Categories
мэдээ спорт

“Увс нуур” галын наадмын сорилго барилдаанд улсын харцага Н.Жаргалбаяр түрүүллээ

Наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд нутаг нутгийн бөхчүүдийн гал наадмын сорилго барилдаан явуулж байна. Энэ амралтын өдрүүдэд Увс аймгийн “Увс нуур” галын бөхчүүд их сорилго барилдаанаа зохион байгуулжээ. Увсын бөхчүүд өнөө жил Харзтайд ир бяраа хурцалж байгаа юм. Тэд өнгөрсөн сарын 9-нөөс эхлэн нэгдсэн бэлтгэлд гарч, улсын аварга Сүхбаатарын Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, харцага Ө.Бат-Орших, Т.Баасанхүү тэргүүтэй 40-өөд бөх гарсан байна. Улсын заан Д.Бумбаяр нутгийн бөхчүүдээ ахалж байгаа аж. Увсын галд улсын харцага А.Цацабшир, Н.Жаргалбаяр тэргүүтэй Дорноговь, Сэлэнгийн бөхчүүд нэгдэн бэлтгэлээ базааж байна. Энэхүү наадмын сорилго барилдаанд дээрх нутгийн 128 бөх зодоглсноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын харцага Нэгдэлийн Жаргалбаяр өнгөтэй байгаагаа харуулж түрүүлсэн бол Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Намсрайжавын Батсуурь үзүүрлэлжээ. Ийнхүү нутаг, нутгийн бөхийн гал наадмын их сорилго барилдаанаа хийсээр байна.

Э.МӨНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АТМ-аас гүйлгээ хийх аюулгүйн зааварчилгаа

Мөнгөний машин буюу АТМ-ээр луйврын гүйлгээ хийх явдал гарах болсон. Иймэрхүү гэмт хэргийг гадаадын иргэд үйлдэх тохиолдол урьд өмнө нь хэд хэдэн удаа гарчээ. Луйварчид АТМ-д скиммер хэмээх төхөөрөмжийг суурилуулан түүгээрээ дамжуулан зээлийн карт эзэмшигчийн талаарх бүх мэдээллийг аваад хуурамч карт хийж луйварддаг. Хамгийн сүүлд гэхэд Румыний иргэн 35 настай Л.А. гэгч онц их хэмжээний буюу 100 саяас дээш төгрөгийн луйврын гүйлгээ хийсэн бөгөөд энэ хэргийг цагдаагийн байгууллагынхан шалгаж байгаа билээ. Ингээд хэрхэн АТМ-аас гүйлгээгээ зөв хийх зааварчилгааг хүргэе.


n АТМ -д янз бүрийн нэмэлт төхөөрөмжүүд суурилуулсан эсэхийг шалгаж байх хэрэгтэй. Нэмэлт төхөөрөмжүүд нь бөөрөнхий, төлбөрийн карт хийдэг хэсэгтээ зуйван дугуй, хавтгай гээд янз бүрийн хэлбэртэй байдаг. Өөрөөр хэлбэл яг тийм гэж хэлэх аргагүй. Картын мэдээллийг авч, луйвар хийх гэж байгаа скиммерийг аль болох хүний нүдэнд өртөхгүй, мэдэгдэхгүйгээр яаж л бол яаж хийдэг болсон. Үйлчлүүлэгчид маань үүнийг анзаарч байх хэрэгтэй. Түүнээс гадна гудамжинд байгаа, ямар нэгэн лого таних тэмдэггүй мөнгөний машин хамгийн их эрсдэлтэй. Гудамжны АТМ-д хэн нэг нь хяналт тавьдаггүй тул луйвар хийх гэсэн хүн скиммер төхөөрөмжийг чөлөөтэй суулгана. Харин банктай ойр, харуул хамгаалалттай, томоохон үйлчилгээний газруудад, олны нүдэн дээр байгаа нь иймэрхүү луйварт өртөх нь бага. Байшингийн буланд, үзэгдэх орчин багатай газар байгаа АТМ-д скиммерийг суурилуулаад хэд хоногийн дараа түүнийгээ аваад хувь хүний нууц мэдээллийг ашиглаж хуурамч карт хийдэг.

-АТМ-ыг ашиглан луйвар хийх явдал Малайз, Сингапур, Хятад, Энэтхэг, Австрали зэрэг орнуудад гардаг. Хятадад бол дийлдэхээ больсон. Харин манайд ийм хэрэг гарахад цагдаагийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд нэлээд нухацтай хүлээж авдаг. Ийм хэргүүдийг тэр дор нь илрүүлдэг. Яагаад гэхээр цагдаагийн байгууллага нь банкуудтайгаа маш сайн хамтран ажилладаг. Нэг жишээ дурдахад 2013 онд малайзууд орж ирээд Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт зэрэг банкуудын АТМ-аар луйврын гүйлгээ хийгээд тэр дороо баригдаад ял авсан. Манайд гарсан ийм төрлийн хэргүүд ихэнх нь илэрдэг байна. Банкууд ч хэрэг гарсан дор нь цагдаагийн байгууллагад ханддаг. Хэдэн зуун сая хүн амтай газар бол луйварчныг барихад амаргүй. Жишээ нь, Индонезид хуурамч карт зардаг хар зах байдаг . Тэнд нэг карт нь 20 ам.долларын үнэтэй.

-Иймэрхүү луйвар хийж байгаа хүмүүс нь IT-ийн чиглэлийн мэргэжилтнүүд байдаг. Өөрсдөө скиммер хийгээд луйварчдад зардаг. Master, VISA, AMEX гээд карт хийдэг бренд компаниуд иймэрхүү луйвраас сэргийлэх технологиудыг гаргасан байдаг бөгөөд түүнийгээ банкуудад санал болгодог. Банкууд түүнийг авч нэвтрүүлдэг. Жишээ нь чип төхөөрөмжийг хийсэн нь луйвраас сэргийлэх бас нэгэн арга аж.

-Луйвраас хамгаалахын тулд банкууд фрод мониторинг гээд луйврын бүлгийн хяналтын программыг хэрэглэж байгаа. АТМ-ыг камержуулсан, түүнээс гадна орчны камер байна. Харилцагч хараад АТМ-ны хаана камер байршуулсныг мэдэхгүй. Гүйлгээг real time онлайнаар хянадаг. Түүнээс гадна картын EMV чип гээд төхөөрөмж бий. Өөрөөр хэлбэл мөнгөний машиныг луйвраас хамгаалах шаардлагатай бүхнийг хийсэн.

