Шинжлэх ухаан техникийн их сургуулийн хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн математикийн багш, доктор Төмөрөөгийн Батзултай ярилцлаа.
-Таны төрж өссөн нутаг уснаас тань яриагаа эхэлье?
-Би Ховд аймгийн төвд буюу одоогийнхоор Ховд Аймгийн Жаргалант суманд төрсөн хүн. Хүүхэд ахуй насандаа аймгийн төвөөр урсдаг тунгалаг Буянт голынхоо хөвөөнд үеийн багачуудтайгаа наадан тоглож өссөн маань одоо хүртэл сэтгэлд тодхон үлджээ. Аравдугаар анги дүүргэж оюутан болохоос өмнө аймгийнхаа ганц хоёр суманд очсоныг эс тооцвол бараг л аймгийн төвд эцэг эх, эмээ, дүү нартайгаа хамт байсан. Миний аав Ж.Төмөрөө Ховд аймгийн нисэх буудалд 2006 он хүртэл ажилласан, ээж Б.Батчулуун худалдааны байгууллагад ажиллаж байсан улсууд, одоо аав ээж хоёр маань Ховд аймагт амьдардаг.
-Сурагч ахуй насныхаа тухайд дурсахгүй юу?
-1979 он хүртэл аймгийн төвийн баруун хэсэгт Ховд аймгийн Буянт сумын захиргаа болон бага сургууль гэж байлаа. Тэр үед миний эмээ М.Балжир энэ сургуульд цэвэрлэгчээр ажилладаг, ээж маань Буянт сумын дэлгүүрт худалдагчаар ажилладаг байв. Анх 1978 онд хичээлийн шинэ жилийн анхны өдөр эмээ маань Буянт сумын бага сургуульд намайг дагуулан очиж нэгдүгээр ангид хөтлөн оруулж байсан юм. 1979 оноос буюу хоёрдугаар ангиасаа эхлэн аравдугаар анги төгстөл Ховд аймгийн 10 жилийн нэгдүгээр дунд сургуульд суралцсан даа.Наймаас аравдугаар ангидаа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид суралцаж төгссөн. Арван жилд байхад манай ангийн хөвгүүдийн ихэнх нь хөлбөмбөг сонирхдог, тоглодог байлаа. Улмаар аравдугаар ангиа онц дүнтэй төгсөж, 1988 онд Монгол Улсын Их Сургуулийн математикийн ангид элсэн орж суралцаад 1993 онд төгссөж, 2000-2003 онд их сургуулийн докторантурыг сурч төгссөн хүн.
-Анхны А үсэг заасан багш болоод их сургуулийнхаа багш нарын тухайд яривал?
-1978 онд анх нэгдүгээр ангид орж байхад Баасандорж гээд, хүүхдэд их хайртай багш гардан авч байлаа. Тухайн үед надад олон сайхан эрдэмтэй багш нар хичээл заадаг байснаас физикийн багш Б.Гантулга, Д.Борхүү, Ш.Харашаш, орос хэлний багш Ж.Энхтал, монгол хэлний багш Ц.Алтанцэцэг, биологийн багш Д. Даваахүү, химийн багш Ц.Энхжаргал, математикийн багш Г.Сонин нарын ахмад багш нар маань одоо хүртэл төрөлх сургуульдаа багшилсаар байгаа билээ. Оюутан байх үед А.Мекей, Л.Хадхүү, Ц.Лхамсүрэн, В.Адъяасүрэн, Ц.Дашдорж, Ц.Баясгалан, Р.Энхбат, Ц.Хашбаатар, .Лхагва, Б.Батцэнгэл, С.Батсүрэн, С.Төмөрбат, С.Ганбаатар, А.Галтбаяр, А.Булган, Ц.Далайжамц, Д.Гармаа, О.Цэрэнбат, Өвгөн зэрэг нэр хүндтэй эрдэмтэн доктор багш нараар математикийн хичээл заалгаж байснаараа бахархмаар санагддаг. Миний докторын ажлын удирдагч А.Мекей багш маань Монголдоо төдийгүй дэлхийд танигдсан нэрт математикч эрдэмтэн багш байсан юм.
-Ажил амьдралын гараагаа хэрхэн эхэлж байсан бэ?
-1993 онд их сургуулиа төгсөөд Монгол Улсын их сургуулийн салбар сургууль болох Ховдын их сургуульд математикийн багшаар томилогдон багшлах ажлын анхны гараагаа эхэлж байсан. Анх ажлын гараагаа эхэлж байх үед Ховдын их сургуулийн багш Б.Цэрэнжав, С.Шийдэв, Ц.Равданжамц зэрэг багш нар тусалж дэмжиж байсанд одоо хүртэл талархаж явдаг. Тэр сургуульдаа би арвангурван жилийн турш математикийн багшаар ажилласан даа. Улмаар 2006-2009 онуудад Дарханы техникийн коллеж, Эрдэнэтийн техникийн их сургуулийн дэд захирал, ахлах багш зэрэг ажлуудыг хийж байгаад 2009 оноос Шинжлэх ухаан технологийн их сургуулийн математикийн багшаар ажиллаж байна. Одоогоос 14 жилийн өмнө “Стандарт бус бодит тоон талбарын зарим чанарууд” сэдвээр математикийн ухаанаар боловсролын докторын зэрэг хамгаалж байлаа.
-Багш хүний сайхан нь юу вэ. Ер нь та багш болно гэж бодож байв уу?
-Анх дунд сургуульд байхдаа математикч эсвэл физикч болохыг их хүсдэг сурагч байв. Их сургуулийн матматикийн ангид элсэн орсноор миний хувьд математикч, математикийн багш болох хүсэл маань биелсэн юм даа. Би их дээд сургуульд олон жил багшилсны хувьд оюутан бүхэн бүтээлч сэтгэлгээтэй судлаач болоосой гэж хүсдэг. Хэрэв би математикч эсвэл физикч болоогүй бол байгаль орчин юм уу, газарзүйн чиглэлийн хүн болох байсан болов уу гэж санагддаг. Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан албыг багш хүнд заяажээ гэсэн энэ алдарт үг миний хувьд мэргэжлийн минь бахархал юм. Хүн амьдралынхаа турш суралцдаг гэдэг. Тэгвэл багш хүн амьдралынхаа турш шавь нартаа хичээл заана гэдэг нэгэн ёсны их бахархал гэж би боддог. Тухайлбал, багш хүний хичээл заалгаж байсан шавь багшийгаа ямар ч үед багш аа, сайн уу хэмээн хүндэлдэг бол том дарга байсан хүний удирдлаган дор байсан хүмүүс тэр хүнийг дандаа дарга хэмээн дуудахгүй шүү дээ. Энэ бол багш хүний жинхэнэ бахархал гэж хэлж болно.
-Математикийг бүх шинжлэх ухааны хаан гэдэг. Мэргэжлийнхээ онцлог, давуу талыг дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Үнэхээр математикийн судалгаа хийгдээгүй байгаль техникийн ухааны салбар гэж үгүй юм. Инженер хүн ямар нэгэн техникийн судалгаа хийх, ядаж тухайн салбартаа ашиглагдах инженерийн нэр томьёог ойлгоход математик хэрэгтэй байдаг бол байгалийн ухааны физик, хими, биологи, газарзүй зэрэг салбарууд математикийн шинжлэх ухаангүйгээр хүний ой тоонд буухгүй шүү дээ. Санхүү эдийн засаг, компьтерийн ухаан гээд ер нь бүхий л салбарт математикийн шинжлэх ухаан өргөн ашиглагддаг. Эдгээр салбаруудад ажилладаг хамгийн шилдэг мэргэжилтнүүд нь үнэн хэрэгтээ хамгийн сайн математикчид байдаг юм. Орчин цагийн шинжлэх ухааныг судлахад математикийн гүйцэтгэх үүрэг их. Улс орноо хөгжүүлье, эх орноо түүхий эд нийлүүлэгч бус харин үйлдвэрлэгч баялаг бүтэгч улс болгоё гэвэл инженер, технологийн чиглэлийг илүү хөгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл энэ чиглэлийг хөгжүүлэхийн тулд математикийн сургалтыг эрс сайжруулах нь зүй ёсны шаардлага юм. Нөгөө талаас математик гэдэг бол сэтгэлгээний гайхамшиг сэтгэлгээний гоо зүй гэдгийг хүн болгон мэдэж байх учиртай.
-Бидний амьдралд математик яг ямар ашиг тустай вэ. Тодорхой тайлбарлаж болох уу?
-Манай улсын хөгжилд ялангуяа баялаг бүтээгч улс болоход инженер технологийн чиглэл тэргүүлэх үүрэгтэй гэдгийг дахиад хэлье. Тэгвэл математикийн хичээлдээ сайн хүн л хамгийн сайн инженер, менежер болно. Тухайлбал, математик мэдэхгүй сайн эдийн засагч болно гэдэг амьдрал дээр бараг боломжгүй зүйл шүү дээ. Зарим хүмүүс математикаар яах юм бэ, хэн тэр тоог боддог юм эсвэл математикийг би амьдралдаа хэрэглэхгүйгээр сайхан амьдарч байна гэх мэтээр боддог. Үнэндээ бол математикаар байнга хичээллэдэг хүмүүс эсвэл түүнийг байнга ашигладаг инженер техникийн ажилчдын сэтгэлгээ нь бусад хүмүүсийг бодвол арай илүү тооцоотой юм уу гэж би ойлгодог. Тэр ч утгаараа өөрийнхөө амьдралыг хэрхэн зөв авч явах ухаанаа олдог юм болов уу.
