Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АТГ-аас ирүүлсэн бичигт хариу өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авилгатай тэмцэх газрын удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэрээ 60 тэрбумаар Монголын төрийн албан тушаалыг арилжаалах сэдэл бүхий 90 минутын бичлэг, танилцуулгыг шалгах ажлын талаар тодруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа буюу 2017 оны зургадугаар сарын 6-нд тус газарт хандан өөрийн биеэр хүргэж өгсөн уг асуудлыг шалгуулах тухай хүсэлтийнхээ хариуг яаралтай өгөхийг шаардсан юм. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан албан бичиг АТГ-аас энэ долдугаар сарын 24-нд ирсэн байна.

Уг бичигт 60 тэрбумын бичлэгтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгээгүй, урьд нь энэ хэрэг шалгагдаад эвлүүлэг байна гэх шалтгаанаар хаагдсан талаар дурджээ.

АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргалын гарын үсэг бүхий уг албан бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр дараах хариуг өглөө.

Уг албан бичигт “Таны Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад ирүүлсэн 2017 оны 7 сарын 24-ний өдрийн 01/5731 тоот албан бичгийг Ерөнхийлөгчид биечлэн танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “60 тэрбумын” гэх хэрэгт авилгатай тэмцэх үүргийг хуулиар хүлээсэн байгууллагууд хэрхэн хандаж, шийдвэрлэж буйг анхааралтай ажиглах болно гэдгээ Тантай 2017 оны 7 сарын 24-ний өдөр хийсэн уулзалтын үеэрээ мэдэгдсэн билээ. Монголын ард түмний анхаарлын төвд байгаа тус асуудал нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлыг хөндөхүйц хэмжээний өргөн хүрээтэй, улс төрийн намын удирдлага, зохион байгуулалттай, төрийн тогтолцоог авилгын сүлжээ болгон хувиргах үр дагавартай байж болзошгүй учраас уг асуудалд мэргэжлийн өндөр түвшинд анхаарч ажиллахыг Ерөнхийлөгч Танай байгууллагад онцгойлон анхааруулсан гэж үзэж байна.

Тэргүүн комиссар Х.Энхжаргал таны мөн өдөртөө багтаан гарын үсэг зурж Ерөнхийлөгчид ирүүлсэн 01/5731 тоот албан бичгээс үзэхэд Та өөрөө энэ асуудлыг бүрэн судлаагүй, эсхүл тус асуудалд ихээхэн хайхрамжгүй хандаж ирсэн нь харагдаж байна. Таны захидалд дурдсан олон зүйлс олон нийтийн мэдэж байгаа нээлттэй мэдээллээс зөрүүтэй буюу Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны мэргэжлийн, шударга байдалд эргэлзэхэд хүргэхүйц хариулт болсонд харамсаж байна.

“60 тэрбумын” гэх асуудал нь нэг бус нотлох баримттай, бүх нотлох баримт нь олон нийтэд ил тод цацагдсан “шилэн” нөхцөл байдалтай байгаа энэ үед АТГ-ын үйл ажиллагааг иргэд, татвар төлөгчдийн өмнө эргэлзээтэй байдалд оруулж буй зарим хандлага, үйлдэл ажиглагдаж байна. Үүнд:

