Categories
гадаад мэдээ

​Apple компанид 5G сүлжээг турших зөвшөөрлийг олголоо

5G зурган илэрцүүд

АНУ-ын Харилцаа холбооны газраас Apple компанид 5G сүлжээ турших зөвшөөрлийг олголоо. Өнөөдрийн байдлаар Америкийн үүрэн холбооны Sprint, T-Mobile, AT&T, Verizon зэрэг компаниуд 2019-2020 оны хооронд шинэ сүлжээ хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Facebook, Google, Samsung компаниуд энэ технологийг туршаад эхэлчихсэн. Хожимдож эхэлсэн ч гэсэн Apple компани 2018 оны наймдугаар сарыг хүртэл туршилт хийх эрхтэй болжээ.

Утасгүй сүлжээний тавдугаар үеийн технологи буюу 5G сүлжээ нь үндсэндээ бага давтамжаар, илүү өндөр хурдаар, их хэмжээний мэдээлэл дамжуулна. Тодруулбал 20Gbps хурдтай, 1ms алдагдалтай сүлжээг компаниуд нэвтрүүлэхээр зорьжээ.

2016 оны байдлаар дэлхий даяар 6,4 тэрбум төхөөрөмж утасгүй сүлжээнд холбогдсон гэсэн тооцоо гарсан юм. 2020 он гэхэд энэ тоо 20,8 тэрбумд хүрнэ гэж Гартнер компани тооцоолжээ.

Энэ нь бидний ашигладаг төхөөрөмжийн тоо их хэмжээгээр нэмэгдэх бөгөөд тэдгээрийг хооронд нь холбох, мэдээлэл дамжуулахад илүү өндөр хурд шаардлагатай гэсэн үг. Ингээд үр дүнд нь 5G сүлжээг хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Скаутууд адал явдалт ертөнцөөр аялж байна

Олон улсын “Найрамдал” цогцолборт 31 дэх удаагийн Жембори буюу майхант зуслан гурав дахь өдрөө үргэлжилж байна. Найрамдал цогцолборт 40 орны 7000 гаруй хүүхэд нэгдэн нэгэн “вант улс”-ыг бий болгон аж төрсөөр байна.

Хүүхдүүдийг олон талын мэдлэгтэй, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, өөрийгөө сорьж үзэх боломжийг олгох зорилгоор таван цогцолбор төвийг байгуулаад байгаа билээ. Үүнд “Илүү сайхан дэлхий”, “Адалт явдалт”, “Шинжлэх ухаан ба танин мэдэхүйн”, “Браунси арал”, “Нүүдэлчдийн соёлын төв” байгаа юм.

Өнөөдөр скаутууд адалт явдалт ертөнцөөр аяллаа. Энэхүү цогцолборт 24 өртөө байгаа бөгөөд өртөө бүр хүүхдийн мэдлэг, авьяас, ур чадварыг сорьж, нэмэгдүүлж байгаагаараа онцлогтой. Тухайлбал нарийн олсон дээгүүр явах, элсэн дээр уралдааны машин уралдуулах, нум сум харвах, боулинг, тэнцвэр нэмэгдүүлэх үүрэгтэй саадтай тавцан, сармагчны гүүр, байт харваа, мэргэн бууч, гүйдэг бөмбөг зэрэг сонирхол татам өртөөнүүдээр аялж байна. Скаут хүүхдүүд найз нөхөдтэйгээ нэг дор олон төрлийн спортоор өрсөлдсөндөө баяртай байлаа. Скаутуудын зочлох дараагийн цогцолбор нь “Нүүдэлчдийн соёлын төв” байх юм.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга: Скаутууд зорилго тэмүүлэлтэй бие хүн болж төлөвшдөг


Скаутын Ази, Номхон далайн бүсийн 31 дүгээр Жембори буюу майхант зуслан Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт үргэлжилж байна. Тус Жемборид 40 орны 2000 скаут, Монголын 21 аймаг, 9 дүүргийн 4000 гаруй скаут, сайн дурын удирдагч нараас бүрдсэн нийт 7500 хүүхэд, залуучууд оролцож байгаа юм.

Уг арга хэмжээнд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр илгээлт явууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтэд:

“Эрхэм хүндэт скаутууд аа,Хүндэт зочид төлөөлөгчид өө,

Ази, Номхон далайн бүсийн 31 дүгээр Жемборид оролцож буй Та бүхний амар мэндийг айлтган мэндчилж, сайны ерөөл өргөн дэвшүүлье.

Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын үр нөлөөн дор үүсэн байгуулагдсан Монголын скаутын холбооны 25 жилийн ой- энэ жил тохиож байгаа бөгөөд тус холбоо өнөөдөр 60 мянга гаруй гишүүн, дэмжигчтэй, бүх орон нутагт салбар зөвлөлтэй, Дэлхийн скаутын хөдөлгөөний албан ёсны гишүүн байгууллага болон хөгжиж байна.

Энэ тэмдэглэлт ойн хүрээнд 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг Ази, Номхон далайн бүсийн скаутын 31 дүгээр Жемборийг Монгол Улсад анх удаа 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 8 дугаар сарын 2-ны өдөр Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулж байна.

Уг арга хэмжээнд гадаадын 30 гаруй орны 2 мянга, Монгол Улсын 21 аймаг, нийслэлээс 4 мянга гаруй скаут хүүхэд, залуучууд оролцож байгаа нь Монголын хүүхдийн байгууллагын түүхэнд бичигдэх өргөн цар хүрээтэй арга хэмжээ болж байна. Энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа Монголын скаутын холбоо, түүний мянга мянган гишүүн, дэмжигчдэд халуун баяр хүргэж, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Скаутын байгууллагаар дамжсан хүүхэд- бие даасан, хүнлэг энэрэнгүй, хариуцлагатай, зорилго тэмүүлэлтэй бие хүн болж төлөвшдөг. Энэ нь скаутын хөгжлийн хөтөлбөр, зорилготой холбоотой юм.

Хичээсэн хүн амжилтад хүрдэг. Хүүхэд, залуучууд Та бүхнийг бие биеэсээ ихийг сурч мэдэж, өсөж хөгжинө гэдэгт итгэж байна. Хүүхдийн буян заяа оршсон энэ дагшин газар Та бүхэнд ээл ивээлээ хайрлах болтугай.

Скаутын андгай, дуудлагаар нэгдсэн “Нүүдэлчдийн замаар” уриатай Жемборийн үйл ажиллагаанд амжилт хүсье.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

​29,773 иргэнд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих смарт картыг олгожээ

Холбоотой Зураг

Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн хүрээнд 2017 оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны долоодугаар сарын 26-ны өдөр хүртэл Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв болон дүүргүүдээс 18,870 ахмад настан, 10,903 хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийт 29,773 иргэнд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих смарт картыг олгоод байна.

Мөн Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картын хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор “Улаанбаатар смарт карт” ХХК-тай хамтран нийгмийн зорилтот бүлгийн 20,000 иргэнд смарт картыг үнэ төлбөргүй олголоо.

НЗД-ын 2017 оны А/479 дүгээр захирамжийн хүрээнд Нийслэлийн цагдаагийн газар, Энэрэл эмнэлэг, Наркологийн клиник эмнэлэг, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 27-ны өдөр хүртэл нийслэлийн төвийн 6 дүүрэгт хог түүж амьдардаг, гэр оронгүй тэнэмэл амьдралтай 223 иргэдийг бүртгэлжүүлэн, усанд оруулж, хувцаслан, эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамруулан ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Уул уурхайгаас бусад салбарын цалин энэ жил нэмэгдээгүй

цалин зурган илэрцүүд

Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос сар тутам улс орны нийгэм, эдийн засгийн мэдээллийг тоймлон гаргадаг. Уг тоймд дурдсан тоо баримтуудаас олны дунд эрглэзээ төрүүлсэн үзүүлэлт мэр сэр байдаг. Тэдгээрийн дотор ажиллагсдын дундаж цалин хийгээд өрхийн орлого багтдаг.

Дундаж цалинг хэрхэн тооцдог вэ?
Хүмүүсийн амжиргаа дээшлээгүй, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдээгүй хэр нь өрхийн орлого өсөөд цалингийн хэмжээ ч нэмэгдээд байдгийн учрыг мэргэжлийн хүн хэрхэн тайлбарласныг хүргэе. ҮСХ-ны дарга А.Ариунзаяа тайлбарлахдаа:

-Үндэсний статистикийн хороо нь ажиллагчдын сарын дундаж цалингийн мэдээллийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын сангийн мэдээлэлд үндэслэн тооцдог. 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 37.6 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 566.7 мянган ажиллагчид хамрагдсан мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Дундаж цалин нь тайлант хугацаанд цалин хөлс авсан ажиллагчдын тоогоор жигнэсэн нийт цалин хөлс болон тайлант хугацаанд цалин хөлс авсан ажиллагчдын тооны харьцаа юм. Дундаж цалин нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал, ажиллаагүй цагийн олговор болон бусад олговроос бүрдэх бөгөөд нэрлэсэн цалин буюу нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар тооцохоос өмнөх цалин юм гэжээ.

