаг. Гэтэл бид өнөөдөр яагаад харанхуй болов гэдэгт уран бүтээлчийнхээ хувьд санаа зовниж энэ дуугаар, наадмын нээлтээр гурван сая хүний сэтгэлд гэгээн бодол тусгахыг хичээлээ. “Дэлгэр монгол орон” дуу бол эх орон, газар шороо, монгол хүнээр бахархсан дуу. Яагаад бид жилд ганц болдог төрийнхөө наадмаар энэ бүхнээрээ бахархаж болохгүй гэж.

-Өнгөрсөн жилийн наадмын нээлт 1990 оны ардчилсан хувьсгалыг орхигдуулсан гэдэг шүүмжлэлийг олноос хүртсэн. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Өнгөрсөн жил тэгш ойнууд тохиосон өндөр жил байсан. Хүннүгийн үеэс эхлээд эзэн Чингис хаан, XIII зуун, тусгаар тогтнол, ардын хувьсгал гээд томоохон түүхийн үйл явцыг түүж авсан. Хүмүүсийн хүсэл сонирхлыг ойлгож, алдаагаа ухамсарлаад энэ жилийн наадмын нээлтэд ардчиллыг илүү символический байдлаар оруулж байгаа.

-Төв цэнгэлдэхэд Бурхан халдун шүтээн, морин хуурч өвгөн, идлэг шонхор гээд олон бэлгэдлийн зүйлс байрлуулжээ. Энэ бүхнээр хүмүүст юу хүргэхийг хүсч байна вэ?

– Нэг ийм үг байдаг. Төвд хүн шидээрээ, хятад хүн бэнчингээрээ, монгол хүн бэлгээрээ гэж. Монгол хүн бүр Бурхан халдун шүтээндээ тэр бүр очоод байж чаддаггүй. Энэ сайхан хайрханаа ард түмэн минь удахгүй наадмын талбайдаа харж, итгэл бишрэл төрөх байх. Морин хууртай өвгөн бол бидний аман зохиол, ардын түүхийг өгүүлж байгаа юм. Сүмбэр уулыг дов байхад, сүн далайг шалбааг байхад гээд эхэлдэг шүү дээ. Ардын аман зохиолд бидний соёл, ёс суртахуун, хэм хэмжээ багтаж байдаг. Театрын урлаг эртний Грекээс өмнө Монголын аман зохиол, үлгэр туульсад илэрч байсныг харуулж байгаа юм. “Гэсэр”, “Жангар”, “Эрийн сайн” гээд туульс бий. Яагаад бид үүнийгээ наадам дээрээ харуулж болохгүй гэж. Энэ гайхамшигтай аман зохиолууд монголчуудыг эртнээс бусдаас түрүүлж сэтгэж байсныг харуулах тод баримт гэж би үздэг. Тиймээс, аман зохиолоор тэр дундаа “Жангар” туулиар нээлтээ хийнэ гэж ойлгож болно. Эзэн Чингис хаан мэндэлсний 855 жилийн ой тохиож буй учраас, энэ түүхийг илтгэх өгүүлэмж нь мөн гэж үзэж байгаа. Гэхдээ наадмын нээлтийн талаар олон зүйл яримааргүй байна. Наадмын өглөө ард түмэн минь өөрсдийн нүдээр үзвэл сонирхолтой байх.

-Бэлгэ дэмбэрэлтэй наадмын нээлт болох нь ээ. алдарт эхийн одонтой 80 ээж бүжиглэж байгаа нь юуг бэлгэдэж байгаа вэ?

-Энэ бол энэ жилийн наадмын бас нэг онцлог, үзүүштэй, хамгийн сайхан хэсэг байх болно. Ээжүүд маань сайн дураараа, өөрсдөө хувцсаа бэлтгэж оролцож байгаа. Монголын үр сад олон болж, эрүүл саруул өсч торних нь Монголын ирээдүй сайн сайхан байхын эхлэл гэж бодож байна.

-Наадмын нээлтийг ямар уран бүтээлчид нээх вэ?

