Categories
мэдээ цаг-үе

​​Б.Пүрэвдорж: Багшийн хөгжлийн тухай хууль багш нарын эсрэг хууль болох гэж байна

(Өдрийн сонины 2017.07.07 баасан гаригийн дугааараас авч нийтлэв)

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн сонгууль жинхэнэ утгаараа хар бараан мэдээлэл дунд сүлжилдэв. Янз бүрийн амлалт өглөө. Эдийн засаг хүндэрлээ барилаа гээд байсан, юу болов…

-УИХ өнгөрөгч дөрөвдүгээр сард 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Долоон төрлийн татвар нэмэхгүй бол болохгүй. Тэтгэврийн насыг нэмж, хүүхдийн мөнгийг хасч 40 хувьд нь олгох ёстой гэсэн. Удалгүй энэ бүхнээсээ буцаж байна. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр энэ бүхэн нь ОУВС-гийн шаардлага биш Засгийн газрын санал байжээ гэдэг нь алхам тутамд нотлогдож байна л даа. Зарим татварыг долдугаар сарын нэгэн болгож хойшлуулсан. Шатахууны онцгой албан татварыг нэмлээ гэхэд тэр өдөртөө шатахууны жижиглэнгийн үнэ нэмэгдэж, үүнийг дагасан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг л дээ. Приусын татварыг нэмчихээд нэг хэсэг чөлөөлсөн. Одоо нэмэгдчихсэн байх жишээтэй. Хүүхдийн мөнгийг хасахгүй л бол болохгүй гээд байсан чинь сая бүх хүүхдэд олгохоор боллоо. Эрх баригчид тэтгэврийн насыг нэмэхдээ дэлхийн жишигт нийцүүлэн нэмж байна гэсэн. Тэтгэврийг нь дэлхийн жишигт хүргээгүй байж насыг нь нэмж болохгүй гэж зөндөө хэлсэн. Иргэдийн зүгээс татвар нэмсэн, хүүхдийн мөнгө танасан гээд бухимдлаа илэрхийлэхээр “Чамаас гуйж сонгогдоогүй” гээд зарим нэг гишүүд нь загнадаг. ОУВС-гийн зүгээс шахаагүй Засгийн газрын өөрсдийнх нь шийдвэр байжээ. Тиймээс ОУВС-тай холбоотой бүх зүйлийг дахин эргэж харах шаардлагатай болсон. Ардчилсан намынхан үүнийг шахаж ажиллана.

-Энэ сонгуулийг ерөнхийд нь дүгнэхгүй юу?

-Энэ сонгууль бүхэлдээ, ялангуяа сошиалд бие биенээ харлуулсан сонгууль боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд мөрийн хөтөлбөр огт дурдагдсангүй, үүнийг сонгогчид уншсан ч үгүй. Хэн нь илүү мөрийн хөтөлбөр дэвшүүлж бидний амьдралыг дээшлүүлэх вэ, хэн нь шударга ёсыг тогтоох вэ гэдэг хэмжүүрийг гаргаж чадсангүй. Хэтэрхий хөнгөн мэдээлэл нь сонгогчдыг татсан, тэр мэдээллээрээ иргэдийн саналыг авах гэж үзлээ. Цаашид бид нийгэм, эдийн засгийн төлөө, иргэдийн сайн сайхны төлөө зөв байр сууринд нэгдэж байж урагшилна. Хамтдаа урагшлах бодлогыг гурван нэр дэвшигч аль аль нь гаргасангүй. Тиймээс сонгуулийн сурталчилгаа өмнөх сонгуулиудаас хөнгөн болж хувирсан.

-Өмнөх санал хураалтаар Цагаан хуудас 18 мянга тоологдсон. Энэ нь төрд ялангуяа АН, МАН-д итгэх иргэдийн итгэл алдарч. Тэр утгаараа гуравдагч хүчний орон зайд дэвшсэн С.Ганбаатар өндөр санал авчих шиг болсон…

-Ард түмэн 2016 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан намын хийж бүтээсэнд нь онц дүн тавьсан. Харин эвлэлдэн нэгдэх, нэгнээ хүндлэх, үйл ажиллагааг нь дэмжих тал дээрээ учир дутагдалтай байна. Хоорондоо фракцлаад улс оронд эв нэгдлийг авч ирж чадахгүй байна гээд үүнийгээ гурван үгэнд багтааж хариу өгсөн.