Энэ жилийн хувьд уул уурхайн салбарын ажиллагсдын цалин нэмэгдсэн гэдгийг тэрбээр ярилцлагадаа онцолжээ. Энэ нь уул уурхайн баялгийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр өссөн, гаднаас ажиллах хүчин бага орж ирсний сацуу өндөр мэргэжлийн ажилчдыг татах өрсөлдөөн гэх мэтийн олон шалтгаан нөлөөлсөн байх магадлалтай ажээ. Ямар ч байгууллага цалингаа хэдий хэмжээгээр нэмэгдүүлснээ зарладаггүй. Гагцхүү төлж буй НДШ-ээр цалин өссөн буурсныг харж болдог байна.

Дундаж болон голч цалингийн ялгаа
Олон улсад цалинг дундаж ба голч цалин гэсэн хоёр үзүүлэлт гаргадаг. Дундаж цалинд дээр дурдсан бүхий л орлого шимтгэл төлөөгүйгээр багтдаг бол голч цалинг тооцохдоо бүх цалингаа эгнүүлээд 50 дахь хувь дээр хэдэн төгрөг авч байгааг тооцдог. Энэ аргаар тооцохоор голч дундаж цалин 600 байхад дундаж цалин 900 мянган төгрөг болох жишээтэй. Дундаж болон голч цалингийн зөрүү их байх тусмаа орлогын ялгаа ихэсч байгааг харуулдаг онцлогтой. Иргэдийн орлогын ялгаа нэмэгдэх нь баялгийн хуваарилалт шударга бус явагдаж байна гэсэн үг. Зөрүү бага байх тусам баялгийн хуваарилалт тэгш явагдаж байгаа нь харагдана гэж мэргэжлийн статтстикч тайлбарлажээ.

Categories
мэдээ спорт

​Хүүхдийн спортын VII наадам ирэх сард болно

Хүүхдийн спортын VII наадам ирэх сард болно зурган илэрцүүд

Олон Улсын Хүүхдийн Спортын 7 дугаар наадам энэ оны 8 сарын 12-17-ны өдрүүдэд Найрамдал Олон Улсын хүүхдийн зусланд болно. Долоо дахь удаагаа болж буй тус наадам 11 төрлөөр зохиогдох юм. Хүүхдийн наадамд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ы 1000 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа юм. ӨМӨЗО-с хамгийн олон буюу тамирчид, дасгалжуулагчид, төлөөлөгч нийлсэн 187 хүний бүрэлдэхүүнтэй баг ирэхээр урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгөөд байна. Харин Буриадаас 67 хүний бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирэх юм. Тамирчид зургаан хоногийн турш сагсанбөмбөг, воллейбол, фүтзал, байт харваа, бокс, талбайн теннис, ширээний теннис, жудо, таеквондо, хөнгөн атлетик, чөлөөт бөх гэсэн төрлүүдэд хурд хүч авхаалж самбаагаа сорих юм.

Categories
мэдээ улс-төр

​ХЗДХЯ, АНЗУ-ын дотоод хэргийн яамтай хамтархаар болжээ

ХЗДХЯ, АНЭУ-ын Дотоод хэргийн яамтай хамтарнаХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Абдулрахман Абдулла Бин Рабия Аль-Түнэйжиг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Дотоод хэргийн яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар төлөвлөж байна.

Хоёр орны Дотоод хэргийн яам хоорондын санамж бичигт гарын үсэг зурснаар цагдаа, хууль сахиулах байгууллагын албан хаагчдыг богино болон урт хугацааны сургалтад хамруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх материаллаг баазыг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж нээгдэх юм.

Түүнчлэн Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улстай мөнгө угаах, хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

​500 гаруй иргэнд үзлэг зөвлөгөө өглөө

500 гаруй иргэнд үзлэг зөвлөгөө өглөө зурган илэрцүүд

“Вирүст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг дэлхий нийтээрээ жил бүрийн 7 дугаар сарын 28-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг хамтран “Вирүст хепатитын тархалтыг зогсооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өнөөдөр НЭМҮТ, ТТАХНЭ хамтран Тусгаар тогтнолын талбайд иргэдэд үнэ төлбөргүй дотор ЭХО, хоол боловсруулах эрхтэн, элэгний В,С вирүсийн хурдавчилсан оношилгоо, ясны сийрэгжилт тодорхойлох, шүдний нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийн, зөвлөгөө өгөх, амин үзүүлэлт үзэх, биеийн жингийн индекс тодорхойлох, зөв хооллолтын зөвлөгөө өгөх зэрэг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг 500 гаруй иргэдэд хийлээ.