-Мэдээж төрийн наадамд шилдгүүд оролцоно. Энэ онд хамгийн мундаг байсан, амжилт гаргасан уран бүтээлчид сонгогддог. Монголын нэрийг дэлхийд цуурайтуулж яваа, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа, “Харанга” хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн, “Хар сарнай”-ийн С.Амармандах нар оролцоно. Театрын уран бүтээлчид, алдартай 33 уртын дуучин, 33 морин хуурч, төв Гандантэгчэнлин хийдийн лам нар мөн оролцоно.

-Наадмын нээлтэд хичнээн хүн оролцож байгаа вэ?

-Бүжигчид, жүжигчид, цэрэг армийнхан, авьяаслаг хүүхдүүд, одонтой ээжүүд гээд 1500 орчим хүн оролцож байна. Энэ олон салбарын хүмүүсийг учирлаж, ухааруулж нэг зүгт харуулна гэдэг амаргүй ажил. Гэхдээ би энэ ажлыг 17 жил хийж байна шүү дээ. Миний ажлын л нэг хэсэг юм. Тэгээд ч олимп, наадмын нээлт гэх мэт иймэрхүү томоохон үйл явдлын нээлтийг театрын найруулагчид тавьдаг. Учир нь энэ бол массын урлаг юм. Хамт олон минь надтай хамт байна. Барьц алдаад байх зүйлгүй цаг хорин минутын хугацаанд олон зүйл хүргэхийг хичээж ажиллаж байна даа.


Categories
мэдээ цаг-үе

“Их Богд” дэвжээний наадмын сорилго барилдаанд цэргийн арслан Д.Цэрэнтогтох түрүүлж, улсын харцага Д.Батболд үзүүрлэв

Баянхонгор аймгийн Их Богд дэвжээний “Наадмын сорилго-2017” барилдаан өнгөрөгч долдугаар сарын 1-ний бямба гаригийн 14 цагт “Боорчийн өргөө” жуулчны баазад болох тов сонсоод зорьж очлоо. “Боорчийн өргөө” амралтын газар бол Улаанбаатар хотоос зүүн аймгууд руу явдаг замд 60 орчим километрт төв замын хойно 200 метрт байдаг. Үндсэндээ Чингис хааны хөшөөт цогцолбороос цааш таван зуухан метр газарт гэсэн үг л дээ. Баянхонгор аймгийн “Их Богд” дэвжээний бөхчүүд Бугын сангийн аж ахуйд бэлтгэлээ базаадаг байж байгаад энд хоёр дахь жилдээ гарах болсон. Дүнхийсэн арваад гэрт бөхчүүд байрлаж байна. Баруун талаас гуравдахь өргөөнд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага даш-Очирын Батболд тухалжээ. д.Батболд харцагыг бөхөд хайртай монгол түмэн андахгүй сайн мэднэ. “аврагч” спорт хороо, аврагч тусгай ангиар овоглодог тэрээр хэдхэн хоногийн өмнө хошууч цолтон болоод байгаа.

Аймгийн арслан Ц.Шийрэв багшийнхаа удирдлагаар 1997 оноос улсад барилдаж эхэлсэн түүхтэй. “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг төгссөн тэрээр шуудагдаж татах дархан мэхтэй нэгэн. д.Батболд 1999 онд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын баяр наадамд түрүүлэн сумын заан, 2000 онд Баянхонгор аймгийн баяр наадамд үзүүрлэн аймгийн заан, 2001 онд Баянхонгор аймгийн баяр наадамд түрүүлэн аймгийн арслан, 2005 онд ардын хувьсгалын 84 жилийн ойн үндэсний их баяр наадамд улсын харцага Мөнгөнцоожоор тав даван улсын начин цол хүртэн, 2009 онд зургаа даван Монгол Улсын харцага цолтон болсон байдаг.

