Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс 16-ыг дуустал дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр сонгуулийн өдөр, бүх нийтээрээ амарч байгаа. Тиймээс өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Маргааш, нөгөөдөр амралтын өдөр тул мөн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Харин даваа гарагийг Засгийн газраас амралиын өдөр болгосон. Энэ сарын 07-16-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Categories
мэдээ улс-төр

Нэр дэвшигч М.Энхболд саналаа өглөө

Migaa Tseveen-н зураг.Өнөө өглөөний 07.00 цагт Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэлсэн билээ. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд өнөөдөр Нийслэлийн 23 дугаар сургуульд байрдах хэсгийн хороонд эхнэр Ж.Туяацэцэгийн хамт саналаа өглөө.

Categories
мэдээ нийгэм

Бүртгэлийн цагаан хуудас олгохгүй

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалт өнөө өглөө 07.00 цагт эхэллээ. Эхний санал хураалтаар саналаа өгөөд гарсан иргэдэд бүртгэлийн хуудас олгож байсан ч зарим иргэн бүртгэлийн хуудсаа 100 хүртэл мянган төгрөгөөр худалдаж байна гэсэн гомдлыг улс төрийн намын ажиглагчид Сонгуулийн ерөнхий хороонд гаргажээ. Улмаар хоёр дахь санал хураалтаар бүртгэлийн хуудас олгохгүй байх шийдвэр гаргасан талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хэсгийн хороодод сонгогчийн ирц тааруу байна

Сонгинохайрхан дүүргийн VIII хороо, 1782 дугаар хэсгийн хороонд санал авах ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Тус хэсгийн хороонд 10:35 цагийн байдлаар 172 сонгогч саналаа өгсөн нь ирц 13.76 хувьтай байгааг харуулж буй юм. Нийт 1290 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгджээ. Сонгуулийн хэсгийн хорооны даргын өгч буй тайлбараар өнгөрсөн зургадугаар сарын 26-нд болж өнгөрсөн сонгуультай харьцуулахад саналаа өгсөн сонгогчийн ирц тааруу байна, иймээс саналаа идэвхитэй өгөхийг уриаллаа. Хэсгийн хороо нь долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бол мэдээлэл технологийн, иргэний бүртгэлийн тус бүр нэг хүн ажиллаж байна. Мөн Ардчилсан нам, МАН-аас тус бүр дөрөв, нийт найман ажиглагч ажиллаж байна. Дөрвөн ажиглагч санал авах байранд сууж хяналт тавьж байгаа бол дөрөв нь гадаа ажиллаж байгаа юм. Сонгогчдыг санал авах байранд орж хурууны хээгээ уншуулан, бүртгэлийн хуудсанд нэрээ бичүүлсний дараа автомат машинд саналын хуудсыг хэрхэн уншуулах тухай зааварчилгааг өгч буй ч зарим тохиолдолд саналын хуудсыг яльгүйхэн хазайлгаж хийснээс автомат машин гацах зэрэг бэрхшээл гарч байгаа аж.

Б.УРНАА

Categories
мэдээ нийгэм

Сонгогчдод 249 тээврийн хэрэгсэл нэмэлтээр үйлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт өнөөдөр 07.00 цагт орон даяар эхэлсэн. Сонгогчдын саналаа өгөх үйл ажиллагаанд зориулж, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд нэмэлтээр 249 тээврийн хэрэгсэл үйлчилж байна.

Үндсэн чиглэлийн үйлчилгээнд:

Нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн 88 чиглэлд өглөөний 6:30-аас оройн 23:00 цагийн хооронд 892 тээврийн хэрэгсэл, ажлын өдрийн хуваариар сонгогчдод үйлчилж байна. Тодруулбал, их багтаамжийн 794 автобус, Угсраа 14, Троллейбус 30, Дунд багтаамжийн 33 автобус тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гараад байна.

