Инженерийн технологийн “Тенсент” компани БНХАУ-д хамгийн эрэлттэй тоглоомд тооцогдож буй ухаалаг утасны онлайн тоглоомын апп болох “King Of Glory”-ыг ашиглах цагт хязгаар тогтоож, өдөрт 1-2 цаг л тоглох зохицуулалт хийж байгаагаа өчигдөр мэдэгджээ. Тус тоглоомын аппыг хэрэглэгчдийн тоо өдөртөө 80 саяд хүрдэг аж. “Тенсент” компани интернэт тоглоомын аппын ашиг орлогоороо дэлхийд тэргүүлдэг юм. Тус улсад онлайн тоглоомонд донтсоноос болж хүүхдүүдийн эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдол цөөнгүй гарах болсон билээ. Хятадын хэмжээнд интернэт тоглоомонд донтсон насанд хүрээгүй хүүхдийн тоо 24 саяд хүрсэн гэх статистик хүртэл гарчээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гэхэд Гуандон мужид 40 цаг тасралтгүй онлайн тоглоом тоглосон 17 настай хүүхэд цус харвасан байна. “Тенсент” компани ийм зохицуулалт хийснээр 12 нас хүрээгүй хүүхэд өдөрт нэг цаг, 12-18 насны хүүхэд өдөрт хоёр цаг онлайн тоглоом тоглох юм. Цаашдаа оройн 21:00 цагаас хойш тус аппыг ашиглах боломжгүй болгохоор ажиллаж байгаа юм байна. Цагийн хязгаарлалт өчигдрөөс хэрэгжиж эхэлжээ.
Month: July 2017
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин санал хураалт явуулахтай холбогдуулан маргааш зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал хураана. Явуулын хайрцгаар улсын хэмжээнд нийт 28045 хүн саналаа өгөхөөр бүртгүүлсэн. Үүнээс 5349 иргэн нийслэлд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх юм.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага Койка (KOICA), “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн сургалтуудаас гадна компьютерийн үндсэн хэрэглээний сургалтыг иргэдэд үнэ төлбөргүй явуулах төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тус төслийн хүрээнд зохион байгуулсан компьютерийн үндсэн хэрэглээний ээлжит сургалт амжилттай болж өндөрлөлөө. Үндсэн хэрэглээний сургалтын хөтөлбөр нэг сарын хугацаатай үргэлжилдэг бөгөөд зургаадугаар сарын сургалтад нийт 31 суралцагч хамрагдаж долоодугаар сарын 4-ны өдөр төгсөлтөө хийв. Цаашид энэхүү сургалт сар бүр явагдах тул бүртгэл үргэлжилж байна.
Мөн “Эм Кэй Ай Ти” (MKIT) төвийн сургалтад хамрагдаж төгссөн, одоо суралцаж байгаа залуучуудад олон улсын компьютер хэрэглээний гэрчилгээ олгох “ICDL” шалгалт болон програм хангамжийн инженерийн шалгалт өгөх төлбөрийг тус төвөөс төлөхөөр боллоо. Дээрх шалтгалтыг өгөхийг хүсч байгаа суралцагчид “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төв дээр ирж бүртгүүлэх бөгөөд тодорхой мэдээллийг 7012-2999 дугаараас авна уу гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 2017 оны 07 дугаар сарын 10-ны даваа гарагийн ажлын өдрийг 2017 оны 07 дугаар сарын 16-ны ням гарагийн амралтын өдөрт шилжүүлэв. Өөрөөр хэлбэл 2017 оны 07 дугаар сарын 16-ны ням гараг ажлын өдөр байхаар Засгийн газар шийдвэрлэлээ.
Дэлхийн яруу найрагчид Монголд чуулна
Монголын соёл, яруу найргийн академи нь Дэлхийн яруу найргийн өдрүүдийг ирэх сарын 16-22-нд Монгол улсад анх удаа зохион байгуулах гэж байна. Үүнд дэлхийн 50 орны 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцох юм.
