Categories
мэдээ улс-төр

Намын бүлгүүд даваа гарагт хуралдана

УИХ-ын хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 15-нд намын бүлэг, ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын хуваарийг танилцуулж байна.

НЭГ: УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН: /05 дугаар сарын 15-ны Даваа гарагт/

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд.

ХОЁР: АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: /05 дугаар сарын 15-ны Даваа гарагт/

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;
  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
  • Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В” танхимд;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас 334 тоот өрөөнд;
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас 334 тоот өрөөнд;
  • Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуулийг шинэчилэн боловсруулах үүрэг бүхий Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 40 гаруй байгууллага, хамт олон мод тарилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Бүх нийтийн мод тарих үндэсний өдрөөр (2017.05.13) Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, “Мод тарьж, буян хураах энэ сайхан өдрийн мэндийг Цэцэрлэгт хүрээлэнд хуран цугласан Та бүхэнд өргөн дэвшүүлье. Анх 2010 онд Монгол Улсын төрийн тэргүүн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт зохион байгуулж байх талаар зарлиг гаргаж, энэ шийдвэр гарснаас хойш монголчууд бид бүхэн ажиллаж, амьдарч буй орчиндоо мод тарьж зүлэгжүүлэх, ногоон байгууламжийг бий болгож ирсэн уламжлалтай билээ. Мод тарих ажлыг хэрхэн санаачилж, уриалга гаргаж байсан талаар судлахад анх 1872 онд АНУ-ын Небраска мужид Бүх нийтээр мод тарих уриалгыг гаргаж байсан түүхтэй юм байна. Бүх нийтээр мод тарих уриалгыг гаргасан улс орнуудыг эрэмбэлэвэл Монгол Улс 33-т бичигдсэн байна. Мод тарина гэдэг бол байгаль дэлхийгээ баясгаж, амьдарч байгаа орчноо эрүүл сайхан агаартай, хүүхэд багачуудын тоглох таатай нөхцлийг бүрдүүлдэг буянтай үйлс юм. Сүүлийн 7 жилийн байдлаар дүгнэвэл Бүх нийтээр мод тарих аяны хүрээнд 10 сая орчим мод тарьсан статитистик тоон үзүүлэлттэй байна. Үнэхээр 10 сая орчим мод тарьж ургуулж чадсан бол маш том амжилт. Гэхдээ 10 сая орчим мод ургасан эсэхэд бид нарийвчилсан бүртгэл хийх ёстой. Төр, засгаас хөрөнгө зарцуулан мод тарьж, ногоон байгууламжийг бий болгохын зэрэгцээ модоо арчлах, хамгаалах тал дээр анхаарал тавьж ажиллах ёстой. Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж байгаа 40 гаруй байгууллагын хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Нээлтийн ажиллагааны дараа УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн гишүүд, Нийслэлийн удирдлагууд болон УИХ-ын Тамгын газрын ажилтнууд мод тарилаа.

Энэхүү өдөрлөгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Н.Цэрэнбат, Ц.Цогзолмаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон албаны бусад хүмүүс оролцсон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Categories
мэдээ нийгэм

ДОХ-той тэмцэхэд жилд 5 тэрбум төгрөг зарцуулдаг

“1000 цагаан нөмрөгтөн” чуулганы бүрэлдэхүүн хэсэг болгон зохион байгуулагдаж буй “ХДХВ, ДОХ, БЗДХ-ын асуудлаарх үндэсний VII чуулган”-нд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг үг хэллээ.

Тэрбээр хэлэхдээ, Улсын хэмжээнд ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх, эмчилгээ тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагаанд төр, иргэний нийгмийн хамтын оролцоог өргөжүүлэх зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж байгаа юм. Манай улс ХДХВ-ын тархалт багатай орны тоонд багтдаг хэдий ч, сүүлийн 5 жилд тууштай буурахгүй, нийт халдварт өвчний тогтмол 28-40 гаруй хувийг эзэлж байна. Бид үүнийг бууруулах үүднээс “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-доо тодорхой заалт оруулж, “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийг батлууллаа. ХДХВ/ДОХ-той тэмцэх үйл ажиллагаанд жилд дунджаар 5 орчим тэрбум төгрөгийг зарцуулдаг бөгөөд 56,6 хувийг улсын төсвөөс, 40,8 хувийг олон улсын байгууллагуудаас, 2,6 хувийг хувийн салбарын санхүүжилтээр шийдвэрлэж байна хэмээн онцоллоо.

