Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан 600 гаруй тэргэнцэр бэлэглэжээ

“Дэзэрэт” Олон Улсын Энэрлийн Байгууллагаас тэргэнцэр төслийнхөө хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулан 619 тэргэнцэр, 50 таяг, алхаа дэмжигчийг Сэргээн Засалт, Сургалт, Үйлдвэрлэлийн Төвд хандивласан байна.

Мөн “Тэргэнцэрийн зөв хэрэглээ” тохируулга сургалт явуулахаар АНУ-ын Солт Лэйк хотоос мэргэшсэн сургагчдыг урьж авчран, амжилттай зохион байгууллаа. Тэргэнцэр шаардлагатай иргэд Сэргээн Засалт, Сургалт, Үйлдвэрлэлийн Төвд хандаж захиалга өгснөөр эдгээр тэргэнцрүүдээс авах боломжтой.

Дашрамд дурьдахад, Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага нь Монгол улсад 1994 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэргэнцэр хандивлах, ундны цэвэр усны худаг гаргах, англи хэлний ярианы дадлага олгох сургалт, дутуу нярайн сэхээн амьдруулах сургалт, хараа зүйн сургалт, шүд амны хөндийн эрүүл ахуйн сургалт, үзлэг зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлсээр ирсэн нийгэмд үйлчилдэг, ашгийн бус хүмүүнлэгийн байгууллага юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гэр бүлийн талаар баримталдаг төрийн бодлого тасралтгүй хэрэгждэг байгаасай

Гэр бүл судлаач, профессорТ.Намжил

Өнө эртний түүхтэй монгол гэр бүл нь монгол хүний хөгжлийн оршин байх амьдрахуйн өлгий мөн. Өвөг дээдсийн маань үеэс “Өрх гэр–Төр улс, Төр улс–Өрх гэр” гэсэн сургаалыг эрхэмлэсээр өрх бүлээрээ сэтгэл санаа, амьдрал төвшин байх, тэр хэмжээгээр улс орон маань тийм байна гэж үздэг билээ. Гэр бүлийн харилцааны агуулга, мөн чанарт өөрчлөлт орж байгаагаас шалтгаалж гэр бүлийн сайн сайхан байдлыг дэмжиж, хөгжүүлж чадваржуулах зэрэг асуудал тавигдах боллоо. Угийн бичиг хөтөлдөг, өвлөгддөг уламжлал алдагдсан, хүүхдээ амьдралд бэлтгэхэд эцэг, эх гэр бүлийнхний идэвхтэй оролцоог чухалчлах хэрэгтэй болж байгаа, өрхийн бүтцийн хувьд дан /хос/ өрх дийлэнх хувийг эзэлж байгаа боловч гэр бүлийн олон хэлбэр бий болсон, дэвшилт ёс заншил, уламжлалыг гэр бүлийнхэндээ мэдрүүлэх, хэвшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад туслах талаар эцэг, эхчүүдийн мэдлэг, хариуцлага, төдийлөн хангалттай биш байгаа юм. ХХ зууны Монголд өрнөдөөс соёл, ёс суртахуун нэвтэрсэн. Энэ зууны эхнээс Азийн соёлын нөлөөлөл идэвхжсэн, монгол гэр бүлд уламжлалт хийгээд орчин үеийн гэсэн холимог соёл бий болж байна. Герман улс гэхэд гэр бүлийг бэхжүүлэх, чиг хандлагыг тууштай баримталж, гэр бүлийн гол үүрэг, хариуцлагыг нэн тэргүүнд авч үздэг. Япон улсын гэр бүлийн бодлого нь гэр бүлийн өөрчлөлтийг бүхэлд нь хамруулсан, нийгэмшүүлэхэд оршдог. Гэр бүлийн талаарх бодлого нь Засгийн газар төдийгүй аж ахуйн нэгж, нийгэм, олон нийтийн байгууллага, гэр бүлийн хүрээн дэх оролцоог цогцоор хангахад чиглэгдэхийн зэрэгцээ бодлогын бодит хэрэгжилтийн үйл ажиллагааны аргачлалыг тусган зардал нь баталгаажуулагдсан байх шаардлагатай. Энэ асуудлыг анхаардаггүйгээс бодлогын баримт бичиг нь батлагдсан төдийгөөр үлддэг. Хөгжингүй орнууд гэр бүлийн талаар баримталдаг төрийн бодлого тасралтгүй хэрэгжүүлдэг шиг манай улс тийм байгаасай. Даяарчлалын орчин дахь монгол гэр бүлийн хөгжил, төлөвшлийн асуудал нь өөрөө манай нийгмийн зангилаа асуудал болон тавигдаж байна.

Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ спорт

Х.Даваачимэг Ази тивийн аваргын хүрэл медаль хүртжээ

Холбоотой ЗурагЭнэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн таван жингийн барилдаан болж, 55 кг-д зодоглосон ОУХМ Х.Даваачимэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд БНСУ-ын Шин Хе Лийг ялж, монголын багийн медалийн буухиаг үргэлжлүүлэв.

60 кг-д Б.Шоовдор эхний тойрогт Вьетнамын бөхийг ялсан ч Японы Рисако Каваид ялагдан хүрлийн төлөө барилдахаар болоод байсан юм. Манай бөх медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Жан Тин Жоуд ялагдан шагналт V байрт орлоо.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 58 кг-д Э.Гантуяа барилдана. Манай бүсгүйчдээс Гавьяат тамирчин С.Батцэцэг Ази тивийн аварга болсон бол Х.Даваачимэг хүрэл медаль хүртээд байна. Өнөөдрөөс эрэгтэй бөхчүүд дэвжээнд гарна.

Өнөөдрийн барилдааны Улаанбаатарын цагаар 12.30-с эхлэх бөгөөд финалын барилдаан 20.00 цагаас эхэлнэ. Тэмцээнийг https://unitedworldwrestling.org/-р шууд дамжуулан үзүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын талбайд номын яармаг худалдаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Сүхбаатарын талбайд өнөөдөр номын баяр үргэлжилж байна. Зохиолчидтой биечлэн уулзаж, гарын үсэгтэй номыг нь өөрөөс нь авах ховорхон боломжийг уншигчдадаа олгодог баяртаа яараарай хүмүүсээ.

Энэхүү арга хэмжээг “Номын соёлт ертөнц” ТББ “Эмпати ертөнц” ХКК-тай хамтран “Ulaanbaatar book fair” номын өдөрлөгийг зохион байгуулж байна. Нийслэлийн соёл урлагийн газар, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Монцамэ агентлаг, Монгол кино нэгтгэл, Хаан банк, Ганаа майхан зэрэг байгууллага үйл ажиллагаагаараа дэмжин ажиллаж байгаа.