-Тооны хичээл их хэцүү гэж зарим оюутан сурагчид шантардаг. Математикийн хичээлдээ сайн байхын тулд анхнаасаа яах ёстой юм бол?
-Ирээдүйд таны амьдралд математик ямар үүрэгтэй вэ гэдгийг эхлээд сайн ухамсарлах хэрэгтэй, бас эзэмшиж буй мэргэжилд нь математикийн хичээл хичнээн чухал үүрэгтэй вэ гэдгийг сайн ойлговол энэ хичээлийг сурах бэрхшээл багасна. Бодож чадахгүй бодлого, ойлгоогүй томьёогоо багшаасаа, найзаасаа ичиж зоволгүй шууд асууж байх нь их чухал л даа. Ер нь математикийн хичээлд сайн байхын тулд би яагаад ч энэ тоог бодож чадахгүй гэсэн хулчгар зангаасаа хамгийн түрүүнд салах хэрэгтэй. Нэг л удаа би энэ тоог, бодлогыг бодож чадахгүй гээд сэтгэвэл тэр хүнд математикийн хичээл хүнд л санагдана. Тэгвэл эрдэм сурахад оройтохгүй гэдэгтэй адил тооны хичээлийг ойлгоход ч хичээл зүтгэл итгэл байвал хэзээ ч оройтдоггүй юм. Үүнийг манай зарим математикч эрдэмтдийн түүх нотолдог.
-Өөрийнхөө болоод шавь нарынхаа гаргасан амжилтаас дурдахгүй юу?
-Би стандарт бус анализ, дифференциал тэгшитгэл, тодорхой бус олонлогийн чиглэлээр математикийн онолын судалгаа хийдэг хүн. Одоогийн байдлаар 26 өгүүллийг гадаад дотоодын мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлсэн байх юм. Мөн 10 орчим олон улсын их хуралд математикийн мэргэжлийн чиглэлээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн гээд өдий хүртэл гаргасан амжилтууд их бий. Миний хичээл заасан шавь нараас Т.Гансүх, Ц.Дашдэмбэрэл, М.Итгэл, Т.Цэвээнгэрэл, М.Мөнхтуул, Б.Алтангэрэл, Т.Ганзориг зэрэг нэлээд олон шавь маань их дээд сургуульд багшилж байна. Эдгээр шавь нараас зарим нь дифференциал тэгшитгэл, алгебр, криптографи зэрэг чиглэлээр онолын судалгаа хийж олон улсын хуралд илтгэл тавьж, гадаад дотоодын математикийн мэргэжлийн сэтгүүлд ажлаа нийтлүүлсэн байдагт нь би их бахархдаг.
-Урлаг соёл, спортын хүмүүс хэдийгээр эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгаж яваа ч гэсэн, улсын хөгжилд төдийлөн нэмэр болдоггүй ээ хэмээн олон түмэн ярьдаг. Харин манай улсын хөгжлийг эрдэмтэд, баялаг бүтээгчид авч явна гэж та хэлж байна?
-Нэг талаасаа үнэн боловч урлаг соёл нь Монголын ард түмний үнэт баялаг юм. Монгол Улсын хөгжил дэвшил, үйлдвэрлэлд эрдэмтэд, баялаг бүтээгчид чухал үүрэгтэй гэдэгт хэн ч маргахгүй гэдэгт би санал нэгтэй байна. Ядаж л бид бусдаас эд материал гуйлгүй, дотоодынхоо үйлдвэрүүдийг улам хөгжүүлж, нөөц бололцоогоо өөрсдөө ашиглаж сурмаар байх юм. Чанартай хувцас, гутлаас эхлээд мал аж ахуйгаа өргөн хүрээнд дотооддоо чанартай боловсруулж, өөрсдийн хэрэгцээгээ хангах шаардлагатай юм шүү дээ.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Миний амьдралд их олон зорилго, мөрөөдөл бий. Эрдэмтэн хүний хувьд цаашдаа судалгааны ажилдаа амжилт гаргах, өөрийн судалгааны үндсэн чиглэл болох стандарт бус анализын чиглэлээр нэг сайн математикч шавьтай болох зорилготой. Мэдээж хэрэг түмний хүүхдүүдэд хичээл зааж байгаагийн хувьд сурагч бүрт хичээлээ ойлгомжтой тайлбарлаж, энэхүү аугаа шинжлэх ухаанд суралцуулах, дурлуулахыг эрмэлздэг, үүний төлөө зүтгэж явдаг.