Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Хятадын төв телевизэд ярилцлага өгчээ

Монголын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат саяхан Бээжинд болсон “Бүс ба зам”олон улсын хамтын ажиллагааны форумын үеэр Хятадын төв телевиз болох CCTV-д ярилцлага өглөө. Тэрбээр дэлхийн улс төр, эдийн засгийн өнөөгийн байдалд “Бүс ба зам” санаачилга нь маш гүн гүнзгий ач холбогдолтой гэдгийг дурдлаа.

Монголын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ, олон улсын улс төр, эдийн засгийн байдал хөгжил, өөрчлөлтийн үедээ ороод байна, энэ нь бидний хамтдаа хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн зорилтод асар том сорилт болж байна.

Дэлхий даяар улс төр, эдийн засгийн маш хүнд нөхцөлтэй тулгарч байна, ийм нөхцөлд БНХАУ-ын дарга Си Жиньпин ”Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлэн тавьсан ба энэ нь улс орнуудын харилцан ашигтай, хамтран хожих, хамтдаа хөгжин дэвжихэд чухал нөлөөтэй юм.

Хятад улсын анх удаа санаачилсан “Бүс ба зам”олон улсын хамтын ажиллагааны форумын үеэр 29 орны төр засгийн тэргүүн нар нэг дор цугларсны дээр НҮБ, Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын байгууллагууд идэвхтэй оролцлоо. Ингэснээр “Бүс ба зам” санаачилга нь олон улсын маш чухал үйл хэрэг , дэлхийн хөгжлийн бэлгэ тэмдэг болж, дэлхийн бүх хүмүүст үр өгөөжөө түгээж байгааг харуулж байна.

Монголын Ерөнхий сайд цааш нь хэлэхдээ “Хятад улсын дарга Си Жинпин дарга “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг олон орон оролцсон найрал дуу хэмээн тодорхойлсон. Энэ утгаараа Монгол Улс ч гэсэн мөн адил өөрийн үндэсний зэмсэг /өөрийн хөгжлийн онцлогийг харгалзан/ болох “Хөгжлийн зам”-ыг дэвшүүлсэн” гэлээ.

Монгол Улс ч мөн адил энэхүү найрал дуунд өөрийн гэсэн дуу хоолойг гаргах болно. “Бүс ба зам” санаачилга нь бүх улс орнуудад харилцан зөвлөлдөх явцад яриа өрнүүлэх боломжийг олгож байгаа ба энэхүү яриа хэлэлцээ нь зөвхөн нэг бүс нутгаар хязгаарлагдахгүй харин бүхэл бүтэн дэлхий нийтийг хамрах болно. Иймээс дэлхийн бүх улс орны ард түмэн уг санаачилгыг дэмжиж, “Бүс ба зам” санаачилгын үр өгөөжийг хүртэхийг хүлээж байна. “Бүс ба зам” санаачилгын бүтээн байгуулалтын явцад хамтын ажиллагаа нь өгөөжөө өгч, хөгжлийн зорилтоо биелүүлэхэд бидэнд тус дөхөм болно гэж найдаж байна.

Categories
мэдээ спорт

Какүрюү М.Ананд нацү башёг өнжихөөр болов

Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын Нацү башёгийн эхний дөрвөн өдрийн барилдааны гуравт нь унасан Их аварга Какүрюү М.Ананд энэ удаагийн башёг өнжихөөр болжээ.

Токио хотноо амжилттай үргэлжилж байгаа Нацү башёд хоёр унаатай болсон Их аварга Кисеносатогийн гэмтэл нь сэдэрсэн гэх шалтгаанаар өнжих магадлалтай байна. Нацү башёг Их аварга Хакүхо, Харумафүжи, сэкиваке Такаясу нар дөрвөн даваатай тэргүүлж байна. Өнөөдөр Их аварга Кисеносато, Чиёошома-тай барилдана. Манай бөхчүүдийн өнөөдрийн оноолт: Хакүхо М.Даваажаргал – Митакеуми

Харумафүжи Д.Бямбадорж – Дайейшо

Какүрюү М.Ананд – Окиноуми

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ – Котошёогикү

Тамаваши Б.Мөнх-Оргил – Ёшиказе

Такайнова Э.Баасандорж – Шохозан

Ичиножё А.Ичинноров – Кагаяаки

Араваши Э.Дөлгөөн-Ишиура

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү: Эх орноосоо урвахгүйгээр тагнуулын ажиллагаа хийж болно гэсэн заалтыг яагаад яаран оруулж ирэв ээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Өмнөх парламентын үед энэхүү хуульд өөрчлөлт оруулж прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгасан юм. Энэ удаад уг албыг сэргээх шаардлагатай эсэхийг хэлэлцэж байна. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээн байгуулах санал дэмжигдсэн юм. Гэвч Хууль зүйн байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр гишүүд санал гаргаж гуравны хоёрын дэмжлэгтээгээр прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба байх шаардлагаггүй гэсэн саналын томъёолол бэлтгэжээ.

Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:Эрүүгийн байцаан шийтгэх хууль орж ирж байхад хэргийн харьяалал дурдагдаж байна. Эх орноосоо урвахгүйгээр тагнуулын ажиллагаа хийж болно гэх мэт олон заалт орж ирсэн. Үүнийг яагаад ингэж яаран оруулж ирж байгаа юм бэ. Шүүхийн шийдвэр эцсийнх байх ёстой гэж заажээ. Гэтэл хоёр гурван жилийн дараа дахиж сөхвөл яах вэ. Дайны үед эх орноосоо урваж болно, бусад үед урваж болно гэж байна. Урвагчдыг өөхшүүлэхээ болиоч ээ. Эх орноосоо урвах гэдэг бол тусдаа бие даасан зүйл анги. Гэтэл үүнийг яах гэж оруулж ирсэн юм бэ

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:О.Баасанхүү гишүүний хууль санаачлах эрхийг бид хаагаагүй. Хоёр жил унтаж байгаад босч ирсэн юм уу хаашаа юм бэ. Өөрийнхөөрөө, ганцаараа хуулийг тайлбарлаад байх юм. Ард иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн буруу юм ярихаа болиоч ээ. Хөнгөн хэргүүд дээр одоогийн хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг зааж өгсөн байгаа. Гишүүнд нэг ярьсан юмаа өдөр бүр 10-15 удаа давтаж хэлмээргүй байна. Та өөрөө жинхэнэ экстермист үйл ажиллагаа явуулж байна шүү.

Чуулганы үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

С.Жавхлан гишүүн УИХ-д даргад шаардлага хүргүүлнэ гэв

УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлсэн юм байна. Шаардлагын хариуг дөрөвдүгээр сарын 25-ны дотор өгөхгүй бол Байнгын хороо болон чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ илэрхийлжээ.

Уг шаардлагадаа “УИХ-д олонхийн суудал бүхий танай намд доорх дурдсан шаардлагуудыг хүргүүлж байна. Хилийн чандад данстай гишүүдийнхээ нэрсийг санаачлагчтай ил тод зарлах, Их хурлын гишүүнээс татуулах, хилийн чандад данстай төрийн өндөр албан тушаалтай гишүүдийн нэрсийг зарлан, албан тушаалаас нь буулгах, намын гишүүдийнхээ хилийн чандад байгаа мөнгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн нэрс тодрохоос өмнө гаргах, эрх баригч намын хувьд татварын асуудлыг эргэн харж, гаргасан буруу шийдвэрийнхээ төлөө нийт түмэн олноос уучлал гуйх ёстой” хэмээжээ.

Хэвлэлийн хурлын үеэр С.Жавхлан гишүүн хэлэхдээ “Олонхийн саналыг авч, хэнээс ч юунаас ч айлгүй санал бодлоо хэлж байна. Гэтэл намайг нохой хуцсан чинээ тоохгүй байна. Хүний олон хүнээ барьдаггүй гэдэг, гэтэл барьдаг болчихсон цаг болж. Түмэн олныхоо төлөө нэг ч шийдвэр гаргаддаггүй төрд байх нь зөв ч юм уу буруу ч юм уу’’ хэмээн юм. Мөн түүнчлэн “Намайг тэмцэл хийж, хурал тасаллаа гэж байна. Энэ талаар тайлбарлахаар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байна. Өмнө нь УИХ-ын даргад хүргүүлсэн шаардлагыг дахин сануулах үүднээс дахин УИХ-ын даргад шаардлага өгч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга, Хувьсгалт намын дарга нарт түрүүчийн шаардлагатайгаа хавсарган шаардлага хүргүүлж байна.