Манай улсын нийт БЗДХ-ын өвчлөлийн 29,8 хувийг заг хүйтэн, 45 хувийг тэмбүү, 25 хувийг трихомониаз, 0,2 хувийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж байна. Чуулганд олон улсын байгууллага болон төрийн бус байгууллага, 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл 150 гаруй хүн оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас эхлэн ихэнх нутгаар хална

Ойрд сэрүүхэн байсан цаг агаар маргаашнаас эхлэн дулаарч өдөртөө 25 градус хүртэл халах төлөвтэй байна. Энэ сарын14-нөөс эхлэн ихэнх нутгаар өдөртөө хална.

Ирэх долоон хоногийн цаг агаарын мэдээ:

17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, 17-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дулаарч Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 19-24 градус, Орхон-Сэлэнгийн сав, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 17-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Categories
мэдээ улс-төр

Ван Ян Ерөнхий сайдыг хүндэтгэн зоог барив

БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, гэргий Д.Тунгалаг нарыг хүндэтгэн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ван Ян зоог барив. Зоогийн эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат айлчлал амжилттай болж буйг тэмдэглээд элэгсэг дотно хүлээн авч буй Хятадын Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлэв.

Зоогийн үеэр Монгол Улсын “Хөгжлийн зам” санаачилга, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой төслүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцож, Хятадын “Бүс ба Зам” санаачилга, 13-р таван жилийн төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн талаар ярилцав. Тухайлбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэр хийхэд бодитоор хөнгөлөлт үзүүлэх, Таван толгой, Шивээ Овоо, өмнөд чиглэлийн төмөр зам, гэр хорооллыг орон сууцжуулах, мах болон сүү, сүүн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд экспортлох зэрэг асуудлыг хэрэгжүүлэхэд Хятадын Засгийн газартай хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Зоогийн төгсгөлд талууд Монгол, Хятадын ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр улс, хоёр ард түмэнд ашиг тустай болохыг тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх бямба гаригт нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулна

Холбоотой Зураг

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу ”“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын сарын 20-нд болно. Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл а агаараармьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг 8 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

“Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул дээрх гудамж, авто замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 34 чиглэлийн 331 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт оруулж байна. Тодруулбал, хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилнэ.

Энхтайваны өргөн чөлөөний авто замын тодорхой хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд үйлчилгээ үзүүлэхгүй болохыг иргэдэд анхааруулж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөр болно

Цагдаагийн ерөнхий газраас “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” уриан дор Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийг 2017 оын 05-р сарын 17ны өдөр Их жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы уран бүтээлчдийн ном үзэсгэлэн яармагт дэлгэгдлээ

Хавар намартаа жилд хоёр удаа болдог номын баяр 21 дэх жилдээ Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Номын худалдааг зорих хүмүүсийн цуваа тасрахгүй байгаа бөгөөд урьд урьдын жилүүдээс хөл хөдөлгөөн ихтэй байна. Сүүлийн үед хамгийн их эрэлттэй байгаа номын зохиогчидтой энэ л өдөр уулзан гарын үсэг, тамгатай номыг нь авах ховорхон боломж тохиож байна.

Энэ удаагийн яармагт хамгийн эрэлттэй байгаа номнууд нь хуучин номнууд байна. Эрж сураад олддоггүй хуучны ховор номнуудыг хүмүүс хайж сураглаж байгаад олж авч байгаа нь содон харагдаж байлаа. “Өдрийн сонин”-ы уран бүтээлчид уламжлал ёсоор энэ хаврын номын баярт оролцож байна.

Манай сонины эрхлэгч Ж.Мягмарсүрэнгийн амьтдын тухай сонирхолтой хүүрнэсэн “Барын зулзага бамбар” өгүүллэгийн ном, Төрийн шагналт Б.Цэнддоогийн шилдэг нийтлэлүүдийн ном, СГЗ Жамъяан гуайн “Сөрж сөхөрч туулсан хорвоо”, Болор цомын эзэн Норовын Гантулгын “Бөхөн шарын тэмдэглэл” ярилцлага, аян замын тэмдэглэлийн ном болон нээлтээ хийгээд удаагүй байгаа “Сэтгэлгээний шилэн хананд” яруу найргийн номууд нь үзэсгэлэнд оролцож байна.