Тухайлбал, Норвегийн Вангийн яруу найргийн зөвлөх, нэрт яруу найрагч Кнут Өдигард, Испани хэлт яруу найргийн өнөө цагийн сод төлөөлөгч, Нобелийн шагналт Висенти Александрийн шавь Испанийн нэрт яруу найрагч Хусто Хорхе Падрон, Дорно дахины өнөө цагийн соён гэгээрүүлэгч, Франц Кафкагийн шагналт, гүн ухаантан, Тайваны яруу найрагчЮй Си, Казакстан Улсын хөдөлмөрийн баатар, суут яруу найрагч Олжас Сулемейнов болон Израйлын яруу найрагч, профессор, дэлхийн хамгийн урт шилэн гүүрийн загварыг зохиосон дэлхийд алдартай архитектурч Хайм Дотан, Филиппиний соёлын нэрт зүтгэлтэн, Фукуокогийн Азийн соёлын шагналт, нэрт кино найруулагч Кидлэт Тахимик, Аргентины яруу найрагч, нэрт физикч, Нобелийн энх тайвны шагналт Эрнесто Кахан,Европын яруу найргийн Академийн удирдах зөвлөлийн гишүүн, Унгарын поэт лаурет, нэрт яруу найрагчИштван Турцы, АНУ-ын “Чивителла Райнери” сангийн ерөнхий захирал, зураач, соёлын менежер Дана Прескот, Дэлхийн Урлаг соёлын академийн ерөнхийлөгч, Францын яруу найрагч Маурус Ян, Мексикийн яруу найрагч Мария Соберанис, Унгарын Ерөнхий сайдын соёлын зөвлөх, Унгарын Пэн-н ерөнхийлөгч Гиза Чөкс нар ирэхээ мэдэгдсэн байна.
Дэлхийн яруу найргийн өдрүүдийн хүрээнд “Байгалийн оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль” хэмээх агуулгын дор Улаанбаатар хотод Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал, Дорноговь аймгийн Хамарын хийдэд “Данзанравжаа олон улсын яруу найргийн наадам” болох аж.
Дэлхийн 50 орны 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцох юм.
Данзанравжаа олон улсын яруу найргийн наадам нь цаашид Монголын байгалийн үзэсгэлэнт ба түүх соёлын дурсгалт газар жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж Дэлхийд нэртэй уншигчидтай зохиолч, яруу найрагчид Монгол орны тухай төсөөллөө бодит болгож, Монголын түүх, соёл, байгаль, ард түмний тухай шүлэг зохиол бичиж, өөр өөрийн хэлээр нийтлүүлж, Монгол орны байгалийн ба соёлын өвийг олон улсад таниулан сурталчлах өндөр ач холбогдолтой соёлын аялал жуулчлалын арга хэмжээ болно гэж зохион байгуулагчид онцолж байна.
Харин Дэлхийн яруу найрагчдын 37-р их хуралд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн утга зохиол соёлын байгууллагууд болон Дэлхийн Урлаг соёлын академи, Европын яруу найргийн академи, Олон улсын Пен байгууллага, зохиолч уран бүтээлчдийг дэмждэг сан, хэвлэлийн газруудын төлөөлөгч, орчуулагчид оролцож байгаа ньМонголын уран зохиолч, яруу найрагчид олон улсын үзэг нэгтнүүдтэйгээ уулзаж, гадаад харилцаагаа өргөжүүлэх, туршлага солилцох, уран бүтээлээ олон улсад гаргах, дэлхийн оюуны зах зээлд өрсөлдөх ая холбогдолтой гэнэ.
Дашрамд дурдахад, тус арга хэмжээтэй давхцан Монголын уран зохиолын алдар суутнууд болох XIX зууны Монголын суут зохиолч, яруу найрагч В.Инжиннашийн 180, суут яруу найрагч Д.Нацагдоржийн 111, Б.Явуухулангийн 88, Г.Сэр-Одын 100, Ч.Лхамсүрэнгийн 100, Ч.Чимэдийн 90, М.Цэдэндоржийн 85, Д.Гомбожавын 85, Д.Нямсүрэнгийн 70, О.Дашбалбарын 60 насны тэгш ой тохиож буй юм.