Хилийн чандад мөнгөө нуусан хүн л ялдаг юм байна. Үнэн худалд ялагддаг юм байна. Монгол түмний заяа буян хаяж, сэтгэл нь харалган болбол сайхан зүйл болоод ч яах билээ. Завсарлага ч авах эрхгүй, Засалт ч байх эрхгүй болчихлоо би. Намайг байхгүй үед энд сайхан байдаг юм шиг байна. Дэнжийн мянгын Дорж, Долгорын амьдралд нөлөөлөх хууль гарахгүй байна. Эрх баригчид өөрсдийн бузар булайг халхалсан хууль хийж байна. Би энд байгаад буулгалаа, ялагдлаа, гуниглалаа, гутарлаа. ТҮЦ-ийн асуудал нийгэмд асуудал дагуулж байхад тэдний төлөө юу ч дугараагүй хэр нь оффшорчдоо хамгаалсан хууль баталж байна. Би тойрогтоо юм тарааж, ганц зам барих гэж гишүүн болоогүй” гэсэн юм.

Миний шаардлагад залруулга хийж өгнө үү хэмээн хүсэж байна. Энэ бүхэн шийдэгдэхгүй бол дараа долоо хоногт дахин мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатар: Нийт ард түмнийхээ эрх ашгийн төлөө зүтгэнэ

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг нэр дэвшүүлэх болсонтой холбогдуулан тус намаас хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн хурлын үеэр нэр дэвшигч С.Ганбаатар хэлэхдээ: Дөрвөн асуудлын талаар би хариулт өгөх гэсэн юм. Нэгдүгээрт, Ерөнхийлөгч бол нам биш ард түмнийг төлөөлж сонгогддог. Би 2016 онд нам бусаар УИХ-д дэвшиж байсан. Энэ намын үзэл суртал бол зүүн төв буюу жирийн ард иргэдийн эрх ашгийг төлөөлдөг. Хоёрдугаарт, миний боловсролын асуудал яригдаж байна. Оюутолгой дээр мэтгэлцсэн хүн С.Баярцогт өндөр боловсролтой хүн. Одоо тэгвэл бид хоёрын хэн нь өндөр боловсролтой байгааг цаг хугацаа харуулж байгаа байх. Гуравдугаарт, О.Баасанхүү гишүүн намайг дэмжиж байгаа эсэх талаар хүмүүс их сонирхож байна. Өнгөрсөн хугацаанд би түүнтэй хамт зовлон жаргалаа нэгтгэж, хамтдаа зүтгэж явсан болохоор итгэж байна. Одоо түүнээс очоод асуусан ч болно. Тэр намайг дэмжиж байгаа.

Надад Монголыг аврах төлөвлөгөө байгаа. Би Н.Энхбаярыг тууштай дэмжиж сонгуульд оролцоно гэдгээ саяхан болтол илэрхийлж байсан. Өмнө нь намайг дэвших үү гэж О.Баасанхүү гишүүн асуухад “Дэвшихгүй” гэж хариулж байсан. Гэхдээ Бага чуулганаар ингэж шийдсэн учир нийт ард түмнийхээ эрх ашгийн төлөө би зүтгэнэ ээ.

Мөн МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Оюунбаатар: Манай С.Ганбаатар бол эгэл бор амьдралаас гарч ирсэн. Багадаа ээж нь нас барж олон дүү нараа гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн. Гадаадад хар бор ажил хийж, Монголд боловсрол эзэмшсэн. Боловсрол бол эцэг өвгөдөөс дамжсан цогц асуудал байдаг. Ганц дипломны асуудал биш шүү. 300 тэрбум ам.долларын баялагтай эх оронд төрчихөөд ядуу зүдүү амьдарч байгаа нь бидний буруу биш. Энэ бол МАНАН бүлэглэлийн буруу. Тиймээс бид түүнийг ард түмнийхээ төлөө ачаа үүрч чадна гэж бодож дэвшүүлж байгаа юм.

Энэ үеэр “О.Баасанхүү гишүүн намаасаа гарвал МАХН сонгуульд оролцох эрх байгаа юу” гэсэн сэтгүүлчийн асуултад тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан “Сонгуулийн үр дүнгээр энэ асуудал шийдэгддэг. Манай нам сонгуулиар суудал авсан нь үнэн. Тийм учраас бидэнд хүнээ дэвшүүлэх эрх хэвээр хадгалагдана. Бид энэ сонгуульд ялсны дараа О.Баасанхүү гишүүн хамтдаа баяраа тэмдэглэнэ гэдэгт итгэж байна” хэмээн хариулсан юм.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Зайсангийн амны автомашины зогсоолыг наадмаас өмнө тохижуулж дуусгана

Богдхан уулын дархан цаазат газарт нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 маршрут байдаг.