-Хамгийн гол нь банк доторх болон хажууд нь байгаа, томоохон худалдааны төв дэх АТМ-ыг луйварт ашиглах нь бага. Түүнээс гадна хуурамч АТМ гэж бий. Түүнийг нь мэдэхгүй зээлийн картаа хураалгасан тохиолдол ч байдаг.

-Хуурамч АТМ ихэвчлэн картаа залгидаг. Үйлдлээ зөв хийгээд байхад картыг залгичихдаг. Ингэсэн тохиолдолд тэр дор нь банкинд хандаж картаа шууд хаалгаваас ямар нэгэн луйварт өртөхгүй.

-Харилцагчийн талаарх мэдээллийг авах гэж байгаа луйварчид өөрсдөө камер сууриулуулдаг. Камерыг хаана ч суурилуулж болно. АТМ-ны дээр нь жижигхэн чип наагаад түүгээр дамжуулаад пин кодыг нь мэдчих жишээтэй. Банкнаас хянаж байгаа камер бол ондоо, түүнээс үйлчлүүлэгчийн мэдээлэл алдагдахгүй. Камер байршуулахаас гадна мөнгөний машины товчлуур дээр давхар товчлуур наачихдаг. Хүмүүс үүнийг мэддэггүй. Сэрэмжтэй хүн бол товчлуур дээр юм наасан эсэхийг шалгадаг. Цаанаас үйлдвэрлэсэн АТМ-ны товчлуур салахгүй. Тиймээс харилцагчид товчлуурыг шалгаж байхад илүүдэхгүй. Суурилуулсан нэмэлт төхөөрөмжүүдийг татахад л дороо гараад ирэх жишээтэй. Түүнээс гадна пин кодоо нэг гараараа хааж байгаад хийх нь зүйтэй. Мөн ард зогсч байгаа хүнээсээ нууцлах хэрэгтэй. Манай хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-д ийм луйврын гүйлгээ нэлээд газар авчээ.

-Луйврын гүйлгээнээс хамгаалах төхөөрөмж гэж бий. Манай банкууд түүнийг 2011 оноос нэвтрүүлж эхэлсэн. Гэтэл АНУ-д гэхэд саяхнаас нэвтрүүлж эхэлсэн гэдэг.

n Дэлгүүрүүдэд картаар төлбөр хийхэд уншуулдаг пост терминал төхөөрөмжөөр дамжуулан луйвар хийх явдал нэлээд байдаг. Энэ нь пост терминалыг хэрэглэж байгаа байгууллагын хариуцлагатай холбоотой.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Цэнгэл: “Нэг бүс-нэг зам”, “Цайны зам” санаачилгад идэвхтэй оролцсоноор манай улсын дэд бүтэц, аялал жуулчлалын салбар хөгжинө

Аялал жуулчлалыг бүс нутгийн хэмжээнд хөгжүүлэх “Цайны зам” төслийн хоёр дахь шатны уулзалт Улаан-Үүд хотноо энэ өдрүүдэд болж байна. Уг арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл оролцож байгаа билээ. Түүнийг уулзалтад явахаас нь өмнө ярилцсан юм.


-“Цайны зам” төсөлд манай улс ямар оролцоотой байх вэ. Өнөө жилийн уулзалтаар ямар асуудлуудыг хэлэлцэх юм бол?

-Аялал жуулчлалын сэдвээр Монгол, Орос, Хятад гурван улсын хүрээнд томоохон арга хэмжээ зохиогдсон нь “Цайны зам” төсөл юм. Уг төслийн анхны уулзалт өнгөрсөн 2016 оны есдүгээр сард Хөх хотод сайд нарын түвшинд болсон. Энэ удаагийнх нь Улаан-Үүд хотод болно. Энэ үеэр “Цайны зам”-ыг бүс нутгийн хэмжээнд яаж хөгжүүлэхэд ямар албан ёсны баримт бичиг байгуулах тухай талууд санамж бичигт гарын үсэг зурна. “Цайны зам”-ын асуудал түүхэн ач холбогдолтой. “Цайны зам”-ыг Европт хүргэсэн алдарт тэмээн жингийн замын үргэлжлэлийг орчин үеийн галт тэрэг, онгоц, авто тээврийн хэрэгслүүдээр яаж аялал жуулчлалын бүс бий болгох талаар энэ удаагийн уулзалтаар ярилцах юм. Мөн хаана, хаана, ямар, ямар хот тосгодод аялал жуулчлалын цогцолборуудыг бий болгох асуудлууд анхан шатнаасаа яригдаад хэрэгжээд явна. Тэгэхээр манай улсын хувьд тус арга хэмжээнд идэвхтэй оролцоно.

-Энэ төсөл “Нэг бүс-нэг зам”-тай яаж уялдах боломжтой вэ?

-БНХАУ-ын санаачилсан “Нэг бүс-нэг зам” бол дэлхийн улс орнуудыг дэд бүтцээр холбох том төсөл. Ази Европыг холбох ихээхэн ач холбогдолтой. Энэхүү “Цайны зам”-ын хоёр дахь уулзалт нь “Нэг зам-Нэг бүс” төсөлд манай гурван улс яаж холбогдох вэ. Ямар хот, тосгод хэрхэн оролцох юм. Газ, автозам, төмөр зам, агаарын тээврийн харилцаанд хөрш гурван улс хэрхэн оролцох талаарх томоохон баримт бичгүүдийн эхлэл болж байгаагаараа онцлогтой. Тиймээс дэлхий дахины сонирхдог уул ус, ан амьтны, үзэсгэлэнт байгалийн, өв уламжлалын, соёлын зэрэг аяллын маршрут маань гурван улсын “Цайны зам” уулзалтын хүрээнд хөндөгдөнө. Тус арга хэмжээний гурав дахь уулзалтыг 2018 онд манай улсад зохион байгуулах юм

“Цайны зам” санаачилгад идэвхтэй оролцсоноор манай улсын дэд бүтэц, аялал жуулчлалын салбар хөгжинө

-Энэ хүрээнд жуулчдын урсгалыг яаж нэмэгдүүлэх вэ. Тооцоолол гаргасан уу?