Харцагын гэрт хэдэн хүн байна. Мэнд амраа мэдэлцэн, хөөрөг зөрүүлэн танилцацгаав. Баянхонгор аймгийн, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Олонбаярын Мөнх-Эрдэнэ гэх ажил хэрэгч залуу, “PC mall” компанийн захирал Ганбат, “Сэлба сервис” компанийн захирал, Жинст сумын уугуул С.Сэрээтэр нар нутгийн бөхчүүдийнхээ наадмын сорилго барилдааныг үзэж сонирхохоор ирцгээсэн нь тэр аж. Харцага хүрэн өнгийн монгол гутлаа өмсөж, суран тоногоор ногтолж сууна.

Монголчууд гутлыг малгай, бүстэйгээ адил хэмээн ихэд дээдэлдэг. “Мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, тулах төрийн гутал эрдэнэ” гэж хүртэл сэцлэх нь бий. Харцагын гутал нэлээд элэгдэж эдэлгээндээ бүр торго шиг зөөлөрчээ. Бөх болсноос хойш өмсөж байгаа гуравдахь гутал нь гэнэ. “Би ер нь найман жил болоод гутлаа сольдог юм. Бүүр цол ч ахина гээч. Та их сайхан асуулт тавилаа. Энэ жил гутал маань наймдахь жилээ болж байгаа юм байна” гэж ихэд бэлгэшээж байна. “Их Богд” дэвжээний галын бэлтгэл эл амралтын газарт зургадугаар сарын 18-наас жигдэрч, дөчин найман бөх бэлтгэл сургуулилт хийж байгааг “Хасу жуулчин” компанийн “Боорчийн өргөө” жуулчны баазын захирал С.Дарамсүрэн намуухан хүүрнэнэ. Улсын цолонд ойрхон яригдаж байгаа аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүү, Золбоо, цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох нарын олон бөх бэлтгэлд гарчээ. Батболд харцага “Энэ жил миний хувьд бэртэл гэмтэл гайгүй байгаа. Сүүлийн хэдэн жил гэмтэлтэй учраас олигтой зодоглож чадаагүй. Ер нь бөхчүүд бэртэл гэмтэлгүй барилдахын тулд бие биеэ хайрлаж байх хэрэгтэй. Бөхийн холбооноос гарсан өмсгөлийн стандартыг сайтар хангаж шалгах ёстой. Элэг бүсний уяаг хатуу мяндсаар хийх биш сүлжсэн бүс байх учиртай. Тэгэхэд зарим бөхчүүд хүний гар ч орохын аргагүй хатуу мяндсаар элэг бүсний уяа хийдэг нь тоогүй” гэж ярьсан нь бодууштай л үг.

Харцагаас “Энэ жилийн наадамд хэн хэн өнгөлж барилдах бол” гэж асуутал “Улсын наадмын дээд даваануудад бараг шинэ бөхчүүд гарч барилдах байх. Арслан, гарьд, аварга цолтон төрөх байх” гэж байна. Зочдод үйлчлэх хоёр хүдэр залуу бол Баянбулаг сумын заан Азбаяр, харцага Батсүмбэр нар юм. Тэд ноднингийнхоосоо сайхан хувирчээ. Б.Эрдэнэхүү арслангийн хувьд Баянхонгор аймгийн Цагдаагийн газар, Орхон аймгийн “Эрин гүрэн” компаниар овоглож явдаг бөх. Нэг метр 91 сантиметр өндөртэй Монголын том биетэй бөхчүүдийн нэг түүний биеийн жин 145 кг. Түүний аав аймгийн хурц арслан Болд улсын наадмын тавын даваанд Монгол Улсын аварга Одвоогийн Балжинням, улсын арслан Ганбат нарыг ид байх үед амлуулан өвдөг шороодож байсан, улсын наадамд гурван удаа дөрөв давсан бөх. Болд арслан нутгийнхаа бөхчүүдийн гал дээр бас хүрэлцэн иржээ. Наадам дөхөхөөр сэтгэл нь догдлоод эдэн дээрээ ирж мэх зааж өгдөг аман ажилтай болжээ. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, Монгол Улсын далай даян даяар дуурсагдах дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох аваргатай овог, нэр амьдай бөх бол Баянхонгор аймгийн Заг сумын уугуул, цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох. Жудо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль зүүж байсан тэрээр 2007-2012 онд Япон улсын Нагояа хотын жудогийн сургуульд таван жил суралцаж байсан хүү.