Categories
мэдээ нийгэм

Зуны ээлжит засварын зогсолтын ажил хийгдэж байна

ДЦС IV” ТӨХК засвар зурган илэрцүүдӨвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “ДЦС IV” ТӨХК зуны ээлжит засварын зогсолтыг 2017 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 00:00 цагаас эхлүүлсэн.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ээлжит засвартай зэрэгцүүлэн хийж байгаа уг засварын зогсолт долоодугаар сарын 31-ний өдрийн 10:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Засварын зогсолтын энэ хугацаанд “ДЦС IV” ТӨХК нэг зуух, нэг турбингенератортой /70 МВт ачаалалтай/ ажиллаж байгаа бөгөөд 72 цагийн дотор засварыг дуусгахаар төлөвлөөд байна.

Нэгдсэн сүлжээний хэмжээнд онцгой үеийн горимыг мөрдөж, шаардлагатай тохиолдолд зарим хэрэглэгчдийг 1-2 цаг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах графикийг мөрдөн ажиллана.

Өвлийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд засварын дээрх зогсолтыг таван жил тутамд мөрдөж, салбарын аюулгүй байдлыг хангадаг байна.

Categories
мэдээ нийгэм

​ Олон улсын физикийн олимпиадын бэлтгэл МГТИС-ийн хотхонд хийгджээ

Олон улсын физикийн олимпиад зурган илэрцүүд

Олон улсын Физикийн 48 дахь олимпиад энэ жил Индонез улсын Ёгякатра хотод болж өндөрлөлөө.

Тус олимпиадад нийт 86 орны 400 гаруй сурагч оролцсон бөгөөд манай улсаас таван сурагч оролцож багаараа амжилт үзүүлээд эх орондоо ирсэн таатай мэдээг бид уншигч та бүхэнтэй хуваалцаж байна.

Тэд хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бөгөөд улсынхаа амжлтаар эхний 30 дотор багтаж байгаа нь оюуны спортынхоо зэрэглэлээр ЖИ-20 буюу дээд хэмжээнд ойртжээ.

Уг олимпиадад монгол улс 1997 онд анх ажиглагчаар орж эхэлснээс хойш 20 дахь удаагаа оролцож байгаа юм.

Мөн энэ жил физикийн олон улсын олимпиад явагдаж эхэлсний 50 жилийн ой тохиож байгаа энэ түүхэн мөчид манай монгол хүүхдүүд бахархмаар сайхан амжилтыг үзүүлээд эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаад ирлээ.

Тус багийн хүүхдүүдийг МУИС-ийн физикийн багш Д.Улам-Оргих ахлан явжээ.

Дараах сургуулийн сурагчид медаль хүртжээ.

  • “Шинэ Монгол” сургуулийн сурагч Лхагвадоржийн Дөлгөөн мөнгөн медаль,
  • “Сант” сургуулийн сурагч Луубаатарын Оюунтөгс мөнгөн медаль,
  • Хөвсгөл аймгийн Ирээдүй сургуулийн сурагч Сарангэрлийн Сумъяажав хүрэл медаль,
  • Нэгдүгээр сургуулийн сурагч Бямбажаргалын Амарболд хүрэл медаль,
  • Нэгдүгээр сургуулийн сурагч Эрдэнэчулууны Гарьд хүрэл медалийг тус тус хүртжээ.

Тэднийг олимпиадад оролцоход Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн зүгээс тав тухтай орчинд олимпиадын бэлтгэл, туршилтаа хийхэд нь сургуулийнхаа хотхонд үнэ төлбөргүй байрлуулж, лаборатори болон хичээлийн танхим, оюутны байраар хангаж тусалсан байна.

Тус сургуулийн багш хамт олон 3 дахь жилдээ олон улсын физикийн олимпиадад бэлдэж буй сурагчдад ийнхүү туслалцаа үзүүлж байгаа юм байна.

Цаашид ч инженер болох хүсэл мөрөөдөлтэй, МГТИС-д суралцалцахыг зорьж буй ирээдүйн сайн оюутнуудад тус сургуулийн хамт олон эрдмийн эрх чөлөө, тав тухтай, аюулгүй орчинд суралцах боломжоор хангах юм байна.