-Хүрээгээ тэлсэн, сурталчилгаа мэдээллээ бүрэн дүүрэн өгсний үр ачаар манай улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж байна. Жил тутамд долоо, найман хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр манай онгон зэлүүд байгаль, мал аж ахуй, нүүдэлчин соёл иргэншлийн тухай мэдээлэл Европын болоод хөгжсөн орнуудад тархсан. Тэдний үзэж харах сонирхлыг ихээр татдаг.

Мөн ирэх есдүгээр сард олон улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалт БНХАУ-д болно. Тус арга хэмжээнд улс бүр өөрсдийгөө сурталчлах өдөртэй байх юм билээ. Энэ ч утгаараа Монгол Улсаас томоохон баг явж, улсаа сурталчлах юм.

-Төмөр зам болон нислэгийн рейсийг нэмэгдүүлээд, тасалбарын үнийг буулгавал жуулчид ирэх юм биш үү?

-Жуулчдыг татахад төмөр зам болоод агаарын тээврийн асуудалд онцгой анхаарах ёстой. Олон километр газар VIP зэрэглэлээр явж байгаа хэрнээ суудал нь ор болдоггүй, босоогоор зорчих, онгоц нь жижиг гэх мэт асуудлууд бий. Дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхгүйгээр гадаадын жуулчид олноор ирэхгүй юм билээ. Тиймээс тохитой тухтай хурдны галт тэрэгтэй болох, зундаа томоохон онгоц нойтон түрээсээр авах, найдвартай тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг бий болгох шаардлагатай. Дээр нь үйлчилгээний өндөр соёлтой байх ёстой. Үйлчилгээний хөтчийн боловсрол, ресторан, зоогийн газрын үйлчилгээгээ сайжруулж, хүмүүсийг эргэн татахуйц өндөр соёлд суралцах хэрэгтэй. Энэ хүрээнд томоохон сургалтуудыг хийх нь чухал гэж салбарын яам үзэж байгаа.

Галт тэрэг, онгоцны рейсийг нэмэгдүүлж, тасалбарын үнийг хямдруулах тал дээр манай зүгээс саналаа Зам тээврийн яаманд тавьж байгаа. Тус яамнаас боломжит тооцоо судалгаагаа хийж, эхнээсээ ажил хэрэг болоод явж байна.

-Манай улсад аялал жуулчлалын бодлого үгүйлэгдэж байгааг аяллын компаниуд хэлдэг. Жишээлбэл, гадны жуулчид, дотоодын аялагчдад хоёр өөр үнээр үйлчилдэг. Үүнийг бодлогоор зохицуулж болдоггүй юм уу. Ер нь аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдэд ямар шалгуур тавьдаг юм бэ?

-Уг нь гадаад, дотоодын аялагчдад хоёр өөр үнээр үйлчилдэг байдлыг 20-иод жилийн өмнө болиулсан. Гэхдээ л энд тэнд хяналтгүй байдлаас болоод үнийн зөрүүтэй асуудлууд гараад байгаа. Үүнийг нэн даруй цэгцлэх нь зүйтэй. Аялал жуучлалын төв, холбоотой болохоор ажиллаж байна. Эдгээр байгууллага зочид буудалд стандартуудаа тавиад мэргэжлийн хяналтын байцаагч нар зүй ёсныхоо шаардлагыг тавиад ажиллабал хаана, хаанаа хариуцлагажина гэж итгэж байгаа.

-Танай яам саяхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

-Бичил уул уурхай эрхлэгчид буюу нинжа нарт манай зүгээс хаалт хориг тавьж чаддаггүй ч энэ хүмүүс байгалийг нэлээд ихээр сүйтгэж байна. Гэтэл манай яам энэ хүмүүст ямар нэгэн байдлаар хяналт тавьж чадахгүй байна. Тиймээс МХЕГ-ын зарим эрх үүргийг манай байцаагч, газрын дарга, хэлтсийн дарга нарт олгож хамтарч ажиллахаар болсон. Энэ хүрээнд уул уурхай, амьтан, ургамлын бусад аялал жуулчлалын хяналтыг бид тавих юм. Гэрээгээр мэргэжлийн хяналтын байцаагчийн эрхтэй хязгаарлах эрхтэй ажиллана гэсэн үг.

-Бурхан халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Үүний дараахан та “их цэвэрлэгээ” хийгээд ирсэн байх аа. Энэ талаар дэлгэхүүлэхгүй юу?

-Урьд нь гурван удаа Бурхан халдун уулыг дэлхийн өвд бүртгэхээс татгалзсан. Шалтгаан нь хил хязгаар нь тодорхой биш, намагтай, шуудуутай, гол горхийг нь нарийвчлан гаргаагүй гэдэг асуудал байсан. Гэхдээ бид бүртгүүлж чадсан нь бахархал юм. Юнескогийн хуралд дэлхийн 184 улс орон оролцож, 21 орон үг хэлэх эрхтэй байдаг. Тэдгээр улсуудтай нэлээд сайн ажилласны үр дүнд Чингис хааны өлгий нутаг, тахиж шүтэж байсан гэдэг утгаар 18 улс нь дэмжиж, дэлхийн өвд бүртгэсэн. Энэ хүрээнд манай тусгай хамгаалалтын захиргааныхан анх байсан шинжээр нь онгон дагшин байлгах үүрэг хүлээсэн юм. Бурхан халдун уулын онгон дагшин байдлыг нь хадгалан үлдэхийн тулд хүний мөр гаргаж болохгүй пайз хадсан. Тэгэхээр онгон дээр гарч болохгүй. Дээр нь байсан овоонуудыг уулын бэлд шилжүүлсэн. Ингэснээр уулын орой дээр биш бэлд нь тахилга хийдэг, шүтдэг эхлэлийг тавина гэж найдаж байна.

-Богд ууланд аялагчдад зориулсан авто зогсоол барих асуудал юу болсон бэ. Мөн Соёмбот уулыг нөхөн сэргээх ажил ямар шатанд байна вэ?