Ulaanbaatar book fair”-аар монголын ном бүтээгчид, гадны соёлын байгууллага, хэвлэн нийтлэгчид мэдээллээ түгээх, харилцан соёлын солилцоо өрнүүлэхэд чиглэгдэнэ. Ном бүтээгч, уншигчдын нэрлэж заншиснаар хаврын номын баяр маань өнгөрсөн жилээс олон улсын номын баяр хэмээн нэрлэгдэх болсон. 21 дэх “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярын арга хэмжээний онцлох сонирхолтой үзүүлбэр бол “Хорвоогийн олон өнгө” олон улсын хэл соёлын их наадам, их зохиолч Ч.Лодойдамбын 100 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд юм. “Номын соёлт ертөнц” ТББ-аас номын баярын арга хэмжээг 21 дэх удаа, “Эмпати ертөнц ХХК”-аас олон улсын хэл соёлын их наадмыг Монгол улсад гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь нийслэл хотод болдог сонирхолтой арга хэмжээнүүдийн нэг юм. Энэ жилийн номын баярт АНУ, Франц, Солонгос гэх зэрэг соёлын байгууллага ном бүтээл, хэл соёлоо сурталчлан оролцож байгаа бол 18 улсын хүүхэд залуус, Улаанбаатар чуулга, Монгол кино нэгтгэл урлагийн тоглолтоо толилуулна.


Categories
мэдээ цаг-үе

С.Батсүх гавьяатын шавь Б.Бат-Энэрэл: Би багш шигээ дуучин болохыг мөрөөддөг. Бас ээж шигээ сайн хүн болно

Монгол Улсын гавьяат жүжигчин “Завханы” хэмээх Санжаажавын Батсүхийн “Орчлонг хайрлаарай”, “Ухаарал”, “Хаан заяатай орчлон” зэрэг дууг тун ч эвлэгхэн дуулж, олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа бяцхан дуучин Болормаагийн Бат-Энэрэлтэй ярилцлаа. Тэрбээр төрөлхийн харааны бэрхшээлтэй төрсөн ч нэг настайгаасаа сул хардаг болсон гэнэ. Иймд бяцхан хүү Энэтхэг улсад нүдний хагалгаанд орохоор болсон байна. Хагалгааны зардалд зориулан гэр бүлийнхний зүгээс энэ сарын 20-нд хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ.


-Б.Бат-Энэрэл хүү хэзээнээс дуулах болсон юм бэ. Одоо хэдэн настай вэ. Гэртээ хэдүүлээ амьдардаг талаар ярихгүй юу?

-Манай ээж Солонгос руу явсан. Удахгүй ирнэ. Би гэртээ эмээ, ээжтэйгээ (ээжийнх нь төрсөн эгч), эгчтэйгээ хамт амьдардаг. Би чинь их багаасаа дуулж эхэлсэн л дээ. Анх хоёр настайдаа дуулж, дуунд дуртай болсон юм. Завханы С.Батсүх гээд хүн чинь миний дууны багш. Багшдаа үргэлж залбирч явдаг даа. Би одоо таван настай удахгүй зургаан нас хүрээд сургуульд явна. Ээждээ нэг юм хэлчих үү. Ээж ээ, сайн байна уу. Та наанаасаа хурдан ирээрэй. Та утсаараа их оролддог шүү. Ер нь хүүдээ хайртай юм уу, утсандаа хайртай юм уу гэж хэлмээр байна.

-С.Батсүх гавьяатын дууг анх яагаад дуулах болов?

-Миний багш хорвоо дэлхийн үнэнийг үргэлж дуулдаг. Тэр нь надад таалагддаг. Бас багшийн дуулсан бүх дууны аялгуу нь гоё. Хүний сэтгэлд шууд л хүрдэг. Багшдаа баярлалаа, хайртай шүү.

-Ирээдүйд багш шигээ дуучин хүн болно гэж бодож байна уу. Юуг хүсэж, мөрөөддөг вэ?

-Би багш шигээ дуучин болохыг мөрөөддөг өө. Бас ээж шигээ сайн хүн болно. Би дуучин, жүжигчин, урлагийн хүн л болохыг мөрөөддөг. Бас Отгонтэнгэр хайрхнаасаа миний хоолойг үргэлж ийм эвлэгхэн хөөрхөн байлгаж, ирээдүйд мундаг дуучин хүн болгоосой гэж хүсдэг. Бас том болоод гурван ажил хийнэ. Эхнийх нь цагдаа, дараа нь лам, сүүлийнх нь дуучин хүн болно доо.

-Яагаад энэ гурав гэж?

-Цагдаа хүн чинь хулгайч муу хүмүүсийг барьдаг, лам хүн сайхан сэтгэлтэй, буянтай амьдардаг, дуучин болох нь угаасаа тодорхой юм чинь ингэж хэлж байгаа юм. Ийм гурван ажил хийнэ.

-Анх тайзан дээр гарч дуулахад ямар санагдсан бэ. Ер нь дуулж байхдаа юуг дотроо боддог вэ?

-Тайзан дээр гарч дуулах гоё санагдсан. Би өмнө хүмүүсийн алга ташилтыг сонсож байсан. Харин намайг гарч ирэхээр хүмүүс алгаа хорстол ташсан. Тэрийг нь би харсан юм. Дуулж байхдаа ээжийгээ их боддог. Бас багшийгаа яаж дуулж байсныг нь төсөөлдөг. Тэгээд хүмүүст миний дуулж байгаа дуу таалагдаж байгаа болов уу гэж боддог.

-Багшийнхаа “Орчлонг хайрлаарай” дууг үнэхээр сэтгэлээсээ дуулсан байсан. Мөн хамгийн сүүлд багштайгаа хамтарч уран бүтээл хийсэн. Тэр дуу олон түмэнд их хүрсэн шүү. Чиний хамгийн ихээр хайрлаж, хүндэлдэг хүн хэн бэ?

-Би дууг багш шигээ сэтгэл дотроо төсөөлж дуулахыг боддог. Тэгж дуулсан дуу хүний сэтгэлд хүрдэг гэж багш маань хэлсэн. Хамгийн сүүлд багштайгаа “Хаан заяатай орчлон” гээд сайхан дууг нь дууллаа. Чи тэр дууны клиппийг үзсэн биз дээ. Багш бид хоёр хоёулаа хар хослолтой гоё харагдаж байгаа биз. Би дуугаа чин сэтгэлээсээ сүсэглэж дуулдаг. Миний хамгийн хайртай хүн ээж, эмээ, эгч, багш нар минь. Би энэ хүмүүсийнхээ төлөө залбирч дуулдаг.

-Ээжийгээ санаж байна уу?

-Үгүй ээ, санахгүй байна. Яагаад гэвэл би чинь одоо уул шиг том эр болсон шүү дээ. Тийм болохоор санахгүй байгаа юм. Гэхдээ жоохон л санаж байна. Манай багшийн дуулсан Бүтэн нойртой хонож үзээгүй

Бүлээн цайгаа ууж амжаагүй

Ганцхан биений жаргал эдлээгүй ч

Газар дээр миний ээжий

Үр чинь өсөж том болжээ

Үргэлж юунд санаа тавина вэ

Уул шиг том эр болсон шүү дээ

Унтаж амар даа бүүвэй ээж ээ гээд дуу байна ш дээ, энэ дууг дуулахаараа л ээжийгээ санаад байгаам.

-Найзууд нь чиний дууг сонсоод юу гэж хэлж байна?