Францын нефть, хийн “Total” компани Тегераны Засгийн газартай Иран дахь Өмнөд Парсын ордоос хий олборлох гэрээ хийлээ. “Total” анхны хөрөнгө оруулалтаараа нэг тэрбум орчим ам.доллар зарцуулах юм байна. Дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа Өмнөд Парсын орд газрын 11 хэсэгт олборлолт явуулах тохиролцоонд Тегераны зүгээс Ираны нефтийн үндэсний компани (National Iranian Oil Company) гарын үсэг зуржээ. Төсөлд урд хөршийн China National Petroleum Corporation (CNPC) оролцож байгаа аж. Францын компани төслийн 50.1 хувийг эзэмших бол CNPC 30, Ираны Засгийн газар 19,9 хувийг эзэмших тохироо хийжээ. Олборлолт явуулах өртөг нь дөрвөн тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Ордын нийт нөөц хоёр тэрбум куб фут буюу 56.6 сая куб метр юм байна. Олборлолтыг 2020 оноос эхэлнэ хэмээн тооцоолжээ.
Цаг уур, орчины шинжилгээний газрын Урьдчилан мэдээллэх хэлтсээс авсан мэдээгээр ойрын өдрүүдэд хэт халж өдөртөө 30-35 градуст хүрч зарим өдрүүдэд түр зуурын дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.
Иймд иргэд улсын их баяр наадмын өдрүүдээр амарч, зугаалахдаа бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, архи согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэх, хуурайшилт ихтэй газар ил гал гаргахүй байх, согтууруулах ундаа ууж хэргэлсэн үедээ гол, мөрний усанд орохгүй байх, завиар загасчлах болон зугаалах үедээ хөвөгч, хантааз зэргийг хэрэглэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж гал түймэрийн болон усанд осолдох эрэсдэлд өртөхгүй байхыг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс сэрэмжлүүлж байна.
Үндэсний баяр наадмын үеэр зохион байгуулах урлаг соёлын томоохон арга хэмжээний нэгийг “Корпорейт хотел энд конвеншн центр”-ээс зохион байгуулах гэж байна. Монголд анх удаа зохион байгуулж буй өвөрмөц консепт бүхий “Наадам” шоу долдугаар сарын 11-нд “Корпорейт хотел энд конвеншн центр”-ийн концертын танхимд болно. Дашрамд дурдахад энэ концертын танхимд “Авъяаслаг монголчууд” шоу болсон юм. Жуулчдад үндэсний язгуур өв урлаг соёлын гайхамшгийг сурталчилах зорилготой “Наадам” шоунд эх орноо дэлхийд сурталчилж яваа Монголын язгуур урлагийн шилдэг уран бүтээлчид оролцох юм байна. Мөн орчин үеийн урлагийн нэрд гарсан хамтлаг дуучид ч ая дуугаа өргөх нь. Шоу хоёр хэсэгтэй өрнөх аж. Эхний хэсэг нь нэг цаг гучин минут үргэлжлэх концерт. Техник технологийн гайхамшиг, найруулагчийн ур чадварыг мэдрүүлнэ гэж онцолж буй уг концертод “Алтан ураг”, “Дэлхий”, “Тэнгэр аялгуу”, “UB drums” зэрэг хамтлагууд, “Баян Монгол” чуулга, “Natur dance” продакшн, дуучин Солонго, төгөлдөр хуурч Ами, уран нугараач О.Цэцэглэн зэрэг уран бүтээлчид оролцохоор болжээ. Шоунд ирсэн хүмүүс “Шанз 3” хамтлагийнхны эгшиглүүлэх аялгууг, Дуурь бүжгийн эрдмийн театрын “Модерн дуэт” хамтлагийнхны дууг шимтэн сонсох нь. Шоуны дараагийн хэсэг нь хүлээн авалтын танхимд партигаар үргэлжлэх аж. Наадмын хуушуур, хөнгөн зуушаар дайлуулж, коктейль шимэнгээ “Жаз лаб” студийн дэргэдэх жаз хөгжмийн хамтлагийн дуунуудыг сонсч, DJ BTB, төгөлдөр хуурч Дооноо нарын хамтарсан үзүүлбэрийг сонирхож, бүжиглэж цэнгэх боломжийг зохион байгуулагчид нь бүрдүүлжээ. “Наадам” шоуны тасалбарын үнэ 60 мянган төгрөг юм байна. Наадмын хуушуур болон хөнгөн зууш тоглолтын тасалбарт багтсан байна. Шоу болох концертын танхим угталтын хэсгээсээ эхлээд л монгол ахуйг мэдрүүлсэн орчныг бүрдүүлнэ гэж зохион байгуулагчид нь онцоллоо. Шоуны тасалбарыг “Корпорейт конвеншн центр”-т болон www.TICKET.mn-ээр худалдаж байгаа аж. Мөн 19001800 дугаарт залгаж үнэгүй хүргүүлж авах боломжтой юм байна.