-Улаанбаатар хотынхоо ард иргэдийг чөлөөтэй Богд ууландаа гарахдаа машин тэргээ байрлуулах зогсоол, ариун цэврийн газрын асуудлыг шийдэхээр зам, талбайг нь засъя гэж байгаа. Манайх газрыг нь гаргаад өгсөн. Улаанбаатар хот мэргэжлийн үүднээс барилга байгууламжийг нь барих ёстой. Уг нь ерөнхий сайдын захирамжаар наадмын өмнө авто зогсоолыг барих ёстой л доо. Одоогоор баригдсан юм алга. Нэг нь үүрэг даалгавар өгдөг. Нөгөөх нь ингэж хойрго хандаж болохгүй. Соёмбот уулыг хөндсөн хүмүүсийн газар ашиглах эрхийг цуцалж, нөхөн сэргээх үүрэг өгсөн. Нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгөх хүсэлт тавьсан ч манай зүгээс дутуу байна гэж үзэж, хүлээж аваагүй. Үүнд мэргэжлийн хяналт, хууль хүчнийхэн оролцох ёстой.


Categories
мэдээ цаг-үе

О.Ичинхорлоо: Г.Ариунбаатар маань Монголын хөгжмийн соёлыг дэлхийд харуулж чадлаа

“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Их британийн Кардифф хотноо хоёр жил тутамд зохион байгуулагддаг “BBC Cardiff Singer of the World” уралдаанд амжилттай оролцож романсын төрөлд тэргүүн байрыг эзлээд байгаа билээ. Ингээд түүний багш Монгол Улсын гавьяат жүжигчин О.Ичинхорлоотой ярилцлаа.


-Таны шавь Г.Ариунбаатар “BBC Car­diff Singer of the World” уралдаанд амжилттай оролцож романсын төрөлд тэргүүн байрыг эзлэлээ. Тэр дундаа монгол дуугаараа энэ амжилтыг үзүүлсэн нь монгол түмнээ омогшуулж чадлаа. Таны хувьд ч сэтгэл өндөр байгаа болов уу?

-Сэтгэл маш өндөр байна. Тэмцээн эхэлснээс хойш шөнийн гурван цаг хүртэл энэхүү тэмцээний нэвтрүүлэгтэй хамт байлаа. Хүүгээ дуулж байх үед нь шөнө орой гэлтгүй цагаан сүүнийхээ дээжийг өргөсөөр л зогслоо. Миний хувьд бүр заншил болчихсон зүйл л дээ. Тэмцээндээ амжилттай оролцоно гэдэгт нь итгэлтэй байсан. Энэ удаа Г.Ариунбаатар маань дэлхийн мэдээллийн системийн төвд байдаг BBC агентлагийн нөлөө бүхий тэмцээнд оролцлоо. Явахынхаа өмнөхөн ирээд тэмцээнд оролцох дуунуудынхаа сонголтыг зөвлөлдөөд явсан л даа. Ариунбаатар маань эхлээд Н.Жанцанноров багшийнхаа “Чиний минь нулимс” дууг дуулсан юм. Харин сүүлийн шатандаа Б.Шаравын “Монголын тал нутаг” дууг дуулсан. Бэлтгэл бол маш сайн байсан.

Ямартай ч энэхүү тэмцээнийг зохион байгуулагчид “Монголын дуучин, тэр тусмаа П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачийн уралдааны Гранпри шагналыг хүртсэн энэ хүн манай уралдаанд оролцлоо. Энэ нь бидний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Манай уралдааны нэрийг өндөрт өргөлөө” хэмээн онцолсон. Үүнээс гадна Ариунбаатар маань Монголынхоо хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг, тэр дундаа Монголын хөгжмийн соёлыг дэлхийд харуулж чадлаа. Энэ бол маш том гавьяа. Ер нь түүний зорилго Монголынхоо хөгжмийн зохиолчдын зохиол, бүтээлийг дэлхийн уралдаануудын урын санд оруулах байсан л даа. Энэ тухайгаа надад хэдэнтэй хэлж байсан. Түүндээ ч хүрлээ. Хангалттай амжилт гаргалаа.

-Та Г.Ариунбаатартай багш шавь болж байсан түүхээсээ хуваалцаач?

-Энэ хүүтэй багш, шавь барилдсан нь миний хувьд их азтай завшаан. Хэн, хэнээсээ сурсаар л өдий хүрлээ. Намайг ээж шигээ л хүндэтгэдэг юм. Ариунбаатарын хувьд сургуулиасаа завсардаад, сүүлд эчнээгээр сурч байсан юм билээ. Би Ариунбаатараас шалгалт авах нь битгий хэл сургууль дээр дуулж байхыг нь ч сонсоогүй юм. Гэтэл төгсөх эчнээ ангийн эхний шалгалт авч байтал өндөр, туранхай хүү орж ирээд л дуулдаг юм байна. Сайхан ч дуулсан. Гэхдээ мэргэжлийн талаасаа сурсан эрдэм маш дутмаг байсан юм. Ингээд би “Чамд дүн тавьж чадахгүй нь. Сурсан байдал, хариуцлагагүйг чинь бодохоор муу тавьчихмаар, чамд байгаа нөөц, бололцоог харахаар ингэж дүгнэж болохгүй санагдаад байна. Чи хариуцлагатайхан шиг байж, хичээх юм бол дэлхийн тайзан дээр дуулах нөхөр байна шүү. Аятайхан шиг л байж үзээрээдээ, чи” гээд л загнах, аргадахын дундуур хэлсэн. Тухайн үед Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Банди багш маань бурхан болчихсон, одоогоор багшгүй гээд л ганц, нэг юм учирлаж ярьснаа л гараад явсан юм. Харин дараа нь би “өнөөх хүү над дээр нэг хүрээд ирдэггүй юм байх даа, хоосонгүй хүү байсансан” гээд бодож л суулаа. Гэтэл хоёр хоногийн дараа Ариунбаатар ороод ирдэг юм байна. “Би таны шавь болъё. Би өнөөдрөөс хичээгээд, зүтгэе” л гэнэ. Цаадах чинь зүтгэе гэж их ярих дуртай. Ингэж л багш шавь болсон түүхтэй юм.