Цэрэнтогтох арсланг Загийн гол, Хүрэн бэлчирээр нутагтай Залаа, Чандмань овооныхон “Улсын цол аваасай” гэж цай сүүнийхээ дээжийг өргөж л суугаа. Тэрээр нэг метр наян долоон сантиметр өндөр, 130 кг-тай. “Их Богд” дэвжээнд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотоос гурван залуу ирж бэлтгэлд гарч байгаа аж. Баянхонгор аймгийн “Их Богд” дэвжээний наадмын сорилго барилдаанд улсын харцага Даш-Очирын Батболд, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү, аймгийн хурц арслан, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Н.Золбоо, аймгийн арслан М.Отгонням, Д.Энхбат, Б.Бат-Орших, Б.Бат-Амгалан, Ч.Баасанбат, Баянхонгор аймгийн Заг сумын харьяат аймгийн арслан Даваажанцангийн Батбаяр, цэргийн арслан Д.Цэрэнтогтох, аймгийн заан М.Батцэнгэл, Д.Бямбасүрэн, харцага А.Отгонбаатар, Жаргалант сумын уугуул аймгийн харцага Батбаатар нарын улс, аймаг, сумын цолтой 48 бөх зодоглосон. Цол чимгээ дуудуулсан бөхчүүдийн онгод хийморь бадарч үнэн хүчийг үзэн барилдах нь бахархмаар. Хүндэт зочдын асарт “Ийст даймонд дрийлэнг” компанийн захирал, “Их Богд” дэвжээний нарийн бичгийн дарга Ц.Олдохбаяр нутгийн айраг сөгнөн хууч хөөрч суусан. Тэрээр “Энэ Дүүрэнсаран гэдэг бөх чинь манай аймгийн алдарт арслан Төмөрийн хүү шүү дээ” гэх ч юм уу, “Энэ дэвжээнд Орхон аймгийн харцага Батзул бэлтгэл хийж байгаа” гэх мэтийн сонинг дуулгав. Мөнөөхөн гурван буриад бөхийн талаар ч мань эр л чихний үзүүрт сонсгосон хэрэг. Баянхонгор аймгийн удирдлагууд энэ жилээс бөхчүүддээ ихээхэн сэтгэл гаргаж тусалж дэмжиж байгаа юм байх. Тавдугаар сард болсон Монгол Улсын арслан Пагмын Аюушийн нэрэмжит барилдааныг Монгол бөхийн өргөөнд өргөн дэлгэр хийсэндээ “Их Богд” дэвжээнийхэн баяртай байгаа нь илт.

Наадмын сорилго барилдаан бэсрэг наадмын хүндэт зочноор Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд, “Мөнхийн үсэг” группийн ерөнхий захирал Батмөнхийн Батцэцэг, Зэвсэгт хүчний Жанжин штабын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Дашзэвэг нарын албаны хүмүүс хүрэлцэн ирсэн харагдана. Батцэцэг сайд гэхэд “Мөнхийн үсэг” группийнхээ бөх аймгийн хурц арслан Н.Золбоод хүндэтгэл үзүүлж байсан. Био энергийн эмчилгээ судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн Дамдинсүрэн нутгийн бөхчүүддээ сайн сайхныг хүсэж, үнэ төлбөргүй шинжилгээ, эмчилгээ хийх гэрээ байгуулсанаа гардуулж байсан. Бөхийн барилдааны үеэр Монгол Улсын филармонийн дуучин Номин-Эрдэнэ “Уяхан замбуутивийн наран”, “Асрын өндөр” зэрэг уртын сайхан дуугаараа мялаасан бол бэсрэг наадмыг үзэж сонирхохооор Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн их туурвилч Чойгивын Сангидоржийн хүү хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх АНУ-аас, Япон улсаас их аварга Ама Бямбадоржтой хамтран үзэсгэлэнгээ гаргаж байсан зураач Заяасайхан, “Улстөрч.мн” сайтын ерөнхий захирал, “Улстөрч” хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч Борын Ганзориг нар хүрэлцэн ирсэн байлаа. Дөчин найман бөхөөс Заг сумын харьяат цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох түрүүлж, Баянбулаг сумын харьяат улсын харцага Д.Батболд үзүүрлэж их шөвгийн гуравт Баянбулаг сумын харьяат аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү шалгарлаа. Дунд шөвөгт аймгийн хурц арслан Н.Золбоо, аймгийн харцага А.Отгонбаатар, аймгийн нэмэх начин Г.Жамбалдорж нар үлдэж хүчийг үзлээ. Сорилго барилдааны дараа бөхчүүд ирсэн зочдодоо хүндэтгэл үзүүлэн оройн тоондоо жагсах үеэрээ “Баянхонгор миний нутаг”, “Халуун элгэн нутаг” “Хонгор нутгийн хүчтэн” зэрэг дуунуудыг нийтээр дуулцгаав. Монгол Улсын гавьяат жүжигчин, төрийн соёрхолт Догмидын Сосорбарамын шүлгэнд “Морин хуур” наадмын тэргүүн шагналт хөгжмийн зохиолч Түзэлийн Ганболд аялгуу зохиосон дуу Баянхонгорынхны сүлд дуу гэдэгтэй хэн ч маргашгүй билээ.