Ц.СҮРЭН
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо 2017 оны долоодугаар сарын 07-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт болох гэж байгаатай холбогдуулан иргэд сонгогчдод хандаж Уриалга гаргалаа.
УРИАЛГА
Монгол Улсын иргэд, сонгогчид оо !
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо, шат шатны сонгуулийн байгууллагууд Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн ээлжит сонгуулийг 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулж явууллаа. Энэ удаагийн сонгуулиар сонгогчдын ирц өссөн нь төрийн тэргүүнээ сонгох эрхээ хэрэгжүүлэх манай иргэд сонгогчдын ухамсарт оролцоо харьцангуй өндөр байгааг харуулах баримт болж байна.
Төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгсөн нийт сонгогч иргэддээ Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо гүн талархлаа илэрхийлж байна. Гэвч 6 дугаар сарын 26-ны өдөр болсон сонгуулийн санал хураалтаар сонгуульд оролцож өрсөлдсөн гурван нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тул Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу хоёр дахь санал хураалтыг 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос зарлаж, зохион байгуулалтын бэлтгэлийг ханган ажиллаж байна.
Монгол Улсын иргэн Та Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлэн саналаа өгнө гэдэгт итгэж байна.
Сүүлийн үед олон нийтийн дунд сонгогчдийн сонголтоо хийх эрхэд хөндлөнгөөс нөлөөлөх зорилготой “цагаан хуудас буюу саналаа тэмдэглэхгүй байя” гэсэн хууль бус үйл ажиллагаа явагдаж байна.
Сонгуулийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгчийн хоёр дахь санал хураалтыг дуусталх хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглосон бөгөөд сонгогч саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх зорилготой хууль бус үйл ажиллагаа явуулбал Сонгуулийн тухай хуульд заасан хариуцлага хүлээдэг болохыг аливаа этгээдэд анхааруулж байна.
Эрхэм сонгогч Та бүхнийг хөндлөнгийн нөлөөгүйгээр өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтдаа идэвхтэй оролцож саналаа өгөхийг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
“Асар аялгуу” төв
УЛСЫН ЧАНАРТАЙ ХУРДНЫ ЗАМЫН ХУРААМЖ НЬ ӨНДӨР АЖ
Эрээн хотоос зүүн өмнө зүг Сайхан талыг туулан Цахар баруун гарын хойд хошууг хурдны замаар зорилоо. Олон улсын зэрэглэлийн зам болохоор орон нутгийн болон ачааны машин техникүүд өөр замаар явж байх нь анзаарагдана. Хятадад зам ашиглалтын төлбөр өндөр учир дотоодын аялагч нийтийн тээврийн унаанд суугаад явах нь хамаагүй хямд тусдаг байна. Түүнээс биш манайхан шиг наадмаар Хөвсгөл рүү бүгд гарч шидээд хэдэн зуун километр замын түгжрээ үүсгэдэггүй аж. Хурдны зам дээр нэг л гараад авсан бол замдаа түр зогсох, замаас хазайж гарах шаардлага огт үгүй. Говь цөл шахуу газрыг хэдэн зуун бээрээр торлож, бүхэл бүтэн ой моддыг тарьсан нь нүд баясгана. Моддын оройгоос цааш нүд сунган харахад нүцгэн уулс л ар араасаа харагдана. Зуугаад километр явж байтал улаан шороогоор цонх шавхуурдсан хүчтэй угалз таарч гэгээн цагаан өдөр атал харанхуй шөнийн байдалд оров. Машинууд манангийн шар гэрлээ асаан хорь хүрэхтэй үгүйтэй километрийн хурдтай урагшилна. Удалгүй аадар бороо асгалж аяны харгуйг хураар мялаав.