-Та хоёрын хамгийн анхны тэмцээн М.И.Глинкийн нэрэмжит олон улсын наадам байсан. Үүндээ ч амжилттай оролцсон шүү дээ…

-Би Ариунбаатарыг шавиа болгож авахдаа “Чи П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачийн уралдаанд орох болно. Тиймээс энэ хугацаанд бэлтгэлээ сайн хийж, хичээх ёстой” гэдгийг хэлсэн л дээ. Мөн миний шаардлага бол өдөр болгон 15:30 минут гэхэд миний өрөөнд ирж бэлтгэлээ хийж байх ёстой гэдгийг онцолсон. Үүнийг “Сүлд” чуулгын хамт олон ч дэмжсэн юм. Ингээд бид хоёр шууд П.И.Чайковскийн уралдаанд оролцохоор бэлдэж байсан ч 2012 онд Глинкийн уралдаанд орохоор болсон. Тэр хүртэл өдөр, шөнөгүй бэлдсэн дээ. Бороо, шороотой, халуун, хүйтэн ямар ч өдөр байсан товлосон цагт нотоо барьсаар л ирдэгсэн. Ингээд суурь бэлтгэлээ маш сайн хийж чадсан. Хичээл зүтгэлийн үр дүн ч гарсан л даа. Шавь маань маш хурдан хугацаанд гялалзсан. Миний хувьд хоолойн өнгийг тавих, сайхан дуулуулах, сэтгэл санааг бэлдэх гээд л дуулах аргачлалыг нь заадаг юм. Надаас гадна ОХУ-ын ардын жүжигчин Дарима Линховоин сайн бэлдсэн.

-Багш хүний хувьд та хэрхэн дүгнэдэг вэ?

– Авьяаслаг, хариуцлагатай, монгол хүний зүрх, зоригийг өөртөө шингээсэн сайхан хүү л дээ, миний шавь. Анх над дээр шавь болон ирэхэд нь л байгалиас заяасан авьяас, тэвчээр хатуужил нь тод байсан. Агуу их авьяастай, төгөлдөр хүүхэд юм шүү дээ. Би 40-өөд жил СУИС-ийн дууны багшийн ажлыг хийсэн ахмад уран бүтээлчийн хувьд үүнийг олж харсан. Үүндээ ч баяртай байдаг. Ямартай ч Ариунбаатар маань үнэхээр авьяас, чадвартай учраас уран бүтээлийн замд маш олон хүн дэмжиж, туслаж байна. Тухайлбал, Буриадын театрын уран бүтээлчид хоёрхон сарын дотор хоёр ч том дуурийг тоглож, шавийг минь бэлдлээ. Энэ бол уран бүтээл дээрээ өсөх, дэвжихэд нь маш том үүрэг гүйцэтгэсэн гэж ойлгож байгаа. Уран бүтээлийн сан нь ч нэмэгдсэн. Буриадын театрын хамт олондоо маш их баярлаж явдаг даа. Түүнчлэн Санкт петербургын театрынхан франц хэл дээр “Кармен” дуурийг шавьд минь зориулж тавьлаа. Ариунбаатар маань нэг өдөрт хоёр ч том дуурийг дуулсан тохиолдол бий. Баргийн дэлхийн дуучин өдөрт хоёр том дуурийг дуулсан нь тун ховор. Энэ тухай ОХУ-ын сонгодог урлаг судлаачид шагшин магтаж, монгол хүний тэсвэр, тэвчээрийг гайхаж байсан, нөгөөтэйгүүр хоолойн цар хүрээнд нөлөөлөх вий гэх мэт маш олон саналууд ирж байсан гэдэг. Амжилт бүтээлээр дүүрэн яваа нь түүний аливаа зүйлд үнэн сэтгэлээсээ ханддагтай холбоотой болов уу.

-Г.Ариунбаатарт цаашдаа оролцохоор зэхэж буй тэмцээн, уралдаан бий юү?

-Ариунбаатарт одоо оролцоод байх томоохон тэмцээн тун ховор. Тэрээр сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачийн уралдаан төдийгүй М.И.Глинкийн нэрэмжит олон улсын наадамд түрүүлчихсэн. Мөн үүнээс гадна Францад зохиогддог нэг тэмцээн бий. Түүнд орж болох л юм. Ер нь 32 нас хүртлээ дэлхийн хэмжээний уралдаануудад оролцох боломжтой байдаг. Дээрх нэр бүхий тэмцээнүүддээ дахиад оролцсон ч насны хувьд боломжтой. Гэхдээ уралдаанд бэлдэнэ гэдэг маш хүнд ажил шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Жулиан Альварез Гарсия: “Herbalife”- ын бүтээгдэхүүнийг 150 гаруй алдартай тамирчин хэрэглэдэг

Хүний их эмч, доктор (Ph.D) Жулиан Альварез Гарсия энэ сарын 16-17-нд манай улсад зочиллоо. “Herbalife Nutrition” компанийн Хүнс тэжээлийн зөвлөлийн гишүүн энэ эрхэм Монголын хөлбөмбөгийн баг тамирчин, спортын эмч мэргэжилтнүүдэд спортын бэртэл гэмтэл, тамирчдын хооллолтын чиглэлээр сургалт явуулсан юм. Спортын анагаах ухаан, спортын физиологийн чиглэлээр мэргэшсэн тэрээр хүндийг өргөлт, триатлон, уулын дугуй, хөлбөмбөг, сагсан бөмбөг зэрэг спортын олон төрлөөр мэргэжлийн, үндэсний баг тамирчдад 25 жилийн турш зөвлөгөө өгч ажиллаж байна.Жулиан Альварез Гарсия өдгөө “Herbalife” компанид зөвлөхөөр ажиллахаас гадна Испанийн Аликанте их сургуульд фитнесийн тусгай хөтөлбөр удирдан багшилдаг юм байна.


-Эмчийн мэргэжлээр төгссөн хэн бүхэн спортын анагаах ухааныг сонирхоод байдаггүй. Таны хувьд ямар шалтгаанаар спортын анагаах ухааны чиглэлээр ажиллахаар шийдсэн бэ?