-Тэр гурван үг нь…

-“Засаглаж чадахгүй байна” гэдэг үг. Ганцхан өгүүлбэрээр манай намд дүн тавьсан. Ард түмэн Ардчилсан намд хайртай учраас хатуу дүн тавьсан гэсэн үг. Ард түмний хатуу сануулгыг Ардчилсан нам засч яваа. Манай нам гишүүдийн нам болж чадсан. Намын сонгуульт албан тушаалтнууд жирийн гишүүдээсээ сонгогддог болсон. Гишүүдийн нам болно гэдэг чинь ард түмний нам болж байна гэсэн үг. Намынхаа долдугаар Их хурлаараа дүрмээ шинэчлэн баталсан. Дүрэм нь хүссэн хүсээгүй биднийг гишүүдийн нам болгож байгаа юм. Намдаа сонгуульт албан тушаалтан болохын тулд заавал анхан шатны үүр дээрээ очиж гишүүдтэйгээ уулзаж сонгогддог болохыг дүрмээрээ шаардаж байгаа. Сонгуулийн нэгдүгээр санал хураалтыг харахад хэдийгээр гурван нэр дэвшигч хангалттай санал аваагүй ч Ардчилсан намыг эв нэгдэлтэй болж байна гэж ард түмэн үзсэн. Тэр утгаараа манай намаас нэр дэвшигчид хамгийн олон саналыг өгсөн юм.

-Иргэд санал хураалтад цагаан хуудас өгнө гэж байна. Уг нь дөрвөн жилд нэг удаа олдох боломж юм биш үү?

-Цагаан хуудас уншуулаарай гэж уриалж байгаа хүмүүс зөвхөн амиа боддог, тэр нам нь зөвхөн нэг хүний төлөө ажилладаг учраас ийм зүйлд уриалж байна. Цагаан хуудсыг санал тоолох машинд уншуулаарай гэж уриалж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Тиймээс иргэд дөрвөн жилд нэг удаа Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгдөг боломжоо ашиглах ёстой.

-Багшийн хөгжлийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Таны зүгээс хуульд заасан заалтуудыг авсан гэдгийг мэдээлсэн. Тэр утгаараа дэмжихгүй гэж байсан. Уг хуулиар ямар харилцааг зохицуулах юм бэ?

-Багшийн хөгжлийн тухай хууль тунхагийн шинжтэй хууль гэж ойлгож болно. “Тэгж болно”, “Ингэж болно” гэсэн хоёр үзүүртэй зүү шиг хууль. Шууд хариуцлагажуулсан зүйл байхгүй. УИХ-ын дарга М.Энхболд “Ардчилсан намынхан завсарлага аваад энэ хуулийг хаврын чуулганаар багтаан баталж чадсангүй” гэдэг зүйлийг ярьж байна лээ. Үнэндээ бол хэт улс төржсөн хууль байгаа юм. Өнгөрөгч долоо хоногт УИХ-д орж ирээд хэлэлцэх эсэх асуудлыг шийдсэн. Ер нь хуулийн төслийг батлахын тулд нэг сар орчмын хугацаа зарцуулдаг. Гэтэл Багшийн хөгжлийн тухай хуулийг долоо хоногийн дотор батлах гэж зүтгэсэн. Ингэж улс төржиж болохгүй. Энэ хуулинд 18 төрлийн төсөвтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр байгаа юм. Төсвийн тухай хуулийн 3.3.4-т “Төсвийн харилцааг зөвхөн Төсвийн тухай хуулиар зохицуулна” гээд заачихсан байдаг. Нэг үгээр хэлбэл бусад хуулиар зохицуулахыг хориглосон. Тэр утгаараа уг хуулийн төсөлд суулгасан төсөвтэй холбоотой харилцаа төсөв баталтал хэрэгжих боломжгүй. Тухайлбал, багш нар хичээл заасан багш нарын заасан цагт урамшуулал олгож болно гэсэн байгаа. Энэ нь олгож ч болно, олгохгүй байсан ч болно гэсэн үг. Сангийн яамныхан төсөв хэлэлцэхдээ олгож ч болно, олгохгүй ч байсан болно гэдэг хоёрдмол утгатай байгаа тул бид хэрэгжүүлэхгүй гээд явчих юм л даа. Мөн Боловсролын тухай хуульд заасан багш нарын нийгмийн асуудлыг шийдсэн хэд хэдэн заалтыг хүчингүй болгохоор оруулж ирсэн. Энэ хүрээнд төрийн өмчийн сургууль харгалзахгүй багш нарыг таван жилд нэг удаа мэргэжил дээшлүүлнэ гэсэн заалтыг хасчихсан байх жишээтэй. Бусад аймаг, сумдын багш нартай туршлага солилцох ажил бүр байхгүй болсон. Ялангуяа орон нутгийн багш нар мэргэжил дээшлүүлэх сургалтад суух, сурах маш дуртай байдаг. Газар газрын багш нар уулзаж санал солилцох боломж гардаг юм.

-Асуудал дагуулсан өөр ямар ямар заалт байгаа юм бол?