Эдгээрээс хамгийн том нь Зайсан-Дугуй цагаан-Баруун ширээт явган аяллын маршрут юм. Энэ чиглэлд амралтын өдрүүдээр л гэхэд 4000-5000 иргэн ирдэг бөгөөд түүнийг дагаж 300-450 автомашины бөөгнөрөл Зайсангийн аманд үүсдэг байна.

Түүнээс гадна зохион байгуулалт, дэд бүтэцгүйгээс болж хог хаягдал маш их байдаг хэмээн уугуул иргэд болон тэнд аялж, зугаалж, явган аялал хийдэг хүмүүс багагүй гомдол ирүүлдэг аж.

Иймд энэ хүндрэлийг арилгах зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох бусад байгууллагатай хамтран Зайсангийн аманд явган аяллын замын эхэнд 12620.3 м² /1.2 га/ газарт авто зогсоолын цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.

Мөн Нийслэлийн авто замын хөгжлийн газраас уг авто зогсоолын цогцолборт зориулж 3 тэрбум орчим төгрөгийн төсвийг ИТХ-аараа батлуулаад байна.

Нийтдээ 264 автомашины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоол зэргийг бий болгох юм.

Авто зогсоолын цогцолборын газрын асуудлыг тус дархан цаазат газарт газар ашиглагч байгууллагуудаас 1.18 га газрыг чөлөөлөх замаар шийдвэрлэх аж.

Энэхүү авто зогсоолын цогцолборыг байгуулснаар Зайсангийн амны орчимд нийслэлийн иргэдийн тав тухтай аялах орчин бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хог хаягдал, хөрсний бохирдлын менежментийг сайжруулах боломжтой болно гэж мэргэжлийн байгууллага үзэж байна.

Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу хугацааны хувьд баяр наадмаас өмнө энэ ажил дуусах аж.

Categories
мэдээ нийгэм

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар газрын зөрчил арилгах болон гудамж зам талбайн нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын явцыг танилцуулсан. Танилцуулгын дараа хотын дарга С.Батболд газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгохын сацуу газар чөлөөлөх ажлыг дэмжсэн иргэд, аж ахуйн нэгж болон сошиалаар идэвхтэй жиргэсэн иргэддээ баярлалаа гэж хэллээ.

Явган хүний болон автомашины зам хаасан хаалт, хашаа, бусад төрлийн обьектын 129 байршлын судалгааг холбогдох байгууллагууд гаргаад байгаа аж. Эдгээр зөрчилтэй газруудад мэдэгдэл хүргүүлж, газар чөлөөлөх ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байгаагаас энэ сарын 15-ны байдлаар 37 байршлын 46 обьектыг чөлөөлж, орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг нээгээд байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Солонгосчууд эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барина

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын мэдээллийн технологийн салбарын бизнес эрхлэгчдийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, Солонгосын талаас БНСУ-ын “ХҮ ИЗ” ХХК-ийн ерөнхийлөгч Ий Чон Жун, БНСУ-ын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Мүн Жэ Ин /одоогийн Ерөнхийлөгч/-ийн Сонгуулийн ажлын албаны Хөдөлмөр эрхлэлтийн хорооны дарга Ким Ён Дэ, Мэдээллийн технологийн “И паль” ХХК-ийн ерөнхийлөгч Чвэ Тэ Рим, БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Эм Кэй Ай Ти” мэдээллийн технологийн сургалтын төвийн ерөнхий захирал Хван Ин Гюү нар оролцов. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрыг өнгөрсөн онд үүсгэн байгуулсан нь залуучуудын асуудлыг дангаараа эрхлэх төрийн бүтцийг Монгол Улсын түүхэнд анх удаа бий болгосон явдал байсныг дурдаад “Та бүхэн нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран мэдээллийн технологийн салбарт сургалт зохион байгуулж, залуучуудыг нарийн мэргэжил эзэмшүүлэн, хөдөлмөр эрхлэх боломж бололцоог нэмэгдүүлж байгаад баяртай байгаа. БНСУ-д мэдээллийн технологийн салбар хөгжсөнтэй адил бид нийслэлд төдийгүй, орон даяар энэ салбарыг хөгжүүлэх шаардлага бий болсон. Мөн нийслэлд “Улаанбаатар бизнес инкубатор төв”-ийг нээн ажиллуулахаар төлөвлөж байна. Энэ чиглэлээр хамтран ажиллах гэж байгаад талархаж байгаа. Цаашид Монголын залуучуудыг нарийн мэргэжил эзэмшүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлбэл нийслэлийн захиргааны зүгээс дэмжиж ажиллахад бэлэн байна” хэмээлээ.