-Би 30 жилийн өмнө анагаахын сургуулийг эмч мэргэжлээр төгссөн хүн л дээ. 25 жилд нь спортын анагаах ухааны чиглэлээр мэргэшээд ажиллаж байна. Анагаахын сургуулийн оюутнууд ямар ямар өвчнүүд байдаг тухай, өвчнүүдийг хэрхэн эмчлэх талаар судалдаг. Миний хувьд өвчнүүдийг судалж мэдэхээс илүү эрүүл амьдрахын тулд яах ёстойг илүү сонирхож байсан. Гэтэл анагаахын сургуульд эрүүл амьдрахын тулд зөв хооллож спортоор хичээллэх хэрэгтэй гэх мэт зөв дадлын тухай онцгойлон заадаггүй.

Эрүүл амьдрахын тулд зөв хооллож, идэвхтэй хөдөлгөөнтэй байх ёстой талаарх мэдлэгээ би анагаахын сургуульд биш туршлагаараа олж авсан юм. Миний хувьд хүнс тэжээлийн мэргэжилтэн. Энэ чиглэлээр зэрэг хамгаалаад ажиллаж байгаа минь ч анагаахын сургууль төгссөнөөс хойшхи явдал. Хүмүүсийг эрүүл аж төрөхөд нь туслахыг хүсдэг учраас спортын анагаах ухааныг сонирхсон юм.

-Эрүүл амьдрахын тулд яах ёстой вэ гэдгийг судлах нь нэгэнт өвчилсөн хүнийг хэрхэн эмчлэх вэ гэдгээс чухал ажил шүү. Таны энэ хүсэл“Herbalife”-ыг сонгох шалтгаан болсон уу?

-Дасгал сургуулилт болон оновчтой шим тэжээлийн аргачлалаар өвчтэй хүнийг ч анагааж эдгээх бололцоотой. Тэр дундаа чихрийн шижин, хэт таргалалт, зүрх судасны өвчтэй хүмүүст оновчтой тэжээл, дасгал сургуулилт эм болдог. Анагаахын шинжлэх ухаанд урьдчилан сэргийлэх буюу хүмүүсийн боловсролоор дамжуулан нөлөөлөх гэсэн чиглэл сүүлийн үед ид дэлгэрч байна. Ийм ч учраас би “Herbalife”-д ажиллахаар шийдсэн. “Herbalife”-д зөвлөхөөр ажиллаж байгаа учраас бодол санаагаа дэлхий даяар илүү олон хүнд хүргэх бололцоо нээгдэж байна. Хэрвээ энэ компанид ажиллаагүй бол миний лекц, олонд хүргэх гэсэн санааг минь хэдхэн мянган хүн л сонсох байсан.“Herbalife”-ыг сонгосноор дэлхий даяар ажиллаж буй хэдэн сая гишүүдэд миний хэлэх гэсэн бүхэн хүрч, тэдгээр зөв хооллолтын зөвлөхүүд харилцаж буй хүмүүстээ үгийг минь дамжуулж байна. Тантай нүүр тулж уулзах боломжийг ч гэсэн “Herbalife” олгож байгаа. Энэ утгаараа “Herbalife” надад супер хүч өгч байна даа.

-Тамирчдын амжилтын хэчнээн хувь нь хооллолт байдаг юм бол?

-Шим тэжээл, дасгал сургуулилтын аль нь чухал вэ гэдэг хариулахад хэцүү асуулт. Аль аль нь л чухал. Ялангуяа элит түвшний, амжилттай яваа тамирчдыг харахад аль аль нь чухал гэдгийг харж болно. Ер нь тухайн хүнд ямар нөлөө үзүүлсэн гэдгийг нь харж байж хэлэхээс аргагүй. Зарим тамирчдын хувьд шим тэжээлтэй бодис хэрэглэж чадахгүйгээс болж спортын амжилт нь муу байдаг. Шим тэжээлтэй хоол өгвөл амжилт нь шууд өсөөд ирсэн тохиолдол олон бий.

-Уургийн хэт хэрэглээ элэг гэх мэт эрхтэнд сөргөөр нөлөөлдөг гэсэн яриа дуулддаг. Уургийг болгоомжтой хэрэглэх ёстой гэдэг хэр бодитой мэдээлэл вэ?

-Уургийн хэтэрсэн хэрэглээ хүний элэг бөөрөнд муугаар нөлөөлдөг гэсэн үлгэр домог шиг яриа олон жилийн өмнөөс гарсан. Энэ бол худлаа мэдээлэл. АНУ-д анх бодибилдинг хөгжих үед түгсэн ойлголт байгаа юм. Тэр үед бодибилдингийн тамирчид их хэмжээний уураг уудаг байж. Уургаас гадна хоёр төрлийн эм уудаг байсан юм билээ. Нэг нь анаболитик гормонууд. Энэ нь элэг гэмтээдэг сөрөг талтай. Үүнээс гадна тэмцээнд орохдоо шингэн хөөдөг эм уудаг байсан. Ийм үйлчилгээтэй эм уучихаар биеийн шингэн хөөгдөж, булчингууд нь товойж харагддаг юм байна л даа. Ингэхээр бөөр муудахаас аргагүй. Элэг, бөөрөнд муу нөлөөтэй эм хэрэглэсэн тамирчид эмнэлэгт очих нь тодорхой. Эмнэлэгт очоод үзүүлэхээр элэг, бөөр нь муудсан гэсэн онош тавигдаж таарна. Эмнэлэгт очсон тамирчид хориотой эм ууж байснаа хэлэхгүй нь бас ойлгомжтой. Уураг хэрэглэсэн л гээд байж. Ийм үг давтамжтай сонссон эмч нар элэг, бөөр гэмтсэн явдал уурагтай холбоотой юм байна гээд ойлгочихсон хэрэг. Хожим нь шинжлэх ухааны үндэстэй судалгаа хийгээд уураг хүний элэг, бөөрөнд сөрөг нөлөө байхгүй гэдгийг баталсан. Элэг, бөөрний зарим төрлийн өвчинд уургийн хэрэглээг багасгах шаардлага гардаг тал бол бий. Ямар нэг эд эрхтний өвчтэй, өвдөж байсан хүмүүс уураг түлхүү хэрэглэхээс өмнө эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй. Харин өвчингүй бол уураг хэрэглэхэд асуудалгүй. Гэхдээ хүнд их хэмжээний уураг хэрэггүй. “Herbalife”-ын коктейлийн нэг удаагийн порцонд 20 грамм хүрэхээргүй хэмжээний уураг агуулагддаг.Нэг удаа хэрэглэхэд зохистой хэмжээний уураг гэсэн үг. Харин нэг таваг махан хоолонд энэ хэмжээнээс хамаагүй илүү уураг агуулагддаг.