  1. АТГ-ын ахлах комиссар Б.Бат-Олзвой нь МАХН-ын 2016 оны 6 сарын 24-ний өдрийн 2/15 албан бичиг, Ардчилсан Намын 2016 оны 6 сарын 27-ны 1/49 тоот албан бичгээр тус тус ирүүлсэн М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нартай холбогдох албан тушаал наймаалцан сонгуулийн санхүүжилтийн хөрөнгө мөнгө босгох, төрийн эрхийг хууль бусаар авах, авахаар завдсан хэргийг үйлдсэн байж болзошгүйг шалгуулах гомдлыг хариуцан шалгаж байх явцдаа тус гомдлуудын хавсралт болох ХОЁР минутын аудио бичлэгийг 2016 оны 7 сарын 6-ны өдөр Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд шинжлүүлэхээр хандсан байна. Ахлах комиссар Б.Бат-Олзвойн хүсэлтээр хийгдсэн уг шинжилгээний хариуг ШШҮХ 2016 оны 7 сарын 18-ны өдөр 4374 тоот дүгнэлтээр гаргажээ. Гэтэл, энэхүү нотлох баримтын шинжилгээний дүн гарч ирэхээс нэг хоногийн өмнө буюу 2016 оны 7 сарын 17-ны өдөр 149/201 тоот бичгээр ахлах комиссар Б.Бат-Олзвой Нийслэлийн прокурорын газарт албан хүсэлт хүргүүлж дээрх хэрэгт эрүү үүсгэхээс татгалзах саналаа хүргүүлсэн байна. Нотлох баримтын талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байхад ийн хэрэгсэхгүй болгох хүсэлтийг АТГ гаргасан нь болон, АТГ-ын комиссар МАХН, АН-ын өргөдөлд дурдагдсан нэр бүхий хүмүүсээс М.Энхболдыг огт байцаагаагүй байдал нь “60 тэрбум”-ын асуудалд АТГ мэргэжлийн бус, хуульд үл нийцэх хандлагаар хандаад байна уу гэсэн эргэлзээг бий болгохоор байна.
  2. Дээрхээс нэг жилийн дараа буюу 2017 оны 6 сарын 5-ны өдөр УИХ дахь АН-ын бүлэг, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга нар дээрхтэй ижил асуудлаар ЕРЭН минутын аудио бичлэг, Ехcеl болон Power Point файлуудыг хавсарган шалгуулахаар танайд хүргүүлсэн байна. Энд нэг зүйлийг цохон дурдахад Х.Баттулга нарын хүлээлгэж өгсөн баримтууд нь өмнөх жилийн МАХН, АН-аас ирүүлсэн хавсралт ХОЁР минутын аудио бичлэгээс даруй 88 минутаар илүү хэмжээтэй бөгөөд өмнө нь хуулийн байгууллагад огт хүлээлгэж өгч байгаагүй 160 хуудас Power Point презентаци, төрийн ямар байгууллагын ямар албан тушаалын хэдэн хүнээс авилга авахыг нэгбүрчлэн зааж тарифыг нь шивж оруулсан Excel файлыг АТГ-д цоо шинээр хүлээлгэн өгсөн байдаг. Ийм цоо шинэ баримтуудаас үүсч буй шинэ нөхцөл байдлыг АТГ одоо болтол шинэ нөхцөл байдал гэж үнэлээгүй, ЕРЭН минутын аудио бичлэгийг шинжлүүлж, түүний доторх агуулгын талаар шалгалт эхлүүлээгүй байгаа нь Таны Ерөнхийлөгчид бичсэн 01/5731 тоот албан бичгээс харагдаж байна.
  3. М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хуйвалдааны бичлэгийг олон нийтэд илчилсэн иргэн Г.Доржзодовыг одоо болтол гэрчээр татаж мэдээлэл авахгүй байгаа нь анхаарал татаж байна. Гэрчийг гэрч бус байлгах, цаашилбал дарамтлан мөрдөж мөшгих, их хэмжээний мөнгөөр худалдан авах гэж оролдох, амь насанд нь заналхийлэх, өөр хэрэгт холбогдуулан цагдах, орон байрыг нь бүслэх, түүний гэрчилсэн нотлох баримтыг үнэлэхгүй байх, шинжлэхгүй орхих, нотлох баримтад дурдагдаж буй ноцтой асуудлуудаар шалгалт эхлэхгүй байх зэрэг нь буруутай этгээдүүдэд мэлзэх, үнэнийг гуйвуулах, зохион байгуулалттай гэмт хэрэг нэмж үйлдэх цаг хугацаа олгож, шударга ёсыг алдагдуулах аюултай гэдгийг Та сайн мэдэж байгаа. Үнэнийг тогтоохын төлөө татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж буй АТГ нь бүтэн жилийн турш гол гэрчид тохиолдож буй удаа дараагийн ноцтой аюул заналхийллийн явцад байнга идэвхгүй байж ирсэн байх ба, ийм эс үйлдлээрээ гэрчийг аюултай байдалд удаан байлгаж, нотлох баримтыг үнэгүйдүүлж буйг Та онцгой анхаарч засч залруулна уу.