“Хөх Монголын амин тасархай

Хонгор нутгийн түмэн минь

Алт эрдэнэсээр элбэг баян

Амьдрал тэмцлээр дүүрэн хийморь

Ус агаар нь насан дэлгэрсэн

Уран байгалийн өнгө нь алагласан

Түмэн олноо ариусган ундаалсан

Түй, Байдраг, Шаргалжуут рашаан

Мөнх тэнгэрийн нарны цацраг доор

Хүмүүн заяаны сэтгэл нь цагаахан

Тал, хангай, говь газартаа

Тавилан төөргийн жам нь гэгээхэн

Байгаль дэлхийн үзэсгэлэнт өлгий

Баянхонгор миний нутаг аа” гэж хүнгэнэтэл дуулах хүдэр эрчүүдийн сүрлэг сайхан дуунд агаар тэнгэр ч баясан баярлав гэлтэй хурын цагаан үүлсээ урин, чийгийн үнэр ханхлахуй монгол түмний бахархал баярын дээд үндэсний их баяр наадамдаа Хонгор нутгийн “Их Богд” дэвжээнийхэн өнгөлөг сайхан барилдах нь ээ гэсэн бэлгэшээл төрж байв. Цонжин болдогийн товцогт толгойн тэндээс их эзэн Чингис хааны маань ч сүрлэг хөшөө оройн жаргах улаан нарнаа алтран туяарч эрийн тэнгэр бөхчүүдээ хурайлан гийгүүлэх шиг санагдвай.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Бурхны шашны үүсэл Сантад эхэлж Монголд дэлгэрсэн түүх

Монгол Улсад шарын шашин дэлгэрэх үндсийн үндэс нь Сант сумаас эхтэй. Өвөрхангай аймгийн Сант сумынхан ингэж онгирч болно. Энэ тухай өгүүлэхийн тулд Чингис хаанаас хойших түүхийн шарласан хуудсыг сөхөж, гэрч баримтуудыг төнхөх хэрэгтэй болдог. Түүхээс харвал Чингис хаан 1220 онд Их Монгол Улсын нийслэлийг Аураг ордноос Хар хорум хот руу шилжүүлэн байгуулах зарлиг гаргаж байж. Улмаар Өгөдэй хаан албан ёсны нийслэлээ болгон өргөмжилж, хөгжүүлж эхэлсэн. Өвөрхангай аймгийн Сант сум Хар хорум хоттой ямар холбоотой вэ гэвэл өнөөдөр Улаанбаатар хот Төв аймгийн нутаг дэвсгэр дээр байгаатай агаар нэг. Одоогийн Сант, Өлзийт, Есөнзүйл, Хужирт, Хар хорин сумыг багтаасан Илдэн бэйлийн хошуу нь хэдэн зууны турш төрийн гал голомт болж байсан бөгөөд Сант сум хамгийн урд зах нь буюу үүд, хаалга нь билээ. Монголчуудын мандан бадралын үеэс эхлээд, хагарал бутрал, уруудан доройтлын үед ч төрийн гал голомт хэдэн зууны турш энэ л хошуунд байсаар байсан.