Туслах чиглэлийн үйлчилгээнд:

Нийтийн тээврийн үйлчилгээний туслах 5 чиглэлд өглөөний 6:30-аас оройн 23:00 цагийн хооронд 21 тээврийн хэрэгсэл үйлчилж байна.

Зуслангийн үйлчилгээнд:

Нийтийн тээврийн үйлчилгээний зуслангийн 3 чиглэлд өглөөний 6:30-аас оройн 23:00 цагийн хооронд их багтаамжийн 5 автобус үйлчилнэ.

Шөнийн тээврийн үйлчилгээнд:

Шөнийн нийтийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд оройн 22:30-аас шөнийн 01:30 цагийн хооронд их багтаамжийн 6 автобус, 4 троллейбус сонгогчдод үйлчилж байна.

Такси үйлчилгээнд:

Нийслэл хотын такси үйлчилгээнд нийт 11 аж ахуйн нэгж, байгууллагын 555 тээврийн хэрэгсэл ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал авах өдөр ажиллах тээврийн хэрэгслийн тоог ердийн амралтын өдрөөс 249 тээврийн хэрэгслээр нэмэгдүүлж, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг өглөө 08:00 цаг байсныг 06:30, оройн буултын цагийг 23:00 цаг хүртэл өөрчлөлт оруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарчууд сонгуульдаа идэвхтэй оролцож байна

Сонгогчийн ирцээрээ улсад тэргүүлдэг Сүхбаатар аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 7 дахь удаагийн сонгуульд тун ч идэвхтэй оролцож байна.Тус аймгийн сонгогчийн нэрсийн жагсаалтад нийт 39208 хүн бүртгэгджээ. Өнгөрсөн зургадугаар сарын 26-ны өдөр нийт 28 133 сонгогч саналаа өгсөн нь нийт сонгогчийн 71.3 хувь байсан ба улсад сонгуулийн ирцээрээ тэргүүлсэн юм.

Өнгөрсөн зургадугаар сарын 26-нд орон нутгийн хэмжээнд сонгуулийн ирц 66, нийслэлийн хэмжээнд 69 хувьтай байв. Өнөөдөр өглөө 07.00 цагт эхэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 7 дахь удаагийн дахин санал хураалтад Сүхбаатарчууд идэвхтэй оролцож мөн л сонгуулийн ирцээрээ улсад тэргүүлэх магадлал өндөр байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Саналаа идэвхтэй өгч сайхан наадаарай

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орос гуравдугаар сургуульд байрлах хэсгийн хороонд очиж саналаа өглөө. Тэрбээр саналаа өгснийхөө дараа “Ард иргэддээ саналаа өгөхийг уриалж байна. Ард түмэн Ерөнхийлөгчөө сонгодог. Ерөнхийлөгч бол ард түмнээ сонгодоггүй гэдгийг хэлэх нь зөв байх. Хэн ч гарсан бай ард түмэн Ерөнхийлөгчийг өөрчилдөг. Түүнээс биш Ерөнхийлөгч ард түмнээ өөрчилдөггүй. Тиймээс саналаа өгье гэж бодож байгаа хүнийхээ төлөө ямар нэгэн нөлөөнд автахгүйгээр саналаа идэвхтэй өгөөрэй. Энэ удаагийн сонгуулийг энэ санал хураалтаар өндөрлөе. Ажлаа хийе. Дараа дараачийн олон ажил байна. Саналаа идэвхтэй өгч сайхан наадаарай” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Төв аймагт санал тоолох машин ажиллахгүй байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт орон даяар явагдаж байгаа билээ. Төв аймгийн санал уншуулах хар машин уншихгүй байгаа талаар Төв аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ. Тус аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга С.Энхжаргал “Өглөө санал хураалт эхэлснээс хойш санал тоолох хар машин ажиллахгүй байгаа. Одоо сонгогчдын саналыг гар ажиллагаанд оруулах журмын дагуу битүүмжилсэн хайрцганд саналыг авч байна. Сонгуулийн ерөнхий хороо болон мэдээлэл, технологийн шуурхай баг ажиллаж, санал тоолох машиныг ажиллагаанд оруулахаар ажиллаж байна” гэсэн юм. Төв аймагт нийт 84 хэсэгт санал хурааж байгаа. Санал тоолох машин ажиллахгүй байгаатай холбогдуулан СЕХ-оос тодруулахад, Сонгуулийн ерөнхий хорооны шуурхай баг ажиллаж байна. Энэ талаар 13.00 цагт мэдээлэл өгнө” гэсэн тайлбарыг өгч байв.