Х.Энхжаргал Та болон таны удирдлагад ажиллаж буй Авилгатай Тэмцэх газар Монгол улсын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд авилгатай тэмцэх чин хүсэл зоригтой, хуулийн дагуу, шударга ажиллаж “60 тэрбум”-ын асуудалд энэ удаад зохих анхаарлыг хандуулна гэж итгэж байна. Монгол Улсын нийт иргэд болон Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудлыг анхааралтай ажиглаж байгааг дахин сануулъя.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд” гэсэн байна.




Categories
мэдээ эдийн-засаг

​Төгрөгийн зээл гаргахаар Хятадын банкуудтай хамтран ажиллана

Холбоотой Зураг

Монгол улс, БНХАУ-ын банк хоорондын долоо дахь удаагийн дугуй ширээний уулзалт Улаанбаатар хотноо энэ өдрүүдэд болж байна.

Уулзалтаар Монгол Улс ба БНХАУ-ын эдийн засаг, худалдаа, банкны салбар дахь хамтын ажиллагаа, хоёр улсын мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп хэлцлийн үр дүн, БНХАУ-ын макро эдийн засгийн нөхцөл байдал болон “Бүс зам” санаачлага гэх мэт сэдвүүдийн хүрээнд өргөн агуулгаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Хоёр орны банкуудын зургаа дахь удаагийн дугуй ширээний уулзалт БНХАУ-ын Шиамен хотноо 2015 оны 11 дүгээр сард болж байсан. Тус уулзалтаар олон жилийн турш давтагдаж ирсэн арилжааны банкуудын гадаад үйлгээний төлбөр тооцоон дахь үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах арга замыг тодорхойлсон бөгөөд шинээр БНХАУ-ын банкуудад төгрөгийн зээл гаргах, зээлийн мэдээллийг харилцан солилцох зэрэг салбарт хамтран ажиллахаар тохиролцоонд хүрсэн нь банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх томоохон алхам болсон юм.

Categories
мэдээ улс-төр

​АТГ Ц.Сандуйгаас байцаалт авч эхлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн даваа гаригт буюу энэ сарын 24-ний өдөр Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзсан тухай мэдээлсэн. Ингэхдээ сүүлийн жил гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилж, уг асуудалд нухацтай хандахыг онцлон сануулсан юм. Энэ хэрэгт холбогдогдоод байгаа Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйгаас АТГ байцаалт авч эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

​Булганд 330 мянган мал оторт гарчээ

мал оторт гарчээ зурган илэрцүүд

Зуншлага сайтай байдаг Булган аймгийг энэ жил мөн л гантай байна. Нийт нутгийнх нь 10 хувь л зуншлага боломжийн гэнэ. Үүнээс болж, 330 мянган толгой мал оторт явж буй аж. Малчдын хувьд гайгүй гэж үзэн ус бэлчээр даган очсон зарим газар нь төдий л зуншлага сайтай биш байх тохиолдол ч бий. Үүнээс болж, хаашаа нүүдэл отор хийх вэ гэдэг талаар аймгийн удирдлагууддаа ч хандах болжээ.

Цахим хурлыг техникийн саатал гарсан Баянхонгороос бусад аймагтай бүгдтэй нь хийв. Улмаар Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотой үүрэг даалгавар өглөө. Үүнд хадлан тэжээл бэлтгэх газраа оновчтой болгох, отор нүүдэл хийх газраа эртнээс аймгийн удирдлагууд ярилцаж, тодорхой болгох. Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай гэсэн гуравхан аймаг эрүүл бүс тул өөр газраас ирж байгаа малд анхаарах. Мал, мах экспортлох ажлыг зөв зохион байгуулах зэрэг хэд, хэдэн чиглэлээр даалгавар өгөв.