Чингис хаанаас хойших Өгөдэй хаан, Гэсэр жалайр Хунтайж, Эрхий мэргэн хаан, Түшээт хан Гомбодорж, Чахундорж, Өндөргэгээн Занабазар нарын Монголын үе үеийн түүхэн хан, хаад, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн бууж, мордож, өвөлжиж хаваржиж явсан газруудын нэгд өнөөгийн Сант зүй ёсоор орно гэж амбицлах гээд байгаа юм. Энэ Илдэн бэйлийн хошуу хэмээх уртаашаа 100, өргөөшөө 30 орчим километр нутаг их онцлогтой. Хойгуураа Өндөрсант уул, Орхоны хөндий, Эрээний хавирга, Шанх уул, Дуут гол гээд хангайн бүс, дунд хэсгээрээ Сангийн далай, Баруун, Зүүн, Өлзийт хайрхан гэх мэтээр хээрийн бүс, урдуураа Домбон, Зээрэнгийн говь гэх мэтээр говийн бүстэй. Ер нь тал хээр, говь, хангайн бүс ийм ойрын зайд хосолсон нутаг Монголд тийм ч олон биш.

Намрын намарт манай нутгийн томчууд буюу хамгийн л өндөр насыг насалсан хэсэг өвгөд морь унан, айл хэсэж шимийн охь, нэрмэл хүртэж, улаа бутарсан шигээ хонхортоо хонон өнжин хэсдэг байлаа. Тэгж явахдаа Жамсран, Дажаа, хуушуур Даш, сахал Даш гээд өвгөд хөгшид нүдэнд үзэгдтэл хууч хөөрдөгсөн. Хуучин цагт монголчууд энэ нэгдлийнхэн шиг суурин шахуу байгаагүй. Наанадаж 100 километрийн цаад руу нүүдэллэдэг байсан. Эзэд, хаад, түшээдийн торгон сүргийг зундаа Хар хорум хот орчимд буюу хаадын сэрүүн ордон хавиар хариулж, намартаа одоогийн Өлзийт, Есөн зүйл сумын нутагт идээшлүүлж өвөл, хавартаа өнөөгийн Сант сумын нутгаар адгуулдаг байсан гэдэг. Ингэж жилийн дөрвөн улиралд гурван бүс дамжуулан тууварладаг нь малын тарга тэвээргийг тогтоож барихтай холбоотой асуудал. Тарган мал гэдэг нь чанартай мах бөгөөд хаадын хоол. Тэр том хүмүүсийн идээ, унд яаж муу байж болохов. Манай нутгийн энэ хужир мараа чинь… гээд л ярьж өгнө. Хар хорумд төвхнөсөн хаад урагшаа Сантын нутагт очиж өвөлждөг байсан хамгийн сүүлийн гэрч нь Түшээт хан Гомбодоржийнхон буюу Өндөргэгээн Занабазарын төрсөн түүх. Түшээт ханых 1635 онд шинээр мэндлэх хүнээ хүлээсээр хангайн бүсэд намрын улирлыг барсан гэдэг. Цаг хавчиж цас их унасан учраас урагш өвөлжөө рүүгээ нүүдэллэсээр өнөөгийн Сант сумаас хойш 15 орчим километр зайд буюу өнөөгийн Зүйл сум Есөнзүйлийн булаг Тав толгойн орчимд тухайн оны намрын сүүл сарын 25-ны өдөр ирэхэд Ханджамц хатнаас нэгэн хүү төрсөн нь Өндөр гэгээн Занабазар байсан гэдэг.