-Тухайн мэргэжлээр сурч буй оюутан, магистрантурын оюутанд Боловсролын сангаас олгодог зээлийг хассан. Ингэж хасахдаа тухайн орон нутгийнх нь засаг захиргаанд шилжүүлсэн. Өмнө нь багшийн мэргэжлээр сурч буй оюутан бага хүүтэй зээл авч мэргэжил эзэмшдэг байсан бол энэ хуулиар төрөөс ямар ч дэмжлэггүй болно гэсэн үг. Манай тойрогт таван сум байдаг. Гэтэл сүүлийн таван жил багш мэргэжлээр орон нутгийн хөрөнгөөр ганц ч хүн сургаагүй. Орон нутгийн төсөв тухайн сумандаа дөнгөн данган хүрдэг тул түүнээс илүүчилж багш бэлтгэх боломжгүй байдаг л даа. Багш бэлтгэхээс илүү нэн чухал хийх ажлууд байдаг. Тэр мөнгөнөөс багш бэлтгэнэ гэдэг угаасаа боломжгүй. Ингэснээр төрөөс дэмжиж багш бэлтгэдэг институцийг бүрэн устгаж байна гэсэн үг. Боловсролын тухай хуулийн 43.1.7-д Ерөнхий боловсролын болон Сургуулийн өмнөх боловсролын багш болон бусад ажилтнуудад таван жилд нэг удаа зургаан сарын цалингийн тэтгэмж олгодог байсныг болиулсан. Тухайлбал, Ховд аймгийн Чандмань сумын сургуульд 75 хүн ажилладаг. Тэднээс 35 нь зургаан сарын тэтгэмж авдаг байсан бол 10 хүнийг энэ тэтгэмжээс хасахаар оруулж ирсэн нь буруу. Үүнд сургуулийн захирал, сургалтын менежер хоёр, дотуур байрны багш хоёр, албан бус боловсролын багш нэг, нийгмийн ажилтан хоёр, номын санч, эмч нар багтаж байгаа юм.

-Гишүүдэд тараагдсан хуулийг өөрчилсөн гээд байсан. Тэр нь ямар учиртай юм бэ?

-Гишүүдэд тараасан хуулийн төсөл тэр дундаа надад ирсэн хууль 17.1.4 дүгээр заалтаар дуусч байсан. Өнгөрөгч даваа гаригт би энэ хуулинд ийм ийм зүйл дутуу орсон байна гээд мэдээлэл хийсэн. Гэтэл 17.1.8 гэсэн заалт нэмээд оруулаад ирсэн. Энэ нь үнэнд гүйцэгдэж байгаа хэлбэр л дээ. Тэр утгаараа уг хуулийн төсөлд нийгмийн халамжийн тал дээр дэвшил бус ухралт гарсан.

-Энэ хууль эдийн засаг талаасаа төсөвт дарамт учруулах уу?

-Уг хуулийн хүрээнд 335 багшийн нийгмийн асуудлыг л шийднэ. Тухайлбал, 100 багшид орон нутгийн засаг захиргаа тэтгэлэг олгоно. Энэ нь Монгол Улсын хэмжээнд юм шүү. Мөн багшийн мэргэжлээр сурч буй 50 оюутан жилд тэтгэлэгт хамрагдана. Нэг жилд 55 туслах багшид цалин олгох асуудал байгаа. Сургууль, цэцэрлэгийн багш магистр, докторантурт суралцахад жилдээ 30 багшид тэтгэлэг өгнө. Аймаг бүрээс нэг хүн, есөн дүүргээс нэг нэг хүн гэсэн үг. Энэ хуулийн хүрээнд ипотекийн зээлийн асуудал хөндөгдсөн. Нэг жилийн хугацаанд 50 багш ипотекийн зээлд хамрагдана. Нэр бүхий багш хүнд өвчин туссан бол нэг удаадаа 600 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг олгож болно гэсэн байгаа. Энэ нь мөн 50 багшид хамаарна. Олгож болно гэдэг нь олгохгүй байж ч болно гэсэн үг. Асуудал шийдвэрлэх хүрээнд 335 багшид л энэ хууль үйлчилнэ. Эдгээр багшийг хэний шийдвэрээр сонгох юм. УИХ-ын гишүүн, Засаг дарга нар шийднэ. Тэдний хамаатан, тэдэнд ойр байгаа хүмүүс багтана. 50 багш жилд ипотекийн зээлд хамрагдахад хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа нийслэлд 25 квот нь үлдэнэ. Үлдсэн 25 квот нь нэг нэгээрээ 21 аймагт хуваарилагдана гэсэн үг. Энэ нь багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж буй асуудал огт биш. Тиймээс энэ хууль хэтэрхий өрөөсгөл. Сонгууль угтан гаргах гэж зүтгэсэн, Багшийн хөгжлийн тухай нэртэй багш нарийн эсрэг явсан тийм л хуулийн төсөл.