АЯНЫ ЗАМД АВЬЯАСААРАА ТАНИЛЦАЦГААВ
“Талын дуу хоолой” радиогийн захирал Баясгалан ах маань автобусны урд талын суудлаас ар, өмнөд Монголын бишүүрхэн явсан сэтгүүлчдийг нэг нэгээр нь “тайзнаа” дуудан гаргаж дуу цацруулагчаар өөрийгөө танилцуулан авьяасаа үзүүлэх бяцхан даалгавар өгсөн нь чухам нүдээ олсон хэрэг байлаа. Бээжингийн Олон улсын радиогийн сэтгүүлч Пүрэвжав гэхэд Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Ховог сайрын уугуул, нэртэй Жангарч залуу байсан. “Талын дуу хоолой”-н сэтгүүлч Нандирын нэрийг сонсоод “Танай Өмнөд Монголын зохиолчдын “Нандир, Сүмбэр хоёр” гэдэг нимгэн ногоон хавтастай номыг багадаа уншиж байсан. Одоо ч номын санд минь бий” гэвэл “Миний аав тэр номыг уншаад надад Нандир, ахад Сүмбэр нэр хайрласан байдаг. Хэн гэдэг зохиолчийн уран бүтээл юм бол” гэж иэхэд олзуурхав. ӨМОЗО бол БНХАУ-ыг тунхаглахаас хоёр жилийн өмнө тусгаар тогтносон бөгөөд тэр түүврийг тус орны арван жилийн ойд зориулан кириллээр хэвлэхдээ алдарт найрагч На.Сайнцогтын найраглалаар нэрлэсэн байдаг юм. Тэгэхээр тэр ном миний гарт ирснээр гучаад жил болсон гэж үзвэл даруй жаран настай ном ажээ.
Өмнөд монголчууд маань их авьяаслаг хүмүүс юм. Амжилт гэдэг найрагч хүүг дуучин Тэнгэрийн “Би Монгол хүн” болоод бусад дууг нь чухамдаа хуулчихсан юм шиг адилхан дуулахад сормуусанд нулимс чийгтэхгүй байхын аргагүй. Баясаа захирал бол манай нэрт найрагчдын шүлэг найраглалуудыг бараглан цээжээр урсгана. Тэд маань монгол хэлээрээ төгс сайхан ярих нь чихний чимэг. Гэхдээ хүн бүхэн шахам “Тэгвэл мөн чиг” гэсэн сул үг хэрэглэх нь манайхны дунд яригддаг “Одоо болбол”, “Тэр утгаараа” гэдэг үгсийн ихэрлэл бололтой. Хурдны зам нь “Вагоны ширээн дээрх аягатай цай цалгидаг уу” гэдгийн хариулт мэт зүдэргээн түүртээнгүй. Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс БНХАУ орон нутгийн хурдны замаар явах автобусны хурдыг 90 км/цагаар хязгаарладаг байна. Хоёр Монголын сэтгүүлчдийн холимог багийнхан Улаанцав хотын Цахар баруун гарын хойд хошууны төв Баянцагаанд хоёр зуу гаруй км туулаад үдэш очсон юм.