-Чамайг телевизэээр харсан, чи од болчихсон юм уу гэсэн. Тэгэхээр нь би од биш ээ хүн гэж хэлдэг. Зүгээр л олны танил шүү дээ. Гэхдээ манай найзууд чинь жоохон болохоор дуу сонсдоггүй юм шиг байна лээ.

-Дуучин Төрмандахтай хамтарч дуулсан хүүг таних уу?

-“Булдруу” юу. Тэрийг танина. Бас хөөрхөн дуулдаг юм билээ. Төрмандахтай хамт дуулдаг мөн биз дээ. Бас адилхан дуулдаг “булдруу” байна лээ.

-Удахгүй болох тоглолтынхоо тухайд ярихгүй юу. Тоглолт хийх гэж байгаадаа баяртай байна уу. Тусалж, дэмжиж байгаа хүмүүс их байгаа байх. Тэр хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?

-Миний тоглолт энэ сарын 20-нд болно. Намайг бүгдээрээ хүрч ирж үзээрэй. Би та бүхэндээ гоё дуугаа дуулж өгнө. Манай тоглолтод багш маань болоод бусад Завхан нутгийн алдартай, мундаг дуучид ирж ая, дуугаа өргөнө. Хамгийн ихээр тусалж байгаа эгчдээ, ээждээ, багшдаа, бусад бүх хүмүүст баярлалаа.


Categories
мэдээ цаг-үе

О.Болдбаатар: Эстрадын алтан үеийнхнээс ердөө гуравхан хүн үлдсэний нэг нь би юм шүү

Арын эгнээний зүүн гар талаас Т.Рэнцэнханд, Н.Пүрвээ, Д.Ухнаа, Б.Нандинцэцэг, Х.Галхүү, Л.Оюунчимэг, Ж.Уранчимэг, С.Янжиндулам, Н.ГэрэлтОд, урд эгнээний зүүн гараас О.Болдбаатар, А.Зориг, Х.Төмөр, хөтлөгч В.Дүгэрмаа, Б.Бямбадорж. Соёлын төв өргөөнд тоглолтын дараа авахуулсан зураг. 1992 он. (энэ зургийг авах үеэр Б.Дамчаа гуай, Л.ЦэндАюуш гуай нар киноны зураг авалтад явсан байв)

Эстрадын алтан үеийнхэнтэй хамт Улсын Филармонийн “Баянмонгол” чуулгад дуулж явсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Очирын Болдбаатартай ярилцсанаа хүргэе.


-Довчингийн Отгонсүрэн гуайн шүлэг “Янзага” гэж сайхан дуу бий. Нэг хэсэгтээ л хит болж байсан бүтээл. Дууныхаа түүхээс ярихгүй юу?

-“Унаган хайр”, “Амьдралын анхны хонх” жүжгийн дуу зэрэг ард түмний сэтгэлд хүрсэн олон дууны хөгжим бичсэн урлагийн гавьяат зүтгэлтэн Гаадангийн Алтанхуяг анх санал болгосон юм. Тэр чинь наян он байх шүү. Тухайн цагт миний бие Улсын цагдан сэргийлэхийн газар ажиллаж байсан. Манай гэр бүлийн хүн Н.Пүрэвээ Улсын дээд шүүхэд ажиллаж байлаа. Бид хоёр далан дөрвөн оноос дуулж эхэлсэн. Үндсэндээ гэр бүлийн хос дуучдын анхдагч юм. С.Вандан, Д.Дуламсүрэн хоёр гавьяат бид хоёроос гурван жилийн дараа гэр бүл болж дуулж эхэлсэн түүхтэй. Алтанхуягийг дуудсаны дагуу драмын театрт яваад очлоо. “Говийн зэрэглээ”-гийн Арслан буюу алдарт найруулагч Г.Доржсамбуу, Г.Алтанхуяг хоёр сууж байна. “Буцах хаяг” гэж жүжиг хийх гэж буйгаа дуулгалаа. Уг жүжгийн дуу нь Д.Отгонсүрэнгийн шүлэг “Янзага” байж л дээ. Г.Алтанхуяг “Та хоёрт одоо би хөгжим дээр сонсгоё. Бараг л нэг сонсоод та хоёр дуулна, би мэдэж байна” гэдэг юм. Г.Доржсамбуу болохоор “Энэ том жүжгийн дууг энэ хоёр барах уу, чадах уу” гэсэн янзтай. Тэгж бодох нь арга ч үгүй биз дээ. Ямар мэргэжлийн дуучид биш. Ингээд үгийг нь хартал

“Хөвчин хангайн налгархан чөлөөнд

Хөөрхөн янзага ганцаар тоглоно

Хөнгөхөн хөлөөрөө шүүдэр өшигчин

Цэцгэн дундуураа дэгдэн тонгочно

Рашаан гээд шалбааг уувал яанам билээ

Ачтанаа гээд араатныг дагавал яанам билээ

Аясын салхинаас чамайгаа хамгаалж

Аадрын үүлнээс энхрийлэн халхална…” гээд маш гоё үгтэй дуу байсан. Г.Алтанхуягийг төгөлдөр хуур дарахад нээрээ л аялгуу нь шууд ороод ирсэн. Бид хоёрын дуулахыг сонсчихоод Г.Доржсамбуу нүдээ ирмээд жигтэйхэн баясалтай байж билээ. Ингэж л энэ бүтээл драмын театрын тайзан дээр төрсөн.

-Та бол цагдаагийн хүн. Гэвч Монголын эстрадын урлагийн түүхийг бичилцсэн хүний нэг. Ингэхэд ямар сургууль төгссөн юм бэ?

-МУИС-ийг санхүү эдийн засагч мэргэжлээр төгссөн. Аав минь Монголын цагдаагийн байгууллагын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албаны дарга, хурандаа цолтой хүн байсан. Аавынхаа зам мөрөөр цагдаагийн хүн болсон. Монголын цагдаагийн байгууллагад би хайртай. Шинэ үеийн залуучууд намайг тэр бүр сайн танихгүй байх. Хуучны нөхөд замд таарчихаад ёсолдог байлаа. Урлагийн зам мөртэй олон олон сэжмээр холбогдсон байдаг. Октябрын районд НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд улсын цагдан сэргийлэх газрын дарга, хошууч генерал А.Дунбуурай дуудаж “Хуучин сүмийн нууц” гэж кино хийх гэж байна. Түүний гол дүрд тогло гэсэн үүрэг өгч байлаа. Би зөвлөхөөр нь ажиллана гэв. Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг төгсч ирсэн Жамъянсүрэнгийн Сэлэнгэсүрэн гэж алдартай найруулагчийн бүтээл. Өмнө нь тэр хүний найруулсан “Тойрох хуудас” кинонд миний бие тоглосон юм. “Хуучин сүмийн нууц”-д Өвөрхангай аймгийн Бүрд сумын хэсгийн байцаагч Сүрэнхүү гэж хүний дүрийг наян хоёр онд хорин зургаан настайдаа бүтээсэн. Архангайн Өлзийт сумын нутагт зургийн натурт гарна. Тэгж л Шаравын Сүрэнжав гуайн шүлэг “Шөнийн эргүүл” дууг дуулах хувь тохиосон. Цэл залуу хорин хэдхэн насандаа детектив киноны гол дүрийг бүтээж, өөрөө дууг нь дуулна гэдэг сайхан. Сонирхуулахад, Пүрвээ бид хоёрын хуриман дээр Цэдэнбал Филатова ирж баяр хүргэж байлаа. Гадаадаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарын гэргий нарыг өөрийнхөө барьсан хуримын ордныг үзүүлж явахад нь бид хоёрын хурим таарсан байдаг. Далан таван онд Их сургуулийн оюутан ахуйдаа Сэнгийн Эрдэнийн зохиол “Өвлийн ойд” хэмээх богино хэмжээний уран сайхны кинонд тоглож байсан. Мөн “Дэгдээхий нас” кинонд тоглосон. Сүүлд Сорогдогийн Жаргалсайханы зохиол “Хубилай хааны зарлиг” кинонд тоглож байлаа. Мөн “Цагдаагийн тангараг”, “Зүрхэнд шингэсэн нулимс” зэрэг кинонууд байна. “Хуучин сүмийн нууц”-д тоглоход мэргэжлийн бус ганц хүн нь би байсан. Ардын жүжигчин Лоолийн Жамсранжав, Хандсүрэн, “Цоохор морь”-ны Сэдэд гуай олон аваргуудтай хамт тоглосон доо.

-“Манай гаригийн залуус” гэж дууг та гэр бүлээрээ анх дуулсан санагдана?

-Ханьтайгаа дуулсан. “Аль нь вэ” гэсэн киноны дуу шүү дээ. Бадар-Ууган, Оюунцэцэг хоёр анх дуулж байсан. Гэтэл уг киноноос тэр дууг хассан байдаг. Намын төв хорооны үзэл суртлын нөхөр “Манай залуучуудын өмнө олон салаа зам байхгүй. Коммунизм гэсэн ганцхан зам байгаа” гээд хасуулсан юм билээ. Дэлхийн залуучууд оюутны их наадамд оролцох гээд Гомбосүрэнгийн Баярхүү гэж найзаараа шүлгийг нь бичүүлж Алтанхуягаараа хөгжмийг нь бичүүлж энэ дуу төрсөн.

“Хүсэл мөрөөдлийн оч болон гялалзаад

Хүний орчлонд жаргалын гэгээ туяарсан

Хүж дэлхий нараа тойрон эргэж байна

Хөвчин дэлхий чамдаа хичнээн хайртай вэ

Дэлбээлж ургасан амьд цэцгүүд

Дэлхийгээ ээж шигээ хайрладаг залуус

Бүүвэйлж аялсан төрөлх гаригаа

Эвийн сэтгэлээр уярааж явна аа…” гэх залуу насны цог жавхааг харуулсан дуу. Гэр бүлийн “Бид” хамтлаг байгуулж, мөн чиг олон жил ард түмнийхээ хайр энхрийлэлд багтаж явсан байна.

-“Жар, далаад оны залуус наашаа” хэмээх супер тоглолтыг “Улаанбаатар палас”-ын их танхимд зохион байгуулж бужигнуулсныг санаж байна?

-Тийм ээ. Монгол түмэн маань өөрсдөө дуунд дуртай их дууч ард түмэн. Ялангуяа жар, далаад оны залуус дуунд бүр илүү их дуртай, маш эрч хүчтэй, доргио гэдэг нь тэрхүү тоглолтоос илт мэдрэгдсэн. Жар, далаад оны залуучууд эх орон ард түмнийхээ өмнө хэлэх үгтэй, хийсэн юмтай улс орныхоо хөгжил цэцэглэлтэд тав таван жилээр ажлаа төлөвлөж Улс ардын аж ахуйн бүхий л салбарт залуу нас, амьдрал тэмцлээ чин сэтгэлээсээ зориулж ирсэн үнэтэй эрхмүүд. Энэ цагийнхны бахархал болсон хүмүүс. Амьдралын хатуу хөтүү, баяр жаргал, зовлон зүдгүүрийг биеэр амсч, нийгмийн давалгаанд цохигдон тэсвэр тэвчээрийг мэдэрсэн “алтан үеийнхэн” юм. Өнөөдөр шиг компьютер, гар утас байхгүй тэр үед тэд хариуцсан ажлаа эзний ёсоор хийж, за бол ёогүй жинхэнэ “хүн” байхын утга учрыг үзүүлжээ гэж бодогддог. Миний бие гэр бүлийн хүн Н.Пүрвээгийнхээ хамт бүр оюутан ахуй цагаасаа эхлэн Улсын филармонийн “Баянмонгол” чуулгатай, энэ олон сайхан дуучинтай нэг баг болж концертын тайзан дээр хамтран дуулж, хөдөө бригадаар явж агуу их урлагийг түгээсэндээ бахархдаг. Түүх сөхөхөд, 1941 оны долдугаар сарын 12-ны өдөр Ардын хувьсгалын 20 жилийн ойгоор Улсын циркийн дагшаа найрал хөгжим анхны тоглолтоо наадамчин олон түмэнд толилуулахад өдгөөгийн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай “Чайка” дууг дуулж, Саксафон хөгжим тоглож байснаар Монголын эстрадын түүх эхэлсэн юм билээ. Саяхан би ардын жүжигчин, Монголын урлагийн амьд домог болсон П.Хаянхярваа гуайнд очиж хууч хөөрөхдөө мэдсэн. Хаянхярваа гуай надад “Чи Цогзолмаа гуайнд очихдоо үүнийг өгчихөөрэй” гээд нэгэн жижигхэн цаас өгсөн нь Цогзолмаа гуайн анх дуулж хөгжимдсан “Чайка” гэдэг дууны нот, мөн өөрийнх нь түүнд зориулан бичсэн зурвас үг байлаа. Би гэр бүлийн хүн Н.Пүрвээ, охин Ариунаа, Халиунаа нартайгаа нийлж гэр бүлийн “Бид“ хамтлагийг 2007 онд байгуулж мөн л олон газраар явж тоглолтоо хийсэн. Бидний урын санд орос, украин, монгол олон сайхан аялгуут дуу байдаг байв. Гэр бүл Н.Пүрвээ маань хүнд өвчний улмаас 2013 онд таалал төгсөж бидэнд болон түүний дууг сонсох дуртай үзэгч, сонсогч түмэнд хүнд гарз тохиосон юм. Мөн дараа бага охин Халиунаагаа алдаад амьдралын хүнд бэрхийг туулж л явна, ах нь. “БИД” хамтлаг дотнын анд, зууны манлай дуучин Х.Төмөрийнхөө гэгээн дурсгалд зориулж түүний дуулдаг байсан Ш.Шажинбатын шүлэг О.Бэгзийн хөгжим “Бидний дуулах дуртай дуу”-г нь дуулж клипжүүлсэн нь түмний талархал хүлээсэн билээ.

-Монголын эстрадын алтан үеийнхнээс Ухнаа гуай, Уранчимэг гавьяат бид гурав л байна гэж та хэлж байсан. Сар шинийн босгон дээр Ухнаа гуай ардын жүжигчин боллоо. Эстрадын алтан үеийнхнийхээ тухай дурсахгүй юу?

-Ухнаа гуайгаа өндөр цол хүртэхэд баярлаж л байлаа. Яалт ч үгүй амьд домог болсон хүний нэг мөн. Би “Зууны манлай” гэж сүүлд өргөмжлөгдсөн дуучин Х.Төмөртэй дотно үерхдэг байлаа. Яг өнөөдрийн өндөрлөгөөс харвал эстрадын ёстой жинхэнэ гайхалтай од нь байж дээ. Түүний уянгалаг, мэдрэмжтэй цээлхэн хоолойгоор дуулсан “Нарт тэнгэрийн дор”, “Аяны шувууд” “Үдэлт” “Бидний дуулах дуртай дуу” зэргийг нь барууны үзэл суртал үнэртүүлсэн гэж Монголын радиогоор явах эрхийг нь бүтэн зургаан жилээр хасч байлаа. Энэ тухай өөрөөс нь сонсоод зүрх шимширч байсан. 1989 оноос эхлэн “Эстрадын ахмад дуучдын тоглолт” гэж гайхамшигтай тоглолт болдог байсныг манай жар, далаад оны залуучууд андахгүй тод санана даа. Бид хамтдаа 512 удаа дүүрэн үзэгчтэй тоглосон бөгөөд бүх үзэгчид нь жар, далаад оны залуус байсан. Энэ тоглолтыг зохион байгуулсан Д.Ухнаа гуай нэг удаа тайзан дээрээс “Та нарын дотроос энэ тоглолтыг хамгийн олон үзсэн хүн байна уу” гэхэд үзэгчдийн дундаас нэг нь “Найм дахь удаагаа үзэж байна” гэснийг тодхон санадаг юм. Алтан үеийнхэн маань мөнгө хөлс нэхдэггүй байлаа. Тэдний маань гол шагнал нь үзэгчдийн халуун алга ташилт байсан. Энэ бол гайхамшиг. Тэр үед надад “Лада” нэртэй Оросын нэг муу хуучин машин байлаа. Тоглолтын дараа Төмөрийг гэрт нь хүргэж өгөөд харина. 50 мянгатын нэг байрны булангийн орцонд нэг умгар өрөөнд амьдардаг байв. Орос, англи хэлийг төгс эзэмшсэн, өндөр боловсролтой, тэр үеийн мундаг сэхээтнүүдийн нэг байлаа. Улаан тамхийг нимгэн цаасанд ороогоод ирийтэл нь жагсаагаад нэг саванд хийчихсэн байдаг сан. Их найзархуу, хааяа нэг зуу татна. Заримдаа тоглолтын үеэр намайг хөшигний ард дуулах ээлжээ хүлээгээд зогсож байхад чихэнд сэмээрхнээр “Боогий, найз нь жижигхэн юм аваад ирсэн, нааш ир” гээд дагуулаад хүнгүй газар очно. Үзвэл жижиг шилэнд архи хийчихсэн хуваана. Картаар өрх бүрт бараа тоо хэмжээтэй олгодог, аливаа юм ховор, архи нүдний гэм байсан тэр үед хаанаас ч юм цэвэрхээн самагон олоод ирдэг байж билээ. Тийм л үнэн түүх бидэнд байсан юм. Сүүлд хөгжмийн зохиолч З.Зундарийн байгуулсан “Мөнгөн хүрхрээ” хамтлагт Х.Төмөр, Пүрвээ бид гурав дуулдаг байж билээ. Буурангийн Нандинцэцэгийн тухай мөн л дурсах байна.

Нэгдүгээр дэлгүүрийн урд гэр нь байлаа. Нандиагийн гэрээр бишгүйдээ л орж гарч явжээ. Ээж нь надад их сайн байж билээ. Галхүүтэй хөдөөгүүр олон чиг удаа зам нийлж явжээ. Бүгдийнх нь тухай дурсмаар байх юм.

Ийнхүү Болдбаатар ахтай багагүй хугацаанд ярилцсанаа товчлон хүргэлээ. Өндөр соёл, хүнлэг сэтгэл нэвт ханхлуулдаг эл эрхэм хайрт охин Халиунаадаа зориулсан “Гэрэлтэй сүүдэртэй энэ хорвоод нэр төртэй явсан шүү, миний охин

Гэгэлгэн энэ дэлхийгээ дуу хуураар уярааж явсан шүү, миний охин” гэх шүлгээ хоолой зангируулан уншиж өгсөн юм.

Categories
мэдээ цаг-үе

Сэтгэл судлаач Я.Батхүү: Өөрийн аминаас үнэтэй нөхөрлөл гэж байхгүй

Сүүлийн үед өсвөр наснынхны дунд амиа хорлох явдал нэлээд гарах болсон. Үүнтэй холбогдуулан сэтгэл судлаач Я.Батхүүтэй ярилцсаныг сонирхуулъя.


-Саявтар дунд сургуулийн сурагч хоёр найз охин “Алт шиг гялалзахгүй ч ган шиг хатуу нөхөрлөл энд байна” гэж бичиж үлдээгээд байшингаас үсэрсэн. Өнгөрсөн жил мөн хоёр охин өөрсдийгөө боомилж нас барсан. Өсвөр насныханд нөхөрлөл гэдэг аминаас нь илүү үнэтэй болчихсон юм уу?

-Насанд хүрсэн хүмүүс оюун ухааныхаа түвшинд дүгнэлт гаргаад миний амь нас ямар үнэтэй, нөхөрлөлийн үнэ цэн ямар байх вэ гэдгийг дүгнэж бодож чадна. Өсвөр насныхан энэ тухай төдийлөн тунгааж бодохгүй. Өөрийн аминаас илүү нөхөрлөл гэж юу байхав. Өөрийгөө хайрлаагүй хүн хэнийг ч хайрлаж чадахгүй гэж сэтгэл судлалд үздэг. Таны дурдсан тохиолдолд ямар нэгэн юм бодож саналгүйгээр, цэвэр сэтгэл хөдлөл дээр гаргасан шийдвэр. Өсвөр насныханд гэр бүлийн дотнын гишүүдээс илүү найз нөхдийнх нь хамаарал хамаагүй их байдаг. Үерхэл, нөхөрлөл нь дэндүү үнэтэй. Дээр дурдсан хоёр найз охин бол сайхан үерхдэг, бие биеийнхээ зовлон жаргалыг мэддэг байсан байна. Нэг нь гэр бүл дотроо зөрчилдөөнтэй, хэцүү байж. Түүнийгээ найздаа ярьдаг байсан бололтой.

-Хүн амиа хорлох шийдвэрийг гэнэт гаргадаггүй гэж зарим сэтгэл судлаачид хэлдэг. Нэлээн удаан бодсоны эцэст шийддэг гэсэн.