Categories
мэдээ цаг-үе

​​Ардын багш Ш.Чоймаа: Аав минь надад эрдэм номыг туйлд нь хүртэл сур гэж эрхэмлэн захисан даа

Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхолт, гавьяат багш, МУИС-ийн зөвлөх профессор Шаравын Чоймааг Монгол Улсын Ардын багш цолоор шагнасан баярт үйл явдал болсон билээ. Түүний монгол хэл бичиг, түүх соёлыг заан сургах, түгээн дэлгэрүүлэх, судлан шинжлэх, монгол судлалыг хөгжүүлэх, монгол үндэстний оюун санааны дархлаа, эв нэгдлийг бэхжүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь төр ийнхүү үнэлсэн юм. Ингээд Ардын багш Ш.Чоймаатай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын багш хэмээх эрхэм цол хүртлээ. Танд баяр хүргэе. Энэ баярт мэдээг хэзээ дуулав. Баярын сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Аардын багш гэдэг ариун алдрыг хүртээсэн баярт мэдээг шагнал авахаас хоёр хоногийн өмнө надад дуулгасан. Их баярласан шүү.

-Төр түмний их баяр наадам болж өнгөрлөө. Та сайхан наадав уу?

-Монголчууд эрийн гурван наадмаа эрт цагаас эдүгээ хүртэл өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн уламжлалтай. Монгол хүн бүрийн сэтгэлийг догдлуулсан сайхан баяр байдаг. Бөх, морь, харваачдаа харж хийморио сэргээх гэсэн хүсэл монгол хүн бүрт байх юм даа. Очоод үзэж чадахгүй ч наадмын сонин сайхныг чагнаж, баярлаж сууна. Ер нь биднийг залуу байх үед морь, бөхийг их сонирхдог байж. Харин өнөө үед сурын харваа дэлгэрч, өргөн хүрээтэй болж байна. Морины тухайд, энэ жил эрлийз морьдыг уралдуулахгүй гэсэн шийдвэр гарчээ. Зарим насанд цөөн морьд уралдсан гэнэ. Мэдээж аливаа зүйл хоёр талтай. Монгол наадмаа монгол төрхөөр нь байлгах нь зүйн хэрэг. Гэхдээ уралдуулахаас нь өмнө монгол адууныхаа удам угсааг хамгаалах талаар олон зүйлийн ажил үйл хийх хэрэгтэй. Биднийг залууд уяачид маань бэлчээр усаа сонгон идээшлүүлж, уяа сойлгоо тааруулаад уралдуулдаг байсан. Гэтэл одоо тамир тэнхээ оруулах элдэв бэлдмэл, амин дэм зэргийг хэрэглэж байгаа нь бөхчүүд допинг хэрэглэсэнтэй дөхөж очих байх шүү. Эргээд бодоход хурд хүчээ сорьж буй нутаг нутгийн шандаст хүлгүүдэд адилхан амин дэм, бэлдмэл хэрэглэж чадах уу. Үүнээс гадна хурдан моринд хүчтэй эм, бэлдмэл хэрхэн нөлөөлөх бол гэдгийг бодууштай. Бөхийн тухайд олон сайхан залуу бөхчүүд төрөн гарчээ. Харин улсын наадамд бөхийн найраа гэх ёс зүйгүй зүйл газар авчээ. Дээр үед ахмад бөхчүүд өсөх ирээдүйтэй, сайн бөх болох залуу хүнийг дэмжин, урам зориг нэмэх гэж тахимаа өгдөг байжээ. Бүр зодог шуудгаа ч өгөх тохиолдол бий. Дараа нь өнөөх бөхөө хараад үнэхээр сайн барилдаж байвал, зөв хүнээ дэмжсэн байна хэмээн өөртөө бахдаж, баярлаж суудаг байсан. Ямартай ч наадам болдгоороо сайхан боллоо.

-Та Говь-Алтай аймгийн Шарга сумын хүн. Шаргын говиосоо анх хэзээ, ямархан хүсэл өвөртлөөд гарч байв даа?

-Би Шаргын говийн хүн л дээ. Тэмээ, говь, заг, элс, халуун нар, ялаа батгана. Говь минь сайхаан. Найм, ес, арван сард бол бараг халуун намраараа байдаг. Би Шарга сумандаа дөрвөн жилийн сургуулиа төгсчихөөд, зэргэлдээх Төгрөг суманд очиж долдугаар ангиа дүүргэсэн юм. Дараа нь Говь-Алтай аймгийн төвд арван жилээ төгссөн. Ээж минь намайг дөрөвдүгээр анги төгсөхөд бурхан болсон. Харин аравдугаар ангид байхад аавын минь бие чилээрхэж, би хагас жил аавыгаа асарсан. Хэдий аавыгаа асраад аравдугаар ангидаа бүрэн суугаагүй ч хавар шалгалтаа өгч, сургуулиа алтан медальтай төгссөн. Алтан медальтай төгссөн учраас хамгийн түрүүнд орж, их, дээд сургуулиудын хуваарийг сонгох эрх олдсон л доо. Ингээд л 1971 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангийн хуваарийг авч хот хүрээг зорьж ирсэн дээ.

-Таны аавыг их номтой лам байсан гэж сонссон юм байна?