Categories
мэдээ нийгэм

​Хэнтий хадлан хадах боломжгүй

Холбоотой Зураг

Хэнтий аймгийн хувьд нийт 4.8 сая толгой мал өвөлжих ч хадлан тэжээл бэлтгэх боломжгүй байна. Иймээс өөр аймгийн нутгаас хадлан, тэжээл бэлтгэх боломжоор хангаж өгөхийг энэ үеэр салбарын сайдаасаа хүсч байв. Аймгийн хэмжээнд энэ хавар 28400 га-д тариалалт хийсэн ч хэт халалтын улмаас ургац алдахаар байна. Малын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх шүлхий вакцин шаардлагатай. Есөн сумын үхэрт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт хийсэн байсан нь хугацаа дуусаж буй аж. Иймээс энэ асуудалд анхаарч, вакцин нийлүүлэхийг хүссэн.

Categories
гадаад мэдээ

​ Бээжинд ховор үзэгддэг эсэргүүцлийн жагсаал болж байна

Даваа гарагт Хятадын нийслэл Бээжин хотын гудамжинд олон мянган хүн эсэргүүцлийн жагсаал хийсэн нь коммунист дэглэмтэй тус улсад ховор үзэгдэл байлаа. Жагсаалын улмаас цагдаагийнхан хамгаалалтад гарч, хотын зарим гол гудамжнуудыг хаахад хүрчээ.

Эсэргүүцлийн шалтгаан нь пирамид хэлбэрийн санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг нэгэн компанийн удирдлагыг засгийн газар баривчлан шалгаж эхэлсэнтэй холбоотой. Жагсагчид нь уг компанид хөрөнгө оруулсан хүмүүс юм байна. Тэд ядууст туслах зорилготой гэгддэг дээрх санхүүгийн сүлжээнд оруулсан хөрөнгөө алдахаас болгоомжилж, компанийн үйл ажиллагаанд буруу зүйл байхгүй тул шалгахыг зогсоохыг эрх баригчдаас шаарджээ.

Жагсагчдын зарим нь Хятадын далбааг барьж, төрийн тэргүүн Ши Жиньпинийг уг хэрэгт анхаарлаа хандуулж, шударга ёсыг тогтоохыг шаардан уриа хашхирч байв. Шаньшинхуй хэмээх нэртэй компани энэхүү пирамид хэлбэрийн санхүүгийн сүлжээг ажиллуулж байсан ба түүний үүсгэн байгуулагч Жан Тяньмин тэргүүтэй хүмүүсийг Баасан гарагт баривчилсан юм.

Эрх баригчид Шаньшинхуй компанийг ядууст туслах нэрийн дор бусдын их хэмжээний мөнгийг залилсан гэж буруутгажээ.

Хятадын муж бүрийн иргэд, зарим нь насаараа хуримтлуулсан мөнгөө уг сүлжээнд оруулаад байгаа гэнэ.

Зөвхөн Бээжин биш, өөр бусад хотуудад ч уг компанитай холбоотой жагсаал тэмцэл гарч байгаа талаар Хятадын сошиал сүлжээнд мэдээлсэн байна. Өнгөрсөн онд эрх баригчид 900,000 иргэний 50 тэрбум юань ($7.4 тэрбум) цуглуулсан зээлийн сүлжээ Ezubao-г санхүүгийн луйвар гэж үзэн хааж байсан юм.

Ирэх намар Бээжинд болох Хятадын Коммунист Намын их хурлаар Ши Жиньпин БНХАУ-ын даргын хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа хүлээж авахаар бэлдэж байгаа. Тиймээс Бээжин хотод нийгмийн тогтворгүй байдал үүсэхээс эрх баригчид ихээхэн болгоомжилж, хяналтыг чангатгаад байгаа үед дээрх жагсаал болж байгаагаараа онцлог юм.