-Аливаа юм хоёр талтай. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд бол өөр. Үнэхээр тийм байсан бол дээр дурдсан хоёр охин ямар нэгэн байдлаар гэрээслэл бичих юм уу бусдад мэдэгдэх байсан. Найзууддаа ямар нэгэн байдлаар илэрхийлэх байсан гэж бодож байна. Өсвөр насныханд амиа хорлох оролдлого, бодол санаа орж ирдэг. Жишээ нь өсвөр насны дөрвөн хүүхдээс нэгд нь ийм бодол төрдөг. Долоон хүүхдийн нэг нь амиа хорлохоор төлөвлөсөн байдаг. Арван сурагчийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлох оролдлого хийсэн гэсэн судалгааны дүнг харсан. Ямар нэгэн бэрхшээл, асуудал тулгарахад гарц байхгүй мэт санагдаж амиа хорлоё гэж боддог. Үүнээс наана судсаа ханахын тулд гарын шуугаа зүсэж гэмтээх зэрэг үйлдэл хийдэг. Байшингаас үсэрсэн хоёр охин миний сонссоноор гэрээсээ яваад хоёр, гурав хоночихсон байсан гэсэн. Түүнээсээ их айсан байж ч болох талтай.

-Өмнө ч ийм явдлууд гарч байсан. Эцэг, эхийн зүгээс анхаарал халамж дутуу тавьсан, янз бүрийн мэдээлэл хүлээж авч байгаа, дарамтлуулах зэрэгтэй холбоотой юу?

-Тэгэлгүй яахав. Нийгэмд бол ядуурал, ажилгүйдэл гээд тулгамдсан асуудал маш их байна. Эцэг, эхчүүд амьжиргааныхаа төлөө яваад үр хүүхдэдээ анхаарал тавих нь багассан. Хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар эцэг, эхээсээ материаллаг байдал бус, өөрийг нь ойлгоосой, мэдрээсэй гэсэн хүсэл нь илүү давамгайлдаг. Өсвөр насныхны 55 хувь нь өөрийг нь ойлгохгүй байна гэж үздэг. Тэд өөрсдийнхөө дураар байхыг илүүд үздэг. Дураараа байна гэдэг нь хүссэнээ хийнэ гэсэн үг биш. Өөрийнхөө мөн чанараар байж, өөрийгөө мэдрүүлэх гэсэн бодол хүсэл давамгайлдаг. Өөртөө хэтэрхий шүүмжлэлтэй хандах, байгаа амьдралаа хэтэрхий харлуулж бодох, буруу мэдээлэлд үнэмших зэрэг зүйл гардаг.

Шашны нөлөөлөлд хэт автах явдал ч бий. Нийгмийн зүгээс ч хүний оюун ухааныг хордуулах янз бүрийн сурталчилгаа, мэдээлэл ямар ч шүүлтүүргүйгээр тархаж байна. Хүүхдүүд түүнийг нь оюун ухаандаа шууд тусгаж авдаг. Манай боловсролын системд амьдрах чадварт суурилсан амьдралын мөн чанар, утга учир, зорилго чиглэл зэргийг таниулсан онолын буюу шинжлэх ухааны болон хүн байх ухаан, ухамсрыг бий болгодог гүн ухааны мэдлэг олгох сургалт явагдахгүй байна. Үүнээс болоод хувь хүн өөрийнхөө хөгжлийн үе шатууддаа доголддог.

-Ер нь манайд өсвөр насныхны дунд явуулсан нарийвчилсан судалгаа байдаг уу?

-Миний мэдэхийн тийм дорвитой судалгаа байдаггүй. Сүүлийн дөрвөн жил манайд 92 хүүхэд амиа хорлосон байдаг. Гутрал, гадуурхал, хүчирхийлэл дарамт шахалтаас болсон гэж ерөнхий боловсролын сургуульд явуулсан судалгаагаар тогтоогдсон. Манайд сэтгэл зүйн төвүүд ч ховор. Одооноос л сэтгэл зүйчид хандах соёл бий болж байна. Бид тийм юманд хэвшээгүй байна л даа. Надад олон хүн хандаж ирдэг. Заримдаа маш жижигхэн асуудлаар ханддаг. Гэтэл дагаж ирж байгаа хүүхдүүд нь биш дагуулж ирж байгаа эцэг, эхчүүд нь өөрсдөө асуудалтай байдаг. Зүгээр байгаа хүүхдээ өөрсдөө асуудалд оруулдаг, түүнийгээ ч ойлгодоггүй, мэддэггүй. Өөрийнхөөрөө байлгах гэж дарамтална, гуйна, ятгана, хүчирхийлэл үйлдэнэ. Зарим тал дээр одооны хүүхдүүд нь зөв мэдээлэл авчихсан өөрийнхөөрөө байх гээд байдаг. Иймэрхүү байдлаас л болж зөрчилдөөн үүсдэг.

-Өөрөө өөрийнхөөрөө байна гэдэг нь дураараа байхыг хэлээгүй, өөрийгөө мэдрүүлэхийг хичээж байгаа хэрэг гэж та түрүүн хэлсэн. Үүнийг тайлбарлаач…

-Өсвөр насны хүүхдүүд ямар орчинд төрсөн, амьдралд нь юу ч тохиолдсон байж болно. Хүнд амьдрал туулсан, хайр халамжаар дутсан зэргээс шалтгаалаад ирээдүйнхээ амьдралыг кодолчихдог гэж үздэг. Бага насандаа харгис хэрцгийг мэдэрч, эцэг эхдээ орхигдож хаягдсанаас амьдралд хандах хандлага нь өөр болдог. Зан ааш нь эвдэрч, аливаа зүйлийг сөргөөр харна. Өсвөр насныхан гэж би 12-18 насны хүүхдүүд, тэдний сэтгэл зүйд гардаг өөрчлөлтийг хэлээд байна л даа. Бэлгийн бойжилт явагддаг, гэтэл үүнийгээ мэддэггүй. Энэ талаар хичээл байдаггүй тул биед нь өөрчлөлт гарахад маш их айж, цочирддог. Биед нь физиологийн огцом өөрчлөлт гарах, сарын тэмдэг ирэх зэргээс айдаг.

Дээр нь сэтгэл санаанд нь өөрчлөлт гардаг. Эцэг, эхэд нь бол өөрийнхөө дураар байх гээд байгаа юм шиг харагддаг. Урьд сонирхдог байсан юмандаа дургүй болох жишээтэй. Цаад санаа нь бол өөрөөрөө байх гэсэн оролдлого, өөрийгөө ойлгуулах гэсэн тэмүүлэл. Бодож, санаж байгаагаа шууд илэрхийлэх, түүгээрээ байх гэх жишээтэй. Урьд нь үгээр нь байсан хүүхэд гэнэт өөрчлөгдөхөд эцэг, эхчүүд нь бэлтгэлгүй байдаг тул зөрчилдөөн гардаг. Дураар нь байлгах гэдэг нь өөрийг нь зөв ойлго гэсэн үг. Юу хүсээд байна, яамаар байна, юу таалагдахгүй, юунд шаналаад байгаа зэргийг нь мэдэх. Ийм насанд сэтгэл санаанд нь хамгийн их нөлөөлдөг зүйл бол өөртөө идеал дүр бий болгочихдог. Ямар нэгэн хүнийг дуурайж, түүн шиг болох, амьдрах юмсан гэж бодох жишээтэй. Өөрийгөө тэр хүнтэйгээ ижилхэн байлгах гэж гадаад байдал, үйл хөдлөл, зан аашаа өөрчилдөг. Өөрийнхөө гаднах байдал, гоо үзэмжинд хэт эмзэг хандаж, өөрийгөө голдог.