-Аав минь одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил сумын хүн л дээ. Найман настайдаа Усан зүйлийн хүрээнд шавилан сууж, номын мөр хөөж эхэлсэн гэдэг. Тэндээ Эрдэнэ хамбаар арван жил ном заалгаад, Да хүрээнд ирсэн юм билээ. Харин Гандантэгчинлэн хийдийн Дашчоймбол дацанд Чойрын ном үзэж байгаад Богдын хүрээнд гамингууд орж ирэн, цаг үймэхэд нутгаа зорьж л дээ. Гэсэн ч нутагтаа төд удалгүй өвгөн лам Наваантай хамт Гүмбэм, Лавран, Лхасад ном үзсэнээр равжамбын цол хүртээд 1943 онд нутагтаа ирсэн гэдэг юм. Ямартай ч аав минь буддын гүн ухаанд нэвтэрсэн, ном судрыг дээдлэгч нэгэн байсан даа. Тиймдээ ч намайг эрдэм номын мөр хөөлгөхөөр бага балчраас минь анхаарч эхэлсэн нь дамжиггүй. Надад номыг туйлд нь хүртэл сур гэж эрхэмлэн захидаг байсансан.

Ш.Чоймаа аавын хамт

-Тиймдээ ч аав тань таныг бичгийн хүн болох эхлэлийг нь тавьж төвд бичиг зааж эхэлсэн болов уу?

-Аав минь сургуульд орохоос өмнө кирилл үсгийг хэдхэн хоногт өөрөө сурчихаад, тэгээд дараа нь надад заасан. Би уншиж, бичиж, тоо боддог болчихоод л сургуульдаа орсон. Мөн надад Ванчиг гэдэг хүнээр монгол бичиг заалгасан юмдаг. Монгол бичгээр байгаа элдэв сонин зохиол шимтэн уншдаг байсан даа. Харин төвд бичгийг аав минь анх зааж өгсөн. Их сургуулийн төвд хэлний багш, профессор Дорж гэдэг урьд цагийн гавж хүн “Төвд хэл бичигт суралцах дэвтэр” хэмээх гурван боть сурах бичиг гаргажээ. Эхний дэвтэр нь 1962 онд гарсан юм билээ. Тэр дэвтрийг Улаанбаатар хотоос аавд хүн явуулсан байсан. Түүнийг үзчихээд “Төвд бичгийн тухай ном хүртэл гарчээ. Засаг төрийн бодлого төвд бичгийг үзэж, сурч болно гэж байгаа юм байна” гээд надад төвд бичиг зааж эхэлсэн. Энэ мэт аав минь намайг эрдэм номын мөр хөөлгөхийн тулд сэтгэл, оюунаа зориулж байсан. Мөн надад элдэв сонин түүх, “Үлгэрийн далай”, “Саран хөхөөн үлгэр” зэргийг ярьж өгдөг байлаа. Энэ үеэс л түүх соёл миний дур сонирхлыг татах болсон хэрэг.

-Таныг их сургуульд элсэн ороход тань хэн гэдэг эрдэмтэн, багш нар угтан авч байв даа?

-Би их азтай хүн л дээ. Намайг их сургуулийн босго алхахад эрдэм мэдлэгийн ундарга болсон олон сайхан буурлууд байлаа. Алдарт эрдэмтэн Шадавын Лувсанвандан багш, Монгол бичгийн Д.Чойжилсүрэн, төвд хэлний Х.Гаадан, манж хэлний Я.Шаарийбуу тэргүүтэй олон сайхан багш нар байсан. Харин их сургуулиа төгсөөд, тэндээ багшаар үлдсэн. Өнөөх сайхан буурлуудтайгаа хамт ажиллаж, бүр ч их зүйлийг сурч эхэлсэн дээ. Нөр их мэдлэгтэй, туршлагатай уул шиг түшигтэй буурал багш нар минь надад үнэхээр нөмөр нөөлөг болж байсан. Чамгүй багш болоход минь тэдний л тус дэм их байсан. Өнөөдрийг хүртэл тэр ач тусыг нь санасаар л явна. Би “Д.Чойжилсүрэн багшийн бие, хэл, сэтгэлийн дуурайл” гэсэн өгүүлэл бичсэн. Хүн гэдэг амьтан бие, хэл, сэтгэл гурваас л бүрддэг. Арван хар нүгэл, арван цагаан буяныг ч бие, хэл, сэтгэл гурваараа л үйлддэг шүү дээ. Хүний хэлж, хийж байгаа нь таарна гэдэг хэцүү. Харин Чойжоо багшийн минь бие, хэл сэтгэл гурвын цагаан үйл нь нэгэн цэгт огтлолцдог тийм л хүн байлаа.

-Үйлс хэргийг тань үргэлжлүүлж буй олон сайхан шавь нар байгаа байх?

-Миний анхны шавь нар та бүхний мэдэх сэтгүүлч Ш.Ёолк, 25-р суваг телевизийг үүсгэн байгуулсан А.Авирмэд нар шүү дээ. Багш болчихоод тэдний ангийг дааж авч байсан юм. Яриад байвал олон шавь нар бий. Дөч шахам жил МУИС-д хичээл заалгасан шавь нараас гадна 1980-90-ээд оны заагийн хэдэн жил зурагтын цэнхэр дэлгэцээр монгол бичиг сурсан янз бүрийн насны тун олон эчнээ шавь бий. Гудамжинд, хөдөө гадаа “Сайн байна уу, Чоймаа багш аа” гэх таних, танихгүй маш олон хүн тааралддаг.