Үүний түүхийн зэрэгцээ бас нэг хэлэгдэх зүйл нь Хар хорум хотоос Бээжин хүртэлх тэмээн жингийн төв зам нь Сант сумын цариг багийн Холбоо нэртэй хоёр толгойн яг орой дээгүүр гардаг байсныг сантынхан андахгүй. Тэрүүгээр Хубилай хааны их нүүдэл, Хятадыг төвхнүүлэх аян дайны их цэрэг явж байлаа гээд гөрдчихсөн ч нэг их хол зөрөхөөргүй яг төв зам нь байсан байгаа юм. Манай нутгийнхан ч ингэж л ярьдаг байсан. Тэмээн жингийн тэр жим 1950 он хүртэл баларч арилалгүй байсныг манай нутгийн тэр цаг үеийн төлөөллүүд хэлдэг байлаа.

Түүх үүгээр дуусахгүй. Бэйлийн хошууны ноёны хаваржааны туурь, Чахундорж ханы үхрийн зэлний гадас, Мянган цоохор адуут ханы гүүн зэлний чулуу гэх мэтийг ч ам уралдуулан ярьцгаасаар ирсэн. Яг хаана байдаг нь одоо бүр мартагдсан. Хүмүүс ч тоож ярихаа больсон байна. Зэлний гадас гэдэг нь олон арван унага, тугалыг нэг дор зэллэхээр гадсаа суга татчихаад болдоггүй байсан бололтой юм. Тиймээс нутгийн бөхчүүд, адуучид, үхэрчдээрээ өндөр, урт чулуу авчруулан гадас хийж тэндээ олон зун, намрын турш гүүгээ, үнээгээ барьсаар нутгийн ардуудын дунд домог болон үлдсэн хэрэг. Гадас нь тэр хавьцаа байдаг гэсэн яриа байсан болохоос байгааг нь үзэж судалсан, шинжилж тогтоосон юм үнэндээ байхгүй. Тэр гадас, буурь, тууриуд он улирах тусам хөрсөнд дарагдаж алга болсоор өнөөдөр овойж, гозойж байгаа зүйл манай нутагт лав байхгүй болсон. Харин Мянган цоохор адуут ноёны адуугаа хурааж бүрэн эсэхийг нь шалгадаг байсан гэх Далын их хонхор, Олон худгийн хөндий гэх газрууд ямар нэртэй байсан тэр хэвээрээ л байна.

Бас нэгэн ам дамжсан домог бий. Тэр нь шарын шашны үүсэл Сантаас эхлэлтэй тухай. Улмаар Автай сайн хантай холбогдоно. Автай сайн хан 1554 онд төрж 1588 онд нас барсан гэдэг нь он цагийн тухайд 1500 оны сүүл хагаст өрнөсөн үйл явдал бололтой юм билээ. Нэгэн намар Автай сайн хан идэш улааны цагаар, ан гөрөө эргүүлж явсан гэхээр намрын сүүл, өвлийн эхэн сар аргын тооллоор арваннэг, арванхоёрдугаар сар хавьцаа юм болов уу. Харуй бүрий буухтай уралдан Илдэн бэйлийн хошууны Зүүн хайрханы оройд гарчээ. Одоогийн Есөнзүйл сумын нутаг. Тэгэхэд цас бударч шуурга эхэлж байлаа. Зүүн хайрханы оройгоос харахад тээр урд их галын дөл улалзан байсан аж. Автай сайн хаан дагуул, хиа нарынхаа хамтаар тэр зүгт довтолгосоор мичид голлох үест нөгөө түүдэгт хүрсэн байна. Яваад очтол ширээ чулуун хадны нөмөрт харь өмсгөлтэй хоёр эр, дагуул Монголын нэгэн нөхрийн хамт байжээ. Харь хувцастай нь Энэтхэг хүмүүс байсан гэлцдэг бөгөөд дагуул Монгол гэдэг нь одоогийн Дээд Монгол, Хөхнуурын монгол ч юм уу лав л Халх хүн байгаагүй бололтой. Харин Ширээ чулуун гэх газар Сант сумын төвөөс баруун хойд зүгт бий. Харь хүмүүс шашин номын ажлаа дэлгэрүүлэхээр тандалт хийж яваагаа дуулгасан гэдэг. Тэд уулзаж шуурга намдтал ярилцсаар Автай сайн хаан тэдний оюун санааны гэгээрэлд сэнхэрч эргэн уулзах өдөр, цагаа тохирон салцгаасан байдаг. Ийнхүү Автай сайн хаан шарын шашны тагнуулуудтай Ширээ чулууны нөмөрт шуурган дунд уулзаж ярилцсаны хойд зунаас эхлэн өмнөд этгээдэд буюу Төвд, Энэтхэгт хэд хэдэн удаа зорчиж, лам хуврагууд, бурхан тахилыг олноор залсны дунд Очирваань бурхныг өөрийн биеэр авчирч байсан түүхтэй. Бас манай нутгийн өвгөдийн хуучилдагаар Автай хаан бөөгийн хэрэглэлээ гээж гэсэн өгүүлбэр бий. Тэр нь эрдэмтдийн өгүүлдгээр бөөгийн шүтлэгээ орхиж гэдэг ч манай нутагт яригддагаар бол өөрөө бөө хүн байсан гэлцдэгийг энд өгүүлье.