-Эрүүл байхын тулд өдөрт тодорхой хэмжээний уураг хэрэглэх ёстой гэдэг. Та сая нэг удаагийн хоолондоо 20 грамм уураг авах нь биед хэрэгтэй гэж ярилаа. Өдөрт авах ёстой уургаа нэг удаа бөөнд нь хэрэглэвэл яах вэ?

-Уургийг өдөртөө жигд хэрэглэж чадаж байна уу гэдэг хамгийн гол анхаарах асуудал. Өглөөний хоолны үеэр уураг огт хэрэглэхгүй, оройны хоолондоо өглөөнийхөө уургийг нөхөөд ахиухан хэрэглэе гэвэл буруу болчихож байгаа юм. Учир нь хүний биед илүү хэмжээгээр орсон уураг хадгалагдаж үлддэггүй. Харин нүүрс ус биед хадгалагдаж үлддэг. Элгэнд, булчинд хадгалагддаг юм. Нүүрс усны илүүдэл мэдээж өөх болж хувирдаг. Уураг хүний биед хадгалагддаггүй, гараад явчихдаг. Тэгэхээр нэг өдрийн турш хэрэглэх ёстой уургийнхаа хэмжээг өглөө, өдөр, оройны хоолондоо жигд хувааж авах ёстой гэсэн үг.

-Та ямар спортоор хичээллэдэг вэ, дасгал хөдөлгөөнийхөө үеэр “Herbalife”-ын ямар бүтээгдэхүүнийг онцолж хэрэглэдэг вэ. Нэг өдрийнхөө хооллолт, хөдөлгөөний дэглэмийг сонирхуулаач?

-Би өглөө 07.00-07.30 цагийн хооронд босдог. Босонгуутаа хооллохгүйгээр шууд дасгалаа хийдэг. Өглөө эрт хурдтай дасгал хийх нь зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг юм. Дасгалынхаа дараа алдсан шингэнээ нөхөх гэж цай уудаг. Долоо хоногт хоёр удаа бассейнд орж 45 минутанд 2000 метр сэлнэ. Даваа, баасан гаригт нэг удаадаа зургаан км гүйнэ. Лхагва, бямба гарагт сэлүүрт завиар хагас цаг хичээллэдэг. Дасгал, хөдөлгөөн бүрийнхээ дараа “Herbalife”-ын коктейль уудаг, үүнээс гадна “Herbalife”-ын уургийн батончик миний байнгын хэрэглээ. Испаничууд өдрийн хоолоо арай хожуу 01.30-02.00 цагийн үед иддэг л дээ. Өдрийн хоолондоо салатнаас гадна тахианы мах, туна загас гэх мэтээс сонгож хэрэглэнэ.Загасны маханд омега-3 их хэмжээгээр агуулагддаг сайн талтай. Салатны тухайд оливын тосоор амталсныг нь сонгодог. Орой бас хөнгөн дасгал хөдөлгөөн хийнэ. Оройн дасгалын дараа коктейлоос гадна тослоггүй тараг хэрэглэдэг юм. Өдөрт гурваас дөрвөн литр шингэн уудаг.

-“Herbalife”-ын бүтээгдэхүүнийг дэлхийд гэж яригддаг хөлбөмбөгийн багийнхан хэрэглэдэгийг мэднэ. Ямар улсын баг, тамирчид “Herbalife”-ын бүтээгдэхүүнийг онцолж хэрэглэдэг вэ?

-“Herbalife”-ын бүтээгдэхүүн хэрэглэдэг хамгийн алдартай тамирчин бол Криштиано Роналдо. Роналдогийн дуртай бүтээгдэхүүн нь коктейль. Лемоны амттай уургийн батончикт бас дуртай. Роналдогийн эмч миний найз учраас дуртай бүтээгдэхүүнийг нь мэдээд байгаа хэрэг л дээ (инээв). Мексик, Бразил, Австралийн хөлбөмбөгийн багуудаас гадна Америкийн хөл бөмбөгийнлигт багтдаг “Лос Анжелес Галакси” баг байна. Колумбийн олимп, дэлхийн аварга тамирчид “Herbalife”-ын бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Зарим оронд “Herbalife” аль нэг тамирчин, ямар нэг төрлийн спортыг дэмжинэ гэхгүйгээр олимпийн хороог нь бүхэлд нь дэмждэг. Солонгос, Италийн олимпийн хороо байна.

“Herbalife”-ын бүтээгдэхүүнийг 150 гаруй алдартай тамирчин, 50 гаруй алдартай багийн тамирчид хэрэглэдэг. “Herbalife”-ын зөвлөхийн хувьд тамирчидтай ажиллахад таатай байдаг шүү. Ялсныхаа дараа талархлаа илэрхийлэх нь маш сайхан санагддаг. Захиа бичнэ, зарим нь бүр уулзаж байгаад баярласнаа хэлнэ. Тамирчид тун өөдрөг, гайхалтай эерэг хүмүүс.

-Дэлхийн маш олон компани коктейль үйлдвэрлэж худалдаанд гаргадаг. “Herbalife”-ын коктейль борлуулалтаараа тэргүүлдэг гэж сонссон. Таны ярианаас анзаарахад тамирчид ч гэсэн энэ компанийн коктейльд дуртай байдаг юм байна. Шалтгаан нь юундаа байна?

-Үр дүнтэйг нь мэдэж байгаа учраас онцгойлж хэрэглээд байгаа юм.“Herbalife”-ын “Формула-1” коктейль дэлхийд борлуулагдаж буй коктейлуудаас хамгийн их зарагддаг гэдэг бол үнэн мэдээлэл л дээ. Дахиад хэлэхэд хамгийн гол шалтгаан нь үр дүн. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж эхэлсэн хүмүүс удаан хугацаанд, насан туршдаа хэрэглээд яваа учраас борлуулалт нь өндөр байдаг. Спортын баг, тамирчид “Herbalife”-ын дэмжлэгийг авч хариуд нь энэ компанийн нэрийг сурталчлах үүрэг хүлээдэг юм. Гэхдээ сүүлийн үед энэ хандлага өөрчлөгдөж байна. Баг, тамирчдын хувьд эрүүл байхад нь тус дэмээ өгдөг учраас “Herbalife”-тай хамтрах сонирхол өндөр болсон. “Herbalife” компани спортын байгуулагын түнш болох нь тухайн байгууллагадаа ямар ашигтай вэ гэдгийг дэлхий даяараа мэдэрч эхлээд байна.