-Судалгаа шинжилгээний ажлаа хэдийнээс эхэлж байсан бэ?

-Оюутан болохдоо судалгааны ажлын дөртэй болох гэж хичээж байлаа. “Монгол хэлний зарим үгийн эхний “X” гийгүүлэгчийн тухай” гэсэн илтгэлийг оюутны эрдэм шинжилгээний хуралд тавьж байлаа. Их сургуулийн багш хүн бол судлах, сурах хоёрыг хослуулж явдаг. Ахмад эрдэмтэн судлаачдаас сайшаалын үг сонссон анхны судалгаа маань “Монголын нууц товчооны “бээр” сул үгийн тухай” илтгэл байсан. Энэ үеэс миний судалгаа шинжилгээний ажил эхэлсэн гэж болно.

Одоогоор гадна, дотно хэвлэгдсэн 70 шахам ном зохиол, сурах бичиг, толь зэрэг байна. Судалгааны өгүүлэл нийт 80 гаруйг бичжээ. Зарим нь гадаадын эрдэм шинжилгээний тогтмол сэтгүүл болон эмхэтгэлд хэвлэгдсэн. Мөн эрдэм шинжилгээний хуралд 70 гаруй илтгэл тавьжээ. Судалгааны хялбаршуулсан өгүүлэл, заах арга зүйн холбогдолтой өгүүллүүд, эрхэлж, эмхэтгэсэн болон хянан тохиолдуулсан ном зохиол гээд чамгүй л зүйлийг хийж бүтээж дээ.

-Та мөн Монголын нууц товчоог чамгүй судалсан шүү дээ?

-Би Монгол хэлний түүхэн хэл зүй гэдэг хичээлийг олон жил заасан. Монгол хэлнийхээ түүхэн хувьсал хөгжлийг судлахын тулд үе үеийн бичгийн дурсгалыг зайлшгүй үзнэ. Монголын нууц товчоо болон дунд үеийн монгол хэлний хосгүй сурвалж бичгүүд. Монголын нууц товчоог олон орны нэрт монголч эрдэмтэд судалсан. Гэвч судлах зүйл их бий. Миний хийсэн зүйл гэвэл нэгдүгээрт, Монголын нууц товчооны тухай судалгааны олон өгүүлэл бичжээ. “Монголын нууц товчоо хийгээд монгол сурвалжийн судалгаа” гэсэн ном 2007 онд Өмнөд Монголд хэвлэгдсэн. 2007 оноос хойш цөөнгүй өгүүлэл бичжээ. Хоёрдугаарт, Монголын нууц товчооны эртний эхийг сэргээн бүтээх ажлыг хийсэн. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жиийн ойгоор, Монголын нууц товчооны хосгүй ганц хувийг есөн эрдэнээр бүтээн Төрийн ордонд залах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарч, уг ажилд оролцсон. Миний бие Монголын нууц товчооны галиг эхүүд болон XIII, XIV зууны монгол бичгийн дурсгалуудыг харьцуулан судалж анхны эхийг сэргээн бичих ажлыг хийсэн. Бичгийн тигийг сонгохдоо 1312 оны Чойжи-Одсэрийн Бодичаръяа аватарагийн орчуулгын модон барын үсгийн хэв, хэлбэрийг авсан. Монголын нууц товчооны анхны эхийг сэргээн бичнэ гэдэг амаргүй ажил. Нэг үгээр хэлбэл судалгааны ажил байсан. Түүнээс гадна “Монголын нууц товчоо эртний үг хэллэгийн түгээмэл тайлбартай шинэ хөрвүүлэг” хэмээх ном гаргасан. Энэ номын гол зорилго нь Монголын нууц товчооны жинхэнэ эхэд тун ойр хөрвүүлсэн, үг хэллэгийн дэлгэрэнгүй тайлбартай эхийг уншигчдадаа хүргэх явдал байсан. Монголын нууц товчооны талаар хийсэн миний судалгааны гол бүтээлийн нэг нь “Монголын нууц товчоон” Лувсанданзаны “Алтан товч”-ийн эхийн харьцуулсан судалгаа билээ. 2002 онд хэвлэгдсэн энэ бүтээл минь Монголын нууц товчооны судлалд багагүй хандив нэмэр болсон хэмээн судлаачид үнэлдэг.