-Тэгэхлээр ийм явдлыг, ийм санааг болиулахын тулд яах ёстой вэ?

-Үүнтэй холбоотой нэг судалгаа гарсан. Өсвөр насныхны 50 хувь дарамтанд өртдөг. Сургууль дээр нь мөнгө төгрөг авах, үнэтэй хувцсыг нь дээрэмдэх, номыг нь авах гээд. Бас зодох, зодуулах, онлайнаар дарамтлах, сошиалаар доромжлох. Үүний улмаас хүүхэд сургуульдаа явах дургүй болох төдийгүй аюултай орчин гэж үздэг. Энэ талаар багшдаа хандаж чадахгүй. Сургуулиасаа зайлсхийнэ. Ер нь стресст орох ганцхан шалтгаан буруу бодлын урсгал гэж мэргэжлийн хүмүүс тодорхойлдог. Бодит байдлыг харж чадахгүй болдог. Тиймээс эцэг, эх нь түүнийг өөрчлөх хэрэгтэй. Чадахгүй бол мэргэжлийн хүнд хандах ёстой.

-Хайр дурлалаас болж амиа хорлох явдал их гардаг. Гэтэл ДЭМБ-аас дурлахыг өвчин гэж үзсэн байдаг байх шүү.

-Тийм ээ, дурлалыг нэг ёсондоо сэтгэл мэдрэлийн гаралтай өвчин гэж томьёолдог. Яагаад гэхээр дурласан байхад хүний сэтгэл санаа огцом өөрчлөгддөг. Нөгөө хүнээ маш их санаж, хүлээж, түүнгүйгээр ирээдүйгээ төсөөлж чаддагггүй. Амиа хорлолт нь гутрал, гадуурхал, хүчирхийлэл дарамт, шахалтаас болдог гэж ерөнхий боловсролын сургуульд явуулсан судалгаагаар тогтоогдсон байгаа. Ер нь олон улсын практикт иймэрхүү явдал их байдаг. Манайд бол харьцангуй гайгүй юм шиг санагддаг.

-Танд хандаж байгаа өсвөр насныхны дийлэнх нь ямар асуудалтай байдаг вэ?

-Иймэрхүү явдалтай холбогдолтой нэвтрүүлэг хийдэг болсноос хойш хүмүүс нэлээд ханддаг болсон. Хамгийн сүүлд гэхэд төрсөн ахынхаа дарамтнаас болж амиа хорлох үйлдлээ бодоод, төлөвлөөд, бүр шийдчихсэн, дотно харьцаатай хүндээ хэлчихсэн байсан тохиолдол ч бий. Хүүхдээ сайн анзаардаг эцэг, эхчүүд ирээд “Манай хүүхэд нэг л өөр болчихоод байна” гэдэг. Ер нь амиа хорлохоор шийдчихсэн хүүхэд шал өөр болчихдог. Харц нь тогтворгүй, нэг газраа тогтож сууж чадахгүй эсвэл нүд нь бүр сүүмийчихсэн байх жишээтэй. Өөрийгөө үнэлэх үнэлэмж тэг болсон тохиолдолд хүн ийм шийдвэр гаргадаг.

-Иймэрхүү байдалд орчихсон хүүхэдтэй сэтгэл судлаачид аль зэрэг удаан ажиллах шаардлагатай байдаг вэ?

-Нөхцөл байдлаасаа шалтгаална. Хэр зэрэг их дарамттай, хүчирхийлэлд өртсөн, буруу итгэл үнэмшилд өөрийгөө оруулсан зэргээс шалтгаалдаг. Бодит байдлыг хэлэхэд дороо ойлгодог хүүхэд ч бий. Сэтгэл зүйч бол тухайн хүний олж хараагүй гарцыг нь хэлж өгдөг. Надад хандаж байгаа хүмүүсийг харахад лам, бөөгөөр их явж, засал хийлгэлээ гэх юм. Орчин үеийн хүүхдүүд ийм юманд итгэхээ больсон. Сэтгэл зүйчид очихыг зөвшөөрдөг, өөрсдөө очих сонирхолтой болж.

Тиймэрхүү хүүхдийг дор нь өөрчилж болдог. Тиймээс эцэг, эхчүүд маш анхааралтай байх хэрэгтэй. Хүүхдээс тань хэвийн бус зан үйлдэл, аливаа эмгэг илрэх юм бол сэтгэл зүйчид хандах нь зүйтэй. Кибер ертөнцөд амьдраад, найз нөхөдгүй болоод, хоол идэж, унтахаа болиод, ядаргаанд ороод илт өөрчлөгдөөд ирэх юм бол заавал мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй.


Categories
мэдээ нийгэм

Хуурамч тос, тосолгооны материал худалдаж байсныг илрүүлжээ

НМХГ-аас Нийслэлийн нутаг дэвсгэрт шатах тослох материалын худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж иргэдэд хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр автомашины эд ангийн /хөдөлгүүр, хурдны хайрцаг бусад эд анги/ тос, тосолгооны материал хэрэглэгч, худалдан авагчдын мэдлэгийг дээшлүүлэх, чанаргүй бүтээгдэхүүн хэрэглэж эрсдэлд оруулахгүй байх зорилгоор зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэлээ.

Манай улсад ОХУ, БНСУ, Япон, БНХАУ, Герман, Австрали зэрэг улс орнуудаас импортоор оруулж ирсэн тос, тосолгооны материалыг автотээврийн хэрэгслүүд, хүнд машин механизмуудад өргөн хэрэглэж байна.

Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн болон хурдны хайрцагт зориулагдсан тос хамгийн өргөн хэрэглэгддэг ба эдгээр тоснуудыг зориулалтын агуулах, худалдааны төв, автозасварын газрууд, ШТС-ын дэргэдэх тос худалдаалах цэгүүд, зам дагуу байрласан жижиг худалдааны ТҮЦ-үүдээр худалдаалдаг.

Зам дагуу байрлалтай жижиг ТҮЦ-үүдээр лац нь хөдөлсөн, тосны шинжилгээний бичиггүй, хэрэглэх зааваргүй тос тосолгооны материалууд худалдаалагдаж байсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон байна. Тухайлбал, иргэн Н 1 литрийн савалгаатай Мобил нэрийн моторын тосны саванд хямд үнэтэй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй тосыг савлан Мобил тосны гэрээт борлуулалтын худалдааны төвд худалдаалагдаж байсан шинэ тостой сольж байгаад дэлгүүрийн хяналтын камерт бичигдэж үлдсэнийг хяналт шалгалтын явцад тус дэлгүүрийн ажилтнууд болон улсын байцаагч нар хамтран илрүүлжээ.

Дээрх сольсон тосыг гадуур гар дээрээс болон тос худалдаалах зөвшөөрөлгүй цэгүүдээр худалдаалж иргэдийг хууран мэхэлж хохироодог байсан нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон байна. Хуурамч байх магадлалтай тосыг лабораторийн шинжилгээнд оруулахад тосны зууралдах шинж шаардлага хангаагүй байна.

Иймд иргэд автомашины тос тосолгооны материал худалдан авахдаа дараах зүйлсийг анхаарч худалдан авалтаа хийхийг анхаарууллаа.