Мөн Очирбатын Дашбалбар яруу найрагчийн 60 насны ойд зориулан хүүхдүүдийнх нь эмхэтгэн гаргасан “Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ” шинэхэн ном, ярилцлагын хатан хаан хэмээн нэрлэгддэг сэтгүүлч Б.Ганчимэгийн “Аав бид хоёр” дурсамж, тэмдэглэлийн ном, Ж.Гангаагийн “Цагаан гэгээ” нийтлэлийн ном, сэтгүүлч, яруу найрагч Л.Батцэнгэлийн шүлгийн түүвэр, залуу сэтгүүлч Э.Энхболд, Д. Гансаруул, О.Өнөрцэцэг нарын яруу найраг, өгүүллэгийн номуудыг “Өдрийн сонин” асраар зочлон худалдан аваарай.


О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Гэр хороолол бие даасан инженерийн дэд бүтэцтэй болно

Нийслэлийн Засаг дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж буй Сэлбэ коллекторын явц, Гэр хорооллын бие даасан дэд бүтцийн төв /Сервис центр/-ийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлсэн үгэндээ “Хотын өмнө тулгамдаж буй гол асуудлын нэг бол иргэдийг орон сууцжуулах ажил юм. Нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд өндөр давхрын орон сууц барьж, иргэдийн газрыг орон сууцаар солих хөдөлгөөн 28 байршилд эхлээд явж байна. Цаашид энэ ажлыг үргэлжлүүлэн 76 байршил болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Мөн “Сервис центр” буюу үйлчилгээний төв бүхий “Орон сууцны бичил хороолол”-ууд байгуулна. Энэ нь өөрөө иргэдийн газрыг авахгүйгээр Нийслэлийн төсвөөс иргэдэд дэд бүтцийн тал дээр дэмжлэг үзүүлнэ.

Энэ ажлыг хэрэгжүүлэхэд хамгийн гол нь иргэдийн оролцоо чухал байна. Төслийн давуу тал нь иргэд өөрсдийн газар дээрээ зохион байгуулалт хийх юм. Анхны төсөл энэ зунаас хэрэгжиж эхэлнэ” хэмээлээ. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд ил задгай жорлонтой, бохир ус, хог хаягдлаа жалганд асгадаг байдлаасаа татгалзан байгаль экологид хор нөлөөгүй сууцанд амьдрах, гадаргын усыг хуримтлуулан цэвэршүүлж, ахуйн хэрэглээнд ашиглан гүний цэвэр усаа хэмнэх боломж бүрдэх юм байна. Түүнчлэн “Орон сууцны бичил хороолол” байгуулснаар Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалж, бохирдох эрсдэлийг бууруулах төдийгүй агаар, хөрс, усны бохирдол үүсгэгч эх үүсвэрүүдийг арилгаснаар халдварт өвчлөл бодитойгоор буурна гэж тооцжээ. Мөн газрын үнэ өсч, жижиг дунд бизнес эрхлэх боломж бүрдэн, иргэдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өсөх зэргээр олон эерэг үзүүлэлт гарна гэдгийг тус төвийнхөн танилцуулж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр зурган илэрцүүд

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны хаврын бүх нийтээр мод тарих өдрийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 11:00 цагаас нээлт нь болов.

Энэ өдөр уламжлал ёсоор дүүрэг бүр мод, сөөг тарих газруудыг сонгож бэлтгэн, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, дүүрэг, хороод, аж ахуйн нэгж байгууллага, айл өрх, иргэд өргөнөөр оролцох юм. Энэхүү үйл ажиллагааг улсын хэмжээнд 14 удаа зохион байгуулж, 10,1 сая мод тарьжээ. Мод тарих өдрийн бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Байгаль орчны газар, Ойн судалгаа хөгжлийн төв, Ногоон хэрэм төслөөс “Тарьц суулгац-2017” үзэсгэлэн, дүүрэг бүрийн төлөөлөл 400 гаруй иргэдийг хамарсан сургалт зохион байгуулж, мод тарих арга зүйг үзүүлсэн видео хичээл бэлтгээд байгаа аж. Бүх нийтээр мод тарих өдрийн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцохыг нийслэлийн Байгаль орчны газраас уриалж байна.