ХААНЫ ЗООГЛОЖ БАЙСАН ИДЭЭ ШҮҮС
Улаанбаатараас гарахад л “Цагаан хэрмээс наахнуур цахар, барга ахан дүүс минь
Цайдам тал гэдэг чинь ийм л уудам алс байх юм аа” гэсэн “бадарчин” яруу найрагч Цэвэгжавын Батбаатарын шүлэг аманд өөрийн эрхгүй орж ирээд байсан нь энд ирэхийн совин байжээ. Цахар сайхан нутаг бол Чингис хааны алтан ургийн гучин тавдахь их хаан Лигдэн хутагтын өлгий гэхэд хилсдэхгүй. Тухайн үеийн газрын зургаар баримжаалбал цахар нутаг Монголын их өндөрлөгийн төв голдоч байсан байж таарна. Цахарын Лигдэн хутагт хааны талаар бид “Цогт тайж” киноны дэлгэцнээс хижиг өвчнөөр тэнгэрт халихдаа төрийн их хасбуу тамгаа нууж буйгаар бага сага гадарлах байх. Тэгвэл энэ нутгийнхан Лигдэн хааныг яг л өнөө цагт аж төрж байсан хүн мэтээр их л халуун дотноор дурсах нь биширмээр. “Хааны минь зооглож байсан шүүс” гээд бүтэн хонины зум ялз чаначихаж. “Хаанд зориулсан тусгай жорын цай” гээд өрөм хөвүүлсэн өтгөн шаргал цай аягалж байна. Аливаа үндэстэн угсаатны түүх гэдэг идээ, умдаандаа хүртэл соёл болон үлддэг ажээ.
“Асар аялгуу” чуулгын хөгжимчид, бүжигчид
“АСАР АЯЛГУУ”-Г АНИРДАХУЙ
Улаанцав хотын АИХ-ын орлогч дарга Тогоонтөмөр дарга биднийг хүлээн авч хууч хөөрөхдөө “Би чинь Шанду нийслэлээ босогчдод алдсан Юань гүрний азгүй хаан шүү дээ” гэж гашуухан хошигнож суусан. Маргааш өглөө нь “Асар аялгуу” хэмээх эртний хаадын ордны хөгжмийн чуулгын тоглолтыг үзэхээр очтол мань эр харин хөгжим тоглоод сууж байдаг байгаа. Тэрээр “Асар аялгуу” нь найр наадамд дуулагддаггүй, ихэмсэг аялгуу. Эрт дээр үеэс ордны буюу төрийн аялгуунд дуулагддаг байж. Манай ахмад багш нар 30 гаруй аялгууг судалж, найруулсан” гэж байсан. Өмнөд монголчуудын маань нэг сайхан тахимдуу чанар нь ямар ч хүнийг “багш” гэж авгайлан хүндэлдэг ёс. Биднийг албан ёсоор танилцуулахдаа “Монгол Улсаас ирсэн сэтгүүлч-багш тэр” гэх жишээний.
“Асар аялгуу”-г Юань гүрний үед зөвхөн хааны ордонд л тоглодог байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ нь Монгол төрийн хүндэтгэл магтаалын дуу хөгжим байж. Монголын тулгар төр задарсанаар “Асар аялгуу” ая дангаа алдаж, Монгол орны газар бүр харилцан адилгүй хэлбэрээр уламжлагдан үлдсэн аж. Хааны торгон хишигтэн цахарчууд “Асар аялгуу”-ны нэгэн төрөл болох “Адуучин асар”-ыг үе дамжуулан өвлөж “найрын дууны тэргүүн аялгуу” хэмээн хүндэтгэн дээдэлж иржээ. “Асар аялгуу”-г монголчуудын уламжлалт утсан хөгжим, ардын үлээвэр, цохивор хөгжим зэрэг хөгжмийн зэмсгүүдээр хавсран хөгжимддөг аж. Өмнөд Монголд өнгөрсөн зууны 60-аад оноос радиогоор нэвтрүүлж эхэлсэн ч эдүгээ эл аялгууны талаар ойлголттой хүн тун цөөхөн болсон гэж байна. Тиймээс Өвөр Монголын Улаанцав хотын Цахар баруун гарын хойд хошууны захиргаа болон холбогдох албаны хүмүүс “Асар аялгуу”-г сэргээн хөгжүүлэх олон арга хэмжээ авч байгаа аж. Тухайлбал, “Асар аялгуу”-ны ном бүтээл хэвлүүлж, “Асар” урлагийн бүлгэм байгуулж, энэ соёлын өвийг олонд сурталчлан таниулахын тулд урлаг соёлын янз бүрийн арга хэмжээний үеэр аялгууг тоглож байна. ӨМӨЗО-ы Соёлын танхим, Түүхийн дурсгалт зүйлсийн товчооны санаачилгаар үндэсний соёлын өвөө сэргээхээр Цахар соёлын музейг мөн байгуулжээ.