Б.УРАН

Categories
мэдээ нийгэм

СЕХ 13:00 цагт ирцийн мэдээ өгнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт явагдаж байна. Сонгуулийн Ерөнхий хорооноос санал хураалтын ирцийн мэдээг 13.00, 18.00, 23.00 цагт өгөх юм байна. Улсын хэмжээнд нийт 1.9 сая сонгогч саналаа өгнө.

Categories
мэдээ нийгэм

Газраа барьцаалсан эхний иргэн байрны түлхүүрээ гардлаа

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв гарц нь гэр хорооллыг орон сууцжуулах гэж хотын удирдлагууд үзэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 216 мянган өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч байгаа юм. Иргэдэд орон сууц худалдан авахад тулгардаг гол асуудал нь урьдчилгаа төлбөр байдаг. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар Гэр хорооллыг хөгжүүлэх сан байгуулж, Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас төлүүлэх боломж бий болсон билээ.

Гэр хорооллыг хөгжүүлэх санд хамрагдаж, шаардлага хангасан анхны иргэн орон сууцны түлхүүрээ хотын даргаас өнөөдөр гардан авлаа. Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэн Н.Одончимэг өмнө нь урьдчилгаа 30 хувийн төлбөрөө төлөх боломжгүйгээс орон сууцанд хамрагдаж чаддаггүй байснаа ярьж байсан юм. Тэрбээр “Өнөөдөр маш их баярлаж байна. Гэр хорооллыг хөгжүүлэх сан байгуулагдсан талаар сонсоод өргөдлөө өгч бүртгүүлсэн. Энэ бол үнэхээр цаг үеэ олсон ажил гэж бодож байна. Гэр хороололд амьдардаг бид бүгд тохилог орон сууцанд орохыг хүссэн ч мөнгө хуримтлуулж чадаагүй учраас ипотекийн зээлд хамрагдаж чаддаггүй байсан. Одоо бол газраа санд нийлүүлээд урьдчилгаа төлбөрөө төлүүлэх болсонд маш их баярлаж байна. Би “Шинэ өргөө” хотхонд байр авсан. Өнөөдөр түлхүүрээ авлаа. Хотын дарга, удирдлагуудад маш их баярлалаа” хэмээв.

“Хотын утааг бид зөвхөн өвөл биш жилийн 4 улиралд ярьж, анхаарах хэрэгтэй. Утааг багасгах гол ажил нь гэр хорооллыг орон сууцжуулах юм. Гэр хорооллыг хөгжүүлэх санг байгуулснаас хойш 2000 гаруй иргэн хандсан байна. Бид үүнийг судлаад, банкуудтайгаа хамтран шийдэх болно” хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.

Нийслэл хотод эзэндээ очиход бэлэн болсон ч иргэд худалдан авах боломжгүйгээс борлуулагдаагүй байр олон бий. Гэр хорооллыг хөгжүүлэх сан байгуулагдаж, иргэд урьдчилгаа төлбөр төлөлгүйгээр орон сууц худалдан авах боломжтой болсон нь барилгын зах зээл, барилгын компаниудыг ч давхар дэмжсэн ажил болж байгааг барилгын салбарынхан хэлж байна. Гэр хорооллыг хөгжүүлэх санд хамрагдах хүсэлтэй иргэд Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт хандан, өргөдлөө өгөх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.