Categories
мэдээ улс-төр

​ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа зурган илэрцүүд

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Ма тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын зорилго нь ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Ма өөр ажилд шилжиж буйтай холбогдуулан манай улсад сүүлийн удаа ажиллаж, Монгол Улсын ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн явцыг мэдээлэхэд оршиж байв.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө Засгийн газар ихээхэн анхаарал хандуулж, ОУВС-тай цаашдаа ч тууштай хамтарч ажиллах байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын эдийн засагт тулгараад байсан өрийн хямралыг даван туулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн үзүүлэлт сайжрахад Ерөнхий сайдын манлайлал онцгой ач холбогдолтой байсныг ОУВС-гийн төлөөлөгч тэмдэглэжээ.

Categories
мэдээ нийгэм

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн автозамын ажлыг эхлүүллээ

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн автозамын зурган илэрцүүд

Завхан аймгийн төв Улиастай хотыг нийслэл хоттой холбох хатуу хучилттай авто замын нэг хэсэг болох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км замын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэ зам 7 метрийн өргөн, 5 см зузаан асфальтбетон хучилттай. Хоёр талдаа 1.5 метрийн өргөн хайрган хөвөөтэй гуравдугаар зэрэглэлийн авто зам болох юм.

Нээлтийн үйл ажиллагааг Тэлмэн суманд зохион байгуулж УИХ, Засгийн газрын гишүүд, орон нутгийн удирдлага, ард иргэд оролцлоо. Харин хамгийн хүнд гэгддэг Загастайн давааны 67 км хатуу хучилттай автозамын ажлыг энэ оны 8-р сараас эхлэхээр төлөвлөжээ. Ийнхүү Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км зам болон Загастайн давааны 67 км автозамын ажил дууссанаар 2018 онд Завхан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоно.

Categories
мэдээ улс-төр

БНФУ-ын Элчин сайд Э.Барсакийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Э.Барсакийг өнөөдөр /2017.07.27/ хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Элчин сайд Э.Барсак Франц Улсын дотоод нөхцөл байдал, тухайлбал энэ онд болсон Францын Ерөнхийлөгчийн болон Үндэсний Ассамблейн сонгуулийн дүн, түүнчлэн Монголд үйл ажиллагаа эрхэлж байгаа болон бизнес эрхлэх сонирхолтой Францын аж ахуйн нэгжүүдийн талаар мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

​Хөвсгөл аймгийн нэг сая толгой мал оторлоно

Холбоотой Зураг

Тэгвэл Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ жил нийт нутгаар гантай, гандуу. Зуншлага тааруугаас мал тарга тэвээрэг авч чадаагүй, сүү сааль ч гараагүй байна. Одоо бороо хур орлоо ч тачир ургасан бэлчээрийг л бага зэрэг тордоно, өвс, тэжээл бэлтгэх боломж бүрдүүлэхгүй. Тиймээс хадлангаа хаанаас бэлтгэх вэ гэдэг нь хамгийн их санаа зовоосон асуудал болж хувирчээ. Хөвсгөл аймаг нь малын тоо, толгойгоороо улсдаа тэргүүлдэг байна. Энэ өвөл таван сая толгой мал өвөлжинө гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Үүнээс нэг сая толгой мал нь отор нүүдэл хийхээс аргагүй нөхцөл байдал үүсэж буй аж. Тэгэхээр өнөө жил ийм хэмжээний толгой мал худалдан борлуулж, хүнсний хэрэгцээнд зориулах төлөвлөгөө гаргажээ. Ургацын хувьд 1572 га газарт үр тариа тариалсан. Үүнээс 170 га нь усалгаатай газар тариалан аж. Усалгаатай тариаланд асуудал үүсээгүй. Харин бусад тариалалт хүндрэлтэй байгаа. Урьдчилсан байдлаар 40 хувь ургац алдах тооцоо гарчээ.