Categories
мэдээ нийгэм

Явган аяллын чиглэлийн нээлт энэ сарын 18, 19-нд болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар БНСУ-ын Чежү хотын Аялал жуулчлалын газар, “Чежү Олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хот орчимд олле стандартын дагуу явган аяллын чиглэл тогтоон, тэмдэгжүүлэх ажлыг өнгөрсөн жилийн зургаадугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Олле гэдэг нь Чежүгийн эртний аялгаар “гудамж талбайгаас гэрийн хашаа хүртэлх нарийхан зам” гэсэн утгатай үг бөгөөд БНСУ-д 2006 оноос хойш Чежү арлыг тойрсон 26 курс, 425 км явган аяллын чиглэлийг тэмдэгжүүлсэн байдаг аж. Олле явган аяллын чиглэл нь Солонгос улсад хурдан хугацаанд хөгжиж, олон хүний алхах дуртай зам болсон бөгөөд зам дагуух тэмдэг, тэмдэглэгээ нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй материалуудаар хийгддэг. Уг арга хэмжээ өмнө нь Япон улсад нээгдсэн бөгөөд Монгол Улс олле явган аяллын стандартын замтай гурав дахь орон болж байна.

Энэхүү ажлын хүрээнд олле явган аяллын чиглэлийг Горхи Тэрэлжийн БЦГ, Богд уулын ДЦГ-т тус бүр нэг нэг чиглэлийг тогтоож, 2017 оны тавдугаар сарын 20-оос зам дагуу тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах ажлыг эхлүүлсэн байна. Ингээд Монгол олле явган аяллын чиглэлийг энэ сарын 18, 19-нд нээснээр хүмүүс алхах боломжтой болох аж гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Дархан хотод 3 ихэр хүүхэд мэндэлжээ

Дархан хотод 3 ихэр хүүхэд мэндэлжээДархан сумын 10 дугаар багийн иргэн Ч.Сутайхайрханы гэргий Ё.Тунгалаг 5 дугаар сарын 5-ны өдөр амаржиж 3 ихэр хүүхэд төрүүлжээ. Түүний 2 дахь төрөлт бөгөөд 2 охин 1 хүү төрүүлж тэд дөрвөн хүүхдийн аав, ээж боллоо. Том хүү С.Орчлон нь 3 дугаар ангийн сурагч ажээ.

Ихрүүдийн ээж Ё.Тунгалаг нь Улаанбаатар хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн амаржих тасагт амаржиж, хүүхдийн сувилалд сувилуулж байгаад 5 дугаар сарын 31-ний өдөр Дархандаа ирсэн тул 10 дугаар багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батболд, П.Юра, сумын ИТХ-ын төлөөлөгч П.Ихбаяр, Жаргалсүрэн болон багийн ИНХ-ын дарга Т.Мөнхбат, багийн Засаг дарга Б.Батсуурь нар Ч.Сутайхайрханыд зочилж, хүндэтгэл үзүүлэн нярай хүүхдүүдэд хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүдийг бэлэглэсэн юм. Бяцхан үрсдээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай.

Categories
мэдээ улс-төр

“Монгол-Солонгосын бизнес форум”-д оролцогчдыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, БНСУ-ын парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь, Б.Ундармаа нар өнөөдөр (2017.06.02) “Монгол-Солонгосын бизнес форум”-ыг зохион байгуулагч Ум Ён тэргүүтэй бизнесийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Монгол-Солонгосын бизнес форум”-ыг зохион байгуулж байгаа БНСУ-ын Шадар сайд асан ноён Ум Ён, “Кореа саммит” байгууллагын захирал Пак Бон Кью нарт талархал илэрхийлээд форум амжилттай болж, хоёр орны бизнес эрхлэгчид шинээр хамтран ажиллах эхлэлээ тавьж чадна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн юм.

Тэрбээр манай хоёр орны харилцаа өргөжин тэлж, бидний хувьд БНСУ-ыг стратегийн түншээ гэж үздэг гээд улс төрийн харилцаанаас гадна хүн хоорондын харилцааг хөгжүүлэхэд “Кореа саммит” байгууллага сүүлийн 10 жилийн хугацаанд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов.

Ноён Ум Ён УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Ундармаа нарт талархаад, энэ удаагийн форумд БНСУ-аас өргөн бүрэлдэхүүнтэй бизнесийн төлөөлөл оролцож байна гэж хэллээ.

Тэрбээр “Миний хувьд Шадар сайдаас гадна Шинжлэх ухааны сайдын албыг хашиж байсан. Тэр үед Монголд тулгарч буй асуудлуудыг судалж үзээд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд төсөл боловсруулсан байгаа. Энэ төслөө бизнес форумын үеэр танилцуулна. Хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн тогтвортой харилцааг бий болгоход Монгол-Солонгосын бизнес форум хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна” гэв.

Төгсгөлд нь талууд бусад асуудлаар санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Трамп Парисын гэрээнээс АНУ-ыг гаргаж буйгаа зарлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Парисын цаг уурын өөрчлөлтийн гэрээнээс гарч буйгаа зарлалаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Парисын Цаг уурын өөрчлөлтийн гэрээ”-нээс Америкийг гаргаж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр сонгуульд өрсөлдөж байхдаа л “Хэрвээ би Цагаан ордны тэргүүн болбол хамгийн эхэнд АНУ-ыг “Парисын Цаг уурын өөрчлөлтийн гэрээ”-нээс гаргана. Бид хэтэрхий их мөнгийг зүгээр л салхинд хийсгэж байна. Байгаль орчныг жинхэнэ утгаар нь хордуулж буй улс бол БНХАУ” гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Трамп энэ оны эхээр өмнөх төрийн тэргүүн Барак Обамагийн баталсан “Цаг уурын өөрчлөлтийн эсрэг гэрээ”-г хүчингүй болгосон.

Трамп, Обамагийн санаачилсан зарим зарлигийг цуцлахаас гадна нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг хязгаарлах “Цэвэр эрчим хүч” төлөвлөгөөг нягтлан үзэхээ илэрхийлсэн. Харин нүүрс олборлохыг хязгаарласан захирамжийг хүчингүй болгосон юм. “Өмнөх Цагаан ордны тэргүүний хийсэн журмууд хэт нэг талыг барьсан болохыг судалгааны явцад олж мэдлээ. Тиймээс зарим журмыг цуцлахаар өөр аргагүй байна. Мөн зарим журмыг цуцлахгүйгээр илүү сайжруулах болно. Америкийн эрчим хүчний салбарт хийсэн хязгаарлалт олон өрхийг орлоггүй болгосон. Олон хүн өнөөг хүртэл ажлын байргүй байна” өмнө нь Трамп мэдэгдсэн.

“Парисын цаг уурын өөрчлөлтийн гэрээ”-нд өнгөрсөн 2015 оны арванхоёрдугаар сард дэлхийн 195 орон нэгдэж буйгаа зарласан билээ. Гэрээний дагуу олон улс цаг уурын дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийн агаарын хэмээс нэмж Цельсийн 1.5 хэмээр хэтрүүлэхгүй байх зорилт тавьсан юм. Тус гэрээнд иргэний дайн дэгдээд буй Сири, Никарагуа улс нэгдэхээс татгалзсан аж.

Трамп өчигдөр “Парисын хэлэлцээр нь АНУ-ын тусгаар тогтнолд хохирол учруулах дараа дараагийн үйл явцын эхлэл. Парисын хэлэлцээрээс гарах цаг нь болжээ” гэж мэдэгджээ. Цагаан ордны шийдвэрийг НҮБ-ын харъяа Цаг уурын ногоон сан эрс буруутгаж “Ерөнхийлөгч Трамп олон улсаас нүүр бурууллаа” гэж мэдэгдэв.

Америк улс хүлэмжийн хий ялгаруулалтаараа дэлхийд хоёрдугаарт бичигддэг билээ. “Парисын хэлэлцээр”-ийн хүрээнд нийт хүлэмжийн хийн ялгаралтыг 48 хувь хүртэл бууруулсан бол зөвхөн Америкийн хүлэмжийн хийн ялгаралтыг 20 орчим хувиар бууруулжээ. “Цэнхэр дэлхийгээ хамгаалах” үйл хэрэгт эргэлзэнгүй хандаж буй Трампийг Европын холбооны удирдлагууд шүүмжилсэн байна.

НҮБ “Трамп хүлэмжийн хийг бууруулахгүйгээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэх гэж байгаа юм бол” хэмээн мэдэгдэж, Трампийг өмнөх Ерөнхийлөгч Обамагийн санаачилсан шийдвэрүүдийг цуцлахгүй байхыг уриалсан аж. “Трамп өмнөх удирдлагуудын хийсэн ажлыг зөвхөн баллаж байна. Мөн түүний шийдвэр АНУ-ыг дэлхийн тэргүүлэгч гүрэн гэх статусыг үгүй хийлээ” хэмээн “CNN” агентлагийн тоймч ийнхүү жиргэжээ.

Обама “Трамп америкчуудад хайртай бол уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх ёстой” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Тэнгис” кино театрын хажуу талын краныг буулгуулж байна

НМХГ-аас Тэнгис кино театрын олон жил ашиглаагүй краныг өнөөдөр буулгаж байна.

НМХГ-аас энэ жилийн хувьд дөрөв таван жил зогссон краныг буулгажээ.

Олон жил болсон техникийн шийдлээрээ буух боломжгүй краныг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй компанитай хамтраад краныг осол авааргүй буулгах ажиллагаа явагдаж эхэлжээ.

Барилга дээр кран суулгаж анхны зөвшөөрөл авахдаа үйл ажиллагаа нь хэвийн байдаг. Барилга баригдах явцад хийцийн болон бүтцийн өөрчлөлт хийгдсэнээс болоод тухайн кран нь буулгах боломжгүй нөхцөл байдал үүсдэг байна.

Categories
мэдээ спорт

Жүдочид Мексик улсыг зорино

Жүдочид Мексик зурган илэрцүүд

Мексик улсын Канкун хотод “Cancun-Grand Prix-2017” жүдо бөхийн олон улсын тэмцээн манай улсаас дөрвөн залуу жүдоч хүчээ сорино. Тус тэмцээн энэ сарын 16-18-нд болох бөгөөд манай багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Амартүвшин, 66 кг-д Б.Эрхэмбаяр, Ц.Цогтбаатар, 73 кг-д Б.Пүрэвдаваа нарын залуу тамирчид багтжээ.

Categories
гадаад мэдээ

“Мазаалай” хиймэл дагуулын нислэг хойшилжээ

Монголын анхны хиймэл дагуул “Мазаалай” өнөө өглөө 05:50 цагт /Улаанбаатарын цагаар/ хөөрөх байсан.Тодруулбал, АНУ-ын Флорида мужийн Кеннеди сансрын төвөөс “SpaceX” компанийн ”Falcon 9” пуужингийн CRS-11 дугаарт нислэгээр Олон улсын Сансрын станцруу хөөрөх ёстой байсан юм.

Гэвч борооны улмаас нислэг хойшлогджээ. Дараагийн нислэгийг энэ сарын 4-нд буюу ням гарагийн өглөө 05:05 цагт /Улаанбаатарын цагаар/ хөөргөхөөр төлөвлөж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Коосэн боловсролын системийг дэмжиж ажиллахаар болов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, КООСЭН-Японы үндэсний технологийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Исао Танигүчи нар өнөөдөр Коосэн боловсролын хөтөлбөрийг дэмжин ажиллах болон аж үйлдвэрийн салбарын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд Коосэн боловсролын системийг олон нийтэд таниулах, 2017 онд Коосэн технологийн дээд боловсролын хөтөлбөрт нийцсэн туршилт, судалгааны лабораторийн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд хамтран ажиллана.

Япон улсын өндөр хөгжилд Коосэн чухал хувь нэмэр оруулсан шиг Улаанбаатар хотын хөгжилд ч Коосэн боловсролын систем хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа талууд онцоллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Г.Отгонцэцэг дэлхийн шинэчилсэн чансааг 48 кг-д тэргүүллээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос тавдугаар сарын 30-ны өдөр шилдэг жүдочдын шинэчилсэн чансааг гаргажээ.

Энэ удаагийн чансаагаар эрэгтэй, эмэгтэй жин тус бүрт нэлээд өөрчлөлт орсон байна. Өнгөрсөн сард ОХУ-д болсон “Их дуулга” болон Хонгконгт болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн амжилтууд нь бөхчүүдийн чансаанд нөлөөлжээ. Энэ хоёр тэмцээнд хоёуланд нь өрсөлдөж, медалийн тавцанд зогссон Г.Отгонцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-д чансааг дахин тэргүүлэв.
“Екатеринбург-2017”-ээс хүрэл, тивийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг жиндээ 3770 оноогоор тэргүүлж. дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг 3420 оноогоор удаалжээ. М.Уранцэцэг Хонконгт болсон тивийн аваргын финалд Г.Отгонцэцэгийг ялж, түрүүлсэн.

Манай бусад бөхчүүдээс 57 кг-д гавьяат тамирчин Д.Сумъяа хоёроос гурав руу ухарсан бол 63 кг-д Б.Мөнгөнчимэг 14-т, +78 кг-д Б.Мөнхтуяа 25 дугаар байрт бичигджээ. Эрчүүдээс 66 кг-д Д.Төмөрхүлэг, 73 кг-д Г.Одбаяр нар тавдугаарт байрт жагссан нь хамгийн өндөр чансаа болж байна. Харин 60 кг-д Д.Амартүвшин 8-д, Г.Болдбаатар 15-д, 66 кг-д Д.Алтансүх 6-д, Г.Хэрлэн 21-д, Н.Хадбаатар 42-т, 81 кг-д Н.Давгавсүрэн 9-д, О.Ууганбаатар 21-д, 90 кг-д Г.Алтанбагана 17-д, 100 кг-д Н.Түвшинбаяр 43-т, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр 13-т, Б.Тэмүүлэн 24 дүгээр байрт тус тус бичигджээ.

Categories
мэдээ улс-төр

Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлэв

2017 оны зургаадугаар сарын 1,2-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж буй Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй албаны бусад төлөөлөгч оролцож байна. Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь ОХУ, хөгжиж буй шинэ эдийн засгуудын төр, засгийн болон хувийн хэвшлийн төлөөллийг цуглуулж, дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй томоохон асуудлуудыг тодорхойлон хэлэлцэх талбар болжээ.

Тус эдийн засгийн чуулга уулзалтын нээлтийн хуралдаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улс болон Габон, Сербийн Ерөнхий сайд нар үг хэлж, Олон улсын эдийн засгийн байдал, хэлэлцэж буй асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ,

“Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэж бидний өвөг дээдэс бидэнд сургаж ирсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулж эхэлснээс хойш энд олон орны төр, засгийн тэргүүн, бизнесийн төлөөлөл оролцон Олон улс, бүс нутгийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн санал бодлоо солилцдог талбар болжээ. Ингэснээр улс орнуудын ирээдүйн хөгжлийг харилцан уялдуулах, хамтран ажиллах, цаашлаад хамтын ажиллагааны хүрээнд улс орнуудын тогтвортой хөгжлийг хангах үндэс суурийг тавихад ихээхэн тус дэм болно гэж үзэж байна.

ОХУ нь өөрөө түүх, соёлын хувьд ч, газар зүйн хувьд ч Европ, Азийг холбосон асар том гүүр болж ирсэн бөгөөд өнөөдрийн энэ чуулга уулзалт ч үүний нотолгоо юм.

Бидний хөгжлийн зам үргэлж дардан шулуун байгаагүй. Бид өгсөж уруудаж, бэрхшээл саадыг даван туулж яваа хэдий ч ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг сэтгэлтэй урагш алхах сонирхол улс орнуудын ард иргэд, төр, засаг бүхэнд бий.

Гэвч дэлхийн улс орнуудын хөгжлийн зам, боломжууд харилцан адилгүй байдаг. Жишээ нь гэхэд, манай улс далайд гарцгүй хөгжиж буй улс. Дэлхий дээр манай улстай адил 30 гаруй улс орон байна. Мөн арлын жижиг улсуудад ч хүндрэл байдаг. Тэгэхээр эдгээр хөгжлийн онцгой бэрхшээлтэй улс орнуудын нөхцөл байдлыг ойлгон, дэмжиж туслах бодлого боловсруулан ажиллаж байгаа НҮБ-д талархал илэрхийлье.

Энэ хүндрэлээс гарах нэг арга нь бүс нутгийн улс орнуудын харилцаа, хамтын ажиллагаа гэж бодож байна. Саяхан БНХАУ-д болсон “Бүс ба зам” дээд түвшний чуулга уулзалтын хүрээнд эдгээр асуудлыг ярьсан. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд уулзаж, гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах асуудлаар харилцан тохиролцсон. Энэ нь эрт дээр үеэс “Торгоны зам” нэртэйгээр тэр үеийн худалдаа, наймаа эрхлэгчид Ази, Европын холбосон өргөн сүлжээг бий болгож байсан түүхэн уламжлалыг сэргээн хөгжүүлсэн алхам болж байгаа.

Цаашлаад Монгол Улсын “Хөгжлийн зам”, Евразийн эдийн засгийн холбооны үйл явц, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг уялдуулан гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах зорилт зөвхөн манай гурван улсаар хязгаарлагдахгүй.

Энэ хүрээнд манай улсад бий болох дэд бүтцэд дэлхийн тэргүүлэх эдийн засаг, технологи бүхий орнуудын хөрөнгө оруулалт, идэвхтэй оролцоо ихээхэн шаардлагатай байгааг Та бүхэн анхааралдаа авна гэж найдаж байна.

Манай улс бол байгалийн асар их баялагтай, сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй, үржил шимтэй өргөн уудам газар нутагтай, чадварлаг боловсон хүчинтэй, дэлхийн хоёр том зах зээлтэй улстай хиллэдэг зэрэг олон давуу талтай.

Өнөөдөр бидэнд эдийн засаг, төсөв, санхүүгийн хүндрэл учирч байгаа ч олон талт хамтын ажиллагааны байгууллагууд, тухайлбал, ОУВС, улс орнуудын дэмжлэг туслалцаатайгаар макро-эдийн засгийг тэнцвэржүүлж, өсөлтийг буй болгон гадаад, дотоодын бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагч нарын итгэлийг сэргээх зорилт тавин ажиллаж байна.

ОХУ-ын хөрөнгө оруулалт, бизнес, технологийг Монголд урьж байна. Дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг салбарыг хөгжүүлэхэд хамтын ажиллагааны өргөн боломжууд манайд бий. Ялангуяа зам, төмөр зам, эрчим хүч зэрэг манайд дутагдалтай, амин чухал шаардлагатай салбаруудад хөрөнгө оруулж, хамтран ажиллахыг уриалж байна. Монголын тал нутгийн малчин айл үүд хаалгаа хэзээ ч цоожилдоггүй, өөрсдөө эзгүй байхдаа хүртэл зочин гийчдэд зориулж цай, хоол бэлтгэж тавьдаг сайхан уламжлалтай. Энэхүү уламжлал ёсоор Та бүхний өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно” гэлээ.

Дашрамд дурдахад, Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын нээлтийн ажиллагаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд анх удаа үг хэлж байгаа юм.

Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтыг 1997 оноос хойш зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2006 оноос хойш ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ажил хэрэгч хүмүүсийн уулздаг дэлхийн тэргүүлэгч талбаруудын нэг нь болж, ОХУ-ын болон гадаад улсын төлөөлөгчид, зарим улс төрийн бол он засгийн газрын тэргүүн, томоохон компанийн удирдлага, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн дэлхийд нэртэй шинжээчид оролцдог болсон.

Энэ жилийн чуулга уулзалт “Дэлхийн эдийн засгийн шинэ тэнцвэрийн эрэлд” уриан дор болж байна. Нийт 130 улсын 11 мянга гаруй төлөөлөгч оролцож байгаагийн 230 гаруй нь сайд юм.

Олон улсын эдийн засгийн чуулга уулзалт маргааш өндөрлөнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.