БНСУ-ын “ХҮ ИЗ” ХХК-ийн ерөнхийлөгч Ий Чон Жун “Бид бүхэн танай улсын залуучуудад мэдээллийн технологийн чиглэлээр сургалт зохион байгуулж, мэргэшүүлхээс гадна Улаанбаатар хотод “Өгөгдөл мэдээллийн сангийн төв /Data backup center/”, “ХҮ ИЗ” дизайны төвийг байгуулж, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” сургалтын төвтэй хамтран мэргэжлийн дизайнер бэлтгэх, бэлтгэгдсэн боловсон хүчнийг ашиглан “ХҮ ИЗ” ХХК-ийн төсөл ажлыг гүйцэтгэх Мэдээллийн технологийн аутсорсинг /IT Outsourcing/-ийн тогтолцоог бий болгохоор ажиллана. Түүнчлэн Улаанбаатар хотод эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барихаар төлөвлөж байна” гэсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ээжийгээ доромжилсон эмэгтэйг саатуулжээ

Чингэлтэй дүүргийн 4-р хорооны …дүгээр байрны оршин суугч нэгэн эмэгтэй ээжийгээ доромжилж буй бичлэг цахим сүлжээнд өчигдөр /2017.05.17/ тархсан. Уг эмэгтэйг цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж эхэлжээ.

Байрны тагтан дээр ээжийгээ “Үхээд өгөөч” зэргээр доромжилж байсан эмэгтэйн бичлэгийн мөрөөр цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, эмэгтэйг саатуулсан байна.

Ээжийгээ доромжилсон эмэгтэй тухайн өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан аж. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар марафон”-д 17 орны 30 мянган хүн оролцоно

Тавдугаар сарын 20-нд буюу Автомашингүй өдөр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн болох талаар Нийслэлийн Биеийн тамир спортын хороо, НЭМГ, нийслэлийн Тээврийн газар, НЗЦГ-аас мэдээлэл хийлээ.

Мөн гүйлтийн тэмцээнийг ивээн тэтгэгч байгууллагууд хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн байв.

“Улаанбаатар Марафон”-д Засгийн газар, салбарын яам агентлагууд, нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, соёл, спорт, хүчний байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгж, олны танил алдар цуутай хүмүүс, иргэдийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” цомыг өнгөрсөн гуравдугаар сарын 20-оос тавдугаар сарын 20-ныг хүртэл 4000 гаруй байгууллагаар аялуулж, 30 гаруй мянган хүнийг онлайнаар бүртгэсэн байна.

Мөн хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийн нэртэй тамирчдыг оролцуулах зорилгоор ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Кени зэрэг улс руу урилга илгээснээс Кенийн өндөр зэрэглэлийн 2 тамирчин, БНСУ-ын 1, Япон улсын 2 тамирчин дасгалжуулагчийн хамт оролцохоор саналаа ирүүлжээ.

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний үеийн хөтөлбөр:

09.00-09.15 цагт “Увертура” хамтлагийн тоглолт

09.15-09.25 цагт Бүх нийтээр бие халаалтын дасгал хийлгэнэ.
09.25-09.30 цагт “Гүйх гайхамшиг” дуучин Баттогтох дуулна.
09.30 цагт: Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн нээлтийн ажиллагаа тайзан дээр эхэлнэ.

10.00 цагт: Гарааны дохионы буудлагыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд буудаж Улаанбаатар марафон гүйлтийн Элит гараа буюу холын зайн гүйгчид гараанаас гарна.
10:15 цагт Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн хамгийн их олон гүйгчдийг хамруулсан 5000 метрийн 18-34 насны, 35-55 насны ангиллын гүйгчдийн гарааг гаргах ажиллагаа явагдана.
10.30 цагт: Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн 5 000 метрийн 12-18 насны, 55-аас дээш насны ангиллын гүйгчдийн гарааг гаргах ажиллагаа явагдана.

11.00-16.30 цагт гүйлтийн тамирчдыг барианд барих ажиллагаа үргэлжилнэ.

Гүйлтийн бариа барих

11.00-12.00 цагт 5000 метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа
11.00-13.00 цагт 10 000 метрийн гүйлийн бариа барих ажиллагаа
11.00-15.00 цагт 21097.5 метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа
12.00-16.00 цагт 42195 метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа