Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бугын сангийн аж ахуй дахь “булиа” бөхчүүд өнгөтэй байна

“Наадам айсуй…”, “өнгөрсөн наадмаар…”, “өнөө жилийн наадмаар хэн нь түрүүлэх бол, ямар цолтон шинээр төрөх вэ…” гэсэн яриа олны дунд ид хүчээ авлаа. Арга ч үгүй биз. Наадам дөхөөд ирэхээр хүлгийн үүрсээ, хүүхдийн гийнгоо, хүчит бөхчүүдийн шаваа чат пад сонсогдож, ууц нуруу, духны хөлс нь бөмбөлзөнхөн урсах нь юутай үзүүштэй, бахдам сайхан. Наадмын тухай ийн бодол болсоор Бугын сангийн аж ахуй дахь Өвөрхангай, Ховдын бөхчүүдийн галыг зорин явлаа. Улаанбаатараас холгүйхэн орших уул, ус ой мод хослосон энэхүү газарт эртнээс халхын хүчит бөхчүүд бэлтгэл сургуулилтаа базаан улсын баяр наадмын дэвжээнд хүчийг үзэн, алдар цолоо дуудуулж ирсэн билээ. Өнөө жил улсын арслан Ганхуягаар ахлуулсан Өвөрхангайн бөхчүүд, улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын начин Бүрэнбаатар нарын ахалсан Ховдын хүчтэнүүд зургаан сарын эхээр Бугын сангийн аж ахуй дахь “Тоорил ханы хүрээ” хэмээх амралтын газар байрлан, нэгэн зүрхээр галыг бадраан наадмын бэлтгэлээ базааж буй ажээ.

“Их Монголын хүчтэн” дэвжээний нийт 120 гаруй улс, аймгийн цолтой болон залуу бөхчүүд энэхүү галд багтжээ. Эдгээр бөхчүүдийн бэлтгэл сургуулилтыг улсын начин, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Н.Бүрэнбаатар ерөнхийд нь хариуцан хийлгэж байлаа. Тэрбээр “Хил хамгаалах ерөнхий газрын харьяа “Хилчин” спорт хорооны үндэсний бөхийн дасгалжуулагчийн албыг олон жил хашиж байгааг бөх сонирхогчид мэдэх биз ээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр төвийн нутгаар хоёр хоног дараалан хур бууж, гандуухан болоод байсан газар өдгөө чийг дааж, өдрийн нарнаар өнгөө зассан байв. Тиймдээ ч энэхүү газарт гал болон гарсан бөхчүүд бэлтгэл сургуулилтаа хийхэд нэн таатай, зүлэг ногоон дэвжээ нь төдийлөн цагаан шороо бургихгүй болсон нь ажиглагдаж байсан юм. Бөхчүүд өглөө эрт буюу 5-8 цагийн хооронд хөнгөн гүйлт, биеэ халаах маягаар бэлтгэл хийдэг бол түүнээс хойш байрандаа иргэн ирж, бөх гэгчийн унтаж амардаг байна. Харин өдөр 14 цагийн үед амарсан бөхчүүд босч, нэгдсэн журмаар өдрийн хоолондоо ордог ажээ. Өдрийн хоолонд нэг, хоёрдугаар хоол өгнө. Тухайлбал өглөө бантан, цай, талх, өдөр нь ногоотой шөл, будаатай хуурга, орой нь цутан идчихээд унтдаг гэнэ.

“Их Монголын хүчтэн” дэвжээний ахлагч Д.Ганхуяг арслан хуучилсан юм. Түүний ахалдаг галд улсын заан Б.Сайнбаяр, Т.Санчир, улсын харцага Д.Сангисүрэн тэргүүтэй улс, аймгийн болон сумын цолтой 30 гаруй бөх бэлтгэл хийж байгаа ажээ. Тэрээр энэ жил “Их Монголын хүчтэн” дэвжээнээс хоёр, гурван шинэ цолтон төрнө хэмээн найдаж буйгаа хэлсэн юм. Биднийг очиход бөхчүүд өглөөний бэлтгэлээсээ буугаад хоолондоо орж байв. Тэд ч монгол уламжлалын дагуу биднийг хамт ширээнд суухыг урилаа. “Их Монголын хүчтэн” дэвжээнээс хоёр аварга төрсөн байдаг.

-Энэ жил “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүдийн бэлтгэл хэр байгаа юм бол?

-Наадмын бэлтгэл ерөнхийдөө жигдэрч байна. Бид зургаадугаар сарын эхээр бэлтгэлдээ гарсан. Ажиглаад байхад энэ жилийн наадмын өнгө их сайхан харагдаж байна шүү. Байгаль дэлхий хур бороогоор өнгө засч, хүчит бөхчүүдийн маань бэлтгэл сургуулилт жигдэрч эхэллээ. Энэ жил Бугын сангийн аж ахуйд манай “Их Монголын хүчтэн” дэвжээнээс гадна “Хилчин” спорт хорооны гал хаяа нийлэн бэлтгэлээ базааж байна. Ер нь бол жилийн жилд бид хамтдаа бэлтгэл гардаг болсныг та бүхэн мэдэх биз.

-Энэ жил анх удаа наадамд зодоглох залуу бөхчүүд бий юү?

-Арав орчим шижигнэсэн залуу бөх байна. Бүгд сумын наадамд зодоглож, цол авахын төлөө хичээн барилдах байх.

-Бэлтгэлээсээ хэзээ буух вэ?

-Ерөнхийдөө наадмаас ганц, хоёр хоногийн өмнө буудаг заншилтай. Наана нь аймаг, сумын наадамд зодоглох бөхчүүд маань буух байх.

Ийн ярилцсанаар бөхчүүд бэлтгэлдээ гарах цаг нь болов. Монгол төрийн наадамд дэнж хотойтол барилдах “Их Монголын хүчтэн”, болон “Хилчин” спорт хорооны бөхчүүдийн бэлтгэл сайн байгаа нь, өнгөтэй ч байгаа нь харагдав. Дээрх галуудаас олон сайн бөхчүүд төрсөн. Энэ уламжлалаа таслахгүй улсын цолтнуудын тоо дахин нэмэгдэх болно хэмээн галын ахлагч нар ярьж суусан юм. Бугын сангийн аж ахуй дахь ийн “Булиа” эрчүүд өнөө жил өнгөтэй сайхан наадах бололтой.


Categories
мэдээ улс-төр

​Нэр дэвшигчдийн саналын тоог дэлгэцээр шууд мэдээлнэ

Маргааш 07.00-22.00 цагийн хооронд саналын байрууд ажиллаж сонгогчид саналаа өгөх билээ. Харин 22.00 цагаас хойш Сонгуулийн ерөнхий хорооны байранд дэлгэцээр нэр дэвшигчдийн авсан саналын тоог шууд дамжуулах юм байна. Дэлгэцэн дээр гурван нэр дэвшигчийн зургийг байршуулж доор нь улсын хэмжээнд авч байгаа саналын тоог минут секундээр харуулах аж. Уг дэлгэцээн дээр дүүрэг болон аймгуудын саналын үзүүлэлтийг харуулах талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Мөн маргааш Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын явцын талаар 12.00, 17.00, 22.00 цагуудад мэдээлэл хийх юм .

Categories
гадаад мэдээ

​Пакистанд түймрийн улмаас 123 хүн амь үрэгджээ

Пакистаны Бахавалпур хотод шатахуун түгээх машин осолдсоны улмаас шатах үеэр хамгийн багаар бодоход 123 хүн амь үрэгдэж хэдэн арван хүн гэмтэж бэртжээ. Түүнээс гадна зургаан машин, 12 мотоцикл шатсан гэнэ. Гэрчүүдийн ярьснаар машин осолдсон газар очсон хүмүүс тамхи татсанаас түймэр гарсан байж магадгүй хэмээн ярьсан байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр гал сөнөөгчид түймрийг унтраажээ. Пакистаны хэвлэлээр түймэрт шатаж амь үрэгдсэн хүмүүсийн цогцос болон машинуудын зургийг нийтэлсэн байна.

Шатахуун түгээх машин хэт хурдан явснаас осолдсон гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Түймэр гарсан газар цэргийн нисдэг тэргүүд яаралтай очиж гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Говь” компани засвараа бүрэн хийж, өнөөдрөөс үйлдвэр хэвийн ажиллаж эхэллээ

Энэ оны зургадугаар сарын 14-ний 20 цаг 45 минутын орчимд “Говь” компанийн үйлдвэрийн байрны дээврийн хэсэгт гал гарч, олон хүний сэтгэлийг зовоосон.

Тус компани засвараа бүрэн хийж, өнөөдрөөс “Говь” үйлдвэр хэвийн ажиллаж эхэлллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, гэнэтийн эрсдэлийг богино хугацаанд давж, үйл ажиллагаагаа эхлүүлж чадсанд баяр хүргэж, амжилт хүслээ.

Галын мэдээ монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байсан.

Богино хугацаанд үйлдвэрээ засварлаж үйл ажиллагаагаа эхлүүлж чадаж байна гэдэг бол гадаад болон дотоодын захиалагч, хэрэглэгчдийнхээ захиалгыг цаг хугацаанд нь нийлүүлэх боломжтой болж байна гэсэн үг гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Мөн шуурхай ажиллаж үндэсний том үйлдвэрээ эрсдэлээс аварч чадсан Онцгой байдлын ерөнхий газар, гал сөнөөгч залууст Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархал илэрхийлж, монголчууд гар сэтгэл нийлж, хамтарч ажиллавэл эрсдэлийг богино хугацаанд давах боломж байна гэдгийг энэ үйл явц харуулж байна гэлээ.
“Компанийн дээврийг засч байх явцад гал гарч 23 мянган ам.метр талбай бүрэн шатсан.Онцгойгийнхон маань цал алдалгүй унтрааж чадсаны хүчинд үйлдвэрийн үйл ажиллагаа өнөөдрөөс бүрэн жигдэрлээ.

Галын голомтод бүхий л нөөц бололцоо, хүчээ дайчлан ажилласан Онцгой байдлын ерөнхий газар, Ус суваг удирдах газар, Хот тохижилтын газар, Улаанбаатар төмөр зам, Хан-Уул дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн болон тусламжийн гараа сунган туслалцаа үзүүлсэн албан байгууллагуудад тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан талархал илэрхийллээ.

Мөн “Говь” компанид туслах хандивын дансанд цугласан 16 сая төгрөгийг ОБЕГ-т хандивлана гэж тэрээр хэллээ.

“Говь шатлаа” гэсэн мэдээллийг нийт монголчууд сэтгэл зовж хүлээж авсан. Манай хамт олон нийт ард түмэндээ талархаж байгаа. Үйлдвэрээ хурдан хугацаанд засварлаж ашиглалтад оруулснаа монголчууддаа барьж буй бэлэг гэж бодож байгаа.

“Бид улам хичээж ажиллана” гэж компанийн хамт олон энэ үеэр хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Наранд удаан явахгүй байхыг анхааруулав

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ойрын өдрүүдэд Говь, зүүн болон Төв аймгуудын нутгаар нэмэх 30 хэмээс дээш халуун болох мэдээлсэн билээ. Үүнтэй холбогдуулан наршилтаас хамгаалж, зүрх судасны өвчтэй хүмүүс хэрхэн урьдчилан сэргийлэх арга авах талаар анхааруулж байна.


Categories
мэдээ нийгэм

​Сонгуулийн бэлтгэл бүрэн хангагдсан болохыг мэдэгдэв

Сонгууль зурган илэрцүүд

Маргааш Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан саяхан Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдэл хийлээ. Энэ үеэр сонгуулийн санал хураалтын бэлтгэл ажил бүх л түвшинд хангагдаж дууссаныг дурдсан байна.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 1.978.298 сонгогч саналаа өгөхөөр бүртгэгдсэн аж. Үүнээс 447.24 нь түр хасаг тэмдэглэгээтэй буюу энэ нь шоронд хоригдож, саатуулагдсан мөн гадаадад 60 хоногоос дээш хугацаанд зорчсон иргэд аж. Сонгуулийн ерөнхий хорооноос саатуулагдсан иргэдээд зөөврийн хайрцгаар санал авах юм.

Categories
гадаад мэдээ

Хоёр Солонгос Олимпт хамтран оролцохыг санал дэвшүүлэв

Мун Жэ Ин зурган илэрцүүдБНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байгаа Мун Жэ Ин нь 2018 онд Пхенчханд болох өвлийн Олимпийн тоглолтод хамтран оролцох саналыг БНАСАУ-ын талд дэвшүүлсэн байна.БНСУ-д болж буй тхэквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэ оролцож үг хэлэхдээ Ерөнхийлөгч Мун Жэ Ин ийнхүү хэлжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард БНСУ-ын эрх баригчид 2018 онд Пхенчханд болох Өвлийн олимпийн тоглолтонд оролцох хүсэлтэй БНАСАУ-ын тамирчдад ямар нэгэн хориг тавихгүй гэдгээ мэдэгдэж байсан билээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Золбоо: Монгол Улс ШХАБ-д ажиглагчийн байр сууриа хадгалж үлдэх, үгүй нь манайхаас л шалтгаална

“Өдрийн сонин”-ы 2017.06.14-ний Лхагва гаригийн №133(5700) дугаараас авч нийтлэв.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын хурлын эргэн тойрондох асуудлаар судлаач, доктор Д.Золбоотой ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн томоохон үйл явдлуудын нэг ШХАБ-ын хурал байлаа. Өнөө жилийн хурлын онцлог юу байв. Ямар асуудлууд хэлэлцсэн бэ?

-2001 онд анхлан зохион байгуулагдаж байсан ШХАБ-ын 17 дугаар ээлжит дээд хэмжээний уулзалтыг Казахстан улс нийслэл хотдоо гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Албан ёсны үйл ажиллагаа, протоколын ажил урьдын адил ном журмын дагуу болж өнгөрснийг хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. Дээд хэмжээний уулзалтын өмнө салбарын тэр дундаа Батлан хамгаалах яамны сайд нарын уулзалт, банк санхүү бизнесийн салбарын уулзалтын шийдвэрийг авч баталгаажуулах албан ёсны үйл ажиллагаанууд болж өнгөрлөө. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар “Астанагийн тунхаг бичиг” зэрэг нийт 11 баримт бичгийг эцэслэн баталгаажуулсан байна. Хөндлөнгөөс харах юм бол анхандаа “Шанхайн 5-ын бүлэг” гэж нэрлэгдэж байсан энэ байгууллага өөрийн 7, 8 дахь албан ёсны гишүүнээ нэг дор хамтад нь албан ёсоор элсүүлэн авч бүл нэмснийг онцлох нь зүйтэй болов уу. Ингэснээрээ дэлхийн хуурай газар, хүн амын багагүй хэсгийг эгнээндээ нэгтгэсэн томоохон байгууллага болон өргөжин тэлж байна.

-Манай улс ШХАБ-ын хуралд ажиглагч орны статустай оролцдог. Ер нь Хятадын зэрэг улс манайхыг элсүүлэх саналыг тавьдаг. Манай улс цаашид ажиглагч орныхоо статусаа хэвээр хадгалж үлдэж чадах уу?

-Албан ёсны гишүүнээр элсүүлэхийн тухайд зөвхөн Хятадын талаас гэлтгүй бусад улсын зүгээс ч тойруу замаар сануулах явдал байсаар ирсэн. Ер нь энэ байгууллагадаа ажиглагчийн статустай дөрвөн орон дотроо хамгийн удаж байгаа нь 2004 оноос ажиглагч статустай болсон нь Монгол Улс. Харин энэ статусаа хадгалж чадах, чадахгүйн тухайд манай улсын байр сууринд хүндэтгэлтэй хандах гэдэг утгаараа биднээс л шалтгаална. Бодит байдал дээрээ ажиглагчаас албан ёсны гишүүн болохын давуу тал, үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал гээд харж үзэх зүйл олон бий. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд манайд зохион байгуулагдсан албаны болоод эрдэм шинжилгээний хурал, семинарт хэлэлцүүлж байсан илтгэл, судалгааны өгүүлэлд яаралтай элсэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэх нь ховор, бараг л байхгүйтэй адил байдаг нь нэгийг хэлэх биз. Ерөнхийлөгчийн зүгээс санаачлан төслийг нь боловсруулсан “Байнга төвийг сахих тухай” хуулийн төслийн үзэл санааг энэ талаас нь тайлбарласан судлаачид бий. Харин Астанагийн өргөтгөсөн хуралдаанд оролцохдоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-тай терроризм, мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэх чиглэлд Монгол Улс хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн. Мөн тэрбээр “Хар тамхитай тэмцэх ШХАБ-ын стратеги хэлэлцэн баталсныг сайшаан дэмжиж, үйл ажиллагаагаа бэхжүүлж, харилцан уялдаа холбоогоо сайжруулах нь Монгол Улсын хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой. Түүнчлэн дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй” байгаагаа хэлсэн үгэндээ дурьдсан.

-Энэ удаагийн ШХАБ-ын хуралд Энэтхэг, Пакистан орнууд тус байгууллагад шинээр элссэнийг онцоллоо. Ингэснээр тус байгууллагын үйл ажиллагаа хэр өргөжин, хүчирхэгжиж байна вэ?

-Хамрах хүн амын тоо, газар нутгийнхаа хэмжээгээр нэлээд дээгүүр эрэмбэлэгдэх байгууллага болсны гадна цөмийн зэвсэгтэй хоёр ч орноор эгнээгээ өргөжүүлж байгаа нь бас л нэг үзүүлэлт болох биз. Гэхдээ ШХАБ-ын анхдагч баримт бичгүүдэд гишүүн орнууд нь хоорондоо ямар нэгэн газар нутгийн маргаангүй байх талаар дурьдсан байдаг боловч шинэ хоёр гишүүн нь энэ талаар харин асуудалтай гэдгийг бид мэднэ. БРИКС зэрэг олон улсын хамтын ажиллагааны механизмуудын гол цөмийг бүрдүүлдэг ОХУ, БНХАУ, БНЭУ-ын хамтын ажиллагаа, эдийн засгийн цар хүрээг тооцож үзвэл чамлахааргүй тоо гарна. Түүнээс гадна орхигдуулж болохгүй нэгэн зүйл нь Хятадын талаас санаачлан хэрэгжүүлж байгаа “Бүс ба зам” хөтөлбөрийн хэрэгжилтэд энэхүү тэлэлт өөрийн нөлөөгөө үзүүлнэ гэдгийг тооцоолсон гэдэгт эргэлзэх хэрэггүй болов уу. Ирэх жилийн дээд хэмжээний ээлжит хурал Хятадад зохион байгуулагдах юм байна.

-ШХАБ-ын уулзалтаар манай гурван улсын Төрийн тэргүүнүүд уулздаг уламжлалтай. Ер нь энэ уулзалт тэднийг уулзуулдаг гол арга хэмжээ гэж хэлж болохоор. Харин өнөө жил манай Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзаж байгаа харагдлаа. Тэд хоёр орны харилцааны талаар шийдвэрлэх түвшний ямар тохиролцоонд хүрч чадав?

-Хоёр хөрш улсын төрийн тэргүүний хамтарсан уулзалт ижил түвшинд уулзалддаг гэдэг талаасаа бол ганц арга хэмжээ нь энэ юм. Дээд хэмжээний уулзалтын үеэр төлөөлөгчид хоёр талын уулзалт хийх нь хүлээн зөвшөөрөгдсөн зүйл. Энэ удаагийн уулзалтын үеэр Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан. Уулзалтын гол сэдэв нь эдийн засгийн хамтын ажиллагаа тэр дундаа хөрөнгө оруулалтын боломжийн талаар голчлон хөндсөн гэдгийг мэдээлж байна. Харин В.Путины зүгээс хоёр талын цаашдын харилцааны талбар, чиглэл өргөн гэдгийг онцлоод уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.

-Монгол Улсын хувьд ШХАБ-ын гишүүн орнуудтай худалдаа-эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсролын салбарт идэвхтэй хамтран ажилласаар ирсэн. Цаашдаа хамтын ажиллагааны эдгээр чиглэлүүд өргөжин тэлэх ямар боломжууд байна?

-Уулзалтын дараагаар төлөөлөгчид Ирээдүйн эрчим хүч уриан дор зохион байгуулагдаж буй “Астана Экспо-2017” үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцсон нь эрчим хүчний салбар ШХАБ-ын улс орнуудын цаашдын хамтын ажиллагааны нэг чухал сэдэв гэдгийг тодорхойлсон хэрэг гэж харж байна. “ШХАБ-ын эрчим хүчний клуб”-ын үйл ажиллагаа идэвхжиж, тогтворжиж байгаа нь ч үүнтэй холбоотой биз. Экспод дэлхийн 100 гаруй улс орон, олон улсын 20 орчим байгууллагын төлөөлөл оролцсон. Арга хэмжээний хүрээнд 20 гаруй сэдвээр бизнес форум, үндэсний өдөрлөг, урлаг соёлын арга хэмжээ болно гэнэ. Ирэх гурван сарын хугацаанд нийтдээ таван сая зочин хүлээн авахаар төлөвлөсөн гэдгээс хэр чухал арга хэмжээ гэдгийг нь тодорхойлж болох байх. ШХАБ-ын улс орнуудын 80 гаруй их, дээд сургуулийг эгнээндээ нэгтгэсэн салбарын үйл ажиллагаанд хамтран ажиллах боломж эрэлхийлэх нь ч зүй ёсны асуудал.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Мухамед Наваз Шариф бараалхсан. Манай Ерөнхийлөгчийн хувьд ирэх жилээс ШХАБ-ын хуралд оролцохгүй. Тэгэхээр хугацаат албанаасаа бууж байгаа Төрийн тэргүүнд энэ байгууллагын зүгээс захих захиас гэж байх уу?

-Манай Ерөнхийлөгчийн хувьд төрийн тэргүүний албаа хүлээлгэн өгөхөөс өмнө хийж байгаа томоохон айлчлалын нэг энэ байлаа. “Хааны алба халаатай, Эзний алба ээлжтэй” гэдэг шиг хуучин хүн явж, шинэ хүн ирсэн ч төрийн гадаад бодлогын залгамж чанараа хадгалаад явах нь гол биз. Харин ШХАБ-д нэгэн зэрэг элссэн хоёр шинэ гишүүнээс Пакистаны Ерөнхий сайдтай уулзсан нь онцлог байлаа. Хэдийгээр албан ёсоор 1962 онд дипломат харилцаа тогтоосон боловч хоёр талын харилцааны ямар нэгэн механизм одоогоор бүрэлдээгүй. 1991 онд манай Улсын Бага хурлын даргын айлчлалыг эс тооцвол өндөр дээд хэмжээний албан ёсны айлчлал аль аль талаасаа одоогоор хийгдээгүй байна. Тиймээс ярилцах, санал солилцох асуудал арвин байх нь гарцаагүй.


Categories
мэдээ цаг-үе

“Дуган хад”-ны өвөрт зусч буй Ж.Нямдорж манлайн уяанаас сурвалжиллаа

Монгол улсын манлай уяач Ж.Нямдорж хүрэн халзан морьтойгоо

Дээлийнх нь ар гандсан ч үл тоох монголын уяачид, дэвжээнийх нь өвс зулгарсан ч өвдөг шороодоогүй босоо хүчтэнүүд, тавьсан сум нь байнаасаа төөрч үзээгүй харваачидтай Монгол наадам айсуй. Энэ өдрүүдэд нутаг, нутгийн хүчит бөхчүүд, уяачид эхнээсээ гал болон хэдийн гарчээ. Үүний нэг нь тэртээ 1975 оны Ардын хувьсгалын 54 жилийн ойгоор 21-хэн насандаа унаган хонгор хязаалангаа уралдуулж, түмний эх, торгон жолоо өргүүлж байсан Монгол Улсын манлай уяач Жигжидийн Нямдоржийн уяанаас хийсэн сурвалжлагаа хүргэе. Ж.Нямдорж манлай уг гарлаа хөөвөл Завхан аймгийн Алдархаан сумын хүн гэнэ. Харин түүнийг хэдхэн сартай байхад Жигжид гуайнх одоогийн Төв аймгийн Борнуур суманд нүүчихсэн юм билээ. Лхүндэвийн алдарт “Чонон” хонгор морийг нэг жилд найман удаа түрүүлгэж байсан манлай уяач өдгөө “Дуган хад”-ны өвөрт уул, ус, ой мод хосолсон үзэсгэлэнт газар хонин сүрэг, саалийн хэдэн үхэр, хурдан хүлгүүдийн хамт хэдхэн хоногийн өмнө нүүн иржээ. Зуны эхэн сар хэдийн гарсан ч энэ нутагт сүүлийн хэдэн хоногт хур бороо ороогүйн улмаас газрын чийг арилж, шороон шуурга үе үехэн хийсч гандуухан байв. Тийм ч болохоор манлай уяачийн адуу өвсөө даган ой руу орсон гэнэ.

Харин уналгын хоёр, хурдны зургаан насны морио барин уяжээ. Эдгээр ажнай хүлгүүдээс хүрэн халзан морь, хүрэн азарга хоёртоо ихээхэн найдлага тавьж байгаа гэнэ. Энэхүү хурдан хүлгүүд нь Ж.Нямдорж манлайн унаган адуу юм санж. Өмнө нь ямар нэгэн бүсийн наадам, уралдаанд тоосоо өргөж байгаагүй ч өнөө жилийн наадамд дээгүүр давхих хурдууд гэнэ. Хүлгийн сайныг унан байж мэднэ, хүний сайныг ханилан байж танина гэдэг шиг хашир уяач нэг юм бодсон нь тодорхой биз ээ.

УЯАЧИД ЗУНЫ ЭХЭН САРЫН ГАХАЙ, НОХОЙ ӨДРҮҮДЭД УЯАГАА ЁСОЛДОГ

Ж.Нямдорж уяачийнх өнгөрсөн долоо хоногийн гахай өдөр адуун сүргээ бөөгнүүлж, ах, дүү, нутгийн хүмүүсийг цуглуулан цайлж, уяандаа хийморийн сан тавьж, байгаль дэлхийгээ аргадсан гэнэ. Ийнхүү уяачид наадмын бэлтгэл ажилдаа албан ёсоор оржээ. Ер нь газар газрын уяачид наадам болохоос сарын өмнө хурдан хүлгээ барьж, уяа сойлгыг нь жигдрүүлдэг аж. Уяа сойлго дөнгөж л эхэлж байгаа хэдий ч манлай уяачийн хурдан буянууд тун чиг өнгөтэй харагдаж байсан юм. 1975 оноос Ж.Нямдорж гуай бие дааж морь уясан аж. Аавын нь олон хурдан хүлгүүд улсын наадмаас айраг түрүү авч байсан билээ. Ж.Нямдорж манлайн алдарт унаган хонгор үрээний угшил нь Завхан аймгийн Алдархаанаас эхтэй, зэгэлийн удмын эцэгтэй, 1975 онд хязааландаа улсын наадамд түрүүлсэн хурдан хүлэг юм. Харин түүний хул даага нь 1997 онд Эрдэнэтийн хангайн бүсийн анхны наадамд түрүүлж байжээ. Ж.Нямдорж манлай Л.Лхүндэвийн чонон хонгор морийг нэг жилд найм түрүүлүүлж, 1998 онд анхны “Их хурд” буюу хурдан морины их олимпод түрүүлүүлж байсныг ард түмэн санаж байгаа биз ээ. Харин түүний унаган адууны гарал угшил нь Завхан аймгийн Алдархаан, Сүхбаатар аймгийн Халзан, Онгон сумдынх аж. Сүхбаатар, Хэнтий гаралтай адуунаас гадна Төв аймгийн Жаргалант, Баянцогтын Дамдинсүрэнгийн зэгэл, Лүнгийн Нацагийн Авирмэдийн сэрвээ хээр азаргануудын төлөөс сэлбэсэн гэнэ. Түүний хүрэн халзан азарга нь Хэнтий аймгийн Галшараас гаралтай гэв. Тэрбээр “Ц.Цэнгэлийн “Түмний эх” саарал азарганы мялаалга наадам Булган аймгийн Хишиг-Өндөр суманд болоход унаган ухаа морио түрүүлүүлж, Цэнгэлийн хар морь аман хүзүүнд, хээр морь гуравт, ногоон морь тавд дундаа нэг морьтой дөрвөн их нас орж байлаа. 2000 онд “Тамирын хурд” наадамд Борнуур гаралтай хээр соёолон гуравт давхиулсан. Улс бүсийн наадамд Ц.Цэнгэл, Л.Лхүндэв, Н.Алтан-Очир нарын морийг уяж айраг түрүү авч байв” хэмээн өвгөн уяач амжилтаасаа дурьдлаа. Тэрээр улс бүсийн наадамд зургаан адуу түрүүлүүлж есөн адуу айрагдуулсан билээ.

Мөн Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат алдар уяач Лувсанжамцын Лхүндэвийн “Чонон” хонгор морины тухайд тэрбээр “Хонгор морь Хэнтийн Дархан сумаас ирж байх замдаа гарсан унага юм билээ. Би шүдлэнгээс нь эхлээд мэддэг юм. Уядаг ч өөдтэй давхидаггүй. Борнуур, Баруунхараад айрагдсан.Тэгээд их морь болсон хойно нь зарлаа гэсэн юм. Яг тэр намар нь би хоёр том хүүхдээ айл болгох гээд байсан хэдийгээ үрчихсэн байж таараад. Малаар авъя гэсэн өгөхгүй гэхээр нь би Цог ахад хэлсэн юм. Түүний өмнө хурандаа Монхорын хурдан цагаан гэж улсад айрагдсан цагаан морийг би сайн адуу гэж байгаад хавар нь авахуулчихсан байлаа. Хязаалан үрээ авч яваад тэр жилээ нутаг солигдоод хойхнуур давхисан. Тэгсэн намар нь ахиад хонгор морь их хурдан адуу, зарагдах нь гэж хэлүүлээд загнуулсан. Тэгэхэд би залуу, хааяа тааралдсан нөхөдтэйгээ зуу татчихдаг байсан үе л дээ. Тэгсэн чинь “чиний хурдан морь таних гэж юу байхав. Нөгөө нисэх цагаан адуу чинь яваагүй шүү. Би бараг Монхорт бэлгэнд өгч адуугаа цэвэрлэсэн” гэх шахуу юм ярьж загнаж байж билээ” гэв. Анхны их хурдаас хоёр жилийн өмнө буюу 1996 оны намар Угтаалын гаралтай Л.Лхүндэвийнх гэдэг айл мал хуйтайгаа Борнуурт Ж.Нямдорж манлайн тэнд нүүж ирсэн аж. Тэдний хоёр айл саахалт бууж, бие биенийхээр орж гарцгаадаг болж. Нэг өдөр алдарт уяач Л.Лхүндэв гуай Ж.Нямдорж манлайд “Ганц шийдсэн их морь авмаар байна” хэмээн хэлсэн гэнэ. Улмаар хонгор морийг тод манлай уяач Б.Содномцог гуайг авахгүй гэхээр нь Ж.Нямдорж манлай Л.Лхүндэвт хэлж авахуулсан аж. Тухайн үед “Чонон” хонгорыг нэг сая төгрөг дээр тугалтай үнээ, хоёр морь өгөөд Л.Лхүндэв гуай худалдан авчээ. Чонон хонгор 1997 онд Партизаны Монгол Улсын манлай уяач Доржсүрэнгийн “Манлай уяач” цолны наадам, морин тойруулгын 40 жилийн ой, анхны Дүнжингарав өвлийн бүсийн наадамд түрүүлж,1998 онд Булган аймгийн Баяннуурт болсон өвлийн бүсийн наадамд түрүүлдэг тэр жилээ найм түрүүлж, улмаар анхны “Их хурд” наадамд түрүүлж, алтан жолоо өргүүлсэн түүхтэй билээ.


Л.Лхүндэвийн “Чонон” хонгор морь. Нэг жилд найман удаа дараалан түрүүлж, анхны “Их хурд”-д алтан жолоогоо өргүүлж байсан

ТӨВ АЙМГААС ТӨРӨН ГАРСАН АЛДАРТ УЯАЧИД ХЭНТИЙ, СҮХБААТАР, БАГАНУУР ЧИГТЭЭ ГАЛД ГАРЧЭЭ

Монголын алдартай уяачдын ихэнх нь Төв нутгаас төрсөн байдаг билээ. Шандаст хурдан хулгүүдийн уяа сойлгыг гарын арван хуруу шиг мэдэх Монгол Улсын хөдөлмөрийн баатар, зууны манлай уяач Д.Даваахүү, Монгол Улсын гавъяат малчин, тод манлай уяач Г.Сундуйжав, Ц.Хэнмэдэх, Д. Даваахүү, Д.Онон, Бандгай хэмээх С.Ганхуяг нарын алдартай уяачид энэ л нутгаар овоглодог юм. Эдгээр эрхмүүд өнөө жил нутаг ус нь гандуу, газрын гарц муу байгаагаас болж, Хэнтий, Сүхбаатар, Багануур чигтээ хурдан хүлгээ аваачиж, галд гарсан мэдээг манлай уяач дуулгав.Олон газрын уяа засал өөр өөрийн онцлогтой боловч Төв Халх, Зүүн Монголын уяаны дэг илүү боловсронгуй болж хөгжсөн. Наадмын түрүү, айргийг сайн хүлэг сайн уяагаар тэнцүүлэн байж авна хэмээн дээрх эрхэмүүд хэлсэн байдаг. Монголчуудын уламжлалт шинжлэх ухаан, хурдан морь шинжих, уях, засах ёсонд өгүүлэхдээ морины уяа засал яг таарсан үеийг “Газрын чагтага тасрах” хэмээн нэрлэжээ. Уяач хүний ажил бол газрын амьтныг тэнгэрт гаргах буюу “Газрын чагтагыг таслана” гэсэн утгатай аж. “Уяач хүн морь шинжих, уяж засах арга барилдаа дүгнэлт хийж бусад уяачдын арга барилаас суралцаж уяа заслаа уяанаас уяанд тасралтгүй сайжруулж байвал сайн уяач болно” хэмээн манлай уяач залуу уяачдаа захисан юм. Уяач хүн уралдааны дараа заслыг сайн хийж, зун намрын тарга авалт, өвөл хаврын онд оролтын байдлыг харгалзан морины ажлыг тохируулан хийх нь зөв. Уядаг морины тамир тэнхээг сайн суулгах нь уяач хүний гол анхаарах зүйлсийн нэг хэмээн тэрээр олон жилийн туршлагаасаа ярьж байв.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ц.Сэлэнгэ: Англи хэлийг гишүүнчилж орчуулах аргыг 13 жил бодож боловсруулсан

Англи хэлний “Цо багш” сургалтын төвийн багш Ц.Сэлэнгэтэй ярилцлаа.


-Даяаршиж буй өнөөгийн нийгэмд англи хэл сурахыг хүн бүхэн хүсдэг ч тэр бүр сайн сурч чаддаггүй. Тэгэхээр эдгээр хүмүүс юун дээр гацаад байдаг юм бол?

-Ихэнх нь үйл үгийн хэдэн цаг дээр толгой нь эргэчихсэн байдаг. Мөн англи хэлний баахан сурах бичиг, ном, толь бичиг худалдаж аваад дэрлэж унтах нь холгүй байна. Бие дааж сурах гэж буй хүмүүс хамгийн гол нь тууштай байх ёстой. Миний хувьд 1986 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын багшийн дээд сургууль, 1989 онд Москва хотноо А.С.Пушкины нэрэмжит Орос хэл, утгазохиолын дээд сургуульд орос хэл-утгазохиолын багш мэргэжил эзэмшсэн. Монголдоо ирээд Ховдын багшийн их сургуульд орос хэлний багшаар ажиллаж байгаад ерээд оны эхээр Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд англи хэлийг бие даан сурах гэж 13 жил хөдөлмөрлөсөн. Энэ хугацаанд Сэрүүлэг дээд сургууль, “Олонлог төвд” гадаад хэлний багшаар ажиллаж байлаа. Би өөрөө англи хэлийг бие даан сурахын тулд ийм их цаг хугацаа зарцуулсан болохоор зовж олсон мэдлэгээ хүмүүст хуваалцах гэж 2009 онд “Цо багш” сургалтын төвөө нээсэн.

-Англи хэлийг сурах гэж яагаад тэгтлээ их хөдөлмөрлөсөн юм бэ. Орос хэлний багшаар ажиллаад явж болох байсан юм биш үү?

-Хүмүүс нусаа хацартаа нааж явлаа гэж ярьдаг. Харин би нэг үе нусаа бүр бүх биендээ нааж явсан гэж хэлж болно. Зөвлөлт Холбоот улсад Багшийн дээд сургуулийг улаан дипломтой төгсөж ирсэн ч бие маш хүндээр өвдсөний улмаас нүд юм харахаа больж, элэг хүндээр өвдсөн юм. Группд орж, мөнгө хүрэлцэхгүйн улмаас хорооллын зах дээр чацаргана, жамц давс зарж, автобусанд ч суух мөнгө байхгүй гүйж явдаг, эм тариаг хоол шиг хэрэглэж, өөртөө тариа хийж явдаг болсон үе бий. Гэхдээ би өөрийгөө цоо эрүүл болгож чадсан. Өглөө бүрийг “ямар сайхан өглөө вэ” гэж угтаж, өөрийгөө болон өрөөлийг чин сэтгэлээсээ магтаж, англи хэлийг бие даан сурсан мэдлэг туршлагадаа суурилан тавь гаруй ном бичиж орлогоор нь 10 хүнд унаа, хашаа байшин авч өгч байлаа. Үргэлж сайхан юм бодож, өөртөө байгаадаа сэтгэл ханаж явснаар одоо ердөө ядардаггүй, огт өвддөггүй хүн болсон.

-Багш бүрт өөрийн гэсэн арга барил байдаг. Таны сургалтын гол арга барил, онцлог юунд байна вэ?