“ЦАХАР” УЛААН ТӨМС АЛДАРТАЙ
Цахар баруун гарын хойд хошуу нь Далан хар уулын хойд хормой, Улаанцав хотын зүүн хойд хэсэгт оршдог. Энэ бүс нутагт өдөртөө их халж, шөнө нь сэрүүхэн хонодог учир төмс тариалахад тун тохиромжтой аж. Хошуу 220 мянган хүн амтай бөгөөд нийт хүн амын 70 хувь нь газар тариалан эрхэлнэ. Тус хошуу нь Өвөр Монголын төмс үйлдвэрлэлийн гол хошуу агаад төмсний тариалангийн талбайн хэмжээ 23 мянга гаруй га-д хүрсэн гэж байна. “Цахар” улаан төмс нь энэ нутгийн нэрийн бүтээгдэхүүн аж. Энэ төмс цардуул ихтэй, болц хурдан гэдгээрээ онцлогтой. Улаан төмсөөр гурил, пүнтүүз зэргийг хийж байна. Улаан төмс нэг кг нь 1000 орчим төгрөгийн үнэтэй бол үрийн төмс нь 3000 орчим төгрөг аж. Сүүлийн жилүүдэд Монгол, Орос, Өмнөд Солонгос, Япон, Малайз зэрэг улс руу улаан төмс экспортолдог болжээ. Манайхан ч бас эднээс санаа авч Жаргалантын шар, Борнуурын нуугисан сайхан монгол төмсөө гадаадад чанарын өндөр түвшинд савлан гаргахад болохгүй гэх газаргүй мэт.
Улаанцав хотын АИХ-ын орлогч дарга Тогоонтөмөр “улаан” урлагчин хүн ажээ
ХУР ДАГУУЛЖ ХУБИЛАЙ ХААНЫХАА ДЭЭД НИЙСЛЭЛИЙГ ЗОРИВ
Лигдэн хутагт хааныхаа цахар нутагт нэгэнтээ хоноглоод Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууг зориход нартай бороо шивэрч, өвөг дээдсийн минь тэргүүнээ цэлийн цэнхэртэж асан мөнх хөх тэнгэрт хос солонго татан цаанаа л сайхан угтлаа. Найрагч Мөнхтөр ахын маань сэтгэл ихэд догдолж суудал зэрэгцэж явсан надад ийн уншина.
“Тэнгэрийн гүн цэнхэрлигт би дуртай
Тэнд л дээдэс минь байгаа гэж итгэдэг
Тэртээд хүлгэлзэн нүүх үүлэнд би дуртай
Тэр үүлсээс өвгөд минь хур болж ирдэг
Бороо цайран цайрахад би хачин дуртай
Борлог үүлсээр дээдэс рашаан илгээдэг
Харсан тэнгэртэйдээ монгол босоо заяатай явдаг
Хаан дээдсийн сургаал тэнд мөнх оршдог”
Цахар нутгийн тэнгэрт хослон нумарсан тэнгэрийн ариун нумыг харахуй сэтгэлд мөнөөхөн Лигдэн хаан болоод дээд ихэс хаадын их түүх нэгэн их асар аялгуу болон зүрхний чавхдас донхийлгэн эгшиглэх сонсогдоно. Чингэхүй “Хувь заяа минь гагц ариун тэнгэрийн эрхшээл. Цэв цэнхэрхэн бороо нь миний л эгч дүүс ээ” гэж Өмнөд Монголынхоо уудам талд хамтдаа яваа аяны нөхдөдөө уншлаа. Шулуун хөх хошууны нутагт орших Хубилай хааныхаа байгуулсан Их Юань улсын дээд нийслэл Шанду хотын тууринаа очно гэхээс нойргүй хономоор санагдана.
Үргэлжлэл бий