Монголчууд шарын шашинд хэт ихээр мунхарч харанхуй дорой болсон гэж түүх сургадаг. Ийм он цагийн хэлхээнд Автай хааны эл уулзалт амнаас ам дамжин яригдсаар ихээхэн хуудуутай болон үлдсэн байжээ. Тухайлбал “Автай хааныг Зүүн хайрханы орой дээрээс түүдэг гал харчихаад Ширээ чулуунд давхиж ирэхэд шарын шашны лам хуврагууд номын хүчээр орон зайд шилжин ирчихсэн цай чанаад сууж байсан. Тэр их цасан шуурганаар лам тэрлэгтэй даарахгүй байсан гэнэ билээ… Энэ номын хүч гэдэг үү” гэх мэтээр ёстой цуурцгааж байсан байгаа юм. Ингэж л Автай хааны хурц хараа, сониуч зангийн үрээр шарын шашны Монгол дахь үүсэл Сант сумын Ширээ чулуун хэмээх газар тавигдсан түүхтэй юм билээ. Харин цаашаа яаж хөгжсөнийг Монгол түмэн мэднэ.

Өнөөгийн Сант сумын тухайд гэвэл 1931 оны Засаг захиргааны өөрчлөлтийн үр дүн. Сант гэх үгийн тухайд оноосон нэр гэхээс өөрөөр нэг их тайлбар байдаггүй. Шашны төлөөллүүд “сан” гэдэг үг бол ариун гэсэн утгатай гэх нь бий. Тэгээд сан буюу ариун гэдэг үгэн дээр Т үсэг нэмэхээр Сант буюу Ариунт гэсэн утгатай үг гарахаар байдаг.


Categories
мэдээ спорт

Али Алиевын нэрэмжит тэмцээнээс Г.Мандахнаран хүрэл медаль хүртлээ

Г.Мандахнаран хүрэл медаль хүртлээДагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсыг тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Каспийск хотод боллоо. Тэмцээний сүүлийн өдөр манай гурван бөх зодоглосноос 70 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр тэгшитгэлд Байболсен Курманбековыг, 1/8 шигшээд Ставрополийн хязгаарын Муслим Караев нарыг ялж, шөвгийн наймд “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, 2015 оны Лас Вегасын дэлхийн аварга, Франк Чамизод 2:6-аар ялагдсан. Дагах барилдаанд Мурад Курамагамедовыг ялж, хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн Оросын аварга Заурбек Сидаковтой барилдах ёстой байсан ч өрсөлдөгч нь бэртлийн улмаас дэвжээн дээр гараагүй байна.

Чансаа өндөр тус тэмцээнээс хамгийн сүүлд 2010 онд гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар мөнгөн медаль хүртэж байв. Тэгвэл долоон жилийн дараа Г.Мандахнаран амжилтыг залгуулж хүрэл медалийг эх орондоо авчирахаар болж байна.