-Би улсад 32 жил ажилласны сүүлийн 22 жилд англи хэл заасан. Би өөрийн 13 жил хөдөлмөрлөж олж авсан мэдлэгээ системчилж 13 хоногийн дотор хүмүүст хүргэдэг. Миний хичээл минут минутаар төлөвлөгдсөн, агуулгын хувьд маш баялаг юм. Суурьтай анхан шатны сургалтад суусан ямар ч хүн 2000 үгийн нөөцтэй, орчуулгыг баруун солгойгүй хийдэг, дүрэм ярианы өндөр мэдлэгтэй болдог. Хүмүүс янз янзаар хүлээж авдаг. 13 хоногт юу сурах вэ гэж бодох хүн ч бий. Богино хугацаанд чанартай мэдлэг олгож чадах юм байна гэж олзуурхах хүн ч байдаг. МУИС-ийн гадаад хэлний сургуулийн захирал миний хичээлд суугаад маш их олзуурхсан. Юу гэвэл, надад олон хүнийг мэргэжлийн орчуулагч болгосон нандигнаж явдаг англи хэлийг гишүүнчилж орчуулах гэдэг арга бий. Энэ аргыг ямар ч хүн эзэмшиж чадна. Бүх үгийг нь мэдээд байгаа мөртлөө орчуулж чадахгүй байна гэдэг хүмүүс байдаг. Эдгээр хүмүүсийн арга нь буруу байгаа юм. Олон товчтой цамц байлаа гэхэд эхнийхийг зөрүүлээд товчлох юм бол бүх товч нь ташраараа зөрдөгтэй адил гэсэн үг.

-Энэ аргаа жаахан дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Англи хэлний өгүүлбэр үнэн зөвийн ганц зарчимтай. Чиг баримжаа нь хоёр янз. Албан орчуулга, өдөр тутмын хэв шинжтэй орчуулга. Хэв маяг, зураглал нь таван янз байдаг. Эдгээрийг маш удаан тунгааж гаргаж ирсэн. Урдаас нь хойшоо, араас нь урагшаа, гол өгүүлбэрээс хоёр тийш, гол өгүүлбэрийг аль ч талаас нь орчуулах гэх мэт. Энэ загваруудад тохирсон 100 гаруй өгүүлбэрт тулгуурлаж орчуулгыг зохих түвшинд хийж сургадаг. Энэ аргыг ямар ч хүн өвлөж сурах боломжтой.

-Ихэнх хүмүүс үйл үгийн хэдэн цаг дээр толгой нь эргэчихсэн байдаг гэсэн. Та тэдэнд цагийг яаж ойлгуулдаг вэ?

-Англи хэлний үйл үгийн цагийн эргээг гаргах цагаан алт шиг ганцхан хичээл байдаг. Модуль буюу баймж дээр хүмүүсийн толгой эргэсэн байдаг. Монголчууд бүдүүн баараг хүмүүс болохоор цагийг анх, энх, мөнх-өнгөрсөн, одоо, ирээдүй гээд гурав хуваадаг. Өнгөрсөн цагийг гэхэд явжээ, явав, явсан гээд төгсгөлөөр нь ялгачихдаг. Харин англи хэл бол айхтар маягтай. Нэг цагийг дөрвөн бүлэгт хуваагаад бүгдэд нь идэвхгүй хэв үүсгэчихдэг. Тэдэнд баттай сайн мэдлэг өгөхийн тулд гурван шат дамжлагатай арга хэрэглэдэг. Яаж бүтээхэв, юу гэж орчуулах вэ, хэзээ хэрэглэх вэ. Бүтээж чадаад, орчуулж чадаад байдаг хэрнээ хэрэглэж чадахгүй бол баттай мэдлэг биш. Хамгийн гол нь энэ гурвыг суулгаж өгөх хэрэгтэй.

-Багш мэргэжлийн сайхан нь юундаа байдаг вэ?

-Олон сайхан шавьтай болсноороо л бахархдаг даа. Англи хэлний багш болоод 50 гаруй сурах бичиг гаргаж, Азийн хөгжлийн банкны шугамаар гурван хот, 21 аймаг, 365 сумын мянга гаруй англи хэлний багш нарт англи хэл зааснаараа бахархаж явдаг. Тэр утгаар нь намайг багшийн багш ч гэж нэрлэдэг. Тэр үед маш их сэтгэл хөдөлгөсөн нэг үйл явдал болсоныг энд дурсмаар байна. Тэнд цугласан 1000 гаруй багш гарын зурж Сэлэнгэ багшийг Монгол улсын гавьяат багш болгож өгөөч гэсэн хүсэлт гаргаж байлаа. Бас “надаар англи хэл заалгасан хүн азтай” гэж би ам бардам хэлж чаддаг.

-Хэл сурахад онцгой авьяас шаардлагатай юу?

-Монгол тархи дэлхийд нэгдүгээрт жагсаж явдаг. Хоёр хятад тархи нэг солонгос ухаантай, хоёр солонгос нэг япон ухаантай, хоёр япон нэг еврей ухаантай, хоёр еврей нэг монгол ухаантай тэнцдэг гэдэг. Еврейчүүд оюуны асар өндөр нөөцтэй мөртлөө хэлтгий заяатай явсан. Тэгсэн хэрнээ еврейчүүдийн дундаас 22 нобелийн шагналтан төрсөн байдаг. Гэтэл монголчууд нобелийн шагнал хүртэхгүй, дээшээ гарч гавьдаггүй. Монголчууд бол ерөөсөө билэг танхай ард түмэн юм. “Оюун ухааны хүн төрөлхтөнд таниулж өгсөн ард түмэн бол монголчууд” гэж Гегель хэлж байсан удаатай. Тэгэхээр монгол хүний тархийг тордоод байвал англи хэл байтугайг сурах боломжтой. Гол нь өөрсдөө хичээх хэрэгтэй байна.