Тос худалдаж авахдаа тосны шинжилгээний бичиг, хэрэглэх заавар зэрэг холбогдох бичиг баримтуудыг шалгах

Худалдаж авах тос, тосолгооны материалын сав баглаа боодол, хаяг шошго, лац таглаа битүүмжийг сайтар шалгаж авах. Савны гадна талд үйлдвэрлэсэн он сар өдөр, хадгалах хугацаа, зориулалт, хэмжээ, тосны ангилал зэрэг мэдээллүүдийг бичсэн байдаг ба онгойлгох таг нь лацтай дотор талдаа уян давхар тагтай байдаг.

Савны шошго дээр тосны ангилал буюу Зунгалаг чанар-тосны хир өтгөн шингэн болохыг тодорхойлсон үсгэн тэмдэглэгээ байдаг. SAE ангилал нь тосыг ямар улиралд хэрэглэхийг тогтоодог. Жишээ нь: Өвлийн тос: SAE 0W, 5W, 10W, 15W, 20W, 25W Winter-Өвөл /W-Өвөл гэсэн үг/, Зуны тос: SAE 20, 30, 40, 50, 60. Summer-Зун, Бүх улирлын тос: SAE 5W/30, SAE 0W/40, SAE 10W/30 гэх мэт.

Автомашины хөдөлгүүр, хурдны хайрцагын тос солихдоо өөрийн тээврийн хэрэгслийн эд анги дээр тэмдэглэгдсэн тэмдэглэгээний дагуу тосны ангилал, маркийг сонгох нь зүйтэй. Ангилал таарахгүй тос хийж хэрэглэснээс болж автомашины хөдөлгүүр, хурдны хайрцаг, бусад эд ангиудад эвдрэл гэмтэл гарах магадлалтай байдаг байна.

Автомашины хөдөлгүүрийн тос солих хоолойн таган дээр тосны марк ангилалыг тэмдэглэсэн байдал зэргийг сайтар үзэж худалдан авалтаа хийхийг зөвлөлөө.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар албан ёсны хэлэлцээ хийв

Хэлэлцээний хүрээнд талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах асуудлаар голчлон санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д уул уурхайн бүтээгдэхүүн, төмрийн хүдэр, нүүрс, хөдөө аж ахуйн болон малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын эдийн засгийг сэргээхэд чухал байгааг тэмдэглэв.

Тавантолгойн ордод түшиглэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрснээс шингэн болон нийлэг хий гаргах иж бүрэн төсөлд хамтарч ажиллах, хилийн зарим боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж олон улсын статустай болгох, Хятад-Европыг холбосон нислэгт Монгол Улсын агаарын орон зайг ашиглах, агаарын хаалга шинээр нээх, дэд бүтэц, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтарч ажиллах чиглэлээр Ерөнхий сайд нар санал солилцлоо.

Түүнчлэн Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн цахилгаан станц барих төслийг даруй эхлүүлэх, “Хэрлэн говь” төслийг Хятадын талтай хамтран хэрэгжүүлэх, Замын-Үүд-Эрээн боомтын хамтын ажиллагааг өргөжүүлэх дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.

Ерөнхий сайд нар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төсөлд хамтран ажиллаж, туршлага солилцоё гэдэгт санал нэгдэв. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн мөнгөөр бус, сайн туршлагаасаа хуваалцаж, туслахад бэлэн байна гэлээ.

Талууд мөн уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг сааруулах зорилго бүхий Өмнөд-өмнөдийн хамтын ажиллагаа болон Хятадын “Өмнөд-өмнөдийн уур амьсгалын сан”-гийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Албан ёсны хэлэлцээний дараа:

1. “Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

2. Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

3. Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

4. Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр

5. Монгол Улсад шинжлэх ухааны парк, инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

6. “Мазаалай баавгайн амьдрах орчны нөхцөлийг сайжруулах” төслийг эхлүүлэх тухай солилцох захидал

7. “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг барих” төслийн хоёр сургууль, нэг цэцэрлэг барих тухай солилцох захидал

8. Монгол Улс, БНХАУ хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн талаар хамтарсан судалгаа эхлүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

9. Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яам хоорондын хөтөлбөр /2017-2020 он/

10.Залуу эрдэмтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, БНХАУ-ын Шинжлэх Ухаан, технологийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,

11.Махан бүтээгдэхүүнийг дамжуулан тээвэрлэх үеийн хорио цээр, хяналтын тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,

12.Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хооронд 2017 онд хамтран ажиллах төлөвлөгөө

13.БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөр бетон гүүр шинээр барих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр

14.БНХАУ-ын Засгийн газраас олгох 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр

15.Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын “Чайна Датанг” групп хамтран судалгаа хийх, хамтарч ажиллах тухай санамж бичиг

16.Монгол Улсын Өвөрхангай аймаг, Хятадын “Хай чуан” групп, Америкийн “Жарвес Монголиа” компани хооронд махны үйлдвэр байгуулах тухай санамж бичиг

17.“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК болон Өвөр Монголын Эрчим хүчний Олон улсын хамтын ажиллагааны компани хооронд байгуулах “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”

18./Энержи Ресурс ХХК-ийн толгой компани болох/ “Монголиан майнинг корпорэйшн” болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугатын гангийн үйлдвэр корпораци хоорондын хамтын ажиллагааны ерөнхий гэрээ

19.“Могул Пауэр” ХХК болон БНХАУ-ын Төрийн өмчит SPIC /State Power Investment Corporation/ Inner Mongolia Co.Ltd корпорацитай байгуулах харилцан ойлголцлын баримт бичиг

20.“Эрдэнэс стийл” ХК (Бэрэн компанитай хамтарсан) Хятадын Northern Heavy Industries Group Co.Ltd компанитай кокс гангийн үйлдвэрт хамтран ажиллах гэрээ

21.Монголын “Ганьт” групп “Жунмин Жуюой” технологийн компани хоорондын хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Жаргаагүй нар” амралтын өдөр дахин тоглогдоно

УДЭТ-ын уран бүтээлчид их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийг харуулсан “Жаргаагүй нар” эмгэнэлт драмын жүжгийг энэ сарын 14-нд тайзнаа тоглоно.

Үлгэр домог мэт амьдарч, бүтээсэн бүтээл, замнасан мөрөөрөө хүн зоны зүрх сэтгэлд “гэрэлт хөшөө” юугаа цогцлоон бүтээсэн энэ их хүн ахархан хийгээд ээдрээт амьдралдаа хичнээн ихийг бүтээн туурвиж, оюуны их сан хөмрөг, өвийг хойч үе ирээдүй цагт үлдээснийг энэхүү жүжиг харуулах юм.

Жүжгийн зохиолчоор Ш.Гүрбазар, найруулагчаар СТА Ч.Түвшин ажиллаж гол дүр Нацагдоржийг жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламыг жүжигчин Н.Баярмаа нар бүтээж олны хүртээл болгосон билээ.

Тасалбар нь 10-25 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд Юнителийн хэрэглэгчид 100gg ашиглаж 5000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

Тасалбарыг УДЭТ-ын касс, www.easyticket.mn, www.ticket.mn-ээс захиалахаас гадна 1900-1800 үнэгүй хүргэх юм.