-Та монгол бичгээ олон ч хүнд заасан. Түмэнд түгээх үйлсийг хийсээр өдийг хүрчээ. Цэнхэр дэлгэцээр ч зааж байсныг тань дээр дурдсанчлан олон хүн мэднэ байх…

-Би Монгол бичгийг бүх нийтэд 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр заасан, дунд сургуулийн сурах бичгийг ч олон жил зохиолцлоо. Толь бичгийн зүйлийг ч мөн цөөнгүй гаргасан. Үндэснийхээ бичиг үсгийг монгол түмэндээ сургаж, түүгээр туурвисан олон зууны судар, шастираа уншиж, ухдаг болоход нь туслах гэж зүтгэсээр явна. Мянга шахам жилийн тэртээд энэ монгол бичгийн зөв бичих дүрмийг ямар гайхалтай мэргэн зохиосон юм бэ гэдэг нь үнэхээр бахадмаар. Зураг шиг л, тухайн үгийн гарал нь агуулагдаж байдаг. Тухайлбал, дарга гэдэг үгийг монгол бичгээр даруга гэдэг. Дарамт, дарлал, дарш, дарангуйлал, дарлал гэх мэт үгийн язгуурыг үзэхээр дару гэсэн язгуур зураг шиг л харагдана. Тэр дару язгуур нь дээрээс, доошоо хүчлэх гэсэн гол утга нь илхэн. Их Монгол Улсын үед эзлэн тохинуулсан улс, орондоо даргач нарыг тавьж, захируулдаг байжээ. Тухайн орныг даран захирч, эзлэж сууна гэсэн үг. Ингээд харахад хийсвэр ч бай, бодитой ч бай ямар ч зүйлийг олон талаас нь бодож нэрлэсэн нь гайхалтай байгаа юм.

-Та нэгэнтээ “Эх хэлнийхээ үг, эх орныхоо чулуу бүрийг хамгаалаарай” хэмээсэн байдаг. Бид эх хэлээ хамгаалахын тулд яах ёстой вэ?

-Хэл гэдэг хамгийн тогтвортой байдаг зүйл. Хэдий мөхөж алга болохгүй ч монгол хэлээ мохоож, эх хэлээ эвдэж, үндэстний бичгээ үгүйсгэж байгаа гажуудал бол байна. Тиймээс олон зуун жилийн, олон зүйл мэдлэг ухааны судар шастирын үг хэллэг, найруулгын хэв намбад эргэн суралцах нь нэн эрхэм. Үг нь монгол боловч махчлан буулгасан орчуулгын үг хэллэг монгол хэл, монгол сэтгэлгээг алгуур хөнөөх аюулын нэг бөгөөд бас л харь хэлний нөлөөтэй холбогдох зүйл. Социализмын үеэс орос зэрэг өрнө дахины хэлнээс махчлан орчуулсан цөөнгүй үг хэллэг өнөө үед бүр хэвших хандлагатай болжээ. Тухайлбал, тусламж үзүүлэх, хүндэтгэл үзүүлэх, хөнгөлөлт үзүүлэх гэх мэт. Эдгээрийг туслах, хүндэтгэх, хөнгөлөх гэж бичих нь зүйтэй. Монгол хүн юм бол, монгол хэл бичгээ зайлбаргүй мэддэг байх ёстой хэмээсэн бичигдээгүй хуулийг хэрэгжүүлж, бас монгол хэлээ мэддэггүйгээ мэддэггүй хүмүүсийг ухааруулж чадваас монгол хэлний дархлаа бий болно. Энэ нь үндэсний аюулгүй байдал, улс орны тусгаар тогтнолтой шууд холбогддог тул төр, засгаас зохих хууль, эрхзүйн орчныг бүрдүүлж өгч, байнга анхаарах, хянах ёстой.

-Та ханийнхаа тухай яриач. Энэ их бичгийн хүний ар талыг авч явна гэдэг амаргүй даваа байдаг болов уу?

-Ханьтайгаа арван жилдээ л хамт сурч байсан. Тэгээд л сүүлдээ нэг гэр бүл болцгоосон л доо. Одоо дөрвөн сайхан хүүхэдтэй.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 27 хэмийн дулаан байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд зарим газраар түр зуурын бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор 20-25 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй Шөнөдөө нутгийн зүүн, өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 13-18 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 24-29 градус, өмнөд хэсгээр 27-32 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 2 дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр 2 дүүрэгт цахилгаан хязгаарлана зурган илэрцүүд

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу маргааш хоёр дүүрэгт цахилгаан түр хязгаарлана. Тодруулбал,

Баянзүрх дүүрэг

09:30-16:30 цагт: 20-р хороо Баянгол тохижилт, Тоосгоны үйлдвэр, Иргэн Баянмөнх, Наранцэцэг, УБ Бодь буян, Рэндэр ХХК-ууд, Гачуурт тосгон,

Баянгол дүүрэг

10:00-16:30 цагт: 13, 14, 15-р хороо 3-р хороолол 1, 2А-В, 9, 2Г, 2Д, 3-12, 13А-В, 14-23А-В, 24-32-р байр болон эдгээрийн ойр орчмоор.

Categories
мэдээ нийгэм

​Зам тээврийн салбарын гавьяат нисгэгч, тээвэрчиддээ хүндэтгэл үзүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат нисгэгч цолоор Монголын агаарийн тээвэрлэгчдийн холбооны тэргүүн Л.Нямбаяр, “МИАТ” ХК-ийн агаарын хөлгийн дарга З.Энхбаяр нарыг энэ сарын 9-нд шагнажээ.

Мөн Монгол Улсын гавъяат тээвэрчин цолоор Монголын хувийн автобусны эзэд жолооч нарын холбооны тэргүүн Х.Галмандах, МУ-ын заан Д.Долгорсүрэн нар шагнагдсан байна.

Зам тээврийн салбараас төрсөн гавъяат нисгэгч, тээвэрчиддээ Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон тус яамны удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.

Categories
мэдээ улс-төр

​Берлин хотын Захирагч Гандантэгчинлэн хийдтэй танилцлаа

Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй танилцлаа. Төлөөлөгчид төв хийд болон ховор үнэт номын сангаар орсон юм. Мөн Берлин хотын төлөөлөгчдөд Гёте институт хэрэгжүүлж буй төслөө танилцууллаа. “Гандантэгчинлэн хийдийн сэргээн засварлах урлан байгуулах” төсөл нь 2 жилийн хугацаанд хэрэгжих юм байна. Ганданд хадгалагдаж байгаа эртний ном судрыг сэргээн засварлаж, үнэт ховор судруудыг цахим хэлбэрт оруулж, хойч үедээ хадгалан үлдээх зорилготой аж. Уг төслийг хэрэгжүүлэх хүрээнд ХБНГУ-ын 2 мэргэжилтэн Гандантэгчинлэн хийдийн лам нарт сургалт явуулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​400 гаруй “Приус” автомашины татварыг буцаан олгожээ

Холбоотой Зураг

Онцгой албан татварын тухай хуулийг өөрчилж хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинаас онцгой албан татвар авах шийдвэр тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Гэвч ченжүүд болон иргэдийн эсэргүүцэл, санал хүсэлтийг харгалзан энэ хугацааг түр хойшлуулах, мөн авсан татварыг буцаан олгохоор болсон.

Үүний дагуу Онцгой албан татварын тухай хууль буюу гаалиар орж ирж байгаа “Приус” автомашинаас татвар авах ажил долдугаар сарын 1-нээс дахин хэрэгжиж эхлээд байна.

Хууль хэрэгжиж байсан өмнөх хугацаанд нийт 670 автомашин гаалиар орж ирсэн байдаг. Үүний татварын хэмжээ нийт 1 тэрбум 185 сая төгрөг болсон байна. Үүнийг буцаан олгойх ажил эхлээд байна.

Иргэдийн хувьд төлсөн татвараа буцаан авахын тулд эхлээд Гаалийн ерөнхий газарт бичиг баримтаа бүрдүүлж өгөх ёстой. Тэрхүү бичиг баримтыг нягталж шалгаад, Сангийн яам руу шилжүүлэх юм.

Опдоогоор нийт 670 автомашины татвар буцаан олгохоос 418-ыг олгожээ. Мөн 48 автомашины бичиг баримт Гаалийн ерөнхий газарт ирсэн тул удахгүй олгох аж. Ингэж тооцохоор 204 автомашины татварыг буцаан олгох ажил үлджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Т.Оошимагийн айлчлал албан ёсоор эхэллээ

УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима 2017 оны 7 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал эхэллээ.

Түүний айлчлал өнөөдөр албан ёсоор эхлэх юм. Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нартай уулзана. Эдгээр уулзалтын үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийг хоёр талын болон олон улс, бүс нутгийн түвшинд хөгжүүлэхэд хоёр улсын парламент нягт хамтран ажиллах талаар санал солилцох юм.

Энэхүү айлчлал нь Япон Улсын хууль тогтоох дээд байгууллагын удирдлагын түвшинд манай улсад хийгдэж буй анхны айлчлал бөгөөд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2017 оны 03 дугаар сарын сүүлчээр Япон Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошиматай уулзалт хэлэлцээ хийж, хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон юм.

Categories
мэдээ спорт

​Ц.Содномдоржийн цолны мялаалга наадам энэ сарын 27-нд болно

Улсын арслан Ц.Содномдорж зурган илэрцүүд

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Улсын арслан цол хүртсэн билээ.

Тэгвэл шинэхэн арслан Ц.Содномдоржийн цолны мялаалгын наадам долдугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд болохоор товлогджээ. Цолны мялаалгад түрүүлсэн бөхийг 15 сая төгрөгөөр шагнах юм байна.

Categories
мэдээ улс-төр

​Үндсэн хуулийн өөрчлөлтөөр цахим хурал хийнэ

Үндсэн хуулийн зурган илэрцүүд

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотойгоор зохион байгуулагч Ажлын хэсгээс өнөөдөр 10 цагаас Төрийн ордны 4 дүгээр давхрын Нээлттэй сонсголын танхимд орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийхээр болжээ.

Цахим хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцүүлгийн явцын талаар санал солилцох юм байна.