-Та хэзээнээс “Herba life” компанид зөвлөхөөр ажиллаж байна вэ?

-Арваннэгэн жилийн өмнөөс “Herbalife”-д зөвлөхөөр ажиллаж байна. Зөвлөх гэдэг нь “Herbalife” компанийн ажилтан гэсэн үг биш л дээ. Миний хувьд Хүнс тэжээлийн зөвлөлийнх нь гишүүн. Миний ажилладаг зөвлөлд дэлхийн бусад орны энэ чиглэлээр мэргэшиж ажилласан эрдэмтэн докторууд бий. Бүтээгдэхүүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүтээх, олон нийтэд хүргэх талд анхаарах, сургалт хийх зэрэг бол бидний анхаарч ажилладаг чиг. “Herbalife”-ын бизнес маш энгийн. Энэ компанийн зөвлөхүүд хүмүүстэй нүүр тулж уулзаж, бараа бүтээгдэхүүнээ сурталчилж зарж борлуулдаг. Тэр хүмүүс эмч байх шаардлагагүй ч шим тэжээлийн талаар өргөн мэдлэгтэй, хэрэглэгчдэд зөв зүйтэй зөвлөгөө өгдөг байх учиртай. Зөвлөхүүдээ мэдлэгжүүлэхийн тулд бид сургалтуудыг идэвхтэйгээр хийдэг.


Categories
мэдээ нийгэм

​Хүчтэй салхи, бороонд хохирсон иргэдэд тусламж үзүүлжээ

Related image

Өнгөрсөн лхагва гаригт Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан түр зуурын хүчтэй салхи шуурга гарч, аянга, дуу цахилгаантай аадар бороо орсон билээ. Байгалийн түр зуурын үзэгдлээс болж Эрдэнэт, Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 14 төмөр бетон тулгуур хугарч унан, ослын улмаас 20 гаруй айлын гэр, хашаа нурж, нэг айл усанд автан, 800 гаруй бог мал хорогдсон.

Тэгвэл байгалийн гамшигт өртөж орон гэргүй болсон таван иргэнд Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас иж бүрэн монгол гэр өгсөн байна. Тусламжийн гэрийг тус нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид барьж өгчээ. Цаашид 20 айлд гэр шаардлагатай байгаа гэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгчийн сонгуулийн бүх саналын хуудсыг маргааш хүргүүлж дуусна

Related image

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт долдугаар сарын 7-ны өдөр болохтой холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо алслагдмал аймгуудын саналын хуудсыг хүргүүлж эхэлжээ. Мөн гадаадад байгаа сонгогчдын саналын хуудсыг хүргүүлсэн байна.

Тодруулбал, саналын хуудсыг долдугаар сарын 3 гэхэд бүх аймаг, сумдын санал авах хэсгүүдэд тагнуулын байгууллага болон цагдаагийн хамгаалалттай хүргэж дуусгах аж. Саналын хуудаст АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нарын цээж зураг болон сонгох тэмдэглэгээ байна. Энэ сарын долооны өдөр буюу ирэх долоо хоногийн баасан гаригт дахин санал хураалт орон даяар 7-22 цаг хүртэл явагдана. Дахин санал хураалтад долоон тэрбум төгрөг зарцуулж байна. Иймд дахин санал хураалтандаа идэвхтэй оролцохыг Сонгуулийн ерөнхий хорооноос уриалж буй аж.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн дүүргүүд наадмын бэлтгэлээ хангаж байна

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, дүүргийн өнгө үзэмжийг дээшлүүлэх зорилготой бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн их цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй 1108 аж ахуйн нэгж байгууллагын 3365 иргэн, Ерөнхий боловсрол, их дээд сургууль, цэцэрлэгийн нийт 165 багш ажилчид болон төрийн байгууллагын 205, сууц өмчлөгчдийн холбоодын 230 орчим ажилчин, албан хаагчид идэвх санаачилгатай оролцжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Маргаашнаас ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

Image result for бороотой

Маргаашнаас нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орж, борооны өмнө салхи ширүүсэх нөхцөл бүрдэж байгаа тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ болон ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.

Тухайлбал, энэ сарын 3-нд хэнх нутгаар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд зүүн аймгуудын нутгаар, 6-нд нутгийн баруун хагаст дуу цахилгаантай бороо орно. Эдгээр өдрүүдэд борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэх аж.

Мөн энэ сарын 3, 4-нд Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч, шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм болно. Говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэмийн дулаан байна.

Related image

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Image result for Төвийн аймгууд

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Орхон- Сэлэнгийн саваар 31-36 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

Image result for цагаан зээр

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус дулаан байна.

Related image

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 20-25 градус, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 34-39 градус, бусад нутгаар 30-35 градус дулаан байна.

Image result for Улаанбаатар

УЛААНБААТАР ХОТОД ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Наадмын тасалбар 16-24 мянган төгрөгөөр худалдаалагдана

Image result for Наадам

Туурга тусгаар Монгол түмний үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд болох улсын баяр наадмын нээлт, хаалтын ёслол, хоёр өдөр үргэлжлэх бөхийн барилдааны тасалбарыг Соёлын төв өргөөнөөс ирэх сарын 07-нд худалдаанд гаргахаар болжээ. Тэгвэл тасалбарын үнэ 16000, 20000, 24000 төгрөг байхаар тогтсон байна. Наадам дөхөж, тасалбар яг үнэрээ олдохгүй тохиолдол байдаг учир наадамчин олон эртхэн тасалбараа авахыг сануулъя.

Related image

Өнөө жилийн наадмын төсвийн 1,9 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас, 550 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргаж байгаа. Мөн наадмын үйл ажиллагааны орлого болох А, Б зөвшөөрөл, тасалбар хэвлэх зардал, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл зэргээс 330 сая төгрөг олохоор төлөвлөсөн аж.

Э.МӨНХ